Sunday, June 26, 2011

Улаанхамгаалагчид аа, шударга ёсны эсрэг босоод үз л дээ...

Б.Номинчимэд

“Ийм армитай байхад тэнгэр, бурхад луу дайрсан ч яадаг юм”.

Ямар гээчийн ид шидийн армитай хүн ингэж хэлж зүрхэлнэ вэ? Дэлхийн цэрэг дайны түүхэнд Грэгийн Спартуудаас эхлээд Ромын легионерүүд, хиттүүд, викингүүд, хүннүчүүд, яничарууд гээд олон ч шилдэг, шийдчихсэн цэрэг эрстэй хүчирхэг армиуд байсан. Мэдээж хэрэг бүхнийг ялж дийлж байснаараа Чингис хааны монголын морьт цэрэг ч энэ шилдэг армиудын тэргүүнд нь дуурсагдах учиртай. Хүч чадлаа бүрэн дүүрэн мэдэрсэн, бахархсан энэ омог бардам үгийг гэтэл эдгээр шилдэг армиудын баатар жанжидаас хэн нь ч, Их Александр, Ханнибал, Цезарь, тэр ч бүү хэл дэлхий дахиныг дагуулж асан Чингис хаан ч ам бардам хэлж зүрхлээгүй байтал хятадын үгээгүй тариачны хаан Мао хэлсэн байх юм. Ингэхэд Моад тийм хүчирхэг арми байсан хэрэг үү, гэвэл үгүй. Тэр ч бүү хэл хятадууд түүхэндээ тун цөөхөн ялалт байгуулж байсан ядарсан армитай ард түмэн.
1967-1969 онд соёлын хувьсгалын урианд цөс нь хөөрч, нүд нь харанхуйлсан хятад залуус түүх соёлын хэдэн арван мянган дурсгалыг эвдлэн сүйтгэж, Маотой хамт ууланд партизанчилж явсан хятадын хувьсгалын анхдагчдаас эхлээд Бүх хятадын сайд нарын зөвлөлийн дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл үй олон дэвшилтэт сэхээтнүүд, албан хаагчдыг хэдэн зуун мянгаар нь зодож занчиж, алж хядаж, тахир татуу болгож, сая саяар нь доромжилж, хэн ч биш, амьд хүүр болгож, амиа тэвчихээс өөр сонголтгүй болгон, улс даяар их үймээн самуун дэгдээж байх үед, тэдгээр улангасаж галзуурсан залуусыг харж бахархсандаа Мао дарга нь ийн хэлжээ. “Ийм армитай байхад тэнгэр, бурхад луу дайрсан ч яадаг юм” гэж. Зөвхөн Өвөр Монголчуудаас л гэхэд 1968-69 онуудад соёлын хувьсгалын хөлд 50 000 хүн алагдаж хэдэн зуун мянган хүн тахир татуу болтлоо зодуулж, эрүүдүүлж, үзэшгүй муухайгаар доромжлуулан тамлуулсан байдаг.

Хятадын соёлын хувьсгалыг гардаж хийсэн хятад залуус бол үзэл суртлаас өөрийг харах чадваргүй мунхарч сохорсон жинхэнэ манкуртууд ба тэд их удирдагчийн үг, хүсэл зоргыг биелүүлэхийн тулд замдаа таарсан бүхнийг сайн муу, буруу зөв, үнэн худлыг ялгалгүйгээр арчин хаяж, бүхнийг өөрсдийн тогтоосон ганцхан хэмжүүрээр хэмжиж, өчүүхэн ч болов илүү гарсныг нь хайр найргүй хяргаж байв. Тэднийг улаан хамгаалагчид гэдэг. Хүн төрөлхтний түүхэнд хятадын улаан хамгаалагчид шиг үй олноороо утга учиргүйгээр улангасан боссон хүн сүрэг байгаагүй бөгөөд ийм хэв шинжийн хүмүүсийг нэрлэдэг УЛААНХАМГААЛАГЧИД гэсэн нэрийтгэл утга зохиолын хэлнээ нэгэнт бий болжээ.

Мао даргын санаанд чухам ийм л улаан хамгаалагчдаас бүрдсэн армиар тэнгэр бурхадтай дайн хийж болох тухай бодол орж ирсэн байна.

Тэнгэр бурхадтай дайн хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүн төрөлхтний түүхэнд гарсан 4500 гаруй дайн тулааны аль нь ч ерөнхий шинж чанараараа тэнгэр бурхадын эсрэг буюу шударга ёсны эсрэг, эсвэл түүнийг өмгөөлж хамгаалсан дайн байгаагүй, аугаа их II дайн хүртэл улс үндэстнүүдийн эрх ашгийн төлөө дайн байснаас шударга ёсны орших, эс орших тухайд төдийлөн хамааралгүй билээ. Яагаад гэвэл шударга ёс гэдэг нь улс үндэстэн, хэсэг бүлгүүдийн эрх ашгийн зөрчилдөөнөөр шийдэгддэггүй, хүн нэг бүрийн дотоод итгэл үнэмшлийн оршихуйн асуудлыг хөндөж, бүхэллэг утгаараа хүн төрөлхтний мөн чанарыг тодорхойлж байдаг. Тэгэхээр шударга ёсны эсрэг дайтна гэдэг нь хүн төрөлхтний оршихуйн эсрэг буюу тэнгэр бурхадын эсрэг дайтаж буй хэрэг. Тиймээс шударга ёсны эсрэг дайн нь төсөөлж боломгүй их хүч чадлыг шаардана. Гэрэл гэгээний эсрэг ийм мунхаг харанхуйн түрэмгийлэл-дайныг зөвхөн Улаанхамгаалагчид шиг үй олноороо мунхран сохорч улангассан хүн-орхуудаас бүрдсэн армиар л хийх боломжтой болохыг Мао дарга олж харжээ. Ийм дайныг өөр ямар ч хүчирхэг мэргэшсэн мэргэжлийн арми гүйцэлдүүлж чадахгүй.

Гэхдээ Мао дарга тэр дайнаа эхлүүлээгүй л дээ. Хөөрхий, улаан хамгаалагчдаараа хийдгээ хийлгэчихээд, дараа үнсэнд хаясан шалз шиг болгож, эцэст нь ХАЧА-иар арчуулж орхисон аж.

Улаан хамгаалагчдын шинж чанарыг их бага ямар нэгэн хэмжээгээр агуулж байдаг хэсэг бүлэг аль ч улс үндэстэн, нийгэм дотор байдаг ба чухам нийгэм, систем нь тэднийг хэрхэн үнэлж, ашигладгаас шалтгаалж тэд идэвхтэй ба идэвхгүй “төлөвт оршдог” байна.

Манай монголд ч ийм улаан хамгаалагчид бий. Гэхдээ монголын шинэ үеийн улаан хамгаалагчид бол хятадын сонгодог улаан хамгаалагчдаас ихээхэн давуу чанартай. Мунхарч сохорсоноос юу хийж буйгаа ухамсарлан ойлгох чадвар Хятадын улаан хамгаалагчдад огтоос байдаггүй, автомат удирдлагатай робот шиг бол манай улаан хамгаалагчид огт эсрэгээс, харин ч юу хийж буйгаа, тэр ч бүү хэл үр дүн хийгээд зорилгоо яруу тод харж байдаг юм.

Тэд зориуд бодлого, зохион байгуулалттайгаар ямар ч сайхан зүйлийг юу ч биш болгож чадна, бас ямар ч бурангуйг ариун шударга болгож чадна. Шударга ёсны тухай уран цэцэн ярьж, хүн чанарыг үлгэрлэн нулимс унагаж, ард түмнийхээ төлөө элэг зүрхнээсээ эмтлээд өгч байгаа мэт харагдаж ч чадна. Гэвч цаанаа хийхдээ огт өөрийг хийдэг, ямар ч үнээр хамаагүй, ямар ч арга замаар хамаагүй хязгааргүй эрх мэдэл, алдар нэрд хүрэхийг байж ядан донтогсод юм. Тэд боловсролтой царай гаргаж чадна, тэр ч бүү хэл чамгүй боловсролтой, Макиавеллигээс цээжилж, Гоббсыг хальт уншсан нь ч байна. Ёз ёозоороо, түүз түүзээрээ гэгчээр тэд бие биенээ маш сайтар таньж, ойлголцож, бүлэглэж чаддаг. Одоо бүр байчихаад улс төрийн намуудад, бүр удирдах түвшинд ч шургалж амжаад авсныг яана. Тиймээс л “Бурханд мөргөдөг чөтгөр хамгийн аймшигтай нь” гэж хэлээд байгаа юм даа.

Зарим нэгэн жишээгээр тодруулбал илүү ойлгомжтой болох байх. За тэр, тендер будлиулах, авлига авах энэ тэр бол тэдний хувьд наад захын хэрэг. Цаад тал нь улс эх орноо худалдаж байна.

Өнгөрөгч онд МАХН нэрээ сольж, МАН болоход санал нийлээгүй хэсэг нь салан тусгаарлахаа мэдэгдсэн. Санал нийлээгүйн гол шалтгаан нь тэдгээр хүмүүс МАХН гэдэг нэрэнд учиргүй хайртайдаа биш, харин намын шинэчлэл зөв явж чадаагүй, шинэчлэлийг намын нэр солих төдийгөөр аргацаан өнгөрөөх гэсэн хэмээн үзсэнд байгаа юм.

Гэтэл МАН-ын хэдэн залуус гүйж очоод МАХН гэсэн товчлолтой байж болох бараг бүх нэрийг өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлчихэж байгаа юм даа. Шулуухан хэлэхэд луйвар, ил цагаан дээрэм. Нэг хүн бүр арван хэдэн намын нэртэй болчихсон. Нийтдээ МАХН гэсэн товчлол бүхий 70 гаруй намтай. Тэгээд үүндээ “Яагаад болохгүй гэж, бид ийм нэр авах эрхтэй, энэ чинь шударга ёс” гэх маягын тайлбар хийгээд өчүүхэн ч гилмэхгүй сууж байсан гээч. Хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоороо нэгдээд МАХН гэдэг нэрийг авах нь тэдний яндашгүй үнэт капиталын ундарга болсон эрх мэдэлд хүрэх замд нь саад болох учраас л тэр. Түүнээс биш МАХН гэдэг нэрэнд учиргүй хайртайдаа тэгэж олноор нь авч, элэг бөөрөндөө энхрийлэн хав дараад байгаа юм огтоос биш. Шударга ёс ярьж байгаад л шударга ёсыг араар нь тавьж буй хэрэг. Харин өөр хоорондоо энэ увиагүй үйлдлээ цагаатган ярих нь “Улс төр хийж буй” гэх. Юм хэтрэхээрээ элэг доог болдог. Бүр хэтрэхээрээ гамшиг, сүйрэл болдог. Юутай ч өнөөдөр МАХН нэрээ албан ёсоор бүртгүүлээд авав. Гэтэл үүнийг шударга бус, хууль бус явдал хэмээн зүтгэж эхлэв. Удалгүй МАХН-ын нэрийг “шударга бусаар” өгсөнийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулах биз. Түүнээ шударга ёсны төлөө тэмцэл гэж нэрлэх нь дамжиггүй. Өөрсдөө бол хэдэн арваар нь нэрс аваад халаасалчихаж болдог, өрөөл бусад нь ганц нэр авч болдоггүйг шударга ёс гэж тунхаглана. Ийм л байгаа юм.

Ингэж хууль зөрчөөд нэг хүн дээр хэдэн арваар нь намын нэрийг бүртгэж өгч байдаг тэр бүртгэлийнхэн авлига авсан, албан тушаалаар дарамтлуулсан, эс бол бас л юу хийж буйгаа мэддэг манай улаан хамгаалагчдын бүлэглэлийнхэн.

Яг одоо бид бүхний нүдэн дээр болж буй нэгэн жишээг авч үзье.

Ардчилсан нийгмийн нэгэн суурь хууль болсон Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсронгуй болгох нь амин чухал шаардлагатай гэдгийг дээр доргүй бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа. Сонгуулийн мажоратор тогтолцоо нь манай өнөөгийн нөхцөлд мөнгөнд хамаг эрх мэдлийг өгчихөөд байгааг бид сайн мэднэ. Мөнгөний сонгуулийн үр дүнд наймаачин сэтгэлгээгээр нийгмээ удирдуулахдаа хүрч, нийгмийн бүхий л салбарт дампуурлын шинж төлөв улам бүр архагших болсон. Үүнийг засах хамгийн эхний алхам нь яах аргагүй сонгуулийн тогтолцоог өөрчлөх. Пропорцианаль нь давамгай байх тусам мөнгөний үнэр бага ханхална. Уг нь 2008 оны сонгуулийн өмнөхөн МАХН-ын дарга С.Баяр энэ саналыг хамгийн хүчтэй зоригтой тавьж байсан боловч улс төрийн эрх ашигтаа харалган болсон Ц.Элбэгдорж тэргүүтэй АН хүлээж аваагүй юм. Гэтэл өнөөдөр МАН-ын ээлж болж, тэд яг гэдийгээд хэвтчихэв. Шалтгаан нь ойлгомжтой. Пропорцианаль давамгай байх нь МАН-д ашиггүй учраас л тэр. Гэвч түүнээ нууж, “Ард түмний хүсэл сонирхол хувь хүнийг дугуйлах талдаа байгаа” хэмээн зүтгэнэ. Энэ нь сонгуулиар тараадаг 10 000, таван кило гурил будаанд нь хууртсан хэд гурван хөөрхий ядуусын л үг. Тэдний санал нь л хэрэгтэй, тэгээд л дараагийн сонгууль болтол таг мартана. Ард түмнээ гэгээрүүлж, сэнхрүүлэх тухай нэг алхам хийх нь бүү хэл харин ч улам бүр мунхаг харанхуй байлгахыг хичээнэ. Түүнээ “Ард түмний хүсэл сонирхол” хэмээн халхална. Яагаад гэвэл боловсролгүй харанхуй ард түмнийг хуурахад амархан учраас тэр. Үүнээ гайхамшигтай тактиктайгаар улс төр хийж байна хэмээн өөрсөддөө итгүүлнэ. Сонгогчдод бол та бүхний эрх ашгийг л хамгаалж байгаа юм гэж хэлнэ. “Тойрогтоо танигдаагүй жижиг намууд, жижиг зүтгэлтнүүд” л пропорцианалыг дэмждэг тухай үлгэр зохионо. Иймэрхүү маягаар л улаан хамгаалагчдын шинж төрхөө харуулаад эхлэх юм даа.

Уг нь шударга ёсыг амь амьдралаараа ч болов хохирч байгаад хамгаалж үлддэг байхад, манай улаан хамгаалагчид шударга ёсыг зольж байгаад өөрсдийнхөө эрх мэдэл, амь амьдралаа хамгаалж үлдэхийг хичээж байна. Тиймээс л тэд улангассан шинжтэй байгаа юм. ТВ-ээр гарахаар нь сайтар ажиглаарай.

Шударга ёс, үнэний зарчмын эсрэг босоход их л хүч хэрэгтэй дээ. Гэхдээ яах вэ, эрхэм шинэ цагийн улаанхамгаалагчид аа, босоод үз л дээ. Юу болохыг нь харьяа. Даанчиг та нарт Мао байхгүй нь харамсалтай.

8 comments:

Anonymous said...

Миний бодлоор монголд байгаа Улаанхамгаалагчид хятадынхаас нэг их хол зөрөхгүй байх гэж бодож байна.

rdnchr said...

aimar aimar:)

ganba0226 said...

цэдэнбалын тарьсан, өөрөөс нь илүү сэтгэгчийг бүлэглэн намнах улс төрийн бусармаг эрх бүхий тойрон хүрээлэгчдийн хүрээлэлээс эхтэй улаан хамгаалагчдын арми өнөөдөр эдийн засгийн хүчин чадлаар бэхжиж нэгэнт нас биед хүрэн хүчирхэгжсэн дэгээ... тэд шударга ёс оршин тогтнох үр үндэс бүхнийг тасчин хаяж чадсанаараа өнөөдрийн эзэнгүй, эмх замбараагүй улс орныг бий болгоод дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна даа харин ч нэг...

Anonymous said...

Төгөлдөрт
Хятадынхнаас манайхан илүү л гэж би хараад байгаа

rdnchr-д
Харин тийм

ganba-д
Ёстой үнэнийг хэлсэн байна. "эд шударга ёс оршин тогтнох үр үндэс бүхнийг тасчин хаяж чадсанаараа өнөөдрийн эзэнгүй, эмх замбараагүй улс орныг бий болгоод дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна даа харин ч нэг..."

Anonymous said...

МАХН шинээр байгуулсан улсууд ер нь бол тэр брэнд болсон нэрийг ашиглаж гарч ирэх гэсэн санаатай байх. Бас л ялгаагүй МАН шиг улаанхамгаалагчид шүү дээ. Цаг хугацаа аяындаа жинхэнэ нүүр царайг нь харуулнаа.
www.bodonchor.blogspot.com

Anonymous said...

Анон-д
Таньтай санал нэг байна. МАХН гэдэг брэнд нэрийг ашиглаад л бас адилхан УЛААНЦАЙМ чичирчихээд үзэж буй. Гэхдээ бүгдээрээ тийм гэж бодохгүй байна. Миний хувьд одоо эрх барьж буй МАНАН-г, бидний шүүмжилж хэлцээд буй Улс төр, санхүүгийн хүчирхэг бүлэглэлийг задлахад МАХН гэдэг нэр, үүнийг тойрсон янз бүрийн эрх ашиг бүхий нөхдүүдийн хүч л хүрэлцэж магадгүй. Мэдээж хэрэг нийгэмд бидний хүсэн хүлээж буй шударга цэвэр нэгдэл байхгүй тохиолдолд шүү дээ.

Adil-Od said...

тийм тийм

Anonymous said...

ххааа