Monday, September 6, 2010

Айн-Жалудын домог - 2

Б.Номинчимэд

Түрүүчийг ЭНД ДАРЖ уншина уу

Баатар жанжнаа ийнхүү олон цөөврүүдэд ээрэгдсэн шархтай арслан аятай байх үед монгол дайчид бас ч зүгээр суусангүй. Газад байсан Хит Бухагийн толгойн сэргийлэх ангийг удирдаж байгаад мамлюкуудтай анхлан тулж, тулалдааны өмнөхөн цөөн үлдэгдэл цэргээ аван гол хүчтэйгээ нийлсэн Байдар ноён тэргүүтэй зарим монгол баатрууд тарж бутарсан цэргээ Байсан орчимд бөөгнүүлж, дахин цэгцлээд жанжнаа аврахаар гань галзуу довтолгон иржээ. Хэдий хүч дэндүү цөөн, морь, хүнгүй тамирдаж сульдсан байсан ч монголчуудын сүүлчийн тэр шийдмэг довтолгоон Күтүзийг ихээхэн сандаргаж, бараг л тавиад туучих дөхсөн гэдэг. Гэвч тооны илт давуу хийгээд ялалтаа мэдэрч урамшсан мамлюкүүдийг дийлсэнгүй, бараг толгой дараалан хядагдаж, цөөн хэд нь Йордон голын зэгсэнд орж нуугдсан боловч Бибарс зэгсэнд гал тавьсанаар амь аврагдах найдлагагүй болсон байна.


Хүлээтэй Хит Буха ноёныг нэгэн өндөрлөг дээр бариулсан Күтүзийн асарт авчрав. Алдарт Саладин 1187 онд Айн Жалудаас холгүй орших Хаттингийн тулалдаанд Загалмайтнуудыг хиар цохиж, олзлогдсон загалмайтны барон, вангуудыг өмнөө сөхрүүлж байсны жишгээр Күтүз монгол эрийг өмнөө сөхрүүлэх гэсэн боловч чадсангүй. Күтүз “Буруу номтон чи, гэмгүй олны цусыг урсгаж, эртний сурвалжид хаад, баатар эрсийн амийг хөнөөв чи. Одоо харин чиний ээлж ирэх чинь энэ дээ” хэмээн тавласан байдалтай ял асуусанд Хит Буха “Эзэн хүн харьяатынхаа өмнө сөгддөг ёсон үгүй” хэмээн омог бардам өчиж, “Чи бол өөрийг чинь өргөж босгосон эзнээ алж, хаан ширээнд суусан өчүүхэн боол. Би чам шиг эзнийхээ араас хутга шааж байсангүй, ямагт үнэнч явсан” хэмээн Күтүзийг өөрийг нь хариу яллан донгоджээ. Боол гаралтай Күтүз ч, түүнийг дагалдаж явсан эмир, султанууд ч үнэн хэрэг дээрээ бүгдээр хууль бусаар хэргэм зэрэг, эрх мэдэлд хүрцгээсэн байсныг Хит Буха ноён ийнхүү яллан илчилсан байна. Түүний хэлснээс үзэхэд нэгэн цагт монголчуудад цохигдон, монголын захиргааг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн Кипчак-түрэг гаралтай Күтүз болон Бибарсийн гарал үүсэл төдийгүй тэднийг хэрхэн ямар арга замаар султан, жанжны их ор суудалд хүрснийг ч сайтар мэдэж байсан бололтой байдаг.
Тэгээд “Намайг аллаа ч ялж сөхрүүлж чадахгүй. Би үхэх ёстой бол энэ нь чиний сайных бус Мөнх Тэнгэрийн тааллаар болж буй хэрэг. Иймд чи хормын төдий ч бүү баярла, хумсын төдийд ч бүү сайрх. Өчүүхэн боол та бүхний энэ явдлын тухай Хүлэг хааны сонорт хүрмэгц, эзний хилэн далай мэт давалгаалж, Азербайжанаас Мисир хүртлэх газар нутгийг монгол морины туурайгаар тэгшлэх болно. Би бол Хүлэг хааны жирийн нэгэн дайчин, над шиг ийм эрс эзэнд минь мянга мянгаараа бий” гэжээ. Ертөнц дахиныг хураан захирах ёстой, монголчууд бол ард түмнүүдийн эрхт эзэн нь юм гэсэн Монголын Эзэнт гүрний уламжлалт бодлого ч түүний үгнээс нэвт шувт харагддаг.


Өшөө хорсолдоо түлэгдсэн Күтүз Хит Бухаг дөрвөн мөчлөн хороогоод, толгойг нь шонд өлгөн, өмнө нь Хүлэг хааны элчсийн толгойг Мисир даяар үзүүлснийхээ адилаар бүх Сири, Палестин, Мисир даяар үзүүлж, хорслоо дундруулжээ.
Харин монголчууд хэзээ ч баригдсан ихэс сурвалжтнуудыг хэрцгийгээр хөнөөх, эрэлхэг баатруудыг үл хүндэтгэн, цогцсыг нь гутаан цэнгэх зүйл хийж байгаагүй юм. Монголчууд өөдгүй урвагчдад, өчүүхэн боолуудад л нохойн үхлийг оноодог байснаас биш баатар, эртний сурвалжит ихсийг ихэд хүндэтгэн, хороосон ч цус гаргахгүй цаазалж, дараа нь хүндэтгэн оршуулдаг байсан билээ. Чингис хаан Жамухыг хэрхэн хүндэтгэснийг бид сайн мэднэ. Хорезмийн султан эрэлхэг баатар Желал-ад Диний эрэмгий зоригийг Инд мөрний өндөр эрэг дээрээс харж бахадсан Чингис хаан түүнийг араас нь мөшгихийг хорьсон билээ. Зэв, Сүбээдэй нар Калка голд ялагдсан оросын вангуудыг ч, Хүлэг хаан эртний түүхт Багдадын Халифийг ч мөн цус гаргалгүй хөнөөсөн. Үнэгэн даваанд баригдсан Алтан улсын кидан гаралтай цэргийн жанжныг Тулуй, Сүбээдэй нар хүндэтгэн оршуулж, Солонгосын домогт баатар эр Пак Со-г монгол жанжин Саритай ихэд үнэлэн амь хэлтрүүлж байсан зэрэг олон баримт бий.
Күтүз Монголын баатар жанжныг тийнхүү үл хүндэтгэн, өчүүхэн боолын үйлдэл хийснээрээ өөрийнхөө өчүүхэн үхлийг ч зөгнөн дуудсан юм.
Үргэлж мөнхөд дайн дажины тоос босч, цус урсаж байх хараалд өртсөн Изриалийн Голаны өндөрлөг орчмын тэрхүү газар нутгийн бүлээн салхи эмгэнэлтэй, омог бардам төгсгөж буй Монголын нэгэн баатар эрийн буурал санчигийг сүүлчийн удаа хийсгэх хувьтай байжээ.

Урвагчдийн төгсгөл

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр цавчиж орхив. Мөн монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ.
Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд байжээ. Күтүз ялалтын цуваагаар Дамаст орж ирээд тэнд монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан хядаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар Загалмайтнуудыг хомроглох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр дариудаа Сирийн загалмайтнууд цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.

Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ.

Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллаганд Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш нь тавьж нэгдсэн байжээ.
Бибарс алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны өш хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз.
Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бибарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ.
Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс Күтүзийн гарыг тас цавчин, улмаар тэнд нь хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бибарс хүртэж, Кайрын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.

Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн командлагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт алуулж, урвагчийн үхлээр үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1270 онд хаан суудалд заларч байсан ажээ.
Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдийн хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.

Хүлэг хаан жанжныхаа өшөөг авч чадаагүйн учир

Хит Бухагийн үхлийн талаарх мэдээ Хүлэг хааны сонорт хүрэхэд хаантан ихэд харамсан гуниглажээ. Гэвч баатар дайчныхаа хариуг авч чадсангүй.

Мөнх хааныг нас барсны дараа /1259 онд/ Хүлэгийн төрсөн ах, дүү нь болох Хубилай, Аригбөх нар хаан ширээ булаалдан тэмцэлдэж, Монголын төв нутаг иргэний дайны гал дүрэлзэн асч, ах дүүс биесээ өшлөн, алалдах болоод байв. Энэ иргэний дайн дөрвөн жилийн туршид үргэлжилсэн төдийгүй, энэ иргэний дайн Хубилайн хятад төвтэй бодлогыг эсэргүүцэн Өгэдэйн удмын хаан Хайду, Хубилайн хоёрын дунд өрнөж цааш 40 жил үргэлжилжээ.
Хүлэгийн хүү Жүмхүүр Аригбөхийн талд өөрийн армиа аван тулалдаж байсан бол Хүлэг өөрөө Хубилайг дэмжиж байжээ.
Мөн нэгд, лалын Багдадыг унагаж, лалын шашны дээд эрх баригч халифийг алсан, мөн лалын орнуудыг байлдан дагуулж буйд Бэрх ихэд дургүйцэн занаж байсан, хоёрт Кавказын завсар дахь баялаг газар нутгийг булаацалдсан, гуравт Хүлэгийн армид байсан Алтан ордны хаадын угсааны нэг бус хан хөвүүд учир битүүлэг шалтгаанаар алагдсан зэрэг хэд хэдэн шалтгаанаар Алтан ордны хаан лалын үнэн сүсэгт Бэрхтэй муудалцаад байв. Хоёр талын их цэрэг 1260-аад оны сүүлчээр Дербент хавьд учран, монгол ах дүүс нэг нэгнийхээ цусыг хайр гамгүй урсгав. Энд хоёр талаас нийтдээ хагас сая гаруй цэргийн хүч тулсан нь чухам Чингис хааны үед ч дараа нь ч 1260 оныг хүртэл босон бүхий л дайн тулаанд болж байгаагүй том тулгаралт болсон бөгөөд монголчуудын цус энд хэдхэн хоногт өмнөх бүтэн жаран жилд урссанаасаа хавьгүй их урсжээ. Тэр ч бүү хэл Алтан ордны Бэрх Хүлэгийн Ил хаант улсын эсрэг Мамлюк Бибарстай хэлэлцээ хийж, олонтаа элч солилцож, хамтран нэгдэж Ил хаадыг дайлах тухай ч зөвшилдөж байв.

Мөн Цагаадайн угсааны хаад өөрсдийн эзэмшил газраа бага хэмээн голж, Алтан орд, Ил хаадын газар нутаг руу өнгөлзөх болсноос энэ гурван улсын хил орчим, Дундад Азид гурвалжилж дөрвөлжилсөн иргэний дайн ч гарав. Энэ мэт шалтгаануудаас үүдэн Хүлэг хаан Сири, Мисир тийш цэргийнхээ гол хэсгийг шидэж чадаагүй бөгөөд энэ нь Сирид мамлюкүүд бэхжиж, улмаар 1281 онд Хомст дахин монголын томоохон хүчийг цохих боломж олгосон байна.
Монголчуудын сэлмийн үзүүр Айн Жалудад мохсон энэ мөчлөгөөс эхлэн Монголын эзэнт гүрний газар бүрд салан тусгаарлах үзэл санаа хүчтэй өрнөж, төд удалгүй Монголын эзэнт гүрэн Хятадад төвлөсөн Азийн хэт их гүрэн Юань буюу Монголын Хөх гүрэн, Дундад Азид Цагаадайн улс, Ирэн, Араб, ойрхи дорнодод Ил хаант улс, Кипчакийн уудам талын зүүн хязгаараас Денистр хүртэл үргэлжилсэн Алтан ордны улс хэмээн хэдэн хэсэг болон задарсан билээ.
Хэрвээ монголчууд өөр хоорондоо алалцан, зөрчилдөөгүй бол үнэхээр Хит Бухагийн хэлснээр Хүлэг хааны морьт цэргийн туурай Сири, Мисирийг газрын хөрстэй тэгшлэхэд Бибарсын жанжны чадвар, хичээл чармайлт, мамлюк-түрэг дайчдын баатар зориг нэг их саад болж чадахгүй байсан биз. Үүнийг ч Арабын түүхчид ч хүртэл хүлээн зөвшөөрдөг.

Тухайн цаг үед Монголчуудын хүчний хэтийдэлт нь зөвхөн монголчууд өөрсдөө л хорьж дийлэх оргил хэмжээнд нэгэнт хүрээд байсан бөгөөд Хятад, Орос, Европ хийгээд Мисирийн аль ч фронт дээр Монголчуудын түрэлтийг зогсоох боломж өөр бусад ямар ч үндэстэнд байсангүй. Аливаа түүхэн их үйл явдалд эцсийн тулах цэг, оргил цаг гэж буй агаад нэгэнт оргил цагтаа хүрснээс хойш уруудан буух түүхэн эргэлт болдог нь ч ёс аж. Чухам XIII зууны монголчуудын үйлс нь тийм хэмжээ хязгаарт хүрээд нэгэнт эргэх ёстой болсон тэр мөчид Мамлюкүүдэд боломж тохиосон байна.
Тухайн үед монголчуудын эзэнт гүрэн нь мэдэгдэж байсан хуурай газар нутгийн аравны есийг буюу 33 сая кв.км газар нутгийг хамарч байжээ. Өөр ямар ч улс үндэстэн ийм хэт их гүрэнг байгуулж чадаагүй бөгөөд өдийг хүртэлх нэн олон түүхчид XIII зуунд монголчууд яагаад тийм ялагдашгүй мэт хүчирхэг байсан бэ, энэ бүхэн яаж, ямар хүчээр бий болов оо хэмээн гайхан дуу алдсан нь бий. /18-19 дүгээр зуунд Их Британы колончлолын оргил үед тэдний эзэлсэн газар нутаг 33,7 сая кв.км байсан хэдий ч тухайн үед дэлхийн хуурай газар бүхэлдээ нээгдсэн байсан бөгөөд энэ нь нээгдсэн нийт газар нутгийн гуравны нэгд ч хүрэхгүй байв./
Энд нэгэн зүйл ажиглагддаг нь Монголчууд аль Чингис хааны үеэс л ганц үндэстэнд бусдаас илүүгээр нэхэл хатуу байж, бүхий л боломжоороо дарж устгахыг хичээж ирсэн байдаг. Энэ нь монголчуудтай угсаа гарвал хийгээд дайнч чадвараараа нэн ойрхон байж мэдэх кипчак-түрэгүүд бөгөөд Динепрээс Алтайн нуруу хүртэлх асар уудам зайд нүүдэллэн аж төрж асан энэ үндэстэнтэй чухам яагаад тийм нэхэл хатуу тооцоо хийсний учир чухам тэд л монголчуудтай эн тэнцүү тэмцэлдэж чадах чадвартайд байсан байж болох юм. Анх Сүбээдэй мэргэдийн үлдэгдлийг дарахаар Чүй мөрөнд ирэхдээ л кипчакуудтай тулгарснаас хойш тэднийг цаг үргэлжид мөшгөсөөр бүр Мажарыг гэтэлгэн хөөж орхисон юм.

Мамлюкүүд бол чухам тэдгээр кипчакуудын үлдэгдлүүд бөгөөд Күтүз нь Хорезмд, Бибарс нь нэг бол Крымд, эсвэл өнөөгийн Казахстаны Караханд төрсөн хүн юм. Казахууд ч Бибарсыг Казахын ард түмний баатар хэмээн нэрлэж, үндэстнийхээ нэгэн бахархал болгодог бөгөөд хөшөө дурсгалыг нь босгож, олон ангит кино ч хүртэл хийжээ. Мөн Кайрт буй Бибарсын мөргөлийн сүм, Сирид буй бунхныг нь Казахууд 3 сая ам.доллараар сэргээн засварласан байна.
Чингис хааныг Хорезмийг эзлэх үеэр Мерв хотын умардад амьдарч байсан түрэгийн нэг багашиг овог баруун тийш нүүдэллэн, Арменд түр толгой хорогдож байгаад Монгол жанжин Чормаган хоёроос зугтаан Анадолу руу нүүсэн нь хожим Европын хагасыг эрхшээж, Ази, Европ тивийг дамнасан хүчирхэг Оттоманы их гүрнийг үндэслэгчид болон Ертөнцийг эзэлж асан Монголчуудын ул мөр, балгасан дундаас өндийн боссон билээ.

Эпилог

Нэгэн жарны туршид асар эрчтэй урагшилсан Монголын эрч хүчний оргилолт Синайн цөлийн элсэнд шингэх борооны ус мэт Айн-Жалудын толгодод саарч, монголчууд ялагдашгүй, тэд бол бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлэгчид гэсэн өрнө, дорнодод нэгэнт түгэж, хууль болон тогтнож байсан ойлголт замхарч, зөвхөн домог болон үлдэх хувь заяатай болов. Монголчуудыг ялж бас болдог юм байна гэдгийг Араб, Лалын ертөнц даяар мэдэрч, монголчууд бол бидний л нэгэн адил мах цусанд төрсөн, ялагдал, ялалт хоёрын торгон ирэн дээр бусдын л адил дэнжигнэж байдаг юм байна гэдгийг ертөнц дахин ойлгож эхлэв.
Хэдийгээр Айн-Жалудад тулалдсан монголчууд нь Монголын Их эзэнт гүрний нэг өчүүхэн хэсэг, дөнгөж ганцхан түм байсан ч, Айн-Жалудын тулалдаан нь Монголчуудын хийж байсан хэдэн зуун тулалдаануудын нэг бяцхан хэсэг нь төдийхөн ч, Айн-Жалудад монголчууд ялагдсанаар Ил хаант улсын ул суурь өчүүхэн төдий ганхаагүй ч агуулгаараа монголын эзэнт гүрний ертөнцийг ноёрхох үзэл санааны ялагдал болсон байна.
Чингис хаан хүмүүсийг хоёр ангилж үздэг байсан бөгөөд энэ нь ихэс дээдэс - харц боол хоёр бус, баян - ядуу хоёр ч бус, харин үзэл санаа, үнэнч тууштай чин шударгуу чанараар нь ангилан үздэг байжээ. Зарим хүмүүс эхнэр хүүхэн, элбэг тансаг байдал, нэгэн олдох бие, нэхэн олдохгүй амь насыг эрхэмлэн дээдэлж, өөрөөр хэлбэл alter ago- хэт шүтэж, хувиа бодож, нэр төр, алдар гавьяа, нийтлэг эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг байна. Тийм хүмүүс ямагт нэгэн хүчирхэг эзэн, даргыг дагаж, түүний эрх, сүрэнд захирагдаж, тэднээс айн чичирч байдаг агаад тэд эгзэг таарвал ивээн тэтгэсэн эздээсээ хэзээ ч урван, араас нь адгийн муухайгаар хутга шаахад, хаашаа ч холбироход бэлэн байдаг байна. Тийм хүмүүс ашиг харж, нийгмийн нийтлэг хэв ёсыг уландаа гишгэхдээ ер сэтгэл төвддөггүй төдийгүй зарим тохиолдолд түүнээ бах тав болгон цэнгэх нь ч бий. Тийм хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед гай гамшиг, зовлон, ичгүүр сонжуургүй бүхнийг таригчид байсан бөгөөд Чингис хаан тийм хүмүүсийг адгын боол хэмээн үзэж, хаа таарсан газар бүхэндээ өт хорхой мэт няц даран цээрлүүлж байлаа. Жамухыг барьж ирсэн түүний нөхдөд Чингис хаан нохойн үхэл оноосон бөгөөд харин Тайчуудын Таргудай эзнээ алалгүй тавьж явуулаад ирж нийлсэн Наяад итгэл үзүүлэн их хэрэг даалгаж байсан бөгөөд тэр хэзээ ч Чингис хааныхаа итгэлийг хөсөрдүүлж яваагүй билээ. Тайчуудын Зургаадай хэдийгээр өштөн дайсан нь ч түүний эрэлхэг эрэмгий, үнэнч шударгыг нь Чингис хаан үнэлж, чухам энэ үнэнч шударга, итгэлтэй, нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө өчүүхэн ч эргэлзээгүй золиосолж чаддаг чанар л тэдний төдийгүй Чингис хааны бусад олон өрлөгүүд, нөхөд сэлтийн өөр хоорондын нөхөрлөлийг үүрд салшгүйгээр гагнасан байна.

Зэв мэт, Наяа мэт, Мухулай мэт, бас Хит Буха ноён мэт эрхэм нэрээ амь наснаасаа дээгүүрт тавьдаг, сэтгэл зүрхэндээ дээд хөх тэнгэрийн дуудлагыг мэдрэх мэдрэмжтэй, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, эд хөрөнгө, элдэв цэнгэл, нэгэн биеийн өчүүхэн шуналыг огоорч чаддаг тийм хүмүүсийг Чингис хаан хөх тэнгэрийн харьяат иргэн хэмээн өндрөөр үнэлэн тэтгэж, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, чухам тийм хүмүүсээр улс гүрнээ бүрдүүлж байлаа. Чингис хааны аугаа ялалтын, Монголын эзэнт их гүрний ялагдашгүйн нууц нь чухам энд байсан бөгөөд Л.Гумилев тийм хүмүүсийг “урт дурынхан” хэмээн томьёолсон. Тийм хүмүүс бол чин үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг бардам, омог төгс чанараараа онцгой содон ялгардаг бөгөөд энэ нь XIII зууны монголчуудын нийтлэг хэв шинж байв. Айн-Жалудад эрсэдсэн Хит Буха жанжин хийгээд бусад монгол баатрууд ч тийм л хэв шинжийн сонгодог сүүлчийн төлөөлөл нь байлаа. Учир нь чухам тэр цагаас хойш монголчуудын тэрхүү гайхамшигтай онцлог шинж бүдэгрэн, аажим аажмаар замхарч, газар сайгүй урвалж, хувиа бодох, явцуу эрх ашгаа дээдлэх үзэл хогийн ургамал мэт үржиж, эзэнт гүрний эрч хүчийг сульдуулан, сүр сүлдийг гутаасан юм. Ялангуяа Монголын бага хаадын үед энэ бүр хэмжээ хязгааргүй болж билээ.

Чингис хааны яруу алдарт Их Монгол гүрэн нь Чингис хааны өөрийнх нь үзэл санааг дагасан “урт дурын” хүмүүсийн гүрэн байсан бол бага хаадын үеийн Монгол нь явцуу эрх ашгийн төлөө үхэлдэн тэмцэлдсэн өчүүхэн урваач шарваачдын орон болсон байв. Тэд Чингис хааны Их засаг хуулийг аль хэдийнэ умартаж, Хөх тэнгэрийн эрх хүчийг мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээж, хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа. Өнөө цаг үе ч мөн түүнээс ялгаа алга. Өнөө цагийн монгол хүмүүнд Чингис хааны монголчуудын үр хойч гэн нүүр бардам хэлэх ёс суртахууны эрх бий эсэхэд эргэлзэн эмзэглэх мөч мөн ч их болж, Чингис хааны үедсэн бол хэзээ ч өөд нар харахгүй байсан тийм урвагчид, амин хувиа хичээгчид өнөө өт хорхой, жоом бямсаа мэт асар их үржсэн төдийгүй, эрх мэдэлтэй болцгоож, улс орны, ард түмний хувь заяаг шийдэцгээж байх юм даа. Чухам тийм дээ л бид өнөө хүчгүй сул дорой байж, хүчтний өмнө бөхөлзөн шарвалзаж, гуйн царайчилж байна. Ард түмэн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй” хэмээн зүгээр нэг цэцлээгүй аж. Чингис хааны үл тэвчдэг байсан тийм хүмүүсээр удирдуулсан улс орон, хулгай, гуйранч, янхны орон болох нь ч аргагүй юм.

“Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” хэмээн хойч үеийнхээ өмнөөс ичиж, тэднийхээ өмнө хэдэн зууны турш, магадгүй өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр байсан Хит Буха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна.
Хит Бухагийн омог төгөлдөр төгсгөл нь XIII зууны монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах болтугай.
Ерөөс аливаа улс нийгмийн хөгжил, дэвшил, уруудал доройтлын цаад шалтгаан нь үзэл санаа байсан хийгээд даяаршин цэгцэрч буй XXI зуунд монголчууд бид үгүйрэл ядууралгүй, өвчин зовлонгүй, өрөөл биесээ үгүйсгэн мугуйдлахгүй нэгэн цул болон хөгжин цэцэглэхийн тулд бидэнд үндэсний сэргэн мандах үзэл юу юунаас чухал юм. Чухам үндэсний сэргэн мандах үзлийн нэгэн ширгэшгүй булаг бол үндэсний өв соёл, ялангуяа монголчууд бидний хувьд их түүх маань юм. “Түүх гэгч өнгөрсөн рүү харсан зөнч” гэнэм. Тэгэхээр бидэнд хөгжлийн их ирээдүй бий ажээ.

43 comments:

Anonymous said...

ЗОЧИН
Ай юутай сайн хэлж вэ. Их Монгол улсын задрах, їгїйрэх мунхархахыг Хувулай хаан эхлїїлсэн юм. Тэр эзэн дээд Чингис хааны захисан гурван захиасыг хєсєрдїїлсэн юм. Энэ нь гагцхїї тїїний хэт эрх мэдэлд тэмїїлсэн, эзлэгдсэн орны бялдууч ноёдын їгэнд автамтгай, эзэн дээдсийнхээ ухаан эрдэм сургаалыг хїндэлдэггїй байснаас їїдэлтэй юм. Тэр їед Хувулай урваагїй бол их Монгол улс єнє удаан дэлхийг засаглаж, энэ дэлхийд єнєєгийнх шиг ийм їе ирїїлэхээс сэрэмжлэх байсагн юм. Номин чи сайн сэдэвээр сайхан бичжээ. Бичээд байгаарай. Хэн юу ярих нь хамаагїй, гагцхїї чин їэнэнийг хїмїїст хїргэх хэрэгтэй. Нэг хэсгийнх нь ухааны сїв нь хаагдан мэлмий нь хиртсэн байлаач нєгєє хэсэг нь ойлгож улс орныхоо хувь заяанд санаа тавьдаг болно. Бузар бузрын дотроос хамгийн бузар арга мэх нь єєрийн євєг дээдсийнхээ амиа зольж, цусаа урсган байж бий бологсон юмыг муучлан гутаах, доромжлон басамжлах, эвдэн бусниулах явдал билээ. Тийм харалсан дотортонгуудаас сэрэмжлэх тїн залуусаа!

Anonymous said...

Нацаг
Зүрх сэтгэл догдолж, цөс хөөрөхөөр юм бичжээ! Маш их баярлалаа. Уран бүтээлийн тань зам урт байх ерөөлийг дэвшүүлье!

Anonymous said...

Saikhan yaruu tod bichleg bolson bna. Yah argagui bidend undesnii uzel uhaaral seheerel heregtei bna to prosper again

Anonymous said...

Tanii tuuhiin bichleguud minii READER-t urgelj STAR-lagddag shuu :D, tanid amjilt. Ene bichleguudee negtgeed Mongoliin Tuuhiin nom gargaval yamar ve, esvel gargatsan uu. Bi lav hamgiin turuund avnaa

Anonymous said...

Сэтгэл зүрх минь огшин омогшиж, самсаа шархиран, эх нутгаа төсөөлөн бодов. Дээд Тэнгэр, Дээдсийн сүнс юундаа хэдэнтээ мөргөв.

Баяраллаа, Гялайлаа
Ээгий

Anonymous said...

Цаг үеийн тухай
Цаг үеийн тухай даанч сайхан дүгнэлт юм . Тийм шүү . Өтний орчинд өт л үржинэ . Харин шонхорын орчинд шонхрууд л буй болдог буюу . Манай өнөөгийн монголд харамсалтай нь тэр шонхор нь төрөөгүй байнам даа . Харин өтнүүд байна тэд язганалдаж байна . Харамсал дүүрэн энэ цаг үед ч гэтэл төгсгөл бас буй . Урвах шарвахын донтнууд элэг зүрхээ урах адл эх орноо арилжаалагчдын үед түмэн гэсгээлт төгсгөл бий . Тэд өдөр өдрийг цадаж өнгөрөөж байна гэж бодоцгоовч өөрийнхө үеийг л идэн өнгөрөөж буй юм . Маргаашийн илд хүзүүн дээр нь нэгэнт далайгджээ . Би бас чи үүнийг уншигч монгол хэн бүхэн шонхроо хүлээн ертөнцийн нэг л зүг рүү ширтэцгээж байна . Тэр ирж яваа . Тэр ирэхээс өр ямар ч арга зам үгүй . Монголчуудын дүүрэн цэнгэх маргаашийн Хит Буха-уудын үе нүүгэлтэн наашилж явааг бас болно . Гагцхүү түүнийг харахыг л хичээ .

Монголчуудын нүүр гэрэлтэн цэнгэх , маргаашийн Хит-Буха-уудын үе нүүгэлтэн наашилж явааг харж бас болно . Гагцхүү харахыг л хичээгтүн .

Anonymous said...

Зүчийн бунхан Казахстанд байдаг юм .Манай дарга дээдсүүд тоодоггүй
Bold

Anonymous said...

Estoi ih bayarlalaa . Ene Hun uneheer saihan bichih umaa. Unen ch helj bna. Ovog etseg maani bidnees ichilgui amia orgoj bhad bid odoo yaj bna?! Mongo l bval nudee uhaad ogohod ch Belen bolj e.

Anonymous said...

номинчимэд ахайтанд судалгаа,уран бутээлийн ундур амжилт хусэй!тэр уэйин монголийн хуули тсаазийн талаар бичвэл маш их сонирхолтой байх боловуу?!

Anonymous said...

Nominchimed-d
Nominchimediin Enehuu niitlel deer jinhene sudlaach hunii ajillgaga haragdaj bainaa, zuvhun magtan shagshih bish , aldaa dutagdal bolon tyhai uiin DELHIIN uls tor baidal bolon Mongolchuudin hoorondiin hagaral & alivaa zuild ORGIL-TUGSGUL baidag geh met ih uhaalag gargalgaa ob’ektiv handaltuud baigaad talarhaj baina aa.
Thx. bro.
p.s. Bodohod Chingis ezen haan 1. talent.avyas chadvar , uhaan 2 loyalty unench shudarguu humuusig ugsa agaral ul hargalzan
Mongol IH GURNII terguun egneedn tavidag baisan shig bodogdoh yum
odoogin udirdagchid bol harin ESREGEER baih shig baina daa.
OK. Good luck!

Anonymous said...

Bayarlalaa aguu yumaa bidnii uvug deedesiin tuuh.

Anonymous said...

Bi end neg yumiig oilgohgui baina. Ene niitlel uran zohioliinh uu esvel erdem shinjilgeeniih uu? Esvel hoyulangiinh n shinj baigaa yum bol iim yum bolomjgui gej helmeer baina. Hun uneniig l bichhiig zorij baigaa bol sudalgaaniihaa ajil, analiziig eldev domog huuch yariatai holij hutgalgui saihan nairuulaad bichchih heregtei. Tegeed deer n nom zui, tailbar tolitoi tavichih heregtei, ene bol delhii niitiin togtson jishig, shalguur. Ingehgui bol nairaglal, uyangalal maygiin yum aa uran zohiol gesen hesegt tavih heregtei, tendee humuusiin tsus n hoorch unshij baig, yadaj unen hudal hoyoriig yalgadag baig.

Anonymous said...

Gaihaltai! Odoo bid urvaach sharvaash buzar ulsuudaas salah heregtei Sergei gej aguu

Anonymous said...

tuuhiin martagdsan shar huudsuudiig ingej suhuh chin ymar sain ym we.Bi l chinges, tuunii 9 urlug gehees zaash ner tomyo meedgui bailaa. Zaash n bicheerei, ur huuhduuddee unshuulah ymtai bolj bn shuu, BAYRLALAA.

Anonymous said...

Сайхан бичжээ Номинчимэдтэн. Энэ бол нөр их судалгааны үр дүн, түүхэн бодит үнэн шүү дээ Анон оо. Бичлэгийн амт шимтийг бүрдүүлсэн уянгын халил зэргийн юм байх ёстой, тэгж байж хүний сэтгэлд хүрнэ. Энэ бичвэр ингэж бидний сэтгэлд хүрсэн болоод л бид бүгд дуу алдан шагширч баярлан бахдаад байгаа юм. Түүнээс социализмын үеийн түүхийн номууд дээр байдаг шиг бичсэн бол хэн ч тоохгүй. Бид их цангаж байгаа юмаа гэдэг нь тодорхой болохоор Номинчимэд таны дараа дараагийн бүтээлийг ангалзан ангалзан хүлээнэ. БМ

Anonymous said...

Оноодрийн Монгол улсад эзэн Чингис шиг сэтгэхуйтэй, нэр нолоотэй хун унэхээр дутагдаж байнадаа.Хэрэв тийм хун гарч ирсэн бол ядаж наад хогийн тушмэдуудийг навс СЭГСЭРЭЭД Монгол улсаа улс шиг улс болгоод Ази тивээр нэг тархсан монгол омогтнуудаа нийлуулж хогжин мандах шанс гарах юмдаа..

Anonymous said...

Zeb Subeedei nar odoo baibal odoogiin bidnees ichij uheh baisan daa!!
Bidnii nileed maani tolgoigoo amidaaraa tasluulj, haluun togoong amidaaraa tulegdej uheh yal sonsoh baisan daa.

Hamagiin turuund uheh hunii toond Namabariin Enkhbayar oroh bhdaa

Б.Номинчимэд said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Одоо цагт монгол хүн гэсэн эрхэм нэр төр эр хүний шудрага зан байхгүй болждээ хөөрхий…

Anonymous said...

Erhem Nominchinid tand saihan niitlel bichsend zaluu bid bajrlalaa, uk.

Anonymous said...

Бид Чингисийн монголоо хэзээнээс алдаад уравдаг, урваж шарваснаа хамгаалдаг болчвоо.

Anonymous said...

Badam
Alivaa undestend udmyn san muudna gej neg aihtar zovlon bui. Bidnii mongolchuud baga haadyn u-es muudan muudsaar sunuh talruugaa orson. Chingis haany u-d dain tulaand yavaad eh nutagtaa irdeg baij. Daraa
daraagiin ueiin mulguu huiuhduudiin ued ali chadaltai uhaantai nh dailahaar yavaad iluu dulaan uur amisgaltai, soyoltoi gazar ochood ergej irelgui tendee shingej, shashin shutlegt nh orood unguruu. Nutagt heden debiluud uldeed muhuh zamruugaa butsaltgui orson boloi. Deer nh manj gej maniasaa deerdehgui yumny boolchlold orj bur dampuurav. Muu hunii zaya zavagt gegcheer ulaan, tsagaan yanz buriin yumnuudyn zai zavsraar ayig nh harj yavaad tusgaar bolj. Getel fashist-kommunist zasaglaltai zuvlultiin terrorist udidagchid udamtai gesen bolgonyg sorchilj baigaad ugui hiijee. Ene nugliig gutalchny huu Stalin, butach huuhed Choibalsan nar uildev. Negent udmyn san muudaad udirdah seheeten, nomtoi humuusgui bolson tul bidniigee “Tungalag Tamir”-yn Galsan, ulaan huvisgalch Dorj nar udirdah bolj, zarim nh hoishoo suraltsah neriin dor arhinii luunuud bolov. Sogtuu ard tumniig udirdahad amar gej zuvlultiin ueiin helts ug bii. Ingeed sogtuu, zalhuu, soyolyn tuvshin dooguur, hir hulsuu tseverledeggui negen undesten bii boson tuuhtei.
Ene durvun muuhai zurshiltai unuu ueiinhen uhej duussany daraa baidal uurchluduh baih. Ugui bol sununu. Zaluusaa Arhiig uzen yadaj sur, boriv bohis hiilgui ajillaj sur, soyolyn tuvshingee bainga deeshluul, udur bolgon usand or. Ingesen tsagt bid busdad toogdono

Anonymous said...

Ene yostoi tansag bichjee yun tsagaan sar gedeg shig
yun Baabar haritsuulah ch yum bish
mash ih bayarlalaa

Anonymous said...

Зүгээр зүгээр. Ялгуусан дээдэс маань Айн жалуда ялагдаагүй бол хорон санаат христүүд дэлхий дахинд бүүр их гай гамшиг тарих байсан. Лалууд шуналт христүүдийг мөхөөх болно. Өнөөдрийн дэлхийн дүр төрх бол христүүдүүдийн бүтээл . Юу байна гэвэл эдийн шунал, эрх мэдлийн төлөө үхэн хатан нэр төр, ёс зйгээ умартан явж байна. баабар ардчилсан нийгэмд ёс суртахуун байх ёсгүй гэж хэлдэг чинь христүүдийн ертөнцийг үзэх үзлийг номолж байгаа юм. Монгол хүн бол эсрэгээрээ эдийн шуналтныг хамгийн адгийн амьтан гэж үздэг байсан. Монголчууд эдийн шуналтай болсон нь тэдний доройтлын эхийг тавьсан юм

Anonymous said...

MONGOLchuud olonhiin erh ashigt harsh uil hiisen humuustei hatuu tootsoo bodoj baival bolhiin.Huili gargaad tuuniigni muordohgui baigaa heniigch yalgalgui tamruuna ilgeedeg bolchuud bugd amagalan taivan hereg tuvog garahgui amar jargahgui yu,Yadaj alban tushaald hudlaa amalj songogdoh gehgui heree medej gustiishde.

Anonymous said...

Fanda
ha ha ha (humuust) ee naizaa ter Zev ene ter ni udiid baisan bol bidnees ogt ichehgui bailgui dee. Shyyd l tsavchaad hayah baisan biz.

Anonymous said...

Ishlel baihgui, hunii nomyg huulj huulj dunduur n sanaagaa havchuulsan met boljee. Er n suuliin yed iim neg huuramch ajillagaanuud mongold ih garah boljee, Ene n ishlelegui luivar gesne ug shuud ee.

Anonymous said...

Gumilevees nileen sanaa avsan baina. Saihan niitlel bolj. Gehdee Хит Буха ноён bas hristiin shutlegten baisaniig orhij bolohgyi.

Anonymous said...

mash sain bolj ene shuumjileed bgaa zarim neg humuus astro ch geh shig bas bus humuus er ni shuumjilj ataarhaj suuhiin orond nominchimed shig dorwitoi yum hiigeech olj harahgui l bna shuu!diilenh commentuud sain bgaa biz dee bugd teneg bish l bgaa bhgui yu!munhaguudiig orhiod hayaad mongol uls hogjino devjine!

Anonymous said...

Hehe, Zev Muhulai nar unuudur baisan bol urvagchdiig selmeer tsavchih bish, harin ui olnoor hunuuh zevsgeer ustgah bsan biz?!

Anonymous said...

Газар газрын Монголчууд бие биенээ ойлгож түргэн нэгдээсэй дээ. Нутаг тусдаа байвч сэтгэлээрээ нэгдэж болмоор доо. Нэг монголын чих энд дэлдэхэд нөгөө монголын эвэр тэнд хөдөлж байвал сайн сан.
МУХАР СҮСЭГ

Anonymous said...

Uneheer bodood uzhed Yahiin araggui Ezen Chinges haan unen ch shudarga zorig huch tuguldur humuuseer hureeluulsen uchiraas iim undur amjilt gargasan ni damjigui yumaa. Une buhniig diileh bolnoo. Shudargaar unencheer eh oron hoich ireeduinhee tuluu zutgeye! Urvan terslech buhen ustaj ugui bolog, Shudarga unench MGL chuud usun urjih boltugai! Saihan tuuh bichsen yavdald mash ih talarhalaa!

Anonymous said...

Thanks, Mash goe boljee, odooo iim unshuurtai yum garahgvi shv, iimerhvv saihan zvileee vrgeljlvvleerei, setgel hudulj nvdend vzegdew, Buriad huwvvn bi etseg uwguduuruu omogshiw :)

Unknown said...

Маш гоёо нийтлэл уншлаа баярлалаа

Б.Номинчимэд said...

санал сэтгэгдлээ бичсэн хүмүүст баярлалаа.
Нийтлэлийг маань дэмжиж буй бол "Өнөөдөр" сониноос зарладаг БОЛДОРЖ сангийн нэрэмжит уралдааны сайт-д орж дэмжиж буйгаа тэнд илэрхийлбэл бүр их баярлах байна.
Линк нь энэ
http://mongolnews.mn/i/10072

Anonymous said...

negen saikhan domog tuuxiig nudend xaragttal bichsend bayarlalaa medehgyi zyiliig meduulsen bur ix bayarlalaa. Ochnoon xaramsal xalaglaliig toruullee gehdee uneheer ene ues l Mongolchuud bidnii terxuu unench shudarga zan ustsan met sanagdavch unendee ard olon mongolchuudiinh ni xeveer sanagdaj xagzhuu ues ued Neg bol Ovog aimagiin xaad ixes deedes odoo bol Namiin eldev darga nariin uzel bodol erx ashigiin temzel dund ochuuhen amia avch uldeh gesen enexuu xolzingyi aimxai amia xicheesen zang songoj amidrah ni deer gesen ni ueiin ued xeregzeed odoo Toriin toloo ogtono booj uxeed yuhav dee gesen uzel boltloo xevssen bololtoi. Enexuu niitlelees Ex ornii toloo Ex mongoliin toloo ene nasaa zoruilahdaa gagzhuu unench zan chanariig erxemlie gesen shinhuu xusel torloo bieluulch amidraad xicheen amidrah bolnoo

Anonymous said...

яг л өчигдөр зүүдлээд санахгүй байгаа зүүдийг минь зах зухаас нь яриж бга юм шиг бичжээ. Үнэхээр бид тэр үес хойш дахин төрсөөр байгаан болов уу? Хэзээ энэ биеийнхээ сонирхолийг хойш тавьж еөртөнцийн амагаланг эргүүлж авчирах хүртэл.....

Anonymous said...

thanks, saihan bichleg boljee. "хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа" gej uneheer onoj helsen bna shuu

Anonymous said...

яая би түүхч хүн гэхдээ чи нээрээ лаг бичжээ түүхийг ийм сонирхолтой хэлбэрээр бичвэл үнэн сайн нийтэд хүртээмжтэй болдог үргэлжлүүлэн бичээрэй амжилт

Arsun said...

Дэмжив.

Anonymous said...

Үнэхээр гайхалтай бичжээ. Та энэ талаараа 1206 оноос хойших Монголын түүхийг бичвэл их хэрэгтэй гэж бодогдлоо. Баярлалаа

Anonymous said...

You revealed historical
You revealed historical facts, that are unknown to the world.I learned important facts over here.

greensea said...

заавал 1206 он гэлтгүй хүннү ,түүнээс ч өмнөх түүхээрээ доривтой түүхийн толь гаргаж болохгүй юм уу.одо тийм ном л ус агаар шг хэрэгтэй бна..эрдэмтэн судлаачидтайгаа хамтраад ..амжилт хүсье!!!