Сутай хайрхан уул Хүйсийн говь талаасаа ийн харагдах аж...
Би янз бүрийн цаг үед дөрвөн талд нь гарч зураг авсан юм байна. Хойт Мөст талаасаа сүмбэр уул мэт сүрлэг сайхан харагддаг, урд Тонхил нуур талаасаа ч бас сайхан харагдана даа. Ихэвчлэн энэ талаас авснаар нь энэ хайрхан их уулын зураг тархсан байдаг.
Харин, зүүн баруун талаас нь буюу Уушгийн хоолой, Хүйсийн говь талаасаа сүрлэг бахдам нь тийм ч тодорхой илэрдэггүй бололтой. Нам газраас их уул сүрлэг харагддаггүй, харин өндөрлөгөөс л илүү их сүр хүчин нь мэдэгддэг юм билээ. Хүний амьдралын олон зүйлд ч энэ зүй тогтол мэт зүйл анзаарагддаг. Жижигхэн сэтгэлгээтэй, мэдлэг нимгэнтэй, хараа ойрхон хүн ихэнхдээ том сэтгэдэг, мэдлэг арвин, алсыг хардаг хүнийг яг өөртэйгээ адилхан түвшинд харж үнэлдэг нь түгээмэл. Худгийн мэлхий гадаад далайн их усыг өөрийн орших худгийнхаа устай ойролцоо л гэж боддогтой адилавтар юм уу даа.
Бас их уул бэлээсээ сүрлэг харагддаггүй. Холдох тусам их нь мэдрэгдэж, бараа сүрээ бахдуулдаг. Ер нь Уул Алтай холдоо өндөр гэдэг, үнэн дээ. Мөн л адилхан хүний амьдралын олон зүйлд ч энэ зүй тогтол мэт зүйл анзаарагддаг. Хажуудаа байгаагаа хайрлаж, үнэлж, үнэ цэнийг нь мэдэрдэггүй, хүндэлдэггүй, холдоод явахаараа л нэг юм хагас хугас ойлгож мэдрэхчээ болно.
Сутай уулын сүрлэгийг Мөнххайрханы Тавтын хөтөл дээрээс, Эсвэл Алагхайрхан, Бүс хайрхан дээрээс л халиавал илүү мэдэрнэ дээ. Нам газраас, бүр оёороос нь тэр бүр харагдахгүй дээ, нэг хар хамар л харагдана.
Эрт цагтаа Сүүтэй уул гэдэг нэртэй, эгэл олондоо эвээл ээлтэй зөөлөн эх савдагтай уул гэдэгсан. Гол оргилоо дагаад Цаст богд, Завилаа богд гэх мэт хэд хэдэн оргилуудтай...
Зулай дээр нь гарахад нэг л амар амгалангийн оронд дэвшээд гарчихсан мэт сэтгэл амарчихаж билээ. Тэнгэрт их ойрхон байгаа нь мэдрэгдэж, уулсын оргилууд тэртээ дороос сөрвөлзөж, дээгүүр өнгөрөх үүлийг гараараа самардаад авчихмаар ч санагдаж билээ. Харанхуй болж одод түгэхэд тэнгэрийн одод хөл дор хотолж буй мэт...
Өндрийн хувьд аргагүй л өндөр хайрхан даа. Газрын зураг дээр ихэвчлэндээ 4090 м гэх. Заримдаа 4200 гаргаж бичих нь ч бий. Гэвч нутгийн уулчдын хэлэхээр Сутай хайрханд гарах бүрд өндөр хэмжигч янз бүр заадаг ч ихэнхдээ 4135 м заадаг, тэгэхээр энэ хэмжээс нь илүү магадтай гэж ярьж байсан.
Сутай хайрхан уулын цас намар цагтаа өглөө оройн нарандаа өнгө орон гялалзан харагдаж байвал тэр жилдээ өн болдог, хэрвээ бүдэг бүгээндүү харагдвал хатуу жил болдог гэж хууччуулын ярихыг сонсож байсансан.
Уулын мөнх цаснаас эх авсан Зүйлийн гол хэмээх хага хашсан цэвэр цэнгэг устай сайхан гол бий. Хуучин цагт энэ голын адагт Усан Зүйлийн хүрээ хэмээх Баруун хязгаартаа л бурхан номын томоохон төв болсон хүрээ хийд байжээ. Хуучид өгүүлэхээр дуганын үүдний довжоон доогуур нь урсаж буй усанд жараахай тонгочиж байдаг, усан дээр барьчихсан мэт харагддаг тийм сайхан үзэсгэлэнтэй хүрээ хийд байсан гэнэ билээ.
Энэ уулаас чанх урагшаа нэлээд зайтай газарт Амттай нуур хэмээх их сайхан цагаан давстай жижигхээн нуур бий.
Монгол түмний цогтой эх оронч Галдан Бошигтийг чухам энэ нуурын орчимд тэнгэр болсон гэдэг. Сутай уулын тахилгын овоо орчмоос эмээл нь гарч ирсэн нь аймгийн орон нутгийг судлах музейд байсан, байгаагүй, Женкод бий, үгүй гэсэн яриа ч бас сонсогдох...
1970-80-аад оны орчимд нутгийн уулчид, тухай үед Тонхил сумын МХЗЭ-ийн хорооны дарга Мөнхбаатар нарын залуус нэгэн борлог морь хөтөлж энэ ууланд гарсан нь монголдоо л хамгийн өндөр оргилд морины хөл тавьсан рекорд болсон гэдэг. Хэрвээ би буруу санаагүй бол бас мотоцикль ч хөтөлж гарсан. Биеийн тамирийн Норов багш маань нэгэн удаа энэ ууланд гарснаа хүүхэд бидэнд сонирхуулан ярьсан яриа маш их сонирхолыг татаж билээ. Цас мөсний ангал нь гүн, юм шидэхээр дүн дан гэсээр чимээгүй болчихдог, хөлдөө гинж боогоод явдаг гээд л... Магад тэр мэт яриа нь намайг ууланд их хорхойтой болгосон нэгэн учир байх. Багшийн энэ ярианы дараахан Дэнзэн Норгойн "Цаст уулын барс" гэдэг номыг олж аваад маш шимтэн уншсан юм. Тэгээд л уул хэмээх ер бусын оршихуйд насан турш дурлах болсон доо.
Өдгөө тус сумын уулчин залуусын багийн нэрийг "Сутайн бор" гэдэг бөгөөд тэр ууланд гарсан бор морийг сэтэрлэж тавьсан гэдэг. Энэ мориндоо хөшөө босгох тухай ярьж байсан, босгоо болов уу.
Дашрамд хэлэхэд энэхүү "Сутайн бор" уулчдын клубын Нямдоо, Чимидээ, Даваадорж нарын залуус бол ямар ч мэргэжлийн уулчдаас дутахгүй чадвартай, чадалтай, зоригтой, тэмүүлэлтэй. 2014 онд санагдана, энэ залуус Альпийн оргилд амжилттай авиралт хийсэн, монголынхоо төдийгүй олон улсын уулчдын уралдаанд удаа дараа амжилттай оролцдог юм билээ.
Энэ 6 сард бас нэг тэмцээнд оролцоно, удахгүй бэлтгэлдээ гарна гэх шиг болсон.
Ер нь хамт ууланд аялахад айх юмгүй найдвартай чадварлаг залуус даа.
Их багадаа энэ уулын тухай ийм нэгэн домог сонсож байсан юм байна. Одоо бараг мартагдаж, бүрэг бараг л санагдана.
Сутай уул нэгэн сухай улаан сайхан охинтой байжээ. Тэгээд охин нь нас биед хүрээд Бурхан Буудай гэдэг үзэсгэлэнтэй сайхан залуутай хайр сэтгэлтэй болсон ч аав нь Аж богд хэмээх өтөл нэгэнд богтолж өгсөн байна. Охин Алаг нуурыг гатлан Аж богдод очиж үзээд, "Ийм цал буурал хөгшинтэй насыг яаж илээх вэ?" хэмээгээд Бурхан Буудайн зүг гүйжээ. Зам зууртаа Буурын гол гатлаад бие засахаар талд суухад нь Аж богд хүрз шороо авч "Эндээ уул болон тогтоорой" хэмээн хормой дээр нь асгаж орхисонд тэр чигтээ уул болоод тогтчихсон гэдэг. Аж богд, Сутай хайрхан, Бурхан Буудай, Ээж хайрхан дөрвөн уул оргилоосоо нэг нэгнээ харан бараадаж их говийн дөрвөн талд сүндэрлэх болсон гэдэг гээд...
Би зарим нэгэн зүйлийг нь буруу санаж байж магад, учир нь их бага байжээ. Ээж хайрхан уулыг их талд биеэ засаж суугаа бүсгүйн төрхтэй уул гэдэг, ард нь байх оцон явах оргилыг тэр хүрз шороо ч гэх. Сайн анзаарвал нээрээ ч тийм юм уу даа гэмээр..
Би мэдээ орохын л тэртээ тэнгэрийн хаяанд байх энэ Сутай хайрхан их уулын цасан цагаан оргилыг харж өссөн хүн. Халиуны төвөөс тунгалаг өдөр их тод харагдана, өглөөн гаранд гялбалзан цайвалзаад, оройн наранд цагаан хэпик малгай мэт духтуйхан харагдах. Тэнгэрийн үүлнээс ер ялгарах нь үгүй, нүүдэггүй, хөдөлдөггүй, дүрсээ өөрчилдөггүй үүл мэт...
Говь-Алтай Тонхил, Говь-Алтай аймаг, Говь-Алтайн залуус
No comments:
Post a Comment