Sunday, November 28, 2010

БАТ НАЙЗ Б. БАТНАРАН МИНЬ

Хүний сайныг ханилан байж танина гэдэг. Хэдэн зууны турш ард түмний амьдралаар шалгагдан, ухаанаар цэгнэгдэн шигшигдсэн ардын үгийн гүн санааг бид өөрсдийнхөө амьдралд дахин үзэж, туулж байж л ухаж ойлгох юм даа.

Ийн өгүүлэхийн учир нь Батмөнхийн Батнарантай танилцан нөхөрлөсөн богино түүх юм.

Нэгэн өглөө шөнийн ээлжийн ажлаас бие тааруухан бууж ирэв. Тэгээд цайгаа ч ууж амжаагүй байтал найзууд маань араас шуугилдсаар ороод ирэх нь тэр. Тэдэн дунд урьд нь нэг их зүс үзсэн туранхайвтар, дүрэлзсэн нүдтэй хөрслөг бор залуу явж байх юм. Батна хэмээн даруухан өөрийгөө танилцуулж гар барив.

Тэр өдөр юуны ч билээ нэг баярын өдөр байсан юм. Хамт салхинд гарч баяр тэмдэглэцгээх юм боллоо. Миний хувьд шөнө нойргүй ажилласнаас ч тэр үү, бие тавгүй, нүд бүрэлзээд, дотор муухай оргиж байсан тул явж чадахгүй, хэвтэж амрах минь гэлээ.

Хөөрч халсан нөхдүүд миний энэ үгийг юу гэж тоох билээ. Зүгээр зүгээр, нэг 100 татаад л сэргэчихнэ гэлцэн шуугилдаж, юу юугүй намайг дамжлаад машиндаа хийчих нь ээ. Манай зэргэлдээх хаалганд байх эмээгийн даралтны аппарат авчруулаад үзүүлтэл даралт хөдөлчихөж. Даралтын заалтыг нөгөөдүүлдээ үзүүлээд, ийм байхад би яаж явах юм гэтэл шинэхэн танилцсан Батна маань “Энэ асуудал биш ээ” гээд намайг хэвтүүлж байгаад таван минут орчим барив. Тэгээд босгож, өнөөх даралтын аппаратаар дахин хэмжиж үзэхэд миний даралт 18 поунтоор бууж, хэвийн болчихсон, үнэхээр ч нүд онгойчиж, шилэн хүзүүнд шахчихсан усыг соруулаад авчихсан мэт болсон байж билээ. Ингэж Батмөнхий Батнаран бид анхлан танилцаж билээ. Тэгээд бид тэр өдөржин Потомок голын хүрхрээн дээр очин хөгжилдсөнсөн.

Түүнээс хойш найр наадам, наргиа хөөрөө, тус дэм бүхэнд бие биедээ хань бараа болон явдаг болсонсон. Хүнд их тусархуу, хүнийг голно шилнэ гэж огтоос байхгүй, хэнтэй л бол хэнтэй хэл амаа ололцож, ойлголцож чаддаг, эгэл даруухан, энгийн нөхөрсөг ховорхон сайхан чанар түүнд минь байсан юм. Тийм дээ ч танил нөхдийн хүрээ өргөн. Хүний газар, хүний нутагт бие биенээ гэсэн элэгсэг сэтгэлээр монголчууд бид ямагт дутаж, гачигдаж явдаг. Ийм дотно сэтгэлээр дутагдаж буй хүмүүс балт цэцгэнд татагдах зөгий мэт Батна руу тэмүүлдэг байгаа юу даа. Мань хүн ч ирсэн бүхэнд хэрэгтэй тэр дотно сэтгэлийг нь харамгүй хүртээдэг байж дээ.

Танилцсанаасаа нэлээд хойно Батнаг нэгэн үе Монгол Улсын нэгдүгээр хүн байсан, Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жамбын Батмөнх асны хүү болохыг мэдээд бага зэрэг гайхаж билээ.

Хөдөөгийн аглаг суманд төрж өссөн мань мэтийн хүүхдүүдийн хувьд хотын 40-н мянгатынхан, ялангуяа сайд дарга нарын хүрээллийн хүүхдүүдтэй найзалж нөхөрлөнө гэдэг их л хол хөндий санагддаг байсансан. Тэд бидний хувьд үзсэн, сонссон, өмссөн зүүсэн гээд бүх талаар илүү, ялангуяа тэдний сонирхол, мөрөөдлийн хүрээ нь тэс өөр. Тэр ч бүү хэл явдаг газар, ордог орц нь хүртэл өөр байхад бас тийм төсөөлөл бидэнд суух нь арга ч үгүй юм. Тиймээс ч тэр үү, тэдэнтэй ойртож нөхөрлөх нь бүү хэл ойлголцож, ярилцахад ч хэцүү, хэл ам таарахгүй байх нь олонтаа байдаг байв. Гэтэл харин миний урьд өмнө төсөөлж байснаас, тааралдаж уулзаж байсан тэр хүрээллийнхнээс тэс ондоо хүн байж билээ, Батна маань.

Нэг л мэдэхэд надад хэн нэгэн хүний туслалцаа хэрэгтэй бол би хамгийн түрүүнд Батнад ханддаг болчихсон байсансан. Учир нь тэрбээр ямар ч эргэлзээгүйгээр тусалж чаддаг, түүндээ ямар ч хариу тус, харам хардаггүй, жинхэнэ хүн ёсоор тусалж чаддагт байсан юм. Хаа хол замд машин эвдэрчихээд, Батна руу ярихад мань хүн ямар ч ажилтай байсан түүнээ зохицуулчихаад л хэдэн зуун км-ын алсаас давхиад л ирнэ. Ажил нь болохгүй бол бүр хаячихаад ч давхичихна.

Мөнгө хэрэгтэй болчихоод мань хүнд дуулгачихвал хэрвээ өөрт нь байхгүй бол өрөөлөөс зээлээд ч болсон аваад л ирнэ. Найз нөхдийнхөө төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэдэг тийм хүнтэй би их л ховор таарсан даа. Ёстой манай хууч үгэнд гардаг “Нөхрийн төлөө өдрийн боол” гэдэг шиг л сэтгэл гарган явдаг хүн байж дээ. Өнөөдөр энэ үгийг хүмүүс хэр ойлгож, мэдэрч байгааг би сайн мэдэхгүй юм. Ялангуяа залуусын хувьд бол энэ нь өөрийгөө хоёрдугаарт тавьж буй, өөрөөр хэлбэл өөрийгөө доош нь хийж буй хэрэг мэт бодогддог ч байж магад юм. Гэтэл яг үнэн чанартаа бол энэ нь хувь хүнээс гарч буй хүнийг эрхэмлэх нандин дээд чанар юм. Энэ нь эргээд тэр хүнээ доош нь хийх биш, харин ч эрхэм дээд болгон өргөж өгдөг байна. Тиймээс ч өдгөө Батнаран маань найз нөхөд бидний сэтгэл зүрхэнд тийм тод томруун дурсагдсаар байгаа юм. Яруу найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ “Амьд атлаа үхсэн мэт хүн байна, үхсэн атлаа амьд мэт хүн байна” хэмээн хэлж байв. Батна маань өнөө хэдий байхгүй ч бидний дотно сэтгэлд амьдаас амьд байсаар.

Батна маань АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд суурьсан монголчууддаа их ч тус дэм болсон доо. Хүүхдийн гэдэс өвдөхөд Батна дээр аваад очиход хоёрхон базлаад л зүгээр болгочихно. Ялангуяа тархины доргилтыг гаргахдаа гаргуун. Үүнийгээ бүүр нэг чин сэтгэлээсээ хийнэ. Баярласан зарим эцэг эхчүүд хэд гурван доллар сарвайхад буцаагаад хүүхдэд нь өгчихнө. Өөрийнх нь халаасанд нэг ч долларгүй байсан ч тэр. Энэ бол нэг өнцгөөс харахад их гэнэн тэнэг ч мэт харагдаж болох ч үнэн чанартаа бол их ухаан, их сэтгэл юм даа.

Нэгэн удаа Александрагийн нэгэн задгай парк дээр хэдэн нөхөд хөл бөмбөг тоглож байгаад нэг маань унаж, гараа гэмтээчихэв. Гараа ч даашгүй, их өвдөж буй бололтой, хөлс нь чийхарч байв. Лав мултраагүй, тэгэхээр хугарсан байж болох. Ингээд Батна руу яарав. Очтол, ердийнхөөрөө тэднийхээр баахан зочид ирчихсэн, бужигналдаж сууна. Өнөөх гараа гэмтээсэн нөхрийг маань аваад шууд л гал тогоондоо оруулж байгаад барилаа. Яс нь цуурсан байна гэнэ. Боогоод, сойлт хийгээд өгчихөв.

“Яадаг бол, эмчид очих хэрэг байна уу?” Гэвэл “Яах ч үгүй, найдвартай” гэж билээ. Үнэхээр ч тун удалгүй ямар ч ул мөргүй эдгэрсэн байсансан. Хэрвээ иймэрхүү нөхцөлд АНУ-д эмнэлэгт хандвал хэдэн зуу, мянган долларын төлбөр гарахыг хэн бүхэн мэднэ. Энэ мэтээр олон хүнд тус болсон. Чи энэ барьдаг илдэгээ хаана сурав гэхээр спорт надад хайрласан юм аа гэх. Өөрөө бага идэр насандаа хөнгөн атлетикаар хичээллэж, бас ч багагүй амжилт гаргаж явсан нэгэн. Тийн явахдаа ойр зуур бэртлээ барьж, багийнхнаа эмчилж байсан гэдэг. Хожмоо харин үнэхээр алтан гартай бариач болсон. Гэхдээ мань хүн хэзээ ч өөрийгөө бариач гэж зарладаггүй. Хүнд ч хэлдэггүй. Харин хэрэг болсон үедээ хүмүүст тус болох үүднээс энэ авьяасаа илрүүлнэ.

Батна маань заримдаа яг л хүүхэд шиг аашилна. Их ч гэнэхэн. Түүнийг хуурахад тун амархан. Гурван настай хүүхэд шиг л хууртаж орхино. Бид тэгээд тоглоом хийн ихэд инээлдэхэд нэг дүрсхийснээ биднийг дагаад инээдэгсэн. Ямар хүнд сайн муу аль ч чанар байдаг. Бид ихэвчлэн сайн хүнийхээ сайн чанартай нь, муу хүнийхээ муу чанартай нь харьцсанаас үүдэн хүмүүсийг сайн муу хэмээн дүгнэдэг байхаа магадгүй юм. Хүн болгонд таалагддаг бурхан ч гэж үгүй, бас хүн болгонд хараалгадаг чөтгөр ч гэж үгүй. Түүн лүгээ адил Батнад маань бас алдаж эндэх явдал байсан. Гэвч тэр бүх алдаа эндэгдлийн цаана өнөөх л хар хоргүй гэнэн цагаахан сэтгэл нь илээс илхэн харагдаж байдагсан.

Нэг өдөр ажил гараад Иллинойс муж явах боллоо. Бас бага биш зай туулах учир, (Вашингтоноос Иллинойс мужийн Спрингфийлд хот ороход 1400 орчим км. Улаанбаатараас бараг Ховд орно гэсэн үг.) машиндаа ойр зуурын үзлэг хийж, тос маслыг нь солиулж байтал Батна маань ердийнхөөрөө утас цохиж байна. Замд гарах гэж байгаагаа хэлтэл манайхаар дайраад ирээ, хөгшин нь гаргаж өгнө гэв. Тэгэхэд тэднийх LeeHwy, Gleb rd хоёрын уулзвар дээр хоёр давхар улаан тоосгон байранд байсан юм. Зам нэг их гажихгүй тул ороод гарахаар болов. Очтол мань хүн баахан бууз хийчихэж. Хоол ундыг бол ямар ч гэрийн эзэгтэйгээс дутахгүй сайхан хийнэ дээ. Хонины махаар, ногоон сонгиноор хачирласан сайхан бууз хийжээ. Тэнд Ваня, Мөнхбаатар, Ганхуяг гээд бас л бидний нийлдэг хэсэг нөхдүүд маань байлаа. Гарах болоход надад жижиг хоолны саванд дүүрэн бууз хийгээд замдаа идээд яв. Пицца, саб мабхан идээд яаж хол зам туулдаг юм гэж байна.

Тэгээд хоёр давхараас бууж, машинд маань суулгаж өгөөд, машиныг минь нэг тойрч, дөрвөн дугуйг нь нэг нэг өшиглөж үзсэнээ, “Сайн яваарай” гээд тэвэрч билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байж дээ. Тэгээд эргээд иртэл нөхөр маань энэ хорвоог орхиод хийж бүтээх идэр 40 гаруйхан насандаа явчихсан байж билээ.

Батнатайгаа найзалж, нөхөрлөж, наадаж наргиж явсан зурвасхан үе маань миний нас үд дунд рүү шүргэж явсан амьдралын нэгэн гэрэлт гэгээн мөч юм. Энэ үеэ дурсахаар гэнэхэн багын найзуудтайгаа бодож санах юмгүйгээр шуугилдаж явсан хүүхэд насны минь гэгээн дурсамж хожуу насанд дахиад амилсан мэт санагддаг билээ.

/Жич. Ж.Батмөнх агсны гэргий Дариймаа эгч хөгшнийхөө тухай хэд хэдэн ном хийж, хөшөөг нь босгож, бас Санхүүгийн сургуулийг нэрэмжит нь болгосон, одоо баримтат киног нь хийлгэж байгаа юм билээ. Мөн тэрбээр хүүгийнхээ тухай дурсамжийн ном бичиж байгаа ба эгчийн хүсэлтээр Батнагийнхаа тухай энэхүү дурсамжаа тэрхүү номонд нь зориулж бичсэн болно. Удахгүй тэр ном уншигчдын гар дээр очих байх./

Saturday, November 27, 2010

Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ?


Б.Номинчимэд


Бидний 900 мянга орчим нь ядуу

Өнөөдөр хүн амын маань 35.2 хувь нь ядуу гэсэн манай статистик судалгаа байна. Дэлхийн банкныхаар бол бүр 38.6 хувь. Ядуурлын түвшинд байгаа иргэд гэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хүнснийхээ зүйлсийг худалдан авах чадваргүй хүмүүсийг хэлдэг аж. Тэгэхээр та бидний гурван хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга гаруй монгол иргэн өдөр тутам өлөн зэлмэг аж төрдөг байх нь. 900
мянга гэдэг бага тоо биш шүү.

Өдөрт нэг ширхэг "Атар" талхаар гол зогоож байгаа 2-3 ам бүлтэй өрхийг Улаанбаатарын аль ч дүүргийн, аль ч хорооны хэсгээс хялбархаан олох боломжтой. Бүх аймаг, сумдад ч бий.
Өвлийн хүйтэнд осгоод үхчихгүйн тулд дугуйны резин, гялгар уут, хониний толгойн яс бүү хэл үхсэн нохой муурын зулзага хүртэл галдаа хийж, өдөр өнгөрөөж байгаа айл өрхүүд бий. Сэтгэл сэрхийлгэсэн баримт.

1990 онд дэлхийн нийт хүн амын 41,69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25.19 болтлоо буужээ. Гэтэл манай оронд ядуурлын хувь огтхон ч буурсангүй. Харин ч сүүлийн хорин жилд ядуурал эрс, огцом өссөн.

Ядуурлынхаа үзүүлэлтээрээ бид бараг Сахарын цөлөөс өмнөх Африкийн зарим орон зэрэг иргэний дайн, байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудтай ойролцоо очих нь. Монгол оронд ямар ч дайн байлдаан болоогүй, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт болоогүй шүү дээ. Гэтэл ядуурлын түвшин ийм өндөр байгаа нь чухам юуных вэ?

Ямар ч улс орны хөгжлийг энэ тэргүүнд ядуурлынх нь түвшин, хүн амын амжиргааны индексээр тооцож үздэг. Хөгжингүй орнуудад ядуурал 21 хувиас хэтэрдэггүй аж. Зарим оронд ядуурлыг 16 хувиас хэтрүүлэхгүй барьж чадаж байна. Гэтэл манайд 40 хувь дөхөөд байдаг. Монголчууд бид нэг хүнд ногдох байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг гэх мэт талаас нь харвал баян байх нөхцөл, боломжоор бүрэн улс түмэн. Дээр нь харьцангуй боловсорсон, хүн амын үнэмлэхгүй олонхи нь бичиг үсэгт тайлагдсан, дэлхийн хоёр хүчирхэг гүрний дунд геополитикийн ашигтай байршилд буй, мөн асар том зах зээлийн дэргэд гэх мэт олон давуу тал байгаа.

Ядуурлын ирмэг дээрх дундчууд

Энэ ядуурал гэдэг нь гагц зөвхөн ядуу гэгдэх тэр гучин хэдэн хувьд ч хамаатай асуудал биш юм. Манай хүн амын олонхи нь болох дундаж давхаргынхны аж амьдрал ч бас тийм хангалттай сайн биш байна. Аль ч оронд улс орныхоо гол ачааг үүрч явдаг нь энэ дундчууд байдаг.

Хөгжингүй орны дундаж давхаргынхан, манай дундаж давхаргынхны хооронд чанарын асар их ялгаа бий. Маш энгийнээр хэлэхэд л хөгжингүй орны дундаж иргэд нь долоо хоногтоо дор хаяж хоёр удаа ресторанд гэр бүлээрээ орчихдог, сардаа ч болов нэг удаа ойр зуураа салхинд гарч сайхан амарчихдаг, /хөгжингүй орнуудад хагас бүтэн сайн өдөр бүр маш идэвхтэй амралт нийтийг хамардаг/ жилдээ дотооддоо бүү хэл дэлхийн аль нэг улс орноор аялчихдаг амьдралын боломжтой хүмүүс байдаг байна. Тэдний хувьд машин тэрэг гэдэг нь амьжиргааны үзүүлэлт биш, ердийн хэрэгцээ болсон, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх, өөртөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой хүмүүс.

Гэтэл манай дундаж давхаргынхны олонхи нь цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд, ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй гүрдийтлээ зүтгэж явна. Олонхи багш, эмч зэрэг төрийн албан хаагчид, бас малчдын үнэмлэхүй олонхи нь энэ зэрэглэлд орж байгаа. Өвлийн гутал авчихвал байрныхаа мөнгийг төлөхөд хүндрэлтэй болчихдог, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихвөл хэсэгтээ л зээллэг гуйхаас аргагүй болдог тийм хүмүүс.

Дундаж давхаргынхны маань олонхийн хувьд юун ресторанд долоо хоног бүр хооллох, юун хагас бүтэн сайнаар гэр бүлээрээ Тэрэлж ч юм уу, Хустайн нуруунд очоод нэг сайхан алжаал тайлах, юун тэр жилдээ нэг гадаад орноор аялах, үгүй ядаж хамгийн ойрхон орших Хятадын Цагаан хэрэм, Утай гүмбэн хүртэл аялах тухай бодох вэ. Зарим албан хаагчид Даваа гаригаас ажилдаа явах автобусныхаа мөнгийг хэмнэхийн тулд хагас бүтэн сайнд нь гэрээсээ ч гарч чадахгүй суугаа нь үнэн юм.
Тэдний хувьд өнөөх 35-38 хувийн ядуучуудын эгнээ рүү гулсахад нэн ойрхон, дөнгөн данган дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Зүтгээд, хийгээд л байдаг. Гэтэл дээш гарч, амьжиргаагаа баталгаатай болгож буй нь тун цөөхөн.

Бид залхуудаа ядуу гэж үү?

Сүүлийн үед манай улс төр, бизнесийнхнээс "Арчаагүй залхуу, боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүс л ядуу байдаг" гэсэн нэг постулатыг дахин дахин ярих дуртай болчихож. Энэ үнэн л дээ. Үнэхээр монгол шиг амьдрах боломж бүрэн бүрдсэн асар баялагтай оронд төрчихөөд ядуу явна гэдэг нь дэндүү арчаагүйнх. Ямар Энэтхэгийн доод кастынхны гэр бүлд, гудамжны цементэн дээр төрчихсөн биш. Тэдэнд бол хичнээн хичээж зүтгээд ч нэмэргүй, ядуугаараа л, гуйлгачингаараа л энэ насыг барна. Тэд гуйлгачин заяатайгаа хамт энэ ертөнцөд ирдэг, гуйлга гуйхаа амьдралынхаа гажиж болшгүй зарчим гэсэн ойлголттойгоо хамт төрдөг хүмүүс. Харин монголчуудын хувьд шаргуу хөдөлмөрлөж, хичээн зүтгэж чадвал яаж ийгээд л под хийтэл аж төрөөд байх боломжтой.

Тэгвэл Монголын гурван хүний нэг нь тийм аймшиггүй арчаагүй, дэндүү залхуу, ямар ч чадваргүй, гуйлгачин хувь заяатай төрдөг хүмүүс юм уу гэсэн асуулт зайлшгүй. Хөл дээрээ баттай зогсож чадахгүй байгаа дундаж давхаргын үй түмэн хүмүүсийг тооцохгүйгээр шүү дээ.

Ямар ч ард түмэнд, дунджаар 10 орчим хувь нь "төрөлхийн ядуу" буюу арчаагүй залхуу, бас чадваргүй гэсэн стандарт байдаг байна. Вашингтоны К, М гудамны аль ч буланд яадгаа алдсан гуйлгачинтай тааралдаж болно. Токио, Парижид ч адилхан.

Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу?

ҮГҮЙ ЮМ.

Гарааны дампуурал

Гурван Монголын нэг нь нэн ядуу,
нөгөө хоёр нь чүү ай амьжиргаагаа чирч яваа нь тэдний өөрсдийнх нь гэм буруугаас илүү хөндлөнгийн хүчин зүйл их байна.

Юуны өмнө гарааны хүчин зүйл их нөлөөлсөн. 20 жилийн өмнө социализмын үед монголчууд бид бараг нэгнээсээ ялгагдах юмгүй нэгэн жигд дунджаас доохнуур түвшинд аж төрж байв. Харин бид зах зээлийн шилжилт хийхдээ хэт өрөөсгөлөөр, хэт үгүйсгэлээр хандсан. Социализмыг үзэл суртал, эдийн засгийн бүх фронтод юу ч үгүй болтол нураачихвал бүх юм сайхан болчихдог мэт дэндүү гэнэн хөөрөгдөл, дэндүү ойворгон бодлогоор ардчиллыг эхлүүлсэн. Түүний нэг илрэл нь өмч хувьчлал. Тэгэхэд иргэн бүрд 10 000 төгрөгний хувьцаа тараасан. Урьд өмнө хувийн өмчтэй байж үзээгүй, туршлага ойлголт ч байхгүй, ялангуяа хувьцаа гэдгийг барьж үзэх нь бүү хэл сонсоо ч үгүй ард түмэнд үл хөдлөх хөрөнгийн арилжаа, биржийн анхан шатны эхлэл ч байхгүй үед хувьцааг тараасан нь бүрэн дампуурсан аян болсон билээ. Тэдгээр хувьцааныхаа үр ашгийг монголчуудын 99 хувь нь хүртэж чадаагүй бөгөөд мэдээлэлд ойр байсан, овсгоо самбаатай, олонхидоо зальжин цөөнх тэр эх толгойгүй үйл явц дундаас ёстой нөгөө чоно борооноор гэгчээр завшиж, ард түмний сайн муу ч 70 жил хурааж хуримтлуулсан асар их хөрөнгө нохойн замаар орсон билээ. Жижигхээн жишээ хэлэхэд С100 гэдэг хүчирхэг гинжит тракторыг задлаад төмрийн хог болгож хятад руу ачуулж байсныг нүдээр харж зогсов. Тэр ч бүү хэл
армийн зэвсэглэлд байсан танк, байлдааны сөнөөгч онгоцны эд ангиудыг ч гаргаж байсан гэх.

Үр дүнд нь өмчтэй цөөнх, өмчгүй үнэмлэхүй олонх гэсэн нийгмийн хэт ялгаатай харьцаа бий болсон. Өмчгүй үнэмлэхүй олонхийн олонх нь хүссэн ч, эс хүссэн ч ядуурлын ангал руу хийсэцгээсэн ба өнөө тэд өөрсдөө гэрч болон амьд мэнд мэлтийцгээж буй.

Өнөөдөр Монголын арилжааны банкууд дахь хадгаламжийн нийт дүн 2 их наяд орчим төгрөг байгаа гэсэн мэдээлэл байна. Дунджилбал нэг монгол иргэнд 750 000 орчим төгрөгийн хадгаламж ногдоно. Монголчуудыг хэн ядуу гэх юм бэ?

Гэтэл энэ мөнгөний 98 хувийг нийт хүн амын хоёрхон хувь эзэмшдэг аж. Асар их ялгаа байгаа биз. Барууны орнуудад иргэдийн хадгаламжийн харьцаа мөн ийм их зөрүүтэй байдаг ба энэ бол хэвийн үзэгдэл хэмээн манай эдийн засагчид тайлбарладаг. Гэвч зуу зуун жилийн туршид капиталын хуримтлал хийгдэж ирсэн нийгэм, хорьхон жилийн манай зах зээлийн түүх хоёрт чанарын их ялгаа бий. Өөрөөр хэлбэл монголчуудын капиталын хуримтлал нь ихэнхдээ шударга бусаар, хуудуутай өмч хувьчлал, газар хувьчлал, ашигт малтмалын луйвар, банкны дээрэм, спирт зэрэг хууль бус бизнес, авилга-хээл хахууль, улс төрийн арилжаа гэх мэт жинхэнэ нохойн замаар хуримтлуулсан хөрөнгө.

Манай шинэ хөрөнгөлөг хэсгийнхний хөрөнгийн үлэмжхэн хэсэг нь бас гадаадад байршиж буй. Бэа Аэриагийн, эсвэл Виржиниагийн хамгийн тансаг орчинд сая долларын өртөгтэй хауз бүхий манай улс төр, бизнесийнхэн нэг бус, тэр ч бүү хэл Макао, Солонгост ч, эсвэл Атлантик Сити, Лас Вегасын казинод долларыг хэдэн зуун мянгаар нь хаяж тоглодог баячууд ч бий.
Батлан хамгаалах яам нь хуучин муу нисдэг тэргээ шинэчилж чадахгүй байхад хувьдаа нисдэг тэргээр чамирхдаг элит ч бий. Саяхан Мерседес Бенз-ийн үйлдвэр дэлхийн толгой баячуудын захиалгаар хийдэг тусгай зэрэглэлийн асар өндөр үнэтэй дөрөвхөн ширхэг машиныг монголчуудын захиалгаар үйлдвэрлэсэн тухай мэдээлэл оросын сайтуудад гарсан. Энэ мэдээллийг дагаад монголын баячуул дэлхийн энд хүрчээ гэсэн байсан. Сонсоход сайхан л юм.

Үнэхээр шударга хөдөлмөрөөрөө босч ирсэн шинэ хөрөнгөлөг хэсэг бий ч тэд бол монголын нийт ард түмний үнэмлэхүй цөөнх болдог хөрөнгөлөг хэсгийнхнийхээ дотор ч бас үнэмлэхүй цөөнх нь.
Ийнхүү гарааны жигд бус, шударга бус нөхцөл нь ядуурал үүсэх нэг үндсэн нөхцөл болсон бол сүүлийн 20 жилийн туршид үргэлжилсэн оюун санааны эзэнгүйдэл, хоосрол түүнийг улам хөөрөгдөж өгсөн байна.


Ядуурлыг гол тэтгэгч нь оюун санааны хоосрол

Өмнө социализм хэмээх онолд бүрэн автсан ард түмнийг гэнэтхэн нэг л өдөр тэр итгэл үнэмшил бүхнийг нь улан доороо гишгичиж гутаасан атлаа оронд нь ямар ч үзэл санаа, итгэл үнэмшил гаргаж тавьсангүй. Ардчилчихаар л сайхан болчих мэт уухайлан дайрсан. Гэтэл ардчилал маань хүний нийгмийн оршихуйн харилцааг зохицуулагч л хүчин зүйл болохоос өөрөө үзэл санаа биш. Хүн гээч амьтан сэтгэлийн мөн чанартайгаараа адгуусны сүргээс ялгардаг. Тэр сэтгэлийн мөн чанарыг нь тэжээн тэтгэгч ганц зүйл нь ямар нэгэн үзэл санаа, итгэл үнэмшил байдаг билээ.

Гэтэл үзэл санаа гэхэд нэн бэрх, барууны ертөнцөд аль 1930-40-өөд онд их хямрал, дайн дажны үед л хүчээ авч байсан хэт барууны, өнөө бол аль хэдийнэ хоцрогдсон, нийгмийн оюунлаг хэсгийхний хувьд харамсаж халаглан хардаг тэр хэт хувиа бодох үзлийг сурталчилж, түүнд тулгуурласан эдийн засгийн бодлогыг муйхарлан явуулсан нь социализмын арьснаасаа дөнгөж салаад байсан нүцгэн шалдан ард түмэнд хайр найргүй цохилт, хүнлэг бус хэрцгий тулгалт болсон билээ.
Барууны орнуудын далд бодлогоор Африкт туршсан колонийн бодлогыг монголд 1990-ээд оноос хэрэгжүүлсэн хэмээдэг нь бас ч огт оргүй үг биш юм.

Үр дүнд нь итгэл үнэмшилгүй болсон ард түмний оюун санаа булингартан доройтож, сэтгэлгээний хоосрол гэсэн ангал руу ядууралтайгаа хамт унасан. Юуг сайн, юуг муу гэх баримжаагаа алдсан нийгэмд залилан мэхлэх, хулгайлах, хууль гувчуулах, янхандалт, хүн чанаргүйдэх, гэмт хэрэг гээд хүний нийгмийн хамаг муу муухай бүхэн борооны дараах мөөг шиг дэлгэрсэн.
Энэ байдал нь гадаадын үндэстэн дамнасан санхүүгийнхэнд, тэднийг дагаж, дуурайж босож ирсэн монголын хэт цөөн олигополуудад л хамгийн ашигтай нөхцөл байдал болж байна. Одоо Монголд жилд гэмт хэргийн улмаас хэдэн зуугаараа амь насаа алдаж байна шүү дээ. Хэвийн хөгжилтэй нийгэмд байж болдог хувь хэмжээнээс хэдэн арав дахин өндөр хувьтай.

Энэ бүх дампуу бодлогын үр дүн нь ЯДУУРАЛ. Өөр юу ч биш.

Ийнхүү гарааны нөхцөл дээрээ бид алдсан юм байж. Тэгвэл одоо яах вэ?

Шударга бус байдал буруутай

Яг одоо гурван Монгол хүний нэг нь ядуу, бас дахиад нэг нь тэр ядуугийнхаа ирмэг дээр дөнгөн данган тогтож байгаа нь тэдгээр иргэдээс өөрсдөөс нь хамаарахгүй гаднаас нөлөөлж буй хүчин зүйлс олон байна.

Тухайлбал, Монгол орон дахь хуулийн шударга бус үйлчлэл. Манай хууль нийгмийн цөөнх болсон дээд давхаргынханд хүрч шийтгэж чаддаггүй, харин биеэ хамгаалах чадваргүй болчихсон ядуус, доодчуудад хатуу харгис хууль үйлчлээд байгаа нь яагаад ядуурлыг өдгөөж өгдөг юм бэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.

Энэ нь нийгмийн үнэмлэхүй олонхи болсон ядуус болон дундаж давхаргынхныг шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх, шударгаар амьдарч, хөдөлмөрлөж түүнийхээ үрээр аж төрөх итгэл үнэмшилгүй болгодог байна. Чухам тийм учраас л монгол хүн ажил хийх сонирхолгүй. Манай барилгын голдуу компанийн эзэд "Монгол хүнийг ажиллуулахаар цаг барихгүй, ажил хийхгүй, тэгсэн мөртлөө тоосгоны булан ч хамаагүй хусчихаад тун хэцүү. Цалин буухаар архидаад алга болчихдог" гэх мэтээр үглэж, хятад ажилчдыг эрхэмлэдэг нь бас арга ч үгүй байх.
Шударга ёсонд итгэж чадахгүй байгаа хүн амьдралд итгэлтэй байж, амьдралынхаа төлөө шударгаар зүтгэж хөдөлмөрлөж чадахгүй. Нэг бол хулгай хийнэ, нэг бол архидна.

Хөгжингүй орнуудад бол яаж ажил олох вэ, яаж хийх вэ хэмээн боддог бол Монголд харин яаж мөнгө олох вэ л гэж боддог. Чанарын тэнгэр газар шиг ялгаа байгаа. Ажил хөдөлмөр хийхгүйгээр иргэн сайхан амьдрахгүй, баялаг бүтээхгүйгээр улс орон хөгжихгүй.

Ийнхүү хуулийн шударга бус үйлчлэл нь нийгэмд шударга хөдөлмөр, шударга аж төрөх ёсыг үгүйсгэснээрээ ядуурлыг тэтгэгч, өдгөөгч нэг үндсэн хүчин зүйл болж байдаг аж.

Тэгэхээр ядуурлын эсрэг тэмцэхийн хамгийн эхний зорилт бол хуулийг дээр доор, баян ядууг ялгалгүй шударга үйлчилдэг болгох явдал юм. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсыг тогтоох билээ.

Муу засаглал буруутай

Ядуурлыг тэтгэж буй бас нэг голлох хүчин зүйл нь Засаглалын үр дүнгүй, оновчгүй бодлого, арга хэмжээ юм. Муу засаглал гэх юм уу даа.

Энэ нь зөвхөн нийгмийн халамж дээр ямар байгааг авч үзье.

Өмнө 1990-ээд оны эхээр хэт хатуу, эрсдэлтэй барууны барууны бодлого явуулсан талаар дурдсан. Харин төр маань сүүлийн жилүүдэд нийгмийн халамж гэж их ч ярих болж, бүр Яам хүртэл байгууллаа. Нийгмийн халамжид зориулж буй хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байна. 2004 онд нийгмийн халамжид зориулж байсан мөнгө 20 тэрбум байсан бол 2008 онд 217 тэрбум, энэ онд 300 тэрбум болтлоо өсөв. Сүүлийн зургаан жилийн дотор нийгмийн халамжид зориулж буй хөрөнгө 15 дахин өссөн. Ядуурал энэ хэмжээгээр /15 дахин/ биш юм аа гэхэд ядахдаа 1.5 дахин бууж болно оо доо. Гэтэл сүүлийн 15 жилийн хугацаанд ядуурал 1.5 хувиар л буусан үзүүлэлтийг манай статистик гаргасан байна билээ. Дэлхийн банкныхаар бол ядуурал буух биш харин өссөн байгаа.

Энэ 2011 оны баталсан төсвөөр бол бүр агуу их тоо байна. Нийгмийн халамжид гаргаж буй тэр их мөнгөнөөс гадна "Хүний хөгжлийн сан"-гийн мөнгө буюу өнөөх намуудын сайхан амлалтын мөнгө болох 805 тэрбум төгрөг нэмэгдсэн. Манайх шиг зах зээлд энэ бага мөнгө биш, тэгээд ч улсын төсвийн үлэмжхэн хэсэг болж байгаа. Энэ их хөрөнгө зарцуулж буй юм чинь бид ирэх жил ядуурлыг эрс бууруулах юм байна даа гэсэн итгэл үнэмшил уг нь төрөх учиртай. Гэтэл харин ч эсрэг бодол төрж байна. Учир нь, өнөөдөр сар тутам 21 мянгыг бэлнээр авч байгаа хүн сарын дараа авч л байна, 2011 оны турш авна, 2012 онд ч авна, 2015 он гэхэд ч авсаар л байхыг бодно. Тэглээ гээд тэр хүн ядуурлаас гарахгүй, яагаад гэвэл тэр хүн ажил хийхгүй, баялаг бүтээхгүй. Улмаар ажил хийх сонирхол, баялаг бүтээж, аж амьжиргаагаа дээш нь татах хүсэл, тэмцэл ч байхгүй болно.

Энэ амлалтын 21 000 төгрөг нь нийлбэр дүнгээрээ бол бүхэл бүтэн 7 орон сууцны хороолол барьчих мөнгө ч үнэндээ ХААН банкны үүдэн өглөө оройгүй оочир, дугаарт зогсож буй ядуу иргэнд өнөө маргаашийг торгоох төдий амь тарилгаас хэтрэхгүй. Олонх иргэд энэ халамжийн 21 000-ийг амь тарилга хэмээн ойлгож, бас баярлаж байгаа нь өрөвдмөөр гэнэхэн явдал. Гэтэл манай шинэхэн ихэс дээдэс маань нохойд яс чулуудаж өгчихөөд араас нь өрөвдөнгүй харж суугаа эзнээс нэг их дээрдэхгүй, 21 000-ыг тараачихаад араас нь тэднийхээ арчаагүй архичин, чадваргүй ядууг нь гайхаж, халаглаж суух. Цөөнгүй нь хүнд хэцүү амьдралдаа гутарсандаа аваад навс уучихдаг энэ 21 000 төгрөг бол баячуудын хувьд юу юм бэ, тэдний хэрэглэдэг ОО-ийнх нь нэг боодол цаас хүртэл үүнээс хол илүү үнэтэй.

Тэр их мөнгийг тарааж зүгээр ёроол нь цоорхой сав руу юүлж буй хэрэг юм. Энэ үрэлгэн байдал нь баялаг бүтээж, татвараа төлж буй цөөнхийнхөө нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэхээс өөр үр дүн гарахгүй. Улмаар ядуурал багасах биш улам өсөх магадлалтай. Инфляци өсөх тухай мэргэжилтнүүд сануулсаар байна. Энэ их мөнгөний үлэмжхэн хувь нь Эрээн рүү урсаж, дотоодынхоо нөөцийг шавхах болно. Энэ хэмжээгээр үндэсний үйлдвэрлэлд ч том цохилт болж мэднэ.

Үнэхээр нийгмийн халамж тэтгэлэг шаардлагатай хэсэг бүлэг хүмүүс бий. Нийгэм хүссэн ч, эс хүссэн ч тэднийгээ чирч явах учиртай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод аж төрөх гэж угаагч, галч хийн, сарын 120 мянган төгрөгөө хүргэж ядан зүтгэж яваа, хоёр нялх хүүхэдтэй өрх толгойлсон залуу эхийн хувьд тэр халамжийн мөнгө амин чухал хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гээд. Харин ажил хийгээд амьжиргаагаа болгоод явчих чадвартай олонх дундчуудын хувьд бол тэр халамж нь чухал биш, харин шударгаар ажиллаж, ажлынхаа үр шимийг хүртэж амьдрах боломжтой тийм орчин нь илүү чухал юм.

Хятадаас орж ирдэг зөөлөн болон бусад хуванцар тоглоомыг бүгдийг нь монголдоо хийх боломжтой хэмээн тун аятайхан төсөл, төлөвлөгөө боловсруулчихаад гарааны хөрөн­гөгүйн улмаас гурван жилийн туршид тэр ажлаа эхлүүлж чадахгүй бухимдан яваа залууд бол сар бүр хэдэн төгрөг авах нь чухал биш, харин гарааны хөрөнгө, барьцаагүй итгэлийн хөнгөлттэй зээллэг чухал юм. Тэр залуу тоглоом үйлдвэрлэдэг цехийн ажлаа эхлүүлчихвэл дор хаяж 5 хүн ажилтай болно, татвар төлөгч нэгээр нэмэгдэнэ, урагшаа хил даван урсдаг тэр их мөнгөнөөс тодорхой хувь нь дотогшоо урсах болно. Үр дүн их.

Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 120 тэрбумыг зарлагадсан байв. Энэ жил энэ тоон дээрээ ядахдаа 400 тэрбумыг нэмчихээд, зээллэгийг элдэв өндөр босго тавилгүйгээр зоримог олгох хэрэгтэй байсан юмсан. За бүр дүүрч, 200 тэрбумын зээллэг нь дампуурсан, эсвэл хулхидуулаад, нөхдүүд мөнгө аваад орголоо гэхэд үлдсэн 200 тэрбумд нь хэдэн сайхан жижиг дунд үйлдвэр босоод л ирнэ. 800 тэрбумыг ёроолгүй саванд юүлснээс л хамаагүй үр дүнтэй. Тэгээд ч иргэд маань бүртгэлжээд, хяналтаа чангаруулаад ирсэн цагт 1990-ээд он шиг нэг банк
ыг дампууртал зээл авчихаад, нөгөө банкнаас нь бас очоод авч байдаг, эсвэл оргочихдог увайгүй байдал эрхбиш хазаарлагдан багасах болно.

Энэ оны төсөвт Алтанбулагийн "Эдийн засгийн чөлөөт бүс"-д 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна билээ. Уг нь тэнд нэг үр дүнтэй ажилладаг чөлөөт бүс байх нь юуны буруу билээ. Гэвч үүний цаана том "НО" бий. Энэ бүс байгуулагдах тухай асуудал яригдаад 15 жил болж, жил бүр хэдэн тэрбум хөрөнгө зарлагддаг ч одоогоор бүтэлтэй зүйл нэг ч үгүй, улсын төсөвт нэг ч улаан мөнгөний орлого байхгүй. Энэхүү төсөвт суусан 4.5 тэрбумын 1 тэрбум гаруй хөрөнгө нь зөвхөн үерийн усны далан байгуулахад зориулагдсан байгаа юм.

Өнөөх л хариуцлагын асуудал наанаа байгаа мэт боловч цаана нь эрх мэдэлтнүүдийн төсвөөс мөнгө саадаг аргын нэг ч болно.

Бодлогогүй нь буруутай

Энэ мэт төсвийн оновчгүй зарцуулалт нь төрийн үр дүнгүй бодлогын л илэрхийлэл бөгөөд ядуурлыг бууруулах биш улам өдгөөж, дэвэргэж өгч байна. Ерөөс манай төрд хөгжлийн нэн тодорхой үзэл баримтлал бий эсэх нь эргэлзээтэй бөгөөд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа нэг баримт бичиг гаргасан ч түүнийг нь мэддэг, үйл ажиллагаагаа түүнтэй уяалдуулах гэж хичээдэг нэг ч Засгийн газар лав алга.
Үйлдвэрчний С.Ганбаатар нэгэн тун ноцтой баримт дурдсан. Тэрбээр "Сүүлийн 20 жилд монголын төр 23 шорон барьсан атлаа нэг ч төрөх бариагүй" гэсэн. Үнэхээр нэг ч төрөх бариагүй, Японы тусламжийг эс тооцвол нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг бариагүй. Шорон л барьсан байна. Энэ нь Монголын төрөөс ард түмэндээ ямар харгис хэрцгий, хүйтэн хөндий, хайхрамжгүй, бодлогогүй хандаж ирсний илрэл юм.
Саяхан шинэ шорон ашиглалтанд орлоо хэмээн ёслол төгөлдөр мэдэгдэж буй нь зарим талаар ард түмнээ дарамталж, дэмий шүү хэмээн сануулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Монголын төрөөс “Эрүүл монгол хүн” гээд баахан хөтөлбөр гаргаж, сүр дуулиан болсон. Ямар үр дүн гарсан талаар тэгэсгээд чимээгүй өнгөрдөг. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгааг хоёрхон баримт гэрчилнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сануулснаар Улаанбаатарчуудын цусанд байр ёстой хар тугалганы хэмжээ 12 дахин их болж, 5 хүн тутмын 3 нь ойрын 5-10 жилд уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр болсон байна. Мөн шинээр төрж буй хүүхдүүд түнхний төрөлхийн дутуу хөгжилтэй мэндэлж буй нь хүчилтөрөгчийн дутагдлаас болж буй гэнэ.

Ийнхүү хүн амынх нь бараг тал хувь нь уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлд орчихоод байгааг мэдсээр байж Монголын төр сүүлийн 10 гаруй жилд яг ямар шийдвэртэй арга хэмжээ авсан юм бэ? Улаанбаатарын утааг бууруулах талаар их ярьдаг, жил бүр утааг бууруулахаар хэдэн тэрбумаар төгрөг мөнгө төсөвлөдөг ч энэ бүхэн хэдхэн хүний тоглоом болоод дуусдаг. Ийм дампуу бодлогыг, дампуу зохион байгуулалтыг, дампуу удирдлагыг яагаад таг дуугүй өөгшүүлээд нүдэн балай явсан УИХ, Засгийн газар вэ? Бодлого байна гэх үү, үгүй гэх үү? 5 жилийн дараа таны хүүхэд уушигны хорт хавдраар өвчилбөл та тэр үеийнхээ монголын төрд нэхэмжлэл гаргах уу, эсвэл утааг мэдсээр байж хүчин чармайлт гаргаагүй даамжруулсан М.Энхболд мэтэд нь нэхэмжлэл гаргах уу?

Сүүлийн жилүүдэд монголчууд бидний дундах элэгний өвчлөл жилд дунджаар 15 хувиар өсч байгаа тухай мэдээлэл байна. Төр нь бодлоготой оронд бол элэгний өвчлөл 2-хон хувиар өсөхөд л аюулын харанга дэлдэж, Эрүүл мэндийн сайд нь дуун дээр огцорч харагддаг юм билээ. Гэтэл монголд яаж байна. Хүн амын хүнсний аюулгүй байдлын тухай ярьж буй ч яг тодорхой шийдвэртэй алхам хийсэн нь алга. Өнөөх чадалтай баячууд нь тусгайлан захиалсан хоол хүнс хэрэглэж байхад нийгмийн үнэмлэхүй олонхи болсон доодчуул, дундчуул ямар ч шинжилгээгүй, баталгаагүй хүнсний бүтээгдхүүнийг ямар ч сонголтгүйгээр хэрэглэхээс өөр аргагүй нөхцөлд аж төрж байна. Ядуу болохоор хохь нь гэж үү?

Хий хоосон улс төржиж, хий хоосон амласаар байгаад Улс төрийн намууд нь эрх мэдэл булаалдсан хэсэг бүлэг хүмүүсийн мафи маягтай болсон нь ч үнэн юм. Юун тэр үзэл онол, намынхаа үзэл онолыг мэддэг, түүнээ хэрэгжүүлэхээр бодлого гаргадаг намын жирийн гишүүн бүү хэл намын удирдлага ч ховор байх шиг. Өнөөдөр улс төрийн намуудын рейтинг 21 хувиас нэг их хэтрэхгүй байсаар байгаа нь монголын улс төрийн намууд дампуурлын байдалтай байгааг илтгээд байгаа хэрэг. Улс төрийн намууд нь дампуурахаар манайх шиг хэт намжсан төрийн тогтолцоо дагаад дампуурах нь хууль. Боловсон хүчний томилгооноос эхлээд л хөл толгойгүй юм болж байна.

Чанаргүй боловсрол ч бас буруутай

Мөн ядуурлыг өдөөж өгч буй өөр ч олон хүчин зүйлс байна. Боловсрол нь зайлшгүй анхаарах нэг салбар.

Сүүлийн жилд манай Боловсролын салбарынхан Кембрижийн стандарт гэж ярих болж. Гэвч энэ нь гарын таван хуруунд багтах хэмжээний хэдхээн шилдэг оюутны хүрээний асуудал л болж буйгаас биш манай боловсролын системийг бүхэлд нь хамарсан цогц шинэчлэл болон өргөжиж чадахгүй байна.
Манай улсын Боловсролын системийн шинэчлэлийн талаар энэ 20 жилийн туршид л ярилаа. Агуулга нь өнөөх л хуучин социализмын үеийнхээ хоцрогдсон арга барилаар яваа хамгийн хоцрогдсон салбар бол манай боловсрол. 3 дугаар ангийн хүүхдээр дээд тоо бодуулж сургаснаараа бахархаж байгаа бол тэр эрүүл бус, стандарт бус боловсролын илрэл.

Боловсрол нь ганц мэдлэгийн асуудал биш хүн оюуны хийгээд зан төлөв, соёл, харилцааны цогц төлөвшлийг хослуулж байж сая боловсордог. Боловсролын зорилго нь зүгээр нэг дипломтой хүн биш бүх талаар боловсорсон иргэн хүнийг төлөвшүүлэх асуудал билээ. Стандарт бус боловсрол нь яагаад нийгмийн ядууралд нөлөөлдөг вэ гэхээр хүний нийгэм нь нэгэн бүхэллэг амьд систем байдагтаа юм. Өөрөөр хэлбэл амьд организм ямар нэгэн эрдэс бодисоор тэжээгддэгийн адил хүний нийгмийн хөгжлийн гол тэжээл нь Боловсрол юм. Витаминлаг, эрдэслэг тэжээллэг хоол хүнс хэрэглэсэн бие организм хүчтэй эрүүл саруул байдгийн адилаар өндөр боловсролоор тэжээгдсэн хүний нийгэм эрчимтэй хөгжиж, ядуурал эрс багасдаг.

Өөр олон шалтгаан бий

Авилга, хээл хахуул, дэд бүтэц гэх мэт дагавар олон шалтгаанууд ч ядуурлыг тэтгэж байдаг юм байна.
Эрүүл мэнд л гэхэд мэдээж хэрэг ядуу хүн эрүүл мэнддээ хангалттай хэмжээний хөрөнгө зарцуулж чадахгүй. Хангалттай хэмжээний хөрөнгө гаргаж чадаагүй болохоор эрүүл мэнд нь муудна. Ийнхүү эрүүл мэнд нь муудах хэрээр эрүүл мэнддээ хөрөнгө гаргах боломж нь улам хомсдож, ядууралд улам бүр хүлэгдэнэ.

Гэхдээ дээр дурдсан гарааны тэгш бус нөхцөл, хуулийн шударга бус байдал, төрийн оновчгүй, үр дүнгүй засаглал нь манай орны гурван хүний нэгийг ядууруулсан, бас дахиад нэгийг нь ядуугийн ирмэг дээр байлгаж байгаа гол хүчин зүйлс юм.

Яагаад авилга, хээл хахуул их байна гээд гайхаад байх ч юм байхгүй. Олонхи иргэд нь баялгаар ядуу, цөөнх баячууд нь сэтгэлээр ядуу учраас авилга их байх нь аргагүй.

Манай улс төрчид бас нэгэн зүйлийг дахин дахин ярих дуртай болсон. Энэ нь монголчууд ядуу биш, их тансаг хэрэглээтэй улс. Улаанбаатарын гудамжинд багтаж ядаж байгаа энэ олон машиныг хар, хүн бүр гар утсаар ярьж байна, энэ их олон сайхан барилгуудыг хар. Өрх бүр шахуу компьютер хэрэглэж байна. Монголчуудыг ядуу гэж хэн хэлэх юм бэ? Гэх мэт. Ядуурал хаана байгаа юм, хэдхээн орон гэргүй гуйлгачинг хэт их дэвэргэлээ, муу амлалаа хэмээн сэтгүүлчид биднийгээ шүүмжилнэ ээ, бас. "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад..." л байгаа нь тэр.

Өнөөдөр чинь 1990 он биш, 2010 он шүү дээ. Дэлхий нийтэд гар утас, машин, компьютер нь амжиргааны гол үнэлэмж байхаа аль хэдийнэ больж, эдгээр нь ердийн өдөр тутмын хэрэглээ болж байна. Өнөөдөр амьдралын чанарыг огт өөр зүйлсээр хэмждэг болж байна.

"Hyundai sonata" машинтай, Nokia фирмийн гар утас барьдаг залууг мэдээж хэрэг ядуу хүн гэхгүй л дээ. Бас 10 дугаар хороололд 2 өрөө байртай, тэндээ сувилагч, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бол манай дундаж давхаргынхны нэг л байж таарна. Гэрт нь 300 мянгын нэг PC байж ч болно. Сувилагч эхнэрийнхээ цалингаар байрныхаа мөнгө болон утасныхаа төлбөрийг арай гэж хаагаад таксинд өдөр шөнөгүй давхиж байж олж ирдэг хэдээрээ гол орлогоо болгон амьдралаа залгуулж яваа энэ залуу 7 хоног өвдөж, эсвэл нэг машинтай мөргөлдөөд машин нь будаа боллоо гэхэд л тэр айл үндсэндээ санхүүгийн хувьд барьц алдан сандарч байна. Өөрөөр хэлбэл тэр машин нь, гар утас, компьютер нь ар гэрийн амьдралын баталгаа болж чадахгүй гэсэн үг.

Тэр залуу хичнээн өдөр шөнөгүй уйгагүй давхилаа ч 2 өрөөгөө 3 өрөө болгож томруулах, эсвэл Гуанжоуд очоод Азийн наадам үзчих боломж гарахгүй. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ гэж үүнийг л хэлнэ дээ. Тэдэнд амжиргаанд нь хангалттай хүрдэг цалин, баталгаатай ажил алга. Тиймээс ядуурлын ангал дээр байгаагаа тэд хэзээ ямагт мэдэрч, түгшиж явдаг.

Ядуу ангилалд буй, олон улсын стандартаар бол өдөрт нэг доллароос доош орлоготой 900 мянга орчим монголчуудаа үл тооё гэхэд дундаж давхаргынхан гэгдэх сая 700 мянга орчим иргэдийн маань олонхи иймэрхүү л аж төрж байна даа.

Эцсийн эцэст бид өөрсдөө л бууруутай

Өгүүллийнхээ эхэнд тавьсан бидний ядууралд хэн буруутай вэ гэсэн асуултдаа эргэж орьё. Юутай ч Монголын гурван хүний нэг нь арчаагүй залхуудаа ядуу байгаа юм биш. Биднийг ядууруулж буй гадны хүчин зүйл байна. Тэр нь юуны түрүүнд үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа Монгол төр байна. Мэдээж хэрэг муу төр муу засаглалыг явуулна, муу засаглал байгаа газар хууль алагчилж үйлчилнэ, шударга бус явдал газар авна. Муу төрийн шалтгаан нь тэнд муу хүмүүс очсоных.

Гэвч эцсийн эцэст тийм муу хүмүүсийг танилгүй хульхидуулж сонгоод, төрийнхөө алтан жолоог май гээд өгчихсөн сонгогч ард түмэн бид өөрсдөө л буруутай болох нь.
Тийм болохоороо л "Хохь чинь ээ, хохь чинь" гэж Баабарт ам руугаа алгадуулж байгаа юм даа.

Thursday, November 25, 2010

ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

/Цуврал тэмдэглэл – 2/

Наран урган зүгт эх орон минь бий гэж
Насанд мөнх залбирч явлаа

ЭРтний дорнын яруу найргаас

Харьяат байх, иргэн байх хоёрын хооронд их ялгаа бий

Нэлээд хэдэн жилийн өмнө Бээжингийн онгоцны буудалд нислэгээ хүлээх зуур, нэгэн залуутай танилцсан нь олон улсын тэмцээнүүдэд хятадын нэрийн өмнөөс оролцож, багагүй амжилт үзүүлж явсан өвөр монголын бөх залуу байв. Чухам бөхийн аль төрөл, ямар жинд барилддаг энэ тэр нарийн ширийн зүйлсийг нь мартаж, тэр цагаас хойш 7 жил өнгөрч, гэхдээ л тэр монгол залуугийн ярьсан нэгэн яриа сэтгэлээс огтхон ч гарсангүй. Ярианы завсар зуурт түүнээс санаандгүй ийм гэнэн тэнэг ч гэхээр зүйл асуучихав.
-Чамайг дэвжээнд гарахад хаанахын бөх гэж дууддаг вэ? гэсэнд
-Мэдээж Хятад улсын бөх л гэж дуудна шүү дээ. Түүний ярианд нэг л дургүйцсэн өнгө илэрсэнд би


-Тэр ч нээрээ тийм л дээ. Би монгол хүнтэй ярьж байгаа болохоор л санамсаргүй ингээд асуучихлаа гэж утгагүй мэдээжийн зүйл асуусан хийгээд эмзэглэж явдаг зүйлийг нь санаандгүй хөндөж орхисноо мэдээд цайруулах арга хайв. Миний тэр алдаагаа хүлцэж буйг маань ойлгов бололтой над руу ялимгүй налсхийгээд, дуугаа намсган,
-Би чинь одоо Хятад улсын харьяат хүн шүү дээ. Уг нь өөрийгөө монгол хүн гэдгээ дэвжээнд гарах бүртээ боддог. Хятадын нэрийн өмнөөс барилдаж байгаа ч би цаанаа монголынхоо өмнөөс барилдаж байна л гэж дандаа боддог юм. Гэснээ хэсэг зуур дуугаа хураав. Тэгээд
-Би энэ улсын харьяат, гэхдээ би өөрийгөө Монгол Улсын иргэн гэж бодож явдаг юм гээд “Үүнийг та ойлгох уу даа” гэж эргэлзсэн байртай над руу ширтэж билээ.
Тийм дээ, харьяат байх бол нэг хэрэг, хүссэн ч, эс хүссэн ч харьяалагдаж, дээвэр дор нь толгой хорогдож, хууль журмыг нь дагах ёстой болж буй хэрэг. Харин тусгаар улсын иргэн байх бол огт өөр асуудал юм. Энэ нь иргэний эрхээ ч эдэлж, үүргээ ч биелүүлж явахын нэр, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийнхээ нэгэн амьд эд эс гэдгээ мэдэрч явахын нэр юм.
Нөгөө талаар, Монгол Улс хэмээх монгол үндэстний бие даасан тусгаар улс оршин тогтнож байгаа нь өнөөх өвөрлөгч залуугийн хувьд хэдий өөр улсын харьяат ч гэсэн спортын их дэвжээн дээр тэмцэж, ялж ялагдаж явахынх нь утга учир төдийгүй ерөөс өөрийгөө мэдэрч, амьдарч, тэмүүлж яваагийнх нь мөн чанар болж байдаг аж.
Ер нь өөр улс орны харьяанд байдаг монголчуудад ийм ойлголт, мэдрэмж их түгээмэл байдаг юм болов уу гэж бодогдсон. Бид л хятадад байгаа үндэс нэгтнүүдээ–хятад, орост байгаагаа–орос, дундаж азид байгаагаа–лалууд гэх мэтээр үл тоодог болохоос биш, тэдний олонхийнх нь хувьд Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс бий гэсэн итгэл, бахархал нь тэдний оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь ганц гэрэл гэгээ болж байгаа юмсан уу гэсэн бодол дандаа төрдөг юм.
Үүнийг бататгасан нэг бус явдлын тухай би өмнөх цувралууддаа бичиж байсан даа. Хятадын умард Шинжаан, Тэнгэр уулсын ар хормойгоор орших уугуул зүүн гарын монголчуудын төлөөлөгч болох нэгэн залуутай Индианад ярилцаж суухад тэрбээр, “Одоо зүүн гарын Монгол хүн бүрт нэг л мөрөөдөл байдаг. Тэр ганц мөрөөдөл бол Монгол Улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой...!!!” гэсэн юм.
Мөн Чингис хаан архины хоосон шилийг хог дээр хаяхад ихэд уурлаж, цээжиндээ тэврэн одсон Тайваний Цахар монгол залуугийн тухай ч бичиж байсан санагдана. Монголоор “Ах, би Чахар хүн” гэхээс өөр нэг ч үггүй тэр залуугийн хувьд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руугаа шидчихдэг тэр "Чингис" архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг юмсанж.

Тусгаар тогтнолыг хүмүүс янз бүрээр мэдэрдэг

Өнгөрөгч зун Станбулд Аббас хэмээх Афган залуутай буудлын нэг давхарт, нэг жигүүрт, бүр өөд өөдөөсөө харсан хаалганд долоо хонов. Намайг Монголоос яваа гэхээр их л олзуурхан баярлаж, хамтдаа гадуур тэнэж, хамтдаа хооллож, орой үдэш дэмий ярьцгааж, богинохон хугацаанд ч гэсэн чухам ахан дүүс шиг дотносов. Тэрбээр Афганы Бамаян мужийн хазар хүн. Одоо Засгийн газрынхаа хэвлэлийн албанд ажиллаж буй.
Аббас надаас Монгол Улс үнэхээр тусгаар улс мөн үү гэж дахин дахин лавлаж асууна. Оросын, эсвэл Хятадын хараат, тоглоомын улс биш үү? Засгийн газарт нь дандаа монгол хүмүүс ажилладаг уу? Гадны зөвлөхүүд хэр олон бэ? гэх зүйлсийг тун нухацтай асуугаад, тэр бүрт үгүй гэхээр эргэлзсэн байдалтай толгой сэгсэрч суух. Монгол Улс бол бүрэн тусгаар улс, ямар ч улсын нөлөө, хараат байдал байхгүй гэдэгт бүрэн итгэсэн хойно тэр маш их баярлаж, учиргүй хөөрөн, чухам сая нэг юм боолын гинжнээс суллагдсанаа мэдэж буй хүн мэт аашилж билээ. Тэгээд миний авч явсан Чингис хааны 9 цагаан сүлдний зурагтай номын хавчуургыг машид бэлгэшээн авч одсонсон. Аббасын хувьд Тусгаар Тогтносон Монгол Улс гэдэг ямар эрхэм чухал зүйл байдаг тухай бодож суухад өнөөх өвөрлөгч бөх залуугийн яриа эрхгүй санагдаж байсансан.

Мөн саяхан Хятадын харьяат нэгэн монгол залуутай ярилцаж суулаа. Энэ зун хөдөөгийн малчин аав нь хятадаас ирээд буцсан гэнэ ээ. Тэр өвөр монгол хөгшнийг Монгол Улсад хамгийн их баярлуулсан зүйл нь хаашаа л харна дандаа монголчууд, хаана ч тэр цаг үргэлж л монголоороо ярилцаж байсан явдал гэнэ. Өөрөөр хэлбэл тэр Бор талын хөдөөгийн монгол эрийн хувьд Монгол Улсын тусгаар байдлыг чухам үүгээр мэдэрсэн байна. Түүнээс биш тэр хөгшинд монгол орон хөгжил дэвшил сайн уу, муу юу, зам нь сайхан юм уу, хүмүүс нь найрсаг уу, эсвэл муу хятад гээд өөрийг нь ад үзэж байна уу, монголчууд дотроо хэрүүлтэй, тэмцэлтэй юу гээд бидний хувьд ямагт асуудал болж байдаг зүйлс огтхон ч сонин байсангүй. Ердөө л Монгол Улс тусгаар байгааг мэдэрсэн нь чухал байж.
Нутагтаа бол, тэдний мужид 5 сая хүн амьдардгаас дөнгөж 100 мянга нь л монголчууд. Уг нь анх Монголд ирэхдээ оросууд, цөөхөн монгол л байдаг гэж төсөөлж байсан бололтой юм уу даа.

Индианагийн Их сургуулийн хэлний сургуульд TOЕFL-ийн шалгалт өгч байлаа. Миний чанх өмнө Даш хэмээх нэг улаан хүрэн төвд залуу суусан юм. Бид өмнө нь Блүүмингтонд байх Ажаа гэгээнтний сүмд нэг бус таарч байсан, зүс таних билээ. Энэ шалгалтыг өгч байсан хүмүүс мэднэ дээ, шалгалт эхлэхэд тестийн хуудас дээр олон зүйл бөглөдгийн дотор шалгалт өгч буй хүний харьяат улсынх нь код байдаг.
Шалгагч багш самбар дээр улсуудын код бичсэн дэлгэц байрлуулсан байлаа. Тэдэн дотор Монгол Улсын код тодоос тод. Гэтэл Даш маань “Багшаа, би улсынхаа кодыг олохгүй байна” гэв. “Аль улс билээ?”. “Төвд”. “За хамтдаа хайцгаая”. Багш самбар дээр хайгаад Төвд улсын нэрийг олсонгүй. Тэгээд шалгалтын материалууд дотроосоо хэдэн хуудас гаргаж ирээд дахин дахин шүүж үзээд олсонгүй бололтой, сургуулийн сургалтын алба руу ярив. Гэтэл цаанаас нь ийм хариу иржээ.
“Энэ дэлхий дээр Төвд гэдэг улс байдаггүй. Төвд үндэстэн бол Хятад улсын нэгэн хэсэг байна. Тэгэхээр Хятад улсын кодоор явна”.
Үүнийг сонссон Дашийн маань чих минчийтлээ улайрч, хүрэнтээд ирлээ. Угаасаа улаан хүрэн хүний чих их улайхаараа халсан пийшингийн бөөр шиг хүрэнтээд, чинэрдэг юм билээ. Тэрбээр хэсэг зуур, бараг нэг минут гаруй таг хөшиж орхив. Би ард нь суусан тул царайг нь хараагүй бөгөөд царайд нь чухам ямар өөрчлөлт орсныг төсөөлж байна. Шалгагч багш их гайхаж, учрыг олж ядсан, гайхаш тасарсан байдалтай бидэн рүү нэг, бас Даш руу нэг харж байв.

Тэгэхэд Даш зүрхэндээ яг л хутга шаалгасан мэт болсон байх даа гэж бодогддог. Харин надад болон тусгаар Монгол Улсын иргэн бүрт хэзээ ч ийм хэцүү явдал тохиолдохгүй, тиймдээ ч бид тусгаар тогтнолоор цангаж, туйлдаж, цөхөрч яваа тэр тэр Төвд залуугийн зүрхний угт байдаг энэлэл, зовлонг нь тэр бүр ойлгохгүй юм даа.