Аав маань Байтагт тодорсон баатруудын нэг байв. Тэр үед Байлдааны гавьяаны улаан тугын одонг Цусан гавьяаны одон гэдэг байж. Яагаад гэвэл цусаа урсгаж явж авсан болохоор тэр... Аав маань тийм одонд хоёронтоо төрийн зарлиг гаргуулсан хүн. Баруун хязгаарт дайсны ар талд тагнуулын үүрэг даалгаварыг нэг бус удаа амжилттай биелүүлж явсан, ДХЯ-ны хүндэт чекист, Чөлөөлөх дайны утааг ч бас үзээд амжсан хүн...
Аавын маань тухай Армийн генерал Ж.Авхиа "Байтагт болсон удаа дараагийн ширүүн тулалдаанд эрэлхэг баатарлагаар оролцож, дайсны суман мөндөр дундуур аймшиггүй зориг гарган, төрийн өндөр шагнал хүртсэн ..... Бандийн Баасанжав нарын олон зоригт хүмүүс эндээс төрсөн юм" хэмээн 1973 онд дурсамждаа бичжээ.
Улсын баатар Ж.Нэхийт 1944-1948 онд баруун хилд болсон их бага олон удаагийн тулгаралтад бага дарга Б.Баасанжав гарамгай оролцон шалгарч байсныг нэг бус удаа дурджээ. Тухайлбал: "Би дэргэдээ яваа ... Б.Баасанжав нарын дөрвөн хилчнийг хэвт, дайсны атак руу бууд гэсэн дохио өгч хэвтүүлэв" хэмээгээд гоминданы давуу хүчинд тавуулхнаа бүслэгдэн маш хүнд нөхцөлд хэд хонож, бүх сум, зэвсгээ дуусгасан ч дайсанд үлэмжхэн хохирол учруулаад тавуулаа амьд гарч чадсан ба ангида буцаж ирэхэд нь ар талруу тэднийг амь үрэгдсэн, устгагдсан хэмээн үзэж амь үрэгдэгсэдийн тоонд оруулан мэдээлчихсэн, ар гэрт нь эмгэнэлийн цахилгаан явчихсан байсан тухай "Хилчид өгүүлж байна" номд дурсан бичжээ. /"Хилчид өгүүлж байна" ном 1973 он. 39-46 хуудаст/ Мөн хожим Улсын баатар болсон Тэгшээгийн хамт аавын маань нэрийг нэг бус удаа дурдсан байдаг.
Хурандаа Ч.Алтангэрэлийн "Монголын баруун хязгаар, түүний хамгаалалт" хэмээх номд аавын маань байгуулсан гавьяа зүтгэлийг хэд хэдэн газарт бахархан бичсэн нь бий...
Байтаг богдын тулалдаанд онц гарамгай манлайлан оролцсон 24 хүн байдгийн дотор Бандийн Баасанжав хэмээх нэр бий. Энэ 24 дотор Улсын баатар болсон Ж.Нэхийт, Тэгшээ, Даваадорж, Гиваан, Бадам, мөн Алдарт хилчин болсон Х.Даржаа, дэслэгч Санжаа, группын дарга Гэрэлчулуун нар бий. Аав маань баатар алдартан болсон энэ хүмүүстэй бүгдтэй нь хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан ба "Ж.Нэхийттэй хамт мөн ч олон удаа мордож билээ" гэж дурсдаг байв.
Нэгэн тийм сонирхолтой жишээ нь л гэхэд Нэхийт баатар болон мөн төвөөс ирсэн нэг их ширүүн хатуу, хүдэр чийрэг нэг ахмадаар толгойлуулан дайчин нөхдийн хамт хасагын дээрэмчдийн толгойлогч Оспаныг устгахаар хятадын нутгийн гүн рүү хасаг хувцас өмсөн үүрэг гүйцэтгэж явсан явдал юм. Оспаныг яг барьдагийн даваан дээр нэг хасаг самганаас болж хэрхэн алдчихсанаа, Оспан хүүтэйгээ хамт машинд ч гүйцэгддэггүй хоёр борлог морио унан яг хамар доороос нь амь зулбан хэрхэн зугтсаныг, Оспаныг алдсандаа шаралхан хилэгнэж, буруу зүйл хийснээ ч чимээгүйхэн дурсана. "Нууц ажиллагаа байсан учир хамаагүй ярьж болдоггүй байсан, харин 40 жил өнгөрлөө одоо болох байх аа, хүмүүс мэдэх л хэрэгтэй юм. Бид Оспанийг барих гэж очоод чадаагүй алдчихсан юм шүү. Тэгээд баахан нүгэл хийчихсэн юм" гэж нэг удаа ярьсан юм. Харин хожим мэдэхнээ нь тэр нэр нь үл мэдэгдэх төвөөс ирсэн ширүүн, хүдэр хүн бол Л.Дандар баатар байсан юм билээ.
Аав маань мөн Улсын баатар болсон Тэгшээ, Гиваан, Даваадорж нарыг шинэ цэрэг ирэхэд нь тасгынх нь дарга байж, хүмүүжүүлж байсан гэдэг.
Мөн баатар Бадамыг амь үрэгдэх өдөр мөн баатар болсон Чулуудайн хамт, Нэхийт баатрын хамт явалцсан тусгайнхны нэг нь буюу Тагнуулын салааны тасгийн дарга явсан байна. Дайсны гүн ар талд нэг бус удаа явж, амьд хэл олзолж, хүн хэцүү даалгавар биелүүлж явжээ. Мөн хээрийн шүүхээр таслагдан цэргийн жагсаалын өмнө буудуулсан Заставынхаа даргаа дурсдагсан.
Бадамыг, мөн тасгийнх нь цэрэг Навааныг нь дайснууд хэрхэн аймшигтайгаар тамлан хэрцгийлэн алсан байсныг нүдээрээ үзсэнээ аав маань шүүрс алдан дурсдаг байлаа. Амьдаар нь засаж, мөчийг нь огтчин тасчиж, нүүрэн дээр нь гал түлж шарж алсан байсан гэдэг. "Тийм юм харчихаар айх нь бүү хэл бүр улангасаж, нэгийг албал солио, хоёрыг албал хожоо гэж шүд зууж, үзэлцэнэ, алалцана даа, энэ муухай хүний төрхтэй араатнуудтай" гэж дотроо боддог, тэднийхээ өшийг авна даа гэж тангарагладаг байснаа ярьдагсан. Тиймдээ ч олзлогдсон дайсантай зүй бусаар харьцсан хэргээр хээрийн шүүхээр орж, сахилгад сууж байсан ба харин тэр нь аз болж, сахилгад байх хойгуур эргүүлд гарсан тэдний тасгийнхан дайсны давуу хүчтэй тулгаран Тэгшээ, Гиваан, Даваадорж нар баатарлагаар амь үрэгдсэн өнөөх алдартай тулаан болсон аж. "Хэрвээ би сахилгад байгаагүй бол тэдэнтэй хамт тэр хадан толгой дээр ясаа тавих л байсан байх даа" гэж ярьдаг байлаа.
Ийнхүү нэг бус удаа үхэлтэй нүүр тулгарч, гардан тулаанд оролцож, дайсныг олзолж, бас олзлогдох шахан явжээ, аав минь.
1948 оны 8 сарын 4-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 41-р тогтоолоор 6-р отрядын бага дарга, ГА аймгийн Түмэн сумын харьяат Бандийн Баасанжавыг
- 1947 оны 6 сарын 5-ны тулгаралт 27-ны тулгаралтад сайн байлдсан, шархдагсадын амь насыг аварсан,
- 8 сарын 9-нд тасгаа байлдаанд гарамгай удирдан амьд хэл барьсан зэрэг гавьяаг нь дурдан Байлдааны медалиар шагнасан бол хожим тэр үеийнхний хэллэгээр Цусан гавьяаны улаан тугын одон буюу Байлдааны гавьяаны улаан тугын одонгоор нөхөн шагнасан юм.
Мөн "Зүрхэнд уяатай торгон хил" номонд ч аавын маань тухай бүтэн бүлэг бий.
Монгол цэргийн баярын энэ өдөр эх орныхоо төлөө цусаа урсган, амь өрсөн тэмцэж явсан зуу зуун монгол эрсийн нэгэн болсон аавынхаа тухай дурсахгүй өнгөрч чадсангүй болно. Харин товчхон бичлээ. Аавын ярьсныг эргэн санаж бичвэл бүтэн ном болох буй заа..
Байтаг Богдын тулгаралт нэрээр түүхэнд орсон энэхүү үйл явдал нь жир нэг үймээн байсангүй, тэгээд ч баруун хил хязгаарт бараг 40 гаруй жил үргэлжлэн ужгирсан байнгын зөрчил тэмцлийн оргил хэсэг нь байсан байдаг. Юутай ч аав маань энэ үйл явдлуудад голлон оролцож, эр баатрын гавьяагаа дуудуулан үлдсэн нэр бүхий 24 хүний нэг байжээ. Дайчин хилчин, эрэлхэг тагнуулч, туршлагатай бага дарга явсан ааваараа бахархнам...
Б.Номинчимэд
Зураг дээр Ардын багш Ж.Дүгэр гуайн "Үнэн" сонинд бичиж нийтлүүлсэн сурвалжлага. Аав маань ач нарынхаа дунд тухална. Үүнээс гадна аавын тухай бичсэн 3-н ч ном бий.

No comments:
Post a Comment