(Ч.Диккенсийн нэгэн романы тухай товчхон. Хүүхдэд зориулсан роман хэдий ч үүхэд нь ч уншваас зохилтой ном болой)
Хүүхэд бүр, ялангуяа хөвүүн болгон хүч
чадалтай, эрүүл чийрэг байхыг хүсдэг. Хүч чадалтай байх нь мэдээж сайн хэрэг.
Гэвч эр зориггүй бол тэр хүч чадал дэмий талаар хэрэг болно. Үлгэрлэвэл аварга
хүчирхэг ч аймхай хулчгар заан өчүүхэн бяцхан хулгана ахайд дийлдэхийн үлгэр
билээ. Хүч чадал, эр зориг хоёр хослох нь үнэхээр сайхан.
Гэхдээ нэг юм дутаж байгаа биз. Энэ
бол саруул ухаан юм. Хэрвээ саруул ухаан
үгүй бол тэр сайхан эр зориг, эрчим чадлыг хий дэмий юманд хайран үрж дуусна
шүү дээ. Дайснаа ялан дийлэхэд, спортын гялалзсан амжилт гаргахад хүч чадал, эр
зоригоос гадна ур ухаан тун чухал. Ур ухаангүй бол зөвхөн сохор азанд найдахаас
өөрөөр ямар ч амжилт нүүр царайгаа харуулахгүй. Орд өргөөг босгоход ч, нураахад
ч аль алинд нь хүч чадал, эр зоригоос гадна ухаан хэрэгтэй. Ур ухаан дутвал
нурааж буй байшиндаа дарагдаж эрсдэх аюул ч учирна. Гэхдээ ухаангүй харанхуй
мунхаг хүмүүс ихэвчлэн нурааж сүйтгэж, эвдэлж, хүмүүсийг хооронд нь
хагаралдуулж явдаг бол саруул ухаантай хүмүүс үргэлж бүтээн босгох, эв нэгдлийг
эрхэмлэх замыг сонгож байдаг. Тэгэхээр саруул ухаан тун чиг чухал байх нь ээ.
Мэдээж хэрэг саруул ухааны чимэг бол эрдэм боловсрол билээ.
Гэвч хүүхдүүдээ, бас нэг юм, хамгийн
гол юм нь дутуу байна. Тэр гол чухал юмыг юу гэж бодож байна вэ?
Хамгийн чухал зүйл бол энэрэнгүй
сайхан сэтгэл болно. Хүч чадлыг шавхаж, эр зоригийг дайчилж, ур ухааны сорьдог
сайн сайхан, буянтай үйл хэрэгт хүмүүнийг зөвхөн энэрэнгүй сайхан сэтгэл л
хөтлөн дагуулдаг юм. Өөрөөр хэлбэл сайн санаа, сайхан сэтгэл нь хүч чадал, эр
зориг, ухаан бодлыг хөтлөн дагуулагч болно.
Одоо хүүхдүүд та бүхэн маань хүч
чадал, эр зориг, саруул ухаан, эрдэм боловсрол, сайхан сэтгэл: – энэ бүхнээс
хамгийн чухал нь юу болохыг эргэлзээгүй хэлж чадна гэж найдаж байна.
Хүн төрөлхтний үе үеийн шилдэг
зохиолч, яруу найрагчид, их сэтгэгчид чухам энэ л үнэнийг уран бүтээлдээ магтан
дуулж, нотлон харуулж ирсэн байна. Тэдэн дотроос хамгийн яруу тод дүрслэн
бичсэн хүн бол Английн зохиолч Чарльз Диккенс юм.
Наполеоны Франц Орост халдан довтолж
байх тэр цаг үед буюу 1812 онд Ч. Диккенс төржээ. Тэр цагийн Англи оронд хүн
хүнээ шударга бусаар дарлан мөлжих нь тун ч хэцүү, эгэл ард олны амьдралд гэрэл
гэгээ бага байсан байна. Манай нийгмийн өнөөдрийн дүр төрх тэр үеийнхээс нэг их
дээргүй байгааг та бид сайн мэднэ. Маш олон хүүхэд амьдралын хүнд нөхцөлд,
наснаасаа хэтэрсэн хүчир хөдөлмөрт зүтгэж байгааг анзаарсан байх. Зах дээр
очиход өөрөөсөө хэд дахин том төмөр тэрэг түрээд зүтгэж байгаа жаал хүүг
дуртайдаа тийм ажил хийж байна гэж хэн нэгэн боддоггүй байх. Бас орон гэргүй
тэнэж яваа зуу зуун хүүхдийн хувь заяа байна.
XIX зууны Английн нийгмийнх нь энэхүү
гэм согог ядуу албан хаагчийн гэр бүлд төрсөн Диккенсийн бага насны амьдралд ч
сүүдрээ тусгажээ. Түүнд сургуульд тууштай суралцах боломж олдсонгүй, амьдралын
эрхээр бүр 10 настайгаас долоо хоногийн хэдхэн зоосны төлөө ажил хийж эхэлсэн
байна. Ийнхүү ядуу зүдүү амьдрал туулж, хүнд хэцүү ажил хөдөлмөрт бага наснаас
зүтгэсэн нь амьдралын үнэ цэнийг, хүн хийгээд үйл хэргийн сайн муугийн ялгаа
заагыг гүн гүнзгий ойлгож танихад нь тусалж, хожмын аугаа их зохиолч болгожээ.
Хэрвээ тэр амьдралын эрээн бараан, сайн мууг тийм хурц, тодоор ялган салгаж
таньж чадаагүйсэн бол мундаг зохиолч болно гэхэд эргэлзээтэй. Ч.Диккенсийн
авьяас билгийн их түүдэг галыг амьдралын хүнд хэцүү, нийгмийн шударга бус явдал
улам ихээр хурцалж өгсөн байна. Их салхин түүдгийг хөгжөөж, дэнг бөхөөдөг шүү
дээ. Яг л түүн шиг....
Аль таарсан ажлаа хийж явсаар, улмаар
хэвлэх үйлдвэрт ажилд орсон нь түүний амьдралд чухал эргэлт болох учиртай байв.
Хэвлэх үйлдвэртэй холбогдсоноор сонин сэтгүүлийнхэнтэй ойртох боломжтой болж,
улмаар сонины сурвалжлагч, сэтгүүлч болсон байна. Тэр сурвалжлагч байхдаа маш
их хөдөлмөрлөж, өдөр бүр дор хаяж 30 хуудас бичдэг байв. Хүмүүст тэр нь ихэд таалагдав.
Яагаад гэвэл тэр огт санаанаасаа зохиогоогүй, бага балчир, идэр залуудаа олж
авсан амьдралын туршлагаа л бичжээ.
Ингээд Лондоны захын дүүргүүдийн
борчуулын аж амьдралын тухай бичсэнээ нэгтгэн “Бозын найрууллууд”
анхны номоо 1836 онд 24 насандаа хэвлүүлжээ. Энэ номонд хүнд хэцүү, тарчиг ядуу
амьдрал, шударга бус бурангуй орчинд шударга ёсонд итгэх итгэл найдвар л
хүмүүст амьдралынх нь гэрэл гэгээ, зан
суртхууных нь чиг баримжаа болж буйг харуулжээ.
Түүнээс хойш Ч.Диккенс хэдэн арван
роман бичсэн бөгөөд тэдгээр нийгмийн романууддаа анхны номынхоо дээрх санааг
улам гүн гүнзгий, өргөн дэлгэр болгон баяжуулж, уран сайхны өндөр түвшинд бичиж
туурвисан байна. Тэр хүмүүсийг хэрхэн хайрлахыг, тийн хайрлахын утга учрыг нэг
нэгнээ дарлан мөлжсөн, нэг нэгнээ алж хядсан хатуу ширүүн эрин зууны хүмүүст
сэргээн сануулж, заан сургаж иржээ.
Ингэснээрээ Ч.Диккенс хүн төрөлхтний
сэтгэл зүрхэнд байх мөхөшгүй найдварын галыг улам бадрааж, сайн үйл, сайн
санаа, сайхан сэтгэл, итгэл мөрөөдөл гэгч ямар их үнэ цэнэтэй болохыг нотлон
үзүүлж чадсан юм. Тиймээс л оюун ухаант хүн төрөлхтөн түүний зохиол
бүтээлүүдийг хоёр зууны турш шимтэн уншиж, хөгжингүй орнууд хүүхэд
багачуудынхаа заавал унших номын жагсаалтын тэргүүнд нэрийг нь дурдаж иржээ.
У.Шекспирээс хойш Английн ард түмний оюун санаа, ёс суртхуун, итгэл үнэмшил,
нийгмийн дэвшил хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний нэг хэмээн англичууд
Ч.Диккенсээрээ бахархдаг. Ер ганц англичууд биш, бас англи хэлтнүүд төдийгүй
нийт хүн төрөлхтөн бахархан биширдэг билээ.
XX
зуунд хамгийн олон удаа хэвлэгдэж, олон хүн уншсан номуудын тоонд
Ч.Диккенсийн “Хоёр хотын түүх” болон одоо хүүхдүүд та бүхний
уншихаар хуудсыг нь сөхөж буй энэхүү “Зул сарын магтуу” хоёр ном
нь ордог байна.
Манай ахмад орчуулагч, их гүүш нарын
хичээл зүтгэлээр Ч.Диккенсийн “Оливер Твист”, “Давид Коппервильд”
романуудыг бүр 1960-аад оноос монгол түмэн маань уншиж ирсэн юм.
Мөн манай “Хөх дэвтэр” хэвлэлийн
газраас эрхлэн гаргаж буй Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН
САН-108” цувралаар хүүхдүүд маань Ч.Диккенсийн “Аугаа их итгэл
найдвар” романтай танилцсан билээ. Хөдөө тосгоны өнчин хүү Пипийн хувь
заяаг өөрчилсөн их итгэл найдвар чухам юу байсныг дээрх романыг уншсан хүүхдүүд
сайтар ойлгосон буй за. Бид мөн “Хоёр хотын түүх” романыг нь
хүүхэд багачууддаа зориулан хялбаршуулан найруулснаар хүргэж байгаа болно.
Ер нь Ч.Диккенсийн зохиолуудын
гайхамшигтай тал нь хэдий нэр, он цаг, орон зай нь XIX зууны Англи оронд боловч
утга агуулга, үйл явдал нь аль ч цаг үед, ялангуяа бидний аж төрөн буй өнөөгийн
эх орны маань аж амьдралд маш ойрхон, танил байдагт юм. Тэдгээр романуудаас бид
өөрсдийгөө, бас эргэн тойрныхоо хүмүүсийг олж харна. Тэдний сайн муу үйлийг ялган ухаарна. Тэгээд
юуны учир сайн үйлийг хайрлан хамгаалдаг юм бэ, сайн хүнийг эрхэмлэн
хүндэтгэдэг юм бэ гэдэг талаар эргэцүүлэн бодох болно.
Одоо уншиж эхэлж буй “Зул сарын
магтуу” романаар нь олон арван уран сайхны болон хүүхэлдэйн кино, жүжиг
бүтээсэн бөгөөд уншигч та зарим нэгээс нь үзсэн гэдэгт итгэлтэй байна.
Б.Номинчимэд
No comments:
Post a Comment