Wednesday, July 1, 2009

ХАМБА ГЭГЭЭНИЙ ХАЧИН СОНИН ЯВДЛУУДААС - 5

Хамба гэгээнтэн Ховдыг чөлөөлөх дайнд оролцсон нь

1911 онд Ховд хотыг Манж-Хятадаас чөлөөлөхөөр Хатанбаатар Магсаржав Засагт ханы хүрээгээр дайран өнгөрөхөд Гэгээнтэн “Энэ их үйл хэрэгт гар бие оролцох учиртай” хэмээгээд шавь нараасаа 49 хүн аван Хатанбаатарыг даган морджээ. Ховдыг чөлөөлсөн түүхийн бичиг зохиолууд, сүүл үеийн судалгаануудад Хамба Гэгээний нэр таардаггүй нь түүнийг энэ хэрэг явдалд огт оролцоогүй гэсэн үг хараахан биш байх. Жалханз Хутагт, Хатанбаатар, Манлайбаатар, Дамбийжаа, Хайсан гүн, Баяр гүн зэрэг монгол даяар нэр нь дуурссан олон нэр цуутай хүмүүс оролцсон энэ үйл явдалд Хамба гэгээнтэн төдий л голлох үүрэг рольтой оролцоогүйгээс нэр нь дурдагдаагүй болов уу. Гэвч нэг ийм яриа байдаг. Ховдыг чөлөөсний дараа энэ үйл явдалд оролцогсдыг Богд хаан шагнан, заримд нь нутаг газар олгож, заримд нь эд хөрөнгө, заримд нь хэргэм зэрэг хүртээжээ. Богд хаан Хамба гэгээнээс чухам юу хүсч байгааг нь асуулгасанд “Би угийн харц язгууртай эгэл лам билээ” гэсэн хариу өгчээ. Богд хаан “Аа, энэ хүн чинь хэргэм зэрэг хүсч байгаа юм байна” гээд тогосын отго, бэйс хэргэм хүртээсэн гэнэ. Хамба гэгээн 1912 онд Богд хаанаас тогосын отго, хэргэмээ хүлээн аваад Ховдын Орос Консулын газарт авхуулсан зураг нь өнөө энэ үйл явдлын гэрч болон үлдсэн билээ.
Хамба гэгээнийг Богдоос өндөр хэргэм хүртсэнд зарим хүн дуртай байсангүй. Баяр гүн найр наадам үүсгэн Гэгээнийг урив. Гэгээний сойвон нь муу юм болохыг мэдээд, Гэгээнийг нэг бол найранд очихгүй байх, эсвэл 49 цэргээ дагуулж явах хэрэгтэй гэсэнд Гэгээн харин ч бүр ор ганцаар очих нь зөв гэж зөрсөөр ганцаар очжээ. Гэрт ортол гэрээр дүүрэн цэрэг эрс суусан байж гэнэ. Дээшээ дээшээ гэсээр хоймор гаргаад цай цүү болж, сархад сөгнөв. Гэгээн хэт хутганыхаа зааны ясан хос савхыг сугалан аягатай сархдыг хутгасанд савхнууд цуу цуу үсрээд харлажээ. Гэгээн “Аа, тийм бий” гэж хэлчихээд, аягатай сархадыг тавьж босчээ. Гэрээр дүүрэн суусан эрчүүд түүнийг барьж авахаар дайрсан боловч хий самардсаар байгаад яаж ч чадсангүй гаргаж, араас нь гарч тойрч шаваад ч барьж авч чадсангүйд тал талаас нь буудаж гарчээ. Гэгээн ер юу ч болоогүй юм шиг алхсаар уяа руу очин мордоод шогчихсонд Баяр гүнийхэн морины уяан дээр мэл гайхан үлджээ. Гэгээн эргэж ирэхэд дээл нь сархинаг болчихсон, бүсээ тайлсанд өврөөс нь сум шархийн асгарч байсан гэдэг. Сойвонгийнхоо зөвлөснөөр найранд очоогүй бол хүнийг хий хардсан болох, хэрвээ 49 цэргээ дагуулж очсон бол зэвсэгт мөргөлдөөн болж, монгол ахан дүүсийн цус урсах байжээ. Ер Гэгээнийг дагаж Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцохоор явсан 49 хүнээс нэг нь ч шалбараагүй эргэж ирсэн байна.

Хамба гэгээн ба Дамбийжаа

Жаа лам баруун хязгаарт ид хүчээ авч байх үедээ манай нутгаар иржээ. Баруун хязгаарын бараг бүх хошуу ноёд түүнд албат иргэд, адуу мал, алт мөнгөөр өргөл өргөж байсан цаг. Зарим нь хошуу нутгаасаа ч таслан өгч байв. Жаа ламын хэрцгий догшин, түрэмгий эрээгүй занг сонсож мэдсэн хүрээнийхэн ирж яваа сургаар нь сандран, Гэгээнээсээ “Одоо яах вэ” гэж асуусанд “Үйлийн үр нь боловсорч ханасан хүн юм. За яах вэ, аахар шаахар юмаар хуураад явуулчихаас” гэжээ. Гэгээн Жаа ламыг хүлээн авч, хэсэгхэн зуур ярилцаад ёстой яль шалигүй бэлэг өгөөд явуулчихаж. Жаа лам ч илүү дутуу юм нэхсэнгүй, Сүмийн дөрөлж өнгөртөл номхон тэмээ шиг л явж дээ. Нурамтийн хавцал руу орохдоо л гэнэтхэн уурсан галзуурч эхэлсэн гэдэг. Жаа ламыг нэг хошуунаас нөгөө хошуу хүрэхэд нь тухайн хошууны хамгийн хүч, чадалтай хүмүүс нарнаас халхлах цацрыг нь барьж хүргэж өгдөг байжээ. Манай хошуунаас явахад нь Халзан Хамар, Бөх Ваанжил гэдэг хоёр хүн тэрх цацрыг нь барьж, Толь гүний хошуунд хүргэжээ. Тэр цацар гэдэг нь бүдүүн модон иштэй, олон давхар өнгө өнгийн даавуугаар сагалдарлуулан унжуулсан багагүй жинтэй эд байдгаас хол газар морин дээр барьж явахад их хүнд, өнөөх Халзан Хамар, Бөх Ваанжил хоёр нэгхэн удаа гар сэлгэхдээ цацрыг нь ялимгүй гудайлгаж орхисонд Жаа ламтан хилэгнэн ташуурдаж байсан гэдэг.
Жаа лам ойр тойрны хошууныхнаас олон хүнийг шавиа болгон, алс холын Маажансан уулруу дагуулан явахдаа Хамба гэгээний шавь нарт л халдаж чадаагүй ажээ.

Хамба гэгээний шарилын давс

Гэгээнийг жанч халсны дараа шарилыг нь өмнөх дүрүүдийн нэгэн адил занданшуулжээ. Чухам ямар арга технолгиор занданшуулдаг байсан юм бол доо, юутай ч өмнөх гурван дүрийн шарил хийдийн нэгэн дуганы буланд байсан хийгээд, тэдгээр шарилууд модон хайрцган дотор ер үхсэн шинжгүй, залбиран суугаа мэт байдалтай харагддаг байсан гэдэг. Тэрх модон хайрцаг том том ширхэгтэй улаан давстай байж. Намайг багад бие өвдөж, хүндрэхэд аав эрхий хурууны хумсны толионоос томхон хэмжээтэй тэгш өнцөгтэй, улаан өнгөтэй давс гарган долоолгов. Их өмхий үнэртэй байсанд учрыг лавлавал Гэгээний шарилын давс гэж билээ. Ийм юм сонссон би дахиж тэр давсыг долоогоогүй. Тэр давсыг ойр зуурын өвчнийг гаргадаггүй эдгээчихдэг гэдгийг хууччуул ам нийлэн баталдаг юм. Олон ч хүн тэр улаан давснуудын хүчинд өвчнөөс ангижирч байсан хэмээн ам шүд алдаж байхыг сонсож байлаа.
Юутай ч Хамбын гэгээний дөрвөн дүрийн занданшуулсан шарил байсан хийгээд түрүүчийнх нь бараг 150 орчим жил чанар нь өөрчлөгдөөгүй хадгалагдаж байсан гэхээр өдгөө нууц нь алдагдсан ямар нэгэн арга технологи байсан хэрэг. Харин хийдийг тарсны дараа тэр дөрвөн шарил гэнэтхэн алга болчихжээ

Үргэлжлэл бий

3 comments:

Anonymous said...

Сонирхолтой юм аа. Ер нь бурхны шашны том зүтгэлтнүүд далд увидас, нууц тарнийн хүчийг эзэмшсэн байсан гэж ярьцгаадаг. Сүмийн тотгоор туссан нарны гэрэл дээр тамхиныхаа уутыг тохоод л...

Arsun said...

Их сайхан бичиж.

Anonymous said...

Hamba gegeen gej haanahiin hen gedeg hutagtiig yariad baigaag oilgosongui. urgeljleldee delgerengui tailbarlaj boloh uu. manai nutag gej yamar nutag yum