Tuesday, April 21, 2015

ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА


Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээрч ухаарсан нийгмийн тэр хэсэг л чухам хөгжил дэвшлийн түүчээ болж, гэрэл гэгээ асааж ирснийг түүх бүрнээ батална. Хүн төрөлхтний бүхий л түүхэнд тийм байсан. .
Их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтэн Д. Равжаа тэртээ хоёр зууны өмнөх бурангуй харанхуй цаг үедээ ганцаар гэрэл болон асч байлаа. Тэрбээр бурхан шашныг мунхаг ухаанаар мухарлан сүсэглэхийг эсэргүүцэж, ард түмэн харанхуй бүдүүлгийг шүтэхэд эмгэнэн, бас хилэгнэн шоолж, агсамнан цамнаж ч байв. Арга барахдаа ийн шүлэглээ биз...
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Монголд Театрийн урлагийн шанг тавьж, иргэний яруу найргийн эх ундарга болж явсан Равжаа хутагтын араас ард түмнээ соён гэгээрүүлэх ачааг дан биедээ данхайтал үүрч авсан бичгийн их хүмүүн Ванчинбалын Инжинаш “Ертөнцийн дээр буруу ёс удаж үл болно. Бусчир сургаал дэлгэрч үл оршино” хэмээн цаг үеийн ёс бусыг эсэргүүцэж, “Харгис түшмэл, ховдог сайд улсаар дүүрэн буй” хэмээн илчлэн чичилж, “Аяа, юутай учралтай хувь заяа, юутай хорсолтой хууль ёс вэ!” хэмээн халаглаж байв.
Гэвч цаг наашлах хэрээр ухаарч сэхээрсэн сэхээтнүүд олширсоор, XX зуунтай золгоход Дандаа хутагт “Элдэв улсын мандан мөхөх нь гадаадын туслах хорлоход үгүй, харин дотоод засгийн ариун тодорхойд буй” хэмээж, тухайн үеийн шашин төрийг хослох хэмжээгүй эрхт хаант засаглалыг шүүн эргэцүүлж, ардчилсан Бүгд Найрамдах засаглалын үзэл санааг “Сонгож хэрэглэх засгийн зарчим” хэмээн анхлан гаргаж тавьж байлаа.
Ж. Цэвээн тэргүүтэй сэхээтнүүд тэр ачааг өртөөлөн авчээ. Тэд 1909 онд Монголын анхны сонин бичгийг хилийн чинадад гаргалцаж, 1913 онд “Шинэ толь хэмээх бичиг”-ийг Нийслэл хүрээнээ өлгийдөн авч, хөгжил дэвшлийн үзэл санааг хүчтэй сурталчлан мухар сүсэгт мунхарч харанхуйлсан ард олныхоо оюун тархинд гэгээрлийн дэнг асааж байв.



Энэ хөрс суурин дээр Сүхбаатар, Бодоо, Данзан, Дамбадорж, Чагдаржав, Догсом зэрэг үндэсний ардчилсан үзэлтэй сэхээнтнүүд шил даран гарч, хар хятадын саварт базуулсан эх орноо чөлөөлөх ариун тэмцэлд амь насыг үл хайхран ард түмнээ манлайлан зэвсэг барин босоцгоож байлаа.
Харийн дайсантай халуун цусаа урсган тэмцэхээс огтхон ч дутахгүй хүнд хэцүү тэмцэл бол дотооддоо үндэстнийхээ оюун санааны харанхуй хоцрогдолтой хийх тэмцэл байв. Үүний тулд юу юуны өмнө үндэстний сэхээтнүүдийг олноор бий болгох явдал байсан... Шинэ залуу Ардын засаг залуусаа хөгжилтэй орнуудад илгээн, дэлхий нийтийн хөгжил дэвшлээс бүхий л боломжоороо халбагдаж авахыг эрмэлзэв. Үр дүн нь маш тодорхой байсны нэгхэн жишээ бол 1920-иод оны эхээр Германд явуулж сургасан багачууд дотроос орчин үеийн Монголын Утга зохиолыг үндэслэгч Их Д.Нацагдорж төрж, хэдэн үеийнхний оюун сэтгэлд гэрэл болон ассан билээ.
Ер нь ийм туршлага бий. Мейжийн эриний эхлэлд ч Япончууд олон залуусаа Баруунд илгээж сургасан байдаг. Хятадын Үндэсний ардчилсан хувьсгалыг ч Сун Ят Сен тэргүүтэй сэхээтнүүд манлайлсан.
1920-30-аад оны сэхээтнүүдийг С.Буяннэмэх, Ц.Дамбадорж, Ши.Аюуш, А.Амар, Л.Дэндэв, С.Шагж, Ц.Дамдинсүрэн, Л.Наваан-Юндэн нарын олон хүмүүс тэргүүлж байлаа. Тэдний дунд үндэсний уламжлалт гэрийн боловсролтноос гадна дорнын болон барууны боловсролтон ч байв.
1942 оны 10 сард МУИС-ыг, улмаар шил даран хэд хэдэн их дээд сургуулийг байгуулан, олон зуун дээд боловсролтой залуусыг дотооддоо бэлдэж эхэлжээ. Түүний зэрэгцээ ЗХУ болон соц системийн орнуудад II Дайны дараагаас бүхий л мэргэжлээр аль болох олныг сургах бодлого барьжээ. 1990 он хүртэл эдгээр улс орнуудад 200 000 монгол залуус дээд, дунд, тусгай мэргэжлийн боловсрол эзэмшсэн байна.


Ийнхүү эх орондоо болон гадаадад ертөнцийн боловсролыг олж, шинэ үзэл санаагаар сэрж сэхээрсэн залуус нойр хоол, нэгэн биеийн жаргалыг умартан явж Эх монгол орондоо Шинжлэх ухаан, Соёл урлаг, Боловсрол, шинэ цагийн Анагаах ухаан, үйлвэржилт, бүтээн босголт гээд нийгмийн салбар бүрийн үндэс суурийг мухар сүсгийн тоос пургисан хөрс шороон дээр тавьжээ. 1956 онд Монголын Анхны ШУ-ын доктор цолыг Б.Ринчен Унгарт хамгааллаа. Түүний араас Ц.Төмөр-Очир, Б.Ширэндэв нарын зэрэг үндэсний эрдэмтдийн эгнээ жагсаж ирэв.
1950-70-аад онд монголд үндэсний сэхээтнүүдийн бүхэл бүтэн арми нэгэнт бий болж, нийгэм соёлын салбар бүхэнд манлайлж байв. Тэд ангамал говийн хатмал худгийн дэргэд шинэ үсгийн багш болон наран шарагдан, алс уулын мухарт өөхөн дэнгийн гэрэлд хүнд өвчтөнд хагалгаа хийн дальдчиж, атар газрын шанг хэмжин тоосонд дарагдаж, Америкийн тэнгэрт, НҮБ-ийн өмнө төрийнхөө далбааг өндөрт өргөж явжээ. Чухам тэдний цаг наргүй хичээл зүтгэлээр 100 хүний нэг нь хагас бичигтэй явсан монголчууд нийтээрээ бичиг үсэгтэй болон, дундаж наслалт нь 37 байснаас 65 болж, улс орны хэмжээнд хэд хэдэн том хот, 300 гаруй жижиг тосгон суурин босов. Мал сүрэг эрүүлжин, чанаржиж, атар газрыг эзэмшин, үр тариагаа экспортолж, үндэснийхээ дуурь, балетийг үзэцгээж, үндэснийхээ утга зохиолыг бүтээж, дэлхийн оюуны өвтэй нийтээрээ танилцан байв. Аж үйлдвэржилтийн цуурай хүчтэй сонсогдож эхлэв. Зарим нь “сэхээтний төөрөгдөл”-д өртөж, ад үзэгдэн цөлөгдөж, амь амьдралаараа хохирч ч байв.

Утга зохиолын салбарт Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Ц.Дамдинсүрэн, Ц.Гайтав, С.Удвал, Э.Оюун, Ч.Чимэд, С.Эрдэнэ, Д.Сэнгээ, Ч.Лодойдамба, Ч.Лхамсүрэн, С.Дашдооров, Л.Ванган, Л.Бадарч нарын олон арван аваргууд төрж гарлаа.
Кино, тайзны урлагт Ц.Цэвэгмэд, Н.Цэгмэд, Д.Ичинхорлоо, Хандсүрэн, Г.Гомбосүрэн, Ё.Шаравдоо, Ч.Долгорсүрэн, Д.Цэвээнжав, Ч.Цэвээн, С.Гэндэн Чимид-Осор нарын зуу зуун авьяастнууд хоосон цулгай хөрсөн дээр Монголын Кино Урлаг гэдэг их айлын галыг асаалцаж, кино, тайз дэлгэцийн урлагийн дахин давтагдашгүй Алтан үеийг бүтээв.
Хөгжмийн салбарт Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” аялгуу дэлхий нийтээр хангинаж, Ж.Чулуун, С.Гончигсумлаа, Г.Цэрэндорж, Г.Бирваа, Л.Мөрдорж гээд авьяастнууд дуу дуугаа аван аялгуу яруу хөгжмийг дуурсгаж эхэлжээ.
- Дүрслэх урлагт О.Цэвэгжав, Г.Одон, Л.Гаваа, Н.Чүлтэм, А.Сэнгэцохио, Ү.Ядамсүрэн, Л.Амгалан, Л.Намхайцэрэн зэрэг
- Уран барималд Н.Жамбаа, А.Даваацэрэн, Д.Дандиймаа, С.Дамдинжав зэрэг,
- Түүх судлалд Ш.Нацагдорж, Ч.Далай, С.Санждорж гэх мэтээр салбарт бүрд зуу зуун хүмүүсийн нэрсийг жагсааж болно.
Энэ мэтчилэн Урлаг, соёл, Шинжлэх ухаан, Улс Ардын аж ахуйн салбар бүрд алдар цуутай, авьяас чадвартай олон зуун манлайлагчид төрөн гарч, улс орноо нүдний өмнө өөрчлөн бүтээж байлаа. Орхигдоогүй салбар гэж байсангүй
1980-аад он гарахад нийгмийн хөгжлийн зам нь мухардаж буйг сэхээтнүүд л эн түрүүнд сэхээрэн анзаарч, энэ мухардлаас гарах гарцыг идэвхтэй хайн, ил далдаар хэлэлцэж байв. Чухам энэ нь ардчилсан их өөрчлөлтийн оюун санааны хөрс суурь болсон билээ.
1990 оны Ардчилсан хөдөлгөөнийг монголын сэхээтнүүд л үй олноороо түрхрэн дэмжсэн бөгөөд чухам тэдний тэр өргөн дэмжлэггүйгээр энэ үйл явц эхлэх хийгээд үргэлжлэх боломжгүй байлаа...
Ингээд Ардчилсан хувьсгал эхлээд 25 жил боллоо. Өнөөгийн байдлаар зөвхөн дотооддоо гэхэд л Төрийн өмчийн 9 их, 7 дээд, 1 коллеж, Төрийн бус өмчийн 4 их, 54 дээд, 31 коллеж, Гадаадын их дээд сургуулийн 5 салбар, нийтдээ 110 гаруй их дээд сургууль, коллежтэй, тэдгээрт суралцаж буй оюутны тоо 150 орчим мянга. Дэлхийн бараг 40 гаруй улс оронд хэдэн арван мянган монгол оюутнууд суралцаж байна. Энэ хэдхэн жилийн хугацаанд нийтдээ 700 000 монгол залуус дотоод гадаадад их, дээд сургууль болон коллежид суралцаж төгсжээ. Бакалавр, магистр, докторуудын тоо ч арифматик прогрессоор өссөн. Хүн амь ногдох дээд сургууль, оюутнууд, мөн нэг хүнд ногдох ТВ, сониныхоо тоогоор дэлхийд манлайлав.
Хэрвээ энэ үзүүлэлтээр үнэлэх аваас монгол орон тунчиг хүчирхэг хөгжилтэй, соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орон болно.
Гэвч бодит байдал дээр тийм бил үү? Өнөөгийн Монгол Улс маань ахуйн өндөр соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орны тоонд орж чадах уу? Энэ үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй улс орнуудтай харьцуулбал альхан түвшинд нь явна вэ. Лавтай л эхний хагаст нь байхгүй юм.
Нэг л юм үгүйлэгдээд байна. Юу тэр вэ? ӨНӨӨХ СЭХЭЭТНҮҮД... 30 жилийн өмнө дотоодын 8000 оюутантай байснаасаа бараг 20 дахин олон, эрдэмтэн докторууд нь 10 дахин олон болчихсон байхад шүү дээ.
Сэхээтэн гэж үнэлэгдэхэд зөвхөн диплом, эрдмийн зэрэг цол төдий хангалттай биш аж. Хуучин цагийн сэхээтнүүдийг жинхнээс нь сэхээтэн болгож байсан тэр зүйл бол улс орны хөгжил дэвшил, үндэстнийхээ өв соёл, оюун сэтгэлгээ, хөгжил дэвшлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүн гүнзгий мэдэрсэн ухамсар, эх оронч үзэл санаа юм. Харин өнөөгийн энэ олон дипломтонгуудын үнэмлэхүй олонхийн цээжнээс ийм зүйлийг хичнээн эрж хайгаад ч олохгүй болчихсонд л асуудлын мөн чанар нь байна.
Өөрөөр хэлбэл өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна. Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү... Зарим тохиолдолд тэр ур чадвар харин ч авилга, луйврийн хүчирхэг зэвсэг болох нь олонтаа байна.
Хувиа бодсон, аймхай, бэртэгчин ийм давхрааг яавч сэхээтний давхарга гэж хэлэхгүй. Диплом, зэрэг цолны гол болсон хүмүүсийг сэхээтэн гэж тооцохгүй. Үндэсний гэх бахархалгүй, өөрийн гэх оюун сэтгэлгээний хэлтэрхий ч үгүй тийм хүмүүс их олон байна. Сэхээтнүүдэд байдаг нийтлэг хэв шинж болох зарчимч, оюунлаг, суртхуунлаг төлөв байдал хаа сайгүй ихээр үгүйлэгдэж байна. Тэд зальхай улс төрчид хуйвалдан хууль гаргаж, баялгийг нь цөлмөж байхад дуугүй л байна. Тэд эрх мэдэлтэн дураараа дургиж, эд хөрөнгөтөн хуулийг уландаа гишгэж байхад дуугүй л байна. Тэд улаан хийрхэгчид, популистууд улс орных нь хувь заяагаар эзэнгүй мэт даажигнан тоглож байхад дуугүй л байна. Тэд нийгэмд бурангуй соёл газар авч, бусчир явдал дэлгэрч байхад дуугүй л байна. Тэд олон даяараа мухар сүсэгт автаж, хуурамч бөөд шуулуулж, зальжин ламд амь амьдралаа даатгаж, хөёөгөө цуглуулагч оготно мэт гүйлдэцгээж явахад дуугүй л байна. Тэд мэдлэг, оюун, ойлголтын хүрээнд мэтгэлцэж, ойлголцох нь сөөмхөн, тэрсэлдэж үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ. Тэд бусдынхаа алдаанд харуусан халаглах биш, харин ч хэрээ мэт бархиран баярлах нь олонтаа. Тийм атлаа бусдынхаа амжилтад баярлан дэмжихээсээ илүү харуусан халаглах нь их байх юм.
Тийм ч учраас нийгмийн оюун санааг мухар сүсэг эзэлхийлж, овтон зальтнууд олны оройд заларч байна. Монголын оюун санааны ертөнц дэх сэхээтний орон зайг сайн дурынхан нөхөж, хөөрүү эх орончид эзлэн түрэмгийлж байна. Бүхэл бүтэн үндэстний оюун санаа Орифлаймын Оюунгэрэлд ойж буутлаа дэлсүүлж, Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч, Солонгос сериалыг солиорч ядартлаа гөлөрч байна. Харийн соёлд хүүхэд залуусаа алдаж, ийн алдах хэрээр өөрийн юм үнэгүйдэж, үндэсний бүхэн он цагийн тоосонд дарагдаж байна. Харийн үзэл санааны дөрөөр төр улсаа дөрлүүлж, ийн дөрлүүлэх хэрээр хөгжил маань хөөс болон замхарч байна. Нийгмийн ёсзүй гүнзгий шоконд орсон сэхээний өвчтөн шиг байна. Эмгэнэл биш гэж үү?
Хүүхэд залуусынхаа сэтгэл зүрхэнд үндэс язгуураа мэдэрсэн эх оронч, тэргүүлэгч үзэл санааг суулгаж, тэднийг үндэсний эрхэм сэхээтэн болгодог тийм тогтолцоо маань нэг л мэдэхэд алга болчихож... Ингэхэд улс орныг хөгжүүлдэг хамгийн хүчирхэг зэвсэг бол ямар ч их хөрөнгө оруулалтаас илүү эх оронч үзэл санаа байдаг. Тийм хүчирхэг зэвсэг байдаг гэдгийг нийгэм нийтээрээ бүр таг мартлаа... Зөвхөн хөрөнгө мөнгө, эдийн засаг, арга сүйхээ ярьдаг болж...
Залуус маань ч хэрхэн яаж арга чарга, сүйхээ самбаатай улс төрч болох вэ, эсвэл яаж их мөнгөтэй болох вэ гэсэн аар саархан зүйлд эрч хүчээ сорихоос бус ухаарч, сэхээрч, ойлгож, танин мэдэх гэж тэмүүлэх нь хомс байна.
Мэдээж хэрэг салбар бүрд шилдэг сайхан үндэсний сэхээтнүүд бий. Урлагийн салбарт Н.Жанцанноров гуай байна. Хуулийн салбарт С.Нарангэрэл, Хэл шинжлэлд Ш.Чоймаа гэх мэт. Бизнесийн салбарт ч бишгүй олон нэр хэлж болох байх. Салбар бүрд хэд хэдээрээ бий. Тэднийг үгүйсгээгүй. Гэвч тэд дэндүү цөөхөн, бүхэл бүтэн давхарга болж чадахааргүй цөөн байна. Тэр олон их дээд сургуулиуд, тэр олон мянган оюутан, докторуудын тоотой харьцуулахад дэндүү цөөхөн байна. Өнөөгийн энэ будангуй харанхуй цаг үед зуу зуун Жанцанноров, Нарангэрэл, Чоймаа хэрэгтэй байна. Монгол оронд Үндэсний сэхээтнүүдийн бүхэл бүтэн давхарга үгүйлэгдэж байна. Бүр маш ихээр...
Б.Номинчимэд
ЗУРАГ ТАЙЛБАР
1. Баруун гараас дээд мэргэжлийн анхны зоотехникч ХАА-н ухааны доктор Цэдэв 1950 он.
2. Бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэж буй нь. Төв аймаг 1947-1950 он.
3. Өнгөрсөн зууны монголын сэхээтнүүдийн анхдагч Ж.Цэвээн

Saturday, April 11, 2015

АРИСТОТЕЛЬ, ЧИНГИС ХААН БА ӨНӨӨГИЙН БИДНИЙ СЭТГЭЛГЭЭ...


"ПЛАТОН миний сайн найз, багш л даа. Гэхдээ үнэн түүнээс эрхэм" Аристотелийн сэтгэлгээний хүчирхэг тал нь энэ. Түүний гүн ухаан өнөөг хүртэл итгэл бишрэл төрүүлсээр буйн уг шалтгаан бол сэтгэлгээний энэхүү суурь зарчим, хандлагад байгаа юм.
Харин энэ зарчим, хандлагыг орчин цагийн Монголын нийгэм, ахуйн хүрээнд хөврүүлбэл ямар байна вэ?

УЛС ТӨРИЙН НАМУУД-ын хүрээнд:
"Асуудлыг ингэж шийдэх нь зөв л дөө. Нийтлэг эрх ашиг гэдгийг би ойлгож байна. Гэхдээ бодит амьдрал дээр Намын маань эрх ашиг илүү чухал байдаг" - Зүй нь ийм байх ёстой.  "НАМ маань /АН, МАН, МАХН болон бусад намууд/ миний төрөлх нам л даа. Гэхдээ эх орны эрх ашиг түүнээс эрхэм"

Б долоогч нарын хүрээнд:
"Таны ярьж буй зүйл үнэн л дээ. Манай дарга, лидерт тийм алдаа дутагдлууд бий. Гэхдээ тэр бол миний дарга, манай лидер шүү дээ. Тэр унавал манай нам унана, би ч амьдралгүй болно" - Зүй нь ийм байх ёстой.  "ТЭР бол миний дарга л даа. Гэхдээ эх орны эрх ашиг түүнээс эрхэм"

"Сонгуулийн тухай хуулийг ийм хувилбараар хэрэгжүүлэх нь манай орны ардчилалд нэн чухал зүйл. Гэхдээ өнөөдрийн хувьд ийм хувилбар нь манай намд ямар ч ашиггүй. Тиймээс манай нам энэ хувилбарыг дэмжиж болохгүй" - Зүй нь ийм байх ёстой "Сонгуулийн хууль ийм хувилбараар хэрэгжих нь манай намд их хохиролтой. Гэсэн ч бид энэ хувилбарыг дэмжиж байгаа. Учир нь улс орны хөгжил чухал"

Толгой компаниуд, түүний эзэд, санхүүгийн бүлэглэлүүдийн хүрээнд:
"Мэдээж хэрэг, асуудлыг ингэж шийдэх нь ерөнхий дүнгээрээ улсад асар их хохиролтойг би мэднэ. Гэхдээ надад манай компанийн эрх ашиг эрхэм"  - Зүй нь ийм байх ёстой.  "Ийм алхам хийснээр манай компани томоохон хохирол амсана гэдгийг би мэдэж байна. Гэхдээ эх орны эрх ашиг түүнээс эрхэм"

Бүх шатны сонгуульд нэр дэвшигчид, намуудын дарга нарын хүрээнд:
"Энэ амлалтуудын маань зарим хагас хэзээ ч биелэхгүй. Заримыг нь хэрвээ хэрэгжүүлбэл улс орны эдийн засагт хохиролтой гэдгийг би мэдэж байгаа л даа. Гэхдээ юуны өмнө би /бид/ сонгуульд ялах нь хамгаас эрхэм" - Зүй нь ийм байх ёстой. "Би ийм утгагүй популист зүйл амалж байгаад сонгуульд ялж болно л доо. Гэхдээ эх орны маань эрх ашиг миний /манай намын/ сонгуульд ялахаас илүү эрхэм"

Бүх шатны авилгачдын хүрээнд:
"Би үүнийг авах ёсгүй л дээ. Ингэснээр хууль зөрчигдөж, хэн нэгэн, цаашлаад улс орон хохирч, үнэн зүйл худал болж хувирна гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ л би өнөөдөр энэ авилгыг авах нь илүү прагматик алхам болно" - Зүй нь ийм байх ёстой. "Надад хичнээн хэрэгтэй байгаа ч би энэ авилгыг авах ёсгүй. Үнэн ямагт эрхэм"

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хүрээнд:
"Би сая урсгал сөрч дайрсаар гараад ирлээ. Чадаж байгаа хойно яадгийм. Тэр замын хөдөлгөөний дүрэм юу юм бэ? Монголд хууль дүрмийг зөрчих гэж гаргадаг юм" - Зүй нь ийм байх ёстой: "Би маш их яарч явна. Гэхдээ замын хөдөлгөөний дүрэм бол дүрэм. Зөрчиж болохгүй"


Гэх мэтээр нийгмийн бүхий л түвшинд Аристотелийн үнэнийг эрхэмлэх, үнэт зүйлийг эрэмблэх зарчмыг бид яг урвуугаар ашигладаг. Энэ бол манай өнөөгийн болж бүтэхгүй байгаа бүхний үндсэн шалтгаан болно. Бид оюун сэтгэлгээнийхээ энэхүү суурь хандлагыг өөрчлөхгүйгээр хүчирхэгжин хөгжих боломжгүй.

Чингис хааны үед цөөхөн монголчууд яагаад дэлхийд манлайлсны шалтгаан нь ердөө л суурь зарчим, үнэт зүйлсийнхээ дэс дарааллийг зөв гаргаж тавьсанд байсан. Тухайлбал,
- "Алтан, Хучир нар бол миний эрхэм хүндтэй авгууд мөн. Гэвч Хамаг Монгол овогтны эрх ашиг хийгээд үнэн тэднээс эрхэм"
- "Зэв бол миний өштөн дайсан тайчуудын мэргэн харваач... Тэр миний гүрээний судсыг тас харваж, намайг алах дөхсөн. Гэвч тэр бол үнэнч хүн.
Үнэнд үнэнч хүн илүү эрхэм"
- "Бөртэ үжиний инжинд ирсэн хар булган дах бол маш үнэ цэнэтэй зүйл... Гэвч бидэнд хүчирхэг холбоотон илүү хэрэгтэй" ГЭХ МЭТ...





Чингис хаан энэхүү сэтгэлгээнийхээ суурь зарчмыг
"Гайтай болвоос шадрыгаа ч шанталсугай
Гавьяатай болвоос дайснаа ч шагнасугай..." хэмээн яруу тодоор тодорхойлжээ. Тэгээд түүнээ төр улсынхаа суурь, түмэн олныхоо итгэл, үнэмшил болгож чадсан тулдаа тийм хүчирхэг болж чадсан.
Өөрөөр хэлбэл Чингис хааны сэтгэлгээний зарчим, хандлага нь Аристотелийн зарчим, хандлагатай усны дусал мэт ижил байна.
Б.Номинчимэд

Friday, April 10, 2015

1241.4.11-нд ШАЙО ГОЛЫН АЛДАРТ ТУЛААН БОЛЖЭЭ



Түүхэн уран сайхны нийтлэл – Хэсэглэн авав

Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд Мажарын IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ.
Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна. 



1.       Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.


 Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь их эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүндээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.



Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ. 
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.
Монголчууд 4 сарын 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолсныг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишигтэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив.
Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монголчууд бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
 Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв. ... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.


2.       Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11 


Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан  нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм. 
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.

***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав




3.       Мохийн талд эх орноо хамгаалан амь эрсэдсэн мажар, хорват, сербийн 65 000 цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон дурсгалын цогцолбор. Мохийн тал. Мажар улс.


Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг. 





Б.Номинчимэд

Үгэнд ордоггүй хүү, шавь нэг ширхэг байна


Аав маань "Мунхаг улстай бүү тэрсэлдэж бай... Хэрвээ тэд чамд дийлэгдвэл өш хонзонгийн илдээ хурцлаад үргэлж сүүдэрт чинь дагаж явдаг юм. Хэрвээ тэд чамайг дийлбэл, насан туршдаа толгой дээр чинь гараа далайж явах гэдэг юм. Болж өгвөл хол яваарай" гэж захисан.
О.Дашбалбар багш маань
"Тэнэг мунхаг улстай,
Тэрсэж маргаад хэрэггүй,
Тэгсэнд орвол,
Тэжээвэр галуутай ярь" гэж бас захисан.
Гэвч би аавынхаа ч, багшийнхаа ч үгийг сайтар санах хирнээ заримдаа тэсэлгүй тийм хүмүүстэй тэрсэлдчих гээд байх юм даа. Энэ тэвчээргүй, хурц хэл ам уу?

Thursday, April 9, 2015

ИДҮҮЛСЭН БУТ ЦЭЦЭГЛЭХ ЦАГ АЙСУЙ


Хөгшид, дээдсээ насны төгсгөлд зовоосон хүн гурван үеэрээ өөдөлдөггүй гэдэг. Хөгшдийн, ялангуяа эцгийн сүүлчийн буяныг хэрхэн үйлдэхээс, ямар газар оршоосноос үр хүүхдүүдийнх нь хувь заяа ихээхэн шалтгаалдаг ч гэдэг. Хууччуул огт юу ч мэдэхгүйдээ, эсвэл мухар сүсэгтэйдээ ийм зүйлийг үеэс үед ам дамжуулан сургаж ирээгүй, амьдралын үнэнийг, гурван цагийн хэлхээсийн мөн чанарыг , ачлах дээдлэх ухааныг нэвтэрхий танин мэдсэний үр дүн байсан буй за..
Монгол түмэндээ л нэгэн цагт эцэг нь болж явсан Ю.Цэдэнбал гэдэг хүнийг насны төгсгөлд нь бид даанчиг гомдоосон доо. Түүнийг идсэн уусан, тойрон хүрээлэгчтэй байсан, шоронд хатаа, дүүжил, түүнтэй ойртсон бүхэн баба.... Алгын чинээ алдааг нь уулын чинээ болгон дөвийлгөж, уулын чинээ гавьяаг нь чимхийн төдий болгон харлуулж байв. Ийм утгагүй солиотой хийрхэл 1990-ээд оны эхэнд харанхуйлан давалгаалж, түүний манлайд өнөөгийн Ерөнхийлөгч ч гүйж л явсан юмдаг.
Ю.Цэдэнбал насныхаа төгсгөлийг ганцаардал, цөхрөл, гуниг дунд өнгөрөөсөн. Өвчинд шаналан өдөр хоногоо өнгөрөөж байх мөчид нь насан туршдаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монголынх нь төрийн өмнөөс манай хийрхэгчид хамаг гавьяа шагналыг нь яллан донгодож байгаад хурааж авсан, тэгэхэд Бал дарга юу ч хэлээгүй, чимээгүй л байсан. Хөрөнгө нь болох хэдэн мянгаар тоологдох ховор сайхан номын сан, бас хэдэн мөнгөн халбага сэрээний комыг нь хурааж авсан, гэвч тэр бүхэн бүгд нохойн замаар орсон. Хөрөнгө хураах комиссынхон тухайн үед хувийн дансанд нь байсан хэдхэн мянган төгрөгийг үзээд эхэндээ итгээгүй гэдэг. /Одоогийн дээдсүүдэд бол хэдэн тэрбумаар нь тоологдох хөрөнгө гадаад, дотоодын төрөл бүрийн банкуудад янз бүрийн хүмүүсийн нэр дээр хав дараастай байгаа./ Бал даргын номын санг орж үзсэнээ хүмүүс гайхан шогширдог байв. Бас түүнийг бие барахад, оршуулгын цэцэг нь салхинд хийсэж амжаагүй байхад ойр дотных нь хүнийг мөрдөн байцаалтад дуудаж байв.
Тэр цагийн Бал даргын “тансаглал” өнөөгийн манай дээдсүүдийн тансаглалын дэргэд ёстой хүүхэд нохойн доог төдий,
Тэр цагийн Бал даргын “тусгай хангамж” өнөөгийн манай дээдсүүдийн тусгай хангамжийн дэргэд ёстой хошин шог,
Бал даргын монгол түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэл зүтгэл нь өнөөгийн манай дээдсүүдийн зүтгэлийн хажууд шавартай тогтоолыг тэнгис далайтай адилтгах мэт. Хоцрогдсон Хөдөө Аж Ахуйн орныг орчин үеийн боловсролын зах зухтай, Хөдөө Аж Ахуй-Аж үйлдвэрийн орон болгож, олон улсын тавцанд гаргаж ирсэн гавьяаг нь хэсэг хүн, бүлэглэл санаатай санаагүй мартаж болох ч Монгол түмний түүх мартахгүй ээ.
Тэр хэцүү харанхуй 1990 оны үед Аав маань Бал даргын маршлын очироо мөрөн дээрээ, баатрын алтан таван хошуугаа энгэр дээрээ залчихсан цагаан кительтэй зургийг жаазанд хийгээд бурхныхаа хажууд байнга залж, сэржим өргөнгөө, “Энэ хэдэн учраа мэдэхгүй дэггүй хүүхдүүд хэтэрч байна даа. Идсэн эрүү хувхайрдаг, идүүлсэн бут цэцэглэдэг жам бий дээ” хэмээн шогширдог байсансан. Идүүлсэн бут цэцэглэх цаг ирж байна даа.
Б.Номинчимэд
***
"Түүхийг хэчнээн үгүйсгэж, хэчнээн нуун даравч хэзээ нэгэн цагт үнэн нь илэрдэг билээ. Ард түмэн үнэн түүхээ эрэн хайдаг ч ёс бий. Хэн нэгэн хэзээ ч юм бэ худал зүйл бичиж нэг хэсэгтээ түмнийг төөрөгдүүлж болох ч, түүхийг хуурч чадахгүй. Би Цэдэнбал даргын тухай ярьмаар байна. Саяхны түүх шүү дээ. Хэсэг бүлэг этгээдүүд ардчилалыг хамгийн зөв, социализмыг хамгийн буруу зүйл гэж ойлгуулахын тулд хуучин цаг үеийн гол хүн Ю.Цэдэнбалыг элдвээр гүтгэн доромжилж, нэр төрийг нь арай л хэрцгийгээр "заазуурдсан". Бал даргын ойр хавьд нь түшиг болж явсан мань мэт тэдгээр гүтгэлгүүдийг сонсоод арайхийн тэсч, уур цухалдаа барагдаж, хий дэмий та нар мэдэхгүй байна гэхээс өөрийг хийж чадахгүй байлаа. Үнэнийг хэлсний төлөө ч адлагдаж байв. Гэвч өнөөдөр цаг өөр болжээ. Үнэн түүх өөрийгөө бүрэн цэвэршүүлж чаджээ. Ю.Цэдэнбалын цаг үе бол хөгжил дэвшилтийн, улс орны тусгаар тогтнолын баталгаажилтын гайхамшигт он жилүүд байсныг ард түмэн ойлгож, түүхэн зүтгэлтэндээ хүндэтгэлтэй ханддаг болжээ. Түүхийг хэр хэмжээгээр худлаа болгоно тэр хэмжээгээрээ хурдан цэвэршдэг юм байна. Түүх өршөөн хэлтрүүлдэг тухай би мэдэхгүй байна. Их сургуулийнхаа ширээнээс салж амжаагүй хэдэн залуу хүүхдүүд бодлынхоо чанад хүртэл бясалгаад, түүхийг зохиож, Цэдэнбалыг харлуулсан юм даанч юм мэдэхгүй залуу хүүхдүүддээ хөөрхийс гээд түүх өршөөдөг үгүйг өвгөн би хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ үйлийн үр гэж байдгийг л сайн мэдэх юм."
Лодонгийн ТҮДЭВ: МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч
Tsedenbal Yumjaa

ХҮНИЙ МӨН ЧАНАРЫН ТУХАЙ НЭГЭН ЗҮЙЛ


Хүмүүсийг өглөг, авлага хийгээд тус буянд хэрхэн ханддагаар нь доорх байдлаар тодорхойлон ангилж болно.
Үүнд:
- Хүнд тус буян болсноо ч, туслуулж, дэмнүүлснээ ч аль алиныг нь анзаарч санадаггүй хүн бий. Түүнийг тэнэг гэмой... Хавьтаж ойртох шаардлагагүй ч хааяа чимхээд авч бай. Тэд гавьяа байгуулж сүйд болохгүй ч гай болох нь олонтаа
- Хүнд өгснөө, тус болсноо мартдаггүй байнга дурсаж, энд тэнд гавьяа мэт бахархан явах атлаа хүнээс авснаа хийгээд бусдын тус дэмийг тас мартдаг, санадаг ч дурсахыг огтоос хүсдэггүй хүн бий. Түүнийг бирд гэмой... Түүнээс хол бай. Нэг л өдөр чамайг юу ч үгүй цөлмөж орхино.
- Хүнд өгснөө ч мартдаггүй, мөн хүний тусыг ч мартдаггүй хүн бий. Тийм хүнийг ухаант гэмой. Түүнтэй хамтарваас зүй тэр болно.
- Хүнд тус болсноо, өгснөө таг мартах атлаа бусдын тус буяныг, өглөгийг мартдаггүй, байнгад ач буян санаж, сүслэн явдаг хүн бас байна. Түүнийг буянт сэтгэлтэн гэмой... Тийм хүмүүнийг өрөвдөж, хайрлаж, тусалж бай. Нэг л өдөр тийм хүмүүс лаа шиг хайлж дуусдаг.

Зүйл бүр дээр жишээ татваас жигтэйхэн их юм бичих болох нь... Дараа болоё...
Хүний мөн чанарын тухай эртний дорнын арай өөр нэгэн зүйрлэл байдаг.
Тухайлбал
- Мэддэггүй, мэддэггүйгээ ч мэддэггүй хүн буй. Түүнийг тэнэг хүн хэмээнэ. Хол байгтун.
- Мэддэггүй, гэхдээ мэддэггүйгээ мэддэг хүн буй. Өөдлөх хүн хэмээнэ. Түүнийг сурга.
- Мэддэг атлаа мэддэгээ мэддэггүй хүн буй. Түүнийг унтаа хүн хэмээн. Сэрээгтүн.
- Мэддэг, мэддэгээ ч мэддэг хүн буй. Түүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун гэх мэт...
Үүнээс санаа авав.
Б.Номинчимэд

Wednesday, April 8, 2015

Сайн ном уншихсан гээд байдаг хүмүүст энэ номыг санал болгое...

АКУТАГАВА РЮҮНОСҮКЭ "БУРХДЫН ИНЭЭМСЭГЛЭЛ"
Шилдэг өгүүллэгийн түүвэр - 1

Акутагаваг манайхан нэлээд орчуулсан. Гэхдээ энэ орчуулгаас Акутагавагийн сэтгэлгээг, урлан бүтээх онцлогийг илүү тод мэдрэх болно. Ер аливаа зохиолчид өөрийн гэсэн хэллэг, найруулга гэж байдаг.. Ялангуяа томоохон уран бүтээлчийн хэллэг, найруулга онцгой ялгаран харагддаг. Хэллэг найруулгынх нь энэхүү өвөрмөц талаас тэр зохиолчийн уран бүтээлдээ болон амьдралд хандах хандлага, санаагаа илэрхийлэх арга барил, сэтгэлгээ, сэтгэл нь харагддаг. Заримынх нь бүр нэвт харагдана. Сонгодгуудыг орчуулахад хэцүү байдгийн нэг тал нь энэ. Тэр хэллэг найруулгын өвөрмөц байдлыг мэдэрч, онож орчуулна гэдэг чухам орчуулагчийн жинхэнэ чадварыг шалгасан зүйл юм.
Японд суугаа номын эрхэм дүү Л.Адьяасүрэнгийн энэхүү орчуулгаас чухам Акутагавагийн бүтээлийг төрөлх мөн чанараар нь илүү мэдрэх боломжтой гэж найдаж байна. Сайн орчуулга болсон гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.
Л.Адьяасүрэн Японы их зохиолч, сэтгэгч Акутагавагийн туурвисан 200 өгүүллэгээс шилж сонгон орчуулж шилмэл өгүүллэгийн түүврийг нь монголынхоо номонд дуртай, сэтгэн бодох дуртай залуусын гар дээр тавьжээ. Энэ эхний боть нь. Удаах боть нь удахгүй хэвлэгдэх байх.
Энэ хоёр боть монголын бүх номын сангуудад, дунд сургуулиудад үнэгүй тараагдахаар болж байгаа нь ч маш сайхан хэрэг юм. Адьяасүрэн өөрөө хөөцөлдөж, санхүүжилт олж энэ зэрэгт хүргэжээ. Чухам ухаан бодлын үр энэ мэтээр цацран дэлгэрэх болюу.
Дашрамд ам халаад орчуулгын тухай жаахан хадуурчихая.
Орчуулагч, зохиолч хоёр хоорондоо огт таарахгүй тохиолдол бас байх шиг анзаарагддаг юм. Хичнээн сайн орчуулагч, хэлээ хичнээн сайн мэддэг байлаа ч тухайн зохиолчийнхоо бичлэг, найруулгын онцлогыг мэдэрч, тусгаж орчуулж чаддаггүй нь бас бий. Зарим орчуулагч, зохиолч хоёр хоорондоо хачин сайхан таарч байх нь ч бий. Жишээ нь Дашцэрэн гуай Шолохов хоёр янзын таардаг, Содов гуай Цвейг хоёр хачин гоё. Очирбат гуай Герцен хоёр гэх мэт. Амар гуайн орчуулгаар Достоевскийг уншихад илүү сайхан.
Мөн Акутагавагийн тухай ганцхан үг нэмчихэе. Түүний сэтгэлгээ Түнэр шөнөөр тэнгэрээс унжиж байгаа аалзны шүлс оддын гэрэлд гялалзах шиг...
Adiyasuren Lkhagvaa
Б.Номинчимэд