Tuesday, September 7, 2010

Монголын Их Уул уурхайд ажиллах үндэсний боловсон хүчин хаана байна вэ?

Нэг. Монголын уур уурхайн ойрын ирээдүй

Монгол Улс 2014 онд газрын тосоо өөрсдөө боловсруулах үйлдвэртэй болно хэмээн Ерөнхий сайд Дорноговьд очихдоо хэдэгдэв. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах түүхий тос олзворлох боломж, нөөц хангалттай бий аж. Оюутолгойн гэрээг батлах гэж хэрэлдсээр байтал 10 жилийг үдчихсэн бидний хувьд дөрөвхөн жил юу байхав.
Хэрвээ энэ “мөрөөдөл” биелвэл бид оросын нефтийн хараат байдлаас бүрэн гараад зогсохгүй эдийн засагт ч үндсэн эргэлт болно. Хуучин цагийн “Москвад найтахад монголд ханиад хүрдэг” байсан улс төр, эдийн засгийн хараат байдал ардчиллын 20 жилд нефтээр дамжин уламжлагдсаар байгаа. Өнөөдрийн бидний иддэг талхны үнэ хүртэл оросын нефтийн зах зээлийн нөхцлөөс шууд хамаарч, тэнд нэг найтахад энд талхны үнэ суга өсч байна.
Өнөөдөр Дорнодын сав газарт, Дорноговьд хятадын голдуу 40 орчим компани газрын тосны хайгуул, олзворлолт хийж байгаа гэсэн. Ерөнхийлөгч асан П.Очирбат анхных нь дээжээс ноолууран дээлийнхээ энгэрийг мялааж байсан өнөөх Тамсагын ордоос хятадууд өдөрт хэдэн зуун тонноор нь зөөсөөр хэдэн жил болж буй талаар манай хэвлэл мэдээллүүд хангалттай мэдээлж, хэл ам таталж, тэнд монголын эрх ашиг зөрчигдөж, монголын онгон байгал сүйрч байгаа талаар тэмцсээр ирсэн.
Зөвхөн “Доншен газрын тос”ХХК-ын үйл ажиллагаа явуулж буй Дорноговь аймгийн Зүүнбаянгын Цагаан элсний орд газрын нөөц гэхэд 177 сая баррель аж. Тус компани зөвхөн энэ жилд 70 гаруй мянган тонн түүхий нефтийг урагш нь гаргах төлөвлөгөөтэй гэнэ.
Бидний бензин шатахууны хэрэгцээ өдөр ирэх бүр асар хурдтай өсөн нэмэгдсээр байхад, өөртөө байгаа нефтийн нөөцөө ийнхүү гадагш нь түүхийгээр зөөлгөсөөр байгаа нь ердөө л манайд нефт боловсруулах үйлдвэр байхгүйтэй холбоотой. 2000 оны үед Оюуны ундраа компанийн буюу одоо Онцгой байдлын гэгдэх болсон сайд асан Г.Отгонбаяр Налайхад нефт боловсруулах үйлдвэр барих талаар ярьж, газраа хүртэл бэлтгүүлж байсансан. Гэвч улс төрийн, бизнесийнхний ашиг сонирхол зөрчилдсөн үү, эсвэл ерөөсөө хөрөнгө санхүүгийн бэрхшээл гарсан уу, тэр сайхан эхлэл таг болж, эзэн нь шүүх, цагдаатай зууралдсаар хэдэн жилийн үдлээ.
Харин сая Ерөнхий сайд маань жилд нэг сая хүртлэх тонн түүхийн нефт боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг Дорноговийн Зүүнбаянд барина гэв. 10 жилийн өмнөх хууль эрхзүй, улс төр-бизнесийн бүлэглэлийн зөрчил гэх мэт монголын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж, мөн өнөөдөр бид тэр хэмжээний үйлдвэр барих санхүүгийн чадамжтай болж, бяд сууж буй тул Ерөнхий сайдын маань энэ үг Оюуны ундраагийн Отгонбаярын мөрөөдөл шиг замхран арилахгүй байх магадлал өндөр юм.
Мөн Японы гадаад хэргийн сайд монголд айлчлаад буцлаа. Япончуудын гол сонирхож байгаа зүйл нь манай уул уурхай, ялангуяа уран. Энэ салбарт Оросууд давамгайлах рольтой оролцохоор сүүлийн хэдэн жилийн турш ихээхэн хүчин чармайлт гаргаж, Путин, Медведев гээд томчуул нь хүртэл зөвхөн монголын ураны төлөө нааш зорьж байсан. Өмнөд хөрш маань ч тэднээс хоцрохгүйг хичээж буй. Монголын зүүн бүс нутаг бүхэлдээ ураны асар баялаг нөөцтэй болох нь нэгэнт тодорхой болж, харин хэнтэй хэрхэн хамтран вэ гэдэг л асуудлын зангилаа цэг болоод байна. Одоогоор манайд 65 000 тонн ураны нөөц илрээд байгаа ба энэ тоо цаашид ихээхэн өсөн нэмэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж буй. 65 000 тонн гэдэг нь дэлхийн 200 гаруй улсаас 15-д орох хэмжээний нөөцтэй гэсэн үг аж.
Оюутолгой, Тавантолгой хоёр нэгэнт хөдөлчихлөө. Тэнд ажил ид бужигнаж эхлээд байна. 2013 онд Оюутолгойд өдөрт 100 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Зөвхөн энэхүү үйлдвэр ашиглалтанд орж, олзворлолт эхэлсэнээр манай ДНБ 30 хувиар өсөх гэнэ.
Нүүрснийхээ нөөцөөр дэлхийд хоёрт жагсах, 6,5 тэрбумын нөөцтэй Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдож дэд бүтцийн асуудлыг Монголын төрөөс бодлого болгон гаргасан. Түүгээр бол Тавантолгой, Сайншанд, улмаар Баруун-Урт, Чойбалсангаар дайруулсан 1000 гаруй км урт төмөр замыг ойрын хугацаанд барьж байгуулна. Мөн Сайншандад боловсруулах үйлдвэрийн иж бүрэн цогцолбор барихаар шийдвэрээ гаргаад ажил эхэлжээ.
Тавантолгойд хөрс хуулалт нэгэнт эхэлсэн бөгөөд анхныхаа борлуулалтыг энэ оны 11 сарын нэгнээс эхлэхээр болжээ.
Тавантолгойн нэгэн булан болох Ухаахудагт л гэхэд олзворлолт аль хэдийнэ эхэлж, өдөрт хэдэн зуун тонноор нь хятад руу гаргаж байна. Мөн 245 км урт хатуу хучилттай замыг ажил нэгэнт эхэлжээ.
Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаж Эрдэнэт шиг хотууд удахгүй босно. Сайншанд л гэхэд манай улсын аж үйлдвэрийн зангилаа төв болон өргөжиж, монголын 4 дэх томоохон хот болох магадлалтай.
Олон нийтээр ярилцаж буй дээр дурдсан газрын тос, уран болон Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг ашиглах, ашиглахтай холбогдсон дэд бүтэц, үйлдвэрийн хот гээд хэдэн зуун тэрбумаар яригдах ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөх нь ч нэн тодорхой болоод байна.
Гэтэл дээр дурдсанаас огтхон ч дутахгүй орд баялгууд цаана нь зөндөө бий. Зөвхөн стратегийн гэгдэх Асгат, Олон-Овоот, Цагаансуварга гэх мэт томоохон 15 орд газар цаана нь бий. Тэд ар араасаа ээлжээ хүлээн байгаа ба зарим нь ч хөдлөөд эхэлчихсэн. Энэ стратегийн гэгдэх 15 ордод 150 жилийн нөөцтэй гэгдэж буй Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай орохгүй байна гэхээр л ямархан их баялаг буй нь ойлгомжтой.
Ховдын Хөшөөтөд л гэхэд алс баруун хилээс 200 орчим км урт хатуу хучилттай замыг Алтай нурууны Барлагын даваагаар давуулан тавьж байна. Мөн Ховдын Зэрэг, Манхан сумыг дайруулан аймгийн төв рүү ч 150 гаруй км хар зам тавьж буй юм билээ. Тэдгээр өндөр чанарын хурдны замуудыг уул нуруу, говь цөлийг гатлуулан тавьж байгаагаас л тэрхүү уурхайн ирээдүй маш илхэн харагдана. Тэндхийн жижигхэн тосгон ч гэсэн хэдэн жилийн дараа баруун бүсийн нэгэн аж үйлдвэрийн гол бааз болохыг үгүйсгэхгүй.
Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Төмөртийн төмрийн орд газарт одоо олзворлолт ид эхэлж буй гэх. Мөн л баруун хил рүү 100 гаруй км урт хатуу хучилттай зам тавьж эхэлжээ. Энэ мэт стратегийн 15 ордоос гадна одоогоор ашиглаад буй болон ойрын үед ашиглах боломжтой 150 гаруй уул уурхайн их бага ордууд байна гэхээр ерөөсөө ойрын хэдэн арван жилд монгол оронд уул уурхай, түүнийг тойрсон нүсэр их ажил бужигнан өрнөх ерөнхий дүр зураг тодоос тод харагдаж байна. Одоо олзворлож буй алтны хэдэн арван орд газрыг тооцохгүйгээр шүү дээ. Харамсалтай нь тэдний олз ихэнхдээ эздийнх нь олз болдгоос биш, улсад, ард түмэнд наалдсан нь өчүүхэн бага, харин ч байгал, газар шороо яйран болж үлдэж буй.
Манай саалийн ганц үнээ болсон Эрдэнэт л улсынхаа төсвийн 50 хувийг хангадаг бол эдгээр үй олон үйлдвэр, уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл бидэнд хөгжлийн ямар их боломж бололцоо нээгдэж байгаа вэ. Гагцхүү эдгээр баялгаа зөв нэгдсэн бодлогоор ашиглах, хамтрагч түншүүдээ зөв сонгох, Африкийн болон Латин америкийн зарим улс орнуудад давтагдсан “баялгын хараал” хэмээх гашуун туршлагыг хэрхэн давтахгүй тойрч гарах төдийгүй удаан хугацааны үр ашигтай болгон хувиргах вэ зэрэг асуудалд бид онцгой анхаарах учиртай. Өөрөөр хэлбэл хэдэн улс төрчдийн популист амлалтын золиос болж, өнөөх баялгаа гадагш нь зарсөн мөнгөө өөр хоорондоо сая саяар нь хуваагаад идчих бус, харин баялгаа боловсрол, шинэ технологи, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, шилдэг иргэн болгон ашиглах явдал юм.

Хоёр: Энэ их бүтээн байгуулалт, баялгыг бүтээх эзэд нь хэн бэ?

Энэ асуудал тун ноцтой байна. Энэ их уул уурхайн ажлыг хэн хийх вэ? Энэ их бүтээн босголтон дээр хэн ажиллах билээ. Монголчууд бидэнд энэ их өргөн далайцтай нүсэр уул уурхай, бүтээн босголтонд ажиллах үндэсний бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэшсэн ажилчид бий билүү. Зангилаа асуудал чухам энд л байна.
Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Зөвхөн газрын тосны салбарт л гэхэд улсын хэмжээнд 20 000 орчим хүн ажиллаж буй гэх. Харамсалтай нь тэдний 90 хувь нь гадныхан, мэдээж үнэмлэхүй олонх нь хятадууд. Манай газрын тосны гол ордууд дээр ажиллаж буй компаниуд “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК, “ПетроМатад” ХХК, “Эн Пи Ай” ХХК гэх мэт.
Энэ салбарт л гэхэд 11 000 мэргэжилтэн дутагдалтай байгаа гэнэ. Манай ШУТИС-ийг энэ чиглэлээр жилдээ 20 гаруйхан оюутан төгсдөг нь дэндүү хөгийн.
Оюутолгойд одоогоор 10 000 мэргэжилтэй ажилтан шаардлагатай байгаа гэдэг. Зөвхөн төслийн барилгын шатанд 4000, олборлолтын үед 3000 хүнийг ажлын байраар хангахаа Оюутолгойгоос мэдэгдсэн. Тавантолгой болон бусад уурхайнууд, боловсруулах үйлдвэрүүдэд, бусад бүтээн байгуулалтын ажилд үүнээс ч олон ажиллах хүчин шаардлагатай байгаа нь тодорхой. Бас Ураны салбар байна. Бусад олон уурхайг оролцуулбал нийтдээ улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт 30 000 гаруй мянган, боловсруулах үйлдвэрт 10 000 орчим мэргэжилтэн шаардлагатайн дээр уул уурхай дагасан дэд бүтэц, хот бүтээн босголтод оролцох мөн тооны барилга, зам тээвэр, металлурги, геодози, байгал орчны гээд төрөл бүрийн мэргэжлийн төдий тооны хүмүүс шаардлагатай.
Гэтэл энэ олон мянган мэргэшсэн, мэргэжлийн боловсон хүчин хаана байна. Хаана бэлтгэж байна. Сэтгүүлч Г.Баатархуяг “Оюутолгойн гэрээг батлах гэж 10 жил хэрэлдэж суух завсараа ядахдаа боловсон хүчнээ бэлтгээд авчих сөхөө манай улс төрийнхөнд байсангүй дээ” хэмээн халагласан нь аргагүй юм.
Эрдэс, баялаг эрчим хүчний яамны мэдээллээр 2008-2009 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 5 их, дээд сургууль, коллежид уул уурхайн 6 мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшний сургалтад 3933 оюутан хамрагдан суралцаж буй гэнэ. Энэ тоо бол хангалтгүй.
Дээр нь өнөөгийн манай дотоодын уул уурхайн сургалтын түвшин нь нарийн технологийг эзэмших, өнөөгийн уул уурхайн шаардлагад нийцэх хэмжээний боловсон хүчин бэлтгэж буй эсэх нь тодорхойгүй.
Монголд өнөөдөр төрийн болон төрийн бус 148 их дээд сургуульд 150 000 оюутан суралцаж байгаа. Гэтэл уул уурхайн чиглэлээр 3933 оюутан буюу нийт суралцагсадын 2.6-хан хувь байгаа нь дэндүү бага юм.
90-ээд онд манай хувийн сургуулиуд гадаад хэлээр өрсөлдөх болж, олонхи нь гадаад хэл, нийгмийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болсон. Зөвхөн Сэтгүүлзүйн чиглэлээр 20 орчим сургууль оюутан сургаж, жилд 120 гаруй сэтгүүлч бэлтгэж байна. Монголд хэдийгээр хэвлэл мэдээллийн зах зээл чамгүй хөгжсөн, 20 гаруй ТВ, мөн тооны өдөр тутмын сонин, олон тооны FM, долоо арав хоногын 30 гаруй сонин тогтмол гарч буй ч жилд тийм олон сэтгүүлчид шингээх багтаамж байхгүйгээс тэдний тал хувь нь ажилгүй сулдаа гунхаж, худалдагч, хүүхэд асрагч гээд олдсоноо хийж явна. Нийгмийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд харьцангуй бага зардалтай, тэгээд ч өнөөгийн манай дээд сургуулийн сургалт нь тухайн мэргэжлээрээ жинхэнэ мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхээсээ илүүгээр зөвхөн дипломын төлөө сургадаг гаж тогтолцоотой.
Уул уурхайн салбарт ажиллагсдын 0,4 хувь нь инженер, 34,4 хувь нь техникийн ажилтан, 65,2 хувь нь мэргэжлийн ажилчид байх шаардлагатай гэсэн судалгаа байна. Үүгээр бол өнөөдөр Монголд 1200 орчим өндөр мэргэжлийн инженер, 10 000 гаруй техникийн ажилтан, 18 000 орчим мэргэжлийн ажилтан шаардлагатай болох нь. 3933 гэсэн тоо аманд ч үгүй, хамарт ч үгүй.
Өнгөрөгч 7 сарын 19-нд Хөшөөтийн уурхайд очиход нутгийн иргэд Хөшөөтийн уурхайн ундны усыг машин, мотоциклоороо хаагаад, ус авхуулахгүй болчихсон, тэндээ л хөөрхөн бослого, мөргөлдөөн болох аястай байсан. Орон нутгийн өрх бүрээс нэг хүнийг Хөшөөтийн уурхайд ажилд авах шаардлага тавьж буй нь тэр юм билээ. Том оврын ачааны машины жолооч л гэхэд хагас сардаа 600 000-аас буудаггүй цалин авдаг гэсэн. Орон нутагт 600 000 төгрөг бол бага мөнгө биш. Нутгийн өрх бүрээс нэг хүн ийм хэмжээний цалин аваад эхэлбэл амьдрал ахуй нь ч өргөөд тавьчихсан мэт болох нь тодорхой. Уул уурхайд ажиллаж буй хүн нэг бүрийн цаана нэг өрх, дунджаар 5 ам бүл бий. 30 000 өрхийн амьдрал дээшилчихвэл 150 000 хүний амьдралын баталгаа хангагдлаа гэсэн үг. Манай жижигхэн эдийн засагт мөн ч их дэм болно доо.
Гэвч Хөшөөтийн уурхайнхан огт өөрийг ярьж байсан. Орон нутгийнхнаас уурхайд авч ажиллуулж үзсэн гэнэ. Нэгд цаг барьдаггүй, 30 минут хоцорчихоод, хоцорлоо гэхээр юу сүртэй юм гээд гайхаад байдаг гэж байгаа. Өнөө цаг үед ажлын цагийг минут секундээр тооцож байхад аанай л нүүдэлч хэнэггүй зангаараа, үд дунд болж байна, ажилдаа гарьяа гэсэн шиг сууж байж таарахгүй. Хоёрт, ажлын ачаалал даадаггүй, завсаргүй 6 цаг ажиллахаар цайгаа санаад, нүд нь бүрэлзээд эхэлдэг. Гуравт ерөөс ажлын бүтээмж, хариуцлага муу байдаг хэмээн хэлж байсан. Мөн архи их ууна, уухаараа зарим нь “хойноос ирээд хот манайх, хотод ороод хонь манайх гэгчээр чи муу цагаач миний газар шороон дээр ирчихээд намайг зарлаа” гэдэг гэж байгаа. Естой л нөгөө алтан дээр сандайлсан гуйлгачингийн сонгодог төрх харагдаж байгаа биз.
Хятадуудыг олноор нь авч ажиллууллаа хэмээн шүүмжлэлд өртөж байсан Барилгын голдуу компанийн удирдлагууд ч монгол ажилчдыг авч ажиллуулдаггүйн шалтгаанаа мөн дээрхтэй адилаар тайлбарлаж байсан.
Энэ нь манайхан өнөө цагийн капиталист хөдөлмөрийн харилцаанд нийтээрээ бэлтгэгдээгүй, дасаагүйн шинж юм.
Энэ мэт шалтгаанаас манайхан уул уурхайд ажиллах хүчний хомсдолд орж буй. Гэтэл монголд ажиллах хүчин байна уу гэвэл бий. Бүр хангалттай бий шүү.
Монголд ажилгүйдэл 2008 оноос 2009 онд 32 хувиар өссөн гэсэн тоо байсан. Орон даяар ажилгүй 150 000 гаруй мянган хүн бийгээс идэвхтэй ажил хайж буй нь 50 000 орчим бий гэдэг. Дээр нь жил бүр хэдэн мянгаараа хөлсний хар ажилд буулгын шар шиг зүтгэхээр солонгос, англи, америк гэх мэт орныг зорьсоор байна.
Жил бүр их дээд сургууль төгсөж буй 60 000 орчим төгсөгчдийн зөвхөн 30 хувь хүрэхтэй үгүйтэй нь л ажилтай болдог гэж байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр ойрын жилүүдэд улам өсөн нэмэгдэх уул уурхай, хүнд үйлдвэр, бүтээн байгуулалтын салбартаа мэргэжилтэн, ажилтан бэлтгэх тал дээр манай төрийн бодлого хэт харалган явж ирсний илрэл болж байна.
Харь оронд ажиллаж буй 200 000 орчим монголчуудын олонхи нь тухайн орондоо хэр баргийн хүн хийдэггүй хар бор ажлыг гололгүй хийдэг, гэхдээ бүх сайн хийдэг гээч. Энэ нь орчин нь бүрдээд, өгдөг авдаг нь хангалттай болоод ирэхээр монгол хүнд ажил сурах, ажлын ачаалал даах, шинэ орчинд хялбархан дасах асар их нөөц байгааг харуулж буй хэрэг. Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудад нинжа нарын ухсан цооногуудыг харж байхад манайханд ямар их нөөц, чадвар байдаг юм бэ гэж өөрийн эрхгүй гайхаж шогширмоор. 20, 30, зарим тохиолдолд бүр 50 метр хүртэл гүн цооногийг зөвхөн хүрз, хувин хоёрын хүчээр ухчихсан байдаг нь гайхамшигтай. Баруун европт хэдэн зуун жилийн өмнө л ийм технолгиор ажиллаж байсан даа.
Хөшөөтийнхөн нутгийн монгол иргэдийг ажил хийж чаддаггүй хэмээн шүүмжилж буй нь нэг хэрэг, харин бид мэргэжилтнээ сургаж, дадлагажуулж, бэлтгэж чадаагүй нь бидний алдаа, завхрал, унхиагүйнх юм.
Энэ хэдэн арван мянган ажиллын байрыг хангах бэлтгэгдсэн боловсон хүчин юутай ч өнөөдөр монголд алга. Оронд нь хятадууд голдуу гадныхан ажиллах нь, Энэ их бүтээн босголтын эхний ээлжийн зүтгэх хүч нь гадаадынхан байх нь тодорхой байна. Нэгэнт хөдөлчихсөн дээрх томоохон уул уурхайн төслүүд биднийг боловсон хүчнээ бэлтгэхийг хүлээгээд алгуурлахгүй учир...

Гурав: Боловсон хүчнээ бэлтгэж буй өнөөгийн байдал

Мэргэжилтэнг дотооддоо болон гадаадад сургаж буй. Дотоод сургалтын байдал ямар байгааг сонирхож үзье. Төрөөс богино хугацаанд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлийг барьж Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийг шинэчлэн баталсан.
Дээр дурдсанаар 2008-2009 оны хичээлийн жилд монголын 5 сургуульд 3933 оюутан бэлтгэж буй гэсэн. Тухайлбал, ШУТИС-ийн Уул уурхай инженерийн сургуульд 2132, Эрдэнэтийн технологийн сургуульд 496, Дархан-Уулын техникийн коллежид 706, Газарчин дээд сургуульд 367, Монголын үндэсний дээд сургуульд 232 оюутан тус тус суралцсан гэсэн мэдээлэл байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн мэргэжлээр суралцагсдын тоо өсч байгаа ч 2008 оны тоог 2005 оныхтой харьцуулахад дөнгөж 1,37 хувиар өссөн нь маш хангалтгүй юм. Гэтэл шаардлагатай ажлын байр нь хэдэн арав дахин нэмэгдсэн шүү дээ.
Яамны зүгээс жил бүр дотоодын их, дээд сургуульд төрийн сангийн зардлаар суралцагсдын 10 орчим хувийг геологи, уул уурхайн чиглэлээр суралцагсдад олгохоор болсон нь ч бас чамлалттай.
Мөн “Уул уурхай зам барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын дэд хөтөлбөр”-ийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамд хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлвэрийн чиглэлийн зургаан компани хамрагдаж, 525 мэргэжлийн ажилчдыг үйлдвэрлэл дээр нь дадлагажуулан сургах, улмаар төгссөний дараа ажлын байраар хангах чиглэлтэй сургалт явагдаж эхэлжээ. Өмнөговь, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Заамар, Налайх, Өвөрхангай, Дорнод, Бор-Өндөр, Сүхбаатар зэрэг аймгуудад уул уурхайн томоохон үйлдвэр, орд газрууд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн явуулах мэргэжлийн ажилчдыг бэлтгэхээр болж буй гэсэн.
Мөн Монголын мянганы сорилын сангийн Техник мэргэжлийн боловсрол, сургалт Бодлого үйл ажиллагааны шинэчлэл төсөл зэрэг төслүүд хоёр жилийн дотор багтаж мэргэжлийн сургалтын 1000 гаруй багш, ажилтныг сургах, сургалтын шинэ хөтөлбөрөөр хангах, тоног төхөөрөмж, сургалтын танхимуудын орчин нөхцлийг сайжруулах замаар богино хугацаанд мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь тавихаар ажиллаж буй ч өнөө шаардагдаж буй хэдэн арван мянган ажилтныг ганц амьсгаагаар бэлтгэчих боломжгүй.
Нөгөөтэйгүүр өнөөдөр уул уурхайн мэргэжлээр сургалт явуулж буй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд нь голчлон хүнд машин механизмын оператор, засвар, ашиглалтын мэргэжлээр сургалт явуулдаг байна.
Төрөөс МСҮ-ийн төвд суралцагчдад тэтгэлэг олгодог болсноор суралцагсдын тоо өсөх хандлагатай байгаа гэсэн. Гэхдээ өнөөдөр манайхны эцэг эхчүүд болон залуусын сэтгэлгээнд сурлага муутай, гологдмолууд нь л МСҮТөвд сурдаг гэсэн хуучин цагийн социализмын үеийн ТМС-ийг үздэг байсан тэр хандлага бараг хэвээрээ. Тиймээс ч чадвартай хүүхдүүд тийш цөөн очдог, мөн сургалтын чанар хангалтгүй байдгаас уул уурхайн салбарт хэрэгтэй ажилчдын шаардлагыг хангаж чадахгүй хэвээр байгааг мэргэжлийн хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг.
Ерөөс өнөөгийн манай хувийн сургуулиуд уул уурхай, хүнд аж үйлдвэр, металлургийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх багшлах боловсон хүчин хийгээд эдийн засгийн чадавхи бараг байхгүй. Тэгэхээр манай дотоодод бэлтгэж буй гэх эдгээр мэргэжилтүүдийн чухам хэд нь энэхүү Оюутолгой, Тавантолгой, газрын тос, уран зэрэг олон улсын хэмжээний томоохон төслийн ажлын шаардлагыг бүрэн хангасан байх вэ гэдэг ихээхэн бүрхэг юм.
Ингэхээр уул уурхайн чиглэлээр олон улсын стандарт шаардлага хангасан томоохон сургууль, сургалтын орчныг шинээр бий болгох, багшлах боловсон хүчнээ бэлтгэх, үүнд дор хаяж 4-5 жил шаардлагатай болно. Дараа нь шаардлага хангасан мэргэжилтнээ бэлтгэнэ гэхээр хугацаа их л байна даа. Харамсалтай нь өнөөх уурхайнууд хүлээхгүй. Гэхдээ ямар ч байсан бид уул уурхай, хүнд үйлдвэр, металлургийн чиглэлээр дотооддоо мэргэжилтнээ бэлтгэж авдаг болох талаар тууштай бодлого барьж ажиллах нь зөв юм.
Төрөөс мөн уул уурхайн чиглэлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байгаа, энэ чиглэлийнхээ зардлыг хоёр дахин нэмсэн гэх. Гадаад орны буцалтгүй тусламжаар жил бүр 50-аас доошгүй оюутан уул уурхайн чиглэлээр уул уурхай өндөр хөгжсөн орнуудад технологи, боловсруулалтын технологийн чиглэлээр сургах болсон. Гэхдээ ирэх жилээс... Мөн Үндэсний Инженер Технологийн улсдаа тэргүүлэх хэд хэдэн сургуулиуд байна.
Гадаадад төгсөгчдийн олонхи нь эх орондоо ирээд ажлын байр байдаггүйгээс эргэж ирэхийг хүсдэггүй байдал одоо ч үргэлжилсээр байна. Монгол залуус юм сурдаггүй биш сурдаг, ажлын чадваргүй биш өндөр чадавхитай нь Майкрософт, Яхоо, Гүүглэ зэрэг дэлхийн томоохон байгууллагуудад ажиллаж, хэлтэс тасаг удирдаад явж байгаагаас харагддаг.
Гэхдээ одоо эх оронд нь эхлээд буй энэ нөр их ажил, бүтээн босголтын талбарт тэдэнд таарсан, тэдний оюуны хүч, чадавхи шаардлагатай ажлын байрууд гарах нь дамжиггүй. Харин тэднийг хэрхэн яаж татах вэ гэдэг нь бидний бодлогын уян хатан чанараас хамаатай.
Уул уурхайн арвин баялаг туршлагатай, мэргэжлийн сургалт өндөр түвшинд байдаг АНУ, Австрали, Канад, Чили, Япон, Герман, Солонгос, Франц, ОХУ зэрэг улсад уул уурхайн технологи, геологи хайгуул, баяжуулалтын технологи, металл боловсруулалтын технологийн чиглэлээр бэлтгэх асуудлаар төрөөс одоо л анхаарч эхэлж байна. Энэ “анхаарал” бодит байдал болон хэрэгжихэд бас л чамгүй хугацаа хэрэгтэй болно.
Бээжин хотын Тосны их сургуульд хоёр оюутан, Австралийн уул уурхайн сургуульд гурав гэх мэт ганц нэг, бараг тохиолдлоор гэж хэлж болохоор мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа. Энэ бол чухам үнэн. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль Колумбийн их сургуулийн Уул уурхайн сургуультай хамтран ил болон далд уурхайн технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи, хүрээлэн байгаа орчин, тогтвортой хөгжил, уул уурхайн эдийн засаг, менежмент зэрэг чиглэлүүдээр хоёр сарын богино хугацааны сургалт явуулж эхэлсэн. Чамлахааргүй ч гэсэн хоёр сар бол хоёр л сар.

Дөрөв: Үндэсний Боловсон хүчнээ хэрхэн хурдан, хямд бэлтгэх вэ?

Дотоодод уул уурхайн чиглэлээр бэлтгэж буй байдлыг дээр товч тоймлосон. Одоо эхлэлийн төдий байгаа ч хэдэн жилийн дараа бид өөрийн гэсэн боловсон хүчнээ хангалттай хэмжээнд бэлтгэчих бааз суурьтай болохын төлөө шаргуу ажиллах нь зөв юм.
“Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг хурдан бөгөөд хямд бэлтгэж байна гээд баахан гологдлууд гаргаад хаячихдаг, тэд нь ажлын байранд очоод гологдоод, ажил нураагаад эхэлбэл бас хэрэг алга.
Дотооддоо бэлтгэгдсэн боловсон хүчнээ хүлээхгүйгээр гадаад улс орнуудад олноор нь сургаж, боловсруулах талаар төрөөс ч, эцэг эхчүүд ч хүчин чармайлт гаргах цаг болсон. Төрөөс жил бүр 50 хүүхэд биш хэдэн зуугаар нь уул уурхай, боловсруулах технологийн чиглэлээр явуулах хэрэгтэй байх. Мэдээж хэрэг, хөрөнгө мөнгөний гачаал бий.
Хямд юм чанар муутайн үлгэрээр хямд боловсрол ч бас чанар муутай байх нь ойлгомжтой. Тэгэхээр төр боловсон хүчнээ бэлтгэхэд хөрөнгө гаргах, ядахдаа өнөөх домогтой 76 тэрбумынхаа 50 тэрбумыг нь ч болсон боловсон хүчнээ бэлтгэхэд зарцуулдаг болоосой.

АНУ-д л гэхэд уул уурхайн чиглэлээр хичээлийн нэг жилд суралцах дундаж зардал 45 000 доллар...Англид 31 300, Канадад 31 500, Австралид 30 250 гэх мэт. Жилд 100 оюутанг эдгээр орнуудад сургах зардал л гэхэд 3 сая ам.доллараас даваад явчихна. Тэгэхээр хэдэн зуугаар нь залуусаа сургаад байх боломж хомс л болж байна. Их хурлын гишүүдийн гэгдэх домогт 76 тэрбумаар Канадад 152 оюутанг уул уурхай, газрын тосны чиглэлээр нэг жил сургачихна.
Мөн энэ хэмжээний мөнгөөр илүү олон оюутанг чанартай сургах ч боломж бий.
Малайзи, Энэтхэг, Чили гэх мэт уул уурхайн технологи өндөр хөгжсөн, сургалтын хувьд ч дээрх орнуудаасаа дутахааргүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн атлаа зардлын хувь хэд дахин хямд сургуулиудтай улс орнууд бий. Заавал АНУ, Канадад л сурахгүй бол болдоггүй ч юм биш.
Энэтхэгт л гэхэд уул уурхайн чиглэлийн дэлхийн шилдэг 25 их дээд сургуулийн тоонд ордог Indian Institute of Technology, Indian School of Mines гэсэн хоёр сургууль байна. Мөн Үндэсний Инженер Технологийн улсдаа тэргүүлэх хэд хэдэн сургуулиуд байна. Энэтхэгт уул уурхайн чиглэлээр мастерийн түвшний боловсрол эзэмшихэд АНУ-д сурснаас 6 дахин бага зардалтай. Өөрөөр хэлбэл өнөөх 76 тэрбумаар Энэтхэгт 900 орчим оюутан сургачихна гэсэн үг.
Энэтхэгийн уул уурхайн чиглэлийн сургалт нь АНУ, Канад, Австрали зэрэг орнуудаас чанарын хувьд ойролцоо болохыг тэнд суралцаж төгсөгчид болон мэргэжилтнүүд хэлдэг. Энэтхэгт одоо 3100 гаруй уурхай ажиллаж буй тул дадлага хийж, туршлага хуримтлуулах боломж ч их өргөн. Нөгөө талаар Энэтхэг улсын эдийн засгийн хөгжил өнөөдөр эрчимтэй өрнөж байгаа билээ.
Энэтхэгийн геологи, уул уурхай, газрын тосны чиглэлийн их, дээд сургуулиудаас л гэхэд инженер, техник технологийн магистр, докторын түвшний 200 мэргэжилтэн бэлтгэх боломжтой талаар Энэтхэг-Монголын Боловсролын нийгэмлэгээр дамжуулан мэдэгдсэн байсан. Эцэг эх, залуус ч өөрсдөө хувиараа суралцах талаар хичээл зүтгэл гаргахаас гадна уул уурхайн чиглэлээр гадаад орнуудад хувиараа суралцаж буй болон суралцах залууст төрөөс сургалтын бага хүүтэй зээллэгийг хөнгөлөлттэй нөхцлөөр олноор, бүр хэдэн зуугаар нь олгох хэрэгтэй юм.
Солонгост хар, цагаанаар ажиллаж байгаа олон мянган залуусаас шилж сонгоод тэнд нь уул уурхайн чиглэлийн урт, богино янз бүрийн сургалтанд хамруулж, төлбөрийг нь өнөөх тарааж буй 1 500 000-аасаа хийвэл, энэ их мөнгийг дэмий тарааснаас хавьгүй дээр биш үү. Адаглаад л тэд цаг барьж, ажлын ачаалал дааж сурсан байгаа.
Энэ мэт эрж хайвал боломж бас их бий. Харин боломжийг хэрхэн бодит байдал болгох вэ гэдэг нь биднээс өөрсдөөс маань 100 хувь шалтгаална. Түүнээс биш бидний өмнөөс хятадууд бидний боловсон хүчнийг бэлтгэхгүй. Айвенхомайнз ч, Рио Тинто ч бэлтгэж өгөхгүй. Тэдэнд зөвхөн чадварлаг ажилтан л хэрэгтэйгээс бус монгол хүн хэрэгтэй биш. Өөрөөр хэлбэл ашиг хайж ирсэн гадны компаниуд өндөр бүтээл, чадварлаг гэсэн шалгуурыг л эн тэргүүнд нь тавихаас биш монгол хүн гэсэн шалгуур үзүүлэлтийг нэгдүгээрт хэзээ ч тавихгүй нь ойлгомжтой.

1 comment:

Unknown said...

Монгол залуучууд ихэнх нь менежер эдийн засагч нийгэмийн ухааных шүү дээ инженер болох сонирхолтой чадвартай залуус тун цөөхөн