Saturday, March 8, 2014

2400 хүүхэдтэй сургуулиас 24 хүүхэд ном худалдан авч байна.

Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал номоо хүүхэд багачууддаа хүргэж сурталчлах ажил эхлээд байна. Энэ ажлын нэг хэсэг нь дунд сургуулиудаар аялж, хүүхдүүдэд номынхоо дээжийг дэлгэж, АХА тэмцээн зохиож, ном уншихын ач холбогдол, ном бидэнд юу өгдөг талаар яриа хийж, сургууль болон ангийн номын санд ном хандивлаж, сайн уншигчийн тодруулан урамшуулах юм.
Өнгөрсөн 3 дахь өдөр буюу 3 сарын 5-нд Нийслэлийн 28 дугаар сургууль дээр номын өдөрлөг зохион байгууллаа.
АХА тэмцээнийг 6 дугаар ангийн уран зохиолын мэдлэгийн түвшинд зохиож байгаа ба хүүхдүүд маш идэвхтэй оролцох нь хөөрхөн. 28 дугаар сургуулийн 6-р ангийн 6 бүлгээс тус бүр 10 хүүхэд нийт 60 хүүхэд тэмцээнд оролцов. Тэмцээний их шөвөгт шалгарч үлдсэн дөрвөн хүүхдийг ЭРДЭНЭСИЙН САН - 108 номоосоо урамшуулан шагналаа. Түрүүлсэн 6-е ангийн сурагч Тэмүүлэн бараг манай бэлдсэн бүх асуултад түгдрэлгүй хариулсан юм. Хамгийн хэцүү асуулт нь Жангар баатрын аж төрөн суудаг орны нэр байлаа. Мөн 28-р сургуулийн номын санд 20 ном, шилдэг ном уншдаг нэг ахлах, нэг дунд ангийн номын сангийн баяжилтад мөн ном хандивлав. Бас сайн уншигч нэг охиныг ч эрдэнэсийн сангаасаа урамшууллаа.
Бид өмнө нь "Шинэ Монгол" дунд сургууль, нийслэлийн 51, 73 дугаар сургуулиадад энэ арга хэмжээгээ зохион байгуулсан.
51, 73 дугаар сургууль дээр болсон АХА тэмцээнд 75 хүүхэд оролцож, 51-р сургуулийн О.Хулан тэргүүн байр эзэлсэн, мөн тусгай байрт 4 хүүхэд шалгарч номоор шагнуулсан билээ. Шилдгийн шилдэг уншигчаар шалгарсан 73-р сургуулийн 8в ангийн сурагч Д.Бүрэнжаргал, 51-р сургуулийн 7а ангийн сурагч А.Жигжид нарыг "БӨГЖНИЙ ЭЗЭН" зохиолын 3 ботиор, мөн 51-р сургуулийн Г.Ариунхур/3в/, Б.Наранжаргал/8г/, Н.Хулан/9б/, 73-р сургуулийн Э.Дөлгөөн/10б/, М.Мөнх-Оргил/9а/, Д.Даваабаяр/9а/ нарыг ч номоор урамшуулав. Мөн 73, 51-р сургуулиудын номын сангуудад тус бүр 30 ном, ном сайн уншдаг ангийн хамт олонд ч тус бүр 10 ном хандивласан юм.
Хүүхдүүд ч, сургуулийн орчин ч сайхан хүлээж авч байлаа. Бидэнтэй хамтарч ажиллан, сэтгэл зүтгэл гарган зохион байгуулалцсан 51-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Оюунцэцэг, 73-р сургуулийн нийгмийн ажилтан Ц.Сувдаа, 28-р сургуулийн нийгмийн ажилтан Должинсүрэн, Мэндбаяр нарт гүнээ талархаж буйгаа энэ ялдамд илэрхийлж байна. Мөн бидний ажилд урам зориг өгч дэмжин, уншигч зохиолчийн уулзалтад уриалгахан ирж, хүүхдүүдтэй сайхан яриа өрнүүлсэн зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа анддаа ч ихэд талархаж байна. Засгийн газраас зарласан НОМ ХӨТӨЛБӨР-ийн ажлын нэг хэсэг нь болох учир бид ая зүйгээ олоход ч амар байв.

Гэхдээ бас зарим нэгэн саад бэрхшээл байсан юм.
1. Хүүхдүүд ном сонирхох явдал 4 жилийн өмнөхөөс эрс сайжирсан ч ном худалдаж авах нь маш бага байна. Тухайлбал, 28 дугаар сургууль бол 2400 орчим хүүхэдтэй нийслэлийн маань томоохон сургуулийн нэг юм. Бараг 2000 орчим хүүхэд бидний дэлгэсэн номыг ирж үзэцгээсэн. Гэвч 24 хүүхэд л ном худалдан авав. 100 хүүхдийн нэг нь ном худалдаж авч байна гэсэн үг юм. Энэ хангалттай тоо биш л дээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Юуны өмнө санхүүгийн боломж хомс байгаа явдал. Хүүхдүүд халаасандаа ихэвчлэн л ганц пирожкиний мөнгөтэй явдаг бололтой юм. Гэхдээ уг нь бид хэд хоногийн өмнөөс бүх ангиудаар хямдралтай үнээр ном зарах тухай, хамт олноороо нийлж ангийн болон хувийн номын сангаа баяжуулах боломжийн тухай, эцэг эхээсээ ном авах мөнгөтэй ирэх тухай зарыг хангалттай тараасан юм. Манай ном ч өндөр үнэтэй биш, ихэнхдээ 5000 төгрөг байгаа.
Хоёрдугаар шалтгаан нь эцэг эхчүүд, багш нарын зүгээс ном уншдаг хүүхдийг урамшуулдаг, дэмждэг, тэдэнд энэ талаар ярьж, таниулдаг, сурталчилдаг, үлгэр жишээ үзүүлдэг байдал маш хангалтгүй, бүр бараг 00 байдалтай байгаа нь харагдаж байна. Ялангуяа уран зохиолын багш нарын чадавхи их чамлалттай санагдав. Тэднийг сургах, давтан сургах цаг тулжээ гэж бодож байна.

2. Зарим эцэг эхчүүд биднийгээ "Сайхан үгээр хүүхдийн толгой эргүүлж бизнес хийж байна" хэмээн зэмлэх ч байдал харагдаж байв. Уг нь бид Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын цуврал 108 номыг хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулан байж гаргахдаа нэг их ашиг олоод баяжия гэсэн ганц бодлын үүднээс эхлүүлээгүй юм. Дэлхийн хөгжингүй улс орнуудын хүүхэд багачууд ямар сайхан зохиол бүтээлүүдийг уншиж байна вэ, ямар өндөр түвшний утга зохиол уншиж байна вэ, тэр л сайхан номыг нь, тэр л өндөр түвшинийх нь утга зохиолыг монголынхоо багачуудад уншуулах юмсан гэсэн нэгэн хүсэл бидний үйл ажиллагааны эхлэл байсан юм. Боломжтой бол бид хийсэн бүхнээ үнэгүй ч тарааж болохсон, гэвч хэрвээ тэгвэл бид дахиад нэг ч ном хэвлэж чадахгүйд хүрнэ, дахиад нэг ч ном орчуулж, өөрсдөө ч ном бичиж чадахгүйд хүрнэ. Бид ашиг олохын тулд ном зардаггүй, харин дахин шинэ ном, өөр олон сайхан ном гаргахын тулд л номоо зарж байгаа юм гэдгийг ойлгоосой гэж хүснэ. Уг нь бид Эрдэнэт, Оюутолгой, АПУ-гаас эхлээд үндэсний гэх томоохон компаниудаар хэдэн жил гүйж, 108 номыг бүгдийг нь биш юм гэхэд 18 шилдэгийг нь хэдэн мянгаар хэвлээд хүүхдүүдэд тараачих санхүүжилт хайсан боловч тэдний нэг нь нэг ч төгрөг хялайлгаагүй юм. За тэр ч яахав, тэдний тусламжгүйгээр бид монголынхоо номонд дуртай багачуудынхаа тусламжтайгаар юутай ч 130 гарчиг зохиолын орчуулгыг дуусгаж, 110 номыг бага тоотой ч гэсэн хэвлүүлж гаргаж чадлаа.

3. Дунд сургуульд 6-р ангиас эхэлж уран зохиолын хичээл үзэж эхэлдэг юм байна. Энэ үнэхээр харамсалтай мунхаг явдал мэт санагдана. 5-р ангид ёс суртхуун, хүн ба нийгэм зэрэг зарим хичээлд уран зохиолын элементүүдийг оруулсан гэж Боловсролын яамныхан тайлбарладаг. Гэвч тэр элемэнтүүд нь үнэхээр уран зохиол гэхэд хэцүү зүйлс байх юм. Одоо нөгөө яаж баяжих вэ, яаж хүний анхаарлыг татах вэ, яаж амжилт олох вэ гэдэг арилжааны номуудад гардаг шиг зүйлс байна. Тэгэхдээ их цөөхөн, хааяа нэг үлгэр. Гэтэл уран зохиол гэдэг чинь түүнээс шал өөр зүйл шүү дээ. Нөгөө онгоц, алим хоёр шиг ондоо зүйл. Нөгөө талаар хэдийгээр 6-р ангид уран зохиол үзэж эхэлж буй ч хичээлийн хөтөлбөрт багтсан сэдвийн тоо цөөн, үздэг уншдаг нь маш бага, зүйр сэцэн үг, оньсого, жороо үг гэх мэт ардын уламжлалын хажуугаар монгол ардын хэдхэн үлгэр, мөн Шарль Перро, Гримм, Андерсен нарын хэдхэн үлгэр, тэгээд дотоодынхоо гарын таван хуруунд багтах хэдхэн зохиолчийн нэг нэг шүлэг, нэг нэг богино өгүүллэгээр хязгаарлагдана. Энэ биш ээ. Иймэрхүү эрэмдэг хагас дутуу байдлаар уран зохиолын боловсрол олгож байснаас огт үгүй байсан нь дээр. Яагаад гэвэл хүүхдүүд тэр заасан хүрээнд л утга зохиол эхэлж буй гээд ойлгодог болчихвол цаашаа утга зохиолыг ер ойлгох ч үгүй, хүлээж авах ч үгүй. Гэтэл дэлхийн үе тэнгийнхэн нь манай багачуудаас хэд дахин олон сэдэв, зохиол, хэд дахин өндөр түвшинд уншиж байна. Дэлхийн хөгжингүй орны 6 ангийн хүүхэд Бөрнэт, Спайри, Монтгомерийг уншиж байхад бидний үр хүүхэд "Тэмээ яагаад үнсэн дээр хөрвөөдөг болсон бэ" гэсэн 5 настны сэтгэлгээнд таарах үлгэр уншаад сууж байгааг би огтоос ойлгохгүй байна.
ИЙМ Л БАЙНА.

Бид ирэх долоо хоногт мөн 108 цувралаа сурталчлах ажлаа үргэлжлүүлнэ.
Б.Номинчимэд

No comments: