Friday, February 27, 2015

ТА БИДНИЙ ИРЭЭДҮЙ ҮЕ СЭРЖ БАЙНА ШҮҮ...

Өнөөдөр нийслэлийн БЗ дүүргийн 21 дүгээр сургуулийн 7, 8 дугаар ангийн охид хөвүүдтэй уулзаж, НОМЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАА.
13-14 настай багачууд маань Ж.Лондоны "Цагаан соёот"-ыг уншсанаа ярьж байна.
Тэр зэрлэг чонын эрлийз нохой хатуу ширүүн амьдрал дунд тэсч үлдэхийн тулд хатуу ширүүн, аймшигтай догшин хэрцгий байж сурсан. Гэтэл түүний хатуу ширүүн догшин зүрхийг хүний үнэн сэтгэлийн хайр бүрэн өөрчилж, эцэст нь эзэндээ чин үнэнч, хамгаалагч гэрийн эелдэг жинхэнэ сайн нохой болж байна. Эндээс би хүний сайхан сэтгэл, үнэнч зан нь зэрлэг араатныг хүртэл өөрчилж чаддагыг олж мэдсэн хэмээн нэгэн хүү ярьж байна. 13 настай хүү. Ямар байна даа...
Ф.Бөрнэтийн "Нууц цэцэрлэг" зохиолыг уншсан 14 настай охин: "Хүн бүрийн зүрхэнд нэг тийм нууц цэцэрлэг байдаг юм байна. Зарим хүний тэр цэцэрлэг цоожтой, хаалттай, зэрлэг ургамалд баригдчихсан байдаг. Тийм болохоор тэр хүн муухай ааштай, муухай юм хийдэг. Гэтэл тэр хүний зүрх сэтгэл доторх тэр цоожтой цэцэрлэгийн гээгдсэн ганцхан хувь түлхүүрийг нь олоод нээгээд өгвөл тэр хүн үнэнээсээ огт өөр хүн байсан нь харагддаг. Би энэ зохиолоос үүнийг олж мэдлээ гэж ярьж байна. 14 настай охин шүү дээ. Ярьж байгаа охины нүдэнд нулимс гялалзаж байна.
Ч.Лодойдамбын "Манай сургуулийнхан" туужийг уншаад 90 жилийн өмнө бидний өвөг дээдэс ямар хүн хэцүү нөхцөлд эрдэм сурах гэж тэмүүлж байсныг нь ойлголоо. Бидэнд их боломж байдаг юм байна гэж ярьж байна. 13 настай охин....
Монгол үндэстэн үнэхээр сэрж байна шүү, цаана чинь. Бидний ирээдүй үе сэрж байна.
Өнөөдөр би сэтгэл дүүрэн, эрч хүчтэй байна. Энэ улс төрийн муу муухай бол энэхэн цаг зуурын үзэгдэл. Энэ бол юу ч биш. Хүчирхэг оюун билэгтэй, утга төгөлдөр зүрх сэтгэлтэй хойч үеийнхэн сэрж байна. Тэдний өмнө өнөөдрийн энэ утга учиргүй бүхэн тоос мэт замхран алга болно.
Энэ сайхан хойч үеийнхнийхээ төлөө нэг ч болсон гайгүй шиг ном биччих юмсан гэсэн урам зориг бадарч байна шүү...
Дашрамд энэ уулзалтыг санаачлан зохион байгуулсан 21-р сургуулийн Монгол хэл-уран зохиолын нэгдлийн багш Гандиймаад гүнээ талархлаа.
Энэхүү уулзалт дээр хүүхдүүдэд номын тухай ярьсан яриагаа сийрүүлээд дараа нь оруулна аа.
Б.Номинчимэд...

Thursday, February 26, 2015

ОЛИГАРХИЙН ЗАСАГЛАЛЫН ЗАРИМ ШИНЖЭЭС


Монголын төр цөөнх хөрөнгөлөг нөхдүүдийн гарт бүрэн орж, тэдэнд зориулж хууль баталдаг, тэдний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг. Харин Монголчуудын үнэмлэхүй олонхи болон энгийн ард олны эрх ашиг хөсөр хаягддаг төдийгүй улс орны хөгжлийн ирээдүй ч гээгддэг.
Үүнийг батлах баримтууд хангалттай байна.

Баримт-1: Монголын бүх ахмадуудынхаа тэтгэвэрт 13 тэрбумийг өгдөг. Харин баян компаниудын улсад төлөх онцгой татвараас 70 хэдэн тэрбум төгрөгийг бууруулдаг... Америкийн гэр бүлийн компанид зөвлөгөө авна авах нэрээр 17 тэрбумыг өгдөг,

Баримт-2: Долларын ханш 1450 төгрөгөөс огцом өсөж 1960 төгрөг болов. Энэ нь улсын эдийн засгийг сөхрүүлж, ард иргэдийн 60 гаруй хувийг эзэлдэг дундчуудын амьдралд, ялангуяа 30 хувийг эзэлдэг ядуусын амжиргаанд хүнд цохилт болж, захын гэр хороололд гурил будааг граммалж авах үзэгдэл сэргэжээ.
Гэтэл долларын ханшны энэхүү өсөлтөөс АШИГ ОЛДОГ, бүр ЦӨМ ЦӨМ ашиг олдог хэсэг бүлэг байна гэвэл үнэмших үү?
Уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог цөөн хэдэн компаниудад, тэдний цаана байдаг улс төрчдөд харин энэхүү ханшны уналт нь цөм цөм ашиг авчирдаг байна. Манай уул уурхайн компаниуд олзворлосон нүүрс, алт, зэсээ доллараар зардаг. Тэдний Монголын ард түмний баялаг болох нүүрс, алт, мөнгө, зэс зараад, авч буй долларынх нь дотоод ханш 1450 байсан нь дээр үү, 1960 төгрөг байсан нь дээр үү? Маш энгийн арифматик. Доллар тутмаас тэд 500 төгрөгийн зөрүү ашиг олдог. Жишээлбэл, нэг тонн нүүрсийг 35 доллараар зарсан хүнд долларын ханш 1450 байгаа нөхцөлд 50 750 төгрөгтэй байх бол, доллар 1960 төгрөг болж өсөхөд 68 600 төгрөгтэй байна гэсэн үг.
Гадаадын зах зээлээс ашиг олохоос илүүгээр дотоодынхоо зах зээлээс шимэгчилж, энгийн ард иргэдийн тогооноос халбагдаж, халааснаас суйлах замаар ашиг олж, алдагдлаа нөхдөг байна.

Баримт-3: Архи, тамхи, спирт, түлш шатахуун импортоор оруулж ирдэг компаниуд онцгой албан татвар гэж татвар төлдөг. Энэ зах зээлийг атгадаг хэдхээн толгой томоохон компани байдаг энгийн иргэд энэ зах зээлрүү хошуугаа бүү хэл санаагаа ч цухуйлгаж чаддаггүй. Энэ хэдэн том компанийн төлөөллүүд УИХ-д хангалттай бий.
- Гэтэл УИХ эдгээр компаниудаас авдаг Онцгой албан татварын хувийг тогтоохдоо нэг долларыг 1450 төгрөгөөр тооцож тогтоожээ. Долларын ханш яаж ч өөрчлөгдсөн, 2500 төгрөг болсон ч 1450-иараа л төлнө. Түлш шатахууны импортын хувьд ийм хөнгөлөлт байж болох ч, архи, тамхи, спирт дээр ийм хөнгөлөлт байгаа нь хачирхалтай.
- Харин жирийн иргэн компаниуд хэрвээ ийм төрлийн татвар төлөхөөр бол 1950- төгрөгөөр тооцож төлөхөөр хуульчилсан байна. /УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн мэдээллээс ашиглав/

Олигархийн засаглал гэж энэ.

ЖИЧ:
Монголын төрд яг хувалз шиг шургалчихсан энэ олигархиудыг, тэдний гар хөл бологчдийг төр засгийн бүх шатнаас зайлуулж, тэдэнд ДООРХИ үгийг хатуу, ойлгомжтой ТОД хэлэх хэрэгтэй юм. Үүнд:
- "ТА НАР ЗӨВХӨН БИЗНЕСЭЭ Л ХИЙ, төр засгийн явдалд бүү бохир гараа дүр,
- ТАТВАРАА ШУДАРГААР ТӨЛ, ШУДАРГА ӨРСӨЛД, хууль, эрх зүйн таатай орчныг чинь харин төр хангалттай баталгаажуулж өгнө.
- Дотоодынхоо зах зээлийг цөлмөхөө татаж, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАР, Үүнд чинь төр харин бүхий л талаар дэмжиж тусална.
- Үр дүнд нь ТА нар ч хүссэн баялгаа бүтээцгээ, улс орон ч амар тайван байх болно...
Монголд энэ ОЛИГАРХИУДЫГ төр засгаас зайлуулаад ингэж ЧАНГА ХЭЛЖ ЧАДАХ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ

Monday, February 23, 2015

ХУУРАМЧ АРДЧИЛЛЫН БАГ ХУУЛАРЧ БАЙНА...


- ХЭРВЭЭ Элбэгдоржийг сөрөг хүчин байх үед хэн нэгэн өлсгөлөн зарлаж, үзэл бодлоо илэрхийлэн тэмцэх нь АРДЧИЛЛЫН нэг баталгаа болдог, бүр чулуу бариад улайран дайрч болдог, галдан шатааж ч болдог, энэ нь шударга ёсны төлөөх эрс шударга тэмцэл болдог, - ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно өлсгөлөн зарлах нь огтоос болдоггүй, утгагүй, шударга ёстой ямар ч хамаагүй, мэдлэг мэдээлэлгүй төөрөгдөл, эсвэл төрийг дарамталж ажлыг нь тайван хийлгэдэггүй рекетчингүүд болдог, тиймээс шөнө дүлээр гэнэтхэн хүч хэрэглэн ачаад явчихдаг ИЙМ ХАЧИН ГАЖ ХАОС байдлыг АРДЧИЛАЛ гэх аваас ИЙМ АРДЧИЛАЛ долоон уулын цаагуур далд орог...

- ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжинд лааз өшиглөж явах үед Төр засгийг шүүмжлэх нь ШУДАРГА ШҮҮМЖЛЭЛ болдог, авилгалчдыг хуруу заан чичилбэл, гадаадынхныг "Эх орны минь баялгыг цөлмөн хоосоллоо" хэмээн чангаас чанга хашгирваас ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ болдог, - ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно Төр засгийг, авилгалчдыг шүүмжилбэл "муу амт", "өө хайгч", "ул шагайгч" болдог, гадаадынхныг "Эх орны минь баялгыг шударга бусаар авч байна" гээд хашгирч орхивоос "Популист" болоод зогсохгүй хамтран ажиллах гэж байсан сайн сайхан хөрөнгө оруулагчдийг үргээж, эх орны хөгжилд хор хохирол авчрагч муухай адгийн тэнэг ХОРЛООЧИН болдог ийм ХАЧИН ОЙЛГОМЖГҮЙ, АВЦАЛДААГҮЙ байдлыг ШУДАРГА ЁС гэх аваас ИЙМ ШУДАРГА ЁС тэр эрлэг тамруугаа арилаг...

- ХЭРВЭЭ монголын ардчиллын үнэт зүйлийг тээгч гэгддэг АРДЧИЛСАН НАМ-ыг сөрөг хүчин байх үед шударга ёсны төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж дарга өлсгөлөнгийнхөн дээр ирж, эв санааны нэгдлээ илэрхийлж, хамт сууж өлсдөг, Элбэгдорж цовоо цоглог дуугаар чанга яригч барин монгол даяар уриалан дуудаж, хашгичиж болдог, Бат-Үүл хууль зөрчөөд хүнд даацын тракторуудыг төв талбайд авчирч болдог, - ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд, Бат-Үүлийг хотын мэрийн суудалд заларсан хойно ШУДАРГА ЁСНЫ төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж өлсгөлөн зарлагчдаас холуур тойрч, Ордны нөгөө хаалгаар сэмхэн гардаг, өлгөлөнд суугчдыг нүдэнд орсон хог мэт хялайн хардаг, Элбэгдорж үл мэдээчин, үл сонсоочин, үл тоогоочин болдог, Бат-Үүлийн цагдаа нар хүнд даацын трактор байтугай хүүгээ эргэхээр халуун сав барьсан хөгшнийг ч талбай руу ойртуулдаггүй ийм ХАЧИН ХОРЛОГООНТОЙ байдлыг ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ гэх аваас ИЙМ ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС гавтайгаа гасалж хэвтэх нь хол дээр хэрэг болно.

- ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжны тэмцэгч байх үед Ерөнхийлөгчийг авилгач гэж чангаар хашгирч чадвал жинхэнэ Ардчилсан үзэлтэн болдог, ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгч болчихсон хойно Ерөнхийлөгчийг шүүмжилбэл коммунист, социалист үзэлтэн болчихдог ийм ХАЧИН МУЙХАР, ГАРАХ ГАРЦГҮЙ байдлыг ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ гэх аваас ИЙМ ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ энэ дэлхийгээс зайлбал таарна.

-ХЭРВЭЭ Монголын ардчиллын үнэт зүйлийг тээгч гэгдэх АН-ыг сөрөг хүчин байх үед олон нийтийн эсэргүүцлийг Олон нийтийн ТВ-ээр гаргахгүй, бодит байдлыг мэдээлэхгүй байгаагийнх нь төлөө ТВ-ийн үүдийг эвдлэн дайрч орж болдог, сэтгүүлчийг доромжилж, камерийг нь булааж, цохиж болдог, ХАРИН АН-ыг төрийн эрх барьж байх үед Төр засгийн бодлогыг шүүмжилж, өлсгөлөн тэмцэл хийсэн тэмцэгчдийг хомроголон ачиж буй бурангуй явдлыг Олон нийтийн ТВ-ээр бүү олон олон нийтийн бусаар нь ч огтхон ч мэдээлдэггүй, үл мэдээчин болдог ийм үзэгдлийг ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ гэх аваас ИЙМ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ газрын гав руу орог... ТЭР АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ТЭЭГЧ-тэйгээ хамт...

- Эцсийн эцэст Монгол дахь хуурамч ардчиллын баг хууларч байна. Ийнхүү хуурамч баг хуулрах хэрээр ард түмний ардчилалд итгэх итгэл алдарч, ардчиллаас өөрийн эрхгүй зугтах үзэгдэл илэрхий ажиглагдаж буй нь үнэн хэрэгтээ бодит ардчиллын замд учирч болзошгүй хамгийн том гарз, ухралт болно. Ардчиллыг өмчлөгч, ардчиллын үнэт зүйлсийг тээгч гэгдэх цөөхөн хэдэн хүмүүсийн гайгаар ард түмэн ардчиллаас ийнхүү ухрах аваас, ардчиллаа нэгмөсөн булшилж орхих аваас ГАЙГ нь ганц энэ хэдэн хүн биш бид бүгдээрээ үүрнэ.

- Хамгийн гол дургүйцэж буй зүйл маань энэ өлсгөлөнг зам зуурт нь зогсоох боломж манай Төр засагт хангалттай байсан, нөхцөл байдлаа ярилцаж, болох болохгүйгээ хэлэлцэж, зөвшилцөх боломж бүрэн байсан.

Гэвч харамсалтай нь Ерөнхийлөгч ЗГ, УИХ-ын зүгээс тийм оролдлогыг өчүүхэн ч, бүр хумсын төдий ч хийсэнгүй. УИХ-ын дарга З.Энхболд "Энэ өлсгөлөн зарлаад буй нөхдүүд ямар ч мэдээлэлгүй, огт буруу ойлголттой байгаа юм биш үү?" гэж чуулган дээр ярьж суусан. Үнэхээр тийм бол яагаад тэр байхгүй мэдээллийг нь өгөөд, өөрөө ч болсон очиж уулзаад буруу ойлголтыг засаж залруулж болоогүй юм бол... Үл тоосон хандлага нь огт таалагдахгүй байна.
Өлсгөлөн зарлагчид ЗГ-ыг огцор, АН-ыг тараа, Элбэгээг барьж хорь гэх мэт огтоос боломжгүй зүйл шаардаж, муйхарлаагүй дээ... Одоо харин энэ байдал бүр муйхар явдал руу хальтрах вий дээ.

Эрх баригчид өлсгөлөн зарлагчдыг хүчээр ачин, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөнд нь халдсан муйхар явдал руу хальтарлаа. Харин ард түмэн ухаантай байж, тэдний үйлдсний адил муйхарлаж л болохгүй. С.Зориг агсан "Би Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг" хэмээх үгийг зүгээр нэг амнаасаа унагачихаагүй. Хэрвээ бухимдаж, хөөрсөн ард түмэн эрх баригчидийн адилаар муйхарлах аваас ядарсан эдийн засгаа улам сөхрүүлж, тэмээн дээр ямааны гарз нэмэхээс цаашгүй юм болно.
Ингэхэд НОЁН УУЛ маань аргагүй л ИХ үнэ цэнэтэй НОЁН уул юм байна даа.
Б.Номинчимэд
2015.2.24

Sunday, February 15, 2015

ХЭЗЭЭ Ч ХАРИУЛЖ ЧАДАХГҮЙ АСУУЛТУУДДАА ХАРИУЛСАН МИНЬ...

-    “Зохиолын дүр, зохиолын баатар хоёрын ялгаа юу вэ?”
-    “Асуулга, асуумж хоёрын ялгаа юу вэ?”
-    “Уянгийн шүлгийг хүүхдүүдэд хэрхэн яаж тайлбарлах вэ?”
-    “Уран зохиолийн хичээлийг заах хамгийн сайн арга зам юу вэ?

Нийслэлийн ЕБС-иудын уран зохиолын багш нартай хийсэн уулзалтын үеэр багш нар иймэрхүү асуулт асууцгааж байна.
Тэгээд эдгээр асуултуудад хариулт болгож багш нарт санал бодлоо ийн илэрхийлсэн болно.

“Зохиолын дүр, зохиолын баатар хоёрын ялгаа юу вэ?” гэж Багш та асууж байна. Би энэ асуултад хариулж чадахгүй. Үнэнээсээ хэлж байна. Би хэдий мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч, 20-30 жил энэ уран зохиол гэдэг энэ том тогооноос халбагдаж яваа ч энэ асуултын хариултыг би мэдэхгүй. Онол номыг нь сөхөж харж байгаад нэг юм хэлж болох... Гэвч би тэгэж хэлэхгүй. Хүсэх ч үгүй байна.

Яагаад гэвэл би ийм хэрэггүй дэмий асуултуудаар хүүхэд багачуудын тархи толгойг эргүүтүүлдэг энэ уран зохиолын сурах бичгийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байгаад л учир нь байгаа юм.

Та бидний хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр ямар нэгэн сэдэв уншаад, жишээлбэл “Үнсгэлжин” үлгэрийг уншаад “Гол баатар нь аль юм бол, дүр нь аль юм бол?” гэж гайхаж суухын оронд “Энэ ханхүүгийн сэтгэлийг ядуу Үнсгэлжин охин чухам юугаараа татсан юм бол? Зөвхөн үзэсгэлэнтэй болоод тэр үү? Эсвэл энэ охин сайхан сэтгэлтэй, үнэнч болохоор нь тэр үү? Аль аль нь уу?”, “Хойт эх нь яагаад Үнсгэлжин охиныг үдэшлэгт явуулахгүй байгаа юм бэ? Энэ шударга уу? Хэрвээ миний ээж байсан бол яах бол?” хэмээн бодож, хэлэлцэж, өөр хоорондоо маргалдаж байх учиртай.

Та бидний хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр, жишээлбэл “Рамаяана буюу Раамийн үлгэрийн цоморлиг” номыг уншаад “Энэ бүлгийн асуумж нь аль юм бол, асуулга нь аль юм бол?” гэж гайхаж суухын оронд “Өөрийг нь хорлож, хаан ширээг нь булааж, харанхуй ширэнгэнд цөлж, хатан эхийг нь хөнөөсөн ах дүүсээ Рама баатар яагаад өширхөж хонзогнохгүй, алж хядахгүй байгаа юм бол? Харин ч бүр эсрэгээр хайрлаж талархаж байгаагийнх нь учир юунд байна вэ?” гэдгийг тал талаас нь хэлэлцэж, хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлан ярилцаж байх учиртай. 

Чухам уран зохиолын хичээлийг би ийм байгаасай, үр хүүхдүүд маань уран зохиолынхоо хичээл дээр ийм л зүйлсийг ярилцаж байгаасай, уран зохиолоос хүүхдүүд маань нялх балчир сэтгэл зүрхэндээ урган соёолж эхэлж буй сайн сайхан хүсэл, бодол мөрөөдлөө тэтгэх тэр эрч, энергийг олж авдаг байгаасай гэж хүсэж, харж байна. Түүнээс биш тэр “Асуулга, асуумж, сэдэв, зангилаа, өрнөл” гэсэн хүүхэд бүрд огтоос хэрэггүй зүйлст толгойгоо зовоож, хайран цагаа хий дэмий бүү үрж байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ хэн нэгэн хүүхэд уран зохиолын судлаач болох гэж буй бол дээд сургуульдаа ороод л тэрхүү “Асуулга, асуумжаа, зангилаа, өрнөл, туйл, тэр изм”-аа үзэж судлах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр хүүхэд бүр ийм судалгааны зүйл үзэж суух огтоос шаардлагагүй.

Уран зохиолын хичээлийн зорилго бол хүүхдүүд зохиолын “эхлэл, төгсгөл, өрнөл, туйл гэж юу болох, символизм, кубизм гэж ямар урсгал байдаг болох” гэх мэт зүйлсийг ялгаж салгаж сургахад биш, харин хүүхэд бүрийг хүн хүнээ ойлгох, хайрлах, энэрэх, улмаар энэ гараг дэлхийн амьдралын мөн чанар утга учрыг ухааран ойлгодог, эрхэмлэдэг үнэт зүйлтэй, эрхэм дээд ёс суртхуунтай, зөв хүн болгоход оршино гэж би харж байгаа. Цаашлаад уран зохиолын хичээл дээрээс хүүхдүүд маань энэ хүмүүний амьдралын сайн муу үйл, зан чанарыг ялган харж чаддаг, сэтгэн эргэцүүлж, түүнээ хэлж ярьж, итгэл үнэмшилтэй уран яруугаар илэрхийлж чаддаг, бусдынхаа санаа бодлыг сонсож, бас түүн лүгээ өөрийгөө бусдад үнэн зөвөөр илэрхийлж чаддаг, асуудлыг олон талаас нь харж, дүгнэж чаддаг болоход суралцах ёстой гэж би бодож байна. Хаана ч очсон, ямар ч мэргэжил эзэмшсэн бай, оюуны өндөр соёлтой, өргөн дэлгэр мэдлэгтэй, урлаг, гоозүйн нарийн мэдрэмжтэй, ядахдаа л ажилд орох өргөдөл CV-гээ ойлгомжтой, цэгцтэй биччихдэг чадварыг эзэмшсэн байх ёстой гэж би бодож байна. Энэ бүх чадварыг, энэ дээр дурдсан чадваруудыг бидний үр хүүхдүүдэд хамгийн ихээр суулгадаг зүйл бол Уран зохиол.

Чухам өөр ямар ч төрлийн хичээл уран зохиолтой адил хүүхдэд тийм сайхан олон талын чадварыг суулгадаггүй, суулгах ч боломжгүй. Мундаг сайхан тоочин байлаа ч, мундаг сайхан физикч, химич байлаа ч та бидний үр хүүхдүүд уран зохиолыг уншихгүйгээр хүний энэ ертөнцөд хэрэгтэй, хамгийн чухал зүйл болох “Хүн байхын эрдэмд” суралцаж чадахгүй юм.

Тэнд нэг багш “Уянгийн шүлгийг хүүхдүүдэд хэрхэн яаж тайлбарлах вэ?” гэж асууж байна. Би мөн л энэ асуултад хариулж чадахгүй. Хэрвээ та нарын сурах бичиг дээр чинь ийм асуултууд буй бол тэр уянгын шүлгийг тайлбарладаг сурах бичиг зохиогчоос нь асуу гэж зөвлөх байна.

Жишээлбэл, Галсансүхийн “Үнээдэй Нютаг” гэдэг шүлгийг би яагаад ч тайлбарлаж чадахгүй, Д.Нямсүрэнгийн уянгийн шүлгүүдийг ч би тайлбарлаж чадахгүй. Угаасаа би чадахгүйдээ биш, боломжгүй дээ юм. Яагаад гэвэл уянгын шүлгийг тайлбарлах гэж биш сэрж мэдрэх гэж уншдаг юм. Харин Т.Галсан абугайн Жирмийн сүлжээ дөрвөн мөртүүд болон Монголын эртний Хос ёсны сургаалийг бол сайхан тайлбарлан хэлээд өгч болно.
“Уран зохиолын хичээлийг заах хамгийн сайн арга юу вэ?” гэж нэгэн багш асууж байна. Би заах арга мэддэг хүн биш. Тэр дидактик энэ тэрийг нь би огт мэдэхгүй. Гэхдээ би уран зохиолын хичээлийг заах аргын талаар нэг л зүйлийг баттай хэлж чадна. Уран зохиолын хичээлийг хамгийн сайн заах арга бол хүүхдүүдэд хамгийн сайн номыг хамгийн ихээр уншуулах л явдал юм. Тэгээд тэр номынхоо талаар ярилцах явдал юм. Гэхдээ дээр дурдсан шиг “Энэ зохиолын эхлэл нь энэ байна, зангилаа нь энэ байна” гэж хий хоосон юмны тухай ярилцах биш, харин тэр зохиолд гарч буй тэр нарийн эмзэг сэтгэл хөдлөлийг, баяр баясгалан, зовлон шаналлыг хүүхдүүд сэтгэл зүрхэндээ хамгийн ойроор хүлээн авсан тэр сэрэл мэдрэмжээ илэрхийлэн ярилцах л явдал юм... Жишээлбэл, энэ миний хажууд зохиолч Д.Энхболд ах сууж байна. Ахын “Шар хөвийн зэрэглээ” гэдэг өгүүллэгийн гол баатар бүсгүйн сэтгэлийн эмзэглэлийг хүүхдүүд мэдэрч чадвал чухам тэр өдрийн хичээлийн жинхэнэ бодит үр дүн нь мөн. Түүнээс биш “Шар хөвийн зэрэглээ” өгүүллэгийг “эхлэл, төгсгөл, бол баатар,
туслах баатар”-ыг мэдэж авах нь угтаа уран зохиолын хичээлтэй ямар ч холбоогүй зүйл. Тэр нь уран зохиол судлаачидад хамаатай. Тэгээд ч чухам хэр их хэрэгтэйг нь ч би сайн хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл би эдгээрийг мэдэхгүйгээр өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл “Гол баатар нь онолын хувьд ийм байх ёстой, зангилаа хэсэг нь ийм байдаг, асуумж гэж иймэрхүү юм байдаг” гэдгийг огт мэдэхгүйгээр би утга зохиолын ертөнцөд өдий хүртэл явж, бичиж ирлээ. Энд уригдаж ирсэн зохиолч нар ч мөн ямар нэгэн зохиол бичихдээ, “Зохиолын эхлэл нь ийм байдаг, зангилаа нь тийм байдаг” гэсэн онолын мэдлэг дээрээ суурилж зохиол бичдэг гэж огт бодохгүй байна. Ер нь тэгэж зохиол бичдэг зохиолчийг би л лав мэдэхгүй. Хэрвээ хэн нэгэн тэгэж зохиол бүтээл туурвидаг бол тэр нь лавтай зохиол биш, өмс ч болдоггүй, хүрч ч болдоггүй үзэсгэлэнгийн загвар төдий зүйл болно.

Тэгээд ч зарим зохиолын эхлэл нь бүүр төгсгөлдөө ч цохиж явах нь бий. Тэр бүхэн тухайн зохиолчийн туурвин бүтээх арга барилын онцлогоос л хамаардаг.

Тэндээс нэг багш “Пост модернист зохиолыг хэрхэн заах вэ?” гэж асууж байна. Би дахиад л энэ асуултад хариулж чадахгүй. Хүүхдүүдэд зүгээр л уншуул... Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц сэрэхүй, мэдрэмжтэй. Тэд өөр өөрийнхөөрөө мэдрэг, хүлээж аваг. Тэгснийх нь дараа ярилцах хэрэгтэй. Заавал хүүхдүүдийн сэрэл мэдрэмжийг нэг хайрцагт, нэг зааг хязгаарт хаших гэхийн хэрэггүй. Тэгээд ч дунд сургуулийн, ялангуяа дунд ангид энэ симболизм, кубизм гэх мэт онолын зүйлсийг үзэх шаардлага байгаа эсэхэд би их эргэлзэж байна. Хожим уран зохиолын судлаач болох гэж буй нь дээд сургуульдаа ороод нарийвчлан үзнэ биз. Харин дунд сургуульд эх зохиолуудтай боломжийнх нь хэрээр уншуулаад танилцуулаад авах нь л чухал.

Би дахиад хэлье. УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙГ ЗААХ ХАМГИЙН САЙН АРГА БОЛ ХАМГИЙН САЙН УНШУУЛАХ Л ЯВДАЛ...

Гэтэл харамсалтай нь өнөөдрийн уран зохиолын хичээл маань ийм уран зохиолын мөн чанараас хол ангид сонирхолгүй, онолын шинжтэй зүйлсээр нэлээд арвин байж, тэгээд хүүхэд багачуудыг маань уран зохиолын хичээлээс залхдаг, дургүй болгодог, түлхдэг байдалтай байгаа биш байгаа гэж сэрдэх бодол төрж байна. Үнэхээр тийм бол маш харамсалтай. Тэргүүн фронтод байгаа уран зохиолын багш нар та бүхэн л нөхцөл байдал ямар байгаа үнэнийг хэлж өгөх байх.

Эцэст нь би та бүхэнд ном уншихтай холбоотой хоёр гуравхан жишээ, баримт хэлье.

Эхнийх нь, сүүлийн хэдэн жилд Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН – 108” цувралтай зууралдаж байна. Анх 6 жилийн өмнө 6 номыг тус бүрийг нь 300 ширхгээр гаргасан. Муу номууд биш. Дэлхийн хүүхдийн зохиолуудын сор нь болсон л номууд. Нэг жил болоход нэг номоос дунджаар 75 ширхэг зарагдсан байв. Бид сайн маркетинг, менежмэнт хийж чадаагүй, сурталчилгаа ч муу хийсэн тал бий. Гэхдээ л энэ чинь Монгол Улс нэг сая хүүхэдтэй, тэднээс 512 000 нь сургуулийн насныхан шүү дээ. Гэтэл 512 000-аас 75 нь л эдгээр номыг авч уншсан байсан. Энэ тоог үзээд тэр үед “Ингэхэд Монгол Улсад ирээдүй байгаа юм уу. Ийм харанхуй ирээдүй биднийг, бидний үр хүүхдийг тосож байгаа юм биш байгаа” гэсэн айдас, гутрал төрж байлаа. Тэгсэн ч тэдгээр номоо үргэлжлүүлэн гаргасан. Одоо нэг ном дунджаар жилдээ 300 ширхэг борлож байна. 6 жилийн өмнөхөө бодвол 4 дахин өссөн. Хүүхдүүд ч ном уншдаг болж байна. Гэхдээ л хангалттай уншиж өгөхгүй байна.

Тэгээд ер нь монголчууд бид бусад ард түмнүүдтэй харьцуулахад хэр ном уншдаг ард түмэн юм бэ гэдгийг сонирхож судаллаа. NOP гэдэг олон улсын судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их уншдаг 30 ард түмнийг тодруулжээ. Долоо хоногт 10.6 цагийг ном уншихад зарцуулдгаараа Энэтхэгүүд тэргүүлж, Хятадууд, гэхдээ Шанхайн бүс нутаг удаалсан байна. Өнөөдөр дэлхийн соёлын төв Нью-Иоркоос Шанхай руу шилжиж байна гэдэг. Үнэн байна шүү дээ.

Бидний сайн уншдаг гэж боддог Оросууд 7-д, Америкууд 22-д байна. Бид юутай ч эхний 30-д алга. Тэгээд бид хаахна байж болох вэ гээд үзвэл бүүр харамсмаар тоо гарч байна. 100 америк хүн нэг жилд 537 ном уншдаг бол 100 монгол хүн нэг жилд 27 ширхэг ном уншдаг байна. Бид Америкуудаас даруй 20 дахин бага уншиж байна. Гэтэл америкууд чинь энэ жагсаалтын 22-т жагссан гэхээр бидний байр хаахна байгаа нь ойлгомжтой.

Хоёрт нь, би хааяа энэ тэнд номын үзэсгэлэн худалдаанд хэдэн номоо үүрээд очдог л доо. Нэг удаа louis vuitton фирмийн цүнх тохионоосоо зүүсэн,  Том tailor фирмийн цув нөмөрсөн, бугуйнд нь Ролексийн цаг гялалзсан нэг сайхан гоо бүсгүй 10-аад насны хүүгээ хөтөлж ирээд, Х.Х.Андерсений номыг зааж, “Энэ ямар ном бэ? Сайн ном уу, муу ном уу?” гэж надаас асуусан. Ер иймэрхүү асуулттай үе үе таардаг л даа. Ийм асуултад би юу гэж хариулахаа мэдэхгүй гацчихдаг юм. Уран зохиолын багш та нар хэрвээ миний оронд байсан бол бас л тэгэж гацна гэдэгт итгэлтэй байна. Ингэхэд Андерсен гэдэг хүний үлгэрээс уншаагүй, ядаж нэрийг нь ч сонсоогүй тэр бүсгүй энэ гариг дэлхийн хаана нь амьдарч ирсэн юм бол. Мэдээж Монголд л байж таарах нь. Бид чинь номыг ийм л муу уншиж байна.

Тэгээд тэр цул брэнд болсон бүсгүйд би өөрийнх нь ойлгох хэлээр л хариу өглөө. “Андерсен гэдэг бол номынхоо ертөнцөд брэнд нь юм аа” л гэсэн. Ямар “Андерсен бол гайгүй, дажгүй нь шүү дээ” гэж хэлэлтэй нь биш. Үнэндээ Андерсен бол хүн төрөлхтний оюун санааны брэнд.

Гуравт, өнгөрдөг хавар би хөдөөгийн нэг суманд очлоо. 200 гаруй хүүхэдтэй гэнэ. Номынх нь санд орлоо. Хүүхэд уншчихаар 100 хүрэхтэй үгүйтэй ном байна. Гэхдээ тэр нь шилэн хоргонд, хүн гар хүрсэн шинжгүй. Бусад нь хуучин соц үеийн өнөөх баахан тайлан, материалист деалактикийн сурах бичгүүд, намын дайчин туслах энэ тэр гэсэн хуучны номын үлдэгдлүүд байна.

Тэгээд би номын санч, уран зохиолын багшаас нь асуулаа. “Өдөртөө хэдэн хүүхэд ном авч уншиж байна вэ, каталог нь байна уу” гэж. Надад багш хариуллаа. “Бараг хагас жилийн өмнө нэг хүүхэд л нэг ном авсан. Тэгээд бараг онгойлгодоггүй юм“ гэж...

Төрсөн дүү бол тэр охиныг алгадаад авах байв. Тэгээд хэллээ. Захирлынх нь дэргэд, захиралд нь ч бас давхар хэллээ. “За миний дүү, танай сургууль 200 хүүхэдтэй юм байна. Чи уран зохиолын багш гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн юм бол энэ 200 хүүхдийн ядаж 20-ийг нь уран зохиолын ном уншдаг, уран зохиолд хорхойсдог болгочих. Тэгвэл чиний энэ мэргэжлийг сонгосны, хэрэг зардал болгож эзэмшсэний утга учир тэр болно. Хэрвээ чи 20 хүүхдэд уран зохиол гэдэг энэ аугаа гайхамшигт ертөнцийн үүд хаалгыг нээх түлхүүрийг атгуулчихвал хүн болж төрсний нэгэн насны чинь буян болно шүү” гэлээ.

Өнөөдөр ч гэсэн энд цугласан уран зохиолын багш та нарт би энэ үгээ давтан хэлмээр байна. Та бүхэн хэрвээ 30 хүүхдэд хичээл заадаг бол ядахдаа 3-ыг нь, 300 хүүхдэд заадаг бол 30 хүүхдийг нь уран зохиолд дуртай болгоод энэ уран зохиолын ер бусын гайхамшигтай ертөнцөд гараас нь хөтлөөд оруулаад ир. Тэр өмнө чинь бүлтийгээд сууж байгаа жаалхан хүү, гэнэхэн охидын зүрх сэтгэлд урган дэлбээлж буй цэцэгсийг уран зохиол гэдэг ер бусын баялаг бордоогоор усалж торд. Өөр бордоонд тэр цэцэгс чинь тэр бүр ургаж дэлбээлдэггүй, сайхан үнэрээ гаргадаггүй юм шүү дээ.

Та бүхэн чухам үүний л төлөө ажилла, хөдөлмөрлө, сэтгэ, шанал ... Тэр янз бүрийн хэрэгтэй хэрэггүй онол, ном ярьж хүүхдүүдийг уран зохиолоос бүү дайжуулж, хөндийрүүл... Нэг ч болсон хүүхдийг уран зохиолд дуртай болгож, оюун билгийг нь нээж чадах ахул энэ насандаа босгосон хэзээ ч үл нурах, үл замхрах жинхэнэ буяны цагаан суварга чинь чухам тэр болно. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ, ирээдүйнхээ өмнө үүрсэн ачаагаа нэр төртэй биелүүлсэн хамгийн том үзүүлэлт чинь тэр болно шүү...

Батлагдсан, батлагдаагүй их ч олон онол, теором бий. Харин миний мэдэх баталгаатай үнэн нэг теором бол улс орны хөгжил дэвшил хэзээ ч, хаана ч соён гэгээрэл, танин мэдэхүйгээс ангид өрнөж байгаагүй юм. Хэрвээ соён гэгээрэл, танин мэдэхүйгээс ангид хөгжил дэвшил байна гэвэл тэр хөгжил дэвшил биш харин өөрөө өөрийгөө дотроосоо мэрж сүйтгэх гаж мутант хөгжил байх болно.

Соён гэгээрэл, танин мэдэхүйг ном уншихаас гадуур төсөөлөх ямар ч боломжгүй. Тийм болохоор л үүнийг батлагдсан, цаашид ч батлагдах теором гэж хэлнэ.

Өнөөдөр манай эцэг эхчүүд үр хүүхдээ номонд ойртуулая гэж бодож мэрийдэг болчихож. Гэвч тэр бүр бүгдэд нь зав зай, боломж хомс байна. Бас тэр бүрд нь үр хүүхдүүдээ номын дэлгүүрүүдээр дагуулан явж, хүссэн номыг нь авч өгөх санхүүгийн боломж ч олонхи эцэг эхчүүдэд алга байна.

Тэгэхээр монголын хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийг номын ертөнцтэй уулзуулах тэргүүн фронтын ганц байлдагчид бол Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын багш та нар. Та нарын нуруун дээр тун их чухал үүрэг, ачаа байгаа шүү...

За урт үгийг маань саатан сонссон та бүхэнд баярлалаа.


***

Зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Гарцаагүй П.Батхуяг дүүгийн санаачилгаар зарим уран бүтээлчид, ЕБС-ын уран зохиолын сурах бичиг зохиогчдийн багийнхан нийслэлийн ЕБС-иудын уран зохиолын багш нартай Уран зохиолийн хичээлийг заах аргын талаар уулзалт ярилцлага хийсэн билээ.
24-р сургууль дээр болсон уг уулзалтад МУСГЗ сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МУСГЗ сэтгүүлч, яруу найрагч М.Мөнхтөр, зохиолч, сэтгүүлч Д.Энхболд, яруу найрагч, сэтгүүлч Дан.Нямаа, утга зохиол судлаач, шүүмжлэгч, яруу найрагч П.Батхуяг, уран зохиолын сурах бичгийн зохиогч доктор Н.Энхээ нарын олон хүмүүс оролцсоноос гадна нийслэлийн уран зохиолын 100 хол гарсан багш нар байв.
Энэ уулзалтад “Уран зохиолын хичээлийн талаар” өөрийн санал бодлоо илэрхийлсэн бөгөөд молхи би ярьж хэлэхдээ тааруухан тул тэнд хэлсэн үгээ эргэн сэргээж, зарим хагас дутуу орхисон санаануудаа дэлгэрүүлэн баяжуулж, илтгэл маягийн зүйл болголоо.

Б.Номинчимэд
2015.2.5


МОНГОЛЫН ОЮУН БИЛЭГТ ИДЭР ЗАЛУУС ТА БҮХЭН ХААНА БАЙНА ВЭ?

Идэр залуус минь, жаахан ч болов нийгмийн идэвхтэй байцгаа.. Өчүүхэн ч болов улс оронд нь юу болж, ямар үйл явдал өрнөж, юу нь бүтэж, юу бүтэхгүй байгааг анхаарч, анзаарч, ажиглацгаа. Ойлгож ухаарахыг хичээцгээ..

Яагаад гэвэл, 10 жил хүрэхтэй үгүйтэй хугацааны дараа өнөөдрийн бүтээгдэж буй энэ Монгол орны ачаа та нарыг хүссэн, эс хүссэнээс огтхон ч хамаарахгүйгээр та нарын нуруун дээр ачигдаж, Монгол Улс гэдэг энэ улсын жолоо цулбуур та бүхний гарт очих болно.

Яагаад гэвэл Та бүхнийг Баабарын ДОРИ ИДЭР ДҮҮ-гийнхээ гэнэн дүрд үнэнчээр итгэчихээд төрийн хэргийг чинадад огоорч зөвхөн “төрсөн биеэ засах” сүжиг сажиг үйлд гүйлдэж байх хооронд төр улсыг чинь амин хувиа хичээгч мунхагууд, гадна дотнын шуналтнууд цөлмөн хоосолж, хожим нүцгэн биеэс чинь өөр юу ч үгүй үлдээчихвэл, тэр цагт та бүхэн амаа мянгантаа баривч, толгойгоо түмэнтээ шаавч нэгэнт хожимдсон байх болно.

Яагаад гэвэл Та бүхнийг валентиндаж, баардаж, хий хоосон том том мөрөөдөж, гуниглан гиюүрч, эсвэл алиалж, маазарч явах хойгуур хожим та нарын үр хүүхдийг валентиндах ч юмгүй, баясах ч юмгүй, бүр маазарч, хошигнох ч юмгүй болтол хуу цөлмөчихсөн байх ахул та бүхэн үр хүүхдийнхээ өмнө юугаа хэлж, хуйхаа маажих юм бэ?

Яагаад гэвэл Та бүхнийг Элбэгдоржийн “хайрласан” 70 000-аар аархаж байх хойгуур, МАН-ын “буян болсон” 20 000-аар “тамхилж” байх хойгуур, АН-ын хайрласан “эрх чөлөө”-өө эдлэн дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж байх хойгуур нэг л мэдэхэд эдлэх эрх чөлөөгүй, элгээ дэвтээх эх оронгүй болгочихсон байх ахул та бүхэн хэндээ гомдоллож, хэндээ ялархах гээ вэ?

Яагаад гэвэл та бүхнийг андройд утсаар өрсөлдөж, Apple нотебүүкт дурлаж, алсын удирдлагад донтож явахад чинь нэг л өдөр Эзэн Чингис чинь хүнийх болж, эцэг эхийн чинь цуснаас харь гени илэрч, эх түүхийг чинь харийнхэн бичиж, Бурхан Халдунд хятадууд тухалж, Ноён уул чинь там болчихсон байх ахул та бүхнийг хэн тоож, ямар нохой шиншлэх юм бэ?

Яагаад гэвэл та бүхнийг Солонгос сериалд шүлэнгэтэж, сохор мухраар Адам Смит, Фридмэнийг шүтэж, анархизмыг ардчилал хэмээн эндүүрэн элгэмсэн тэвэрч, язгуурт нэгтнүүдээ гутааж, ямаан омогт харийнхнийг мундаг хэмээн шогширч явах хойгуур нь та нарт өөрийн гэсэн бахархал, үндэсний гэсэн үзэл санаа, өвөг дээдсийн өв ухаан байхгүй болчихсон байх ахул Та бүхэн тэр бүхнээ хэнээсээ зээлж, хэнээсээ худалдаж авах гээ вэ? Та нарыг энэ гариг дэлхий дээр хэн монгол гэж үнэлж, хэн монгол угсаатны хэлтэрхий хэмээн хүндлэх, онцгойлох юм бэ?

Яагаад гэвэл Та бүхнийг ийнхүү алмай царайлж, ДОРИ ИДЭР болон довоо шарлуулж, хувиа хичээж явах хооронд чинь Монголын оюун билгийн ертөнцөд буй та бүхний орон зайг мухар сүсэг түрэн эзэмшиж, муухай зальтнууд гол тоглогч болж, муйхар лүүмпингүүд хөдлөгч хүч нь болох гээд байна. Хэрвээ та бүхэн алмай царайлсаар суугаад тэдэнд боломжийг тавьж өгөх аваас та бүхний ирээдүй нэг л өдөр мухар сүсгийн өмнө толгой гудайн, мунхаг харанхуйн өмнө мухардаж, муйхар лүүмпингүүдийн улыг долоох болно.

Яагаад гэвэл улс орон мөхөж, сөнөдөг үзэгдэл зөвхөн өнгөрсөн зуунуудтай түүх болон үлдээгүй, өнөөдөр ч мөн Их гүрнүүдийн ашиг хүслийн огтлолцол дээр жижиг улс орнуудын мөхөл сэхэл үргэлжилсээр байгааг бид Ливи, Сири, Иемэн, Ирак, Афганы жишээн дээрээс харж байна. Эх оронд минь бугшиж, буцалж буй энэ бурангуй явдал цаашид шатлан өргөжсөөр байх ахул нэг л өдөр бид дээрх улс орнуудын араас орох болно.

Яагаад гэвэл жилээс жилд сонгуульд санал өгөгчдийн тоо буурсаар, ард түмний улс төрд хандах идэвхи буурсаар, улам бүр цөхөрсөөр байна. 1996 онд хүн амын 92 % нь сонгуульд саналаа өгч байсан бол 2012 онд 65 % нь болжээ. Тэр дундаа залуусын идэвх оролцоо эрс буурсан. Гэтэл Монгол орон маань хүн амын 30 хувь нь 16-30 хүртлэх насны идэр залуус байдаг Залуусын орон шүү дээ. 900 000 идэр залуус байна. Залуус та бүхэн улс орны аж амьдралаас холдон хөндийрөх хэрээр ов зальтнуудад боломж нэмэгдэж, та бүхний ирээдүйг манантуулж байна. Залуус та бүхнийг зэвсэг бариад гудамжинд гар гэсэнгүй, дахин хувьсгалж гэсэнгүй, харин энэ болж буй үйл явдлуудыг харж, анзаарч, мөн чанарыг нь таньж ухааран ухамсарлаасай гэж хүсэж байна. Чухам залуус та бүхэн л ингэж эс чадваас нийт ард олны ходоодоороо саналаа өгөн хууртдаг нь дахиад л үргэлжилж, хуурамч дүрт ардчилагчид, эх орончид улам гааран дархлагдсаар байх болно. Залуус та нар л эрүүл саруул ухаанаар эргэн тойрноо харж, энэ улайрсан популистуудын давралтыг хязгаарлах боломжтой. Чухам иймээс л Идэр Залуус та бүхнийг идэвхтэй байгтун хэмээн уриалж байна.

Тийм учраас ИДЭР ЗАЛУУС минь жаахан ч болов идэвхтэй байгтун... Та бүхний идрийн цог золбоо, хүчин чадал, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл хаана байна вэ? Та бүхний эзэмшсэн боловсрол, мэдлэг хаана байна вэ?

Монголын нийт хүн амын 0.5 хувь нь болсон 150 000 гаруй мянган оюутнууд Та бүхэн хаана байна. Та нар бааранд байна уу, эсвэл аль нэгэн лангууны ард усан нүдлээд сууцгааж байна уу. Эсвэл... Оюутан хэмээх яруу сайхан нэрийг бүү гутаагтун...
Б.Номинчимэд
2015.2.15

Saturday, February 14, 2015

ТҮҮХ БИДНЭЭР ТОХУУРХАЖ БАЙНА, БҮР ГАШУУН ДААЖИНТАЙГААР ШҮҮ.


- 1990 онд бид ЭРДЭНЭТ, МАРДАЙГ-г улсад ашигтай болгое, ил тод болгое, эх орныхоо баялгийг ард түмэн нь мэддэг байя гэсэн. Гэтэл өнөөдөр Эрдэнэтээс 30 дахин том Оюутолгойг юу болгочихов, Мардайгаас хэдэн хувь илүү Тавантолгойгоо яачихав, бусад олон ордууд юу болж буйг ухаалаг утас барьсан ч ухаангүй мансуурсан ард олон огтоос анзаарахгүй болчихжээ.

- 1990 онд бид НАМЫН ХАРААТ байдлаас ангижрая гэсэн. Гэтэл өнөөдөр юу болчихов... Монголын төр бүхэлдээ НАМ нэртэй МАФИЙН бүлэглэлийн барьцаанд орж, Монгол төр мөхөж байна.

- 1990 онд бид ТУСГАЙ ХАНГАМЖИЙГ устгая гэсэн. Гэтэл өнөөдөр тусгай хангамж маань бүр хуульчлагдаад зогсохгүй зан заншил болж хувирлаа... - 1990 онд бид ХҮНД СУРТЛЫГ арилгая гэсэн. Гэтэл өнөөдөр хүнд суртал бидний өдөр тутмын амьдралыг тодорхойлж байна.

 - 1990 онд бид АВИЛГАЛЫГ УСТГАЯ гэсэн. Гэтэл өнөөдөр авилгал энгийн зүйл мэт сэтгэгдэх болж, авилгал авсан нь хождог, аваагүй нь хохирдог, авилгал авсныгаа бахархан дуурайдаг болчихжээ.

- 1990 онд бид ҮГ ХЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ эрх чөлөөтэй болое гэсэн. Гэтэл өнөөдөр алт шиг үг ч, нохой шиг хуцалт ч яг адилхан болчихлоо. Ямар ч үг хэлсэн үл тоох хэмжээнд хүртлээ ард түмний сонор, чих, оюун ухаан дөжирчихлөө...

 - 1990 онд бид ШУДАРГА ЁС нийгэмд ховор байна, алдагдаж буй шударга ёсыг эргүүлж авчирьяа гэсэн. Гэтэл өнөөдөр ШУДАРГА ЁСНЫ тухай ярих нь харь гаригт амьдрах тухай мөрөөдөхтэй адилхан болж хувирлаа.

 - 1990 онд бид ХУУЛЬ хэрэгжихгүй байна гэсэн. Гэтэл өнөөдөр хууль, дүрэм журмыг дагадаг нь тэнэг мунхаг, балай, амьдралгүй болж хувираад, Дэлхийгээс зайлах хэмжээнд хүрлээ.

 - 1990 онд бид ХУВИЙН ҮЗЭЛ БОДЛООСОО БОЛЖ Хэлмэгдэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бүр эд хөрөнгө, эрх мэдэл, эрх дураараа байх гэдгээс өөрөөр ХУВИЙН ҮЗЭЛ БОДОЛ ч үгүй болчихлоо.

 - 1990 онд бид ИЛ ТОД БАЙЦГААЯ гэсэн. Гэтэл өнөөдөр ард бидний аж амьдралын асуудал хэдхээн том олигархиудын далд наймааны золиос болчихлоо...

 - 1990 онд бид ЗХУ-ТАЙ БАЙГУУЛСАН ЭЗ-ЫН ГЭРЭЭ-ний ашигтай эсэхэд эргэлзэж байна гэсэн. Гэтэл өнөөдөр 4000 ТЭРБУМЫН үнэтэй баялгаа 4 ТЭРБУМ-ын өрд өгөх тухай хууль батлах гэж байна.

- 1990 онд бид ТУСГААР ТОГТНОЛ МААНЬ баталгаагүй байна гэсэн. Гэтэл өнөөдөр Газар нутгаа, Бүр Сүлд ШҮТЭЭН БОЛСОН НОЁН УУЛАА Ч ЗАРЖ идэх дээрээ тулжээ.

- 1990 онд би л лав ийм АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ХАВРЫН ХҮЙТЭН ХАВСАРГАНД ГАРЧ ЖАГСААГҮЙ билээ...


1990 онд Ардчиллын төлөө тэмцэж байсан хүн хэрвээ буй бол энэ асуултуудыг дор бүрдээ өөрөөсөө асуугаад үзээрэй.

 Б.Номинчимэд

Дэлгэрүүлж үзвэл доор дараарай.


Friday, February 6, 2015

ЭНЭ ЦАГИЙН ИЧИГ, ИЧИГ

Аяа бас, улсаа засахаа балчируудаасаа асуудаг Ерөнхий сайд ичиг
Аяа бас, үгээр илбэдэгч, үнэхээр хошгоруулагч Ерөнхийлөгч ичиг
Аяа бас, түүхээ баллуурдаж, төрөөрөө наадагч Намууд ичиг
Аяа бас, засгийг засдаггүй, компаниа засдаг Сайд ичиг
 Аяа бас, түмнээ хуурч, бэлэн амлагч Эрхэм гишүүд ичиг
Аяа бас, үр хойчисгүй мэт эх нутгаа худалдагч Түшээд ичиг
Аяа бас, нам нам хэмээгч туйлшран Хийрхэгч ичиг
 Аяа бас, гайг нь үүрэхгүй байж гадныхны Гарын үзүүр бологч ичиг
Аяа бас, ардаа шулж, авдраа дүүргэгч Олигарх ичиг
Аяа бас, миний дарга, манай дарга хэмээн "Б" долоогч нар ичиг
 Аяа бас, миний хүн, манай хүн хэмээн "Б"-ээ долоолгогч ч ичиг
Аяа бас, эх орноо муулж, энэ тэрүүгээр Доншуучлагч ичиг
Аяа бас, алт долларт сэтгэл ханагч Авилгач нар ичиг
Аяа бас, би би хэмээн шүлсээ үсчүүлэгч популист ичиг
Аяа бас, эдээр баярхагч, толгой хоосон шинэ цагийн баячууд ичиг
Аяа бас, бусдыг бус өөрийгөө л сонсогч ардчилагч ичиг
Аяа бас, буяныг бус ашгийг хичээгч лам хуврагууд ичиг
Аяа бас, хувиа бодон цөмцийн суугч хулчгар сэхээтнүүд ичиг
Аяа бас, үнэнийг бус алдрыг горилогч эрдэмтэд ичиг
Аяа бас, номыг бус ов залийг сурагч оюутнууд ичиг
 Аяа бас, эрээ муулж, энгэрээ дэлгэгч эхнэрүүд ичиг
 Аяа бас, тэлээгээ тасартал таргалсан идэр залуус ичиг
 Аяа бас, тэнхээгээ тасартал горьдох, хөөрхий ард олон ч ичиг...
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн боловч тэр ичиг, ичиг...

Ноён Хутагт Данзанравжаа хэрвээ энэ цагт ирсэнсэн бол ийн шүлэглэх байсан болов уу хэмээн мунхаглан, олны дэмэнд эвлүүлсэн Б.Номинчимэд

Tuesday, February 3, 2015

НАМ маань СҮГ болжээ

Монголд хэрэгжиж буй нийгэм, эдийн засгийн бодлогыг машинтай зүйрлэ гэвэл либераль мотортой, социалист хроптой, үндэсний консерватив тэнхлэгтэй, анархист маягийн гэрэл дохиотой, нацист маягийн шаврын хаалттай, нуль улаан популист нөхөөсөөр зайгүй шахуу дамбайлгасан дугуйтай, ийм л хог новшин дундаас элбүүлж, дэмнүүлж байгаад босгоод ирсэн мэт хачирхалтай өвөрмөц монгол маягийн, загварын капитал машин гэнэ. Дээр нь жолоочоо байн байн солино, ядаж байхад тэд нь ихэнхдээ халамцуу голдуу жолооны ард сууна. Бас хөөрхөн хөөргөн гэдэг нь. “Урагшаа, гишгээд байна аа, одоохон түүгээр давхиад, тийшээ сүнгэнээд оччихно“ гэх мэтээр гоё хошгоруулна. Машиныхаа занг мэдэхгүйгээс жолоочийн мунгинах нь олон, тэгээд яах вэ гэж ийш тийш тусламж эрэн өрөвдөлтэй бүлтэлзэнэ. Эргэж хараад зорчигч бидэндээ гоё гоё юм ярин бүлтэрч тайвшруулна. Гадаад зөвлөх механикууд уриалгахан зөвлөх боловч, монгол маягийн машины онцлогыг мэдэхгүйгээс, өөрөөр хэлбэл социалист хроптой гэх мэтийг мэдэхгүйгээс либерал тос өгөөд хийлгэчихнэ. Эсвэл огт өөр онош тавьчихна, зориуд ч тэгэж байж магад, сэжигтэй байгаа. Ингээд машин нь таг явахаа байж, учрыг нь олохуйяа бэрх юм болно. Бидний нөхцөл байдал нэг иймэрхүү. Ийм унаа хөлөглөөд хол явахгүй ээ. Олигтой урагшлахгүй байгаагаа ч бид харж, мэдэж, мэдэрцгээж байна. Ижил гараанаас хөдөлсөн ихэнх улс орнууд хажуугаар сүнгэнээд, дүнгэнүүлээд өнгөрчихөв. Манайх шиг араа нь гацаж, мотор нь цохисон, үе үе дугуй нь буудчихдаг унаатай Дундаж Азийн, мөн угаасаа унаагүй ч байж мэдэх Африкийн зарим орныг, бас зарим нэгэн аваргуудын замд тээглэж мэдэх ганц нэг орны машиныг өнөөх аваргууд зориуд эвдэж орхисныг эс тооцвол...

Бидэнтэй ойролцоо түвшинд байсан Казах бүс нутагтаа тэргүүлэх болов. Вьетнам ч мөн адил. 25 жилийн өмнө хөгжлөөрөө биднээс нэг их ялгарах зүйлгүй явсан Хятад бүр талийж одоод, дээд эрэмбийн тэмцээнд ч магнайлах болов. Гучхан жилийн өмнө хоосон элсэн цөл байсан Арабын Эмират, Кувейт, Саудын Арав, дотоодын хямралаасаа сүйрчихээд байсан өмнөд Солонгос гэх мэт олон улс орны жишээг харж байна. Бид л дороо овогноод үлдэж байна. Ингэхэд бид яагаад ийм төрх байдалтай байна вэ? Олон учир шалтгаантай ч, үндэс суурь улс төрийн намууд, түүний төлөвшил бэхжилт юм. Манай улс төрийн парламентад тогтолцоо нь улс төрийн намуудаас шууд хамааралтай тогтолцоо болно. Улс төрийн намууд дампуурах аваас тэр тогтолцоо нь дампуурч, дагуулаад нийгмээ чирчихэж байна. Ард түмэн бид улс төрийн намуудыг төлөвшиж, цэвэршиж, эрийн цээнд хүрэхийг нь харсаар 25 жил буюу нэгэн үеэ элээв. Гэвч үлгэрт гардаг шиг л намууд маань эрийн цээнд хүрэхээсээ өмнө “өлгийдөө өтөлж, өвгөрч” орхилоо. Өнөөдөр монголд сонгодог утгаараа улс төрийн нам гэж байхгүй болсон. Ялангуяа төрийн эрх барилцаж буй АН, МАН, МАХН, ИЗБНН, МҮАН- зэрэг намуудыг үнэт зүйлтэй, үзэл санаатай, тэр үзэл санаагаа хэрэгжүүлэх бүрэн цогц төлөвлөгөөтэй, энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах боловсон хүчин, суурь бүтэцтэй гэж хэлэхэд хэцүү болсон. Нам нэрнээс цаашгүй болжээ. Нэрнээс цаашгүй болохыг СҮГ болсон гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл манай улс төрийн намууд маань НАМ нэртэй СҮГ болсон байна. Хэрхэн сүг болсныг ҮНЭТ ЗҮЙЛ, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, САНХҮҮЖИЛТ, БОЛОВСОН ХҮЧНИЙ жишээн дээр харьяа. Гэхдээ товчхон...  

ҮНЭТ ЗҮЙЛ. Улс төрийн намын амин сүнс болдог энэ зүйл өнөөгийн манай намуудад аль хэдийнэ байхгүй болсон. Либерализмын ч, үндэсний консерватизмын ч, ардчилсан социалист үзэл санааны ч, ер нь ямар нэгэн измын алиных нь ч шинж тэмдгийг улс төрийн намуудын үйл ажиллагаанаас олж харахгүй. Зөвхөн ПОПУЛИЗМ л байна. 1998 онд анх Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж хоёр МҮАН, Социал Демократ нам хоёрыг нэгтгэж байх үеэс л монголд улс төрийн үзэл онол гэдэг зөвхөн хийсвэр ухагдахуун, хоосон үг, утаа болон эхэлсэн ба 2006 онд М.Энхболдын ахалсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдахад энэ утаа бүр манан болж хувирсан билээ. Өнөөдөр манай улс төрийн намуудын ҮНЭТ ЗҮЙЛ-ийг эрх мэдэлд хязгааргүй шунасан тэмүүлэл, мөнгө хоёрын хослол гэхэд нэг их холуур гарахгүй болсон. Улс төрийн намуудын тэмцэл нь үзэл санаа, арга бодлогын зарчмын зөрөө бус сандал ширээний, эрх мэдлийн, аварга том санхүүгийн хувиарлалтын улайрсан тэмцэл болж хувирсан. Удаа дараагийн хамтарсан Засгийн газрууд, яамд, газар, түүний сайд дарга нарыг зохион байгуулж буй явц нь намууд болон намууд доторх бүлэглэлүүдийн ашиг сонирхолыг хангах, “тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” гэдэг зарчмаар л өрнөснөөс бус хөгжлийн тодорхой бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга механизмын нэгэн хэсэг болгосон хувиарлалт огтхон ч хийгдээгүй. Олон түмэн хараахан мартаж амжаагүй байгаа сүүлийн баримт жишээ нь Алтанхуягын Засгийн газрын сүүлийн өдрүүдэд Яамдын цөөрүүлж, төсвийг хэмнэх яриа хүчтэй байв. АН-ын даргын гаргасан энэ саналыг МАН болон бусад хүчнүүд ч, парламентийн гаднах нь ч дэмжиж байв. Гэтэл хэдхэн хоногийн дараа Сайханбилэгийн ЗГ байгуулагдагдахдаа харин ч эсрэгээр, яам, сайдыг цөөрүүлэх биш, нэмж ГЗ-аа бүрдүүлсэн. Үүний үндсэн зарчим нь ҮНЭТ ЗҮЙЛ биш, ердөө л өнөөх нам, түүний бүлэглэлүүдийн эрх ашгийн хангах явдал байв.  

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР: Улс төрийн намуудад хөгжлийн хөтөлбөр буюу сонгуулийн хөтөлбөр гэж нэг юм бий. Гэвч аль ч намын сонгуулийн хөтөлбөрийг харахад үзэл, аргын ялгаа харагдахгүй, зөвхөн сонгогчдын тархи толгойг мансууруулсан, хуурсан популист амлалтынхаа их багаар л ялгагдана. Нэг нь саяыг амлавал нөгөө нь 1.5 саяыг амална. Нэг нь эхчүүдэд мөнгө амлавал нөгөөх нь оюутнуудад 70 000-ыг амална. Популизм, популизм, бас дахин популизм гэсэн эрэмбээр явж ирлээ. Бүр байчихаад сумын засаг дарга нь хүртэл мөрийн хөтөлбөртөө инфляцийг нэг оронтой тоонд барина гээд амалчихсан тууж явах юм гэнэ. Юм хэтрэхээрээ утгаа алддаг. Энэ популизм утгаа алдаж нийгмээ нийтээр нь солиоруулснаас ийм юм болж байна. Сумаа вант улс болгож тусгаарлах гээгүй л юм бол өөрөөр яаж бүхэл бүтэн улс орны инфляцыг ганц суман засаг дарга барих гэсэн юм бол... Саяхан МАХН-ын Нарийн бичгийн дарга 2016 оны мөрийн хөтөлбөрөө урьдчилсан байдлаар танилцууллаа. Малчдад цалин олгоно, гэр хорооллынхонд нэмэгдэл олгоно гэх мэт бас баахан популизм, амьхандаа нөгөөдүүлээсээ түрүүлэн амлаж, түүнээ патентлуулж байгаа юм биз ээ. Уралдаж амласан популист амлалтуудынхаа пянг нь даахгүй эдийн засаг маань сүйрч байгааг бүгдээрээ, дээр дооргүй мэдэж байгаа атлаа яагаад хашрахгүй дахин дахин амлаад байгааг нь огтоос ойлгохгүй юм. Галзуу хүнийг галзуу гэж хэлдэггүй. Хэлбэл галзуу нь улам гаарчихдаг юм гэсэн. Энэ галзуурсан популистуудыг “Популист” гэж хэлсээр байгаад улам гааруулж орхив уу даа ч гэж заримдаа бодогдох... Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Популизм бол гоё гялгар цаасанд боосон хортой чихэр юм” гэж оновчтой сайхан тодорхойллоо. Нөхцөл байдлыг ингэж харж буй нь сайн хэрэг. Гэвч тэр хортой чихрийг боолцож, ард түмэндээ өгөлцөж, бүр ам руу нь чихэлцэж явсан хүний амнаас гарч буй болохоор даанчиг сүжиггүй байна. ЕС маань 1996-2000 онуудад, 2008-аас өнөөг хүртэл УИХ-ын гишүүн, мөн сайд, ГЗ-ын ХЭГ-ын дарга, АН-ын бүлгийн дарга хийж явсан, залуу ч ажлын арвин туршлагатай нэгэн. 2008 оноос популизм хяналтаа алдсан. Тэр бүхэнд энэ хүний дуу хоолой аль талд нь сонсогдож байсан бэ?  

САНХҮҮЖИЛТ: Аль1996 оны сонгуулийн дараагаас л намуудын санхүүжилтийг ил тод болгое, санхүүжилтийн зарчмыг өөрөөр шийдье гэсэн санал санаачилга гарсан боловч бараг 20 жил өнгөрчихөөд байхад онцын ахиц гарсангүй. УИХ-д суудалтай намуудад суудлынх нь тоогоор төсвөөс санхүүжүүлэх нэг алхам хийсэн ч эцсийн үр дүнд хүрсэнгүй. Одоо шилэн дасны тухай ярьж буй ч улс төр, санхүүгийн эрх мэдлийн оройд байгаа эрх баригч намууд үүнийг ёстой гөлөг хуцсаны дайнд ч үзэхгүй байна. Өдий хүртэл намууд авилгалаар санхүүжиж ирсэн тэр зарчим хэвээр байсаар байна. Өөрөөр хэлбэл намынхаа санхүүд, эсвэл даргад аль их мөнгө өгсөн нь сонгуульд нэр дэвшдэг, эсвэл сайд, дарга болдог... Намын бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороо гэх мэт эрх барих дээд байгууллагын гишүүн болоход зарим үед 10-100 сая төгрөгний босготой ч байв. Өнөөгийн оюун ухамсарын түвшинд зөвхөн буяны сэдлээр, эсвэл үзэл онолын итгэл үнэмшлээр арав, зуун саяар нь мөнгөө намд хандивлаад байдаг хүн бараг үгүй. Зөвхөн ашиг сонирхол л бий. Мөнгөө өгсөн хүн аль нэг сайд, ядахдаа газар, хэлтсийн дарга, бүр арга ядахад татвар, гаалийн ахлах болно. Өгсөн мөнгөө хэд нугалж авдаггүй юм бол ямар аавын хүү болох бол... Ийм л энгийн аксиом үйлчилж ирлээ. Өнөөдөр манай нийгмийг идэж, эдийн засгийн цусны эргэлтэн дээр хувалз шиг шигчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй авилга гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон шүү дээ.

  БОЛОВСОН ХҮЧИН: Ер улс төрийн нам гэдэг үзэл онол, түүнийг нь хэрэгжүүлэгч боловсон хүчин, тээгч, дэмжигч гишүүд дэмжигчид гэсэн гурван үндсэн тулгууртай байдаг. Хэрвээ нам нь үнэт зүйл, үзэл онолгүй болчихвол боловсон хүчний орон зайг нь олз ашиг, эрх мэдэл хайж горьдсон цөөврүүд л дүүргэнэ. Өөр хэн дүүргэхэв дээ. Өнөөгийн манай улс төрийн намуудын боловсон хүчний нийтлэг дүр төрх ийм л байгаа. Товчдоо ийм.

 ***

 Эрх мэдэл, мөнгө гэсэн хоёрхон үнэт зүйлтэй, олз ашиг, эрх мэдэл хайсан боловсон хүчинтэй, хууль бусаар санхүүждэг тогтолцоотой ийм бүлэглэлийг нам гэж хэлэхгүй, харин гэмт хэргийн мафи гэж хэлнэ. Манай улс төрийн намууд ийм хэмжээнд нэгэнт хүрсэн. Олон түмний намд итгэх итгэл урьд байгаагүйгээр алдагдаж байна. Үүнийг өнгөрсөн оны төгсгөлд явуулсан Сант Марал судалгааны байгууллагын судалгаа нотолно. АН 28.3 хувь, МАН 17.1 хувь, МАХН 7.9 хувь, бусад намууд 3.9 хувийн санал авчээ. Өдийг хүртэл эрх барьж буй нам, эвсэл ийм доогуур санал авч байгаагүй. “Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв тийшээгээ явж байна уу, эсвэл буруу юу?” гэдэг асуултад иргэдийн 47.6 хувь нь Монгол улс буруу замаар явж байна гэсэн бол36.3 нь л зөв гэж үзсэн байна. Өнөөх эрээвэр хураавар машиныхаа мөн чанарыг бид нийтээрээ таньж мэдээд эхэлжээ. Өнөөдөр дахин эвслийн засгийн газар байгуулж, АН, МАН, МАХН, МҮАН, ИЗБНН гэсэн таван том нам нь хамтарч байна. Үүнийг сайн талаас нь харвал эвлэж нэгдээд асуудлуудаа шийдээд, урагшаа явьяа гэсэн хандлага гэж хэлж болох ч мөн чанартаа аль нэг нам нь сонгогчдын итгэлийг дангаараа хүлээж, төр засгаа дангаараа бүрдүүлээд, улс орныхоо асуудлыг ганцаараа шийдвэрлээд авч явах чадваргүй болсныг, тэр ч бүү хэл бүгдээрээ хамтраад ч дийлэхгүй түвшинд доройтсоныг л илтгэнэ.

***  

АН: Санал асуулгад 28.3 хувийн санал авсан. Эрх барьж буй нам ийм муу санал авч байсан явдал ардчиллын 25 жилийн түүхэнд гараагүй. Энэ нам нь янз бүрийн үзэл бодолтой 5-6 намын нэгдэл, тэдгээр намуудынх нь эхлэл үүсвэрийг тооцвол бараг 10 гаруй намын нэгдэл болно. 1990-ээд оны эхэн үед ард түмэн АН-ын эхлэл болж байсан тэдгээр намуудыг Ардчиллын үнэт зүйлийг голлон тээгч гэж харж байсан боловч энэ итгэл бүдгэрсээр өнөө ардчиллын үнэт зүйлээ өөрсдөө нугаслагч болон харагдаж болсон. Яруу найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ “АН бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нам” гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс ил тод хэлж байсан нь огт оргүй хийрхэл биш байсан. Ардчилал гэдгийг анархизм гэж ойлгосон боловсролгүй, ёс зүйгүй, увайгүй, шийдчихсэн дээрэмчин шинжтэй маш олон лүүмпэн шинжийн нөхдүүд энэ намд нэгэнт шургалчихсан ба тэд эвлэлдэн нэгдээд нам дотроо асуудлыг чиглүүлэх хэмжээний нөлөөтэй болцгоочихсон. Муу юманд сурамгай гаажтай гэдэг нь. Өнөөдөр энэ намын хүчин суларч буйн хамаг шалтгаан нь тийм нөхдүүдээ хянаж чадахаа байсных юм. Тэд АН намыг санхүү, эрх мэдэл, ашиг сонирхлын олон бүлэглэлд хуваан захирч, эрүүл саруул хэсгээ бурангуйлан дарангуйлж байна. АН намд өндөр боловсролтой, эрүүл сэтгэлгээтэй олон сайхан залуус байдаг ч тэд энэ санхүүгийн бүлэглэлүүдийн бахь гогцооноос мултарч, нөлөөнөөс нь ангид байх боломж нэн хомс. “Хургандаа цадаагүй хонь төлөг болтлоо майлна” гэдэг нь лүүмпэн нөхдүүдийг тодорхойлсон монгол тодорхойлолт болно. Өнөө АН-ын олон нөхдүүд хэдий төлөг болцгоочихсон ч майлцгаасаар, ханаж чадахгүй сувдагласан хэвээр байгааг шат шатанд тавигдсан тэдний боловсон хүчнүүдээс харж болно. “Чингис бонд”-ын 1.5 тэрбумын зарцуулалтын тайланг нягтлан харвал эргэлзээтэй зүйлс маш их бий. Бондын мөнгийг ашиг сонирхлын долоон бүлэглэл хуваагаад л авчихсан шүү дээ гэж эрх мэдэлтэй нэгэн зүгээр ч нэг ам алдчихаагүй байх аа. Ер нь АН өөрөө монголын ардчиллыг төлөөлж чадах чадвараа бүрэн алдсан төдийгүй ардчиллынхаа дайсан ч байж болох хэмжээнд хүрсэн.

 МАН: Санал асуулгад 17.1 хувийн санал авсан. Нэгэнтээ “30 хувийн санал дээр унавал манай нам СҮЙРЛЭЭ” гэж байсан үе бий. Арга ч үгүй байх. 40 хувиас доош санал бараг авч үзээгүй нам шүү дээ. Одоо тэгвэл энэ 17 хувийг юу гэж хэлэх юм бол... Бүр БАЙХГҮЙ БОЛЛОО гэх үү? Яагаад ингэтлээ шалдаа буув гэдэгтээ энэ нам огтхон ч дүгнэлт хийсэнгүй, хийх ч оюуны потенциал байхгүй бололтой. Уг нь 1990-ээд оны гараан дээр энэ нам социалимзын үед сайтар боловсорсон, хөшүүн ч үзэл бодолдоо тууштай, идэвх сул ч ёс зүйтэй хүмүүсээс бүрэлдэж байв. Тэдний оюун санааны сан хөмрөгө нь арвин ч, хүчирхэг ч байв. Харин одоо энэ намын цус бүрэн сэлбэгдэж, тэдгээр хөшүүн социалистуудын суларсан орон зайд олз хайсан ов зальтай ч АН-ынхныг бодвол хагас хугас боловсорсон, хагас хугас онол ном ярьсан, идсэн ч бага зэрэг ичингүйрсэн төрх харуулдаг нөхдүүд олноороо түрэн орж ирсэн. Огт мэдэхгүйгээс хагас мэдсэн нь илүү аюултай байдаг тохиолдол ч бас байна. Бас ардчилсан социалист үзлийг огтоос дэмждэггүй шинэхэн либераль хөрөнгөтнүүд хүртэл орж ирээд, эрх мэдлээс нь зууралдаад авсан нь энэ намыг нэлээд парадокс шинжтэй болгосон. Мөн л АН-ын нэгэн адил санхүү, эрх мэдлийн бүлэглэлүүдэд хуваагддаг ч тэд нь нууцлагдмал... Гэхдээ мөн чанар нь ижил учир АН-ын нэгэн адил ужиг өвчин туссан. Эдгэрэх эсэх нь эргэлзээтэй.

  МАХН: Санал асуулгад 7.9 хувийн санал аваад байгаа. Уг нь би энэ намыг олон жил шинэчлэгдэж чадахгүй явсан хуучин МАХН-ын эрүүл саруул хэсэг нь уугуул нэрээ хадгалан салан тусгаарлалаа гэж харж байлаа. Хуучин МАХН гэж байхад “Шинэчлэл-шударга ёс” жигүүр гэж байв. МАХН шинээр сэргээн байгуулагдахад энэхүү “Шинэчлэл-Шударга ёс” жигүүрхэн нэн чухал бүрэлдхүүн хэсэг нь болж орсон юм. Гол нь шинэчлэгдэж чадахгүй байсан намын шинэчлэлд одоо л нэг боломж гарлаа гэж үзсэнийх. Гэвч тийм биш байжээ. Эрүүл саруул хандлага, шинэчлэл, ардчиллын элемэнт маш муу, удаан хөшүүн хөгжиж байна. Ганц лидерээ дагасан, ганц хүнийг үнэмлэхүй тахин шүтэж, үгийг нь нийтээр ханаран, алга ташин дагасан ийм нам хол явахгүй. Намын боловсон хүчин, гишүүд нь эрээвэр хураавар. МАХН-даа насаараа сэтгэлээрээ үнэнч явсан цөөн хэдэн хөгшчүүл л одоо энэ намын боловсон хүчний эрүүл саруул тулгуур бааз болж байна. Гэвч АН, МАН зэрэг бусад намуудад хусам ч олж долоогоогүйдээ өширхсөн нөхдүүд ч, сиймхий ашиглаад самбаачлаад авьяа гэсэн золбин хулгайч нохой шиг нь ч зөндөө бий. УИХ-ын дарга, ЕС, Ерөнхийлөгч явсан, хэн хүнгүй таньж мэдэх намын дарга Н.Энхбаярын нэр хүнд болон АН, МАН хоёрт итгэл алдсан хүмүүсийн цөөнх зарим нь энэ намыг харж буй найдвар горьдлого гэсэн хоёр хүчин зүйл л ийм хэмжээний рейтингэд хүргэж буйгаас биш бодлого, арга, үйл ажиллагаа болон намынх нь нэр нүүр болсон боловсон хүчнүүдийнхээ тараар ийм түвшинд очоогүй. Н.Энхбаяр бол хэдий хүчирхэг хувь хүн боловч үндэсний оюун санааны лидер биш юм. Хуучин МАХН-ын дарга байхдаа өөрийнх нь томьёолсноор олон “бөгс долоогчид”-ийг өөрөө л төрүүлсэн. Гэтэл одоо ч мөн адил МАХН дотор энэ алдаагаа давтсаар байна. Ингэхэд “бөгс долоосон” нөхдүүдээс “бөгсөө долоолгосон” нь илүү буруутай байдаг ёсон бий. Алдаагаа давтахгүй нь ухаантны шинж, давтдаг нь тэнэгийн шинж гэж...

  БУСАД НАМ: Санал асуулгад 3.9 хувийн санал авсан. Бусад гэдэгт эрх барилцаж буй МҮАН, ИЗБНН -аас гадна, парламентийн гадна буй 20 гаруй намууд бүгд орж буй. Эдгээр бүгд нийлээд 3.9 хувийн санал авч байгаа нь эдний талаар сөхөж ярих шаардлагагүй гэсэн үг болно. Ногоон намыг эс тооцвол, парламентийн гадна байгаа Буянгийн Жагаагийн, Эрэлийн Эрдэнэбатын гэх мэт нам компани хоёр нь ялгагддаггүй, даргаасаа өөр гишүүнтэй эсэх нь эргэлзээтэй олон намуудыг Улс төрийн нам гэхэд хэцүү. Аль ч нам дотор эрүүл саруул, зөв үзэл хандлагатай бүлэглэл, хүмүүс бий. Тэднийг үгүйсгээгүй. Гэвч тэд нөгөө хар масстаа нам даруулж, дороос өндийж чадахгүй байсаар өнөө ийм байдалд нэгэнт хүрлээ.

 ***

 Хаврын их түймрийн дараа харлаж хөхийгөөд эвгүй байдаг ч тун удалгүй ургамал ногоо улам сайхан дэлгэрдэгсэн. Улс төрийн их хийрхэлийн түймэр, түйрэн үеэ өнгөрөөж буй бололтой. Сүүлийн жилээс энд тэнд залуус эвлэлдэн, клуб, эвсэл, нэгдэл холбоог олноор байгуулж эхлэв. Улс төрийн намуудаас ангид... Тэд үе үе уулзан, ярилцаж, улс орны өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь шүүн хэлэлцэж, энэ гацаанаас гарах гарц хайж байна. Улс төрийн намуудаас ангид... Тэд оюун санааны лидерээ хайцгааж байна. Тэд хөгжлийн шинэ үзэл санаа, идеал хайж тэмүүлцгээж байна. Бас л улс төрийн намуудаас ангид. Ард түмний хэвлийд бүрэлдэж буй энэ эрүүл саруул эс, өндгийг бохирдож буртаглагдаж гүйцсэн өнөөгийн улс төрийн намуудын сүг, сүүдэр л бүү дайрчихаасай билээ... Б.Номинчимэд 2015.1.30