Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германд очоод "Оросын газар нутгыг тойруулж төмөр зам барина" гэж огт хэлээгүй юм билээ. Ер нь яаж мунгиналаа ч тэгэж хэлэх боломжгүй. Эрүүл ухаанд огт багтахгүй.
"Манай улс Төмөр замаа ОХУ-тай 50:50 хувиар эзэмшдэг... Харин бид дангаараа өөрийн гэсэн төмөр зам тавих боломжтой" гэсэн утгаар хэлсэн Ерөнхийлөгчийн маань үгийг буруу ойлгосон уу, зориуд мушгисан уу, оросын зарим мэдээллийн сайтууд өөрөөр тайлбарлаж, түүнийг нь манайхан шүүрэн авч, шууран бужигнацгаасан. Өөрөөр хэлбэл Оросын хувь эзэмшдэг төмөр замаас өөр төмөр замын тухай яриаг нь оросууд Оросын газар нутгаас ангид төмөр зам болгож гуйвуулан "үймүүлжээ". Оросуудыг ойлгож болох тал бий. Улс төрийн тоймч Гантулгын хэлдгээр холбоотнууд нь ээлж дараалан урваж байгаа, эдийн засаг, улс төр, цэргийн бүслэлтэд ороод буй Оросуудын хувьд одоо хэн хэрхэн урвах вэ хэмээн хардан сэрдэж харж байгаа нь үнэн.
Уг нь Ерөнхийлөгчийн маань энэ санаа, энэ амбиц их зөв юм. Төмөр замыг стратеги гэдэг. Тийм атлаа энэ стратегийнхээ ганц гол сувгаа хөрш улстайгаа 50:50 хувиар хамтран эзэмшдэг гэхээр бас л эргэцүүлж үзэх шаардлага бий. Дотоодынхоо төмөр замд 100 хувь эрх мэдэлтэй байх нь төрийн бодлого. Гэвч өнөөгийн МТЗ-ын хувьд энэ боломжгүй, тиймээс дотооддоо МТЗ-аас тусдаа өөрөө дангаар эзэмших төмөр зам байгуулж яагаад болохгүй гэж... Ерөнхийлөгчийн Германд хэлсэн үгийн утга нь энэ.
Гэвч хүмүүс түүний үгийг хартай байгаа оросуудын үгээр ойлгож шуугицгаав. Эрүүл ухаантай хэн ч тэр, Оросын газар нутгаар дайруулахгүйгээр Европ хүрэх төмөр зам барих ямар ч боломжгүй гэдгийг мэднэ. Хятадаар дайран, далайгаар дамжуулан хүрэх нь хорвоог тойрсон дэндүү хол зам. Ийм илэрхий зүйлийг олон улсын тавцан дээр ярина гэдэг санаанд бүү хэл зүүдэнд ч орохгүй зүйл. Гэтэл манай монголчууд Ц.Элбэгдоржийг яг тэгээд хэлчихсэн гэдэгт өчүүхэн ч эргэлзэлгүй хүлээн авчээ. Тэгээд л бухимдацгааж, харааж гарах нь тэр. Ерөнхийлөгчийн зүгээс, ЕТГ болон бусад хэвлэлээр "Тийм юм яриагүй ээ, тийм боломж ч байхгүй" гэж хичнээн тайлбарласан ч "Ярьсан ярьсан, яг ярьсан. Цаадах чинь юу ч ярьж мэдэх хүн" гээд үнэн зөв тайлбарыг огт хүлээн авсангүй.
Ингэхэд Монголчууд бид ийм муйхар, зөрүүд хүмүүс юм уу?
Бид чинь бас ч гэж дотроо бодолтой, доороо суурьтай байх гэж хичээдэг, бусад үндэстнүүдээс чухам юу юуны туханд хүрэлгүй шуугиад, шуураад босоод ирдэггүй харьцангуй хүлээцтэй ард түмэн биш бил үү... Гэтэл яагаад ийм боломжгүй зүйлд итгэж нийтээрээ хошуурцгаана вэ? Дандаа ингэдэг үү?
Гэвэл үгүй юм аа. Асуудлын мөн чанар юунд байна вэ гэхээр мань Ерөнхийлөгч маань биднийгээ ихээхэн хашраачихсанд л асуудал нь байгаа юм. Имиж гэж нэг айхтар юм байна даа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч маань ард түмэндээ нэг тиймэрхүү "Хошгоруулдаг", "Худлаа туучихдаг", "Юу ч ярьж мэдэх" гэсэн имижтэй болчихсон аж. Тэгээд л Төмөр замын тухай ямар ч боломжгүй ярианд олон түмэн тийм амархан үнэмшчихэж байгаа хэрэг. Олон түмэн мунхаг харанхуйдаа ч биш...
Хашир хүн гэж хаширчихсан хүнийг л хэлдэг. Өмнө нь олонтаа хаширсан даа. Ерөнхийлөгч маань Америкт очоод оюутнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр "Би Орост оюутан болж очоод анх удаа зайрмаг идэж үзсэн. Манай эх оронд зайрмаг хийдэггүй байсан. Тийм сайхан амттай зүйл байдгийг аав ээждээ амтлуулахсан гэж хүссэн" гэж хэлж байв. Энэ үгийн цаад санаа нь эх орноо илүү сайхан хөгжүүлэхийн тулд Ардчилсан хувьсгал хийсэн гэдгээ зайрмагаар төлөөлүүлэн илэрхийлж буй хэрэг. Үүнд нь гадаад оюутнууд ихээхэн хөгжилдөж, бас алга ташин, хошгорцгооно билээ. Гэтэл Ц.Элбэгдоржийн ЗХУ-д оюутан болж очсон нь 1983 он. Манай улсын хөнгөн хүнсний үйлдвэрийн түүхэнд анх 1964 оноос зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Мань хүнээс өчнөөн дүү би л хувьдаа 1976 онд буюу Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг ЗХУ-д сурахаар явахаас 7 жилийн өмнө Зайрмаг иддэг байснаа сайн санадаг юм. Одоогийн Сансарын түнелийн гүүрэн дээрх зайрмагны мухлагаас, 100 айлын 9 дүгээр дэлгүүрээс 50 мөнгөний зайрмаг их ч авсан даа.
Мөн Ц.Элбэгдоржийн өнөөх алдартай "Тарваганы нүхэнд өлгийтэйгээ тухалж амардаг" түүх байна. Өөр бас олон бий, тэр бүхнийг нь эмхэтгэвэл онч үгийнх нь номноос нимгэдэхээргүй бас нэг ном болохоор...
Энэ мэт санаатай санаагүй, энд тэнд илэрхий худлаа туучихаад, хошгоруулчихаад байдаг болохоор нь л олон түмэн түүнийг Германд очоод яг тэгээд хэлчихсэн гэдэгт ямар ч хар сэргүйгээр итгэсэн хэрэг. Нөгөө худалч хүн хичнээн үнэн ярьсан ч үнэмшиж өгдөггүйтэй адилхан.
Ер нь ингэхэд буруу хүмүүс хичнээн зөв зүйл хийсэн ч буруу л харагдаад байдаг сэтгэлзүйн хандлага бий. Бас буруу хүмүүс хичнээн зөв зүйл хийсэн ч үр дүн нь алсуураа буруу тийшээ өөрийн эрхгүй эргэчихээд байдаг түгээмэл зүй тогтол ч гэж болох нийгмийн үзэгдэл бий... Үүнийг цаг хугацаа, өнөөгийн дүр төрх илэрхий харуулж байна даа...
Б.Номинчимэд
No comments:
Post a Comment