Б.Номинчимэд
Бидний 900 мянга орчим нь ядуу
Өнөөдөр хүн амын маань 35.2 хувь нь ядуу гэсэн манай статистик судалгаа байна. Дэлхийн банкныхаар бол бүр 38.6 хувь. Ядуурлын түвшинд байгаа иргэд гэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хүнснийхээ зүйлсийг худалдан авах чадваргүй хүмүүсийг хэлдэг аж. Тэгэхээр та бидний гурван хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга гаруй монгол иргэн өдөр тутам өлөн зэлмэг аж төрдөг байх нь. 900 мянга гэдэг бага тоо биш шүү.
Өдөрт нэг ширхэг "Атар" талхаар гол зогоож байгаа 2-3 ам бүлтэй өрхийг Улаанбаатарын аль ч дүүргийн, аль ч хорооны хэсгээс хялбархаан олох боломжтой. Бүх аймаг, сумдад ч бий. Өвлийн хүйтэнд осгоод үхчихгүйн тулд дугуйны резин, гялгар уут, хониний толгойн яс бүү хэл үхсэн нохой муурын зулзага хүртэл галдаа хийж, өдөр өнгөрөөж байгаа айл өрхүүд бий. Сэтгэл сэрхийлгэсэн баримт.
1990 онд дэлхийн нийт хүн амын 41,69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25.19 болтлоо буужээ. Гэтэл манай оронд ядуурлын хувь огтхон ч буурсангүй. Харин ч сүүлийн хорин жилд ядуурал эрс, огцом өссөн.
Ядуурлынхаа үзүүлэлтээрээ бид бараг Сахарын цөлөөс өмнөх Африкийн зарим орон зэрэг иргэний дайн, байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудтай ойролцоо очих нь. Монгол оронд ямар ч дайн байлдаан болоогүй, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт болоогүй шүү дээ. Гэтэл ядуурлын түвшин ийм өндөр байгаа нь чухам юуных вэ?
Ямар ч улс орны хөгжлийг энэ тэргүүнд ядуурлынх нь түвшин, хүн амын амжиргааны индексээр тооцож үздэг. Хөгжингүй орнуудад ядуурал 21 хувиас хэтэрдэггүй аж. Зарим оронд ядуурлыг 16 хувиас хэтрүүлэхгүй барьж чадаж байна. Гэтэл манайд 40 хувь дөхөөд байдаг. Монголчууд бид нэг хүнд ногдох байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг гэх мэт талаас нь харвал баян байх нөхцөл, боломжоор бүрэн улс түмэн. Дээр нь харьцангуй боловсорсон, хүн амын үнэмлэхгүй олонхи нь бичиг үсэгт тайлагдсан, дэлхийн хоёр хүчирхэг гүрний дунд геополитикийн ашигтай байршилд буй, мөн асар том зах зээлийн дэргэд гэх мэт олон давуу тал байгаа.
Ядуурлын ирмэг дээрх дундчууд
Энэ ядуурал гэдэг нь гагц зөвхөн ядуу гэгдэх тэр гучин хэдэн хувьд ч хамаатай асуудал биш юм. Манай хүн амын олонхи нь болох дундаж давхаргынхны аж амьдрал ч бас тийм хангалттай сайн биш байна. Аль ч оронд улс орныхоо гол ачааг үүрч явдаг нь энэ дундчууд байдаг.
Хөгжингүй орны дундаж давхаргынхан, манай дундаж давхаргынхны хооронд чанарын асар их ялгаа бий. Маш энгийнээр хэлэхэд л хөгжингүй орны дундаж иргэд нь долоо хоногтоо дор хаяж хоёр удаа ресторанд гэр бүлээрээ орчихдог, сардаа ч болов нэг удаа ойр зуураа салхинд гарч сайхан амарчихдаг, /хөгжингүй орнуудад хагас бүтэн сайн өдөр бүр маш идэвхтэй амралт нийтийг хамардаг/ жилдээ дотооддоо бүү хэл дэлхийн аль нэг улс орноор аялчихдаг амьдралын боломжтой хүмүүс байдаг байна. Тэдний хувьд машин тэрэг гэдэг нь амьжиргааны үзүүлэлт биш, ердийн хэрэгцээ болсон, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх, өөртөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой хүмүүс.
Гэтэл манай дундаж давхаргынхны олонхи нь цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд, ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй гүрдийтлээ зүтгэж явна. Олонхи багш, эмч зэрэг төрийн албан хаагчид, бас малчдын үнэмлэхүй олонхи нь энэ зэрэглэлд орж байгаа. Өвлийн гутал авчихвал байрныхаа мөнгийг төлөхөд хүндрэлтэй болчихдог, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихвөл хэсэгтээ л зээллэг гуйхаас аргагүй болдог тийм хүмүүс.
Дундаж давхаргынхны маань олонхийн хувьд юун ресторанд долоо хоног бүр хооллох, юун хагас бүтэн сайнаар гэр бүлээрээ Тэрэлж ч юм уу, Хустайн нуруунд очоод нэг сайхан алжаал тайлах, юун тэр жилдээ нэг гадаад орноор аялах, үгүй ядаж хамгийн ойрхон орших Хятадын Цагаан хэрэм, Утай гүмбэн хүртэл аялах тухай бодох вэ. Зарим албан хаагчид Даваа гаригаас ажилдаа явах автобусныхаа мөнгийг хэмнэхийн тулд хагас бүтэн сайнд нь гэрээсээ ч гарч чадахгүй суугаа нь үнэн юм.
Тэдний хувьд өнөөх 35-38 хувийн ядуучуудын эгнээ рүү гулсахад нэн ойрхон, дөнгөн данган дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Зүтгээд, хийгээд л байдаг. Гэтэл дээш гарч, амьжиргаагаа баталгаатай болгож буй нь тун цөөхөн.
Бид залхуудаа ядуу гэж үү?
Сүүлийн үед манай улс төр, бизнесийнхнээс "Арчаагүй залхуу, боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүс л ядуу байдаг" гэсэн нэг постулатыг дахин дахин ярих дуртай болчихож. Энэ үнэн л дээ. Үнэхээр монгол шиг амьдрах боломж бүрэн бүрдсэн асар баялагтай оронд төрчихөөд ядуу явна гэдэг нь дэндүү арчаагүйнх. Ямар Энэтхэгийн доод кастынхны гэр бүлд, гудамжны цементэн дээр төрчихсөн биш. Тэдэнд бол хичнээн хичээж зүтгээд ч нэмэргүй, ядуугаараа л, гуйлгачингаараа л энэ насыг барна. Тэд гуйлгачин заяатайгаа хамт энэ ертөнцөд ирдэг, гуйлга гуйхаа амьдралынхаа гажиж болшгүй зарчим гэсэн ойлголттойгоо хамт төрдөг хүмүүс. Харин монголчуудын хувьд шаргуу хөдөлмөрлөж, хичээн зүтгэж чадвал яаж ийгээд л под хийтэл аж төрөөд байх боломжтой.
Тэгвэл Монголын гурван хүний нэг нь тийм аймшиггүй арчаагүй, дэндүү залхуу, ямар ч чадваргүй, гуйлгачин хувь заяатай төрдөг хүмүүс юм уу гэсэн асуулт зайлшгүй. Хөл дээрээ баттай зогсож чадахгүй байгаа дундаж давхаргын үй түмэн хүмүүсийг тооцохгүйгээр шүү дээ.
Ямар ч ард түмэнд, дунджаар 10 орчим хувь нь "төрөлхийн ядуу" буюу арчаагүй залхуу, бас чадваргүй гэсэн стандарт байдаг байна. Вашингтоны К, М гудамны аль ч буланд яадгаа алдсан гуйлгачинтай тааралдаж болно. Токио, Парижид ч адилхан.
Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу?
ҮГҮЙ ЮМ.
Гарааны дампуурал
Гурван Монголын нэг нь нэн ядуу, нөгөө хоёр нь чүү ай амьжиргаагаа чирч яваа нь тэдний өөрсдийнх нь гэм буруугаас илүү хөндлөнгийн хүчин зүйл их байна.
Юуны өмнө гарааны хүчин зүйл их нөлөөлсөн. 20 жилийн өмнө социализмын үед монголчууд бид бараг нэгнээсээ ялгагдах юмгүй нэгэн жигд дунджаас доохнуур түвшинд аж төрж байв. Харин бид зах зээлийн шилжилт хийхдээ хэт өрөөсгөлөөр, хэт үгүйсгэлээр хандсан. Социализмыг үзэл суртал, эдийн засгийн бүх фронтод юу ч үгүй болтол нураачихвал бүх юм сайхан болчихдог мэт дэндүү гэнэн хөөрөгдөл, дэндүү ойворгон бодлогоор ардчиллыг эхлүүлсэн. Түүний нэг илрэл нь өмч хувьчлал. Тэгэхэд иргэн бүрд 10 000 төгрөгний хувьцаа тараасан. Урьд өмнө хувийн өмчтэй байж үзээгүй, туршлага ойлголт ч байхгүй, ялангуяа хувьцаа гэдгийг барьж үзэх нь бүү хэл сонсоо ч үгүй ард түмэнд үл хөдлөх хөрөнгийн арилжаа, биржийн анхан шатны эхлэл ч байхгүй үед хувьцааг тараасан нь бүрэн дампуурсан аян болсон билээ. Тэдгээр хувьцааныхаа үр ашгийг монголчуудын 99 хувь нь хүртэж чадаагүй бөгөөд мэдээлэлд ойр байсан, овсгоо самбаатай, олонхидоо зальжин цөөнх тэр эх толгойгүй үйл явц дундаас ёстой нөгөө чоно борооноор гэгчээр завшиж, ард түмний сайн муу ч 70 жил хурааж хуримтлуулсан асар их хөрөнгө нохойн замаар орсон билээ. Жижигхээн жишээ хэлэхэд С100 гэдэг хүчирхэг гинжит тракторыг задлаад төмрийн хог болгож хятад руу ачуулж байсныг нүдээр харж зогсов. Тэр ч бүү хэл армийн зэвсэглэлд байсан танк, байлдааны сөнөөгч онгоцны эд ангиудыг ч гаргаж байсан гэх.
Үр дүнд нь өмчтэй цөөнх, өмчгүй үнэмлэхүй олонх гэсэн нийгмийн хэт ялгаатай харьцаа бий болсон. Өмчгүй үнэмлэхүй олонхийн олонх нь хүссэн ч, эс хүссэн ч ядуурлын ангал руу хийсэцгээсэн ба өнөө тэд өөрсдөө гэрч болон амьд мэнд мэлтийцгээж буй.
Өнөөдөр Монголын арилжааны банкууд дахь хадгаламжийн нийт дүн 2 их наяд орчим төгрөг байгаа гэсэн мэдээлэл байна. Дунджилбал нэг монгол иргэнд 750 000 орчим төгрөгийн хадгаламж ногдоно. Монголчуудыг хэн ядуу гэх юм бэ?
Гэтэл энэ мөнгөний 98 хувийг нийт хүн амын хоёрхон хувь эзэмшдэг аж. Асар их ялгаа байгаа биз. Барууны орнуудад иргэдийн хадгаламжийн харьцаа мөн ийм их зөрүүтэй байдаг ба энэ бол хэвийн үзэгдэл хэмээн манай эдийн засагчид тайлбарладаг. Гэвч зуу зуун жилийн туршид капиталын хуримтлал хийгдэж ирсэн нийгэм, хорьхон жилийн манай зах зээлийн түүх хоёрт чанарын их ялгаа бий. Өөрөөр хэлбэл монголчуудын капиталын хуримтлал нь ихэнхдээ шударга бусаар, хуудуутай өмч хувьчлал, газар хувьчлал, ашигт малтмалын луйвар, банкны дээрэм, спирт зэрэг хууль бус бизнес, авилга-хээл хахууль, улс төрийн арилжаа гэх мэт жинхэнэ нохойн замаар хуримтлуулсан хөрөнгө.
Манай шинэ хөрөнгөлөг хэсгийнхний хөрөнгийн үлэмжхэн хэсэг нь бас гадаадад байршиж буй. Бэа Аэриагийн, эсвэл Виржиниагийн хамгийн тансаг орчинд сая долларын өртөгтэй хауз бүхий манай улс төр, бизнесийнхэн нэг бус, тэр ч бүү хэл Макао, Солонгост ч, эсвэл Атлантик Сити, Лас Вегасын казинод долларыг хэдэн зуун мянгаар нь хаяж тоглодог баячууд ч бий. Батлан хамгаалах яам нь хуучин муу нисдэг тэргээ шинэчилж чадахгүй байхад хувьдаа нисдэг тэргээр чамирхдаг элит ч бий. Саяхан Мерседес Бенз-ийн үйлдвэр дэлхийн толгой баячуудын захиалгаар хийдэг тусгай зэрэглэлийн асар өндөр үнэтэй дөрөвхөн ширхэг машиныг монголчуудын захиалгаар үйлдвэрлэсэн тухай мэдээлэл оросын сайтуудад гарсан. Энэ мэдээллийг дагаад монголын баячуул дэлхийн энд хүрчээ гэсэн байсан. Сонсоход сайхан л юм.
Үнэхээр шударга хөдөлмөрөөрөө босч ирсэн шинэ хөрөнгөлөг хэсэг бий ч тэд бол монголын нийт ард түмний үнэмлэхүй цөөнх болдог хөрөнгөлөг хэсгийнхнийхээ дотор ч бас үнэмлэхүй цөөнх нь.
Ийнхүү гарааны жигд бус, шударга бус нөхцөл нь ядуурал үүсэх нэг үндсэн нөхцөл болсон бол сүүлийн 20 жилийн туршид үргэлжилсэн оюун санааны эзэнгүйдэл, хоосрол түүнийг улам хөөрөгдөж өгсөн байна.
Ядуурлыг гол тэтгэгч нь оюун санааны хоосрол
Өмнө социализм хэмээх онолд бүрэн автсан ард түмнийг гэнэтхэн нэг л өдөр тэр итгэл үнэмшил бүхнийг нь улан доороо гишгичиж гутаасан атлаа оронд нь ямар ч үзэл санаа, итгэл үнэмшил гаргаж тавьсангүй. Ардчилчихаар л сайхан болчих мэт уухайлан дайрсан. Гэтэл ардчилал маань хүний нийгмийн оршихуйн харилцааг зохицуулагч л хүчин зүйл болохоос өөрөө үзэл санаа биш. Хүн гээч амьтан сэтгэлийн мөн чанартайгаараа адгуусны сүргээс ялгардаг. Тэр сэтгэлийн мөн чанарыг нь тэжээн тэтгэгч ганц зүйл нь ямар нэгэн үзэл санаа, итгэл үнэмшил байдаг билээ.
Гэтэл үзэл санаа гэхэд нэн бэрх, барууны ертөнцөд аль 1930-40-өөд онд их хямрал, дайн дажны үед л хүчээ авч байсан хэт барууны, өнөө бол аль хэдийнэ хоцрогдсон, нийгмийн оюунлаг хэсгийхний хувьд харамсаж халаглан хардаг тэр хэт хувиа бодох үзлийг сурталчилж, түүнд тулгуурласан эдийн засгийн бодлогыг муйхарлан явуулсан нь социализмын арьснаасаа дөнгөж салаад байсан нүцгэн шалдан ард түмэнд хайр найргүй цохилт, хүнлэг бус хэрцгий тулгалт болсон билээ. Барууны орнуудын далд бодлогоор Африкт туршсан колонийн бодлогыг монголд 1990-ээд оноос хэрэгжүүлсэн хэмээдэг нь бас ч огт оргүй үг биш юм.
Үр дүнд нь итгэл үнэмшилгүй болсон ард түмний оюун санаа булингартан доройтож, сэтгэлгээний хоосрол гэсэн ангал руу ядууралтайгаа хамт унасан. Юуг сайн, юуг муу гэх баримжаагаа алдсан нийгэмд залилан мэхлэх, хулгайлах, хууль гувчуулах, янхандалт, хүн чанаргүйдэх, гэмт хэрэг гээд хүний нийгмийн хамаг муу муухай бүхэн борооны дараах мөөг шиг дэлгэрсэн. Энэ байдал нь гадаадын үндэстэн дамнасан санхүүгийнхэнд, тэднийг дагаж, дуурайж босож ирсэн монголын хэт цөөн олигополуудад л хамгийн ашигтай нөхцөл байдал болж байна. Одоо Монголд жилд гэмт хэргийн улмаас хэдэн зуугаараа амь насаа алдаж байна шүү дээ. Хэвийн хөгжилтэй нийгэмд байж болдог хувь хэмжээнээс хэдэн арав дахин өндөр хувьтай.
Энэ бүх дампуу бодлогын үр дүн нь ЯДУУРАЛ. Өөр юу ч биш.
Ийнхүү гарааны нөхцөл дээрээ бид алдсан юм байж. Тэгвэл одоо яах вэ?
Шударга бус байдал буруутай
Яг одоо гурван Монгол хүний нэг нь ядуу, бас дахиад нэг нь тэр ядуугийнхаа ирмэг дээр дөнгөн данган тогтож байгаа нь тэдгээр иргэдээс өөрсдөөс нь хамаарахгүй гаднаас нөлөөлж буй хүчин зүйлс олон байна.
Тухайлбал, Монгол орон дахь хуулийн шударга бус үйлчлэл. Манай хууль нийгмийн цөөнх болсон дээд давхаргынханд хүрч шийтгэж чаддаггүй, харин биеэ хамгаалах чадваргүй болчихсон ядуус, доодчуудад хатуу харгис хууль үйлчлээд байгаа нь яагаад ядуурлыг өдгөөж өгдөг юм бэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.
Энэ нь нийгмийн үнэмлэхүй олонхи болсон ядуус болон дундаж давхаргынхныг шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх, шударгаар амьдарч, хөдөлмөрлөж түүнийхээ үрээр аж төрөх итгэл үнэмшилгүй болгодог байна. Чухам тийм учраас л монгол хүн ажил хийх сонирхолгүй. Манай барилгын голдуу компанийн эзэд "Монгол хүнийг ажиллуулахаар цаг барихгүй, ажил хийхгүй, тэгсэн мөртлөө тоосгоны булан ч хамаагүй хусчихаад тун хэцүү. Цалин буухаар архидаад алга болчихдог" гэх мэтээр үглэж, хятад ажилчдыг эрхэмлэдэг нь бас арга ч үгүй байх. Шударга ёсонд итгэж чадахгүй байгаа хүн амьдралд итгэлтэй байж, амьдралынхаа төлөө шударгаар зүтгэж хөдөлмөрлөж чадахгүй. Нэг бол хулгай хийнэ, нэг бол архидна.
Хөгжингүй орнуудад бол яаж ажил олох вэ, яаж хийх вэ хэмээн боддог бол Монголд харин яаж мөнгө олох вэ л гэж боддог. Чанарын тэнгэр газар шиг ялгаа байгаа. Ажил хөдөлмөр хийхгүйгээр иргэн сайхан амьдрахгүй, баялаг бүтээхгүйгээр улс орон хөгжихгүй.
Ийнхүү хуулийн шударга бус үйлчлэл нь нийгэмд шударга хөдөлмөр, шударга аж төрөх ёсыг үгүйсгэснээрээ ядуурлыг тэтгэгч, өдгөөгч нэг үндсэн хүчин зүйл болж байдаг аж.
Тэгэхээр ядуурлын эсрэг тэмцэхийн хамгийн эхний зорилт бол хуулийг дээр доор, баян ядууг ялгалгүй шударга үйлчилдэг болгох явдал юм. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсыг тогтоох билээ.
Муу засаглал буруутай
Ядуурлыг тэтгэж буй бас нэг голлох хүчин зүйл нь Засаглалын үр дүнгүй, оновчгүй бодлого, арга хэмжээ юм. Муу засаглал гэх юм уу даа.
Энэ нь зөвхөн нийгмийн халамж дээр ямар байгааг авч үзье.
Өмнө 1990-ээд оны эхээр хэт хатуу, эрсдэлтэй барууны барууны бодлого явуулсан талаар дурдсан. Харин төр маань сүүлийн жилүүдэд нийгмийн халамж гэж их ч ярих болж, бүр Яам хүртэл байгууллаа. Нийгмийн халамжид зориулж буй хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байна. 2004 онд нийгмийн халамжид зориулж байсан мөнгө 20 тэрбум байсан бол 2008 онд 217 тэрбум, энэ онд 300 тэрбум болтлоо өсөв. Сүүлийн зургаан жилийн дотор нийгмийн халамжид зориулж буй хөрөнгө 15 дахин өссөн. Ядуурал энэ хэмжээгээр /15 дахин/ биш юм аа гэхэд ядахдаа 1.5 дахин бууж болно оо доо. Гэтэл сүүлийн 15 жилийн хугацаанд ядуурал 1.5 хувиар л буусан үзүүлэлтийг манай статистик гаргасан байна билээ. Дэлхийн банкныхаар бол ядуурал буух биш харин өссөн байгаа.
Энэ 2011 оны баталсан төсвөөр бол бүр агуу их тоо байна. Нийгмийн халамжид гаргаж буй тэр их мөнгөнөөс гадна "Хүний хөгжлийн сан"-гийн мөнгө буюу өнөөх намуудын сайхан амлалтын мөнгө болох 805 тэрбум төгрөг нэмэгдсэн. Манайх шиг зах зээлд энэ бага мөнгө биш, тэгээд ч улсын төсвийн үлэмжхэн хэсэг болж байгаа. Энэ их хөрөнгө зарцуулж буй юм чинь бид ирэх жил ядуурлыг эрс бууруулах юм байна даа гэсэн итгэл үнэмшил уг нь төрөх учиртай. Гэтэл харин ч эсрэг бодол төрж байна. Учир нь, өнөөдөр сар тутам 21 мянгыг бэлнээр авч байгаа хүн сарын дараа авч л байна, 2011 оны турш авна, 2012 онд ч авна, 2015 он гэхэд ч авсаар л байхыг бодно. Тэглээ гээд тэр хүн ядуурлаас гарахгүй, яагаад гэвэл тэр хүн ажил хийхгүй, баялаг бүтээхгүй. Улмаар ажил хийх сонирхол, баялаг бүтээж, аж амьжиргаагаа дээш нь татах хүсэл, тэмцэл ч байхгүй болно.
Энэ амлалтын 21 000 төгрөг нь нийлбэр дүнгээрээ бол бүхэл бүтэн 7 орон сууцны хороолол барьчих мөнгө ч үнэндээ ХААН банкны үүдэн өглөө оройгүй оочир, дугаарт зогсож буй ядуу иргэнд өнөө маргаашийг торгоох төдий амь тарилгаас хэтрэхгүй. Олонх иргэд энэ халамжийн 21 000-ийг амь тарилга хэмээн ойлгож, бас баярлаж байгаа нь өрөвдмөөр гэнэхэн явдал. Гэтэл манай шинэхэн ихэс дээдэс маань нохойд яс чулуудаж өгчихөөд араас нь өрөвдөнгүй харж суугаа эзнээс нэг их дээрдэхгүй, 21 000-ыг тараачихаад араас нь тэднийхээ арчаагүй архичин, чадваргүй ядууг нь гайхаж, халаглаж суух. Цөөнгүй нь хүнд хэцүү амьдралдаа гутарсандаа аваад навс уучихдаг энэ 21 000 төгрөг бол баячуудын хувьд юу юм бэ, тэдний хэрэглэдэг ОО-ийнх нь нэг боодол цаас хүртэл үүнээс хол илүү үнэтэй.
Тэр их мөнгийг тарааж зүгээр ёроол нь цоорхой сав руу юүлж буй хэрэг юм. Энэ үрэлгэн байдал нь баялаг бүтээж, татвараа төлж буй цөөнхийнхөө нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэхээс өөр үр дүн гарахгүй. Улмаар ядуурал багасах биш улам өсөх магадлалтай. Инфляци өсөх тухай мэргэжилтнүүд сануулсаар байна. Энэ их мөнгөний үлэмжхэн хувь нь Эрээн рүү урсаж, дотоодынхоо нөөцийг шавхах болно. Энэ хэмжээгээр үндэсний үйлдвэрлэлд ч том цохилт болж мэднэ.
Үнэхээр нийгмийн халамж тэтгэлэг шаардлагатай хэсэг бүлэг хүмүүс бий. Нийгэм хүссэн ч, эс хүссэн ч тэднийгээ чирч явах учиртай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод аж төрөх гэж угаагч, галч хийн, сарын 120 мянган төгрөгөө хүргэж ядан зүтгэж яваа, хоёр нялх хүүхэдтэй өрх толгойлсон залуу эхийн хувьд тэр халамжийн мөнгө амин чухал хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гээд. Харин ажил хийгээд амьжиргаагаа болгоод явчих чадвартай олонх дундчуудын хувьд бол тэр халамж нь чухал биш, харин шударгаар ажиллаж, ажлынхаа үр шимийг хүртэж амьдрах боломжтой тийм орчин нь илүү чухал юм.
Хятадаас орж ирдэг зөөлөн болон бусад хуванцар тоглоомыг бүгдийг нь монголдоо хийх боломжтой хэмээн тун аятайхан төсөл, төлөвлөгөө боловсруулчихаад гарааны хөрөнгөгүйн улмаас гурван жилийн туршид тэр ажлаа эхлүүлж чадахгүй бухимдан яваа залууд бол сар бүр хэдэн төгрөг авах нь чухал биш, харин гарааны хөрөнгө, барьцаагүй итгэлийн хөнгөлттэй зээллэг чухал юм. Тэр залуу тоглоом үйлдвэрлэдэг цехийн ажлаа эхлүүлчихвэл дор хаяж 5 хүн ажилтай болно, татвар төлөгч нэгээр нэмэгдэнэ, урагшаа хил даван урсдаг тэр их мөнгөнөөс тодорхой хувь нь дотогшоо урсах болно. Үр дүн их.
Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 120 тэрбумыг зарлагадсан байв. Энэ жил энэ тоон дээрээ ядахдаа 400 тэрбумыг нэмчихээд, зээллэгийг элдэв өндөр босго тавилгүйгээр зоримог олгох хэрэгтэй байсан юмсан. За бүр дүүрч, 200 тэрбумын зээллэг нь дампуурсан, эсвэл хулхидуулаад, нөхдүүд мөнгө аваад орголоо гэхэд үлдсэн 200 тэрбумд нь хэдэн сайхан жижиг дунд үйлдвэр босоод л ирнэ. 800 тэрбумыг ёроолгүй саванд юүлснээс л хамаагүй үр дүнтэй. Тэгээд ч иргэд маань бүртгэлжээд, хяналтаа чангаруулаад ирсэн цагт 1990-ээд он шиг нэг банкыг дампууртал зээл авчихаад, нөгөө банкнаас нь бас очоод авч байдаг, эсвэл оргочихдог увайгүй байдал эрхбиш хазаарлагдан багасах болно.
Энэ оны төсөвт Алтанбулагийн "Эдийн засгийн чөлөөт бүс"-д 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна билээ. Уг нь тэнд нэг үр дүнтэй ажилладаг чөлөөт бүс байх нь юуны буруу билээ. Гэвч үүний цаана том "НО" бий. Энэ бүс байгуулагдах тухай асуудал яригдаад 15 жил болж, жил бүр хэдэн тэрбум хөрөнгө зарлагддаг ч одоогоор бүтэлтэй зүйл нэг ч үгүй, улсын төсөвт нэг ч улаан мөнгөний орлого байхгүй. Энэхүү төсөвт суусан 4.5 тэрбумын 1 тэрбум гаруй хөрөнгө нь зөвхөн үерийн усны далан байгуулахад зориулагдсан байгаа юм.
Өнөөх л хариуцлагын асуудал наанаа байгаа мэт боловч цаана нь эрх мэдэлтнүүдийн төсвөөс мөнгө саадаг аргын нэг ч болно.
Бодлогогүй нь буруутай
Энэ мэт төсвийн оновчгүй зарцуулалт нь төрийн үр дүнгүй бодлогын л илэрхийлэл бөгөөд ядуурлыг бууруулах биш улам өдгөөж, дэвэргэж өгч байна. Ерөөс манай төрд хөгжлийн нэн тодорхой үзэл баримтлал бий эсэх нь эргэлзээтэй бөгөөд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа нэг баримт бичиг гаргасан ч түүнийг нь мэддэг, үйл ажиллагаагаа түүнтэй уяалдуулах гэж хичээдэг нэг ч Засгийн газар лав алга.
Үйлдвэрчний С.Ганбаатар нэгэн тун ноцтой баримт дурдсан. Тэрбээр "Сүүлийн 20 жилд монголын төр 23 шорон барьсан атлаа нэг ч төрөх бариагүй" гэсэн. Үнэхээр нэг ч төрөх бариагүй, Японы тусламжийг эс тооцвол нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг бариагүй. Шорон л барьсан байна. Энэ нь Монголын төрөөс ард түмэндээ ямар харгис хэрцгий, хүйтэн хөндий, хайхрамжгүй, бодлогогүй хандаж ирсний илрэл юм. Саяхан шинэ шорон ашиглалтанд орлоо хэмээн ёслол төгөлдөр мэдэгдэж буй нь зарим талаар ард түмнээ дарамталж, дэмий шүү хэмээн сануулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Монголын төрөөс “Эрүүл монгол хүн” гээд баахан хөтөлбөр гаргаж, сүр дуулиан болсон. Ямар үр дүн гарсан талаар тэгэсгээд чимээгүй өнгөрдөг. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгааг хоёрхон баримт гэрчилнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сануулснаар Улаанбаатарчуудын цусанд байр ёстой хар тугалганы хэмжээ 12 дахин их болж, 5 хүн тутмын 3 нь ойрын 5-10 жилд уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр болсон байна. Мөн шинээр төрж буй хүүхдүүд түнхний төрөлхийн дутуу хөгжилтэй мэндэлж буй нь хүчилтөрөгчийн дутагдлаас болж буй гэнэ.
Ийнхүү хүн амынх нь бараг тал хувь нь уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлд орчихоод байгааг мэдсээр байж Монголын төр сүүлийн 10 гаруй жилд яг ямар шийдвэртэй арга хэмжээ авсан юм бэ? Улаанбаатарын утааг бууруулах талаар их ярьдаг, жил бүр утааг бууруулахаар хэдэн тэрбумаар төгрөг мөнгө төсөвлөдөг ч энэ бүхэн хэдхэн хүний тоглоом болоод дуусдаг. Ийм дампуу бодлогыг, дампуу зохион байгуулалтыг, дампуу удирдлагыг яагаад таг дуугүй өөгшүүлээд нүдэн балай явсан УИХ, Засгийн газар вэ? Бодлого байна гэх үү, үгүй гэх үү? 5 жилийн дараа таны хүүхэд уушигны хорт хавдраар өвчилбөл та тэр үеийнхээ монголын төрд нэхэмжлэл гаргах уу, эсвэл утааг мэдсээр байж хүчин чармайлт гаргаагүй даамжруулсан М.Энхболд мэтэд нь нэхэмжлэл гаргах уу?
Сүүлийн жилүүдэд монголчууд бидний дундах элэгний өвчлөл жилд дунджаар 15 хувиар өсч байгаа тухай мэдээлэл байна. Төр нь бодлоготой оронд бол элэгний өвчлөл 2-хон хувиар өсөхөд л аюулын харанга дэлдэж, Эрүүл мэндийн сайд нь дуун дээр огцорч харагддаг юм билээ. Гэтэл монголд яаж байна. Хүн амын хүнсний аюулгүй байдлын тухай ярьж буй ч яг тодорхой шийдвэртэй алхам хийсэн нь алга. Өнөөх чадалтай баячууд нь тусгайлан захиалсан хоол хүнс хэрэглэж байхад нийгмийн үнэмлэхүй олонхи болсон доодчуул, дундчуул ямар ч шинжилгээгүй, баталгаагүй хүнсний бүтээгдхүүнийг ямар ч сонголтгүйгээр хэрэглэхээс өөр аргагүй нөхцөлд аж төрж байна. Ядуу болохоор хохь нь гэж үү?
Хий хоосон улс төржиж, хий хоосон амласаар байгаад Улс төрийн намууд нь эрх мэдэл булаалдсан хэсэг бүлэг хүмүүсийн мафи маягтай болсон нь ч үнэн юм. Юун тэр үзэл онол, намынхаа үзэл онолыг мэддэг, түүнээ хэрэгжүүлэхээр бодлого гаргадаг намын жирийн гишүүн бүү хэл намын удирдлага ч ховор байх шиг. Өнөөдөр улс төрийн намуудын рейтинг 21 хувиас нэг их хэтрэхгүй байсаар байгаа нь монголын улс төрийн намууд дампуурлын байдалтай байгааг илтгээд байгаа хэрэг. Улс төрийн намууд нь дампуурахаар манайх шиг хэт намжсан төрийн тогтолцоо дагаад дампуурах нь хууль. Боловсон хүчний томилгооноос эхлээд л хөл толгойгүй юм болж байна.
Чанаргүй боловсрол ч бас буруутай
Мөн ядуурлыг өдөөж өгч буй өөр ч олон хүчин зүйлс байна. Боловсрол нь зайлшгүй анхаарах нэг салбар.
Сүүлийн жилд манай Боловсролын салбарынхан Кембрижийн стандарт гэж ярих болж. Гэвч энэ нь гарын таван хуруунд багтах хэмжээний хэдхээн шилдэг оюутны хүрээний асуудал л болж буйгаас биш манай боловсролын системийг бүхэлд нь хамарсан цогц шинэчлэл болон өргөжиж чадахгүй байна.
Манай улсын Боловсролын системийн шинэчлэлийн талаар энэ 20 жилийн туршид л ярилаа. Агуулга нь өнөөх л хуучин социализмын үеийнхээ хоцрогдсон арга барилаар яваа хамгийн хоцрогдсон салбар бол манай боловсрол. 3 дугаар ангийн хүүхдээр дээд тоо бодуулж сургаснаараа бахархаж байгаа бол тэр эрүүл бус, стандарт бус боловсролын илрэл.
Боловсрол нь ганц мэдлэгийн асуудал биш хүн оюуны хийгээд зан төлөв, соёл, харилцааны цогц төлөвшлийг хослуулж байж сая боловсордог. Боловсролын зорилго нь зүгээр нэг дипломтой хүн биш бүх талаар боловсорсон иргэн хүнийг төлөвшүүлэх асуудал билээ. Стандарт бус боловсрол нь яагаад нийгмийн ядууралд нөлөөлдөг вэ гэхээр хүний нийгэм нь нэгэн бүхэллэг амьд систем байдагтаа юм. Өөрөөр хэлбэл амьд организм ямар нэгэн эрдэс бодисоор тэжээгддэгийн адил хүний нийгмийн хөгжлийн гол тэжээл нь Боловсрол юм. Витаминлаг, эрдэслэг тэжээллэг хоол хүнс хэрэглэсэн бие организм хүчтэй эрүүл саруул байдгийн адилаар өндөр боловсролоор тэжээгдсэн хүний нийгэм эрчимтэй хөгжиж, ядуурал эрс багасдаг.
Өөр олон шалтгаан бий
Авилга, хээл хахуул, дэд бүтэц гэх мэт дагавар олон шалтгаанууд ч ядуурлыг тэтгэж байдаг юм байна. Эрүүл мэнд л гэхэд мэдээж хэрэг ядуу хүн эрүүл мэнддээ хангалттай хэмжээний хөрөнгө зарцуулж чадахгүй. Хангалттай хэмжээний хөрөнгө гаргаж чадаагүй болохоор эрүүл мэнд нь муудна. Ийнхүү эрүүл мэнд нь муудах хэрээр эрүүл мэнддээ хөрөнгө гаргах боломж нь улам хомсдож, ядууралд улам бүр хүлэгдэнэ.
Гэхдээ дээр дурдсан гарааны тэгш бус нөхцөл, хуулийн шударга бус байдал, төрийн оновчгүй, үр дүнгүй засаглал нь манай орны гурван хүний нэгийг ядууруулсан, бас дахиад нэгийг нь ядуугийн ирмэг дээр байлгаж байгаа гол хүчин зүйлс юм.
Яагаад авилга, хээл хахуул их байна гээд гайхаад байх ч юм байхгүй. Олонхи иргэд нь баялгаар ядуу, цөөнх баячууд нь сэтгэлээр ядуу учраас авилга их байх нь аргагүй.
Манай улс төрчид бас нэгэн зүйлийг дахин дахин ярих дуртай болсон. Энэ нь монголчууд ядуу биш, их тансаг хэрэглээтэй улс. Улаанбаатарын гудамжинд багтаж ядаж байгаа энэ олон машиныг хар, хүн бүр гар утсаар ярьж байна, энэ их олон сайхан барилгуудыг хар. Өрх бүр шахуу компьютер хэрэглэж байна. Монголчуудыг ядуу гэж хэн хэлэх юм бэ? Гэх мэт. Ядуурал хаана байгаа юм, хэдхээн орон гэргүй гуйлгачинг хэт их дэвэргэлээ, муу амлалаа хэмээн сэтгүүлчид биднийгээ шүүмжилнэ ээ, бас. "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад..." л байгаа нь тэр.
Өнөөдөр чинь 1990 он биш, 2010 он шүү дээ. Дэлхий нийтэд гар утас, машин, компьютер нь амжиргааны гол үнэлэмж байхаа аль хэдийнэ больж, эдгээр нь ердийн өдөр тутмын хэрэглээ болж байна. Өнөөдөр амьдралын чанарыг огт өөр зүйлсээр хэмждэг болж байна.
"Hyundai sonata" машинтай, Nokia фирмийн гар утас барьдаг залууг мэдээж хэрэг ядуу хүн гэхгүй л дээ. Бас 10 дугаар хороололд 2 өрөө байртай, тэндээ сувилагч, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бол манай дундаж давхаргынхны нэг л байж таарна. Гэрт нь 300 мянгын нэг PC байж ч болно. Сувилагч эхнэрийнхээ цалингаар байрныхаа мөнгө болон утасныхаа төлбөрийг арай гэж хаагаад таксинд өдөр шөнөгүй давхиж байж олж ирдэг хэдээрээ гол орлогоо болгон амьдралаа залгуулж яваа энэ залуу 7 хоног өвдөж, эсвэл нэг машинтай мөргөлдөөд машин нь будаа боллоо гэхэд л тэр айл үндсэндээ санхүүгийн хувьд барьц алдан сандарч байна. Өөрөөр хэлбэл тэр машин нь, гар утас, компьютер нь ар гэрийн амьдралын баталгаа болж чадахгүй гэсэн үг.
Тэр залуу хичнээн өдөр шөнөгүй уйгагүй давхилаа ч 2 өрөөгөө 3 өрөө болгож томруулах, эсвэл Гуанжоуд очоод Азийн наадам үзчих боломж гарахгүй. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ гэж үүнийг л хэлнэ дээ. Тэдэнд амжиргаанд нь хангалттай хүрдэг цалин, баталгаатай ажил алга. Тиймээс ядуурлын ангал дээр байгаагаа тэд хэзээ ямагт мэдэрч, түгшиж явдаг.
Ядуу ангилалд буй, олон улсын стандартаар бол өдөрт нэг доллароос доош орлоготой 900 мянга орчим монголчуудаа үл тооё гэхэд дундаж давхаргынхан гэгдэх сая 700 мянга орчим иргэдийн маань олонхи иймэрхүү л аж төрж байна даа.
Эцсийн эцэст бид өөрсдөө л бууруутай
Өгүүллийнхээ эхэнд тавьсан бидний ядууралд хэн буруутай вэ гэсэн асуултдаа эргэж орьё. Юутай ч Монголын гурван хүний нэг нь арчаагүй залхуудаа ядуу байгаа юм биш. Биднийг ядууруулж буй гадны хүчин зүйл байна. Тэр нь юуны түрүүнд үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа Монгол төр байна. Мэдээж хэрэг муу төр муу засаглалыг явуулна, муу засаглал байгаа газар хууль алагчилж үйлчилнэ, шударга бус явдал газар авна. Муу төрийн шалтгаан нь тэнд муу хүмүүс очсоных.
Гэвч эцсийн эцэст тийм муу хүмүүсийг танилгүй хульхидуулж сонгоод, төрийнхөө алтан жолоог май гээд өгчихсөн сонгогч ард түмэн бид өөрсдөө л буруутай болох нь. Тийм болохоороо л "Хохь чинь ээ, хохь чинь" гэж Баабарт ам руугаа алгадуулж байгаа юм даа.
9 comments:
Юм бодуулахаар нийтлэл байна. Даан ч энэ төрийн дүлий түшмэлүүд уншихгүй нь харамсалтай. Уншсан ч ойлгох оюуны сүвтэй нь хэд юм бол доо.
Huvidaa ogt korporatsgui Bayrtsogt gegch etgeed toriin tolgoid toriin terbumtan (4 terbum garuin horongotei) bolood suugaad dandaa toroos torson terbumtnuud baigaa tsagt ene olon myangan olsgolon huuhduud ail orhiig deesh tataj asuudal ih burheg. Ireh onoos ehelj jil bur ulsiin tosov 1-2 ih nayd togrogoor ihesch garch baihad aldagdaltai tosov batalj huvidaa horongo zavshih sejuur gargaj baigaa n yamar bolovsrongui huivaldaan yavagddagiig iltgene.
Номинчимэд та их олон зүйл уншиж суудаг мэдлэгтэй хүн атлаа иймхэн, өдөр бүр тв, сонингоор давтагддаг зүйлийг бичих гэж. Хамгийн гол нь бид юун дээр алдаж вэ, цаашид яах вэ гэдэг нь гол нь шүү дээ. Та хэрвээ анзаарсан бол Монгол шиг иргэд нь олон зуун жилийн капитал хуримтлал байхгүй ядуу буурай улс ардчилсан нийгмээр хөгжсөн түүх байдаггүй байна. Хажууд байгаа Хятад яаж байна? Сингапур, өмнөд Солонгос, Чили, Казахстан яаж хөгжиж байна? Монгол маань хэт өндөр хөгжсөн нийгмийн хэлбэрийг дуурайгаад хөгөө чирч байгаа нь лав л миний харахад тод байна. Өнөөдөр манай Капиталист эдийн засгийн суурьтай, Тоталитар төр хэрэгтэй. Үүнийг хийхэд Үндсэн хуулийг өөрчилж Ерөнхийлөгчийн засаглал эсвэл 1000с дээш гишүүнтэй АИХ байгуулж тэндээсээ 6н жилээр томилогддог улс төр, популизмаас хол гэхдээ хараат бус институц болох АИХ ба Шүүхийн хараанд ажилладаг ЗГ байгуулах хэрэгтэй. Ингэж байж өнөөгийн энэ Замбараагүй улс төр&Соц эдийн засаг гэсэн завхралаас гарна.
Бадманд
Уг нь цаадуулд чинь л үгээ хүргэх гэж бичээд байгаа юм. Тоож уншдаг нь хэд юм бол.
Анонд
Энэ нийтлэлийг эхлээд Улсын төсөв батлагдсантай холбогдуулж, төсөв ядуурал хоёр ямар хамааралтай болох тухай бичих гэсэн боловч хазайсаар байгаад ийм юм болчихож ээ.
Ер нь тэр төсвийг үр ашиг багатай зүйлд зарцуулдаг нь энэ төсөвт бүр илүү байх шиг. Хөдөө аймаг сумдад онцын шаардлагагүй их хэмжээний мөнгө хувиарласан байна. Гэтэл бидэнд нэн тэргүүнд шийдэх учиртай өч төчнөөн асуудал байдаг. Тэр оновчгүй гээд байгаа төсвийн хувиарлалтын цаана ер нь буруу замаар гүйчихдэг зүйл байгаа л гэж хардаад байгаа.
New Mind-д
Харин тийм ээ. Дуугүй байхаар дуугармаар болоод болохгүй, дуугарахаар үглэсэн болчоод болохгүй юм. Мэдээжийн юмыг дахин дахин ярихаар үглээ болдог гэж...
Гэхдээ дуугүй байснаас дуугарч л байсан нь дээр юм уу.
Тэр Үндсэн хуулийг өөрчилж, АИХ-тай болохтой чинь 200 хувь санал нэгтэй байгаа. Хоёрхон л зам бий. Нэг нь хууль ёсны буюу УИХ дээр л шийднэ. Энэ нөхдүүд байгаа цагт тэр хэзээ ч шийдэгдэхгүй. Ялангуяа МАН-ын хэдэн хууччуул бол бүр хөдлөх ч үгүй, нэг ч чихээрээ сонсохгүй. Тэгэхээр тэдэнд ҮХ-д өөрчлөлт оруулах тухай ярих биш, яг тэдний хүрээнд одоо байгаа боломжийн түвшинд яах ёстой тухай дуугарах нь арай илүү прагматик юм уу даа. Тэр үүднээс л...
Удаах нь мэдэж хүчээр, нийгмийг хамарсан эргэлтээр..
Ugaasaa suuri n' buruu tavigdsan bolohoor bur undes suuriig n' segserch shilgeej baij zasagdah baih. Harin hezee zasagdah n' bas songogch bidnees hamaarna.
Үнэхээр үнэн л зүйлийг бичиж. Санал нэг байна. Одоогийн төр засгийн бүтэц системийн хувьд гажигтай тухай http://gankhuyag.wordpress.com/2008/01/17/wq/ энэ бичлэгтэй санал нийлдэг үү?
RE: New Mind. Хүн хэлэхээс нааш сандаггүй гэж үг бий. Иймхэн зүйлийг ухаарахгүй хүмүүс олон бий болсон. ЭЗ хувьд ядуу байж болно, харин боловсрол мэдлэг, оюун сэтгэлийн хувьд ядуу байгаа нь маш аймшигтай байгаа юмаа
Номиинчимдэд
• Ariunaa (IP:115.30.36.199 | Огноо:2010-11-29 өдөр 08:06)
Нийтлэл нь маш сайн нийгмийн анализ болжээ. Хүн амыг ядуурлын хавханд унагааж буй гурван гол хүчин зүлийг гарааны тэгш бус нөхцөл, хуулийн шударга бус байдал, төрийн оновчгүй, үр дүнгүй засаглал гэсэнтэй санал нэг байна. энэ нийтлэлийг бичхэд зарцуулсан цаг, хөдөлмөрийг үнэлэхийн зэрэгцээ уншиж байхдаа төрсөн зарим сэтгэгдлээ хуваалцья гэж бодлоо.
1. хуулийн шударга бус үйлчлэлийн тухай бичсэн байнав Шударга ёс зөвхөн хуулийг ягштал хэрэгжүүлсэнээр бий болохгүй, харин хууль нь өөрөө шударга байх ёстой. Гэсэн хэдий ч шударга ёс гэдэг нь хууль тогтоомжоос давсан асуудал байдаг. Хөрөнгөтнүүд хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй байна гэж хөрөнгөтнүүдруу бурууг тохохдоо тэднийг хуулийн гадуур үлдэх нөхцлийг бий болгож буй шударга бус нийгмийн бүтцийг шүүмжлэхгүй орхиж болохгүй.Хөрөнгөтөнд хариулга тохсон ч шударга буй нийгмийн бүтэц өөрчлөгдөхгүй үлдэж болдог.
• Ariunaa (IP:115.30.36.199 | Огноо:2010-11-29 өдөр 08:06)
2. Манайхан яаж мөнгө олох уу гэж бодохоос биш, яаж ажил хийх үү гэж боддоггүй (өгүүллэгийн дунд), буруу сонголт хийсэн хүмүүс буруутай гэж бичсэн байна (нийтлэлийн төгсгөлд). Нийшмийн байдлыг зөвхөн хувь хүний психологоор тайлбарлах нь дэндүү хөнгөн анализ. Нийтлэлийн бас нэг гол санаа болох хүн амын 30хувь нь ядуу байгаа нь манайхан залхуудаа биш бас гадны хүчин зүйл байна гэсэн санаатай зөрчилдөж байна.Хүмүүс яаж мөнгө олох уу гэж бодоход хүргэж байгаа, буруу сонголт хийхэд хүргэж байга гадны хүчин зүйлсийн анализдаа тусгавал ийм дүгнэлтэнд хүрэхгүй байсан.
3. Боловсрол нь ганц мэдлэгийн асуудал биш хүн оюуны хийгээд зан төлөв, соёл, харилцааны цогц төлөвшлийг хослуулж байж сая боловсордог гэсэн байна. Миний бодлоор энэ бол зөвхөн капиталист нийгмийн боловсролын системийн зорилго, үнэ цэнэ.Боловсрол нь улсын боловсролын системээсэ өргөн асуудал. Хүй нэгдлийн үед ч, Их гүрнүүдийн үед ч боловсрол байсан одоогийн бидний амьдарч байгаа үндэстэн улсын үед ч боловсрол байна. Тэхээр боловсрол нь тухайн нийгмийнхээ иргэнийг төлөвшүүлдэг механизм. Нэгэнт бил капиталист нийгэмд амвдарч байгаа тул капиталист нийгмийн иргэнийг төлөвшүүлэх ёстой байтал социализмын иргэнийг бий боловсруулсаар байна гэдэгтэй санал нэг байна.(Ингэж хэлсэнээрээ би кадиталист нийгмийг зөвтгөх гэсэнгүй. Хэрвээ бид кадиталисмаас өөр илүү шударга, илүү хүмүүнлэг энэрэнгүй нийгэмд амьдарч байсан бол тийм нийгмийн хүнийг боловсролоороо дамжуулж төлөвшүүлэх байсан байх). Гэхдээ өнөөдрийнхөө нийгэмд амьдрах чадвартай байхын тулд “ганц мэдлэгийн асуудал биш хүн оюуны хийгээд зан төлөв, соёl харилцааны цогц төлөвшлийг” олж авах хэрэгтэй болж таарч байна.
Unshlaa, yum bodogdoj bna aa
Post a Comment