Friday, August 5, 2016

"...АГУУ АМЬТАН..."

- Хөөе, чи намайг танихгүй болчихоо юу?
- Өө сайн байна уу?
Анзааралгүй хажуугаар нь өнгөрчихсөндөө баахан бантаад, юу хэлэхээ мэдэхгүй хэсэг зуур гацав. Аагим халууны хажуугаар архи, бөөлжисний үнэр нилхийгээд явчихлаа. Цээжиндээ хир даг болсон цоохор цамц углачихаж. Өмдний тэлээнийхээ оронд цагаан мяндас уячихаж. Царай нь хөхөрч, нүд нь сэлхийгээд, шанаан дээр нь томоос том шарх товойно. Түүн дээгүүр нь хоёр ялаа эргэлдэнэ. 
- Чи дахиад л уу? Арай ч дээ. Хүн таних аргагүй. Яахаараа ингэж явдаг хэрэг вэ? 
- Яахав дээ. Ингээд л явж байна. Би байна шүү дээ ... гээд долоовор хуруугаа нүдрүү чичих шахам гозойлгон зангаад,
- Чи мэднэ шүү дээ, би байна шүү дээ, би болбол хийх ёстойнхоо 99 хувийг нь ч хийгээгүй яваа хүн шүү дээ. Миний одоогоор бичээд байгаа бол тун өчүүхэн жаахан зүйл. Харж л байгаарай. Би чинь агуу амьтан байхгүй юу. 100 хувь юмаа хийчих юм бол юу болохыг чи төсөөлж байна уу?
- Нэгд, Чи ингээд яваад байвал юу ч хийж чадахгүй. Хоёрт, Чи наад агуу гэдгээ хэлж, гэнэн залуусыг хөөргөж, хэдэн төгрөг салгадгаа хэзээ болих юм бэ?
- Үгүй юм. Би бол долоон голтой. Үхэхгүй ээ. Би 99 насална. Харж л байгаарай. Тэр цагт миний ямар агуу амьтан байсныг та нар муусайнууд харж чадахгүй юм чинь гэснээ ташаагаа тулж, гэдийж зогсов. Гар хөл нь салганан, эрүү толгой нь донжигнон байвч тийн зогсож байгаадаа их сэтгэл хангалуун шинжтэй. Их өндрөөс намайг дооршаасан шинжтэй харцаа сүүмийлгэн харна. 
- Чи миний шүлгийг мэднэ шүү дээ. Залуучууд миний шүлгийг цээжээрээ надад, өөрт минь уншиж өгдөг юм чинь. Энэ гудманд зогсож байгаад гээд хүмүүс хөлхсөн гудамжны зүг гараа савчив.
- Уг нь тэгэх хэрэггүй л байж дээ. Чамайг тэгэж хөөргөөгүйсэн бол чи өнөөдөр ингээд гудамжинд тэнэж явах биш, уран бүтээлээ хийгээд, учиртай явж байхсан. 
- Юуны чинь хөөргөх. Авьяасыг чинь авьяастай хүмүүс л үнэлж чаддаг юм, та нар шиг муусайн юмнууд агууг ямар үнэлж мэдэх биш. Та нар бол, өчүүхэн амьтад гэснээ хачирхалтай үнэр сэнгэнүүлэн учиргүй хэхрэв. 
Танил бүсгүй маань хажуугаар гарч явснаа бид хоёроос зогтусан цочиж, дөлсхийгээд цааш харан гарав.
Мань хүний дотор нь харанхуйлав бололтой, доош суун тонгойж, хэсэг чичигнэн байснаа, 
- Бүтэн сар хэлэн дээрээ юу ч тавьсангүй. 
- Архи уух мөнгө бол олдоод байна уу?
- Архи бол хаанаас ч олдоно шүү дээ. Тэгснээ уруул амаа муригнуулан үрчигнэж, уйлах аядав.
- Хөгшин чинь траншейнд 14 хонолоо. Үнэнээ л хэлье. Жаахан юм өгчих. 
- Чи дахиад л архиа гударчих биз. 
- Үгүй, үгүй. одоо яг ах нь үхэх гэж байна. Архи уухгүй, таваг шөл л ууя.
Ойрхон харагдах Цайны газар луу дагуулан алхав.
- Ингэж ч явах гэж дээ. Орон гэр, эхнэр хүүхэд яасан бэ?
- Эхнэр хүүхэд хаяад явсаан. За тэр муусайнууд яах вэ? Хожмын өдөр харамсах болно. Гэхдээ би байна шүү дээ, тэр цагаас хойш өдөр хоногийг хэрхэн өнгөрөөж буйгаа мэдэхээ байчихлаа гээд енгэнүүлэн уйлав.
- Харин чамайг ийм царайтай яваад чинь л харамсах байх даа. Чам шиг мунхаг хүн хамгийн ойр дотныхоо хүмүүст л гай тарьж, зовлон хурааж явах юм. Чухам надтай ойр байх заяатай төрсөн чинь хохь нь гэж байгаа юм шиг л байх. Яалтай ч билээ. Хонь бол жаахан таргалуулж байгаад гаргаад идчихсэн.
- Аа, бас тэгнэ ээ. Тэнгэрийн амьтныг та нар бас хонь шиг харж байна уу? гээд өнөөх уйлж, усан нүдэлж байсан нь аль хэдийнэ нисэн арилаад, шүдээ хавирав. Яг замын гол дээр цахдаад зогсчихсан, туранхай чөргөр гараа зангидан гозолзуулна. Машинууд сигналдацгаана.
Юугаар ч дарагдахгүй омог бардам занг нь сэрээж орхив бололтой. 
- За за, тэр цайны газар харагдлаа, алив, наана чинь машин гарах гээд байна. 
- Муусайн хулгайчууд явж чадахгүй бол хохь нь. Чаддаг юм бол намайг дайраад гарцгаа л даа. Энэ Монголын нэг агуу амьтныг дайрчихсан юм гээд намтарт чинь бичигдэнэ шүү. Мэдэж авцгаа хэмээн тулж ирсэн Прүүстэй залуу руу хуруу чичлэн орилов. Өнөөх залуу гайхан надруу харна.
Бушуухан гуд татан чирээд замын нөгөө захад гаргав.
- Намайг энэ цаг үеийнхэн, ойлгож мэдэхгүй л дээ. Ер нь агуу амьтад бол угаасаа цаг үедээ хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй юм. Китсийг, Бөрнсийг, Томас Элойтыг, Кафкаг энэ муусайнууд яаж мэдэх юм. Тээр дээр тэнгэрт байгаа амьтасыг энэ муу газрын өтнүүд яаж харж чадах юм. Агуу байхын зовлон бол бас агуу л байдаг юм чинь. Их Нацагаа архи ууж яваад гудамжинд үхэхэд нь энэ муусайнууд нэг архичин л далд орлоо гэж баярлалдсан. Түүнээс өөрөөр харах чадваргүй, .... Тийм хүмүүс бол хүн төрөлхтний зовлонг нуруундаа үүрч явдаг юм. хххм.
- Чамайг Шар хаданд хүргэж өгөх цаг болж байгаа бололтой.
- Тэг л дээ. Биднийг бүгдийг нь галзуу гэдэг юм чинь.
- За за, олон юм ярилгүй, наашаа ороод ир. Эв эрүүл юм байж бас галзуу хүн болж жүжиглэнэ. Яг үнэндээ бол чамайг Шар хад ч тоож авахгүй. 
- Ингэхэд чи намайг хэн гэж бодоо вэ? 
- Агуу ихийн синдром туссан хөөрхий ядарсан нэгэн л байна. 
Хамар нь тас хийж, нулимав.
- Чи аан гэж бай, хүмүүс бүгд өчүүхэн, хувиа бодсон. Бор ходоодныхоо төлөө л яг хулгана шиг хурааж, илжиг шиг зүтгэж, гахай шиг чихэж амьдарцгааж байна. Чи надыг тэдний адилаар амьдар гээ юу? Яг ш тээ.
- За битгий дэмий юм руу хадуураад бай. Чиний наад жүжиглэлд чинь итгэдэг хүн нь би биш.
- Марк Твенийг ивээн тэтгэдэг тэр саятан шиг нэг орой нь нимгэрсэн саятан байж л таарна. 
Цайны газрын эгч, гайхаж эргэлзсэн байдалтай харна. Таваг шөл, 2 аяга цай захиалаад, үйлчлэгч эгчид "Та санаа зоволтгүй. Энэ хүн томоотой сууж байгаад идчихээд гарна" гэлээ.
Мань хүн тавагтай шөл хараад их том санаа алдаж байна. 
- Чи одоо яая гэж бодож байна?
Халбагаараа шанаагаа тулан жаахан бодлого болов.
- Яг үнэндээ хөгшин нь аргаа барж явна. Шашин шүтлэгээ худалдах гээд байгаа ч юм биш шүү, чи зөвөөр ойлгоорой. Нэг христийн сүмийнхэнтэй уулзсан. Энэ тоос шорооноосоо салж байгаад нэг өдөр тэр сүмд очиж толгой хорогддог юм билүү. Ингэхэд надад ямар арван хуруугаараа л бичихээс өөр хийж чадах ажил гэж байх биш. 
- Архиа уухаа больчихвол хэн ч туслана л гэнэ.
- Худлаа худлаа. Яг үнэнээсээ тусалдаггүй юм. Зүгээр л намайг хажуудаа байгааг хүмүүст харуулж, надаар, надад тусалж байгаагаараа, ПиАр хийж, өөрийгөө өөд нь өргөцгөөдөг. Ой гутмаар юмнууд. 
- Чи хүмүүсээс төгс төгөлдөрийг хайгаад яахнав. ПиАр хийдэг нь хийдэг л юм байгаа биз. Чамаас юу гарах вэ дээ. Тэгэж байгаад нэг ая эвээ олоод авахыг бодно биз.
- Би тэр муусайнуудын бялангач царайг нь харахаар тэсдэггүй юм аа. Намалдаган дээр нь нааж орхичихоод гараад явчихдаг юм. Тэгснээс гудамжинд ингээд дураараа орилоод явж байх нь зовлон багатай.
- Наад өмссөн зүүснээ, царай зүсээ, байдал төрхөө хар даа. Ийм хүнийг чинь хэн сайнаар хүлээж авах билээ. Бөбөчин л гэж харна. Бөбөчинг хүн гэж үзэхгүй, золбин нохой л гэж даяараа харцгааж байгаа шүү дээ. Чи бусдыг бялангач гэж мянгандаа загнаад огтхон ч нэмэргүй, яагаад гэвэл золбин нохойн борголтыг хэн тоодог билээ. 
Мансуурсан мэт нүдээ аньж, үл ялиг ганхаж байснаа,
- Тэр ч тийм шүү. Уг нь Бадамлянхуа цэцэг балиар лаг шавар дотор ургадаг ч дэлбээндээ үсэрсэн шаврыг дор нь цэвэрлэчихдэг гэдэг. Тийм болохоор нь л Бадамлянхуаг их оюуны бэлгэдэг болгодог юм гэнэ билээ. Харин би ч тэр шаврыг нь цэвэрлэж чадахгүй аргаа барж байна. Гэхдээ дотоод сэтгэл минь харин цэвэр хэвээр шүү. 
- За за. Энэ цайны газрынхны намалдган дээр наалгүйхэн шиг хоолоо идчихээд гарахыг бодоорой. Би явлаа.
- Баярлалаа. Утас чинь цээжинд байгаа. Хөгшин нь архиа уухаа болчихоороо чам руу ярина аа.
- Тэгээрэй.
Босгон дээр очиж явтал мань хүн зөөгч эгчийг дуудаж байгаа бололтой сонсогдов. Эргээд харвал зөөгчийг хажуудаа зогсоочихсон
- Монголын их найрагч ......... гээд гараа сунгаж байх нь тэр.
Эгч надруу гайхан харахад нүдээ ирмэчихээд гарч одов.
/Өгүүллэг аятай юм шүү/

No comments: