Thursday, July 9, 2009

Хантайширийн домогт хүчтнүүд

Б.Номинчимэд

Даншигийн босоо заан Цэмбэл
Одоо энэ нутгийн хүчтэнүүдийн тухай өгүүлье. Төр гэрэлтийн 14 дүгээр он буюу 1840 онд болсон Даншиг наадамд Засагт ханы Цэмбэл гэгч хүн даншгийн заан цолтойгоор барилдан тухайн үедээ босоо байсан алдарт Баянмөнх аваргыг орхин түрүүлжээ. Гэвч энэ үед Түшээтханыхан мань эрийг хулгайн хэрэгтэн болохыг таньж, Богдод мэдүүлжээ. Үүнийг мэдсэн Цэмбэл түрүү бөхийнхөө бай шагнал, цолыг ч авалгүй оргочихож, түүнээс хойш дахин барилдсангүй. Цэмбэл даншигт заан цолтой барилдаж байсан гэхээр өмнө нь юутай ч даншиг наадамд дээгүүр барилдан үзүүр, түрүү эсвэл их шөвөгт үлдэж байсан нь тодорхой юм. Хэрвээ тэр удаад тийм хэрэг явдал гараагүйсэн бол Цэмбэл арслан цолтой болох байсан хийгээд, цаашид дахин барилдах боломж гарсан бол аварга ч болох байсныг үгүйсгэх аргагүй юм.
Цэмбэл оргож явсаар нутагтаа ирж, хад асга нь битүүжиж, бут бургас нь ширэлдсэн бэрх хэцүү нэгэн газар толгой шурган нуугдаж, аж төрөх болжээ. Энэ газрыг өнөө хүртэл Цэмбэлийн битүү хэмээсээр, дариу хоёрдахь зуунаа элээж байна. Бэлчирийн баруун салаа өгсөж, эхэн дээр нь гармагц баруун гар тийш эргэвэл Согоотын хөндийн рүү харсан нэгэн цалгар уудам салааны эх рүү өнгийнө. Эхэндээ хойлогийн хонолго, янгирын хэвтэштэй энэ салааг жаахан уруудахад хад асга арсайлдан, мод бут нь ширэлдэн боосоор барагтай хүн явахыг эцэсгүй битүүжинэ. Доош уруудвал Хэцүү улаанаас дээхнүүр Согоотын хөндийтэй нийлэх билээ. Чухам энэ бартаанд Цэмбэл заан олон жил аж төрж суужээ. Нутгийнхан нь түүнийг энд нуугдаж буйг мэддэг ч цааш нь дэлгэдэггүй, хоол хүнс, хувцас хунараар хангадаг, Цэмбэл заан ч нутаг нугийнхнаасаа хулгай хийдэггүй, гарахаараа баруун уул, урагшаа Бигэрийн хоолой, зүүншээ Нарванчингийн хийд хүртэл явдаг байжээ. Ямагт явган алхдаг байсан гэхээр нэг бол ядуугийнх, эсвэл шүдлэн үхрийг ишиг шиг тэврээд алхчихдаг түүнийг даах морь ховорынх.

Цэмбэл зааны эгнэшгүй их бяр тэнхээг нотолсон нэгэн ийм яриа өнөөг хүртэл ам дамжин уламжилжээ. Бурхан Буудай уулын зүүн бэлд байх Намалзахын ширэгний хөлд хоносон үхэрнээс нэг шүдлэн алга болчихож. Намар орой болж, цагаан хяруу бууж байсан цаг юмсанж. Үхрийн эзэн хоёр эр мөр үзвэл сүрэг дотор нь нэг явган хүн явж байгаад суугаад боссон л мөр байдаг, өөр үхэр ганц нэгээрээ явсан, туусан ямар ч мөр байдаггүй гэнэ. Гайхсан хоёр эр өнөөх явган хүний мөрийг мөшгөсөнд шулуухан зүүн хойш алхчихсан байв. Явсаар Хуримтын арын мөргөцөг дээр нэг суугаад боссон бололтой, харин тэнд үхрийн хялгас унаж хоцорсон шинжтэй байна гэнэ. Ихэд гайхсан хоёр үргэлжлүүлэн мөрдсөөр Согоотын хөндий өгсөж, Цэмбэлийн битүүд хүрээд ирж дээ. Намалзахын ширэгнээс Цэмбэлийн битүү ортол лавтай 40 орчим км газар бий. Хоёр эр Цэмбэлийн битүүд орж ирэхэд хаданд хэц татаад шинэхэн мах борцолсонтой таарч, хоорондоо “За, энэ ер нь ямар амьтан бэ, хүн бол нэгэнт ирсэнийх үзье, харьяа” гэлцээд утаа гарч буй хадны мухарт хүрвэл тогоо дүүрэн мах чаначихсан, “За хүүхдүүд сайн явж байна уу, шинэ мах зоогло” хэмээн шүдлэнгийнх нь махаар өөрсдийг нь дайлжээ. Хоёр эр Цэмбэл зааныг хүч чадлыг бишэрч, залбирч мөргөн “Та дахин манай сүргээс битгий авч байгаарай” гэж гуйгаад буцсан байна. Өөр яах ч билээ. Хүмүүн бусын их хүч тэнхээт энэ эрийг ямар барина гэлтэй нь биш, Тамга хошуунд мэдэгдээд ч яанам билээ.

Цэмбэл зааныг бие барахад нь хавирга нь завсаргүй байсан ба цээжинд нь чоно төрж байжээ. Түшээт ханыхан шарилыг нь хулгайлчихсан юм, түүнээс хойш Ар, Өвөрхангайгаас бөх их төрөх болсон гэж ярилцдаг. Бас зарим ярианд Цэмбэл заан өөрөө тэнэж яваад Их Тамирын голд нас барсан ч гэдэг. Бас нэг хувилбарт Цэмбэл зааныг Ехрэн гэгч шулам хатан аргаар дарьсан, тэр Цэмбэлийн хүч чадлийг үзье хэмээн урьж ирүүлээд ооны шилээр хийсэн хуйв өгч хоёр эрхий хуруундаа ороогоод тас татна уу гэсэнд амархан тас татаж, дараа нь хялгасан шидмэс өгч, эцэст нь нууцаар бэлдсэн тасын шөрмөс гарган Та одоо энийг нэг үзнэ үү гэсэнд Цэмбэл заан хар сэр авсангүй тасын шөрмөсийг хоёр эрхий хуруундаа ороогоод татсанд тасарсангүй, маханд нь шигдэж, ясанд нь тулаад зогсчээ. Ийнхүү арга зальт хатан Цэмбэлийг өөрөөр нь хүлүүлээд, гадна бэлэн байсан арван тавны цагдаа нарыг дуудан бариулжээ. Тэгээд олон олон ял тулгаж, дөрвөн эмнэг азарганы сүүлнээс тэлүүрдэн алахаар шийдэв гэнэ. Харин Цэмбэл заан биеэ хөвчлөөд дөрвөн мөчөө чангалан татсанд өнөөх дөрвөн эмнэг азарга шээс алдан зогсож байсан гэдэг. Ехрэн хатан урт цагаан соруултай гаансанд тамхи татдаг, тэгээд тамхиа барьсаар Цэмбэл дээр ирэн, ядраа биз, ганц сорохгүй юу гэсэнд Цэмбэл тамхи сорохоор амаа ангайхад хатан амруу нь гаансаараа гударч хахуулсанд Цэмбэл заан чангалж байсан гар хөлөө тавих агшинд дөрвөн азарга биеийг нь дөрөв тасчин авч оджээ. Цээжин биеийг нь чирсэн азарга явсаар Шаргын голын гатлага орчимд ирэхэд цээж нь салж хоцорсон байна. Хожим завсаргүй хавиргатай тэр цээжинд чоно төрдөг байсан хийгээд Шаргаас бөх төрдөг болсоны учир нь энэ ч гэж ярина.

Ах дүү хоёр хүчтэн

Сүмийн Хавцгайн тэхий дунд босоо хүнтэй чацуу шахам хоёр чулуун дээр дамнуулан тавьсан том хавтгай хүрэн чулуу бий. Уртаасаа 2 метр гаран, дэлэм орчим өргөн, 50 см гаруй зузаантай тэр чулууг Хануй, Цогтжаргал гэх ах дүү хоёр бяр чадлаа тэнсэн өргөж тавьсан гэх. Багцаагаар 350 орчим кг болов уу даа. Түүнээс их ч байж магад. Дүү Цогтжаргал нь Долоон хошуу даншигийн начин цолтой бөх явжээ. Монгол бөхийн цадигт 1880-аад оны үед барилдаж байсан Засагт ханы Цогтжаргал начин хэмээн гардаг нь лавтай мөн болов уу.
Ах, дүү хоёр даага унаад хонинд явдаг хүүхэд байхдаа мөн чадал тэнхээгээ үзэж, Ханхарын даваагаар даагаа хантайргадан тэврээд давж үзжээ. Дүү нь амралгүй гарсан бол ах нь давааны дунд өвдөг дээр нэг амарч.
Ах, дүү хоёр Монгол Их элсний ар луу аянд явж байгаад нэг их том худаг дээр нэгэн бүсгүй ховоогоо хурааж байхад нь таарч “Ховоогоо өгөөч, морьдоо услая” гэжээ. Бүтэн шарын арьсыг тулмалж хийсэн ховоо байж. Ховоо ч гэж ховоо, худаг ч гэж агуй шиг л байсан юмсанж уу. Хүүхэн тэр хоёрыг шоолонгүй хараад ховоогоо өгсөнд ах нь ховоогоор ус дүүргэж татаад татаад чадсангүй, дүүтэйгээ хамжин байж арайхийн гаргажээ. Хүүхэн тэр хоёрыг ихэд тоон, “Өдий хүртэл миний ховоогоор ус татдаг хүнтэй таарсангүй. Хэт нутаг хаана вэ, хэрэг зориг юунд вэ” гэлцэн танилцсанд өнөөх бүсгүй бага насанд нь богтлогдон алсад бэр болон очсон төрсөн эгч нь байж, ийнхүү ах дүүс уулзан учирчээ. Тэр цагаас хойш ах, дүү хоёр өөрсдийгөө хүч тэнхээтэй хэмээн бодохыг больсон гэдэг.

Гангижавын ягаан

Хамбын хүрээний унзад лам Гангижав гэж байжээ. Түүнийг ном уншиж байхад царан дээр тавьсан будаа шигшигдсээр асгарч байдаг, тийм л аргил даргил дуу хоолойтой хүн аж. Гангижавыг нутгийнхан Бовоо гэнэ. Хүрээ тартал байсан гэхээр саяханы хүн болно. Гангижав Бовоо сайхан дуу хоолойтой байгаад зогсохгүй эгнэшгүй хүч тэнхээтэй хүн байсан гэдэг. 1960-аад он гартал хийдийн туурийн зүүн урд хэсэгт 10-аад мерт орчим голчтой тойрог замын голд хонин чинээ том хар чулуу байсан нь Гангижав Бовоогийн хашааны ором бөгөөд Бовоо өглөөд босч тэрхүү чулууг хоёр гараараа дунгуйлдан тойргоор гурвантаа тойруулж хуян шар усаа тараадаг байжээ. Хүнд чулуунд тээрэмдүүлсэн тэрхүү тойрог зам дагтаршсаар яг л цардмал зам шиг болчихсон байсан гэдэг. 40 орчим жилийн дараа ч өвс ногоо ургалгүй, ор мөр нь тод зурайн харагдсаар...

Гангижавын хүч чадлыг илтгэсэн ийм нэгэн явдал болтол түүнийг гүрэнч лам гэдгээс цааш харж байсангүй.
Хамбын хүрээнийхэн Намалзахын голд жил бүр хөх тариа тарьж, бэлтгэн өвлийн хүнсэндээ нөөцөлнө. Нэг хавар Гангижав Бовоо нарын 9 хүн тариагаа услахаар очжээ. Намалзахын голд газар бүрээс цугласан тариаланчид байснаас Намалзах, Цачрангийнхан олонхи болно. Ус бага жил усаа булаалдан маргалдах явдал байнга гарна. Ингээд усаа булаалдсан Хамбын хүрээнийхэн, Намалзахынхны хоорондох маргаан адаг сүүлдээ зодоон, цохион дээрээ тулжээ. Тэр цагийн зодоон ч гэж юу шалихав, гараа зангидаад цохиод авахыг мэддэггүй байсан гэж хөгшчүүл ярихыг бодоход, алгадаж, нударгаараа шавхуурдаж, их сайндаа л барьж хүлдэг байж. Намалзахынхныг зарим нь 27 хүн байсан, заримдаа 60 гаруй ч байсан гэх. Юутай ч Хамбын хүрээнийхнээс тоогоор олон байсан байна. Зодооны төгсгөл мэдээж хэрэг, Намалзахынхан Хамбын хүрээний хэдийг шудууны зах дээр нэг нэгээр нь хүлээд тавилж гарчээ. Ганц Гангижав л тэр зодоон, маргаанд оролцсонгүй, тээр хол тариг шуудууны зах дээр хамрын тамхиа салхинд үлээчихсэн суугаад байх. Нутгийн хэд нь арга барагдахдаа “Хөөе, Гангижав аа, чи босоочээ, хамжаач ээ” гэж хашгирсан ч сонсоогүй мэт сууна. Намалзахын залуучууд нөгөө хэдийг нь бондойтол боож тавьчихаад сүүлчийн хүн болох Гангижав руу хошуураад очиж, Гангижав аажуухан босч, урд хормойгоо шуучихаад түрүүлч ирсэнээс нь хоёр хоёроор нь сарвалзуулан базаж аваад тариг шуудууны усанд нэг булхуулан, цаад ирмэг дээр нь шидэлж эхэлжээ. Намалзахынхан ганц Гангижавыг яаж ч чадсангүй, тэр нөхдийнхөө хүлээг тайлчихаад, хаанаас ч юм нэг том ягаан чулуун олж, тэвэрч авчраад Намалзахынхны шуудууны эх бухыг хаагаад тавьчихсанд тэд бүгдээрээ нийлээд чулууг гаргаж чадсангүй, хажуугаар нь ухаж, шинэ бух гаргажээ.

Хошуу тамгын газарт бух хаалаа, зодлоо хэмээн зарга мэдүүлсэнд нэг хүний авчирсан чулууг хорин хэдэн хүн гаргаж чадахгүй яахав, хорин долуулаа байж есхөн хүнд зодуулна гэж юу байхав гээд хэрэг болгон тоож хэлцээгүй гэдэг.

Хожим 1960-аад оны сүүлчээр Халиун сум-нэгдлийн дарга, алдар суугаа дуурсгасан хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү хуучин тэр бухыг сэргээхээр тал нь газарт шигдчихсэн байсан өнөөх ягаан чулууг трактороор татсанд дундуураа хугарч, газартаа үлдсэн хэсэг нь дарагдсаар сураггүй болж, дээд хэсэг нь хаа нэгтэй байсаар байсныг Гангижавын ягаан хэмээн ойр хавиар нь явсан бүхэн зааж, хэлсээр иржээ. Хэрвээ одоо тэр чулуу байдаг бол сумын төвийн аль нэгэн онцлог газар хүндэтгэн хөшөө дурсгал босгодог бол гэж бодогдоно. Ер нь залуус нутаг орноороо бахархах, хайртай байхын нэг үндэс нь нутаг нугынхны бахдам сайхан үүх түүх билээ.

МАХН-д шинэчлэгдэх боломж бий болов уу?

Б.Номинчимэд
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас МАХН-ын дотор намын шинэчлэлийн тухай яриа дахин хүчтэй сэргэлээ. Өнөөдрийн монголын улс төрийн гол хоёр хүчин болох МАХН, АН –ын шинэчлэл, дотоод ардчилал, зөв төлөвшил нь монгол орны ойрын ирээдүйн хөгжил дэвшлийг тодорхойлох хэмжээний чухал ач холбогдолтой юм. Иймээс энэ намуудын шинэчлэл, дэвшлийн асуудал нь олон түмний анхаарлын төвд байна. Өөр ч аргагүй юм.

Сүүлийн хэдэн жилд МАХН-ын шинэчлэлийн асуудал олонтаа хөндөгдөж, шинэчлэлийн төлөөх цөөнгүй хэсэг бүлэг, жигүүр, хөдөлгөөн байгуулагдсан ч шинэчлэл санаж, найдаж байсны хэмжээнд тууштай бөгөөд эрчимтэй байж чадсангүй. Харин МАХН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь намын дотоод амьдралаа нэлээд ултай суурьтай эргэцүүлэн харах, сүүлийн жилүүдэд явж ирсэн зам мөрөө дүгнэн шүүж үзэх аятай таатай боломжийг нээж буй хэмээн ойлгож байгаа ба “Сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр баяртай байна. Баярлахын учир нь хэрвээ нам саяны сонгуульд ялсансан бол бид болж байна, бид сайн байна, сайхан байна гэсээр намаа гаднаас нь шатаалгах биш, өөрсдөө дотроос нь түймэрдэн нураах хэмжээнд хүртлээ арчаагаа алдах байсныг үгүйсгэх аргагүй юм.

Юутай ч намын удирдлагаас сонгуульд оролцсон дүн, түүнд хийх сургамж, дүгнэлт, анхаарах асуудлуудын талаар гадна дотнын төлөөллийг хамруулсан ярилцлага хийжээ. Цаашид энэ мэтээр намын шинэчлэлийн асуудал яриа төдийгүй бодит àæèë ¿éëñ болон тасралтгүй өрнөх байх гэж найдаж байна.

Ингэхэд намын шинэчлэл гэж юуг хэлнэ вэ? Юуг нь яаж, хэрхэн шинэчилж, өөрчлөх вэ? 1990, 1996 оных шиг үзэл баримтлалаа өөрчлөх үү? Өнөөх онц их хурлаа хуралдуулах уу? Нэрээ солих уу? Удирдлагаа огцруулах юм уу? Алин дээр нь анхаарах ёстой вэ?

Уг нь шинэчлэлийн гол гогцоо асуудлыг нэг их хайж давхиад байх явдалгүй, өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд олон түмэн юуг хүсч, юуны төлөө саналаа өгсөн нь чухам нам юугаа шинэчилж, юун дээр анхаарч ажиллах учиртай болсныг маш тодорхой болгож байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч 40-хөн мянган саналаар ялагдал хүлээсэн. Энэ нь ялах боломж их ойрхон хийгээд эгзэгтэй байсны илрэл. Хэрвээ хар пиараа хэтрүүлээгүйсэн бол, нийслэлд жаахан хүч тавьсансан бол, нэр дэвшигч халз ярилцлагад ялимгүй давуу байсансан бол, сурталчилгаагаа арай шинэлэг, мэдрэмжтай хийсэнсэн бол, сонгуулийн штаб давхар бүтэцтэй ажиллаагүйсэн бол гэх мэтчилэн ер нь л тун ялимгүй чармайлт гаргасан бол энэ 40 мянгыг эргүүлчих бүрэн боломж байсан.
Гэхдээ дээр дурдсан бүхэн нь сонгуулийн ялагдлын жинхэнэ мөн чанар, шалтгаан нь биш юм. Иймэрхүү аахар шаахар зүйлсээр 40 бүү хэл 80 мянган сонгогчдын саналыг эргүүлж болно. Гэвч нийт сонгогчдын 20-30 хувийн саналыг эргүүлэх боломжгүй. Сонгогч олон түмний олонхи нь чухам шударга ёс, өөрчлөлтийг хүсэж сонголтоо хийсэн гэдгийг гарцаагүй тооцож үзэх хэрэгтэй. Энэ бол МАХН сонгуульд ялагдал хүлээсний гол шалтгаан нь юм.
МАХН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байсан төдийгүй нам нь эрх барьж байгаа нөхцөлд ийм сонголт хийгдсэний учир юунд байна вэ?
Яагаад нийгэмд шударга ёс алдагдсаныг МАХН-тай холбон ойлгож байна вэ? Нам сонгуулийн ялагдлынхаа дүгнэлтийг ч, шинэчлэлээ ч чухам энэ асуудал дээр төвлөрүүлэн авч үзэх шаардлагатай. Үүний тулд хоёр зүйл санал хэлье. Àâàõàà àâààä, õàÿõ àà õàÿíà áèç ýý.


Нэг: Нам уу, мафи уу?


Танил маань гурван сарын өмнө нийслэлийн нэгэн дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст жирийн ажилтнаар ажилд орлоо. Ажилд орохоосоо долоо хоногийн өмнө надаас зээлдүүлэх сая төгрөг байгаа эсэхийг асууж явсан бөгөөд аргагүйдэж машинаа ломбарданд тавихад нь би хамт явалцсан юм. Гэтэл яагаад яаралтай мөнгө хэрэг болсны учрыг сонсоод би цочих шиг болж билээ. Тэрхүү сая төгрөгийг дүүргийн намын хороонд хандивласан юм гэнэ. Өөрөөр хэлбэл намд хандив өргөж байж, дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст ажилд оржээ. Тэр сая төгрөг чухам дүүргийн намын хорооны дансанд орсон эсэхийг ч мань хүн өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Юутай ч өгсөн нь үнэн.
Энэ чинь НАМ УУ? МАФИ УУ? Чухам мафиуд л ийм бүтэц, санхүүгийн тогтоцтой байдагсан биш билүү. Үнэхээр ийм мафижсан хэлбэртэй бол МАХН-ыг устгая, газрын хөрснөөс арчия гээд чулуу бариад дайрдаг нь зөв шүү дээ.
Манай тэр танил маань МАХН-ыг ямагт харааж явдаг нэгэн. Одоо намын “буянаар” ажилд ороод намыг магтах биш харин улам илүү хараах болжээ. Аргагүй юм даа.
Нэгэнт ийм замаар ажилд орсон хүн чинь ажлаа чин шударгаар хийх үү. 300 мянган төгрөгний цалинтай мань эр гуравхан сарын дотор машиныхаа ломбардны мөнгийг хүүтэй нь төлөөд зогсохгүй, машинаа сайжруулж, Toyoto MARK-II болгоод авсан давхиж явна билээ. “За, чи минь учиртайхан л идээрэйдээ, дээлээ нөмрөв” гэхээр “ХУ нам л хохирохоос биш би хохирохгүй ээ, сайн бол ажлаасаа л халагдана биз” гэдэг юм. Нэг юм бодогдохгүй байна уу?
Хөндлөнгийн хүн бол мань эрийг МАХН-ын нэрээр ажилд тавигдаж байгаа хүн л гэж харна шүү дээ. “ХУ намын луйварчид” гэсэн ойлголт олон түмний дунд түгээмэл болсонд гайхаад байх явдалгүй байгаа биз.
Энэ бол хамгийн жижигхэнийх нь жишээ. Дөнгөж л дүүргийн нэг хэлтсийн ажилтан шүү дээ. Хэлтэс, газрын даргаас дээшлээд дэд болоод жинхэнэ сайдаа хүртэл тус бүртээ тогтмол ханштай байдаг талаар олон жил яригдаж ирлээ. Суудал нь дээшилж, томрохын хэрээр өгдөг авдаг болоод идэж уудгийнх нь хэмжээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээрээ бүлэг фракц болж бэхжинэ. Тэр хэрээр төрийн ажил дампуурч, нийгэмд шударга ёсны үнэлгээ алдагдана. Тэр хэрээр МАХН оюунлаг чадавхиа алдаж, мафижсан хэлбэр рүү гулсана. Тэр хэрээр сонгогчдын МАХН-д итгэх итгэл алдарна. Тухайн хүн танилын маань хэлдгээр сайн л бол ажлаас халагдана, харин жинхэнэ хариуцлагыг нь МАХН үүрч үлдэнэ, хохирол нь ард түмний нуруун дээр бууна.
Чухам саяны сонгуульд олон түмэн шударга ёс, өөрчлөлтийг хүссэндээ л аргагүй эрхэнд Ц.Элбэгдоржийг сонголоо. Чухам Н.Энхбаярыг “Авилгалын загалмайлсан эцэг” гэхийн нэг учир ч энд бий байх.
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг дэмжиж нутгийн, танилын гэх мэт янз бүрийн шугамаар ихээхэн хэмжээний хандив өргөнө. Төд удалгүй МАХН-ыг нэг нүдээр ч хялайж хардаггүй байсан нөхдүүд гэнэтхэн намын шинэхэн зүтгэлтэн болон тодроод ирнэ. Мөн чанар нь яг нөгөө манай танил дүүргийн ажилтны томруулсан хувилбар л байхгүй юу.
МАХН-ын хувьд боловсон хүчний ийм харалган сонголт хийх нь сууж байгаа модоо хөрөөдөж буйтай яг адилхан. Уг нь энэ бол бага гарын даалуучин ч ойлгочих логик юмсан.
Таван сард төрийн ажилтны сонгон шалгаруулалт болж, улсын хэмжээнд урьд өмнө үзэгдэж байгаагүй олон хүн энэ шалгаруулалтанд оролцлоо. Өнгөцхөн харахад төрийн нэр хүнд дээшилж, төрд ажиллах нь нэр төр хийгээд амьдралын баталгаа болж буй мэт харагдавч нөгөө талаар төрийн алба амар хялбар, шатдаггүй, зовоодоггүй бизнес болон хувирч буйн дохио юм. Захын хороон дарга л хорооныхныхоо нүдэн дээр хэрхэн баяждагыг яруу тодоор нотолж өгөөд байхад бас аргагүй ч үгүй байх даа.
МАХН боловсон хүчний бодлогоо цоо шинээр эргэн харж, шигшиж цэвэрлэхгүй бол нам нэртэй МАФИ болох нь байна шүү. Нам дотроо шударга ёсыг тогтоож, шударга ардчилсан зарчмыг бүхий л шатанд, арга барилд хэвшүүлэхгүйгээр мянгантаа шинэчлэл яриад, нэрээ солиод, үзэл баримтлалаа өөрчлөөд нэмэргүй юм. Дашрамд, ÌÀÕÍ-ûí нэрийг солих тухай яриа сүүлийн үед идэвхжиж байх шиг байна. Намынх нь үзэл баримтлалд таагүй ханддагаа илэрхийлсэн Тетчер хадагтайд Дэн Сяо Пин “Муур хар, цагаан байх нь чухал биш, харин муур барьдаг байх нь л чухал” гэж хэлж байсан гэдэг. Уг санаа нь “Нам ардчилсан, коммунист байх нь чухал биш, тухайн орны ард түмний амьдрал элбэг хангалуун, нийгэм нь давшингүй хөгжиж байх нь л чухал юм”. Түүнтэй адилаар намын нэр ямар байх нь тийм ч амин чухал биш, хоёрдугаар зэргийн асуудал, ялангуяа намын шинэчлэлийн асуудлын хүрээнд, харин нам олон түмнийхээ хүсэн хүлээж буй шударга ёс, хөгжил дэвшлийг хангаж чадаж байгаа эсэх нь л чухал юм. Өнөөдөр монголын сонгогч олон түмний хувьд шударга ёс гэдэг нь “Эрдэнийн хишиг”-ийн 1,5 саятай харьцуулахын аргагүй үнэ цэнэтэй зүйл болжээ.


Хоёр: Оюунлаг чадавхийн алдагдал


Боловсон хүчний бодлого алдагдсанаас болж МАХН-ын оюунлаг чадавхи ихэд сульдсан нь илэрхий анзаарагдах боллоо. Хамгийн сүүлийн илрэл нь өнгөрдөг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хар пиар. 2000 оныг хүртэл МАХН оюунлаг чадавхийнхаа хувьд сөргөлдөгч бүх хүчнээсээ хавьгүй давуу байдалтай явж ирсэн. Гэтэл өнөөдөр уг харьцаа яг эсрэгээр эргэж байна. МАХН-ын хуучин оюунлаг, боловсорсон хэсгийн нөлөөлөл буурах хэрээр түүнийг залгаж гарч ирэх дараагийн оюунлаг үеийнхэн илэрхий үгүйлэгдэж, тэдний оронд 2000 оноос өмнөх АН-ынханд олонх болж байсан шиг люмпен төрхтэй нөхдүүд МАХН-д олноороо гарч ирэх болжээ. Энэ нь олон оюунлаг, боловсролтой залуусыг МАХН-аас зайгаа барихад хүргэж, яваандаа АН-д оюунлаг төв шилжих үндэс болж байна.
Голдуу барууны орнуудад боловсрол эзэмшсэн нэлээд хэдэн залуустай ойр дотно харьцаатай явдаг ба тэдэнтэйгээ ярилцаж, санал бодлоо солилцаж суухад их олон зүйл анзаарагддаг юм. Тэдний олонхи нь намаас хөндий, эсвэл АН-д элэгтэй ба харин МАХН-ын талаар бол янз бүрийн онигоо зохиохдоо гаргуун.
Ер нь цаг үе их өөр болжээ. 1990-ээд оны их харанхуйллын үе шувтарч, нийгэм эргэн сэхэж сэхээрч байна. 1990-ээд онуудад төрсөн хүүхдүүдийн түрүүч нь өнөөдөр насанд хүрч, оюун сэтгэлгээний хувьд 1980-аад оныхноосоо эрс ялгаатай цоо шинэ үе болон төлөвшиж байна. Дэлхий нийтийг нөмөрсөн даяарчлалд тулгуурласан шинэ оюунлаг түрлэг орж ирлээ. Залуус дотоод итгэл үнэмшилтэй болж, ёс зүйд тулгуурласан амьдралын зөв хэвшлийг эрхэмлэх болж байна. Гэтэл МАХН яг тэдний итгэл үнэмшлийнх нь эсрэг жудаггүй царайлчихаад цамнаад байвал онигоо л зохиохоос өөр яах юм. Ямар дуурайгаад цамнаад байлтай нь биш.
Ийнхүү оюунлаг чадавхиа алдахын хэрээр МАХН түүх, уламжлал, бодлого, зорилго, үйл ажиллагаагаа нийгэмд зөвөөр сурталчлах, хүргэх чадваргүй болж, сөрөг хүчнийхээ сөрөг сурталчилгаанд сөхрөн унах боллоо. Хэд гуравхан жишээ дурдахад л хангалттай. 7 сарын нэгний дараахан хэрвээ сонгууль дахин явуулсан бол МАХН үнэмлэхүй олонхи болох хэмжээнд байсан. Олон түмний 69 хувь нь энэ үймээний адал балмад байдалд дургүйцэж, эсэргүүцэж байлаа. Гэтэл өнөөдөр эсрэгээр эргэж, 7 сарын нэгний хамаг буруутан нь сонгууль луйвардсан МАХН гэсэн ойлголт нийгэмд түгээмэл болсон байна. Сөрөг хүчин сурталчилгаа зугуухан бөгөөд үр дүнтэй хэрэгжëээ.
Энэ оны сүүлчээр Ардчиллын 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Гэтэл нийгмийн үнэмлэхүй олонхи энэ ойг зөвхөн АН-ын ой мэт ойлгож байх юм. Уг нь эрүүл саруул ухаантай хэнд ч гэсэн энэ 20 жилийн түүхийг АН, МАХН адил тэнцүү бүтээлцэж, адилхан үүрэлцэж ирсэн гэдэг нь ойлгомжтой. Энэ 20 жилийн алдаа ч, оноо ч энэ хоёр намд аль алинд нь хамаатай. Ерөөсөө энэ ой нь ганц намынх ч биш, нийт ард түмний тэмдэглэлт ой биш билүү. Гэтэл нэг нь ардчиллын төлөө үхэн хатан зүтгээд, нөгөө нь ардчиллыг нураах гээд муйхарлаад байсан мэт ойлголтыг нийгэмд өгч төлөвшүүлж байна.
Дотоодод төдийгүй гадаад ертөнцөд ч санаачилгаа алдаж байна. www.mn.wikipedia.org лавлах сайт руу ороод харахад энэ асуудал маш тодорхой харагдана. Энэ сайтад МАХН-ын тухай зөвхөн ийм л мэдээлэл байна.
Монгол Ардын Нам болж байгуулагдсан нь
Монгол улсын хамгийн анхны, ууган нам юм. 1921 оны 3-р сарын 1-нээс 3-нд Дээд Шивээ хотод хуралдсан хуралдаанаар Монгол Ардын Нам нэртэйгээр анх үндэс сууриа тавьжээ.
Нийгэмд учруулсан гэмт хэргүүд
МАХН нь коммунизмын үзэл суртлыг Монголын нийгэмд хүчээр тулгахын тулд 1937-1939 оны хооронд бүрэн бус тоогоор 80,000 орчим (тухайн үед Монгол улсын нийт иргэдийн 10%) гэм зэмгүй сэхээтэн, цэргийн зүтгэлтэн, нийгмийн зүтгэлтэн Монгол улсын иргэдийг хэлмэгдүүлэн олонхийг нь цаазаар авч шоронд хийх, тамлах гэх мэт ноцтой гэмт үйлдлүүдийг хийсэн юм. Мөн 1921-1940 оны хооронд буддын шашны 30,000 - 50,000 ламыг мөн дээрх байдлаар баривчилж, хороож, хорьж байжээ. 1960-1970-аад онд Сэхээтний төөрөгдөл нэртэй ажиллагаа явуулж Монголын олон зуун сэхээтнийг нийгмийн чухал албан тушаалуудаас зайлуулж хөдөө нутагт хамгийн хүнд нөхцөлтэй цалин багатай ажилд цөлөн хэлмэгдүүлж байжээ.
Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон бусад намын зүтгэлтнүүдийн талаар хэт нэг талыг барьсан мэдээлэл тавигджээ. Энэ сайт бол мэдээлэл лавлагааны үндсэн сайт шүү дээ. Түүхэн үнэнийг ингэж гуйвуулж байхад нөгөө намын олон эрдэмтэн мэргэд нь хаагуур явна вэ.


Гурав. Орших уу, эс орших уу


Боломж бий гэж буй нь бас ч гэж их л аргаа барсан горьдлогын илэрхийлэл юм. Сүүлийн жилүүдийн туршлага эрхгүй ингэж үзэхэд хүргэж байгаа билээ. МАХН-ын шинэчлэлийн тухай яриа нь ярихаас нэг их хэтэрч байсангүй, намын эв нэгдэл, сонгууль ойртсон болон бусад шалтгаанаар шинэчлэлийн асуудлыг ямагт хойш нь тавьж ирсэн хийгээд одоо л энэ боломжийг ашиглан намын шинэчлэлийг шийдмэг хийхгүй аваас 2012 оны сонгууль ёстой л лөөлөө болно. Ерөөс сонгууль байтугай нам орших уу, эс орших уу гэдэг дээрээ тулж, МАХН-ыг устгах, газрын хөрснөөс арчих чин эрмэлзэлтэй хонзогносон хэт ардчилагч, хэт даврагч анархист нөхдүүдийн хүслийг биелүүлж намаа өөрсдөө дотроос нь нураан, түймэрдэх аюул ойрхон бий. Тийм л ужгирсан, ахрагшсан хорт хавдрын шинж тэмдэг илэрч байгааг анзаарахгүй байхын аргагүй байна. МАХН унах эсэх, орших эс орших нь ч яахав, энэ намд итгэж, зүтгэж ирсэн олон мянган эгэл жирийн гишүүдийн итгэл зүтгэл төдийгүй улс орны эрх ашиг хохирдог нь л хэцүү юм.

Sunday, July 5, 2009

Аав, охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл - 3

Б.Номинчимэд
- Чамайг дахиад ингэвэл цэцэрлэгт чинь явуулна шүү.
Охин маань дүүтэйгээ ингэж ярьж байх юм. Цэцэрлэгт чинь явуулна гэхээр хүү маань ёстой 75-аар бууж өгч байна аа. Бидний багад зүггүйтэхэд “Хадны мангаад өгнө” гээд нэг нам болгодог байж билээ. Хүүд маань цэцэрлэг гэдэг үг яг л хадны мангаа гэдэг шиг сонсогдож байгаа бололтой юм. Эгч нь ч таарах түлхүүрийг нь ёстой нэг олж дээ.


Umnuh bichleguud

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2477&Itemid=45

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2560&Itemid=47



***
Америкт байхад хүү маань цэцэрлэгт явах болохоор баяр ёслолд явж буй мэт бөөн хөөр болдог байсансан. Ангийнх нь багш Кэнди хэмээх том улаан хамартай 50 нэлээд гарсан настай бүдүүн эмэгтэйг “Май гөрлфрэнд” гэж хэлж бөөн инээдэм болно. Таван настай байсан хүү маань ээжээсээ өөр хамгийн дотно байдаг эмэгтэйг “гөрлфрэнд” гэдэг юм байна гэж ойлгосон шиг байгаа юм. Тэгээд л тэр дотно сэтгэлээ илэрхийлж буй нь энэ. Хааяа цэцэрлэг тарах цагаас нь өмнө оччихоод ангид нь сэмхэн орж, тэдний хэрхэн тоглож байгааг нь харжээ суухад зугаатай, нэг л дотно дулаан сэтгэгдэл төрдөг байж билээ. Кэнди багш цагаан, шар, хар нийлсэн 10 гаруй хүүхдүүдтэйгээ яг л үеийн юм шиг тоглоно. Хөтлөлцчихөөд л, дэвхэрч цовхроод л, эсвэл хүүхдүүд нь багшийнхаа тал талаас нь шавчихсан байх нь өхөөрдөм. Хүүгээ аваад гарах болохоор ёс юм шиг багшийгаа очиж тэвэрнэ.

Харин монголдоо ирээд хүү маань цэцэрлэгийн ахлах ангид хоёр сар гаруй л явсан юм. Өнгөрдөг намар цэцэрлэгт явуулна гэсэнд “Киндергарден уу?” гэж асуусан. Тийм гэсэнд маш их баярлаж, цэцэрлэг эхлэх хоногийг тоолон хүлээж, анхны өглөө нь зангиа, гонжоом болсон сүрхий амьтан цэцэрлэгийнхээ хаалгаар орж билээ. Цэцэрлэг нь ердөө манай гэрийн хаяанд. Орой нь “Гоё байсан уу” гэсэнд дурамжхандуу “Тийм” гэж хариулсан. Тэгээд л ажил төрөлдөө сатаараад хүүгээ цэцэрлэгтээ ямар хандлагатай байгааг анзаарсангүй. Харин нэг өглөө босохоос татгалзав. Яагаад дурамжхан байдгыг нь багшаас нь асуусанд “Зүгээр л байдаг” гэснээс өөр тоймтой юм хэлсэнгүй. Нэг өдөр юу болдогийг нь харахаар цэцэрлэг дээр эртээ очлоо. Багш нь сандалд суугаад ямар нэг юм хийж байх бололтой. Хүү маань хоёр бандийн хамт өрөөний захад байх сандал дээр шомбойтол сууж байна. Хэсэг байзнаснаа нэг нь хүүг маань түлхчих юм. Хүү маань сандлаасаа уначихаад багш руугаа нэг муухан горьдлого тээсэн нүдээр харснаа чимээгүйхэн буцаад суучих юм. Өнөөх банди жаахан байзнаснаа дахиад л түлхчихнэ. Багш ер анзаарсан ч шинжгүй сууна.

Бас нэг удаа цэцэрлэгт нь хүргэж өгөхөд үүдэн дээр зөрсөн хүүхэд хүү рүү маань харж хэлээ гозолзуулан шоолсноо ээждээ “Энэ хүүхэд ингэж тэнэг ярьдаг юм штээ” гээд амандаа утга учиргүй шулганалаа. Хүү маань монголоороо сайн ярьж сураагүй байсан юм.

Дараа нь нэг өглөө хүүгээ авдран дээрх бурханыхаа өмнө тогдойтол суугаад хоёр муу можгор гараа хавсран залбирчихсан, “Намайг цэцэрлэг рүү битгий явуулаач” гэж дахин дахин шивнэн гуйж байхыг хараад эрхгүй элэг эмтэрч, дахиж цэцэрлэгт нь явуулсангүй, гэр зуур байлгах болсон билээ.


***
Хүүд маань цэцэрлэг нь хадны мангасын хэмжээнд ойлгогдоход хүргэсэн шалтгаан хэд хэд бий. Гол нь америк болоод монголын цэцэрлэгүүдийн ялгаа. Энэ нь хоол унд, тоглоом, тансаг уудам байр сав болоод бусад хангамжинд биш аж. Мэдээж хэрэг хувийн цэцэрлэгүүд арай өөр л дөө. Гэхдээ энд хувийн, хувьсгалын цэцэрлэгийн тухайд биш, ерөөсөө монголын боловсролын шинж байдлын тухай асуудлыг хөндөж буй.

Мэдээ орохоосоо л америк цэцэрлэгийн найрсаг, дотно харьцаанд дассан, дээр нь төрөлхийн зөөлөн, эмзэг хүүд маань анги доторхи хүйтэн хөндий харьцаа, хүүхдүүдийн түрэмгий дээрэлхүү байдал их дарамттай байжээ. Монголоор муухан ярьдаг хүүгийн яриаг ойлгож харьцах эрмэлзэл багшид хомсхон байж. Багш нь бяцхан жаалуудад найз нөхөд нь, дотнын хүн нь, “гөрлфрэнд” нь биш харин харгалзагч, сахиул, зарим тохиолдолд айдас хуруулсан дарангуйлагч шиг байсан байна. Хашгирч зандачсан, шийтгэсэн хөндий хүйтэн харьцаанд дунд өөрийгөө хамгаалах инстиктийнхээ эрхээр балчир жаалууд илүү чанга архирч, түрүүлж самардаж чадсан нь тоглоомоо булаан авч болдгыг, сандлаа эзэрхийлж суудаг гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй төгөлдөр сурч, “ална шүү п... минь” гэж хэлд орохдоо л хэлдэг болж, бараг хатуухан хэлэхэд ширэнгийнх шиг харьцаанд дасаж сурах ажээ. Тийм хүүхдүүдтэй хамт байна гэдэг хүүд маань ер бусын аймшиг байсан байна. Тиймээс бурханд хандаж “Цэцэрлэгт дахин битгий явуулж өгөөч” гэж гуйхад хүрчээ.

Хүнээс юм булаах болон булаалгаж огт үзээгүй хүүгийн маань гараас тоглоомыг нь шууд булаахад эхэндээ ер юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй гайхдаг байжээ. Зодолдох гэдгийг зөвхөн ТВ-ээр л харж байсан хүүгийн үснээс татаад унагахад нь ч бас гайхна. Гэтэл манай цэцэрлэгүүд дээр иймэрхүү бага сага зөрчил зодоон бараг ёс юм шиг өдөр бүр гардаг гэнэ. Нөгөө “нанчилдаангүй найрыг ямар найр гэх вэ” гэдэг шиг л... Хамаатны маань дөрвөн настай банди бараг өдөр бүр хэн нэгэнд самардуулчихсан, эсвэл хэн нэгнийг самардчихсан ирдэг тухай аав нь ярьж байна.

Хүний зан төлөвшил гэдэг аж төрж буй орчиных нь л бүтээл шүү дээ.


***
Охин маань нэг өдөр нүд нь гялалзчихсан, хөөрчихсөн, нэлээд баатарлаг царайлчихсан сургуулиасаа ирлээ.
- За, юу болов, охин минь?
- Зодолдоод...
- Хүүе, миний охин хэнтэй зодолдов?
- Банди нартай.
- Яаж байгаа нь тэр вэ?
- Өөр ангийн нэг хүүхэд манай ангийн нэг хүүхдийг дандаа зоддог байхгүй юу.
- Аанхан...
- Тэр хүүхдээс манай ангийнхан бүгдээрээ айдаг юм.
- Багшдаа яагаад хэлдэггүй юм.
- Мэдэхгүй, манай ангийнхан багшид огт хэлдэггүй ш тээ.
- Тэгээд яав?
- Тэгсэн чинь өнөөдөр бас ирээд, зодохоор нь Хандаа, Ээнээ бид гурав нийлээд... тэгээд нөгөө бандийг зодоод явуулчихсан.
- Хүүе…? Яаж зодож чадав аа?
- Аймаар зодоогүй ээ, цүнхээрээ цохиод л хөөгөөд явуулчихсан. Тэр хүүхэд манай ангийн хүүхдийг газар унагаад, толгой дээр нь гутлаараа дэвслээд байгаа юм чинь. Хандаа эхлээд очоод “Болиоч” гэсэн чинь Хандааг түлхээд унагаачихсан. Тэгээд л… Өөр яах юм бэ, аав аа? Гээд арга барагдсан байдалтай над руу харав.

Нээрээ өөр яах ч байсан юм бол. Тавдугаар ангийн хүүхдүүд шүү дээ. Америкт дөрвөн жил сургуульд сурахдаа зодолдож бүү хэл хэрэлдэж ч үзээгүй охин маань монголдоо ирээд дөрвөн сарын дараа ингээд л өөрийн эрхгүй зодоонч охин болж хувирах нь энэ.

Харин маргааш нь машины маань шил будаа. Эцэс төгсгөлгүй мэт эргүүлэг ингэж л өрнөнө дөө.


...

Ингэхэд хөгжил дэвшлийг иргэнлэг, хүнлэг хүн л түүчээлэхээс биш эрдэм чадалтай атлаа догшин ширүүн, бусдыгаа үл тоодог, хүндэлдэггүй, амиа хичээсэн хүн огтоос хэрэггүй юм. Эцсийн эцэст боловсрол гэдгийг иргэнлэг гэдэг утгаас нь ангид ойлгох аргагүй. Угаасаа өнөөгийн дэлхий нийтийн сэтгэлгээний чиг хандлага тийм болж байна. Хүссэн хүсээгүй бидний ирээдүй иргэнлэг, хүнлэг ёс зүй, соёлын үнэлэмжинд мэхийн ёслох болно.

Америк, европын орнуудын цэцэрлэг болоод сургуулийн орчинд бие биенээ дээрэлхэх, доромжлох гадуурхах хандлага маш бага гардаг. Манайд бол шал эсрэг. Нэг танилын маань охин хөдөөнөөс шилжиж ирээд, хотын төвийн нэгэн сургуульд орсонд “Хөдөөний хөөсөн мантуу”, “Улаан хацарт” гэх мэтийн үгийг байнга сонсох болж, үргэлжлүүлэн сурах боломжгүй болоод буцсан байна. Иймэрхүү жишээнээс маш олныг, зам дээр, бүхий л үйлчилгээний газруудад, хаа л бол хаанаас жишээ татан дурдаж болно.

Дахиад ганцхан жишээ дурдая.
Нэгэн блог хөтлөгч залуу ингэж бичжээ. “Өнөөдөр машин барьж яваад яг ижил дөрвөн тохиолдолтой тааралдлаа. Машины зогсоол булаацалдаж байгаа байдал, гэрэл дохио дээр урдуур дайран гарч байгаа байдал, 3 машины зай дээр 1 машин хөндлөн тавьж байгаа байдал. Том жийптэй залуу эксэлтэй өвөөг миний зогсоол дээр зогслоо, дайрч орлоо гээд зодох шахаж байсан бол үнэхээр ухраад зогсох гэж байсан зогсоол руу хулгайч нохой шиг арын машин нь дайран орж байгаа байдал.... Дээрэмчингээс ердөө ялгаагүй санагдсан.” http://vganzorig.blogspot.com/

Дахиад маш энгийн нэгэн жишээ хэлье. Аль нэгэн дэлгүүрийн дараалалд зогсоход өмнөх хүнтэйгээ заавал наалдаж зогсохгүй бол хэн нэгэн зүгээр л урдуур дайрч орж ирээд зогсчихно. Тэгээд хэрэлдээд байна гээч. Яг усанд дайрч буй мал шиг. Гэтэл хөгжсөн орнуудад ийм зүйл байдаг билүү. АТМ машинаас мөнгө авахаар зогсож байхад арын чинь хүн мөрөн дээгүүр өнгийж хараад байвал танд ямар сэтгэгдэл төрөх вэ?

Энэ хэлээд байгаа юм чинь ер боловсролтой ямар хамаатай юм бэ гэж хэн нэгэн асуух байх. Хамаатайгаас ч илүү хамаатай. Энэ талаар өмнөх хоёр бичлэгтээ маш тодорхой өгүүлсэн.

Америкийн боловсролын системийг манайхаас ялгаатай болгоод байгаа нэг чухал үзүүлэлт нь ердөө л хүүхдийг багаас нь төлөвшүүлж, иргэншүүлж өгөөд байх шиг харагддаг юм. Тийм учраас бага сургуульд манайхтай харьцуулахад хичээлийн ачаалал харьцангуй хөнгөн, хүүхдийг залхааж, ядраахгүйгээс гадна хичээл, сургуульдаа чин сэтгэлээсээ дурлах, сонирхох сэтгэхүйг бий болгон өгч байдаг. Хамгийн гол нь хүүхэд бүр нийгмийнхээ нэг салшгүй эд эс мөн гэдгээ яс махандаа ортлоо мэдэрч хүмүүждэг, тиймээс хар арьстан, том хамартай, тэнэг, хялар, тагжгар, гозон ер хэн ч байсан түүний тусгаар байдлыг нь хүндэтгэх ухамсарыг төлөвшүүлж өгдөг. Ядахдаа л нэгнээ самардаж, үснээс нь үгтээж, харааж, элэглэж, элэгдэж, гадуурхаж болдоггүй юм гэдгийг мэдэж, мэдэрч өсдөг. Америкийн бага сургуулийн сургалтын агуулга нь тэр талруугаа.

Харин манайд бол эсрэгээрээ, бага насанд нь залхтал хичээлээр дарамтлана. Юун тэр хүмүүжил, сургалт, иргэншүүлэх вэ?!! Есөн настай хүүхдээр дээд тоо бодуулж буйгаараа бахархана. Гэтэл бүдүүлэг, хүнийг хүнийх нь хувьд хүндэлдэггүй, хүүхдийн эрхийг өчүүхэн ч ойлгодоггүй сургуулийн орчны бохир сэтгэлгээ, багш нарын эрх давуудаа, илүү мэдээлэл, мэдлэгтээ дулдуйдсан түрэмгий харьцаа нь хүүхдүүдэд өөрсдийгөө хүндэтгэх ямар ч ухамсар бий болгохгүй байна. Нэгэнт өөрийгөө хүндэтгэдэггүй хүн бусдыг хүндэтгэхгүй шүү дээ. Хараана, зүхнэ, нулимна, зодно.

Тэгээд монгол хүүхдүүдийнхээ хүмүүжилгүй, даруулгагүйг нь гайхацгаана. Монголчуудынхаа бүдүүлэг, соёлгүй, амиа хичээснийг нь шагширцгаана. Ямар үр суулгана тийм л ургац хураана шүү дээ.

Америкийн дунд сургуулиас эхлээд сургалтын ачаалал нэмэгдсээр ахлах анги, ялангуяа коллеж, их дээд сургуульд жинхэнэ хичээж, шамдаж сурах шаардлагатай болно. Анхнаасаа бага наснаасаа зөв төлөвшиж, сургуулийн танхимаас залхаагүй залууст энэ нь тийм ч гаж биш. Тэгээд ч бие даах, өөрийгөө зөвөөр илэрхийлэх чадвар, нийгэм дунд биеэ зөв авч явах арга дадлын хувьд манайхаас харьцангуй өндөр түвшинд бэлтгэгдэнэ. Мэдээж хэрэг ард түмэн учраас дотор нь сайн муу юм зөндөө бий. Мөн боловсролын энэ бодлогын сөрөг үйлчлэл ч бий.

Манайд бол хар багаасаа хичээлийн дарамтанд нухлуулсан хүүхдүүдийн олонхи нь хичээл ном гэхээс залхсан байдалтай болчихно. За тэгээд их дээд сургуульд бол сулдаа ганхаж яваад л төгсчихнө. Ялангуяа энэ оюутны тооны хойноос хөөцөлдсөн энэ олон их дээд сургуулиуд уу.

Одоо их, дээд сургуулийг бүр улаан онц төгсөөд ирж буй хүүхдүүдийг хараад үнэхээр халаглан харамсаар. Ядахдаа хүнтэй ч аятай мэндэлж, харьцаж, бодол санаагаа ойлгуулж ч сураагүй, шал нялхаараа ирнэ.

Өнгөрдөг өвөл манай ажил дээр нэг орон тоо гарч, найман залуу ирж ажилд орохоор шалгууллаа. Чадварын хувьд ойролцоо. Тэдэн дунд Германд дунд сургууль, Бельгид билүү дээ, европын аль нэг оронд коллеж төгссөн нэг охин байсан юм. Мэдээж хэрэг ажлын чадварын шалгалтын дараа чөлөөт ярилцлага хийхэд тэр охиноос бусад нь бүгд унаж байх юм.

Бид ганц америкийн гэлтгүй бусад орнуудын давуу, дэвшилттэй зүйлсийг нь аваад, ашиглаад хөгжиж яагаад болдоггүй билээ.


***

Бид боловсролын шинэчлэл гэхээр нэг л том асуудал бодон толгойгоо зовоогоод байх шиг санагдах юм. Охиныхоо дараах нэгэн ярианы дараа энэ боловсролын шинэчлэл гэдэг уг нь тун ч энгийн, бүр их энгийн зүйл юм байна гэж бодох болсон билээ.

Манай дээд давхарт залуухан эр, эм хоёр амьдарна. Юутай ч дээд боловсролтой хүмүүс. Харин долоо хоногт, их сайндаа хоёр долоо хоногт нэг удаа ёс юм шиг хэрүүл зодоон болно. Гэхдээ ихэнхдээ шөнийн 11 цагаас хойш биднийг яг орондоо орох цагаар тэдний зодоон эхэлнэ дээ. Заримдаа шөнийн 03 цаг хүртэл үргэлжилнэ. Сүүл үеийн барилгуудын чанар муугаас тэдний шуугиан, пижигнээн яг зулай дээр түнших мэт болж, юун унтаж амрах вэ. Эхлээд хаалгыг нь цохиж учир байдлаа хэлдэг байснаа дараа нь байрны захиргаанд гомдол мэдүүлж, бүр тэсэхээ байгаад цагдаа энэ тэр болж байж арай гэж нэг юм аярна.

Ээлжит нэг тийм шуугианы дараа өглөө дутуу нойртой мансуурсан амьтан хувцаслаж зогстол охин маань асууж байна.

- Ааваа, ааваа, энэ дээд давхрын ах, эгч хоёр сургуульд сураагүй юм уу?
- Суралгүй яахав дээ. Их, дээд сургууль ч төгссөн байх. Харин чи яагаад ингэж бодов.
- Яахав дээ, бид нарыг унтуулахгүй байхаар нь л тэгэж бодсон юм.

Нээрээ энэ чинь их, дээд сургууль хүртэл төгсчихөөд яагаад бусдын тусгаар оршихуй, үзэл санаа, амгалан тайван байдал, эрх эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх талаар 9 настай охиноос минь дор ойлголттой байна вэ? Үүнийг боловсрол гэх үү. Чухам манай боловсролын системийн мөн чанар, агуулга нь юунд байна вэ?

Эцсийн эцэст улам бүр иргэншиж, улам бүр даяаршиж буй нийгэмд мэдлэгтэй, чадвартай гэдэг үзүүлэлтээс илүүгээр “иргэнлэг, хүнлэг” гэсэн шалгуур үзүүлэлт нэн чухал хэрэгтэй. Монголын минь боловсролын тогтолцооны шинэчлэлийн гол цэг нь эндээс л эхлэх болов уу хэмээн бодном. Зөв эсэхийг уншигч та бээр шүүнэ биз ээ.

Үргэлжлэл бий.

Ерөнхий сайдаа, танд хов дуулгая

Б.Номинчимэд
Ерөнхий сайд аа, Их хурлын эрхэм гишүүд ээ. Эрхэм төрийн түшээд ээ. Та нарт хүргэх хов байна аа. Төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаа тухай юм.
Саяхан оросын Ерөнхий сайд В.Путин гэнэтхэн салбарын сайд, дарга нараа дагуулаад дэлгүүрт орж, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдхүүний бодит үнэ ямар байгаатай дарга нарын илтгэлээр биш биеэрээ танилцсан байна. Үнийн чөлөөт зохицуулалтанд Засгийн газраас оролцдог нь чухам хэр оновчтой эсэхийг мэдэхгүй юм. Гэвч, юутай ч оросын Ерөнхий сайдын гэнэтийн энэ алхам нь гайхамшигтай.
Үүнийг дурддагийн учир нь сайд нар болоод эрхэм гишүүдийг нэг удаа ч болов түмэн олныхоо үйлчлүүлдэг тэр газруудаар орж, юу болж буйг нь нүдээрээ үзэж, зовлонг нь биеэрээ туулаасай, тэгэж байж төр нь иргэндээ хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болж, төрийн энэ хүнд суртлын чих бага ч атугай зөөлрөх болов уу гэж санасных юм аа.
Та бүхэн жолооныхоо үнэмлэх, эсвэл машиныхаа гэрчилгээг солиулах гэж очиж дугаарлаж зогсохгүй л дээ. Гэхдээ та бүхнийг сонгосон сонгогчид чинь тэнд ажлаа алдаж, уураа барж, эрүүл мэндээрээ хохирч буйг ядахдаа хардаг, мэддэг, мэдэрдэг болоосой гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна шүү.

Тав хоногийн өмнө машиныхаа гэрчилгээнд нэмэлт тэмдэглэгээ хийлгэхээр Замын цагдаагийн газар очив. Урд орой нь ажил тараад очиж, үйлчилгээ нь өглөө 8,00 цагаас эхэлдгийг, бас машины гэрчилгээ солиулахад юу юу хэрэг болдог гэдгийг мэдээллийн самбар дээрээс нь бичиж аваад, маргааш өглөөний 8 цаг 05 минутад давхиад очлоо. Одоо Замын цагдаагийн газрын зүүн тийшээ харсан хаалганд шүү дээ. Үнэхээр үүдэн дээрх ажлын цагийн хувиарт 8,00 аас ажил эхэлнэ гээд цагаан дээр хараар тодоос тод бичсэн байгаа юм. Үүд хавиар 10-аад хүн эргэлдэнэ. Хаалга цоожтой. Хүмүүс нэмж ирсээр. 8,40-ийн үед хаалга нээгдлээ. Гэвч үйлчилгээ эхэлсэнгүй. Болоогүй байна гэчихээд, нэг хүүхэн нь ширээгээ ухаад суучих юм. Нэг нь ширээгээ, бас лангуугаа чийгтэй алчуураар арчиж, бас хоёр нь тэр цаана очоод их л аминчлан яриа дэлгэнэ.
Уг нь би ганц цагийн дотор гэрчилгээгээ солиулчихаад, ажил дээрээ 9 цагтай уралдаад л оччихно гэж тооцоолсон билээ. Гэрчилгээнд нэмэлт тэмдэглээ хийхэд амархан гэдгийг би гадарлаж байна. Машинаа банкны зээлээс чөлөөлж авч буй тул бүр ч амархан, банкны бичгийг үндэслээд гэрчилгээн дээр хоёрхон үгээр тэмдэглэгээ бичиж, цаанаа бүртгэж аваад л болчих ажил билээ.
9,00 цаг боллоо. Байдаггүй ээ. Иргэд аль цонх өөрийнх нь хэргийг бүтээж өгөх вэ гэдгийг хэлэлцэн, дугаарлан зогссоор. 9,16 минутад жижигхэн шагайвч нь арай гэж нээгдэв. Өглөө эрт очсоны хэрэг гарч, өмнөө 10-аад хүнтэй би 20 орчим минут дугаарласны эцэст дөрөвдүгээр цонхонд хүрч, бэлтгэсэн бичиг баримтаа сарвайлаа.
- Өргөдлөө аваад ир.
- Юун өргөдөл.
- ....
Ард байсан ах цагдаагийн хувцастай тэр бүсгүйн өмнөөс надад хариулж туслав. Тавдугаар цонхноос өргөдлийн маягт авч бөглөөд, иргэний үнэмлэх болон машиныхаа гэрчилгээг ар талд нь канондоод аваад ирэх юм байна. За ингээд 20 минутын дугаарлалд зогссон маань талаар өнгөрч, тавдугаар цонхноос нь өргөдлийн эхийг авлаа.

Мэдээллийн самбар луу дахин очиж, лавлан харвал албан байгууллага, банкнаас машин авч буй хүний хувьд тухайн шилжүүлж буй байгууллагын зөвшөөрсөн бичиг, гэрчилгээний хуулбар, хаяг, мөн миний өөрийн хаягын тодорхойлолт, гэрчилгээ, иргэний үнэмлэх. Би буруу хараагүй аж. Өргөдлийн маягтыг тавдугаар цонхноос 100 төгрөгөөр авч, тэгэж бэлдэх учиртай, энэ тэр гэж бичсэн юм огтоос алга.

Ойр хавьд канон байсангүй. Уг нь зүүн талд байх цайны газар дотор канон байдаг бололтой ч онгойсонгүй. Канон хүлээж буй хэдэн хүнээс хэзээ онгойдгыг асуувал уг нь ингэсгээд онойчихдог юмсан, гэхдээ заримдаа үд болж байхад ирдэг юм аа гэж байна.

Хэзээ ирэхийг нь мэдэхгүй сахиж зогсоод юу хийнэ, хойш давхиж, Багшийн дээдийн урд талаас канон олж канондуулаад 30 минутын дараа буцаад очлоо. Өглөөний 9,40 минутад байсан хүмүүсийн тоо лавтай хоёр дахин өсчээ. Энэ удаа хаширсан учир бэлтгэсэн бичиг баримтууд маань бүрэн эсэхийг сул байсан гуравдугаар цонхны цагдаа бүсгүйгээс тодруулан асуусанд бас дуугарсангүй, эрүүгээрээ дөрөвдүгээр цонх руу заачихав. Үүдэн дээр таарсан цагдаа хувцастай бас нэг бүсгүйгээс туслалцаа хүссэнд
- Бичиг үсэг мэддэг юм уу, үгүй юм уу. Тэр мэдээллийн самбар очоод уншаач ээ гэж байна.
- Тэр самбарын мэдээллийг чинь би өчигдөр орой нэг, өнөө өглөө бас нэг уншсан юм. Тэгээд заасных нь дагуу л бэлтгэсэн юмсан, уг нь гэвэл
- Тэгээд л болоо ш тээ, хаашаа юм.
За, за. Дугаарлан зогслоо. Хүмүүс нэмэгдэн ирсээр... Яг таг 35 минут 13 секунд зогссоны эцэст арай гэж өнөөх жижигхэн шагайвчиндаа хүрч, бичиг баримтуудаа сарвайлаа. Гэтэл
- Тэмдэгтийн хураамжаа төлөөгүй байна гээд буцаан шидчихэв.
- Түрүүн надад тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэдгийг хэлээд өгөхгүй яав даа. Хаана хэдэн төгрөг тушаадаг юм бэ гэсэнд
- Төлөөд ирээ, за, за наад цонхноос холдооч, алив дараачийнх нь.

Би гуравдахиа нөгөөх мэдээллийнх нь самбар луу очиж, эхнээс нь дуустал уншлаа. Тэмдэгтийн хураамж хэдэн төгрөгийг хаана ямар банкны хэдэн тоот дансанд тушаах тухай ямар ч мэдээлэл алга. Харин өнөөх шагайвчийнхаа хажууд бичгийн цаасан дээр тийм мэдээлэл байна. Гэхдээ ямар нөхцөлд аль хураамжийг нь тушаах тухай юу ч байхгүй.

Энэ удаад бас нэг ах тус болов. Улаанбаатар банк, эсвэл Зоос банкинд 250 төгрөг тушаагаад баримтыг нь хавсаргаад аваад ирдэг юм байна.

Яг арагшаа харсан хаалганд уг нь банк байдаг ажээ. Гэвч бас л цоожтой. Дахин гарч давхиад Эрүүл мэндийн яамны өмнөөс харсан Зоос банкинд очиж 250 төгрөгийг нь тушаагаад эргээд иртэл өмнө байсан оочер маань дахиад гурав дахин өсч, дугаарын сүүлч бараг хаалгаар гарч байна аа.

Өрөөнд битүү нигширсэн үнэр ханхалж, хаалгаар шагайхад л ууранд орж буй мэт нэлхийнэ. Хүмүүсийн ууртай, бухимдуу дуу хоолой дүнгэнэлдэнэ. За, өнөө өглөөний ажил ч будаа боллоо. Юутай ч нэгэнт зорьж ирсэнийх, дүйрсэн хэрэг дугаарын эцэст зогсов. Цаг 11 болж байдаг. Бүтэн нэг цаг шахцалдан зогссоны эцэст ердөө л хоёрхон метр урагш ахижээ. За зогсох ч яахав, халуун, бүгчим хоёр тэсэхүйеэ бэрх.
- Хөөе урдуур битгий дайраад байгаач, п... минь. Болиоч ээ,
- Би энд өглөө дугаар авчихсан юм, чи битгий солиороод бай,
- Яг өглөө ирж харагдаач, лалар минь... Чи сая л ирээ биз дээ.
- Юу гэнээ гөлөг минь..
Хоёр залуу заамдалцан нудралцсаар нэг нэгнээ чирэн гарав. Дугаарын дунд хавиас бас нэг ах хоёр хүнээр түшүүлээд арай гэж босго давлаа. Бараг л унаж байна аа. Даралт нь хэцүүдсэн байх. Миний даралт ч бас хөдөлчихөж.

- За дайрна шүү, нээг хоёрын гурваа.. Чүү.
- Хөөе наанаасаа битгий шахаад байгаачээ малнуудаа.
- Шахна шүү, дайраад, нээг хоёрын....

Нэг бодлын зугаатай ч юм шиг. Нааш цааш ганхаад л, зүүдлээд ч байна уу, мансуураад ч байна уу. Халуунд ухаан санаа орон гаран.
- За одоо цайны цаг боллоо гээд хаагаад явчихна аа.
- Энэ ёстой дүүрчихсэн газар юм аа.
- Дарга даамалд нь хэлэх юмсан.
- Яг сонсож харагдаач, бид ачааллаа дийлэхгүй байна л гэнэ.

12 цаг 20 минут болж байдаг. Өглөөнөөс хойш хоёронтоо хүрсэн өнөөх жижиг шагайвчинд хүртэл энэ янзаар бол дахиад гурван цаг зогсох шинжтэй. Гэтэл нэг дарга нь бололтой сүрхий чанга, түрэмгий дуутай нөхөр гарч ирээд,
- Баянзүрх дүүргийнхэн гадаа цонхон дээр очоорой, энд авахгүй шүү хэмээн хашгирлаа.

Өглөөнөөс хойш хамаг хүч чадлаа шавхан байж “байлдан дагуулсан” оочероо дурамжхан орхиод гадагш гарлаа. Ёох ёох. Гадаа халуун нартай байсан ч дотрыг бодвол диваажин л гэсэн үг.
Өнөөх гадаах цонхон дээр нь харин аз болж тавхан хүн зогсож байна.

Нэг иймэрхүү. Дотор зогсож байсан бол дахиад хэдэн ч цаг мансууран зогсох байсан бол, тэсэх байсан ч юм уу, бүү мэд. “Зургаан цагаас ирж юм аа аваарай” гэж байна. Орой зам дээрх ачааллаас шалтгаалаад гурван минут хоцорч 6,03 минутад очлоо. Өнөөх жаахан давчуу танхим битүү.
- Тараагаагүй байна уу.
- Тараагаагүй байна аа. Дарга нь гарын үсгээ зураагүй байгаа юм гэнэ.

Тэдэн дотроос нэг нь намайг таниж,
- За, чи минь сэтгүүлч хүн юм бол ийм байдаг гэдгийг цаад Баяр даргад нэг хов дуулгаач, Баяр л нэг юм хийх байх гэж найдаж байна. Бусад нь худлаа худлаа хэмээн үнэн сэтгэлээсээ хэлж байна.
Намайг одоохон давхиж очоод Баярт хов хүргэчихнэ гэж үнэхээр итгэж буй шинжтэй. Сэтгүүлч гэдгийг маань мэдмэгц тал талаас шаваад, хүн бүр өмнө хойно болсон олон адал явдлыг дэлгэлээ. “Би ямар ч байсан бичнэ ээ” гэж тэдэнд амласан юм. Ийнхүү дахиад 35 минут хүлээсний эцэст арай гэж даргын мутар тэнийлээ.
Замын цагдаагийн газарт иймэрхүү байдалтай нэг өдрийг өнгөрөөлөө. Ямар санагдаж байна даа. Та бүхэн ч мань мэт шигээ өөрсдөө очиж дугаарлана гэх биш дээ. Гэхдээ ядарсан ард түмнээ бас хааяа ч гэсэн бодож байхгүй бол хэцүү байна шүү. Тэдэнтэй чинь энэ төрийн үйлчилгээнийхэн яг л мал, нохой шиг хандах юм. Саналыг нь хошгоруулж байж авсан юм чинь санааг нь жаахан ч болов тайван байлгаж болно доо.

Хувийн хэвшлийнхнээс санаа авууштай, бас ичүүштэй. Хас банкныхан шиг дугаар олгодог нэг машин аваад үүдэндээ тавьчихаж ЯАГААД болдоггүй бэ? Энэ мянга мянган машинаас авч буй татвар ганц хоёр автомат машин авчих хэмжээний хөрөнгөнд ЯАГААД хүрдэггүй юм бол?
ЯАГААД канон, банк энэ тэрээ нэг дор төвлөрүүлж болдоггүй юм? 250 төгрөг тушаахын тулд хаа хол банк хайж гүйлгэхгүйгээр тэндээ хураагаад бүртгээд авчихаж ЯАГААД болдоггүй юм?
Ямар бичиг баримт бүрдүүлэх талаар ЯАГААД тов тодорхой хүнд ойлгомжтой бичээд самбартаа тавьчихаж болдоггүй юм? Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгодог газар үүдэн дээрээ ааштай ч гэсэн лавлагаа өгдөг хоёр хүн суулгачихсан байна билээ. ЯАГААД тэгэж болдоггүй юм бол...? ЯАГААД тэр уйтан давчуу өрөөг уужисгаад, хүн тохитой суугаад үйлчлүүлэх танхим, тасалгаатай болж болдоггүй юм? Гадаадын жолооны үнэмлэх олгодог газруудад нөхцөл байдал ямар байдгыг энэ гадагшаа байнга доншуучилж явдаг дарга нар ЯАГААД олж хардаггүй, яагаад санаа авдаггүй юм бэ? Их л олон ЯАГААД байна даа, Баяр сайд аа.


***

Нэгэнт замын цагдаагийн газрын тухай дуугарсаных бас нэг хов хүргэе. Яг жилийн өмнө би жолооныхоо үнэмлэхийг үрэгдүүлчихээд Замын цагдаагийн газар очсон билээ. Үнэмлэхээ сэргээлгэхэд Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг зайлшгүй хэрэгтэй гэнэ. Энэ үнэхээр зөв зүйтэй шаардлага. Хараа муутай, гэнэтхэн унадаг, эсвэл галзуурдаг хүнд жолооны эрх өгнө гэдэг хүүхдийн гарт сумтай буу бариулснаас аюултай.
Тэгээд бас л нэг онигор цонхонд дугаарлаж байж 100 төгрөгөөр эрүүл мэндийн хуудас авлаа. Түүнээ аваад харьяалагддаг дүүргийнхээ Эрүүл мэндийн газраар орж, хараа, сонсгол, мэдрэл, зүрх гэх мэтийн таван төрлийн эмчид үзүүлж, тэмдэглээ хийлгэн тамга даруулаад буцаж ирэх юм байна. Хуудсаа аваад эргэтэл тэнд зогссон нэг бүсгүй ингэж хэлж байна.
- Та наад бичгээ гуравхан минутад авчихаж болно шүү дээ. Хэрвээ та дүүргийнхээ эрүүл мэндийн газраар очвол дор хаяхад долоо хоног явж, бас зөндөөн мөнгө төлөх болно гэлээ.
- Яаж гуравхан минутад авдаг юм гэвэл
- Машины зогсоол дээр хүн зааж өгье гэж зөвлөв.
Тэнд нь нэг нүдний шилтэй ах хэдэн түрийвч, гэрчилгээний гялгар уут, түлхүүрийн оосор барьчихсан зарж зогсоно. Тэр хүн эрүүл мэндийн үзлэгийн өнөөх таван эмчийн гарын үсэг бүхий тамгатай хуудаснуудыг цүнхэндээ дамбайтал нь хийчихсэн байх юм. Нэг хуудас 3500 төгрөг юм байна. Миний цээж зургийг аван, нэг хуудсан дээр наагаад, зурагны доод булан дээгүүр улаан балаар цэвэрхэн шугамдаж, тамганы ор гаргаад өгчихөв.
- Энэ чинь тэгээд хүчинтэй юм уу?
- Хүчингүй бол юу гэж энд зогсохым.
- Энэ хуудас чинь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын тамгатай юм байна шүү дээ. Гэтэл би Баянзүрх дүүргийнх?
- Тэгээд яагаав?
- Өөр газраар үзлэг хийлгэсэн байна гээд үнэмшихгүй буцаачих юм биш үү?
- Тийм юм болохгүй ээ, найдвартай.
- За за...
Ингээд нээрээ л гуравхан минутын дотор эрүүл мэндийн үзлэгт бүрэн тэнцчихэв. Би ч гэж би, гэнэн амьтан тэр дариудаа нөгөө жолооны үнэмлэх нөхөж өгдөг цонхон дээрээ иртэл надаас ер юу ч асуусангүй, юу болдогыг мэдэж буй царайтай тэр дор нь авчихаж билээ.

Энэ талаар дэргэдээ байсан хүнтэйгээ санал солилцтол,
- Өө тийн тийн. Наадах чинь замын цагдаагийн газрын нэг даргынх нь бизнес байхгүй юу. Тэр эрүүл мэндийн хуудас зарж байгаа хүнд хэдэн хувь нь, цаад тамга дарж өгсөн эмч нарт бас хэдэн хувь нь, энд бичиг баримт хүлээж авдаг авгайд бас хэдэн хувь нь оногдоод үлдсэн ихэнх нь тэр даргын халаасанд ордог юм гэж байна.

Энэ үнэн бол ... надад үнэхээр хэлэх үг олдоогүй. Энэ чинь Замын цагдаагийн дарга нь, ажилтнуудтайгаа болоод эмч нартай сэм хуйвалдан санаатайгаар хүн амины хэрэг хийж буй хэрэг биш үү.

Өнгөрсөн 2008 оны эхний 9 сард улсын хэмжээнд 276 хүн авто тээврийн ослоос болж нас барсан тухай аймшигтай мэдээ сонсогдож байсан. Халх голын дайнд ч ийм хэмжээний хүн үхэж үрэгдэж байгаагүй юм шүү. Есхөн сарын дотор 276 хүүхэд өнчирч, 276 бэр бэлэвсэрч, 276 эхийн элэг эмтэрч... Мөн хичнээн хүн авто ослын улмаас тахир дутуу болж байгааг, хичнээн эд хөрөнгө хохирч байгааг, хичнээн цаг зав үр ашиггүй урсаж байгааг хэлэхэд хирдхиймээр тоо гарна даа.

Уг нь хууль хэрэгждэг оронд бол ийм юм хийж буй бүү хэл ийм үзэгдэл хариуцсан салбарт нь гарсан л бол тэр дарга нь дахиж хэзээ ч төрийн хариуцлагатай албанд ажиллах эрхгүйгээр хэдэн жилээр таслагддаг юм билээ. Таван жилийн өмнө санагдана, АНУ-ын Виржиниа мужийн нэгэн жижиг хотын DMV-ийн /манай замын цагдаагийн газар шиг жолооны үнэмлэх олгодог, хяналт тавьдаг газар/ газраас хууль бусаар хоёр жолооны үнэмлэх гаргаж өгсөн хэргээр дарга нь шүүхээр орж байсныг санаж байна.


***

За, би юутай ч иргэнийхээ болоод сэтгүүлчийнхээ үүргээс чадах ядахаараа биелүүлж байна. Харин та бүхэн сонгогчдынхоо өмнө амласан амлалтаа, төрийн төлөө өргөсөн тангаргаа... яая гэж байна даа.

Friday, July 3, 2009

Тархи угаалт буюу 7 сарын нэгэн

Нутагтаа ирснээс хойш өөрийн эрхгүй улс төржөөд болдоггүй дээ. Дуугүй хараад суухад ходоод өвдөөд байх юм. Тэсэлгүй л бичиж байна. Тэгэж байгаад удалгүй ДОГОЛОН ТӨМӨР ХААНЫ ХҮЧ ЧАДАЛ-ын тухай бичлэг оруулна аа.

Б.Номинчимэд
20 дугаар зуун бол агуу их тархи угаалтын зуун байжээ.
Ард түмэн бичиг үсэгт тайлагдахийн хирээр тархиа угаалгах эрсдэл нь бас төдийчинээн нэмэгдэж, мөн тэр хирээр тархи угаагчдад асар их боломжийг нээж байлаа. Чухам Платон эрдэм мэдлэгийг нийтэд түгээмэл болгоход болгоомжтой хандах хэрэгтэй тухай санаа цухуйлгасан нь бас ор ч үгүй байсан бололтой.

20 дугаар зууныг барламал номноос хэтрээгүй байсан Гутенбергийн үетэй харьцуулашгүй. Сонин хэвлэлийн их дэлбэрэлт бий болж, араас нь радио долгион, кино урлагийн үер бууж, төд удалгүй цэнхэр дэлгэцийн хур асгарч, за тэгээд мөнөөх зууны төгсгөл, энэ шинэ зууны босгон дээр интернетэд суурилсан мэдээлэл харилцааны цунами хүн төрөлхтнийг нөмрөн авч байна. Гурван зууны өмнө соёлт европынхны авч байсан бүтэн жилийн мэдээллийг өнөөдрийн “Нью Йорк таймс” сонины ганцхан долоо хоногийн дугаар бүрэн өгч байгаа тухай мэдээлэл саяхан нэг сонины буланд харагдана билээ. Энэ нь өнөө цагийн хүн мэдээллийн ямаршуухан хүчирхэг цунамид өртөж буйн илрэл.

Мэдээлэл түгээмэл болсон 20 дугаар зуун ард түмнүүдийн тархийг яаж, хэрхэн гайхамшигтай сайхан угааж, түүнээ ямар чадварлагаар зорилгодоо ашиглаж болдгыг яруу тодоор нотлон харуулжээ. Яг л компьютер форматалж байгаа юм шиг ард түмний оюун санааг юу ч үгүй угааж цэвэрлэчихээд, цоо шинэ программ суулгачихна.

Ард түмний ой санамж, дурсамжуудыг юуны өмнө арчих хэрэгтэй. Иймийн тулд өмнөх түүхийг нь үгүйсгэн, гутааж, хараан нулимж, түүхэн үйл явдлуудыг зөвхөн зорилгодоо нийцсэн талаас нь харуулж, бүх талаар, өргөн фронтоор ажиллана. Итгүүлж үнэмшүүлнэ. Кино, ший жүжиг зохионо. Гүн ухаан, урлаг гээд оюун санааны бүхий л талбарт нутлан үзүүлнэ. Өмнөх үеийнхнийхээ туулайн чинээ харыг уулын чинээ болгон дөвийлгөнө. Уулын чинээ цагааныг нь туулайн чинээ болгон дарна, мушгин гуйвуулна. Тэгээд айдсаар дарамтална. Бүр үнэмшиж өгөхгүй байгааг нь ард түмний дайсан, нийгмийн хоцрогдсон хэсэг гэх мэт пайз зүүлгэж байгаад газрын хөрснөөс шууд л арчиж орхино. Манай улсад л гэхэд 1937 онд жинхэнэ тархиа угаалгасан үеийнхэн коминтернийг хуруугаа ганцхан инчдэх төдийд л 37 мянгыг буудчихсан шүү дээ. Хожим манай төр нийгмийн нэртэй зүтгэлтэн болсон нэгэн тэр цагт 17 настай байж, “Аль, энэ муу эсэргүүг би буудна” гээд ялын тогтоол гүйцэтгэж байсан цэргүүдийн бууг нь булааж байсан гэдэг.

Энэ мэт, яг ариун жихадууд шиг үхлийг унтах чинээнд ч боддоггүй дайчдыг үзэл суртлаар зэвсэглэн шинээр төрүүлэх нь тархи угаагчдын эн тэргүүний стратеги зорилт болдог байна. Нэгэнт ийм дайчдыг бий болгосон юм чинь, тэдэндээ ямар нэгэн дайсан олж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Дон Кихотын үе аль хэдэн зууны өмнө өнгөрсөн. Газар дэлхийн аль нэгэн мухарт, тэнгэрийн хаяанд элгэндээ эрдэнэ дарсан луу байдаг тухай үлгэрт соёлжсон ертөнцийнхөн бүр ч итгэхгүй. Гэхдээ дайсныг ингэж дэмийрч хайх шаардлага угаасаа тархи угаагчдад байхгүй, дайсан нь бэлхэн, тэдний үзэл санааных нь замд тээглэсэн бүхэн дайсан нь болно. Тэр дайсан нь олонхи тохиолдолд ард түмнийх нь нэг хэсэг, өөрсдийнх нь эцэг эх, ахан дүүс, урд өмнөх үүх түүх байсан нь л хамгийн аймшигтай.

Октябрын хувьсгал агуу их тархи угаалтаар эхэлсэн. 1917 оноос өмнө Орос оронд ер олигтой юм юу ч байсангүй, хаан болон түүний гар хөл бологчдыг ард түмний дайсан гэдэгт ард түмнийг итгүүлэхэд ядаж цөхөх юм байсангүй. Лениний большевикуудад зорилгоо хэрэгжүүлэхэд нь оросын үгээгүй олон тариачид, ажилчин ангийн харанхуй мунхаг байдал нь тэдний үгээгүй ядуугаас нь илүүгээр хэрэг болж байлаа.

1920-1930 -аад онд болсон үйл явдал нь оросын сэтгэн боддог хэсгийнхний хувьд тэсч тэвчихүйеэ бэрх байсан бөгөөд олонхи сэхээтнүүд нь, оюунлаг хэсэг нь эх орноосоо дүрвэхэд хүрсэн билээ. Яг энэ цаг үеийн тархиа угаалгасан хөөрхий манкурт улаан хувьсгалчдын дүрийг М.Булгаков нүдэнд харагдтал дүрслэн бичиж үлдээсэндээ.

Бас нэг агуу тархи угаалтыг Гитлер богино хугацаанд гялалзтал хэрэгжүүлсэн юм. Гитлерийн уран яруу илтгэл, үзэл санааны гуйвашгүй чанд байдлыг үйл ажиллагааны овжин зальтай хослуулсан нь гайхамшигтай үр дүн өгч, Гёте, Шиллерийг, Бах, Бетховенийг төрүүлсэн асар авьяаслаг, чанд нямбай германы ард түмний тархи богино хугацаанд угаагдлаа. Тэгээд тархиндаа ариун үндэстний сэргэн мандалт гэсэн цоо шинэ программ суулгуулчихсан хөөрхий германууд өчүүхэн ч эргэлзэх юмгүйгээр Бухенвальд, Освенцимийг босгож чадсан билээ.

13-хан настай немц жаалууд “Хай Гитлер” гэж ганц хашгирчихаад л Берлиний хамгаалалтанд оросын галзуу давшилтийн өөдөөс босч байлаа шүү дээ.

Өмнөд хөрш маань энэ тархи угаалтаас яаж чиг хоцрох билээ. Мао дарга “Ард түмэн бол цагаан цаастай адил юм” гэсэн номлолоо үнэхээр төгс баталж чадсан хүн юм. Соёлын хувьсгалын үеэр болсон адал балмад явдлыг бүрэн бүтнээр нь дэлгэвэл соёлт хүн төрөлхтөн итгэхүйяа бэрхтэй.

Бас л бидний хажууханд Умард Солонгосын Ким гэж нэг сайхан форматлагч удмынхан байна. Энэ ард түмний тархиа угаалгасан байдал төрх нь өнөөдрийн ертөнцийн шившиг, онигоо болж байна. За бүр гажуудсан тархи угаалтын аймшигт нэг жишээ бол Улаан Кихмерүүд. Орчин үеийн тархи угаалтын өнгө, арга барил нэлээд өөрчлөгдсөний жишээ бол Дундад Азийн орнуудын өнгөт хувьсгалууд байна.

Энэ мэт тархи угаалтын гаргуун сайхан жишээнүүд олон байна даа.

Олон улсын хэмжээнд болсон хамгийн сүүлчийн тархи угаалтын нэг жишээ бол Иракийн дайны өмнөх Бушийн засгийн газрын тархи угаалт байв.

Яг тэр үед буюу 2003 оны 3 дугаар сард би Виржиниа мужийн Виржиниа бийчд ойрхон далайн эргийн жижигхэн хотхонд байв. Бушийн засгийн газар Саддам гэдэг нэг аймаар мангас байдаг гэдэгт ард түмнээ итгүүлэхээр үнэхээр ихийг хийсэн. Саддам ч олон бүтэхгүй зүйл хийсэн, угаасаа олигтой гар биш гэдэг нь үнэн, гэхдээ түүний бодит байдлыг 100 дахин өсгөн харуулж, үй олноор хөнөөх зэвсгээр юу юугүй дэлхийг хавтгайлах гээд байгаа гэдэгт дэлхий нийтийг итгүүлж дөнгөсөн бөгөөд найрсаг америкийн ард түмэн энд бас л тархиа угаалгуулж, харин богино хугацаанд эргэн сэхээрч чадсан. Харин Буш тэр үй олноор хөнөөх зэвсгээ олж чадсангүй, угаасаа ч байхгүйг нь мэдэж байсан. Үр дүн нь сая сая энгийн номхон иргэд дайны золиос болж, таван сая ирак иргэд эх орноосоо дайжихад хүрч, хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгө сум болон нисч, цус болон урслаа.

Тархиа угаалгасан хүмүүсийн хамгийн сонгомол хэв шинж нь хятадын улаан хамгаалагчид.

Тархи угаагчдынх нь зорилго, арга барил нь хаана ч тэр адилхан. Тэр нь эхлээд ой санамжийг нь устгах. Тэгээд л эхэлнэ дээ.

Монголчууд бид ч энэхүү тархи угаалтаас ангид байх хувь байсангүй ээ. Тархи угаалтын энэ 20 дугаар зуун эхлэхээс бүүр өмнө, гаднаас, өөр үндэстний зүгээс хэдэн зууны турш бидний тархийг угаах явц эрчимтэй үргэлжилжээ. Эхлээд хятадууд, дараа нь манж нар бидний тархийг угаах гэж тун ч их хүчин чармайлт гаргасныг түүхийн буурал хуудас гунигтайяа гэрчилнэ. Дундад зуунд монголчууд бараг толгой дараалан өрхийн ургийн бичиг, түүхтэй байж. Аргагүй шүү дээ. Чингис хааныхаа үед бараг эр бүр нь идэрхэг баатад, эм бүхэн нь эрхэмсэг хатад байсан түмэн чинь тэр баатарлаг түүхээрээ бахархан, ураг удамдаа өвлүүлдэг байж. Хятад, манж нар нугардаггүй монголчуудыг нуглахын тулд юуны өмнө тэр баатарлаг уламжлалынх нь санамжийг ард түмний тархи оюунаас арчиж хаях хэрэгтэй байв. Тэгээд монголчуудын өвөг дээдсийн тэрхүү ургийн бичгийг устгах кампаанчилсан өргөн хүрээтэй арга хэмжээг монгол орон даяар гурвантаа зохион байгуулж, бүх айл өрхөд байсан асар их хэмжээний судар ном, өвөг, ургийн бичгүүдийг устгаж, оронд нь бурхны шашны судар, Очирваань бурханы хөрөг тараажээ. Үр дүн нь дэлхийн бодлогыг гурван зууны турш тодорхойлж байсан хүчирхэг үндэстэн 20 дугаар зуунтай бөөс тэмбүүндээ баригдсан, нийгмийн бүхий л хөгжлөөс асар гээгдсэн, хөмөрсөн тогоон доторх мэт болчихсон мэндэлж зогсохов доо. “Нууц товчоо”-ны эх нь хятад үсгээр ганц хувь олдсон нь тэр тархи угаалт ямар үр дүнтэй хэрэгжсэний нотолгоо юм. Өөрөөр хэлбэл бараг монгол айл бүрд байсан монгол бичгээр бичигдсэн “Нууц товчоо”-д устгалд бүрэн өртөж, Кафаровын олсон тэр хувь нь азаар хятад үсгээр тэмдэглэсэн байсандаа л устгагчдын гярхай харцанд өртөөгүй хэрэг. Гэхдээ энэ бол гаднаас хүчээр тулгасан тархи угаалт байв. Хятад, манжууд гурван зууны турш тархи угаасан ч үндэсний маань сэргэн мандах ухамсарыг гүйцэд угааж чадсангүй. Манай үндэстэн 20 дугаар зууны эхээр дахин сэргэлээ. Гэхдээ мөн л гайхамшигтай тархи угаалтын хүчээр богино хугацаанд сэргэсэн юм. Коминтерний туршлагатай удирдлага, заавраар манай шинэхэн большевикууд манж хятад нарын гурван зуунд хийж чадаагүй тархи угаалтыг хэдхэн жилийн дотор гялалзтал хэрэгжүүллээ. Энд нөгөөх мэдээллийн хурд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Ард түмний тархинд социализм, коммунизм гэсэн цоо шинэ программ суулгахын тулд бас багагүй ажил хийжээ. Юуны өмнө Монгол түмний өмнөх бүхий л түүхийг үгүйсгэв. Чингис хаан бол харгис дарангуйлагч, Богд хаан бол шар хувалз байсан. Дундад зууны тэр агуу түүхээр бахархвал шууд улс төрийн хэрэгтэн. Найдваргүй этгээд, шивонист. Тархи угаагчдын хамгийн түрүүчийн бай нь ямар ч тохиолдолд өмнөх үүх түүх байж ирсэн нь бас их учиртай. 1921 оноос цоо шинэ эрин үе эхлэв. Тэр эрин үеэ мандуулахын тулд, өөрсдийнхөө үйл хэргийг улам бүр үнэ цэнэтэй болгохын тулд өмнөх бүх үйл явдлын сүр хүчийг, ач холбогдлыг улан доороо гишгэлж, харин алдаа, будлианыг нь бол бахтайяа ухаж төнхөн, тэндээсээ жинхэнэ айдсыг шинээр ар араас нь зохиож, босгож байлаа.

Чухам хуучин цагийн бошгийг халах үйлсийн гол дүрд нь тархиа угаалгасан юуны ч учрыг олоогүй манкуртууд тоглож, харин дараа нь тэднийгээ механизм нь дахин сэгсэрч, цэвэрлэв. 1937 оны хэлмэгдүүлэлт нь гадна дотнын олон бодит шалтгаантай ч гол гүйцэтгэгчид нь тэрхүү тархиа угаалгачихсан хөөрхийс байсан.

Хамгийн харамсалтай нь өнөөдөр монголд энэхүү тархи угаалтын үйд явц яг өмнөх түүхийнхээ жимээр үргэлжилж байна. Түүхийн тохуурхал уу, юу вэ.

1990 оны ардчилсан хувьсгал гармагц манайд хамгийн хүчтэй илэрсэн гажуудал нь өнгөрсөн 70 жилийнхээ түүхийг бүрэн үгүйсгэх, харлуулах явдал байв. Алдаа ч байсан, оноо ч байсан энэ 70 жилийн түүхийг нил хар өнгөөр будах нь чухам ардчилалд ямар ч хэрэгтэй юм бол? Энэ 70 жилд ер олигтой юм байгаагүй, хөгжил дэвшил болоо ч үгүй, МАХН гэж нэг махчин мангас, ард түмнээ хэдэн арван мянгаар нь буудаж, цөлж, мөлжиж байсан, өөр юмгүй, хоосон цөл л байсан, чухам ардчилал гарч ирж л тэр хоосон цөлийг баян бүрд болгон хувиргаж буй юм гэнэ. Энэ намыг тараа, сөнөө, устга, түүхийн тавцангаас арчиж хая.

Ийм үзэл суртлыг сүүлийн 20 жил тасралтгүй, шаргуу явууллаа. Социализмын 70 жилийн түүхийг аль гарамгай харааснаар, үгүйсгэснээр нь ардчилагчийн үнэ цэнийг тодорхойлж ч байх шиг. Түүхэн үнэнийг хичнээн үгүйсгээд яах юм. 70 жилийн өмнө хувьсгалчдын үгүйсгэж байсан үнэн харин өнөөдөр улам тод томруун болон тодорч байна. Түүн лүгээ адил энэ 70 жилийн түүх ч тодорхой хугацааны дараа, энэ тархи угаалтын уршиг замхарсны дараа үнэн мөнөөрөө тодрох биз.

Баабар бол яах аргагүй цаг үедээ шилэгдсэн агуу нийтлэлч, түүний нийтлэлчийн ер бусын чадвар нь тэр хэмжээгээрээ нийгмийн өргөн олныг дагуулах увидастай. Тэр хэмжээгээрээ Баабар маань энэ 70 жилийн түүхийг хараар будалцахад тун чиг сайн үүрэг гүйцэтгэж байх юм. Тэрээр “МАХН-ыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй” хэмээн бичиж байх юм.
Үр дүн нь МАХН гэхээр шүдээ хавираад дайрчихдаг, Монгол Улсын хартай, цагаантай бүхэл бүтэн 70-ны түүхийг түүхийн хуудаснаас авч хаяхыг ариун зорилго гэж итгэсэн, яг л тэр 1930-аад оны бошгыг халж, айлын бурхан шүтээнийг өшиглөж, нударгыг нь хүү татаж, хадгаар хөлөө ороогоод гүйж явсан люмпен фанатикууд шиг нөхдүүд өнөөдөр үй олноороо төржээ. Коммунизмын ариун дээд үзэл санаа гэдэгт итгэчихээд, түүнийхээ төлөө хүн алж, хүрээ талахыг юман чинээ тоодоггүй байсан улайрсан фанатикуудаас ч долоон дор шүү.

Энэ тархи угаалтын хамгийн тод илрэл нь 7 сарын нэгэн.

Шалтаг нь бол маш тодорхой байлаа.

Юуны өмнө сонгууль будлиантай болсон. Үүнд бухимдсан. Бүгдээрээ бухимдсан. Хоёр нам хоёулаа луйвар хийсэн. Гэхдээ намын бодлогоор гэхээс илүүгээр намын фанатик гишүүдийн, эсвэл асар их мөнгө зольж байж улс төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн улайрсан луйварчдын санаачилгаар голдуу луйвар хийгдсэн.

Гэвч энд үгүйсгэж боломгүй илэрхий нэгэн хүчин зүйлийг дурдах хэрэгтэй. 7 сарын нэгний үйл явдлын талаар иргэдийн дунд хийсэн санал асуулгаар иргэдийн зөвхөн 23 хувь нь сонгуулийн үр дүнд дургүйцэж буйгаа илэрхийлсэн байдаг юм. Энэ МАХН-ын судалгааны “Прогноз” төвийнх биш шүү. Энэ 23 хувь гэдэг юуг хэлээд байна вэ гэхээр сонгогчид сонгуулийн луйврыг ганцхан МАХН-д тохоогүйнх. Сонгууль луйвардах гэж байна, та нар харж байгаарай, одоо л луйвардах гэж байна, тэгэж, ингэж, тийм аргаар луйвардах гэж байна, за тэр, хараа биз дээ, луйвардчихлаа гэсэн сурталчилгаа сонгуулийн үеэр маш их явсан. Яг нөгөө хулгайч “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг шиг. Бас л нэг төрлийн тархи угаалт. Өнөөдөр тэр сонгууль будлиантуулсан нөхдүүдийг манай нам, танай нам гэж ялгалгүйгээр ил тод зарлаж, шүүхэд дуудаж, яллах хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгчид одоо тийм боломж бий болсон.

Удаад нь нийгэмд шударга ёсны үйлчлэл бараг мөхөл гэж болохоор доод түвшинд унасан. Үүнд ард түмний дургүйцэл тэсэхүйеэ бэрх байлаа.

Луйварчин, идээчин, уугаачин... Нээрээ л сүүлийн жилүүдэд төр гэдэг жинхэнэ ялзралын үүр уурхай болсон. Тэр ялзралыг Н.Энхбаяр тэргүүлсэн МАХН-ын удирдлага улам гааруулж өгсөн билээ. Гэхдээ төрийн албыг луйврын алба болгох эхлэлийг АН өөрөө 1996-2000 онд тавьж өгсөн юм шүү дээ. Тэр үед ямар олон гажуудал, луйвар гарсныг өнөөдөр архив ухахад гараад л ирнэ. Талийгаач О.Дашбалбар “МАХН-ынхан ичиж иддэг бол, АН-ынхан ичихгүй иддэг” хэмээн 1998 онд УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байсан нь яах ч аргагүй үнэн байлаа. Тиймдээ ч 2000 оны сонгуулиар навсайтлаа тавиулж, сөрөг хүчиндээ 72 суудал бэлэглэж байв. Одоо бол МАХН, АН ялгаагүй аль аль нь ичихгүй хусдаг болсон. Муу өвчний халдвар түргэн байдгын адил муу юмны халдвар нийгэмд тун түргэн тархах юм даа.

Энэ мэт нийгэмд бугшсан бухимдал их байсан нь чухам шалтаг болсноос биш уг үндэс, шалтгаан нь МАХН-ыг газрын хөрснөөс арчих тухай 20 жилийн турш тасралтгүй хийсэн тархи угаалтын үр дүн байлаа.

Өрсөлдөгчөө махчин болгон харуулж байж, улс төрийнхөө карьерийг өсгөж авах гэсэн оролдлого нь хамгийн ядарсан луйварчны арга тактик бөгөөд энэ луйварчны арга нь эцсийн дүндээ монголын ард түмнийг утга учиргүйгээр талцуулсан хагаралд татан оруулж байна. Мэдээж хэрэг өт хүртэл биед нь хүрэхээр атирдгийн адилаар АН-ын сөрөг хүчнээ нухчин дарах гэсэн энэ хандлага нь сөрөг рейкцийг ч бас бий болгон, МАХН-ын дотор төдийгүй нийгмийн маш тодорхой хэсэгт АН-ыг үзэн ядсан хэсэг бүлгийг, мөн тийм улайрсан сэтгэлгээг бий болгож байна. Чухам хамгийн ядарсан юмнууд л хүчтэй өрсөлдөгчтэй байхаас ямагт хулчийдаг.

1990-ээд онуудад зудны ямааны ишиг шиг ар араасаа дуу дуугаа аван мэндэлсэн олон намууд жам ёсоор шахагдах нь шахагдаж, унтрах нь унтарч эхэллээ. Ганц нэг компани, лидер дагасан намууд амьтай төдий байна. Өнөөдөр монголын улс төрийн тавцан дээр МАХН, АН гэсэн хоёр гол нам л үндсэн тоглолтыг хийх боллоо. Хүссэн хүсээгүй энэ хоёр нам Монгол орны, монгол үндэстний хувь заяаг хэсэг хугацаанд үүрч явах тодорхой байна. Гурав дахь хүчний орон зай илтэд үгүйлэгддэг ч ойрын хэдэн жилдээ энэ хоёр намтай өрсөлдөх хэмжээнд өсөж өндийхгүй л болов уу. Тэгэхээр энэ хоёр намын аль нэгийг нь устгах тараах тухай яриа байж таарахгүй. Гагцхүү намууд өөрсдөө цэвэршиж, зам зуурын ашиг хайсан нөхдөөсөө салахгүй бол хүссэн хүсээгүй сонгогч олон ард түмэн дэмжихгүй болж, яваандаа намууд өөрсдөө хар аяндаа дампуурна. Жаахан алсыг хардаг бол эдгээр намуудын удирдлага эрх биш энэ хүчин зүйлийг тооцож, нам доторх луйврын, цаг зуурын бүлгүүдээсээ ангижрах биз. Эс чадвал ёстой жам ёсоороо талийгаач болно гэсэн үг. Түүнээс биш өрсөлдөгч намынх нь санаачилгаар устгаад, сөнөөгөөд газрын хөрснөөс арчаад байдаг ч юм биш.

Үнэхээр МАХН-д луйвардсан юм их бий. Тэглээ гээд луйврын эздийг нь олж, хуулийн дагуу асуудлыг хөндөх ёстойгоос биш зүгээр л энэ намыг устгачихая гээд чулуу бариад дайрах нь ямар ч боломжгүй. Энэ намын цаана ард түмний нэгээхэн хэсэг нь бий. Зөвхөн сүүлчийн сонгуульд ард түмний 47 хувь нь энэ намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн гэдгийг мартаж болохгүй бөгөөд энэ намыг устгана хэмээн улайрч байгаа нь чухамдаа ард түмнийхээ энэ үлэмжхэн хэсгийг устгана гэж буйтай яг адилхан. 37 онд ч ийм хандлага гарч байгаагүй юм шүү. Тэр үед бол өөр намыг устгаад, буудаад, алаад, шатаагаад, гарын хөрснөөс арчаад хаячих боломжтой байсан, тэгэж ч байсан, одоо бол боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улс чинь одоо ардчилсан замаар замнаж яваа орон биш билүү, аль эсвэл би андуураад байна уу?

Залуус МАХН-ын байр луу чулуу шидэлж эхлээд байх үед С1 телевизээр АН-ын хуулийн зөвлөн н.Пүрэвбаатар “МАХН-ыг газрын хөрснөө арчих хэрэгтэй, гэхдээ хуулийн хүрээнд” хэмээн зөвлөж суув даа. Хуулийн хүрээнд газрын хөрснөөс арчина гэж юу байхав дээ. Дараа нь нийтлэлч Б.Цэнддоо МАХН-ын гишүүдийг хулчгар, арчаагүйгээр нь дуудаж, хэрвээ ардчиллын анхны партизанууд АН-ынх нь байрыг МАХН-ынхан шатааж буй бол ариун үзэл санааныхаа төлөө эцсээ хүртэл үзэж, байрныхаа довжоон дээр ясаа тавих байсан юм гэсэн утгатай нийтлэл бичиж байхав дээ. Энэ чинь шууд л нийгмийг зөрчилд дуудаж буй хэрэг. Одоо цаг чинь 1798 он биш. 1930 он ч биш. 1990 он бол бүр ч биш билээ.

Олон сайхан залуус энэхүү тархи угаалтанд өртөж, бодит байдлыг эрүүл ухаанаар эргэцүүлэн дүгнэх, харах чадваргүй манкуртууд болж буй нь үнэхээр хэдэн үедээ халаглан харамсмаар, зүрх шимширмээр явдал болж байна. Хамгийн халаглам зүйл нь нийгмийн доторхи эвлэршгүй зөрчил. Үр дүн нь таван сайхан залуу амь үрэгдэж, 5 гэр бүл өнчирөв. Хэдэн зуун залуус шоронгийн хаалга татаж, амьдралдаа хар толбо суулгалаа. Соёлын ихээхэн өв хөрөнгө үрэгдэв. Хамгийн их хохирол нь нийгэм дотор зөрчил туйлдаа хүрч буй явдал. Арай л иргэний дайн болсонгүй.

Хонзон авах мэт хандаж болохгүй, хонзон хонзонгоо төрүүлдэг, цусан өшөө цусан өшөөгөөр тайлагддаг.

Тэгээд ч өнөө цаг үе бол нийгмийн дэвшлийн, аугаа их зөвшилцлийн цаг үе ирж буйг бид олж харах, түүнд хөтлөгдөж амьдрах учиртай. Зөвшилцлийг хуйвалдааны хэмжээнд ойлгодог наймаачны сэтгэлгээтэй улс төрчид манайд олон бий. Гэвч тэдний цаг дуусч байгаа, үгүй ядахдаа л дуусах болно. Хүн төрөлхтний хөгжлийн ирээдүйн гол суурь нь, тулгуур багана нь тархи угаалт бус нийгмийн зөвшилцөл болж байна.

Уг нь 1990 онд Ж.Батмөнх тэргүүтэй МАХН-ын Улс төрийн товчоо сайн дураараа огцорч, нийгмийн зөвшилцлийн маш аятай таатай эхлэл, үнэлэмж, үлгэрлэлийг тавьсан юмсан. Даанчиг дараа үеийнхэн нь зөвшилцөж, чадсангүй, зөвшилцөх тухай санаа ч байсангүй, шууд л устгах, тараах, нураах, элгээр нь хэвтүүлэх тухай туйлширсан алхам, үгс эхэлсэн ба одоо бид энэ туйлшралынхаа горыг ханатлаа амсаж байна даа.

Нийгмийг талцуулан, дундаас нь ашиг цохих нь лав л монгол орон, монгол үндэстэнд нэмэртэй бус, бүр гайтай ч, лайтай ч. Монголын ноёдыг талцуулан тулалдуулж, дундаас нь ашиг унагаж ирсэн хятад, манжийн бодлого ч ийм хорон байгаагүй юм.

Монголын бага хаадын бие биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй, зөвшилцөлд хүрч чадахгүй арсалдан тэмцэлдсэний гор нь манж, хятадын дор хоёр зууны турш бөхийхөд хүргэснийг ч мартаж боломгүй.

Одоо тархи угаахаа ч, угаалгахаа ч больё, талцаж дайтахаа больё. Өмнөх 70 жилийнхээ түүхийг дан хараар нялахаа больёо. Уг нь түүхийг яллаж, шүүж болдоггүй, түүнээс зөвхөн сургамж авдаг гэдэггүй биш билүү. Үгүйсгэл үгүйсгэлийг төрүүлэхээс өөр юу ч төрүүлэхгүй.

Сая 7 сарын нэгнийг улс орон даяар эмгэнэн дурслаа. Ингэх нь зөв. Гэхдээ утга агуулга нь өнөөх л гажуудал. Дахиад л 7 сарын нэгнээр, амиа алдсан таван залуугаар улс төрийн хожоо хайсан нүүдэл хийж байгаа нь бид дэвшил өөд явж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзмээр болгож байна.

Үнэхээр ардчилал хөгжсөн юм бол, хөгжүүлэх гэж оролдож буй юм бол тэр ардчиллын цэвэр үзэл санаандаа үнэнч байж, ард түмнийхээ тодорхой хэсгийн үзэл бодлыг үнэлэн хүлээн зөвшөөрч хүндэтгэж сурах хэрэгтэй байна. Эс тэгвээс өөрсдөө өнөөх ад үзээд буй большевикуудаасаа, хятадын улаан хамгаалагчдаасаа ер дээрдэхгүй амьтад болж хувирна, ер нь тийм л харагдаад байна даа.

1990 оны хавар, хүйтэн хавсаргатай нэгэн шөнө хөдөө суманд хоёр гурван багш, сумын холбооны эрхлэгч, клубын эрхлэгч, нягтлан, зоотехникч гэх мэтчилэн арван хэдэн сэхээтэн залуус ардчиллыг дэмжиж буйгаа илэрхийлж, холбоо байгуулж, төв рүү бичиг илгээж байв. Тэдэн дотор өнөөх МАХН-ын залуу халаа болдог эвлэлийн дарга нь хүртэл байсан гээч. Өнөөдөр нөгөө сумын ардчилсан холбоог байгуулалцаж байсан 14-ийн хоёроос бусад нь МАХН-ын гишүүн болчихсон тууж явна. Хамтдаа итгэн үнэмшиж, мөрөөдөж, мөр зэрэгцэн зүтгэж явсан эдгээр нөхдөөсөө хааяа “Сумандаа бол ардчиллын анхны 13 нь болж байсан та нар маань яагаад шал эсрэг намд элсчихэв ээ” гэж асуудаг юм. Хариулт нь нэг бөгөөд манай ардчиллынхны эрүүл бус, туйлширсан хандлага нь тэднийг ийм сонголт хийхэд хүргэжээ. Тэглээ гээд тэд ардчиллаас ухраагүй, ардчиллын төлөө, түүнийг улам төгс төгөлдөр болгохын төлөө яваа.

Үүн лүгээ адил монголын ард түмэн ардчиллаас ухраагүй, ухрах ч үгүй, харин түүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийг л хүсч байна.


***
19 дүгээр зуунд Европт анхны машинууд нийтийн хэрэглээнд орж ирэхэд бөөн юм болж байжээ. Өмнө нь цагт үсрээд л 13-хан майл хурдалдаг байсан сүйх тэрэгний оронд бараг хоёр дахин хурдан буюу цагт 25 майл хурдалж чаддаг /Өнөөдөр захын Пад Пад трактор ч бараг ийм хурдаар явна даа/ автомашинууд нь нэг талаар ер бусын хурд, хүч, дэвшлийг илтгэх боловч нөгөө талаар осол аваар, айдас, болгоомжлолыг хэд дахин ихэсгэж өгчээ. Энд ч мөргөлдсөн, тэнд ч дайруулсан, тасчуулсан хүний гар, хөл, толгой. Аймшиг.. Энэ үед нэг хошин ч гэмээр явдал болсон нь францын алдарт романч, утга зохиолд натуралимзыг үндэслэгч Эмиль Золья тэр галзуу хурдтай /хөөрхий, ямар юмных нь галзуу хурд байхав. Өнөөгийн дундаж суудлын тэрэгний хурд цагт үүнээс багцаагаар 5 дахин буюу 120 майл - 192 км болсон/ машинд дайруулсан хүнд ямар мэдрэмж үүсдгийг өөрийн биеэр үзэхээр машины урдуур ухасхийж байсан байгаа юм. Азаар амьд үлдвэл уншигчдынхаа хамгийн их сонирхоод буй тэр гайхамшигт хурдны хөнөөлт мэдрэмжийг натураар нь бичиж үлдээх гэж тэр шүү дээ. Тийм л сонин содон байж.

Зарим энэрэнгүй үзэлтнүүд, улс төрийн намууд нь хүртэл авто машиныг хориглох тухай шуугилдаж, хууль хүртэл санаачилж байжээ. Нийгэм тийм хурдад дасаагүйн дээр мэдээж хэрэг өнөөгийнх шиг замын хөдөлгөөний дүрэм журам гэхээр олигтой юм байсангүй, дээр нь автозам ч гэж юу байсан нь ойлгомжтой. Гол шалтгаан нь тэр хурдыг хүлээн авах сэтгэлзүй нийгэмд бүрэлдээгүй байсных. Гэвч хүн төрөлхтөн хурднаас татгалзсангүй, аажим аажмаар хурдандаа дасч, улам бүр хурдлуулсаар байна. Өнөө цагийн хурдыг хоёр зууны өмнө гэнэтхэн аваад очвол лав нийгэм даяараа галзуурах биз. Цагийн юм цагтаа гэж. Одоо бол хүн төрөлхтөн хурднаас айхгүй болжээ.

Яг үүнтэй адилаар мэдээллийн хурд нь нийгэмд сөрөг үйлчлэлийг бий болгосны хамгийн том илрэл нь тархи угаалт. Мэдээлэл хэдий чинээ түгээмэл болоод хурдтай байна тархи угаалт төдийчинээ хурдан бөгөөд үр дүнтэй байна.

Тэглээ гээд хүн төрөлхтөн хурднаас татгалзаагүйн адилаар мэдээллээс татгалзсангүй. Хүн төрөлхтөн мэдээллийн энэ их давалгааны сөрөг хор хөнөөлд автахааргүй, оюунлаг болох цаг удахгүй ирэх буй за.

Wednesday, July 1, 2009

ХАМБА ГЭГЭЭНИЙ ХАЧИН СОНИН ЯВДЛУУДААС - 5

Хамба гэгээнтэн Ховдыг чөлөөлөх дайнд оролцсон нь

1911 онд Ховд хотыг Манж-Хятадаас чөлөөлөхөөр Хатанбаатар Магсаржав Засагт ханы хүрээгээр дайран өнгөрөхөд Гэгээнтэн “Энэ их үйл хэрэгт гар бие оролцох учиртай” хэмээгээд шавь нараасаа 49 хүн аван Хатанбаатарыг даган морджээ. Ховдыг чөлөөлсөн түүхийн бичиг зохиолууд, сүүл үеийн судалгаануудад Хамба Гэгээний нэр таардаггүй нь түүнийг энэ хэрэг явдалд огт оролцоогүй гэсэн үг хараахан биш байх. Жалханз Хутагт, Хатанбаатар, Манлайбаатар, Дамбийжаа, Хайсан гүн, Баяр гүн зэрэг монгол даяар нэр нь дуурссан олон нэр цуутай хүмүүс оролцсон энэ үйл явдалд Хамба гэгээнтэн төдий л голлох үүрэг рольтой оролцоогүйгээс нэр нь дурдагдаагүй болов уу. Гэвч нэг ийм яриа байдаг. Ховдыг чөлөөсний дараа энэ үйл явдалд оролцогсдыг Богд хаан шагнан, заримд нь нутаг газар олгож, заримд нь эд хөрөнгө, заримд нь хэргэм зэрэг хүртээжээ. Богд хаан Хамба гэгээнээс чухам юу хүсч байгааг нь асуулгасанд “Би угийн харц язгууртай эгэл лам билээ” гэсэн хариу өгчээ. Богд хаан “Аа, энэ хүн чинь хэргэм зэрэг хүсч байгаа юм байна” гээд тогосын отго, бэйс хэргэм хүртээсэн гэнэ. Хамба гэгээн 1912 онд Богд хаанаас тогосын отго, хэргэмээ хүлээн аваад Ховдын Орос Консулын газарт авхуулсан зураг нь өнөө энэ үйл явдлын гэрч болон үлдсэн билээ.
Хамба гэгээнийг Богдоос өндөр хэргэм хүртсэнд зарим хүн дуртай байсангүй. Баяр гүн найр наадам үүсгэн Гэгээнийг урив. Гэгээний сойвон нь муу юм болохыг мэдээд, Гэгээнийг нэг бол найранд очихгүй байх, эсвэл 49 цэргээ дагуулж явах хэрэгтэй гэсэнд Гэгээн харин ч бүр ор ганцаар очих нь зөв гэж зөрсөөр ганцаар очжээ. Гэрт ортол гэрээр дүүрэн цэрэг эрс суусан байж гэнэ. Дээшээ дээшээ гэсээр хоймор гаргаад цай цүү болж, сархад сөгнөв. Гэгээн хэт хутганыхаа зааны ясан хос савхыг сугалан аягатай сархдыг хутгасанд савхнууд цуу цуу үсрээд харлажээ. Гэгээн “Аа, тийм бий” гэж хэлчихээд, аягатай сархадыг тавьж босчээ. Гэрээр дүүрэн суусан эрчүүд түүнийг барьж авахаар дайрсан боловч хий самардсаар байгаад яаж ч чадсангүй гаргаж, араас нь гарч тойрч шаваад ч барьж авч чадсангүйд тал талаас нь буудаж гарчээ. Гэгээн ер юу ч болоогүй юм шиг алхсаар уяа руу очин мордоод шогчихсонд Баяр гүнийхэн морины уяан дээр мэл гайхан үлджээ. Гэгээн эргэж ирэхэд дээл нь сархинаг болчихсон, бүсээ тайлсанд өврөөс нь сум шархийн асгарч байсан гэдэг. Сойвонгийнхоо зөвлөснөөр найранд очоогүй бол хүнийг хий хардсан болох, хэрвээ 49 цэргээ дагуулж очсон бол зэвсэгт мөргөлдөөн болж, монгол ахан дүүсийн цус урсах байжээ. Ер Гэгээнийг дагаж Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцохоор явсан 49 хүнээс нэг нь ч шалбараагүй эргэж ирсэн байна.

Хамба гэгээн ба Дамбийжаа

Жаа лам баруун хязгаарт ид хүчээ авч байх үедээ манай нутгаар иржээ. Баруун хязгаарын бараг бүх хошуу ноёд түүнд албат иргэд, адуу мал, алт мөнгөөр өргөл өргөж байсан цаг. Зарим нь хошуу нутгаасаа ч таслан өгч байв. Жаа ламын хэрцгий догшин, түрэмгий эрээгүй занг сонсож мэдсэн хүрээнийхэн ирж яваа сургаар нь сандран, Гэгээнээсээ “Одоо яах вэ” гэж асуусанд “Үйлийн үр нь боловсорч ханасан хүн юм. За яах вэ, аахар шаахар юмаар хуураад явуулчихаас” гэжээ. Гэгээн Жаа ламыг хүлээн авч, хэсэгхэн зуур ярилцаад ёстой яль шалигүй бэлэг өгөөд явуулчихаж. Жаа лам ч илүү дутуу юм нэхсэнгүй, Сүмийн дөрөлж өнгөртөл номхон тэмээ шиг л явж дээ. Нурамтийн хавцал руу орохдоо л гэнэтхэн уурсан галзуурч эхэлсэн гэдэг. Жаа ламыг нэг хошуунаас нөгөө хошуу хүрэхэд нь тухайн хошууны хамгийн хүч, чадалтай хүмүүс нарнаас халхлах цацрыг нь барьж хүргэж өгдөг байжээ. Манай хошуунаас явахад нь Халзан Хамар, Бөх Ваанжил гэдэг хоёр хүн тэрх цацрыг нь барьж, Толь гүний хошуунд хүргэжээ. Тэр цацар гэдэг нь бүдүүн модон иштэй, олон давхар өнгө өнгийн даавуугаар сагалдарлуулан унжуулсан багагүй жинтэй эд байдгаас хол газар морин дээр барьж явахад их хүнд, өнөөх Халзан Хамар, Бөх Ваанжил хоёр нэгхэн удаа гар сэлгэхдээ цацрыг нь ялимгүй гудайлгаж орхисонд Жаа ламтан хилэгнэн ташуурдаж байсан гэдэг.
Жаа лам ойр тойрны хошууныхнаас олон хүнийг шавиа болгон, алс холын Маажансан уулруу дагуулан явахдаа Хамба гэгээний шавь нарт л халдаж чадаагүй ажээ.

Хамба гэгээний шарилын давс

Гэгээнийг жанч халсны дараа шарилыг нь өмнөх дүрүүдийн нэгэн адил занданшуулжээ. Чухам ямар арга технолгиор занданшуулдаг байсан юм бол доо, юутай ч өмнөх гурван дүрийн шарил хийдийн нэгэн дуганы буланд байсан хийгээд, тэдгээр шарилууд модон хайрцган дотор ер үхсэн шинжгүй, залбиран суугаа мэт байдалтай харагддаг байсан гэдэг. Тэрх модон хайрцаг том том ширхэгтэй улаан давстай байж. Намайг багад бие өвдөж, хүндрэхэд аав эрхий хурууны хумсны толионоос томхон хэмжээтэй тэгш өнцөгтэй, улаан өнгөтэй давс гарган долоолгов. Их өмхий үнэртэй байсанд учрыг лавлавал Гэгээний шарилын давс гэж билээ. Ийм юм сонссон би дахиж тэр давсыг долоогоогүй. Тэр давсыг ойр зуурын өвчнийг гаргадаггүй эдгээчихдэг гэдгийг хууччуул ам нийлэн баталдаг юм. Олон ч хүн тэр улаан давснуудын хүчинд өвчнөөс ангижирч байсан хэмээн ам шүд алдаж байхыг сонсож байлаа.
Юутай ч Хамбын гэгээний дөрвөн дүрийн занданшуулсан шарил байсан хийгээд түрүүчийнх нь бараг 150 орчим жил чанар нь өөрчлөгдөөгүй хадгалагдаж байсан гэхээр өдгөө нууц нь алдагдсан ямар нэгэн арга технологи байсан хэрэг. Харин хийдийг тарсны дараа тэр дөрвөн шарил гэнэтхэн алга болчихжээ

Үргэлжлэл бий