Thursday, November 25, 2010

ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

/Цуврал тэмдэглэл – 2/

Наран урган зүгт эх орон минь бий гэж
Насанд мөнх залбирч явлаа

ЭРтний дорнын яруу найргаас

Харьяат байх, иргэн байх хоёрын хооронд их ялгаа бий

Нэлээд хэдэн жилийн өмнө Бээжингийн онгоцны буудалд нислэгээ хүлээх зуур, нэгэн залуутай танилцсан нь олон улсын тэмцээнүүдэд хятадын нэрийн өмнөөс оролцож, багагүй амжилт үзүүлж явсан өвөр монголын бөх залуу байв. Чухам бөхийн аль төрөл, ямар жинд барилддаг энэ тэр нарийн ширийн зүйлсийг нь мартаж, тэр цагаас хойш 7 жил өнгөрч, гэхдээ л тэр монгол залуугийн ярьсан нэгэн яриа сэтгэлээс огтхон ч гарсангүй. Ярианы завсар зуурт түүнээс санаандгүй ийм гэнэн тэнэг ч гэхээр зүйл асуучихав.
-Чамайг дэвжээнд гарахад хаанахын бөх гэж дууддаг вэ? гэсэнд
-Мэдээж Хятад улсын бөх л гэж дуудна шүү дээ. Түүний ярианд нэг л дургүйцсэн өнгө илэрсэнд би


-Тэр ч нээрээ тийм л дээ. Би монгол хүнтэй ярьж байгаа болохоор л санамсаргүй ингээд асуучихлаа гэж утгагүй мэдээжийн зүйл асуусан хийгээд эмзэглэж явдаг зүйлийг нь санаандгүй хөндөж орхисноо мэдээд цайруулах арга хайв. Миний тэр алдаагаа хүлцэж буйг маань ойлгов бололтой над руу ялимгүй налсхийгээд, дуугаа намсган,
-Би чинь одоо Хятад улсын харьяат хүн шүү дээ. Уг нь өөрийгөө монгол хүн гэдгээ дэвжээнд гарах бүртээ боддог. Хятадын нэрийн өмнөөс барилдаж байгаа ч би цаанаа монголынхоо өмнөөс барилдаж байна л гэж дандаа боддог юм. Гэснээ хэсэг зуур дуугаа хураав. Тэгээд
-Би энэ улсын харьяат, гэхдээ би өөрийгөө Монгол Улсын иргэн гэж бодож явдаг юм гээд “Үүнийг та ойлгох уу даа” гэж эргэлзсэн байртай над руу ширтэж билээ.
Тийм дээ, харьяат байх бол нэг хэрэг, хүссэн ч, эс хүссэн ч харьяалагдаж, дээвэр дор нь толгой хорогдож, хууль журмыг нь дагах ёстой болж буй хэрэг. Харин тусгаар улсын иргэн байх бол огт өөр асуудал юм. Энэ нь иргэний эрхээ ч эдэлж, үүргээ ч биелүүлж явахын нэр, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийнхээ нэгэн амьд эд эс гэдгээ мэдэрч явахын нэр юм.
Нөгөө талаар, Монгол Улс хэмээх монгол үндэстний бие даасан тусгаар улс оршин тогтнож байгаа нь өнөөх өвөрлөгч залуугийн хувьд хэдий өөр улсын харьяат ч гэсэн спортын их дэвжээн дээр тэмцэж, ялж ялагдаж явахынх нь утга учир төдийгүй ерөөс өөрийгөө мэдэрч, амьдарч, тэмүүлж яваагийнх нь мөн чанар болж байдаг аж.
Ер нь өөр улс орны харьяанд байдаг монголчуудад ийм ойлголт, мэдрэмж их түгээмэл байдаг юм болов уу гэж бодогдсон. Бид л хятадад байгаа үндэс нэгтнүүдээ–хятад, орост байгаагаа–орос, дундаж азид байгаагаа–лалууд гэх мэтээр үл тоодог болохоос биш, тэдний олонхийнх нь хувьд Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс бий гэсэн итгэл, бахархал нь тэдний оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь ганц гэрэл гэгээ болж байгаа юмсан уу гэсэн бодол дандаа төрдөг юм.
Үүнийг бататгасан нэг бус явдлын тухай би өмнөх цувралууддаа бичиж байсан даа. Хятадын умард Шинжаан, Тэнгэр уулсын ар хормойгоор орших уугуул зүүн гарын монголчуудын төлөөлөгч болох нэгэн залуутай Индианад ярилцаж суухад тэрбээр, “Одоо зүүн гарын Монгол хүн бүрт нэг л мөрөөдөл байдаг. Тэр ганц мөрөөдөл бол Монгол Улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой...!!!” гэсэн юм.
Мөн Чингис хаан архины хоосон шилийг хог дээр хаяхад ихэд уурлаж, цээжиндээ тэврэн одсон Тайваний Цахар монгол залуугийн тухай ч бичиж байсан санагдана. Монголоор “Ах, би Чахар хүн” гэхээс өөр нэг ч үггүй тэр залуугийн хувьд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руугаа шидчихдэг тэр "Чингис" архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг юмсанж.

Тусгаар тогтнолыг хүмүүс янз бүрээр мэдэрдэг

Өнгөрөгч зун Станбулд Аббас хэмээх Афган залуутай буудлын нэг давхарт, нэг жигүүрт, бүр өөд өөдөөсөө харсан хаалганд долоо хонов. Намайг Монголоос яваа гэхээр их л олзуурхан баярлаж, хамтдаа гадуур тэнэж, хамтдаа хооллож, орой үдэш дэмий ярьцгааж, богинохон хугацаанд ч гэсэн чухам ахан дүүс шиг дотносов. Тэрбээр Афганы Бамаян мужийн хазар хүн. Одоо Засгийн газрынхаа хэвлэлийн албанд ажиллаж буй.
Аббас надаас Монгол Улс үнэхээр тусгаар улс мөн үү гэж дахин дахин лавлаж асууна. Оросын, эсвэл Хятадын хараат, тоглоомын улс биш үү? Засгийн газарт нь дандаа монгол хүмүүс ажилладаг уу? Гадны зөвлөхүүд хэр олон бэ? гэх зүйлсийг тун нухацтай асуугаад, тэр бүрт үгүй гэхээр эргэлзсэн байдалтай толгой сэгсэрч суух. Монгол Улс бол бүрэн тусгаар улс, ямар ч улсын нөлөө, хараат байдал байхгүй гэдэгт бүрэн итгэсэн хойно тэр маш их баярлаж, учиргүй хөөрөн, чухам сая нэг юм боолын гинжнээс суллагдсанаа мэдэж буй хүн мэт аашилж билээ. Тэгээд миний авч явсан Чингис хааны 9 цагаан сүлдний зурагтай номын хавчуургыг машид бэлгэшээн авч одсонсон. Аббасын хувьд Тусгаар Тогтносон Монгол Улс гэдэг ямар эрхэм чухал зүйл байдаг тухай бодож суухад өнөөх өвөрлөгч бөх залуугийн яриа эрхгүй санагдаж байсансан.

Мөн саяхан Хятадын харьяат нэгэн монгол залуутай ярилцаж суулаа. Энэ зун хөдөөгийн малчин аав нь хятадаас ирээд буцсан гэнэ ээ. Тэр өвөр монгол хөгшнийг Монгол Улсад хамгийн их баярлуулсан зүйл нь хаашаа л харна дандаа монголчууд, хаана ч тэр цаг үргэлж л монголоороо ярилцаж байсан явдал гэнэ. Өөрөөр хэлбэл тэр Бор талын хөдөөгийн монгол эрийн хувьд Монгол Улсын тусгаар байдлыг чухам үүгээр мэдэрсэн байна. Түүнээс биш тэр хөгшинд монгол орон хөгжил дэвшил сайн уу, муу юу, зам нь сайхан юм уу, хүмүүс нь найрсаг уу, эсвэл муу хятад гээд өөрийг нь ад үзэж байна уу, монголчууд дотроо хэрүүлтэй, тэмцэлтэй юу гээд бидний хувьд ямагт асуудал болж байдаг зүйлс огтхон ч сонин байсангүй. Ердөө л Монгол Улс тусгаар байгааг мэдэрсэн нь чухал байж.
Нутагтаа бол, тэдний мужид 5 сая хүн амьдардгаас дөнгөж 100 мянга нь л монголчууд. Уг нь анх Монголд ирэхдээ оросууд, цөөхөн монгол л байдаг гэж төсөөлж байсан бололтой юм уу даа.

Индианагийн Их сургуулийн хэлний сургуульд TOЕFL-ийн шалгалт өгч байлаа. Миний чанх өмнө Даш хэмээх нэг улаан хүрэн төвд залуу суусан юм. Бид өмнө нь Блүүмингтонд байх Ажаа гэгээнтний сүмд нэг бус таарч байсан, зүс таних билээ. Энэ шалгалтыг өгч байсан хүмүүс мэднэ дээ, шалгалт эхлэхэд тестийн хуудас дээр олон зүйл бөглөдгийн дотор шалгалт өгч буй хүний харьяат улсынх нь код байдаг.
Шалгагч багш самбар дээр улсуудын код бичсэн дэлгэц байрлуулсан байлаа. Тэдэн дотор Монгол Улсын код тодоос тод. Гэтэл Даш маань “Багшаа, би улсынхаа кодыг олохгүй байна” гэв. “Аль улс билээ?”. “Төвд”. “За хамтдаа хайцгаая”. Багш самбар дээр хайгаад Төвд улсын нэрийг олсонгүй. Тэгээд шалгалтын материалууд дотроосоо хэдэн хуудас гаргаж ирээд дахин дахин шүүж үзээд олсонгүй бололтой, сургуулийн сургалтын алба руу ярив. Гэтэл цаанаас нь ийм хариу иржээ.
“Энэ дэлхий дээр Төвд гэдэг улс байдаггүй. Төвд үндэстэн бол Хятад улсын нэгэн хэсэг байна. Тэгэхээр Хятад улсын кодоор явна”.
Үүнийг сонссон Дашийн маань чих минчийтлээ улайрч, хүрэнтээд ирлээ. Угаасаа улаан хүрэн хүний чих их улайхаараа халсан пийшингийн бөөр шиг хүрэнтээд, чинэрдэг юм билээ. Тэрбээр хэсэг зуур, бараг нэг минут гаруй таг хөшиж орхив. Би ард нь суусан тул царайг нь хараагүй бөгөөд царайд нь чухам ямар өөрчлөлт орсныг төсөөлж байна. Шалгагч багш их гайхаж, учрыг олж ядсан, гайхаш тасарсан байдалтай бидэн рүү нэг, бас Даш руу нэг харж байв.

Тэгэхэд Даш зүрхэндээ яг л хутга шаалгасан мэт болсон байх даа гэж бодогддог. Харин надад болон тусгаар Монгол Улсын иргэн бүрт хэзээ ч ийм хэцүү явдал тохиолдохгүй, тиймдээ ч бид тусгаар тогтнолоор цангаж, туйлдаж, цөхөрч яваа тэр тэр Төвд залуугийн зүрхний угт байдаг энэлэл, зовлонг нь тэр бүр ойлгохгүй юм даа.

3 comments:

peakfinder said...

Улс тунхагласан өдөрт тохирсон сайхан бичлэг байна. Үүнийг үр хүүхдүүд минь ухаарч яваасай гэж. Баярын мэнд хүргэе.

Anonymous said...

Сэтгэл хөдөлж, нүдэнд нулимс цийлэгнэлээ шд.Залуус өөрт байгаа тусгаар тогтнол гэсэн баялагаа хэзээ ч мэдрэхгүй, хайрлаж хамгаалж чадахгүй байх вий гэхээр л санаа зовох юм.Миний үеийн залуусын 90% энэ талаар төсөөлөл ч байхгүй гэдэгт итгэлтэй байна.Хэлж, сургаад өгөх систем байхгүй болохоор арга ч гүй юм даа.Таны нийтлэлүүд нүдийг минь нээж өгдөг.Тийм болохоор шинэ бичлэг байна уу гэж их хүлээдэг болжээ.

Segsger said...

Tuvd zaluug uruvduud nulims tsiilegnelee...