Thursday, June 11, 2009

Дахиад л улс төр, залхмаар

Гутлаа шидэх, байшин шатаах хоёрт ялгаа их бий

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Сүхбаатарын талбайд үг хэлж байхад нь хоёр гутлаа шидсэн Э.Дэлгэрмөрөнд Сүхбаатар дүүргийн шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 21 хоног баривчлах ял оноожээ. Хүн рүү гутал шидэх нь цаад хүн нь ерөнхийлөгч байна уу, ердийн иргэн байна уу, хэн байхаас үл хамааран нийгмийн хэв журам, тогтоосон дүрэм, хууль зөрчиж буй хэрэг тул ингэх нь ч зүйн хэрэг, ардчиллын ч зарчим. Чухам ардчилал гэдэг нь өөрөө хуулийн дарангуйлал дор оршин тогтнож байдаг, нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг ёс, хууль журмыг хэн хүнгүй хүндэтгэн сахих нь үеийн үед ардчиллын амин сүнс болж ирсэн билээ.
Чингис хаан маань “Гайтай болбоос шадрыгаа ч шанталсугай, гавъяатай болбоос дайснаа ч шагнасугай” гэсэн зарчим барьж
байсан нь чухам жинхэнэ ардчиллын зарчим бөгөөд түүний хүчин чадлын нэг нууц нь энд байсан.

Америкт хэдэн монгол залуу очжээ. Орой нь тосож авсан найзынхаа амьдардаг байранд уулзсаных, хилээр амжилттай давсаных, наргиж гарч дээ. Улаанбаатараас ганзаглаж очсон хатан Туулынхаа усаар найруулсан хатуу сархдаасаа хүртэн, дуугаа дуулан хашгичиж, ер нь л бид наргихаараа яадаг билээ дээ. Цагдаагийн офицер ирж, тэднийг чанга дуу чимээ гаргахгүй байхыг сануулсан байна. Халамцсан манайхан төд удалгүй мартаж, дахиад л хашгичиж гарч дээ. Үр дүн нь тэд баривчлагдан саатуулагдахад хүрчээ. Баригдсан нь сонин биш, чухам сонин зүйл нь нөгөөх монголоос очсон залуус маань “Америкийг ардчиллын эх орон гэдэг нь хаана байна, чөлөөтэй дуулж ч, хашгирч болохгүй” хэмээн үнэн голоосоо гайхсанд байгаа юм.

Бид чинь ардчиллыг нэг иймэрхүү төвшинд л ойлгодог ард түмэн шүү дээ. Тэр байранд амьдарч байгаа хэдэн арван өрх айлын амгалан тайван байдал алдагдаж, олон хүн унтаж, амарч чадахгүйд хүрч байгаа тухай тэдний толгойд бүр ямар ч санаа байсангүй. 20 жил ардчилал ярьж, тэмцсэний эцсийн үр дүн маань нэг иймэрхүү өрөвдөлтэй хэв шинж. Манай ардчиллын хамгийн гажсан илрэл нь өнгөрсөн долдугаар сарын нэгэн байсан. Олон түмний ухамсарт ийм төөрөгдлийн үрийг үр дүнтэй суулгаж боловсруулсан хүмүүс маань “манай, миний ардчилал” хэмээн бүхнээс чангаар хашги-рагчид. Өөрсдөө бол бусдыг доромжилж болдог, өөр хүн болдоггүй, өөрсдөө бол бусад руу гутал бүү хэл чулуу, гал шидэж болдог, бусад нь хэрвээ тийм үйлдлийн өчүүхэн илрэл л гаргах юм бол дарангуйлал, хүчирхийлэл эхэллээ гээд даян дэлхийгээр нэг орь дуу болдог, өөрсдөө бол жудаггүй аашилж, урваж, шарваж болдог, тийм атлаа өрөөл бусдынхаа ямагт улыг нь шагайж, алдаа олбол үндэсний дайсан олсон мэт баярладаг. Үр дүн нь энэ утгагүй хийрхэл, хардлага, нэг нэгнээ үгүйсгэсэн эцэс төгсгөлгүй үгүйсгэл, тэгээд долдугаар оарын нэгэн.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр долдугаар сарын нэгний хэрэгт холбогдогсдыг бүгдийг нь анхныхаа зарлигаар чөлөөлнө хэмээн амласан нь зөвхөн сонгуулийн шоу-амлалтуудын нэг байв уу, эсвэл….?

Долдугаар сарын нэгний үйл явдал олон талтай. Тэнд оролцсон хэдэн зуун иргэд дотор сонгууль будлиантай болчихлоо гээд бухимдаж, уурсаж явсан хүн ч бий, далимдуулаад чоно борооноор гэгчээр юм хумсалж, туучих санаатай явсан нь ч олон бий. Түүнийг нь ялган салгаж, хулгай, дээрэм, хүчирхийлэл хийсэн бүхнийг зохих шийтгэлийг оногдуулах учиртай. Түүнээс биш “Түмэн эх” чуулгын ховор нандин морин хуурыг үүрчихээд Долоон буудлын эцэст гүйж явсан хүнийг үймээний хөлөөс холдуулж, хадгалж хамгаалах зорилготой явсан гэж ойлгох боломжгүй. Улстөрийнхөө үзэл бодлын төлөө морин хуур туучихсан юм даа, хөөрхий минь гэх нь бүр ч инээдэмтэй хэрэг. Байшин, машин шатааж, тэр ч бүү хэл урлагийн үнэт бүтээл рүү улангасан дайрсан хүнийг улстөрийн хэрэгтэн гэх үү? Нийгмийн хэв журам зөрчсөн ийм тохиолдол бүрийг хэрвээ улстөрийн хэрэгтэн нэрээр цагаатгаад байвал юу болох вэ? Нөгөө Ардчилал яллаагг хэмээн дэвхцээд байсан маань юу болж хувирах вэ?

Монголд үнэхээр ардчилал яллаа гэж буй бол хууль ёсыг шударгаар, бага гэлтгүй сахиулж, хэвшүүлэх, ард иргэдийн сэтгэхүйд хуулийг зөрчиж, бусдын оршин амьдрах ашгийг хөндөж болдоггүй юм гэдэг итгэл үнэмшлийг яг таг суулгах хэрэгтэй.
Долдугаар сарын нэгний үйл явдлыг жинхэнэ зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж гэсэн хардлага олон түмний дунд амь .бөхтэй байгаа. Хэрвээ үнэхээр долдугаар сарын нэгний хэрэгт холбогдогсдын үнэн мөн, хар цагааныг ялгахгүйгээр, хулгайч, үймээн таригчид, дээрэмчдийг ч хавтгайд нь улстөрийн цагаатгал нэрээр суллаад эхэлбэл дээрх хардлагыг улам лавшруулах нь ойлгомжтой юм. Байдал хэрхэн өрнөхийг харж л байя.

Долдугаар сарын нэгний үймээнд оролцогчдыг цагаатгах учирзүйн үндэслэл бий юу гэвэл бий. Уг хэрэг явдал нь онцгой тохиолдол байсан учраас оролцогсдыг уучилж цагаатгаж, Монголын төр үнэхээр эцгийн бууриар өгөөмөр сэтгэл гарган өршөөж чаддаг юм гэдгээ ард иргэддээ харуулж, мэдрүүлж болно. Харин Элбэгдоржийн хэлж буй шиг улстөрийн цагаатгал гэвэл тэр жинхэнэ утгаа алдаж, ардчиллын, шударга үнэний зарчим алдагдана. .

Яг үнэн хэрэгтээ саяны Элбэгдорж руу гутал шидсэн хэрэг бол наанаа нийгмийн хэв журам зөрчиж буй ч цаанаа бол түүний улстөрийн байр суурьт дургүйцлээ илэрхийлж буйн илрэл байсан. Буш руу ч мөн л тийм хандлагаар гутлаа шидсэн бөгөөд гутал шидэх нь өнөөдөр улстөрийн хамгййн хурц илэрхийллийн бэлгэдэл болж байна. Аа, харин байшин, машин шатаах, сейф ухах, морин хуур, компьютер хулгайлах нь огт өөр асуудал юмсан. Тэгэхээр гутал шидэх, байшин шатаах хоёрт ямархан их ялгаа буй нь ойлгомжтой биз ээ.
Б.НОМИНЧИМЭД

5 comments:

Миний цаг said...

Тиймээ улс төрөөс залхаж байна. Долоон сарын нэгэн ч нэг тиймэрхүү юм болсон. http://gerel.blogmn.net/20304/, http://gerel.blogmn.net/15012/, http://gerel.blogmn.net/14996/, http://gerel.blogmn.net/14971/ гээд эдгээр бичлэгүүдийг уншаарай. Тухайн үедээ болон одоо бодож байгаа зүйлүүд маань.

B31 said...

Би таны блогийг уншдаг, энэ удаад ч таны энэ бичлэгийг бүрэн дэмжиж байна, монгол улс үнэндээ эмх замбараагүйн хямралд орсон юм уу гэж боддог. Ер нь цаашилбал манайх шиг ийм ядуу, буурай улсад төгс парламентийн засаглал зохих уу гэдэг асуудлыг би их бодох болсон, Бат-Үүлийн хэлээд байгаа шиг, 2 танхимтай парламент, дээд танхимаас сонгогддог хүчтэй Ерөнхий сайд, эсвэл Энхсайханы санал болгоод байгаа Ерөнхийлөгчийн засаглал нь зохистой юмуу гэж бодох юм.

Anonymous said...

Ардчилалыг инстиктийн төвшинд биш ухамсрын төвшинд ойлгож мэдрэх хэрэгтэй байна л даа. Санал нийлж байна. Торноос мултарсан сармагчин шиг байхаа больцгооё та минь ээ :)

Оогий said...

Тийм шүү. Яг үнэндээ бид ардчилал гэдгийг өөрийнхөө хүссэнээр "замбараагүй эмх цэгцгүй" байхын хүссэн газраа шүлсээ хаяж агсарахын нэр гэж ойлгох нь бүүүүүүүр бүүүүр хэрээс хэтэрч байна. Яг үнэндээ монголд ардчилал нь .......
Ядаж байхад ардчилал гэдгийг өөрийн хувийн эзэмшилд бүрэн аваад өмчилсөн хүн нь хэцүүхэн хүн юм даа гэж бодогддог. Мэдээж ардчилал нэрээр амбицлах нь чухал болохоос ардчилалын үнэ цэнэ, бодит утгыг хүмүүст үнэн зөвөөр ойлгуулах нь тийм ч чухал биш болов уу гэж энэ хэсэг нөхдүүдэд ...
Тийм ч учраас улс төрийн цагаатгал хавьцааны юм яриад дэнсэлж байгаа бизээээ

Anonymous said...

I inclination not acquiesce in on it. I assume polite post. Expressly the title attracted me to be familiar with the intact story.