Өнөөдөр
Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн тухай дээр дооргүй шуугина.
2012 онд Монгол нь эдийн засгийн 17 хувийн өсөлтөөр дэлхийд хол тасарч
гайхуулав. Ойрын жилүүдэд ч энэ өсөлтөөрөө дэлхийд манлайлах төлөвтэй аж.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монголын тухай л бичдэг болж... Угтаа
нүүрсээ хямдавтар үнээр түүхийгээр нь ихээр зөөснөөс бий болсон хөөсрөлт
гэдгийг бараг бүгдээр мэдэж байгаа ч бид хөгжинө гэцгээн хөөрцөглөнө.
Хөгжил
дэвшлийн үндэс болсон оюун санааны сэргэн мандал буюу Чингис хааны тэнгэрлиг
язгуур зарчим бидний амьдралд хэвшил болоогүй цагт энэ хөгжил нь зүүд зэргэлээ
л байна. Дахин тодруулбаас,
нэгд:
үндэсний эв нэгдлийн ухамсар,
хоёрт:
эрхэм дээд ёс зүй,
гуравт:
алаггүй хэрэгждэг шударга ёс.
Манай
нийгэмд хамгийн ихээр дутагдаж буй зүйлс бол энэ гурав. Үүнийг нотлох баримт
жишээг дурдваас хэдэн арван боть болмоор.... Түүнээс биш нийгэм мөнгөөр
дутагдсандаа эдийн засгийн томоохон зорилтуудаа шийдвэрлэж чадахгүй гацаад
байгаа ч юм биш. Нөгөө талаар хүний нийгэм хэзээ ч мөнгөөр ханадаггүй гэдгийг
мартаж боломгүй.
Бие
биеэсээ өрсөн булааж идэх сэтгэхүйтэй, ёсзүйгүй, шударга ёсонд итгэх итгэлээ
алдаж гээчихсэн нийгэмд мянган Оюутолгой, Тавантолгой байгаад нэмэргүй, тэр
хайран сайхан байгалийн баялаг ходоодонд буян болж тогтохгүй, таягдаад л
гадагшилж орхино. Гадна талд түүнийг хүлээгээд шүлс амаа долоолдох нохос их
олон бий.
Шинэ
эриний түрэмгийлэл оюун санааны хүрээнд “дайтдаг” болсон. Эхлээд
ардчилал, хүний эрх чөлөө, хувьчлал, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, чөлөөт
өрсөлдөөн гэх зэрэг олон өгөөшөөр дамжуулан итгэл үнэмшилгүй байдалд, ёс
суртахууны задралд татаж оруулна. Ёс суртахууны хямралд орсон нийгэмд шударга
ёс алхам тутам алдагдаж эхэлнэ, иргэд нь шударгаар амьдрахад хүнд хэцүү болж,
ёс суртахууны хувьд туйлдан цөхөрч, шударга ёсонд итгэх итгэлгүй болно.
Энэ даамжрахаараа ард түмэн
шударга ёсны мэдрэмжээ алдаж, шударга ёсыг зүгээр л нэг мааз яриа, хошин
үзэгдэл гэж харж, ойлгож эхэлдэг байна.
Арга зальтай нь, эрээ цээргүй нь, хүч түрэмгий нь, ёс зүйгүй нь
завшина. Даруухан нь, ёс журмыг эрхэмлэдэг нь, хүн чанартай нь хохирно. Мөнгө
бүхнийг шийддэг болж, авилга газар авч, ёс бусаар хөрөнгөжсөн хүмүүс
хөрөнгөөрөө гул барин төрийн эрх мэдлийг авах хэмжээнд хүртлээ ёс бус зүйл
архагшина. Хүний эрхийн тухай олон сайхан домог зохионо. Олонхи нь ийм л байх
ёстой, өөр сайхан зам үгүй хэмээн итгэнэ.
Нэгэн
цагт монголчууд ёс журмын үлгэр жишээг дэлхий нийтэд үзүүлж, гайхуулан бишрүүлж
байлаа. Гольюм де Рубрук, Плано Карпини, Марко Поло, Жувейни, Рашид ад Дин-ээс
эхлээд үйл явдлыг нүдээр үзсэн, ойрын сурвалжаас сонссон олон хүн үүнийг шагшин
бичиж байв. Өгөөдэй хааны үед нэгэн монгол харуулын цэрэг албан үүргийнхээ үеэр
унтаж орхижээ. Харуул унтвал өчиггүй цаазлах ялтай. Түүний унтсаныг хэн ч
мэдсэнгүй, бас унтсанаас нь болж ямар нэгэн осол цалгай зүйл болсонгүй. Гэвч
тэр цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын илдэн дор өөрөө очсон байна. Ёс журам,
нэр төр гэгч амь наснаас илүү эрхэм зүйл, чухам ийм итгэл үнэмшил гүн бат шингэсэн
цагт хүний нийгэм жинхэнэ утгаа олдог байна.
Ийм л
ариун шударга, чигч шулуун онцгой гойд мөн чанараараа Монголын их тал нутаг
өөрсдийгөө “Соёл ертөнц” хэмээн дөвийлгөн боддог Өрнө дахинаас, Араб дахинаас
ялгаатай, асар давуутай байв. Тэр цагт бид үнэн, шударгыг тойрон нэгдэж чаддаг,
түүнээ амь насаа цөлөн хамгаалж чаддаг байж... Тиймээс л бид хүчирхэг байж,
дэлхий дахин биднийг эзэн эрхт хаадаа хэмээн хүлээн зөвшөөрч байсан юм.
Харин
одоо хуурч мэхлэхгүй үнэнээрээ явахыг гэнэн тэнэг хэмээн ад шоо үзэх хэмжээнд
хүртлээ бидний ухаан санаа самуурчээ.
Нийгмийн
дотор ангийн буюу баян ядуугийн ялгарал улам ихэснэ. Баячууд нь ядуусаа ад шоо
үзэн, хүний зэрэгт үзэхгүй, золбин нохос мэт хялайн харна. Мэдлэггүй чадваргүй,
арчаагүй залхуу, тэнэг мулгууг нь гайхан шогширно. Нөгөөдүүл нь эргээд өөрсдийг
нь мангас чөтгөр, цус сорогч мэт үзэн ядна. Машиных нь дэргэдүүр гарахдаа
хадаасаар зураад гарахыг хичээнэ.
Баячууд
нь унадаг машин, уудаг ундаагаараа өрсөлдөнө. Ярьдаг утас, барьдаг үзгээрээ
хүртэл барьцана. Энийгээ эрүүл өрсөлдөөн, зүй ёсны жамт үзэгдэл гэнэ. Ёс
суртхууны үнэр ч үгүй, зөвхөн сэг булаалдах нохсын мэт сэтгэхүйгээр бие
биесээсээ өрсөлдөн булаалдахыг “Чөлөөт өрсөлдөөн” хэмээн хөөрцөглөнө.
Намаараа
талцана, өөрийн намын хүн бол чөтгөр байсан ч хамгаална, үгсэнэ, хуйвалдана.
Өөр намынх бол бурхан байсан ч шороо цацна. Ямар гээчийн самуурал, ухаангүйтэл
вэ? Ямар гээчийн ёрын хараалд өртөхөөр ийм бурангуй сэтгэлгээнд эзэмдүүлнэ вэ?
XIII зуунд Европ, Ази дахин чухам ийм самуунд ухаан санаа нь будангуйрсан байсандаа
л цөөхөн хэдэн монголчуудад ялагдаж, толгой гудайсан юм.
Улмаар
үндэстний эв нэгдэл гэгч зүйл ор мөргүй хулжин одно. Чухам ингэсэн цагт л
тухайн орны баялгыг цэрэг зэвсэг гэж яршиг төвөг болохгүйгээр ховх сорох
боломжтой болно. Иймэрхүү л бурангуй үйл явц өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд
бидний нүдэн дээр болж өрнөлөө. Манай энэ цаг үед улс орнууд бие биенээ эзлэн
түрэмгийлэхгүй, их сайхан цаг үе гэж хэн нэгэн итгэж буй бол сайхан зүүд гэхээс
өөр үггүй. Улс орнуудын өрсөлдөөн наанаа эдийн засаг, техник, технологийн
түвшинд өрнөж буй ч цаанаа чухам үзэл суртлын буюу нэгнээ дотроос нь өмхийрүүлж
унагах тэмцэлд хамаг хүчээ шавхаж байгаа. Улаандаа гарсан зарим нь илээр зэр
зэвсэг улалзуулан орж ч байна.
Дэлхийн
гүрэнг бүтээн босгож явсан монголчуудад гадны энэ мэт хүчин зүйлээс хараат
бусаар оршиж, төрт их улсаа цогцлоон, түмэн олноо амаржуулах онол, зарчим нь,
туршлага нь бэлээхэн бий билээ.
Их
хааныхаа үзэл, зарчмыг бид тугаа болгосноор ёс зүй, итгэл үнэмшлийн давуу талыг
олж авна, үндэсний ухамсар сэргэж, монгол хүн монголоороо, монгол хүнээрээ
бахархан дээдэлж, монголоо хайрлаж, монгол хүндээ итгэж найддаг болно, нийгэмд
шударга ёс тогтоно. Энэ бүхний үрээр үндэсний оюун санаа сэргэн мандана. Энэ л
жинхэнэ хөгжил дэвшил, сэргэн мандал юм.
Шударга
ёсыг холоос ч хайх хэрэггүй. Уг нь шударга ёс хүн бүхний сэтгэл зүрхний угт
оршиж байдаг юм. Түүнийг нь л дуудан сэрээх хэрэгтэй. Үүний тулд монголын төр
нь ч, сэхээтэн мэргэд нь ч, улс орныхоо ирээдүйг сэтгэл зүрхэндээ тээж яваа
залуу үеийнхэн нь ч нэгийг бодож, нэгдэх цаг болсон.
У.
Черчиль “Ирээдүйн эзэнт гүрэн зөвхөн оюун санааны л эзэнт гүрэн байх
боломжтой” гэсэн нь зүгээр нэг үг биш юм. Ирээдүйн эзэнт гүрний тухай
энэ төсөөлөл нь Холливүдийн кинонд дүрслэгддэг кибер оюун санааны эзэнт гүрэн
биш. Энэ бол Монголчууд бид нэгэн цагт бүтээн босгож чадсан, шударга ёсыг тугаа
болгосон, сэтгэлийг эзэмдэгч эзэнт гүрний технологи, шинжлэх ухааны өндөр
хөгжилд нийцсэн ирээдүйн хувилбарын төсөөлөл юм.
Монголчууд
бид хэзээ хувиа бодож, довоо шарлуулах үзэл, жалга довныхоо сэтгэлгээнээс
ангижирна, хэзээ үнэнийг эрхэмлэн, нэр төрөө дээдэлдэг болно, хэзээ ёс зүй,
сэтгэл зүрхний зарчмаар амьдардаг болно, тэр цагаас л бид бүхний оюун санааны
эрчим нэгдэн нийлж, өдгөө үлгэр домог мэт төсөөлөгдөн буй далай мэт, тэнгэр мэт,
аянга мэт их түүхийнхээ жимийг олж харах болно. Хүчирхэгжин мандсан оюун
санааны эзэнт гүрэн болох болно.
Эс
тэгвээс юу болохыг чухам “Тэнгэр мэдэх” билээ.
No comments:
Post a Comment