Tuesday, March 11, 2014

Бага насны хүүхдүүд ахлах, дундынхнаасаа илүү ном сонирхдог...

Дунд сургуулиудаар явж, хүүхдүүдтэй уулзаж, номын тухай ярилцаж явахад нэг зүйл их содон анзаарагдаж байна. Энэ нь ахлах ангийхнаас дунд ангийнхан нь илүү их ном сонирхож, илүү их уншдаг болох нь мэдрэгддэг. Ялангуяа 6-р ангийнхан. Гэтэл тэднээс илүү номонд дуртай байгаа үеийнхэн бол бүр 1-2-р ангийнхан.
Энэ нь нэг л сайхан баяр баясгаланг төрүүлнэ. Яагаад гэвэл цоо шинэ оюун бодолтой, ёс зүйтэй, эрмэлзэл тэмүүлэлтэй үе ар араасаа яг л хаврын ногоо мэт улам бүр хүчтэй түрэн гарч ирсээр байна. Монголын маань ирээдүй болсон бага балчир үрсийн оюун санаа, сэтгэл зүрх нь гэрэл гэгээ өөд, танин мэдэхүй өөд урьд өмнөх үеэсээ илүүгээр тэмүүлж байна. Энэ сайхан хэрэг биш үү. Энэ янзаар бол ном бараг мэдэхгүй шахам өссөн 90-ээд оныхны үе шувтарч, аргагүй цоо шинэ сайхан үеийнхэн тун удахгүй та бидний халааг авах нь дээ...




Өчигдөр буюу 3 сарын 10-нд Нийслэлийн 20-р сургуульд Хөхдэвтэр хэвлэлийн газраас "НОМЫН ӨДӨРЛӨГ"-ийг амжилттай зохион байгууллаа. Хуучин орос сургуулийн бааз суурь дээр байгуулагдсан тус сургуулийн орчин тун аятай сэтгэгдэл төрүүлэв.
Юуны өмнө 6-7 ангийнхны дунд уран зохиолын 6-р ангийн мэдлэгийн түвшинд АХА тэмцээн зохион байгууллаа. 70 гаруй хүүхэд оюун ухаан, мэдлэгээ сорьсон энэ тэмцээнд гурван хөөрхөн хөвүүн хүндхэн асуултуудыг ажралгүй давсаар шөвөгт үлдэж, 6-б ангийн сурагч Ө.Чинзориг түрүүллээ. Мөн 6-в ангийн сурагч Батзолбоо удаалж, 7-б ангийн сурагч Д.Бадрал гуравдугаар байрт шалгарав. Эдгээр хөөрхөн хөвүүдийг Хүүхдийн сонгодог зохиолын цувралаасаа шагнаж урамшууллаа.
АХА тэмцээний дараа 20-р сургуулийн хамгийн шилдэг ном уншигч болох 11-б ангийн сурагч Б.Алтанзул, 3-б ангийн сурагч Энгүүнбаяр нарыг тус бүр 4 ном, мөн шилдэг номын сантай ангиар тодорсон З.Алтантуяа багштай 10-б, Го.Энхтуяа багштай 7-б, С.Жавхлан багштай 8-в ангиудыг тус бүр 6 ном, сургуулийн номын санд мөн 6 номоор урамшуулав.
Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолоос дээжилсэн ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал номоо дэлгэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, бас 30 хүртлэх хувийн хямдралтай худалдаа хийлээ.
Дараа нь 9-10 дугаар ангийн сурагчдын дунд "Ном надад юу бэлэглэдэг вэ?" сэдвээр чөлөөт ярилцлага явуулав. Мундаг том том зохиолууд уншсан хэд хэдэн охид байсныг зориуд хэлэх хэрэгтэй. Цэцэнгоо охин Английн сонгодогуудын манлайд явдаг Ш.Бронтегийн "Аянгат даваа" зохиолын үзэл санааг шүүмжлэн эргэцүүлж буйгаа илэрхийллээ. Мөн Канадын хүүхдийн алдартай зохиолч Монтгомерийн "Ногоон давхарцагийн Анна охин" зохиолын тухай ч саналаа хэллээ. Өөр нэгэн охин А.Рыбаковын "Арбатын хүүхдүүд", бас нэг охин Сюзан Коллинзийн зохиолуудын тухай ярьж байна. Харин баньд нар маань таг чиг. Зарим нь том ам ангайлгаад эвшээлгэж байгаа харагдав.

Энэхүү арга хэмжээг бидэнтэй хамтран зохион байгуулсан тус сургуулийн сургалтын менежер Г.Нарангэрэл, номын санч Б.Мөнхжаргал нарт талархаж буйгаа илэрхийлье.
Б.Номинчимэд

No comments: