Tuesday, June 14, 2011

Шинэ цагийн улс төрийн манкуртууд

Б.Номинчимэд

Та бидний аж төрж буй нийгэм, монголын маань өнөөгийн дүр төрх өөрөө их гаж, заримдаа ойлгоход хэцүү, зүйрлэвэл сэтгэцийн хурц өвчтөн мэт санагдах нь цөөнгүй. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болох ч энэ удаад зөвхөн сэтгэцийн хурц өвчлөлийн олон янз илрэлийнх нь нэг талыг харуулах хоёрхон баримтын тухайд авч үзье.

- Өрөөнд маань “За, эрхэм журмын нөхөр” гэсээр хуучин цагийн эвлэлийн зүтгэлтэн нэгэн орж ирэв. (Зүтгэлтэн бид хоёулаа МАХН-ын гишүүд)

“Эвлэлийн зүтгэлтэн” гэхээр шинэ цагийн зарим залуус сайн ойлгохгүй байж магадгүй. Соц үед МХЗЭ-ийг нийгмийн манлайлагч залуусын байгууллага хэмээн үздэг байлаа. Үнэхээр ч нэгэн үе монгол орны хөгжил, бүтээн байгуулалтын хүнд хүчрийг энэ байгууллагаар удирдуулсан, эвлэлийн гишүүн залуус нугалж байсан нь түүхэн үнэн. Гэхдээ эвлэл дотор дандаа манлайлагчид байгаад байсан юм биш л дээ. Хаана ч, ямар ч цаг үед “Би байж байгаа шүү” гэдгээ тэсэж ядан илэрхийлж явдаг ашиг завшаан, алдар нэр хайсан хог новшнууд бас хаа сайгүй чихцэлдэж л явсан юм.

Өнөөх эвлэлийн зүтгэлтэн маань мэнд ч мэдэж амжаагүй шахам байтлаа ширээн дээр маань байсан “Ардчилал 20” гэсэн эмблем бүхий хөх тэмдэглэлийн дэвтрийг харчихаад сортос гээд явчих нь тэр. Тэр дэвтэр хэн хүний хараа булаахаар тийм ч их сайхан эд биш л дээ, алт мөнгөн хавтас, хавчуурга байхгүй, тэр ч бүү хэл сумын клубын гандмал дээвэр шиг үхмэл хөх өнгөтэй, ядаж байхад “Ардчилал 20” гэсэн дардсаа ч хазгай хусчихсан, бодвол хэн нэгнийх нь шахаа байх л даа. Зүтгэлтний маань дайчин эрэмгий царай нь анхаарал, болгоомжтой болж ирээд “Энэ хэний дэвтэр вэ?” гэж байна. Ер нь хуучин цагийн эвлэлийн ажилтнууд дайчин, шуурхайгаараа онцгой.

Өнгөрсөн оны сүүлээр Ардчиллын ойн үеэр гаргасан уг тэмдэглэлийн дэвтрийг АН-д байдаг нэгэн танил маань дурсгасан бөгөөд би ойр зуурынхаа юмыг тэмдэглээд, ширээн дээрээ байлгаж байсан хэрэг.

- Минийх аа, бэлгэнд авсан юм. Өнгөрдөг Ардчиллын 20 жилийн ойгоор...
- Аанхн. Чи чинь яахаараа Ардчиллын ойгоор АН-аас бэлэг авдаг билээ?
- Үгүй, яахав дээ. АН-д байдаг найз маань л бэлэг өгсөн юм.
- АН-д бас найзтай...?

Би түүний юу хэлээд буйг нь ойлгосонгүй, гайхан харвал түүнд тоглож тохуурхсан өчүүхэн ч шинж алга. Хөмсөг нь сөртийж, харц нь сүлбэж ирээд л... хачин харж байна аа.

- АН –д найзууд бий, бий гэвэл
- Ингэхэд чи улс төрийн тэмцэл гэж юу болохыг одоо болтол ойлгоогүй яваа хүн үү? Гэж байна.

Энэ үгийг тэрбээр чин үнэнээсээ хэлж буйг нь ойлгоод золтой л түсхийтэл инээчихсэнгүй. Тэгсэн бол зодоон нүдээн болох биз. Түүний нүдэнд би лавтай засрашгүй баруун оппортунист, найдлагагүй ревизионист нөхөр л харагдсан байх л даа. Харин дараа нь өрөвдөж, бүр гутрав.
Монгол оронд ардчилал хөгжөөд алдаатай оноотой ч 20 жил өнгөрч, бүхэл бүтэн нэг үе эргэчихээд байхад энэ хүн ардчилсан он жилүүдийн хаагуур нь явсан байж таарах вэ? Иймэрхүү санаа бодлыг тэтгэж, хадгалж, үүнээсээ салж чадахгүй зууралдаж байдаг вакуум орчин энэ нийгмийн аль нэгэн илжирч ялзарсан эд эрхтэн дээр амь бөхтэй оршиж байдаг юм биш байгаа. Хэрвээ тийм бол үнэхээр гайхамшигтай үзэгдэл, жинхэнэ хаос. Энэ бол байдаг л нэг хоцрогдол биш, МАНКУРТИЗМ.

Харамсалтай нь улс төрийн тэмцлийг 1900-аад оны үеийн хэт экстремист большевикээр ухаж ойлгодог, хэн ч хамаагүй хэн нэгэн хөндлөнгийн дайсантай эрсэлдэн тэмцэх нь амьдралынх нь, оршин тогтнохуйнх нь утга учир болдог, цаг үеэ мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээчихсэн, бусдыг сонсох, хүлээн зөвшөөрөх, ойлгох тухай яриад ч хэрэггүй, хэн нэгэн эзний, өөрсдийнх нь хувьд удирдагч болоод намынхаа үгийг бурхны гажиж болшгүй зарлиг мэт хүлээж авдаг ийм нөхдүүд манай аль ч улс төрийн нам, тэднийг дэмжигчид дотор, ялангуяа МАН-АН-д цөөнгүй бий. Тэр ч бүү хэл улс төрийн намын удирдах түвшнээс ч төвөггүй олж болно. Бараг л нүдээ аньж байгаад чичилсэн ч онож буудах магадлал 80 хувьтай.

Үнэн хэрэгтээ энэ хачирхалтай фенемонийг бий болгогч, эх баригч нь, дэвэргэн тэтгэгч нь манай “Монголын онцлоготой ардчилал” өөрөө, энэ 20 жилийн улс төрд голлон тоглосон МАН, АН хоёр өөрсдөө юм. Энэ ардчиллын 20 жилийн хугацаанд ардчиллын язгуур ойлголтууд хүн ардын санаа бодолд бүрэн сууршиж бэхжиж, идээшиж чадаагүйн илрэл, улс төрийн намууд улс төрийн тэмцлийг ихэнхдээ жирийн иргэдийн тархи толгойг ардчиллын үзэл санаагаар сэнхрүүлэн цэнэглэх биш харин нэг нэгнээ үгүйсгэсэн утга учиргүй мухар үгүйсгэл, дайсагнал болгон дэвэргэж ирсний бодит биелэл, үр дүн юм. Улс төрийн сонгууль ямар дүр төрхтэй болдгыг эрх биш санаж байгаа байлгүй. Өрсөлдөгч улс төрийн нам, өрсөлдөгч нэр дэвшигчээ эх орноосоо урвагч адгийн дайсан, эхнэр хүүхний донтон, эд хөрөнгөний шуналтан, эрүүгийн рецетив хэрэгтэн, эрлийз хурлийз, энэрэлгүй харгис яргачин болгон харуулах нь манай монголын улс төрийн сонгуулийн онцлог нь. Арай өөрөөр илэрхийлбэл манай ардчиллын хамгийн том дайсан нь манай улс төрийн, ялангуяа голлох хоёр нам болох нь дээ. “Коммунизмын хий үзэгдэл хуучин европоор тэнүүчилж явна” гэдэг шиг л монголд ардчилал зөвхөн хий үзэгдэл төдий байгааг энэ эрийн энэ зурвасхан араншингаар тодорхойлж бүрэн болно.

Тэгээд л өнөөх хуучин цагийн эвлэлийн гал халуун дайчин эр миний өмнө ийнхүү өрөвдмөөр, эмгэнэмээр ч юм шиг, эсхүл учиргүй шоолон хөхөрмөөр ч юм шиг тийм дүр төрхтэй зогсож байгаа аж. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шөнө, МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди үнэмлэхүй олонхийн санал авч, ялалт байгуулж байгаа нь баталгаатай болох үед МАХН-ын байрны үүдний давхар шилэн хаалт тар хийгээд явчихаж билээ. П.Очирбатыг дэмжигч нэгэн ялагдлынхаа бухимдлыг чулуу тоосгоор илэрхийлж байсан нь тэр. 7 сарын нэгний хэрэг явдлын голлох тоглогчид нь ийм л манкуртууд байсан юм. Түүнээс биш сонгууль шударга бус болчихлоо гэж бухимдсандаа байшин шатаагаад, морин хуур тэвэрч гүйгээд байдаг ч юм биш. Гэхдээ 7 сарын нэгний үйл явдлын цаана өөр зорилгот хөтөлбөр байсан байх тун магадлалтай. Тийм бол тэр зорилгодоо улс төрийн манкуртуудыг ашигласан байх. Энэ мэт нэн шинэ үеийн манкуртимзын олон сонгодог жишээ баримтыг дурдаж болно.

Ерөнхийдөө иймэрхүү, мухар сохор харанхуй итгэл үнэмшлийн боол болсон, орчлонгийн явдлыг өөрийн ухаанаар эргэцүүлэн харах чадваргүй дүр төрхийг дэлхийн утга зохиолд МАНКУРТ БООЛ хэмээн нэрийддэг. Утга зохиолын эргэлтэнд Киргизийн нэрт зохиолч Чингис Айтматов оруулжээ. Уг эх домог нь Монголын Найман аймгаас гаралтай эд гэсэн. Чингис Айтматовын Киргизүүд ч дундад азийнхан дотроо бидэнтэй хамгийн ойрхон нь. За, энэ ч яахав. Гол асуудал нь манкурт боолыг юуны тулд төрүүлдэг, юунд ашигладаг нь сонирхолтой. Эрт цагт эзнийхээ хүсэл зоргын тулд төрсөн эхээ ч өчүүхэн гилмэхгүйгээр хороож чадах тийм мунхарсан манкурт боол хаад ноёдод алтнаас ч үнэтэй байж. Түүнээр хүссэнээ хийлгэнэ. Хүссэнээ авхуулна, алуулна. Багдад хийгээд Арабын ертөнцийг хэдэн үеэр нь чичрүүлж явсан Уулын өвгөний дайчид бол манкуртизмыг хамгийн үр ашигтай ашиглаж байсны сонгодог жишээ.

Саяхны бидний амьдралд учирсан жишээ бол хадгаар хөлөө ороож, бурхан тахилаар цайгаа чанаж явсан Бошгийг халах залуучууд. Чухам их хэлмэгдүүлэлтийн үед тэд л гол аллагыг нь хийсэн байдаг. Манкуртууд маш эрчимтэй, идэвхтэй ажилладаг бөгөөд тэр ч бүү хэл зарим нь амь насаа ч үл хайрлан улайран зүтгэгсэд байдаг юм. Олон болбол тэд нийгмээ бүхэлд нь сэгсрээд хаячихаас ч үл буцна. Тэд бол Христийн цөхөрдөггүй буцдаггүйгээрээ алдартай номлогчид ч ичиж, атаархмаар улайран зүтгэдэг бөгөөд чухам Мао дарга тийм хүмүүсийг ашиглан Хятадад соёлын хувьсгал хийсэн бөгөөд нөгөөдүүл нь ёстой “алаад хаясан” юмдаг уу даа.

Гэтэл өнөөдөр, ардчилсан монголд яагаад ийм манкурт болсон хүмүүс байсаар байна вэ. Заримдаа манай улс төрийн лидерүүд ийм манкуртуудыг зориудаар ч бэлдээд байсан юм биш байгаа гэсэн хар хүртэл төрдөг. Ер нь ингэхэд өнөөгийн монголын иргэдийг Манкурт боол болгох нь хэнд ашигтай вэ?

Насаараа нэг жалганд хэвтсэн хоёр буурай хүртэл улс төрийн энэ туйлшралаас болоод бие биенээ муу нүдээрээ ч хялайж харж чадахгүй болчихдог нь эмгэнэл. Ийм дүр төрхийг аль ч баг, сум, бүс нутагт олноор нь харж болохоор байна. Үр дүн нь нэг нэгнээ баг, сумаасаа эхлээд УИХ хүртэлх бүх шатандаа дэгээдэж унагадаг, эцэстээ хөгжлөө, ирээдүйгээ дэгээдэж унагадагтаа хүрсэн. Гэтэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон энэ хоёр нам ард түмнээ ийн өрөвдөм байдалд оруулчихаад цаанаа хөнжил, түрийвчиндээ нэгдэж сууна. Улс эх орны том эрх ашиг дээр нэгдэж, зөвшилцөх нь зайлшгүй. Энэ үүднээс хоёр намын хамтарсан Засгийн газрыг ихэд дэмжиж байсан. Харин хоёр намын нэгдлийн үр дүнг өнөөдөр харахад том эрх ашгийн төлөө гэхээсээ илүү хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө түрийвчээрээ нэгдсэн юм биш байгаа гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж буй юм. Тухайлбал сонгуулийн хууль байна. Суурь хууль болсон уг хуулийн шинэчлэлийг яаралтай хийх нь эрүүл ухаантай хэнд боловч ойлгомжтой атал УИХ-дээр гацсаар л байна. Нийгэмд бодитоор бий болсон бухимдал нь эрх баригчдыг сонгуулийн мажоратор тогтолцоондоо хоргодоход хүргээд буй юм биш байгаа гэсэн шүүмжлэлийг ортой гэж үзэхэд хүргэж байна. Намын удирдлага өөрсдийг нь шүүмжилсэн хүнийг намын бодлого, эв нэгдэл нэрээр хав дарж авахыг боддог нь угтаа манкуртизмд шахаж буй хэрэг. Гишүүдийн гэгдэх ТЭРБУМ төгрөг байна. Хамтарч байгаад л 76 тэрбумыг бидний халааснаас, улс орны хөгжлөөс хусчихаж байгаа юм. Бас сонгуулийн хэт популист амлалтандаа баригдаж, эх орны хишиг нэрээр тарааж буй 804 тэрбум байна.

Нийгмийн халамж хэрэгтэй тодорхой хэсэгт нэмэртэй ч, ерөнхий дүнгээрээ бол эдийн засагт ихээхэн дарамт болж, бас л хөгжлийг дэгээдэж буй нэг дэгээ.

Хоёр нам нь хамтраад засаг бариад явж байхад хоёр намын хүн хоорондоо найзалж нөхөрлөхийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүсийг үйлдвэрлэх нь чухам ийм томхон ТӨСӨВ, ТӨСӨЛ дээр “ажиллахад” нь хэсэг бүлэг хүмүүст, өнөөгийн хурцаад яригдаад буй эрх барьж буй олигополуудад хэрэг болдог юм биш байгаа.

Сүүл үед би тэр зүтгэлтний миний хөх дэвтэр рүү сэжиглэнгүй харж байсан байдал төрхийг санах бүрдээ тэсгэлгүй түсхийтэл инээд алдчихаад байдаг хуучтай болоод байгаа. Ийн инээд наадам болж байгаа нь шинэ цагийн манкуртуудын хор хохирол харьцангуй бага байдагт юм. Яагаад гэвэл манкуртууд бол мухар сохор итгэгчид, оюун сэтгэлгээний боолууд. Тиймээс тэднийг сайн үйлд ч уруу татан хүчийг нь ашиглах боломжтой гэж найднам. Харин шинэ цагийн улаан хамгаалагчид гэж энэ манкуртуудаас хэд дахин аймшигтай хүмүүс байна. Тэд бол юу хийж буйгаа маш тодорхой мэдэж байдаг, зорилгоо гайхамшигтай яруу тодорхойлдог, хэрэгжүүлэх арга замаа ч гаргуун мэддэг хүмүүс. “Бурханд мөргөдөг чөтгөр л хамгийн аймшигтай чөтгөр” гэж нэг үг байдаг даа. Шинэ цагийн улаан хамгаалагчид бол тийм л хүмүүс. Манкуртуудын тухай бодохоор инээд, өрөвдөл төрдөг бол харин улаан хамгаалагчдын тухай бодохоор уйлах ч багадмаар. Тэдний тухай дараа өгүүлье.

4 comments:

Anonymous said...

Үнэн. Манкурт боол эсвэл Шинэ цагийн Улаан хамгаалагчид эсвэл Будааны жаалууд.

rdnchr said...

bayarlalaa! yostoi goy!
Shine tsagiin ulaan hamgaalagchdiig tesen yadan huleej baiy:)

bbold said...

Сайн байна уу Таны зовниж эргэцүүлж бичиж байгаа зүйлд талархаж байна. Би бас энэ чиглэлд судлаж ухаарч л яваа нэгэн. Та миний www.ubman.mn сайтаар ороорой. Ил харагдаж байгаа юмс үзэгдлийг биш түүний ард далд байгаа тэр утга санаа, явуулгыг олж харахыг оролдох хэрэгтэй гэсэн санааг олон мэргэд хэлсэн байдаг билээ.... Хүндэтгэсэн

Б.Номинчимэд said...

Какаду-д
Харин тийн

rdnchr-д
Баярлалаа. Улаан хамгаалагчдыг удаахгүй ээ.

bblod-д
Баярлалаа. Ер энэ сэдэв сэтгэл их зовоож байна. Өнгөрсөн жил би нутаг явсан юм. 60 жил нэг довон дээр амьдарсан хоёр зодоон хийсэн тухай онигоо шиг юм сонсоод эмзэглэсэн билээ. Учир шалтгааныг нь ухахаар ийм л юм гарах юм: Цааш нь үргэлжлүүлнэ ээ. Таны блогт орж излээ. Олон сонирхолтой бичлэг байна. Орж үзэж байна аа. Мөн линк татчихлаа.