.
БИДНИЙ ХАРЖ БУЙ ЕРТӨНЦ "ӨЧҮҮХЭН"...
"... Материаллаг физик оршихуй бол ер оршихуйн ердөө 4-хэн (5) хувь нь гэдгийг өнөө физикийн шинжлэх ухааны судалгаа батлаад байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүс бидний хардаг, хүртэн мэдэрдэг, мэддэг бүхэн бол ердөө мөсөн уулын оройгоос ч жаахан зүйл байх нь. Түүний цаана байгаа 96 (95) хувь нь буюу үнэмлэхүй хэсэг нь одоо та бидний үл мэддэг, үл мэдэрдэг далд нууц ертөнц байх нь..."
Эйнштэйний нэрэмжит олон улсын шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, математик, физикийн шинжлэх ухааны доктор, профессор О.Лхагва гуай ийн ярьж байна. Хэн нэгэн лам, бөө, шидтэн биш шүү. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн физикч эрдэмтний үг.
Махан нүдтэй, цусан зүрхтэй хүмүүн бид зөвхөн барьж үзсэнээ л бодитой гэж үздэг нь худгийн амсараар харагдаж буй жаахаан хэмжээгээр хөх тэнгэрийг төсөөлдөг худгийн өчүүхэн мэлхий лугаа адил... Өөрөөр хэлбэл ертөнц бол бидний нүднээ үзэгдэж буй төдий биш, харин ч тэр бүхэн бол илбэ зэрэглээ, үзэгдэл төдий байх нь. Харамсалтай нь бид ихэнхдээ тэр үзэгдэлд автаж, хууртан төөрөлдөг, тэгээд ахуй явдлаа тэр хуурмаг ойлголтдоо захируулан зохиодог нь эцэстээ бидний амьдралыг эмгэнэлд хөтлөх. Энэ нь өнөөгийн хүн төрөлхтний нийтлэг зовлон бэрхшээлийн учир шалтгаан болж буй мэт.
Бидний шашин шүтлэг, итгэл бишрэл, илбэ шид, зөн ёр, далд ертөнц, парапсихологи, бясалгал, тэнгэр бурхан, чөтгөр шулам, хараал жатга, ерөөл хүсэл гээд буй бүхэн, өөрөөр хэлбэл бодит оршихуйн бус зүйлийг илэрхийлдэг бүхэн энэ бидэнд мэдрэгддэггүй 96 (95) хувьд хамаарах нь. (Гэхдээ хамаарах нь гэж буйгаас биш тэд бүгдээрээ 96 (95) хувь гэсэн үг биш болохыг анхаарна уу?) Энэ нь тэрхүү мэдэгдэхгүй байгаа 96 (95) хувиас өчүүхэн хэсгийг нь мэдэрсэн, ямар нэгэн хэмжээгээр холбоо тогтоосны үр дүн буй за. Мэдээж хэрэг мухар сүсэг, элдвийн хийрхэл, гажуудал, солиорол ч бас энэ мэтийг сүүдэр мэт дагадаг. Гэхдээ тэдгээрт хязгаар бий. Сайн муу нийлж байж сав дүүрдэг орчлон.
Харин бид нэг бол материалист үзэлд хөтлөгдөн, материаллаг ахуйд хэт шүтэх, эсвэл танин мэдэхүйгээс хол ангидаар зүгээр л оюуны мэлмийгээ тас аниад, мухар сүсэгт мунхран туйлшрах нь туйлийн.
.
УЧИР ХОЛБООГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ...
"...Хүний цуснаас жаахаан аваад, алс хол, дэлхийн нөгөө бөөрөн дээр авааччихаад, өнөөх цусны эзнийг нь уурлуулж, бухимдуулах, баярлуулах, өвтгөн зовоох мэтээр хүчээр нөлөөлөхөд алс холд байгаа цусны эсийнх нь бүтцэд яг адилхан үр дүн өгч байгаа нь батлагдсан гэх мэт олон жишээ дурдаж болно... Одоо тэр Японы нэг эрдэмтэн усанд үг шивнээд бүтцийг нь өөрчлөөд байгаа туршилт бол анхан шатны, наад захын зүйл шүү дээ. Тэгэхээр биднийг тойроод асар олон, зүйрлүүлж хэлбэл энэ олон сая гар утасны сүлжээ дуудлагууд шиг үй олон мэдээллүүд, маш нарийн эрэмбийн тоо томшгүй үелзлэл, долгионууд хором тутамд далай мэт давалгаалж байдаг байх нь. Тэр бүхэн шууд мэдэгддэхгүй ч үр нөлөө нь хувь заяаг ч өөрчлөх хэмжээний асар хүчтэй... Товчхондоо учир холбоогүй алив юмс, үзэгдэл гэж үгүй"
Физикч, доктор О.Лхагва гуай цааш нь ийн ярив. Буддын ухаанаар бол учир шалтгаанаар шүтэн барилдсан гэсэнтэй их айлсах ч байхаа магадгүй.
Монголчууд үснийхээ сэв, авсан хумсаа хаа газар хаядаггүй, үсний сэвээ хийдэг тусгай ууттай, түүнээ цуглуулж байгаад домын үг хэлж цэвэрхэн газар булах, эсвэл атар салхинд хийсгэдэг байсан. Ялангуяа хүүхдийн онгон сэвлэг даахийг онцгойлон эрхэмлэнэ. Нөгөө талаар, хүнд хараал жатга хийхэд тэр хүний нэгхэн ширхэг үс байхад л хангалттай байдаг байна. Орчин цагийн судалгаагаар хүний үс, хумс эзнийхээ генийн бүх мэдээлэл, шинж байдлыг агуулдгыг тогтоосон.
Өнөөдөр ч энд тэндхийн хараал жатгачдад өрсөлдөгч болон муу санасан хүнийхээ хийморийг гутаах, устган дарж авахын тулд төрсөн жил, сар, мэнгийг нь хэлж, заримдаа эдэлж хэрэглэж байсан ямар нэгэн юмыг барьж очдогийг олон хүн мэднэ.
Монголын их хаад төрсөн он, сар, жилээ нууцалдаг, бунхан шарилаа тас нуудаг нь элдэв гаднын бодит болон бусад дом, хар жатга, муу үйлээс хамгаалдаг байсантай холбоотой байх магадлал маш өндөр. Эцэг дээдсийн шарил, булшинд үр хойчийнх нь, харин эзэн хаадын онго, бунханд ард түмнийх нь хувь заяаны учиг нууц, код байдаг гэж үздэг. Тиймээс л дээдсийн шүтээн онгон бүхий газраа нүүдэлчин ард түмэн амь тавин хамгаалж ирсэн арвин түүх намтар бий билээ.
Өнөөдөр ч бүрэн мартагдаж арилаагүй нэгэн заншил нь Эцгийн газрыг (оршуулсан газар) онцгойлон үзэх явдал юм. Түүнийг олон шинж байдлаар сонгох, хөндөхгүй байх, хөдөөлүүлэх үед элдэв маргаан зөрөлдөөн гаргахгүйг ихэд эрхэмлэдэг.
Бид "Амны билгээс, ашдын билэг" гэдэг. Ямагт сайн сайхан ерөөл билэг хэлж, аашилж, сайныг үйлдэж, санаж явдаг хүний заяа буян тэгш, царай зүс нь хүртэл өөр байх. "Санаа сайхан бол заяа сайн", "Сайн явах санааных" гэх мэт... Үхрийн махыг үнхэлцэгт нь багтаах лугаа адил энэ мэт хоёр гуравхан үгэнд их өргөн дэлгэр утга бий.
Хараал, муу үг хэлэхийг өвгөд маань ихэд цээрлэдэг байж. "Муу үгийн шид нь гүйцсэн амьтан" гэлцдэг. Энэ нь муу үг хэлсээр байгаад тэр нь хүчжиж, хараал болох хэмжээнд хүрснийг хэлнэ. Тэгээд "хүн" гээгүй "амьтан" гэсэн нь тэр бол эрхэм сайхан хүний зэргээс аль хэдийнэ доош унаад амьтанлаг болж хувирсан гэдгийг давхар илтгэнэ. Тэр бүү хэл "Өлсөж байна, цангаж байна" гэж хэлэхэд хүртэл муу амлалаа хэмээн уурсан загнадаг. "Би юм идмээр байна, хоол унд идэлгүй төдий удлаа" гэх мэтээр хэлүүлж сургадаг байв.
Муу үг хэлэхийн үүтгэл нь сэтгэл, санаанд буй.
Сэтгэл санаагаа ариутган зассанаар хувь заяа чинь тэгширнэ. Энэ нь Буддын шашны сэтгэлийг онохуйтай буюу сэтгэлээр үйлдэх нүгэл нь бие, хэлээр үйлдэх нүглээс илүү гэдэгтэй яв цав нийлнэ. Элдэв хар хор, жөтөө атаархал, өширхөл хонзогнол, гомдол зүхлийг цээрлэж, эргэж өөрт төдийгүй нийтэд гай түйтгэр болно гэж итгэж ирсэн байдаг. "Муу санаа биеийг отно", "Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна", "Хүн хэлсэнд өөрт" гэх мэтээр үүнээ илэрхийлжээ.
Уулзалдаж золгохдоо хүртэл ихэд билгэшээдэг. Ер нь монголчуудын хуучин уламжлалд үйл, үг бүхэндээ билгэдэл утгыг ямар нэгэн хэмжээгээр шингээсэн байх нь бий. Өглөө босоод цай сүүнийхээ дээжийг өргөх, гэрийн эзэндээ дээжлэн аягалхаас эхлээд, айлд орохдоо хутгаа буулгах, хаана, хэрхэн суухаас эхлээд өдөр тутмын үйлдэл бүхэнд тийм билгэдэлт утга бий. Өвс ургамал, уул хад, гол ус, од гаригсийг шинжин тайлахдаа билгэдэлт сэтгэлгээ нь илүү тод илэрнэ. Тэгээд сэтгэлгээнийхээ онцлог, чиг хандлага, учир ухааныг зүйр, хэлц үгсдээ нэн тодорхой шингээж үлдээсэн байх. Энэ мэтээр монголчуудын билгэдэл зүйг нэг бүрчлэн тайлж үзвэл хэдэн арван боть болмоор.
Ер нь Монголчууд бид билгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн. Энэ шинж бол бусад үндэстнээс ялгаруулдаг монгол үндэстний онцгой шинж. "Монгол хүн амны бэлгээр, хятад хүн гарын бэлээр" гэсэн үг ч бий. Монголчуудын энэхүү билгэдэлт сэтгэлгээний үндэс нь учир холбоогүй юмс, үзэгдэл гэж энэ хөрстийн амьдралд үгүй хэмээх танин мэдэхүй юм. Энэ нь физикч доктор О.Лхагва гуайн өгүүлж буй өнөөгийн физикийн шинжлэх ухааны судалгаа туршилтаар буюу аргаар хүрсэн түвшинг бид тэртээ цагт билгэ ухаанаар танин мэдэж, ахуй амьдралдаа хэрэглэн, зан заншилдаа шингээж ирсэн юм биш үү гэсэн бодол эрхгүй төрүүлнэ.
.
ЕРТӨНЦ ГАНЦ АМЬТАЙ...
"...Физикч эрдэмтдийн судалгаагаар ЕРТӨНЦ ГАНЦ АМЬТАЙ болох нь батлагдлаа. Өөрөөр хэлбэл ертөнцийн бүх зүйл, үзэгдэл юмс саланги тусдаа оршин буй мэт, тусдаа амьтай мэт, тусдаа өөрийн хууль зүйгээр өрнөж, хөгжиж мөхдөг мэт боловч өөр хоорондоо маш нарийн бөгөөт салшгүй бат бэх сэжим, сүлжээ, учир шалтгаанаар холбогдсон, нэгийг нь нөгөөгөөс ангид авч үзэх, шинжлэн судлахын аргагүй зүйл болох нь тодорхой боллоо... ". Физикч, доктор О.Лхагва гуай цааш нь ийн үргэлжлүүлэн ярьж байна.
Монголчууд бидний билгэдэл зүйг бүхэл саваар нь нэгтгэн зангидвал ердөө л ЕРТӨНЦ ГАНЦ АМЬТАЙ гэсэн үзэл санаа гарна.
Ялангуяа байгал дэлхий, орчлон ертөнцтэйгээ амьд бат шүтэлцээтэй амьдарч, өөрсдийгөө түүний өчүүхэн эд эс гэдгээ төдийгүй үйлдэл, явдал бүхнээ ертөнц оршихуйн хэсэг гэсэн итгэл, бишрэл бидний билгэдэл зүйгээс тод илэрч байдаг. Монголчууд байгалийг хэзээ ч өөрсдөөсөө ангид хүнийчилж үздэггүй. Хамгийн наад зах нь ус голд хир буртаг оруулдаггүй, зүлэг ногоонд хөө тортог суулгадаггүй, уул хайрханы зулайд морь хардаггүйгээс эхлээд үй олон билгэдэгт зан үйл бий. Газар дэлхийгээ сүйтгэн эзэмших, баялгийг нь тонон цөлбөхийг ихэр цээрлэж ирсэн. Энэ нь монгол хүн Би-гээ хэзээ ч ертөнцийн төв гэж үзэж байсангүйгээр улам нотлогдоно. Би-гээ эрхэмлэсэн хүнийг "Би-гээ ихэд, бэтгээ цатгаланд" гэх мэтээр буруутган үзэж байв. Бичил ахуйн хүрээнд "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэх мэтээр илэрч, "Хувиа бодож, довоо шарлуулах" бол хамгийн адгийн явдал хэмээн жигшдэг байж. Монгол хүмүүн нь Төрийн хэрэг, түмний үйлд бие сэтгэлээ хатамжлан зүтгэх нь хүний эрхэм үүрэг гэсэн итгэл үнэмшил нэн өндөр байсан билээ.
Харин өнөөдөр баруунаас эхлэн түгэж дэлхий нийтийн хэв ёс болоод буй "Би-гээ эрхэмлэх", "Ертөнцийн төв бол Би" гэсэн БИ ТӨВТ сэтгэлгээ бидний дунд хүчээ авсан. Сүүлийн жилүүдэд бидэнд тулган хүлээлгэсэн энэ мэт үзэл нь монгол үндэстний язгуур мөн чанарт харшилж, монгол хүний дотоод ертөнцийг ихэд эвдэн нурааж байгаа үзэгдлийг бид тодоос тод харж байна. Бачуу гутал өмсөөд цардмал замаар хол явж үл чадахын адил харийн бачуу үзэлд дөрлөгдөөд бид хэрхэн хөгжих билээ. Алив үндэстэнд өөрийн язгуур мөн чанарт нь таарч тохирсон хөгжлийн зам л чухам зөв буй за.
"Хүний дээл өмссөн хүний мөр татуу,
Хүний морь унасан хүний алцаа татуу" гэсэн хууч үг бий. Бяцхаан тайлбарлахад энэ нь хүний дээл өмсөж, хүний морь унасан хүн цаанаасаа л нэг хумигдмал, өөрийнхөөрөө байж чаддаггүй, наалдацгүй гэсэн санаа. Бид харийн үзэл онол дунд мөр ч, алцаа ч татуу явнам биш үү... Хэр хол явах...???
.
ТЭНГЭРИЙН ХУУЛИЙГ ГАЗАРТ...
"...Эндээс нэг зүйл онцгойлон хэлэхэд түгээмэл ертөнцийн хууль хэмээн нэгэн хүчирхэг аугаа их хууль - зүй тогтлын дор орчлонгийн бүх зүйл өөр өөрийн хуулиа зохируулан оршин байдаг байх нь.
Бидний өвөг дээдсийн аугаа хүчирхэг байсны нууц бол энэхүү түгээмэл ертөнцийн хуулийг гүн гүнзгий ухааран танин мэдэж, зөвхөн танин мэдээд зогсохгүй төрийн бодлогын амин сүнс, хүний оршин амьдрахын суурь хууль болгон буулгаж чадсанд л байж. Чухам суу ухаан гэж түүнийг хэлэх буй за. Гегель "Монголчууд төрт ёсыг хүн төрөлхтөнд анхлан зааж сургасан юм" гэж зүгээр нэг хэлээгүй..." Физикч, доктор О.Лхагва гуай ийн ярьж байна.
Монголчуудаас өмнө хүн төрөлхтөнд төр байгаагүй хэрэг үү хэмээн эргэлзэх, эсэргүүцэх нь элбэг. Гэвч энд төрийн шинж чанарын тухай ярьж буй хэрэг гэдгийг ойлгоосой. Өөрөөр хэлбэл төр ямар мөн чанартай байх ёстой вэ гэдгийг Монголчууд анхлан үлгэрлэсэн гэсэн үг. Юлуй Чуцайн хөшөөнд ч ийм утгатай мөр буй. "Умардад Чингис хаан төрийг жинхэнэ утгаар нь цогцлоосон юм" гэж... Судлаачид "Их Засаг" хуулийн амин сүнс нь чухам юу вэ гэдгийг өнөө болтол онохгүй хол төөрөлддөгийн сэжүүр бол баримт материал хомсдоо биш, чухам бусад зохиомол хууль эрхзүйн жишгээр, цонхоор хараад буйтай холбоотой байж мэдэх...
Мөн "Яагаад Монголчууд гэж...?" асуух нь элбэг... Нүүдэлчдэд илүү өгөгдөл заяаж. Мухар итгэл биш шүү. Нүүдэлчид өдөр тутам задгай тэнгэрийн дор, байгалийн түмэн үзэгдэл, оршихуйн дунд сэлгэн, зохицон аж төрж байсан нь байгалийн хуулийг илүүтэй ухан ойлгох, мэдрэх боломж олгосон буй за. Бидний сэтгэх арга маяг нь өргөн хүрээнд, их ерөнхий агуулгаар нь, саваар нь хардаг, цаг хугацаа, орон зайд баригддаггүй онцлогтой. Заримдаа ахуйн хэт явцуу хүрээнд буухаараа нөхцөл байдалд хурдан дасамхай, тэр хэрээрээ уйдамхай, явцуу дүрэм журмыг үл тоох гэх мэт сөрөг байдлаар илрэх нь ч бий. Ер нүүдэлч хийгээд суурин иргэншлийн сэтгэлгээний хэв маяг ихээхэн ялгаатай.
Харин бид энэ чадвар, мэдлэгээ яагаад ихээр алдаж асгачихав гэдэг бол тусдаа асуудал, олон тайлбар, түүхэн учир шалтгаануудыг тоочих хэрэг гарна.
Ертөнц арга билгийн тэнцвэр дээр зүй зохистой оршино гэх. Зүйрлүүлж хэлбэл жинлүүрийн хоёр тавганд арга, билгэ хоёр тэнцвэртэй байж хөгжил зүй ёсны байх нь. Харин өнөө арга нь хэтийдэж, билгэ нь гээгдсэнээр хүн төрөлхтний хөгжилд ноцтой гажуудал үүссэн. Бид гараг дэлхийгээ хязгааргүй хэрэглээнд шунасан шуналын гинжээр гинжилсэн. Зөвхөн өнөөдөр машин унаад, өндөр тансаг байшинд суугаад, гар утас барьж, ТВ үзэж, элдэв амттан тамшаалж буйгаа хөгжиж байна, сайхан байна гэвэл зүүдэлж буй хэрэг болно. Хүн төрөлхтөн ойрын ирээдүйд ус, хүнсээ хангахад ноцтой бэрхшээлтэй учрах ба тэсэн гарахад бэрх байгал экологийн үй олон гамшигт сүйрлүүд хүлээж буйг судлаачид сануулсаар байгаа. Энэ мэт асуудал хурц болох хэрээр улс үндэстнүүд, хүчнүүдийн хоорондох эрх ашгийн тэмцэл улам шатлан өргөжих болно.
Гарц бол зөвхөн ухаарал. "Би" бол ертөнцийн төв биш, ертөнц нэг амьтай, нэгдмэл хуультай, тэр нэгдмэл хуулийг эцэс төгсгөлгүй өрсөлдөөнөөр бус зөвхөн хайр, шударга ёсоор сахин хэрэгжүүлэх бололцоотой, бид бүгд нэг завин дээр сууж яваа, учир холбоогүй юм нэгээхэн ч үгүй, бидэнд танин мэдээгүй зүйл асар их (95-96 хувь) ...... Энэ ухаарлын гол гогцоог харин физикийн шинжлэх ухаан дэлгэн буй мэт. Харин монголчууд бидний хувьд түүхэн санамж, өв соёл руугаа өнгийхөд л хангалттай.
Физикийн ШУ-ны ололт нээлтүүдийн талаарх доктор О.Лхагва гуайн яриаг өөрийн хэмжээнд ийн ухав. Оносон эсэхийг мэргэн олон хэлнэ буй за...
Б.Номинчимэд...
.
ЖИЧ: Доктор О.Лхагва гуайн яриаг илүү дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл 2016 оны 10 сарын 30-ны Ням гаригийн 21.00 цагаас, 31-ны даваа гараг буюу Их хааны бахархалын өдөр 11:00 цагт тус тус Соёнгэгээрүүлэгч ТВ-ээр гарах "Чингис хаанаа дээдлэхүй дор Монгол Улс сэргэн мандана" нэвтрүүлгийг үзнэ үү...
No comments:
Post a Comment