Tuesday, September 22, 2015

БАЛ ДАРГА МААНЬ ИЙМ Л ХҮН БАЙЖ ДЭЭ. . .

Энэ өдөр буюу 1916 оны 9 сарын 17- нь Монголын ард түмний нэгэн үеийн түүхийг тодорхойлж асан, ард түмнийхээ чин үнэнч, бат итгэлтэй хүү Ю.ЦЭДЭНБАЛ Увс аймгийн Давст сумын Цагаан бураа хэмээх газар мэндэлсэн өдөр юм.

НЭГЭН ДУРСАМЖ: 
Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Тээр жил Баянголын зуслангаас өглөө ирж явтал олон цоо шинэ комбайн баруун тийшээ цуваагаар явж таарлаа.Комбайнууд ч зогсов. Тэгтэл нэг комбайн зогсолгүй ойртоод ирлээ. Би ч зогсов. Бие хамгаалагч Лодонгаваа ч зогс гээд хаалгаа онгойлгоод хашгирч байлаа. Комбайн зогсолгүй явсаар даргын сууж явсан манай машины зүүн талын хаалга, хажууг зураад өнгөрөв. Бид цааш замдаа орж, автынхан нөгөө комбайны араас хөдөлцгөөв. Дарга ордны үүдэнд буухдаа намайг нэг комиссартай очоод тэр комбайны жолоочийг
"Зүгээр явуул гэж автынханд хэл.. тэгээд харж байгаад явуулчихаад ир. Алс холоос шинэ техник аваад яарч явсан хүн биз. Бас техникээ бүрэн эзэмшиж амжаагүй яваа залуу хүн байгаа биз. Ажлаа сайн хий, комбайнаа сайн барьж сур гэж захь"
гээд явуулсан. Нээрээ л тэр жолооч Хархорины САА-гаас ирээд курст суралцаж төгссөн шинэ хүн, комбайнаа сайн жолоодож сураагүйгээс машин хараад сандарсандаа зогсоож чадахгүй явсаар даргын машиныг шүргэсэн байсан. Комиссар даргын хэлснийг хэлээд явуулахад тэр жолооч залуу учиргүй их баярлаж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Засгийн Газрын ордны хоол зөөгч байсан Н.Удриана: Манай нөхөр Түгжсэнгэ даргын тогооч байлаа. 1968-1969 онд Баянхонгор аймагт зуд болох үеэр манай нөхөр Түгжсэнгэ Цэдэнбал даргатай хамт явсан юм. Тэгэхэд нөхөр маань залуу ч байж, гоголь малгай, каракуль захтай польтотой явж байж л дээ. Цэдэнбал дарга
"Зуданд явж байж бүжгэнд явж байгаа юм шиг ингэж яаж явж болохов"
хэмээн сайн зэмлээд өөрийнхөө нэг ээлжийн дулаан өмд курткыг өмсүүлсэн байсан. Нөхөр маань гэртээ ирэхдээ даргын хувцастай ирж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ: 

Тусгай хорооны түрүүч Д.Дашцэрэн: 1981 оны цагаан сарын битүүний шөнө Бал даргын өвлийн ордонд харуулд гарч байлаа. Гэтэл даргын комиссар нь яагаад ч мэдээгүй юм, Бал дарга тавагтай хоол, боов чихэр барьчихсан дэргэд хүрээд ирдэг юм. Би сандрахдаа рапорт өгөөд номхон зогслоо. Дарга "Сайн байна уу? Даарч байна уу. Үүнийг ид. Би наад бууг чинь барьж байя" гэж хэлэхээр нь "Болохгүй шүү дээ, дарга минь" гэж хэлтэл "Би мэдэж байна аа. Зүгээр" гээд бууг минь авч, би өөрийн эрхгүй хоолыг нь авч идсэн юм. Сандарсандаа ямар хоол байсныг нь ч мэдэлгүй маш хурдан идсэн. Харин хамаг бие дулаацаж их сайхан болж билээ. Дарга "Цагаан сар гарлаа, чи хө хөдөөнийх үү? Аль аймаг вэ?" гэж асуулаа. "Өвөрхангайнх" гэвэл "Гэрээ санаж байна уу? Халагдах болж байгаа юу?" гэх мэтээр асууж ярилцаж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Өмнөговь аймгийн Хоршооллыг дэмжих төвийн тэргүүн Ч.Батням: 1960 оны өвөл юмсан. Дүн хүйтэн эхэлсэн тэр үед гэр бүлгүй хэсэг залуус уурын халаалтгүй галладаг дан шавар байшинд түлээ түлшээ олоод түлчихэж чадахгүй ядруухан зутруухан байлаа. Тэр үед Цэдэнбал дарга ирж, бидний байраар явж үзээд, дараа нь Аж үйлдвэрийн комбинатын дарга, Намын хорооны дарга нарт хандаж: - Та нар энэ сайхан залуу ажилчидаа тийм хүйтэн байранд суулгаад өөрсдөө халуу дүүгсэн конторт сууж байж таарахгүй. Энэ контороо суллаж, тэр залуучуудыг суулга. Өөрсдөө үйлдвэр дээрээ конторло" гэж хэлсэн ёсоор болж, бидний залуус халуу дүүгэсэн дулаан байшинд өвөлжиж билээ.
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Хөнгөн Хүнсний үйлдвэрийн сайдаар 20 гаруй жил ажилласан П.Дамдин: Хүүгийн маань бие муу, астамтай учир гадаадад эмчлүүлэх шаардлагатай байлаа. Энэ учир шалтгааны үүднээс би дарга дээр орж Герман, Чех улс руу явуулж /томилж/ өгөхийг хүссэн юм. Дарга хариу өгсөнгүй, би ч лавласангүй хэд хонов. Дарга ч Хар тэнгис рүү амралтад яваад өгсөн. Гэтэл нэг өдөр Бал даргын туслах над руу залгаж "Цэдэнбал дарга Хар тэнгисээс утасдаж байна. Таныг 1 цагт миний /туслахын/ өрөөнд ирээд байж бай гэж хэлүүллээ" гэв: Би ч их гайхан яваад очтол дарга яг цагтаа залгав. Тэгээд
"Гадаадад суулгаж өгөөчээ гэж хүсэлт тавьсныг чинь мартчихсан байна. Чиний ажлын талаар бол ярих юм байхгүй ээ, сайн. Чи ажлаа хийдгээрээ хий. Харин эхнэр хүүхэдтэй чинь чамайг эмчилгээнд гадагшаа явуулж өгөе. Тэр Армян билүү, Гүржид астмыг их сайн эмчилдэг газар байна гэнэ. Чи тийшээ яв"
гэхэд нь их баярлаж билээ. Ер ганц миний ч төдийгүй хэний ч тэр хувийн гуйлтийг биелүүлэхийг боддог их тусч хүн байсан даа...
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Комиссар нь байсан Н.Дамбасүрэн: Нэгдэх өдрийн өглөө ажил цуглаж байхад Д.Төмөр-Очир, хамраас нь цус гоожсон харуулын хамт (ахмад Жанчив гэдэг
хүн байсан) бөөн дуу шуу болчихсон орж ирлээ. Учрыг нь лавлавал Д.Төмөр-Очирыг орж ирэхэд нь пропускаа шалгуулахыг харуул шаарджээ. Д.Төмөр-Очир "-Муу шинелийн гол минь чи намайг танихгүй байна уу?" гэхэд цаадах нь "Таньж байгаа боловч хэн ч байсан пропускаа шалгуулж байхаар тохирч, журам гаргасан шүү дээ" гэхэд уур нь бадарсан Д.Төмөр-Очир Жанчивын мөрөн дээрээс мөрдөсийг нь хуу татаж, улмаар хамрыг нь дамнуулан алгадсан учир тийнхүү цус гарчээ. "Журам бол журам л байх ёстой. Нэгэнт ярилцан тохиролцсон бол сүүлд түүнээ зөрчинө гэдэг байж болшгүй. Тийм учраас цаашид заавал шалгуулж, шалгаж байх хэрэгтэй" гэх зэргээр Цэдэнбал дарга энэ маргаанд оролцон ятгасны дагуу сая энэ маргаан дарагдсан билээ. Төмөр-Очир ийм л шазруун, догшин түргэн ууртай хүн байсан. Гэвч юу ч болж байсан Бал дарга Төмөр-Очирт сайн хэвээрээ, түүнийг бүх юман дээр ямагт дэмжинэ. Сүүлд нь бас дэмжиж байгаад Москва хотноо гүн ухааны цол хамгаалуулахаар аспирантурт явууллаа. Түүнийг сургуульд байх хооронд ар гэрт нь байнга тусална. Бас өөрөө Москвад ажил төрлөөр очихдоо хоол унд, мөнгө хувцас байнга залгуулдагсан. Зуны амралт болоход нь Сэлэнгийн хилийн гааль руу Төмөр-Очирыг тосуулахаар өөрийн хоёрхон тэрэгний нэг "М" машинаа хамгийн итгэлтэй сайн жолооч "Бух" Ёндонгоороо бариулан явуулна. Д.Төмөр-Очир зуны амралтаа эдлээд буцах хүртэл бүх хугцаанд уг унаа, жолооч хоёр дагнан үйлчилдэгсэн. Буцахын цагт нь бүх зардал, замд нь хэрэглэх хүнс, бусад зардлыг дарга даадаг байв.  Дарга цалингаа аваад маш олон номынхоо завсраар шургуулж орхино. Номынхоо төрөл, шинэ хуучнаар нь ялгах ажлыг надаар хийлгэдэг. Хааяа тэр ажлыг хийхэд тийнхүү хавчуулаад орхисон мөнгө нь нэлээд их болчихсон байна. Байсхийгээд л Төмөр-Очирыг ирэхэд дарга "Төмөр-Очир оо. Чи мөнгө төгрөгөөр ямаршуу байна. Чи одоо номуудыг нэг шалгах болсон байх аа" гэхэд цаадах нь дуртай нь аргагүй номуудын завсраар байсан мөнгөнүүдийг түүж аваад явдаг байж билээ. ... Энэ бүгдийн ач тусыг Д.Төмөр-Очир мэддэг, боддог л байсан байх даа. Чухамхүү яагаад хожим тэгэж хонь, чоно болтлоо муудалцсаныг би ойлгодоггүй юм. 
НЭГЭН ДУРСАМЖ: 
1952 оны IX сарын 1-нд Л.Цэнд Москвагаас Ю.Цэдэнбалд бичихдээ "Аспирантурт үргэлжлэн суралцах бололцоо олгосонд Танд хязгааргүй их баярлаж байна. Таны үнэлж баршгүй тусламжинд зоригжсон би намайг социализмын аугаа их оронд илгээсэн миний нам, ард түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн тулд өөрийн бүх хүч, авьяасаа дайчлах болно" хэмээн бичиж байжээ. 
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Бие хамгаалагч нь байсан Б.Төрийнжаргал: Бид даргын удаан цагаар ажилладаг аяыг нь даахгүй унтчихдаг байв. Гэтэл дарга ирээд унтсан биднийг аяархан зөөлөн татаад сэрээдэг байсан юм. "Та чанга татаад сэрээхгүй яасан юм бэ?" гэхээр "Болохгүй, чи цоччихно шүү дээ" гэдэг байсансан.
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Ахмад дайчин Х.Гэндэнбаатар: Бид хоёр чинь Увс аймагт I ангид нэг ангид хамт орж байлаа. ..Хожим бодож байхад Цэдэнбал зан аашийн хувьд маш өглөгч, өгөөмөр, дөлгөөн хүү байсан. Их гар султай. Ер нь хүнд юм өгөх дуртай хүн байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Нэрт орчуулагч Д.Алмаас: 1958 онд Хятадаас Пэн дэ Хуай Монголд ирж Ю.Цэдэнбал даргатай ярилцав. Би эхний өгүүлбэрийг нь орчуулах гээд гацчихав. Аргаа барж суутал Цэдэнбал дарга тайвнаар "Алмаасаа, битгий сандар. Би богинохон өгүүлбэрээр ярина" гэхэд нь тайвширч, сайн орчуулсан. Сүүлд нь Цэ дарга нөхөддөө "Алмаас их сандардаг хүн шүү. Орчуулга хийхэд нь тайван байлгаарай" гэж захидаг байсан.
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Далаад оны сүүлчээр юмдаг. Оргил амралт руу ажлаар очиж цаг хиртэй болоод буцаж ирсэн юм. Замдаа юу ч хэлээгүй, ирээд хашааны үүдэнд "Зогс, би бууна" гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл
Буцаад яв. Гүүрний цаадах автобусны зогсоол дээр хүүхдээ тэвэрсэн нэлээд ачаатай эмэгтэй байсан. Түүнийг яваагүй байвал хаа хүрэх газарт нь хүргэж өгөөд ир. Чи бид хоёрыг урагшаа явахад зогсож байсан, сая эргээд ирэхэд зогсож л байна билээ. Хүүхэд нь хэцүүднэ""
гэв. 120 мянгатын буудал дээр очиход нээрээ нэлээд ачаатай, хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй байв. "Нисэх орж, Хэнтийн онгоцонд суух гэсэн, автобус хүлээгээд" гэж байна. Бид ч нисэх рүү давхилаа. Буудалд ороход онгоц зарлаж байв. Хүүхэн баярласандаа уйлаад л байж билээ...
.
НЭГЭН ДУРСАМЖ: 
Улс төрийн газрын орлогч дарга асан Ж.Жамсран: Би өвдөөд Германд хэвтэж байлаа. Сувилагч "Танай садан төрлийн л хүн бололтой утсаар ярьж байна. Утсаа ав" гэлээ. Авсан чинь Цэдэнбал дарга байна. "Жамсран уу? Чиний бие яаж байна" гэхэд нь хариугаа ч гүйцэд хэлж чадахгүй уйлж билээ. Би 17 насандаа Дотоод Яамны үүдний цагдаа байхдаа Бал даргад сайдынхаа бичгийг оруулж өгч байсан, дараа нь тэр хүний гараас бас нэг удаа шагнал авсан. Сургуульд байхад надад хичээл заадаг байсан, хожим ажлын томилолт авсан. Мөн Улс төрийн товчоогоор алдаа хийлээ гэж хатуу донгодуулж байсан, жирийн л нэг хүн. Гэтэл хаа хол Германд эмнэлэгт муу байхад намайг олоод бие асууж байв. Ийм л хүн байлаа.
.

Бал дарга маань ийм л хүн байж дээ...
Ард түмнийхээ ЧИН ҮНЭНЧ, БАТ ИТГЭЛТ ХҮҮ гэдэг алдар бол тэр бүр аавын хүү, алдартан, гавьяатанд, хэн бүхэнд олдомгүй хамгийн эрхэм сайхан алдар юм шүү. 
Би тахин шүтэгч биш, гэхдээ хайрлан хүндлэгч. Энэ их хүний гэгээн сайн үйлс их юм шүү. 1990-ээд он гарсаар энэ хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж, чин үнэнээр зүтгэж ирсэн зүтгэлийг нь гутаан нулимж, нэрийг нь хэлэхээс ч цээрлэх нь холгүй зэнзийрхэж, хэрвээ энэ хүнийг дурсах хүн байваас хоцрогдсон тэнэг мунхаг, ардчиллын эсрэг хүн болгож, ад шоод үзэх хэмжээнд хүртлээ туйлширсан инээдэмтэй эмгэнэлтэй харанхуй үе байлаа. Харин одоо өөр болжээ. Ороо бусгаа үеийн олиггүй муусайн буртаг тоос цагийн салхинд хийсэн одоход түүхийн үнэн улам тодрон гарч ирнэ.
Энэ хүний улс орноо удирдсан 40 гаруй жилийн хугацаанд огтхон ч алдаагүй сайхан байсан гэж би хэлэхгүй.. Алдаа завхрал байсан ч тэр нь хорон муу сэтгэл, хомхой сувдаг зангийнх байгаагүй юм. Мөн энэ хүний хийж бүтээсэн бүхнийх нь хажууд, хоёргүй сэтгэлээр ухамсарт бүхий л амь, амьдралаа ард түмэн, улс орныхоо төлөө золиослон зүтгэсэн зүтгэлийнх нь хажууд тэрхүү алдаа нь ёстой их уулын бэлд үл анзаарагдах дов байсан билээ.  Харин тэр довын чинээ алдааг нь уулын чинээ болгож, уулын чинээ гавьяаг нь довын чинээ болгон гуагачих хэрээ турлиахны дуун одоо эрх биш үнэний хананд цохин сарнин замхарч байна. Ард түмэн их хүүгээ үнэн зөвөөр нь, алдаатай, оноотой нь харж, үнэлж, хайрлан хүндлэх тийм цаг үе иржээ.
Ю.Цэдэнбалын улс орноо удирдаж асан 40 гаруй жилийн хугацаанд Монгол улс эрчимтэй хөгжин цэцэглэж, монгол үндэстэн сэргэн сэхсэн цаг үе байлаа... 
Ю.Цэдэнбал даргын улс орноо удирдаж асан тэр цаг үеийн гэрэл сүүдрийн талаар түүхийн хуудаснаа хангалттай баримт материал бий. Амьд гэрчүүд ч өнөө олон байна. Тиймд энэ талаар олныг үл өгүүлэн хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан талаар зарим нэгэн дурсамж, дурдатгалыг сөхөж үзвээс ийм байна.
Ю.Цэдэнбал бол жинхэнэ утгаараа ХҮНЛЭГ БУРХАНЛАГ ХҮН байжээ... Тэрбээр хүнлэг ёсыг зүгээр нэг удирдлага, мөрдлөгө болгоогүй, харин хүнлэг ёс, энэрэнгүй сэтгэл түүний мөн чанар нь байж дээ гэсэн бодол төрөх билээ.

(Дээрх дурсамжуудыг доктор, профессор Ц.Жамбалсүрэн гуайн "Ю.ЦЭДЭНБАЛ: Эрин зууны түүхэн элч" номоос авав)

Сүү хөтөлбөрийн Сүхбатын хэрэг

Нөхөр Төмөрбат Сумын засаг дарга болсныхоо дараахан нэг ажил эхлүүлжээ. Хийх ажил нэн тодорхой. Засаг даргын мөрийн хөтөлбөрт сумын иргэдийг хямд цагаан идээгээр хангана гээд тов тодорхой заачихсан байж. Энэ зорилтыг л хэрэгжүүлнэ. Яаж вэ гэхээр Сумын төвөөс 35 км-т байдаг иргэн Шаавайхүүгийн үнээний фермээс газар дээрээс нь хямд үнээр сүү худалдан авч боловсруулаад сүүн бүтээгдэхүүнээр сумын төвийн иргэд болон эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг хангах... Сумын төвд зах зээлийн ханшаар бол литр сүү зуны улиралд 1000 төгрөг, намар өвлийн цагт 1500 төгрөгний үнэтэй. Харин ааруул кг нь 15 000 төгрөг, өрөм 6000 төгрөг. Зах зээлийн энэ үнээс л хямдаар борлуулах ёстой. Уг нь үнээний ферм дээрээс нь авбал литр сүү 300 төгрөг л дөө. 
Ажил эхэллээ.

Сүүтэй Буян хоршоо байгуулсан нь
Ноён засаг дарга энэ ажлаа “СҮҮ ХӨТӨЛБӨР” хэмээн нэрлэж, өөрийн орлогч Сүхбатад тус ажлыг хийж гүйцэтгэхийг даалгасанд юуны өмнө СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО байгуулж, татан буугдсан банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан сэргэлэн, сүйхээтэй залуу Доржжаваар удирдуулав. Доржжав сайн ярьвал Сүхбаттай холын хамаатан болох хүн, гэвч сумын төвд үзээд өгөе гэсэн ч өөр тийм сэргэлэн хүн орлогчийн санаанд орсонгүй. Түүнд сард 750 000 төгрөгийн цалин амлав. Ингээд орлогч Сүхбат, Доржжав нар урам зоригтой ханцуй шамлан ажилдаа оржээ.
Шаавайхүүгийн үнээн фермтэй хоршсон нь
Юуны өмнө тэд Үнээний фермийн эзэн, “Баялаг нуга” ХХК-ийн эзэн Шаавайхүүтэй очиж уулзан, тэдний өдөр тутмын бүх сүүг он дуустал тасралтгүй авч байхаар гэрээ хийв. Өдөр бүр дор хаяж 300 литр сүү. Сүү саалиа борлуулах ажлыг нь ихээр хөнгөвчилж буй гэсээр байгаад литрийг нь 300 биш 270 төгрөгөөр худалдаж авахаар боллоо. Эхний алхам амжилттай. Гэвч нэгэн хүндрэл гарсан нь Шаавайхүү төлбөрийн тодорхой хэсгийг урьдчилгаа болгон бөөнөөр нь авах болзол тавив. 9 сая төгрөг. Шинэ тутам байгуулагдсан СҮҮТЭЙ БУЯН хоршоонд тийм мөнгө байсангүй, учир байдлаа Засаг даргадаа хэлбэл, дарга өөрийн мэдлийн хөрөнгөнөөс 6 саяыг 6 сарын хугацаатайгээр хүүгүйгээр зээлүүлэх болжээ. Засаг дарга, Орлогч хоёр хувиасаа тус бүр 1.5 сая төгрөг гарган нэмэрлэв. Түүнээс гадна Засаг дарга Үнээн фермийн эзэн Шаавайхүүг тусгайлан хүлээн авч уулзан, аж ахуйгаа өргөжүүлэхэд нь зориулж сум хөгжүүлэх сангаас 26 сая төгрөгийн маш хөнгөлөлттэй зээл олгосон байна (орлогч энэ бүх ажилд сумын ЗДТГ-ын 69 машиныг хөлөглөн явжээ).
Тээвэрлэсэн нь
Удаад нь сумын төв рүү сүүгээ зөөвөрлөх ажил байлаа. Хэд хэдэн хүнтэй уулзсаны эцэст амжиргаа цагаан жолооддог Халзантай хэлэлцэн тохиролцов. Сумын агуулахад байсан хуучин цагийн хэдэн 40 литрийн битоныг өгч, өдөр бүр сүү тээвэрлүүлэх, ингэхдээ шатахууны үнээс гадна сард 600 000 төгрөгний цалин өгөхөөр ярив. Эхэндээ Халзан цалингаа чамласан ч сард 600 000 бол сумандаа том цалин гэдгийг ойлгоод зөвшөөрчээ. Уг нь өдөрт үсрээд 3 цаг л зарцуулах ажил байлаа. Үнэхээр шар тос л гэсэн үг. Халзангийн эхнэр бол шинэхэн Засаг дарга Төмөрбатын эхнэртэй бүл улс байв.
Боловсруулсан нь
Гурав дахь том ажил нь сумын төвд зөөвөрлөж авчирсан 300 литр сүүгээ өдөрт нь хөөрүүлж, өрөм тосыг нь авах, мөн тараг, бяслаг, аарц ээдэм хийх... Эрхэлсэн ажилгүй хоёр гэрийн эзэгтэйг энэ ажилд дайчлав. Сард 450 000 төгрөгний цалинтай. Авгайчуул баяртай хүлээн авчээ. Энэ хоёр авгайн нэг нь орлогчтай бага ангидаа хамт суралцаж байсан, нөгөө авгайнх нь нөхөр сумын ЗДТГ-ын жолооч юм байж. Сумын захиргаа өөрийн мэдлийн 2 гэрийг гаргаж өгөв. Тогоо сав, шанага, дэлгэц гээд зарим зүйлийг ар гэрээсээ хүртэл цуглуулав. Түлш түлээ, цахилгааны төлбөрийн асуудлыг ЗДТГ-аас хөнгөлж өгчээ.
Борлуулсан нь
Ингээд л ажил эхэлсэн байна. Өдөр бүр доод тал нь 300 литр сүү авчирч, талыг нь 600 төгрөгөөр сумын төвийн иргэдэд болон сумын төвийн албан байгууллагуудад зарав. 1000 төгрөгөөр авч байсан сүү 600 төгрөг болтол буурсанд иргэд баяртай байх нь ойлгомжтой. 
Үлдсэн сүүг нь хөөрүүлж, өрөм тос, аарц, ааруул, бяслаг болгон борлуулж эхлэв. Ажил ч гялалзаж, ард олон ч ам сайтай, ашиг орлого ч овоо. Засаг даргын мэдлийн хөрөнгөнөөс зээлсэн 6 сая төгрөгөө 4 сарын дотор төлж барагдуулав. Нөгөө хоёрын мөнгийг ч дараагийн хоёр сард төлөв. Хоршоо юутай ч үйл ажиллагааныхаа зардлаа бүрэн нөхөж, 3 хүнийг цалинтай байлгаж, дээр нь улсад бага ч гэсэн татвар төлөх болов. Бага сага хуримтлал гарч эхэлсэн ба түүгээр тос цохих машин, мөн хоршоондоо нэг амжиргаа цагаан хэмээх машин, гэр зэрэг авахаар төлөвлөж байв.
Хардлага эхэлсэн нь
Намар дуусаж, өвөл ч өнгөрч, хавар болов. Энэ үеэс л СҮҮТЭЙ БУЯН хоршооны талаар иргэдийн дунд зарим нэгэн дэл сул яриа гарах болжээ. Тухайлбал, үнээний фермээс 270 төгрөгөөр авдаг сүүгээ 600 төгрөгөөр бидэнд зарж байна, Засаг даргын ТГ-ын нэр барьж нугалсан ашиг хийж байна гэсэн эхний шүүмжлэл. Удаах нь эмнэлэг, цэцэрлэг зэрэг зарим албан газрууд сүү сааль өгч авахдаа цаад балансан дээрээ 600 биш 1200 төгрөгөөр худалдаж авсан гэх зэрэг яриа юм. Засаг даргын эсрэг сөрөг намын нөхөд үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй. Засаг дарга Төмөрбат, орлогч Сүхбат нар хууль бус зүйл хийж, албан тушаалаа ашиглан авилгал авч байна гэсэн хэл ам дэгдээв. Сумын ИТХ дээр энэ асуудлыг хэдэнтээ ярилцаж, мэтгэлцсэн ч хүч тэнцүүхэн хоёр намынхан нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй, хэрэлдсээр, зодоон дээрээ тулах шахаж тарцгаах болов.
Хаврын сүүлчээр Баялаг нуга үнээний фермийн эзэн Шаавайхүү хохирогч болон шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сумын сөрөг хүчний намын үүр болон иргэн Ц.., Д.. нар түүнийг нь баталгаажуулан өргөдөл гаргажээ. Мэдээж хэрэг сумын сөрөг хүчнийхэн Шаавайхүүгийнх рүү хэдэнтээ явцгаасныг олон хүн мэднэ.  Ингээд хаваржингийн маргаан хэрүүл болсны эцэст сумын ИТХ хуралдан Засаг дарга Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргав. Аймгийн засаг дарга шийдвэрийг нь баталж, Төмөрбат ширээнээсээ гулслаа. Харин сумын сөрөг хүчний намын удирдагч Сумын Засаг дарга болов.
Хоригдсон нь
Аймгаас аудиторууд, шинжээчид ирж, СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО-ийн тайлан дансыг зунжин ухав. Энэ ажил эхлэхээс л СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО –ийн үйл ажиллагааг зогсоон, Сүхбат, Доржжав нарыг баривчлан аймгийн хорихт хүргэжээ. Баялаг нуга үнээн фермийн эзэн Шаавайхүү гол хохирогч болон тодорч, хошуугаа унжуулан явах болов. Энэ хооронд хатааж амжаагүй хэдэн зуун кг аарц, бяслаг, өрөм СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО-ны агуулахад хөгцрөн муудав. Зөвхөн шүүхийн шийдвэр эцэслэн гарч байж л уг бүтээгдэхүүнийг зарж борлуулах байсан учир тэнд хэн ч хүрэх, зарах, авч ашиглах эрхгүй байлаа. Сумын иргэд литр сүүгээ бүр 1200 төгрөгөөр авдаг болов.  Намар нь Сум дундын шүүхээр Сүхбат, Доржжав нарыг таслан шүүх хурал боллоо. Шинжээчдийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэж прокурорууд ялын санал гаргаж, Сүхбат, Доржжав нарын өмгөөлөгчид хариу мэтгэлцэв. 
.
Мэтгэлцээн 1:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО нь 8 сарын хугацаанд Баялаг нуга үнээний фермээс 72 мянган литр сүү авсан гэсэн баримт байгаа ч сумын иргэд, хөдөлмөрчдөд зарж борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн нь дөнгөж 50 мянган литр болж байна. Дундаас нь 22 мянган литр сүүг тооцооноос гадуур зарж хувьдаа завшсан.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО нийт авсан сүүнийхээ 50 хувь буюу 36 мянгыг нь шууд худалдан борлуулсан ба үлдсэн хэсгийг хөөрүүлж, сүүн бүтээгдэхүүн хийсэн. Сүүг хөөрүүлэхэд тодорхой хувиар эзэлхүүн багасдаг, мөн аарц, бяслаг шахахад 60 орчим хувь нь шар сүү болж үргүй асгардаг, өрмийг хайлуулж, шах тос хийхэд ч хэмжээ нь их хэмжээгээр хорогддог. Мөн аарц, бяслагийг хатаахад их хэмжээний жин хасагддаг. Эдгээр хорогдлыг хэрхэн яаж тооцсон бэ? Асгарсан шар сүүг түүхий сүүтэй адилаар 270 төгрөгөөр тооцож тооцоонд оруулж болохгүй. Түүнээс гадна СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО-ийн үйл ажиллагааг зогсоох үед тэдний агуулахад зарж борлуулж амжаагүй байсан хэдэн зуун кг аарц, бяслаг, өрөм тосыг энэ тооцоонд оруулсангүй. Тээвэрлэлтийн явцад ч алдагдал гарсан. Тухайлбал хуучин цагийн 40 литрийн битон нь хэрэг дээрээ яг 40 литр ордоггүй 38 литр ордог байна. Гэвч хоёр тал аль аль нь үүнийг огтхон ч анзаараагүйгээс 40 литр тутамд 2 литрийн алдагдал буюу нийт 3600 литр сүүг СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО дутуу авсан. Иймд харин ч Баялаг нугаас энэ хэмжээний сүү болон түүнтэй тэнцэх төлбөрийг буцаан нэхэмжлэх ёстой. Хэрвээ энэхүү сүү дутуу авсан явдалд хэн нэгнийг буруутгах гэвээс тээвэрлэсэн жолооч буруутай болно. Тэрбээр өдөр бүр 300 литр сүү фермээс хүлээн авч, нөгөө талд тоо ёсоор нь хүргэж өгөх үүрэгтэй. Гэтэл тэр үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, сүүгээ бүрэн гүйцэд авч, мөн бүрэн гүйцэд тушааж байсангүй. Сүү хийсэн бидоны таглаа муугаас их багаар сүү асгарах явдал байнга гардаг байсан.

Мэтгэлцээн 2:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Баялаг нуга үнээний фермийн сүүг СҮҮТЭЙ БУЯН хоршоо 270 төгрөгөөр авсан ч 600 төгрөгөөр борлуулж, литр тутамд 320 төгрөг, нийт 23 сая төгрөгөөр тус үнээний фермийг хохироосон. 
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: Анхнаасаа үнээний фермээс литр сүүг 270 төгрөгөөр л худалдаж авахаар гэрээ хийж тохиролцсон. Энэ хугацаанд 72 мянган литр сүүний үнэ болох 19 сая 440 мянган төгрөгийг гэрээнд заасан цаг хугацаандаа төлж барагдуулсан. Цааш нь хэдэн төгрөгөөр борлуулах, тэр ашгаасаа Шаавайхүүтэй хуваалцах болон өгөх талаар гэрээнд ямар нэгэн зүйл огт дурдаагүй. Тиймээс энэ нэхэмжлэл ул үндэслэлгүй байна. Харин ч сумын иргэдийг хямд сүүгээр хангах энэхүү ажлын буянаар Шаавайхүү нь сүүгээ авах байнгын худалдан авагчтай болсон төдийгүй Сум хөгжүүлэх сангаас 26 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл авч, фермээ өргөжүүлсэн. Энэ үнээний фермд ямар ч хохирол гараагүй. Харин ч ашигтай байсан гэж үзэж байна.

Мэтгэлцээн 3:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: Сумын засаг дарга Төмөрбат болон орлогч Сүхбат нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, шинээр байгуулсан хамаатан садныхаа хувийн компанид төсвийн мөнгөнөөс хүүгүй зээлүүлсэн. Мөн хувийн компанийн ажлын төлөө албаны унааг ашигласан. Хоршоонд сумын мэдлийн хоёр гэр болон хашааг үнэгүй ашиглуулсан.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: Энэ ажил бол сумын төвийн иргэдийг хямд сүүгээр хангах Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил учир Засаг дарга бүх боломжоороо дэмжиж ажиллах учиртай, түүнээс гадна мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын төлөө ЗДТГ-ын унааг ашигласан нь хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэхгүй байна. Зээлүүлсэн 6 сая төгрөгийг цаг хугацаанаас нь өмнө бүрэн буцаан төлсөн учир сум ямар нэгэн хохирол хүлээгээгүй. Сумын иргэдийн төлөө хийж буй ажил тул гэр болон хашааг үнэгүй ашиглуулсан. Гэхдээ энэ намраас хоршоог бүрэн бие даалгах төлөвлөгөөтэй байсан.
.
Мэтгэлцээн 4:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Сумын засаг даргаас авч хэрэгжүүлсэн СҮҮ ХӨТӨЛБӨР нь хууль бус байсан. Учир нь Засаг даргын мөрийн хөтөлбөрт СҮҮ ХӨТӨЛБӨР нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх тухай огт тусгагдаагүй. 
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - СҮҮ ХӨТӨЛБӨР гэдэг бол тусгайлсан хөтөлбөр биш, харин ЗД-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын нэр юм. 
.
Мэтгэлцээн 5:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Засаг дарга болон түүний орлогч нар хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээлэлд энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг болж байна. 
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - Хохирогч байхгүй, төсвийн мөнгийг буцааж төлсөн, сумын төвийн иргэд, байгууллагуудын эрх ашгийн тулд хийсэн ажил... Нэр холбогдож буй Доржжав, жолооч, туслах ажилтан нарын хэн нь ч Төмөрбат, Сүхбат нарыг Засаг дарга, орлогч хийж байх хугацаанд зөвхөн садан төрөл болон танил гэдэг үндэслэлээр ямар нэгэн бизнесийн ажил эрхэлж болохгүй гэсэн хууль заалт байхгүй. Гагцхүү өнөө мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гэрээ хийгдэж, үйл ажиллагаа явуулах учиртай. 
.
Мэтгэлцээн 6:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Баялаг нуга фермээс 270 төгрөгөөр авсан сүүгээ зарим байгууллагад, тухайлбал сумын эмнэлэгт 1200 хүртэл төгрөгөөр хэт дамлан зарж, хууль бусаар ашиг олсон. 
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - Энэ явдалд СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО, түүний дарга, ажилтнууд ямар ч холбогдолгүй. Учир нь сумын эмнэлэгтэй СҮҮТЭЙ БУЯН ХХ-ийн хийсэн гэрээ, төлбөр төлсөн баримтууд дээр бүгд 600 төгрөгөөр зарж борлуулсан нь баримтаар батлагдаж байгаа. Эмнэлгийн санхүү, захиргаа л өөрийн блансдаа литр сүүг 1200 төгрөгөөр авсан гэж тусгасан нь ч мөн баримтаар батлагдсан. Асуудал эмнэлгийн санхүү, удирдлагад л байна. Тиймээс тэднийг шалгах учиртай.
.
Мэтгэлцээн 7:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО, түүний удирдлага 3 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн. 
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: Чухам ямар баримтыг үндэслэж 3 сая төгрөгний татвар төлөхөөс татгалзсан гэсэн дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна. Тэр баримтаа бидэнд үзүүлнэ үү. (Баримтыг үзүүлээгүй)
Сумын засаг дарга асан Төмөрбат шүүх хуралд ирж мэдүүлэг өгөхдөө, “Би сумынхаа иргэдийг хямд сүүгээр хангая гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд энэ ажлыг санаачлан эхлүүлсэн ба үүнийг өөрийн орлогч Сүхбатдаа даалгасан юм. Энэ ажлыг буюу СҮҮ ХӨТӨЛБӨРИЙГ буруу байсан гэж үзэж буй бол хийж хэрэгжүүлсэн Сүхбатыг бус, шийдвэр гаргаж, үүрэг өгсөн Засаг дарга асан би л буруутай” гэж мэдүүлсэн байна. 
Шүүх хурал удтал үргэлжилж, албан тушаалаа урвуулан ашигласан, үгсэн хуйвалдсан, авилга авах замаар улсыг онц ихээр хохироосон үндэслэлээр Сумын засаг даргын орлогч Сүхбатыг 7, 6 жил, СҮҮТЭЙ БУЯН Хоршооны дарга Доржжавыг 3 жилээр хорих ялаар яллав. Шүүгдэгчид давж заалдах болжээ...

Сумаар нэг яриа... “Энэ түрүүчийн засаг Төмөрөө, орлогч Сүхбат, тэр хоршооны дарга гялалзсан хүү, энэ хэд ч ёстой хээгээ алдсан луйварчид байж ээ”. “Одоо ч хүнд итгэхэд бэрх болжээ. Төмөр хүү уг нь сайн л залуу юмсан. Албан тушаал, мөнгө хоёр хүнийг аймаар эвддэг юм байна”, “Сүнсгүй хогнууд, хэзээ дуусгана гэж тэр их мөнгө иддэг байна аа” гэх мэт... Бас өөр байр суурьтай хэсэг ч байлаа. Ийнхүү сумын иргэд эвлэрэшгүй хоёр тал болон маргалдах болов.
Хоршооны дарга Доржжавыг мөрдөнд байх хооронд залуухан эхнэр нь нярайлжээ. Харин нас ахимаг Орлогч дарга асан Сүхбатын бие муудаж, түүний эхнэр хүүхдүүд, Доржжавын нялх биетэй эхнэрийн хамт аймгийн мөрдөнгийн үүдэнд суулт хийв.
Үйл явдал үргэлжилсээр...

Wednesday, September 2, 2015

ТЭНЭГ ШАВИЙН ТЭРСҮҮД БАГШТАЙГЭЭ ХЭЛЦСЭН ҮГСЭЭС... 3

- Багш, багш.. Урьд орой та яагаад айлын эзэгтэйн засаж өгсөн орон дээр нь унтсангүй, гадаа бараан дээр чичирч хонохыг эрхэмд үзэв? Таныг үргэлж ийн хатуужлийг эрхэмлэдгийг би үл сананам...
- - Би хатуужлыг эрхэмлэсэндээ гадаа бараан дээр даарч хоносонгүй, цээр цэврийг эрхэмлэж тийн хонов.
--  Энэ айлыг цэвэр бус гэж та хэрхэн хэлнэ вэ? Үзтэл хог үгүй, хир үгүй цэмцгэр байсан бус уу?.
--  Орныхоо толгой дээр оймсоо тохсон айл цэвэр хийгээд цэмцгэр байх уу? Цэмцгэр гэдэг ч, цэвэр гэдэг ч үзэгдэх өнгө, үйлдэх хэв, үзэл хандлагад гурвуул хосолж байж сая мөн болдог болой... Энэ гурваас үзэл хандлага нь эхлэл юм. Үзэгдэх өнгөндөө цэвэр, цэмцгэр боловч үзэл хандлагадаа үгүй бол цэвэр цэмцгэр нь нүд хуурсан зэрэглээ төдий билээ. 
--  Багш минь, орны толгойд оймс байх нь үзэл хандлага цэвэр бусаас үүдсэн хэрэг үү?
--  Тийм, шавь минь.
Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байхыг үл мэдэх, үл ойлгох, үл мэдрэхээс
Цэвэр, цэмцгэр бус үзэл эхэлдэг. 
Цэвэр цэмцгэр бус үзлээс 
Цээр, хориог үл ялгах үйлдэл үүсдэг. 
Цээр хорио үгүй бол 
Тоос тортог үгүй ч 
Дотор чанар үнэхээрийн бохир буй. 
Хир буртаг үгүй ч 
Хилэнц бузар арвин буй. 
Түрүү, толгойн бөөс хоёроо ялгаж үл чадваас 
Үйл үртэс, үнээ сааль төдийхнийг мэдэгч энэ мэт гэрийн эзэгтэй ч, 
Үй олныг мэдэгч хаан захирагч ч ялгалгүй 
Үйл хийгээд хүмүүний 
Үнэн худал хоёрыг ялгаж хэрхэн чадах билээ. 
Үнэн худал хоёрыг ялгаж үл чадваас 
Үйлс буян хэрхэн арвидах билээ...
--  Багш минь та, тэгвэл өглөө юунд цай үл амсан, энэ өглөө дияаныг эхлүүлж буй хэмээн худал хэлэв. Та бидэн энэ оны дияаныг эрт цагт дуусгасан биш билүү? Таны энэ үйл үнэн худал хоёрын алин болохыг үл ялганам би...
--  Өлөн хирээ угаалгүйгээр 
Өглөөн цайгаа үйдэг эхнэрийн 
Өргөсөн идээ ундааныг амсах нь 
Өөр хэнд ч хор үгүй 
Өдөржин өлөн шогшихоос илүү зовлон учраас тэр билээ. 
--  Тийм бол та юунд эхнэрийг үл зэмлэв?
--  Үнэн төрхийг нь чичлэн хэлээд
Өчүүхэн эхнэрт хараалгаснаас 
Өдөржин өлөн хоосон шогших минь
Өөрт илүү чухал үнэн учраас тэр билээ. Ингэхэд үнэн гэдэг их олон өнгө хальстай буюу...
--  Багш минь, та хүсээгүй байхад минь надад үргэлжид номыг залхтал номлох атлаа өглөг өргөн хүсэн гуйж буй тэр айлын эмд юунд юуг ч үл номлов...? Үнэн байдлыг нь өгүүлвээс өөдөөс ихэд хараана хэмээн та юунд таав?
--  Өчигдөр тэр эхнэр өөрийгөө өөгүй тунгалаг, үлгэр жишээ эхнэр хэмээн ихэд магтан магтан хэлснийг чи сонсоогүй юу, шавь минь? 
--  Тиймээ, сонссон багш минь. Бас үлгэр жишээ гэр бүлд үлгэр жишээ хүмүүжин өссөн хэмээн яхир хахир дуунаар ярин ярин сайрхсаныг ч энэ хоёр хулгар минь сонсон сонсон суусан билээ...
--  Яхир хахир дуугаа 
Яруу эгшиг хэмээх, 
Хийрхүү сайрхуу зангаа 
Хэлэмгий сайхан гэх,
Хэм үгүй явдлаа
Хээгүй сайхан гэх,
Үлгэр үгүй өссөнөө 
Үзтэл сайнд тооцох, 
Өөд урууг ялгахгүйгээ 
Үнэхээрийн баясгалант гэнэн гэх нь 
Тогтоол ус 
Толинд туссанаас ялгаа юун. 
Ийм хүмүүнд үнэн үг хэлэх нь 
Тогтоол усыг тонгочуулж самрахаас өөрцгүй. 
Тогтоол усыг самраваас юу болох буй?
--  Булингар болно, багш минь...
--  Тийм аваас үг хайран бус уу... Үг хайран төдий ч бус, булингар босгож, буртаг нэмэх хэрэг юун.
--  Тийм аваас та юунд тэр айлын хүнийг ихэд эрхэмлэн, номгүй мухар хар хүн атал хормой дор нь мөргөв? 
--  Тэр хүмүүний 
Балчиг намаг дотор 
Баясгалантай амгалан суугаа 
Барагдашгүй их тэвчээр дор мөргөсөн билээ...
Үзтэл мунхагийн 
Үнэнийг мэдэх атлаа
Үл ажрах их бодь сэтгэл дор мөргөсөн билээ...

Tuesday, September 1, 2015

ТЭНЭГ ШАВИЙН ТЭРСҮҮД БАГШТАЙГЭЭ ХЭЛЦСЭН ҮГСЭЭС... - 2

/ухаантан мунхаг хоёрын аль нь болон буй талаар/ - Багш, багш.. Энэ хорвоод ухаантан олон уу, мунхаг нь олон уу? - Өөрийн, өрөөлийн, өнийн гурван учигт хариулт нь буй. - Өөрийн учиг нь юу билээ, багш минь? - Хэрвээ чи ухаантанд тооцогдох аваас хорвоод мунхагууд олон буй. Хэрвээ чи мунхагт тооцогдох аваас хорвоод ухаант нь олон буй... - Өрөөлийн учиг нь юу билээ? - Хэрвээ үнэхээр ухаантан сэнтийд заларваас үзтэл ухаантнууд олон харагдана. Хэрвээ үнэхээр мунхаг сэнтийд заларваас мунхагууд үзтэл олон буй.. - Тэгвэл өнийн учиг нь юу билээ, багш...? - Өнийн учиг нь юу гэвээс мунхагууд хэзээ ч ганцаарддаггүй атал хэзээ ч олонхи байж үл чадмуй. Ухаантнууд хэзээд ганцаардан гиюүрэх авч, хэзээ ч цөөнх үл болмуй. - Тийм аваас, багш минь, би ухаантанд тооцогдоод сэнтийд заларваас өнийн учигт нийцэх үү? - Өчүүхэн шавь минь чи мэт нь өнөд суух тавилангүйн учир өнийн учигт үнэхээр нийцэх буй