Б.Номинчимэд
Даншигийн босоо заан Цэмбэл
Одоо энэ нутгийн хүчтэнүүдийн тухай өгүүлье. Төр гэрэлтийн 14 дүгээр он буюу 1840 онд болсон Даншиг наадамд Засагт ханы Цэмбэл гэгч хүн даншгийн заан цолтойгоор барилдан тухайн үедээ босоо байсан алдарт Баянмөнх аваргыг орхин түрүүлжээ. Гэвч энэ үед Түшээтханыхан мань эрийг хулгайн хэрэгтэн болохыг таньж, Богдод мэдүүлжээ. Үүнийг мэдсэн Цэмбэл түрүү бөхийнхөө бай шагнал, цолыг ч авалгүй оргочихож, түүнээс хойш дахин барилдсангүй. Цэмбэл даншигт заан цолтой барилдаж байсан гэхээр өмнө нь юутай ч даншиг наадамд дээгүүр барилдан үзүүр, түрүү эсвэл их шөвөгт үлдэж байсан нь тодорхой юм. Хэрвээ тэр удаад тийм хэрэг явдал гараагүйсэн бол Цэмбэл арслан цолтой болох байсан хийгээд, цаашид дахин барилдах боломж гарсан бол аварга ч болох байсныг үгүйсгэх аргагүй юм.
Цэмбэл оргож явсаар нутагтаа ирж, хад асга нь битүүжиж, бут бургас нь ширэлдсэн бэрх хэцүү нэгэн газар толгой шурган нуугдаж, аж төрөх болжээ. Энэ газрыг өнөө хүртэл Цэмбэлийн битүү хэмээсээр, дариу хоёрдахь зуунаа элээж байна. Бэлчирийн баруун салаа өгсөж, эхэн дээр нь гармагц баруун гар тийш эргэвэл Согоотын хөндийн рүү харсан нэгэн цалгар уудам салааны эх рүү өнгийнө. Эхэндээ хойлогийн хонолго, янгирын хэвтэштэй энэ салааг жаахан уруудахад хад асга арсайлдан, мод бут нь ширэлдэн боосоор барагтай хүн явахыг эцэсгүй битүүжинэ. Доош уруудвал Хэцүү улаанаас дээхнүүр Согоотын хөндийтэй нийлэх билээ. Чухам энэ бартаанд Цэмбэл заан олон жил аж төрж суужээ. Нутгийнхан нь түүнийг энд нуугдаж буйг мэддэг ч цааш нь дэлгэдэггүй, хоол хүнс, хувцас хунараар хангадаг, Цэмбэл заан ч нутаг нугийнхнаасаа хулгай хийдэггүй, гарахаараа баруун уул, урагшаа Бигэрийн хоолой, зүүншээ Нарванчингийн хийд хүртэл явдаг байжээ. Ямагт явган алхдаг байсан гэхээр нэг бол ядуугийнх, эсвэл шүдлэн үхрийг ишиг шиг тэврээд алхчихдаг түүнийг даах морь ховорынх.
Цэмбэл зааны эгнэшгүй их бяр тэнхээг нотолсон нэгэн ийм яриа өнөөг хүртэл ам дамжин уламжилжээ. Бурхан Буудай уулын зүүн бэлд байх Намалзахын ширэгний хөлд хоносон үхэрнээс нэг шүдлэн алга болчихож. Намар орой болж, цагаан хяруу бууж байсан цаг юмсанж. Үхрийн эзэн хоёр эр мөр үзвэл сүрэг дотор нь нэг явган хүн явж байгаад суугаад боссон л мөр байдаг, өөр үхэр ганц нэгээрээ явсан, туусан ямар ч мөр байдаггүй гэнэ. Гайхсан хоёр эр өнөөх явган хүний мөрийг мөшгөсөнд шулуухан зүүн хойш алхчихсан байв. Явсаар Хуримтын арын мөргөцөг дээр нэг суугаад боссон бололтой, харин тэнд үхрийн хялгас унаж хоцорсон шинжтэй байна гэнэ. Ихэд гайхсан хоёр үргэлжлүүлэн мөрдсөөр Согоотын хөндий өгсөж, Цэмбэлийн битүүд хүрээд ирж дээ. Намалзахын ширэгнээс Цэмбэлийн битүү ортол лавтай 40 орчим км газар бий. Хоёр эр Цэмбэлийн битүүд орж ирэхэд хаданд хэц татаад шинэхэн мах борцолсонтой таарч, хоорондоо “За, энэ ер нь ямар амьтан бэ, хүн бол нэгэнт ирсэнийх үзье, харьяа” гэлцээд утаа гарч буй хадны мухарт хүрвэл тогоо дүүрэн мах чаначихсан, “За хүүхдүүд сайн явж байна уу, шинэ мах зоогло” хэмээн шүдлэнгийнх нь махаар өөрсдийг нь дайлжээ. Хоёр эр Цэмбэл зааныг хүч чадлыг бишэрч, залбирч мөргөн “Та дахин манай сүргээс битгий авч байгаарай” гэж гуйгаад буцсан байна. Өөр яах ч билээ. Хүмүүн бусын их хүч тэнхээт энэ эрийг ямар барина гэлтэй нь биш, Тамга хошуунд мэдэгдээд ч яанам билээ.
Цэмбэл зааныг бие барахад нь хавирга нь завсаргүй байсан ба цээжинд нь чоно төрж байжээ. Түшээт ханыхан шарилыг нь хулгайлчихсан юм, түүнээс хойш Ар, Өвөрхангайгаас бөх их төрөх болсон гэж ярилцдаг. Бас зарим ярианд Цэмбэл заан өөрөө тэнэж яваад Их Тамирын голд нас барсан ч гэдэг. Бас нэг хувилбарт Цэмбэл зааныг Ехрэн гэгч шулам хатан аргаар дарьсан, тэр Цэмбэлийн хүч чадлийг үзье хэмээн урьж ирүүлээд ооны шилээр хийсэн хуйв өгч хоёр эрхий хуруундаа ороогоод тас татна уу гэсэнд амархан тас татаж, дараа нь хялгасан шидмэс өгч, эцэст нь нууцаар бэлдсэн тасын шөрмөс гарган Та одоо энийг нэг үзнэ үү гэсэнд Цэмбэл заан хар сэр авсангүй тасын шөрмөсийг хоёр эрхий хуруундаа ороогоод татсанд тасарсангүй, маханд нь шигдэж, ясанд нь тулаад зогсчээ. Ийнхүү арга зальт хатан Цэмбэлийг өөрөөр нь хүлүүлээд, гадна бэлэн байсан арван тавны цагдаа нарыг дуудан бариулжээ. Тэгээд олон олон ял тулгаж, дөрвөн эмнэг азарганы сүүлнээс тэлүүрдэн алахаар шийдэв гэнэ. Харин Цэмбэл заан биеэ хөвчлөөд дөрвөн мөчөө чангалан татсанд өнөөх дөрвөн эмнэг азарга шээс алдан зогсож байсан гэдэг. Ехрэн хатан урт цагаан соруултай гаансанд тамхи татдаг, тэгээд тамхиа барьсаар Цэмбэл дээр ирэн, ядраа биз, ганц сорохгүй юу гэсэнд Цэмбэл тамхи сорохоор амаа ангайхад хатан амруу нь гаансаараа гударч хахуулсанд Цэмбэл заан чангалж байсан гар хөлөө тавих агшинд дөрвөн азарга биеийг нь дөрөв тасчин авч оджээ. Цээжин биеийг нь чирсэн азарга явсаар Шаргын голын гатлага орчимд ирэхэд цээж нь салж хоцорсон байна. Хожим завсаргүй хавиргатай тэр цээжинд чоно төрдөг байсан хийгээд Шаргаас бөх төрдөг болсоны учир нь энэ ч гэж ярина.
Ах дүү хоёр хүчтэн
Сүмийн Хавцгайн тэхий дунд босоо хүнтэй чацуу шахам хоёр чулуун дээр дамнуулан тавьсан том хавтгай хүрэн чулуу бий. Уртаасаа 2 метр гаран, дэлэм орчим өргөн, 50 см гаруй зузаантай тэр чулууг Хануй, Цогтжаргал гэх ах дүү хоёр бяр чадлаа тэнсэн өргөж тавьсан гэх. Багцаагаар 350 орчим кг болов уу даа. Түүнээс их ч байж магад. Дүү Цогтжаргал нь Долоон хошуу даншигийн начин цолтой бөх явжээ. Монгол бөхийн цадигт 1880-аад оны үед барилдаж байсан Засагт ханы Цогтжаргал начин хэмээн гардаг нь лавтай мөн болов уу.
Ах, дүү хоёр даага унаад хонинд явдаг хүүхэд байхдаа мөн чадал тэнхээгээ үзэж, Ханхарын даваагаар даагаа хантайргадан тэврээд давж үзжээ. Дүү нь амралгүй гарсан бол ах нь давааны дунд өвдөг дээр нэг амарч.
Ах, дүү хоёр Монгол Их элсний ар луу аянд явж байгаад нэг их том худаг дээр нэгэн бүсгүй ховоогоо хурааж байхад нь таарч “Ховоогоо өгөөч, морьдоо услая” гэжээ. Бүтэн шарын арьсыг тулмалж хийсэн ховоо байж. Ховоо ч гэж ховоо, худаг ч гэж агуй шиг л байсан юмсанж уу. Хүүхэн тэр хоёрыг шоолонгүй хараад ховоогоо өгсөнд ах нь ховоогоор ус дүүргэж татаад татаад чадсангүй, дүүтэйгээ хамжин байж арайхийн гаргажээ. Хүүхэн тэр хоёрыг ихэд тоон, “Өдий хүртэл миний ховоогоор ус татдаг хүнтэй таарсангүй. Хэт нутаг хаана вэ, хэрэг зориг юунд вэ” гэлцэн танилцсанд өнөөх бүсгүй бага насанд нь богтлогдон алсад бэр болон очсон төрсөн эгч нь байж, ийнхүү ах дүүс уулзан учирчээ. Тэр цагаас хойш ах, дүү хоёр өөрсдийгөө хүч тэнхээтэй хэмээн бодохыг больсон гэдэг.
Гангижавын ягаан
Хамбын хүрээний унзад лам Гангижав гэж байжээ. Түүнийг ном уншиж байхад царан дээр тавьсан будаа шигшигдсээр асгарч байдаг, тийм л аргил даргил дуу хоолойтой хүн аж. Гангижавыг нутгийнхан Бовоо гэнэ. Хүрээ тартал байсан гэхээр саяханы хүн болно. Гангижав Бовоо сайхан дуу хоолойтой байгаад зогсохгүй эгнэшгүй хүч тэнхээтэй хүн байсан гэдэг. 1960-аад он гартал хийдийн туурийн зүүн урд хэсэгт 10-аад мерт орчим голчтой тойрог замын голд хонин чинээ том хар чулуу байсан нь Гангижав Бовоогийн хашааны ором бөгөөд Бовоо өглөөд босч тэрхүү чулууг хоёр гараараа дунгуйлдан тойргоор гурвантаа тойруулж хуян шар усаа тараадаг байжээ. Хүнд чулуунд тээрэмдүүлсэн тэрхүү тойрог зам дагтаршсаар яг л цардмал зам шиг болчихсон байсан гэдэг. 40 орчим жилийн дараа ч өвс ногоо ургалгүй, ор мөр нь тод зурайн харагдсаар...
Гангижавын хүч чадлыг илтгэсэн ийм нэгэн явдал болтол түүнийг гүрэнч лам гэдгээс цааш харж байсангүй.
Хамбын хүрээнийхэн Намалзахын голд жил бүр хөх тариа тарьж, бэлтгэн өвлийн хүнсэндээ нөөцөлнө. Нэг хавар Гангижав Бовоо нарын 9 хүн тариагаа услахаар очжээ. Намалзахын голд газар бүрээс цугласан тариаланчид байснаас Намалзах, Цачрангийнхан олонхи болно. Ус бага жил усаа булаалдан маргалдах явдал байнга гарна. Ингээд усаа булаалдсан Хамбын хүрээнийхэн, Намалзахынхны хоорондох маргаан адаг сүүлдээ зодоон, цохион дээрээ тулжээ. Тэр цагийн зодоон ч гэж юу шалихав, гараа зангидаад цохиод авахыг мэддэггүй байсан гэж хөгшчүүл ярихыг бодоход, алгадаж, нударгаараа шавхуурдаж, их сайндаа л барьж хүлдэг байж. Намалзахынхныг зарим нь 27 хүн байсан, заримдаа 60 гаруй ч байсан гэх. Юутай ч Хамбын хүрээнийхнээс тоогоор олон байсан байна. Зодооны төгсгөл мэдээж хэрэг, Намалзахынхан Хамбын хүрээний хэдийг шудууны зах дээр нэг нэгээр нь хүлээд тавилж гарчээ. Ганц Гангижав л тэр зодоон, маргаанд оролцсонгүй, тээр хол тариг шуудууны зах дээр хамрын тамхиа салхинд үлээчихсэн суугаад байх. Нутгийн хэд нь арга барагдахдаа “Хөөе, Гангижав аа, чи босоочээ, хамжаач ээ” гэж хашгирсан ч сонсоогүй мэт сууна. Намалзахын залуучууд нөгөө хэдийг нь бондойтол боож тавьчихаад сүүлчийн хүн болох Гангижав руу хошуураад очиж, Гангижав аажуухан босч, урд хормойгоо шуучихаад түрүүлч ирсэнээс нь хоёр хоёроор нь сарвалзуулан базаж аваад тариг шуудууны усанд нэг булхуулан, цаад ирмэг дээр нь шидэлж эхэлжээ. Намалзахынхан ганц Гангижавыг яаж ч чадсангүй, тэр нөхдийнхөө хүлээг тайлчихаад, хаанаас ч юм нэг том ягаан чулуун олж, тэвэрч авчраад Намалзахынхны шуудууны эх бухыг хаагаад тавьчихсанд тэд бүгдээрээ нийлээд чулууг гаргаж чадсангүй, хажуугаар нь ухаж, шинэ бух гаргажээ.
Хошуу тамгын газарт бух хаалаа, зодлоо хэмээн зарга мэдүүлсэнд нэг хүний авчирсан чулууг хорин хэдэн хүн гаргаж чадахгүй яахав, хорин долуулаа байж есхөн хүнд зодуулна гэж юу байхав гээд хэрэг болгон тоож хэлцээгүй гэдэг.
Хожим 1960-аад оны сүүлчээр Халиун сум-нэгдлийн дарга, алдар суугаа дуурсгасан хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү хуучин тэр бухыг сэргээхээр тал нь газарт шигдчихсэн байсан өнөөх ягаан чулууг трактороор татсанд дундуураа хугарч, газартаа үлдсэн хэсэг нь дарагдсаар сураггүй болж, дээд хэсэг нь хаа нэгтэй байсаар байсныг Гангижавын ягаан хэмээн ойр хавиар нь явсан бүхэн зааж, хэлсээр иржээ. Хэрвээ одоо тэр чулуу байдаг бол сумын төвийн аль нэгэн онцлог газар хүндэтгэн хөшөө дурсгал босгодог бол гэж бодогдоно. Ер нь залуус нутаг орноороо бахархах, хайртай байхын нэг үндэс нь нутаг нугынхны бахдам сайхан үүх түүх билээ.
5 comments:
Сайхан наадаарай :-)
Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!
Ямар сонин түүх вэ? Шулмын ухаантай хатанг уншаад, яг ийм ухаан гаргасан хааныг чөтгөр ухаантай гэхгүй аягүй бол мэргэт цэцэн гэнэ дээ гэж ундууцаж байтал, хоёрын хоёр хүчтэнээс хол давуу хүчтэй эмэгтэй уншаад уужуу амьсгаа авав, хэхэв
Сайхан наадаарай.
bayrlalaa yamr goy gaihamshigtai tuuhuud be sonirholtoi iim zuiluud ih bichij oruulj baigaarai bayrlalaa
Yostoi shaaj ugch bnaa.
Post a Comment