Thursday, March 28, 2013

Гайхамшигт түүхийн учир



(Зохиолч, зураач Т.Мандирийн “Саран зэв” түүхэн туужийн тухайд)


Ямар ч сэцэн мэргэн тайлбар Аугаа их гүрэн улс үүсэж тогтсон нууцыг бүрэн дүүрэн илэрхийлж огтоос чадахгүй юм. Тэр дундаа хүн төрөлхтний түүхэнд тулгасан Чингис хааны “Монгол зарчим”-ын тухайд бүр ч боломжгүй.

                                     А. Дугин


***
1811-1812 онуудад болсон Орос-Францын дайны тухай түүх унших, мэдэж ярих нэг хэрэг, харин тэр түүхийг арай сайн мэдье гэвэл, тухайлбал, Лев Толстойн “Дайн ба Энх”-ийг уншихаас өөр гарцгүй. 
Эртний аугаа хүчирхэг Ром гүрэн ёс суртхууны ялзрал, оюун санааны доройтлоосоо нуран сүйрсэн тухайд бид захын түүхийн ном, сурах бичгээс уншиж чадна. Харин тэр ялзрал, доройтол гэгч нь чухам юу гэгч болохыг мэдэх хэмээвээс, тухайлбал Хенрих Синкевичийн “Кью Вадис”-ийг унших шаардлагатай.
XIII зуунд Азийн уудам нутгийн аглагт аж төрж асан сая ч хүрэхгүй хүн амтай Монгол үндэстэн гэнэт дэлхий дахиныг цочоон түйвээж, харанхуй эриний дундад зуунуудыг сэгсчин сэрээж чадсан тэр гайхам үйл явдал чухам ямар эрч хүчний эрхээр болсон бэ гэдгийн мөн чанарыг “Монголын нууц товчоо”-г арвантаа эргүүлж уншихгүйгээр хэзээ ч ойртож онохгүй.
XIX зууны Баруун Европ, Америкийн нийгмийн амьдралд үүсч бий болсон оюун санааны болон эдийн засгийн хямралын мөн чанарыг Бальзак, Золя, Драйзер зэргийг уншихгүйгээр танин мэднэ гэдэг эргэлзээтэй. Энэтхэг, Хятадын ард түмний сэтгэлгээг “Махабхарата”, “Рамаяана”, Күнз, Лү Шүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Чухам нийгэм, эдийн засгийн талаарх үзэл хандлагад нь хэн нэгэн эдийн засагч, тэр ч бүү хэл Фрудоноос илүүгээр Бальзак нөлөөлсөн болохыг Ф.Энгельс онцгойлон бичсэн нь бий.
Эртний Грэгийн түүхээс Хомерийг аваад хаячихлаа гэхэд ард нь юу үлдэх бол? Юу үлдэхэв дээ. Чухам эртний Грэгийн түүхийг аугаа их болгож байдаг очир эрдэнэ нь баатар зоригт Спартчууд ч, ардчилагч Афинчууд ч биш, зөвхөн Хомер. Яагаад гэвэл Спартчууд баатар зоригоо Хомероос өвлөж, Афинчууд үзэл санаагаа Хомероос зээлсэн билээ.
Ромын Бүгд найрамдах улс хүчирхэг байсны нууц нь газар өмчлөлд оршиж байсныг мэдэхийн тулд Тренцийг, дундад эртний үед европ дахин католик сүм хийдийн үхширмэл дэглэм дээр муйхраар тогтож байсныг Сервантес, Раблег, Англи болоод Германд улс төр, үзэл санааны систем хэрхэн хувирч өөрчлөгдөж, дэвшиж байсныг Их Шекспир, Гёте нарыг уншиж байж бүрэн дүүрэн мэдэх боломжтой. XIX зууны төгсгөлд, XX зууны эхээр барууны ертөнцөд оюун сэтгэлгээ, ёс зүйн хэвшиж тогтсон ойлголтууд эвдэрч, үнэлэмж өөрчлөгдөн, төөрч мунгинасан их эрэл хайгуул, задрал, хямралын тухайд Достоевскийг, Ницшег, үгүй ядахдаа Кафкаг унших болно.
Ардын аман зохиол л гэхэд ард түмний ой санамжийнх нь илэрхийлэл болж байдаг. Энэ нь өөрөө тэр ард түмний түүх эхлэх цэг нь юм.
Түүхчид ч биш, философичид ч биш, улс төрчид бол бүр ч биш, чухам шилдэг сайн яруу найрагч, зохиолчид л ард түмнийхээ оюун санааг, үндэсний ухамсарыг сэргээн хөгжүүлж, эрхэм чухал үнэ цэнэ гэгч зүйлийг үе үеийнхээ оюун санаанд итгэл үнэмшил, үг хэлээр дамжуулан хөрслүүлэн суулгаж байдаг. Италийн ард түмний оюун санааны үнэлэмжийг дундад зуунд Даньте, Петрарка нар үүрч явсан бол хожуу тэр ачаа “Пиноккио” хэмээх жижигхээн хүүхдийн зохиолд ногдсон байдаг нь сонихон. Өөр бас олон зүйлийг дурдаж болно.
Энэ бүхнийг дурдахын учир нь зохиолчид, уран бүтээлчдийн бүтээл туурвилаас түүхийн жинхэнэ дүр төрхийг олж харах боломж илүү гэдгийг хэлэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл түүх бичлэгт зөвхөн хаяг адрес, гарчиг томьёог төдий зүйл л тусах ба харин гарчиг бүхий хаалганы цаадтаа өрнөдөг далай баян амьдралыг утга зохиол л гүйцээж бичдэг байна. Чухам тиймээс жинхэнэ түүхийг түүхчид биш харин зохиолчид бичдэг гэдэг нь үнэн юм.
Түүх гэдэг бол нэгэнт болоод өнгөрчихсөн үхмэл үйл явдлуудын хэлхээс төдий биш, өөр хоорондоо маш нарийн учир зүйгээр холбоотой, ар араасаа түүхэн үйл үрийн эрхийг ямагт нөхцөлдүүлж байдаг амьдаас амьд организм. “Түүх гэгч бол өнгөрсөн рүү харсан зөнч юм” гэсэн мэргэн үг нэгийг хэлнэ. Хувь хүн хийгээд ард түмнүүдийн хувь тавилан, баяр жаргал, зовлон гуниг, орших, эс оршихийн төлөөх тэмцэл, сэтгэлийн хурц содон хөдлөл зэрэг нь түүхэн үйл явдлуудын учир шалтгаан, холбоос болж, улмаар түүхийн хүрдийг эргүүлэх хөшүүрэг, далд хөдөлгөгч хүчин зүйл болж байдаг.
Хэдийбээр уран бүтээлч хүн түүхэн үйл явдалтай ямар ч холбоогүй цэвэр дотоод мэдрэмж, бясалгалын бүтээл туурвилаа ч гэсэн түүний үг өгүүлбэрээр илэрч буй илэрхийлэл бүхэнд амьдарч асан цаг үе нь амьсгал, санаашрал, эрмэлзэл тэмүүлэл, хөгжил дэвшил, уруудал доройтол бүхнээ тодоос тод тамгалж үлдээсэн байдаг.
Гэхдээ мэдээж хэрэг, энд зохиолын чанар чансаа, зохиолчийн авьяас чадвар, ялангуяа түүхэн сэдэвтэй зохиолын тухайд зохиолч маань тэр сэдвийнхээ гүнд орж чадсан эсэх зэрэг асуудал нэн чухал. Дээр нэр дурдсан зохиол бүтээлүүд нь бүгд түүхэн цаг хугацааны шалгуурыг давж гарсан. Өнөө манай телевизүүдээр залхтал цувардаг солонгосын савангийн драмууд шиг шалдир булдар зохиол бүтээлүүдийн тухай яриагүй, яагаад гэвэл тийм бүтээлээс тэр түүхэн цаг үеийг танин мэдэх боломж тунчиг хомс төдийгүй харин ч төөрүүлж холдуулах магадлал ихтэй.


***
Монголчууд бид далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг түүхтэй ард түмэн. Тэр гайхамшигт түүхийн талаар гадаад дотоодын олон арав, зуун түүхчид судалж, мөн төдий тооны зохиолчид уран бүтээл туурвиж иржээ. Гэсэн ч тэр олон бүтээл туурвил, роман, туужуудаас монголын түүхийн тэр хүчирхэг сүр жавхааг сэрж мэдрэх, олж харахад хэцүү. Ихэвчлэндээ мөн чанарыг нь олж оноогүйгээс тойрч хадуурсан, зэрлэг балмадад, тооны олонд тэр сүр хүч нь байсан мэтээр үзүүлэх нь бий. Ялангуяа өрнөдийн зохиолчид дотор ийм хандлага маш түгээмэл.
Мөн хэт эдүгээчилж хялбарчилсан, өөрөөр хэлбэл тэр аугаа түүхийг бүтээсэн түүхэн их хүмүүс, өнөөгийн Улаанбаатарын аль нэгэн баар цэнгээний газрын мухарт суугаа залуу хоёрын сэтгэлгээ, зан суртахууны хэвшил, амьдралын зарчим, хэл яриа зэрэг нь өөр хоорондоо төдий л ялгархааргүй дүрслэгдсэн, оюуны үнэ цэнэгүй бүтээлүүд ч олон. Ер ийм бүтээлүүдийн тухайд “Гэнэн тэнэгүүдэд хорвоогийн явдал дэндүү хялбар төсөөлөгддөг” гэсэн ганц үг л хангалттай.
Аз болоход бидний түүхийн талаар, ялангуяа Монголын Эзэнт их Гүрний үеийн тухай чамбай бичсэн зохиол бүтээл цөөн ч гэсэн бий дээ.
Тэр цөөн бүтээл туурвилуудын нэгэнд зохиолч Т.Мандир авгайн 1993 онд туурвисан “Саран зэв” хэмээх бэсрэгхэн тууж зүй ёсоор орно гэдэгт итгэлтэй байна. Мөн 1980-аад оны сүүлээр “Улаан Од” сонинд цувралаар хэвлэгдэж, 1990 онд ном болон хэвлэгдсэн “Хорин нэгэн хөрөг” ном ч мөн хамаатай.
Т. Мандир зохиолч “Саран зэв” тууждаа Монголын их түүхийн нэгэн өчүүхэн хэлтэрхий болох Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ аван Мэргидийн үлдэгдлийг нэхэн довтолж, Чүй мөрний тэртээд гүйцэн сөнөөгөөд эргэсэн тухай өгүүлсэн хэдий ч Монголын тэр их түүхийн сүр жавхлан, хүч чадлыг бүрэн дүүрэн харуулж чадсан юм. Дусал ус өчүүхэн ч далайн бүхий л шинжийг хадгалж, илэрхийлж чаддаг. “Саран зэв” тууж хэдий бэсрэгхэн ч, өгүүлж буй үйл явдал нь хэдий багахан ч тэр их түүхийнхээ бүхий л шинж чанарыг илтгэж чадах жинхэнэ дусал нь болж чаджээ.
Эндээс түүхэн хүний хүчирхэг хэв шинжийг, үзэл санааг олж харна, тэр аугаа түүхийг чухам ямар хүмүүс бүтээснийг мэдэх болно. Их үйл хэргийг ертөнцийг гэтэлсэн их үзэл санаа, өөрийгөө ч огоорох ёс зүй, чигч шударгууд суурилсан зарчмын давуу тал, эргэлзээгүй итгэл үнэмшил, хатуу чанга зан чанар, цэгцэрсэн ухаан билгийн хурц, арга стратегийн уран, давхар далд, холч бодлогоор гүйцэлдүүлдэг. “Саран зэв” зохиолд Бардай сэцний дүрээр энэ чанаруудыг шингээсэн монгол баатар эрийн хэв дүрийг гаргаж чадсан ба Шамдгай болон Онход Чингүдэй нар бол тэр цагийн жирийн монгол цэрэг эр гэдэг хэр зиндааны цараатай, чадалтай, чадвартай байсныг харуулна. Ийм л хүмүүс тэр аугаа цаг үед аж төрж, тэмцэн ялж, цаг үеэ эзэмдэн захирч байсан байна.
Эдгээр дүрүүд бол тэр хүчирхэг үеэ санан санааширсан бидний зүүднээс, зуун зууны цаанаас бидэнд бүрэг бараг сонсогдож буй цуурайнаас төрсөн мэт сэтгэгдэнэ.
Ойрхи Дорнод, Дундад Азиар хэдэнтээ хэрэн, хаад,  султаан, шагуудтай нөхөрлөж ч, тэрсэлдэж ч явсан Сири нутгийн удамт дайчин эр Насирбек монголчуудын хүчирхэг нь юунд буйг өөрийнхөөрөө ухан ойлгож байна.
Түүнийг “...Энэ монгол жанжнуудын хувьд, тэр тусмаа Сүбээдэйд ямар нэгэн хэвшмэл хатуу эрэмбэ үгүй бололтой. Тэд байгал хийгээд хүмүүсийг өөрийн зоргоор захирч чаддаг. Тэдний хувьд бурхан чөтгөр, хутагтан, мяндагтан цөм адил, Мөнх тэнгэрийн эрх тэгш боол байх юм. Нөгөө гайхал Худу, Чулуун нар нь Сүбээдэйн заншлаач байжээ гэвэл одоо Насир огт гайхахааргүй байлаа...” хэмээн товч оновчтой, бас ёгт илэрхийлжээ. Тийм ээ, тэр цагт монголчууд хүмүүс, ард түмнүүдийн хувь заяаг төдийгүй байгалийг ч өөрийн зоргоор захирч чадаж байсан. Энэ бол хэтийдсэн хүчирхэгийн л шинж.
Оросын судлаач А. Дугин “...Монголчуудын бүдүүлэг түрэмгийлэлд ямар нэгэн тэнгэрлэг зүйл оршиж байв” гэж бичжээ.  Үнэхээр ч “тийм нэгэн” тэнгэрлэг зүйл бидний түүхэнд бий. Хэрвээ түүхээ бичиж буй бол бидний хэнийх нь ч хувьд чухам тэр тэнгэрлэг зүйлийг эрж хайхад, олоход л хамаг утга учир, зорилго нь бий.
Үнэхээр л Хятадын Шар тэнгисээс умардын Атираат тэнгис хүртэл, Шивэрийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл хорвоогийн дайдыг хэдэнтээ хүлэг морины нуруун дээр хөндлөн гулд дайтан туучиж, дэлхийн их бага 32 үндэстнийг номхотгон дагуулж, их бага 65 тулаанд зөвхөн ялан гарч байсан Их Сүбээдэй баатар л ийм үг хэлж, ийм төрхөөр сууж, ийнхүү бодож сэтгэж, аашилж аяглаж чадна даа гэсэн сэтгэгдэл “Саран зэв” туужийг уншиж байхад эрхгүй төрөх билээ. Энэ нь зохиолч тэр хүчирхэгийн учир болох “тэнгэрлэг зүйл”-ийг эрж хайсны тодорхой үр дүн гэж ойлгож байна.


***
Акира Курасовагийн кинонууд, ялангуяа “Долоон самурай”-г үзэж суухад өөрийн эрхгүй дундад зууны Японд оччихсон мэт сэтгэгдэл төрнө. Тэр үеийн эгэл тариачин япон хүн гэгч ямархан өрөвдөлтэй дүр төрхтэй, ядруу сэтгэлгээ бодолтой байсныг ямар ч түүхийн баримт нуталгаагүйгээр харж болно. Мөн дайчин самурай эрийн эр зориг болон зарчим гэгч юу болохыг Нитобэ Иназогийн “Бушидо”-г уншсанаас ч илүүгээр гүнзгий ойлгоно. Зохиол бүтээлийн итгүүлэн үнэмшүүлэх чадал гэгч гайхамшигтай.
“Долоон самуурай”-г үзсэний дараа Эх орны Их дайны тухай шинэ оросуудын хийсэн киног үзэхээр ёстой элэг хатаагаад хаячихна. Тэнд үхэл сэхлээ, эрэгчин эмэгчинээ үзэж, эх оронтой байх уу, үгүй юу гэдгээ тэнсэж буй дайчин эрс бус модон буу бариад байлдан тоглож, маазарч марзагнаж буй залуус л харагдана. Нэг талаар их гуниг төрнө. Хүнд хэцүү тэр цаг үеийн гамшиг, бэрх бүхнийг үзэж, туулж, үүрч ирсэн, үгүй ядахдаа түүний үр нөлөөг амсаж ирсэн хүмүүсийн үе өнгөрөхөд дараа үе нь тэр хэцүү бэрхийг тоглоом тоглох төдийгөөр мэдэрч, сэрж байгаа нь тэр. Сүүл үеийн судалгаагаар 68 сая, тэр талийгчдийн 27 сая нь оросууд өөрсдөө байсан юм шүү дээ. Зөвхөн Ленинградын (Одоогийн Санкт Петербург) бүслэлтэд л гэхэд хэдэн зуугаараа өлсгөлөнгөөр хиарч байв. Их өлсгөлөнгийн үед гарсан “Сүүлчийнхээ төмсийг дуусахаар үр зулзгаа элгээрээ л тэжээх болно дээ” гэсэн хэлц үгийн утгыг хойч үе нь бүрэн ухаж ойлгохгүй байна гэхэд гутах, гуних ч бага хэрэг болно. Хэдэн жилийн өмнө энэ хэлц үгийг нэгэн нийтлэлдээ ашигласны дараа “Элгээрээ яаж тэжээх юм бэ?” хэмээн гайхан, бас тохуурхан дооглож байсан залуугийн өөдөөс би нэг ч үг хэлж чадаагүй санагдана.
Хемингуйэ нь ч билүү, нэг нь “Дайны тоос үнэрлэж үзээгүй хүн дайны тухай бичнэ гэдэг хэцүү” гэж бичсэн нь бий. Тэр үнэн. Гэвч хэцүү гэдэг нь боломжгүй гэсэн үг хараахан биш билээ. Тэр түүхэн цаг үед ойртож болно, орж ч болно. Өөрөөр хэлбэл түүхэн зохиол бүтээл туурвихад зөвхөн тухайн түүхээ мэдээд зогсохгүй харилцан хамааралтай улс үндэстнүүдийн түүх, угсаатны зүй, ёс заншил, зэр зэвсэг хийгээд түүнийг хэрхэн хэрэглэх арга зүй, цэргийн байлдааны арга тактик, хувцас, хоол, эдийн соёл, тэр цаг үеийнхээ хэвшил дадал, хэл хэллэг, байгал цаг уурыг нь хүртэл судлах шаардлагатай.
Хамгийн гол нь дүрслэх гэж зорьж буй тэр цаг үеэ гүн гүнзгий мэдрэх, тэр цаг үеийнхээ зовлон шаналал, бахархал бардамналынх нь дуу хоолойг сонсож чадах чадвар нэн чухал билээ.
Чухам тэгэж чадсан учраас л Акира Курасоваг дэлхий нийтээрээ бахархан дахин дахин үзэж байна. Чадаагүй учраас л шинэ оросуудын хийсэн киног би хүртэл шоолон инээж байгаа болно.
Тиймээс ч хэр хэмжээгээ мэддэг зохиолчид түүхэн зохиол руу тэр бүр зүрхлэн ороод байдаггүй ба хэрвээ түүхрүү орж буй бол тэр нэг бол мунхаг харанхуйнх, эсвэл жинхэнэ томоохон уран бүтээлчийн зиндаанд хүрснийг харуулж байдаг.
Судалгаа чухал юм. Даацтай нөр судалгаан дээр тулж бичсэн бүтээлүүдийн нэг бол Б. Ренчин абугайн “Заан залуудай” тууж. Хэдэн арван мянган жилийн өмнө, чулуун зэвсгийн эриний төгсгөл орчимд Төв Азид хүний отог овгууд хэрхэн бий болж, аж төрж байсныг бүхий л талаас, байгал, цаг ууртай нь, араатан амьтантай нь, хувцас, хэрэглэл, аж төрөх арга дадал хийгээд бусад зэрэгцээ оршихуйг сайтар судалж байж л тийм бүтээл туурвих боломжтой. Тиймээс ч үнэ цэнэтэй байгаа билээ.
Т. Мандир, зохиолч төдийгүй түүхч, зураач хүнийхээ хэргийг гаргаж олон талын судалгааг сайтар хийсэн нь энэ бүтээлээс харагдана.
Ил шарханд түрхдэг талхан эм гэгч чухам юу болох, ган хуягний давалч хаанаа байдаг, хулсан хуягийг чухам яагаад шар тос нэвчүүлсэн зөөлөн бөсөөр зүлгэдэг болох, яагаад яг хорин нэгэн цуулдсаар гал асаадаг, зэвлэх морийг хэрхэн сонгож, сургадаг гэх мэтчилэн аар саархан мэт боловч түүхэн үеэ илэрхийлэх тун нарийн мэдээллүүдээс эхлээд их цэрэг хэрхэн хуйрагнадаг, илдэч, хэвтүүл нь ямар үүрэгтэй, монгол армийн дунд илэрхий байсан “дуугүй дохь” гэдэг ойлголт болон дэлхээ жагсаалаар дайрах гэгч юу болох, тухайн газар орныхоо байр байц, тэр үед нэрлэж асан дуудлага, тэр бүс нутагт аж төрөх ард түмнүүдийн тухай ч олон нарийн ширийн зүйлсийг энэ зохиолдоо ашигласан нь яах аргагүй дүрсэлж буй цаг үеийнхээ дүр төрхийг илүү их итгэл үнэмшилтэй, бодитой болгож байна.
Зохиолыг өвөрмөц болгож буй нэг содон тал нь хэл хэллэг, утга найруулга юм. Т.Мандир зохиол бүтээлээ “... Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн хэлний үг найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэлийг тэр цагийн түүхт хүмүүсийн үг найруулга үнэхээр л иймэрхүү байсан болов уу гэж үнэмшигдэхээр “түүхэн өнгө аяс” бүхий үг найруулгаар бичиж чаддаг”-ыг Ш. Гаадамба агсан анзааран харж, “Хорин нэгэн хөрөг” номонд нь оршил бичихдээ дурджээ.
Эндээс, хэрвээ зохиолч нэгэнт улирч өнгөрсөн түүхийн тухай түүхэн зохиол бүтээл туурвилаа гэхэд тэр дүрсэлж буй цаг үеийнхээ дүр төрхийг ямар ч түүхчээс илүүгээр илэрхийлэн гаргах чадвартай байдгийг Т.Мандир зохиолч энэхүү бүтээлээрээ илэрхий харуулж байна.


***
“Саран зэв” тууж хэвлэгдсэнээс хойш нэгэнт хорин жил өнгөрчээ. Царай муутай хэвлэгдсэн энэ ном хуучин номын лангууны буланд шоовдорлогдсон мэт хааяа тааралдана. Ардчиллыг зөвхөн өөрийн дуу хоолойг л сонсгох, өөрийгөө илэрхийлэх төдийгөөр хялбарчилж ойлгосон түмэн олон бие биерүүгээ “Би, Би” гэж хашгичсаар энэ мэт эрхэм сайхан бүтээлийг анзааралгүй хорин жил болчихжээ. Гэвч өдгөө цаг эргэж байна. Үзэл санаа, зарчим эрж хайсан шинэ үе ч гарч иржээ. Энэ шинэ үеийнхэн энэхүү бэсрэг туужыг таалан уншиж, бас танин мэднэ гэдэгт ч итгэлтэй байна.

Б. Номинчимэд
Зохиолч, сэтгүүлч
2013 оны 3 сарын 21.

5 comments:

Сэгсгэр said...

Uneheer saihan hereg. Bayar hurgeye. Shine, goyo medee bna

Б.Номинчимэд said...

Сайн уу, Наанаас чинь блогт болоод фэйсд ороод болж байна уу

Сэгсгэр said...

Зүүдэндээ ороод гарлаа. Зүүдэнд хориг үйлчилдэггүй юм байна. хэхэ

Я.Баяраа said...

Талархан баярлахгүй байхын учиргүй учрал тохиол байнам.

Мандир гуай ч үнэн самсаа шархиртал авна шүү дээ. Тэр Хубилай жанжин үүрээр гадуур алхаж ирээд, эргэж талын зүг ширтэн гишгэсэн мөрөө хардаг хэсэг дээр аргагүй л насны хярд гарсан цөлх монгол эр харагддаг юм.

Dorjoo said...

Саран зэв романыг заавал хайж олоод уншнаа...