Wednesday, April 17, 2013

ТУСГААР ТОГТНОЛ ХҮНДЭТГЭЛ, БИШРЭЛЭЭС ЭХЭЛДЭГ

Тусгаар тогтнолын тэмдэглэл - 15
Б.Номинчимэд
Шинэ Делийн төвийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байх Махатма Гандийн бунханд очлоо. Хааш хааш арав ч хүрэхгүй жижигхэн талбайд, элдвийн чимэг, орд харшгүй, энгийн даруухан, байдаг л нэг пильтан хавтангаар бүрсэн харагдана. Ажлын өдөр байсан хэдий ч байнгын хүн холхиостой. Шарилийн хөлд ээлжлэн сууцгааж, залбирч, бас зарим нь гүн бясалгалд орж буй бололтой, нүдээ аниад хөшөө мэт болчихно. Харин сургуулийн бага, дунд ангийнхан бололтой ижилссэн формын хувцастай хүүхдийн цуваа тасарсангүй. Анги ангиараа ээлжээ хүлээж байгаад бунханлуу ирэх ажээ. Бунхныг нэг тойрч, хөлд нь жаахан зогсож байгаад, багш нарынхаа хэлэх хэдэн үгийг сонсчихоод жагсаалаараа гарч явахад дараагийн анги орж ирнэ.
Нэгэн багшаас “Өнөөдөр экскурс аяллын өдөр үү?“ гэж асуусанд “Үгүй ээ, хичээлийн өдөр. Хичээлээ хийж явна. Гүрүд ирэх нь манай хичээлийн программд байдаг.” гэв.
Шинэ Дели бол түүх соёлын хосгүй их дурсгалтай газар. Эртний хиндү, лал, буддын шашны төдийгүй англичуудын үлдээсэн зүйл ч арвин их, үзэж барагдамгүй. Зөвхөн монголчуудтай холбоотой түүх дурсгал гэхэд Цагаадай, Төмөрийн угсааны монгол хаадын хоёр дахь үе болох Хумаан хааны ер бусын бунхан, орой дээрээ одон орон судлалын төхөөрөмж бүхий аварга чулуун хэрэм, түүний хүү аугаа их Акбар хааны бариулсан Жама Масжид хэмээх 20 000 хүн зэрэг мөргөх багтаамжтай гайхамшигт сүм, алдарт Улаан цайз, монгол хаадын энэтхэг даяар түгээсэн Мuhgal garden буюу Монгол цэцэрлэг гэх өвөрмөц загвар, бүтэцтэй цэцэрлэгт хүрээлэн зэрэг өч төчнөөн зүйлс бий. 
Тэр олон сүрлэг уран, гоо жавхлантай зүйлс байсаар атал эгэл жирийн нэгэн шарил дээр  хүүхэд багачуудаа анги ангиар нь авчирч, төрийн боловсролын бодлогын хүрээнд үзүүлж, танилцуулж байдаг нь алсыг харсан ухаалаг бодлого ажээ. Махатма Ганди бол Энэтхэг үндэстний тусгаар тогтнол, оюун санааных нь эцэг болсон хүн билээ.
Ирээдүй хойчдоо гоё ганган, сайхан юм үзүүлэх нь тийм ч чухал биш, сэтгэл зүрхэнд нь бахархал, хүндэтгэлийн галыг асааж, бадрааж өгөх нь чухал аж.
2010 оны 3 сар. Шинэ Дели
 (тэмдэглэл цааш үргэлжилнэ)

No comments: