(Хөрөг тэмдэглэл)
***
“БАЙСАН ...”
“Ухамсарт бүх амьдралаа эх орон, ард түмнийхээ төлөө зориулсан хүн” хэмээсэн нэг үг, утга өнөө сонсогдохоо болиод их уджээ. Бүр мартагджээ. Мартагдахаар барахгүй, ийн зориулдаг хүн байдаг, тийм итгэл үнэмшил, зүтгэл байдаг гэдэгт итгэх чадваргүй болжээ. Хэрвээ бий гэвээс тэр лавтай улаан хийрхэгч, хэвийн бус хүн гэж үзэх хэмжээнд хүртлээ өнөө бидний сэтгэлгээ өөрчлөгдсөн байна.
“Эх орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулна гэж юу байсан юм. Тийм солиотой явдал гэж юу байхав. Тийм хүн ч гэж хаана байхав. Худлаа, худлаа. Нэг бол тэр солиотой амьтан, эсвэл эх оронч царай гаргаж байгаад өөртөө цөм цөм ашиг олж цохидог өнөөх популистууд, овтон зальнуудын нэг биз” гэж өмнөөс зүтгэнэ. Нийгмийн үнэлэмж ингэтлээ эргэж хөрвөсөн байна. Тийм зүтгэл, итгэлийг мэдрэх, ойлгох, үнэлэх чадвар үлэмж суларчээ.
Гэтэл үнэхээр тийм хүмүүс байсан юм шүү. Ямар нэгэн хийрхлээр бус, цээжин цаанаа ашиг завшаан тооцсондоо ч бус, харин ухамсартайгаар, гэхдээ эрүүл саруул ухамсараар зүтгэж, тэмцэж явсан хүмүүс...
Өнөөдөр би тийм хүмүүсийн тодорхой төлөөлөл болсон нэгэн эрхэм хүний тухай эргэн дурсаж байна. Тэр хүн бол улс даяараа “Алтайн хөх дарга”, нутаг орондоо бол “Я дарга” хэмээн алдаршсан Оршихийн Ядамхүү.
***
“ЭРИЙН ЧИНЭЭ ЭР”
Я дарга элдэвтэй, юм юмтай. Залуудаа сайхан барилдаж, сумандаа түрүүлж, заан цолоо дуудуулж явсан гэдэг. Бага зэрэг сөөнгөдүү хоолойгоор сайхан дуулна. Дарх, мужааныг бол мэргэжлийн хүн ч атаархмаар хийнэ. Алх, сүхийг баруун солгойгүй балбана. Цанаар гулгана, машин барина, чоно агнана, маш сайн илтгэл тавина, мэдрэмжтэй хошигноно, төвд хэл бичиг мэднэ, хад чулууг өөрөө тэсэлдэг тэсэлгээчин буюу саперчин ч хийнэ, монгол бичгээ бол бүр гаргуун мэднэ, ямар өвс ургамал ямар өвчинд сайныг андахгүй, хуучин өвгөдийн ухааныг эрхэмлэнэ. Өөр ч олон чадвар бий.
Манайх 1989 оны өвөл Алтай сумын Зөөлөн Богдод өвөлжлөө. Намар аажуухан Я дарга жолооч Галаа ахтай хамт манайхыг Зөөлөнгийн ар Сүүжийн худагт нүүлгэж ирэв. Ингэхэд ийнхүү айл нүүлгэлцээд явж байдаг дарга тэр бүр байдаг ч билүү. Сүүжид Алтай сумын Шархүү хэмээх хөгшнийх нутаглаж байв. Я дарга тэр хөгшинтэй тамхиа баагиулаад л хотны хойт толгой дээр баахан хуучилсан. Даргын ирсэн гол учир нь хүний нутагт ирсэн багачууд хүүхдүүдийг нутгийнханд сайтар захиж үлдээх, бас нутаг бэлчээрийг нь харах явдал байсныг хожим ойлгосон.
Дарга хонож өнжөөд, манай малыг тоололцчихоод буцлаа. Орой нь тал болж баахан хөзөрдсөнсөн. Буцсан хойно Шархүү хөгшин “Танай Я дарга ч ёстой эрийн чинээ эр шүү” хэмээн хар ажилд эвэршиж мойнийсон эрхий хуруугаа бахархал дүүрэн гозойлгож билээ. Энэ таван үгэнд их ч олон зүйл шингэсэн байсан даа.
***
ҮЛГЭРЛЭН ДАГУУЛДАГ УДИРДАГЧ
Я даргын ажиллаж, амьдарч байсан цаг үеийг өнөөгийн нийгмийн хэллэгээр “Захиргаадалтын үе” гэдэг. Үнэхээр ч захиргаадах үе бишгүй байв. Гэхдээ тэр захиргаадалтын ихэнх нь ажил бүтээлд шахсан, амжилт тэмүүлэлд түлхсэн зөв захиргаадалт байсан юм. Мэдээж хэрэг утга учиргүй, амьдралгүй захиргаадах, даргарах, омогдох явдал ч бас их байлаа.
Харин Я дарга огтхон ч захиргааддаггүйсэн. Ингэ тэг гэж зааж зааварлаж, өөрөө гараа халаасандаа хийчихээд гээдийж, пээдийж явдаг дарга нараас анхи ондоо хүн байж.
Барилгын талбар дээр өглөө хамгийн түрүүнд босож, алх, сүхээ бариад ажилдаа гарна. Залуус даргаас хоцорчих вий гэсэндээ бушуухан бужигнуулна. Ямар сайндаа Я даргыг сайн танихгүй өөр нутгийн хүн “Энэ гозгор хөх чинь овоо сүрхий ажилтай ачаа ачигч байна даа” гэж байсан юм гэнэ билээ.
Цас зуданд өөрөө түрүүлээд хөлдөө цана углаад л зам мөр гаргаад зүтгэчихнэ. Араас бусад нь ямар ч захиргаадах шаардлагагүйгээр шуурчихна.
Хэлэх шаардлагатай бол их эвтэйхэн сануулаад хэлчихнэ. Заримдаа хошигноод л ойлгуулчихна. Зандраад, хашгичаад, шийтгээд байдаггүй ч хүн бүхэн түүний үгнээс гарна гэж үгүй. Дарга нэг л хэлсэн бол дахин дахин хэлж шаардуулахгүйгээр хийнэ. Энэ бол хүндлэл, ойлголцол, хамтын эрмэлзэл, зорилгоо ойлгосон ойлголт, үүргээ ухамсарласан ухамсар дээр тулгуурласан бүтээлч идэвх байлаа. Чухам өнөөдөр дэлхийд мандсан томоохон компаниудын амжилтын нууц ийм л зүйлд байдаг.
Я дарга ямар Сони компанийн менежментийн нууцыг судалсан биш. Судлах ч шаардлага байсан биш. Өөрт нь байсан хэрэг.
***
“ТА НАР ШИГ ЗАЛУУС НИЙГМИЙГ ӨӨРЧИЛНӨ”
1987 оны 4 сарын эхээр санагдана. Аймгийн холбооны газарт хичээлээ таслан, хагас өдөржин дугаарлаж байж сая нэг Бугат сумын захиргаа руу утсаар ярив. Тэр цагт утасны модон кабин дотор ороод байдгаараа орилж ярьдаг байлаа.
“Сайн байна уу? Ядамхүү дарга уу? Алтай хотын I арван жилийн сургуулийн Х ангийн сурагч Номинчимэд ярьж байна. Бид удахгүй сургуулиа төгсөнө. Тэгээд ангиараа илгээлт авч танай суманд очиж хонь хариулах гэсэн юм”
“Аанхан, заавал яагаад манай суманд байдаг билээ?”
“Хоёр шалтгаан байна. Нэгд, танай суманд сайн хонь байдаг. Хоёрт, танай сумынханд тэр сайн хонио хариулах хүн цөөхөн”
“За тийм байдаг байж. Ингэхэд манай сум уудам газар нутагтай, нүүдэл их хийдэг. Амаргүй шүү дээ, хүүхээ. Дээр нь цаг агаар их ширүүн, хүнд. Маш хүнд”
“Тэр тусмаа сайн байна”
“Яагаад?”
“Бидэнд идэр залуу нас байна. Бид амьдралын амар хялбар замыг сонгоогүй. Тийм бол бид тантай ярихгүй байлаа. Хатуу ширүүн байх хэрээр бид улам ихийг сурна. Чухам бид түүний тулд л тантай ярьж байна.”
Хэсэг чимээгүй байснаа,
“Маш сайн байна. Хүүхдүүд минь. Чухам та нар шиг залуус л энэ нийгмийг өөрчилнө. Хүрээд ир. Ах нь маш баяртайгаар угтан авах болно”.
Я дарга, Бодь дарга хоёр маань үнэхээр л ямар хэмжээнд хүлээж авах боломжтой вэ, тэр хэмжээнд л хүлээж авсан даа. Уулзалт, хурал, амралт, яриа гээд. Биднийг намар ирэхэд танан цагаан 4 гэр төдийгүй айлд хэрэгтэй бүхий л зүйлийг бэлдчихсэн байсансан. Дотроо хэдэн өнгийн нойлийн утастай, бүдүүн нарийн зүү, тэвнэтэй, утас зүүний хайрцаг, галын шилээвэр, тогооны бариул, ганж, гамбанз хүртэл. Тэр дотор хамгийн шинэлэг нь айл бүхэнд захиалж хийлгүүлсэн нүүдлийн авсаархан номын сан байж билээ. Онгоодой ах “Я дарга нэгдлийн аж ахуйн хашаанд зунжин наранд шарагдаж зогссон шүү. Энэ бүхнийг бэлдүүлэх гээд” гэж хожим дурссансан.
Мал суурилахад Я даргаа дэргэд зогсож байлаа. Бидэнд нормын уналга өгөх болоход Улсын аварга малчин Аюурзана Аажааг “За Аюурзана минь, хөл хөнгөнтэйгээс нь, бас номхоноос нь бариарай” гээд өөрөө амгалж барьчихсан гүйж явсансан.
Я дарга биднийг өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан явдал бол зүгээр нэг малчин хэрэгтэй болоод л биднийг баярлан хүлээн авсан хэрэг биш, харин тухайн үед хэдий яригдаж байсан ч урагшаа явж чадахгүй гацчихаад байсан “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ”-г, нийгмийн ухамсарын томоохон өөрчлөлтийг амьдрал дээр бодитоор үзүүлж харуулах том боломж гэж харж байсны илрэл байдаг. Надад хэлсэн тэрхүү “Нийгмийг өөрчилнө” гэсэн үгийг хожмоо санахад Я дарга нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийн төлөө нэгийг бодож явж дээ гэж бодогддог юм. Үнэхээр ч 1987 оны орчим нийгэмд томоохон өөрчлөлт хийхгүйгээр урагшаа явахгүй болсон гэсэн ойлголт олон сэхээтнүүдийн хувьд нэгэнт тодорхой болчихсон байсан, гагцхүү хэрхэн яаж энэхүү өөрчлөлтийг хийх вэ гэдэг асуудал л маргаантай байсан хэрэг.
Я дарга бол зөвхөн аж ахуйн удирдагч биш, харин нийгмийн инженер, томоохон сэхээтэн, сэтгэгч байв. 1981, 1986, 1990 онуудад АИХ-ын депутатаар гурван удаа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцаж, ардчилсан нийгмийг цогцлоох үйлсэд түүхэн хувь нэмрээ оруулсан хүн.
***
БҮТЭЭЛЧ ЭРМЭЛЗЭЛ
Я даргын ямархан алсын хараатайг илэрхийлэх нэг ажил бол нутгийн шилмэл омгийн мал сүрэг байлаа. Мах, ноосны чиглэлийн Говь-Алтай омгийн хониороо Бугат бол аймагтаа төдийгүй улсдаа нэртэй. Миний бие 2 жил шилмэл омгийн хуц хурга хариулсан. Дараа зун болоод ирэх цагаар улс орны өнцөг булан бүрээс шилмэл төлгөн хуц авахаар өндөрлөсөн тэвштэй Зил130 машинууд цувчихдагсан. Нэг төлгөн хуц 250 төгрөг орчим үнэтэй байсан болов уу. Харин идэшний хонь дээд тал нь 100 төгрөг байсан.
Жирийн хониноос 1.6 кг ноос гардаг бол омгийн хониноос 2.2 кг, гэхдээ 22 см орчим урттай, нарийн нарийвтар ноос гарна. Бас 4-5 кг илүү жинтэй. Ашиг шим хол илүү. Мөн Бугатынхан маань мяндсан хөх цагаан ноолууртай улаан ямаагаараа алдартай.
Өнөөдөр Монгол Улс маань 60 гаруй сая малтай боллоо хэмээн бахархацгааж байна. Гэхдээ үүнд бас учир их бий. Манай малын бэлчээрийн даац хэтэрчихсэн. Энэ байдал удаан үргэлжлэх аваас цөлжих аюултай. Одоо ч цөлжилт эрчимтэй явагдаж буй. Нийт газар нутгийн 36 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд эхэлсэн. Мал цаашид өсөх боломжгүй гэсэн үг.
Тэгвэл яах вэ? Малаа тоогоор нь өсгөх биш, ашиг шимийг нь өндөрсгөх явдал. Харамсалтай нь малын чанар, ашиг шим ярьдаг дарга нар байтугай малчид ч цөөн болж. Ядамхүү дарга болон Шимбэрэнз, Аралдий, Баасанхүү, Дашбазар гэх мэт олон хүний оройлон манлайлж, зуун зуун Бугатчуудын 30 гаруй жил хичээн зүтгэж бий болгосон Говь-Алтай омгийн цөм сүрэг маань өнөө нэгэнт үгүй болжээ. Цөөн айлын хотонд оорог цоорог үлдсэн байх юм. Я дарга шилмэл омгийн малыг өсгөх, үр ашгийг нь улам нэмэгдүүлэх талаар их ч зүйлийг хийсэн хүн шүү дээ.
Бугат сумын “Социализмын зам” нэгдэл Монгол Улсын шилдэг тэргүүний баян нэгдэл байлаа. Тухайн үед ХАА-н нэгдлүүдийг эдийн засгийн хүчин чадлаар нь 4 ангилдаг байсан санагдана. Тэр ангиллаараа хөдөлмөр өдрийн хөлс ялгаатай. IV ангиллын нэгдлийн нэг төлөгний сарын хариулганы хөлс 48 мөнгө бол II ангиллын нэгдлийнх 81 мөнгө байсан санагдана. Юутай ч хол зөрөөтэй.
Улсын хэмжээнд II ангилалд багтдаг нэгдэл гарын таван хуруунд багтах цөөхөн байсны нэг нь Бугатын “Социализмын зам”. Бусад бүх нэгдлүүд III, IV зэрэглэлийнх. I дүгээр зэрэглэлийн нэгдэл байгаагүй гэдэг.
Нэгдэл гэдэг их айл. Өнөөгийнхөөр бол томоохон корпорацийн хэмжээний үйл ажиллагаа, цар хүрээтэй. Зөвхөн эдийн засгийн утгаар ч биш, зуу зуун өрх айлын амьдрал ахуйг тээж явна. Бүтэн сумын амьдрал, соёл гэгээрлийг хариуцна. Тэр том айлыг маш өндөр түвшинд амжилттай удирдаж ирсэн, домог болсон цуутай хэдэн Нэгдлийн дарга байв. Говь-Алтайн Халиуны Г.Лодойхүү баатар, Бигэрийн Н.Чулуун баатар, Архангайн Минжүүр баатар, Намжиг баатар, Хөвсгөлийн Цагаан-Үүрийн Ү.Аварзэд баатар гээд.
Лодойхүү баатрын тухай бишгүй олон домог хууч сонсож өслөө. Яагаад гэвэл энэ хүнтэй аав маань хамтран зүтгэж хөдөлмөрлөж явсан юм. Өглөө унтаад босдоггүй айлуудын өрхийг Ло дарга өөрөө татаж өгдөг байжээ. Хэсэг хугацааны дараа сумын төвийн айлууд бүгдээр хар үүрээр босоцгоодог болчихсон гэдэг. Чухам ингэж л зүтгүүлж, хөдөлмөрлүүлж байж, тэр их говийн хээлд алим, арнитик, үхрийн нүд, улаан, шар чавга, чацаргана, үрэл гээд олон төрлийн жимсний бөөр бөнжирлөсөн, гол дагасан хэдэн арван га газарт хүнсний ногоо тариалсан, сумын төвийн хэдэн байшингууд нь харагдамгүй шахам модод шуугисан, халуун устай, буудалтай, цэцэрлэгтэй, яслитай, кино клубтай, соёлын төвтэй, номын сантай, ер юм юмтай ногоон хотхон босгож чадсан юм. Өнөө балгас шахам зүйл үлдэж дээ. Энэ мэт зүйл их бий. Гэтэл Ло дарга мэт домог болсон бас нэг хүнтэй богинохон ч гэсэн хамтран ажиллах хувь заяа надад байжээ.
Манай О.Ядамхүү бол тэр домог болсон хэдийн нэг билээ. Тэд өнөө цагт идэр залуухан явцгаасан бол ямар томоохон, бүр улс үндэстэн дамнасан корпорциудыг өлхөн удирдан аваад явчих л хүмүүс байсан даа. Удирдан зохион байгуулах чадвар, хүнтэй ажиллах арга эв, аж ахуйч, мэдрэмтгий хурдан дайчин чанар гээд шаардлагатай юм юм бий. Бүр илүү нь хоёргүй сэтгэл, чин зүтгэл нь юм. Чухам ийм л эх оронч хүмүүсийн ухамсарт зүтгэлийн үрээр улс Монгол маань XX зуунд улсын чинээтэй болон өсөн өндийж, “Оргүйгээс ортойг, байхгүйгээс байгааг” бий болгож, бидний үе энэ хэртэй яваа юм шүү. Тэд буюу бидний өмнөх үеийнхэн 20 жилд хийх ажлыг таван жилд хийж, гандаж, махийтлаа зүтгэж байж... Гэхдээ улс орныхоо сайн сайхан, гэрэлт ирээдүйн төлөө гэсэн нэгэн үзүүрт итгэл тэдний цээжинд асан бадарч байсан гэдэгт би бүрнээ итгэдэг. Тийм том итгэл, сэтгэлгүйгээр тийм их хүч гарч, бүтээл ундрахгүй дээ. Тийм том дэвшилд хүрэхгүй дээ.
.
* * *
“НҮДЛЭН ХАМГААЛАГЧ”
Намайг дунд сургуульд суралцаж байх үе буюу 1980-аад оны эхээр нэг ийм лоозонг бид бүгдээр цээжилдэг байлаа. “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой”. Энэ лоозонг 90-ээд он гарсаар нэг хэсэг их шоолцгоосон. Хувиа бодохыг энэ хорвоогийн хамгийн үнэн зөв утга учир гэж итгэчихээд тийн ихээр шуурсан хэрэг. Ийм байдлаар хол явж болдоггүй юм байна гэдгийг өнөө зах зухаасаа ойлгоцгоож байх шиг. Тиймээс ч өнөөдөр энэ лоозонгийн утга санаа үнэд орох болсон мэт. Социалист гэдгийг нь аваад л хаячихна биз.
Ингэхэд бид яагаад арвич хямгач байж болдоггүй юм. Ялангуяа төсвийн орлого, түмний дундын хөрөнгөн дээр... Бусдын хөрөнгө л бол бузгай сайнаар өөртөө ашигладаг, хайр гамгүй ханддаг явдлыг зүй ёсны явдал гэж үздэг бурангуй байдал хавтгай байна.
Ингэхэд бид яагаад хөдөлмөрлөхийг эрхэмлэн дээдэлж болдоггүй юм. Ардчиллын үлгэр жишээ гэгддэг Америкт хүмүүс хэрхэн мөнгө олох вэ гэж биш, харин хэрхэн яаж ажил олох вэ, хөдөлмөрлөх вэ л гэж хамгийн түрүүнд боддог. Харин манайд бол хэрхэн хөдөлмөрлөх вэ гэж биш, яаж цөм цөм мөнгө олох вэ л гэж боддог нь түгээмэл. Зарчмын асар том ялгаа байгаа биз.
Я дарга аж ахуйн ажилд маш нарийн тооцоотой хүнсэн. Яг л дээрх лоозонг бүхий л утгаар нь хэрэгжүүлж буй мэт байдаг байлаа. Я даргыг харамч нарийн гэдэг утгаар “Хатиар хөх” гэж зарим хүн дуудна. Өнөөх нийтийн өмчийн эс ширхэг бүрийг ариглан гамнаж, нарийн тооцдогоос нь үүдэлтэй.
1987 оны намар манайх өвөлжих учиртай Уртын цагаан толгойд саравчтай өвөлжөө, бас өвлийн сууц, халуун ус барьсан юм. Мэдээж хэрэг Я дарга маань ногоон комбинзоноо өмсөөд, алх сүхээ бариад барилгын бригадынхаа залуусыг манлайлан дагуулаад ирсэн.
30 гаруй метрийн урт саравч бүхий томоохон малын хашаа, хоёр ч жижгэвтэр барилга бариад үлдсэн зүйл нь нэг бүтэн, хоёр тал банз, 25 ширхэг хадаас, тал гөлмөн төмөр. Уг нь тэр илүү гарсан барилгынхаа материалыг буцаагаад ачаад явдаг гэсэн. Гэвч тэр удаад янз бүрийн сэлбэж, дэмнэх юм гарч магадгүй хэмээн надад үлдээгээд явсансан.
Ингэхэд тэр цагаас хойш 29 жилийн дараа дөнгөж өнөөдөр л малчдын өвөлжөөний тохижилт, орон сууц, багийн төв дээр халуун ус байгуулах тухай яригдаж байна. Харин Я дарга тэр үед энэ ажлыг эхлүүлж байсан юм шүү. Харамсалтай нь төд удалгүй нийгэм хөрвөөд, “галав юүлэх” мэт болж, эхлүүлж байсан бүхэн нь зогсож, эмхэлж босгосон бүхэн нь хувьчлагдаж тарчихсан.
Ер Я даргын нарийн тооцооны тухай домог мэт, заримдаа онигоо мэт зүйлс их яригддаг.
“Тоосго ачсан машин явж байтал нэг ширхэг тоосго унаад хагарчээ. Түүнийг харсан Я дарга “Зогсож бай” гэж байгаад авхуулаад, очих газраа хүрч, ханаа өрөхөд нэг ширхэг тоосго дутаж, нөгөө хагарсан тоосгоо эвлүүлж өрөөд гүйцээж байсан гэдэг.”
“Маш нарийн тооцоотой, ямар ч хашаа хороо барихад тойргийн хэмжээг нэг аваад, хэдэн ширхэг яс мод, банз хэд хэд орохыг яг л хэлдэг байсан юм. Яг хэлсэн тоогоор нь авч очоод хийхэд үзүүрээс нь тайрсан тайрдас нь үлддэг юм даа” хэмээн хүмүүс дурсана.
Энэхүү тооцоо, нарийн байдал нь өөрийнхөө эд хөрөнгийг хав дараад хэвтчихдэг хувьчхан бэртэгчдийн араншингаас тэс ондоо юм. Түмэн олны дундын хөрөнгийг тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийх нь наанадаж хариуцлага, сахилгагүй, цаанадаж ёс суртхуунгүй мунхаг явдал болно.
Өнөөдөр бол яг эсрэгээрээ байгааг бид мэднэ. Түмэн олны халааснаас татвараар цугларсан төсвийн хөрөнгийг зүгээр л оёоргүй далай байгаа мэт аашилж, хэдэн зуун тэрбумаар нь хайр гамгүй зарцуулдаг, үрэн таран хийдэг, тэр бүү хэл хувьдаа завшдаг, өөрсдийнх нь хэлээр бол “цавчдаг” байдал бараг ёс мэт болсон. Хэрвээ төсвөөс, төслөөс юм хусчих боломжийг ашиглаж чадаагүй бол тэр мунхаг тэнэг хүн болж харагдана. Ямар ч аж ахуйн сахилга, хариуцлага байхгүй. За тэр ёс зүй, энэ тэр ч бүр дүүрсэн хэрэг болсон. Хөх дарга маань энэ үед байсансан бол энэ мэтийг хараад алмайран гайхаж, ангайж цочирдоод, гүн шоконд орохоор.
Харин Я дарга хувийнхаа амьдралд өчүүхэн ч нарийлдаг, харамладаг хүн байгаагүй юм шүү. Өөрийн гэх юм аа олонтойгоо хувааж, цацаж амьдарч ирсэн. Тэнгэр газар шиг ялгаа байгаа биз. 1989 оны намар би Улаанбаатарт нэгэн Онол-практикийн бага хуралд оролцохоор явах замдаа аймгийн төвийн Алтай зочид буудалд Я даргатай таарав. Дарга хотод болсон нэгэн арга хэмжээнээс буцаж явсан юм билээ.
- Хүү минь, хөдөлмөр өдрийн хөлс чинь бууж амжаагүй биз. Хот хүрээ явж буй хүн байна, хэрэг болно гээд бор халзан зуут өгч билээ.
Цалин хараахан буугаагүйгээс намайг мөнгө муутай яваа гэдгийг гадарлаж байсан юм билээ.
Тэр үеийн бор халзан зуут бол өнөөдрийн 200 мянган төгрөгтэй элбэгхэн дүйнэ. Өнөөдөр хоёр, гурван зуун мянгаар нь “Май” гээд яваа хүнийг харамч нарийн гэх үү? Тэрбумтан ч тэгэж чадахгүй. Мэдээж хэрэг Я дарга өнөөгийн дарга нар шиг мөнгөөр бялхдаг хүн байгаагүй. Өөрийн авдаг тоотой цалингаасаа, үр хүүхдийнхээ хоолны мөнгөнөөс ч илүүчилж байгаа нь тэр. Хувьдаа бол ийм л өгөөмөр хүн байсан.
Нийтийн өмчөөс өөртөө сэтэрхий тэвнэ ч илүүчлээгүй хүн дээ. Эхнэрээ өвлийн шөнөөр нэгдлийн уурын зуухны галлагчаас ганц шуудай нүүрс гуйж авчирсаныг буцаан төлүүлж явсан хүн шүү дээ. Хожим нийгэм эргэж, нэгдэл тарахад бусдын л жишгээр хэдэн мал хувьчилж авсан. Би 30 жил удирдсан, цуглуулсан, бөөгнүүлсэн юм гээд илүүг авая гэхэд хэн ч үгүй гэхээргүй л байсан. Гэвч түүний амнаас тийм үг, санаа огтхон ч цухуйгаагүй. Яаж энэ нэгдэлд хэдэн үеэрээ зүтгэсэн хүмүүстээ энэ их хөрөнгийг хүртээмжтэй хүргэх вэ л гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан.
.
***
ДУРСАМЖ ДОТОРХ Я ДАРГА
Энэ хүний тухай “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар О.Ядамхүү” хэмээн бичмээр санагддаг. Хоёр шалтгаан бий. Эхнийх нь О.Ядамхүү баатар бол БНМАУ-ын үед Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм цолыг хүртсэн хүн. Удаах нь, тэр цагийн гавьяа шагнал үнэхээрийн өндөр босготой байсан. Өнөөгийнх лугаа адил 4 жилийн хөдөлмөрөөр бус 40 жилийн уйгагүй, шаргуу, шударга хөдөлмөрийн үр дүнд сая нэг гавьяа шагнал ирдэг байлаа. Харьцуулах аргагүй юм. Хэрхэн бүтээж, хөдөлмөрлөж байсныг олон баримтаар дурдаж болно. Гэхдээ тэр олон баримтаас илүүгээр хамтран зүтгэж, хөдөлмөрлөж явсан хүмүүсийн үгийг сонсвол илүү итгэл үнэмшил төрөх буй за.
Хүмүүс ийнхүү дурсаж байна. Энэ мэт дурсамжууд тэдний сэтгэлд насан туршид нь хоногшин үлджээ.
.
- Х.Мядагмаагийн дурсамжаас...
Ядамхүү дарга гэж хүмүүс жийрхдэг боловч өөрөө их энгийн хүн байсан. Контортоо л костюм пиджак өмсөнө. Бусад үед комбинзон өмсчихсөн барилгачидтай хамт хөрөө сүх барьчихсан зогсоно. Танихгүй хүн мужаан л гэж бодно. Чулуун хашаа хашаа барина дээл өмсчихсөн чулуу зөөгөөд дунд нь явна. Хэзээ ч “Би дарга” гэж пээдийж зогсдоггүй болохоор хүмүүс ажлаас хойш сууж чаддаггүй, залхуу нэг нь хөлд дайгддаг байсан байх даа. Үг дуу цөөнтэй болохоор үглээ чалчаа нэгэнд бол хямсгар мэт.
.
- Д.Аюурзанын дурсамжаас...
Хашаа барихад бээлийгээ аваад, газар ухвал хүрзээ аваад, мужааны ажилд алхаа бариад, хадлан хадахад хадуураа аваад, мал ноословол хайчаа бариад үг дуу ч үгүй ороод явчихдагсан. Тэгэхлээр нь даргаар хийлгээд суугаад байлтай биш, бид дагаад л хийж гардаг байлаа.
.
- Л.Монтооны дурсамжаас...
1973 оны хавар маш их цастай зудархуу байсан юм. Нэг орой харанхуй болж байхад гадаа тэмээний шүд хангинаж, олон малын хөлийн чимээ цасан дээр хяхтнаж билээ. Гараад ирэхэд манай Я дарга 11 тэмээнд малын тэжээл ачсан, өөрөө тэмээн дээрээс тэжээл хаана буулгах уу гээд зогсож байсансан. Тэжээлийг Бижийн амнаас ачаад 40 гаруй км яваад ирсэн байсан. Бид 3 тэжээлээ хашааны ард буулгаад, хашааны дээвэр дээр гаргаж хураагаад орж ирлээ. Дарга минь нүд өвдөөд гээд хэвтээд өглөө. Манай гэр бүлийн хүн аятайхан банштай хоол, сүүтэй цай хийгээд даргыг дуудаж хоол цайг нь идүүлээд, цасны уураар нүдийг нь утаж байгаад унтууллаа. Маргааш өглөө манайх эртхэн бослоо. Дарга ч хамт босоод, нүд арай гайгүй байна, хоёулаа Хулсны эхний айлуудаар ороод ирье гэлээ. Айлуудаар орж малчидтайгаа уулзан, тэжээлээ хуваарилж өгөөд, манайд ирлээ. Ирэнгүүт тэмээгээ цуглуулж авчруулаад, буцаад Бижийн ам руу явав.
–Та биеэ амраагаад, өнжөөд маргааш яваач гэхэд, - Хөвчийн бэлд тэжээл буулгах ёстой. Цаг алдчих байх гээд шөнө болсон хойно яваад өгч билээ.
.
- Б.Галбадрахын дурсамжаас...
Хүнийг бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ гэдэг ёстой л үнэн шүү гэж би үргэлж бодож явдаг юм. Ялангуяа залуу хүнийг нэг эвтэйхэн үгээр тэтгэхэд урам сэргэн ажиллах хүч нэмэгддэг юм даа. Я дарга залуус биднийг урмаар цэнэглэж өгдөг байв.
.
- Л.Оюунаагийн дурсамжаас...
Жолооч С. Бэлэгт гуайг гэнэт нас барахад Я дарга маш их харамсаж, олон ч хоног дуугаа хурааж явсан юм.
Ажлын хариуцлага алдсан хүнд шоглох маягтай хатуухан хэдхэн үг хэлээд л орхидог, харин итгэл найдвартай хүнд бол инээж байгаад урмын үгээ харамгүй хэлдэг хүн байлаа.
.
- П.Дүнжмаагийн дурсамжаас...
1981 оны хавар өвс ачихаар Борбулагийн тэжээлийн цэг дээр очив. Их сайхан нарийн ногоон өвс байна. Гэхдээ багавтар. Галаа бид хоёр өвсөө ачаад зогсож байсан чинь Я дарга ЗИЛ-30 тай давхиж ирээд
- Энэ сайхан ногоон өвснөөсөө над нэг жоохоныг өгөөч, би нялх төлтэй айлд өгье гээд гуйж байгаа юм.
Дарга “Би авна. Хаана өгөхөө би мэднэ” гээд ачаад эхлэвэл би “Үгүй” гэхгүй. Гэсэн ч надаас гуйж байх нь тэр.
.
- Б.Осорын дурсамжаас...
Нэг өглөө би Ядамхүү даргын өрөөнд яваад ортол Хяраадай сууж байв. Ядамхүү дарга “За Хяраадай, энэ байшингийн дээвэрт, төдөн гөлмөн төмөр орох юм байна. Нэг гөлмөн төмрийн яг тал нь илүү гарна, түүнийг нэгдлийн няравт буцааж тушаана шүү” гээд гөлмөн төмөр олгох баримтыг цохиж өгөв. Хяраадай ч “За” гээд л гарлаа. Гөлмөн төмрийн тал илэхийг тооцож гаргасан нь, тэгээд буцааж тушаа гэсэн нь надад онцгой сонин санагдав.
Хайнгадуухан хандвал ганц нэг төмөр үрэгдэж ч болно. Буруу эсгэх тохиолдол ч байж болно. Би дараагийн нэг өдөр нь буудлын үүдэнд Хяраадайтай дайралдаад, нөгөө сониуч зангаараа “Өчигдөр Ядамхүү дарга танд нэгдлийн складнаас гөлмөн төмөр авах баримт цохиж өгөхдөө нэг гөлмөн төмрийн яг хагас нь илүү гарна гэж байсан, үнэн юмуу?” гэв. Хяраадай “Яг үнэн. Цаадах чинь маш нарийн тооцоотой хүн. Би хагас гөлмөн төмрийг нь буцааж тушаана л даа. Тэгээд ч бид хоёр зан зангаа мэдэх улс л даа” гэсэн билээ.
.
Я даргыг Хөдөлмөрийн баатар болоход маш олон хүн өөрөө баатар авчихсан мэт баярлан уйлж байсан. Энэ нэгийг өгүүлнэ.
.
- Х.Шуурайн дурсамжаас ...
Мал төллөлтийн үед нүүдлийн бүл чадал муутай айлын хонийг заримдаа өөрөө тууна. Гэрийг нь ачвал бууцан дээр нь бариад эсвэл ус цас орохгүй газар янзын гоё хураана даа. Сүүлдээ тээврийн жолооч, нүүлгэсэн хүмүүс бүр сурчихсан, яг л даргын хийдгийг л хийнэ шүү.
.
- Г.Гомбын дурсамжаас...
1990 онд сумаараа 112 500 мал тоолуулж байсны гадна Бижийн амны 200 га-д үр тариа, төмс хүнсний ногоо, малын тэжээл тариалдаг, сумандаа ядуу өрх, ажилгүй хүн байхгүй, архидалт, хулгай дээрэм гэж огт гардаггүй эвсэг хамт олон бүрдсэн байв
.
Б.Осорын дурсамжаас ...
Ер жил бүрийн мал тооллогын дүн Я даргын өөрийн хувийн хөтөлсөн тооцооноос бараг л зөрдөггүй байжээ. Харин ганцхан жил л 24 хонь, нэг тэмээгээр зөржээ.
Дүнг сонссон Я дарга гайхахын ихээр гайхаж, “Та нар зөв тоолсон юмуу?” гээд дахин шалгуулсан аж.
.
Т.Дэмэдийн дурсамжаас...
1983 оны 10 сарын 22-ны шөнө Бугат суманд их хэмжээний цас орсон билээ.
Хадны оёор хэвтсэн тэмээ босож чадахгүй болтлоо дарагдсан, гэрийн хаяанд байсан 40 литрын усны бетон сав үзэгдэхгүй болчихсон байжээ.
... Я дарга бид дөрөв цанаар явж хярд цасанд боогдсон айлуудаа буулгаж ирэхээр аялалдаа гарлаа. Нарийний гол хад чулуу асаг ихтэй боловч бидэнд хад асга чулуу гэх юм ердөө харагдахгүй учир машин зам үүгээр л байх ёстой гэж барагцаалж явна. Хамгийн эхний хүн 200-300 метр газар мөр гаргаж яваад л хөл цуцна. Иймд ээлжлэн урдаа гарч явах бөгөөд шинэ хойтон цасанд цана шигдчихээд явган явахаас арай дээр байсан.
Бид явсаар шөнө дунд Нарийний голын эхэнд гарч, үүр цайж байх үед Босгын аманд Сүж бригадын нэг айлд очиж цай ууж, хоол идээд цааш явсан. Тэр айлын хүмүүс биднийг их гайхан сонирхож байсан билээ. Босгын ам өгстөл цасаар нүд чихгүй шуурч эхэллээ. Бид ч бие биеэсээ салж болохгүй гэдгийг бие биедээ анхааруулж, ёстой 100 м орчим яваад амарч байсан. Үүрээр Босгын амнаас гарсан бид орой нар жаргаж байхад хөтөл дээр гарч ирэн бага зэрэг амрав. Босгын ам өөд явахад бид маш их ядарч байсан ба авч явсан боорцогноосоо 2-3 идэхэд хүч ороод цааш явна. Ядарч явахад шар тосонд имэрсэн тарианы гурил, шар тос их хэрэгтэй байдгийг бид мэдсэн юм...
Ингээд орой харуй бүрий болж байхад Дэлгэр салаа хэмээх газарт очсон. Маргааш өглөө нь буюу 10-р сарын 25-ны өглөө бид Хул морьтын Сэрүүнд байгаа үхэр адууг уулнаас буулгаж эхлэв. Хоёр хоног цанаар үхэр адууг цагаан луу буулгах, хад асганд боогдсон мал гаргах, асганд хавчуулж хөлөө хугалсан малыг эмчлэх, үхсэн малыг хуулж арьс ширийг нь авах зэрэг ажилд хуваарьлагдан 2, 2-оороо явж ажиллав....
Бид 5 хоног Хул морьтын сэрүүнд цана ба мориор адуу үхэр цуглуулж, цуглуулсан малаа Дэлгэр салааны ам, Босгын аманд байлгаж байгаад, 6 дахь өдрөө өглөө эрт сумын төв рүү хөдөллөө. Их цасанд мал боогдчихоод тууж явахгүй байсан тул адууг азарга, азаргаар нь үргээн тууж зам гаргана. Нэг азарга адуу 500 орчим метр газар зам гаргаад л хүч чадал нь дуусдаг бололтой нам зогсоно. Тэгэхээр дараагийн азарга адууг оруулж зам гаргана. Ийм маягаар (өртөөчлөх) зам гаргаж гаргасан замаар үхрээ тууж явсаар 7 дахь хоног буюу 30-ны өглөө Нарийний ам руу орж ирж билээ.
Биднийг сумын төвийн дээд рүү орж ирэхэд, сумын төвийн авгайчууд “Я” даргыг хараад уйлж байсан.
.
- Ч. Цэрмаагийн дурсамжаас...
Хашаа барих ажилд яваад мод хадаж байхад нэг гар нь чилэхээр, нөгөө гартаа алхаа бариад л үргэлжлүүлэн хадна. Олон сайхан идэр залуус Я даргын ажлын эрчийг гүйцдэггүйсэн.
Бидэнд бас олон сайхан сургаал хэлдэг байсан:
- “Та нар ямарч ажлыг чин сэтгэлээсээ хийж бай,
- Ядаж л газарт унасан хадаасаа түүгээд авч бай, мурийж, тахийсан хадаасыг тэгшлээд, дахин хэрэглэж сур эдгээр чинь арвилан хэмнэлтийн анхны алхам.
- Хүрзээ дээш нь харуулж тавьж бай, ажлын багаж, хэрэгсэл, машин, техникээ ариг гамтай эдэлж, арчилж, тордож сур,
- Хүн ямарч ажлыг ягштал хийгээд ард нь гарвал сэтгэл сэргээд сайхан амардаг юм гээд л зөндөө сайхан зүйл ярьдаг байлаа. Бид зөндөө сайхан дурсамжтай он жилүүдийг хамт туулсандаа бахархан дурсаж байхад сайхан байдаг юм.
.
- З.Галхүүгийн дурсамжаас...
Удирдан зохион байгуулах торгон мэдрэмжтэй хүн байсан юм. Бугат сумын “Социализмын зам” нэгдлийн алтан түүх энэ хүнтэй холбоотойгоор барахгүй түүхийн нэгээхэн хэсгийг унтах нойр, идэх хоолоо умартан бүтээсэн гэж хэлж болно.
.
- Х.Батсуурийн дурсамжаас...
Манай сум дан ганц мал аж ахуй, газар тариалан гээд зогсохгүй, Нийтийн аж ахуй үйлчилгээний төв, Нэхий элдүүрийн цех, Саван лааны жижиг үйлдвэр, Нэхмэлийн цех зэрэг олон жижиг аж ахуйн нэгжүүд ажиллаж байсан нь Я даргын санаачилга, зүтгэл байлаа.
.
- О.Батчулууны дурсамжаас...
О. Ядамхүү даргыг БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан мэдээ цахилгаанаар суманд ирэхэд дарга маань нэгдлийн хашаан дотор барилгын ажилчидтай цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөөд зогсож байлаа.
.
- Б.Рагчаагийн дурсамжаас...
Шашин хаалттай байсан тухайн үед О.Ядамхүү дарга, ажлаар ирсэн Аймгийн Намын Хорооны I дарга Л. Хүрлээ нар үдэш оройн цагаар манайд ирж, аавтай бурхны шашны ном судар эргүүлж хуучилдаг оюунлаг сэхээтнүүд байсныг би сайн мэдэх юм.
.
- Д.Жаргалсайханы дурсамжаас...
Я дарга элдэв оршил үгүй сайхан ярина. Зүс үл таних хүн албан өрөөнөөс нь гэхээс биш ялангуяа нийтийг тойрсон ажлын талбараас оноож таних аргагүй тийм энгийн хүн байсан даа.
.
- Л.Оюунаагийн дурсамжаас...
Я даргын ээж Цагаандай гуайнх жижгэвтэр гэртэй байсан. 4 - 5 тоннын даацтай том машинаар нүүлгэсэн жолооч:
- Жижиг гэртэй юм чинь яаж 5 тонноор тооцох вэ гээд 2. 0 тонноор замын хуудсаа бичин Я дарга дээр ороход “4. 0 тн юмуу 5. 0 тн-оор бодож хөлсийг нь тооц” гэдэгсэн.
Тийм атлаа жижиг гэрээрээ нүүсэн өөр айл айл өрхүүдийг 2. 0 тн, 3. 0 тн гэж тооцдог.
.
- Б.Шаравын дурсамжаас...
Сумд мөн л цас их дарж дөрвөн чиглэлийн даваа хаагдсан үе байлаа. Үхэрчин Гомбосүрэн гуайн хүү Ганболд мухар олгой өвчнөөр өвдөж аймгийн мэс заслын эмчид дуудлага өгөв. Гэтэл түргэний эмч ирж яваад Мааньтын хөтлийн ард цасанд боогдоод байсан билээ. Хэд хэдэн машин тийш зүтгээд эмчийн боогдсон газар хүрч чадсангүй. Гэтэл Я дарга өөрөө нэг тракторын толгой унаж яваад, шөнөжин зүтгэсээр эмчийг авчирч хүүхдийн амийг аварч байсансан.
.
- Ш.Хоовхүүгийн дурсамжаас...
Нэгэн зудны үеэр бид хамтдаа зүтгэсээр нэг өртөөнд хүрэв. Тэндээс дарга цааш явсан ба намайг үлдээхдээ – Энэ хүйтэнд чиний гар хөл чинь даарч хөрнө гээд өөрийнхөө өмсөж явсан гутлыг тайлан өгч байсансан.
.
- Ц.Янсанжавын дурсамжаас...
Борбулагаас 10-аад машин өвс тэжээл ачиж дуусгаад, цай ууцгааж байтал надад аяга хүрдэггүй, гэтэл дарга “Алив Янсан наашаа суу” гээд өөрөө ууж байсан цайгаа өгч байж билээ.
.
- П.Дашбазарын дурсамжаас...
Нэг удаа аймгийн дарга Төмөрбаатар сумын бригадын хариуцлагатан биднийг баахан зэмлэв. Гэтэл Я дарга таг дуугүй холоо алхаад явчихлаа. Явах болсон чинь ирдэггүй. Тэгсэн Төмөрбаатар дарга “Ингэдэг л хүндээ. Энэ хэдийгээ өмөөрч байгаа нь энэ“ гээд инээж билээ. Загнуулсан бидний ч сэтгэл амарч ихэд инээлдсэндээ.
.
- Г.Бямбаагийн дурсамжаас...
Хүнд шаардлагыг өөрийн биеэр үлгэрлэн тавьдаг. Жишээлбэл, барилгын ажилчид шавраа зөөхгүй байхад “Хувин аваад бос” гэж шаарддаггүй, өөрөө зөөхөд тэнд байгаа барилгачид бүгд босон зөөдөг байлаа. Өвс ачих, цас малтах үед ч өөрөө хийлцдэг байсан төдийгүй конторын ажилчид мөн хийдэг байсан.
Бугын хөтлийн цаад талын цасыг онгойлгоход аймгийн нэгдэл дундын жолооч нар -Энэ нэг дарга чинь яасан янзын хүн бэ өөрөө ажлаа хийгээд байх юм. Аргаа барахдаа бид бас цас ухалцсан гэж ярьцгаасан байдаг. Ийм л хөдөлмөрч хүн байсан.
.
- Р.Дорж-Янжмаагийн дурсамжаас...
Их зуд болж Хөвчийн нуруу цасаар хучигдаж малчдад сум, аймгийн төвөөс хүмүүс дайчлан тусламж үзүүлж байсан жил. Нэг айлын төллөх малнаас таслан хэдэн залуучуудад өгчээ. Хэд хоноод нөгөө залуус сумын төв рүү “Түлэх түлшгүй болчихлоо. Түлээ түүх унаа өгөөч” гэж хэлүүлжээ. Ядамхүү ах очоод “За хүүхдүүдээ. Нэг нэг дээс аваад явцгаая” хэмээн дагуулж ууланд гараад “Ингээд түлээ түү” гэж өөрөө үлгэрлэн том баглаа түлээ үүрч иржээ. Нөгөө залуучууд даргыгаа даган түлээ түүж ирэхэд “За хүүхдүүд минь, унааны хэрэггүйгээр түлштэй боллоо” гээд явжээ.
.
- П.Дашбазарын дурсамжаас....
Үнэхээр үг дуу цөөнтэй, шунал байхгүй, шударга нэгэн байсан.
Нэмж хэлэхэд ёс зүй маш өндөртэй, нэгийг нөгөөд нь муулах, үг дамжуулах, дэл сул үг хэлэх, хов жив ярих, үнэхээр цээртэй байсан.
.
- Д.Цээсүрэнгийн дурсамжаас...
Аймгийн худаг усныхан Алаг нуурын Айлын цагаанд худаг гаргахаар ирэхэд Я дарга хамт явжээ. Тэгээд өөрөө газар сонгоод - Энд л өрөмдөөдөх. гэсээр өрөмдүүлсэнд ус олгойдож эхэлжээ.
Ийнхүү даргын заасан газраас ус өөрөө олгойдон ундарч, Гоождог гэдэг нэртэй худаг бий болон олон жил хүн, мал ан амьтан ундаалсан түүхтэй. Айхтар ажигч гярхай хүн дээ.
.
- Л.Балдангийн дурсамжаас...
Алдаж явааг ухааруулдаг, онгирч явааг нь номхруулдаг, залхууг ажилд сургадаг, сайн явааг урамшуулдаг, өөрөө биеэрээ үлгэрлэн манлайлдаг, шударга, зарчимч, төр, засгийн ажлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, хүнлэг, эрдэм мэдлэг, ажил амьдралын туршлага хуримтлуулсан, удирдлагадаа байгаа хүн нэг бүрийн хувийн зан чанар, ар гэр амьдралын байдлыг нэг бүрчлэн мэддэг дарга байлаа.
.
Саяхан Я даргын тухай “Алтайн хөх дарга” хэмээн дурсамжийн ном хэвлэгдсэн билээ. Энэ номд их олон хүн халуун дотно дурсамжаа ирүүлжээ. Энэ олон дурсамжийн ард охин Я.Баярмаа нь ийн бичсэн байна.
“Аавыгаа дурсамжаар амилуулах гэж зорьсон энэхүү номонд сэтгэлийн үгээ бичиж ирүүлсэн олон олон хүний өгүүлсэн түүх “Гэртээ амарч тухлах, хүүхдүүдтэйгээ тоглож хөгжилдөх зав чөлөөг өөрийн амьдралдаа гаргаж чадаагүй миний аав хэний төлөө тэгтлээ их хөдөлмөрлөж явсан юм бол?” гэх бидний асуултанд хариулж байх юм.”
***
БИДЭНД ДУТАГДАЖ БУЙ ЗҮЙЛ...
Я даргын энэхүү нэгэн үзүүрт хичээнгүй зүтгэл, эрмэлзлэлийг өнөө цагийнхан ойлгоход ихээхэн бэрхшээлтэй тулгарна.
Сайн мууг үнэлэх үнэлэмж, ойлголт энэхүү хоёр нийгэмд харилцан адилгүй, бараг эсрэг тэсрэг ч байж мэднэ. Учир нь өнөөгийн ертөнц, өнгөрсөн социалист ертөнц хоёр бол хоёр өөр ертөнц, эсрэг тэсрэг хоёр ёс суртхуун.
Юуны өмнө үнэт зүйл, итгэл үнэмшлийн талаас шүүнэ. Өнөөгийн үнэлэмжээр бол бүх хүнд хувийн эрх ашиг гэж байдаг. Харин энэ хүний тухайд тийм зүйл байхгүй шахам болчихсон нь эмгэнэл юм. Эсвэл бусдын төлөө буюу нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх нь хувийнхаа сонирхлоо илэрхийлэх хамгийн “оновчтой”, “зальжин” халхавч болох учраас л ийн зүтгэсэн байх. Түүнээс өөрөөр энэ хүний хувийнх нь эрх ашиг хаана байна, хаашаа орчихов оо? Өөрийн “Би” буюу Alter ego нь хааччихав аа гэж асуух хүн цөөнгүй гарна. Эсвэл “Нэр алдрын хэнээтэн” болно.
Мөн өөрийгөө тухайн нийгмийн нэг салшгүй эрэг шураг гээд итгэчихсэн, түүнийхээ төлөө бүхнээ зольдог фанат хүмүүстэй адилтган ойлгоно. Тийм хэнээтнүүд аль ч цаг үед байдаг даа. Өнөөдөр ч бий. Ардчилал, ардчилал хэмээн хашгичивч яг үнэн хэрэг дээрээ тэр ардчиллынхаа мөн чанарыг огтоос ойлгоогүй хийрхэгч мэр сэр байдаг шүү дээ. Тэдэнтэй адилтгаж үзнэ. Энэ байдлыг арай өөрөөр харвал бусдын төлөө өөрийгөө сайн дураараа золих “Ёс суртхууны хэнээрхэл” гэж үзэж ч магад.
Тэр бүү хэл Дон Кихот мэт гэж байж ч мэднэ. Хүний оюун санааны эрүүл зөв хөгжилд аюул занал учруулсан цаг үе учраас энгүүн байх учиртай зүйлийг их хачин гажаар харж, үймэрнэ.
Гэвч энэ олон гажуудуулсан ойлголт нэгэнт болоод өнгөрсөн бодит үнэний өмнө ямар ч хүчгүй юм. Нийгмийн, эх орныхоо ирээдүйн сайн сайхны тусын тулд гэсэн итгэл үнэмшлээр зүтгэхэд, өөрт ногдсон үүргээ биелүүлэх, гэхдээ нэр төртэйгээр биелүүлэхэд, зүгээр л шударга, зарчимч. хөдөлмөрч байхад, илүү хуурамч зан маяггүй энгүүн байхад ямар нэгэн онол, эрх ашиг хэрэгтэй юм гэж үү? Магадгүй, өнөөгийн бидэнд чухам ийм итгэл үнэмшил, оюун бодол, ухамсарт сэтгэлгээ асар ихээр дутагдаж байгаа болоод ийнхүү гайхах...
Я даргын зүтгэл хөдөлмөр өнөө цагт домог мэт төсөөлөгдөх хэмжээнд буй.
***
Их уулын оргил бэлээсээ харагддаггүй. Бэлд нь буй хүмүүн уулынхаа нөмөр нөөлөгт буйгаа ч тэр бүр анзаардаггүй. Харин холдоод явахаараа ямархан ихээр нөмөр нөөлөгтэйг нь мэдрээд эхэлдэг. Бас оргилыг нь харж, ямархан өндөр сүрлэг болохыг нь ухаардаг. Уул Алтай холдоо өндөр гэдэг шүү дээ.
Цаг улирах хэрээр бид уул мэт нөмөртэй, уул мэт өндөр их хүмүүсээ ойлгон ухаарч, бишрэн хайрлах амуй.
Б.Наминчимэд
2016.7.18
No comments:
Post a Comment