Monday, December 16, 2013

Академич, хуульч С. Нарангэрэл багш ийнхүү ярьж байна.

Академич, хуульч С. Нарангэрэл багш ийнхүү ярьж байна.

- Ёс суртхууны хариуцлага нь хуулийн хариуцлагаас илүү нэхэл хатуутай. Ёс суртхууны хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй. Хэдэн үе дамжиж хариуцлага нь нэхэгдэж байдаг учир түүнийг үйлийн үр ч гэх нь бий. Ёс суртхууны хариуцлагад унасан хүн үр удмаараа гэмтэн мэт дотроо түгшиж явдаг хийгээд ямар нэгэн авто осол ч юм уу асуудал гарахад тэр бүхэнд өөр дээрээ өнөөх хариуцлагын толбыг тохож, өөрийгөө дотроосоо шатаасаар байгаад дуусдаг... гэлээ

- Монголчууд бид "Уг муутын үүдээр ч бүү гар", "Уг муутын усан дотроос ч түймэр асна" гэж гайхалтай ухан таньж, яг онож хэлсэн ухагдхууныг С.Нарангэрэл багш яг хуулийн хүний нүдээр хэн бүхэнд ойлгомжтой сайхан тайлбарлав.


 Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн авгай ийн хэлэв:

- Энэ их олон идсэн уусан, завшсан, хууль зөрчсөн асуудал эцэс төгсгөлгүй яригдаад л байна. Гэвч нэг нь ч илрэхгүй, нэг нь ч шийтгэгддэгүй. Энд ард түмний хонзон бий шүү. Тэр хонзон нэг дэлбэрвэл цусаар л тайлагдана шүү ....

гэж айхтар хэлэв. Сэгээтэй нь сэхээрч, ухаантай нь ухаарч, бодолтой нь бодмоор хэлэв. ХҮний шунал цаддаггүй, тэр шуналыг зөвхөн эрүүл ухаанаар л, энэрэл нигүүлслээр л дардаг.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ийн ярьж байна:

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ийн ярьж байна:

- Дорнын ухаанд хүчирхэг төр аливаа асуудлын эрсэдлийг нам дарж байдаг, харин сулбагар төр аливаа боломжийн эрсдэлтэй зууралдсаар байгаад боломжийг нь ашиглаж чаддаггүй гэж...

Энэ ч яах аргагүй үнэн. Тэгтэл бид сүүлийн 20 жил бүхий л боломжоороо хүчирхэг төрийн эсрэг явж ирсэн. МӨН

- Удирдах урлаг гэдэг бол найдваргүй элемэнтүүдээс найдвартай систем бүрдүүлэх явдал юм гэлээ.

Харин бид найдвартай элемэнтүүдээс найдваргүй систем бүрдүүлж ирлээ. Монголын ард түмэн бол найдвартай элемент биш юм аа гэхэд найдваргүйд орохгүй, Монгол бол африк биш, хятад ч биш, 100 % бичиг үсэгт тайлагдчихсан, эрүүлжчихсэн, харьцангуй залуу, оросоор дамжаад тодорхой түвшинд соёлжсон ард түмэн байсан, бас өөрийн төр барих арвин их уламжлалтай. Гэтэл ийм элементүүдээс хамгийн найдваргүй, хувиа бодсон, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй тийм системийг бүрдүүлж иржээ. Бидний өнөөгийн эмгэнэл үүнд л байв.

Friday, December 13, 2013

“БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ”

  “Хүн бүр бага балчираасаа эхлэн” гэдэг лоозонтой хамт “бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриа заавал цууриатдаг байлаа. “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гээд дараа нь “хүүхэд бол манай баясгалант ирээдүй, гэрэлт социализмын...” энэ тэр гэж дуржигнуулдаг цаг байлаа. Хэдийгээр тэр цагт оюуны эрх олон талаар зөрчигдөж байсан гэдэг ч хүүхдийн үзэл санаа, хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөхүйц олон чухал алхмуудыг эхлүүлжээ. Бүхнийг хүүхдийн төлөө биш юмаа гэхэд ядаж заримыг нь үнэхээр хүүхдийн төлөө хийж байсан юм. Одоогийн үнэт цаасны худалдаа хийгдэх ”Хөрөнгийн бирж”-ийн байшин руу хэдэн жилийн өмнө бид “Элдэв-Очир”-т кино үзнэ гээд гүйлддэг байлаа. Хөрөнгө чухал уу? хүүхэд чухал уу? гэсэн асуултанд “мэдээж хүүхэд” гэж хариулах хүн олон байлаа. Харин одоо үнэт цаас чухал уу? үр хүүхэд чухал уу? гэдэг асуултанд “мэдээж, үнэт цаас” хэмээн хариулах хүн олон болжээ. Үнэт цааснаас үнэгүй болсон хүүхдүүдээ өмсөх хувцастай, идэх хоолтой байвал л болох нь тэр гэж сүүлийн 20 жил эндүү андуу боджээ. Мөр бүтэн, гэдэс цатгаланг л бодсоноос биш цаана нь оюун ухаан өлсгөлөнд нэрвэгдэх ямар аюултайг  мартчихжээ. Төрийн ой санамжинд ирээдүйн оюуны өлсгөлөнг санах бодох нөөц чадамж ч байсангүй.  Үнэт цаас хөөж явсаар санамсаргүй нэг эргээд харсан чинь  тархины тураалд орсон ирээдүй араас дагаж явах нь тэр.
  Сургуульд юу сурав. Уншиж бичиж, тоо тоолж, нэмж хасаж үржүүлж хувааж сурав. Дуу дуулж бүжиглэж сурав. Гүйж харайж уралдаж ноцолдож сурав. Тэгшитгэл бодож, тэнцэтгэл олж сурав. Өгүүлбэр зурж, үг задалж сурав. Ном эрдэм бишгүй сурав. Гагц ХҮН БАЙХЫН УЧРЫГ Л ХЭН Ч ЗААСАНГҮЙ. ХҮН БАЙХЫН УХААНЫГ Л ЭС СУРАВ.  Хүн хүнээ хайрлах, энэрэн нигүүлсэх сэтгэлийн учрыг ойлгосонгүй. Эргэн тойронд нь гэрт нь сургууль дээр нь зөвхөн ӨРСӨЛДӨӨН. Амьдрал бол ТЭМЦЭЛ гэсэн ухуулга сурталчилгаа, ЯЛАЛТ бол амьдрал гэсэн зах эцэсгүй номлол. Атаархал, анги нийгмийн ялгаа, баян хоосон. Мөнгөтэй байх, мөнгөгүй байх, оффесийн шилэн тасалгаа юу? орц хонгил траншейн уу? Үй түмэн цаг нь болоогүй сонголтууд, амьдралын тухай айдас дүүрэн төсөөллүүд, элдэв дарамт. Өдийхөн багаасаа өрсөлдөөний талбар болж хувирав. Хүүхдүүдийн минь сэтгэл зүрх. Цагаасаа эрт хөгширч тоглох наадах насандаа томчуулын хэнээрхэлд автаж байна. Чамгүй олон жил тэдний дунд амьдарч муухан багшийн нэр зүүж мунгинаж явахдаа анзаарсан минь энэ. Уншдаг ном нь “Хэрхэн амжилтанд хүрэх вэ?” эсвэл “Баян аав, ядуу аав”,”Өрсөлдөөнд суралцахуй”,”Ирээдүйд саятан яаж болох вэ?”. Ийм номнууд хэрэггүй гэж би хэлэхийг хүсэхгүй байна. Хэрэгтэй цагтаа л хэрэгтэй.  Харин алиа бага насанд арай л ахадсан  сэдвүүд. Гэгээн сайхан хүсэл мөрөөдөл, уншсан номынхоо адал явдал дунд орж нүдээ аниад үргэлжлүүлдэг тэр сайхан мэдрэмж бидний хүүхдүүдэд одоо л хэрэгтэй байна.
   Үзэл санаандаа үхтлээ үнэнч байж “Болд хэрхэн хатаагдсан”-ыг, зөв шударга үйл хэргийн төлөө “Төмөр ба түүний команд”-д элсэж, дээвэр дээр нэг Карлсон суудагт итгэж, Хөвдөн сахалтын шарсан зайдас ямар амттай бол гэж бодож, хашааны халтар Банхараа “Цагаан соёот” гэж нэрлэж, Гаврош хүү  түүсэн сумаа цүнхнээсээ асгаруулан унахад зүрх шимширч, Робин Гүүд шиг харваж намнахыг мөрөөдөж, Заан залгисан могойг “Бяцхан хунтайж”-тай хамт тайлж, Алиса охин, Анне Фрэнк хоёрыг өрөвдөж, “Тавдугаар эгнээний гурав”-т сууж, “П гэж пуужин” огторгуйд нисэхийг харах гэж шөнө гадаа тэнгэр ширтэж удаан зогсдог байлаа. Бидний багын тийм сайхан мөрөөдлүүд  одоо л бидний хүүхдүүдэд хэрэгтэй байна. Ус агаар шиг, уураг сүү шиг, унд хоол шиг хэрэгтэй байна. Хүнийг энэрэн хайрлаж, хүн бүхэн өрсөлдөгч биш гэдгийг мэдүүлж, амьдрал бол ааг амьсгаагүй тэмцэл биш гэдгийг ухааруулж, өр зөөлөн сэтгэлтэй, өрөвч  дулаан  харцтай ХҮН болоход үнэндээ өөр НОМНУУД хэрэгтэй байна.
  Тэдний өмнө огт өөр мөрөөдөл, огт өөр хүсэл тэмүүлэл, огт өөр төлөвшил, огт өөр хүмүүжил, огт өөр танин мэдэхүйн хаалга нээх цаг болжээ.  “Чигчийн чинээ бишээ, чихээ өөрөө угаая” гэдэг насанд нь чихийг нь өөрөөр нь угаалгаж, нууц арал нээхээр нууцхан мөрөөддөг насанд нь адал явдал дундуур аялуулж,  зовлон жаргалыг таних мэдэх насанд нь өнгө алаг хорвоогийн үнэнийг таниулах номнуудыг л уншуулмаар байна. Түүнээс биш хорь хүрэх насанд нь “Хорвоотой танилцсан түүх” уншуулах ёстой хорвоогийн түүх болчих гээд байна. Нас сэтгэхүйн онцлог гэдэг гол зүйлээ одоогийн нас сэтгэхүй нь эрт бойжсон хүүхдүүддээ яаж тохируулах вэ? Ямар номнуудыг ямар насанд нь уншуулах вэ? Гол нь ЯМАР НОМНУУД УНШУУЛАХ ВЭ?
  Энэ бүх асуултандаа хариулт хайсаар олсон хамгийн боломжтой сонголт “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЫН ЭРДЭНЭСИЙН САН-108 БОТЬ” ном юм.  Болдогсон бол үр хүүхдээ боддог Монгол айл бүхэн гэртээ залмаар. Даанч бидний дунд  ходоодныхоо эрхшээлээс илүү гаргаж хүүхдүүддээ ном худалдан авах чадалтай нь цөөхөн байна. Гэвч Анна Сэуэлийн “Хөөрхөн хар”-аас эхлээд Морис Метерлинкийн “Цэнхэр шувуу”, Киплингийн “Зүгээр л үлгэрүүд”, Ж.Мелвиллийн ”Моби Дик”, Эмиля Бронте “Аянгат даваа”, Мери Шелли ”Фрэнкштейн”, Ж.Аустин “Бахархал ба бардамнал”, Карл Льюис”Мөнгөн сандлал” зэрэг бидний хүүхэд насандаа уншиж байгаагүй / учир нь тэр үед үзэл сурталд нийцээгүй биз/ сонгодог зохиолуудын зөвхөн хүүхдүүд бишээ ноён хатагтай та ч уншиж болохоор сайн сонголтууд. Өнөөх нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон хялбаршуулсан хувилбарууд, Монгол-Англи харьцуулж уншихаар эхүүд, тун боломжийн орчуулгууд, монгол хэлний хэлзүйн зөв хэлбэржилт, энгүүн найруулга, хамаг чухал нь сэтгэлгээ. Хамаг чухал нь гэгээн сайхан хүүхэд насны мөрөөдөл, хамаг чухал нь ХҮНИЙ СЭТГЭЛ, ХҮНИЙГ ХАЙРЛАХЫН УЧИР, ХЭНИЙГ “ХҮН” ГЭЖ ХЭЛДЭГ ТУХАЙ ЗӨВ ОЙЛГОЛТУУД дээрх номнуудын амин сүнс юм. Магадгүй  энэ цувралд багтсан “Алиса гайхамшгийн оронд”,”Гена матар түүний нөхөд”-өөс эхлээд зарим нэг номыг та бид уншсан байж болох юм. Хүүхдүүд чинь эдгээр зохиолуудаар бүтээсэн хүүхэлдэйн киног үзсэн байж болно. Ер нь ихэнх хүүхдийн шилдэг зохиолоор бидний “баруун” гэж нэрлэдэг газар кино бүтээсэн байх.
  Гэвч ном уншихын сайхан нь  дэлгэц ширтэхээс өөр гэдгийг хүүхдүүддээ яаж ойлгуулах вэ? Бид зааж сургаад, хэлж ойлгуулж болох ч ширээн дээр нь ном байвал хүүхэд шахуулж шаардуулалгүй нэг л өдөр гарчиглаад эхэлдэг. Харин ширээн дээр нь ном байх нь чухал. “Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын эрдэнэсийн сан” цувралаас байж байвал бүр зүгээр. Ямар нэгэн  захиалгат зар  сурталчилгаа гэж бүү ойлгоорой. Үнэндээ сайныг саараас нь, хэрэгтэйг хэрэггүйгээс нь ялгахааргүй юм бүхнийг ”дээд”, ”эрхэмсэг”, ”гайхамшиг”, ”сонгодог” гэж ичихгүйгээр тодруулах болсон энэ цагт сайн нь бүдгэрч саар нь сацарч байгаад л харамсах сэтгэлээр тодорхой буянт “ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЫН ЭРДЭНЭСИЙН САН-108” цувралын тухай дуугаралгүй байхыг үзэл бодолд минь үнэн харш гэж үзсэнээс цаашгүй.
  Номонд дурлах сэтгэл, номоор хүмүүжих, номоор ухаарах, номоор дамжуулж үзэл бодол нь төлөвших. Энэ үйл хэргийг зөвхөн эцэг эхэд даатгаад орхивол хангалтгүй. Үнэнийг хэлэхэд төрд сайныг дэмжих бодлого, сайныг анзаарах мэдрэмж, сайныг харах нүд, сайныг олох эрэл дутагдаад байна. Яагаад бага дунд, их дээд гэлтгүй сургууль бүхний номын санд энэ цувралаас байж болохгүй гэж. Багш нар энэ цувралаас уншуулж, маргаан мэтгэлцээн өрнүүлж, жүжигчилсэн тоглолт, дүрийн задаргаа хийж болохгүй гэж. Зөвхөн ирээдүйн төлөө шүү дээ? Түүнээс бус хувийн эрх ашиг, албан тушаалын ашиг сонирхол, танил талын хүрээ юу юм бэ? Цаг зуурын юм. Эрх бүхий хүмүүст өчүүхэн төдий эх оронч сэтгэл байваас ирээдүй оюуны өлсгөлөнгөөс гарах цаг ойрхон л санагдана.
  Энд л бидний ирээдүй, үр хойчоо хайрлах сэтгэл харагдана. Тэр л сэтгэлээр “Шидэт хүүрийн үлгэр”, ”Гэсэр”, “Грекийн домог үлгэрүүд”,  П.Треверс “Интоорт гудамжны Мери Поппинс”, ”Пандугийн удмын их тулалдаан”, Ж.Барри ” Питер Пен, Винди хоёр”, “Раамын үлгэрийн цоморлиг”-ийг тодорхойгүй зарим номнуудын оронд бүх номын сангийн тавиур дээр өрөөстэй байхыг хүснэ.  Түүнээс бус брендийн хувцас өмсгөж, Iphone-5 гар утас бариулаад, спорт загварын машин унуулах гээд яах юм. Хэрэглээ шүтдэг хоосон ирээдүй бидэнд ямар хэрэгтэй юм. “БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” гээд бүхнийг авч өгөөд яах юм. Бөндгөр нь хоосон, сэтгэлгээ нь мухардмал, мөрөөдөл нь мөнгө бол. Хуучин лоозонг ялимгүй өөрчилмөөр цаг иржээ. БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ХҮН БАЙХЫН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ. Ямар сонсогдож байна. Одоо л нэг лоозон шиг сонсогдож байна. ОРОН БҮХНИЙ ХҮН СЭТГЭЛТНҮҮД НЭГДЭГТҮН. Юуны төлөө... УНШДАГ, ГЭГЭЭХНЭЭР МӨРӨӨДДӨГ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ...

                                               ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
                          

Жаал хөвүүн, ном хоёр


/Хуучин бичлэгээ жаал жуул нэмж засварлав/
Ажлаа өгчихөөд, гэр зуураа эргэлдэж, зав чөлөөтэй болоод, эргэн тойрноо анзаарвал уншчих санаатай энд тэндээс нэг хоёроор нь зөөсөөр овоо олон болгочихсон баахан ном ор дэр, шүүгээ саваар нэг хөглөрч, заримыг нь хайрцаг саванд хүртэл баглаад овоолчихсон байх ажээ. Түүхийн голдуу, улс төр, гүн ухаан, янз бүрийн хүний дурсамжууд, бас уран зохиолын номууд ч харагдана. Интернетээс татаж аваад, хэвлээд дэвтэрлээд үдчихсэн нь ч байна....
Тэдгээр номуудыг хараад харуусал, гуниг зэрэг зэрэг төрж байх юм. Хичнээн ч олон өдөр хоног, сар жилүүдийг үр бүтээл нь төдийлөн үзэгдэж харагддаггүй төрийн ажлын төлөө гүйсэн болж, хий дэмий өнгөрөөгөө вэ? Энэ олон номыг байтугайг нь уншиж, бичиж, мэдэж сурах хичнээн их цаг хугацааг намрын салхинд хийсэн одох хамхуул мэт үр өгөөжгүй, үлдэх мөргүй өнгөрөөгөө вэ хэмээх харуусал эрхгүй цээж зурах шиг болов. Энэ аж амьдралын төлөөх тэмцэлд, тэртээ нэгэн цагт талийгч болсон найрагч андын маань захиандаа бичсэнчлэн “... боорцог талхны бор түрхэн дайнд хамаг сайн сайхнаа, эрч хүч, итгэл мөрөөдлөө сохор зоосны ч үнэгүй үрээд” дуусгачихсан мэт сэтгэгдэл төрнө. Гээд яахав дээ. Харуусал гэхийн учир нь ийм...
Гуниг гэхийн учир нь тэдгээр номуудыг хэзээ уншиж дуусгана даа гэхээс халшрах ч шиг, нэг их хүнд хүчир ажил мэт санагдаж, нэг л мэдэхэд өөрийн эрхгүй гүнээс гүн санаа алдчихсан байх юм. Олон сайхан номууд дунд сууж байхад жаргал мэт санагддаг тийм үе байж, гэвч тэр мэдрэмжээ бүүр түүрхэн л санана. Нээрээ, нэг тийм гэгээн сайхан үе хүний амьдралд бас байдаг ажээ. Ном хараад баярладаг, шунан шунан уншдаг, гэрэл гэгээнд тэмүүлсэн, ямар нэг сайн сайхан юмыг, баттай итгэл үнэмшлийг эрж хайсан тийм л үе. Аргалын утаа тэртээ дээр суунаглан сэнхэртэх нам гүмхэн зуны үдшийн тэнгэрийн хаяанаа гялалзах анхны од шиг тийм л ховорхон үе. Ингээд тэр сэмэрсэн гунигаа хөглөж улирч одсон дурсамжийн сэнхэр мананг жаахан жаахан сөхсү. Их олныг дурсаж болох ч..., дэмий л юм даа.
...
Сайхан номуудыг ганцхан амьсгаагаар унших ч бас сайхан байж дээ. Дэргэдээ баахан ном овоолон тавьж байгаад, нэгийг нь дуусгаад дараачийн гарт таарсныг шүүрч аваад л, хажуудаа хэдэн боорцог, данхтай булгийн хүйтэн ус тавьчихаад, хааяа номоос хараагаа салган дээш харж, тэнгэрт үүл хуйлран нүүж байгааг, хажуугаар дэлэн нь чинэрсэн хэдэн ямаа туусан хүн явж байгааг, ээж надаас гуйж залхаад өөрөө усанд явж байгааг анзаарч, хоёр өөр ертөнцийн торгон зааг дээр буйгаа нэг мэдэрчихээд л дахиад өнөөх номын ертөнц рүү шумбаад орчихдогсон.
Миний багад буюу 1970-аад оны сүүлч, 80-аад оны эхээр сумын болон сургуулийн номын сан бас ч гэж хангалттай баялаг байж дээ. Тийш ороход үнэр нь хүртэл нэг л өөр. Сургуулийн номын сангийн эрхлэгчээр “эвий минь, тэр минь” гэсэн эелдэг сайхан ааштай, аль ч талаараа хараа дүүрэн Цэдэв эгч аахилсаар сууна. Авах номоо бичүүлээд дэргэд нь зогсож байхад тодоос тод амьсгалж байдаг нь одоо ч сонсогдох шиг. Тэнд хүүхдийн маш олон номууд байсан, хараа булаасан гоё зурагтай, том бага, нимгэн зузаан янз бүрээр хэвлэсэн байна. Оюуны хөгжил, сэтгэлгээний дэвшилд нам-төрөөс ихэд анхаардаг байсны нэг илрэл биз. Одоо тийм баялаг номын сантай дунд сургууль ер үгүй болсон, тэр хуучин цагийн номын сангийн фондын ихэнх хэдийнэ хаягдал цаас болон өмнөд оронд ачигдсан. Оюун санааны талх болсон номоо харьд хаягдал болгон илгээнэ гэдэг улс үндэстний хувьд хэлэхүйеэ бэрх ичгүүр гутамшиг, гэвч үнэхээр л тийм явдал хориодхон жилийн өмнө ардчиллын дүйвээнтэй хамт болсон билээ.
Одоо тэр цагийн салшгүй дотно анд болсон номуудынхаа заримынх нь нэрийг мартаж, тэгээд ч тэр бүрийг санаж бичнэ гэвэл бишгүй их юм болно, зүгээр сэтгэлд гүн гүнзгий хоногшин үлдсэн цөөн хэдэн номууд, зарим сонин содон дурсамжуудаа л сөхөе.

***
"Бэмби" гэж мөн ч сайхан сонин ном байж. Уншиж дуусаад, өөрийгөө, орчноо мэдрэхэд нэг л сонин мэдрэмж төрөх. Наанаа хүүхдийн зохиол мэт ч цаанаа оршихуйн гүн ухааныг айхтар мэдрүүлсэн зохиол доо. “Бэмби”-гээс би анхлан оюун санааны огт өөр ертөнц байдгыг мэдэрсэн юм. Борис Васильевийн "Бүртгэлд ороогүй хүн"-ийг уншаад, бүтэн арван сар бууж өгөөгүй Коля хамгийн сүүлд 4 дүгээр сард харанхуй нүхнээсээ таг сохорчихсон, хүний оронцог болсон амьтан гарч ирэхэд Герман офицер цэргээ хүндэтгэлийн жагсаалаар жагсаан ёслол төгөлдөр угтан авч буй тэр хэсэг дээр зөвхөн жинхэнэ хүнээс л гарч болдог аугаа хатан тэвчээр, хүчин чадлыг бахархсандаа тэсэлгүй уйлж, түүнээ хүнээс нуух гээд номоо бариад шуудууны ар луу гүйж билээ. Хүмүүс шоолдог байсан юм.
Тавд байх жил А.Дюмагийн "Хорин жилийн хойно" дөнгөж хэвлэлээс гараад, номын санд ирээгүй, дэлгүүрт ирсэн, хэдэн ч төгрөг байлаа даа, 18 төгрөг ч байл уу, авч дийлдэггүй, дэлгүүрт хааяа орж, лангуун дээр байгаа бүдүүнээс бүдүүн том зузаан хар ногоон хатуу хавтастай номыг харж, лангууны урдуур хэдэнтээ эргэлдэнэ, хааяа худалдагч эгчийг гуйж авч эргүүлж нэг, илж нэг үзчихээд, санаа нэг алдчихаад л буцдаг байж. Азаар эгч нэгийг худалдан авч, эгчийн уншиж байгаа номыг нууж байгаад уншиж билээ. Эгч номоо хайгаад бөөн юм болно, би мэдэхгүй царайлаад л сууна, намайг нуусныг мэдэх учир гэрээр хайна, би гэрээр хайдгийг нь мэдэх учир гадаах хураалттай түлээн дотор нууна. Ажилдаа явангуут нь номоо бариад авна. Урьд нь "Шадар гурван цэрэг"-ийг уншчихсан байсан тул, Артаньян, Атос, Аримис, Портос дөрөвтэй дахин учрахсан, аймшигт Решилье хамбатныг дахин харахсан гэхдээ тэгэж их хорхойссон хэрэг байх. Анх шадар гуравтай нэг нимгэхэн зурагт номоор танилцаж байсан юм. Их сайхан зурагтай, одоогоор бол комикс ном. Зургийг нь хуулж зураад л суудагсан. Тэр үед ч бас их сайхан комикс номууд байсан юм шүү. Ангийнхантайгаа хааяа шадар дөрөв болоход Артаньяан болж тоглоно. Гэхдээ цаанаа бол надад Атос ямагт таалагддаг, нэг тийм хүчирхэг, эрхэмсэг байдалд нь, философилог амьдралд нь татагддаг байж. Манай ангийн Д.Уламбаяр мөн ном их уншина аа. Тэр бас Артаньяан болох дуртай байсан санагдах юм. Ер нь Дюматай танилцсан тэр цагийн хөвүүд бүгд л Гаскон нутгийн тэр дориун эр шиг болохыг хүсдэг байсан биз. Стендалийн “Улааныхан ба харынхан”- ы Жульений их өвөрмөц үгс, сэтгэлгээг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээд авчихна. Тэр үед чухам юугаа ч ойлгож байсан юм бэ, бүү мэд, цаазын ялаас өршөөгдөх бичигт гарын үсэг зуруулахаар нууц амраг хүүхэн нь бөөн хахуул төлж шоронгийн өрөөнд ирээд уйлж, унжин гуйхад “Энэ ертөнцөд надад хийх ажил алга” гээд үхлийг сонгож буй тэр хэсгийг дахин дахин уншина. Тэр үгээс нь нэг их хүч чадлыг, энэ ертөнцтэй, энэ хүн төрөлхтөнтэй бүгдтэй нь тэрсэлдэж чадах тийм их хүч чадлыг мэдрэх шиг болно. Харин Жульенээс ч илүү хүчирхэг, түүний бахархал, үлгэр дуурайл болсон Напольен гэдэг хүнийг тэр үеэс сонирхож, бараг түүний нэртэй холбоотой бүхнийг хамж шимж уншаад дуусгаж билээ. Майн Ридийн “Зоригт анчин бүсгүй”, Фанимор Куперийн “Сүүлчийн могикан”, Жованоли байх аа, Италийн зохиолчийн “Спартак” зэрэг зохиолуудыг мөн ч их шунан шунан, дахин  дахин уншсан. Ункас буюу Хурдан буга, Аугаа их Делавар овгийн сүүлчийн их удирдагч Чингачук буюу Аварга могой хэмээх аав хүү хоёрын эмгэнэлт боловч омог бардам төгсгөлийг мартахын аргагүй. Мөн Куперийн байгалийн сайхан зураглалууд. Цусан гарт хочит индиан удирдагч, Цагаан бүргэд хоёрыг халз тулаасай, тэгвэл хэн нь дийлэх бол гэж төсөөлнө. Хулгана, голио, гүрвэлээс хүртэл үргэж бусгаж явдаг дээд айлын Бажгаа эгчийг Нэгдлийн аж ахуйн хашааны нөмөр даган явааг хараад гэнэтхэн хашааны булангаар Морь унасан толгойгүй хүн хар нөмрөгөө хийсгэсээр давхиад гараад ирээсэй, тэгвэл мөн ч үзүүштэй сайхан юм болно доо гэж хүснэ.
“Би үхэхээр шийдлээ” хэмээн хашгиран, бамбайгаа шидээд алагдсан цэргийн илд шүүрэн авч, хоёр гартаа нэг нэг илд эргэлдүүлсээр Ромын легионерүүдийн нягт эгнээ руу зүсэн орж буй Крикс, аяны маршаар алхаж аваа манипул, когортуудынхаа манлайд дуу аялан хайвагнах нүсэр хүчирхэг Эномой, гоо сайхан, дурламтгай Арторикс гээд л Спартакийн шилдэг баатар жанждийн дүр төрх нүдэнд харагдах шиг болж, легионерүүдийн аймшигт зууралдсан алалдааны дуу чимээ чихнээ хангинах шиг болно. Цезарь тэнд тунчиг нууцлаг товчхон дүрслэгдэнэ. Аугаа хүчирхэг боловч дуурсах өчүүхэн ч гавьяагүй үлдсэн хүсэл тэмүүлэлгүй хөөрхий Каталинаг, бас Эвтибада хэмээх гоо сайхан грег хүүхний хорон ухааныг гайхаж... Дараахан нь ЖЗЛ цувралаар гарсан “Спартак”-ийг мөн ч их эргүүлсэн дээ. Тэр цагийн Фракий буюу одоогийн Болгарын ямар ч хотод билээ, төрсөн нутагт нь л юмдаг, Спартакийн илдээ түшин зогсоо аварга гантиган хөшөөнд хэзээ нэгэн цагт очино доо хэмээн мөрөөддөг байсан, одоо тэр мөрөөдөл ор мөргүй алга болжээ. Хэрвээ одоо надад тийш очих шалтаг байна гэвэл арван хэдтэй тэр мөрөөдөмтгий балчир жаалтайгаа дахин учирч, гуниг дүүрэн нүдээр тэр хүүг шүүрс алдан удаан ширтэж, итгэл, хүсэл мөрөөдлөөс нь өчүүхнийг ч болтугай өөртөө наах гэж л явах байх.
… Н.Носовын “Үлмэдэх ба түүний нөхөд”, “Үлмэдэх Нарны хотод” гэдэг том хатуу далбагар хавтастай, тунчиг эгдүүтэй хөөрхөн зурагтай цуврал хоёр ном сумын дэлгүүрт 7 төгрөг 50 мөнгөний үнэтэй ирж билээ. Ааваар ойрмогхон ном авхуулж, тухайн сарынхаа лимитийг дуусгачихсан байсан тул архины шил, нэгт, тавтын мөнгө хүртэл цуглуулж байж тэр номыг авсан. Тавдугаар ангид, шинэ жилийн тансаг үдшээр болдог багт наадмын тэмцээнд ангийн найз Б.Гантулгын хамт нэг нь Ихмэдэх, нөгөө нь Үлмэдэх болж ороод тусгай шагнал авч, хирдээ л урамшин баярласансан. Зузаан батум цаасаар Үлмэдэхийн далбагар хүрээтэй шовгор шар малгай, Ихмэдэхийн өргөн хар хүрээтэй том нүдний шил урлаж, шар даалимбаар шалбуур өмд оёж, бараг л хоёр долоо хоног хэртэй сүрхий бэлдэж байж орсон юмдаг.
Дараа жил нь багт наадамд тоглох туршлагатай болсон бид Бадарчин Баадайн паянгаар хөөрхөн драмчилсан тоглолт найруулан тавиад түрүүлж билээ. Тэр тоглолтод Бат-Очир, Лхаяа, Мөөмөө, Бүдээ гээд нэлээд өргөн бүрэлдхүүнтэй орсон санагдана.
Б.Ренчин гуайн орчуулсан “Эртний Чех домог үлгэрүүд” гэдэг хоёр дэвтэр гайхамшигтай сайхан зураг чимэглэлтэй, бас гайхамшигтай яруу сэцэн хэл хэллэгтэй мөн ч сайхан ном байдагсан. Одоо тэр ном ер нүдний гэм болжээ. Гүржийнх билүү, Узбекийнх ч билүү нэг зохиолчийн “Дүрсгүйтэж явсан минь” гээд ёстой нэг холиог нь хутгаж өгдөг хоёр хүүгийн тухай ном бий. Номруугаа нэг тонгойгоод л хөхөрч унаад байх. Түүнийг дуурайн бас хөөрхөн дүрсгүйтээд авна. Саяхан Урт цагааны урд байх хуучин номын лангуун дээр тэр номтойгоо таарч, балчир багын найзтайгаа учирсан мэт их л олзуурхан баярлаад, авчраад уншсан, тэр багадаа тэгэж их хөөрөн хөгжилдөж байсан мэдрэмж ор тас байхгүй. Хамгийн инээдтэй хэсэг дээр нь ч нэг сайн ч мушийхгүй, аргагүйн эрхэнд л тэр бага хөвүүн сэтгэлийг өхөөрдөн бодож нэг муухан мушийсан байх даа, өдий хүртэл туучиж ирсэн амьдралын тоос тортог сэтгэл зүрхийг минь тэгтэл нь их дарж, тортоглож үү дээ.
Бас “Тиль Оленшпигелийн домог” гэдэг нэг нимгэвтэр цагаан хавтастай ном байх. Их хөөрхөн уран ёж зурагтай. Их ч зугаатай номсон. Бараг бүх адал явдлууд нь сэтгэлд үлджээ. Тэр Андерсений “Хаан шалдан байна” гэдэг үлгэрийн ориг эх нь чухам энд бий. Энэ Тиль Олиншпигель гэдэг нөхөр бол манай Бадарчин Баадай шиг Скандинавын орнууд, Дани, Холланд, Норвеги орчмын, ялангуяа фламанд, умардын немц үндэстнүүдийн ардын уран хошин баатар. Дундад зууны үеийн хүн... Хэн нь ч билээ, Европын нэг зохиолч энэ домгоос сэдэвлээд “Уйленшпигелийн домог” гэдэг зузаан роман бичсэнийг нь манайд бас орчуулаад гаргасан байсан, гэвч эхний цагаан хавтастай ориг эхийг уншсан хүнд тэр зузаан роман огтоос сонирхолгүй.
Андерсен мэдээж заавал дурдах учиртай хүн. “Эрэлхэг зоригт тугалган цэрэгт тохиолдсон адал явдал” гэдэг нэг ном миний үед орчуулагдсан. Бас нэг нимгэвтэр хөөрхөн зураасан зурагтай ном байсан, нэрийг нь санадаггүй, дотроо нэлээдгүй олон үлгэр-түүхтэй. Ер Андерсений ертөнц бол ер бусын аугаа уудам, сэцэн цэлмэг, эр зориг, хайр энэрэл, гэрэл гэгээ баялхсан гайхамшигт ертөнц. Хэрвээ дээр, тэнгэр огторгуйн хаа нэгтээд ямар нэгэн гэрэл гэгээний бурхдын орон гэгч байдаг аваас Андерсен лавтай тэр орноос уруудан доройтож буй хүмүүний сэтгэл зүрхэнд итгэл найдварийн, хайр энэрэлийн, ухаарал гэгээрлийн гэрэл гэгээг дахин асааж өгөхөөр хахир хатуу, овилгогүй энэ ертөнцөд илгээгдсэн элч-зарч биз ээ.
Нэгэнтээ Андерсентэй нэг зүйлээр адил болохоо мэдээд би ихэд хөгжин баярлаж билээ. Тийм ч их сүртэй зүйл биш л дээ. Би бүхий л хичээлдээ төдийлөн хичээж мэрийлгүйгээр гайгүй сураад болоод байдаг мөртлөө ганцхан монгол хэлний хичээлд, өөрөөр хэлбэл алдаагүй зөв бичих тал дээр ямагт будилсаар ирсэн. Арав төгстлөө улсын шалгалтаар сайн гэдэг үнэлгээ авсан хичээл маань цээж бичиг байж. МПБ-аас өгдөг сурлагын медалийнхаа өнгийг чухам энэ л шалтгаанаас үүдэн хувиргаж чадаагүй. Хожим сэтгүүлч нэр зүүж, хэвлэл сонины газруудад хорь орчим жил тасралтгүй ажиллахдаа, гэхдээ бүр Ерөнхий редактор, Эрхлэгч зэрэг хариуцлагатай ажлуудыг хашиж явахдаа ч, 100 гаруй ном хянан засварлаж, цөөнгүй хэдэн ном бичихдээ ч миний огтоос сураагүй нэг зүйл бол зөв бичих. Одоо ч зөв бичгийн дүрмийг надаас асуувал хольж будилсаар төөрч орхино, ялангуяа гээгдэх гээгдэхгүй эгшиг, хэлний угийн үзүүрийн Н, эр эм үгийн Ы, ИЙ болон Ш, С, Ч, Ц үсгүүдийг ямагт сольж бичнэ. Хичээх тусмаа улам буруутна. Тэгээд сүүлдээ цагааршчихаад зөв бичгийн дүрмийг огтоос тоохоо больсон, алдаагаа хүнээр, эсвэл Ангууч программаар засуулчихна. Ном сайн уншсанаар хүн алдаагүй бичиж сурдаг юм гэсэн теором лав л миний хувьд хүчингүй, огтхон ч үйлчлээгүй юмдаг. Гэтэл Андерсен мөн яг миний нэгэн адил насан туршдаа зөв бичгийн дүрэм мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, гар бичмэл нь нул алдаагаар дүүрэн байдаг байсан гэнэ. Тэгэхээр энэ эрхэм хүнтэй сайн юмаараа биш гэхэд ядахдаа саар талаараа ч болов адил төстэй байгаагаа мэдсэн би хөөрөн хөгжилгүй ч яахав дээ.
Хүүхэд насандаа Андерсентэй учирна гэдэг бол нэн ховор тохиох аз завшаан юм. Одоо ч Андерсенийг манайхан хангалттай орчуулж гаргажээ. Энэ цагийн хүүхдүүд маань их азтай.
Мөн Тургеневийн охид, хүүхнүүдтэй хүүхэд насандаа танилцаад авахад тун гэмгүй. Түүний хүүхнүүд бол жинхэнэ идеаль болсон мөрөөдлийн бүсгүйчүүд. Хөвгүүд бол өөрийн эрхгүй тийм яруу гоо, цэвэр тунгалаг, ухаан билэгтэй, оргилуун охидыг хайж, мөрөөдөж эхлэх болно. “Хаврын цасны ус”, “Анхны дурлал”, “Зойко” гээд л... Охидод тавих шалгуур мөн ч өндөрсөнө дөө.
Энэ мэтээр үргэлжлүүлбэл “Уруугаа ургасан мод”, “Галуу дагасан гайхамшигт аян”, “Эрэлхэг цэрэг Швейкт тохиолдсон адал явдал”, “Хүний бяцхан үр Детти”, “Нора” гэх зэргээр мөн ч олон сайхан номуудын тухай бичих болох нь..
Жоохоон соосойсон хүү нь номонд сүрхий дуртай байгааг аав маань анзаарсан юм болов уу, нэлээд хэдэн үлгэрийн ном авч өгсөн юм. Томоос том далбайсан хавтастай, нимгэхэн их хөөрхөн зурагтай “Үл мэдэх газар зорчоод, юу ч бишийг олж ирсэн нь” гэдэг санагдана Орос ардын үлгэрийн ном, “Боролдой баатар хүү”, мөн монгол ардын хошин үлгэрийн түүвэр, “Ойн сургууль” ч билүү, ойн амьтад сургуульд сурч байгаа, тэдэнд хэрээ багшилдаг тухай шүлэглэсэн үлгэрийн ном зэрэг...
Дараахан нь сургуульд орж, номын сан гээч сайхан юмтай танилцсан цагаас манай монгол зохиолчдоосоо анхлан танилцсан хүн бол Нацагдорж гэдэг хүний (овгийн эхний үсгийг мартжээ, нэлээд хэдэн Нацагдоржуудын нэг) “Эр зоригийн туульс” гэдэг хувьсгалын үеийн тухай гардаг нэг жижгэвтэр хүүхдийн тууж, чоно, туулай, үнэгнүүдийн тэмцлийн тухай гардаг нэг хөөрхөн хүүхэлдэйн жүжигтэй ном байж билээ. Түүний дараагаас Ч.Арьяасүрэн гуайн “Түн Түн Пин Пан буюу ойн дээрэмчдийн адал явдал”, “Сүүлэнхүүд тохиолдсон явдал”, бас зохиогчийг нь санахгүй байна “Номхон хээр” /Б.Зандраабайды гуайнх байж магад/ гээд морьдын тухай ном, С.Надмид гуайн өгүүлэг туужууд гээд л. Тэдгээр номуудын үнэр нь хүртэл одоо тодхон санагдаж байна.  Л.Түдэв гуайгаас бол “Уулын үер”, “Буутай янгир” хоёрыг нь анхлан уншсан, яг миний өсөж төрсөн тэр нутагт үйл явдал нь өрнөдөг учраас, зарим баатар нь аавын ярьдаг хууч ярианд гардаг хүмүүстэй их адил төстэй байсан учир сонирхож уншсан. Дараагаар нь ер Л.Түдэв гуайн бичсэн бүгдийг нь уншсан дөө. Нэр нь санаанд орж ирэхгүй байна, нэг зөгнөлт тууж нь тодхон санагдана. “Үл ажиглагдах онцгой учралууд буюу Хорвоотой танилцсан түүх”, “Оройгүй сүм” хоёр бол яах аргагүй манай утга зохиолын оргил бүтээлүүдийн нэг.
Мөн Лодойдамба гуайн “Манай сургуулийнхан”-ыг маш сайн уншсан. Учир нь мөн л үйл явдал нь манай нутагт болдог, аавын ярьдагтай яг адил байсан. Ер нь бас Лодойдамбын бичсэн бүгдийг нь шавхаж уншсан. “Тунгалаг Тамир”-ыг уншихдаа зөвхөн Цахиур Төмөрийн гардаг хэсгүүдийг цойлдож уншчихаад дараа нь бусдыг нь уншина. Д.Маамын “Газар шороо”-г ч бас Хангай Базар, Бух Дагдан хоёртой хэсгийг нь эхлээд цойлдоод уншчихна. С.Пүрэв, С.Гармаа, Д.Мягмар, Ж.Бямбаа нарын уянгын өгүүлэг туужууд салахын аргагүй байдаг байж, С.Пүрэвийн ертөнц гайхамшигтай тунгалаг, гэгэлгэн. “Гангаамаа нутагтаа бий” гэдэг билүү дээ нэг өгүүллэгийн түүвэрт олон гэгээн тунгалаг өгүүллэг бий дээ. Монгол нүүдэлчин ахуй хийгээд сэтгэлгээнд байдаг өнө мөнхийн яруу агшинг “Азийн цэнхэр уул”-аас нь мэдэрнэ. Уурхайчны тухай өгүүлэх “Алтай” туужыг нь хонины хажууд уншиж суугаад хонио алдчихаад, бахардаж унтлаа гүйж билээ. Бас Д.Чойжилсүрэн гуайн “Өвсний шүүдэр” романыг дэрсний оёор уншиж суугаад хонины найр хийж, Сайрын хэдэн самгачуулын нэгэн үдийн саамыг нь будаа болгож байсансан. Энэ “Морин төвөргөөн” зэрэг хоёр гурван цуврал байдаг санагдана, гол холбогч баатар нь Донров.
Харин С.Эрдэнэ гуай хүүхэд насны минь дурсамжинд тод үлдээгүй юм. Нөгөө Гэнимаа гэж гардаг “Амьдралын тойрог” роман нь л сэтгэлд нэлээд тод үлдэж ээ. Намдаг гуай ч мөн адил, хүүхэд насанд минь содон дурсамж үлдээсэнгүй, харин нэлээд юм үзэж, амьдралд нухлагдаад ирэх үед бол Намдаг гуай жинхэнэ дүр төрхөөрөө тодорч ирдэг юм билээ. Энэ нь хашир, амьдралын хар бор ухаан давамгайлсан Намдаг зохиолчийн сэтгэлгээний онцлог байх. Одоо бол Намдаг гуайг унших дуртай.
Хэнийх нь зохиолыг сайн санахгүй байна, З.Баттулгынх байж магад, “Билгийн улирал” гээд нэг сайхан туужийн ном бий. За тэгээд, Ренчин гуайн “Заан залуудай”, “Нууцыг хадгалсан захидал”, Н.Банзрагчийн “Мянган захидлын хариу”, Б.Нямаагийн “Арандалынхан”, Дашдооров, Ж.Бямбаа, Батыжобай, Даржаа, Уламбаяр, С.Лочин гээд л... Тухайн үед хэвлэгдэж байсан бүгдийг нь л үлдээлгүй уншсан. Номын сангийн уран зохиолын хэсэг дуусахаар нь бусад хэсэг рүү орж, “Охидод өгөх зуун зөвлөгөө”, “Хууль зүйн зуун асуулт, хариулт” гэдэг ном хүртэл авчирч тавьж байгаад уншиж билээ. Ёстой донтоно гэдэг л байх даа.
Хоёрдугаар ангид байхдаа Д.Лувсандорж гээд яруу найрагчийн “Нартай бороо” гээд жижигхээн атлаа тун сайхан шүлгүүдтэй номоор монголынхоо яруу найрагчидтай анхлан танилцсан юм. Сайхан шүлгүүд байсан даа. “Монгол зан” гэдэг шүлгийг нь дуурайн шүлэг хүртэл бичиж үзсэн. Хожим 2004 онд Бээжин ордог галт тэргэнд нэг оргилуун залуутай зам таарч, дотносон танилцвал тэрхүү яруу найрагтай намайг амлуулсан Лувсандорж найрагчийн хүү байж тааран, их л олзуурхан баярлаж билээ. Л.Дуурсах маань одоо олон хэлний электрон толь бүтээгээд л олондоо буян болж яваа нь харагддаг. Зургаа төгсөх жилээ Хөвсгөлийн С.Даваасүрэн гэдэг найрагч бүсгүйн “Ар тайгын сэвшээ” гэдэг ёстой л ар тайгын сэвшээн үнэр ханх тавьсан шүлгийн номыг олон өдөр өвөрлөж явав. Тэр үедээ л өвөрмөц дүрслэлтэй, нарийн мэдрэмжтэй шүлгүүд байж. Одоо ч зарим мөр бадгууд нь цээжинд байна. Мөн С.Дашдооровийн нэг зузаан улаан хавтастай шүлгийн ном, Д.Отгонсүрэнгийн бас нэг шүлгийн түүврээс олон шүлэг цээжинд үлджээ. Д.Урианхай гуайн дотоод шаталтат шүлгүүд үнэхээр л содон байсан. Дараахан нь Б.Лхагвасүрэн гуайн дээш нь харуулсан цүдгэр хөрөөний ир шиг хурц өвөрмөц дүрслэлтэй шүлгүүдтэй, түүний дараа Д.Цоодол гуайн “Он цаг” гэсэн он цагийн нулимс мэт шүлгийн номтой танилцсансан. Олон сайхан яруу найрагчдийг алийг нь нэрлэж барах билээ.
Манай Жангар бол зүгээр нэг баатарлаг тууль биш юм. Ухаж төнхвөл асар нарийн гүн ухаан, амьдралын бүхий л цар хүрээг хамарсан гайхамшигтай бүтээл. Монголынхоо уран зохиолын талаар ингэсгээд өндөрлөе.
Энэ дашрамд мөн зайлшгүй нэг дурдах зүйл бол хуучин ЗХУ-ын зохиолчдийн бүтээлүүд. Ардчилал гарсны дараахан соц үеийн бүхнийг муйхар мунхгаар үгүйсгэн гутааж байхад ЗХУ-ын зохиолчдын зохиол бүтээлүүд ч мөн адил үгүйсгэгдэн жийгдэж байв. Намайг яг ид уншиж байх үе буюу 1980-аад онд ЗХУ-ын маш олон зохиолыг монгол хэлнээ буулгаж байсан нь надад их зол завшаан болсон. Яагаад гэвэл би Зөвлөлтийн зохиолчдын бүтээлээс нинжин сэтгэл, хүнлэг чанар гээч юмыг хамгаас тод, тодоос тод олж харж, мэдэрсэн болно. Ер Зөвлөлтийн зохиолчдын онцлогийг товчхоноор “Хүнлэг чанар” гэж  тодорхойлж болно. Хамгийн илэрхий тодорхой бичдэгчүүдээс нь гэвэл Валентин Распутин байна. “Франц хэлний хичээл” гээд жижигхээн өгүүллэгийг нь дурдахад л хангалттай. “Түймэр”, “Марияад өгөх мөнгө” туужуудыг уншихад хүн чанарын гэгээ тэр түймрийн утаан цаанаас, тэр хотын бэртэгчин сэтгэлгээний цаанаас нэвт гэрэлтэнэ. “Түймэр” туужийг нь Соц систем нуран унахыг зөгнөсөн, энэ системийн доторх яагаад ч аргалшгүй болсон зөрчлийг гаргаж тавьсан гэж үздэг. Судлаачдийн энэ саналыг би хувьдаа бүрэн дүүрэн зөвшөөрнө. Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан хэлхээ холбоо хичнээн сул хэврэг, ёс зүйн үүрэг хариуцлага ямар үнэ хүндгүй хуурамч болох нь харагдаж, тас тас үсрэн унана. Распутин чухам үүнийг л өгүүлсэн, магадгүй өөрөө ч мэдэлгүй, зохиолчийнхоо зөн мэдрэхүйгээр, ур чадвараар илэрхийлсэн байх. Виктор Астафьев байна. “Хаан загас” бол хүн чанарын дуулал болсон бүтээл, бичлэгийн ур чадвар ч муугүй. Энэ зохиолоороо Лениний шагнал авсан. Хожуухан “Гунигт явдал” гэдэг роман нь мөн хэвлэгдсэн. Энэ зохиолыг нь судлаачид Перестройкагийн удиртгал болсон гэж үздэг юм билээ. Дөрөвдүгээр ангид байхад, өвлийн хүйтэн ид тачигнаж байсан цагсан, ангийн анд С.Ганхуяг “Хаан загас” гэдэг янзтай сайхан номын тухай надад ярьж, хар алаг хатуу хавтастай уг номыг түүнээсээ аваад, тэр чигтээ гэр хураасан хөлдүү агуулахад орж, тоос тортог ханхалсан эсгий дээврээр хөлөө хулдаж суугаад уншиж билээ. 10 гаруйхан настай баньд нар “Хаан загас”-т тэгэж их татагдаж байсан гэхээр утга зохиолд гайгүй лав умбасных биз. Ганхуяг маань мөн ном их уншдаг байсан, одоо ч уншсан хэвээр байна билээ.
Василый Быков байна. Дайны тухай бишгүй л олон зохиол бүтээл уншлаа. Гэвч Быков шиг дайны хүнд бэрхийг сэтгэл зүрхэнд ортол дүрсэлсэнтэй таарч байсангүй. Бас л тэр дайны хүнд бэрхийн дунд хүн чанарын гэрэл гэгээ хэрхэн гялбан гялалздагийг илэрхий харуулж чадсан хүн. Өрнөдийн сонгодгуудын л нэгнийх нь юмдаг, Артур Ремаркийнх шиг санагдана, дэлхийн нэгдүгээр дайны тухай бичсэн “Дорнод Фронтоор онц сонин зүйлгүй” гэсэн ном бий. Маш сайн ном. Мөн Хемингуйэн “Зэр зэвсэг минь баяртай” ч байна. Эдгээр нь дайны тухайд бичигдсэн шилдэг зохиолууд, би унших дуртай ч Быковтоо хайртай хэвээр байгаа.
Василый Шукшин байна. “Ийм нэгэн явдал” байх аа, ногоон хавтастай зузаан ном бий. Уншихад хөнгөхөн мөртлөө тэр дүрүүдийнх нь амьдлаг, бас хүнлэг гэдэг нь... Борис Васильев байна. Юрий Нагибин байна. Гүржийнх байх аа, Нодар Думбазе байна. Чингис Айтматов гэж нэг аугаа сайхан ертөнц байна. Айтматовыг манайд маш сайн орчуулсансан. Одоо тэр орчуулгууд нүдний гэм болжээ. “Ингэн нүд”, “Далайн хөвөөний алаг хав толгой”, “Улаахан алчуурт Улиангар минь”, “Анхны багш”, “Чингис хааны цагаан үүл”, “Зуунаас ч урт өдөр”, “Цаазын тавцан” гэх мэт... Айтматовын романуудаас бэсрэг туужууд нь илүү уянгалаг, сэтгэлд наалдацтай.
Мэдээж хэрэг Шолохов, Булгаков, Пастерняк, Бунин гээд цааш ер ЗХУ төдий биш Оросын утга зохиолын хүрээнд үргэлжилбэл сунаад л байна... Оросын утга зохиол дэндүү том. Нэгэн үе Достоевский, Блок хоёрын ховсод орчихоод гарч чадахгүй мөн ч их удаж билээ. Тэд бол өөртөө яг л ховс мэт татах шидтэй, тэдний сэтгэлгээ яг л хар тамхи мэт мансууруулах чадалтай. Лермонтов их хорон, хурц хэгжүүн. Бунин нэг их гунигтай харцтай, Есенинтэй бол хэрвээ таарвал шууд л нударгалцаад унаж ч мэдэх, Гончаровтой анд явууштай, П.Бажовтой бол дэмий хууч яриад, халуун пийшингийн ойролцоо самоган шимж суумаар, Лесковын тухайд юу ч хэлэхгүйгээр бахархан хүндэтгэн хараад л баймаар, харин Чаадаев болон Грибоедовтой их дотно сайхан нөхөрлөж болохоор, Достоевскийг заримдаа байж ядан бахардан уйлан хайлан тэвэрмээр, заримдаа үзэн ядмаар... Чеховтой ярилцвал ухаан саруулсана, Гогольтой бол үгүй.
Л.Толстой Библи, Монтень хоёроос өөр юм тоож уншихаа байчихсан насныхаа төгсгөлд “Ном бүү унш, хортой” хэмээн хэлж байсан үгийг зарим хөөргөн “их мэдээчингүүд” өлгөж аваад сүржигнэх нь бий. “Ном бүү унш, хортой” гэж хэлэхийн тулд нэг бол адгийн харанхуй цээжтэй муйхар тэнэг байх хэрэгтэй, эсвэл Толстой болох хэрэгтэй юм. Нэгэнт номын оргилд гарсан хүнд аар саархан зохиол унших нь дэмий, цаг үрсэн, сэтгэл уймруулсан хортой нь ойлгомжтой биз ээ. Нэгэн үе эргэн тойрныхоо охидоос Толстойн Наташа Ростоватай төстэй ямар нэгэн юм эрж хайдаг болчихсон байсансан. Хөдөөгийн аглаг сумын төвийн охид дундаас тиймэрхүү зүйл эрж олно гэдэг амаргүй ээ.
А.Гайдарын “Төмөр ба түүний команд” гэдэг номонд их хайртай байж билээ. Тэр үед орост Тимурчүүдийн нэртэй сайн үйлсийн аян их болдог, түүнийг нь манайх хуулбарлаад бараг сургууль бүрд байх Пионерийн бүлгэмийн зөвлөлөөс ямар нэг юм хийнэ. Бүл чадал муутай айлын ус түлшийг бэлдэх, хаягдал болдог хоёрдагч түүний эд бэлтгэх, цасанд дарагдсан сумын хоршоо, клубын хаалгыг цэвэрлэж, зам гудамж гаргах, бөглөрсөн суваг шуудууг онгойлгох, мод бут суулгах гэх мэт. Арга эвээ л сайн олдоггүй байсан болохоос биш уг санаа нь их зөв байсан юм. Одоогийн Скаутуудынхтай төстэй.
Тэр үеийн “Октябрын туяа”, “Зөвлөлт Холбоот улс” зэрэг сэтгүүлүүд маш сайхан зурагтай, мэдээлэл ихтэй, уншууртай  байсан даа. Монголд соёлын, танин мэдэхүйн, гэгээрлийн үрийг ихээр тарьсан билээ. “АЗБУКА” гэдэг оросын хүүхдийн цагаан толгойн номын зураг мөн ч хөөрхөнсөн. Мөн “Цог”, “Залгамжлагч” зэрэг сэтгүүлүүд, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” зэрэг сонинуудийг ч их уншдаг байсан санагдана.
Оросын нэгэн эрдэмтний “Деалактикийн тухай яриа” гэдэг зузаан тэвхгэр ном, бас “Эртний Грекийн мэргэд” гэсэн гутлын зулаг шиг нимгэн царай муутай ном, “Демократ мэргэний гурван авьяас” гэдэг бас нэг ном, Титаренко гэдэг хүний “Эсрэг үзэл” гэх мэт, ер нэг иймэрхүү номууд “Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан” гэдэг шиг эргэж уншихад тун өгөөжтэйсэн. Ялангуяа Зөвлөлтийн Евгений Богатын бичсэн хэд хэдэн цуврал бий. “Ойлголцол”, “Нарт ертөнцийг хөдөлгөнө гэдэг”, “Хүний ёсноос гажаагүй бол...”, “Мөнхийн ёс” зэрэг. Ихэвчлэн ёс суртхууны асуудлыг хөндөнө, зүгээр нэг хөндөхгүй, ултай угтай хөндөнө. 100 жилийн өмнө Фридрих Ницще “Хүн таалал төгсөв” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Богатын үед бол Эрих Фром “Хүн машин болж хувирав” гэж халагласан. Яагаад тэр билээ гэдгийг Богат мөшгисөөр эцэст нь өнөөгийн объективистуудын тунхаглан мандуулаад буй хувь хүний ёс суртхууны мөн чанарын холбиромтгой, тулгуургүйн тухай асуудалд тулаад зогсоно. Хариуг өөрөөр, өөр гарцаар эрнэ. Хүмүүсийг хасах, нэмэх, тэг цэнэгтэйгээр нь ангилж үзнэ. Үнэхээр ч хасах цэнэгтэй буюу сөрөг сэрэхүй, сэтгэлтэй хүмүүс бийн адил өөрөөсөө гэрэл гэгээ, итгэл найдвар цацруулсан хүн ч бий. Мөн сайнд ч паг, мууд ч таг буюу тэг цэнэгтнүүд ч бий. Улирч туулсан замдаа учирсан бүхнээ цэгнэн үзвэл тэг цэнэгтнүүд их олон бололтой юм билээ. Түүний номдоо хөнддөг энэ санааг монголчуудын уламжлалт сэтгэхүйд буй хүний зүүн мөрөн дээр нь бурхан, баруун мөрөн дээр нь чөтгөр сууж, өөр өөрийн талдаа татахаар мэрийж байдаг, тухайн агшинд аль тал нь ялснаар тэр хүний үйлдэл тодорхойлогддог гэсэн домогзүйн сэтгэлгээтэй утга дүйнэ.
Одоо бид эерэг, сөрөг энергийн тухай дээр дооргүй ярьцгаадаг болж, уг нь миний мэдэхийн энергийн асуудлыг хүмүүс хоорондын харилцаанд, ёс суртхууны түвшинд хөндөж үзсэн, түүнээ олон талаас нь илэрхийлж олон ном бичсэн хүн бол Богат. Жаахан өөлөх юм бол тэр нь коммунист ёс суртхуун гэдэг нэртэй. Гэвч ямар нэртэй байх нь чухал биш, ёс суртхууны хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийг зөвөөр үнэлж дүгнэх нь чухал юм.
Одоо Богат гэдэг хүнийг монголд бүү хэл эх оронд нь ер эргэж санадаг ч юм уу даа.

***
Баруун зүгийнхнээс хэдэн хүний нэр дурдахгүй өнгөрчихвөл энэ дурсамж маань нэг л дутуу дундуур болчих мэт санагдана. Тухайлбал, Мопассан, Драйзер, Золя, Флобер, Бальзак нар. Эдний хандлага, илэрхийлэл ерөнхийдөө нэг чиглэлд, цаг үеэ задлан шинжилж, дүгнэж, тэгээд тэсгэлгүй эрс хатуу шүүмжлэгчид. Өөрөөр хэлбэл шүүмжлэлт реалистууд. Тэдний романуудыг зүгээр нэг босон суух завсар уншчих боломж хомс. Эргэцүүлэн бодож, эргэн тойрноо ажиглаж уншваас амттай. Эдэн дотроос анхлан Т.Драйзерийн “Женни Грихардт”-аар эхлүүлсэн. Дөрөвт байхад билүү дээ, эгч маань хөх ягаан хатуу хавтастай энэ номыг сумын номын сангаас авчирч, гэрт хэд хонуулж билээ. Тэр цагт сумын төвд орой 11 цаг гэхэд дизель мотор хоёр муухай орилсноо таг болж, Иличийн гэрэл паг болно. Гэрэл унтартал эгч номоо гараас салгахгүй. Гэрэл унтрахыг хүлээж байгаад гадаа байх амбаарт унтах нэрээр эгчийн номыг сэмхэн сугавчлаад гарна. Амбаарт нэг эвхдэг цагаан ортой, дэргэд нь усанд ордог төмөр ванн хөмрөөстэй. Түүн дээр аяга уруу нь харуулж, ёзоорынх нь хонхорт ээжийн боов хайрдаг хоргоноос жаахныг эмтэлж хийгээд хонины хөх хоргол тавьж асаахад лаанаас нэг их дутахгүй гэрэлтээд явчихна. Тэгээд л уншиж гарна даа. Нэг удаа ээжид баригдаж, ээж амбаарт түймэр тавих нь гэж загнаад, хоргоо гэрт оруулчихав. Гэвч боовны хоргыг бол хаанаас ч олно доо. ”Керри эгч”, “Санхүүч”, “Мундаг эр”, “Гудиггүй эр”, “Хонгор найз”, “Амьдрал”, “Мөнгө”, “Жерминаль”, “Бовари хатагтай”, “Гобсек”, “Эцэг Горио” гээд дээрх хэдийн романуудыг ар араас нь гөвж өгсөн. Тэгэхэд “Би ямар азаар тэр бэрх хэцүү, хүн хүнээ харгис хатуугаар мөлждөг, мэхэлдэг, завшдаг бурангуй цаг үед, капитализмд төрчихөөгүй юм бэ” хэмээх бодол эрхгүй төрж, ихэд сэтгэл тэнэгэр эргэцүүлэн суудаг байж, тийн суухдаа төд удалгүй дээрх сүрхий дориун шүүмжлэгчдийн үзэж өнгөрүүлсэн тэр хатуу ширүүн нийгмээс огтхон ч дутахааргүй бурангуй нийгмийн булингарт үерт залуу хангал биеэ, эмзэг зөөлөн сэтгэлээ хайр найргүй, өчүүхэн ч өршөөл энэрэлгүйгээр хамуулан өртөх хувьтай байснаа яахан ч төсөөлөх билээ. Одоо эргээд харахад зүрх сэтгэл минь хичнээн ч ихээр толботон бохирдоо вэ дээ, ухаан бодол минь юутай ч олон будангуйран самуурч, мухардан төөрч явав. Бидний сүүлийн хорь гаруй жил туулж өнгөрүүлсэн он жилүүд бол дээрх шүүмжлэгчдийн дүрсэлж бичсэнтэй агуулга, илэрхийллийн хувьд тун ойролцоо. Хожим эдгээр романд гардаг хэв шинжит дүр төрхүүдтэй олонтаа таарч, заримтай нь бүр найзалж, нөхөрлөж, дотор нь хутгалдаж, холилдож ч үзэх шив.
Ер, роман гэдэг юуны өмнө ертөнцийг үзэх философи үзлийн бүхэл бүтэн цогц систем болох нь дээрх нөхдүүдийн бүтээлүүдээс онцгойрон анзаарагддаг юм. Нөгөөтэйгүүр тухайн цаг үеэ жинхэнэ утгаар нь задлан шинжлэх үүргийг гүн ухаантны ямар ч бодрол бясалгалаас, суурь судалгааны ямар ч бүтээлээс илүүгээр нийгмийн роман л жинхэнэ утгаар нь гүйцэтгэж чадна. Нийгэм, цаг үе өөрийгөө танин мэдэх, тольдон харахад тийм романы үүрэг нэн чухал аа. Цаг үе өөрийгөө танин мэдэж байж, хаана байгаагаа анзааран сэхээрч байж урагшлан хөгждөг жамтай. Бидний бузартай буртагтай гаталж ядан буй энэ ёс зүйн баримжаагүй болчихсон, үзэл санааны төөрөгдөлд хөтлүүлчихсэн цаг үе өөрийгөө нэг анзаарч харах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Харамсалтай нь яг энэ цаг үед иймэрхүү цаг үеэ, туулж буй нийгмийнхээ туршилтийг ултайхан шинжилж, шиншилж үзсэн роман бидэнд аргагүй ихээр үгүйлэгдэж байна. Өнөөгийн манай роман бичээчдэд нийгэм, цаг үеэ анзаарах сөгөө ч алга, тэд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо бодож роман нэртэй нэг юм хэвлүүлэх агаад тэр нь ч тэдний өөрсдийнх нь хүсээд буй тэр өчүүхэн хүсэл мөрөөдлийг нь ч бүрэн дүүрэн хангаж буй эсэх нь эргэлзээтэй.
Жек Лондоны “Мартин Иден”, “Төмөр өсгий” ч энэ эрс шүүмжлэгчдийн хэсэгт хамаарах байх. Энэхүү Мартин Идений амиа хорлолт, Тургеневийн “Эцэг, хүүхдүүд” романы Базаров, Лермонтовын “Манай үеийн баатар”-ын Печорин нарын зан араншин 10 гаруй настай жаал хөвүүнд эхэндээ ямагт оньсого шиг ойлгомжгүй байснаа тэдэнтэй ямар нэгэн зүйлээрээ адил шинж өөрт байгааг анзаарч мэдэрсэнсэн. Тэр “ямар нэгэн зүйл” гэдэг маань туйлын үнэнд тэмүүлэх хүсэл тэмүүлэл юм. Хуучин соц утга зохиолын судлалд ийм хэв шинжийн дүрийг “илүүдэл хүмүүс” хэмээн томьёолж, Пушкиний Евгений Онегиноос эхлээд Обломовыг хүртэл олон дүрийг багтаадаг байв. Илүүдэл хүмүүс гэхийн учир нь тэдгээр зохиолд дүрслэгдэж буй цаг үед үнэн ямагт хязгаарлагдмал байх учир тэдгээр хүмүүсийн тэмүүлэл мөн ямагт мухардаж, амьдралын зорилго нь утга учиргүй болон хий эргэж, улмаар тухайн цаг үедээ илүүдэл хүмүүс болдог эмгэнэлт хувь тавиланг бүтээж байна гэж тайлбарлаж байсан санагдана. Тиймээс дээрх хүмүүс өөр өөрийн араншингаар хариу эсрэг үйлдэл үзүүлдэг, зарим нь утга учиргүйгээр орчин тойронтойгоо тэрсэлдэж, тэнүүчлэн одож/Печорин/, зарим нь хоромхон зуурын хуурай хайр дурлалаар өөрийгөө аргацааж/Онегин, Базаров/, зарим нь хувьсгалч болж/Рудин/, зарим нь дэмий алхайн хэвтэж/Обломов/, бүр зарим нь амиа хорлоно/Иден/. Хатуу ширүүн, гэрэл гэгээ мөхөс тэр зуунуудад тийм байсан байж магад юм. Харин энэ цаг үед бол боломж бий юу, эсвэл байдал огтоос өөрчлөгдөөгүй юу гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр.
Сонирхолтой нь би “Мартин Иден”-ий Руф шиг бүсгүйтэй хачин адилхан сэтгэдэг, үйлддэг бүсгүйтэй хожим таарч билээ. Бас “Хонгор найз”-ууд энэ хорин жилд хичнээн олон болж үржсэнийг хэлэхүйеэ бэрх. Шинэ цагийн Хонгор найзууд дотор олны танил алдартнууд их. Нэр заагаад хэлбэл нэлээд урт жагсаалт болж мэднэ.
Америкчууд Драйзераа төдийлөн сайн мэддэггүй, ойшоодоггүй мэт. Түүний төрсөн Индиана, Иллиной хоёр мужийн хил дээрх Терра Хаут хотоор хоёронтоо дайран өнгөрч билээ. Хөшөө дурсгал, гэр музей байгаагүй. Харин Марк Твений хот болох Миссисипи мөрний хөвөөн дээрх Ханибал хотод очиход огт өөр, захын хүнээс асуухад л энэ эрхэм хүнээ мэдэж, гэр музейг нь зааж өгч байсан. Твен, Хакле хоёрын сал урсгаж явсан их мөрний хөвөөгөөр хуучин муу GMC-ээрээ салхи татуулан нэлээдгүй давхисансан.
Чикагогийн Оак Парк-т байх Хемингуэйн гэр музейд зохиолч Д.Энхболд ах, Т.Бум-Эрдэнэ хоёртойгоо очиж, түүний тоглож байсан бадаргуулт баян хуурын товшуурыг тогшиж, бичгийнх нь машиныг илж нэг үзээд дурсгал болгон дарсны шилний бөглөө авсаан. Хемингуэйн дүрийг илэрхийлэх арга хэлбэр өвөрмөц, уншиж байхад хөнгөн хялбар, гэвч тийнхүү хүмүүстэй ярилцаж суугаа мэт илэрхийлнэ гэдэг амаргүй ээ. “Зэр зэвсэг минь баяртай”-г эхэлж уншихад явж өгдөггүй, их уйтгартай, гэвч тал чинээнээсээ хойш их л ойр дотнын танилуудынхаа амьдралаар амьдраад буй мэт, эсвэл тэр хүмүүс надад зовлон жаргалаа аминчлан хүүрнээд буй мэт болж, татагдсаар ном дуусаад хавтасыг нь хамхихад зүрх маань харуусал дүүрэн цохилж байж билээ. Хемингуэйн “Маргааш дахиад наран мандана”, Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” хоёрын төгсгөл их адилхан, “Тийм л их аз жаргалтай байх боломж бидэнд байсан даа” гэсэн гуниг, харуусал бялхсан шүүрс алдалт мэдрэгдэнэ.
Мөрөөдөмтгий хөвүүн насны минь хагацашгүй, урвашгүй хань, оюун санааны минь хөтөч болсон тэр олон сайхан зохиол бүтээлүүдийг орчуулсан хуучин соц цагийн орчуулагчдад энэ дашрамд гүнээ мэхийн ёслом уу.

***
Ингэхэд ном унших, ялангуяа уран зохиолын ном унших нь юунд хэрэгтэй вэ хэмээн хэн нэгэн асуух л байх. Ер нь асуудаг л юм. Надаас бүр хэдэн арав, зуу дахин цөөн ном уншсан атлаа надаас хэдэн хувь илүү ухаан саруул, уужуу сайхан хүмүүстэй би бишгүй учирч, нөхөрлөж явав. Тэгэхээр ном уншсанаар ухаантай болчихдог гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Харин хоёр л зүйлийг баттай хэлж чадах нь нэгд, мэдээж хэрэг мэдлэгийн хүрээ, ерөнхий кругозор гэдэг тэр зүйл үлэмжхэн тэлнэ, үүнээс илүү чухал зүйл нь хүний дотоод ертөнц ер бусын баялаг болно. Үүнийг бол би баттай хэлж, нотолж чадах юм. Нэг ном унших бүр дотоод ертөнцөд чинь нэг тийм мод цэцэглэн дэлгэрч буй хэрэг, дотоод ертөнцийн чинь тэнгэрт нэгэн шинэ од гялалзан гарч ирж буй хэрэг юм. Зохиол бүтээлээр нь дамжуулаад тухайн зохиолчийн дотоод ертөнцөд ургаж дэлбээлсэн тэр өөр өөрийн дахин давтагдашгүй өвөрмөц модод, цэцэгсийн үрсийг чи өөрийнхөө дотоод ертөнцөд авчран тарьж ургуулж буй хэрэг. Тэгэхээр хэр их ном уншина тэр хэмжээгээр дотоод ертөнцөд чинь ер бусын их баялаг, гайхамшигт цэцэрлэг шуугин, зүйл бүрийн шувууд шулганан, уул тал үргэлжилж, хот суурингуудад амьдрал буцалж, хүний хувь заяаны онцгой содон огтлолцлууд сүлэлдэн байх болно. Ер нь би тоймтой олигтой сургууль дүүргэсэнгүй, миний боловсрол бол миний багадаа уншсан энэ хэдэн ном л юм даа.
За үг өөр тийшээ гажаад явчихлаа. Дурсамждаа эргэж ороё. Би утга зохиолын тойм бичих гээгүй, бас Баабар шиг Дори идэр дүүдээ хандан зөвлөгөө өгөх гээгүй, зүгээр л номонд ухаангүй шохоорхон татагдаж байсан тэр бага залуу үеэ сэргээн санаж, сэмэрсэн гунигаа хөглөж,  урам зориг, итгэл үнэмшил нэмэх л гэж... 80-аад онд уншсан номуудынхаа тухай л бичиж буй тул энд ямагт хуучин хэвлэлийн номууд гарч байх шиг байна.  Мэдээж хэрэг 90-ээд оноос хойшхи уншсан номуудын тухайд, ерөөс номуудын тухайд бичвэл огт өөр өнцгөөс ихийг бичиж болмоор. Гэвч энэ удаад энэ бол миний зорилго биш.

***
Сум бүхэнд худалдаа бэлтгэлийн анги гэж байлаа. Аав маань тэр ангид барааны нярав хийдэг, тав зургаан том цагаан агуулахтай, тэдний нэг дүүрэн ном. Хааяа аавыг гуйж, тэр номыг нь эмхэлж цэгцэлж, тоос шороог нь арилгаж өгнө гээд агуулахад нь орно. Ийнхүү тэр тоос, олон жил дарагдсан цаасны эхүүн үнэр ханхалж, хүйт даасан агуулахад орно гэдэг диваажинд орж буй мэт санагдана. Хэсэг ном сонгож аваад, нэг их ном хураасан тавиурын ардуур орж суугаад авахаар энэ ертөнцийн уудмаар, хүмүүний хувь заяаны гайхам сонин учралууд дундуур, ер бусын баатар зоригт, сайхан сэтгэлт, бас хорон санаат хүмүүстэй хамт аялан жуулчлах боломж олдоно доо.
Нэг удаа үеийн хэдэн хүүхдүүдтэй Нэгдлийн аж ахуйн хашаан дотор хураасан том том дүнхүүтэй хонины ноосон дотор тоглож байгаад дүнхүүнүүдийн завсраас хэн нэгнийх нь гээсэн, эсвэл хаясан бололтой урд хойноосоо урагдсан ном олов. Хураалттай ноосны завсарт тоглож байсан хүүхдүүдээсээ нуугдаж суугаад өнөөх номыг ганцхан амьсгаагаар уншиж орхив. Харин орой нь хамраас цус годгодоод тогтохгүй, эмнэлэг дуудлага болж, аав, ээжийгээ сандаргаж билээ. Зуны өдрийн халуунд хураалттай хонины ноосон дотор хэдэн цагаар суухдаа хэрхэн халж, бүгчим оргихыг би огтхон ч мэдрээгүй санагддаг. Тэр ном Х. Уэлсийн “Газар уснаа явагч хүн” байсансан.
Нэгэн үе 1990-ээд оны эхэн үед ном уншина гэдэг бараг л бурангуй явдал мэт ойлгогдохоор болж, тэр хуучин цагийн их ч олон номыг хуугаар нь хамж, машин машинаар нь, вагон вагоноор нь цаасны хаягдал болгоод хятад руу ачиж байсан даа.
Сумын худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдахад ангийн агуулахад хадгалагдаж байсан тэр нүсэр их номуудыг ангид ажиллаж байсан хүмүүст ижил тэнцүү шуудайлаад хувааж өгсөн байсансан. Хувьчлалаас хувь хүртэж, арав арван шуудай номтой болсон айлууд түүнээ түлээнийхээ амбаарт хураачихаад, гал асаадаг байж.
Тэр хувь заяагүй шоовдорлогдсон номууд дотор мэдээж хэрэг тун хэрэггүй, баахан үзэл суртал болсон номууд ч байсан. Гэвч бас гайхалтай сайхан, хүүхэд бага насандаа нөхөрлөж, салж чадахгүй явсан олон номууд байлаа.  Худалдаа бэлтгэлийн ангийн хувьчлалаас хувь хүртсэн хамаатныхаа нэг эгчээс гуйж байж 7 шуудай ном авсан юм. Тэдгээр шуудайнууд дотроос ямар ямар номууд гарч ирсэн гээ. “Каллисто гариг”,  Иво Андричийн “Дарина голын гүүр”, Анатол Франсын “Ундаассан бурхад”, Тагорын “Гора”, Гоголийн “Тарас Бульба”, Толстойн “Хоёр тууж”, Горькийн “Фома Гордаев”, Проспер Маримегийн “Коломба”, хэнийхийг нь санахгүй байна - “Бяцхан Бизон”, А.Герцений “Туулсан замд төрсөн бодол” гурван боть, Шолоховын “Дөлгөөн Дон”-ын хуучин хэвлэлийн бор хавтастай дөрвөн боть, Белинскийн “Түүвэр зохиол”, бас “Зөвлөлтийн зохиолчдын туужис” нэртэй дотор нь Шукшин, Распутин энэ хэдийн хэдэн галзуу тууж багтсан зузаан хатуу бор хавтастай ном гэх мэт бага насны минь дотно танилууд гарч ирж билээ. Герцений гурван ботийг мөн ч олон өдөр хонинд өвөртөлж явсан даа. Итгэл үнэмшил мухардаж, зориг эрмэлзэл мохсон хүнд хэцүү үеүдэд Герцен мөн ч их хань болсон, тэндээс бодол эргэцүүлэл, хувь тавилангийн үнэнтэй нүүр тулах эр зоригийг хайдаг, олдог ч байж. Гарибальдийн хэсэг гайхалтай сайн бичигдсан, түүнийг бүхий л талаас нь яруу тодорхойлж. Нэг л уулзсан ухаан цэлмэг хүн Гарибальдид эрхгүй татагдаж, гүн дотно нөхөд болдог. Тэр бол хүнийг өөртөө татах тийм л гайхам сайхан чанар, эр зориг, хурц ухаан, авьяас төгөлдөр хүн байж. Герцен ч өөрөө хэрхэн Гарибальдид татагддаг байснаа бичсэн, харин би Гарибальдитай Герцений адил уулзаагүй атлаа бичсэнийг нь уншчихаад бас яг л Герцений адилаар татагдаж, тэр хүнийг хайрлаж, хэрвээ тэр цаг үед байсан бол улаан алчуур толгойдоо зүүчихээд, хувьсгалын тугын намираан дор мөр зэрэгцэн алхмаар санагдаж байж билээ. Хожим яг тийм, хүнийг өөртөө соронз мэт татаж чаддаг хүнтэй нэгэнтээ учирсан нь О.Дашбалбар агсан юм. Авьяас билэг, гэгээн цагаан сэтгэл, омголон долгин зан хосолсон, ховроос ховор сайхан хүн байсан даа. Нэг сонирхолтой нь Дашбалбар агсан “Туулсан замд төрсөн бодол”-ыг заавал унших хэрэгтэй ном шүү гэхэд нь бид Герцентэй, түүгээр дамжуулж Синкевич, Бакунин, Белинский, Гарибальди, Оуэн нартай нэг л сэжмээр дотно холбогдсон байснаа ойлгосон.
Герцений Роберт Оуэны тухай бүлэг бол дахин дахин уншмаар, хүмүүний нийгмийн хөгжил дэвшлийн эцсийн шат зорилгын тухай эргэцүүлэлд эрхгүй хөтөлдөг тийм бүлэг. Бас жинхэнэ харгис капиталын мөлжлөгийн үед(XIX зууны дунд, төгсгөл үе) их далайн дундах эрдэнийн ганц арал мэт дэнжигнэн зогсож, галзуучуудын эмнэлэг дотор буй ганц эрүүл хүн байж, даажинтай нь өнөөх галзуучууд бүгдээр зөвхөн ганцхан өөрийг нь л жинхэнэ галзуу гэж ойлгож байсан тийм бурангуй үед учиргүй, бүр аймшигтай ихээр ганцаардсан, тэр хэрээрээ гэгээрч, гэрэл гийсэн гэгээнтний тухай өгүүлдэг тийм бүлэг билээ.
Одоо нэг ингэж зав чөлөөтэй болсон дээрээ Герценийгээ эргэж нэг сайн харна аа. Яагаад гэвэл цөхрөлтгүй эрж хайж байсан бага залуугийн минь эрч хүч, бодол санаа тэр номын үг өгүүлбэр бүрд, хуудас бүрт шингэсэн учир түүнээсээ жаахан ч болов хэсгийг олж авахсан гэж хүсэж байна.
Дараа нь 1992 оны өвөл билүү дээ, нэг Хувиараа эрхлэх аж ахуйн ах өдөрт 1000 төгрөг өгнө, очиж цаас прессэлж өг гэхээр нь очтол одоо энэ Амгалангийн дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа тэр орчимд байх нэг том скаладад таазанд нь тултал хуучин номууд овоолчихсон, хатуу хавтастайнх нь хавтсыг хуу татаад л прессэлж байв. Ойрхон төмөр замын рейс байсан бөгөөд тэдгээр номуудыг хятадад хаягдал цаас болгон хэдэн халтар юанаар өгөх гэж буй нь тэр билээ. Тэнд ахалж байсан нэг эгчээс би хэдхээн ном авая, оронд нь хэдэн ч өдөр хамаагүй үнэгүй ажиллаад өгөе гэсэн, хачин муухай хараалгаж, арга барсандаа нимгэн хавтастайгаас нь хоёр ном гэдсэндээ хийчихээд, “Би явлаа” гээд мөнгөө ч авалгүй хаяад гарч билээ. Улаан цайм хулгай хийсэн тохиолдол минь тэр. Тэсээгүй л юм даа. Хар багийн минь хамгаас дотно, хувирашгүй үнэнч андуудыгаа тийм боолчлол, доромжлолын гашуун тавилантай учирчихаад байхад харин ч даруухан аашилсан минь тэр... Яг үнэндээ тэр бүгдийг би өөрийн гараар тэр агуулахтай юутай хүүтэй нь шатаачихмаар санагдаж байсан юм. Тийнхүү хятадад ачуулахаас арай гэж аварсан хоёр ном маань
“…Хайрласаан би, дурласан,
Харанхуй хавцал дундуур алхаж явахад
Үхэл юу ч биш санагдсан... хэмээн галтай цогтой шүлэглэх Алишер Новайн "Шүлгүүд", Добролюбовийн "Түүвэр зохиол" хоёр байсан. Новайг хэн нэг аваад одоо алга болж, хаана тэнүүчилж, гундаж явдаг юм бол доо, харин Добролюбов бол байгаа, хааяа номын тавиур дээр таарахаараа мэндлэхээр өмнөөс сэтгэл цэлсхийтэл учиргүй сайхан инээмсэглэдэг л юм даа.

Б.Номинчимэд
2012 оны 6 сарын 22.
2013 оны 11 сар.