Wednesday, September 29, 2010

МАХН-ын шинэчлэл нэр сольсноор хязгаарлагдахгүй

Б.Номинчимэд

МАХН-ын нэрийг МАН болгон өөрчлөх асуудал нь араасаа олон үйл явдлыг өрнүүлж болох юм. Юуны өмнө өнөөгийн улс төрийн гол ноён нуруу болсон энэ намыг хуваагдмал байдалд оруулж тун болзошгүй байна.

МАН буюу Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээх нь огт байж боломгүй зүйл биш ч гэлээ зайлшгүй тооцож үзвэл зохих хэд хэдэн нэлээд бодитой хүчин зүйл бий. Юуны өмнө тус намын ахмадууд, өөрөөр хэлбэл МАХН гэсэн энэ нэртэй ухамсарт амь амьдралаа холбож ирсэн хүмүүсийн хувьд нэр солихийг хэрхэн үзэж байгаа талаар ямар нэгэн бодитой судалгаа одоогоор гараагүй байна. Дунд болон залуу үеийнхний хувьд нэг их эргэлзээд, эмзэглээд байхгүй л болов уу. Тэгээд ч намын нэр солих талаар намын гишүүдийн дунд болж буй хэлэлцүүлэг нь ихэнхдээ бодит бус зохиомол шинжтэй, зохион байгуулалттайгаар зориуд өрнүүлж буй мэт байдал ажиглагдаж байна. Ийм тохиолдолд намын нийт гишүүдийн хичнээн хувь нь нэр солихыг дэмжиж байгаа талаар бодитой мэдээлэл гарах боломжгүй юм.

Мөн, МАН хэмээн нэрээ өөрчилсөн тохиолдолд МАХН гэсэн хуучин нэрэн дээрээ бууриа сахиад үлдэх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн баасан гарагт болсон “МАХН-н шинэчлэл: урагшлах уу, ухрах уу?” хэлэлцүүлгээс харахад бууриа сахиад үлдэнэ гэсэн бодолтой тодорхой нэр бүхий хүмүүс байна. Хэдийгээр дээрх хэлэлцүүлэг дээр экс дарга Н.Энхбаярын хэлж буй үг нь 1996 оноос 2005 оны хүртлэх урт хугацаанд намын дээд эрх мэдлийг мэдэж байх үед нь хийж байсан үйлдэлтэй нь огтхон ч авцалдахгүй, логик ойлгодог захын хүний инээдэм, онигооны сэдэв болхоор байдалтай харагдаж байгаа ч бас түүний нөлөөллийн хүрээ өнөө ч оршин байсаар байгаа гэдгийг мартаж болохгүй.

МАХН-ын өнөөгийн удирдлагын зүгээс намын нэрийг солих, үзэл баримтлалыг өөрчлөх тухай дэвшүүлэн тавьж буй бүхнийг шүүмжилж буй Н.Энхбаярын шүүмжлэлийн учир шалтгааныг би өөрөөр харж байгаа. Намын удирдлагад хангалттай хугацаанд сууж, өнөөдөр МАХН-ыг авилгач нам хэмээн дуудах болсон энэхүү нөхцөл байдлыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн энэ хүний хувьд намын шинэчлэлийн асуудал амин чухал биш, харин “Нохой сүжигтэйдээ бус зулын тос горьдож сүмийн үүд сахидаг” хэмээх хуучны нэг үгийн адилаар намд бий болсон энэ тогтворгүй нөхцөл байдлыг ашиглан эрх мэдлээ сэргээн авах гэсэн эрмэлзэл байна уу даа гэсэн хардлага төрж байгаа юм.

Мөн тэднээс ангид бас огт өөр үндэслэлээр МАХН гэсэн нэрээ хэвээр авч үлдэх сонирхолтой өөр хэсэг бүлэг хүмүүс ч бас бий. Эдгээр хүчний цаана ч бас тодорхой тооны намын гишүүд байгаа. Мөн намын ахмадуудын үлэмжхэн хэсэг нь тэднийг дагаж ч болох юм.

МАХН нэрээ МАН хэмээн сольж Дээд шүүхэд бүртгүүлэхдээ Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэрийг тодорхой хугацаанд өөр хэсэг бүлэг, улс төрийн хүчин авч ашиглахгүйгээр хориг тавих нь ойлгомжтой. Гэсэн ч Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэсэн нэрээр шинэ хүчин гарч ирэхэд товчлол нь МАХН байна.

МАХН гэдэг товчлол нь нэгэнт ард түмний дунд дасал танил болсон маш хүчтэй БРЭНД нэр. Энэ нь сонгуулийн санал хураалтад ноцтой үр дагавар учруулж болох юм.

Мэдээж хэрэг намын нэрийг өөрчилсөн талаар өргөн сурталчилгаа, компанит ажил өрнөх ч МАН гэдэг нэр чих, нүдэнд дасал болтол багагүй хугацаа шаардлагатай. Нүнжиг муутай, ноён нуруугүй зальжин сөрөг хүчин ч энэ нөхцөл байдлыг овжноор ашиглана. МАХН-ыг алуурчин, хулгайч, авилгач хэмээн цоллон, таашаал авч, ашиг цохидог байсан сөрөг хүчний үзэл сурталчид гэнэтхэн МАХН-ын байгуулсан гавьяаг магтан дуулаад, алдаршуулаад, гайхаж шагшраад эхэлж ч мэдэх юм.

Энэ мэт тун ноцтой нөхцөл байдлын дунд МАХН ирэх УИХ-ын сонгуульд оролцох болно.

Нөгөө талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАХН нэрээ сольсноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би үүрнэ” хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлсэн нь өөртөө бүрэн итгэлтэй байгаагийн илрэл хэдий ч их хариуцлагагүй үг юм. Бүхэл бүтэн улс төрийн намын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшил, хичээл зүтгэл, нэр хүнд улс төрийн сонгуулиар шийдэгдэж байхад тэр бүхний өмнөөс нэг хүн хариуцлага хүлээн гэдэг зүйл байж боломгүй зүйл. Хэрхэн яаж, хариуцлага хүлээх ч тодорхойгүй. Хэрвээ МАХН 2012 оны сонгуульд МАН нэрээр ороод ялагдвал зөвхөн намын гишүүдэд төдийгүй ард түмэн, улс орны хэмжээнд ч асуудал огт өөрөөр эргэж болно. Энэ бол яагаад ч нэг хүний үүрэх хариуцлага биш билээ.

Нэрийг солих учир шалтгааныг ихэвчлэн МАХН буюу ХУ нам гэсэн “муухай” үгнээс салах хэмээн тайлбарлаж байна. Өнөөдөр 1990-ээд он биш. 2000 он ч бас биш. МАХН гэсэн нэр өмнө нь “хоцрогдол” гэдэг үгтэй хамт сонсогдох түвшинд байсан. АН-ын үзэл суртлын нэгэн гол довтолгоон ч энэ нэр дээр төвлөрч байсан. Ардчилсан тодотголтой нөлөө бүхий нийтлэлчид сүүлийн 20 жилийн турш энэ нэрийг ад шоо үзэж, зарим тохиолдолд устгах, газрын хөрснөөс арчихийг эрүүл бусаар улайран сурталчилж ирсэн билээ. Түүний нэг бодитой үр дагавар нь 7 сарын нэгэн.

Баабар, Цэнддоо нар нэг сэтгэхүй дээрээ зоогдоостой байсаар байж болно, харин ард түмэн дандаа нэг сэтгэхүй дээр зогсоод байдаггүй. Тэд ямагт хөгжиж, сэтгэлгээний шинэ шинэ дэвшил рүү тэмүүлж байдаг. Түүний нэг илрэл нь энэ 9 сард Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэхэд өмнөх жилүүд шигээ ад шоо үзсэнгүй. Алдаа оноотой ч 40 жил улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийгөө огоорон зүтгэсэн тэр хүний их зүтгэлийг өмнөх 20 жилийн балар үгүйсгэлээс огт өөрөөр харж, дүгнэж, дурсгалыг нь хүндэтгэлээ. Өнөөдөр ард түмний үнэмлэхүй олонхи нь нийгмийг ардчилсан болон ардчилсан бусаар нь ялгаварласан, хэт туйлширсан, үгүйсгэсэн хандлагыг таашааж үзэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн тодорхой хэсэгт байдаг МАХН гэсэн нэрээс нэг их сэжиглээд сүйд болоод байдаг хандлага аярч, ялангуяа тус намын социализмын үеийн 70 жилийн түүхийг дан ганц үгүйсгэлийн цонхоор бус алдаа, онооны дэнсэн дээр бодитойгоор нь хардаг хандлага ихэд түгээмэл болж ирсэн. Цаашид монголын нийгэмд зөвшилцлийн уур амьсгал улам түгээмэл болж ирэх нь ойлгомжтой. Х
үссэн хүсээгүй шинэ үе гарч ирж байна. Нэг талаас социализмын 70 жилд тархиа угаалгаагүй, нөгөө талаас тэр 70 жилийг бүхий л эд эсээрээ үзэн яддаг хүмүүсийн үе өнгөрч байна шүү дээ.

Ийм нөхцөлд МАХН нь хоцрогдлын илэрхийлэл болж байна гэх шалтгаан нь нэр солихын хангалттай үндэслэл болж чадахгүй.

Намын шинэчлэлийг сурталчилж буй хүмүүс маань “гуравдагч зам”-ын тухай их ярьж байна. Үнэн хэрэгтээ тэрхүү гуравдахь зам гээч маань эхэлж буй шинэ эрин үед хүний нийгэм аливаа туйлшрал, хэтийдлээс салж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хамгийн гол нь зүй ёсны хөгжлийн илүү бодит хандлагыг танин мэдсэний үр дүнд бий болж буй зүүн төвийн үзэл дээр голлосон үзэл онол гэдгийг бас цаанаа анхаарч үзэх хэрэгтэй юм.

МАХН-ын ардчилсан социалист үзэл баримтлалыг Үндэсний ардчилсан үзэл баримтлалаар солих тухай Тэрэлжийн тунхаглал болон бусад баримт бичгүүд нь манай улс төрийн хүрээнийхний, ялангуяа судлаач шүүмжлэгчдийн дунд багагүй маргаан мэтгээн өрнүүлээд байгаа. Онолын маргааны гол нь МАХН-ын шинээр дэвшүүлээд буй үндэсний ардчилсан үзэл нь барууны үзэл үү, эсвэл зүүн төвийн үзэл үү гэдэгт байх шиг байна. МАХН-ын онолын асуудлыг боловсруулж, судалж байдаг сургалт, судалгааны “Прогноз” төвөөс гаргасан “Үндэсний ардчилсан үзэл санааны зарим асуудалд” баримт бичигт “ ... манай нам ардчилсан тодотголтой социалист үзлийг тугаа болгон тунхагласаар байх нь тогтолцооны зарчимд нийцэхгүй гэж үзэж болно”, мөн “...одоо хэрэгжиж буй, бидний урагшлах хөгжилд хүндрэл учруулсан, нийгмийн дэвшилд саад учруулсан халамжийн бодлогыг эргэн харах, хянан үзэх, зарим талаар татгалзах хэрэгтэй байна” гэжээ. Эндээс харахад нэг их маргаад байх шаардлага ч алга. МАХН ардчилсан социалист үзлээсээ татгалзаж, баруун тийш нүүж байгаа нь тодоос тодорхой харагдана. 1996 онд МСДН гэнэтхэн төрөл арилжиж, барууны үзэлт Ардчилсан намтай нэгдсэн стандарт бус, зөвхөн монголд л байж болох хачин гаж үзэгдэл давтагдаж мэдэх юм гэсэн бодол эрхгүй төрнө. Энэ бол төөрөгдөл, эсвэл мэх. Төөрөгдөл гэхийн учир нь улс төр, эдийн засгийн аливаа үзэл онолын уг үндэст хүн гээч энэ амьтан чинь хэн юм бэ гэдгийг хэрхэн үзэж буй гүн ухааны үзэл байдаг. Энэ талаар олон зүйлийг нуршиж болох ч онолчдод үлдээе. Харин нэг хувь хүн бус бүхэл бүтэн улс төрийн нам гэнэтхэн үзэл баримтлалаа 180 градус эргүүлнэ гэдэг нь угаасаа тухайн намын оюун санааны цөм нь ажиллахгүй байгаагийн илрэл болон харагдаж байна. Нэгэнт оюун санааны цөм нь ажиллахгүйгээс хойш төөрч, мунгинах нь ч аргагүй байх. Мэх гэхийн учир нь төрийн үйл ажиллагаанаас цөөнх хөрөнгөлөг хэсгээ дэмжсэн бодлого цухалцаж буй өнөөгийн нөхцөлд эрх баригч нам гэнэтхэн барууны үзэл рүү хэлбийгээд эхлэхээр энэ намын толгой нь нэг бол олигархжсан, эсвэл олигархуудын халаасанд орсон юм болов уу гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлсэн болно.

Нөгөө талаар ардчилсан социалист буюу социал демократ үзлээс зугтах нь өөрөө хүн төрөлхтний хөгжил дэвшлийн эсрэг алхаж буй хэрэг юм. Өнөөгийн дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын практикаас харахад зүүний намууд нь баруун тийш нүүх биш харин ч барууны намууд зүүншилж буй. Хүний нийгмийн хэтийн хөгжил нь хүссэн ч, эс хүссэн ч нийгмийн ардчилсан зарчим дээр л суурилахаас өөр гарцгүй болж буй бөгөөд чухам үүнийг л илүү прагматикаар хүлээн авч, ямар нэгэн изм-тэйгээ зууралдаад байхгүйгээр баруун, зүүнтнүүд зарим зүйл дээр зөвшилцөж буйг гуравдахь зам гэж томьёолж байна.

Харин тэр 1.5 саяыг иргэн бүрд хүртээх энэ тэр нь уг гарвалаараа энэ үзэл онолтой ямар ч хамааралгүй, зөвхөн тухайн сонгуульд ялах уу, олонхи болох уу, үгүй юу гэдгийг дэнсийг шийдэх л зүйл байсан. Энэ эдийн засагт гай, хөгжил дэвшилд саад болж буй их мөнгө тараах санаачилгыг анхлан барууны үзэлт гэгдэх АН, бүр тодруулбал өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л санаачилсан шүү дээ. Нийгмийн ардчилсан үзлийн үүднээс бол нийгмийн халамж оновчтой байх нь чухал болохоос бус хүн бүрд хишиг хүртээгээд, тараагаад, цацаад байх нь угаасаа нийгмийн халамжийн утга учир ч биш.

Гэхдээ МАХН-ын нэрийг солих, үзэл баримтлалыг шинэчлэх зэрэг нь МАХН-ын өмнө тулгараад буй шинэчлэлийн амин чухал асуудал биш юм. Өнөөх Дэн Ся Пиний “Муур хар байна уу, цагаан байна уу гэдэг нь чухал биш, хулгана барьдаг нь л чухал” гэдэг зарчим өмнө өгүүлсэнчлэн өнөөгийн улс төрийн намуудын хувьд хамгийн чухал прагматик хандлага болж байна. Өөрөөр хэлбэл нам нь коммунист байна уу, консерватив байна уу гэдэг нь чухал биш, ард түмний аж амьдрал дээшилж, хөгжлийн зорилтууд шийдэгдэж байна уу гэдэг нь чухал болж байна. МАХН нь МАН гэдэг нэртэй болсон, эс болсон, мөн ардчилсан социалист байна уу, үгүй юу гэдэг нь чухал биш, харин энэ нам намын эгэл гишүүд болон ард түмнийхээ хүсэн хүлээсэн өөрчлөлт шинэчлэлийг хийж чадах уу, үгүй юу, улс орноо зөв шударгаар удирдан жолоодож, хөгжилд хөтөлж чадах уу, үгүй юу гэдэг нь МАХН-ын шинэчлэлийн гол гогцоо асуудал юм.

Хааяа нэг залуустай санал солилцож байхад МАХН-ын энэхүү нэрээ солин, үзэл баримтлал өөрчлөх гэж буй нь МАХН-ын өнөөгийн удирдлагад чиглэсэн олон түмний шүүмжлэлийг дүйвүүлж, анхаарлыг нь сарниулж, жинхэнэ шинэчлэлээс зугтан, байр сууриа бэхжүүлж авах гэсэн башир арга, улс төрийн ээлжит ов мэхт нүүдэл юм гэсэн санаа ч бас гарч байсан. Бодолцох л зүйл.

МАХН-ын шинэчлэлийн амин чухал асуудал миний санахад уг нь их л энгийн санагдах юм. Энэ бол арга барил, үйл ажиллагааны эрс өөрчлөлт. Өнөөдөр хүн амын 36 хувь нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой байна гэсэн статистик мэдээлэл гарсан байна билээ. Энэ үзүүлэлт жилээс жилд огтхон ч буурахгүй байгаа. Үүнээс илүү ноцтой үзүүлэлт бол нийгмээ чирч явдаг, хүн амын 60 гаруй хувийг эзлэх дундаж давхаргынхан огтхон ч босч чадахгүй байгаа явдал юм. Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд гүрдийтлээ зүтгэж яваа нь үнэн. Хэт цөөнх болсон шинэ баячууд сэхэж, гэгээрэх ч бас болоогүй байна. Нийгмийн ялгарал өдөр өдрөөр ихэсч, доод давхаргынхан итгэлээ аль хэдийнэ гээсэн бол одоо дундаж давхаргынхан тэдний араас сүйрч унахад ойрхон байна. Ийм ойрхон байгаад нь чухам нийгэмд шударга ёс байвал зохих алдагдлаасаа хэд дахин илүү болчихсон нь гол нэрмээс болж байна.

Шударга ёсыг бага ч атугай сэргээх хэрэгтэй, тийм боломж бий. Маш энгийн, тухайлбал МАХН-ын авилгач нэртэй хүмүүсийг ил тод шалгаад, буруу гацуу үйлдэл нь батлагдвал шууд л намаасаа хөөж, улс төрийн карьерт нь цэг тавьчихдаг байвал яасан юм. Тодорхой хэлбэл, өнөөдөр шадар сайд байгаа, өмнө нь МАХН-ын дарга байсан М.Энхболдыг монголын нийт иргэдийн үнэмлэхүй олонхи нь “газрын наймаачин” л гэж дууддаг нь худлаа биш. Мөн МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг “Авилгалын загалмайлсан эцэг” гэж олонхи нь ойлгодог нь ч үнэн. Сонин хэвлэлийнхэн, сөрөг хүчнийхний хар сурталчилгааны үр нөлөөгөөр хөөрхий эдгээр хүмүүс ийм муу нэртэй, луу данстай болчихсоныг ч бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ мэт зүйлсийн бага гэлтгүй /уг нь бага асуудал биш л дээ/ үнэн худлыг шударгаар олж тогтоогоод, нэг бол цагаатгаад, эсвэл намаасаа хөөчихдөг л байхад энэ намын шинэчлэл зөв зүйтэй явж байна л гэсэн үг. Одоо намын нэрээр хариуцлагатай албан тушаалд тавигдсан хүмүүсийн ёс зүйн асуудал, идсэн уусан тухай сонин хэвлэлүүд залхаг болтол нь бичих юм. Худлаа юм бол шударга хуулийг мөрдүүлж, тэдгээр хүн гүтгэсэн сонин хэвлэлүүдийг чангахан базчих хэрэгтэй. Ядахдаа тэд хариуцлагатай болно. Хэрвээ үнэн бол намын нэрийг баастсан тийм хүмүүсээсээ нам хурдхан салаад авч байх... Чухам эндээс л намын шинэчлэл зөв гольдролоороо эхэлж байна гэж харагдах болно. Нэг, хоёр тийм томоохон акулуудыг зоригтой хусаад хаячихвал ард түмэн МАКН гэсэн нэртэй байсан ч үл тоон түрхрэн дэмжих болно. Шударга ёсыг баталгаажуулсан энэ мэт шийдвэртэй алхам нь хар аяндаа нийгмээ шударга ёсны гольдролд хөтлөх болно, цаашлаад нийгмийн хөгжилд саад тээр болж буй олон бусармаг зүйлс шахагдаад ирэх болно.

Чингис хааны маань “Гайтай болбоос шадрыгаа ч шанталсугай, гавьяатай болбоос дайснаа ч шагнасугай” гэсэн нь угтаа бидний төрийн алтан аргамжийн үндсэн зарчим, гэрээс нь юмсан.

Tuesday, September 7, 2010

Монголын Их Уул уурхайд ажиллах үндэсний боловсон хүчин хаана байна вэ?

Нэг. Монголын уур уурхайн ойрын ирээдүй

Монгол Улс 2014 онд газрын тосоо өөрсдөө боловсруулах үйлдвэртэй болно хэмээн Ерөнхий сайд Дорноговьд очихдоо хэдэгдэв. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах түүхий тос олзворлох боломж, нөөц хангалттай бий аж. Оюутолгойн гэрээг батлах гэж хэрэлдсээр байтал 10 жилийг үдчихсэн бидний хувьд дөрөвхөн жил юу байхав.
Хэрвээ энэ “мөрөөдөл” биелвэл бид оросын нефтийн хараат байдлаас бүрэн гараад зогсохгүй эдийн засагт ч үндсэн эргэлт болно. Хуучин цагийн “Москвад найтахад монголд ханиад хүрдэг” байсан улс төр, эдийн засгийн хараат байдал ардчиллын 20 жилд нефтээр дамжин уламжлагдсаар байгаа. Өнөөдрийн бидний иддэг талхны үнэ хүртэл оросын нефтийн зах зээлийн нөхцлөөс шууд хамаарч, тэнд нэг найтахад энд талхны үнэ суга өсч байна.
Өнөөдөр Дорнодын сав газарт, Дорноговьд хятадын голдуу 40 орчим компани газрын тосны хайгуул, олзворлолт хийж байгаа гэсэн. Ерөнхийлөгч асан П.Очирбат анхных нь дээжээс ноолууран дээлийнхээ энгэрийг мялааж байсан өнөөх Тамсагын ордоос хятадууд өдөрт хэдэн зуун тонноор нь зөөсөөр хэдэн жил болж буй талаар манай хэвлэл мэдээллүүд хангалттай мэдээлж, хэл ам таталж, тэнд монголын эрх ашиг зөрчигдөж, монголын онгон байгал сүйрч байгаа талаар тэмцсээр ирсэн.
Зөвхөн “Доншен газрын тос”ХХК-ын үйл ажиллагаа явуулж буй Дорноговь аймгийн Зүүнбаянгын Цагаан элсний орд газрын нөөц гэхэд 177 сая баррель аж. Тус компани зөвхөн энэ жилд 70 гаруй мянган тонн түүхий нефтийг урагш нь гаргах төлөвлөгөөтэй гэнэ.
Бидний бензин шатахууны хэрэгцээ өдөр ирэх бүр асар хурдтай өсөн нэмэгдсээр байхад, өөртөө байгаа нефтийн нөөцөө ийнхүү гадагш нь түүхийгээр зөөлгөсөөр байгаа нь ердөө л манайд нефт боловсруулах үйлдвэр байхгүйтэй холбоотой. 2000 оны үед Оюуны ундраа компанийн буюу одоо Онцгой байдлын гэгдэх болсон сайд асан Г.Отгонбаяр Налайхад нефт боловсруулах үйлдвэр барих талаар ярьж, газраа хүртэл бэлтгүүлж байсансан. Гэвч улс төрийн, бизнесийнхний ашиг сонирхол зөрчилдсөн үү, эсвэл ерөөсөө хөрөнгө санхүүгийн бэрхшээл гарсан уу, тэр сайхан эхлэл таг болж, эзэн нь шүүх, цагдаатай зууралдсаар хэдэн жилийн үдлээ.
Харин сая Ерөнхий сайд маань жилд нэг сая хүртлэх тонн түүхийн нефт боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг Дорноговийн Зүүнбаянд барина гэв. 10 жилийн өмнөх хууль эрхзүй, улс төр-бизнесийн бүлэглэлийн зөрчил гэх мэт монголын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж, мөн өнөөдөр бид тэр хэмжээний үйлдвэр барих санхүүгийн чадамжтай болж, бяд сууж буй тул Ерөнхий сайдын маань энэ үг Оюуны ундраагийн Отгонбаярын мөрөөдөл шиг замхран арилахгүй байх магадлал өндөр юм.
Мөн Японы гадаад хэргийн сайд монголд айлчлаад буцлаа. Япончуудын гол сонирхож байгаа зүйл нь манай уул уурхай, ялангуяа уран. Энэ салбарт Оросууд давамгайлах рольтой оролцохоор сүүлийн хэдэн жилийн турш ихээхэн хүчин чармайлт гаргаж, Путин, Медведев гээд томчуул нь хүртэл зөвхөн монголын ураны төлөө нааш зорьж байсан. Өмнөд хөрш маань ч тэднээс хоцрохгүйг хичээж буй. Монголын зүүн бүс нутаг бүхэлдээ ураны асар баялаг нөөцтэй болох нь нэгэнт тодорхой болж, харин хэнтэй хэрхэн хамтран вэ гэдэг л асуудлын зангилаа цэг болоод байна. Одоогоор манайд 65 000 тонн ураны нөөц илрээд байгаа ба энэ тоо цаашид ихээхэн өсөн нэмэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж буй. 65 000 тонн гэдэг нь дэлхийн 200 гаруй улсаас 15-д орох хэмжээний нөөцтэй гэсэн үг аж.
Оюутолгой, Тавантолгой хоёр нэгэнт хөдөлчихлөө. Тэнд ажил ид бужигнаж эхлээд байна. 2013 онд Оюутолгойд өдөрт 100 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Зөвхөн энэхүү үйлдвэр ашиглалтанд орж, олзворлолт эхэлсэнээр манай ДНБ 30 хувиар өсөх гэнэ.
Нүүрснийхээ нөөцөөр дэлхийд хоёрт жагсах, 6,5 тэрбумын нөөцтэй Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдож дэд бүтцийн асуудлыг Монголын төрөөс бодлого болгон гаргасан. Түүгээр бол Тавантолгой, Сайншанд, улмаар Баруун-Урт, Чойбалсангаар дайруулсан 1000 гаруй км урт төмөр замыг ойрын хугацаанд барьж байгуулна. Мөн Сайншандад боловсруулах үйлдвэрийн иж бүрэн цогцолбор барихаар шийдвэрээ гаргаад ажил эхэлжээ.
Тавантолгойд хөрс хуулалт нэгэнт эхэлсэн бөгөөд анхныхаа борлуулалтыг энэ оны 11 сарын нэгнээс эхлэхээр болжээ.
Тавантолгойн нэгэн булан болох Ухаахудагт л гэхэд олзворлолт аль хэдийнэ эхэлж, өдөрт хэдэн зуун тонноор нь хятад руу гаргаж байна. Мөн 245 км урт хатуу хучилттай замыг ажил нэгэнт эхэлжээ.
Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаж Эрдэнэт шиг хотууд удахгүй босно. Сайншанд л гэхэд манай улсын аж үйлдвэрийн зангилаа төв болон өргөжиж, монголын 4 дэх томоохон хот болох магадлалтай.
Олон нийтээр ярилцаж буй дээр дурдсан газрын тос, уран болон Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг ашиглах, ашиглахтай холбогдсон дэд бүтэц, үйлдвэрийн хот гээд хэдэн зуун тэрбумаар яригдах ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөх нь ч нэн тодорхой болоод байна.
Гэтэл дээр дурдсанаас огтхон ч дутахгүй орд баялгууд цаана нь зөндөө бий. Зөвхөн стратегийн гэгдэх Асгат, Олон-Овоот, Цагаансуварга гэх мэт томоохон 15 орд газар цаана нь бий. Тэд ар араасаа ээлжээ хүлээн байгаа ба зарим нь ч хөдлөөд эхэлчихсэн. Энэ стратегийн гэгдэх 15 ордод 150 жилийн нөөцтэй гэгдэж буй Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай орохгүй байна гэхээр л ямархан их баялаг буй нь ойлгомжтой.
Ховдын Хөшөөтөд л гэхэд алс баруун хилээс 200 орчим км урт хатуу хучилттай замыг Алтай нурууны Барлагын даваагаар давуулан тавьж байна. Мөн Ховдын Зэрэг, Манхан сумыг дайруулан аймгийн төв рүү ч 150 гаруй км хар зам тавьж буй юм билээ. Тэдгээр өндөр чанарын хурдны замуудыг уул нуруу, говь цөлийг гатлуулан тавьж байгаагаас л тэрхүү уурхайн ирээдүй маш илхэн харагдана. Тэндхийн жижигхэн тосгон ч гэсэн хэдэн жилийн дараа баруун бүсийн нэгэн аж үйлдвэрийн гол бааз болохыг үгүйсгэхгүй.
Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Төмөртийн төмрийн орд газарт одоо олзворлолт ид эхэлж буй гэх. Мөн л баруун хил рүү 100 гаруй км урт хатуу хучилттай зам тавьж эхэлжээ. Энэ мэт стратегийн 15 ордоос гадна одоогоор ашиглаад буй болон ойрын үед ашиглах боломжтой 150 гаруй уул уурхайн их бага ордууд байна гэхээр ерөөсөө ойрын хэдэн арван жилд монгол оронд уул уурхай, түүнийг тойрсон нүсэр их ажил бужигнан өрнөх ерөнхий дүр зураг тодоос тод харагдаж байна. Одоо олзворлож буй алтны хэдэн арван орд газрыг тооцохгүйгээр шүү дээ. Харамсалтай нь тэдний олз ихэнхдээ эздийнх нь олз болдгоос биш, улсад, ард түмэнд наалдсан нь өчүүхэн бага, харин ч байгал, газар шороо яйран болж үлдэж буй.
Манай саалийн ганц үнээ болсон Эрдэнэт л улсынхаа төсвийн 50 хувийг хангадаг бол эдгээр үй олон үйлдвэр, уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл бидэнд хөгжлийн ямар их боломж бололцоо нээгдэж байгаа вэ. Гагцхүү эдгээр баялгаа зөв нэгдсэн бодлогоор ашиглах, хамтрагч түншүүдээ зөв сонгох, Африкийн болон Латин америкийн зарим улс орнуудад давтагдсан “баялгын хараал” хэмээх гашуун туршлагыг хэрхэн давтахгүй тойрч гарах төдийгүй удаан хугацааны үр ашигтай болгон хувиргах вэ зэрэг асуудалд бид онцгой анхаарах учиртай. Өөрөөр хэлбэл хэдэн улс төрчдийн популист амлалтын золиос болж, өнөөх баялгаа гадагш нь зарсөн мөнгөө өөр хоорондоо сая саяар нь хуваагаад идчих бус, харин баялгаа боловсрол, шинэ технологи, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, шилдэг иргэн болгон ашиглах явдал юм.

Хоёр: Энэ их бүтээн байгуулалт, баялгыг бүтээх эзэд нь хэн бэ?

Энэ асуудал тун ноцтой байна. Энэ их уул уурхайн ажлыг хэн хийх вэ? Энэ их бүтээн босголтон дээр хэн ажиллах билээ. Монголчууд бидэнд энэ их өргөн далайцтай нүсэр уул уурхай, бүтээн босголтонд ажиллах үндэсний бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэшсэн ажилчид бий билүү. Зангилаа асуудал чухам энд л байна.
Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Зөвхөн газрын тосны салбарт л гэхэд улсын хэмжээнд 20 000 орчим хүн ажиллаж буй гэх. Харамсалтай нь тэдний 90 хувь нь гадныхан, мэдээж үнэмлэхүй олонх нь хятадууд. Манай газрын тосны гол ордууд дээр ажиллаж буй компаниуд “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК, “ПетроМатад” ХХК, “Эн Пи Ай” ХХК гэх мэт.
Энэ салбарт л гэхэд 11 000 мэргэжилтэн дутагдалтай байгаа гэнэ. Манай ШУТИС-ийг энэ чиглэлээр жилдээ 20 гаруйхан оюутан төгсдөг нь дэндүү хөгийн.
Оюутолгойд одоогоор 10 000 мэргэжилтэй ажилтан шаардлагатай байгаа гэдэг. Зөвхөн төслийн барилгын шатанд 4000, олборлолтын үед 3000 хүнийг ажлын байраар хангахаа Оюутолгойгоос мэдэгдсэн. Тавантолгой болон бусад уурхайнууд, боловсруулах үйлдвэрүүдэд, бусад бүтээн байгуулалтын ажилд үүнээс ч олон ажиллах хүчин шаардлагатай байгаа нь тодорхой. Бас Ураны салбар байна. Бусад олон уурхайг оролцуулбал нийтдээ улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт 30 000 гаруй мянган, боловсруулах үйлдвэрт 10 000 орчим мэргэжилтэн шаардлагатайн дээр уул уурхай дагасан дэд бүтэц, хот бүтээн босголтод оролцох мөн тооны барилга, зам тээвэр, металлурги, геодози, байгал орчны гээд төрөл бүрийн мэргэжлийн төдий тооны хүмүүс шаардлагатай.
Гэтэл энэ олон мянган мэргэшсэн, мэргэжлийн боловсон хүчин хаана байна. Хаана бэлтгэж байна. Сэтгүүлч Г.Баатархуяг “Оюутолгойн гэрээг батлах гэж 10 жил хэрэлдэж суух завсараа ядахдаа боловсон хүчнээ бэлтгээд авчих сөхөө манай улс төрийнхөнд байсангүй дээ” хэмээн халагласан нь аргагүй юм.
Эрдэс, баялаг эрчим хүчний яамны мэдээллээр 2008-2009 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 5 их, дээд сургууль, коллежид уул уурхайн 6 мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшний сургалтад 3933 оюутан хамрагдан суралцаж буй гэнэ. Энэ тоо бол хангалтгүй.
Дээр нь өнөөгийн манай дотоодын уул уурхайн сургалтын түвшин нь нарийн технологийг эзэмших, өнөөгийн уул уурхайн шаардлагад нийцэх хэмжээний боловсон хүчин бэлтгэж буй эсэх нь тодорхойгүй.
Монголд өнөөдөр төрийн болон төрийн бус 148 их дээд сургуульд 150 000 оюутан суралцаж байгаа. Гэтэл уул уурхайн чиглэлээр 3933 оюутан буюу нийт суралцагсадын 2.6-хан хувь байгаа нь дэндүү бага юм.
90-ээд онд манай хувийн сургуулиуд гадаад хэлээр өрсөлдөх болж, олонхи нь гадаад хэл, нийгмийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болсон. Зөвхөн Сэтгүүлзүйн чиглэлээр 20 орчим сургууль оюутан сургаж, жилд 120 гаруй сэтгүүлч бэлтгэж байна. Монголд хэдийгээр хэвлэл мэдээллийн зах зээл чамгүй хөгжсөн, 20 гаруй ТВ, мөн тооны өдөр тутмын сонин, олон тооны FM, долоо арав хоногын 30 гаруй сонин тогтмол гарч буй ч жилд тийм олон сэтгүүлчид шингээх багтаамж байхгүйгээс тэдний тал хувь нь ажилгүй сулдаа гунхаж, худалдагч, хүүхэд асрагч гээд олдсоноо хийж явна. Нийгмийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд харьцангуй бага зардалтай, тэгээд ч өнөөгийн манай дээд сургуулийн сургалт нь тухайн мэргэжлээрээ жинхэнэ мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхээсээ илүүгээр зөвхөн дипломын төлөө сургадаг гаж тогтолцоотой.
Уул уурхайн салбарт ажиллагсдын 0,4 хувь нь инженер, 34,4 хувь нь техникийн ажилтан, 65,2 хувь нь мэргэжлийн ажилчид байх шаардлагатай гэсэн судалгаа байна. Үүгээр бол өнөөдөр Монголд 1200 орчим өндөр мэргэжлийн инженер, 10 000 гаруй техникийн ажилтан, 18 000 орчим мэргэжлийн ажилтан шаардлагатай болох нь. 3933 гэсэн тоо аманд ч үгүй, хамарт ч үгүй.
Өнгөрөгч 7 сарын 19-нд Хөшөөтийн уурхайд очиход нутгийн иргэд Хөшөөтийн уурхайн ундны усыг машин, мотоциклоороо хаагаад, ус авхуулахгүй болчихсон, тэндээ л хөөрхөн бослого, мөргөлдөөн болох аястай байсан. Орон нутгийн өрх бүрээс нэг хүнийг Хөшөөтийн уурхайд ажилд авах шаардлага тавьж буй нь тэр юм билээ. Том оврын ачааны машины жолооч л гэхэд хагас сардаа 600 000-аас буудаггүй цалин авдаг гэсэн. Орон нутагт 600 000 төгрөг бол бага мөнгө биш. Нутгийн өрх бүрээс нэг хүн ийм хэмжээний цалин аваад эхэлбэл амьдрал ахуй нь ч өргөөд тавьчихсан мэт болох нь тодорхой. Уул уурхайд ажиллаж буй хүн нэг бүрийн цаана нэг өрх, дунджаар 5 ам бүл бий. 30 000 өрхийн амьдрал дээшилчихвэл 150 000 хүний амьдралын баталгаа хангагдлаа гэсэн үг. Манай жижигхэн эдийн засагт мөн ч их дэм болно доо.
Гэвч Хөшөөтийн уурхайнхан огт өөрийг ярьж байсан. Орон нутгийнхнаас уурхайд авч ажиллуулж үзсэн гэнэ. Нэгд цаг барьдаггүй, 30 минут хоцорчихоод, хоцорлоо гэхээр юу сүртэй юм гээд гайхаад байдаг гэж байгаа. Өнөө цаг үед ажлын цагийг минут секундээр тооцож байхад аанай л нүүдэлч хэнэггүй зангаараа, үд дунд болж байна, ажилдаа гарьяа гэсэн шиг сууж байж таарахгүй. Хоёрт, ажлын ачаалал даадаггүй, завсаргүй 6 цаг ажиллахаар цайгаа санаад, нүд нь бүрэлзээд эхэлдэг. Гуравт ерөөс ажлын бүтээмж, хариуцлага муу байдаг хэмээн хэлж байсан. Мөн архи их ууна, уухаараа зарим нь “хойноос ирээд хот манайх, хотод ороод хонь манайх гэгчээр чи муу цагаач миний газар шороон дээр ирчихээд намайг зарлаа” гэдэг гэж байгаа. Естой л нөгөө алтан дээр сандайлсан гуйлгачингийн сонгодог төрх харагдаж байгаа биз.
Хятадуудыг олноор нь авч ажиллууллаа хэмээн шүүмжлэлд өртөж байсан Барилгын голдуу компанийн удирдлагууд ч монгол ажилчдыг авч ажиллуулдаггүйн шалтгаанаа мөн дээрхтэй адилаар тайлбарлаж байсан.
Энэ нь манайхан өнөө цагийн капиталист хөдөлмөрийн харилцаанд нийтээрээ бэлтгэгдээгүй, дасаагүйн шинж юм.
Энэ мэт шалтгаанаас манайхан уул уурхайд ажиллах хүчний хомсдолд орж буй. Гэтэл монголд ажиллах хүчин байна уу гэвэл бий. Бүр хангалттай бий шүү.
Монголд ажилгүйдэл 2008 оноос 2009 онд 32 хувиар өссөн гэсэн тоо байсан. Орон даяар ажилгүй 150 000 гаруй мянган хүн бийгээс идэвхтэй ажил хайж буй нь 50 000 орчим бий гэдэг. Дээр нь жил бүр хэдэн мянгаараа хөлсний хар ажилд буулгын шар шиг зүтгэхээр солонгос, англи, америк гэх мэт орныг зорьсоор байна.
Жил бүр их дээд сургууль төгсөж буй 60 000 орчим төгсөгчдийн зөвхөн 30 хувь хүрэхтэй үгүйтэй нь л ажилтай болдог гэж байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр ойрын жилүүдэд улам өсөн нэмэгдэх уул уурхай, хүнд үйлдвэр, бүтээн байгуулалтын салбартаа мэргэжилтэн, ажилтан бэлтгэх тал дээр манай төрийн бодлого хэт харалган явж ирсний илрэл болж байна.
Харь оронд ажиллаж буй 200 000 орчим монголчуудын олонхи нь тухайн орондоо хэр баргийн хүн хийдэггүй хар бор ажлыг гололгүй хийдэг, гэхдээ бүх сайн хийдэг гээч. Энэ нь орчин нь бүрдээд, өгдөг авдаг нь хангалттай болоод ирэхээр монгол хүнд ажил сурах, ажлын ачаалал даах, шинэ орчинд хялбархан дасах асар их нөөц байгааг харуулж буй хэрэг. Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудад нинжа нарын ухсан цооногуудыг харж байхад манайханд ямар их нөөц, чадвар байдаг юм бэ гэж өөрийн эрхгүй гайхаж шогширмоор. 20, 30, зарим тохиолдолд бүр 50 метр хүртэл гүн цооногийг зөвхөн хүрз, хувин хоёрын хүчээр ухчихсан байдаг нь гайхамшигтай. Баруун европт хэдэн зуун жилийн өмнө л ийм технолгиор ажиллаж байсан даа.
Хөшөөтийнхөн нутгийн монгол иргэдийг ажил хийж чаддаггүй хэмээн шүүмжилж буй нь нэг хэрэг, харин бид мэргэжилтнээ сургаж, дадлагажуулж, бэлтгэж чадаагүй нь бидний алдаа, завхрал, унхиагүйнх юм.
Энэ хэдэн арван мянган ажиллын байрыг хангах бэлтгэгдсэн боловсон хүчин юутай ч өнөөдөр монголд алга. Оронд нь хятадууд голдуу гадныхан ажиллах нь, Энэ их бүтээн босголтын эхний ээлжийн зүтгэх хүч нь гадаадынхан байх нь тодорхой байна. Нэгэнт хөдөлчихсөн дээрх томоохон уул уурхайн төслүүд биднийг боловсон хүчнээ бэлтгэхийг хүлээгээд алгуурлахгүй учир...

Гурав: Боловсон хүчнээ бэлтгэж буй өнөөгийн байдал

Мэргэжилтэнг дотооддоо болон гадаадад сургаж буй. Дотоод сургалтын байдал ямар байгааг сонирхож үзье. Төрөөс богино хугацаанд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлийг барьж Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийг шинэчлэн баталсан.
Дээр дурдсанаар 2008-2009 оны хичээлийн жилд монголын 5 сургуульд 3933 оюутан бэлтгэж буй гэсэн. Тухайлбал, ШУТИС-ийн Уул уурхай инженерийн сургуульд 2132, Эрдэнэтийн технологийн сургуульд 496, Дархан-Уулын техникийн коллежид 706, Газарчин дээд сургуульд 367, Монголын үндэсний дээд сургуульд 232 оюутан тус тус суралцсан гэсэн мэдээлэл байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн мэргэжлээр суралцагсдын тоо өсч байгаа ч 2008 оны тоог 2005 оныхтой харьцуулахад дөнгөж 1,37 хувиар өссөн нь маш хангалтгүй юм. Гэтэл шаардлагатай ажлын байр нь хэдэн арав дахин нэмэгдсэн шүү дээ.
Яамны зүгээс жил бүр дотоодын их, дээд сургуульд төрийн сангийн зардлаар суралцагсдын 10 орчим хувийг геологи, уул уурхайн чиглэлээр суралцагсдад олгохоор болсон нь ч бас чамлалттай.
Мөн “Уул уурхай зам барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын дэд хөтөлбөр”-ийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамд хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлвэрийн чиглэлийн зургаан компани хамрагдаж, 525 мэргэжлийн ажилчдыг үйлдвэрлэл дээр нь дадлагажуулан сургах, улмаар төгссөний дараа ажлын байраар хангах чиглэлтэй сургалт явагдаж эхэлжээ. Өмнөговь, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Заамар, Налайх, Өвөрхангай, Дорнод, Бор-Өндөр, Сүхбаатар зэрэг аймгуудад уул уурхайн томоохон үйлдвэр, орд газрууд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн явуулах мэргэжлийн ажилчдыг бэлтгэхээр болж буй гэсэн.
Мөн Монголын мянганы сорилын сангийн Техник мэргэжлийн боловсрол, сургалт Бодлого үйл ажиллагааны шинэчлэл төсөл зэрэг төслүүд хоёр жилийн дотор багтаж мэргэжлийн сургалтын 1000 гаруй багш, ажилтныг сургах, сургалтын шинэ хөтөлбөрөөр хангах, тоног төхөөрөмж, сургалтын танхимуудын орчин нөхцлийг сайжруулах замаар богино хугацаанд мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь тавихаар ажиллаж буй ч өнөө шаардагдаж буй хэдэн арван мянган ажилтныг ганц амьсгаагаар бэлтгэчих боломжгүй.
Нөгөөтэйгүүр өнөөдөр уул уурхайн мэргэжлээр сургалт явуулж буй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд нь голчлон хүнд машин механизмын оператор, засвар, ашиглалтын мэргэжлээр сургалт явуулдаг байна.
Төрөөс МСҮ-ийн төвд суралцагчдад тэтгэлэг олгодог болсноор суралцагсдын тоо өсөх хандлагатай байгаа гэсэн. Гэхдээ өнөөдөр манайхны эцэг эхчүүд болон залуусын сэтгэлгээнд сурлага муутай, гологдмолууд нь л МСҮТөвд сурдаг гэсэн хуучин цагийн социализмын үеийн ТМС-ийг үздэг байсан тэр хандлага бараг хэвээрээ. Тиймээс ч чадвартай хүүхдүүд тийш цөөн очдог, мөн сургалтын чанар хангалтгүй байдгаас уул уурхайн салбарт хэрэгтэй ажилчдын шаардлагыг хангаж чадахгүй хэвээр байгааг мэргэжлийн хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг.
Ерөөс өнөөгийн манай хувийн сургуулиуд уул уурхай, хүнд аж үйлдвэр, металлургийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх багшлах боловсон хүчин хийгээд эдийн засгийн чадавхи бараг байхгүй. Тэгэхээр манай дотоодод бэлтгэж буй гэх эдгээр мэргэжилтүүдийн чухам хэд нь энэхүү Оюутолгой, Тавантолгой, газрын тос, уран зэрэг олон улсын хэмжээний томоохон төслийн ажлын шаардлагыг бүрэн хангасан байх вэ гэдэг ихээхэн бүрхэг юм.
Ингэхээр уул уурхайн чиглэлээр олон улсын стандарт шаардлага хангасан томоохон сургууль, сургалтын орчныг шинээр бий болгох, багшлах боловсон хүчнээ бэлтгэх, үүнд дор хаяж 4-5 жил шаардлагатай болно. Дараа нь шаардлага хангасан мэргэжилтнээ бэлтгэнэ гэхээр хугацаа их л байна даа. Харамсалтай нь өнөөх уурхайнууд хүлээхгүй. Гэхдээ ямар ч байсан бид уул уурхай, хүнд үйлдвэр, металлургийн чиглэлээр дотооддоо мэргэжилтнээ бэлтгэж авдаг болох талаар тууштай бодлого барьж ажиллах нь зөв юм.
Төрөөс мөн уул уурхайн чиглэлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байгаа, энэ чиглэлийнхээ зардлыг хоёр дахин нэмсэн гэх. Гадаад орны буцалтгүй тусламжаар жил бүр 50-аас доошгүй оюутан уул уурхайн чиглэлээр уул уурхай өндөр хөгжсөн орнуудад технологи, боловсруулалтын технологийн чиглэлээр сургах болсон. Гэхдээ ирэх жилээс... Мөн Үндэсний Инженер Технологийн улсдаа тэргүүлэх хэд хэдэн сургуулиуд байна.
Гадаадад төгсөгчдийн олонхи нь эх орондоо ирээд ажлын байр байдаггүйгээс эргэж ирэхийг хүсдэггүй байдал одоо ч үргэлжилсээр байна. Монгол залуус юм сурдаггүй биш сурдаг, ажлын чадваргүй биш өндөр чадавхитай нь Майкрософт, Яхоо, Гүүглэ зэрэг дэлхийн томоохон байгууллагуудад ажиллаж, хэлтэс тасаг удирдаад явж байгаагаас харагддаг.
Гэхдээ одоо эх оронд нь эхлээд буй энэ нөр их ажил, бүтээн босголтын талбарт тэдэнд таарсан, тэдний оюуны хүч, чадавхи шаардлагатай ажлын байрууд гарах нь дамжиггүй. Харин тэднийг хэрхэн яаж татах вэ гэдэг нь бидний бодлогын уян хатан чанараас хамаатай.
Уул уурхайн арвин баялаг туршлагатай, мэргэжлийн сургалт өндөр түвшинд байдаг АНУ, Австрали, Канад, Чили, Япон, Герман, Солонгос, Франц, ОХУ зэрэг улсад уул уурхайн технологи, геологи хайгуул, баяжуулалтын технологи, металл боловсруулалтын технологийн чиглэлээр бэлтгэх асуудлаар төрөөс одоо л анхаарч эхэлж байна. Энэ “анхаарал” бодит байдал болон хэрэгжихэд бас л чамгүй хугацаа хэрэгтэй болно.
Бээжин хотын Тосны их сургуульд хоёр оюутан, Австралийн уул уурхайн сургуульд гурав гэх мэт ганц нэг, бараг тохиолдлоор гэж хэлж болохоор мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа. Энэ бол чухам үнэн. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль Колумбийн их сургуулийн Уул уурхайн сургуультай хамтран ил болон далд уурхайн технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи, хүрээлэн байгаа орчин, тогтвортой хөгжил, уул уурхайн эдийн засаг, менежмент зэрэг чиглэлүүдээр хоёр сарын богино хугацааны сургалт явуулж эхэлсэн. Чамлахааргүй ч гэсэн хоёр сар бол хоёр л сар.

Дөрөв: Үндэсний Боловсон хүчнээ хэрхэн хурдан, хямд бэлтгэх вэ?

Дотоодод уул уурхайн чиглэлээр бэлтгэж буй байдлыг дээр товч тоймлосон. Одоо эхлэлийн төдий байгаа ч хэдэн жилийн дараа бид өөрийн гэсэн боловсон хүчнээ хангалттай хэмжээнд бэлтгэчих бааз суурьтай болохын төлөө шаргуу ажиллах нь зөв юм.
“Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг хурдан бөгөөд хямд бэлтгэж байна гээд баахан гологдлууд гаргаад хаячихдаг, тэд нь ажлын байранд очоод гологдоод, ажил нураагаад эхэлбэл бас хэрэг алга.
Дотооддоо бэлтгэгдсэн боловсон хүчнээ хүлээхгүйгээр гадаад улс орнуудад олноор нь сургаж, боловсруулах талаар төрөөс ч, эцэг эхчүүд ч хүчин чармайлт гаргах цаг болсон. Төрөөс жил бүр 50 хүүхэд биш хэдэн зуугаар нь уул уурхай, боловсруулах технологийн чиглэлээр явуулах хэрэгтэй байх. Мэдээж хэрэг, хөрөнгө мөнгөний гачаал бий.
Хямд юм чанар муутайн үлгэрээр хямд боловсрол ч бас чанар муутай байх нь ойлгомжтой. Тэгэхээр төр боловсон хүчнээ бэлтгэхэд хөрөнгө гаргах, ядахдаа өнөөх домогтой 76 тэрбумынхаа 50 тэрбумыг нь ч болсон боловсон хүчнээ бэлтгэхэд зарцуулдаг болоосой.

АНУ-д л гэхэд уул уурхайн чиглэлээр хичээлийн нэг жилд суралцах дундаж зардал 45 000 доллар...Англид 31 300, Канадад 31 500, Австралид 30 250 гэх мэт. Жилд 100 оюутанг эдгээр орнуудад сургах зардал л гэхэд 3 сая ам.доллараас даваад явчихна. Тэгэхээр хэдэн зуугаар нь залуусаа сургаад байх боломж хомс л болж байна. Их хурлын гишүүдийн гэгдэх домогт 76 тэрбумаар Канадад 152 оюутанг уул уурхай, газрын тосны чиглэлээр нэг жил сургачихна.
Мөн энэ хэмжээний мөнгөөр илүү олон оюутанг чанартай сургах ч боломж бий.
Малайзи, Энэтхэг, Чили гэх мэт уул уурхайн технологи өндөр хөгжсөн, сургалтын хувьд ч дээрх орнуудаасаа дутахааргүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн атлаа зардлын хувь хэд дахин хямд сургуулиудтай улс орнууд бий. Заавал АНУ, Канадад л сурахгүй бол болдоггүй ч юм биш.
Энэтхэгт л гэхэд уул уурхайн чиглэлийн дэлхийн шилдэг 25 их дээд сургуулийн тоонд ордог Indian Institute of Technology, Indian School of Mines гэсэн хоёр сургууль байна. Мөн Үндэсний Инженер Технологийн улсдаа тэргүүлэх хэд хэдэн сургуулиуд байна. Энэтхэгт уул уурхайн чиглэлээр мастерийн түвшний боловсрол эзэмшихэд АНУ-д сурснаас 6 дахин бага зардалтай. Өөрөөр хэлбэл өнөөх 76 тэрбумаар Энэтхэгт 900 орчим оюутан сургачихна гэсэн үг.
Энэтхэгийн уул уурхайн чиглэлийн сургалт нь АНУ, Канад, Австрали зэрэг орнуудаас чанарын хувьд ойролцоо болохыг тэнд суралцаж төгсөгчид болон мэргэжилтнүүд хэлдэг. Энэтхэгт одоо 3100 гаруй уурхай ажиллаж буй тул дадлага хийж, туршлага хуримтлуулах боломж ч их өргөн. Нөгөө талаар Энэтхэг улсын эдийн засгийн хөгжил өнөөдөр эрчимтэй өрнөж байгаа билээ.
Энэтхэгийн геологи, уул уурхай, газрын тосны чиглэлийн их, дээд сургуулиудаас л гэхэд инженер, техник технологийн магистр, докторын түвшний 200 мэргэжилтэн бэлтгэх боломжтой талаар Энэтхэг-Монголын Боловсролын нийгэмлэгээр дамжуулан мэдэгдсэн байсан. Эцэг эх, залуус ч өөрсдөө хувиараа суралцах талаар хичээл зүтгэл гаргахаас гадна уул уурхайн чиглэлээр гадаад орнуудад хувиараа суралцаж буй болон суралцах залууст төрөөс сургалтын бага хүүтэй зээллэгийг хөнгөлөлттэй нөхцлөөр олноор, бүр хэдэн зуугаар нь олгох хэрэгтэй юм.
Солонгост хар, цагаанаар ажиллаж байгаа олон мянган залуусаас шилж сонгоод тэнд нь уул уурхайн чиглэлийн урт, богино янз бүрийн сургалтанд хамруулж, төлбөрийг нь өнөөх тарааж буй 1 500 000-аасаа хийвэл, энэ их мөнгийг дэмий тарааснаас хавьгүй дээр биш үү. Адаглаад л тэд цаг барьж, ажлын ачаалал дааж сурсан байгаа.
Энэ мэт эрж хайвал боломж бас их бий. Харин боломжийг хэрхэн бодит байдал болгох вэ гэдэг нь биднээс өөрсдөөс маань 100 хувь шалтгаална. Түүнээс биш бидний өмнөөс хятадууд бидний боловсон хүчнийг бэлтгэхгүй. Айвенхомайнз ч, Рио Тинто ч бэлтгэж өгөхгүй. Тэдэнд зөвхөн чадварлаг ажилтан л хэрэгтэйгээс бус монгол хүн хэрэгтэй биш. Өөрөөр хэлбэл ашиг хайж ирсэн гадны компаниуд өндөр бүтээл, чадварлаг гэсэн шалгуурыг л эн тэргүүнд нь тавихаас биш монгол хүн гэсэн шалгуур үзүүлэлтийг нэгдүгээрт хэзээ ч тавихгүй нь ойлгомжтой.

Monday, September 6, 2010

Айн-Жалудын домог - 2

Б.Номинчимэд

Түрүүчийг ЭНД ДАРЖ уншина уу

Баатар жанжнаа ийнхүү олон цөөврүүдэд ээрэгдсэн шархтай арслан аятай байх үед монгол дайчид бас ч зүгээр суусангүй. Газад байсан Хит Бухагийн толгойн сэргийлэх ангийг удирдаж байгаад мамлюкуудтай анхлан тулж, тулалдааны өмнөхөн цөөн үлдэгдэл цэргээ аван гол хүчтэйгээ нийлсэн Байдар ноён тэргүүтэй зарим монгол баатрууд тарж бутарсан цэргээ Байсан орчимд бөөгнүүлж, дахин цэгцлээд жанжнаа аврахаар гань галзуу довтолгон иржээ. Хэдий хүч дэндүү цөөн, морь, хүнгүй тамирдаж сульдсан байсан ч монголчуудын сүүлчийн тэр шийдмэг довтолгоон Күтүзийг ихээхэн сандаргаж, бараг л тавиад туучих дөхсөн гэдэг. Гэвч тооны илт давуу хийгээд ялалтаа мэдэрч урамшсан мамлюкүүдийг дийлсэнгүй, бараг толгой дараалан хядагдаж, цөөн хэд нь Йордон голын зэгсэнд орж нуугдсан боловч Бибарс зэгсэнд гал тавьсанаар амь аврагдах найдлагагүй болсон байна.


Хүлээтэй Хит Буха ноёныг нэгэн өндөрлөг дээр бариулсан Күтүзийн асарт авчрав. Алдарт Саладин 1187 онд Айн Жалудаас холгүй орших Хаттингийн тулалдаанд Загалмайтнуудыг хиар цохиж, олзлогдсон загалмайтны барон, вангуудыг өмнөө сөхрүүлж байсны жишгээр Күтүз монгол эрийг өмнөө сөхрүүлэх гэсэн боловч чадсангүй. Күтүз “Буруу номтон чи, гэмгүй олны цусыг урсгаж, эртний сурвалжид хаад, баатар эрсийн амийг хөнөөв чи. Одоо харин чиний ээлж ирэх чинь энэ дээ” хэмээн тавласан байдалтай ял асуусанд Хит Буха “Эзэн хүн харьяатынхаа өмнө сөгддөг ёсон үгүй” хэмээн омог бардам өчиж, “Чи бол өөрийг чинь өргөж босгосон эзнээ алж, хаан ширээнд суусан өчүүхэн боол. Би чам шиг эзнийхээ араас хутга шааж байсангүй, ямагт үнэнч явсан” хэмээн Күтүзийг өөрийг нь хариу яллан донгоджээ. Боол гаралтай Күтүз ч, түүнийг дагалдаж явсан эмир, султанууд ч үнэн хэрэг дээрээ бүгдээр хууль бусаар хэргэм зэрэг, эрх мэдэлд хүрцгээсэн байсныг Хит Буха ноён ийнхүү яллан илчилсан байна. Түүний хэлснээс үзэхэд нэгэн цагт монголчуудад цохигдон, монголын захиргааг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн Кипчак-түрэг гаралтай Күтүз болон Бибарсийн гарал үүсэл төдийгүй тэднийг хэрхэн ямар арга замаар султан, жанжны их ор суудалд хүрснийг ч сайтар мэдэж байсан бололтой байдаг.
Тэгээд “Намайг аллаа ч ялж сөхрүүлж чадахгүй. Би үхэх ёстой бол энэ нь чиний сайных бус Мөнх Тэнгэрийн тааллаар болж буй хэрэг. Иймд чи хормын төдий ч бүү баярла, хумсын төдийд ч бүү сайрх. Өчүүхэн боол та бүхний энэ явдлын тухай Хүлэг хааны сонорт хүрмэгц, эзний хилэн далай мэт давалгаалж, Азербайжанаас Мисир хүртлэх газар нутгийг монгол морины туурайгаар тэгшлэх болно. Би бол Хүлэг хааны жирийн нэгэн дайчин, над шиг ийм эрс эзэнд минь мянга мянгаараа бий” гэжээ. Ертөнц дахиныг хураан захирах ёстой, монголчууд бол ард түмнүүдийн эрхт эзэн нь юм гэсэн Монголын Эзэнт гүрний уламжлалт бодлого ч түүний үгнээс нэвт шувт харагддаг.


Өшөө хорсолдоо түлэгдсэн Күтүз Хит Бухаг дөрвөн мөчлөн хороогоод, толгойг нь шонд өлгөн, өмнө нь Хүлэг хааны элчсийн толгойг Мисир даяар үзүүлснийхээ адилаар бүх Сири, Палестин, Мисир даяар үзүүлж, хорслоо дундруулжээ.
Харин монголчууд хэзээ ч баригдсан ихэс сурвалжтнуудыг хэрцгийгээр хөнөөх, эрэлхэг баатруудыг үл хүндэтгэн, цогцсыг нь гутаан цэнгэх зүйл хийж байгаагүй юм. Монголчууд өөдгүй урвагчдад, өчүүхэн боолуудад л нохойн үхлийг оноодог байснаас биш баатар, эртний сурвалжит ихсийг ихэд хүндэтгэн, хороосон ч цус гаргахгүй цаазалж, дараа нь хүндэтгэн оршуулдаг байсан билээ. Чингис хаан Жамухыг хэрхэн хүндэтгэснийг бид сайн мэднэ. Хорезмийн султан эрэлхэг баатар Желал-ад Диний эрэмгий зоригийг Инд мөрний өндөр эрэг дээрээс харж бахадсан Чингис хаан түүнийг араас нь мөшгихийг хорьсон билээ. Зэв, Сүбээдэй нар Калка голд ялагдсан оросын вангуудыг ч, Хүлэг хаан эртний түүхт Багдадын Халифийг ч мөн цус гаргалгүй хөнөөсөн. Үнэгэн даваанд баригдсан Алтан улсын кидан гаралтай цэргийн жанжныг Тулуй, Сүбээдэй нар хүндэтгэн оршуулж, Солонгосын домогт баатар эр Пак Со-г монгол жанжин Саритай ихэд үнэлэн амь хэлтрүүлж байсан зэрэг олон баримт бий.
Күтүз Монголын баатар жанжныг тийнхүү үл хүндэтгэн, өчүүхэн боолын үйлдэл хийснээрээ өөрийнхөө өчүүхэн үхлийг ч зөгнөн дуудсан юм.
Үргэлж мөнхөд дайн дажины тоос босч, цус урсаж байх хараалд өртсөн Изриалийн Голаны өндөрлөг орчмын тэрхүү газар нутгийн бүлээн салхи эмгэнэлтэй, омог бардам төгсгөж буй Монголын нэгэн баатар эрийн буурал санчигийг сүүлчийн удаа хийсгэх хувьтай байжээ.

Урвагчдийн төгсгөл

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр цавчиж орхив. Мөн монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ.
Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд байжээ. Күтүз ялалтын цуваагаар Дамаст орж ирээд тэнд монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан хядаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар Загалмайтнуудыг хомроглох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр дариудаа Сирийн загалмайтнууд цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.

Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ.

Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллаганд Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш нь тавьж нэгдсэн байжээ.
Бибарс алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны өш хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз.
Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бибарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ.
Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс Күтүзийн гарыг тас цавчин, улмаар тэнд нь хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бибарс хүртэж, Кайрын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.

Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн командлагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт алуулж, урвагчийн үхлээр үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1270 онд хаан суудалд заларч байсан ажээ.
Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдийн хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.

Хүлэг хаан жанжныхаа өшөөг авч чадаагүйн учир

Хит Бухагийн үхлийн талаарх мэдээ Хүлэг хааны сонорт хүрэхэд хаантан ихэд харамсан гуниглажээ. Гэвч баатар дайчныхаа хариуг авч чадсангүй.

Мөнх хааныг нас барсны дараа /1259 онд/ Хүлэгийн төрсөн ах, дүү нь болох Хубилай, Аригбөх нар хаан ширээ булаалдан тэмцэлдэж, Монголын төв нутаг иргэний дайны гал дүрэлзэн асч, ах дүүс биесээ өшлөн, алалдах болоод байв. Энэ иргэний дайн дөрвөн жилийн туршид үргэлжилсэн төдийгүй, энэ иргэний дайн Хубилайн хятад төвтэй бодлогыг эсэргүүцэн Өгэдэйн удмын хаан Хайду, Хубилайн хоёрын дунд өрнөж цааш 40 жил үргэлжилжээ.
Хүлэгийн хүү Жүмхүүр Аригбөхийн талд өөрийн армиа аван тулалдаж байсан бол Хүлэг өөрөө Хубилайг дэмжиж байжээ.
Мөн нэгд, лалын Багдадыг унагаж, лалын шашны дээд эрх баригч халифийг алсан, мөн лалын орнуудыг байлдан дагуулж буйд Бэрх ихэд дургүйцэн занаж байсан, хоёрт Кавказын завсар дахь баялаг газар нутгийг булаацалдсан, гуравт Хүлэгийн армид байсан Алтан ордны хаадын угсааны нэг бус хан хөвүүд учир битүүлэг шалтгаанаар алагдсан зэрэг хэд хэдэн шалтгаанаар Алтан ордны хаан лалын үнэн сүсэгт Бэрхтэй муудалцаад байв. Хоёр талын их цэрэг 1260-аад оны сүүлчээр Дербент хавьд учран, монгол ах дүүс нэг нэгнийхээ цусыг хайр гамгүй урсгав. Энд хоёр талаас нийтдээ хагас сая гаруй цэргийн хүч тулсан нь чухам Чингис хааны үед ч дараа нь ч 1260 оныг хүртэл босон бүхий л дайн тулаанд болж байгаагүй том тулгаралт болсон бөгөөд монголчуудын цус энд хэдхэн хоногт өмнөх бүтэн жаран жилд урссанаасаа хавьгүй их урсжээ. Тэр ч бүү хэл Алтан ордны Бэрх Хүлэгийн Ил хаант улсын эсрэг Мамлюк Бибарстай хэлэлцээ хийж, олонтаа элч солилцож, хамтран нэгдэж Ил хаадыг дайлах тухай ч зөвшилдөж байв.

Мөн Цагаадайн угсааны хаад өөрсдийн эзэмшил газраа бага хэмээн голж, Алтан орд, Ил хаадын газар нутаг руу өнгөлзөх болсноос энэ гурван улсын хил орчим, Дундад Азид гурвалжилж дөрвөлжилсөн иргэний дайн ч гарав. Энэ мэт шалтгаануудаас үүдэн Хүлэг хаан Сири, Мисир тийш цэргийнхээ гол хэсгийг шидэж чадаагүй бөгөөд энэ нь Сирид мамлюкүүд бэхжиж, улмаар 1281 онд Хомст дахин монголын томоохон хүчийг цохих боломж олгосон байна.
Монголчуудын сэлмийн үзүүр Айн Жалудад мохсон энэ мөчлөгөөс эхлэн Монголын эзэнт гүрний газар бүрд салан тусгаарлах үзэл санаа хүчтэй өрнөж, төд удалгүй Монголын эзэнт гүрэн Хятадад төвлөсөн Азийн хэт их гүрэн Юань буюу Монголын Хөх гүрэн, Дундад Азид Цагаадайн улс, Ирэн, Араб, ойрхи дорнодод Ил хаант улс, Кипчакийн уудам талын зүүн хязгаараас Денистр хүртэл үргэлжилсэн Алтан ордны улс хэмээн хэдэн хэсэг болон задарсан билээ.
Хэрвээ монголчууд өөр хоорондоо алалцан, зөрчилдөөгүй бол үнэхээр Хит Бухагийн хэлснээр Хүлэг хааны морьт цэргийн туурай Сири, Мисирийг газрын хөрстэй тэгшлэхэд Бибарсын жанжны чадвар, хичээл чармайлт, мамлюк-түрэг дайчдын баатар зориг нэг их саад болж чадахгүй байсан биз. Үүнийг ч Арабын түүхчид ч хүртэл хүлээн зөвшөөрдөг.

Тухайн цаг үед Монголчуудын хүчний хэтийдэлт нь зөвхөн монголчууд өөрсдөө л хорьж дийлэх оргил хэмжээнд нэгэнт хүрээд байсан бөгөөд Хятад, Орос, Европ хийгээд Мисирийн аль ч фронт дээр Монголчуудын түрэлтийг зогсоох боломж өөр бусад ямар ч үндэстэнд байсангүй. Аливаа түүхэн их үйл явдалд эцсийн тулах цэг, оргил цаг гэж буй агаад нэгэнт оргил цагтаа хүрснээс хойш уруудан буух түүхэн эргэлт болдог нь ч ёс аж. Чухам XIII зууны монголчуудын үйлс нь тийм хэмжээ хязгаарт хүрээд нэгэнт эргэх ёстой болсон тэр мөчид Мамлюкүүдэд боломж тохиосон байна.
Тухайн үед монголчуудын эзэнт гүрэн нь мэдэгдэж байсан хуурай газар нутгийн аравны есийг буюу 33 сая кв.км газар нутгийг хамарч байжээ. Өөр ямар ч улс үндэстэн ийм хэт их гүрэнг байгуулж чадаагүй бөгөөд өдийг хүртэлх нэн олон түүхчид XIII зуунд монголчууд яагаад тийм ялагдашгүй мэт хүчирхэг байсан бэ, энэ бүхэн яаж, ямар хүчээр бий болов оо хэмээн гайхан дуу алдсан нь бий. /18-19 дүгээр зуунд Их Британы колончлолын оргил үед тэдний эзэлсэн газар нутаг 33,7 сая кв.км байсан хэдий ч тухайн үед дэлхийн хуурай газар бүхэлдээ нээгдсэн байсан бөгөөд энэ нь нээгдсэн нийт газар нутгийн гуравны нэгд ч хүрэхгүй байв./
Энд нэгэн зүйл ажиглагддаг нь Монголчууд аль Чингис хааны үеэс л ганц үндэстэнд бусдаас илүүгээр нэхэл хатуу байж, бүхий л боломжоороо дарж устгахыг хичээж ирсэн байдаг. Энэ нь монголчуудтай угсаа гарвал хийгээд дайнч чадвараараа нэн ойрхон байж мэдэх кипчак-түрэгүүд бөгөөд Динепрээс Алтайн нуруу хүртэлх асар уудам зайд нүүдэллэн аж төрж асан энэ үндэстэнтэй чухам яагаад тийм нэхэл хатуу тооцоо хийсний учир чухам тэд л монголчуудтай эн тэнцүү тэмцэлдэж чадах чадвартайд байсан байж болох юм. Анх Сүбээдэй мэргэдийн үлдэгдлийг дарахаар Чүй мөрөнд ирэхдээ л кипчакуудтай тулгарснаас хойш тэднийг цаг үргэлжид мөшгөсөөр бүр Мажарыг гэтэлгэн хөөж орхисон юм.

Мамлюкүүд бол чухам тэдгээр кипчакуудын үлдэгдлүүд бөгөөд Күтүз нь Хорезмд, Бибарс нь нэг бол Крымд, эсвэл өнөөгийн Казахстаны Караханд төрсөн хүн юм. Казахууд ч Бибарсыг Казахын ард түмний баатар хэмээн нэрлэж, үндэстнийхээ нэгэн бахархал болгодог бөгөөд хөшөө дурсгалыг нь босгож, олон ангит кино ч хүртэл хийжээ. Мөн Кайрт буй Бибарсын мөргөлийн сүм, Сирид буй бунхныг нь Казахууд 3 сая ам.доллараар сэргээн засварласан байна.
Чингис хааныг Хорезмийг эзлэх үеэр Мерв хотын умардад амьдарч байсан түрэгийн нэг багашиг овог баруун тийш нүүдэллэн, Арменд түр толгой хорогдож байгаад Монгол жанжин Чормаган хоёроос зугтаан Анадолу руу нүүсэн нь хожим Европын хагасыг эрхшээж, Ази, Европ тивийг дамнасан хүчирхэг Оттоманы их гүрнийг үндэслэгчид болон Ертөнцийг эзэлж асан Монголчуудын ул мөр, балгасан дундаас өндийн боссон билээ.

Эпилог

Нэгэн жарны туршид асар эрчтэй урагшилсан Монголын эрч хүчний оргилолт Синайн цөлийн элсэнд шингэх борооны ус мэт Айн-Жалудын толгодод саарч, монголчууд ялагдашгүй, тэд бол бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлэгчид гэсэн өрнө, дорнодод нэгэнт түгэж, хууль болон тогтнож байсан ойлголт замхарч, зөвхөн домог болон үлдэх хувь заяатай болов. Монголчуудыг ялж бас болдог юм байна гэдгийг Араб, Лалын ертөнц даяар мэдэрч, монголчууд бол бидний л нэгэн адил мах цусанд төрсөн, ялагдал, ялалт хоёрын торгон ирэн дээр бусдын л адил дэнжигнэж байдаг юм байна гэдгийг ертөнц дахин ойлгож эхлэв.
Хэдийгээр Айн-Жалудад тулалдсан монголчууд нь Монголын Их эзэнт гүрний нэг өчүүхэн хэсэг, дөнгөж ганцхан түм байсан ч, Айн-Жалудын тулалдаан нь Монголчуудын хийж байсан хэдэн зуун тулалдаануудын нэг бяцхан хэсэг нь төдийхөн ч, Айн-Жалудад монголчууд ялагдсанаар Ил хаант улсын ул суурь өчүүхэн төдий ганхаагүй ч агуулгаараа монголын эзэнт гүрний ертөнцийг ноёрхох үзэл санааны ялагдал болсон байна.
Чингис хаан хүмүүсийг хоёр ангилж үздэг байсан бөгөөд энэ нь ихэс дээдэс - харц боол хоёр бус, баян - ядуу хоёр ч бус, харин үзэл санаа, үнэнч тууштай чин шударгуу чанараар нь ангилан үздэг байжээ. Зарим хүмүүс эхнэр хүүхэн, элбэг тансаг байдал, нэгэн олдох бие, нэхэн олдохгүй амь насыг эрхэмлэн дээдэлж, өөрөөр хэлбэл alter ago- хэт шүтэж, хувиа бодож, нэр төр, алдар гавьяа, нийтлэг эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг байна. Тийм хүмүүс ямагт нэгэн хүчирхэг эзэн, даргыг дагаж, түүний эрх, сүрэнд захирагдаж, тэднээс айн чичирч байдаг агаад тэд эгзэг таарвал ивээн тэтгэсэн эздээсээ хэзээ ч урван, араас нь адгийн муухайгаар хутга шаахад, хаашаа ч холбироход бэлэн байдаг байна. Тийм хүмүүс ашиг харж, нийгмийн нийтлэг хэв ёсыг уландаа гишгэхдээ ер сэтгэл төвддөггүй төдийгүй зарим тохиолдолд түүнээ бах тав болгон цэнгэх нь ч бий. Тийм хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед гай гамшиг, зовлон, ичгүүр сонжуургүй бүхнийг таригчид байсан бөгөөд Чингис хаан тийм хүмүүсийг адгын боол хэмээн үзэж, хаа таарсан газар бүхэндээ өт хорхой мэт няц даран цээрлүүлж байлаа. Жамухыг барьж ирсэн түүний нөхдөд Чингис хаан нохойн үхэл оноосон бөгөөд харин Тайчуудын Таргудай эзнээ алалгүй тавьж явуулаад ирж нийлсэн Наяад итгэл үзүүлэн их хэрэг даалгаж байсан бөгөөд тэр хэзээ ч Чингис хааныхаа итгэлийг хөсөрдүүлж яваагүй билээ. Тайчуудын Зургаадай хэдийгээр өштөн дайсан нь ч түүний эрэлхэг эрэмгий, үнэнч шударгыг нь Чингис хаан үнэлж, чухам энэ үнэнч шударга, итгэлтэй, нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө өчүүхэн ч эргэлзээгүй золиосолж чаддаг чанар л тэдний төдийгүй Чингис хааны бусад олон өрлөгүүд, нөхөд сэлтийн өөр хоорондын нөхөрлөлийг үүрд салшгүйгээр гагнасан байна.

Зэв мэт, Наяа мэт, Мухулай мэт, бас Хит Буха ноён мэт эрхэм нэрээ амь наснаасаа дээгүүрт тавьдаг, сэтгэл зүрхэндээ дээд хөх тэнгэрийн дуудлагыг мэдрэх мэдрэмжтэй, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, эд хөрөнгө, элдэв цэнгэл, нэгэн биеийн өчүүхэн шуналыг огоорч чаддаг тийм хүмүүсийг Чингис хаан хөх тэнгэрийн харьяат иргэн хэмээн өндрөөр үнэлэн тэтгэж, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, чухам тийм хүмүүсээр улс гүрнээ бүрдүүлж байлаа. Чингис хааны аугаа ялалтын, Монголын эзэнт их гүрний ялагдашгүйн нууц нь чухам энд байсан бөгөөд Л.Гумилев тийм хүмүүсийг “урт дурынхан” хэмээн томьёолсон. Тийм хүмүүс бол чин үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг бардам, омог төгс чанараараа онцгой содон ялгардаг бөгөөд энэ нь XIII зууны монголчуудын нийтлэг хэв шинж байв. Айн-Жалудад эрсэдсэн Хит Буха жанжин хийгээд бусад монгол баатрууд ч тийм л хэв шинжийн сонгодог сүүлчийн төлөөлөл нь байлаа. Учир нь чухам тэр цагаас хойш монголчуудын тэрхүү гайхамшигтай онцлог шинж бүдэгрэн, аажим аажмаар замхарч, газар сайгүй урвалж, хувиа бодох, явцуу эрх ашгаа дээдлэх үзэл хогийн ургамал мэт үржиж, эзэнт гүрний эрч хүчийг сульдуулан, сүр сүлдийг гутаасан юм. Ялангуяа Монголын бага хаадын үед энэ бүр хэмжээ хязгааргүй болж билээ.

Чингис хааны яруу алдарт Их Монгол гүрэн нь Чингис хааны өөрийнх нь үзэл санааг дагасан “урт дурын” хүмүүсийн гүрэн байсан бол бага хаадын үеийн Монгол нь явцуу эрх ашгийн төлөө үхэлдэн тэмцэлдсэн өчүүхэн урваач шарваачдын орон болсон байв. Тэд Чингис хааны Их засаг хуулийг аль хэдийнэ умартаж, Хөх тэнгэрийн эрх хүчийг мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээж, хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа. Өнөө цаг үе ч мөн түүнээс ялгаа алга. Өнөө цагийн монгол хүмүүнд Чингис хааны монголчуудын үр хойч гэн нүүр бардам хэлэх ёс суртахууны эрх бий эсэхэд эргэлзэн эмзэглэх мөч мөн ч их болж, Чингис хааны үедсэн бол хэзээ ч өөд нар харахгүй байсан тийм урвагчид, амин хувиа хичээгчид өнөө өт хорхой, жоом бямсаа мэт асар их үржсэн төдийгүй, эрх мэдэлтэй болцгоож, улс орны, ард түмний хувь заяаг шийдэцгээж байх юм даа. Чухам тийм дээ л бид өнөө хүчгүй сул дорой байж, хүчтний өмнө бөхөлзөн шарвалзаж, гуйн царайчилж байна. Ард түмэн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй” хэмээн зүгээр нэг цэцлээгүй аж. Чингис хааны үл тэвчдэг байсан тийм хүмүүсээр удирдуулсан улс орон, хулгай, гуйранч, янхны орон болох нь ч аргагүй юм.

“Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” хэмээн хойч үеийнхээ өмнөөс ичиж, тэднийхээ өмнө хэдэн зууны турш, магадгүй өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр байсан Хит Буха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна.
Хит Бухагийн омог төгөлдөр төгсгөл нь XIII зууны монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах болтугай.
Ерөөс аливаа улс нийгмийн хөгжил, дэвшил, уруудал доройтлын цаад шалтгаан нь үзэл санаа байсан хийгээд даяаршин цэгцэрч буй XXI зуунд монголчууд бид үгүйрэл ядууралгүй, өвчин зовлонгүй, өрөөл биесээ үгүйсгэн мугуйдлахгүй нэгэн цул болон хөгжин цэцэглэхийн тулд бидэнд үндэсний сэргэн мандах үзэл юу юунаас чухал юм. Чухам үндэсний сэргэн мандах үзлийн нэгэн ширгэшгүй булаг бол үндэсний өв соёл, ялангуяа монголчууд бидний хувьд их түүх маань юм. “Түүх гэгч өнгөрсөн рүү харсан зөнч” гэнэм. Тэгэхээр бидэнд хөгжлийн их ирээдүй бий ажээ.

Thursday, September 2, 2010

Айн-Жалудын домог


Айн-Жалудын тулалдаанд эрсэдсэн монгол дайчдын дурсгалд


Б.Номинчимэд

Дурсахын учир

Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Изриалын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсожээ.
Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.
Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагын удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхчид тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ. Бамаянд ялагдсанаар монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт өгсөн.
Харин Айн-Жалудад монголын баг цэрэг цохигдсоноор Арабын ертөнц бүхэлдээ, Мисир орон монголын довтолгооноос аврагдаж, түүхийн хүрд огт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн Монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евпрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан юм.
Түүхийн янз бүрийн эх сурвалжуудад Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15 – 20 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Википедиа зэрэг лавлахуудад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан.
Юутай ч Хит Бухийн арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонхи түүхчид ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Рювен Амитай Хит Буха 12 000 цэрэгтэй байсан гэжээ.
Хүлэг хаан Сириэс буцахдаа Хит Бухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Армений туслах цэрэг 1000 орчим, мөн монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу.
Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Киараас монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ. Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон Сирид оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахын нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчид эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бибарсын удирдлаган дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч ч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ. Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Салихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэргийн хүчтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм. Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм.
Гумилев, Салих зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, монголчууд 15 000, мамлюк-түрэгүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудад мамлюк-түрэгүүд монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх.
Ийнхүү нэг түм орчим монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Буха ноёныхоо тугын дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн шийдэмгий, монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бибарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.

Лалын тэнгэрт аянгын үүл хуралдав.

1258 оны 2 дугаар сарын 13-нд Хүлэг хааны дайчдын өмнө Багдад эрхгүй хүчин мөхөсдөж сөгдөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт мөнгөний зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь лалын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхэний хувьд дорноос Христүүдийг ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ. Армяны түүхч Киракос “Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсныхаа төлөө, эзэрхэг түрэмгий байсныхаа төлөө, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу” хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ. Багдадын уналтын өмнө Хүлэг хаан Лалын ертөнцийн хар дарсан зүүд болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ.
Хүлэг хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евпрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад монгол цэргийн гарт дараалан нурав. Гэвч Хүлэг хаан монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан ордны хаан лал шүтлэгтэй Бэрх лалын ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсоноос үүдэн буцжээ. Тэгэхдээ Тугынхаа жанжин Хит Бухаг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна.
Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзуудыг ээлж дараалан авч, Дамаст тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, Дамаск бууж өглөө. Хит Бухын цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж олзлон иржээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хотууд, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ.
Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд Лалын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюк-түрэгүүд болоод байв.
Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ.

Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увиагүй Баронуудын урвалга

Хит Буха ноёнтон өнөөгийн Изриалын зүүн хэсэгт орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, темплиер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын холбоотон болов. Учир нь тэдний дайсан нь Лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Трифол орчимд бэхэжсэн Загалмайтнуудын түшиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг.
Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардмаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар цуут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд орон нутгийн Загалмайн шашинт баронуудыг хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха... Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахлаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь ч аргагүй юм. Энэ үе бол Монголын эзэнт гүрэн аль хэдийнэ дээд оргил цэгтээ хүрч, эцсийн эрчиндээ орчихоод байсан үе ажээ.
Аливаа түүхэн эргэлтэнд санамсаргүй мэт, тун ч ялимгүй мэт үйлдэл гол оньс болон түүхийн хүрдийг эсрэг зүгт хөдөлгөчихдөг тохиолдол бий аж. Учир юун гэвээс, Сидоныг “Урт хөлт” Жульен хэмээх франк эр захирч байжээ. Ер тухайн үеийн Европын баронууд балмад түрэмгийгээрээ, дураараа дургидгаараа зард гарсан, Жульен ч тэднээс огтхон ч дутахааргүй байж.

Монголчуудын очсон газар бүр дэг журамд орж, аливаа дураар үйлдэх явдал хантайрагдан хазаарлагддаг байсан тэр л жаягын дагуу Сири, Палестинд монголчууд орсны дараа тэнд шинэ дэг журам бий болж, өнөөх цадиггүй баронууд дураар дургиж чадахгүйд хүрчээ.
Нэгэн өглөө Хит Буха ноёнтон итгэмээргүй тун хачирхалтай мэдээ хүлээж авчээ. Нөгөөх холбоотон баронууд нь Хит Бухын цэргийн нөөц агтны цэргийг алаад, туугаад явчихаж.., дээрэмдчихэж гэнэ. Урьд өмнө монголчуудад дайсан хаяанд байхад холбоотныхоо цэргийн агт руу хуруу дүрж байсан ийм хөгийн явдал огтоос тохиолдож байсангүй. Итгэхэд нэн бэрхтэй. Хамгийн адгийн урвагчид л ингэх биз. Гэтэл тухайн нөхцөлд урвана гэдэг зүгээр л сүйрэл рүү өөрөө гүйгээд очиж буйгаас ялгаагүй байж. Монголчуудаас урваж боллоо гэхэд Мамлюкуудаас өршөөгдөхгүй нь нэн ойлгомжтой. Хит Буха ноёнтон энэ явдалд итгэсэнгүй. Тэгээд ач хүүгээ 200 цэрэг дагуулан Жульенд том эндүүрэл болсныг хэлж, агт морьдоо буцааж авхуулахаар Сидоны зүг илгээжээ. Харин Жульен бол хулгайлах гэж хулгайлсан, дээрэмдэх гэж дээрэмдсэн тул “Өө, уучлаарай, энэ агт монголчуудынх байсан юм уу” хэмээн юу ч гэж хэлэх билээ. Хулгайч хүн хулгай хийхгүй бол санаа амарч тайвшран нойрсож чаддаггүй шиг л рефлексдээ хөтлөгдөөд хусчихсан юм чинь.
Ичсэн хүн хүн ална гэгчээр “Урт хөлт” Жульен Хит Бухын ач хүүг /зарим түүхчид хүү гэсэн бий/ дагалдагсадын хамт нударч орхиод хулгайлсан агтаа далайн эрэг дагуулан Акра руу хөөлгөчихжээ. Үнэ хүргэх гэж тэр. Гэхдээ хэнд гээч... Өөрсдийнх нь мөнхийн дайсан Мамлюкүүдэд. Тэдэнтэй Акра болон Турийн баронууд ч хуйвалдсан байна. Янхан мөнгөө авч л байвал хэнтэй, хэзээ, хаана гэдэг нь хамаагүй гэдэг шиг хулгайч хүнд бол үнэ хүрч л байвал хэнд, хэзээ, хаана зарсан нь хамаагүй билээ.
Монголчуудын хувьд байж боломгүй мэт энэ явдалд гэлмэн цочирдсон Хит Буха ихэд хилэгнэн ноёнтон цэргээ авч Сидоныг бүслэн байлдав. Хэдийгээр “Урт хөлт” Жульен балмад, журамгүй эр ч бас эрэлхэг рыцарь байж. Хотоо сүрхий хамгаалж, эцэст нь ойр дотныхноо авах усан онгоцонд суун Киприйн зүг зугтжээ. Монголчуудад тухайн үед усан онгоц байсангүй тул араас нь мөшгиж чадсангүй, харин Сидоныг нь эвдлэн сүйтгэж, галдан шатааж орхижээ.
Ойрхи Дорнод дахь Христын шашны нэгэн тулгуур болж асан Сидоны үнс Акра хийгээд Турын баронуудад таалагдсангүй.

Мамлюк-түрэгүүдийн эцсийн эрс шийдвэр

Энэ үед Хүлэг хааны ихэмсэг бардам үгтэй захидал хүлээн авсан Мисир орон үймэн сандралдаж байв. Хүлэг хаан тэрхүү захидалдаа “Дээд тэнгэрийн зарлигаар Монголчууд хүрэлцэн ирлээ. Биднийг сөрсөн бүхнийг няц дарна, та бүхэнд биднийг эсэргүүцээд үхэх, эсвэл бууж өгөх хоёрхон зам бий. Зугтан зайлах зам байхгүй, учир нь Тэнгэрээс тэгэж заасан юм” гэжээ. Мөн боол байгаад эзнээ алж, урвалгаар их суудалд хүрсэн султан Күтүзыг мамлюк-боол гаралтайг нь дурдаж, боол учир эзнийхээ өмнө бушуу хурдан нүглээ наминчлахыг тушаасан байна.
Күтүзын цэргийн зөвлөл бүтэн долоо хоног хуралдаж, бууж өгөх, сөрөн босох эсэх дээр санал зөрөн удтал маргалджээ. Өөрийгөө ялагдан сүйрсэн Хорезм шахын угсааны хүн гэж тооцдог Күтүз болон монголчуудад өмнө нь олзлогдож, бас цэрэгт нь алба хааж байгаад Ливант руу боол болон зарагдаж, түмэн бэрхийг туулж байсан Бибарс нар тулалдаад үхье гэдэг дээр тууштай байсан байна. Эцэст нь Сирийн зарим хотууд бууж өгсний дараа ч монголчуудын өршөөл энэрлийг аваагүй, хядагдсан гашуун түүх тэднийг нэгэнт л үхэхээс хойш бууж өгч алуулснаас сэлмээ бариад тэмцэж байгаад алуулсан нь дээр юм гэсэн шийдвэрт хүргэжээ.
Монголчуудтай тулалдая гэсэн шийдвэрт хүргэхэд Акрагийн рыцариудын илгээсэн элчийн мэдээ ч нөлөөлсөн биз. Монголчуудын дэглэмд дургүйцэж, бас ч дээр нь Жульен цохигдож, Загалмайн Сидон хот унасанд хорссон тэдгээр баронуудын элч Күтүзэд “Христийн үнэнч зарц нар монголчуудтай тулалдахад, та бүхэнтэй хамсахад бэлэн” гэсэн утгатай үг авч очжээ. Олзоо булаалдан хэмлэлдэх чоно, цөөвөр хоёр шинэ ирсэн барнаас олзоо харамлан хамтарч буй шиг л юм болж.
Мамлюкуудын олонхи нь кипчак, түрэг угсаатай, цус халуун, оргилуун, дайнч шийдмэг эрчүүд байв. Тэр ч бүү хэл тэдний дотор Алтан ордны улсаас янз бүрийн шалтгаанаар дүрвэж очсон язгуурын монголчууд ч байлцсан гэдэг. Мисирийн хамгийн сүүлчийн Айюубидийн хатан нь ч мөн монгол-түрэг гарвалтай Шаграт гэгч байсан аж.
Ингээд Күтүз Сири, Палестинаас монголчуудын цохилтоос зугтаж ирсэн цэргүүдээр үндсэн хүчээ зузаатгаад монголчуудыг эх нутаг дээрээ биш өмнөөс нь тосч тулахаар Киараас хөдөлжээ. Синайн цөлийг туулж, Газ руу орж ирэхэд тэнд Байдар ноёны удирдсан Хит Бухын толгойн сэргийлэх анги хүлээж байв. Даанчиг цөөхүүлээ байсан Байдарын цэргийг хоромхон зуур нөмрөн авч цохин, цөөхөн ч болсон монголыг ялсандаа мамлюкуудын дайны урам зориг нь бага ч атугай сэргэжээ.
Баалбект байсан Хит Буха ноён мамлюк-түрэгүүд Синайн цөлийг гатлан Газад орж ирж буй мэдээг Байдараас хүлээн аваад цэргээ жагсаан яаравчлан тосчээ. Тэрбээр Назарет хүрч, тэндээсээ тунгалаг булаг урссан, агт морины бэлчээр сайтай Айн-Жалудыг сонгон авч мамлюкуудыг тэнд тосон цохихоор хүлээв.
Хит Буха ноён Газын баруун эрэг мамлюкуудтай ясны дайсагнагч христийн рыцариудын эзэмшилд буй тул Күтүз яагаад ч баруун эргээд явахгүй, тэд зөвхөн Синайн цөлийг халз туулах ба цөлийн захад байх энэхүү ус, бэлчээртэй газрыг зорих болно, цөлийг туулж, агт морьд нь сульдсан байна гэж тооцоолжээ. Өөр хэн ч байсан ингэж л тооцох болно. Агт морины туулах чадвар гэдэг цэрэг армийн хувь заяаг голлон шийдэж байсан үе билээ. Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ.
Харин энэ завсар Күтүзтэй Акрагийн рыцарууд холбоо барьж, тэднийг Акрагийн цайзынхаа дэргэд тосч, цэрэг армийг нь амрааж, жанжид, султануудыг нь цайлж дайлаад зогсохгүй мөнөөх дээрэмдсэн Хит Бухын цэргийн нөөц агтыг өндөр үнээр худалджээ. Тэгээд зогсохгүй хэрвээ монголчуудыг ялсан тохиолдолд тэдний агтыг эргүүлээд хямд үнээр худалдаж авах яриа хэлцээ ч хийсэн гэдэг.
Ийнхүү монголчуудын хувьд огтхон ч төсөөлөөгүй үйл явдал болов. Хит Буха ноён рыцарь баронуудыг олзны төлөө холбоотныхоо морийг хулгайлж, дээрэмдэж болдгыг чүү ай гэж нэг ухаарсан ч харин өчүүхэн олзны төлөө дайсантайгаа нэг өвөр түрийнд орж, холбоотныхоо араас хутга шаадаг гэж огтхон ч төсөөлөөгүй, ерөөс монголчуудын хувьд тийм увиагүй урвалга санаанд нь ч багтахгүй байсан нь түүхэн үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Акра, Турийн баронуудын энэхүү урвалгыг увиагүй шинжийг Л.Гумилев ихэд эгдүүцэн бичсэн нь бий.
Ингээд агт морьдоо сэлбэж, хоол хүнсээ базааж, сэргэж авсан мамлюкуудыг Айн-Жалудад ирэхэд Хит Буха ноён нөөц агтгүйн дээр Баалбекаас багагүй хол аян туулж ирээд цэрэг агтаа хангалттай амрааж ч амжаагүй байжээ.

Амь өрссөн тулаан

Тулалдаан 1260 оны 9 дүгээр сарын 3-ны үүрээр эхэлжээ.
Зарим түүхчид эхэлж Күтүз монголчуудтай тулж, ихэд цохигдон ухарсан ба Бибарс цэргээ аван отоонд байсан газар луу монголчуудыг дагуулж очсон, ингээд монголчуудыг хоёр талаас нь бүсэлж ялсан гэдэг. Ази, Европод Монголчуудын олонтаа хэрэглэж байсан, тухайлбал 1217 онд Зэв ноён Ферганд Хорезмийн шахын эсрэг, 1221 онд Зэв, Сүбээдэй хоёр Кура голд Гүржийн рыцариудын эсрэг, 1223 онд Кальк голын хөвөөнд Оросын вангуудын нэгдсэн армийн эсрэг, 1241 онд Лигницэд Байдар, Хадаан нар II Хенри вангийн удирдсан европын нэгдсэн арми, Шйао голын эрэгт Сүбээдэй, Батхаан нар Унгарын VI Бела вангийн эсрэг амжилттай хэрэглэсэн отон байлдааны уламжлалт аргыг мамлюк-түрэгүүд монголчуудын өөрсдийнх нь эсрэг анх удаа амжилттай хэрэглэсэн гэж үздэг байна.
Бүтэн жарны турш Ази-Европыг донсолгосон монголын морьт цэргийн тактикийг энэ зуур дайснууд нь хангалттай судалж мэдсэн нь тодорхойн дээр монголын армид алба хааж байсан авьяаслаг Бибарс жанжин уг аргыг монголчуудаас маш сайн суралцсан байх тал бий.
Харин Изриалын түүхч Рювен Амитай анхлан Бибарс Монголчуудтай тулсан гэжээ. Юутай ч хүчний харьцаа багадаа хоёр, ихдээ 10 дахин их зөрөөтэй байсан ч урьд өмнө ялагдал гээчийг огтхон ч амсаж үзээгүй, ялагдлын тухай ойлголт ч байхгүй монголчууд өөрсөддөө даан чиг их итгэлтэй байж. Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын аян дайны түүхэнд монголчууд ямагт өөрсдөөсөө илүү хүчтэй, зарим тохиолдолд бүр хэд дахин их хүчтэй дайсантай тулалдаж, ямагт ялж дийлж ирсэн тул Хит Буха болон монгол дайчдын хувьд мамлюк-түрэгүүдийн цэргийн тоо нэг их сонин байгаагүй нь лавтай.
Ингээд Монгол дайчдын гань галзуу довтолгоон эхэлж, эхэндээ Бибарс бараг олзлогдох шахжээ. Монголчуудын баруун жигүүрийн цэрэг мамлюкүүдийн зүүн жигүүрийн хумин цохиж, тэднийг зугтахад хүргэжээ. Күтүз, Бибарс хоёр ихээхэн чармайлт гарган байж задарсан цэргийнхээ жагсаалыг дахин цэгцэлж эргэн сөрөг дайралт хийсэн боловч монголчуудын мохошгүй зориг тэдний сөрөг дайралтыг няцаан, дахин довтолсноор мамлюкүүдын хувьд ялагдал тун ойрхон иржээ. Гэвч сунжирсан энэ тулалдаануудад сэлбэх хүчгүй болсон монгол цэргийн агт морьд сульдаж, харин монголчуудын нөөц агтаар сэлбэсэн мамлюк түрэгүүд дахин цэргээ эмхэлж чаджээ. Кутуз “Өө Ислам, Аяа Аллах” хэмээн Аллах тэнгэртээ чанга дуугаар залбиран тусламж хүсэж, “Зугтсан ч үхнэ, тэгэхээр нэр төртэй тулалдаад үхэцгээе” хэмээн сандарч үймсэн цэрэг дайчдаа зоригжуулж, уриалж байжээ.
Монголчуудын хувьд одоо нөхцөл байдал хүндрэх шинжтэй болов. Яг ийм эгзэгтэй мөчид монголчуудын зүүн жигүүр болж байсан монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидийн султан Муса цэргээ аван зугтаж одсоноор тулалдааны хувь заяаг нэг мөсөн эргүүлж орхив. Бибарс шилдэг цэргээрээ эзгүйрэн хоосорсон монголчуудын зүүн жигүүрийг хумин, бүсэлжээ.

Хит Буха ноёны омог бардам төгсгөл

Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадрууд зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд Хит Буха ноён хүлээж авсангүй. Тийнхүү “Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулж, хойч үедээ ичгэвтэр болохгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана. Хожим хойно хэн нэгэн нь энэхүү тулалдаанаас амь гарч Эзэн хаанд маань хэл хүргэлээ гэхэд намайг эзнийхээ алдрыг гутаан шившгээ тарьж эргэж дутаасан хэмээн бүү хэлэг. Эргэн дутаадан цэрэг эртэй хэмээн Их эзэн маань бүү сэтгэл чилээрхэг. Энд миний цэрэг ялагдсан хэмээн эзэн минь сэтгэлээр бүү гутраг. Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашгиран дайран оржээ.
Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайсан руу дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. Хэдий явгарсан ч Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, монгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюк-түрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. Урьд өмнө өч төчнөөн дайн тулаанд орж, олон шилдэг дайчидтэй илд зөрүүлж явсан Кутуз болон Бибарс нар ийм аймшиггүй зориг, чадал төгс дайчныг харж, заавал амьдаар нь барихыг цэргүүддээ тушаасан байна.
Мамлюк харваачид Хит Бухын тахимыг нь нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ.
Дунд сургуулийн сурагч саваагүй сониуч хүүхэд байхдаа Хит Буха ноёны энэхүү эрэлхэг бөгөөд эмгэнэлт төгсгөлийн тухай номоос уншаад ихэд сэтгэл хөдлөн, түүнээс хойш олон жилийн туршид алдарт Хуралажын гянт илдээ чийрэг чанга гартаа атгаад сөхрөн суусан ч чивчиртэл татсан хуурын чавхдас мэт нуруугаа цэхлэн, тойрон шавсан үй олон мамлюк дайчдыг бүргэдийнх мэт ширүүн хурц харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй буурал үс нь салхинд хийсэх өвгөн дайчны дүр төрх үе үе сэтгэлд сэрхийн орж ирдэг бөлгөө. Сайн зураачсан бол зурахсан. Яг л Репин Тарас Бульбаг зурсан шиг.
Н.Гоголийн “Тарас Бульба” хэмээх яруу сайхан тууж шиг сайхан тууж бичиж, Хит Буха ноёны алдрыг дуурсгахсан гэсэн мөрөөдөл олон жил цээжинд уяатай явдаг юм. Дайсны бүслэлтээс гарахаар амь өрсөн давхиж явах зууртаа тамхины нь түнхэг гээгдэж унасанд “Байз, энэ муу сайн Ляхуудад тамхиныхаа түнхэгийг ч үлдээхгүй шүү” хэмээн мориноос бууж, сахлаг ургасан өвс ногоон дотор эрж тэмтчих зуур тал талаас нь гэнэт 30 орчим лях цэрэг гарч ирээд Тарасын чийрэг чанга мөрнөөс нь зууран ноцолдов. Өвгөн Тарас хэдэнтээ мөр цээжээ сэгсэрч үзээд, дийлсэнгүй, “Ай яа, уулыг цас, эрийг нас даржээ” хэмээгээд гаслан уйлав. Тарас залуудаа тийн мөрөө сэгсэрхэд нь түүний хүчирхэг мөрнөөс нь зууралдсан ямар ч чийрэг эрчүүд хадуурын эрэнд өртсөн тариан түрүү мэт ханаран шилбүүрдүүлэх бөлгөө хэмээн Гоголь эрэлхэг Тарас өвгөний дүрийг уран яруугаар дүрсэлсэнсэн.
Монголын Эзэнт их гүрний жирийн нэгэн түмтийн ноёны энэхүү дүр бол яагаад ч Запорожийн тэрхүү хасаг атаман эрийн дүрээс дутах учиргүй.
Хит Буха ноён тэр үед лавтай 60 орчим настай, магадгүй 60 насыг нэлээд давсан ч байж магадгүй байх учиртай. Яагаад гэвэл Сидон руу ач хүүгээ алдсан агтныхаа араас явуулж гэхээр...

Үргэлжлэл нь дараагийн дугаарт