Wednesday, April 3, 2013

Аттила хааны алдар суу, аугаа ялалтын нууц

(Уэсс Робертсийн “Хүннүгийн хаан Аттилагийн Удирдахуйн ухааны нууц” номын тухайд)
 
Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ?
Загалмайтны тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.
- Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав?
- Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн “Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, “Хүннүгийн дэг ёс”-ыг /Pax Hun/тунхаглаж чадав аа?
- Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв?
- Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед “Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурхнаас илгээсэн “Тэнгэрийн ташуур”, “Бурхны бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?
Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.
Америкийн эрдэмтэн Уэсс Робертсийн “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.
Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар “балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр “Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.
Уэсс Робертс Аттила хааны үйл хэргийг нарийн нягт шинжлэн судлаад, түүний амьдралдаа, улс орныхоо удирдлагад, олон улсын харилцаанд баримталж байсан зарчмуудыг гарган иржээ. Тухайлбал,
- Чи хаан байлаа ч гэсэн хүн бүр чамтай санал нийлэх албагүй, (ардчиллын амин сүнс)
- Зорилгогүйгээр бусдын дургүйг бүү хүргэ, (Чингис хааны “Хэвтэж буйн хэвлийг, сууж буй хөхлийг бүү хөнд” гэсэн зарчим)
- Удирдагч хүн эрх мэдлээ буруугаар ашиглаж хэзээ болохгүй. Ийм үйлдэл маш том зөрчил үүсгэж, үймээн самуунд хүргэнэ (эрх мэдлийн хэм хэмжээ, үлгэрлэн дагуулах ёс)
- Хуулийн үзэл санаа удирдагчийн хүсэл зоргоос ямагт дээгүүр гэдгийг бүү март. (хууль, ёс журмын хүрээнд ажиллах)
- Удирдлагад буй хүмүүс нь хэлсэн болгоныг нь эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрдөг хаан бол зөвхөн тоглоомын хаан. (бүтээлч санаачилга бүхий удирдах баг амжилтын нэг үндэс)
- Удирдагч гарцаагүй ялах давуу хүчтэй байх албагүй, харин ялалтаар цадаж ханашгүй өлөн байх ёстой. (эрмэлзэл тэмүүлэл, алсын том зорилго)
- Удирдагчийн чанарыг үндэстнийхээ сайн сайхны төлөө хийсэн үйлээр нь хэмждэг. (“Сони” корпорацийн захирлын зарчим)
- Ялагдал нь ялалтаас ч илүү ихийг сургадаг.  (сайн нь миний багш, муу нь ч миний багш)
- Улс төрийн дайнд нүд нь чихээ сонсдог байх ёстой. (бодит хандлагын зэрэгцээ мэдрэмж нэн чухал)
- Ялахгүй бол дайтаж хэрэггүй. (дайнд эсрэг талынхаа хүчин чадал, нөөцийг гүйцэд тагнан мэдэх, бизнест нарийн мэргэжлийн судалгаа хийж байж ажлаа эхлэх)
- Хүннү нар үндэстнийхээ зорилгыг өөрийнхөө зорилготой адилхан чухалд үздэг болсон цагт бид үндэстнийхээ хувьд аугаа ихийг бүтээж чадна. (үндэстний төдийгүй хамт олны ч нэгдсэн ухамсар, эв нэгдэл нь амжилтын үндэс) гэх мэт...
Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ. Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн дасгалжуулагч Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.
Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн “Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд (2009 он) манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт “Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз “Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.
Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.
Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.
Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан “Монголчуудын эртний өвөг” номондоо “Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна. Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай.
Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн “Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.
Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн “Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна.
Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.
Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар “Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.
... Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.
Б. Номинчимэд
2009 оны 11 дүгээр сар 5

Уэсс Робертсийн “Хүннүгийн хаан Аттилагийн Удирдахуйн ухааны нууц” ном Улаанбаатарын бүх номын дэлгүүрүүдэд зарагдаж байгаа.

No comments: