Thursday, June 25, 2009

ХАМБА ГЭГЭЭНИЙ ХАЧИН СОНИН ЯВДЛУУДААС - 4

Хамба гэгээн ба Сүрэнжав дүвчин

Хамбын хийдэд Сүрэнжав дүвчин гэж мундаг эрдэм чадалтай дүвчин хүн байж дээ. Зарим хүн түүнийг Хамба Гэгээний төрсөн дүү нь ч гэдэг. Сүрэнжав дүвчин буугаагүй үед дуулга малгайны ирмэг нь хоёр мөрийг нь цохиж, сагалдрага нь хэнхдэгээр нь татаж байдаг, буугаад ирэхэд өнөөх сагалдрага нь эрүүгээр нь шигдээд орчихсон харагддаг байсан гэдэг. Хөөж томордог байсан гэсэн үг. Бууж байхдаа сэлэм жадыг гартаа төмөр утас шиг ороон томдог, хооронд нь дээс шиг зангидаж орхисон хос илд Гэгээний лаврингийн үүдэнд хэвтэж байдаг. Мөн том жад авч, ирийг нь гэдсэндээ тулгаж бариад хана руу хүчтэй мөргөхөд ар нуруугаар нь жадны үзүүр цустай гарч ирдэг, түүнээ суга татаад хаядаг гэх мэтчилэн их л шид үзүүлдэг. Тэрээр дүвчин байгаад зогсохгүй элдэв өвчин зовлонг анагаах арга увидасаар гүйцэгдэшгүй нэгэн байсан гэдэг. Хүний эрүүг зааж, хоолойных нь буглааг аваад, буцааж эдгээж байсны гэрч завжнаасаа шанаа хүртлээ нарийн улаан сорвитой хүн мэр сэр байсан гэдэг. Мөн энэ нутагт цоохор хүмүүс цөөнгүй байсан нь Сүрэнжав дүвчин цагаан бурхан, улаан бурхантсан хүмүүсийг өөрөө тарилга хийн тарьж эдгээж байсны ул мөр гэлцдэг.

Хамба гэгээн ба Салга Нэйл

Сүрэнжав дүвчиний эрдэм чадлыг Богд хаан сонсоод түүнийг дэргэдээ авахаар дуудуулжээ. Дүвчинтэн шавь, дотныхоо хүмүүсийг дагуулан хүрээ явах замд Арвайхээр орчимд гэнэт бие нь ихэд муудав гэнэ. Дүвчинд хэдэн чадалтай шавь байж, тэд юунаас болов хэмээн мөнгө цутгаж үзтэл хараал ирсэн байжээ. Шавь нарт нь тэр хараалыг буцаах чадал хүрсэнгүй, Дүвчинтэнд бараалхаж, “Та энэ хараалыг хариулна уу” гэж гуйсанд “Хэрэггүй, хэрэггүй. Манай зиндааныхнаас л ирж байгаа юм. Энэ муу жатга хараалыг хариулбал нутаг оронд маань л гай гамшиг болж унана” гээд халгаасангүй байсаар өнгөрчихөж гэнэ.

Сүрэнжав дүвчнийг замдаа эндсэнийг сонсонгуут Хамба гэгээн “Тэр Нэйлийг дууд” гэжээ. Нэйл ч хүрээд ирж. Гэгээнтэн “Чи хө, яах гэж ганц сайн дүвчингийн минь араас жатга гүйлгэв” гэсэнд Нэйл “Сүрэнжав бид хоёр нэг зиндааных, эрдэм чадлын хувьд бид ойролцоо. Гэтэл тэр Богд гэгээнтэнд тоогдсонд хор төрж, би тэссэнгүй жатга илгээсэн билээ” хэмээн үнэнээ өчсөн байна.

Гэгээн “Эрдэм гэдэг ирт мэс шиг. Энэ мэс сэтгэлд номын гэгээ тусч, нинж төрөөгүй хүний гарт орвол хүнийг авардаг биш алдаг мэс болно. Түүнийг ч чи үзүүллээ. Адилхан эрдэм чадалтай атал чамайг биш Сүрэнжавыг сонгосны учрыг чи одоо ойлгож байна уу” гэсэнд Нэйл “Ойлгож байна аа” гэж. “За, тийм байдаг байж. Үнэнээ хэлсний төлөө амийг чинь үлдээе. Алив наашаа тонгой” гэсэнд Нэйл тэрхэн зуур тонгойж, Гэгээнтэн ч гартаа байсан эрхээрээ духанд нь нэг хүрээд “Одоо яв яв” гэжээ. Нэйл Гэгээний лаврингаас гарангуут довжоон дээр нь дэвхцээд эхэлжээ. Тийнхүү Эрдэмт Нэйл маань Салга Нэйл болов. Нэйлийг унтаж байхад нь ч хоёр хөл нь дэп – дап, дэп – дап гээд савчиж байдаг, явахдаа биеэ хурааж хурааж, доороо дэвхчиж дэвхчиж байгаад үүд хоймрын зайд хар гүйхээрээ яваад харуулдаж унадаг, нүүр өөдөө цацчихдаг учир аяганд цай ууж чаддаггүй, ямагт ус дүүргэсэн том тогоонд толгойгоо дүрж байж уудаг, хоолыг нохойн идүүрт хийж өгөхөөр нэг гараараа нөгөөгийнхөө шуунаас тас зуурч байгаад анаж анаж өнөөх хоолыг базаад авдаг, түүнээ ам руугаа мөн л бага багаар ойртуулсаар гэнэтхэн ам руугаа цацаж, тал хагасыг нь үмхэж авдаг зовлонт болжээ. Гэгээнтэний хүссэнээр Нэйлийг Хүрээнийхэн ээлжлэн аль сайнаараа хооллож, ундлан, хувцаслаж байв. Зарим дэггүй банди нар зүггүйтэн хэвтэж буй түүн дээр мордчихоор дэп – дап, дэп – дап гэн тэмээ тавчиж буй мэт дээш нь хөөргөн зугаацуулдаг, бас зарим нь түүнд тавьж өгсөн хоолыг нь булааж иддэг ч байсан гэдэг. Тэгэж явсаар хогийн ганганд золбин нохдын дунд өнгөрчээ.

Харин “Энэ Нэйл хүйтэн мэсийг тавихааргүй атгажээ. Мэсийг нь дахин хэрэглүүлэхгүй байх өөр арга олдсонгүй дээ” хэмээн Гэгээнтэн энэ тухай ойр дотныхондоо учирласан байна.

Үргэлжлэл бий

ХАМБА ГЭГЭЭНИЙ ХАЧИН СОНИН ЯВДЛУУДААС - 3

Хамба гэгээн ба Мундаг Совд

Совд нэрт, Мундаг хочит, энэ хочоо ч бүхий л талаар илтгэсэн эр бяртай, гүдэс шулуун нэгэн эр Хамба гэгээний буурч-тогоочоор олон жил болжээ. 1930-аад оны эхээр гэнэтхэн Хамба гэгээнтэн лам нараа хар болгон тарааж, жасынхаа хэдэн агуулахуудын эд барааг нэг бүрчлэн тоолж, данслаад бүх данс, түлхүүрүүдийг өөртөө хураан авчжээ. Үүнд нь Мундаг Совдыг эгдүү хөдөлж, энэ хөгшин гэлэн зөнөөд биднийг хулгай хийнэ гэж бодоод байгаа юм байх даа хэмээн боддог болж гэнэ.

Гэгээнтэн мөн ойр дотно хүмүүсээ нэг нэгээр нь дуудаж уулзаад эхэлсэн байна. Тэднээс

- За юу хийе гэж бодож байна хэмээн нэг л зүйлийг асууна. Нөгөөдүүл нь ч
- Гэгээнтэн минь та л мэднэ шүү дээ гэж хариулцгаадаг байж.
Үүнийг сонссон Мундаг Совд гэгээнтнийг зөнөөд биднийгээ хулгай хийх нь хэмээн хардаж байна гэсэн бодолдоо улам итгэх болж.

Тогооч хүн яах аргагүй дотнын хүмүүсийн нэгэн болох тул Мундаг Совдын ээлж ч болов.
- За Совдоо, чи яая гэж бодож байна гэхэд Мундаг Совдын өнөөх эгдүү нь асч,
- Хулгай хийе л гэж бодож байна гэжээ. Гэгээнтэн
- За, за л гэж. Өөр юм хэлсэнгүй.

Удалгүй гэгээнтэн хоёр гэр бариулж, хоол унд бэлдүүлж зэхээд байтал нэг өдөр урд Зээгтийн бэлээр шовгор оройтой хурган малгай өмсөж, винтов үүрсэн долоон морьтон иржээ. Хавар цаг байсан гэдэг. Гэгээнтэн тэднийг хадаг яндар барин угтаж, бэлтгэсэн гэртээ оруулан, хүндэтгэн цайлж дайлаад, жасынхаа хамаг агуулахыг онгойлгон, эд бараагаа данс хараар нь тоолж хүлээлгэн өгсөн байна. Уг нь тэр Дотоодын хамгаалахын долоон хүн Гэгээнийг баривчлах зорилготой ирсэн болов уу гэдэг. Тэд Гэгээнтнийг яаж ч чадсангүй, хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг нь лацдаж түгжээд буцацгаажээ. Тэднийг буцсаны дараах гурав дахь үдшээр, жаргах нарны туяа сүмийн алтан ганжирт наадан эрхэлж байх үест гэнэтхэн гол цогчин дуганын оройн ар хэсгээс хэсэн газар эмтрэн унаж, түүнтэй зэрэгцэн “Гэгээнтэн жанч халилаа” гэсэн шуугиан хүрээгээр нэг тархан, хүмүүс залбирч, уйлах нь уйлж, сөхрөн унах нь унацгааж...

Цогчин дуганы эмтэрч унасан хэсгээс бөөн гал гарч, Бурхан уулыг чиглэсээр алга болон замхарсныг хүрээнд байсан хэдэн зуун хүн бүгдээр харсан байна. Гэгээнийг өнгөрснөөс хойш долоохон хоногийн дотор Гэгээний ойр дотнын хүмүүс бүгд амар тайван нас баржээ. Тэр ч бүү хэл Гэгээний ямагт эрхлүүлж байдаг долоон хав ч цуваад өнгөрчихөж. Харин ойр дотныхноос нь ганц Мундаг Совд л үхсэнгүй. Бүүр хожим насны туйл болсон хойноо Совд гуай “Иш чааваас, тэгэхэд би бусад шигээ Гэгээнтэн минь та л мэд гэх минь яав даа. Тэгсэн бол одоо Гэгээнтэйгээ хамт л явж байхгүй юу” хэмээн үглэж, толгой руугаа ихэд түншин, уйлдаг байжээ.

Үргэлжлэл бий

ХАМБА ГЭГЭЭНИЙ ХАЧИН СОНИН ЯВДЛУУДААС - 2

Хамба гэгээн ба эрдэмт лам Авжий

Авжий Лхаажав гэж нэг мундаг эрдэмтэй өвгөн байж дээ. Хийд тарахаас бүүр өмнө хар болж, эхнэр аван лам болжээ. Түүний хар болсон түүхийг хойш нь түр тавия. Тэр цагт өрх айл болгон жил бүр жасаагаа уншуулдаг байсан байна. Жасаа уншихад айлын бэл чадлаас шалтгаалж хоол хүнс, өргөл барьц багагүй гардаг байжээ. Авжийг хүрээнд нөлөө бүхий том лам байсныг бодолцон жасааны уншлаганд суулгана. Хүрээнээс хэдэн лам ирж жасаанд сууна. Авжий хар хувцастай тэдгээр лам нараас жаахан зайдуу том мод толгой барьсаар сууна. Уншлага дуусахад өглөг барьц барихийн өмнөхөд гэрийн эзэнд “За Мамаа минь, дэмий дээ, дэмий. Юмны чинь л гарз” гэж шивнэчихээд гараад явчихна. “Өгөр зөнөсөн амьтан” хэмээн гэрийнхэн зэнзийрхэж, дахин жасаандаа суулгахаа болчихно.

Авжийгийн энэ үйлдлийг харахад цэвэр шашингүйн үзэлт /атиест/ хүн байна даа гэмээр. Гэвч түүний бүх л амьдралынх нь замналыг бүхэлд нь ажиглавал хуран үймсэн орчлон хорвоогийн үймээний мөн чанарыг таньж, тайвширсан хүн юм болов уу гэсэн бодол төрдөг юм.

Авжий үнсэн самбар дээр зурхай зурж мэргэлдэг байжээ. Уриалгахан ч мэргэлнэ. Өргөл барьц нэхэхгүй. “За, чи хүнээр мэргэлүүлэв үү?” гэнэ. “Тэглээ. Тарган ламаар мэргэлүүлээ” гэхээр, “Цаадах чинь яаж мэргэлж байх юм” гэнэ. Шоо хаяж байна” гэвэл “Хээцэс, Зургаан талтай мод шидэхээр нэг талаараа буухгүй хэдэн талаараа буухав дээ. Хүн мунхруулаад. За Авжий нь үзээд өгье” гэсээр орныхоо хөндийгөөс үнсэн самбар, хулсан үзэг гаргаж ирээд тоо бодоод, зураг зураад суучихна. Тэгэж тэгэж яг таг хэлдэг байжээ. Адуугаа хайж яваа хүнд бол “Одоо адуу чинь Баруун салааны эхний модон дотор шогоод зогсчихсон байна. Харагдахгүй л болов уу, Оройхон нар буух үеэр усанд цувахаар модноос гарна, тэр болтол дэмий тэнээд яахав, цаанаа цэлгээн юм байвал залгилаад хэвтэж бай” гэнэ. Үнэхээр орой нар ташихаар хэлсэн газар нь очиход адуу нь модон дундаас гарч ирж таарна.

Авжийгийн шар шувталж хар болсон түүх сонин. Тэрээр Лхаса болон Жагарын оронд олон жил сууж, тэндээсээ Оросод очин мөн төдий хэмжээний жилийг элээн ном үзжээ. Орос, төвд, энэтхэг, хятад, англи гэсэн таван хэлтэй, шашны их бага таван ухааны номонд нэвтэрсэн эр Өргөөд ирж, Ганданд хэсэг зуур суухдаа ном хаялцахад түүнтэй эгнэх хүн гарсангүй, “Засагт ханы Гандан коор” нэр аван шуугиулж явав гэнэ. Эрдэм чадалдаа эрдсэн ламтан Хамба гэгээний тухай ийн боджээ. “Тэр хаданд бүгсэн хөгшин гэлэн ер юу мэддэг хүн бэ. Над шиг дэвэн дэлхийгээр хэсэж, ном үзэж, амьдрал туулсангүй. Очиж номоор гартуулж орыг авсугай”

Тийн сэтгээд нутагтаа ирж, Хамба гэгээнтэй ном хаялцаж, эрдэм чадлаа үзэж гэнэ. Түүнээ хожим ийн дурсдаг байжээ. Ээ, Гэгээнтэн минь. Би чинь зөвхөн ганцхан энэ насны номтой хүн, Гэгээнтэн бол дөрвөн насан төрлийн номтой хүн. Надтай ямар л бол ямар хэлээр ном хаялцаж чадна. Энэ бөглүү хаданд хэн ирж Гэгээнтэнд тэр олон хэл заах билээ. Аргагүй хувилсан гэгээн хүн. Би “Ганжуур”, “Данжуур”-ыг бүрэн уншиж судалсан гэж боддог байлаа. Тэгтэл Гэгээнтэн энэ хоёр номыг над шиг уншсан төдийгүй мөр хуудсаар нь цээжээр мэддэг. “Дандарын аймгийн үнэн ёсны тухай Ганжуурын төддүгээр ботийн төддүгээр хуудасны төддүгээр мөрөнд тэгээд биччихсэн байгаа” гэхээр нь очоод сөхөөд харахаар яг байж байдаг юм хэмээгээд залбирна. Авжийгийн ганц шүтээн ь Хамба Гэгээн. Тэгээд Авжий Хамба гэгээнтэй өөрийгөө харьцуулан үзэж өөрийгөө хоёрын хооронд ном сурчээ хэмээн сэтгээд Гэгээнд сахилаа өргөж, хар болон өөрөөсөө олон дүү эхнэр аван, хөдөөлсөн гэдэг. Нөгөө талаар тэрээр ирж буй шинэ хувьсгалт цагийн эрх бошгийг мэдэж байсан буй заа.

Энэ явдал 1920-иод онд болжээ. Хожим, гучаад оны үед залуу лам нартай тааралдвал “За хүү минь, дэмий юмний хойноос хөөцөлдөөд дэмий дээ, эртхэнээс аж амьдралаа бодож яв. Огт өөр цаг үе ирж байна шүү. Цагийн жамыг сөрөх нь үнэн нүгэл болдог номтой” гэдэг, түүнийг нь лам нар хүлээж авахгүй, “Энэ муу толгой нь эргэсэн хөгшин үнэхээр чаралба болж гүйцлээ” хэмээн хараадаг, бүр хараал жатга ч хийж үзсэн боловч Авжийд байдаг л нэг жатгач ламын жатга юуны гэмтэй билээ. Авжий тэнгэр огторгуй тухай, ирээдүйн тухай их ярьдаг байжээ. Тухайлбал Үүрийн цолмон од чинь их хол, их бууны суманд суугаад ниссэн ч энэ насандаа хүрч чадахгүй гэхэд түүнийг сонссон хэн бүхэн элэглэн шоолдог, ялангуяа лам нар эгдүүцэн зэвүүцдэг. Бүр цаашлаад энэ ертөнцөд хязгаар гэж байдаггүй юм, ирээдүйд төмөр утас тэнгэрээр аалзны шүлс мэт хэрж /мэдээлэл технологи/, хүн төмөр царцаанд суугаад бөмбөрцөгийг өдөрт нь тойрдог болно/сансрын нислэг/, Хүрээнд байгаа хүнтэй тооноороо шууд ярьж/гар утас/, тогооныхоо халивыг цохиж холыг хардаг болно /телевиз/, санаа бодлоо хайрцган дотор хадгалчихаад түүнээсээ зөвлөгөө авдаг болно /компьютер/ гэх мэтээр 40-өөд оныхны толгойд яагаад ч ормооргүй зүйлс их ярьдаг байжээ. Байгал, нийгмийн бүх үзэгдэл юмсад тун сонирхолтой тайлбар өгч, ялангуяа ардын төрийг цагийн бошгоор ирсэн юм хэмээн их дэмждэг, бас жаран нь дуусаад хөлбөрнө ч гэдэг байсан гэдэг.

Авжий 1940-өөд оны сүүлчээр насанд дарагдаж, өвгөрөөд ирэхээрээ цэргээс ирсэн залуусыг шилж байгаад нэгнийг нь сонгон өөрөөсөө олон нас дүү эхнэртээ нөхөр хань болгон гэртээ оруулаад, өөрөө баруун хаяанд нь гарч, тэр хоёроороо асруулж байгаад өнгөрчээ. Энэ хүний амьдрал тэр аяараа хорвоо ертөнцийн үймээнийг танин мэдсэн амьдралын гүн ухаан байсан мэт санагддаг юм. Хууччуулын ярианд дурдагддаг “Ертөмцийг гэтэлсэн” хүн байж дээ.

Өөр нэг ярианд Авжийг Хамба гэгээнтэй хамт хэсэг зуур хийдийг тэргүүлж, Гэгээний дараах эрх, нөлөө бүхий хүн байх үедээ ирж буй цагийн бошго литийг тэд хамтдаа сугалж үзсэн гэдэг. Үүнийг Гэгээний үйл ажиллагаа ч нотлох мэт байдаг. 1932 оны лам нарын зэвсэгт бослогынхон Хамба гэгээний орон нутагтаа нэр нөлөөтэйг, мөн хил хязгаарлуу дүрвэн гол судас дээр буйн хувьд түүнийг талдаа татах гэж өргөл барьж, ятгалга, бүр сүрдүүлэг ч хэрэглээд нэмэр болсонгүй. Энэ талаар дараах хэсэгт өгүүлье.

Үргэлжлэл бий

Wednesday, June 24, 2009

ХАМБА ГЭГЭЭНИЙ ХАЧИН СОНИН ЯВДЛУУДААС - 1

Хантайширын нурууны баруун энд байх нэгэн өл халзан оргил дээр ёстой эрин галавын гэмээр эртний их тахилга бий. Нутгийнхан түүнээ Өвгөн овоо гэнэ. Манай өвөг дээдэс чухам энэ овоог үеийн үед сүслэн залбирч ирсэн. Овоон нурууны гэх Дашинчилэнгийн Тахилгыг Арын хүрээнийхэн буюу Засагт ханы хүрээнийхэн дааж ирсэн бол энэ Өвгөн овооны тахилгыг өвөрт нь байх Хамба гэгээний хүрээнийхэн хариуцаж ирсэн гэдэг. Хамбын хүрээний туурь нь өдгөө энэ их овооны өвөрт, үелж буусан өргөн дэвсэг дөрөлж голлон түүхийн тамга болон үлджээ. Энэ нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг юм. Энэхүү Хамба гэгээний хүрээ, түүний эргэн тойрны аж амьдралын тухай нутгийн хүү Л.Түдэв “Оройгүй сүм” хэмээх романдаа ихэд дэлгэрэнгүй өгүүлсэн. Харин энэ удаад нутаг нугынхны дунд байх аман домгоос хүргэе.

Хамба гэгээний хийдийг босгосон нь

Хийдийг 1700-аад оны сүүлчээр байгуулсан бололтой байдаг. Энэ талаар түүхийн ямар нэгэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн нь таараагүй ч, энэ баримжаа хугацааг гаргахдаа хууччуулын яриа, мөн Хамбийн гэгээний дүрүүдийн намтрыг үндэслэв.

Хийдийг барихад тэнгэрт ер бусын бэлгэ үзэгдсэн гэдэг. Дорноос умардыг хүртэл тэнгэрийг нумлан тулсан солонго татаж, тэр солонгон замаар Лусын хаан луус хөллөсөн тэргээр хийдийг барьж босгоход шаардлагатай барилгын материалуудыг зөөвөрлөжээ.

Үнэхээр хийдийн гол Цогчин дуган болон бусад дугануудын шат, довжоо, нийтийн цугладаг талбайг бүхэлд нь хэдэн давхар үелсэн гантиг чулуун хавтангуудаар барьжээ. Хожим коммуны жил болоход тэдгээр гантиг чулуун хавтангуудыг ийш тийш нь зөөвөрлөн, малын хашаа барьж, бүүр хожим аймаг, сум байгуулагдахад үлдэгдлийг нь зөөж дуусгасан байна. Өнөөдөр Алтай хотын Ардын дуу, бүжгийн чуулгын довжоо, хуучин хотын захиргаа, Орон нутгийг судлах музей зэрэг олон байгууллагын үүдэнд буй нямбайлан зассан ялимгүй шаргалдуу өнгийн их бага янз бүрийн хэлбэр хэмжээтэй гантиг хавтангууд нь угтаа өнөөх домог ярианд дурдагдсан Лусын хаан лууст хөсгөөрөө зөөвөрлөсөн чулуунууд юм. Ийм гантиг чулуун хавтангууд нь мөн Халиун сумын төвд, тухайлбал сумын клуб, зочид буудал, захиргаа, дунд сургуулийн үүдэнд ч олноороо байдаг байлаа.

Хамбийн хийдийн ойр орчимд лавтай 100 гаран км тойрогт гантиг олзворлочих газар үгүй юм. Харин хууч ярианд тэдгээр гантиг хавтангуудыг Хангийн нуруу /Дэлгэр сумын нутаг/ -ны зүүн бэл болох Жон хавиас олзворлон, тэнд нь засаж, янзлаад зөөвөрлөсөн гэдэг. Жонгоос Хамбийн хийд ороход уул даваа даван, хад хавцал, гол ус гэтлэн явах шаардлагатай ба оньст техникийн сураг ч сонсдоогүй тэр цагт эдгээр хүнд хавтангуудыг байгалийн энэ саад дундуур хэрхэн зөөвөрлөсөн нь нэн бүрхэг. Байгалийн саадыг тойрно гэвэл нэг бол хойгуур Баарингаар давж, Халиуны хоолойн хойт талаас, эсвэл урагшаа Төмөрхавын үзүүрээр тойрч, Бигэрийн хоолойгоор орж ирэх замтай. Энэ хоёр замын аль аль нь шулуун явсан замаа хэд дахин уртасгана. Гэвч юутай ч тэр цагийн барилгачид тэдгээр олон хүнд чулуун хавтангуудыг зөөвөрлөж чадсан л байгаа юм. Хасаг тэрэг хэрэглэсэн болов уу гэлцдэг нь харин хамгийн ортой байх. Мисирийн цац суврагуудын аварга том гантиг чулуудыг хэрхэн татсан талаар таамнал, маргаанууд одоо болтол эцэслээгүй.

Гэтэл гантиг хавтангуудаас илүү сонирхолтой зүйл бас бий. Хийдийн гол дуган нь гурван давхар өндөр, одоогийн Гандан хийдийн Мэгжиджанрайсигийн дуган шиг хэлбэртэй, дотор нь ороход уудам хүнхэр танхимийн орой нь тэртээ дээр харагддаг байсан гэдэг. Танхимын тулгуур болох дөрвөн лут том модон багана байжээ. 10 орчим насны хоёр банди хоёр талаас нь алдалж байж гар нь хүрдэг бүдүүн, 10 орчим метр өндөр тэдгээр баганууд элдвийн яр салтар, өө сэвгүй шулуун бөгөөд энэ дөрвөн баганын суурь саяхан болтол байсан тухай ярилцдаг. Энэ дөрвөн мод Зэлийн голын У-тохой салаанаас доохни нэгэн хадны үе дээр зэрэгцэн ургасан байжээ. Моддыг тайрахад эхнийхээс нь цус, хоёрдахиас нь ус, гуравдахиас нь архи, эцсийнхээс нь сүү урсчээ. Нутгийнхан тэдгээр моддын үлдэгдэл хожуул бүхий хадны үеийг шүтэн биширч, залбирч ирсэн хийгээд баргийн хүн ойртож үзэхэд бэрх өндөрт байрласан тэдгээр моддын хожуул 1930-аад онд хийдийг нурахад гэнэтхэн ор мөргүй алга болчихсон гэнэ. Одоо энэ хууч яриаг мэддэг, эсвэл 1930-аад оны явдлыг нүдээр харсан х
өгшчүүл тэр л салааны эхэнд, тэнд л байсан юм даа хэмээн асга, мод бутан дундаас муухан харагдах аль нэгэн хадан үеийг баримжаалан заах л болов уу. Харин тэр хавцал хадны үеэс тэрхүү лужир том моддыг тэмээ байтугай баргийн хасаг тэрэг ч гаргах боломжгүйн дээр ерөөс тэр хавь нутагт хасаг тэрэг явах ямар ч боломжгүй бартаа саадтай билээ. Чухам тиймээс л тэдгээр моддыг хийдийн гол дуганын багана болгохоор Лусын хаан луус хөллөсөн тэнгэрээр зөөсөн гэсэн домогт олон хүн итгэдэг болов уу.

Хийдийн барилгуудын ханын гол үндсэн материал нь түүхий улаан тоосго, мөн болсон хөх тоосго байжээ. Одоо хийдийн туурь хавьцаа хэлтэрхий улаан тоосготой л тааралдаж болох хийгээд хөх тоосго нь ор мөргүй алга болжээ. Хахын өрлөг нь одоо бидний мэддэг тоосгыг хэвтээгээр нь өрөх биш, нимгэн далбагар тоосгыг босоогоор нь жишиж өрсөн нь бас сонирхолтой.

Миний багад манай гэрт цэлдэн хөх өнгөтэй, ваар шиг хатуу гөлгөр гадаргатай, няслахад төмөр мэт жингэсэн дуу гаргадаг хөх тоосгоны хэлтэрхий байсан санагддаг. Хийдийн хөх тоосго нь тэр. Ханиад томуу хүрч, бие халуурахад өнөөх хөх тоосгоны булангаас хэлтлээд нунтаглан уулгаж байдагсан. Үр дүн сайн. Мухар сүсэг гэхээсээ илүү тэр тоосгоны найрлаганд буй эрдэс бодисыг таньж мэдсэн олон жилийн ажиглалтын үр дүн болов уу.

Хийдийн баруун хойно Чандмань нэртэй хүрэн улаан барсгар хадтай бяцхан толгой бий. Цаг болоход хийд балгас болно, бас цаг нь ирэхэд хийд дахин сэргэн босох болно гэсэн бошго лүндэнтэй юм гэсэн. Тийн дахин сэргээхэд хэрэглэх 10 түмэн тоосгыг бэлтгээд дарж хадгалсан нь тэрхүү Чандмань толгой юм хэмээн домогложээ. Мөн хийдийн гол гол дуган, барилгууд вааран дээвэртэй, ус зайлуулах системтэй, асар лавринтай байжээ. Вааран дээвэрнийх нь үлдэгдэл хэлтэрхийнүүд саяхан болтол байсансан. Тэнгэрээр нисэж яваа лууг товойлгон дүрсэлсэн тэдгээр хэлтэрхийнүүдийг нь эвлүүлж тоглодог байсан бага нас минь гэрч болох байх аа.

Хийдийг босгох гол ажлыг 7 мужаан-барилгачин хийжээ. Ахлагч даа мужаан нь хядад хүн байсан гэдэг. Тэр мужаан барилгын ажил дууссаны дараа засал чимэглэл хийж яваад гол дуганын хаалганы дээрээс унаж энджээ. Сайн муу ёр билгийн чухам аль нь, уран гарт, сайн үйлстний дурсгалыг хүндэтгэсэн хүндэтгэл байсан уу, эсвэл унаж эндсэн осол, түүнээс үүдэх хар хорыг цайлгасан хэрэг үү, бүү мэд, юутай ч тэрхүү өвөрлөгч эрийн хос шаахайг хаалганы самбараас өлгөж орхисон нь тэндээ зууныг элээсэн байна.

Хийдэд 13 их бага барилга байсны олонхи нь хожим нэмж баригдсан гэдэг.

Энэ нутгийн хүү Л.Түдэвийн “Оройгүй сүм” зохиолд чухам энэ хийдийн түүх намтар нэг чухал хэсгийг нь эзлэх билээ. ....

Хамба гэгээний хийдийн байршил

Лууль, шарилжны оёор нуугдан өнө мөнхийн зүүдэндээ умбан нойрсох Хамбын хийдийн туурь буй газрын байцыг тогтоон ажигласан хэн ч хийд, суурингийн шавыг тавихдаа бэлгэ ёр, уул усны байршил, нарны тусгал, хурын буулт, алсын хараа, ус чийг, нууцлал зэрэг нэн олон талаас нь шинжин шилж, гярхай чамбай ажиглан байж сонгодог байсан хуучин цагийн тэрх урчууд, мэргэдийн ухааныг эрхгүй бахдан шагших болно. Энэ газар бол Алтай хотоос баруун тийш 50 орчим, Халиун сумаас зүүн талд 20 орчим км зайд, Хантайширийн нурууны үелж буусан бэлийн дунд хавтгай дээр оршино.

Анхны шинжээчид үзээд “Ай, энэ бол арслангийн шил газар байна. Хорлолт муу хүчийг эрх сүр, эрч хүчээр дарахын бэлгэ үзүүлсэн газар юм” гэсэн гэдэг. Сайн ажваас үнэхээр хоёр талаас нь гүн жалга хашсан ялимгүй төвийсөн халцгай довцогийн шил дээр хийдийн туурь шийрлэсэн агаад, уг довцог доош буун намсан буй хэсгийн хоёр хацарт гэрийн буурийн чинээ дугуйрсан хос дэрстэй. Хамбын хийдийг түм түжигнэсэн хөлтэй газар байх цагт тэр хоёр дэрсний оёорт хос худаг байсан гэдэг. Одоо бол бараг ор мөр ч үгүй эдгэрчдээ. Тэр хоёр дэрст хацраас ялимгүй доош уруудахад өнөөх дөвцөгийн хоёр талаас хашсан гүн жалга уужуурч, дөвцөг ч намсан нахийснаа гэнэтхэн бяцхан хадан толгой болон цогнойно. Хадан толгойн бэлд хоёр жалга нийлжээ. Уг хадан толгойг арслангийн хамар гэнэ. Нахийсан хэсгийн дээд хэсэгт буюу довцогийн хоёр хацарт байх дэрсийг арслангийн хөмсөг гэнэ. Мэдээж хэрэг хос хоёр худаг бол арслангийн нүд болж таарна. Харин халцгай ялимгүй дөвцөг бол арслангийн дух болох бөгөөд үнэхээр итгэсэн хүнд хийд арслангийн шил дээр баригдсан мэт харагдана.

Хийдийн арыг хана хэрэм мэт хүрээлэн хаших өндөр сүрлэг хадат энгэрүүдийн эхээр Дээд даваа, Дандангийн эх болон Багшийн овооний хар модод өнийн салхинд шуугин гунхах нь уурссан арслангийн зогдор мэт.

Хантайширийн нурууний өвөр бэлд үелж шаталсан хэлбэртэй уртаашаа 5 орчим, өргөнөөшөө нэг орчим км бүхий нэлээд уудам дөрөлж байна. Энэ дөрөлжийн хуучин цагт Хамбын хийдийн дөрөлж, одоо бол Шаврын дөрөлж гэнэ. Дээрх арслангийн шил мэт газар бол энэ дөрөлжийн тэхий дунд оршино. Наран илч гэрлээрээ гэрэл өглөөнөөс үдэш болтол энэ бэл энгэрийг харамгүй эвээнэ.

Бусад жижиг төв суурингууд хаа холоос зэрэглээн дунд сүүмэлзэж, цайлалзан харагддаг бол Хамбын хүрээ тэгэж харагдахгүй, хоолой талаас Ханжаргалангийн нуруу, Хавцгайн бэл халхална. Угаасаа Өвгөн овооний бэлд байх тул Зүүн талаас нь бол Овоо, Зээгтийн бэлийн ирмэг дээрээс өнгийхгүй л бол харагдахааргүй нууцгай газар билээ.

Хамбын гэгээний дүрүүд

1932 онд жанч хальсан Хамбын гэгээн нь 4 дэх дүр байсан гэдэг. Анхны дүр нь Цастын орноос залсан Хавчиг дүр гэж байжээ. Удаах Тойн дүр нь хийдийг өргөжүүлэх, хөрөнгө санхүүг бэхжүүлэх талаар аливааг санаж сэтгэж, Сартуул гүний нутгаас буюу өнөөгийн Завхан нутгийн нэгэн баянаас өглөг өргөхийг хүссэнд “Хадны нэг муу ядарсан гэлэнд өргөх өглөг алга” хэмээн хариу барьсан байна. Тойн дүр энэ үгийг сонсоод “За, өнөө тэр өглөг авлагаа мартжээ. Авах юм аа авах л болно” гэж хэлээд төд удалгүй өнгөрчихжээ. Хойт дүр нь гэтэл өнөөх баяныхаас тодорч, 7 настайд нь гэгээнээр өргөмжлөн сэнтийд нь залахад 200 тэмээ ачаа дагалдан ирсэн байна. Энэ дүрийг Тарган дүр гэх. Тарган дүр өнгөрөхдөө “Би шуналаас болж тусгүй юм хийжээ. Одоо ядарсан нэгнийг тэтгэхгүй бол болохгүй нь” гэж.

Гэгээн дүр төрсөн нь


Сүүлчийн Гэгээн дүрийн төрсөн тухай барим тавим тодорхой яриа бий. Бурхан Буудай уулын Дунд голд Довууч нэртэй нэгэн барлаг эр баян айлын хаяа бараадан хонь малыг нь эргүүлэн, цагааны шавхруугаар нь гол зогоон амьдардаг байжээ. Довуучийн хөл хүндтэй эхнэр хөнгөрөх дөхсөн хаврын сүүл сард баяных буудал сэлгэн зусландаа нүүж гэнэ. Гэхдээ төд удалгүй хөнгөрч бүл нэмэх гэж буй Довуучийнхийг ажилд нэмэргүй, аманд нэмэртэй болно хэмээн тээршааж, хар буудал дээрээ хаясан байна. Зусланд буугаад удаагүй байтал баяны адууны манааны хоёр хүн хар үүрээр давхилдан ирж, өнгөрөгч үүрээр Довуучийн гэрт ер бусын ер бусын гэрэл гэгээ цацарсныг харснаа баян өчжээ. Баян угийн хэрсүү хашир бодолтой хүн байж, “Энд нэг л жиг ургалаа шүү, Довуучийн хүүхнээс бурхан төрсөн байж болох” гэсэнд эхнэр нь эгдүүцэж, “Очиж очиж барлаг Довуучийн сэгсгэр хүүхнээс бурхан төрдөг юм бол би хар хошногоороо адис авна” хэмээн даналзжээ. Тэднийг ийн хэлцэж байх завсар Довууч гол өгсөн саваа аравчилчихсан ирээд, “Эхнэр төрөөд, шөлний юм хайрлана уу” гэсэнд баян эр “Шөнө танайд юун их гэрэл, гал болов” гэж тандан асуув гэнэ. Довууч ч бас хэрсүү нэгэн байж, “Ээ, эзэнтэн минь, мунгинуу би эхнэр төрөх нь гээд сандарч байгаад овоолттой аргалдаа гал оруулчихсан юм” гэсэнд баяны эхнэрийн бах нь ханаж, харин хашир баян эр дахин тандахаар шийдэж, “Нэгэнт хүн бүл нэмсэн бол нүүгээд ир дээ” хэмээгээд, ачлаганы ганц тэмээ, бас бусгаж булгидаг адаар ааштай морь өгөөд явуулжээ. Оройхон Довууч муу панагаа тэмээнд нь ачаалаад, эхнэрээ хүүхдийг нь тэврүүлэн өнөөх ардаг зантай морийг нь зайдлуулаад хөтөлчихсөн иржээ. Догшин морь нь элдвийн адсага хөдөс хөглөрүүлсэн атлаа үргэж бусгахын шинж ч үгүй явааг хараад баян эр “За тэр, энэ Довуучийнхаас эгэлгүй хүн төрсөн бололтой” гэсэнд эхнэр нь аанай л ширэв татаж “Хар хошногоороо адис авна даа” хэмээн дахин тавлажээ.

Хамбийн хийдийн тэргүүн лам нар гэгээний тойд дүрийг тодруулах цаг боллоо хэмээн шогло хаясанд зүг чиг нь Бурхан ууланд таарчээ. Тэр ууланд төрсөн хүүхдүүдийн дунд судалгаа, тандалт хийхээр гэгээний өмнөх дүрүүдийн хэрэглэж байсан даалин, хөөргө тэргүүтнийг өвөрлөсөн нэгэн тандуул лам аялахад өнөөх барлаг Довуучийн хоёр настай хүү Гэгээний хөөрөг даалинг хараад “Ац, миний юм” хэмээн шууд л булаацалдаж эхэлсэн гэдэг. Таван настайд нь дахин шалгаад, мадаггүй болохыг тогтоон, 7 настайд нь Гэгээн дүрийг ширээнд нь залж, их найр наадам үүсгэсэнд ойр хотлынхон бүгдээр шинэ гэгээнтнээс адис хүртэхээр цуглаж гэнэ. Өнөөх баян ч эхнэрээ дагуулан иржээ. Эгнээ эгнээгээрээ суусан мөргөлчдөд долоон настай Гэгээнтэн адис хүртээхдээ өнөөх баяны эхнэрийг алгасчихаад болсонгүй, мөргөлчдийн эхэнд суугаад ч, адаг нь сэлгэж суугаад ч нэмэр болсонгүй. Баяны эхнэр гутарч уйлаад хэлгүй болчихжээ. Хүний амнаас гарч буй сайн муу үг хэл зөн билгэ, ёр совингийн анхдагч болдог хийгээд хэзээ ямагт үйлийн үрийг дагуулж байдгийн нэгэн жишээ энэ болов уу.

Харин Довуучийнхийг Бурхан уулнаас нүүлгэн зүүн талд гаргаж, одоогийн Хөхморьтын амны хойхно байх нэгэн аманд нутаг олгож буулгасан нь одоо ч Довууч гэсэн нэрээ хадгалж явна.


Үргэлжлэл бий

Friday, June 12, 2009

“БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ ХҮЛЦЭЖ ТЭВЧИЖ ЧАДСАНААР ТОДОРХОЙЛОГДОНО”

Ж. Түмэнбаярын “ХУГАРСАН” НОЁН НУРУУ номонд бичсэн шүүмж.

(Шинэчилж жаахан юм нэмсэн юм аа. Ном нь сая хэвлэгдлээ. Номын дэлгүүрүүдэд өнөөдрөөс тараагдаж байгаа байх)

Бид нийгмийн нэгэн их шилжилт, өөрчлөлтийн үйл явц дунд амьдарч байна. 1990 оноос өмнө байсан нийгмийн тогтолцоо нуран унахтай зэрэгцэн тэр цаг үеэ цогцлоон босгож, түүндээ итгэн үнэмшиж байсан хэд хэдэн үеийнхний итгэл үнэмшил, оюуны эрэл, зорилго тэмүүлэл нь хамт нуран унасан юм. Шинэ цаг үеийн шинэ үзэл санаа төрж, соёолон нахиалж байгаа ч нийгмийн тогтолцооны болон оюун сэтгэлгээний энэ их нурангин дороос урган төлжиж, гэрэл гэгээнд гарч, итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит байдал болтол бас их хугацаа хэрэгтэй байжээ.

Ер хүн төрөлхтний түүхэн дэх аливаа нийгмийн донсолгоо, өөрчлөлт бүхэн сайн сайхан, илүү төгс төгөлдөрт тэмүүлсэн дотоод их хүчний үйлчлэл дор өрнөдөг ч түүнийг дагасан их золиос, хямрал, хэлмэгдэл ёс юм шиг дагаж ирсэн байх юм. Энэ ёс ч бидний хүчлэн туулж буй энэ шилжилтийн дүр төрх нь болсон байна.

90 оноос эхэлсэн нийгмийн шилжилт донсолгооны үр урхаг өдий хүртэл арилаагүй байгаа нь чухам оюун сэтгэлгээний бүхэл бүтэн үе солигдож буйтай холбоотой. Энэ шилжилт хямралын цөмд буй хувь хүний дотоод ертөнцийн хямрал, зөрчил нь уран бүтээлч хүмүүст асар баялаг “судалгааны” сэдэв юм. Аль 19 дүгээр зууны төгсгөлд Ф.Достоевский хүний дотоод ертөнцийн зөрчлийн гүнд буй нууцад нэвтрээд “Цөвүүн цагт төрсөн минь юутай аз вэ” хэмээн дуу алдан байжээ. Энэ нь чухам цөвүүн цаг болоход хүмүүний сайн муу чанар нь ус, тос ялгарахын адилаар тод ялгарч, улмаар амьдран оршихуйн философи, үзэл санааны хувирал, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн ялангуяа гоо зүй, ёс суртхууны мөн чанарын асуудлыг нь нэг бүрчлэн шинжлэн сайтар үзэх боломжийг чухам уран бүтээлч хүнд олгодог болоод тэр болов уу.

Манай энэ цаг үед бидний нүдэн дээр барим тавим харагдах хувь хүний дотоод ертөнцийн хямрал, итгэл үнэмшил, ёс суртхууныхаа баримжааг алдан сүйрч буй сүйрэл цөхрөл, мөн түүний хажуугаарх оюуны шинэ эрэл, тэмүүллийг манай утга зохиолд барим тавим тод дүрсэлсэн нь энэ сүүлийн 20 орчим жилд бараг үгүй агаад өөрсдөө гүн хямралд орж, баримжаагаа алдчихаад байгаа манай утга зохиолчдоос бас тийм зүйл шаардах нь зохисгүй, ёс зүйгүй ч байж болох юм. Гэтэл харин утга зохиолын хүрээнээс анхи хол, огтоос өөр ажил мэргэжлийн хүн эл асуудлыг гоо зүй, философи ёсзүйн хүрээнд нэлээн ул суурьтай хөндөн, уран сайхны хувьд ч бас боломжийн боловсруулан тавьж буйг үзээд эрхгүй олзуурхан баярлав.

Хөвхөр овогт Жамбын Түмэнбаяр хэмээх эгэл нэгэн эдийн засагчийн бичсэн “ХУГАРСАН” НОЁН НУРУУ, ХӨӨРХИЙ САРАА гэсэн хоёр бэсрэгхэн туужийн тухай энд өгүүлж байна. Ялангуяа “ХУГАРСАН НОЁН” НУРУУ туужид энэ асуудлыг хэд хэдэн талаас нь илэрхийлэн гаргахыг зорьж, ёсзүйн нэгэн тусгаар ангид бодьгал элемэнтүүд өнгөрсөн, одоо хоёр нийгмийн харьцааны гүнд хэрхэн “оршин тогтнож” буйг та бидний өдөр тутмын аж амьдралын сэдэв дундаас гарган үзүүлжээ.

Амьдралын хүнд бэрхэд хүн чанар, ноён нуруугаа алдаагүй итгэл төгс амьдарч яваа нэгний тухай өгүүлдэг Ч.Лодойдамба агсны “Хугараагүй ноён нуруу” хэмээх сайхан өгүүллэг бий. Харин энэхүү өгүүлэн буй “ХУГАРСАН” НОЁН НУРУУ туужид нийгмийн шилжилтийн бурангуй тоосонд сөхөрч унатлаа дарагдаар, өвгөнтийн хөндийн нэг бүрэн эрхт гишүүн болсон Жамбалын тухай өгүүлнэ. Жамбал нь ажил амьдралаасаа эхлээд итгэл үнэмшил, хайр дурлал бүхнээ нуга хуга даруулсан харагдах ч мөн чанартаа бол түүний дотоод ертөнц энэ бурангуй цагийн салхийг найдваргүй ч гэсэн сөрөн зогсох чадалтай хэвээр байж, түүний дотоод мөн чанар нь огтхон ч ХУГАРСАНГҮЙ ажээ.
Зохиогч Жамбалыг “Энэ п.... шиг бузар цаг үеийн төлөө би хуруугаа ч хөдөлгөхгүй. Хөдөлгөх хуруу ч байхгүй” гээд мухар хуруут гараа үзүүлснийг бичжээ. Тэр мөн чанараа хадгалж үлдэхийн тулд насан туршийн ажил хаялт зарлаж, бурангуй ёсны эсрэг боломж, чадлынхаа хэмжээнд л “бослого-эсэргүүцэл” зарлаж буй нь энэ ээ. Энэ үйлдэл бол эцсийн эцэст хүнлэг ёсны удиртгал юм. Тиймдээ ч зохиогч маань түүний ноён нурууг хугараагүй гэж үзжээ.
Зохиолд Жамбалаас гадна Бүжмаа, Чулуун гэсэн хоёр дүр их тод тусчээ. Ажилч хичээнгүй, үнэнч шударгуу Бүжмаа бүсгүй бол Жамбалын насан багын хань нь. Гэвч тэрбээр цаг үеийн ёс бусын хүчирхэг тулгалтын өмнө барьц алдан ёс суртхуун, итгэл үнэмшлийн хувьд сульдан тамирдсаар сөхрөн унаж байна. Түүний зүтгэл төдийгүй алдаа бүхэн нь Чулууны зол завшаан болно. Тэр бүхэнд цөхөрсөн Бүжмаа “Хэн ч хариуцлага хүлээдэггүй, ямарч арга хэмжээ авдаггүй, хэнд ч хэрэггүй тэр олон эрх чөлөөгөөр чинь бид яах юм бэ? Мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг тэр шүүхээр чинь бид яах юм бэ?” хэмээн бахардан хашгирч байна. Бүжмаагийн энэ үг бол бүхэлдээ баримжаагаа алдсан нийгмийн эгэл нэгэн иргэний цөхрөлт хашгираан. Түүнд итгэл найдвар, гэрэл гэгээ харагдсангүй, тэр харж чадахгүй байсаар эмгэнэлтэйгээр хорвоогоос хальдаг. “Мөн ч их хүлээлээ дээ” гэдэг шиг мөн ч их олон хүн ийнхүү сөхөрч унасан даа, энэ хэдхэн жилд.

Гуравдах нь болох Чулууны дүр бүр ч их түгээмэл. Дээр нэгэнтээ ишлэл авсан Ф.Достоевский “Нийтээрээ үймэн бужигнаж, аль ч учраа олохоо байсан чухам тийм цөвүүн цагт л хамгийн адгийн шаарнууд идэвхжиж, тэсч ядсанаа байж ядан илэрхийлж байдаг” хэмээн тэднийг урнаар тодорхойлсон нь бий. Манайхаар бол “Муу хүн дүйвээнээр, чоно борооноор” гэдэг дээ. Чулуун бол энэ тодорхойлолтонд яв цав таарах хэв шинж гэдгийг энэ зохиолыг уншсан хэн бүхэн ойлгох болно. Тэр ардчиллыг хамгийн түрүүнд талархан дэмжсэн нь угаасаа ардчиллын үзэл санааг итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ хүлээн авсаных бус, харин дүйвээнээр сиймхий гарч буйг ашиглан “тэсч ядсанаа илэрхийлсэн” хэрэг. Тэр чадварлаг инженер, ажилч хичээнгүй Жамбал, Бүжмаа мэтийн хүмүүсийн чадварыг хөнгөн заль, гүйлгээ ухааныхаа хүчээр ховх сорон ашиглаад зогсохгүй тэдний амь амьдралаар нь, амин ганц охиноор нь ч тоглож чадна. Жамбал “Миний энэ хоёр гар мухар болтлоо, Бүжмаагийн толгой мангуу болтлоо ажилласан, түй п.... ” гээд нулимж байдаг. Энэ ч үнэн л дээ, ёс суртхуун, итгэл үнэмшлийн баримжаагүй болно гэдэг нь Бүжмаа мэтийн хүмүүст “мангуу” болно гэсэн үг.
Ерөөс ямар нэгэн үзэл санаа, итгэл бишрэлгүй хүн сульдсаар арчаагаа алддаг, нэг бол хүн биш Чулуун шиг хүн-араатан болж хувирдаг, үзэл санаагүй нийгэм ч өөрөө аяндаа үжирч ганддаг. Хүн төрөлхтний түүхэнд улс гүрнүүд сэргэн мандаж, мөхөн сүйрч байсны цаана чухам үзэл санаа нуугдаж ирсэн билээ. Тиймдээ ч хүний нийгэм гэгддэг, адгуусны сүргээс ялгардаг. Угаасаа хувиа бодох үзлийг (эгиозм) шууд утгаар нь тахиж, зорилго, итгэл үнэмшлээ болгоно гэдэг нь хүний нийгмийг оюунлаг шинжээс ангижруулж, хүчтэй нь хүчгүйгээ гэсэн байгалийн балар хуулийн дор хүн ёсыг толгой гудайлгахад хүргэж буй хэрэг. Ийм харамсалтай дүр зургийг харин бид сүүлийн 20 орчим жилд хангалттай харав. Түүний хамгийн тод жишээ бол Чулуун, Бүжмаа, Жамбал нарын зөрчил, амьдрал... Уншигч та яг ийм хэв шинжийг орцныхоо, хажуу гудамжныхаа хэн нэгнээс олж харах боломжтой, тийм л түгээмэл байна. Гагцхүү манай хүнлэг энэрэнгүйг ямагт имижээ болгож явдаг уран зохиолчдын маань ариун зүрх сэтгэлүүд нь ийм нийтлэг үзэгдлийн хаагуур нь зөрж өнгөрөөд байдаг юм болдоо.
Чулуунд Жамбал болоод Бүжмаа нарынхтай адил ёс суртхууны хэм хэмжээ, үзэл санааны итгэл үнэмшил гэж огтоос байгаагүй учраас түүнд төөрөлдөх, баримжаа алдах, цөхрөх явдал гарсангүй, тиймээс ч ардчилал, шударга ёсны үйлчлэл эхлээ ч үгүй шилжилтийн тэр бурангуй цаг үедээ маш хурдан хамелион мэт зохицож, зүй ёсны болон зүй ёсны бус бүхий л аргаар олж авах зүйлсээ шүүрэн авч чадна. Амжилттай зохицоод зогсохгүй тэр улс төр, эрх мэдлийн өндөрлөг өөд улам шаргуу зүтгэж байна.
Үүнийг зохиолд хэдэн үгээр ингэж бичжээ. “Чулуун улам баяжиж сонгуульд оролцон, Бүжмаа, Жамбал бусад олны бий болгосон хөрөнгийг түүндээ зарцуулж, аймгийн хурлын төлөөлөгч болсон гэнэ. Бас эхнэр Жагаагаа хайр найргүй хөөж, архи дарс уун, зугаа цэнгэл хөөцөлдөж, толгойгоороо хөл хийж, танил тал, хөрөнгө мөнгөөрөө байнга үйлдэх гэмээ хаацайлж, эрх чөлөө гэдгийг ч эдлээд өгчээ. Нөгөө том даргын тоочсон олон эрх чөлөө бол зөвхөн Чулуунд, мөнгөтэй хүнд л зориулагдсан эрх чөлөө юм байж л дээ”.
Хүн төрөлхтөн өнгөрдөг ХХ зууны эхэнд ёс суртхууныхаа нөгөө талыг тод томруун олж хараад алмайран дуу алдсан гэдэг. Ф.Ницше “Ёс суртхууны хорвоо ч бөөрөнхий шүү, бид тэндээс нэг бус нэлээд хэдэн ертөнцийг нээх болно” гэсэн нь угтаа хүний ёс суртхууны мөн чанарт буй нуугдмал аминч үзлийг ухаж төнхсөн хэрэг. Олон сэтгэгчид энэ зам мөрөөр орж, ухаж төнхөөд зогсохгүй, Гоббсоос эхлээд “Хүн бол угийн засрашгүй аминчхан, нүгэлт хорон муу санаатай амьтан”, аминч үзэл нь нийгмийн хөгжлийн хөдөлгүүр болдог хэмээж, аминч үзлийг эдийн засаг, улс төр, ерөөс хүний оршин амьдрахуйн философийн суурь болтол нь боловсруулж. Үүний цаана хувь хүний мөн чанарыг хүлээн зөвшөөрсөн “хүнлэг чанар” ч бас нуугдаж байдаг билээ.
Харин 90-ээд онд “нэг нь нийтийнхээ төлөө” гэсэн нийгмийн сэтгэлгээ задрангуут бидний сэтгэлгээ яг бүр эсрэг туйл дээр нь шидэгдэж, өрнөдийнхний дээрх оюуны эрлийн үр дүнг хамгийн хялбархан ойлгомжтойгоор “амь амиа бодоорой” болгон шүүрч авсан юм. Бүр нийтийн дунд хүчээр үзэл санаа болгох шахсаныг яана. Тэгээд маш хонзонтойгоор бүхнийг үгүйсгэж, мушгиж, нурааж, харааж дэвсэлж эхэлсэн билээ. Эрүүл ухаан үнэхээр ховорхон байсан даа.
90-ээд онд манай нийгэмд маш түгээмэл болсон энэ үзэл санааны өнцгөөс харвал Чулуун ч, Жамбал ч адилдаа адил, годилдоо годил, хэнийг нь сайн, хэнийг нь муу гэхэв. Харин ч Чулуун бол яг үнэндээ шударга байсан, өөрөө өөртөө үнэнч байна гэдэг бол хамгийн шударга явдал, түүний зөв. Жамбал, Бүжмаа нар бол дотоод аминчхан ертөнцийнхөө жинхэнэ бодит дуу хоолойг таниж мэдэж чадаагүй, хий хоосон үзэл санаа, хуурмаг ёс суртхууны хүлээсэнд баригдсаар сүйрч байгаа нь хатуухан хэлэхэд “Хохь нь”. Тэгээд эцэст нь Чулууныг буруутгаж, амьдралын хатуу шударга хуулийг эсэргүүцэж, өвгөнт болон тэрсэлдэж буй нь эмгэнэл, дэмий хийрхэл, Жамбалын амьдрал насан туршдаа ийм хий хоосон хийрхэл байжээ... болно.
Тэгэхээр Чулууныг ёс суртхууны хэм хэмжээ, үзэл санааны итгэл үнэмшил гэж огтоос байхгүй гэж бид дээр буруутгасан маань ч бас худал болно. Харин ч тэр өөрийнхөө хувьд бол маш чанд ёс суртхууны баримжаатай, итгэл үнэмшилтэй хүн болно. Эмгэнэлтэй нэг үзэгдэл их түгээмэл анзаарагдах болсон нь өнөөдөр маш олон залуус яг энэ Чулууных шиг ийм “үзэл санаа”-гаар аж төрж явна.
Үгүй дээ, энэ бол үзэл санаа ч биш, философи ч биш. Амиа бодоход учир их бий. Уг нь манай буддын бясалгагчид аль эрт 2500 жилийн өмнө хүний дотоод мөн чанарыг, өөрөөр хэлбэл тэр “alter ego”-г нь таньж, дотоод сэтгэлээ ариусга, буянт сэтгэлийг үүсгэ, орчин үеийн хэллэгээр бол “Би”-гээ үгүйсгэж, орчлонтой нэгдмэл гэдгээ мэдэр гэж сургаж ирсэнийг одоо л өрнө дахин ойлгож байх шиг байна. Жамбал бол уг нь бурхны шашны энэ үзэл санаанд дотоод мөн чанараараа их ойрхон хүн. Тэр Чулууны элдэв аашийг тэвчиж, өршөөж, дүү шигээ санан хайрлаж, хиртэй оймсыг нь хүртэл угааж, орон байраа хүртэл найр тавин өгдөг. Эцэст эхнэрээ хүртэл “өгдөг”. Гэвч.... үйл явдал түүний тэсч чадах тэр хэмжээ хязгаараас хальжээ. Жамбалыг бүхнийг тэвчиж, үнэхээр буянт сэтгэл үүсгэж чадсангүй гэж буруутгах ч боломжгүй. Харин түүнд дотоод мөн чанараар нь тэтгэгдсэн зан суртхуун байсаар байгаад нь талархах хэрэгтэй юм. Ганц Жамбалд ч бус, эрүүл саруул ухаантай хүнд үнэхээр тэсч тэвчихүйеэ бэрх явдал энэ хэдхэн жилд их болсонсон.
Хүний давтагдашгүй хувь чанарыг хүндэтгэнэ гэдэг аргагүй хүнлэг ёс. Барууны сонгодог ардчиллын гол ололт энд бөгөөд харин Чулуун шиг бусдын хувь чанарыг хүндэтгэх нь бүү хэл харин ч түүнийг өөрийн амжилтын золиос болгох, хүн төрөлтний дунд нэгэнт шалгагдсан ёсзүйн хэм хэмжээг хэрэгсэхгүй байх, хуульгүй, журамгүй аашлах нь ардчилалтай ч, үзэл санаатай ч огтхон ч хамаагүй, анхи өөр явдал юм.
Чухам хувь хүн, нийгэм хоёрын харьцааны торгон хил хүний давтагдашгүй хувь чанарыг хүндэтгэж буй тэр шугамаар зааглагддаг бөгөөд хаашаа хальтирч байгаагаас л хамаг асуудал, (анархи уу, дарангуйлал уу) үүсдэг ажээ.
Энэ зохиолд хальтхан дурдаад өнгөрсөн хуучин Социалист үйлдвэрийн аварга дарга их содон, Чулууны яг эсрэг дүр л дээ. Үнэхээр тэр хүн өдөр шөнөгүй хоёргүй нэгэн сэтгэлээр зүтгэж, хөдөлмөрлөж байж тэр үйлдвэрийг үйлдвэр шиг болгосон. Тэр бусдыг ч мөн өөр шигээ үйлдвэрийнхээ төлөө бүхнээ зориулахыг, золиослохыг, өөрөөр хэлбэл хувь чанараа бүрэн үгүйсгэж нийгмийнхээ эрэг шураг нь болохыг шаарддаг, түүний хамгийн гоц илрэл нь үйлдвэрийнхээ эрх ашгийн төлөө зохиогчийг сайн инженер болох магадлалтай авьяаслаг, ажилсаг Бүжмаатай хайр сэтгэлгүй ч хамаагүй ханилан суухыг тулган шаарддаг. Жижигхэн мэт боловч энэ нь өнгөрсөн нийгмийнхний сэтгэлгээний маш тодорхой талыг харуулж байгаа юм. Үнэхээр тийм л байсан даа. Харин зохиолд залуус асуудлыг хайр сэтгэлийн замаар буюу хувь хүнийхээрээ шийддэг. Ер нь аварга дарга болон түүнтэй итгэл үнэмшлийн хувьд хөг нийлсэн үеийнхэн юутай ихийг бүтээн босгосон билээ.
Аварга дарга болон чин зүтгэлээрээ ажилласан зуу зуун эгэл ажилчдын итгэл, хөлс хөдөлмөрийн шимээр боссон үйлдвэр, их баялаг харин ямар ч үнэ цэнэгүйгээр Чулууны идэш болно. Ямар ч зовлонгүй гээч. Энэ үнэн, үнэхээр бодит амьдрал дээр ийм зүйл их болсон билээ. Гажуудсан ч гэсэн өнгөрсөн нийгэмд хэд хэдэн үеийнхний сайн сайхан ирээдүйн төлөө чин үнэнээсээ итгэж, хувь чанараа хүртэл огоорон зүтгэж, цогцлоон бүрдүүлсэн тэр их баялаг шилжилтийн бурангуй үед Чулуун мэтийн цөөнхийн олз болсоны гашуун үнэн жишээ энэ.

Аман дээрээ ардчилал, хүний эрх, шударга ёс ярьж, ачир дээрээ юу ч хийхээс буцахгүй болтлоо улайран тэсч ядах, сүнсээ түймэрдүүлсэн энэ Чулууны амьдрал дээрх бодит дүр гэлмэн хэлмэгдсэн Жамбалуудын нэгэн адил дэндүү олон. Өнөөдөр улс төр, бизнесийн хүрээнийхний дундаас нэг бус нэлээд олон Чулууны өрөөсөн дугуйнуудыг бүр нэр ус, хийсэн үйлдсэнээр нь барим тавим баримттайгаар дурдаж ч болохоор байгаа билээ.
Чухам өнөөдөр бидний их золиос гарган олж авсан ардчилсан хувьсгалын ололт маань ихээхэн гажуудаж, анархи маягтай цөөнх олигархийн дарангуйлалд нэн дөхөж очсонд тэдгээр Чулуун нарын “гавьяа зүтгэл” ихээхэн үүрэг рольтой байгаа юм. Шиндлер хуруун дахь алтан бөгжөө хараад “... үүгээр би дахиад хоёр хүний амь аварч болох байсан шүү дээ” хэмээн гаслан уйлдаг шиг зүйл Чулуун нарт бараг л тохиолдохгүй болов уу. Сайн муугийн зөрчил, туйлийн эцсийн дэнсэн дээр биднийг угтан золгож буй цоо шинэ цаг үе, эрх чөлөөний цэвэр цэнгэг сэтгэлгээгээр бялхсан шинэ үеийнхэн тэднийг сайнтай, муутай нь өршөөх биз ээ. Юутай ч өнөөдрийн хийрхүү ардчилагчид шиг өмнөх үеийнхнээсэ хонзон авах гэсэн мэт учиргүй улайран үгүйсгэж, мугуйдлан дайрахгүй гэдэгт итгэлтэй байна.
Бидний энэ цаг үед үй олон хүний амьдрал яг л энэ Жамбал болон Бүжмаагийн адилаар нуран унасан. Тэднийг хувиран өөрчлөгдсөн цаг үеэ ойлгон хүлээн авч, зохицон амьдарч чадаагүй бол хохь нь гэж буруутгах өнөө цагийн түр зуурын ёсзүйчид их олон бий. Гэвч тэдний дотоод ертөнцийн гүн дэх шаналал, ёс бусын эсрэг, дотоод мөн чанараа хадгалж үлдэх гэсэн тэмцлийнх нь өмнө ямар ч буруутгал өчүүхэн зүйл юм. Бид 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн тухай байнга л ярьдаг. Нэр томьёоны хувьд 1930-аад оны үйл явдлыг хилсдүүлэг гэвэл илүү оновчтой бөгөөд харин энэ туужид гарч буй золгүй хувь тавилантнууд бол нийгмийн шилжилтийн төлөөсөнд хэлмэгдэж буй жинхэнэ хэлмэгдэгсэд гэлтэй. Энэ үзэгдэл хэдэн арван мянгаар тогтохгүй хүний, гэр бүлийн дээгүүр одоо ч хар сүүдрээ тусгасаар байгаа. Өөрөөр хэлбэл цар хүрээгээрээ 1930-аад оныхоос хавьгүй илүү байж мэдэх тийм их хэлмэгдүүлэл бидний энэ цаг үед ид өрнөж байна. Үүнийг зохиогч маань гярхай ажиглажээ.

Сүүлийн жилүүдэд ар араасаа давалгаалсан жалга тойрсон, хувь чанарын ядмагхан үзэл санаа, болхидуухан мэдрэмжийн сэдвээс халин гарч цаг үеийнхээ орчил хөдөлгөөн, нийгмийнхээ тогтолцооны мөн чанар, алдаа оноог шүүж, эргэцүүлэн харахыг оролдсон нь энэ зохиолын гол ололт болж байна. Зохиолд сайн ч, муу ч юм бий. Гэвч тэдгээр нь тийм ч чухал биш.

Зохиогч маань эцэст нь “Устсан бус устгагдан үгүй болох бидний адил үгүй болсон ч сэтгэл зүрхэнд минь байсаар байх юм даа” хэмээн шүүрс алджээ. Энэ бол тэрхүү бүхэл бүтэн үеийнхий шаналсан, цөхөрсөн дотоод сэтгэлийнх нь гүнээс гарч буй нийтлэг дуу авиа юм. Гэвч эцсийн эцэст энэ бүх зовлон золиос болон сарнихад бид улам илүү үнэн, улам бат гүн гүнзгий тийм үзэл санаа руу шилжиж байгаагаа мэдрэх болно. Ер үеийн үед түүхийн хүрд илүү төгс төгөлдөр, илүү сайн сайхан руу эргэж байсан билээ. Харин бидний үнэ цэнэ С.Цвейгийн хэлснээр “... Хүлцэн тэвчиж чадсанаар...” тодорхойлогдоно.
Б.Номинчимэд

Thursday, June 11, 2009

Дахиад л улс төр, залхмаар

Гутлаа шидэх, байшин шатаах хоёрт ялгаа их бий

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Сүхбаатарын талбайд үг хэлж байхад нь хоёр гутлаа шидсэн Э.Дэлгэрмөрөнд Сүхбаатар дүүргийн шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 21 хоног баривчлах ял оноожээ. Хүн рүү гутал шидэх нь цаад хүн нь ерөнхийлөгч байна уу, ердийн иргэн байна уу, хэн байхаас үл хамааран нийгмийн хэв журам, тогтоосон дүрэм, хууль зөрчиж буй хэрэг тул ингэх нь ч зүйн хэрэг, ардчиллын ч зарчим. Чухам ардчилал гэдэг нь өөрөө хуулийн дарангуйлал дор оршин тогтнож байдаг, нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг ёс, хууль журмыг хэн хүнгүй хүндэтгэн сахих нь үеийн үед ардчиллын амин сүнс болж ирсэн билээ.
Чингис хаан маань “Гайтай болбоос шадрыгаа ч шанталсугай, гавъяатай болбоос дайснаа ч шагнасугай” гэсэн зарчим барьж
байсан нь чухам жинхэнэ ардчиллын зарчим бөгөөд түүний хүчин чадлын нэг нууц нь энд байсан.

Америкт хэдэн монгол залуу очжээ. Орой нь тосож авсан найзынхаа амьдардаг байранд уулзсаных, хилээр амжилттай давсаных, наргиж гарч дээ. Улаанбаатараас ганзаглаж очсон хатан Туулынхаа усаар найруулсан хатуу сархдаасаа хүртэн, дуугаа дуулан хашгичиж, ер нь л бид наргихаараа яадаг билээ дээ. Цагдаагийн офицер ирж, тэднийг чанга дуу чимээ гаргахгүй байхыг сануулсан байна. Халамцсан манайхан төд удалгүй мартаж, дахиад л хашгичиж гарч дээ. Үр дүн нь тэд баривчлагдан саатуулагдахад хүрчээ. Баригдсан нь сонин биш, чухам сонин зүйл нь нөгөөх монголоос очсон залуус маань “Америкийг ардчиллын эх орон гэдэг нь хаана байна, чөлөөтэй дуулж ч, хашгирч болохгүй” хэмээн үнэн голоосоо гайхсанд байгаа юм.

Бид чинь ардчиллыг нэг иймэрхүү төвшинд л ойлгодог ард түмэн шүү дээ. Тэр байранд амьдарч байгаа хэдэн арван өрх айлын амгалан тайван байдал алдагдаж, олон хүн унтаж, амарч чадахгүйд хүрч байгаа тухай тэдний толгойд бүр ямар ч санаа байсангүй. 20 жил ардчилал ярьж, тэмцсэний эцсийн үр дүн маань нэг иймэрхүү өрөвдөлтэй хэв шинж. Манай ардчиллын хамгийн гажсан илрэл нь өнгөрсөн долдугаар сарын нэгэн байсан. Олон түмний ухамсарт ийм төөрөгдлийн үрийг үр дүнтэй суулгаж боловсруулсан хүмүүс маань “манай, миний ардчилал” хэмээн бүхнээс чангаар хашги-рагчид. Өөрсдөө бол бусдыг доромжилж болдог, өөр хүн болдоггүй, өөрсдөө бол бусад руу гутал бүү хэл чулуу, гал шидэж болдог, бусад нь хэрвээ тийм үйлдлийн өчүүхэн илрэл л гаргах юм бол дарангуйлал, хүчирхийлэл эхэллээ гээд даян дэлхийгээр нэг орь дуу болдог, өөрсдөө бол жудаггүй аашилж, урваж, шарваж болдог, тийм атлаа өрөөл бусдынхаа ямагт улыг нь шагайж, алдаа олбол үндэсний дайсан олсон мэт баярладаг. Үр дүн нь энэ утгагүй хийрхэл, хардлага, нэг нэгнээ үгүйсгэсэн эцэс төгсгөлгүй үгүйсгэл, тэгээд долдугаар оарын нэгэн.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр долдугаар сарын нэгний хэрэгт холбогдогсдыг бүгдийг нь анхныхаа зарлигаар чөлөөлнө хэмээн амласан нь зөвхөн сонгуулийн шоу-амлалтуудын нэг байв уу, эсвэл….?

Долдугаар сарын нэгний үйл явдал олон талтай. Тэнд оролцсон хэдэн зуун иргэд дотор сонгууль будлиантай болчихлоо гээд бухимдаж, уурсаж явсан хүн ч бий, далимдуулаад чоно борооноор гэгчээр юм хумсалж, туучих санаатай явсан нь ч олон бий. Түүнийг нь ялган салгаж, хулгай, дээрэм, хүчирхийлэл хийсэн бүхнийг зохих шийтгэлийг оногдуулах учиртай. Түүнээс биш “Түмэн эх” чуулгын ховор нандин морин хуурыг үүрчихээд Долоон буудлын эцэст гүйж явсан хүнийг үймээний хөлөөс холдуулж, хадгалж хамгаалах зорилготой явсан гэж ойлгох боломжгүй. Улстөрийнхөө үзэл бодлын төлөө морин хуур туучихсан юм даа, хөөрхий минь гэх нь бүр ч инээдэмтэй хэрэг. Байшин, машин шатааж, тэр ч бүү хэл урлагийн үнэт бүтээл рүү улангасан дайрсан хүнийг улстөрийн хэрэгтэн гэх үү? Нийгмийн хэв журам зөрчсөн ийм тохиолдол бүрийг хэрвээ улстөрийн хэрэгтэн нэрээр цагаатгаад байвал юу болох вэ? Нөгөө Ардчилал яллаагг хэмээн дэвхцээд байсан маань юу болж хувирах вэ?

Монголд үнэхээр ардчилал яллаа гэж буй бол хууль ёсыг шударгаар, бага гэлтгүй сахиулж, хэвшүүлэх, ард иргэдийн сэтгэхүйд хуулийг зөрчиж, бусдын оршин амьдрах ашгийг хөндөж болдоггүй юм гэдэг итгэл үнэмшлийг яг таг суулгах хэрэгтэй.
Долдугаар сарын нэгний үйл явдлыг жинхэнэ зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж гэсэн хардлага олон түмний дунд амь .бөхтэй байгаа. Хэрвээ үнэхээр долдугаар сарын нэгний хэрэгт холбогдогсдын үнэн мөн, хар цагааныг ялгахгүйгээр, хулгайч, үймээн таригчид, дээрэмчдийг ч хавтгайд нь улстөрийн цагаатгал нэрээр суллаад эхэлбэл дээрх хардлагыг улам лавшруулах нь ойлгомжтой юм. Байдал хэрхэн өрнөхийг харж л байя.

Долдугаар сарын нэгний үймээнд оролцогчдыг цагаатгах учирзүйн үндэслэл бий юу гэвэл бий. Уг хэрэг явдал нь онцгой тохиолдол байсан учраас оролцогсдыг уучилж цагаатгаж, Монголын төр үнэхээр эцгийн бууриар өгөөмөр сэтгэл гарган өршөөж чаддаг юм гэдгээ ард иргэддээ харуулж, мэдрүүлж болно. Харин Элбэгдоржийн хэлж буй шиг улстөрийн цагаатгал гэвэл тэр жинхэнэ утгаа алдаж, ардчиллын, шударга үнэний зарчим алдагдана. .

Яг үнэн хэрэгтээ саяны Элбэгдорж руу гутал шидсэн хэрэг бол наанаа нийгмийн хэв журам зөрчиж буй ч цаанаа бол түүний улстөрийн байр суурьт дургүйцлээ илэрхийлж буйн илрэл байсан. Буш руу ч мөн л тийм хандлагаар гутлаа шидсэн бөгөөд гутал шидэх нь өнөөдөр улстөрийн хамгййн хурц илэрхийллийн бэлгэдэл болж байна. Аа, харин байшин, машин шатаах, сейф ухах, морин хуур, компьютер хулгайлах нь огт өөр асуудал юмсан. Тэгэхээр гутал шидэх, байшин шатаах хоёрт ямархан их ялгаа буй нь ойлгомжтой биз ээ.
Б.НОМИНЧИМЭД

Sunday, June 7, 2009

Ижийгээ харангадуулж үхүүлсэн хүний төгсгөл

1970-аад оны сүүлчээр юмдаг, нэг өдөр аав маань намайг дагуулан Уртцагааны үүдээр алхаж яваад нэг өвгөнтэй учиргүй дотносон золгож, ахаа ижий болоод явчихав. Нутгаа санаж бэтгэрч явсан хүнд нутаг нугийнх нь хөгшин таарах сайхан байлгүй яахав. Өнөөх өвгөн их ядруу зайлуул, тэр цагт Урт цагаан, Зуун айлын хятадууд л голдуу өмсдөг байсны адил хөвөнтэй пөөнөгөр хүрэм өмссөн нь хир даг болсоор өнгө нь ч танигдахгүй байсныг их тод санадаг юм. Аав, бид хоёр өвгөнийг дагуулан гэртээ ирэхэд ээж маань ч мөн л хөл болон баярлаж, хоол цай болоод зогсохгүй өвгөний хамаг хувцсыг хогон дээр аваачин шатааж, аавын хувцаснаас илүүчлэн өмсүүлж, ганган сэмбэгэр өвгөн болгоод авлаа.

Тэд оройжин их л зүйлийг ярилцаж байсан ч чухам би бага балчир байсан тул юу ярилцсаныг огтхон ч санадаггүй билээ. Харин тэр хуучин хувцаснуудыг нь шатаах гэхэд өвгөн ихэд дургүйцэж байсан хийгээд тэр хувцаснуудаас нил хийсэн эхүүн муухай үнэр сэнхийж байсныг нь сайн санадаг юм. Тэр цагаас хойш өвгөн үе үе манайд айлчилна аа. Тэгэхдээ ээжийн маань өмсгөж өгсөн аавын дээл, хувцас бүгдээрээ байхгүй болчихсон, авах юмгүй тамтаг муу хувцастай болчихоод ирдэг, ээж ирэх бүрд нь хувцасыг нь сольж өгдөг байснаа сүүлдээ сольж өгөх ч хувцасгүй болж, сольж өгөхөө ч байсан юм. Өвгөнийг ирээд хоносны дараа хэдэн өдөртөө манай гэрээс өнөөх муухай нилхийсэн үнэр салдаггүй байсансан. Ээж тэр өвгөнийг ирж хоноход зориулж тусгай гудас, хөнжил бэлтгэж, ирэхэд нь бусдаас хөндийдүү ор дэвсгэр засч унтуулаад явангуут нь гудас хөнжлийг нь гаргаад хашаан дээр тохчихдог байсан нь ирэх бүрдээ манайд бөөсний арвихан сүрэг үлдээчихээд явдаг байсных байж.

Гэтэл аав нөгөө өвгөнийг ирэхэд нэг л сэжиглэнгүй болчихов. Өвгөнийг ирээд явах бүрд манайхаас ямар нэгэн юм, аавын мөнгөн аяга, ээжийн ээмэг бөгж ч хүртэл алга болчихдог. Гэвч хөөж туугаагүй юмдаг, ирэх бүрд нь хооллож ундалсаар, харин эд юм аа л гамтай хямгадах болсон билээ. Удалгүй манайх нутагтаа нүүж ирлээ. Хожим тэр өвгөн юун хүн байсныг асуухад надад ийм нэгэн түүх хүүрнэсэн юм.

Уг нь тэр их баян айлын ганц хүү байжээ. Аав нь эрт өнгөрчээ. Мал ахуй нь тийм арвигүй ч хатуу эдлэл ихтэй, мань эр өдөрт л нэг морь сэлгэж, долоо хоногт торгон дээл сольж өмсдөг, айл хэсч, архи ууж, авгай хүүхэн шуугиулахаас өөр юм хийдэггүй, ёстой л туйлж явсан байна. Айл гэр болж байсан ч тогтвортой байсангүй. Гэвч юм хэмжээтэйн учир эцгийн хураасан хөрөнгө зоорь нэг л өдөр шавхарч, модоо барихдаа тулжээ. Энэ үед дайран дээр давс гэгчээр ээжид нь хоолон хэнхэг гэдэг өвчин тусч улам зовоожээ. Энэ хоолон хэнхэг гэдэг нь үргэлж л гэдэс нь өлсөж байдгаас үргэлж л ямар нэгэн юм хэвж хэвтэхэд хүрдэг, идээд л доош нь харваж гаргаад л байдаг тийм ёрын өвчин байсан гэдэг. Хоолон хэнхэгээс гадна бас усан хэнхэг гэдэг өвчин ч байж, энэ нь үргэлж ам цангаж байдаг учир хоолон хэнхэгээсээ арай дээр өвчин байжээ.

Хоолон хэнхэг туссан ээж нь гэр дэх хамаг идэх юмыг нь цөлмөөд зогсохгүй, ойр орчмын айлууд руу гүйж, хоолны гуйлга, хэрүүл гаргаад болохгүй тул мань эр гадагш гарахдаа ээжийгээ хананаасаа тэлүүрдэж хүлчихээд явдаг болж гэнэ. Тэднийхтэй айлсах айл ч ховордож. Мань эр гэрээс нэг гарахаараа хэдэн гол гаталж, хэдэн уул давж тэнэдэг байсан учир хөөрхий эх хэдэн өдрөөр ханандаа хүлээтэй хэвээр хүүгээ хүлээнэ. Хааяа ойрхон хүн амьтан явж харагдвал “Хүүхээ, ганц балга ус дөхүүлээд өгөөч, хатаж үхлээ” хэмээн гуйдаг байж. Ус, хүнс дөхүүлж өгдөг нь ч байсан биз, бас зэнзийрч зугтаадаг нь ч байжээ. Ингэсээр мань хүнийг нэгэн удаа тэнэж, архидаж яваад ирэхэд эх нь хүүгээ хүлээж тэссэнгүй, ханандаа тэлээстэй чигтээ харангадчихсан байсан гэдэг. Ээжийнхээ дараа нутаг орондоо нэг хэсэг гонь ганцаар амьдарч байгаад гэнэтхэн алга болчихсон нь Улаанбаатарт ирээд, одоогийнхоор бол өвгөнт, траншейнийхний нэг болчихсон байж. Чухам ийм үед нь аав бид хоёр тийн таарсан хэрэг. Нутагтаа ганцаар байхдаа замын жолооч нараас машиныхаа моторыг арчсан тостой алчуурыг нь гуйн цуглуулдаг, түүгээр юу хийдэг вэ гэхээр галаа асаадаг байжээ. Мэдээж хэрэг тостой даавуу шатахдаа сайн ч үнэр танараас эхлээд гал голомтын буянд ямар л сайн байхав.

Тэгээд аав маань “Муу амьтан гэдэг муу чигээрээ л хорвоог дуусгах юм даа. Ээжийгээ харангадуулж үхүүлсэн хүн чинь ямар л олиг байхав, өөдөлдөггүй юм билээ” гэсэн билээ. Нээрээ ч ээжийгээ харангадуулж алсан хүн чинь ээжийн минь тэр тусч өрөвч сэтгэлийг өчүүхэн чинээд тоохгүй байсан нь арга ч үгүй юм даа.