Friday, June 12, 2009

“БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ ХҮЛЦЭЖ ТЭВЧИЖ ЧАДСАНААР ТОДОРХОЙЛОГДОНО”

Ж. Түмэнбаярын “ХУГАРСАН” НОЁН НУРУУ номонд бичсэн шүүмж.

(Шинэчилж жаахан юм нэмсэн юм аа. Ном нь сая хэвлэгдлээ. Номын дэлгүүрүүдэд өнөөдрөөс тараагдаж байгаа байх)

Бид нийгмийн нэгэн их шилжилт, өөрчлөлтийн үйл явц дунд амьдарч байна. 1990 оноос өмнө байсан нийгмийн тогтолцоо нуран унахтай зэрэгцэн тэр цаг үеэ цогцлоон босгож, түүндээ итгэн үнэмшиж байсан хэд хэдэн үеийнхний итгэл үнэмшил, оюуны эрэл, зорилго тэмүүлэл нь хамт нуран унасан юм. Шинэ цаг үеийн шинэ үзэл санаа төрж, соёолон нахиалж байгаа ч нийгмийн тогтолцооны болон оюун сэтгэлгээний энэ их нурангин дороос урган төлжиж, гэрэл гэгээнд гарч, итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит байдал болтол бас их хугацаа хэрэгтэй байжээ.

Ер хүн төрөлхтний түүхэн дэх аливаа нийгмийн донсолгоо, өөрчлөлт бүхэн сайн сайхан, илүү төгс төгөлдөрт тэмүүлсэн дотоод их хүчний үйлчлэл дор өрнөдөг ч түүнийг дагасан их золиос, хямрал, хэлмэгдэл ёс юм шиг дагаж ирсэн байх юм. Энэ ёс ч бидний хүчлэн туулж буй энэ шилжилтийн дүр төрх нь болсон байна.

90 оноос эхэлсэн нийгмийн шилжилт донсолгооны үр урхаг өдий хүртэл арилаагүй байгаа нь чухам оюун сэтгэлгээний бүхэл бүтэн үе солигдож буйтай холбоотой. Энэ шилжилт хямралын цөмд буй хувь хүний дотоод ертөнцийн хямрал, зөрчил нь уран бүтээлч хүмүүст асар баялаг “судалгааны” сэдэв юм. Аль 19 дүгээр зууны төгсгөлд Ф.Достоевский хүний дотоод ертөнцийн зөрчлийн гүнд буй нууцад нэвтрээд “Цөвүүн цагт төрсөн минь юутай аз вэ” хэмээн дуу алдан байжээ. Энэ нь чухам цөвүүн цаг болоход хүмүүний сайн муу чанар нь ус, тос ялгарахын адилаар тод ялгарч, улмаар амьдран оршихуйн философи, үзэл санааны хувирал, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн ялангуяа гоо зүй, ёс суртхууны мөн чанарын асуудлыг нь нэг бүрчлэн шинжлэн сайтар үзэх боломжийг чухам уран бүтээлч хүнд олгодог болоод тэр болов уу.

Манай энэ цаг үед бидний нүдэн дээр барим тавим харагдах хувь хүний дотоод ертөнцийн хямрал, итгэл үнэмшил, ёс суртхууныхаа баримжааг алдан сүйрч буй сүйрэл цөхрөл, мөн түүний хажуугаарх оюуны шинэ эрэл, тэмүүллийг манай утга зохиолд барим тавим тод дүрсэлсэн нь энэ сүүлийн 20 орчим жилд бараг үгүй агаад өөрсдөө гүн хямралд орж, баримжаагаа алдчихаад байгаа манай утга зохиолчдоос бас тийм зүйл шаардах нь зохисгүй, ёс зүйгүй ч байж болох юм. Гэтэл харин утга зохиолын хүрээнээс анхи хол, огтоос өөр ажил мэргэжлийн хүн эл асуудлыг гоо зүй, философи ёсзүйн хүрээнд нэлээн ул суурьтай хөндөн, уран сайхны хувьд ч бас боломжийн боловсруулан тавьж буйг үзээд эрхгүй олзуурхан баярлав.

Хөвхөр овогт Жамбын Түмэнбаяр хэмээх эгэл нэгэн эдийн засагчийн бичсэн “ХУГАРСАН” НОЁН НУРУУ, ХӨӨРХИЙ САРАА гэсэн хоёр бэсрэгхэн туужийн тухай энд өгүүлж байна. Ялангуяа “ХУГАРСАН НОЁН” НУРУУ туужид энэ асуудлыг хэд хэдэн талаас нь илэрхийлэн гаргахыг зорьж, ёсзүйн нэгэн тусгаар ангид бодьгал элемэнтүүд өнгөрсөн, одоо хоёр нийгмийн харьцааны гүнд хэрхэн “оршин тогтнож” буйг та бидний өдөр тутмын аж амьдралын сэдэв дундаас гарган үзүүлжээ.

Амьдралын хүнд бэрхэд хүн чанар, ноён нуруугаа алдаагүй итгэл төгс амьдарч яваа нэгний тухай өгүүлдэг Ч.Лодойдамба агсны “Хугараагүй ноён нуруу” хэмээх сайхан өгүүллэг бий. Харин энэхүү өгүүлэн буй “ХУГАРСАН” НОЁН НУРУУ туужид нийгмийн шилжилтийн бурангуй тоосонд сөхөрч унатлаа дарагдаар, өвгөнтийн хөндийн нэг бүрэн эрхт гишүүн болсон Жамбалын тухай өгүүлнэ. Жамбал нь ажил амьдралаасаа эхлээд итгэл үнэмшил, хайр дурлал бүхнээ нуга хуга даруулсан харагдах ч мөн чанартаа бол түүний дотоод ертөнц энэ бурангуй цагийн салхийг найдваргүй ч гэсэн сөрөн зогсох чадалтай хэвээр байж, түүний дотоод мөн чанар нь огтхон ч ХУГАРСАНГҮЙ ажээ.
Зохиогч Жамбалыг “Энэ п.... шиг бузар цаг үеийн төлөө би хуруугаа ч хөдөлгөхгүй. Хөдөлгөх хуруу ч байхгүй” гээд мухар хуруут гараа үзүүлснийг бичжээ. Тэр мөн чанараа хадгалж үлдэхийн тулд насан туршийн ажил хаялт зарлаж, бурангуй ёсны эсрэг боломж, чадлынхаа хэмжээнд л “бослого-эсэргүүцэл” зарлаж буй нь энэ ээ. Энэ үйлдэл бол эцсийн эцэст хүнлэг ёсны удиртгал юм. Тиймдээ ч зохиогч маань түүний ноён нурууг хугараагүй гэж үзжээ.
Зохиолд Жамбалаас гадна Бүжмаа, Чулуун гэсэн хоёр дүр их тод тусчээ. Ажилч хичээнгүй, үнэнч шударгуу Бүжмаа бүсгүй бол Жамбалын насан багын хань нь. Гэвч тэрбээр цаг үеийн ёс бусын хүчирхэг тулгалтын өмнө барьц алдан ёс суртхуун, итгэл үнэмшлийн хувьд сульдан тамирдсаар сөхрөн унаж байна. Түүний зүтгэл төдийгүй алдаа бүхэн нь Чулууны зол завшаан болно. Тэр бүхэнд цөхөрсөн Бүжмаа “Хэн ч хариуцлага хүлээдэггүй, ямарч арга хэмжээ авдаггүй, хэнд ч хэрэггүй тэр олон эрх чөлөөгөөр чинь бид яах юм бэ? Мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг тэр шүүхээр чинь бид яах юм бэ?” хэмээн бахардан хашгирч байна. Бүжмаагийн энэ үг бол бүхэлдээ баримжаагаа алдсан нийгмийн эгэл нэгэн иргэний цөхрөлт хашгираан. Түүнд итгэл найдвар, гэрэл гэгээ харагдсангүй, тэр харж чадахгүй байсаар эмгэнэлтэйгээр хорвоогоос хальдаг. “Мөн ч их хүлээлээ дээ” гэдэг шиг мөн ч их олон хүн ийнхүү сөхөрч унасан даа, энэ хэдхэн жилд.

Гуравдах нь болох Чулууны дүр бүр ч их түгээмэл. Дээр нэгэнтээ ишлэл авсан Ф.Достоевский “Нийтээрээ үймэн бужигнаж, аль ч учраа олохоо байсан чухам тийм цөвүүн цагт л хамгийн адгийн шаарнууд идэвхжиж, тэсч ядсанаа байж ядан илэрхийлж байдаг” хэмээн тэднийг урнаар тодорхойлсон нь бий. Манайхаар бол “Муу хүн дүйвээнээр, чоно борооноор” гэдэг дээ. Чулуун бол энэ тодорхойлолтонд яв цав таарах хэв шинж гэдгийг энэ зохиолыг уншсан хэн бүхэн ойлгох болно. Тэр ардчиллыг хамгийн түрүүнд талархан дэмжсэн нь угаасаа ардчиллын үзэл санааг итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ хүлээн авсаных бус, харин дүйвээнээр сиймхий гарч буйг ашиглан “тэсч ядсанаа илэрхийлсэн” хэрэг. Тэр чадварлаг инженер, ажилч хичээнгүй Жамбал, Бүжмаа мэтийн хүмүүсийн чадварыг хөнгөн заль, гүйлгээ ухааныхаа хүчээр ховх сорон ашиглаад зогсохгүй тэдний амь амьдралаар нь, амин ганц охиноор нь ч тоглож чадна. Жамбал “Миний энэ хоёр гар мухар болтлоо, Бүжмаагийн толгой мангуу болтлоо ажилласан, түй п.... ” гээд нулимж байдаг. Энэ ч үнэн л дээ, ёс суртхуун, итгэл үнэмшлийн баримжаагүй болно гэдэг нь Бүжмаа мэтийн хүмүүст “мангуу” болно гэсэн үг.
Ерөөс ямар нэгэн үзэл санаа, итгэл бишрэлгүй хүн сульдсаар арчаагаа алддаг, нэг бол хүн биш Чулуун шиг хүн-араатан болж хувирдаг, үзэл санаагүй нийгэм ч өөрөө аяндаа үжирч ганддаг. Хүн төрөлхтний түүхэнд улс гүрнүүд сэргэн мандаж, мөхөн сүйрч байсны цаана чухам үзэл санаа нуугдаж ирсэн билээ. Тиймдээ ч хүний нийгэм гэгддэг, адгуусны сүргээс ялгардаг. Угаасаа хувиа бодох үзлийг (эгиозм) шууд утгаар нь тахиж, зорилго, итгэл үнэмшлээ болгоно гэдэг нь хүний нийгмийг оюунлаг шинжээс ангижруулж, хүчтэй нь хүчгүйгээ гэсэн байгалийн балар хуулийн дор хүн ёсыг толгой гудайлгахад хүргэж буй хэрэг. Ийм харамсалтай дүр зургийг харин бид сүүлийн 20 орчим жилд хангалттай харав. Түүний хамгийн тод жишээ бол Чулуун, Бүжмаа, Жамбал нарын зөрчил, амьдрал... Уншигч та яг ийм хэв шинжийг орцныхоо, хажуу гудамжныхаа хэн нэгнээс олж харах боломжтой, тийм л түгээмэл байна. Гагцхүү манай хүнлэг энэрэнгүйг ямагт имижээ болгож явдаг уран зохиолчдын маань ариун зүрх сэтгэлүүд нь ийм нийтлэг үзэгдлийн хаагуур нь зөрж өнгөрөөд байдаг юм болдоо.
Чулуунд Жамбал болоод Бүжмаа нарынхтай адил ёс суртхууны хэм хэмжээ, үзэл санааны итгэл үнэмшил гэж огтоос байгаагүй учраас түүнд төөрөлдөх, баримжаа алдах, цөхрөх явдал гарсангүй, тиймээс ч ардчилал, шударга ёсны үйлчлэл эхлээ ч үгүй шилжилтийн тэр бурангуй цаг үедээ маш хурдан хамелион мэт зохицож, зүй ёсны болон зүй ёсны бус бүхий л аргаар олж авах зүйлсээ шүүрэн авч чадна. Амжилттай зохицоод зогсохгүй тэр улс төр, эрх мэдлийн өндөрлөг өөд улам шаргуу зүтгэж байна.
Үүнийг зохиолд хэдэн үгээр ингэж бичжээ. “Чулуун улам баяжиж сонгуульд оролцон, Бүжмаа, Жамбал бусад олны бий болгосон хөрөнгийг түүндээ зарцуулж, аймгийн хурлын төлөөлөгч болсон гэнэ. Бас эхнэр Жагаагаа хайр найргүй хөөж, архи дарс уун, зугаа цэнгэл хөөцөлдөж, толгойгоороо хөл хийж, танил тал, хөрөнгө мөнгөөрөө байнга үйлдэх гэмээ хаацайлж, эрх чөлөө гэдгийг ч эдлээд өгчээ. Нөгөө том даргын тоочсон олон эрх чөлөө бол зөвхөн Чулуунд, мөнгөтэй хүнд л зориулагдсан эрх чөлөө юм байж л дээ”.
Хүн төрөлхтөн өнгөрдөг ХХ зууны эхэнд ёс суртхууныхаа нөгөө талыг тод томруун олж хараад алмайран дуу алдсан гэдэг. Ф.Ницше “Ёс суртхууны хорвоо ч бөөрөнхий шүү, бид тэндээс нэг бус нэлээд хэдэн ертөнцийг нээх болно” гэсэн нь угтаа хүний ёс суртхууны мөн чанарт буй нуугдмал аминч үзлийг ухаж төнхсөн хэрэг. Олон сэтгэгчид энэ зам мөрөөр орж, ухаж төнхөөд зогсохгүй, Гоббсоос эхлээд “Хүн бол угийн засрашгүй аминчхан, нүгэлт хорон муу санаатай амьтан”, аминч үзэл нь нийгмийн хөгжлийн хөдөлгүүр болдог хэмээж, аминч үзлийг эдийн засаг, улс төр, ерөөс хүний оршин амьдрахуйн философийн суурь болтол нь боловсруулж. Үүний цаана хувь хүний мөн чанарыг хүлээн зөвшөөрсөн “хүнлэг чанар” ч бас нуугдаж байдаг билээ.
Харин 90-ээд онд “нэг нь нийтийнхээ төлөө” гэсэн нийгмийн сэтгэлгээ задрангуут бидний сэтгэлгээ яг бүр эсрэг туйл дээр нь шидэгдэж, өрнөдийнхний дээрх оюуны эрлийн үр дүнг хамгийн хялбархан ойлгомжтойгоор “амь амиа бодоорой” болгон шүүрч авсан юм. Бүр нийтийн дунд хүчээр үзэл санаа болгох шахсаныг яана. Тэгээд маш хонзонтойгоор бүхнийг үгүйсгэж, мушгиж, нурааж, харааж дэвсэлж эхэлсэн билээ. Эрүүл ухаан үнэхээр ховорхон байсан даа.
90-ээд онд манай нийгэмд маш түгээмэл болсон энэ үзэл санааны өнцгөөс харвал Чулуун ч, Жамбал ч адилдаа адил, годилдоо годил, хэнийг нь сайн, хэнийг нь муу гэхэв. Харин ч Чулуун бол яг үнэндээ шударга байсан, өөрөө өөртөө үнэнч байна гэдэг бол хамгийн шударга явдал, түүний зөв. Жамбал, Бүжмаа нар бол дотоод аминчхан ертөнцийнхөө жинхэнэ бодит дуу хоолойг таниж мэдэж чадаагүй, хий хоосон үзэл санаа, хуурмаг ёс суртхууны хүлээсэнд баригдсаар сүйрч байгаа нь хатуухан хэлэхэд “Хохь нь”. Тэгээд эцэст нь Чулууныг буруутгаж, амьдралын хатуу шударга хуулийг эсэргүүцэж, өвгөнт болон тэрсэлдэж буй нь эмгэнэл, дэмий хийрхэл, Жамбалын амьдрал насан туршдаа ийм хий хоосон хийрхэл байжээ... болно.
Тэгэхээр Чулууныг ёс суртхууны хэм хэмжээ, үзэл санааны итгэл үнэмшил гэж огтоос байхгүй гэж бид дээр буруутгасан маань ч бас худал болно. Харин ч тэр өөрийнхөө хувьд бол маш чанд ёс суртхууны баримжаатай, итгэл үнэмшилтэй хүн болно. Эмгэнэлтэй нэг үзэгдэл их түгээмэл анзаарагдах болсон нь өнөөдөр маш олон залуус яг энэ Чулууных шиг ийм “үзэл санаа”-гаар аж төрж явна.
Үгүй дээ, энэ бол үзэл санаа ч биш, философи ч биш. Амиа бодоход учир их бий. Уг нь манай буддын бясалгагчид аль эрт 2500 жилийн өмнө хүний дотоод мөн чанарыг, өөрөөр хэлбэл тэр “alter ego”-г нь таньж, дотоод сэтгэлээ ариусга, буянт сэтгэлийг үүсгэ, орчин үеийн хэллэгээр бол “Би”-гээ үгүйсгэж, орчлонтой нэгдмэл гэдгээ мэдэр гэж сургаж ирсэнийг одоо л өрнө дахин ойлгож байх шиг байна. Жамбал бол уг нь бурхны шашны энэ үзэл санаанд дотоод мөн чанараараа их ойрхон хүн. Тэр Чулууны элдэв аашийг тэвчиж, өршөөж, дүү шигээ санан хайрлаж, хиртэй оймсыг нь хүртэл угааж, орон байраа хүртэл найр тавин өгдөг. Эцэст эхнэрээ хүртэл “өгдөг”. Гэвч.... үйл явдал түүний тэсч чадах тэр хэмжээ хязгаараас хальжээ. Жамбалыг бүхнийг тэвчиж, үнэхээр буянт сэтгэл үүсгэж чадсангүй гэж буруутгах ч боломжгүй. Харин түүнд дотоод мөн чанараар нь тэтгэгдсэн зан суртхуун байсаар байгаад нь талархах хэрэгтэй юм. Ганц Жамбалд ч бус, эрүүл саруул ухаантай хүнд үнэхээр тэсч тэвчихүйеэ бэрх явдал энэ хэдхэн жилд их болсонсон.
Хүний давтагдашгүй хувь чанарыг хүндэтгэнэ гэдэг аргагүй хүнлэг ёс. Барууны сонгодог ардчиллын гол ололт энд бөгөөд харин Чулуун шиг бусдын хувь чанарыг хүндэтгэх нь бүү хэл харин ч түүнийг өөрийн амжилтын золиос болгох, хүн төрөлтний дунд нэгэнт шалгагдсан ёсзүйн хэм хэмжээг хэрэгсэхгүй байх, хуульгүй, журамгүй аашлах нь ардчилалтай ч, үзэл санаатай ч огтхон ч хамаагүй, анхи өөр явдал юм.
Чухам хувь хүн, нийгэм хоёрын харьцааны торгон хил хүний давтагдашгүй хувь чанарыг хүндэтгэж буй тэр шугамаар зааглагддаг бөгөөд хаашаа хальтирч байгаагаас л хамаг асуудал, (анархи уу, дарангуйлал уу) үүсдэг ажээ.
Энэ зохиолд хальтхан дурдаад өнгөрсөн хуучин Социалист үйлдвэрийн аварга дарга их содон, Чулууны яг эсрэг дүр л дээ. Үнэхээр тэр хүн өдөр шөнөгүй хоёргүй нэгэн сэтгэлээр зүтгэж, хөдөлмөрлөж байж тэр үйлдвэрийг үйлдвэр шиг болгосон. Тэр бусдыг ч мөн өөр шигээ үйлдвэрийнхээ төлөө бүхнээ зориулахыг, золиослохыг, өөрөөр хэлбэл хувь чанараа бүрэн үгүйсгэж нийгмийнхээ эрэг шураг нь болохыг шаарддаг, түүний хамгийн гоц илрэл нь үйлдвэрийнхээ эрх ашгийн төлөө зохиогчийг сайн инженер болох магадлалтай авьяаслаг, ажилсаг Бүжмаатай хайр сэтгэлгүй ч хамаагүй ханилан суухыг тулган шаарддаг. Жижигхэн мэт боловч энэ нь өнгөрсөн нийгмийнхний сэтгэлгээний маш тодорхой талыг харуулж байгаа юм. Үнэхээр тийм л байсан даа. Харин зохиолд залуус асуудлыг хайр сэтгэлийн замаар буюу хувь хүнийхээрээ шийддэг. Ер нь аварга дарга болон түүнтэй итгэл үнэмшлийн хувьд хөг нийлсэн үеийнхэн юутай ихийг бүтээн босгосон билээ.
Аварга дарга болон чин зүтгэлээрээ ажилласан зуу зуун эгэл ажилчдын итгэл, хөлс хөдөлмөрийн шимээр боссон үйлдвэр, их баялаг харин ямар ч үнэ цэнэгүйгээр Чулууны идэш болно. Ямар ч зовлонгүй гээч. Энэ үнэн, үнэхээр бодит амьдрал дээр ийм зүйл их болсон билээ. Гажуудсан ч гэсэн өнгөрсөн нийгэмд хэд хэдэн үеийнхний сайн сайхан ирээдүйн төлөө чин үнэнээсээ итгэж, хувь чанараа хүртэл огоорон зүтгэж, цогцлоон бүрдүүлсэн тэр их баялаг шилжилтийн бурангуй үед Чулуун мэтийн цөөнхийн олз болсоны гашуун үнэн жишээ энэ.

Аман дээрээ ардчилал, хүний эрх, шударга ёс ярьж, ачир дээрээ юу ч хийхээс буцахгүй болтлоо улайран тэсч ядах, сүнсээ түймэрдүүлсэн энэ Чулууны амьдрал дээрх бодит дүр гэлмэн хэлмэгдсэн Жамбалуудын нэгэн адил дэндүү олон. Өнөөдөр улс төр, бизнесийн хүрээнийхний дундаас нэг бус нэлээд олон Чулууны өрөөсөн дугуйнуудыг бүр нэр ус, хийсэн үйлдсэнээр нь барим тавим баримттайгаар дурдаж ч болохоор байгаа билээ.
Чухам өнөөдөр бидний их золиос гарган олж авсан ардчилсан хувьсгалын ололт маань ихээхэн гажуудаж, анархи маягтай цөөнх олигархийн дарангуйлалд нэн дөхөж очсонд тэдгээр Чулуун нарын “гавьяа зүтгэл” ихээхэн үүрэг рольтой байгаа юм. Шиндлер хуруун дахь алтан бөгжөө хараад “... үүгээр би дахиад хоёр хүний амь аварч болох байсан шүү дээ” хэмээн гаслан уйлдаг шиг зүйл Чулуун нарт бараг л тохиолдохгүй болов уу. Сайн муугийн зөрчил, туйлийн эцсийн дэнсэн дээр биднийг угтан золгож буй цоо шинэ цаг үе, эрх чөлөөний цэвэр цэнгэг сэтгэлгээгээр бялхсан шинэ үеийнхэн тэднийг сайнтай, муутай нь өршөөх биз ээ. Юутай ч өнөөдрийн хийрхүү ардчилагчид шиг өмнөх үеийнхнээсэ хонзон авах гэсэн мэт учиргүй улайран үгүйсгэж, мугуйдлан дайрахгүй гэдэгт итгэлтэй байна.
Бидний энэ цаг үед үй олон хүний амьдрал яг л энэ Жамбал болон Бүжмаагийн адилаар нуран унасан. Тэднийг хувиран өөрчлөгдсөн цаг үеэ ойлгон хүлээн авч, зохицон амьдарч чадаагүй бол хохь нь гэж буруутгах өнөө цагийн түр зуурын ёсзүйчид их олон бий. Гэвч тэдний дотоод ертөнцийн гүн дэх шаналал, ёс бусын эсрэг, дотоод мөн чанараа хадгалж үлдэх гэсэн тэмцлийнх нь өмнө ямар ч буруутгал өчүүхэн зүйл юм. Бид 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн тухай байнга л ярьдаг. Нэр томьёоны хувьд 1930-аад оны үйл явдлыг хилсдүүлэг гэвэл илүү оновчтой бөгөөд харин энэ туужид гарч буй золгүй хувь тавилантнууд бол нийгмийн шилжилтийн төлөөсөнд хэлмэгдэж буй жинхэнэ хэлмэгдэгсэд гэлтэй. Энэ үзэгдэл хэдэн арван мянгаар тогтохгүй хүний, гэр бүлийн дээгүүр одоо ч хар сүүдрээ тусгасаар байгаа. Өөрөөр хэлбэл цар хүрээгээрээ 1930-аад оныхоос хавьгүй илүү байж мэдэх тийм их хэлмэгдүүлэл бидний энэ цаг үед ид өрнөж байна. Үүнийг зохиогч маань гярхай ажиглажээ.

Сүүлийн жилүүдэд ар араасаа давалгаалсан жалга тойрсон, хувь чанарын ядмагхан үзэл санаа, болхидуухан мэдрэмжийн сэдвээс халин гарч цаг үеийнхээ орчил хөдөлгөөн, нийгмийнхээ тогтолцооны мөн чанар, алдаа оноог шүүж, эргэцүүлэн харахыг оролдсон нь энэ зохиолын гол ололт болж байна. Зохиолд сайн ч, муу ч юм бий. Гэвч тэдгээр нь тийм ч чухал биш.

Зохиогч маань эцэст нь “Устсан бус устгагдан үгүй болох бидний адил үгүй болсон ч сэтгэл зүрхэнд минь байсаар байх юм даа” хэмээн шүүрс алджээ. Энэ бол тэрхүү бүхэл бүтэн үеийнхий шаналсан, цөхөрсөн дотоод сэтгэлийнх нь гүнээс гарч буй нийтлэг дуу авиа юм. Гэвч эцсийн эцэст энэ бүх зовлон золиос болон сарнихад бид улам илүү үнэн, улам бат гүн гүнзгий тийм үзэл санаа руу шилжиж байгаагаа мэдрэх болно. Ер үеийн үед түүхийн хүрд илүү төгс төгөлдөр, илүү сайн сайхан руу эргэж байсан билээ. Харин бидний үнэ цэнэ С.Цвейгийн хэлснээр “... Хүлцэн тэвчиж чадсанаар...” тодорхойлогдоно.
Б.Номинчимэд

8 comments:

Тулгаа said...

Сайхан бичжээ!!

serenade said...

маш сайн шүүмж болжээ.

Anonymous said...

tiim ee sain shuumj bolj

Tulga said...

Тэр шүүмж ч яахав. Гол блогийн нэрнээсээ хазайгаад байгаа юм биш үү? Уг нь эх орны эрэлхэг түүх л хүлээгээд байх юм.

oldoshaksli said...

Харин 90-ээд онд “нэг нь нийтийнхээ төлөө” гэсэн нийгмийн сэтгэлгээ задрангуут бидний сэтгэлгээ яг бүр эсрэг туйл дээр нь шидэгдэж, өрнөдийнхний дээрх оюуны эрлийн үр дүнг хамгийн хялбархан ойлгомжтойгоор “амь амиа бодоорой” болгон шүүрч авсан юм. Бүр нийтийн дунд хүчээр үзэл санаа болгох шахсаныг яана. Тэгээд маш хонзонтойгоор бүхнийг үгүйсгэж, мушгиж, нурааж, харааж дэвсэлж эхэлсэн билээ. Эрүүл ухаан үнэхээр ховорхон байсан даа.

oldoshaksli said...

Сүүлийн жилүүдэд ар араасаа давалгаалсан жалга тойрсон, хувь чанарын ядмагхан үзэл санаа, болхидуухан мэдрэмжийн сэдвээс халин гарч цаг үеийнхээ орчил хөдөлгөөн, нийгмийнхээ тогтолцооны мөн чанар, алдаа оноог шүүж, эргэцүүлэн харахыг оролдсон нь энэ зохиолын гол ололт болж байна. Зохиолд сайн ч, муу ч юм бий. Гэвч тэдгээр нь тийм ч чухал биш.

serenade said...

“... Хүлцэн тэвчиж чадсанаар...” тодорхойлогдоно. бас итгэл.

book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com