Friday, June 28, 2013

Хүүхдүүд гар утсаараа тоглох бус ном уншдаг болжээ

Xүүхэд багачуудынхаа зуны амралтыг хэрхэн өнгөрөөх талаар аав, ээжүүд янз бүрээр төлөвлөж байгаа энэ цагт тэдэнд дуулгах сайхан мэдээ байна. Хүүхдүүд зав л гарвал PC рүү гүйж, ухаан санаагаа самууртал, эсвэл гар утсан дээрээ янз бүрийн тоглоом суулган тоглож цаг заваа үр ашиггүй өнгөрөөн эцэг эхийнхээ арга аашийг бардаг. Тэгвэл энэ сонирхлыг нь ухаалгаар ашиглаж зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ утсанд элдэв янзын тоглоом бус дэргэдээс
нь харж байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр гоё зурагтай, оюун ухааныг нь тэлж, зөв төлөвшилд хөтлөх олон арван ном суулгаж өгдөг болсон байна. Хөдөө амьдардаг ах дүүгийндээ очих, зусланд амрахаар явах, гэртээ байхдаа гээд хаана л бол хаана ашиглах боломжтой цахим номыг хүүхдүүддээ авч өгснөөр тэдэнд маш том хөрөнгө оруулалтыг хийнэ гэж сурган хүмүүжүүлэгчид онцолж байна. Гар утас, IPad, таблет дээрээ татаж аваад унших боломжтой уг номыг хүүхдүүд маш их сонирхдог гэнэ. Учир нь жилийн турш цаасан ном эргүүлсээр залхсан тэдэнд амралтын цагийг нь зөв өнгөрөөхөд туслах хамгийн дотно туслагч нь цахим ном юм байна. Монголд анх орчуулагдан багачуудын хүртээл болж буй Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолууд мөн бусад сонирхолтой олон номуудыг цахимаар худалдан авах боломжтой болжээ.

Sunday, June 23, 2013

Төрийн их наадамд дуртай нь түрүүлчихдэг юм биш ээ

"Бат-Эрдэнэ аваргыг олон жил түрүүлэхдээ бусдадаа боломж олгоогүй, бас Хэнтийгээс өөрөөс нь өөр сайн цолтой бөх төрөөгүй. Бат-Эрдэнэ аварга нутгаасаа ядахдаа заан төрүүлчих боломж их байсан" гэж өчигдөр ТВ-ээр хэдэн нөхдүүд ярьж, гомдоллож байхыг сонслоо. Наадамчидаа хууран бууж өгөх ёстой байсан хэрэг үү. Нэг удаа бууж өгөлгүйгээр Гантогтоход тахимаа өгч байсан санагдана. Энэ бол худал барилдаагүй, жудаг заасан явдал байсан. Монгол бөхийн түүхэнд их ч ховор тохиолддог зүйл. Талбайд гарчихаад барилдсан болоод бууж өгөөгүйнх нь төлөө, өөрөө хүч нь хүрээд хаяж чадаагүйнхээ төлөө "БУСДАДАА БОЛОМЖ ОЛГОДОГГҮЙ" гэж гоншигнож зогсоо хүмүүсийг харахаар дэндүү өрөвдөлтэй... Бат-Эрдэнэ аварга тэгээд баахан бууж өгч, худал унаад Хэнтийгээс заан, арслангууд төрүүлээд байх ёстой байсан хэрэг үү. Ийм утгагүй дампуу л юм бодож, сэтгэж явдаг хүмүүс л монгол бөхийн дэвжээг хор, найрааны дэвжээ болгон гутаасан юм. Харин ч Ба аварга нь нутаг нугынхаа бөхчүүдэд өндөр хатуу шаардлага тавьж, тэднээ жил бүр бэлтгэлд ахлан гарч, мэддэг чаддагаа зааж өгч байсан. Тэгээд хүч чадал нь хүрээд шударга сайхан барилдаад Улсын цолонд хүрч чадаагүйнх нь буруу Ба аварга болох уу. Одхүү начин сайн барилддаг сайн начин, гэхдээ өөрийн хувийн зан чанараас голдуу болсон харагддаг, сайн амжилт гаргаагүй. ДЭМЖЛЭГ гэдгийг энэ нөхдүүд хор найруулах, бууж өгөх төдийгөөр ойлгоод байгаа бололтой. Харин ч Бат-Эрдэнэ аварга нутгийнхаа бөхчүүдийг хор найруулах, бууж өгөх замаар, олон түмнээ хуурч доромжлох аргаар улсын цолонд хүргээгүйнх нь төлөө Хэнтийнхэн баярлаж, бахархаж явууштай.
Мөнх-Эрдэнэ арсланг өрөвдөөд нэг удаа унаад өгчих ёстой байсан хэрэг үү.
СПОРТ бол СПОРТ. Хэн овсгоо, самбаатай нь, хүч чадалтай нь ур ухаантай нь сэтгэлийн хаттай нь ялдаг. Дийлдэг. Ялангуяа Монгол түмний их баяр наадамд түрүүлэхэд зүгээр нэг бяр чадал, ур ухаан, эв дүй байгаад зогсохгүй хийморь золбоо нэн чухал. 13 түрүүлэхэд бүр ч онцгой юм шүү.

Thursday, June 20, 2013

Хамгийн чухал зүйл юу вэ?

(Ч.Диккенсийн нэгэн романы тухай товчхон. Хүүхдэд зориулсан роман хэдий ч үүхэд нь ч уншваас зохилтой ном болой)
Хүүхэд бүр, ялангуяа хөвүүн болгон хүч чадалтай, эрүүл чийрэг байхыг хүсдэг. Хүч чадалтай байх нь мэдээж сайн хэрэг. Гэвч эр зориггүй бол тэр хүч чадал дэмий талаар хэрэг болно. Үлгэрлэвэл аварга хүчирхэг ч аймхай хулчгар заан өчүүхэн бяцхан хулгана ахайд дийлдэхийн үлгэр билээ. Хүч чадал, эр зориг хоёр хослох нь үнэхээр сайхан.
Гэхдээ нэг юм дутаж байгаа биз. Энэ бол саруул ухаан юм.  Хэрвээ саруул ухаан үгүй бол тэр сайхан эр зориг, эрчим чадлыг хий дэмий юманд хайран үрж дуусна шүү дээ. Дайснаа ялан дийлэхэд, спортын гялалзсан амжилт гаргахад хүч чадал, эр зоригоос гадна ур ухаан тун чухал. Ур ухаангүй бол зөвхөн сохор азанд найдахаас өөрөөр ямар ч амжилт нүүр царайгаа харуулахгүй. Орд өргөөг босгоход ч, нураахад ч аль алинд нь хүч чадал, эр зоригоос гадна ухаан хэрэгтэй. Ур ухаан дутвал нурааж буй байшиндаа дарагдаж эрсдэх аюул ч учирна. Гэхдээ ухаангүй харанхуй мунхаг хүмүүс ихэвчлэн нурааж сүйтгэж, эвдэлж, хүмүүсийг хооронд нь хагаралдуулж явдаг бол саруул ухаантай хүмүүс үргэлж бүтээн босгох, эв нэгдлийг эрхэмлэх замыг сонгож байдаг. Тэгэхээр саруул ухаан тун чиг чухал байх нь ээ. Мэдээж хэрэг саруул ухааны чимэг бол эрдэм боловсрол билээ.
Гэвч хүүхдүүдээ, бас нэг юм, хамгийн гол юм нь дутуу байна. Тэр гол чухал юмыг юу гэж бодож байна вэ?
Хамгийн чухал зүйл бол энэрэнгүй сайхан сэтгэл болно. Хүч чадлыг шавхаж, эр зоригийг дайчилж, ур ухааны сорьдог сайн сайхан, буянтай үйл хэрэгт хүмүүнийг зөвхөн энэрэнгүй сайхан сэтгэл л хөтлөн дагуулдаг юм. Өөрөөр хэлбэл сайн санаа, сайхан сэтгэл нь хүч чадал, эр зориг, ухаан бодлыг хөтлөн дагуулагч болно.
Одоо хүүхдүүд та бүхэн маань хүч чадал, эр зориг, саруул ухаан, эрдэм боловсрол, сайхан сэтгэл: – энэ бүхнээс хамгийн чухал нь юу болохыг эргэлзээгүй хэлж чадна гэж найдаж байна.
Хүн төрөлхтний үе үеийн шилдэг зохиолч, яруу найрагчид, их сэтгэгчид чухам энэ л үнэнийг уран бүтээлдээ магтан дуулж, нотлон харуулж ирсэн байна. Тэдэн дотроос хамгийн яруу тод дүрслэн бичсэн хүн бол Английн зохиолч Чарльз Диккенс юм.
Наполеоны Франц Орост халдан довтолж байх тэр цаг үед буюу 1812 онд Ч. Диккенс төржээ. Тэр цагийн Англи оронд хүн хүнээ шударга бусаар дарлан мөлжих нь тун ч хэцүү, эгэл ард олны амьдралд гэрэл гэгээ бага байсан байна. Манай нийгмийн өнөөдрийн дүр төрх тэр үеийнхээс нэг их дээргүй байгааг та бид сайн мэднэ. Маш олон хүүхэд амьдралын хүнд нөхцөлд, наснаасаа хэтэрсэн хүчир хөдөлмөрт зүтгэж байгааг анзаарсан байх. Зах дээр очиход өөрөөсөө хэд дахин том төмөр тэрэг түрээд зүтгэж байгаа жаал хүүг дуртайдаа тийм ажил хийж байна гэж хэн нэгэн боддоггүй байх. Бас орон гэргүй тэнэж яваа зуу зуун хүүхдийн хувь заяа байна.
XIX зууны Английн нийгмийнх нь энэхүү гэм согог ядуу албан хаагчийн гэр бүлд төрсөн Диккенсийн бага насны амьдралд ч сүүдрээ тусгажээ. Түүнд сургуульд тууштай суралцах боломж олдсонгүй, амьдралын эрхээр бүр 10 настайгаас долоо хоногийн хэдхэн зоосны төлөө ажил хийж эхэлсэн байна. Ийнхүү ядуу зүдүү амьдрал туулж, хүнд хэцүү ажил хөдөлмөрт бага наснаас зүтгэсэн нь амьдралын үнэ цэнийг, хүн хийгээд үйл хэргийн сайн муугийн ялгаа заагыг гүн гүнзгий ойлгож танихад нь тусалж, хожмын аугаа их зохиолч болгожээ. Хэрвээ тэр амьдралын эрээн бараан, сайн мууг тийм хурц, тодоор ялган салгаж таньж чадаагүйсэн бол мундаг зохиолч болно гэхэд эргэлзээтэй. Ч.Диккенсийн авьяас билгийн их түүдэг галыг амьдралын хүнд хэцүү, нийгмийн шударга бус явдал улам ихээр хурцалж өгсөн байна. Их салхин түүдгийг хөгжөөж, дэнг бөхөөдөг шүү дээ. Яг л түүн шиг....
Аль таарсан ажлаа хийж явсаар, улмаар хэвлэх үйлдвэрт ажилд орсон нь түүний амьдралд чухал эргэлт болох учиртай байв. Хэвлэх үйлдвэртэй холбогдсоноор сонин сэтгүүлийнхэнтэй ойртох боломжтой болж, улмаар сонины сурвалжлагч, сэтгүүлч болсон байна. Тэр сурвалжлагч байхдаа маш их хөдөлмөрлөж, өдөр бүр дор хаяж 30 хуудас бичдэг байв. Хүмүүст тэр нь ихэд таалагдав. Яагаад гэвэл тэр огт санаанаасаа зохиогоогүй, бага балчир, идэр залуудаа олж авсан амьдралын туршлагаа л бичжээ.
Ингээд Лондоны захын дүүргүүдийн борчуулын аж амьдралын тухай бичсэнээ нэгтгэн “Бозын найрууллууд” анхны номоо 1836 онд 24 насандаа хэвлүүлжээ. Энэ номонд хүнд хэцүү, тарчиг ядуу амьдрал, шударга бус бурангуй орчинд шударга ёсонд итгэх итгэл найдвар л хүмүүст амьдралынх нь гэрэл гэгээ,  зан суртхууных нь чиг баримжаа болж буйг харуулжээ.
Түүнээс хойш Ч.Диккенс хэдэн арван роман бичсэн бөгөөд тэдгээр нийгмийн романууддаа анхны номынхоо дээрх санааг улам гүн гүнзгий, өргөн дэлгэр болгон баяжуулж, уран сайхны өндөр түвшинд бичиж туурвисан байна. Тэр хүмүүсийг хэрхэн хайрлахыг, тийн хайрлахын утга учрыг нэг нэгнээ дарлан мөлжсөн, нэг нэгнээ алж хядсан хатуу ширүүн эрин зууны хүмүүст сэргээн сануулж, заан сургаж иржээ.
Ингэснээрээ Ч.Диккенс хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд байх мөхөшгүй найдварын галыг улам бадрааж, сайн үйл, сайн санаа, сайхан сэтгэл, итгэл мөрөөдөл гэгч ямар их үнэ цэнэтэй болохыг нотлон үзүүлж чадсан юм. Тиймээс л оюун ухаант хүн төрөлхтөн түүний зохиол бүтээлүүдийг хоёр зууны турш шимтэн уншиж, хөгжингүй орнууд хүүхэд багачуудынхаа заавал унших номын жагсаалтын тэргүүнд нэрийг нь дурдаж иржээ. У.Шекспирээс хойш Английн ард түмний оюун санаа, ёс суртхуун, итгэл үнэмшил, нийгмийн дэвшил хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний нэг хэмээн англичууд Ч.Диккенсээрээ бахархдаг. Ер ганц англичууд биш, бас англи хэлтнүүд төдийгүй нийт хүн төрөлхтөн бахархан биширдэг билээ.
XX  зуунд хамгийн олон удаа хэвлэгдэж, олон хүн уншсан номуудын тоонд Ч.Диккенсийн “Хоёр хотын түүх” болон одоо хүүхдүүд та бүхний уншихаар хуудсыг нь сөхөж буй энэхүү “Зул сарын магтуу” хоёр ном нь ордог байна.
Манай ахмад орчуулагч, их гүүш нарын хичээл зүтгэлээр Ч.Диккенсийн “Оливер Твист”, “Давид Коппервильд” романуудыг бүр 1960-аад оноос монгол түмэн маань уншиж ирсэн юм.
Мөн манай “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН-108” цувралаар хүүхдүүд маань Ч.Диккенсийн “Аугаа их итгэл найдвар” романтай танилцсан билээ. Хөдөө тосгоны өнчин хүү Пипийн хувь заяаг өөрчилсөн их итгэл найдвар чухам юу байсныг дээрх романыг уншсан хүүхдүүд сайтар ойлгосон буй за. Бид мөн “Хоёр хотын түүх” романыг нь хүүхэд багачууддаа зориулан хялбаршуулан найруулснаар хүргэж байгаа болно.
Ер нь Ч.Диккенсийн зохиолуудын гайхамшигтай тал нь хэдий нэр, он цаг, орон зай нь XIX зууны Англи оронд боловч утга агуулга, үйл явдал нь аль ч цаг үед, ялангуяа бидний аж төрөн буй өнөөгийн эх орны маань аж амьдралд маш ойрхон, танил байдагт юм. Тэдгээр романуудаас бид өөрсдийгөө, бас эргэн тойрныхоо хүмүүсийг олж харна.  Тэдний сайн муу үйлийг ялган ухаарна. Тэгээд юуны учир сайн үйлийг хайрлан хамгаалдаг юм бэ, сайн хүнийг эрхэмлэн хүндэтгэдэг юм бэ гэдэг талаар эргэцүүлэн бодох болно.
Одоо уншиж эхэлж буй “Зул сарын магтуу” романаар нь олон арван уран сайхны болон хүүхэлдэйн кино, жүжиг бүтээсэн бөгөөд уншигч та зарим нэгээс нь үзсэн гэдэгт итгэлтэй байна.

Б.Номинчимэд

Wednesday, June 12, 2013

Анон-д хэлэх зүйл байна.

“Түүх биднээр тохуурхаж байна” нийтлэлд маань АНОН доорх коммет үлдээжээ.

ta bol kommunist hun baina lee shde. Amerikd baisan baijiij amerikd durgui, niigmiig ni shuumjldeg murtuluu amerikiin amidral saihniig magtdag neg tiim complextei. Huviin umchiig uzen yaddag buhniig turd bnuhniig niigemd gedeg ter uyeiin uldegdel bailaa shde. AN MAN hoyor hoyulaa muuhai avilgach ch neg ni arail huviin ezemshiliig chuluut ursulduuniig demjdeg joohon heseg ni baidag yum shuu dee

Эрхэм АНОН-ын энэхүү дүгнэлтээр бол би өөрийгөө танихгүй болчих нь байна. Бага гэлтгүй түр зууртаа иймэрхүү хариу өгөхөөс... Түүхийн тохуурхлын тухай дахиад бичнэ.

Нэгд:
Би Америкт, Америкийн жирийн ард иргэдэд хайртай, тэдний энгийн хээгүй нээлттэй зан чанар, соёлыг хүндэтгэдэг, тэндэхийн байгал, цаг агаарт би дассан, надад таалагддаг. Одоо дахиад ч очино. Үр хүүхдүүдээ ч тэнд сургана гэж бодож байгаа. Би Америкийн нийгмийг шүүмжлээгүй. Тэр бүү хэл Америкийн боловсролын системд манайхан санаа авмаар сайхан зүйлс байгаа талаар “Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл” нэртэй гурван  цуврал бичиж нийтлүүлсэн. (Энд бас нэг гажсан ойлголт ажиглагддаг нь энэ 3 цуврал нийтлэлийн дараа олон хүн “Чи америкийг хэт шүтлээ. АНУ-ын боловсролын систем тийм сайн нь биш” гэж шүүмжилсэн, зарим нь бүр утсаар, майлаар дарамтлах шахуу юм болж билээ. Би эдгээр бичлэгүүд дотроо АНУ-ын Боловсролын системийг хамгийн сайн нь гэж огтоос бичээгүй, зөвхөн тэндээс бид санаа авчих ийм ийм давуу талууд байна л гэдгийг бичсэн юмсан. Ярилцаж буй ярианыхаа үндсэн санааг ойлгохгүйгээр нэг үг, өгүүлбэр төдийг ойлгочихоод улайраад дайрчихдаг сэтгэлгээг одоо яалтай ч...)

Гэхдээ аливаа нийгэмд заавал сүүдэртэй тал байдаг. Тэрийг нь бол шүүмжилж болно биз дээ, шүүмжилхээр бол хэн нэгнээс зөвшөөрөл авах ёстой юу?
Харин би Америкийн төрийн гадаад бодлогод, ялангуяа бусад жижиг буурай улс орнуудын хувь заяанд хэт хөндлөнгөөс оролцдогт нь дургүй. Нефтийн төлөө, ашгийн төлөө газар бүр цус урсгадагт нь дургүй. Түүнийг шүүмжилж болох уу? Энэ хооронд их зааг ялгаа бий шүү, Үүнийг олж хараасай гэж хүсэж байна.

Хоёр:
Намайг хувийн өмчийг үзэн яддаг гэж хэрхэн ямар үндэслэлээр дүгнэж буйг нь ойлгохгүй байна. Би хэний хувийн өмчийг очиж хураана гэж дөвчигнөснөө, хувийн өмчийг устга гэж уриалснаа огт санахгүй, тэр бүү зүүдлээ ч үгүй санагдана. Харин ч манай энэ хийрхүү ардчилагчид бол хэрвээ 1930-аад онд төрсөнсөн бол жинхэнэ ногоон малгайтнуудын бууны нохой болчихсон, “Алив энэ муу фиидалийг би буудчихая” гээд хүний өмнүүр гүйж явахаас огтхон ч сийхгүй хүмүүс. Яагаад гэвэл тэд мөн чанараараа тийм юм. Учир зүйг ойлгодоггүй, хийрхдэг, улайрдаг, анархи байдлаа ардчилал гэж ойлгодог тийм хүмүүс их олон бий дээ. Ер нь ийм хүмүүс цаг үе бүрд байдаг л юм байна. За тэр яахав.
Аливаа зүйл хэрээс хэтрэхээрээ эмгэг болдог. Өнгөрсөн 20 жилд хувийн өмчийг, хувиа бодох үзлийг хэт тахин шүтсэнээс болж нийгмийн олон эмгэг бий болсныг шүүмжилснээс биш хувийн өмчийг шүүмжлээгүй билээ. Нөгөө талаар өнөөгийн манай томоохон өмчтөнгүүд олонхидоо луйвар, авилгын замаар хөрөнгө хураасан. Хатуу хэлбэл манай үндэсний хөрөнгөтнүүдийн цуглуулсан доллар бүрээс луйвар, авилга үнэртэнэ. Заримаас нь цус хүртэл үнэртэнэ. Үүнд ганц би биш өөрөө ч дургүй байгаа гэж бодож байна. Түүнээс биш шударга хөдөлмөрлөж, амьдралаа босгож байгаа мянга мянган хүмүүсийн тухай огт яриагүй. Энэ бүхнийг задалж бичих аваас дахин нэг нийтлэл бүү хэл бүтэн ном ч гарч болно. Одоо түүхийн болоод хүүхдийн сонгодог зохиолуудтай зууралдаад энэ талаар тухтай суух цаг зав муутай байна. Ер нь бол бичнэ. 90 оноос нэг айхтар том туйлшрал, эндүүрэл явсан нь бүх юм хувьд оччихвол л сайхан болчихдог гэсэн хийрхэл юм. Энэ хийрхэл их олон гажуудлыг үүсгэсэн. Бүх юмыг хувьчилчихаар сайхан болчихдоггүй. Төрд тодорхой хяналт, чиглэл, бодлого, төлөвлөлт гэж байх учиртай, тэгж байж эмх журам бий болно. Эмх журамтай байж хөгжил бий болно. Түүнээс биш төрд бүхнийг буцаах тухай би огт дурдаагүй.
Нийтлэг эрх ашгийг эрхэмлэх тухай би нэг бус удаа бичсэн. Ингээд бичихээр намайг хувийн өмчийг үзэн ядагч гэж хараад байгаа бол хөгийн л байна. Уг нь нийтлэг эрх ашгийг эрхэмлэхгүйгээр улс үндэстэн хэзээ ч оршин тогтнодоггүй юмсан. Өнөөгийн энэ улс төрчид, гүн ухаанчдад, ялангуяа улс төрд хөл тавьж буй залууст “Түүхээ сайн судалж мэд. Түүх мэдэхгүйгээр улс төрийн тулхтай ул сууртай яриа, гүн ухаан байдаггүй” гэж хэлмээр санагддаг. Сүүлийн хорин жилийн улс төр бол уламжлал гэж мэддэггүй, тэр ч бүү хэл улс төр ч гэж мэддэггүй тийм “улс төр” байсан. Адгийн хуйвалдаанаа улс төр хийлээ гэж ойлгодог...
Нэг туйлийг нь шүүмжлэхээр нөгөө туйл дээр нь аваачиж ойлгодог энэ сэтгэлгээнийхээ эмгэгийг эргэж харах хэрэгтэй болов уу? Энэ мэт учир зүйг эргэцүүлэх чадваргүй, туйлширсан үзэл бодлоос болоод ардчилал уг утгаараа хэрэгжихгүй байна. Ялангуяа АН-ыг  шүүмжилхээр ардчиллын эсрэг үзэлтэн, коммунист болж харагдаад байдаг нь инээдтэй ч, эмгэнэлтэй ч хэрэг юм.

Гурав:
АН, МАН хоёр хоёулаа авилгач, алийг нь ч нэгнээс илүүд үзэхэд хэцүү. Тэр хувийн эзэмшлийг, чөлөөт өрсөлдөөнийг арай илүү дэмждэг гэдэг нь АН-ын суурь үзэл баримтлал болох Либерал үзэл санаатай л холбоотой, гэвч энэ хоёр намд аль аль нь өөрийн суурь үзэл санаа, зарчмыг баримталж буй нь огт байхгүй, Олон жишээ баримтууд бий шүү дээ. Яг өнөөдөр бол би МАН-аас нэр дэвшигчийн дэмжиж байгаа болохоор МАН-ыг дэмжээд байгаа юм шиг харагдаад байгаа байх. Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн цаана МАН гэж нэг айхтар мангас байгааг нь бодохоор дэмжмээргүй, гэвч миний харж байгаагаар бол нийгмийн талцлыг сааруулахад төвч, голч нуруутай хүн нь илүү юм. Элбэгдоржийн авилгалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг, гэхдээ зөвхөн өрсөлдөгчидтэйгээ тэмцээд байгаа нь тэмцэхгүй байснаасаа илүү хортой. АН огт авилгалгүй цэвэрхэн газар уу, үгүй...
Ингэж авилгалын эсрэг тэмцлийг улс төрийн ашиг хонжоо болгосноор өширхөл, нийгмийн талцлыг бүр гааруулж байна. МАН-ын цусан өшөө зангидсан залуус хэрвээ дараагийн сонгуулиар гараад ирвэл (гарах магадлал 50-иас илүү хувьтай) эргүүлээд өшөөгөө авахгүй гэх магадлал бараг 00-тэй тэнцүү. Ингээд улс төрийн гол хоёр намын эцэс төгсгөлгүй бөгөөд утга учиргүй өширхөл нийгмээ улам хагалан бутаргах аюултай.
Тэгээд ч Ерөнхийлөгч бол улс орны эцэг шиг хүн. Эцэг хүн нэг хүүхдээ хойт эцэг шиг нь ад үзээд, нөгөөгийнх нь булхайг толгойг нь илж өнгөрөөгөөд байвал тэр айл гэрт лав л аз жаргал гэж байхгүй. Түвшин, ноён нуруутай хүн айл гэрийн хойморт сууж байхад үр хүүхдүүдийн сэтгэл санаа ч аяндаа тэгшрээд, ажил үйлс нь ч өөдрөг болоод явчихдаг юм. Мөн Элбэгдоржийг дэмжихгүй байх өөр үндэслэл олон бий. Тэр бүхний тухай дараагийн нийтлэлд гаргаж бичье.
Түүнээс биш МАН-ын авилгалчдыг өмөөрөөд байгаа ч юм биш, авилгалтай битгий тэмц ч гээд байгаа юм биш. Дээрх комметод бичсэн логикоор бол ингээд ойлгочих магадлал өндөр байна шүү.
Уг нь хувийн өмчөө хэрхэн дэмжих вэ, ямар түвшинд төрийн оролцоог барих вэ, хөгжлийн концепци маань ямар байх вэ гэдэг талаараа маргалдаж, үзэл онолоо ард түмнийхээ өмнө уралдуулж байх учиртай намууд мафийн өширхөл маягтай тэмцэлд орж байгааг олж харахгүй байна уу? Үүнийг шүүмжилхээр "тэнэг коммунист" болчихдоггүй юм.

Эцэст нь:
Намайг "коммунист" гэж хэлсэнд баярлалаа. Гэхдээ "Коммунист"-ын талаар өнөөгийн залуусын ойлгодог гэнэн, тойм төдий, гажсан төсөөллөөр биш шүү. Энэ нь угтаа огт өөр утга агуулгатай, мөн чанартай зүйл юм. 1993 онд санагдана "Бодлын солбицол" сонинд "Коммунизмыг өмөөрөхүй" нэртэй нэг нийтлэл хэвлүүлж байсан. Тэнд уг санаагаа товчхон гаргасан. Одоо дахиад бичих хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэндээс коммунистын тухай унших боломжтой.
Бас нэг зүйл нэмэхэд ардчилал гэдэг нь ил тод байх учиртайсан. Дараа дахин санаа бодлоо бичвэл нэр усаа хэлээд, үзэл бодлоо учир зүйтэй хуваалцаарай гэж хүсье. Би өнөөгийн ардчилсан нэртэй анархиуд шиг (нэр усыг нь мэдчихээд) өширхөөд, харааж зүхээд, ална шулна гээд дайраад байдаг ч хүн биш.

Б.Номинчимэд
(Комметод доор нь хариу бичсэн боловч нэг дор багтаагүй учир энд бүтнээр нь оруулчихлаа.)

Monday, June 10, 2013

Сэтгэлгээний мөнх цэвдэгийг яаж гэсгээх вэ? ГАНТӨМӨР САЙД аа

“Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн соёл иргэншил мөн”
Рона Хаббард
Боловсролдоо хийх гэж буй “Хэрэглээний боловсрол”-ын философийг үндэслэгч Рона Хаббард ингэж айлджээ. Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа “Ном” хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх хөтөлбөрийг өвгөн багш миний бие дэмжиж байгаа билээ. Аливаа шинэ үзэл санааг санаачилж хэрэгжүүлэх үйлс нь анхнаасаа цэвэр ариун үзэл санаагаар жигүүүрлэж байж амжилтад хүрдэг.
Өнөөгийн хүүхэд багачуудад ямар ном уншуулах вэ гэдэг асуултад зөв хариулт өгч, зөв ном уншуулах нь өнөөгийн бидний тулгамдсан зорилт болоод байна.
Боловсрол, ШУ-ны яам хүүхдэд уншуулах номыг сонгон шалгаруулах эксперт томилж олон ном шалгаруулжээ. Миний бодлоор бол экспертэд орсон мэргэд хүүхдэд уншуулхаар хэвлэлийн газруудаас санал болгосон бүх номыг нэг бүрчлэн уншиж байж сонголт хийх учиртай. Зохиогчийн нэр, номын нэр харж дугуйлах замаар сонгон шалгаруулалт хийсэн нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болжээ. Хүүхдэд уншуулах номын тухайд бол сүүлийн хэдэн жилд “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хүүхдийн шилдэг зохиолын Эрдэнэсийн сан” цуврал 108 ном уншигч хүүхдүүдийн сонирхолыг татаж буйг би мэдэх юм. Би хувьдаа энэ цувралын 30 гаруй номыг уншсан болно. Зарим номыг нь уншаад уйлж билээ.
Найз нөхдийнхөө ач, зээ нарт хэд хэдэн номыг өгч уншуулахад номоос салахаа больсон олон тохиолдол буй. Би багш хүний хувь Монголын хүүхэд багачуудын уран сайхны боловсролын төлөө санаа тавьж, дунд сургуульд үздэг уран зохиолын хичээлийн үр дүнд санаа зовж хэд хэдэн өгүүлэг бичсэн. Гэвч миний өгүүлэлд бичсэн санаанууд яамны түшмэдүүдийн хүнд суртлын мөсөн уулыг мөргөж “амьсгал хураасан” юм.
Сүүлийн 20 жилд манай яамны эрх мэдэл бүхий түшмэдүүд “Мэдэхийг бүү хүс! Мэддэгийг бүү дага!” хэмээсэн тангадын хараалд өртөж сэтгэлгээ нь хоцрогдож олонхи тохиолдолд бурангуй бодлогоо явуулсаар өдий хүрлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт философи, уран зохиолын хичээлийг хасч, хөх монголын хойчсыг манкурт боол болгох зорилгоо хэрэгжүүлсээр байна. Дэлхий дахины боловсролын хөгжлийн хандлагаас харахад “Чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол: түүх, философи, уран зохиол”-д анхаарал их тавьж, дэлхийд нэртэй зохиолч, судлаачид “Эрүүл уран зохиол”, “Эрүүл кино”-ны тухай ярьж бичих болов.
Миний өмнө Мексикийн зохиолч Лаура Эквилсийн “Мэдрэмжийн тухай ном“ дэлгээтэй байна. Энэ номд “Эрүүл уран зохиол түгшүүр болон дотоод сэтгэлгээг хүчээр барьж байдаг эрчим хүчийг гадагшлуулж биеэс чөлөөлж байдаг бол эрүүл бус уран зохиол нь тэр эрчим хүчийг уйтгар гуниг болтол нь ихэсгэж байдаг” гэжээ.
Тэгвэл “Хөхдэвтэр” хэвлэлийн газраас гаргасан “Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан” 108 боть нь “Эрүүл уран зохиол”-ын хэмжүүрт бүрэн багтана. Би хүүхдийн нэрт зохиолч Ф.Бөрнэтийн цуврал 3 номыг уншлаа. Энэ номууд надад сэтгэлийнхээ гүнд нуугдаж байсан үнэт зүйлээ олж таних боломж олгож байна. Ном бүхний төгсгөлд зохиолын балчирхан баатруудтай ярилцах асуултууд байгаа нь анхаарлыг их татаж байгаа бөгөөд хүүхдэд ухаарал, гэгээрэл өгөх номууд болохыг баталж байна. Ном бүхэн төгсөхдөө сайн сайхан үйлс ялан дийлж байгаа нь ч хүүхдийн оюун сэтгэлд ялан дийлэхийн ухамсарыг буй болгож байна. Энэ номуудыг монголын хүүхдүүдийн уншуулах номын нэрсийн жагсаалтаас хасахдаа : “Танай хэвлэлийн газраас гаргасан номууд орчуулга муутай” гэсэн шалтгаан хэлжээ. Энэ цуврал номыг ахмад үеийн нэртэй орчуулагч У.Нямсүрэн, Ц.Даваажав, дунд үеийн Д.Оюунчимэг, залуу үеийн Б.Баясгалан, Д.Сүрэнжаргал нар орчуулсан юм. Хүүхдийн уран зохиолын орчуулга энгийн бөгөөд ойлгомжтой байх, зохиолын өгүүлбэрүүд нь олон үггүй, цомхон байдаг шүү дээ. Бас манай яамны эрх мэдэл бүхий түшмэл: “Манай ардчилсан намын хэвлэх үйлдвэрт хэвлүүлбэл хэдэн ном оруульяа” гэж айлджээ. Гантөмөр сайд аа. Та ямархан хүмүүсээр багаа бүрдүүлэв ээ.
Би энэ үгийг сонсоод З.Фрейдийн “Би ямар муухай хүмүүсийн дунд амьдарч явна” гэсэн уулга алдалт санаанд лав орсон шүү.
Монголчууд бид залуу үеийнхний балчирхан оюун сэтгэлгээг “намчирхал”-ын мөнх цэвдгийн хүйтэн чулуугаар хайрмааргүй байна. Үүнийг үл өгүүлэх нь: Миний Монголын үр сад ямар хэцүү ертөнцөд аж төрнөв. Хүчирхийлэл, мансуурал, гэмт хэрэг, амиа хорлолт газар авсаар л... Телевиз бүхний дэлгэцээр алаан хядаан, цус нөж урссаар л...
Мэдээ орсон цагаасаа хүүхдүүд түүнийг үзэж харсаар л... Өнгөрсөн зууны сүүлээр Бандурагийн лаброторид хийсэн судалгаагаар телевизээр гарч байгаа түрэмгийлэл, аллага таллага үзүүлсэн кино хүүхдийн зан үйлд ямар өөрчлөлт оруулдгийг судлаад:
1.    Түрэмгий зан үйлийг нэмэгдүүлдэг,
2.    Түрэмгий зан чанараа тэвчих чадварыг буруулдаг,
3.    Түрэмгийллийг мэдэрч, эв дүйтэй харьцах чадварыг алдагдуулдаг
гэж тогтоогоод, 427 хүүхдийг арав арван жилээр зан авирт нь ямар өөрчлөлт гарсныг олж тогтоосон байдаг. Судалгаанд хамрагдсан 4000 хүүхэд 30 насандаа
1.    Түрэмгий зан авир нь тогтвортой хадгалагдсан,
2.    Хууль дүрэм олонтаа зөрчдөг,
3.    Гэр бүлийн түрэмгийлэл тогтмол байдаг болохыг тогтоожээ.
30 насандаа хийсэн гэмт хэргийн хүнд хөнгөний шинж нь 8 насандаа телевизээр үзэж байсан хүчирхийлэлтэй шууд хамааралтай гэсэн дүгнэлт хийсэн байна.
Энэ судалгаанаас үзхүл бид “Зөв монгол хүн”-ийг төлөвшүүлэхэд их зүйл хиймээр байгаа биз. “Зөв монгол хүн” гэж хэн юм бэ? Шалгуур нь ямар байх вэ? Бурхны сурааль үзэж байхад “Найман зөв зам мөр”-ийн онол гэж байдаг юм билээ. Тэр нь:
1.    Зөв үзэл,
2.    Зөв сэтгэл,
3.    Зөв үйлс,
4.    Зөв үг,
5.    Зөв амьдрал,
6.    Зөв тэмүүлэл,
7.    Зөв ухаарал,
8.    Зөв бясалгал,
Эдгээр бүлгээ.
ГАНТӨМӨР сайд аа. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд, зөв хүмүүсээр багаа бүрдүүлсэн зөв бодлого, зөв үйлстэй Яам чухал шүү гэдгийг ахмад багшийн хувьд зөвлөе.
Эрхэм сайд танаа:
Нэгэн зүйл: Монголын маргаашийг авч явах хойч үеийнхний хөгжил-хүмүүжил-боловсролын асуудлаар “Зөв монгол хүн” сэдэвт эрдэмтэн мэргэдийн чуулганыг зохион байгуулах,
Нэгэн зүйл: “Либерал арт” буюу сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол болох түүх-философи-уранзохиолын хичээлийн талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, ЕБС-ын хөтөлбөрт зохих байр эзлүүлэн, дээрх хичээлүүдийг сургалтын технологийг боловсронгуй болгох арга хэмжээг яаралтай зохион байгуулах,
Нэгэн зүйл: Хүүхэд багачуудад уншуулах зохиолын сонголтыг дахин хянан үзэж, Яамнаас томилогдсон экспертүүд бүх зохиолыг уншиж сонгон шалгаруулалт хийх.
Бидний “хэрэглээний боловсрол” онол арга зүйг үндэслэгч Рона Хаббард “Дианетик” алдарт номдоо, “Хүний оюун ухаан хоёр туйлаас бүрддэг. Нэг нь задлан шинжлэх ухаан, нөгөөх нь зад эсэргүүцэх ухаан юм. Задлан шинжлэх хэв шинжийн оюун ухаан нь авардаг. Зад эсэргүүцэх ухаан нь мөхөөдөг. Ухаанаар биеэ жолоодох шинэ сэтгэлгээ, шинэ арга барил чухал” гэжээ. Бумбын эрин сэтгэлгээний мөнх цэвдгийг гэсгээнэ. Үүнд итгэж, эрч хүчтэй, шударга ажиллаарай.
Ломбын НЯМАА
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, ахмад багш

Sunday, June 9, 2013

Түүх биднээр тохуурхаж байна

Түүх заримдаа бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстнээр, тэдний хувь заяагаар тохуурхан тоглодог. Ийм үзэгдэл түүхэнд олонтаа давтагддаг ажээ. Түүхэн их эргэлтийг хийхдээ ард түмэн нэгэнт үеэ өнгөрөөсөн бүхнийг таягдан хаяж, шинэ илүү давшингүй нийгэм, хөгжлийг зорилгоо болгон тэмүүлдэг. Гэтэл тодорхой хугацааны дараа тэдний өнөөх хүсэн хүлээж байснаас нь тэс ондоо үр дүн гарч, нийгмийг гүн шоконд оруулж, гайхшруулан алмайруулах нь бий. Түүхэн зүйн ийм үзэгдлүүдийг Гегель анзаарч ажиглаад “Түүхэн тохуурхал” хэмээн нэрийджээ.
Яг ийм ТҮҮХЭН ТОХУУРХАЛ өнөө биднийг нөмөрсөн байна. Түүх биднээр тун адтай, хоржоонтой тохуурхаж байна.
Яаж тохуурхаж буйг хэдхээн зүйл дээр жишээ болгон тогтож үзье. Учир нь энэ тохуурхал улс төр, эдийн засаг, түүх, ёсзүй, гүн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарсан үзэгдэл тул нэг нийтлэл төдийд базахад бэрхтэй.

-    Хүнд суртал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид төрийн хүнд суртлын эсрэг жагссан, тэмцсэн. 1980-аад оны зогсонги үеийн төрийн аппарат дахь хүнд суртал нийгмийг бухимдуулж, өөрчлөлт шинэчлэлийн салхийг даллаж байв. Гэтэл өнөө тэр цагийн хүнд суртлаас хэдэн арав дахин илүү хүнд суртлын аппарат нэг л мэдэхэд бидний толгой дээр данхайчихаж ээ. Өнөө хүнд суртал ямар яршиг төвөгтэй байгааг тоочилтгүй, бүгдээр мэднэ.

-    Намжсан төр: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид намжсан төрийн эсрэг жагссан, тэмцсэн. Тухайн үед Монголын төр бол МАХН байсан. МАХН-ын Улс төрийн товчоонд төрийн бүхий л асуудлуудыг шийддэг байв. Захын суманд хүртэл Сумын МАХН-ын үүрийн товчоо сумын бүх ажлыг хянадаг, шийдвэр гаргахад чухал нөлөө, дарамт үзүүлдэг байв. Намын гишүүн болохгүй л бол хичнээн авьяас чадвартай байгаад ямар ч боломж олддоггүй байв. Бид энэ байдлаас гарахын төлөө тэмцсэн.
Гэтэл өнөөдөр үзэл сурталжсан намаас хамаарсан төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр. Өмнө үзэл суртлаар бүхнийг хянаж, цагдаж, түүнд нийцүүлдэг байсан бол өнөөдөр цөөнх олигархуудын эрх ашигт нийцүүлж, тэдний үзэмжээр төрийн ажил явдаг болсон. Үгүй ядаж л ямар нэгэн үзэл санаа байдаг бол арай дээр байхсан, олигархуудад өөрсдийнх нь эрх ашгаас өөр ямар ч үзэл санаа гэж байхгүй юм. Аль нэгэн намын гишүүн байж, тэр намдаа үхэн хатан харанхуйгаар зүтгэхгүй л юм бол төрд үнэнч шударгаар зүтгээд ер нь бараг л нэмэргүй, яагаад гэвэл нэг л өдөр аль нэг намын боловсон хүчин нэртэй хийрхэгч ирээд ажлыг чинь авна. Тиймээс төрд ажиллагсад өөрийн эрхгүй намжиж, намчирхаж эхэлнэ.

-    Хэвлэлийн эрх чөлөө: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн. Нэг намын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлсэн, өөр бусад үзэл бодлыг хавчин хяхсан тийм хэвлэл мэдээллийн орчинг шүүмжилж, олон ургалч үзэл чөлөөтэй өрсөлдөж байдаг хэвлэлийн эрх, эрх чөлөөг хүссэн билээ.
Харин өнөөдөр монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нэн тодорхой эрх мэдэлтнүүд, улс төр-бизнесийн бүлэглэлд л үйлчилдэг болсон. Жишээ нь “Өдрийн сонин”-д Баабар, Элбэгдорж нарыг шүүмжилсэн ямар ч өгүүлбэр гарахгүй, “Өнөөдөр” сонинд С.Баяр, Н.Багабанди нарыг шүүмжлэхгүй. Харин тэдний эсрэг бүлэглэлийг бол газрын гаваар ортол нь муулна, шүүмжилнэ. ТВ, Радио ч мөн адил. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд аль нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлүүдээс шууд хамааралтай болж, тэдний хоорондын өрсөлдөөний талбар болж хувирснаар нийгэмд бодитой, голчтой мэдээлэл хүрэх боломж хомсдож, энэ нь нийгмийн талцлыг улам бүр дэвэргэх болсон билээ.
Сэтгүүлчид зөвхөн эздийнхээ хүсэлтээр хөлсөөр юм бичиж, амь зуудаг болсон. Нийгмээ үнэн бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн үндсэн үүргүүд хөсөр хаягдсан. Ингэснээр олон түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр чухам үнэн зөв мэдээллийг хүлээн авахад нэн бэрхтэй болсон байна. Бид хэвлэл мэдээллийн ийм эрх, эрх чөлөөг хүсэж хаврын тэр жаврыг сөрж жагсаагүй.

-    Хууль, шударга ёс: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид шударга ёсны төлөө, хуулийг гууль болгодог бурангуй явдлын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт намын үзэл санаанд таараагүй бол, хэн нэгэн эрх мэдэлтэй том даргын сэтгэлд нийцээгүй бол шударга ёсыг үл тоох хандлага байсан. Гэвч өнөөдөр улс орон даяар шударга ёс алдагдаад зогсохгүй шударга ёс гэж юу байдгыг бүр мартах шахаж байна. Шударгаар явах гэж оролдох аваас энэ цагийн урсгалд хөл нийлэхгүй болж, адлагдан ад үзэгдэж, хавчигдаж, шахагдаж, тэр бүү хэл зарим тохиолдолд амь амьдралаараа хохирох болов. Шударга ёс хэрхэн гажсаныг маш энгийн зүйлээс анзаарч болдог. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу явж байсан нь байрнаасаа хөдлөхөд бэрх болоод, дүрэмгүй улайран дайрсан нь завшин явж болдог зовлонг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр мэднэ. Энэ бол нийгэмд нийтдээ шударга ёсны мэдрэмж алдагдсаны нэг тод илрэл юм. Хуучин цагт буюу БНМАУ-ын үед орон даяар 160 гаруй хууль тогтоомж хэрэгжиж, хуулийн хэрэгжилт 96 хувьтай байжээ. (Энэ тоо ихээхэн эргэлзээтэй, гэвч их хэтрүүллээ гэхэд 10 хувиас хэтрээгүй.) Гэтэл өнөөдөр Монгол Улсад 900 гаруй хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь 50 хүрэхгүй хувьтай. Хуучин цагт хууль гууль болох явдал байсан бол одоо хууль зүгээр л хогийн шарилж болж хувирсан. “Хуулийг зөрчих гэж гаргадаг юм” гэсэн хачин сонин аксиом энэ хорин жилд гарсан билээ.
Шүүх засаглал захиалгаар үйлчилдэг болов. Хэн төр, шүүх засаглалын эрх мэдлийг авна, түүнд үйлчилдэг шүүх засаглалтай болж хувираад байна. Эцсийн эцэст Монголын шүүх засаглал эрх мэдэл, эрх ашиг, их орлогын төлөө улайран тэмцсэн улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн бие биенээ намнах хэрэгсэл болж хувираад байна. Энд шударга ёсны тухай ямар ч ойлголт байхгүй болно.

-    Авилгал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид авилгалын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт авилга авдаг байж, гэхдээ тэр цагийн авилга 45-ын гутал, их сайндаа 100 төгрөг байв. Тэр үед Ардын хянан шалгах хороо, Намын хянан шалгах хороо гэж хоёр аймшигтай газар байсан ба энэ хоёр аймшгийн газрын хараанаас мултарч авилга авна, өгнө гэдэг амаргүй байжээ. Харин одоо авилгад бүхэл бүтэн уурхайн орд газар, бүхэл бүтэн Яамны сайдыг өгдөг болсон. Ерөөс авилга ямар түвшинд болсныг олон зүйл нуршилтгүй бүгдээр мэднэ. Авилгын индексээрээ бид дэлхийн улс орнуудыг хойноосоо манлайлдаг. МАН-ын үед 30 хувьтай байсан авилгал АН-ын үед 40 хувьд хүрснийг олон бизнес эрхлэгчид халаглан ярих болов.

-    Хэлмэгдүүлэлт: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоосоо болж хэлмэгдэхийн эсрэг жагссан, тэмцсэн. Тэр үед чөлөөт үзэл бодлоосоо болоод хэлмэгдэж, ажил албагүй болж, хөдөөгийн суманд жолооч, малчнаар цөлөгдөж, шорон оронд хүртэл хоригдох явдал байсан. Гэхдээ хавтгай биш, тоолбол хэдэн зууд ч хүрхээргүй байв. Гэхдээ л бид үүний эсрэг тэмцсэн юм. 37 оны их хэлмэгдүүлэлтийг эргэн харж, цагаатгахын төлөө жагссан.
Харин өнөө нэг нам засгийн эрхэнд гарангууд сөргөлдөгч намынхныгаа ажлаас нь хэдэн мянгаар нь хомроглон халж, өөрийн намынхнаа тавьдаг болсон. Дараагийн сонгууль болж нөгөө нам нь сонгуульд ялбал хариугаа хэзээ ч дутуу авахгүй бүр давуулж авдаг болсон. Энэ явдал төрийг хүчгүйдүүлж, төрийн мэргэшсэн, туршлагажсан албыг улс төрийн тоглоом болгож хувиргасан.
90-ээд оноос хойш хэрэгжсэн чөлөөт өрсөлдөөн нэртэй ч “Өрсөж булаа” гэсэн далд уриа, зарчимтай увиагүй өрсөлдөөний үр дүнд монголын балчир үрс хэдэн мянгаараа гудамжинд гарч, охид бүсгүйчүүд хэдэн мянгаараа янхан болж, залуус мянга мянгаараа гэмт хэрэгтэн болж, хэдэн зуун мянган монгол хүн, өрх гэрүүд ядуурлын аймшигт хавцал руу хийсэн амь, амьдралаараа хэлмэгдсэн билээ. Ядуурал, бусармаг сэтгэлгээ хэтэрсэнээс үүдэн хэдэн зуун мянган үрс эхийнхээ хэвлийд ирт мэсэнт хирчүүлэн хороогдон хэлмэгдсэн билээ. Хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт бол шударга ёсонд, сайн үйлд итгэсэн хүмүүний сэтгэл зүрх гутаагдан доромжлогдож, хэлмэгдсэн явдал юм. Хорин жилд монголд хамгийн эрчимтэй баригдсан бүтээн байгуулалт бол шорон байдаг бөгөөд энэ хугацаанд төсвийн зардлаар 20 шорон шинээр баригдсан бол төсвийн зардлаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэд баригдсаныг тоолох гэтэл олдоогүй болно. 

-    Тусгай хангамж, алагчлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид сайд дарга нарын тусгай хангамжийг эсэргүүцэж, ард түмнээ алагчилдагийг өөрчлөх гэж жагссан, тэмцсэн. Тэр үед дарга нар гялалзсан хар өнгөтэй Волга 24, Чайка унадаг байв. Ард түмэн Москвич, 21 унадаг байв. Тэр үед дарга нар тусгай хангамжийн бараа бүхий дарга нарын дэлгүүрээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн 45-ын гутал, халуун савны запасны төлөө дэлгүүрт дугаарладаг байв. Дарга нарын хүүхдүүд муу сурдаг ч гадаадын их дээд сургуулийн хувиарыг авчихаад (гэхдээ дандаа биш) байдаг байв. Дарга нар Сайд нарын II эмнэлгээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг байв.
Гэтэл өнөө дарга нар нисдэг тэрэг, онгоц унадаг болсон. Гэхдээ үүнд чанарын ялгаа их бий. Хуучин цагт дарга нар голчлон хар тэрэг унаад төрийн ажил хийдэг байсан бол өнөө дарга нар нисдэг тэрэг унаад хувийн зугаа цэнгэл, ан гөрөө хийдэг болсон. Олигарх дарга нар, түүний эхнэр хүүхдүүд монголд өвөл ирж, Улаанбаатар утаандаа хахаж цацах цагаар халуун дулаан орон руу нүүдлийн шувууд шиг нисэж, төрөөс, татвараар дамжуулан ард түмний халааснаас хулгуулсан их мөнгөөрөө авсан хэдэн зуун мянгын тансаг хаузуудад тухлан амарч аваад хавар болж цаг дулаарахад буцаад нисээд ирдэг болов. Ард түмэн утаан дотроо хахаж цацаж, чанарын баталгаагүй хоол хүнсээр эрүүл мэндээ сүйтгүүлж байхад дарга нар, олигархууд Майми бийчид усанд шумбаж, Хонолулугийн эрэг орчимд завиар уралдаж, Макао, Сөүлийн казинод хэдэн зуун мянган доллараар тоглож суудаг болсон. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт нь эгнэн, цэргийн казармид байгаагаас ч дор нөхцөлд шахцалдан эмчлүүлсэн нэртэй ядаргаа, стрессийн туйлд орж байхад дарга нар Тайландын нэг удаагийн үзлэг нь хагас саяын үнэтэй эмнэлгийн  хаалгаар хэдэн талаасаа дэмнүүлэн ярвайсхийн орж явах.
Төрөөс жил бүр багагүй хэмжээний зардлыг монголын залуусыг гадаадад их дээд сургуульд сургахаар гаргадаг ч тэр зардал ихэвчлэндээ дарга нар, баячуудын хүүхдүүдэд ногдож, тэдгээр эрхийн тэнэгүүд тэнд очоод сурсан ч юмгүй зугаалж наргиж аваад, эцэс сүүлд нь түмэн олондоо тус болох нь бүү хэл төрсөн биедээ ч нэмэр болох юм сурсангүйгээр барахгүй төрд буцаагаад төлсөн ч юмгүй гол гаргах нь олон болж... (Сайн суралцсан, үр бүтээлтэй ажил хөдөлмөр хийж яваа залуус бий ч тэд цөөнх юм шүү.)

-    Тусгаар тогтнолын баталгаа: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид тусгаар тогтнолоо улам бүр баталгаатай болгохын төлөө, “Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг” улс төрийн болоод эдийн засгийн хэт хараат байдлаас ангижрахын төлөө жагссан, тэмцсэн. Тэр үед монголын эдийн засаг хойт хөршөөс 81 хувь, монголын улс төр бараг бүрэн хараат байв. Монголын улс төрийн бодлого Кремлд боловсорч, түүнийг сөрсөн монголын улс төрчид нэг нэгээрээ хойно учир битүүлгээр нас барж байв.
Гэтэл өнөөдөр монголын тусгаар тогтнол үндэстэн дамнасан олон улсын корпорациудаас шууд хараат байдалтай болсон байна. Тэд их мөнгөөр монголын эрх мэдлийг атгаж буй улс төрчдийг, улс төрийн намыг худалдан авч, өөрсөддөө ашигтай хуулийг парламентаар гаргуулах боллоо.
Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь лиценз нэрээр хувь хүмүүсийн эзэмшилд нэгэнт орсон ба тэдгээр хувьд гарсан газар нутгийн эздийн 70 гаруй хувийн цаана гадаадын, ихэнхдээ өмнөд хөршийнхөн байгаа нь манай тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаа хэрэг юм. Мөн манай эдийн засгийн 86 хувь нь өмнөд хөршөөс, гэхдээ ганц Эрээний боомтоос шууд хамааралтай болж хувирсан.  С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Ж.Наранцацралт зэрэг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч олон улс төрчид мөн л учир битүүлэг байдлаар хорвоогоос хальсаар байна.
Тусгаар тогтнолын нэгэн нэн чухал баталгаа болдог үндэсний эв нэгдэл өнөөдөр тун эргэлзээтэй болов. Үзэл санаа, концепцийн өрсөлдөөн бус аль нэг намыг мухар сохроор дагасан утга учиргүй хийрхэл ард түмнийг хоёр талцуулж, насаараа нэг жалганд амар жимэр хаяа хатган суусан хоёр хөгшнийг хүртэл нэг нэгнийхээ босгыг алхуулахгүй болтол нь талцуулж байна. Нийгмийн дотор баян ядуугийн ялгарал хол зөрөөтэй болж, баячууд нь ядуусыгаа арчаагүй, залхуу, боловсролгүй хэмээн ад үзэн шоовдорлох, ядуучууд нь баячуудыгаа шунахай, луйварчин, дээрэмчин гэж үзэн ядах сэтгэл зүй хэдийнэ бүрэлдэж бий болсон байна.
Үлгэрлэвэл бидний тусгаар тогтнол нэг чонын өмнө байсан бол одоо олон чонын өмнө оччихсонтой адил болжээ. Энэ байдлыг анзаарсан Оросын судлаач С.Балмасов “Монголчууд ийм байдлаар үргэлжилбэл тун удалгүй Хятадын нэг муж болно гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэжээ.

-    Үзэл суртлын дарангуйлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид нэг үзэл суртлаас ангижирч, олон ургалч үзлийн төлөө жагссан, тэмцсэн. Хэт туйлширсан нэг үзэл суртлын дөнгөнөөс ч салж чадсан билээ. Гэвч бид олон ургалч үзэл бүү хэл бүр ямар ч үзэлгүй болж хоцров. Ядахдаа улс үндэстнийхээ хөгжлийн үзэл санаа, баримтлал ч үгүй болсон. Үзэл санаагүй нийгэм аяндаа өөрөө үжирч ганддаг юм. Бид наанаа өндөр өндөр байшин сүндэрлүүлж, өнгөлөг сайхан машинаар давхилдавч цаанаа ямар ч хөгжлийн тойм, итгэл, чиглэлгүй болчихжээ. Нэгэнт хөгжлийн тойм, чиглэлгүй болчихсон ард түмэн урьд өмнөхөөсөө бүр ч илүүгээр тун хялбархан тархиа угаалгаж, утга учиргүй туйлширч, намаараа талцан хагаралдах болов.

-    Гадаадын мөлжлөг: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид ЗХУ болон бусад орнуудтай байгуулсан эрх тэгш бус зарим гэрээг (энд зориуд “зарим” гэж орууллаа. Гэрээ бүхэн эрх тэгш бус байгаагүй, манайд ашигтай гэрээ их олон байсан билээ) эсэргүүцэж жагссан. Монголчууд хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээ, байгалийн баялгаа хямд үнээр нийлүүлж байсныг шүүмжилсэн. Бид өөрсдөө ч мэдээгүй байтлаа 11 тэрбум шилжих рублийн өртэй болчихсон байсныгаа шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр тэр шүүмжилж байсан гэрээнээсээ хэдэн арав, зуу дахин ашиггүй гэрээг бид Оюутолгой, Тавантолгойн томоохон ордууд дээрээ байгуулчихсан, Ерөнхийлөгч нь “Одоо яая гэх вэ? Онгон охиноо хүнд өгсөн, одоо ямар ч арга байхгүй. Нэгэнт өнгөрсөн” гэсэн утгатай зүйл яриад сууж байх юм. Бид хуучин ЗХУ-д төлөх ёстой 11 тэрбумын төлбөр ялбараас олон жилийн шургуу гэрээ хэлцээ, тэмцлийн үр дүнд 98 хувийг нь хасуулж байж арай гэж цаана нь гараад эргээд хартал дахиад тийм хэмжээний өртэй болчихсон сууж байх юм. Энэ өр хорогдох биш улам бүр эрчтэй нэмэгдэж байгаа.
Манай байгалийн баялгыг, хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүдийг монгол оронд ямар ч үнэ цэнэгүйгээр хуу хаман цөлбөх үйл явдал сүүлийн жилүүдэд өрнөлөө. Өрнөсөөр л байна. “Бороо гоулд”-ыг жишээ болгон ярьдаг ч түүнээс үй олон уурхай, баялаг гадныхны гар хөл болсон цөөн хэдэн хүний халаасыг л зузаатгаад бусад хувь нь гадагшаа урсдаг урсгал хэвээр байна.

-    Ил тод байх: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид эрх баригчдыг ил тод байхыг шаардсан. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ил тод ярьж, элдэв гэрээ хэлцэл, өр зээл, аливаа шийдвэрээ ард түмэндээ илт тод болгохын төлөө жагссан, тэмцсэн.
Гэтэл өнөөдөр ил тод байдал бүр үгүй болж, гадаадын томоохон компаниудаас санхүүждэг нам дамжсан бүлэглэлүүдийн хуйвалдаан далдын далд өрнөж, тэр хуйвалдаанаар ард түмний хувь заяа шийдэгддэг болсон. Эрх баригчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдээр үе үе мэдэгдэл хийж, ил тод царайлах авч, үнэн чанартаа жинхэнэ шийдвэр нууц хуйвалдааны үед л гардаг болсон.
Хэдэн арван тэрбумыг завшсан хэргүүдийн тухай үе үе хэвлэл мэдээллээр шуугидаг ч тэгэсгээд нам гүм болж замхарсаар байна. Цөөхөн, тун цөөхөн хэрэг шийдэгдэж, эзэн холбогдогч нь ял авдаг ч шударга ёсны үйлчлэлээр гэхээсээ илүүгээр улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцлийн золиос болон шийдэгдсэн гэвэл илүү үнэнд нийцнэ.
Амьд гэрчтэй, эд мөрийн баримттай С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг өдий болтол хав дараастай байна. Асар их эрх мэдэл, эд хөрөнгөтэй, нам дамжсан хүчирхэг бүлэглэл цаана нь байгаагаас л өдий 15 жилийн турш чимээгүй байна. Ил тод байдлын тухай мөрөөдөх ч аюултай болсон биш үү.

-    Үзэл бодлын чөлөөт байдал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоо, үгээ чөлөөтэй илэрхийлэх, нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэн дээдлэх эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн. Тэр цагт үзэл бодлын маргаан нь зөвхөн нэг намын үзэл суртлын хашаан дотор л байж болдог, тэр хашаанаас нь гадуур өнгийж харах, соц үзэл сурталд эргэлзэх аваас хавчиж хяхдаг, пионер, эвлэл, намын хурлаар хэлэлцдэг, донгоддог, цаашилбал ажилгүй, сургуульгүй болгодог, цөллөг, шоронд илгээдэг байсан. Шүүмжлэл зөвхөн тэр соц үзлийн хашаан дотор өрнөж болдог, гэхдээ ажил хэрэгч, бүтээлч шүүмжлэл, ялангуяа ёс суртхууны аястай, бас аж ахуйн талын шүүмжлэлийг голдуу хүлээж авдаг, үр дүн ч гардаг байж.
Харин өнөө бид соц үзэл суртлын хэвшмэл хашааг эвдэж, нурааж чадсан ч чухам буцаагаад ямар нэгэн үзэл санааны ул мөр, учирзүйн уг шалтгаан байхгүй, ардчилал гэдэг нэг сайхан эрх дураараа орилж болдог, гэхдээ бусдын орилохыг сонсож болдоггүй, тэвчиж ч болдоггүй, тийм харанхуй муйхар, үл тэвчих необольшевик маягийн хашаа хэрмийг барьж орхижээ. Өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд тун осолтой. Хэрвээ таалагдахгүй бол шууд ирээд хутгалж ч мэднэ. Ёс суртхууны тухай шүүмжилбэл өмнөөс ямар ч ёс суртхуунгүйгээр шууд нулимна. Хариуцлагын тухай ярьвал “Хариуцлага гэж юу билээ” гэж гайхна. Ямар нэгэн учир зүйтэй маргаан, нотолгоо үзэл санааны өрсөлдөөн гэж байхгүй, зүгээр л газрын гавруу ортол нь харааж зүхэж, нулимж, тэр шүүмжилсэн хүнээ хүнийх нь хувьд үгүй болгож, дотоод ертөнцийнх нь хувьд харанхуй мунхагаар бурангуйлан дарж авах гэж оролдоно. Зарим тохиолдолд ажилгүй сургуульгүй болгож, зарим тохиолдолд их мөнгөөр амыг нь барих гэж оролдож, бүр зарим тохиолдолд хөлсний алуурчнаар шууд л алуулна. Эсвэл санамсаргүй автын осолд орно. Бидний явж буй зам мөр, ардчилал маань гажсан байна, түүнээ эргэн харж засах хэрэгтэй тухай ярихаар ардчиллын эсрэг үзэлтэн байна, ардчиллын дайсан гарч ирлээ, буцаад коммунизмаа байгуулах гэлээ гэж хийрхэнэ. Энд ямар ч наад захын ёс зүй байтугай наад захын учир зүй, мэдлэг ч байхгүй. Ийм л “дураараа байж болдог, гэхдээ бусдын эрхийг, үзэл санааг үл тэвчдэг, мэдлэггүй, тэнэгдүү, бүдүүлэг, анархи эрх чөлөө”-ний төлөө бид 1990 онд тэмцээгүй билээ. Ийм харилцан түлхэлцдэг, сөрөг цэнэгтэй анархи бөөмсүүдээс бүрдсэн нийгмийг зөвхөн задрах хувь тавилан л хүлээж байдаг.

Ийнхүү түүх биднээр, монголчууд биднээр тохуурхаж байна. Гэхдээ тун хоржоонтой гашуунаар тохуурхаж байна. Түүх яагаад, ямар тохиолдолд тохуурхдаг юм бэ? Үгүй бол түүх дандаа ийнхүү тохуураад байдаг юм уу? Үгүй юм. Түүх ганцхан тохиолдолд л ард түмнээр тохуурхдаг.
Ийм дотроо эв нэгдэлгүй, тодорхой үзэл баримтлалгүй, үндэсний бахархалгүй болчихсон, түрүүнийхээ бөөсийг толгой дээрээ гаргаад залчихсан ард түмнээр түүх тохуурхдаг юм.
Эв нэгдэлтэй, эрдэм мэдлэгтэй, эрмэлзэх зорилготой, түүнээ тойрон эрх ашгаа нэгтгэж чаддаг ард түмнээр түүх хэзээ ч тохуурхаж байгаагүй, чаддаг ч үгүй билээ.

Б.Номинчимэд

Tuesday, June 4, 2013

Өөр дүрмээр тоглох ёстой...

Өнөөдөр "Олигархи" гэж нэрлэж хэвшсэн, улс төр-санхүүгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн нөхдүүдтэй тэдний ярьдаг хэлээр ярьж, тэдний тоглодог тоглоомын дүрмээр тоглоод хэзээ ч хожихгүй, нэг мэдэхэд өөрсдөө тэдний гар хөлийнх нь үзүүр, тоглоом, их сайндаа тэдний нэг жижкээн хувилбар болж хувирсан байна. Энд ямар нэгэн стратеги энэ тэр байгаа гэж бодох нь гэнэхэн төөрөгдөл. Тэдэнтэй тэдний хэлээр биш, өөрсдийнхөө хэлээр эрс шулуун, чигч зарчимтай ярьж, "тоглох" хэрэгтэй.
Эрч хүчтэй, шулуун шударгад нь миний хувьд бүрнээ итгэдэг залуус АН-д орж, идэвхтэй үйл ажиллагаа эхлүүлж буй нь маш сайн хэрэг. Өнөөдөр манай улс төрийн намууд бүгд үзэл санааны хувьд ч, боловсон хүчний хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч бүрэн дампуурлын байдалд байгаа. "Хургандаа цадаагүй их олон төлөгнүүд"-тэй МАН, боловсролгүй анархи люмпендээ дарангуйлагддаг АН, тахин шүтэх сэтгэлгээдээ дөрлүүлсэн фанатикууд голдуу МАХН гэсэн улс төрийн голлох намуудыг устгах боломжгүй, харин өөрчлөн шинэчлэх л боломжтой. Тэр өөрчлөлт шинэчлэлийг шинэ хүмүүс, ялангуяа эрүүл саруул сэтгэлгээтэй залуус оройлбол сайн хэрэг, өөр юу байх билээ.

Тэд хэн байв?

Тэд хэн байв?

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франк, Бургунд, Саксони, Баваричууд байгалийн аргалшгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алджээ. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв.
Нормандын засагчид айснаас үүдэн загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, гутралаар дүүрэн захидал нэг нэгрүүгээ шидэлцэж, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм хачин өдрүүд үргэлжилж байв. Трансильвани, Далмацид бүү хэл Баварийн чанадад, бүр алс Саксонид хүртэл худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч байж. Валахи орчимд бол бүтэн жилийн туршид ард түмнээрээ ой шугуйд толгой хоргодон, эрхэм дээдэстэн, вантан баронтон, гүнтэнгүүд нь хүртэл мөчир дээр тогтсон ус шимж, модны мөөг, хэрэм, жирхээр гол зогоож явжээ.
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Скиф, Авар болоод Гот, Мажарын олон овог аймгууд Европын хилээр цусан зам татуулан ордог ч төдөлгүй өөрсдөө нэг бол боолын талхинд хүзүүгээ тавьж өгдөг байж, эсвэл өөрсдөө тэр ард түмний нэг нь болж дуусдаг байж... Куман, Печенегүүд, Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
Османы Огуз Түрэгүүд 1389 оны 6 сард эртний эллиний соёл, загалмайн шашны нэгэн түшиг голомт Византыг унагаж, Косовагийн талд Хорват, Серби, Мажарын хамтарсан 80 мянган цэргийг бут цохиж, Лазар ванг олзолж байхад, Вена хотын босгонд лалуудын саран тамгатай туг нь намирч үзэгдэхэд ч Европчууд ер цочсонгүй, Австрийн баронууд Шопронд хөлтэй найр цэнгээн зохиож, Бургундад эзэн хаан зэрлэг гахайтай хөөцөлдөн явжээ.
Эртний Ромын яруу алдрыг дурсаж, дуудан бахархан явдаг тэр Европыг, загалмайтны нэгдсэн Европыг, Бага Ази, Сири, Иордан, Мисирийн эргийг хүнд жадныхаа үзүүрээр чичлэн доргиож явсан идэрхэг хүчирхэг рыцарь баатруудын нутгийг, дайнч готуудын хойчис францууд, кельтүүдийн үр удам германууд, бяралхаг сляванчуудын салаа салбар польш, литов, чехүүд, өнөөх хүннү нарын цус судсаар нь гүйх мажар, домогт викингүүдийн эр зоригийг өвлөсөн скандинавынхан, цоглог золбоолог норманд, англо саксуудын удам англичууд..., зэрэг омог ихт олон үндэстнийг ингэтэл нь айлгасан Тэд хэн байв? Ямар гээчийн бурхны, эсвэл чөтгөрийн хүчийг эрхшээсэн ард түмэн билээ?
Хуучин домогт өгүүлэхээр тэнгэр бурхадтай тэрсэлдээд ялагдаж, алс элсэн цөлийн чинадад, эсвэл тамын орон Тартарт цөлөгдсөн аварга биет титанууд тамаасаа гарч дахин тэнгэр бурхантай дайтаж даагаа нэхэхээр, ертөнцийг харанхуйгаар хулдаж, цусаар урсгахаар ирж яваа нь тэр үү?

***
Тэд бол Монголчууд, гэхдээ ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист боссон дэлхийн дайнд ганцаар ямагт ялан урагшилж байсан монголын армийн зөвхөн нэг жигүүр, нэг замын цэрэг нь байлаа.
Тэр үед монголчууд хятадын Хөх мөрнөөс Карпатын нуруу хүртлэх өргөн уудамд одож, энэ өргөн уудмын хязгаар бүрд хүчтэй сул янз бүрийн эсэргүүцэлтэй тулгаран дайтаж байв. 60 сая хүнтэй, цэрэг зэвсэг, эдийн засгийн асар их нөөц бүхий Хятадын Сүн улстай өмнө зүгт, нойтон хамуу шиг бууж өгч л байдаг, араас жад бариад босч л байдаг Солонгосуудтай зүүн зүгт, Сүлжүкийн Рүм, армянтай Бага Азид, аббасидууд, ассасинууд болон Багдадын Халифийн чин сүжигт дайчидтай Ираны толгодын зах хязгаарт,  орос, булгар, кумануудтай Дешт-кипчакийн их талын умардад, мөн эрэлхэг уулынхан, гүржүүдтэй Кавказын ар, өвөр бэлд дайтаж, Хорезм шахын их армийн үлдэгдэлтэй Хиндү Кишийн өндөрлөгт хөөцөлдөж явав.


Их хаан ертөнцийн дөрвөн зүгт чичлэв

Монгол овог аймгуудын хооронд яс хаян хядалцуулж, үе үе уулгалан цөлмөж явсан, Амбагай хааныг нь модон илжгэнд хадаж алсан эртний цусан өшийн тангарагтай Зүрчидийн Алтан улстай бүтэн хорин жилийн турш хатуу ширүүнээр зууралдан дайтсаны эцэст 1234 онд Цайжой бэхлэлтийн баруунш луут шар туг сүлднийх нь сэрэг зэвээр газарт хатган нэгмөсөн дарав.
Гэвч Монголын Их Хөх төрийн эзэд тайвшрах болоогүй байлаа. Алтан улсыг мөхөөхөд хүчин хавсарсан Өмнөд Сүн улс монголчуудын эзэмшилд орсон Алтан улсын хязгаарыг довтлон эзэлж, өмнөдөд дайны гал дахин шинээр дүрэлзэв. Энэ дайн даруй 40 жил үргэлжилсэн билээ. Лалын нэгэн хүчирхэг тулгуур Хорезм унасныг хүлээн зөвшөөрөөгүй Лалын ертөнц монголын зүг ямагт хялалзаж, Бага Ази, Перс, Ойрхи Дорнодод шинэ шинэ дайны галыг ноцоож байв. Кавказын өмнөдөд ч загалмайн Армян, Гүржүүд бүрэн номхорсонгүй, Солонгосууд хүртэл Саритай хорчийг буцангуут  монголын төлөөний бүх даргач түшмэлийг хороож, дахин босов.
Бүр 30 гаруй жилийн өмнө мэргидүүдийг өмгөөлөлдөө авч, монголчуудын өмнөөс сэлмээ далайсан Кумануудын хүч алс баруун умардад хэвээр байлаа. Тэд бол байсан газраа багширч, суусан газраа шавалдаж байдаг суурин иргэд биш, байлдаж тулахдаа монголчуудаас огтхон ч дутахгүй баатар зоригтой овжин шалмаг нүүдэлчид тул тэнгис далайн чинадад байсан ч нэг л өдөр тэдний омголон морьдын тоос Хархориныг булж мэдэх аюул осол ихтэй. Тэднийг мөхөл мөхөөж, мохол мохоохгүй аваас гар сул, хөл амар суух боломжгүй.
Кумануудыг өмгөөлөн, монголын элчийг алсныхаа хариуг 1223 оны хавар Калька голын хөвөөнд хангалттай авсан ч сэргэж, хүчээ авсан Оросын вангууд гашуун ялагдлынхаа өшийг санан зангидаж суулаа. Мөн 1224 онд итгэлийг эвдэн монгол цэргийн ар хударгаар довтлон хэдэн мянган эр цэргийг нь алж устгасан Ижилийн Булгар, Асу, Буртасууд хэгжүүн хэвээр, тэдэнд сануулга өгөхгүй аваас дайчин их хар сүлд гундах билээ.
Эдгээр эгзэг аюул бүхнийг дэнслэн эргэцүүлэхээр Монголын их гүрний хаан Өгэдэй 1235 онд Хархорин хотноо монголын язгуур ихэс дээдэс, баатар ноёдын Их Хуралдайг зарлан хуралдууллаа. Их хуралдай улс төр, цэрэг дайны асуудлыг дэлхийн энгээр хэлэлцээд, дэлхийн түүхийг өөрчилж, улс үндэстнүүдийн хувь заяаг шийдэх дараах шийдвэрүүдийг гаргажээ.Үүнд:
-Зүүнд Солонгосыг номд нь оруулах,
-Өмнөдөд Сүн улстай дайтах,
-Баруунд Кумануудыг мөшгил үгүй болгож, оросын вангууд, Ижилийн булгаруудыг дарах, улмаар баруун хил хязгаарыг бүрэн аюулгүй болгохын тулд Европыг түншиж, шаардлагатай бол байлдан дагуулах,
-Ойрхи дорнодод дайны галыг идэвхжүүлж, Лалын ертөнцөд хатуухан сануулга өгөх, Энэтхэгийн умардад цэрэг илгээн аюул бий эсэхийг турших, эдгээр байлаа.
Ийнхүү Монголын Их хаан хүнд болд бялуугаа өргөн ертөнцийн дөрвөн зүгт чичлэв. Монголын баатар их эрс уухайлан хүрхрэв. Ертөнцийн дөрвөн зүгт доргин чичирхийлж, сууж байсан нь босон харайж, унтаж байсан нь цочин сэрж, сэрээгүй нь хар даран хашгирав. Үүлс хуйларч, аянга нижгэнэв. Салхин шуугиж, усан цалгирав. Хад хагарч, хайрга үсчив.

***
Алс баруунш дайлах их аяныг Зүчи ханы ууган хүү Бат болон Дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “Урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүбээдэй баатар нарт даалгаж, бүх хан хөвүүдийн ахмадуудад энэхүү аянд өөр өөрийн цэрэг армийг удирдан оролцохыг үүрэг болгожээ. Түүхэнд “Хан хөвүүдийн аян дайн” (Олонхидоо “Ахмад хөвүүдийн аян дайн гэдэг) гэж нэршжээ. Энэ дайнд Их хаан Өгөөдэйн хөвүүдээс Гүюг (хожим их хаан болсон), Хадаан, ач Хайду, Цагаадай хааны хөвүүдээс Байдар, ач Бүри, Зүчи хааны хөвүүдээс Батхаанаас гадна Бэрх, Орд, Шейбан, Тулуй хааны хөвүүдээс Мөнх, Мөнхтэй эх тусгаар Бужиг зэрэг олон хан хөвүүд оролцжээ.
Тэд юуны өмнө Куманууд, Оросын вангууд, Ижилийн булгаруудаас ял асуух ёстой. Ийнхүү ял асуухын мөн чанарыг түүхч Ж.Бор “Үнэхээр ч хилсээр алагдсан хүмүүсийнхээ өсийг нэхэхгүй орхивол дундад эртний Монголчуудын хувьд уучилж болшгүй гэмт хэрэг болох байлаа. Энэ бол Монголчуудын сэтгэлзүйн ч хэм хэмжээ, Чингисийн “Их Засаг хууль”-иар батлагдсан хуульзүйн ч хэм хэмжээ байсан юм” гэж тодорхойлсон байна.
Үргэлжлэл бий

Б. Номинчимэдийн “Эгнэшгүй нөхрийг олов” номоос