Monday, June 8, 2015

МАРТАГДСАН ТЭМДЭГЛЭЛЭЭС...


Хорин хэдэн жилийн өмнө буюу 1987-1995 онуудад бичиж байсан тэмдэглэлийн маань хэдэн дэвтрүүд хогон дотроос гараад ирэх юм. Зарим нь үрэгдэж алга болсон бололтой. Зарим нэгэн хуудсыг сөхөж харлаа. Өдөр болгон шахуу бичдэг байжээ.
Хөөрхөн аятай сэрэл мэдрэмжүүд, бодрол ч байна. утга учиргүй хийрхэл ч байна. Гэхдээ ихэнхдээ уйтгар гуниг, ганцаардал, гутрал нэвт ханхална. Ёстой цэл залуу байж дээ..
.
***
1992 оны 12 сарын 30-нд
Тиймээ, хайрын нууцлагдмал, шавхагдашгүй хүчин нь ойлгоход, зөвхөн ойлгоход л байгаа юм. Өөр юу ч биш, Энд ямар нэгэн далдын хүчин, тэнгэрлэг цэгийн тухай бодох ч, найдах ч хэрэггүй, Ердөө л тун энгийн хирнээ ярьвигтай зүйл болох ойлгох, ойлгож чадахад л хайрын хамаг нууцлагдмал, шавхагдашгүй хүчин оршдог юм байна.
.
***
1993 оны 1 сарын 4-нд
... Аугаа суут чанар гэдэг бол сэтгэл зүрхэнд агч тэрхүү тайтгарашгүй няцаагдашгүй шинж юм....
... Ингэхэд "хайртай хүнийхээ төлөө, хайртай байсныхаа төлөө юу хийлээ, юугаа золилоо" гэж хэн хэллээ. Арай зүүд биш байгаа...
.
***
1993 оны 1 сарын 5-нд
Архитай аяганы ёроолд уйтгар гунигаа олж харав би
Алтаар ч жишимгүй анхилхан залуу нас минь
Архины шавхруутай найрлан суух юм тэнд....
Амьдрал ариухан, яруухан байх ёстой гэж
Адарч, бас итгэж сөрсний минь хариу энэ үү
.
Давчуухан өрөө, тамхины утаа, лааны чичигнэсэн бүгт гэгээ
Даарч цэлхэрсэн согтуу нүд, өвдөл цөвдөл цаас, ном
Ганц шил сархад л харин өмнө минь хань болон сүүдийж
Гарцаагүй чиний л буруу гэж байж ядтал чичлэх юм...
.
***
1993 оны 1 сарын 11-нд
Печоринг дахиад л бариад авав. Лермонтовын хачин янзын сийрэгхэн хурц хошигнол, амьд дүрслэлээр дүүрэн мөр бүхнээс нь цэнгэл эдэлнэ. Намайг өөрийн эрхгүй эрхшээлдээ оруулж, болж буй үйл явдлуудын хажууд хараад зогсож буй гэрч болгочих шиг л санагдана. "Ингэж нэг сайхан юм болдог байж" гэх шиг лл...
.
***
1993 оны 1 сарын 24-нд
Das Boot . Teil 123456
"Сайн хүмүүс ямар ч үед хэрэг болдог юм даа"
"20 минутын дараа дээш гарна"
-Зул сарын баяр, хайр сэтгэлийнхээ баярыг тэмдэглэж чадахгүй нь ээ
-Хуурай газар очоод
-Нээрээ тэгэх юм байна шүү. Нээрээ тэгэх юм байна. Энэ чинь зөв, энэ чинь зөв.
Хүмүүс, хүмүүс, хүмүүс. яагаад нэгнээ хайрладаггүй юм бэ? Энэ мөнхөд эргэлдэх цаг хугацааны ганхцхан эгшинд бие биеэ олж төрчихөөд, энэ өчүүхэн эгшинд яагаад амжаад нэг нэгнээ хайрлаж чаддаггүй юм бэ? Яагаад, яагаад хүмүүс бид бие биенээ хайрлаж чадахгүй байна вэ?
"Ноён ахлах дэслэгч Клоун"
"Ноён ахлах дэслэгч Клоун"
Хатамжтай бодлоготой, зоримог царай, хоёр завжин дахь гүн үрчлээ, үл ялиг жимийсэн уруул, нэвт ширтэх тунгалаг харц, санаа бодлоо барьж сурсан хатамжтай ган мэт, гантиг мэт дүр төрх, ....
.
Хуурай цахилах харцнаас нь нулимс эгнэгт зугтжээ
Хувь заяаны төөрөгт өөр юуг ч алдах билээ
Хором нэгэн эгшин гэдэг ямар их үнэтэйг
Хуудас захиа ч биш, дусал нулимс ч биш
Хуурай цахилах тэр харц л хэлж чадна аа...
Зөнгөөр ирсэн амьдрах их хүсэл
Дааж ядсан ачаандаа хатуужин хатаагднам
Хатаагдсан тэр л ган хэзээд өөрийнхөөрөө байж
Харин мөхөл ирэхэд чив чимээгүй живжээ.
Өндийн сөрсөн бүхэнд өр зүрхээ дэлгэе
Өнийн их хүсэлд нь өвдөг сөгдөн мэхийе
Өрөвч уян сэтгэлийнх бишээ, энэ минь харин
Үнэ цэнээ мэдэрсэн амьдралыг тань бахадсаных аа...
.
***
1993 оны 1 сарын 26-нд
Хөөрхий минь, чинийхээ энхэр зөөлөн гишгэгдлийн чинь чимээг чагнаархан
Хөөрхөн хөлний чинь гишгэсэн мөрний хичнээн ч бүлээхнийг мэдэрч
Үймэрсэн үй олон сүг сүүдрийн дундуур хэсчүүлэн хайж
Үрэл сувдан нулимсаа хэлхэн өөд уруугүй өнөд тэнэнэм
.
Аяа, чиний минь сүүдэр унасан газар юутай ч азтай вэ гэж
Атаархаж ядсандаа зүрх минь лугшиж, нүд минь тэнд унанам.
.
***
1993 оны 1 сарын 28-нд
Үнэн - чамайг тэврээд дэнгийн эрвээхэй шиг шатьяа гэсэн юм
Үзтэл чи юунд нүүр буруулан надаас зугтнам
(Үгүй бол чи ерөөс энэ орчлонд үгүй юм уу)
Үхэл ойртож, үүд тогших нь элбэгшлээ гэтэл
Үлэмж нэгэн сэтгэл минь чамайг үгүйлсэн хэвээр ....
.
***
1993 оны 1 сарын 29
Бараан шөнө мөнхийн гэлтэй нэвсийн унав
Байж ядтал харанхуй хайрав, яанадаа тэсэхгүй нь гэтэл
Үүр цайлаа, дорноос гэгээ татуулсаар гэвээ
Үзтэл биш, харин чиний минь мишээл байв аа...
.
***
1993 оны 1 сарын 31-нд
-РУБАЙ-
Алишер Бек Новай-д
Далай болон цалгилах нулимс гэж хаанасан
Дааж үүрч чадахгүй зовлон ч гэж хаанасан
.
Хоосон цулгай бүхнийг хайрын балаар дүүргэж
Хоёргүй нэгэн сэтгэлээр ижилдэн дасах амраг ч гэж хаанасан
.
Зүрхийг ч уярааж, зүүдэнд ч амилах атлаа
Зүс буруулж хагацал амалдаггүй учрал гэж хаанасан
.
Өнөөдрийг ч мартан, маргаашийг ч умартан хундага дүүргэн сөгнөх
Өнийн цэнгэл найр хурим ч гэж хаанасан
.
Өөдлөхөд ч, уруудахад, өшихөд ч баясахад ч байдгаараа л байх
Үсэн буурайж үхэл ирэхэд ч үл элэх үерхэл гэж хаанасан
.
Үргэлжийн ээлж халаа үхэх төрөх хоёроос өөр
Үнэнд хүрч очих, ядахдаа дөтлөх жим ч гэж хаанасан
.
Өр зүрхээ хагалж, шан татая даа одоо Навой минь, тэсэж үз
Өөрөө өөртөө л итгэж үнэнд очих, ядахдаа дөтлөх жим хайя даа, өөр яахсан.
.
1993 оны 3 сарын 8-нд
...Элэг эвхэн, уулсын салхин дор дагжин суухдаа би
Эвхрэн нүүх үүлсийн цуваанд дүрийг чинь эсгэнэм...
.
***
1994 оны 1 сарын 16-нд
Тоглоом ч үгүй амиа тэвччихмээр, энэ утга учиргүй хуран үймсэн хорвоогоос сайн дураараа зугтчихмаар санагдаад байх болов.
.
***
1994 оны 2 сарын 12-нд
Сүсэгтнүүдийн сүрлэг чимээгүй цувааг үл анзаарсан мэт
Сүмийн алтлаг орой дээгүүр алсыг ширтэн алхах даа би
Үл тасалдах энэ цувааны хаа нэгтээд
Үзсэгэлэн гоо охин алга хавсран залбирчихаад
Гашуудан бөхийсөн уд модны сүүдэрт
Гартаа цоор хөгжим бариад амсхийн суугаа
Учир битүүлэг харцтай нэгэн хөвүүний тухай дууг
Уянгуулан дуулсаар ирж яваа гэж итгэнэм...
...
Таарсан хуудсуудаа сөхөж харахад нэг иймэрхүү... Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан гэдэг шиг эдгээр тэмдэглэлүүдээ эргүүлж мөлжвөл жаал жуулхан юм гарах л бололтой...

1 comment:

Блогчин хүү Commie said...

Өдрийн тэмдэглэл хөтөлдөг байвал уг нь зүгээр байгаа юм. Заримдаа цагийн гарз гэж бодоод хаячихдаг. Тэгтэл 20-30 жилийн дараа үнэхээр үнэ цэнтэй материал болж байгаа юм даа. Хичнээн мундаг хүн байлаа ч амьдралдаа болж өнгөрсөн бүхнийг төдөн сарын төдний өдрийн төдөн цаг минут гээд бүгдийг нь санаад байдаг хүн гэж байхгүй ш дээ. Тэмдэглэж үлдээж л байх нь зөв.