Thursday, May 30, 2013

Бид Төрийг жинхэнэ утгаар нь цогцлоож явсан билээ

Мисир, Вавилон, Грэг, Ром, Эртний Хятад зэрэг суурин үндэстнүүд зуун зуунааар төрт ёсыг бий болгож, хөгжүүлж ирсэн ч төрийг жинхэнэ утгаар нь зөвхөн Чингис хаан Их талын цээжинд цогцлоож чадсан байна. Чингис хааны төрийн механизмын бүхий л эд анги, нэгжийнх нь хөшүүргэ, хэлхээ бүхнийг батлан бэхэлсэн гагнуур нь ШУДАРГА ЁС болж байв. Урьд хожид хэзээ ч ийм өвөрмөц шинж төрх бүхий төр оршиж байсангүй. Тиймдээ ч тийм бага хүн хүч бүхий Монгол тийм их хүчирхэг байсан юм.

Monday, May 27, 2013

Хүүхдийн сонгодог зохиолууд Хүүхдийн баяраар 20-50 хувь хямдарлаа.

Хүүхдийн баяраар 20-50 хувь хямдарсан номууд. /нийт 95 төрлийн ном байна/

Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН” цувралын номууд

Эдгээр номууд нь маргааш Их дэлгүүрийн өмнөх Битлзийн талбай дээр болох номын яармаг худалдаанд дараах үнэтэй байна. Байрлал. Баруун талын 5, 6 павилон.

50 ХУВЬ ХЯМДАРСАН НОМУУД

1. А.Милн “Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
2. К.Льюис “Шидтэний зээ дүү” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
3. К.Льюис “Морь, хүү хоёр” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
4. К.Льюис “Каспиан ханхүү” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
5. К.Льюис “Үүрээр аялагч хөлгөөр зорчсон нь” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
6. К.Льюис “Мөнгөн сандал” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/
7. К.Льюис “Сүүлчийн тулаан” /Шинэ үнэ 4000₮. Хуучин нь 8000₮/

33 ХУВЬ ХЯМДАРСАН НОМУУД

1. Э.Рауд “Углавч, Талшаахай, Хөвдөн сахалт” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
2. Д.Уисс “Эрэлхэг Робинзоныхон” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
3. Х.Лофтин “Долитл эмчийн аялал” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
4. К.Грахам “Бургаасан шугуйн салхи” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
5. “Таван сургамж буюу Панчатантра” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
6. А.Волков “Шар манан” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
7. А.Волков “Газар доорхи орны долоон ван” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
8. А.Волков “Маррануудын галын бурхан” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
9. А.Волков “Мартагдсан цайзын нууц” /Шинэ үнэ 5500₮, хуучин нь 8000₮/
10. “Робин Хүүдийн домог” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
11. “Раамын үлгэрийн цоморлиг” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
12. Р.Стевенсон “Хулгайлагдсан хүү” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
13. Р.Стевенсон “Жекилл, Хайд нарын хачирхалтай явдал” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
14. М.Шелли “Фрэнкенстейн буюу Мангас бүтээгч” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/
15. Э.Т.Гофман “Самарцөмөгч ба хулганы хаан” /Шинэ үнэ 4000₮, хуучин нь 6000₮/

20 ХУВЬ ХЯМДАРСАН НОМУУД

1. А.Дюма “Багачуудад зориулсан ер бусын түүхүүд” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
2. В.Гауф “Хүйтэн зүрхэт” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
3. Х.Андерсен “Аз жаргалын шаахай” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
4. К.Колоди “Пиноккио нэрт модон хүүгийн үлгэр” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
5. “Хүрхрээний тоглосон аялгуу” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
6. О.Уальд ”Аз жаргалтай ханхүү”, Ф.Бөрнет “Цэнхэр цэцэгсийн орон” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
7. Ф.Баум “Маргад хотын гайхамшигт шидтэн ОЗ” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
8. О.Пройслер “Бяцхан шулам” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
9. М.Метерлинк “Цэнхэр шувуу” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
10. Р.Киплинг “Зүгээр л үлгэрүүд” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
11. “Мянгуужингийн адал явдал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
12. Э.Успенский “Гена матар ба түүний нөхөд” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
13. “Мянга нэгэн шөнийн үлгэр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
14. Р.Киплинг “Ширэнгэн ойн ном” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
15. “Эмээг шар шувуу байхад” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
16. Ф.Бөрнэт “Бяцхан гүнж” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
17. Л.Алкотт “Жаалхан авхай нар” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
18. Ж.Спайри “Хэйди” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
19. Ф.Бөрнэт “Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
20. Ф.Бөрнэт “Нууц цэцэрлэг” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
21. Р.Балантайн “Шүрэн арал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
22. Марк Твен “Хаклебери Финний адал явдал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
23. Р.Стивенсон “Эрдэнэ нуусан арал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
24. Х.Хаггард “Соломон хааны эрдэнэсийн сан” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
25. Ж.Аустин “Бахархал ба бардамнал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
26. Э.Бронте “Аянгат даваа” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
27. Г.Лерүкс “Дуурийн театрын хий үзэгдэл” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
28. К.Уиггин “Нарлаггорхи эдлэнгийн Ребекка охин”
29. А.Сэвел “Хөөрхөн хар” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
30. “Артур вангийн домог” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
31. Ч.Диккенс “Аугаа их итгэл найдвар” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
32. Ж.Лондон “Цагаан соёот” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
33. Ж.Верн “Дэлхийг 80 хоногт тойрсон нь” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
34. А.Доил “Шерлок Холмсын адал явдал” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
35. Л.Кэролл “Алиса толин дотор” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
36. “Цус сорогч Дракула” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
37. Л.Монтогомери “Ногоон давхарцагийн Анна охин” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
38. Х.Г.Уэлс “Цаг хугацааны машин” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
39. Ж.Мелвилл “Моби Дик” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
40. В.Хюго “Эх дагинын сүмийн бөгтөр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
41. Л.Монтогомери “Эвонлигийн Анна” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
42. М.Дож “Мөнгөн тэшүүр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
43. М.Твен “Ханхүү, ядуу хүү хоёр” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
44. А.Дюма “Төмөр багтай хүн” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
45. М.Сидней “Таван бяцхан Пэппер” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
46. Л.Алкотт “Жаалхан эрчүүд” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
47. Ж.Барри “Питер Пэн, Винди хоёр” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
48. Ж.Барри “Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
49. Ян Бжехва “Ноён Бэхэндусалын аялал” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
50. Ж.МакДональд “Гүнж ба Гоблинууд” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
51. Орасио Кираго “Ухаант аварга могойн түүх” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
52. “Шидэт хүүрийн үлгэр” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
53. Р.Киплинг “Шидэт толгодын савдаг” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
54. П.Трэверс “Интоорт гудамжны Мэри Поппинс” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
55. Пол Геллико “Женни муур” /Шинэ үнэ 4800₮, хуучин нь 6000/
56. Э.Несбит “Нойтон шид” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
57. К.Солтен “Бэмби” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
58. Б.Алмазов “Хамгийн сайхан морь” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
59. Н.Боуден “Шулмын охин” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
60. К.Патерсен “Аугаа их Гилли Хопкинс” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
61. П.Бажов “Зэст уулын эзэгтэй” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
62. В.Ирвинг “Нойрмог хөндийн домог” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
63. С.Лагерлеф “Шидэт дэнлүү” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
64. Э. Портер “Поллианна” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
65. Л.Кэрролл “Алиса гайхалтай оронд” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
66. Э. Гоуж “Бяцхан цагаан морь” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
67. С.О’Делл “Дельфинт цэнхэр арал” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
68. “Эртний цайзын сонин хачин” /Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/
69. “Гэсэр” /Шинэ үнэ 8000₮, хуучин нь 10000/
70. Дэлхийн шилдэг аж байдлын үлгэрүүд /Шинэ үнэ 12000₮, хуучин нь 15 000/
71. Дэлхийн шилдэг шидэт үлгэрүүд /Шинэ үнэ 12 000₮, хуучин нь 15 000/
72. Дэлхийн шилдэг баатарлаг үлгэрүүд /Шинэ үнэ 12 000₮, хуучин нь 15000/
73. Махабхарата буюу Пандугийн удмын их тулаан //Шинэ үнэ 6400₮, хуучин нь 8000/

Утас: 98989959
Майл: banom2001@yahoo.com
 95 номыг бүгдийг нь авбал
523 500 төгрөг болж хямдралын өмнөх 691 000 төгрөгөөс 167 500 төгрөг хэмнэх боломжтой.

Sunday, May 26, 2013

Ялан дийлэхүйн арга замаас

Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүбээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхчид гайхан шагширсаар иржээ. 5 сая хүнтэй Кавказын умард, Куманы уудам тал нутгийн ард түмнүүд, 9 сая хүнтэй Орос орон, 8 сая гаруй хүнтэй Дорнод Европ сөхрөв. Баруун Европ ч эсэргүүцэх чадваргүй болж, үндсэндээ бууж өгөөд байв. Бат, Сүбээдэй хоёрын арми дээрх ард түмнүүдийн тооноос 230 дахин, харин тэдний гаргаж байлдуулсан цэрэг армиас 6-7 дахин бага байв.

Монголын арми 1236 оны намар Камын Булгарт довтолсноос 1241 оны 12 сард Жур хотоос буцах хүртэлх 5 жил гаруй хугацаанд зүүнээс баруун хүртлээ 2000 орчим км, хойноос өмнөд хүртлээ уудам 1600 орчим км уудам орон зайд байлдааны 100 гаруй аян, ажиллагаа явуулж, их бага 90 орчим тулаан, мөргөлдөөнд ялж, өөрсдөөсөө 3-4 дахин олон амьд хүчийг устгажээ.

Хамгийн сонирхолтой нь ар талаасаа хэдэн мянган км-ийн алс зайд, нэмэлт хүч хийгээд хоол хүнсний хангамж, найдвартай ар тал байхгүй, байнгын дайсагнагч ард түмнүүдийн дотор, огтоос мэдэхгүй бүс нутагт, байгалийн их саад бэрхшээл дундуур тийм ч томд орохооргүй нэг арми ийм урт хугацааны, алс холын аян дайныг гялалзсан амжилтаар дуусгасанд байгаа юм.

Ийм амжилтад хоёр хүчин зүйл чухал нөлөө үзүүлсэн байна.



Нэгд, Европын талаарх монголчуудын мэдлэг асар өндөр, маш нарийн мэдээлэлтэй байсанд юм.

Харин Европчууд монголчуудын талаар ямар ч ойлголтгүй байсан ба аргаа барахдаа үлгэр домогт итгэхэд хүрч, тэр үлгэр домгоосоо үхтлээ айж, бажгидаж байжээ. Дайснаа мэдэхгүй байна гэдэг ялагдлын эхлэл юм.

Монголчууд Европын ард түмний аж байдал, өвөр хоорондын зөрчил, хот суурингийн байршил, газар усны онцлог, цаг уурын нөхцөл, цэрэг зэвсгийн хүчин чадал, хөдөлгөөн, төлөвлөгөөг өөрсдөөс нь ч илүү сайн мэдэж байсан байдаг.

Үүнд үнэн зөв, нарийн нууц мэдээлэл цуглуулж чадах сайтар зохион байгуулагдсан тагнуулын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэснээс зайлахгүй.

Сүбээдэй баатар Зэв ноёны хамт 1223 онд Кумануудыг дайлж явахдаа Крымийн хойгт байх Хар тэнгисийн худалдааны чухал боомт Судак хотыг эзэлж, Хар тэнгис, Газар дундын тэнгисийг дамжин боолын голдуу наймаа хийдэг байсан Венецийн худалдаачидтай гүн бат холбоо тогтоон Хар тэнгист наймаа хийх давуу эрх олгож, олзлогдсон куман, түрэг угсаатнуудыг хямдхан өгч, хариуд нь баруун Европын цэмбэ голдуу бараа авахын зэрэгцээ, гол нь тэднээр дамжуулан Европын бараг бүх томоохон хотуудад, нийгмийн бүх давхаргынхны дунд тагнуулын сүлжээг байгуулж чадсан байна.

Монголын армид европыг багагүй мэдэх куман, булгар, оросууд олноороо алба хааж байсны дээр англи язгууртан ч хүчин зүтгэж явжээ. Ромын Пап IX Григорий, Германы Ариун Ромын эзэнт улсын хаан II Фридрихийг Бат хаантай сүлбэлдлээ, шашин шүтлэгээсээ урвалаа хэмээн хардаж байсан нь ортой юм. Монголчуудын далд нууц туршуулууд аль хэдийнэ II Фридрихтэй холбоо тогтоож, ямар нэгэн нууц тохиролцоо хийчихсэн байхад гайхах явдалгүй л байжээ. Ерөөс эзэн хааны засаглал, Папын засаглал хоёрын зөрчил бараг 50-иад жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд “Пап бол нар, эзэн хаан бол сар. Сар нь нарнаас илч гэрлээ авч байдгийн адил эзэн хаан нь Папаас өөрийн засаглах эрхээ авах ёстой” гэсэн Папын оройлох үзэл тэдний зөрчлийн суурь болж байжээ. Энэ зөрчил II Фридрих, IX Григорий хоёрын үед дээд туйлдаа хүрчихээд байв. Европын голлох хоёр хүчний хоорондын энэ зөрчлийг Сүбээдэй баатар сайн мэдсэн байх боломжтой. Дорнод Европ монголчуудын хөлд нэгэнт сөхөрчихөөд, монголчууд Мажарт амар тайван зусаж, намаржиж байх бүтэн 8 сарын хугацаанд, мэгдэж сандарсан IV Бела хаан Европын бараг бүх хаад, ихэс ноёдод хүчин туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал элч илгээсээр байхад Төв болон Баруун Европт монголчуудтай дайтах, хүчээ нэгтгэх ямар ч оролдлого болоогүй нь нэг талаар монголчуудын сүр хүчнээс эмээн гүн шоконд орсон, нөгөө талаар Сүбээдэй баатрын тагнуулын сүлжээ идэвхтэй үр дүнтэй ажилласных байж болох бүрэн үндэслэлтэй.

Тэгээд ч II Фридрих бол дорнын соёлыг ихэд дээдэлдэг, лал цэргээр хөлсний армиа бүрдүүлсэн, латин хэлээр захидлаа, араб хэлээр шүлгээ бичдэг, өндөр боловсролтой, дорно дахинтай нээлттэй харилцахыг эрмэлздэг хүн байсныг аугаа туршлагатай жанжин маань анзаарахгүй өнгөрөөсөн гэхэд итгэмгүй билээ.

Ер нь монголчуудын тагнуулын мэдээлэл цуг-луулах хүрээ цар ер бусын... 1260-аад онд Хүлэг хааны худалдаачин-туршуулууд бүр Африкийн зүүн өмнөд дэх Зимбабе хүртэл явж наймаа арилжаа хийн, мэдээлэл цуглуулж байсан мэдээ занга ч бий.

Хүнд бэрх аян дайныг ялалтаар дуусгахад чухал нөлөө үзүүлсэн хоёр дахь хүчин зүйл бол мэдээж хэрэг монгол жанжид, баатруудын дайтан тулах арга стратеги, цэрэг дайчдын хатан тэвчээр, ур чадвар юм.

Сүбээдэй баатар, Бат хаан, Байдар, Хадаан, Хайду, Гүег, Мөнх, Бүжиг, Шейбан зэрэг хан хөвүүд байлдан тулах бүрдээ Европынхонд нохой хэрэл хэрэн ухран дагуулж зуухт оруулан гацаах, харгана зорчил зорчиж бүслэх, цүүц хатгаа хатган цочоож самууруулах, нуур байт байлдан хуваах, нүүр дээрээс нь асган бүрхэх, алингачлан мэдэх, газар орны онцлогыг хэрхэн үр ашигтай ашиглах, ялалтаа төлөвлөх зэрэг дайн тулааны үй олон нарийн нандин хичээл зааж байжээ.

Бүр хожим XIX зуунд төмөр канцлер Бисмаркийн үед Прүссийн засгийн газар Лигницийн дэргэдэх тулаанд амь үрэгдсэн Үнэн сүсэгт II Хенрийн дурсгалд босгосон Бенедиктийн сүмийг уг тулалдааны арга тактикийг тусгайлан судалдаг цэргийн сургууль болгон өөрчилж, германы цэргийн ирээдүйн дарга нарыг сургаж байсан тухай Ж.Уэтерфорд номондоо дурдсан байна.

Монгол цэргийн зэр зэвсгийн чадамж, ялангуяа нум харваж мэргэн онох чадвар европчуудаас хол тасархай, бидний сайн мэдэхээр ангийн ТОЗ-8 калибр, байлдааны тусгалд оруулсан дуран хараат винтов хоёрыг зэрэгцүүлсэн мэт байжээ. 1241 оны 3 сард Краковын Гэгээн Марийн сүмийн бүрээч цэргийн хоолойг нэвт харвасан монгол цэргийн цэц нь Есүнгэ мэргэний 335 алдад мэргэн онож, хад чулуунд алдраа мөнхлүүлсэн харваатай эн дүйхүйц бөгөөд ерөөс тэр үед иймэрхүү харвалтууд бараг л өдөр бүр Европынхныг сандарган, мэгдүүлж байж...

Монгол эрс хэдэн ч өдрийн өл хоол, нойр амралтыг үл тоон, хүлгийнхээ гүрээний цус, шүүдрийн ус төдийгөөр умдаалсан болчихоод л хатуу чангаар дайтан тулдаг, намхан давжаа монгол морьд ч өчүүхэн төдий холтос зомгол мэрчихээд, хэдэн хоногоор галзуу юм шиг давхилдаж, өргөн их усыг ч, өндөр их уулсыг нь юман чинээд тоохгүй гэтэлчихээд байсан нь Европынхонд махан бодод баймгүй ер бусын санагдаж байж... Монгол дайчид эзэн захирагчдынхаа тушаалыг гүйцэтгэхийн тулд амь золин эцсээ хүртэл зүтгэдэг, олзлогдох юм бол амь гуйж, өршөөл эрдэггүй омог бардам байж...

Монголчуудын авьяас чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлыг Фома ламтан бахдан “Татарууд шиг байлдаж тулахдаа тийм их туршлагатай, ялангуяа хээр талд хэрхэн ялж дийлэхээ мэддэг ард түмэн энэ дэлхийд байхгүй. Эр зоригоороо, ухаан билгээрээ тэд хэнтэй ч эгнэшгүй” хэмээн бичиж үлдээсэн байна. Ламтанг өштөн дайсныхаа тухай ингэж бичихэд хүргэсэн монгол баатруудын хүч чадал, авхаалж самбаа, ухаан билэг гайхамшигтай.


"Эгнэшгүй нөхрийг олов" номоос

Friday, May 24, 2013

“Эгнэшгүй нөхрийг олов” номоос...

Үргэлжлэл..

УРВАГЧДИЙН ТӨГСГӨЛ

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр цавчиж орхив. Мөн монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ.
Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд байжээ. Күтүз ялалтын цуваагаар Дамаскт орж ирээд тэнд монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан хядаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар Загалмайтнуудыг хомроглох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр дариудаа Сирийн загалмайтнууд өршөөлгүй асгарсан цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.
Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт урван, Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ. Урвагчид бол олдохуйяа том шан шүү.
Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллаганд Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш нь тавьж нэгдсэн байжээ.
Бибарс алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны өш хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз.
Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бибарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ.
Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс Күтүзийн гарыг тас цавчин, улмаар тэнд нь хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бибарс хүртэж, Кайрын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.
Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн командлагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт алуулж, урвагчийн үхлээр буюу нохойн үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1270 онд хаан суудалд заларч байсан ажээ.
Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдийн хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.


Эпилог

Нэгэн жарны туршид асар эрчтэй урагшилсан Монголын эрч хүчний оргилолт Синайн цөлийн элсэнд үерийн борооны ус мэт Айн-Жалудын толгодод саарч, монголчууд ялагдашгүй, тэд бол бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлэгчид гэсэн өрнө, дорнодод нэгэнт түгэж, хууль болон тогтнож байсан ойлголт замхарч, зөвхөн домог болон үлдэх хувь заяатай болов. Монголчуудыг ялж бас болдог юм байна гэдгийг Араб, Лалын ертөнц даяар мэдэрч, монголчууд бол бидний л нэгэн адил мах цусанд төрсөн, ялагдал, ялалт хоёрын торгон ирэн дээр бусдын л адил дэнжигнэж байдаг юм байна гэдгийг ертөнц дахин ойлгож эхлэв.
Хэдийгээр Айн-Жалудад тулалдсан монголчууд нь Монголын Их эзэнт гүрний нэг өчүүхэн хэсэг, дөнгөж ганцхан түмт байсан ч, Айн-Жалудын тулалдаан нь Монголчуудын хийж байсан хэдэн зуун тулалдаануудын нэг бяцхан хэсэг нь төдийхөн ч, Айн-Жалудад монголчууд ялагдсанаар Ил хаант улсын ул суурь өчүүхэн төдий ганхаагүй ч агуулгаараа монголын эзэнт гүрний ертөнцийг ноёрхох үзэл санааны ялагдал болсон байна.

Чингис хаан хүмүүсийг хоёр ангилж үздэг байсан бөгөөд энэ нь ихэс дээдэс - харц боол хоёр бус, баян - ядуу хоёр ч бус, харин үзэл санаа, үнэнч тууштай чин шударгуу чанараар нь ангилан үздэг байжээ. Зарим хүмүүс эхнэр хүүхэн, элбэг тансаг байдал, нэгэн олдох бие, нэхэн олдохгүй амь насыг эрхэмлэн дээдэлж, өөрөөр хэлбэл alter ago- хэт шүтэж, хувиа бодож, нэр төр, алдар гавьяа, нийтлэг эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг байна. Тийм хүмүүс ямагт нэгэн хүчирхэг эзэн, даргыг дагаж, түүний эрх, сүрэнд захирагдаж, тэднээс айн чичирч байдаг агаад тэд эгзэг таарвал ивээн тэтгэсэн эздээсээ хэзээ ч урван, араас нь адгийн муухайгаар хутга шаахад, хаашаа ч холбироход бэлэн байдаг байна. Тийм хүмүүс ашиг харж, нийгмийн нийтлэг хэв ёсыг уландаа гишгэхдээ ер сэтгэл төвддөггүй төдийгүй зарим тохиолдолд түүнээ бах тав болгон цэнгэх нь ч бий.
Тийм хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед гай гамшиг, зовлон, ичгүүр сонжуургүй бүхнийг таригчид байсан бөгөөд Чингис хаан тийм хүмүүсийг адгын боол хэмээн үзэж, хаа таарсан газар бүхэндээ өт хорхой мэт няц даран цээрлүүлж байлаа. Жамухыг барьж ирсэн түүний нөхдөд Чингис хаан нохойн үхэл оноосон бөгөөд харин Тайчуудын Таргудай эзнээ алалгүй тавьж явуулаад ирж нийлсэн Наяад итгэл үзүүлэн их хэрэг даалгаж байсан бөгөөд тэр хэзээ ч Чингис хааныхаа итгэлийг хөсөрдүүлж яваагүй билээ. Тайчуудын Зургаадай хэдийгээр өштөн дайсан нь ч түүний эрэлхэг эрэмгий, үнэнч шударгыг нь Чингис хаан үнэлж, чухам энэ үнэнч шударга, итгэлтэй, нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө өчүүхэн ч эргэлзээгүй золиосолж чаддаг чанар л тэдний төдийгүй Чингис хааны бусад олон өрлөгүүд, нөхөд сэлтийн өөр хоорондын нөхөрлөлийг үүрд салшгүйгээр гагнасан байна.
Зэв мэт, Наяа мэт, Мухулай мэт, бас Хит Буха ноён мэт эрхэм нэрээ амь наснаасаа дээгүүрт тавьдаг, сэтгэл зүрхэндээ дээд хөх тэнгэрийн дуудлагыг мэдрэх мэдрэмжтэй, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, эд хөрөнгө, элдэв цэнгэл, нэгэн биеийн өчүүхэн шуналыг огоорч чаддаг тийм хүмүүсийг Чингис хаан хөх тэнгэрийн харьяат иргэн хэмээн өндрөөр үнэлэн тэтгэж, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, чухам тийм хүмүүсээр улс гүрнээ бүрдүүлж байлаа.
Чингис хааны аугаа ялалтын, Монголын эзэнт их гүрний ялагдашгүйн нууц нь чухам энд байсан бөгөөд Л.Гумилев тийм хүмүүсийг “урт дурынхан” хэмээн томьёолсон. Тийм хүмүүс бол чин үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг бардам, омог төгс чанараараа онцгой содон ялгардаг бөгөөд энэ нь XIII зууны монголчуудын нийтлэг хэв шинж байв. Айн-Жалудад эрсэдсэн Хит Буха жанжин хийгээд бусад монгол баатрууд ч тийм л хэв шинжийн сонгодог сүүлчийн төлөөлөл нь байлаа. Учир нь чухам тэр цагаас хойш монголчуудын тэрхүү гайхамшигтай онцлог шинж бүдэгрэн, аажим аажмаар замхарч, газар сайгүй урвалт, хувиа бодох, явцуу эрх ашгаа дээдлэх үзэл хогийн ургамал мэт үржиж, эзэнт гүрний эрч хүчийг сульдуулан, сүр сүлдийг гутаасан юм. Ялангуяа Монголын бага хаадын үед энэ бүр хэмжээ хязгааргүй болж билээ.

Чингис хааны яруу алдарт Их Монгол гүрэн нь Чингис хааны өөрийнх нь үзэл санааг дагасан “урт дурын” хүмүүсийн гүрэн байсан бол бага хаадын үеийн Монгол нь явцуу эрх ашгийн төлөө үхэлдэн тэмцэлдсэн өчүүхэн урваач шарваачдын орон болсон байв. Тэд Чингис хааны Их засаг хуулийг аль хэдийнэ умартаж, Хөх тэнгэрийн эрх хүчийг мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээж, хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа.
Өнөө цаг үе ч мөн түүнээс ялгаа алга. Өнөө цагийн монгол хүмүүнд Чингис хааны монголчуудын үр хойч гэн нүүр бардам хэлэх ёс суртахууны эрх бий эсэхэд эргэлзэн эмзэглэх мөч мөн ч их болж, Чингис хааны үедсэн бол хэзээ ч өөд нар харахгүй байсан тийм урвагчид, амин хувиа хичээгчид өнөө өт хорхой, жоом бямсаа мэт асар их үржсэн төдийгүй, эрх мэдэлтэй болцгоож, улс орны, ард түмний хувь заяаг шийдэцгээж байх юм даа. Чухам тийм дээ л бид өнөө хүчгүй сул дорой байж, хүчтний өмнө бөхөлзөн шарвалзаж, гуйн царайчилж байна.  

Ард түмэн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй” хэмээн зүгээр нэг цэцлээгүй аж. Чингис хааны үл тэвчдэг байсан тийм хүмүүсээр удирдуулсан улс орон, хулгай, авилгал, худал хуурмаг, үл итгэлцэл, гуйранчлал цэцэглэсэн орон болох нь ч аргагүй юм.

“Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” хэмээн хойч үеийнхээ өмнөөс ичиж, тэднийхээ өмнө хэдэн зууны турш, магадгүй өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр байсан Хит Буха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна.

Хит Бухагийн омог төгөлдөр төгсгөл нь XIII зууны монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах болтугай.*
2010 оны 9 сарын 3. Хүн чулууны хонхор

“Эгнэшгүй нөхрийг олов” номоос...

Дараагийн ном "Энэтхэг дэх Их Монголчууд: ялалт амжилт, яруу алдар хийгээд гунигт төгсгөл" нэртэй

Дараагийн номын маань эх бэлтгэгдэж байна. Иймэрхүү хавтастай болох нь. Гэхдээ энэ 5 сард хэвлэлээс гарахгүй 6 сард багтах болов уу?
 

Thursday, May 23, 2013

“Эгнэшгүй нөхрийг олов” буюу муу нөхөртэй байснаас сайн дайсантай нь дээр

(“Эгнэшгүй нөхрийг олов” түүхэн туурь, уран сайхны найруулал, тэмдэглэлийн ном маань хэвлэлээс гарав)
Б.Номинчимэд

Хүч чадал шавхсан, эрсдэл ихтэй Хүйтэний тулалдаанд гүрээг нь харван хүндээр, бараг үхлүүт шархдуулсан Тайчуудын Зургаадайн эр зориг, шулуун шударга зан чанар, саруул ухаан, авьяас чадварыг нь Чингис хаан оноон таньж, ихэд үнэлэн амь хэлтрүүлээд зогсохгүй өөрийн хамгийн ойрын итгэлт Өрлөгийнхөө нэгэн болгож, Зэв хэмээх алдрыг хайрлаж билээ.

Бэртэгчин зантай Таргутай Хрилтугын дор Тайчуудын хүрээнд байхдаа жирийн нэгэн харваачаас хэтрээгүй явсан Зургаадай үнэний суу алдраар гийсэн Чингис хааны дэргэд ирээд, төд удалгүй дэлхийг дагжуулсан их жанжин Зэв ноён болсонсон.
Энэ бол Чингис хааны “Гавьяатай болбоос дайснаа ч шагнасугай, Гайтай болвоос шадрыгаа ч шанталсугай” хэмээх зарчим.
Энэ зарчим нь Чингис хааныг хэн нэгэн хүнтэй дайсагнаагүй, тэмцээгүй, харин арчаагүй урвалттай, сул дорой байдалтай, шуналтай, худал хуурмагтай, түрэмгий дээрэлхүүтэй, эцсийн эцэст ёсгүй, зарчимгүй байдалтай тэмцэж байсныг нотолдог. Өөрөөр хэлбэл Чингис хаан хүнтэй биш, улс гүрэнтэй биш, амьдралын суурь зарчмыг үгүйсгэдэг тэр ёсгүй муу муухай бүхэнтэй тэмцэж байжээ. Чингис хааны хувьд тухайн хүн хэрээд, мэргэд, татар, ер хэн байх нь чухал бус. Харин тэр хүн үнэнч шударга, зарчимтай, итгэлтэй байх нь чухал.
Тэмүжин зулайг нь гишгэж төрсөн ах Бэгтэрийг зарчим алдсан учраас л устгасан. Чингис хаан алтан ургын дээд авга Алтан, Хучир нарыг зарчим алдсан учраас л шийтгэсэн. Чингис хаан хар багын анд Жамухыг, өргөсөн эцэг Ван Тоорилийг ёсгүй загнасных нь төлөө өвдөглөсөн. Чингис хааны монголчууд Алтан улс, Тангуд улс, Хорезмийг чухам үгээгүйг дээрэнгүйлж, үгээ буцаж, үнэнийг бурангуйлсных нь төлөө дайлан доройтуулсан билээ.
Шударга үнэний эсрэг хэнийг ч тэр гэсгээн шийтгэж байлаа. Харин шударга үнэнтэй хэн хамт байна тэр хүн Чингис хаантай хамт байсан юм. Тийм учраас Чингис хаан өш хонзон, эд шуналын төлөө бус харин үнэн ёсыг өмгөөлөн дэлхийн дайныг эхлүүлсэн ажээ.
Энэ зарчим нь Монголын Энх төрийн бодлогын нэгэн голлох зарчим болж, Их Гүрний газар бүр хэрэгжиж байв. Энэ зарчмыг тодотгосон нэгэн жижигхээн жишээ 1231 онд Солонгосын хилийн Чачжу цайзад болсон юм. Ер иймэрхүү явдал их олон болж байсан байдаг. Тэр бүрийг барж бичихгүй ч багцаалж бичихийг дараа дараагийн номууддаа хичээх болно оо.
Тэгэхэд Чачжу цайзын хамгаалагч цэргийн ноён монголчуудтай тун сайн байлдсан байна. Хэдэн сарын хугацаанд шургуу дайтсан ч монголчууд тэр жижигхэн цайзыг буулгаж чадсангүй. Харин тэр завсраа Солонгос орныг бол бүхлээр нь буулгачихаад байв. Тэгээд бууж өгсөн Солонгосын вангийн ордны түшмэлийг захын тэр муу жижигхэн цайзын ноён руу илгээж, эзэн вангийнх нь тушаалаар буулган авчээ. Гэтэл хачирхалтай нь эзэн вангийнхаа зарлигаар бууж өгсөн Чачжу цайзын хамгаалагч цэргийн ноён Хун Мёнг вангийн түшмэл цаазаар авахыг завджээ. Энэ ёсон бус үйлдлийг харсан монгол жанжин дургүйцэн эсэргүүцэж, хамгаалагчийг буюу “үнэн”-ийг өмгөөлсөн байна. Тэр “үнэн” бол цайзаа баатарлагаар хамгаалсан, эзэн вандаа, эх орондоо үнэнч зүтгэсэн хамгаалагчийн зөв байв. Гайхамшигтай биш гэж үү. Муу нөхөртэй байснаас сайн дайсантай байсан нь хол илүү. Мөн чанарын хувьд сайн дайсан бол эцсийн эцэст хамгийн сайн эгнэшгүй нөхөр юм.
Энэ үйл явдлаас сэдэвлэж бичсэн “Эгнэшгүй нөхрийг олов” нэртэй жижигхэн туурь энэ номонд орсон болно.
Хүн шиг хүнд сайн нөхөр шиг эрхэм зүйл үгүй. Их хаан маань сайн нөхрийг бүхнээс эрхэмлэж, тэднийг гарцаагүй олж танин, чин үнэнээр нөхөрлөж байв. Анд нөхдөө дархалж, Өрлөг болгон дээдэлж байв. Чингис хааны үед анд нөхдийг, удирдагч дээдсийг сонгох сонголт ер бусын байжээ.
Энэ талаар А.Г.Дугин ийн бичсэн байна. “Дээдсийг шилэх монгол сонголт бол гэрэл сүүдэр хоёрын ширүүн тэмцлийн сонголт байв. Сорилтод орогчийг гүн шөнийн харанхуй худаг руу, хоосон зай руу, ядуурал гуйланчлал руу, гачаал хоосрол руу чулуудна. Тэгээд түүний дотоод гэрэл нь асан тодорч, орчин тойрон дахь харанхуйг нь гэрэлтүүлэх хүртэл хүлээнэ. Хатуу ширүүн тэмцэлдээгээр олдоогүй бол гарт орсон тэр зүйл ерөөсөө юу ч биш. Зөвхөн эрэлхэг зоригтой, үнэнч, шударга шулуун, аймшиггүй цэрэг л “хүн”, “монгол” гэж нэрлэгдэх эрхтэй.
... Үхлийн даллага өгч байдаг хар хүчтэй хийх чухамхүү энэ хязгаар төгсгөлгүй тэмцлээр ... тийм хүмүүсийн зан чанар дархлагдан төлөвшдөг юм. Энэ бол зах хязгааргүй эр зориг, байнга санан бодож, нотлон харуулж байвал зохих үнэнч чанар, эр чадал, хатуу ааш, дээд зэргийн ухаалаг саруул байхын ёс зүй юм. Энэ шалгуурийг Тэмүүжин бүхнээс дээгүүрт үзэж байлаа. Энэ шалгуурыг үл харшлах зэрэг зиндаачлалын зарчим гэж нэрлэж болно. Чингис хаан чухам энэ шалтгааны улмаас жирийн ардыг өндөр албанд тавьж чаддаг байсан бөгөөд нэр төрөө гутаасан язгууртан этгээдийг өчүүхэн ч өршөөдөггүй байлаа. Шууд л толгойг нь авна”.(Б.Даш-Ёндонгийн орчуулга)
Чингис хаан чухам өөрөө ийм цаг ямагт үхлийн даллага өгч байдаг хар хүчтэй хийх хязгаар төгсгөлгүй тэмцэл дундаас хурцаар гэрэлтэн гарч ирсэн аугаа удирдагч бөгөөд өөрийн туулсан энэ зам, зарчим, шалгуураар шалган, сонгож тодруулсан анд нөхөд нь Боорчи, Зэлмэ, Мухулай, Зэв, Сүбээдэй, Борохул, Чулуун, Шихихутаг, Сорханшар... нар билээ.
Эд бол Чингис хааны сэцэн мэргэн өрлөгүүд. Монголын төрийн ноён нуруутай их зүтгэлтнүүд. Дэлхийн энгээр алдар нь цуурайтсан холч бодлоготнууд, гаргуун стратегичид, удирдагчид, аугаа баатар жанжид байлаа.
Тэд Дархан Өрлөг хэмээх эрхэм дээд итгэл хүндлэлийг нэр төртэй авч явж чадсан бөгөөд үеийн үед монгол үндэстний оюун санааны тэнгэрт гялалзах бахархал болжээ. Тэдний ёс журам гайхамшигтай, тэд хэзээ ч урваж шарваж, хуурмаг ааль үзүүлж, хар хор, атаа хорслын мунхагт автаж, хуйвалдаан, самуун гаргаж байсангүй.
Тэдний хичээл зүтгэл гайхамшигтай. Махан бод, цусан төрөлтөд баймгүй хатан тэвчээр, цөлх зүтгэл тэднээс л ундарч байв. Тиймээс Чингис хааны хүч чадал аугаа байв.
Хүн төрөлтний түүхэнд товойн тодорсон хүчирхэг жанжид, удирдагчдыг бүгдийг нь урвалт, шарвалт зовоож, хүч чадлыг нь барж, зарим тохиолдолд хамгийн ойрын хүмүүстээ хорлуулж, хутгалуулж байв. Харин Чингис хаан маань ийм ойрын нөхдийн урвалт гээч гутамшгаас даанч ангид байсан билээ.
Нөхөр дайсныг ялгаж, салгана гэдэг бол хүний дээд ухаан, ялангуяа удирдагчийн хамгийн сод чанар юм. Иймэрхүү зүйлийг эргэцүүлээд, энэ номондоо тэр жижигхэн туурийн “Эгнэшгүй нөхрийг олов” нэрийг өгсөн болно.
Ингээд Монголын түүхийн гайхамшигт агшнуудаар аялсу хэмээн урьж байна.

Thursday, May 9, 2013

Шайо гол цусаар үерлэв


Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан, эргэж дутаасан монголчуудыг элдэж сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд тэмээн ачаа ашиглан энэ аргыг бас хэрэглэсэн.
Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна.
Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдийн олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.

(Бат хаан голын цаана байх мажаруудын хуаранг ажиглана)

Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.  Тиймээс эсрэг этгээдийн тоо тулааны эцсийн үр дүнд ер нөлөөлдөггүй байжээ.
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв.
 Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд хөөж оруулав. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.

Монголчууд 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолжээ. Тэднийг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Тэгээд Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишиг-тэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив. 

Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монгол бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
 Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв.
... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.
Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаасан байсан. Гэвч тэр аврал биш байжээ. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулааны үед олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан  нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож,  цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм. 
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.

***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг. 

Б.Номинчимэд “Эгнэшгүй нөхрийг олов” номоос