Monday, December 5, 2016

ЭГЗЭГ БҮРИЙГ АШИГЛАН ТУСГААР ТОГТНОЛОО САНУУЛЖ БАЙМААР...

Өнөөдөр уг нь Үндэсний Тусгаар тогтнолын өдөр биш. Гэвч Тусгаар тогтнолтой огтхон ч холбоогүй өдөр бас биш юм. 
Юутай ч Тусгаар тогтнолын тухай хуучин тэмдэглэлүүдээ постоллоо. Тусгаар тогтнолын өдөр биш атал юуны тулд вэ гэвэл, гурван учир шалтгаан байна.
НЭГД, 1911 оны 12 сард Монголчууд бид Манжийн төрөөс тусгаарлаж, Тусгаар улсаа байгуулсан өдөр болно. 
Харамсалтай нь дөрөвхөн жилийн дараа түүнээ хагаслан алдаж, Хятадын хараан дор өөртөө засах Автономит эрх болгож буулгасан. Дахиад төд удалгүй 1919 онд тусгаар тогтнолоо бүрэн алдсан. Хэнд гэвээс Хятадад. Монголын хааныг Хятадын Да Жунтаны хөрөгт мөргүүлж, Монголын армийн зэвсгийг хураасан гутамшигт үйл явдал болсон. Өмнөд хөрштэйгээ тэмцэлдэж ирсэн хэдэн мянган жилийн түүхэндээ анх удаа XX зууны эхэнд Монголчууд өмнөд хөршдөө гудайн бууж өгч, тусгаар тогтнолоо алдсан.
Үүнийг тэсэж чадаагүй ард түмэн 1921 онд дахин зэвсэг барин босож, Хятадаас тусгаарлаж чадсан. 1924 онд Хамжлагат ёсыг халж, нийгмийн том дэвшил хийснээ, мөн Тусгаар тогтнолоо батлан харуулсан Бүгд найрамдах Улсаа тунхаглан зарлаж, Үндсэн хуулийг баталсан өдөр юм. Хэдий энэ түүхэн үйл явдлын үр дүнгийн талаарх байр суурь харилцан зөрүүтэй байдаг ч түүхэн үйл явдал нь гарцаагүй болж өнгөрсөн билээ. Тэгэхээр энэ өдөр бол Тусгаар тогтнолтой огтоос холбоогүй өдөр бас биш юм. 
.
ХОЁРТ, энэ өдрийг хийрхэж туйлширсан улс төрийн хүчин түүхээс арчиж хаях гэж оролдсон юм. Өнөөдөр сэргээж байгаа учир илүү анхаарч, илүү үнэлж байна. 
1990 оноос өмнө нэг намын үзэл суртлын үед байсан гажуудсан түүх бичлэгийг засаж залруулах зайлшгүй шаардлага байсан ч гажуудлыг өөр нэг гажуудлаар солих учиргүй байлаа. Харамсалтай нь түүхээ засварлаж байна гээд зүүн тийш гулзайсан байсныг нь баруун тийш нь бүр хазайлгаж орхисон. Түүнийг засвар гэдэггүй, эвдлэх гэдэг. Эрүүл хандлага гэдэггүй, хийрхэл гэдэг. 
Улс төрчид түүхийн Шинжлэх ухаан руу намын явцуу эрх ашгийнхаа үүднээс орж самарч хаясны гор, тэгээд л энэ олон түмэн төөрч, хоорондоо, улаан цагаанаараа хэрэлдээд, үүнээс улс төрчид л явцуу эрх ашигтаа ашиг олдог байх, Улс монгол бол нийтээрээ хохирох нь тодорхой.
.
ГУРАВТ, Өнөөдөр Монгол орны, Монгол Үндэстний Тусгаар тогтнол ихээхэн ноцтой аюулын ирмэг дээр ирсэн. Юуны өмнө Эдийн засгийн хараат бус Тусгаар байдал бараг үгүй. Удаад нь Улс төрийн тусгаар байдал ч мөн үгүй. Наанаа монголчууд төр бариад буй мэт ч цөөхөн хэдэн санхүүгийн бүлэглэл бүгдийг мэдэж байгаа, тэдний цаана хэн байдаг, эсвэл тэд хэнд худалдагдах, тэдний эрх ашиг юу вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Оюун санааны, соёлын тусгаар байдал ч мөн ихээхэн алдагдсан. Хамгийн ноцтой нь бид улаан, хөхөөрөө талцаад, нэг нэгнээ хэзээ ч хүлээн зөвшөөрөх янзгүй туйлшран, хийрхэн байна. Бид эрх ашгаа эрэмбэлж чадахыг байсан. Явцуу жижиг эрх ашгаа нийтлэг эрх ашгийнхаа дээгүүр гаргаж тавьдаг болсон нь манай үндэстний Тусгаар тогтнолд ноцтой аюул занал авчирч байгаа. Дундад зуунд бид чухам ийм байсан тулдаа л улс гүрэн хагаран бутарч, бууран доройтсон, 1911-1921 оны хооронд ч мөн адил байсан тул бид хятадын хөл дор сөгдсөн. Түүхч Д.Өлзийбаатарын сануулж буйгаар өнөөдөр ч яг тийм нөхцөл байдал бий болоод байгаа. 
Ер нь манай нийгэм хагарч бутарсан, талцаж хийрхсэн энэ цаг үед эгзэг бүрийг ашиглаад тусгаар тогтнол гэх мэт нийтлэг үнэт зүйлсээ сануулж байх шаардлагатай учир өнөөдөр олон пост оруулав. Нэг нь манай намын гавьяа гэж, нөгөө нь гай гэж намууд бүү улс төржүүлээсэй. Түүхийг цаг үед нь үлдээ. Гавьяа аваас улаан, хөхгүй бид бүгдийнх нь өвөг дээдсийн гавьяа болно. Гай гэвээс ч мөн адил бидний өвөг дээдсийн алдаа. 
Ийм үед боломж бүрийг ашиглан Тусгаар тогтнол гэх мэт нийтлэг эрх ашиг, үнэ цэнэт эрхэм нандин зүйлсээ ямагт сануулж, эв нэгдлийн уур амьсгалыг бий болгож байх шаардлага байгаа болно.

No comments: