Tuesday, June 9, 2015

Аав, охин хоёрын яриа буюу Акутагава

- Аав, та ямар ном уншиж байна вэ? 
Энэ зуны турш “Харри Поттер”-ийн цувралууд болон Стивин Кинг хоёроос салаагүй охин маань гэнэтхэн ийм нэгэн ажил хэрэгч асуулт тавьж байна. 
- Аав нь Акутагава гэдэг японы зохиолчийн сонгомол өгүүллэгийн түүврийг уншиж байна. Япон хэл, соёл сурч байгаагийн хувьд миний охин энэ хүний тухай ямар нэгэн хэмжээгээр мэдэж байх хэрэгтэй л юм даа. Чи бас уншихийг бодоорой...
- Аанхн... Танаас нэг асуулт асуумаар байх юм?
- Яасан бэ?
- Зохиолч болох амархан уу?
- Ямар зохиолч болох вэ гэдгээс л шалтгаална. Хаа сайгүй хөглөрч явдаг байдаг л нэг захын зохиолч болоход тийм ч хэцүү юм үгүй.
- Жишээлбэл, Роулинг шиг /Харри Поттерийн зохиолч/
- Хэрвээ чамд маш их хүсэл, бас бага зэрэг авьяас байгаад, дээр нь маш их, бүр нөр шаргуу хөдөлмөр нэмэгдвэл Роулинг шиг, Стивин Кинг шиг дэлхий даяар мэддэг, монголын дунд сургуулийн 9 дүгээр ангийн хүүхдүүд ч хүртэл салдаггүй уншдаг, ном нь хэдэн саяараа борлогддог зохиолч болох боломж бараг тавин хувиас илүү бий. Гэхдээ...
- Гэхдээ юу гэж...
- Гэхдээ, жишээлбэл аав нь Роулинг юм уу, Стивин Кингийн номыг хэрэг болгож уншдаггүй гэдгийг чи мэднэ дээ.
- Тэгвэл таны уншиж байгаа энэ Японы Аку... шиг зохиолч болно гэвэл...
- Акутагава шиг зохиолч болохын тулд мянган хичээл зүтгэл, авьяас чадвар байгаад нэмэргүй, болж чадахгүй... яагаад ч чадахгүй,
- Тэгээд юу хэрэгтэй гэж...
- Акутагава шиг зохиолч болоход хувь заяа л хэрэгтэй байдаг юм даа, охин минь. via-Nominchimed.

Monday, June 8, 2015

МАРТАГДСАН ТЭМДЭГЛЭЛЭЭС...


Хорин хэдэн жилийн өмнө буюу 1987-1995 онуудад бичиж байсан тэмдэглэлийн маань хэдэн дэвтрүүд хогон дотроос гараад ирэх юм. Зарим нь үрэгдэж алга болсон бололтой. Зарим нэгэн хуудсыг сөхөж харлаа. Өдөр болгон шахуу бичдэг байжээ.
Хөөрхөн аятай сэрэл мэдрэмжүүд, бодрол ч байна. утга учиргүй хийрхэл ч байна. Гэхдээ ихэнхдээ уйтгар гуниг, ганцаардал, гутрал нэвт ханхална. Ёстой цэл залуу байж дээ..
.
***
1992 оны 12 сарын 30-нд
Тиймээ, хайрын нууцлагдмал, шавхагдашгүй хүчин нь ойлгоход, зөвхөн ойлгоход л байгаа юм. Өөр юу ч биш, Энд ямар нэгэн далдын хүчин, тэнгэрлэг цэгийн тухай бодох ч, найдах ч хэрэггүй, Ердөө л тун энгийн хирнээ ярьвигтай зүйл болох ойлгох, ойлгож чадахад л хайрын хамаг нууцлагдмал, шавхагдашгүй хүчин оршдог юм байна.
.
***
1993 оны 1 сарын 4-нд
... Аугаа суут чанар гэдэг бол сэтгэл зүрхэнд агч тэрхүү тайтгарашгүй няцаагдашгүй шинж юм....
... Ингэхэд "хайртай хүнийхээ төлөө, хайртай байсныхаа төлөө юу хийлээ, юугаа золилоо" гэж хэн хэллээ. Арай зүүд биш байгаа...
.
***
1993 оны 1 сарын 5-нд
Архитай аяганы ёроолд уйтгар гунигаа олж харав би
Алтаар ч жишимгүй анхилхан залуу нас минь
Архины шавхруутай найрлан суух юм тэнд....
Амьдрал ариухан, яруухан байх ёстой гэж
Адарч, бас итгэж сөрсний минь хариу энэ үү
.
Давчуухан өрөө, тамхины утаа, лааны чичигнэсэн бүгт гэгээ
Даарч цэлхэрсэн согтуу нүд, өвдөл цөвдөл цаас, ном
Ганц шил сархад л харин өмнө минь хань болон сүүдийж
Гарцаагүй чиний л буруу гэж байж ядтал чичлэх юм...
.
***
1993 оны 1 сарын 11-нд
Печоринг дахиад л бариад авав. Лермонтовын хачин янзын сийрэгхэн хурц хошигнол, амьд дүрслэлээр дүүрэн мөр бүхнээс нь цэнгэл эдэлнэ. Намайг өөрийн эрхгүй эрхшээлдээ оруулж, болж буй үйл явдлуудын хажууд хараад зогсож буй гэрч болгочих шиг л санагдана. "Ингэж нэг сайхан юм болдог байж" гэх шиг лл...
.
***
1993 оны 1 сарын 24-нд
Das Boot . Teil 123456
"Сайн хүмүүс ямар ч үед хэрэг болдог юм даа"
"20 минутын дараа дээш гарна"
-Зул сарын баяр, хайр сэтгэлийнхээ баярыг тэмдэглэж чадахгүй нь ээ
-Хуурай газар очоод
-Нээрээ тэгэх юм байна шүү. Нээрээ тэгэх юм байна. Энэ чинь зөв, энэ чинь зөв.
Хүмүүс, хүмүүс, хүмүүс. яагаад нэгнээ хайрладаггүй юм бэ? Энэ мөнхөд эргэлдэх цаг хугацааны ганхцхан эгшинд бие биеэ олж төрчихөөд, энэ өчүүхэн эгшинд яагаад амжаад нэг нэгнээ хайрлаж чаддаггүй юм бэ? Яагаад, яагаад хүмүүс бид бие биенээ хайрлаж чадахгүй байна вэ?
"Ноён ахлах дэслэгч Клоун"
"Ноён ахлах дэслэгч Клоун"
Хатамжтай бодлоготой, зоримог царай, хоёр завжин дахь гүн үрчлээ, үл ялиг жимийсэн уруул, нэвт ширтэх тунгалаг харц, санаа бодлоо барьж сурсан хатамжтай ган мэт, гантиг мэт дүр төрх, ....
.
Хуурай цахилах харцнаас нь нулимс эгнэгт зугтжээ
Хувь заяаны төөрөгт өөр юуг ч алдах билээ
Хором нэгэн эгшин гэдэг ямар их үнэтэйг
Хуудас захиа ч биш, дусал нулимс ч биш
Хуурай цахилах тэр харц л хэлж чадна аа...
Зөнгөөр ирсэн амьдрах их хүсэл
Дааж ядсан ачаандаа хатуужин хатаагднам
Хатаагдсан тэр л ган хэзээд өөрийнхөөрөө байж
Харин мөхөл ирэхэд чив чимээгүй живжээ.
Өндийн сөрсөн бүхэнд өр зүрхээ дэлгэе
Өнийн их хүсэлд нь өвдөг сөгдөн мэхийе
Өрөвч уян сэтгэлийнх бишээ, энэ минь харин
Үнэ цэнээ мэдэрсэн амьдралыг тань бахадсаных аа...
.
***
1993 оны 1 сарын 26-нд
Хөөрхий минь, чинийхээ энхэр зөөлөн гишгэгдлийн чинь чимээг чагнаархан
Хөөрхөн хөлний чинь гишгэсэн мөрний хичнээн ч бүлээхнийг мэдэрч
Үймэрсэн үй олон сүг сүүдрийн дундуур хэсчүүлэн хайж
Үрэл сувдан нулимсаа хэлхэн өөд уруугүй өнөд тэнэнэм
.
Аяа, чиний минь сүүдэр унасан газар юутай ч азтай вэ гэж
Атаархаж ядсандаа зүрх минь лугшиж, нүд минь тэнд унанам.
.
***
1993 оны 1 сарын 28-нд
Үнэн - чамайг тэврээд дэнгийн эрвээхэй шиг шатьяа гэсэн юм
Үзтэл чи юунд нүүр буруулан надаас зугтнам
(Үгүй бол чи ерөөс энэ орчлонд үгүй юм уу)
Үхэл ойртож, үүд тогших нь элбэгшлээ гэтэл
Үлэмж нэгэн сэтгэл минь чамайг үгүйлсэн хэвээр ....
.
***
1993 оны 1 сарын 29
Бараан шөнө мөнхийн гэлтэй нэвсийн унав
Байж ядтал харанхуй хайрав, яанадаа тэсэхгүй нь гэтэл
Үүр цайлаа, дорноос гэгээ татуулсаар гэвээ
Үзтэл биш, харин чиний минь мишээл байв аа...
.
***
1993 оны 1 сарын 31-нд
-РУБАЙ-
Алишер Бек Новай-д
Далай болон цалгилах нулимс гэж хаанасан
Дааж үүрч чадахгүй зовлон ч гэж хаанасан
.
Хоосон цулгай бүхнийг хайрын балаар дүүргэж
Хоёргүй нэгэн сэтгэлээр ижилдэн дасах амраг ч гэж хаанасан
.
Зүрхийг ч уярааж, зүүдэнд ч амилах атлаа
Зүс буруулж хагацал амалдаггүй учрал гэж хаанасан
.
Өнөөдрийг ч мартан, маргаашийг ч умартан хундага дүүргэн сөгнөх
Өнийн цэнгэл найр хурим ч гэж хаанасан
.
Өөдлөхөд ч, уруудахад, өшихөд ч баясахад ч байдгаараа л байх
Үсэн буурайж үхэл ирэхэд ч үл элэх үерхэл гэж хаанасан
.
Үргэлжийн ээлж халаа үхэх төрөх хоёроос өөр
Үнэнд хүрч очих, ядахдаа дөтлөх жим ч гэж хаанасан
.
Өр зүрхээ хагалж, шан татая даа одоо Навой минь, тэсэж үз
Өөрөө өөртөө л итгэж үнэнд очих, ядахдаа дөтлөх жим хайя даа, өөр яахсан.
.
1993 оны 3 сарын 8-нд
...Элэг эвхэн, уулсын салхин дор дагжин суухдаа би
Эвхрэн нүүх үүлсийн цуваанд дүрийг чинь эсгэнэм...
.
***
1994 оны 1 сарын 16-нд
Тоглоом ч үгүй амиа тэвччихмээр, энэ утга учиргүй хуран үймсэн хорвоогоос сайн дураараа зугтчихмаар санагдаад байх болов.
.
***
1994 оны 2 сарын 12-нд
Сүсэгтнүүдийн сүрлэг чимээгүй цувааг үл анзаарсан мэт
Сүмийн алтлаг орой дээгүүр алсыг ширтэн алхах даа би
Үл тасалдах энэ цувааны хаа нэгтээд
Үзсэгэлэн гоо охин алга хавсран залбирчихаад
Гашуудан бөхийсөн уд модны сүүдэрт
Гартаа цоор хөгжим бариад амсхийн суугаа
Учир битүүлэг харцтай нэгэн хөвүүний тухай дууг
Уянгуулан дуулсаар ирж яваа гэж итгэнэм...
...
Таарсан хуудсуудаа сөхөж харахад нэг иймэрхүү... Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан гэдэг шиг эдгээр тэмдэглэлүүдээ эргүүлж мөлжвөл жаал жуулхан юм гарах л бололтой...

Sunday, June 7, 2015

1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа Чингис хааны хэлсэн үг.

Энэхүү захидлаас Чингис хааны ертөнцийг үзэх үзэл, төр улсаа засан удирдах арга ухаан, дэлхийн дайн хийсэн учир шалтгааны суурь дэвсгэр харагддаг. Чингис хаан хувьдаа мөнх наслахыг мөрөөдөн Бомбоос тусламж зөвлөгөө авахаар уриагүй, их дайныг дээрэм, харгис, шунахайн сэдлээр үүдээгүй юм. Харамсалтай нь энэ нөхцөл байдлыг олонхи түүхчид эсрэгээр ойлгож, тайлбарладаг.

Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгамуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа Чингис хааны хэлсэн үг.

Friday, June 5, 2015

ХЯТАД ЗАДРАХАД ОЙРХОН БОЛСОН тухай ийм нэгэн яриа болов...

Хятад улс дотроосоо задрахад их ойрхон болсон тухай ойрмогхон уулзсан дотор газрын нэгэн эрхэм сэтгэл түгшингүй ярив. 
Си Зин Пингийн амь насанд халдсан оролдлого 7 удаа болсон гэнэ. Үүнээ их нууцалж байгаа гэлээ.
Гол шалтгаан нь авилгал. Авилгалтай хийж буй Си-гийн тэмцлийг нийгмийн суурь бараг бүхэлдээ эсэрцүүцэж байгаа гэнэ. Учир нь авилгал гэдэг зүйл бол хятадын язгуур соёлын салшгүй хэсэг болчихсон зүйл. Авилгалыг хятад хүн хэзээ ч зүй бус, ёс бус, хууль бус зүйл гэж үздэггүй байна. 
Мао даргын үед нэг хэсэг энэ авилгалыг Улаан хамгаалагчдын хядлагаар нам дарж чадсан. Гэвч яг л олон толгойтой могой шиг буцаад амилаад босоод ирсэн, хятад үндэсний сэтгэлгээний суурь хөрс нь язгуураасаа ийм учир ердийн хууль журмыг чангатгах, хэрэгжүүлэх төдийгөөр авилгалыг багасгах, бууруулах ямар ч боломжгүй юм гэлээ.
Си тэргүүтэй Коммунист намын авилгалын эсрэг хийж буй тэмцэл нь эцсийн дүндээ хятадын язгуур соёлыг хөндөж буй тул энэ байдал нэг талаас хятадыг задлах аюулд хүргэж мэдэхээр байгаа, нөгөө талаар авилгал нь энэ янзаар эрчээ авчихвал хятадынхаа хөгжлийг сорж мөхөөж ч мэдэхээр байдалтай байгаа. МАШ ХҮНД байгаа.. 
Ер Хятадаас өөр үндэстэн ядуу буурай, өлссөн зовсон хүмүүст төрөөс, сайн дурын хандивлагчдаас тусламжаар ирүүлж буй хөрөнгийг хувьдаа завших сэтгэлгээ бараг үгүй байдаг. Ялангуяа монголчууд та нарт ийм зүйл бараг үгүй. Харин хятадууд ийм зүйлийг өчүүхэн ч эргэлзээгүй, эмзэглэлгүйгээр хийдэг. Энэ бол хятадын яаж ч аргалж болохгүй мөн чанар гэлээ.
- Хэрвээ авилгал хятад үндэстний язгуур мөн чанар нь юм бол өдий хүртэл хятадууд өөрсдийгөө мөхөөчихгүй хэрхэн яаж тэсэж ирсэн хэрэг вэ? хэмээн хэрэг болгон асуувал,
- Та нэг зүйлийг мэдэхгүй гэж үү? Хятад үндэстэн зөвхөн харь өөр үндэстнээр удирдуулсан цагтаа л нэгдэж, эвлэж, энэ авилгал нь багасаж ирсэн байдаг юм. Зүрчидийн Тан улсын үед их сайхан болж ирсэн. Дараа нь мөн Зүрчидийн Алтан улсын үед ч тийм байсан. Монголчууд та нарын удирдлага дор хятад их том гүрэн байлаа. Дараа нь Манж нарын удирдлага дор бүр ч том гүрэн болсон. Тэр хаант улсын үеүдэд хятад хятадтайгээ тэмцдэггүй байсанд л хамаг хэрэг учир нь байсан. Тэдгээр харийн хаад нар яваандаа хятадын эдийн болон соёлын авилгалын далайд живсээр байгаад мөхдөг байлаа. Харин одоо өөрсдийгөө мөхөөж эхэлж байна гэж байх юм даа...
Мөн "Хятад авилгалтай үр дүнтэй тэмцэж байгаа, үр дүн гарч байгаа гэдэг. Том том бүлэглэлүүдийг барьж, дарж, тэдний толгойлогчдийг цаазалж байгаа нь үнэн. Үүгээр үзвэл Си-гийн тэмцэл үр дүнтэй байгаа харагдана. Гэвч дунд, доод шатанд авилгал огтхон ч буураагүй, улам бүр өнгө зүсээ хувиргаж, амь бөхтэй, нарийн аргатай болж, өргөжин тэлж байгаа" гэв...
.
Хятадын хаалттай нийгмээс ийм яриа сонсогдож байгаа нь сонин байлаа. Энэ яриа хятад улсдаа хайртай, хятадыг бүү задраасай гэсэн, хятадынхаа өнөөгийн байдалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандсан, сэтгэл эмзэглэсэн хятад хүний яриа болохыг анзаарна биз ээ...
Хятадыг зөвхөн гаднаас нь харж буй бидний хувьд хятадын дотоод ертөнцийг тэр бүр сайн мэдэхгүй юм. Энэ хүний ярьж буйд үнэний хувь нэлээд буй байх аа...