Wednesday, April 17, 2013

ТУСГААР ТОГТНОЛ ХҮНДЭТГЭЛ, БИШРЭЛЭЭС ЭХЭЛДЭГ

Тусгаар тогтнолын тэмдэглэл - 15
Б.Номинчимэд
Шинэ Делийн төвийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байх Махатма Гандийн бунханд очлоо. Хааш хааш арав ч хүрэхгүй жижигхэн талбайд, элдвийн чимэг, орд харшгүй, энгийн даруухан, байдаг л нэг пильтан хавтангаар бүрсэн харагдана. Ажлын өдөр байсан хэдий ч байнгын хүн холхиостой. Шарилийн хөлд ээлжлэн сууцгааж, залбирч, бас зарим нь гүн бясалгалд орж буй бололтой, нүдээ аниад хөшөө мэт болчихно. Харин сургуулийн бага, дунд ангийнхан бололтой ижилссэн формын хувцастай хүүхдийн цуваа тасарсангүй. Анги ангиараа ээлжээ хүлээж байгаад бунханлуу ирэх ажээ. Бунхныг нэг тойрч, хөлд нь жаахан зогсож байгаад, багш нарынхаа хэлэх хэдэн үгийг сонсчихоод жагсаалаараа гарч явахад дараагийн анги орж ирнэ.
Нэгэн багшаас “Өнөөдөр экскурс аяллын өдөр үү?“ гэж асуусанд “Үгүй ээ, хичээлийн өдөр. Хичээлээ хийж явна. Гүрүд ирэх нь манай хичээлийн программд байдаг.” гэв.
Шинэ Дели бол түүх соёлын хосгүй их дурсгалтай газар. Эртний хиндү, лал, буддын шашны төдийгүй англичуудын үлдээсэн зүйл ч арвин их, үзэж барагдамгүй. Зөвхөн монголчуудтай холбоотой түүх дурсгал гэхэд Цагаадай, Төмөрийн угсааны монгол хаадын хоёр дахь үе болох Хумаан хааны ер бусын бунхан, орой дээрээ одон орон судлалын төхөөрөмж бүхий аварга чулуун хэрэм, түүний хүү аугаа их Акбар хааны бариулсан Жама Масжид хэмээх 20 000 хүн зэрэг мөргөх багтаамжтай гайхамшигт сүм, алдарт Улаан цайз, монгол хаадын энэтхэг даяар түгээсэн Мuhgal garden буюу Монгол цэцэрлэг гэх өвөрмөц загвар, бүтэцтэй цэцэрлэгт хүрээлэн зэрэг өч төчнөөн зүйлс бий. 
Тэр олон сүрлэг уран, гоо жавхлантай зүйлс байсаар атал эгэл жирийн нэгэн шарил дээр  хүүхэд багачуудаа анги ангиар нь авчирч, төрийн боловсролын бодлогын хүрээнд үзүүлж, танилцуулж байдаг нь алсыг харсан ухаалаг бодлого ажээ. Махатма Ганди бол Энэтхэг үндэстний тусгаар тогтнол, оюун санааных нь эцэг болсон хүн билээ.
Ирээдүй хойчдоо гоё ганган, сайхан юм үзүүлэх нь тийм ч чухал биш, сэтгэл зүрхэнд нь бахархал, хүндэтгэлийн галыг асааж, бадрааж өгөх нь чухал аж.
2010 оны 3 сар. Шинэ Дели
 (тэмдэглэл цааш үргэлжилнэ)

ГАЗАР ШОРОО БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын тухай тэмдэглэл - 14
2007 он. Монголын нэг томоохон бизнесмэн Америкт ирэв ээ. Бизнесмэн ч юу байхав, алтны уурхайн эзэн. Байгалийн сайхнаар аялж, казинодож, орой үдшийг баар цэнгээний газар бужигнуулж, хөлтэй хөөртэй хориод хонолоо. Харин тэр казинод лавтай 400 000 гаруй доллар алдсан юм. Бага мөнгө биш л дээ. Америкт байр, машины мөнгө хийх гэж гүрдийтэл зүтгэж буй монгол залуус арван жил залуу насаа зольж зүтгээд ч мань бизнесмэний гурван орой казинод алдсаны хэмжээний долларыг олж чадахгүй, тийм л их мөнгө. Гэвч түүнд их мөнгө биш бололтой, ер харамссан шинжгүйг харахад мөнгийг хялбархан, хүссэнээрээ олдог аж. Би л 400 доллар алдахаараа бушуухан зайлахын түүс болж, харьж явахдаа хэдэн хүүхдээ хоёр өдөр банана жимсээр ч болсон цатгачих минь яав гэн харуусан харуусан давхидаг юм.
Түүнийг казинод хэрхэн тавьж тууж буйг нь харж суусан ах хүү маань орой баахан халамцаад “Чи муу, монголын газар шороог сэндийчээд, бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн хамаг алтыг хулгайлж, харьд авчирч тушаадаг хэн юм бэ. Чам мууд хэн тийм эрх өгсөн юм” хэмээн агсам тавьж бөөн юм болов. Арай гэж салгаж аваад, алтны уурхайн эзний буусан алтан буудлаас гарч, замын жижигхэн мотелд хоёул хоног төөрүүлэхээр орлоо. Уур нь хүрч, уушиг нь сагсайчихсан ах хүү хэсэгтээ л тайвширсангүй.
“Тэр муу хэрвээ Модун хааны үед төрсөн бол Модун хаан амьдаар нь арьсыг нь хуулах байсан юм. Тэр муу хэрвээ Чингис хааны үед төрсөн бол амьдаар нь тогоонд чанах байсан юм. Одоо монгол гэж байна уу, үгүй юу, чи хэлээд аль...? Монголд минь эзэн байна уу, үгүй юу? Биднийг ингээд хүний газарт боолын боол, босгоны шороо болоод явж байтал энэ муу мэтийн хулгайчид эх орны минь шороог атга атгаар нь зөөж зараад дуусгаж байгаа юм байна л даа” гэх зэргээр удтал хашгичаж, унтуулаагүй билээ.
Ер энэ бол надтай таарсан зөвхөн ганцхан жишээ. Манай улс төр, бизнесийн томчуудын нийтлэг дүр төрх эндээс харагдана. Баттай эх сурвалжаас сонссоноор бол Солонгосын казинод манай нэг нэр бүхий уурхайн эзэн 7 тэрбумыг өгсөндөг.
Атга атгаар нь зөөсөн ч дундрашгүй их баялаг монголд минь бий ч, авч идэхийн шунал гэгч бас ёроолгүй билээ. Хязгаарлаж, хазаарлаж байхгүй бол нэг мэдэхэд гишгэх газаргүй болчихсон байх вий.
Б.Номинчимэд
2007 он. Чикаго - 2011 он, Улаанбаатар

Tuesday, April 16, 2013

Далай мэт.., Тэнгэр мэт..., Аянга мэт..,

Б.Номинчимэд

“Төв Азийг бүхэлд нь хамарч Хятадаас Ойрхи Дорнод хүртэл аугаа уудам орон зайд Монгол үндэстний мандан сэргэсэн ер бусын түүх нь сүүлийн эриний  Илиада шиг гайхамшигт ер бусын аяны тухай өгүүлсэн аугаа баатарлаг түүхэн туульс юм.”
Washington Post Book World


***
“Монголчууд бид далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг түүхтэй ард түмэн.”
Бөмбөрцөг дэлхий дээр аж төрж ирсэн ард түмэн, улс орон бүр өөр өөрийн давтагдашгүй гайхамшигт түүхтэй, өв соёл, уламжлалтай. Тийм бол монголчууд бидний түүх, өв соёл, уламжлал нь бусад үндэстнийхээс юугаараа ялгаатай, онцлогтой байдаг вэ? Юу гээч гайхамшигтай зүйл бидний түүхийг ингэж их өндөрт өргөж, хөөргөн мандуулах шалтгаан болно билээ? Чухам юуны учир далайтай, тэнгэртэй, аянгатай зүйрлэнэм бэ?
Үүний учрыг хэдхэн хуудсанд багтаан хураангуйлан дурдахыг оролдсу.
Монголын Их Эзэнт гүрний үед нэг сая хүрэхтэй үгүйтэй монголчууд нийтдээ 33 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутгийг байлдан дагуулж, нэмээд 3-4 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутагт хяналтаа тогтоож чадсан байна. Монголын Их Эзэнт гүрэн нуран унасан ч түүний салаа салбарууд болох Их Юань улс, Хүлэгийн Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улс зэрэг тухайн цаг үедээ өөр хоорондоо л өрсөлдөж тэмцэлдэхээс бусдаар өөр ямар ч улс орнуудтай эгнэж зэрэгцүүлшгүй хүчирхэг улс гүрнүүд салбарлан оршиж байв.
Европ-Азийг бараг бүхэлд нь хамарсан энэ өргөн уудам газар нутагт XIII зууны эхэнд нийтдээ 220 орчим сая хүн ам бүхий их бага 40 гаруй төр улс, 80 гаруй үндэстэн угсаатан, овог аймгууд оршиж байжээ. Харин тэр цагт монголчууд Хэрэйд, Мэргид, Найман зэрэг монголын өндөрлөгт байсан овог аймгуудыг дагуулан нэгтгэсэн ч нэг саяас илүү гарч байсангүй. Монгол морины туурайн мөр хүрсэн газар орныг өнөөгийн улс орнуудын хил хязгаарын түвшинд үзвэл,
Төв Азид: Казахстан, Киргизстан, Татарстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан, Афганистан, Пакистан, Энэтхэг,
Зүүн өмнөд Азид: Хятад, Япон, Тайван, Солонгос, Вьетнам, Бирм, Лаос, Малайз,
Бага Ази-Ойрхи Дорнодод: Иран, Ирак, Иордан, Сири, Изриаль, Ливан, Турк, Гүрж, Азербайжан, Армян,
Дорнод Европт: ОХУ, Укриан, Белорус, Молдав, Румын, Серб, Босни-Герцговен, Крота, Унгар, Словак, Чех, Польш, Австри зэрэг 3.6 тэрбум гаруй хүн ам бүхий 40 гаруй улс орнуудын нутаг дэвсгэр хамрагдана. Эндээс Монголчуудын байлдан дагууллын цар хэмжээг төсөөлөх боломжтой. Тэр цаг үеийг “Монголчуудын эрин үе” гэж нэрлэх ба монголчуудын дайн тулааныг “Монголчуудын дэлхийн дайн” хэмээн бичиж байна.
XIII зуун бүхэлдээ Монголын Их Эзэнт гүрний зуун байгаад зогсоогүй нийтдээ гурван зуун жилийн туршид монголчууд дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлж байжээ.
Энэ зуунуудад дэлхий даяар “Pax Mongolica” буюу Монголын Энх Төрийн бодлого бүхий л утгаараа төгс хэрэгжиж байв. Ямар ч цаг үед дан ганц цэвэр нэг үндэстнээс дэлхий нийт ийм нягт хамааралтай гурван зууны туршид оршин тогтнож байсангүй билээ. Монголчуудын эрин үед толгой дээрээ үнэт эрдэнэс дүүргэсэн сагс тавьчихаад Ойрхи Дорнодоос Хятад хүртэл аялахад ч айх аюулгүй амар амгалан байсан гэдэг.
Монголчуудын эрин үед үндэстний нийтлэгүүд бүрэлдэн тогтож, олон улсын дипломат харилцааны эх суурь тавигдаж, худалдаа-арилжаа болон соёлын харилцааны өргөн боломж нээгдсэнээр өрнө-дорнын соёлын интегралчлал асар үр дүнтэй болж, өнөөгийн  даяарчлалын цар хэмжээний үйл явц өрнөжээ.
Орос, гүрж цэргүүд Бээжингийн хориотой хотыг хамгаалж, хятад инженерүүд Бухар, Самаркандад оньсон зэвсэг бүтээж, франц дархан Хархоринд мөнгөн мод урлаж, швед, герман уурхайчид Алтайн нуруунд алт олзворлож, сартуул номч солонгост ном судар айлдаж, армян эр орост татвар хурааж, уйгар даргач Ойрхи Дорнодод усан суваг бариулж, араб мэргэд Хятадад одон орон судалж суужээ.
Ямар ч хөгжил дэвшлийн хөтөч нь мэдээлэл байдаг. Өнөөгийн даяаршил ч мөн л мэдээлэлд суурилж буй.
Монголчуудын эрин үед урд өмнө хэзээ ч байгаагүйгээр барахгүй тэр цагаас хойш XIX зууныг гартал даруй зургаан зуун жилийн туршид ч давж чадаагүй тийм хурдаар мэдээллийг хүргэж, солилцдог үр ашигтай системийг евроазийг дамнуулан бий болгожээ. Нэг хэсэгтээ л дэлхийн улс төр, дипломат харилцаанд, дээдсийн ордонд монгол бичиг, монгол хэл яг өнөөгийн англи хэл шиг чухал нөлөөтэй байж...
Монголчууд л чухам анх удаа өнөө ч хүрч чадаагүй байгаа үзэл бодол, шашны сүсэг бишрэл бүхнийг харилцан эрх тэгшээр хангаж болдог юм гэдгийг хүн төрөлтөнд нотлон харуулж чаджээ. Тэр цагийн Хархорин хотод үнэн алдартны, лалын, зомбын сүм хийдүүд зэрэгцэн оршиж, үе үе их хааны ордонд шашин шашны төлөөлөгч, лам хуврагуудын хооронд хэнийх нь шашин илүү баталгаа нотолгоотой вэ гэсэн ном хаялцаан болдог байжээ. Христ хийгээд лалууд бие биенийхээ барааг ч харахыг нүгэлд үздэг шашны үл тэвчих үзэлд хэт дөрлүүлчихсэн байсан цаг үед шүү дээ. Европ дахин католик сүм хийдийн ягшмал номлолд хүлэгдэн хөгжил дэвшлийнхээ боломжийг Пап ламынхаа жанчинд даруулчихаад хэдэн зуунаар харанхуйлан нойрмоглож байсныг монголчуудын хүчирхэг эрчтэй довтолгоон цочоон сэрээгээд зогсохгүй энэхүү монгол хэмээх хүчирхэг улс үндэстэн хэн бэ?, тэдний аж төрөн орших нууцлаг алс дорно гэгч хаана вэ? гэдгийг сонирхох, нээж илрүүлэх хүсэл тэмүүлэл нь эх дэлхийгээ бөөрөнхий болохыг танин мэдсэн газарзүйн аугаа их нээлтүүдэд хүргэжээ. Энэ нээлтүүд нь Европ дахины оюун сэтгэлгээнд үлэмжийн хувьсгал болж, улмаар аугаа их сэргэн мандлын эрин зуунуудыг эхлүүлсэн байна.
Олон ч түүхч, судлаачид (Жак Уэтерфорд, М. Правдин, Ким Жон Рэ, Х.Лэмб, А.Дугин, Окада Хэдихиро, Ж. Куртин гм...) “Чингис хааны Монголчууд өнөөгийн шинэ дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан” гэсэн гаргалаа, дүгнэлт хийж буй нь гарцаагүй үнэнтэй нүүр тулсны үр дүн юм.
Өөр ямар ч улс үндэстэн, өнөөдрийн Америк ч тэр ийм хүчирхэг нөлөөтэй байж чадаагүй. Энэ цагийн хүчирхэг их гүрэн Америкийн нөлөөлөл 100 гаруйхан жилийн түүхтэй ба өнөөдөр уруудан гундах талруугаа нэгэнт орчихжээ. Америк ардчилал, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийн давамгайлал, америк соёлын нөлөө болон америкийн улс төр, эдийн засаг, цэрэг зэвсгийн түрэмгий дарамт хэдий их ч тухайн эрин цагтаа Монголчуудын дэлхий дахинаа нөлөөлсөнтэй харьцуулашгүй.
Чингис хааны монголчууд шударга үнэний ёс, зөрчиж болшгүй зарчмуудыг аянга цахилгааны хүчээр дэлхий дахинаа тулган хүлээлгэсэн юм.
Олон ч улс орнууд өөрийн эзэн удирдагчаа хэдэн зууны туршид зөвхөн шууд угсааны монгол хүнээр л өргөмжлөн дээдэлж ирсэн ба хэсэг бусаг бүс нутгуудад, ялангуяа Дундад Азид (Узбек, Туркмен, Казах зэрэг) бараг XX зууныг хүртэл энэ ёсыг огтоос зөрчиж зүрхлээгүй ирсэн байдаг. 
Мөн олон ч улс орны эзэн хаад монгол гүнжтэй хуримлан, тэдний үр удам эрч хүчний илэрхийлэл болсон монгол цусаар сэлбэгдэн, сайжирч байжээ. Тэдний хувьд монгол гүнжтэй хуримлах нь нэр төрийн хэрэг, дэлхийн язгууртны зэрэг дэвд дэвшин орж буй хэрэг болдог байж. Дундад Азийнхнаас гадна Орос, Польш, Литва, Манж, Солонгос, Бирм зэрэг олон орны эзэн хаадын судсаар ямар нэгэн хэмжээгээр монгол цус гүйж байсан... Тэнгэр мэт эрхэмсэг төгөлдөрийн шинж энэ билээ.


***
Монголчууд өрөөлийг ирлээд өөрөө элэгдэх билүү чулуу мэт ард түмэн.
Дэлхий дахины түүхэнд болсон томоохон байлдан дагуулалт бүхэн мөхөөх, устгах, уусган нэгтгэх, хүч чадлыг нь ховх сорон колоничлох зорилготой, тийм л зарчимтай байсан, тийм л үр дүнг дагуулдаг байсан. Харин монголчуудын байлдан дагуулал нь бүхий л шинж чанараараа өөр байжээ. Монголчуудын хүрсэн газар бүр энх амгалан тогтож, цусан далай, нурман цөл болтол нь дайлаад өнгөрсний дараа ч тэнд хөгжил цэцэглэл урьдахаасаа илүү эрчтэй байсан нь алаггүй шударга үнэнийг дээдэлсэн “Монголын Энх төр”-ийн бодлогын үр дүн байлаа. Үүнийг харуулах тодорхой хоёр, гурван жишээ өгүүлсү.
Монголчууд бид өөрсдөө Манжийн дарлалд 200 гаруй жил аж төрөхдөө бараг хэн болохоо мартах шахтлаа уруудан доройтсон бол харин бидний хоёр хөрш Орос, Хятад хоёр мөн төдий хэрийн хугацаанд монголчуудын дарлалд байхдаа харин ч өнөөгийн аугаа их хүч чадлынхаа эх ундаргыг олж авсан.
Баруунаасаа Герман, Польш, Литовын рыцариудад хавчигдан, зүүнээсээ эрэлхэг цоглог нүүдэлч кумануудад чичүүлэн, Кама гол, Уралын чинадад шахагдаж, 50 дугаар өргөргөөс урагш хол гарч үзээгүй шахам явсан оросууд, бараг л хот бүхэн нь өөртөө засах эрхтэй тархай бутархай байсан орос үндэстэн чухам Алтан ордны улсын татварын бодлогын үрээр нэгдсэн нэг ванлиг болон нэгдэж, монголчуудын далбаан дор л баруун зүгийн рыцариудын эсрэг илдээ өргөх бяр чадал гарт нь суусан юм. Тэгээд ч зогсохгүй Алтан ордон уруудан доройтоход тэдний газар нутгийг өвлөж авснаар ирээдүйн их эзэнт гүрнийхээ гарааг эхэлсэн байдаг.
Хятадын тухайд бүр ч ярилтгүй. Тэр цаг үед Умард хятадын Алтан улс, Өмнөд хятадын Сүн улс, Баруун өмнөдийн Дали улс гэсэн хятад угсааны гурван томоохон улсыг монголчууд нэгтгэн нэгэн жолоо цулбуурт оруулж, нэгдмэл улс болгожээ. Оросуудын нэгэн адил хятадууд түүхэндээ хэзээ ч ийм том нэгдмэл улстай байж үзсэнгүй.
Үүний зэрэгцээ Их Юань буюу Монголын Хөх гүрний нийслэл болсноор нэг хэсэгтээ л Бээжин хот нь дэлхийн улс төр, урлаг соёл, худалдаа арилжааны төв болж байв. Тэр цагт усан замын худалдааны төв болгохоор Тяньжинаас Бээжин хүртэл 100 гаруй км усан суваг барьж босгосон байдаг. Ийнхүү дэлхийн төв болсноор Бээжин рүү, Хятад руу соёл, дэвшлийн охь бүхэн нэг хэсэгтээ л цутгажээ. Үүний үр өгөөж, ач холбогдлыг хэмжишгүй.
Монголын Их Юань гүрний үед л хятадын ард түмний нуруу тэнийж, өөр хоорондын үймээн самуунгүй түвшин болж, хүн ам нь огцом өссөн байдаг. Монголын Хөх гүрэн буюу Их Юаний хаялага үр өгөөж хятадад асар их байлаа. Юань гүрний дараа босож ирсэн цэвэр хятадын Мин гүрэн нь өмнөх Юань гүрнийхээ газар нутаг, эрч хүч, баялаг бүхнийг нь өвлөн авсан.
Хамгийн гол нь оросын ч, хятадын ч үндэстнийх нь нэгдмэл нийтлэг байдал монголчуудын эрин цагт бүрэлдэн бий болсон юм. Нэгдмэл улс үндэстнээс илүү эрхэм чухал зүйл гэж юу байх билээ.
Гэтэл орос, хятадын аль нь ч бидэнд хэзээ ч талархаж байсангүй. Баярлаж талархах нь бүү хэл Оросууд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг, алуурчин тонуулчин хэмээн үгсийн муугаар дуудан гоочлох нь олонтаа. Хятадуудын хувьд Монголын энх төрийн дээвэр туурганы нэгэн хэсэгт толгой хоргодож явсныгаа гул барин монгол нь хятадын нэг хэсэг мөн, тиймээс монгол хятад хоёр нэг дээвэр туурган дотор байх ёстой хэмээх муйхар үзэл бодол хятадын хөрсөнд гүн бат шингэжээ.
Энэтхэг ч мөн адил. Лал, хиндү, бурхны шашин хоорондын үргэлжийн зөрчил тэмцэлтэй, олон ханлигт хуваагдсан энэтхэгийн хойгийг Цагаадайн угсааны цөөхөн монгол эрс очин, бүхэл хойгоор нь нэгтгэн, нэгэн улс болгож өгчээ. 1526 онд Бабаар хааныг анх очиход Энэтхэгт 21 бие даасан их бага улс байжээ.
Бабаарын монголчууд гялалзсан авьяаслаг, эрч хүчтэй, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн хүмүүс байж. Тэд энэтхэг орныг зөвхөн нэгтгээд зогсохгүй дундад зууны төгсгөлд очир эрдэнэ мэт гялалзсан баян тансаг улсыг бүтээн босгож, дэлхий дахиныг гайхуулж, Европынхны шуналыг түймэрдэж явжээ.
Тэд улсаа Их Монгол (Great Mughal буюу Их Могул. Энэ нь монгол гэсэн үгийн түрэг бичлэгт хувирсан дуудлага юм) хэмээн нэрлэжээ. Гурван зууны туршид ноёрхсон Энэтхэг дэх Их Монголчуудын өв аугаа баялаг. Уран барилга, ордны хэл, яруу найраг, уран зураг, цэрэг зэвсгийн урлаг, хувцас өмсгөл, цэцэрлэг, газар тариалан, шинжлэх ухаан-технологи гээд бүхий л салбарт арвин их. Харин хаа ч гэж энэтхэгүүд орос, хятадын адил монголчуудыг учиргүй мууд үздэггүй, монголчууд бол язгуурлаг үндэстэн гэсэн итгэл тэдэнд бага ч болов байгаа нь анзаарагддаг.


***
Энэ бүхнээс харахад Монголын эрин үе ямаршуухан их далайц цараатай, үр дагавар ул мөртэй байсан нь төсөөлөгдөнө. Энд дурдсан түүх нь монгол туургатны түүхийн зөвхөн нэг хэсэг болох Монголын Эзэнт Их Гүрэн, түүний үр нөлөөлөл төдий. Бидний түүх зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.
2200 гаруй жилийн өмнө өвөг монголчууд Хүннү  хэмээх төрт их улсыг үүтгэн байгуулж, Ляодунаас Балхаш нуур хүртлэх төв Азийн өргөн уудам газар нутгийг эрхшээн, их талын нүүдэлч олон овог аймгуудыг нэгэн тугын дор нэгтгэн зангидаж явжээ. Хүн төрөлхтний долоон гайхамшгийн нэг болсон хятадын Их Цагаан хэрэм нь Хүннү нарын хичнээн хүчирхэг байсны нуталгаа юм. Эртний улсууд, ялангуяа нүүдэлчдийн дотор Хүннү гүрэн шиг томоохон төрт улсыг байгуулсан нь үгүй.
Хүннү гүрэн дундад эринээс өмнөх түүхэнд Азийн нүүдэлчдийн ганц чимэг нь, бахархал, охь манлай нь байлаа.
Саяхан Архангайн “Гол мод I, II” булшнаас гарсан Хүннүгийн язгууртны цогц олдвор нь Хүннү нарыг Хятадын болоод Скифийн соёлоос эрс ялгаатай бие даасан өндөр хөгжил бүхий өв соёлтой байсныг улам бататгажээ. Хүннү ялгууртны нарийн нандин хийцтэй, инженерийн өвөрмөц шийдэлтэй сүйх тэрэг нь хятадын үе үеийн улсуудад хэрэглэж байснаас онхи ондоо. Хүрэл, төмөр боловсруулах технологи ч мөн өөр хийгээд нууцыг нь тайлахуйяа бэрх. Ромын зөвхөн ихэс дээдсийн хүрээнд хэрэглэгдэж байсан нэн ховор нандин уран нарийн шаазан аяга тэрхүү булшнаас гарсан нь цагтаа л дэлхийн гүрэн байсан Ромтой Хүннү гүрэн өндөр түвшний дипломат харилцаатай байсан байж болох юм гэсэн сонирхолтой таамаглалд ч хүргээд байна. Учир нь тийм аягыг худалдаа арилжаанд огт хэрэглэж байгаагүй аж. Ер нь Евро-Азиас олдсон Хүннүгийн 600 гаруй булшны 93 нь монголын нутгаас олдсон байдаг нь Хүннүчүүд энэ газар нутаг дээр өнө удаан оршин сууж байсныг илтгэнэ. Хүннүчүүд Хятадын 5 их төр, 16 улсын нүүрэн дээр өнө удаан оршин тогтножээ.
Могой хэдий тасравч гүрвэлийн дайтай. Хүннү гүрэн хэдий бутарсан ч Европыг түйвээх чадалтайгаа үлдэж.
Хожимхон Алтай нуруунаас ойлж гарсан хүннү нарын нэгэн хэсэг болох баруун Хүннүчүүд “Тэнгэрийн ташуур” болсон Аттила хааныхаа чадварлаг удирдлага дор Ромыг дайлан алба гувчуурт унагаж, готын овгууд, алан, скиф, галл, саксууд зэрэг олон овог аймгуудыг хөдөлгөөнд оруулж, Ард түмнүүдийн их нүүдэл хэмээх түүхэн их нүүдэл, суудлыг үүтгэжээ.
Хүннү гүрнээс хойш ч мөн Сяньби, Жужан, Кидан зэрэг нүүдэлчдийн хэд хэдэн хүчирхэг төрт улсуудыг өвөг монголчууд ээлж дараалан босгож, бас унагаж ч иржээ.
Өнөө цагийн монголчууд нь дэлхийд хосгүй нүүдэлчдийн төв голомтыг, өв соёлыг, хязгааргүй уудам газар нутгынхаа энгээр сэтгэдэг тэр сэтгэлгээний царааг нь өвлөн үлджээ.
Энэ бүх ер бусын түүх, цадигуудын цаана түүх сударт бичээд бичээд барагдашгүй ямархан их үйл явдал өрнөж, ямархан их үймээн бужигнаан болж, ямархан их цус, хөлс урсаж, ухаан бодол, ур чадвар зарцуулсныг, ямархан аугаа баатар эрс төрж, ямархан гайхамшигтай адал сонин явдлууд ундарч байсныг бичиж дуусгахуйяа бэрх. Монголын түүхийг судалдаг гадаадын судлаачид үе үе “Энэ бүхэн чухам яаж, ямар эрх хүчээр болж өнгөрөв өө?” хэмээн гайхан алмайрах нь цөөнгүй. Тэдний хувьд хариулт олоход хол хэцүү, харин бидний хувьд хариулт нь их ойрхон байх учиртай.
Учир нь тэр хариулт бидний сэтгэл зүрхэнд, ухаан бодолд бий.


***
Улс үндэстнүүдийн сэргэн мандал, хөгжил дэвшил нь зөвхөн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс шалтгаалдаггүй. Ялангуяа дан ганц уул уурхайгаас бол бүр ч биш юм. Шингээж чадахгүй ходоодонд шар тос зохидоггүйн адил байгал эхийн баялгийг үр ашигтай, үлдээмжтэй ашиглах ухаан, чадвар үгүй бол өөрийгөө л хорлохоос цаашгүй. Үүнийг орчин үед “Баялгийн хараал” гэлцэнэ.
Сэргэн мандал гэдэг нь оюун санааны сэргэн мандлыг л хэлдэг. Оюун санаа сэргээгүй цагт мянган эдийн засаг, мянган технологийн дэвшил, мянган Оюутолгой  байгаад нэмэргүй юм. Европ дахиныг хамарсан сэргэн мандлын уг суурь нь оюун санааны сэргэн мандал байсан.
XIII зуунд Хамаг Монгол бусдаас илүү технологитойдоо, эдийн засгийн илүү их нөөцтэйдээ, их олон алтны уурхайтайдаа сэргэн мандаж, Их Гүрэн болоогүй юм. Харин ч Хамаг Монгол нь Их талын өндөрлөгт байсан Хэрэйд, Татар, Мэргид, Найманаас хүн амаар ч, эдийн засгийн нөөц боломжоор ч, хөгжил дэвшлээрээ ч, ер юм юмаараа илт дутуу байсан.
Харин ганцхан зүйлээр илүү байв, илүү илүүдээ хол тасархай давуу байсан юм. Чадваргүй гарт чичлүүр хутга бариулах осолтой. Юун өөрийгөө хамгаалах, өөрийгөө ч эсгэж, дүрж мэднэ. Харин чадварлаг гарт тэр чичлүүр хутга байваас ямар ч илднээс илүүгээр аймшигт хүчирхэг зэвсэг болж хувирна. Үүнтэй адил, ард түмний чадвар нь оюун санааны сэргэлт, ёс зүй, үзэл санааны давуу тал юм. Монголчууд чухам үүгээрээ л бусдаас илүү байсан.
Энэ давуу тал гэдэг нь Дээд тэнгэрээс заяат төрсөн Их Чингис хааны монголчуудынхаа оюун санаа, сэтгэл зүрхэнд итгэл үнэмшил болгож, зарлан тунхагласан
- үндэсний эв нэгдлийн үзэл санаа,
- нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө ч, үр удмаа ч золиослох эрхэм дээд ёсзүй,
- гарцаагүй үнэнийг онож чадах хөлбөрөлтгүй чин шударга зарчим, энэ гурав байв.
Чингис хаан “Сэтгэлийг нь эрхшээвээс бие нь хаа холдох...” хэмээн сургажээ. Сэтгэлийг эрхшээдэг хүчин зүйл нь чухам дээрх гурав билээ. Энэ бол шашны мухар сүсгээр эрхшээх биш, айдас хүйдсээр дарамтлан дарангуйлах ч биш, ямар нэгэн онол, изм-ээр тархи толгойг нь угаах асуудал бүр ч биш, харин байгал орчинтойгоо, хүн орчинтойгоо нэг оршихуйн эд эс болохоо мэдрэн аж төрөх энгийн үзэл санаа. Энэ энгийн дотор худал хуурмаг, засдаг гоёл гэж үгүй. Яагаад гэвэл энэ байгаллаг амьдрал. Байгал хэлээ ч худал ааш гаргадаггүй билээ. Хүчирхэгийн үндэс нь энд бий.
Хэн бүхний мэдэх, ярих мэт ийм энгийн боловч амьдрал дээр хэзээ ч хэрэгжимгүй алс хол байдаг энэ л зарчмуудыг Чингис хаан бодитой болгож, үндэс угсаа нэгтнүүдийнхээ амьдралынх нь өдөр тутмын хэвшил, баяр баясал, утга учир болгож чадсан юм. Тэгээд ч зогсоогүй энэ зарчим нь Монголын Эзэнт их гүрэн даяар хэрэгжиж, Монголын Энх төрийн (Pax Mongolica) бодлогын цөм болж байв. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний сэтгэлийг эрхшээж байв.
Тийм учраас монголчууд тэнгэрт ивээгдэж, тийн дэлхийн энгээр дэлж, тийм эрхэмсэг оршиж байж. Чухам тийм учраас л бидний түүх далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг байжээ.

Улиастай, Баатархайрханы бэл.
2013 оны 4 сарын 3.

ТӨРИЙН ДАЛБАА БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын цуврал - 13
Өнгөрсөн жилийн наадмаар байшингийнхаа дээр төрийнхөө далбааг намируулснаас хойш буулгасангүй. Автобусны буудлаас буугаад, гудамныхаа булан тойроод гараад ирэхэд юу юунаас өмнө байшингийн маань дээвэр дээр дэрвэлзэн намирах төрийн далбаа угтах нь сэтгэлд нэг л өег, сайхан байдаг билээ.
Нэг удаа хашааны хажуугаар өнгөрч явсан эр дуудлаа. Очвол, албаны ширүүн өнгөөр “Танайх хороо хорин юм уу, хаашаа юм бэ?” гэж байна. “Хороо хорин автобусны шинэ эцсийн буудал дээр байдаг шүү дээ” гэлээ. Нөгөө эрийн дуу өндөрсөж “Юуны чинь шинэ эцэс. Хороо хорин биш л юм бол наад далбаагаа буулга” гэх нь тэр. Одоо л юун тухай яриа болж буйг ойлгосон би гэнэтийн энэ довтолгоонд цочин гэлмэхдээ “Яагаад?” гэж бараг хашгирах шахан асуучихав. Тэр эр эрүүл эсэхийг минь тэнсэх мэт гайхан харж байснаа толгойгоо сэгсэрчихээд, юм ч хэлсэнгүй, эргээд нуруугаа үүрэн алхчих нь тэр. Намайг хэвийн бус этгээд гэж бодов бололтой. Харин би араас нь түүний эрүүл эсэхэд эргэлзсээр гудамны булан тойртол харж зогссон билээ. Эрүүл нь ч эрүүл байсан л даа...
Гэхдээ эрүүл байсныг нь мэдэхэд надад нэг л их гунигтай байсан юм. Тэр хүний ааш аяг бол ганц онцгой бодьгалын илрэл биш, нийгмийн сэтгэлгээний нийтлэг эмгэг байсан учраас л тийм гуниг төрсөн хэрэг.
Монголын маань аль ч сум, дүүрэг, хороололд очиход хороо хорины барилга дээрхийг эс тооцвол төрийнхөө далбаагаар гоёсон айл өрх, хашаа байшин харагддаг билүү. Мухар сүсэг бишрэлийн илрэл болсон шашны агуулгатай харь үсэгтэй элдэв хийморийн шар, цэнхэр дарцаг, далбаанууд л энд тэндгүй. Элдвийн хийморийн дарцаг мэтийг хатгахыг байж болох зүйл гэж үздэг, харин төрийнхөө далбааг намируулахыг байж болшгүй, гаж, ёс бус гэж ойлгодог нь бидний хамтын ухамсарын хэт дутмагшилд орсон сэтгэлгээний эмгэгийг харуулна. Энэ жижиг зүйл биш, эмгэнэл юм.
Хийморийн дарцаг, төрийн далбаа хоёрын хооронд асар хол, харьцуулахын аргагүй зөрөө, хүндэтгэл, утга учир бий. Хийморийн дарцаг намируулахаар тэр гэрийн эзэнд, үсрээд л тэр өрх айлдаа ивээлтэй байдаг юм байгаа биз. Харин төрийн далбаагаа намируулах нь наанадаж, төрийнхөө сүлдэнд залбирч, төрийнхөө хуулинд бөхийж, төрт улсаа дээдэлж амьдрахыг илэрхийлнэ. Цаанадаж, Монгол төр маань мандан бадарч, монгол түмэн маань цэнгэн жаргахыг бэлгэднэ. Яагаад гэвэл төрийн далбаа болохоос манай гэрийн дарцаг биш юм.
Дээр цагт хуучцуул, эцэг эх маань “Төрийн минь сүлд өршөөг” гэж залбирдаг байж. Төр эрхэмсэг, хүндэтгэл дүүрэн оршихийг бэлгэдсэн залбирал байж. “Төр амгалан бол түмэн амгалан” гэдэг дээ.
-Төр минь амгалан байг,
-түмэн олон минь амгалан байг,
-төрсөн бие минь амгалан байг гэсэн дэстэй байж. Харин одоо бурханаас, ид шитдэнээс, бөө удганаас, далдын хүчнээс “Намайг сайхан болгоод өгөөч” л гэж залбирна.
Би л болж байвал бусад нь яана уу, ийнэ үү падлийгүй гэсэн бэртэгчин сэтгэлгээ эндээс нэвт ханхална. Хажуу айл нь, хамар хашааныхан нь, хороо хорин нь, цаашлаад аймаг хот нь, бүр төр улсынх нь хийморь сүлд яана ийнэ тэдэнд нэг ч их хамаагүй, бүр сонирхох ч үгүй. Үнэ ханш өсөөд, амьдрал хэцүү дарамттай бол Монгол төрөө л шүүмжилнэ, хараана. Хашаан дотроо хачин цэвэрхэн атлаа хог, угаадсаа гудамжиндаа шууд цацаж орхино. Гудамжаар нь хүн гишгэхийн аргагүй хог, угаадас. Өвөлд хальтарчих гээд, зунд шалбаагт нь шарвачих гээд явж ч болохгүй. Энэ бол зөвхөн ядуу чадуу гэр хорооллынхны дүр төрх биш. Тансаг сайхан орон сууцанд ч мөн ижил, нүднээс далд орцонд бол хогоо овоолж болдог, гэртээ бол үгүй.
Энд хогийн тухай ярьж буй боловч угтаа сэтгэлгээний хэв шинжийн тухай яриа юм. Нийгмийн бүхий л давхаргаас яг ийм хэв шинжийн хуршсан өмхий үнэр ханхийнэ. Нийгмээ тэргүүлж явдаг улс төрчид, бизнесмэнүүд, урлаг соёлын одуудаас бол бүр ч илүү үнэртэнэ. Тэр авилга, хариуцлагагүй байдал, иддэг уудаг, зувчуулдаг, гулгуулдаг, цавчдаг бүхний цаана, хүнд суртлын цаана ийм л сэтгэлгээ байдаг. Тэр утга учиргүйгээр хөөрдөг, онгирдог, ханаж цадахгүйгээр шунадаг, үнэ цэнэгүйгээр тансагладаг бүхний цаана ийм л сэтгэлгээ байдаг. Тоостой хувцастай дэргэдүүр нь ч гарамгүй ганган Lexus 570 машины цонх хагас онгойж, ундааны хоосон сав цардмал зам дээр торхийн унаж буйг иргэншээгүй, соёлжоогүйн шинж гэвэл эндүүрэл, зүгээр л хэт явцуурсан бэртэгчин сэтгэлгээ.
Ийм нөхцөлд төрөө дээдлэн эрхэмлэж, хүчирхэг төрийнхөө далбаан дор түмнээрээ цэнгэн жаргахыг бэлгэдэн Алтан соёмбот далбаа юугаа бор гэрийнхээ дээр намируулсан мань мэт нь гаж, ойлгомжгүй, согтуу солиотой харагдах нь арга ч үгүй.
Өнөөх ширүүн дуутай эрийн араас гуниг ихээр төрсний минь учир энэ билээ.
Бид Монгол гэдэг нэг л том айл гэрт аж төрж буй. Нэг хатавчинд нь буруу харж суугаад зөвхөн өөрийгөө болгоод явтал нэг л мэдэхэд өрх гэр маань өмхөрч, өөрийн тэр жижигхэн оршихуйг нь хэмх дараад хамт нурж орхивол яана. Үндэсний ухамсар дахь нийтлэгийг мэдрэх сэтгэлгээ нь нэн тэргүүнд үндэсний тусгаар тогтнолтой холбогддог.
Энэ талаар Америкчууд үлгэж жишээ болохоор ард түмэн. Бараг хувийн хауз бүхний үүдэнд төрийн далбаа нь мандана. Тэд хаа ч явсан “Би Америк хүн” гэсэн бахархлаар цээж гэдгэр, хараа дээгүүр хийморлиг, нэр төртэй явцгаана.
2003-2005 онуудад АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын дүүргийн шүүхэд долоо хоногтоо хоёроос доошгүй монгол хүнтэй холбоотой хэрэг шийдэгддэг байв. (Одоо эрхбиш гайгүй болж байгаа байх) Олонхи нь жижиг хулгайн хэрэг. Өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрээс үнэртэй ус, бүс, ээмэг бөгжхөн зэрэг зүйлс голдуу туучихсан, олонхи нь давтан байна. Дээд боловсролтой сайхан сайхан залуус, бүсгүйчүүд голдуу шүү. Хоёр сая гаруй хүн амтай Арлингтон хотод тэгэхэд 2000 гаруйхан л монгол хүн амьдарч байсан. Энэ даамжирсан байдалд санаа зовнисон Арлингтон хотын шүүхийн прокурор Керин тэр үед монголчуудад хууль эрхзүйн зөвлөгөө өгдөг байсан хуульч Г.Ганзориг (хожим Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болсон) болон сэтгүүлч бид хоёртой уулзаж санал солилцохын хажуугаар монголчуудад яагаад ийм хандлага түгээмэл байдгийг тандаж байсан юм.
Ичих ч багадна. Тийм атлаа онгирох болхоороо “Би Чингисийн монгол” гэж хоосон хашгирахыг нь яана. Чингис хаан ийм бэртэгчин, хоёр дүрт, итгэл үнэмшилгүй албатуудыг өт хорхой гэж үзэж, няц гишгэж байсан юм шүү дээ.Гэтэл ийм байдал ганц Арлингтонд биш, монголчууд олноороо суурьшсан Америкийн бусад хотуудад ч, Франц, Бельги, Герман, Чех, Солонгост ч мөн адил байдаг юм билээ. Тэр бүхний цаана монгол хүний үнэ цэнэ унаж, монгол төрийн хийморь золбоо гутна.

***
Эмээгийнд ирсэн танил нь байшингийн маань дээр намирах төрийн далбааг хараад эмээгээс “Энэ айлын эзэн нь төрийн том хүн үү” гэж асуужээ. Төр, эсвэл төрийн том хүн л төрийн далбааг гэртээ намируулах, өмчлөх эрхтэй, бусдад нь нэг ч их хамаатай биш гэж ойлгодог бололтой. Үүнийг сонсоод би дээвэр дээрээ гарч, ишинд нь юм залгаж байгаад далбаагаа улам өндөрт мандуулах болов.
Бидний хэн ч, дарга цэрэг, баян гуйлгачин ялгаагүй төрт их улсынхаа далбаан дор амь зууж яваа. Гадагшаа гараад явахаараа улаан коммунист нь ч, галзуу ардчилагч нь ч адилхан монгол л гэж харагдана. Бид нэг эх оронтой, нэг төртэй, нэг нэртэй.
Төрийн минь далбаа өндрөөс өндөрт
ямагт мандан бадраг.
Б.Номинчимэд
2013 оны 3 сарын 26.
Улиастай. Баатархайрханы бэл

ДАЯАРЧЛАЛ БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын тухай цуврал тэмдэглэл - 12
2009 оны хавар. Даяарчлалыг учиргүй, бүр жадлан эсэргүүцдэг нэг залуу байх. Энэ даяарчлал монгол хэл соёл, зан заншил, өв уламжлал гээд бүх л сайн сайхан юмтай нь хамт Монгол Улсыг маань юу юугүй идэж байгаа тухай, тусгаар тогтнолын ганц дайсан болж буй тухай, монголчууд бусад жижиг улс үндэстнүүдтэй нэгдэж даяарчлалын эсрэг хатуу ширүүн тэмцэлд босч, аюулыг бага дээр нь нам дарж авах тухай нэг ланжгар нийтлэл биччихсэн над дээр орж ирэв. Хэд хэдэн зарчмын санал дэвшүүлжээ. Тухайлбал, яриандаа гадаад үг хавчуулж ярихыг хориглосон хууль гаргах, үр хүүхдээ хар багаас нь гадаадад сургахыг хориглох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаадын соёл, урлаг сурталчлахыг хориглох, гадаадын хөрөнгө оруулалтад хязгаар тавих гэх мэтчилэн хэт утопи, хэт туйлширсан саналуудаас гадна хаяг адресийг зөвхөн монголоор бичих, дунд сургуулийн программд монгол хэл, утга зохиол, ёс заншлийн хичээлийн цагийг эрс нэмэх зэрэг дажгүй саналууд ч байсан санагдана.
Түүнээ миний эрхэлж байсан сонинд (“МОНЦАМЭ мэдээ” өдөр тутмын сонин) гаргахыг хүсчээ. Төрийн мэдээллийн агентлагаас гаргадаг төрийн албан ёсны хэвлэл учир эрх мэдэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа бичсэн санал нь амархан хүрнэ ч гэж тооцжээ.
Намайг татгалзсанд тэр хамаг бухимдлаа надад гаргалаа. Чухам гадныхантай нийлж улс монголоо худалддаг хүмүүсийн нэгийг баттай олж илрүүлсэн бололтой. Онгод нь ёстой ороод явчихав.
Уг нь тэр залууг би нэлээд дээхнээс таних билээ. Үе тэнгийнхэн нь баар ресторан, зугаа цэнгэл, машин тэрэг, гоё утас, MP3 сонирхож явахад мань эр улс үндэстнийхээ хувь заяаны төлөө сэтгэлээ чилээж явдагт нь олзуурхан, дотроо битүүхэндээ дэмжиж явдаг юм.
Эцэст нь аль алиндаа тустайг бодож түүнд гурван үг хэлэв. Хэр тусгаж, хүлээж авсныг мэдэхгүй. Юутай ч дуу нь намсан, жаахан бодолхийлснээ гарсан, тэгэхдээ өрөөний маань хаалгыг эх орноосоо урвагчийн хаалга мэт учиргүй саваагүй юмдаг. Гэхдээ л надтай эргэж холбоо барьсангүй дөрвөн жил болчихжээ.
Хаврын тэр өдөр гадаа хүчтэй шуургатай байж билээ. Миний түүнд хэлсэн зүйл гэвэл “Даяарчлал гэдэг яг л байгалийн үзэгдэл шиг эргэлт буцалтгүй, аймшигтай, өршөөлгүй. Чамтай санал нэг байна. Гадаах шуургыг харж байна уу. Чи энэ шуурганы эсрэг юу ч барьж дэвээд нэмэргүй, салхи чиглэлээ өөрчлөхгүй, хүч нь саарахгүй. Жамаараа шуураад, жамаараа л зогсоно. Тийм биз... Тэгэхээр бид энэ мэт шуургатай үр дүнгүй тэмцэх хэрэггүй юм. Тэр хойгуур ард чинь салхи муу гэрийг чинь нурааж орхивол яана. Харин чи шуурганы өөдөөс нулимж зогсохын оронд орон гэрээ яаж нураалгачилгүй, хийсгэчихэлгүй авч үлдэхийг бодож, даруулга чагтагаа л бэхлэх хэрэгтэй”.
Сүүлд тусгаар тогтнолыг энэ даяарчлалаас хамгаалдаг “даруулга, чагтага” гэдэг нь юу юу байдаг билээ гэж өөрөө тун нухацтай бодоход хүрсэн юм.
2013 оны 4 сарын 01. Улаанбаатар

***
Даяарчлалыг жадлан эсэргүүцдэг манай залуугийн эмзэглэл ор үндэслэлгүй зүйл бас биш билээ. Юу гэвэл ойрмогхон эдийн засагч, нийтлэлч Б.Болорболдын санал болгосон нэгэн баримтат киног хальтхан хараад өнгөрөв.
“Герман улс тусгаар улс мөн үү буюу шинэ цагийн түрэмгийлэл” гэсэн тун хачирхалтай агуулгатай. Экспортынх нь 70 гаруй хувийг оюуны өмчийн патентийн төлбөр бүрдүүлдэг маш хүчирхэг эдийн засагтай, өндөр боловсрол, чадамжтай, тэгээд маш үндэсэрхэг үзэлтэй энэ германчууд улс орноо тусгаар улс мөн эсэхэд эргэлзэж буй нь хачирхалтай байхаас аргагүй.
Хуучин цагийн ЗХУ-д Баруун Герман буюу ХБНГУ-ыг АНУ-ын хараат гэж үзэж байсныхаа адилаар өнөөдрийн нэгдсэн Германийг ч мөн тэгэж үздэг хэвээр байгаа талаар М. Горбачевийн зөвлөх явсан профессор Вчеслав Дашичев ярьж байна. Оросуудын энэ хандлага бодит үндэстэйг германчууд хүлээн зөвшөөрч байгаа юм.
Хүйтэн дайны үед АНУ-ын улс төрийн бодлогын лоозон нь Германыг европын гүнд дарж, Оросыг европоос гадна байлгах явдал байлаа. АНУ-ын энэ зарчим одоо ч хүчин төгөлдөр хэвээр ажээ.
Даяарчлал өөрөө түүхэн жам ёсны үйл явц. Харин энэ хүчирхэг үйл явцыг дэлхийд үнэмлэхүй тэргүүлэх, зарим тохиолдолд жанжлах хандлагаа өргөжүүлэх, бэхжүүлэх аятай арга зам болгож ашиглахыг, тухайлбал АНУ маш чармайж буй нь тодорхой. Энэ зорилгодоо АНУ ганцаараа хүрч чадахгүй учир “ардчилал”, “хүний эрх” гэх мэт олон сайхан сэтгэл татам лоозонгийн дор бусад орнуудыг “ашигладаг” байна. Афган, Ирак зэрэг дайнтай байгаа орнуудад Европын орнуудаас илгээдэг “Их бууны зууш болгоход ашиглах” хөлсний цэргүүд нь АНУ-д хэрэгтэй. (Бид ч бас ийм “их бууны зууш”-ийг илгээдэг) Өөрөөр хэлбэл энэ мэтээр дэлхий нийтэд үнэмлэхүй жанжлах гэсэн АНУ-ын бодлогод Европын Холбооны улсууд санаатай, санамсаргүйгээр дэмжлэг үзүүлээд буй нь оросуудад ч, германуудад ч огт ойлгомжгүй байдаг ажээ.
Гол асуудал нь даяарчлалын далбаан дор хэрэгжүүлж буй “Америк маягийн ардчилал” нь (Pax America) германчуудын хувьд үндэснийх нь онцлогт, тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаад юм. 1970-аад онд Баруун Германы канцлер асан Брандтын зөвлөх байсан Эгон Бар “Ямар нэгэн ард түмнийг мөнхөд өвдөг сөхрүүлэх боломжгүй” гэж хэлсэн. Одоо ч мөн Европын гүнд германчуудыг дарж авах гэсэн АНУ-ын гадаад улс төрийн зарчим нь удаан тэсэхгүй гэж германчууд үзэж байгаа аж.
Энд ямар нэгэн цэрэг зэвсгийн түрэмгийллийн тухай яриагүй, тийм ч юм байхгүй, харин эдийн засгийн болоод үзэл суртлын түрэмгийллийн тухай яригдаж байгаа болно. Тусгаар тогтнол нь зөвхөн хил хязгаараар баталгааждаггүй, ялангуяа энэ цаг үед үндэстний оюун санааны тусгаар тогтнолоос их зүйл хамаарч байгаа.
Хүчирхэг Германд нөхцөл байдал ийм байгаа бол АНУ-г мухар сохроор дагачихсан Монгол Улс ямар байгаа бол???.... Гэхээр даяарчлалыг эсэргүүцэгч манай залуугийн бачимдан бачимдан гүйж буйг шоолон өнгөрч боломгүй.
Гэхдээ энэ бол олон хүчин зүйлээс хамааралтай маш өргөн сэдэв, тулхтай зүйл өгүүлье гэвэл чамгүй судалгаа, цаг шаардана, бас нэг иймэрхүү оог цоогхон тэмдэглэлд багтаах боломжгүй том том ботиуд болох учир ингэсгээд орхие.
Б.Номинчимэд
2013 оны 4 сарын 8. Улаанбаатар

БИЧИГ СОЁЛ БА ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнолын тухай цуврал - 11
Үндэсний бичиг соёл гэдэг тусгаар тогтнолтой амин чухал хамаатай эд л дээ. Сан-Франциско хотод эрдмийн ажил хийж буй эрхэм анд Ш.Баатарын нэгэн тэмдэглэл хэн хүнд нэгийг бодуулна. Үндэсний бичиг соёл хийгээд тусгаар тогтнол хоёрын харилцан хамаарлын талаар олон тайлбар, онол хэлэх шаардлага ч байхгүй юм.
Ш.Баатар анд ажилдаа метрогоор явдаг аж. Ийнхүү нийтийн тээврээр явах нь бие амар, цаг хожихоос гадна хамгийн гол нь ажил хэрэгч хүний хувьд метронд хэдэн хуудас хараад авах боломжийг өөртөө гаргана. Монгол үндэснийхээ түүх соёлын даацтай судалгаа хийж буй Баатар ихэвчлэн худам бичгээр бичсэн сурвалж бичиг уншиж явах тул хажууд нь зогссон сонжооч хүмүүс өлийн харж, уншиж тайлах гэж оролддог гэнэ.
Цааш өөрийнх нь үгээр үргэлжлүүлье.
“ ... Хүн гэдэг сониуч амьтан юм аа. Араб хэл гадарладаг бололтой, сахал үстэй зарим нөхөд хүзүүгээ гэлжийлгэж ирээд л унших гэж саваагүйрхэнэ. Харц тулгарангуутаа сандран “Салам алекам” гээд мэндэлнэ. “Алекам салам” гэчихээд ажигч үгүй номоо уншихад, жаахан байзнаснаа үсэглэж дийлээгүй бололтой энэ хаанахын ямар гээч бичиг бэ, яагаад босоогоор нь уншиж болж байна аа гэж асууж, өддөг юм. “Монгол бичиг” гэж нэг амьсгалаар хамар сэнгэнүүлэн бахархалтай гэгч нь хэлнэ дээ. Бусдааc өөр нэгэн үндэстэн гэдгээ илэрхийлэх алтан хором бол тэр юм. Яг тэр агшинг үгээр дүрслэхэд Олимпын тэнгэрт тугаа мандуулж байгаа тамирчин л гэсэн үг.
Cониуч хүн таараад ямар бичиг болохыг мэдээд их л хүндэтгэлтай харьцана. Энэ бол намайг хүндэтгэж байгаа юм биш, Монгол бичгийн соёлыг маань биширч байгаа хэрэг. Зуун зууныг туулаад бидний үeд тулж ирээд мартагдахын даваан дээр ирcэн монгол бичиг ийм л увдастaй юм.”

“Худам монгол бичгийн соёл бидний дархлаа” тэмдэглэлийг бүрэн эхээр нь уншихыг хүссэн хүн түүний блогт морилно уу.
Хаяг нь: www.shbaatar.blogspot.com
Оросуудын хажууд крилл үсгээр бичсэн ном уншиж явахад нэг л өөр, тэднээс юм зээлчихсэн мэт сэтгэгдэл төрнө. “Хүний морь унасан хүний алцаа татуу, хүний дээл өмссөн хүний мөр татуу” гэдэг дээ. Тиймэрхүү л байна. Харин худам монголоороо бичсэн ном уншиж суухад огт өөр. Хаана ч, ямар ч улс үндэстний дотор тийм номоо бариад явахад нүүр бардам билээ.
Би монгол дотроо бол гарын үсгээ ердийнхөөрөө криллээр зурна. Харин монголоосоо гараад явахаараа, гаалийн мэдүүлэг дээр хүртэл худам бичгээр гарын үсгээ зурдаг. Нэг л сайхан байдаг юм.
Ер өнөөдөр ЮНЕСКО-д бүртгэлтэй гарын таван хуруунд багтах хэдхэн бичгийн нэг нь худам монгол буюу хуучин монгол бичиг. Өөрөөр хэлбэл дэлхийн 200 гаруй улсын дундаас үндэсний бичигтэй, гэхдээ давтагдашгүй босоо бичигтэй ганц орон нь Монгол.
Энэ бол Монгол орон язгуураасаа тусгаар улс, үндэстэн байсныг нотолно. Үүнээс илүү бат нот нотолгоо гэж хаа байхав дээ.
Б.Номинчимэд
2008 оны 12 сар. Улаанбаатар.

Monday, April 15, 2013

ХЭЛ БА ТУСГААР ТОГТНОЛ

"Тусгаар тогтнолын тухай цуврал тэмдэглэл" - 9
 
2005 оны хавар Индианад түр оршин суугчдад зориулсан түр сургалтад хоёр долоо хоног суусан юм. Түр оршин суугчид гэхээр газар газрын л хүмүүс байх. Сургалт эхлээд хоёр хоночихсон хойно би хоцорч очлоо. Тав таваар нь нэг нэг том ширээ тойруулаад суулгачихсан танхимд орж очив. Дөрвөн ази хүүхэн суусан ширээнд тав дахь нь болгож намайг хувиарлав.
Нөгөө дөрөвтэй англиар мэндэлсэн болсонд өмнөөс бүгдээрээ хятадаар шулганалдацгаалаа. Мэндийн хариу гэж ойлгосон би эелдгээр толгой дохиод л өнгөрөв. Хичээлийн явцад нөгөө хэд хоорондоо хятадаараа шавьтналдаад зогсохгүй надаас хятадаараа юм асуугаад болдоггүй ээ. Төвөгтэй болоод ирхээр нь “Уучлаарай, би хятадаар ойлгодоггүй. Та англиар асуувал би баярлах байна” гэлээ. Нөгөөдүүл ихэд гайхаж буй бололтой, дуу нь өндөрсөж хоорондоо болоод надруу хятадаараа баахан шулганав. Тэдний дунд их биерхүү, бараг хоёр метртэй гэмээр лужир биетэй, түрэмгий царайтай бүсгүй байсан юм. Хожим мэдэхнээ нь тэр хятадын сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчин явсан юм билээ. Тэр бүсгүй их л ууртайгаар
-Чи яагаад хятадаар ойлгодоггүй юм гэж англиар асууж байна.
-Би хятад хүн биш шүү дээ.
-Гэхдээ чи монгол биз дээ?
Энэ асуулт миний эгдүүг хөдөлгөөд эхэллээ. Яахаараа монгол хүн хятад хэл мэддэг байх ёстой гэж...
-Би монгол хүн, Монгол Улсаас ирсэн. Та нарын хэлийг мэддэггүй, мэдэх ч албагүй тийм улсын хүн байна гэх мэтчилэн баахан юм монголоороо хэлснээ
-Та нар ойлгов уу? гэж англиар асуув.
Өнөөх дөрөв миний өөдөөс мэлтийтлээ гайхан харж байснаа толгойгоо сэгсэрцгээгээд хоорондоо шуугилдаад эхлэв.
-Та нар яагаад монголоор ярихаар ойлгохгүй байгаа юм бэ гэж тэднээс англиар асуув.
-Бид монгол хэл мэдэхгүй.
-Би ч бас хятад хэл мэдэхгүй. Адилхан л байгаа биз дээ.
Тэрнээс хойш энэ тэнэг монголтой юм яриад яах билээ гэсэн байдалтай надтай ер юм ярихыг байчихав.  Энэ нь надад ч амар байв.
Гэхдээ тэдний надад хандах хандлага нэг л эвгүй. Энд ямар ч эрүүл ухаан, соёл үйлчлэхгүй байгаа нь анзаарагдана. Өмнө байгаа үзгийг маань үг дуугүй шүүрч аваад юмаа бичнэ, миний цүнх ширээн дээр байвал түлхээд газар унагачихна. Насанд хүрсэн хүмүүс гэхэд хүүхдүүд шиг тун хөгийн байх тул би тэдний иймэрхүү үйлдлийг нь шоолж инээгээд л өнгөрнө. Тэд надруу бараг харах ч үгүй, үйлдэл бүхнээрээ тэдний хувьд ерөөс хүн биш, огт байхгүй хэмээн мэдрүүлэх гэж хичээнэ, хааяа нэг харвал харц нь цаанаа л нэг түрэмгий ууртай. Ялангуяа өнөөх сагсчин бүсгүй бол бүр ч... Хонгилд өмнөөс ирж явбал аятайхан зөрөөд гарна гэж ёстой үгүй, ёс юм шиг чигээрээ зүтгэнэ. Тэр лужир амьтантай ямар мөргөлдөлтэй нь биш, би зай тавьж өгнө. Ер нь нэг ширхэг хятад ингэж илэрхий дээрэлхүү хандаж чаддаггүй, бүр тийм хүсэл ч үгүй мэт ажин түжин, аятай дорой байх бөгөөд тэд олон болоод ирмэгц л олноо мэдрээд, түрэмгий болоод эхэлдэг нь хятад үндэстний сүргийн сэтгэлгээний онцлог юм.
Энэ мэтийг номоос дам унших биш, нүдээрээ ажиглана, мэдэрнэ гэдэг надад сонирхолтой, бас завшаантай хэрэг. 
Надаас хойш хоёр хоногийн дараа бас нэг хоцорсон сурагч ангид орж ирсэн нь сайхан хүрэн улаан цэл залуухан төвд бүсгүй байв. Ангид өөр сул суудал байгаагүйн дээр сургалт зохион байгуулагч нэг хэлээр ярьдгийг нь харгалзан үзсэн юм болов уу, бидний ширээнд сандал нэмж, төвд охиныг дэргэд суулгалаа.
Хятад бүсгүйчүүд шинэ охиноос хятадаараа юм асуугаад, мөн хятадаар хариулт авсныхаа дараа надруу, “За тэр, чи ийм л байх ёстой” гэж буй мэт нухацтай харна. Би үл тооно. Ганц төвд бүсгүй дөрвөн хятадын хажууд ёстой хэн ч биш болно. Түүн лүү ээж нь, эгч нь, эзэн нь юм шиг том том дуугаар зандчиж ярина, цүнхээ бариулна. Төвд бүсгүй хүлцэнгүйгээр тонголзоно. Тэр хоорондоо хятад бүсгүйчүүд надруу бас өнөөх харцаараа харна. Би өхөөрдөн шоглож инээнэ. Тэд арга нь барагдаж буй мэт бухимдацгаана. Тэр төвд бүсгүй бол Шанхайд төрж, өссөн, төвд хэлээ огт мэддэггүй, төвд гэдгээ л мэддэг төдий бүсгүй байсан юм.
Энэ мэт яршиг төвөгтэй нэгэн сургалтад хэд хонож билээ.
2005 оны 5 сар. Блүүмингтон

***
2010 оны хавар Шинэ Делид...  Буудалд бууж төвхнөсний дараа зоогийн газарт орвол тэнд хоёр монгол бүсгүй сууж байна. Биднээс (Бид гурвуулаа  тэр буудалд буусан юм) тус бас монголчууд энд ирж гэж ойлгосон би тэдэнтэй мэндэлвэл өмнөөс оросоор ярих нь Киргизээс яваа бүсгүйчүүд байж билээ. Ер Азийнхан дундаас монголчуудтай хамгийн ойр царай төрхтэй нь аргагүй киргизүүд. Төдөлгүй тэр хоёртой дотно танилцан нөхөрлөлөө. Ахимагийг нь Мира, залууг нь Надира гэх. Мира нь уран зохиолын мэргэжилтэй учир бидний яриа, сонирхол их нийлнэ. Тэр миний нэгэн адил Чингис Айтматовын баатруудад хайртай, тэдний тухай ярихаараа нүд нь гялалзаад ирнэ. Бас түүний нутаг Иссык кул (манайхан “Ишгэн хөл” гэж дуудах нь бий) нуурын хөвөөнөөс ирсэн.
Харин Мира, Надира хоёр өөр хоорондоо оросоор л ярина.
-Танай төрөлх Киргиз хэл гэж бий юу? Та нар яагаад төрөлх хэлээрээ ярихгүй байна? Та нарыг оросоор яриад байхаар чинь надад орос л гэж бодогдоод байх юм гэхээр Мирагийн санаа жаал зовнингуй болж
-Бий бий. Гэхдээ ихэнхдээ оросоор ярьдаг. Одоо бид киргиз хэлээ сэргээж байгаа. Киргиз хэлийг хүн амын цөөнх мэддэг байсан бол одоо илүү сайн болж байгаа. Гэхдээ.., гэхдээ бид хоёр киргиз хэлээ сайн мэдэхгүй л дээ гээд хүлцэнгүй инээмсэглэнэ.
Иймэрхүү байдал Дундад Азийн хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Казах, Татар, Узбек, Тажик зэрэг улс орнуудад бүгдэд нь бий. Тэдгээр орнуудад төрөлх хэлээ сэргээхээр ихэд хичээн оролдож буй гэдэг.
Олон зуунаар Европынхны колони байсан Африкт бол хавтгайдаа. Замбиас ирсэн Чарлес Симба найз маань англиар тун сайн ярина. “Чи хаана англи хэлийг ийм сайн сураа вэ” гэхээр “Замбидаа...” гэж томорно. Тэгэхнээ нь угаасаа Замбид англиар л ярьдаг, Замби хэл гэдгийг огтоос мэддэггүй ажээ. Конгоос ирсэн Эдгар францаар, Анголоос ирсэн Анжела португалиар хэлд оржээ. Танзани, Бурунди, Сомали, Кени, Этиоп зэрэг цөөн хэдхэн оронд төрөлх хэл нь албан ёсны хэл байна, Египт, Алжир, Лив, Тунис зэрэг хойт Африкийн орнууд арабаар ярина, бусдад англи, франц, испани, португали зэрэг колоничлогчдын хэл албан ёсных байна.
Эдгээр орнуудын хувьд барууны соёл иргэншил давамгайлсан даяаршлийн үед хэлний хувьд давуу байдал харагдавч нэг л зүйл илт дутуу, бүр маш илт дутуу байгаа нь мэдэгддэг. Тэр бол үндэсний бахархал. Замби найз Чарлес Симба маань алдарт Викторийн хүрхрээний дэргэдээс ирсэн хүн. Тэр энэ хүрхрээгээрээ л бахархана, намайг “Манай хүрхрээнд ирээрэй” гэж урина. Өөрийнхөө тухайд “Би бол англи хэлтэй Замби Улсын иргэн” гэж аяархан гэнэ. Харин би “Би бол монгол хэлтэй Монгол Улсын иргэн” гэж чанга хэлнэ.
Хэдий тусгаар улсын иргэн ч төрөлх хэлээрээ ярьж чадахгүй байгаа тэдэнд бидэн шиг улс үндэстнээрээ итгэл төгс бахархах бардамнал хүчтэй байдаггүй л юм билээ. Бид монголоор биш оросоор юм уу, хятадаар ярьдаг Монгол Улсын иргэд гээд харьцуулаад төсөөлөе. Бахархал ямар түвшинд байх бол???
Еврей нар айхтар. Тэд улс үндэстэн бие даасан хүчирхэг хөгжилтэй байхын шалтгаан бол үндэсний хэл, соёл гэдгийг мэддэг ч, мэдэрсэн ч хүмүүс юм. Тиймээс ч аль хоёр мянганы тэртээ золгүй цөллөг, нүүдлийнхээ явцад алдаж орхисон төрөлх хэлээ хуучин судрын үгнээс сэргээн босгож, хэлний шинэ статустай Израйль улсаа 1948 онд тунхаглаж чаджээ. 
Б.Номинчимэд
2010 оны 3 сар. Шинэ Дели

БАРЫН СҮҮЛ БОЛСНООС...

"Тусгаар тогтнолын тухай тэмдэглэл" - 8
Хятадад буй нийт монголчуудынхаа дунд нэр хүндтэй соёлын нэрт зүтгэлтэн нэгэн эрхэм хүмүүнтэй Бээжин хотод танилцав. Хамтдаа Бээжингийн монголчууд цугласан газар очиход, монгол хоолны газар ороход, монгол хүнтэй уулзахад, ер монголчууд байгаа газар бүр тэр эрхэм хүмүүнийг таньж, хүндэтгэнэ.
Тэр эрхэм маань Бээжингээс Хөххот явдаг автобусанд намайг суулгаж өглөө. Автобусны ачааны хэсэгт миний чемоданыг оруулах гэтэл чухам юунаас болсон юм автобусны жолооч ачааг маань суга татаад хойш нь шидчихэв. Тэгээд өвөр монголын соёлын нэртэй зүтгэлтэн өнөөх эрхэм хүнрүү маань байдаг л нэг автобусны жолооч чухам хятад хүнээс л гарч болох маш бүдүүлэг төрхөөр хашгичиж, нулимж, нүд рүү нь хуруугаараа чичиж гарах нь тэр. Манай хүн гэмээ мэдсэн боол мэт хүлцэнгүй дорой царай гаргачихсан, хөлс нь бурзайчихсан, бөхөлзөж, аргадаж байгаад миний ачааг ачааны хэсэгт буцаан тавьж байна. Өнөөх монголчууд дотроо харц дээгүүр, эрхэмсэг байсан дүр төрхөөс нь өчүүхэн ч үлдсэнгүй. Тэр завсраа энэ байдлыг нь харчих вий гэсэн мэт надруу хулмалзана.
Би ч огт анзаараагүй, мэдээгүй мэт хэнэггүй царайлан, хятад бохь шалир шалир хийлгэн суулаа. Хэрвээ тэр байдлыг нь анзаарч мэдсэнээ харуулсан бол түүнд маань улам, бүр улам хэцүү байх байсан нь мэдээж хэрэг билээ.

***
“Барын сүүл болсноос, батганы толгой болсон нь дээр” гэдэг нэг айхтар үг бий.
Их үндэстэн доторх бага үндэстний зовлон гэж... Өөрийн үндэстнийхээ дотор ямар ч сайхан хүн байсан их үндэстний захын тэнэгийн өмнө ялгаагүй хэн ч биш байдаг юм билээ.
Б.Номинчимэд
2012 оны 5 сар. Бээжин, Улаанбаатар

“БИД ЯАХ ВЭ? МӨХӨЖ БАЙНА. ХАРИН...”

"Тусгаар тогтнолын тухай цуврал тэмдэглэл" - 7
Хөххотод хоёр хятад, бас нэг цахар залуутай хоолон гэрт зоог барьж суулаа. Утас дуугарав. Улаанбаатараас найзуудын маань нэг залгаж байна. Ажил, зорилго хэр бүтэмжтэй талаар ганц хоёр үг солих зуураа, надаас
- Чи одоо хаана явна? гэж хэрэггүй шахуу зүйл асуув.
- Өө, нэг хоолон гэрт хэдэн хужаатай хооллоод л сууж байна гэлээ. Тэгэсгээд өнгөрөв.
Орой нь өнөөх цахар залуу буудалд хүргэж өгөөд нэг юм хэлюү, байя юу гэж тээнэгэлзсэн мэт үүдээр эргэцээд байхаар нь суухыг урьж, нэг шил юм дундаа тавиад сууцгаав.
Тэгэхэд тэр маань ийн ярьсан юм.
“... Ар монголчууд та нар биднийг ямагт хужаа гэж хардаг, боддог нь бидэнд дарамттай байдаг л даа. Гэхдээ яах аргагүй үнэн юм. Яагаад гэвэл бид одоо уусаад дуусаж байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, хэзээ нэгэн цагт өмнөд оронд монгол гэдэг нэр л үлдэнэ. Маш олон залуус монголоо мартаж байна, хятадтай сууж байна. Хятадын зүгээс ч хэцүү хэцүү юм их хийж байгаа. Чадалтай монгол залуусыг мөнгөөр хоолойд нь тултал цатгаж, хятадыг дагасан учраас та нар ийм сайхан байгаа юм гэж ойлгуулж байна. Монгол сургуулиудыг хааж байна. Энэ хүн далай дотор атга будаа шиг цөөхөн бид яаж ч хичээгээд нэмэргүй. Хаашаа л харна хятадууд. Бид хэдий төрөлх нутаг дээрээ байгаа ч гэсэн тэр нутгийн маань шороо бүхэн нь хятад болчихвол бид яах ч билээ дээ.
Харин Ар монголчууд та нар Өмнөд монгол биднийгээ “хужаа” гэж дорд үзэхдээ нэг л зүйлийг битгий мартаарай гэж хүсэж байна. Тэр юу вэ гэвэл,  Ар монголчууд та нарын тусгаар тогтнолыг Өмнөд монголчууд бид өнөөгийн энэ эмгэнэлтэй хэцүү амьдралаараа Их Хятад улсын түрэмгийллээс хамгаалж, халхалж, золиос болж өгсөн юм шүү гэдгийг л...” гэж билээ.
Б.Номинчимэд
2011 оны 5 сар. Хөх хот

Үнэн зоригт Дмитрийн зөвлөгөө

Б.Номинчимэд
1240 оны 11 сард Монголын арми Киев хотыг дайлан авах үеэр олзлогдсон жанжин Дмитрийг эр зоригийн үлгэр жишээг монголчуудад хүртэл үзүүлсэнийх нь төлөө Бат хаан өршөөн суллажээ. Тэгээд зогсохгүй түүнийг хүндэтгэн санал зөвлөгөөг нь ч авсан байдаг.
Ер ийм тохиолдлууд Монголчуудын байлдан дагууллын үед ямагт гардаг байв. Бүүр эрт, Хэрэйдийн Ван хааныг мөхөөсөн дайны үед эр зориг, эзэнд ноёндоо үнэнч байхын үлгэрийг үзүүлсэн Жүрхиний Хадаг баатар, мөн Бэсүдийн Зургаадайг Чингис хаан өршөөж байсан билээ. Хожимхон Чингис хаан Инд мөрний өндөр эрэг дээр зогсоод Желал-ад-Диний эрэлхэг зоригийг бахархан дуудаж, түүнийг нэвт харвах гэсэн мэргэн харваачдыг хориглон зогсоож байсан. Алтан улс, Солонгосыг дайлахад ч энэ мэт учрал олон болж байв.
Энд дурдагдаж буй Дмитрий нь Киевийн цэргийн жанжин биш, харин тус хотын хамгаалалтад оролцож байсан Владимир-Волынский ванлигийн цэргийн уудирдагч юм.

***
Лавсан орох цасан доогуур нэвсгэр бараан нөмрөгтэй хүн шалмаг түргэн ирж явахыг цачрын дутуу сөхөгдсөн үүдэн завсраар хараад Дмитрийн зүүн хэрээгийнх нь доогуур нэвт хаван гарсан сэрээ зэвний шарх шархиран өвдөх шиг болов. Хэлгүй мэт ган дуугүй, дохио зангаагаар харьцах хөө хар царайтай тэр домч биед нь үлдэж хоцорсон хулсны залтасыг амьд хүн биш, хүүр төнхөж буй мэт урт нарийн сэтгүүр хавчаараар удтал ухаж байж гаргаж авсансан. Нүднийх нь өмнө түүний зэвсэг нэгт дайчдыг, хөгжилтэй Киевийн зоныг ярганы газарт мэт хядаж, гоо сайхнаараа, сүр жавхлангаараа аль арван насандаа Ласли дарханы голж орхисон царсан иштэй оготор илдээр гангарч, аавыгаа даган ирэхэд гайхуулан бишрүүлсэн Киевийн алтан дээвэрт өндөр өндөр сүм дугануудыг адууны зүчээний ч дайтайд үзэлгүй шатааж орхисон энэ өшт харь дайснуудынхаа хүнд чийрэг гар дор хөдөлж ч чадахгүй хэвтэж буйдаа даанчиг ихээр шаналж байсан тулдаа л тэгэхэд тэр хөө хар царайтын төмөр сэтгүүрийн төнхөлтийг үл тоосон билээ.
Хутагт Василийн сүмийн үүдэнд дам илд бариад хөндөлдөн, хэнийг ч ойртуулахгүй ширвэж байхад нь тэр сум хэрээгээр нь хаван орж, өөрийн мэдэлгүй илдээ алдан суун туссансан. Яг энэ агшинд нүднийх нь өмнүүр цахилгаан цахилах шиг болоод харанхуйлан манарч билээ. Түүнийг илдээ алдмагц нэгэн монгол цэрэг хүнд мончуургаар болд дуулгыг хонхойж, ёнхойтол тархин дундуур нь буулгасан нь тэр байж. Эвдэрсэн дуулгыг нь түүний толгойноос салгаж авах гэж монгол цэргүүд багагүй ноцолдсоныг харин тэр мэдэхгүй байлаа.
Дмитрийг монгол цэргийн хүрээнд нэгэн сарыг чилээхэд тэр сумны шарх ч, тархи толгойны хүнд бэртэл ч санаанд оромгүй түргэн илааширч, ер шархдаагүй, цоо эрүүл мэт болж, хүч чадал нь өдөр өдрөөр эргэн сэргэж байгааг тэр мэдэрч байв. Хэдий тийм авч байнга эргэн, шархыг нь үзэж, хурц үнэртэй түрхлэг түрхэж, дотроос нь адууны шээс мэт эхүүн гашуун ундааныг өдөр бүр өгөх энэ хөө хар царайт домчийг харах бүр зүүн хэрээгийнх нь доогуур шархирах шиг мэдрэмж төрнө. Магадгүй энэ домчийн хүчинд бие нь тийм хурдан сэргэсэн байх.
Харин сэтгэлийнх нь шарх улам сэдэрчээ. Олзлогдсон оросуудын цуваа нэмэгдэн ирж, хүрээ буудлаар хөл чимээ болж, монголчууд шинэ шинэ ялалтуудаа тэнгэрт магтан уухайлах бүр уй гуниг сэтгэлийг нь шаналган, цөнгөө түрж буй их Днепр мэт уур хилэн цээжинд нь хүрхрэх бөлгөө. Төрөлх Данило нь газрын хөрснөөс арчигдсаныг тэр мэдэж байв. Төд удалгүй Владимир хот болон бусад хотууд хэрхэн гашуунаар, ичгүүртэйгээр ээлж дараалан унасан болохыг олзлогсодоос сонсов.
Түүнд зориулан хүндэтгэн босгосон цачиртаа суугаад үе үе гүн бодолд дарагдах билээ. Урьд өмнө хэзээ ч ийнхүү орчлон хорвоогийн явдал, өнөд хойчийн хэргийг магадлан эргэцүүлж байсангүй. Бодох бүр Орос орны хувьд гарцгүй мэт... Харин энэ монголчуудын хувьд Дмитрийд зэрлэг, догшин, адгуусан мэт анхлан төсөөлж байсан нь ихээ хол андуу төсөөлөл болохыг өдөр өдрөөр анзааран мэдэж, тийн мэдэх бүр тэдний хүч чадал, энэ их зориг золбоо чухам юунд байгааг мэдэхсэн гэсэн хүсэл цогшино. Тэнгэр, хувь заяа ийм их эрх хүчийг зөвхөн тэдэнд л заяасныг нь мэдрэхэд яагаад бидэнд биш билээ гэсэн харуусал цээжийг нь зурна. Энэ монголчууд үнэхээрийн өөр, мах цус нэгт оросуудаас нь харагдах бараа, үзэгдэх зүсээрээ хол ялгаатай шигээ бодол санаа, дэг журам, итгэл зориг бүхнээрээ ч мөн тийм хол ялгаатай болохыг ажигч сэргэлэн ухаанаараа олж харж байлаа.
Үгүй ядаж л монголчууд хэрхэн хүрээлэн буудаллаж буйг харахад бахдаж бишрэхгүй байх аргагүй. Оросуудын хувьд төсөөлөхөд бэрх нарийн дэгтэй. Мянга мянган цэрэг эрсийн хүрээ буудал гэхэд сүмд мэт амгалан, дүнсгэр. Хэрвээ оросууд ингэж нэг газраа мянга мянгаараа цугласан бол хэрхэн өдөр шөнөгүй дүнгэнэн бужигналдацгааж, хашгичин орилолдоцгоож, ойр орчмын хорин мод газрын хамаг амьтныг үргээж, хамаг дайсныг урин дуудахаар хөл хөс болдогийг Дмитрий санан гашуунаар санаа алдана. Тийм их дуу шуутай атлаа, халз тулах болохоор болгоомж сэрэмж гэж ер үгүй, нугад бэлчих хэдэн тугал хөөх гэж буй мэт хойшууран орох хойноо дайсан нь тугал шиг орилолдон сүүлээ оодогнуулан одсонгүйд гайхан зогтусаж, өөдөөс нь хурц зэвсэг гялалзуулан эр чадлыг тэнсэн тулахаар шийдмэг төгс байгааг хараад баахан сүрдэж, учиргүй тавхай гялалзуулан зугтаж шившиг болчихолгүй хэрхэн яаж мултрах билээ хэмээн элдвийн арга бач хайн бодолд унаж, таг дуугүй гөлийлдөх нь олонтаа.
Харин энэ хүрээ буудлынхаа дотор хорхойд хоргүй номхон ажин түжин суух монгол эрсийг улангассан тулалдаанд түүний өмнөөс хор идсэн баавгай шиг бархиран, үсчин дүүлэн дайрч байсан хүмүүс мөн гээд төсөөлөхөд ч бэрх. Намхавтар нуруутай ч арслангийн хүч оршсон гэмээр өргөн хүдэр цээжтэй,  хусны цог мэт хурц атлаа онигор зуувин нүдтэй энэ хүмүүс хэзээ ч өөр хоорондоо хэрэлдэж маргалдана гэж үгүй, тэр ч бүү хэл дуугаа ч өндөрсгөж ярилцах нь нэн ховор. Оросын хуаранд бол хэрүүл маргаангүй байвал харин хуаран биш болно. Монголчуудын идэж ууж буй нь, унтаж амарч буй нь ч үзэгдэж харагдахгүй. Харин түүний оросууд бол идэж уухаа, унтаж амрахаа бах цэнгэл болгодог заншилтай билээ.
Энэ номхон зөөлөн хүмүүс харин байлдаж тулах цаг болоход ямар аймшигтай дуугаар архиран дайрдагийг тэр чихээрээ сонссон,  зэр зэвсэгтээ ямар гаргуун эзэн байдгыг тэр биеэрээ мэдэрсэн, барс ирвэс мэт ямар хурдан шаламгай, овжин дайтаж тулалддагийг тэр нүдээрээ харсан билээ. Тэд хос хосоороо, тав арваараа нэг нийлэн, нэг тарж, нэг давшин, нэг ухарч, чухам яах гэж, хаанаас нь дайрах гэж буй нь ч үл ойлгогдом хачин сониноор тулалдах нь Дмитрийг бүр гайхшруулж орхисонсон.
Түүний мэдэх оросын аль ч ванлигийн шилдэг цэргүүд, Аукштайтийнхан, Псковынхон, тэр ч бүү хэл баруун зүгийнхний бахархал болсон немцийн тевтонын хүлэг баатрууд ч энэ монголчуудтай тулж ялна гэдэг зөвхөн зүүд мөрөөдөлд л байх юм гэдгийг энэ хуаранд байх хугацаандаа улам бүр мэдэрч байлаа. Чухам умардынхны үлгэр домогт гардаг Один тэнгэрийн цэрэг арми л ийм байдаг буй за.
Сүүлийн өдрүүдэд Дмитрий монголчуудыг өөртөө улам бүр нээж, тийн нээх бүрдээ тэднийг ялах ямар ч найдваргүйдээ сэтгэлээр унаж, бас энэ монголчуудын хүч чадлынх нь нууцыг мэдрэх бүрдээ бахархал бишрэл төрж буйг тэр мэдэрч байв. Сэтгэл санааныхаа энэ хоёрдмол байдалд тэр өөрөө бас гайхах бөлгөө.
Цачрын үүд аяархан сөхөгдөж домч орж ирэв. Дмитрий харцаа алгуур сөхөн харвал домч биш Бат хаан өөрийн биеэр үүдэнд зогсож байх нь тэр. Тархиндаа хүнд мончуургаар дэлдүүлээд ухаан орохдоо чухам энэ хүний өмнө нүдээ нээсэн билээ. Дмитрий ухасхийн босож, баруун гараа элгэндээ аваад мэхийн хүндэтгэв. Анд нөхдийн хувьд бүү хэл атаат дайсны хувьд ч энэ хүн бол аргагүй хүндэтгэл, бишрэл төрүүлэх Их хаан билээ. Чухам ийм хүчирхэг цэрэг армийг ийм л сүр жавхлантай Их хаан захирах буй за.
Гэтэл монголчуудад Бат хааныг ч захирдаг Их хаан бас бий гэлцэнэ. Тэр Их хаанд Бат хаан шиг, Сүбээдэй баатар шиг, Оросын баатар хотуудыг ганц ганц түншилтээр унагаж орхисон Байдар, Хадаан, Бэрх, Хайду, Мөнх зэрэг монголын бусад хан хөвүүд шиг хаан, ханхүү, баатар эрс дэндүү олон бий гэлцэнэ. Тэд Их хааныхаа дохих төдийд ертөнцийн хязгаар бүрт одож, ийнхүү эрх дураараа дүүлэн давхилдаж, элин халих цагаан шонхорын дүрстэй сүлд юугаа намируулж яваа гэх.
Тийм бол тэр Их хааных нь бараа сүрийг нэг харахсан, тэгэх аваас мянган дайнд ялан гарснаас ялгаа юун.
Бат хаан идрийн цог бадарсан харцаар Дмитрийг нэвт шувт ширтээд ийн өгүүлэв.
“Таны шарх бүрнээ илааршсаныг домчоос мэдэв. Таны өмнө манай зэвсгийн сан бий. Та тэндээс хүссэн илд, зэвсгээ дураар сонгож авагтун. Бид алс баруун их далайн хөвөө хүрч, Ром хэмээх их санаатай улсын давилуун омгыг мохоохоор очино. Зам зуураа урвагч куман, урвагч мажараас бас ял асуух болно. Хэрвээ та баруун далайн давалгааныг үзэхийг хүсвээс илд юүгээ агсаад бидэнтэй цуг явагтун. Бид таныг Мөнхтэнгэрийн ивээлт Хөх төрийн дайчин хэмээн талархан угтана.
Хэрвээ та үл хүсэх аваас хаа дуртай зүгтээ явж одогтун. Баатар зориг, чин шударга тань Мөнхтэнгэрт таашаагдаж, та ийм эрхийг олсон. Гэхдээ дараагийн удаад бидний илд дахин зөрөлдөх аваас бид ёсыг гүйцэтгэхээс өөр аргагүй гэдгийг та ойлгож байгаа” гэлээ.
Тийм ээ, ертөнц дахиныг эрхшээх хувьтай төрсөн энэ баатар эрстэй дөрөө харшуулан, ертөнцийн баруун хязгаарт хүрч, их далайн давалгаан өлмий юуг нь аргадах мэт долоон байхыг мэдэрч, тэртээ тэнгэрийн хаяаны бүгт шаргал эмжээрийг ширтэн зогсож, бах цэнгэлийг ханатал үзэхсэн. Хуяг дуулга эгэлдрэглэж, илд саадаг агсан, дайчин уухай дуудаж үзсэн хэн бүхэнд олдошгүйяа ховор хишиг билээ. Тэгээд Дмитрий ийн өгүүлэв.
“Бат хаан. Чиний тааллаар надад өглөөд наран мандаж, үдшээр харанхуйлах билээ. Улс олныхоо уй гуниг, ялагдал доройтлоор дүүрсэн өдрүүдийг дааж ядан үүрч явнам би. Энэ өдрүүдийг төгсгөл болгох эсэх нь мөн чиний таалалд. Өнөө чи намайг дахин ивээж, хувь заяаны минь жолоог гарт минь атгуулжээ.
Чи болон чиний баатруудтай хамт баруун их далайн ус ямархан шорвог байдгыг мэдэхсэн гэж туйлаас хүснэ. Хүсэл ийм байвч зүрх сэтгэлийн минь шаналан, уй гашуу миний гарыг залж, хүлгийн минь жолоог та нартай хамт явах тэр баруун зүгт биш өөр зүгт чиглүүлж байна. Бутарсан олноо цуглуулж, нурсан хот саравчаа босгох тэр зүгт жолоог минь залж байна. Болгооно уу” гэлээ.
Бат хаан “Чухам зөв” гэж хэлээд ихэд зөвшөөн толгой дохив. Хэрвээ өөртэй нь хамт баруунш зорихоор болсон бол энэ эрийн үнэн зоригийнх нь үнэ цэнэ нэг шат доош унах билээ.
Тэгээд Бат хаан хуруу инчдэхэд дотоод харуулын хэвтүүл цэрэг шурдхийн орж иржээ. Дмитрийн хувьд тэр цэргийг хэдийд цачрынх хаяанд ирчихсэн дохио хүлээн зогссоныг анзаарч мэдээгүй билээ. Ер эдний зарим үйлдэл могой гулсах шиг чимээгүй, тэр хэмжээгээрээ сэрэмжтэй, бас аюумшигтай. Бат хаан тэр хэвтүүлд хандаж “Дмитрий дайчныг зэвсгийн санд хүргэж өгөгтүн. Юу дуртайгаа сонгож аваг. Агтанд хүргэгтэн. Хүссэн хүлгээ сонгож аваг. Зүүн хаалганд хүргэгтүн. Дуртай зүгтээ одог” гэлээ.
Бат хааныг эргэвэл Дмитрий хоолойгоо засав. Бат хаан зогсосхийн хүлээлээ.
“... Бат хаан, хэрвээ чи барууны босоо бамбайтнуудыг дайлах гэж буй бол, алс далайн хязгаар хүртэл аялах гэж буй бол энд, энэ оросын газар нутагт удаан тухлах хэрэггүй. Өнгөрч буй өдөр бүр чиний ялалтыг холдуулна. Чиний баатруудын харвасан сумны эрч суларч, харин тэд хар дарсан зүүднээсээ сэргэх болно.
Оросын газар нутаг хэвлийдээ эрч хүчээ хуримтлуулж байгаа гэдгийг бүү март. Оросын газар нутгийн тэр эрч хүч чамд, чиний баатруудад эрч хүчийг нэмэхгүй. Яагаад гэдгийг чи мэдэж байгаа, энэ чиний төрөлх газар нутаг биш.
Та нарын хүч чадал, ялалт цаг хугацааг өөрийн болгож чаддагт бий. Их Оросын уудам нутгийг эзэллээ хэмээн алгуурлан тайвшрах аваас энэ уудам нутаг та нарыг алмайруулан, хүчийг чинь сорох болно.
Далайсан илд чинь буугаагүй, хашгирсан дууны чинь цуурай намдаагүй байгаа дээр шонхор шувуу шигээ дүүлэн давш. Шунган ор. Хувь заяа, та нарыг ивээгч тэнгэрийн өгч байгаа аугаа ялалтуудаа шүүрэн барьж ав. Бушуу түргэн мордоцгоо...”
Дмитрийн үг энэ байв. Сэтгэл хөдөлснөөс хоолой нь чичигнэн хүнгэнэнэ. Бат хаан түүний хэлснийг сонсоод хариу өгсөнгүй, бавгар их сахлаасаа болоод ихийг туулсан өвгөн хүлэг мэт харагдавч нас нь яагаа ч үгүй энэ хүдэр чийрэг, ясархаг орос эрийн тод цэнхэр нүдийг ширтэн хэсэг зуур бодолхийлэн чимээгүй зогсов.
Дмитрийн үг үнэн байлаа. Тэр төрөлх оросынхоо газар нутгаас монголчуудыг хурдан түргэн зайлж холдоосой гэсэндээ, бач мэх гарган ийн хэлээгүй гэдгийг Бат хаан сайн мэдэж байв. Их цэрэг нь хоёр жилийн өмнө булгар түмнийг Танайя хэмээх их мөрнийх нь хөндийгөөс үлдэн хөөж асан тэр цагаас хойш түүний эрс хичнээн урт зам, их цас мөс туулж, хичнээн олон хот балгадын хэрэм түшиж, хичнээн олон хатуу ширүүн тулаан хийв ээ. Умардад мөнхийн мөсөн орны хязгаар хүртэл давшиж, өмнөдөд Кавказ хэмээх их уулсын үзүүр шувтартал довтолгожээ. Кумануудтай хөөцөлдөн Дештийн элсэн цөлөөс Буг голын хоорондох цөл тал, ой тайга, гол мөрөн, намаг шалбааг бүхнийг туулан хэдэнтэй нааш цааш хэрэн давхилджээ. Оросын олон ванлигийг дуусгаж, куманын үлдэгдлийг баруунш дутаалган алдаж, буртас, башкир, мордва, алан, черкес зэрэг олон үндэстний зоригийг нуга даржээ. Энэ бүхний эцэст түүний баатар жанжидийнх нь царай төрхөд, цэрэг дайчдынх нь алхаа гишгээнд энэ бүх ялалтууддаа ханаж цадсан мэт амгалан тайван байдал илт анзаарагдах болсныг хашир Сүбээдэй баатар сануулан хэлсэн нь чухам үнэн байв. Ийм тайвшрал бол маргаашийн бүтэлгүйдлийн эхлэл болдогийг Сүбээдэй баатар сайн мэдэж хэлжээ. Тиймээ, монгол цэрэг энд, ялан дийлэгдсэн оросын газар нутагт удаан сууж хэрхэвч болохгүй. Энэ орос баатрын хэлдгээр хашгирсан дууны маань цуурай намдаагүй дээр баруунд уулгалан орсугай. Шонхор шувуу олзоо бариад хэзээ ч хад чулуун дээр үүрэглэн суудаггүй билээ.
Дмитрийн зүрхэнд өөрсдийнх нь аугаа ялалтуудын бах цэнгэлээр баясан дуулах дуу хоолой бас буй аж.
Ер жинхэнэ эр зориг гэгч нь үнэнтэй ямагт барилдсан, өөрөөр хэлбэл үнэн, эр зориг хоёр нэг зүйлийн хоёр тал нь юм. Тийм эр зоригтон аар саархан зүйлд товойж харагддаггүй, хичээдэг ч үгүй, зөвхөн үнэнийг эрж хайхад, түүнийг эрслэн хамгаалахад л бүхнээ шавхаж чаддаг. Тийм учраас тэд зөвхөн үнэнийг л хэлдэг, хичнээн хэцүү байсан ч, бүр өөрийнх нь эсрэг байсан ч ялгаагүй.
Тийм зоригтон урваж шарвадаггүй, нэгийг бодоод өөрийг хэлдэггүй, элдэв бач, заль мэхгүй, энгийн үед хонь мэт номхон суух ч шаардлагатай үед бүхнийг цөлөн зүтгэдэг чанарыг их өвөг Чингис хаан  мэргэн бэлгээрээ онож, тийм эр зоригтнуудыг олж, өөрийгөө тойруулаад зогсохгүй тэдэнд үнэнийг эрж хайх, үнэнийг хамгаалах, үнэнийг тунхаглан зарлах зам чигийг нь өөрийн үг үйлдэл бүхнээрээ үлгэрлэн зааж чаддаг байсан. Тийм хүмүүсийг түмний өмнө товойлгон гаргаж, тэдэнд шавхагдашгүй хүчин чадлаа аугаа их үйлсийн төлөө шавхан дайчлах итгэл үнэмшлийг нь өгч чаддаг байсан.
Тийм учраас л түүний ард түмэн нийтээр чигч шударгуу болж төлөвшсөн билээ.
Бат хаан энэ зуур үүнийг эргэцүүлээд, өөрийгөө андуу харж, өчүүхэн өширхөг хүн өршөөгөөгүй гэдэгтээ баттай итгэж, чухам жинхэнэ баатар эр өмнө нь зогсож буйд сэтгэлд нь баясал төрөв. Тэгээд мөн Дмитрийн адил баруун гараа энгэртээ авч дор мэхийн хүндэтгээд, цачрын үүдийг сэвхийлгэн гарч одов.
2013 оны 4 сарын 13.
Улиастай, Баатархайрханы бэл.

Wednesday, April 3, 2013

Аттила хааны алдар суу, аугаа ялалтын нууц

(Уэсс Робертсийн “Хүннүгийн хаан Аттилагийн Удирдахуйн ухааны нууц” номын тухайд)
 
Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ?
Загалмайтны тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.
- Гэтэл нүүдэлчин, зэрлэг гэгдэн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод түвшинд байсан Хүннүчүүд яаж тэрхүү хүчирхэг Ром гүрнийг сөгтгөн сөхрүүлж чадав?
- Хэрхэн хэдэн зууны турш Европ даяар түгэн дэлгэрсэн “Ромын дэг ёс”-ыг /Pax Romanica/ халж, “Хүннүгийн дэг ёс”-ыг /Pax Hun/тунхаглаж чадав аа?
- Хэрхэн яаж Төв болон Дорнод Европын олон аймаг, овгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж, төмөр мэт хатуу сахилгад оруулан удирдаж байв?
- Хүннүгийн хаан Аттилаг юуны учир үеийн үед “Хаадын хаан”, хүн төрөлхтний гэм нүглийг гэсгээхээр тэнгэр бурхнаас илгээсэн “Тэнгэрийн ташуур”, “Бурхны бэрээ” хэмээн нэрийдэн, ард түмнүүд домог түүхэндээ дурсаж ирэв?
Энэ бүхний нууц нь удирдахуйн ухаан юм. Хүннүгийн хаан, “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.
Америкийн эрдэмтэн Уэсс Робертсийн “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц” номд Аттила хааны үр бүтээлтэй амжилттай удирдах удирдлагын арга ухааныг задлан тайлбарлажээ.
Хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй байх хүнийг удирдах арга ухааны хамгийн шилдэг аргачлалыг Аттила боловсруулсан хэмээн уг номыг зохиогч Уэсс Робертс дүгнэжээ. Нөгөө талаар “балар цагийн сэлэм жад зөрөлдүүлсэн байлдаан” ч, өнөөгийн корпорацийн менежмент ч нэг л зарчимтай. Гэхдээ тэр “Балар цагийн байлдаан”-ыг сэлэм жад бариад алалцдагаас арай өргөн хүрээнд, стратеги бодлого, удирдлагын түвшинд ойлговол шүү дээ.
Уэсс Робертс Аттила хааны үйл хэргийг нарийн нягт шинжлэн судлаад, түүний амьдралдаа, улс орныхоо удирдлагад, олон улсын харилцаанд баримталж байсан зарчмуудыг гарган иржээ. Тухайлбал,
- Чи хаан байлаа ч гэсэн хүн бүр чамтай санал нийлэх албагүй, (ардчиллын амин сүнс)
- Зорилгогүйгээр бусдын дургүйг бүү хүргэ, (Чингис хааны “Хэвтэж буйн хэвлийг, сууж буй хөхлийг бүү хөнд” гэсэн зарчим)
- Удирдагч хүн эрх мэдлээ буруугаар ашиглаж хэзээ болохгүй. Ийм үйлдэл маш том зөрчил үүсгэж, үймээн самуунд хүргэнэ (эрх мэдлийн хэм хэмжээ, үлгэрлэн дагуулах ёс)
- Хуулийн үзэл санаа удирдагчийн хүсэл зоргоос ямагт дээгүүр гэдгийг бүү март. (хууль, ёс журмын хүрээнд ажиллах)
- Удирдлагад буй хүмүүс нь хэлсэн болгоныг нь эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрдөг хаан бол зөвхөн тоглоомын хаан. (бүтээлч санаачилга бүхий удирдах баг амжилтын нэг үндэс)
- Удирдагч гарцаагүй ялах давуу хүчтэй байх албагүй, харин ялалтаар цадаж ханашгүй өлөн байх ёстой. (эрмэлзэл тэмүүлэл, алсын том зорилго)
- Удирдагчийн чанарыг үндэстнийхээ сайн сайхны төлөө хийсэн үйлээр нь хэмждэг. (“Сони” корпорацийн захирлын зарчим)
- Ялагдал нь ялалтаас ч илүү ихийг сургадаг.  (сайн нь миний багш, муу нь ч миний багш)
- Улс төрийн дайнд нүд нь чихээ сонсдог байх ёстой. (бодит хандлагын зэрэгцээ мэдрэмж нэн чухал)
- Ялахгүй бол дайтаж хэрэггүй. (дайнд эсрэг талынхаа хүчин чадал, нөөцийг гүйцэд тагнан мэдэх, бизнест нарийн мэргэжлийн судалгаа хийж байж ажлаа эхлэх)
- Хүннү нар үндэстнийхээ зорилгыг өөрийнхөө зорилготой адилхан чухалд үздэг болсон цагт бид үндэстнийхээ хувьд аугаа ихийг бүтээж чадна. (үндэстний төдийгүй хамт олны ч нэгдсэн ухамсар, эв нэгдэл нь амжилтын үндэс) гэх мэт...
Аттилагийн улс төрийн бодлого, дипломат арга ухаанаас гадна удирдагч хүн ард түмэнтэйгээ, ялангуяа нэгэнт гаргасан зорилт бодлогыг нь гардан хэрэгжүүлэгч болсон шат шатны үүрэг гүйцэтгэгчидээ ямар шалгуураар сонгох, хэрхэн удирдах, зорилго, үзэл санаагаа итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зорилтоо бүрэн төгс хэрэгжүүлэх арга нь өнөөгийн удирдлагын менежментийн хувьд анхаарууштай, санаа авчихмаар, судлууштай төдийгүй алхам тутамдаа мөрдлөгө болгох зүйл байсанд л Аттилагийн алдар суу, Хүннү гүрний мандал бадралын нууц байжээ. Өнөөдрийн маш олон компанийн удирдлагууд, улс төрчид, тухайлбал АНУ-ын армийн генерал Жон Бансен, General Мotors-ын дэд ерөнхийлөгч Паул Залески, American Airlines-ийн ерөнхийлөгч Р. Л. Грэндэлл, Creative Service Inc-ийн ерөнхий захирал Нидо Кибейн зэрэг маш олон алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс энэхүү номын үзэл санааг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн амжилт олсноо дурджээ. Тэр ч бүү хэл Los Angeles Lakers-ийн дасгалжуулагч Пат Рилей хүртэл Аттилагийн стратеги, тактикаас суралцсан гэнэ.
Дашрамд, Эртний Хятадын Сүнзийн бичсэн “Дайтах урлаг” /The Art of War/ гэдэг Аттилагийн үетэй харьцуулбал жинхэнэ балар цагийн дайтах урлагийн номлолыг хичнээн олон төрөл янзаар тайлбарлан, янз бүр хэмжээгээр хэвлэсэн номууд АНУ-ын аль ч номын дэлгүүрт лангуу лангуу дүүрэн буйг үзэж болно. Энэ ном өдгөө дэлхийн хэдэн арван хэлээр орчуулагдаж, судлагдаж, олон ажил хэрэгч хүмүүсийн байнга уншдаг ном нь болж байдаг гэнэ. Энэ онд (2009 он) манай нэрт орчуулагч М.Чимэдцэрэн хятад хэлнээс Сүнзийн энэхүү алдарт “Дайтах урлаг” номыг орчуулан монгол түмнийхээ оюуны мэлмийд өргөн барьсан юм. Сүнз “Дайтах урлаг” гэдгийг өнөө цагийн хүнтэй харьцах урлагийн түвшинд боловсруулж орхижээ.
Аттилагийн удирдахуйн ухаан ч мөн түүн лугаа адил юм. Ямар ч цаг үед, ямар ч нийгэм оршиж буйгаас үл хамаарах мөнхийн зарчмуудыг тэрээр бүхий л үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байжээ. Аттилагийн удирдахуйн ухаан, ялангуяа цэргийг засах, дайснаа ялах ухаан нь Чингис хааныхтай бүхий л талаар маш ойрхон байдгийг зориуд онцлох хэрэгтэй юм.
Ялангуяа өнөөдрийн манай төр засаг хямарч, эх адгаа, сайн муугаа сайтар ялгаж, салгаж чадахгүй болсон цаг үед Аттилагийн удирдахуйн арга ухаан, бодлого нь түүний удам салтар болсон бидэнд олон санаа өгч, шинэ сэргэг итгэлийг тэтгэх байх гэдэгт итгэж байна.
Ингэхэд Аттилаг монгол угсаатан мөн, биш гэсэн маргаан түгээмэл байдаг ч олонхи судлаачид Хүннүг эртний монгол угсааны аймаг мөн хэмээн үзсэн. Тухайлбал Мкговерн, Даниэл Кохен, Патрик Ховард, Жосеф Гүнэс, Прицах Омелжа, Нигэл Мэн, И.В. Константинов, Е.Болше, С.И.Руденко зэрэг өрнийн олон судлаачид ийм л байр суурийг илэрхийлдэг. Монголын маань толгой түүхчид болох А.Очир, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, Ж.Болдбаатар, Л.Жамсран, Ц.Ишдорж, Д.Цэвээндорж нарын найруулан эмхэтгэсэн Монголын Улсын түүхийн I ботид түүх, угсаатны зүй, соёл, археологийн олдвор зэрэг олон судалгаанд үндэслэн Хүннүчүүдийг язгуурын монгол аймаг болохыг дурдан бичсэн байна. Ялангуяа нэрт түүхч Г.Сүхбаатар агсан “Монголчуудын эртний өвөг” номондоо “Хүннүд холбогдох антропологийн мэдээнээс үзэхэд Хүннү нарыг монгол угсаатан гэж бүрэн болно”, “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл мөн гэх бүрэн үндэс байна” гэсэн байна. Тэгэхээр Аттилагийн оюуны өв нь юутай ч монголчууд бидэнд юу юунаас илүү хүртээлтэй байх учиртай.
Аттилагийн тухай домог, тууль Европын нэлээд хэдэн оронд хэдэн зууныг дамнан үлджээ. Мажаруудын домогт эрт цагт Алтайн уулсаас нүүдэллэн ирсэн хүчирхэг овгийн тэргүүн Аттилагийн тухай маш тодорхой дүрсэлсэн нь бий. Кэйт Середийн “Цагаан буга” хэмээн домгийн номонд Аттилагийн тухай, Хүннү нарын анхны их нүүдлийн тухай, тэдний шүтээн, гарал үүслийн тухай өгүүлжээ.
Герман болон Скандинавын орнуудын дунд өргөн дэлгэрсэн “Небулингуудын дуулал” хэмээх ихэд алдартай туульд Аттила хааныг тод томруун дүрсэлсэн нь бий. Эртний Ромын түүхч Марселинус, Жорданис/Готын/, Прискус нар Аттилагийн түүх намтрыг бичин үлдээж, тэр цагаас хойш үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан ба одоо ч судалгаа шинжилгээ нь үргэлжилж, кино ч бүтээгдсээр байна.
Өнөөдөр Берлин, Вена, Будапешт, Ром зэрэг европын төдийгүй хүн төрөлхтний соёлын томоохон төв болсон хотуудад Аттилагийн нэрэмжит талбай, гудамж, хөшөө бий. Мөн Хүннүгийн нэртэй тосгон, уул, ус цөөнгүй байдгаас гадна Ижил мөрний нэрийг Аттилагийн домгийн нэгэн нэр болох Этцилтэй холбосон домог ч байдаг байна. Дорнод болон Төв Европт хөх толботой хүүхдүүд төрөх үзэгдлийг судлаачид олон жил судалсны эцэст Төв азиас халин ирсэн Хүннү нартай холбоотой болохыг олж тогтоосон гэжээ. Ер нь Мажарт хөх толботой хүүхэд цөөнгүй төрдөг бөгөөд хэдэн жилийн өмнө өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээсэн хэдэн мянган унгарчууд холбоо байгуулж байсан төдийгүй Мажарын төрийн зүгээс тэдэнд онцгой анхаардаг талаар мэдээлэл сонсогдож байсан билээ. Францад ч хөх толботой хүүхэд төрдөг тохиолдол ч мэр сэр гардаг байна.
Хүннүчүүдийн Европт хийсэн цөмрөлт нь зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгуудыг баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрахад хүргэж, улмаар “Pax Romanica” –г бүрмөсөн нурааж, өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг. Зарим түүхчид Аттилагийн Хүннүгийн Европт орсон цөмрөлт нь энэ бүс нутгийн түүхэнд хожмийн Бат, Сүбээдэй нарын довтолгооноос хол илүү гүнзгий ул мөр үлдээсэн гэжээ.
... Барууны ертөнц Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг бахдан шагширч, үлгэрлэн дагаж байхад Монголчууд түүнээс хоцрох учир юу билээ. Үгүй ядахдаа сайтар танилцах нь зөв болов уу.
Б. Номинчимэд
2009 оны 11 дүгээр сар 5

Уэсс Робертсийн “Хүннүгийн хаан Аттилагийн Удирдахуйн ухааны нууц” ном Улаанбаатарын бүх номын дэлгүүрүүдэд зарагдаж байгаа.