Monday, November 30, 2015

УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ШИНЭ ХУВИАРЛАЛТ


НЭГ: Хүндэрсэн бодит нөхцөл байдал
Өнөөдөр манай улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ноцтой  хүндэрснийг хэн бүхэн мэдэж байгаа. Бидний Монгол Улсыг дампуурлаа зарлахад нэн ойртсон улсын жагсаалтын дээхнүүр нэлээд эрт оруулчихсан. Энэ хүндрэлтэй байдал цаашид нэг хоёр жилээр тогтохгүй үргэлжлэх, магад ч үгүй нөхцөл байдал өнөөгийнхөөс улам бүр муудах магадлал нь илүү.
Наад зах нь л гэхэд ирэх 2016 онд бид төсвийнхөө 20 гаруй хувийг өрийн хүүнд өгнө, 2017 онд бол бүр 50 хувийг өрд өгнө. Гэтэл өнөө төсвийн бүрдүүлэлт маань эрс буурч, 680 тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаа. Эмч сувилагчдынхаа цалинг бууруулах гэж оролдоод үзсэн. Аргаа барж буйн л шинж. Ийм нөхцөлд  өрийг төсвөөс төлөх ямар ч боломжгүй, тэгвэл яах вэ? Дахиад зээл авахаас өөр гарцгүй болж байгааг Сангийн сайд нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өмнөх 4 хувийн хүүтэй бус, 10-аас доошгүй хувийн хүүтэй зээл. Олдох магадлал ч бага талдаа. Зээлийг зээлээр гэсээр хэзээ ч дуусахгүй улам бүр өсөн нэмэгдэх зээлийн барьцаа руу гулсана. Инфляци, гадаад, дотоод худалдааны тэнцэл, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, түүхий эдийн үнийн уналт, өр зээлийн бие биеэ хэрсэн сүлжээ, удирдлагадаа итгэл сүжиг алдарсан нийгмийн сэтгэлзүй гэх мэт олон хүчин зүйлүүд сэтгэл зовоох түвшинд байгаа.
Улс орон дампуурлаа зарлахдаа тулбал нийтийг хамарсан үймээн, хувьсгал ч гарч мэдэх уур амьсгал нийгмийн гүнд нэгэнт бий болчихсон. Ер өнөөдөр байгаа аж амьдрал, ахуй байдал нь сэтгэлд хүрэхгүй бол өнгөрсөн үеэ сайн сайхан байжээ хэмээн өөрийн эрхгүй эргэн санагалздаг сэтгэлзүй байдаг. Тийм зүйл ч ажиглагдаж, социализм өнөөдрийн нийгмээс илүү байсан гэх хандлага их анзаарагдах болсон нь угаасаа ардчилал муугийнх биш, харин бид ардчиллаа дампууруулж орхисны үр дүн юм. Өнөөдөр хувьсгал хийх тухай, хүчирхэг дарангуйлагчтай болох тухай яриа нийгмийн гүнээс ихээр сонсогдох боллоо. Хүн төрөлхтний түүхэнд гарсан цуст томоохон хувьсгалууд, эсвэл Гитлер мэтийн цуст дарангуйлагчид чухам нийгэм урагшаа явж чадахаа байж, хямрал дээд цэгтээ тулсан тэр цаг мөчид гарч, тодорсон байдаг.  Тийм үймээн, хувьсгал гарах, эсвэл хүчирхэг дарангуйлагчтай болох нь яавч хүнд байдлаас гарах бидний гарц биш юм. Харин ч бид хөгжлийн асар их боломжоо алдаж, алдаатай оноотой ч өнөөдрийн түвшинд ирсэн Ардчилсан хөгжлийнхөө замыг дахин бүр эхнээс нь эхлэх болно. 1990 оноос биднийг дэлхий нийтийн хөгжил дэвшил нэг удаа хүлээсэн, харин хоёр дахь удаагаа хүлээхгүй.  
Дээр нь өнөөдрийн улс орноо авч явж буй улс төрийн намууд нь төлөвшилгүй, явцуу эрх ашгийн бүлэглэлүүдэд хуваагдсан, нэгдсэн бодлого хөтөлбөр гаргаж, түүн дээрээ тууштай ажиллах чадваргүй, барьцаа, албан тушаал, авилгалд автагдсан нь ёстой нөгөө муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг л болж байна.
Ийм хүндэрсэн нөхцөлд ирэх оны парламентийн сонгуулиар дахиад өнөөгийнх шиг ийм парламент сонгогдвол, дахиад бөөн популизм хийвэл, нэгдсэн бодлого, хөтөлбөргүйгээр явбал, эрх ашгиудын зөрчил, тэмцлийн золиосонд эдийн засгаа хаяж өгвөл бид улс орноороо дампуурлаа зарлахад тоглоом ч үгүй маш ойртож очино гэсэн үг.
Тэгвэл яах вэ? Хэндээ найдах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.

ХОЁР: Хэндээ найдах вэ?
Ийм хүндэрсэн эдийн засаг, самуурсан улс төр, нийгмийн сэтгэлзүй бүхий улс орныг угтаж буй энэ хүнд хэцүү он жилүүдэд хэн, ямар аавын хүү, ямар улс төрийн нам үүрч гарч чадах вэ? Итгэл даах, ачаа үүрэх нь хэн бэ?
МАН, МАХН хоёр сонгуульд эвсэж орох, цаашдаа эргэж нэгдэх тухай ч яриа гарч байна. Бас АН-тай МҮАН, ИЗНН нэгдэх тухай ч сонсогдов. Өөр янз бүрийн хувилбарууд ч байж болно. Гэхдээ л эдгээр намуудын аль нь ч, ямар ч хувилбараар эвсэж нэгдсэн, бүр бүгдээрээ нийлсэн ч энэ хүнд байдлаас гаргах чадваргүй. Учир нь өнөөдрийг хүртэл улс төрийн тайзан дээр голлон тоглож байгаа намууд бүгд нам гэдэг сонгодог утгаа алдсан, ямар нэгэн хөгжлийн тоймтой үзэл баримтлал-изм, чанд хөтөлбөргүй, барьдаг зарчим гэдэг зүйл манай аль ч намд байхгүй болчихсон. Зөвхөн ашиг сонирхлын бүлэглэлүүдийн наймаалцлаар манай улс төр амьсгалж, төр засгийн ажил явж байна. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд хэрвээ ямар нэгэн имз байгаа гэвэл тэр нь зөвхөн ПОПУЛИЗМ, бас АНАРХИЗМ л бий, байж ирсэн.
-       Сонгуулийн амлалтаар дөрөвхөн жилийн хязгаартай төр засгийн ажлыг хөтөлдөг Популизм нь эргээд улс орныхоо эдийн засгийн суурийг ганхуулж, эрүүл өсөлт хөгжлийг нь гацаан хатингаршуулж байгаа.
-       Эрх мэдэлтэй, мөнгөтэй нь хуулийн дээгүүр дураар тонгочиж болдог Анархизм нь нийгмийн шударга ёсыг алдагдуулж, нийтийг хамарсан сэтгэлзүйн гутрангуй, бэртэгчин байдлыг бүтээн баяжуулж байгаа.
Хамгийн хорлонтой нь энэ намууд бүгд улс төрийн системийнхээ хувьд ёс суртхууны уналтад орж, бүтээн босгох чадамжаа алдчихсан.
-       Эрх барьж буй АН намын хувьд үндсэндээ сэхэхгүйгээр нэр хүндээ алдаж байна. 1996-2000 онуудад ард олон Ардчилсан хүчинд нэгэнтээ их итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь тэр 4 жилд олны итгэлийг гэнэт олдсон хоолтойгоо цуг гударч орхиод 2000 онд УИХ-д ганцхан төлөөлөлтэй үлдсэн гашуун түүх бий. Ирэх 2016 оны сонгуулиар ч энэ явдал дахин давтагдах магадлал өндөр байж мэднэ. Шалтгаан нь АН үзэл бодол нь цэгцэрсэн улс төрчдийн нэгдэл биш, анархист, хоолондоо цаддаггүй, явцуу сонирхол, бэртэгчин сэтгэлгээндээ идэгдсэн санхүү, эрх мэдлийн бараг мафи маягийн зохион байгуулалттай бүлэглэл, хар хүчиндээ хамаг эрх мэдлээ алдаж, хүчиндүүлж байгаагийнх болно. Өнөөгийн энэ ужигарч мэдэх хүндрэл бэрхшээлийг шууд АН-тай холбож үзэх ойлголт ч түгээмэл болжээ. Тэгээд ч энэ барууны гэгдэх намд өөрийн гэсэн тодорхой баримтлал, ямар ч имз байдаггүй. Судлаач Д.Ганхуягын хэлснээр “Хувиа бодохыг либертари үзэл гээд ойлгочихсон” лүүмпэнгүүд олонтой. Анархизм нэвт ханхалдаг.

-       МАН намын хувьд ч мөн ялгалгүй. Ард түмэн АН-д итгэл алдрахаараа МАН-ыг царайчилдаг. Гэвч тэд бас л олны итгэлийг бүрэн гүйцэд даадаггүй, 2000 онд өгсөн бүрэн итгэлийг тодорхой хэмжээгээр алдаж, /гэхдээ АН шиг навс алдаж байсангүй/ 2004, 2008, 2012 онуудад дэгэн догонтой явж ирлээ. Гол нь энэ нам шударга бусаар хөрөнгөжсөн олигархиудынхаа гарт орсон, хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөчих хэмжээний их мөнгийг ард нийтэд бэлнээр тараасан, шат шатандаа хумсаа нуусан жижиг луйварчид олонтой, дотооддоо хагарсан, үзэл онолтой, зарчимч хууччуулаа шахаж, хоосон цээжтэй залуус шинэчлэл нэрээр удирдлагад олноороо орж ирсэн гэх мэт олон сөрөг тал ажиглагддаг. Зүүний бодлого гэдгийг зүгээр мөнгө тараах гэдгээр орлуулдаг.

-       МАХН бол өнөөдөр яах аргагүй дээрх хоёр намтай өрсөлдөх хэмжээний дэмжлэгтэй нам. Тэр дэмжлэгийн нэлээд хувь нь МАН, АН-д итгэл алдарсан олны эрэлхийлэл байдаг. Гэвч энэ нам бол бодит байдал дээрээ энд тэндээс цугласан элдвийн эрээвэр хураавруудын цуглуулга, ямар ч үзэл онолын нэн тодорхой суурьгүй. Таван хувьсгал ярьдаг ч тэр нь онол, аргазүйн гэхээс өнөөх л цаг үеийн шаардлагад нийцсэн популизм. Тэгээд ч тэр хувьсгалаа хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц чадавхи муутай. Хэн болох нь мэдэгдэхгүй хачин хачин нөхдүүд нам дотор нь зөндөө. Хэрвээ энэ намд ямар нэгэн имз байгаа гэвэл тэр нь зөвхөн Энхбаяризм...

-       Парламентад суудалтай ИЗНН, МҮАН-уудын тухайд ачаа үүрэх хэмжээнд яригдах намууд биш. Парламентийн гадна буй бусад намуудад ч цөөн хэдхэн лидерээс өөр хангалттай хэмжээний боловсон хүчин, хүрээлэл нэр нөлөө муутай. Тэдний аль нь ч дангаараа ийм хүндэрсэн улс орны ачааг үүрэх чадваргүй.

-       Энэ оны эхээр шинээр байгуулагдсан ХҮН намын хувьд харин өнөөгийн улс төрийн орон зайд цоо шинээр гарч ирж байгаа анхаарал татахуйц хүчин яах аргагүй мөн юм. Юуны өмнө энэ намд хоёр том давуу тал байгаа нь анзаарагддаг. НЭГД, сүүлийн хорин таван жилийн улс төрийн заваартаж гүйцсэн тогоон дотор чанагдаагүй харьцангуй цэвэр залуусын нэгдэл. Ёсзүйтэй, жам ёсны цэвэр улс төр өрнүүлэх магадлал маш өндөртэй. ХОЁРТ, харьцангуй өндөр боловсролтой залуус нэгдсэн сайн тал байна. Улс орныхоо ачааг үүрэх үүрэг хариуцлага өөрсдөд нь зайлшгүй ирж буй гэдгээ ухамсарлан ойлгосон, тодорхой итгэл үнэмшилтэй болцгоочихсон, судалгаа шинжилгээний түвшинд нийгмийн аливаа асуудлыг нягтлан авч үзэх магадлал өндөртэй. Залуус гэгдэж буй боловч харьцангуй залуу биш, дунджаар 40 орчим насныхан. Харин нэг том сул тал байгаа нь тэдэнд төрийн ч, улс төрийн ч ажлын туршлага их дутмаг, энэ нь өнөөх энэ тогооны гадна байсных...
Бие даагчдад найдах уу? Ингэхэд хэдэн бие даагчидтай билээ? Дахиад хэдэн бие даагч гарч ирэх вэ? Тэд хэн байх вэ? Төр барих хэмжээнд нэгдэж хүчирхэгжих боломжтой юу? Гэх мэт олон асуулт бас гарна. Тэгвэл одоо яах вэ?

ГУРАВ: Тэгвэл одоо яах вэ?
Хувьсгал ч, дарангуйлагч ч, аль аль нь хэрэггүй. Харин улс төрийн хүчний шинэ хувиарлалт хийх хэрэгтэй.
Дээр дурдсан болон дурдаагүй улс төрийн намуудын алинд ч эрүүл саруул хэсэг гэж бий. Хэдий цөөхөн ч гэсэн бий шүү. Тэд улс орны эрх ашгийг намынхаасаа дээгүүрт харах хараа, чадвартай, учиргүй амбицлаад Тв-ийн камерийн өмнүүр бөртөлзөөд байхгүйгээ мэдэх буурьтай, хамгийн гол нь энэ хорин таван жилд юу болж, юу болохгүй шуурч өнгөрснийг мэдэх арвин туршлагатай, голч нуруутай хүмүүс. Тийм хүмүүс энэ намууд дотор ч бий, намаас гадуур ч бий.
Хэрээ бархирч байх цаг дор хөхөө дуугаа хураадаг жамтай.
Энэ утга учиргүй популизм, хэнээрхэл, хийрхэл, туйлшралын орилоон дунд тэд тэр бүр хашгичаад байдаггүй. Тэр бүхнийг чимээгүйхэн харан эмзэглэж, гэхдээ хийдгээ хийж, өөр өөрийнхөөрөө үзэл бодолдоо үнэнч яваа хүмүүс бишгүй олон бий.
Энэ 25 жилийн манай улс төрийн тогоог сайн талаас нь харвал асар баялаг, маш их адал явдалтай, сургамжтай тогоо байлаа. Тэнд чанагдсан хүмүүс бол сайн мууд, ялангуяа хор найруулах, луйврийг хуульчлах, лобидох, том компаниуд, санхүүгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг төлөөлөх, төсвийг зохицуулах, төрийг явцуу зорилгынхоо төлөө ашиглах гэх мэт муу бүхэнд гарамгай суралцацгаасан. Энэ нь нэг талаар тэнд чанагдсан хүмүүст маш арвин баялаг туршлагыг бэлэглэсэн гэсэн үг. “Засарсан янхан заяаны хань болдог” гэж нэг үг бий.
Үнэхээр манай энэ улс төрийн бохир тогоонд ялзартлаа чанагдсан хүмүүсийн зарим нэгэн эрүүл суурьтай хүмүүст өнөөгийн нөхцөл байдлыг ухаалгаар эргэж хараад, сэхээрч, үүнээ засах гэсэн, зөв замруу шилжүүлэх гэсэн зориг эрмэлзэл төрөх аваас түүнээс илүү шилдэг боловсон хүчин гэж үгүй болно. Ингэхэд туршлага гэдэг зүйлийг юу ч, ямар ч өндөр боловсрол, зориг, чадвар орлодоггүй юм. Тиймээс “Хүний хуучин нь дээлийн шинэ нь дээр” гэдэг. Гэвч...
Мөн луйвар, авилгал, хулгайг гардаж хийгээгүй ч бүлэглэлийнхээ нөлөөнд яваад байгаа эрүүл хүмүүс ч бий юм. Тэднийг ялгахгүйгээр нийтэд нь ганцхан өнгөөр будаж болохгүй, тэдэнд бол найдлага тасраагүй... Гол нь тэд сайн муу ажлын туршлагатай, нөгөө нөхдүүтэйгээ хэрхэн яаж тэмцэхийг нь мэддэг, нүх сүвийг нь, эмзэг газрыг нь мэддэгт асуудал нь байгаа юм. Ер түүхэнд ийм тохиолдлууд их байдаг юм шүү дээ, Алдаагаа ухаарч, засаад том амжилтад хүрсэн улс төрийн зүтгэлтнүүд түүхэнд зөндөө байдаг.
Өнөөдөр монголд ямар нэгэн улс төр, нийгэм эдийн засгийн онол, өөрөөр хэлбэл изм хэрэгжиж буй юм огт үгүй. Дээр дурдсанаар зөвхөн социалист хальстай популизм, либерал бамбайтай анархизм л гэж бий. Ийм нөхцөлд бодит байдлыг эрүүлээр шүүн эргэцүүлсэн прагматик сэтгэлгээ хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд тэртэй тэргүй ямар ч измээрээ ялгардаггүйгээс хойш, аль ч намд буй, бас намуудын гадуур буй эрүүл саруул хүмүүс хуучирсан хувцсаа тайлж хаяхын адилаар хуучин намуудынхаа арьснаас салж, шинээр нэгдэж, улс төрийн хүчнийг шинээр зохион байгуулж, шинэ хувиарлалт хийх хэрэгтэй болчихоод байна.
Хэрвээ Монгол Улс ойрын ирээдүйд Грекийн араас дампуурлаа зарлахгүй л гэвэл, хэрвээ Монгол Улс дахин хүч хэрэглэсэн хувьсгалын дүйвээнд сүйрэхгүй л гэвэл ийм эрүүл, прагматик алхам хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болоод байна.
Эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс угаасаа бие биенээ хэн бэ гэдгийг мэддэг, далдуур ямагт талархан дэмжиж явдаг юм. Тэд бие биенээ хэрхэн таних, олох, нөгөөх хөгийн гаруудаас хэрхэн ялгахаа маш сайтар мэднэ. Бас ямар нэгэн нам, бүлэглэлийн эрх ашгаас дээгүүр харж, сэтгэж чадна. Хувийн чанартай зөрчлүүдээ дарж, давж, нэгдэж чадна. Гагцхүү санаачлагч, зохион байгуулагч л үгүйлэгдэж байна. Заавал хүчирхэг лидерийн хэрэггүй, цөөхүүлээ, магадгүй 50 хүн байхад л хангалттай. Эрхбиш бүхэл бүтэн үндэстэн байна даа, эрүүлээр сэтгэдэг, эрч хүчтэй 50-хан хүн дотроосоо гаргаад ирэлгүй дээ. Тэд улс төрийн тайзан дээр гарч ирнэ, харин тийм эрүүл саруул хүмүүсийн нэгдлийг дэмжих нийт олны дэмжлэг бол хангалттай бий. Тийм хүмүүст нөхцөл байдлыг эрүүлээр харах ухаан ч, ачааг ханатал даах чадвар ч бий.
Мэдээж хэрэг, яагаад ч засал авахаасаа өнгөрсөн, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, З.Энхболд, М.Энхсайхан гэх мэт өнөөгийн голлон тоглогчид бол яагаад ч биш юм шүү.
Эр зориг гаргах, гэхдээ нэг алдвал хичнээн амаа бариад ч нэмэргүй тийм эгзэгтэй цаг мөч тулсан. Дампуурлын өмнөх цаг үе. Эрүүл саруул ухаан сэргэх, нэгдэн хүчирхэгжих тийм цаг үе. С.Зориг агсан уг нь “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэнсэн. Тэр итгэл алдрах учиргүй.
Б.Номинчимэд.


Wednesday, November 25, 2015

ХУВЬСГАЛ эсвэл ДАРАНГУЙЛАЛ !!!! ...

Өнөөгийн эдийн засгийн хямрал ойрын хоёр гурван жилдээ үргэлжлэх магадлалтай талаар гадна, дотнын эдийн засагчид хэлж буй. Үнэхээр ч тийм. Бүр ноцтой ч хямарч мэдэхээр байгаа. Наад зах нь л гэхэд ирэх 2016 онд бид төсвийнхөө 20 гаруй хувийг өрийн хүүнд өгнө, 2017 онд бол бүр 50 хувийг өрд өгнө. Ямар ч 20 мянган хувьсагчийн хэрэггүйгээр, маш энгийн дөрвөн аргын тоо бодоод л нөхцөл байдал хэр ноцтой болсныг мэдэж болно. Энэ зөвхөн нэг үзүүлэлт. Эдийн засгийн энэ мэт ноцтой хямралаас үүдэн араас нь дагалдан гарч болох хамгийн ноцтой үр дагавар бол: - НЭГД: нийтийг хамарсан хувьсгалт үймээн гарч, хөл толгойгүй бужигнаан үүссэнээр бүхнийг дахин, бүр анхнаас нь эхлэх шаардлагатай болно. Учир нь ийм үймээн болоход усны ёроолд байсан шавар, хог шаарууд мандал дээр хөвөн гарч ирдгийн адилаар ямагт олз ашигт шунасан, ов зальтнууд, зүсээ хувиргагчид, орлон тоглогчид тэргүүтэй нийгмийн хог шаарууд толгой дээр гарч ирж, нийгэм дэх зүй ёсны эрэмбэ алдагддаг түүхэн зүй тогтол байна. Тэгээд тэдгээр хог шааруудынхаа багийг нь хуулж, үнэн мөн чанарыг таних гэсээр ард түмэн бүхэл бүтэн нэг үеэ үдэж, маш их цаг, боломжоо алддаг байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 25 жилийнхээ түүхээ бид дахиад шинээр давтана. Өнгөрсөн жилүүдэд дэлхий биднийг хүлээзнэсэн. Харин хоёр дахь удаад бол хүлээхгүй биз ээ. ХОЁРТ: эсвэл өөрсөддөө итгэлгүй болсон ард нийт хүчтэй дарангуйлагч төрийг хүсэх сэтгэлзүйн хандлага, тэмүүлэл юм. Энэ нөхцөл байдал, хандлагыг нь ашиглан үл бүтэх дарангуйлагч гарч ирэх... 1933 онд Гитлер ямар нөхцөл байдалд гарч ирснийг бид мэднэ. Дайнд ялагдсаны сэтгэл зүй дээр дайны нугарсан өндөр төлбөр, гипер инфляци, ажилгүйдэл, үймээн самуун, нийгмийг нөмөрсөн гутрал... Үр дүнд нь өндөр боловсролтой, няхуур, чадвартай, хөдөлмөрч, бүтээн босгогч герман үндэстэн Гитлерт хамаг итгэлээ өгч, дарангуйллын дор сэхэн сэргэхийг оролдсон. Харин юу болсныг дэлхий мэднэ. Нэг бол хувсьгал, эсвэл хүчирхэг дарангуйлагчийг хүсэх дуу хоолой өнөөдөр маш их сонсогдох боллоо. Тийм ч сайхан сонсогдохгүй байгаа шүү.

"ЛУУГИЙН ДАЙЧИН" ӨНДИЙВ...


Хүмүүс түүнийг маш их хөдөлмөрч гэж үнэлдэг. Харин тэр энэ үнэлгээнд нь ихэд гайхаж эргэлзэх бөлгөө. Учир нь тэр өөрийгөө маш их залхуу гэдгээ мэднэ. Тиймээс залхуу өөрийг нь маш их хөдөлмөрч гэж үнэлээд буй хүмүүс өөрөөс нь хэдэн хувь их залхуу болох нь ээ гэж бодохоор заримдаа гуниг төрнө. 
Аав нь бага байхад нь түүнийг "Миний хүү ч хэрэгт орж мэдэх залхуу хүү шүү" гэдэг байж. Одоо эргээд бодохоор маш их залхууг "Хэрэгт орж мэдэх залхуу" гэхээс илүүгээр илэрхийлэх боломжгүй мэт, аавынхаа чухам онож хэлсэнд өөрийн эрхгүй инээд нь хүрнэ. Бага зэрэг гунигтай цагаан инээд, бас ааваараа бахархсан өнгө аяс ч бий.
.
- Гадаа хүйтэрснээс хойш хаалгаар жавар сийгээд байх юм аа, чи нэг дулаалчихаач...
- Дулаана аа хө, тэгэж байгаад...
- Аль 10 сарын эхээр л чи дулаална л гэж байсан, одоо 11 сар дуусах гэж байна.
- Яахав дээ, түрдээ тенн тавьчихсан, болж л байна шүү дээ. 
- Тенн тавьчихаар чинь энэ цахилгааны мөнгө дийлдэхээ больдог юм байгаа биз дээ. Дулаалчихад теннийн хэрэггүй болчихно доо.
- За би нэг босохоороо дулаалчихна даа. 
- Чамайг босохыг хүлээсээр байгаад өвлийг дуусгах нь, ярьшиг. Ахыг авчирч л дулаалуулахаас...
- Яахнав, настай хүнийг. Зайлуул, ах наад хаалгыг чинь дулаалах гэж бүтэн хоёр цаг уухирдана. Хөгшин нь нэг босвол хорин минутад л гялалзуулчихна.
- Тэгээд босооч...
- Тэгэж байгаад босно оо...

- Үгүй чи болиоч ээ, өдөржин хүүхэд шиг компьютер тоглоод өнжчих юм аа. 
- Яах вэ дээ, ямар казино тоглоод хамаг мөнгөө сүйтгээд байгаа биш, ямар баар хэсээд согтуурхаад, элдэв янз болоод байгаа биш. 
- Хайран цаг байгаа даа... Ядаж наад хүзүү сээр чинь хөшиж, даралт чинь болохоо болилоо.
- Зүгээр хө, орой бумба тавиулчихна.
- Ингэн ингэн тоглож байх ямар хэрэг байна аа.
- Зүгээр шүү дээ, түүн дээрээ тулах юм бол эрдэмтдийн судалгаагаар компьютер тоглоом тоглосон хүн зөнөх магадлал багатай, бас сэтгэн бодох, дасан зохицох чадвартай болдог гэсэн байна лээ шүү хө... 
- За ингээд өөрийгөө, залхуурлаа өмгөөлөх юм олохдоо гаргуун хүн шүү дээ...
- Өө, чи хажууд ирж үглэж байгаад хүн хожигдуулчих юм даа.
- За яачихсан бэ?
- Би энэ швед нөхрийг яг хожих гэж байсан юм. Тэгтэл чи гэдэг нэг юм...
- Юу хожих гэж байсан гэж... Тэгээд бүр тоглоомондоо улиарчихсан байх юм аа, ёстой засал авахгүй ээ чи...
- Тэгэхгүй яах юм бэ, би энэ нөхөртэй өмнө нь 17 тоглож, 15 хожигдож, 2 тэнцээд байсан юм, сая яг хожих гэж байлаа. Анхаарал сарниад ганцхан нүүдэл алдчихсан чинь бодоо сул алдчихдаг юм байна.
- Шатар тоглоод байгаа юм уу? Өмнө нь нөгөө байлддаг, уралддаг тоглоомоор тоглодог байсныгаа бодвол бас дэвшил гарч ээ дээ...
- Тийм, дэлхийн онлайн шатрын тэмцээн болж байна. Энэ шведэд байдаг Дамни гэдэг нөхөр. Би энэ нөхрийг хожсон бол II зэргийн болзол хангах оноотой болох байсан юм. Өмнө нь нэг энэтхэгийг хожсон...
- Хайран цаг хугацаа, ингэж дэмий тоглож суухаар тэр нийтлэлүүдээ бичээч. Аль зун л 17 нийтлэл бичнэ гээд баахан гарчиг жагсаагаад биччихсэн байсан. 
- Би бичээд л байгаа шүү дээ, тэр 17-ын чинь 2-ыг нь ямар ч байсан биччихсэн. 
- Бүтэн 5 сар өнгөрчихөөд байхад хоёрхон нийтлэл гэж үү...
- Үгүй яахав дээ, огт бичээгүйг бодвол урагшаа явж л байна шүү дээ... Тэр нийтлэлүүдийг чинь зүгээр тааз ширтэж байгаад биччихэж болохгүй шүү дээ, зөндөө тоо баримт, юм хум ухах хэрэг гарна. Бөөн ажил...
- Тэгээд ажиллаач...
- Тэгэж байгаад нэг л өдөр биччихнэ ээ хө, битгий агдуулаад бай...
.
- Үгүй чи босооч ээ, өдөржин л диван дээр хүүхдүүдтэй ТВ-ийн суваг булаалдаад хэвтчих юм. 
- Нээрээ удаан хэвтэх чинь бас хэцүү юм байна шүү... Хөгшчүүл хэвтсээр байгаад ташаан толгой нь цоордог тухай ярьдаг юм билээ, үнэний хувь байна шүү.
- Яаж байна?
- Энэ хоёр ташаан толгой өвчин орчихсон байна. 
- Тэгэхгүй яадаг юм бэ? Ингэж хэвтээд байхаар чинь. Ямар өвчин хуучид баригдчихсан биш. 
- Ахай, нүгэл байгаа даа. Хүн зүгээр амраад, бас юм бодоод хэвтэж болно шүү дээ. Ингэхэд юм бодно гэдэг чинь бас их хүнд хөдөлмөр юм байна шүү...
- Ийм хүнтэй чинь одоо юу ч ярих вэ дээ... Залхуурлаа өмгөөлөх шалтаг бол чамд мянга түмээрээ олдох юм даа, хөгшин минь... Ингэхэд чамд нэг ноцтой өвчин тусчихсан гэдгээ мэдэх үү?
- Залхуу л гэх гэж байгаа биз...
- Үгүй ээ, "Обломов маягийн алхайрал" гэдэг өвчин.
- Тэр нь ч юу юм бэ? 
- Тэгэхгүй яадаг юм. Аль дээр л чи хоёр ч роман бичиж байгаа л гэсэн. Хаана байна. Гараас нь гарсан юм байхгүй. 
- Бичиж л байгаа шүү дээ. Ингэхэд тэр Гончаров гэдэг нөхөр чинь нэг романаа 30 жил бичиж байж энэ "Обломов маягийн алхайрал" гэдэг өвчний оноштой болсон юм. Би бол долоохон жил л бичиж байна шүү дээ...
- Энэ янзаар бол чи дахиад 23 жил бичнэ ээ...
- Зүгээр ээ, тэгэж байгаад нэг босоод суухаараа машиндаад хаячихна. Ганц нэг юмных нь учир олдохгүйгээс л хойш нь тавьчихаад байгаа юм.
- Тэгвэл тэр юмныхаа учрыг олохыг хичээгээч.. юм хум үзэж, харж, эрж хайгаач...
- Би хайгаад л байгаа шүү дээ?
- Хаанаас...
- Орон дээрээ хэвтэж байгаад таазнаас...
- За за, ийм хүнтэй юу ч ярих вэ дээ...
.
- Үгүй чи уншихгүй байж, энэ их олон ном авчирч ор дэр, ойр хавьдаа овоолдгоо болиоч...
- Ганц нэгийг нь хааяа сөхөж хараад л байгаа шүү дээ, огт уншаагүй ч биш ээ.
- Нэг сөхөж харчихаад хамхичихаж байгаа хүнийг ном уншиж байна гэх үү?
- Ганц сөхөхдөө л гол хэсэг, гол өгүүлбэрийг нь олоод харчихаж байгаа юм чинь.. Бусдыг нь уншиж яах юм, ёстой хайран цаг...
- Залхуурлаа ингэж сайхан цайруулдаг хүн бас байх аа... Чи аль өнгөрсөн жил л номнуудаа хэвлүүлэх болчихлоо гэсэн, яасан бэ?
- Яг хэвлүүлэх гэтэл бас яг гол нь болох хоёр өгүүлбэр дутчихаад, хойш нь тавьчихсан.
- Тэгээд тэр гол өгүүлбэрээ яаж бичих юм бэ, ингээд залхуураад байхаар чинь тэр өгүүлбэрүүд чинь чамаас улам зугтана даа.
- Зугтаж л байж, зугтаад зугтаад надаас холдохгүй, намайг тойрон эргэлдэнэ. Тэгэж байгаад би ганцхан ухасгээд бариад авах юм чинь...
- Ядахдаа тэгвэл тэр гол өгүүлбэрүүдээ харсан номуудаа хойш нь хураачихаж байгаач... Хөглөрөөд, ор дэр хураахад хүртэл тээртэй юм.
- Тэгэж байгаад хураачихна аа хө.
- Тэгэж үзээрэй дээ, XX зууны Обломов минь...
.
- Үгүй чи болиоч дээ. Наад хүүхэлдэйгээ хичнээн удаа үзэх юм бэ? Уйддаггүй юм уу? Миний мэдэхийн бараг зуун удаа үзэж байна. 
- Хүүхэлдэйн кино шиг төгс цэвэр сэтгэлгээг илэрхийлсэн кино байдаг юм уу? 
- Ингэхэд чи яг наад үзэж байгаа бүдүүн, аавын хэлдгээр хэрэгт орж мэдэх залхуу пандатайгаа яг адилхан гэдгээ мэддэг үү.
- Арай ч дээ, Луугийн аугаа их дайчинг бүдүүн, бас залхуу гэнэ үү... Гэхдээ бүр хэрэгт орж мэдэх залхуу байхдаа яахав дээ... 
Ингэж хэлээд тэр "Луугийн дайчин эр" хүч чадал нь амтагдсан байртай диван дээрээ сүрхий өндийв...

Saturday, November 21, 2015

САНАЛ АСУУЛГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ААААА


Үндсэн хуулийг өөрчлөх санаачилга гаргасан нөхдүүд идэвхжээд, орой бүр ТВ-ээр тархи угаагаад эхэллээ. Би Үндсэн Хуулийг өөрчлөхийг эсэргүүцээгүй, өөрчлөх цаг болсон гэж үздэг, түүнээ ч өмнө хэвлэл, ТВ-ээр ч илэрхийлж байсан. Гэхдээ өөрчлөхөд учир их бий. 
Хэрхэн яаж вэ гэдэгт гол утга учир нь бий. 
Юутай ч өнөөдрийн эрхэм гишүүн Н.Батбаярын ахалсан УИХ-ын ажлын хэсгийн оруулж ирж буй шиг ийм байдлаар өөрчлөхийг огтхон ч хүлээн зөвшөөрөмгүй байна. 
Энэ саналд дэмжмээр нь ч байна, дордуулсан долоон өөрчлөлтийг эргүүлэх гэх мэт. 
Бас дэмжмээргүй нь ч бий. Жишээ нь парламентийн эрхийг бараг үнэмлэхүй болгох санал бий. Ерөнхийлөгчийг сонгодог, шүүх, прокурорыг томилдог, 5 жил болдог гэх мэт. Энэ нь парламентад олонхи болсон улс төрийн намын хариуцлага хүлээдэггүй атлаа хязгааргүй мэт гаж эрхийг бий болгох аюултай, учир нь өнөөдөр манайд сонгодог утгаараа улс төр нам гэж байхгүй, зөвхөн санхүү-ашиг сонирхолын бүлэглэлүүдийн нэгдлийг л нам гэж нэрлэж байгаа. Товчхондоо мафи маягийн. Ийм нөхцөлд төрийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр тэнцвэржүүлж байгаа өнөөгийн тэнцвэрт тогтолцоог эвдэж, парламентад давуу эрх олгох нь ноцтой үр дагаварт хүргэх боломжийг ихэсгэж байгаа гэх мэт хүлээн зөвшөөрмөөргүй өөрчлөлтүүд байна. 
Гол нь урсгал засварын төдий ийм өөрчлөлт хийхийн хэрэггүй юм. Хийвэл хийсэн шиг хийх шаардлагатай. Ийм босон суун, явдал суудал дунд яаруу түргэн, хэдхэн хоногт шийдчихдэг ч зүйл биш. Хэрвээ өнөөдөр Үндсэн Хуульд их бага ямар нэгэн хэмжээгээр өөрчлөлт хийчихвэл 8 жил дахин гар хүрэх боломжгүй болж, жинхэнэ гацаанд орох болно. 8 жил гэдэг бага хугацаа биш, ялангуяа нийгмийн амьдралын харилцаа, хандлага, үнэлэмж, нөхцөл байдал улам бүр эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт. 
Нөгөө талаар энэ улс орныг ийм нөхцөл байдалд чирч оруулсан, хямруулсан, улмаар бүр Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнд хүртэл ноцтой байдалд хүргэснийхээ хувьд энэ удирдлага, УИХ нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёс суртхууны эрхгүй юм. Тэр нь ч энэхүү өргөн барьж буй эргэлзээтэй төслөөс нь, ард олныг эргүүтүүлж байгаад дахин хуурчих гэсэн оролдлогоос нь харагдаж байна. 
Үндсэн хуулийг өөрчлөх хэдэн хэдэн үндэслэл бий. Тэдгээрийн нэг нь өнөөгийн улс төрийн тогтолцоонд хүний хүчин зүйл хэрээс хэтэрсэн явдал юм. Өөрөөр хэлбэл тогтолцоогоо муухай, болж бүтэхгүй харагдах болтол нь улс төрчид тоглолт хийсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй авирласан. Тиймээс Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчилж, хүний энэ мэт хүчин зүйлийг зохих хэмжээнд хязгаарлаж өгөх, эргэж хариуцлага тооцдог системийг бэхжүүлэх шаардлагатай болсон гэх мэт. 
.
Ард олныг ил цагаан элэг барин хуурдаг аргаа давтаж байна л гэж харагдана. 
Монголчууд Оюутолгой, Тавантолгой гэх мэт томоохон төслүүдээ урагшлуулахыг бүгдээрээ л хүсэж байгаа. Эсэргүүцэж буй нь нэн цөөн, гэхдээ эсэргүүцэх шалтгаан нь үр ашигггүй муу ашигласнаас хойш тавьчих нь дээр гэж үзэж буйгаас биш ерөөс ашиглахгүй гэсэн хүн үгүй.
Гэтэл ард түмний энэхүү хандлага дээр өнгөрдөг хавар Ерөнхий сайд Ч. Сайханбилэг овжин тоглолт хийж "Том төслүүдээ урагшлуулах уу, үгүй юу" гэсэн санал асуулгыг гар утсаар явуулсан. Мэдээж хэрэг бүгд л УРАГШЛУУЛНА гэж л хариулна шүү дээ. Хуурчихаж байгаа юм. Урагшлуулахдаа хэрхэн яаж вэ гэдэгт гол асуудал нь байсан. Яаж урагшлуулах вэ гэж ард түмнээс асуугаагүй, зүгээр л урагшлуулах уу л гэсэн. Тэгээд Ч.Сайханбилэг юу хийсэн бэ гэхээр 1.8 тэрбумын зөрчлийн асуудлыг цагаатгасан, Оюу Толгойн лицензийг гадаадын 15 банкинд барьцаалсан, нэмж хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн гэрээг Дубайд нууцаар очиж хийсэн. Ард олон ийм байдлаар том төслүүдээ урагшаа явуулахыг зөвшөөрөх байсан гэж үү. Угтаа Оюу толгой ч, Тавантолгой ч урагшилж л байсан, таг зогсчихсон зүйл үгүй л байсан. Ингэж л хуурсан.
Тэр аргаа өнөөдөр бас давтаж байна.
Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу? гэсэн санал асуулгыг нийт ард түмний дунд хэдэн тэрбумын зардлаар асар богино хугацаанд хийх нь. Өөрчлөх цаг болсон гэж үзэж буй хүмүүс олон бий, магадгүй үнэмлэхүй олонхи нь. Гэвч хэрхэн яаж вэ гэдэг дээрээ очихоор асуудал шал өөр болж хувирна. 
Нэгд ийм хэмжээний, хууль эрхзүйн, бодлогын, бүр цаашилбал гүн ухааны нарийн зүйлийг хэдхэн хоногт ард нийтээрээ сайтар нягтлан танилцах, зөв бурууг нь ялгаж мэдэх боломж бага. 
Гэтэл гол асуудал нь Үндсэн Хуулийг хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэгт л шүү дээ, өөрчлөх үү, үгүй юу гэдэг нь огт өөр асуудал. Хөөрхөн заль шүү. Надад ингэж л харагдаад байх. Санал асуулгыг эсэргүүцэж байна аа. Дэмжиж буй бол нэгдээрэй.

Friday, November 20, 2015

Хачин гайхамшигтай цаг үед амьдарч байна өө, би....

"Одоо энэ АТГ бол ямар ч хэрэггүй байгууллага, авилгал ихээр авдаг байгууллага нэгээр нэмэгдсэнээс цаашгүй. Угаасаа авилгал бол зайлшгүй, байх ёстой зүйл. Авилгал байж л нийгэм хөгждөг юм байна. Хөгжсөн нийгэмд авилгал заавал байдаг. 
...Монголчууд баяжихад амархан шүү дээ. Газраа зарах хэрэгтэй. Хүн бүрд 100 мянган доллар, өрх бүрд тэрбум доллар ногдох хэмжээний газар бидэнд бий шүү дээ. Энэ газраа зараад л мөнгөтэй болчихно, цаана чинь япон, хятад, солонгос, израйлаас эхлээд газар хайсан юмнууд зөндөө байна. Чи бодоод үз дээ, айл бүр тэрбум доллартай болчихоор босоод ирдэг юм байгаа биз дээ. Сайхан байгаа байхгүй юу? Өөр юу хэрэгтэй юм бэ?
Эцсийн эцэст энэ /хуруугаа имэрч, мөнгө тоолж буйг харуулав/, энэ л хэрэгтэй. Мөнгө бол амьдралын хууль. Байгалийн хууль. Байгалийн хуулийг сөрж болохгүй, тэнэг юмнууд, улаан коммунист, социалист , эх оронч царайлсан тэнэг дүнхүү гарууд биднийг мөнгөтэй болгох боломжин дээр хөндлөн хэвтчихээд хөдөлгөхгүй байна. Болдогсон бол энэ Босоо Ганбаа, Шар Уянга, Баагий /Бат-Эрдэнэ аваргыг хэлэв бололтой/ гэх мэт олон муусайн юмнуудыг жагсааж байгаад бүгдийг нь буудчих юмсан."
Хэн нэгэн хүн ингэж ярьж байвал, чин үнэнээсээ ярьж буй гэдэгт нь та бүхэн итгэх үү? Гэтэл үнэхээр л ингээд чин сэтгэлээсээ, ямар ч хар сэргүйгээр нэг нөхөр ярьж байх юм. Жир нэг гудамжны баагий биш, манай нэг том намын зүтгэлтэн шүү.
Хачин гайхамшигтай цаг үед амьдарч байна өө, би....

МАШ АЮУЛТАЙ НЭГЭН НЯНГИЙН ТУХАЙ...

Ёс суртхууныг задалдаг нян маш аюултай халдвартай, агаар дуслаас ч илүү, харах үзэгдэх, сураг дуулдах төдийд халдварладаг юм байна. Ганц хоёр жишээ гэхэд: - Яг ижил нөхцөлд, адилдаа адил, годилдоо годил цалингаар өдөр хоногоо адилхан торгоолцож явсан нэг нь гэнэтхэн нүдэн дээр нь 570 унаад, тансаг харш бариулаад эхэлмэгц, тэр болтол тэсэж, тэвчиж, цээрлэж хориглож байсан бусад нь боломж гарвал л төсвийн халаас руу гараа ахиухан хийгээд авах нь зөв юм байна гэсэн дотоод итгэл үнэмшилтэй болно. - Яг ижил түвшиний, магад ч үгүй өөрөөс нь дор чадвар, туршлагатай нэгэн гэнэтхэн төрийн сайд болоод дэнхэлзээд, данхалзаад, орой бүр ТВ-ээр малилзаад эхэлмэгц бусдынх нь тэсгэл алдарч, гэнэтхэн аль нэгэн намын үзэл суртлыг учиргүй ойлгож дэмждэг болж хувираад, аль нэгэн улс төрчийн хонжогийг эгзэг нь таарвал олж долоочих гээд уралдчихна. - Яг ижил нөхцөлд аж төрөх, амьдрах гээд үхэлдэн тэмцэлдэж явсан нэгэн нь гэнэтхэн брэнд яриад, тив далайг гатлан нисээд эхлэнгүүт зүгээр өмнөх ажлаа хийж байсан хүмүүс гэнэтхэн хийж чадахаа байгаад ямар ч хамаагүй аргаар гэнэт цөм цөм баяжчих ухаан сүйхээ эрж хайгаад дажигнацгаачихна. - Ялихгүй гавьяатай, шалихгүй чадвартай нэгэн гэнэтхэн төрийн одон медаль энгэртээ гялалзуулаад, элдэв гавьяат, төрийн алдартан болж мандаж бадраад эхлэнгүүт яг адилхан, магадгүй түүнээс ялигүй илүү гавьяатай бүхэн бүгдээр байж сууж чадахгүй болцгоож, хороо хорин сум дүүргийн ИТХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг элдэв одон медаль, алдар гавьяатны цол, гуншин горилсон тодорхойлолт, өргөдөл, гуйлт хүсэлтээр цаасан зуд мэт дарчихна. - Яг ижил нөхцөлд бүгдээрээ зам дээр хаашаа явж буйгаа мартатлаа таг түгжирчихээд үүрэглэн ахуйд гэнэтхэн нэг нөхөр урсгал сөрөөд урдуур нь дайраад, эсвэл хажуугийн брожор дээгүүр дамнуулаад явган хүний замаар дайраад ороод ирэнгүүт бүгдээрээ нүх сүв бүхнээр сигнаалдаад дайралцацгаачихна. - Яг адилхан өвлийн хүйтэнд түлэх түлээгүй чичирч суусан хоёр айлын нэг нь гэнэтхэн орой бүр уут уутаар нь нүүрс чирч ирээд, халуу дүүгэсэн гэртээ таатай тавиун бужигнаад эхлэнгүүт өнөөх нь тэсэлгүй нөгөөгийнхөө явсан зам мөрөөр явж, нийтийн уурын зуухнаас зөөдөг хулгайн жимийг нэгээр нэмнэ. - Яг ижилхэн ээлжийн хоёр сувилагчийн нэг нь гэнэтхэн өр зээлээ дараад, өмсдөг зүүдгээ засаад эхлэнгүүт нөгөөх нь тэсэлгүй өвчтөнүүдэд бичсэн үнэтэй, үйлчилгээ өндөртэй эм тарилгыг үнэгүй, үйлчилгээ муутайгаар нь солиод эхэлнэ. - Хөөрхий эрдэм чадал мөхөсдүү ч эрээгүй нэгэн гэнэтхэн эрдэмтэн, доктор, профессор болчоод, энд тэнд лекц тавиад, энгэрт нь элдэв гялгар юм харагдаад эхлэнгүүт түүнээс өөрийгээ илүү гэж тооцдог бүхэн бүгдээр ямар ч хамаагүй, юунд ч хүртээлгүй олон сэдвээр гэнэтхэн доктор моктор болж моодорхоод, дог царай гаргацгаагаад эхэлнэ. . ҮР ДҮНД НЬ бүгдээрээ ёс суртхууныг задлагч нянгаар ноцтой өвчилцгөөж, тамын тогоо луу ар араасаа нисэцгээх аж. Харин тийн өвчилсөнөө ер мэддэггүй, мэдэрдэггүй нь энэ өвчний хамгийн аюултай тал нь юм. Хүний оюун сэтгэлгээн дэх үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, сэтгэл зүрхэн дэх өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвдэж орхидгоороо энэ өвчин яг ДОХ шиг аюултай, бараг эмчилгээгүй шахам... халдварлах нь цар тахлаас ч аюултай юм. Ер нэг ийм нийтийг хамарсан хачин уур амьсгал их түгээмэл байна. Энэ бол чөлөөт өрсөлдөөн биш, харин чөлөөт уналт юм. Миний л мэдэхээр бид 25 жил уналаа. Харамсалтай нь бид энэ мэт уналтаа зах зээлийн зарчим, өрсөлдөөн гэж эндүүрч ирэв дээ. Уг нь гялалзтал хийж бүтээгээд, амжилт ололт нь бялхаад ирсэн нэгнийхээ амжилтаар бахархаж, суралцаж, түүнээс дутахгүй, бүр илүү ихийг хийж, үйлдэж, баялаг бүтээх хүсэл эрмэлзлээр бялхаж байх нь чөлөөт өрсөлдөөн баймаар. Харамсалтай нь тийм зүйл хомс юм. Байх нь байна, гэхдээ даанчиг хомс харагдана. . Энэ мэт аливаа ёс суртхууныг задлагч хоруу ихт нянгийн голомт нь хаана байна вэ гэвээс уг нь их хол эрж хайж, төвөг чирэгдэл боломгүй, амархан харагдана. Ердөө л шударга бус шийдвэр, шударга бус үйлдэл, шударга бус үзэл хандлагад байна. Ялангуяа нийгмийн оюун санааг манлайлж буй элитүүд, улс төрийн намууд, улс төрч болоод эрхэм ажил хэрэгч бизнесмэн лидерүүдийн зүгээс ийм нян маш хүчтэй тархаж, үндэстний оюун санааг хордуулж байна. Загас толгойноосоо эхэлж мууддаг юм гэнэ билээ, хүний нийгэм толгойноосоо л өтдөг бололтой юм. Одоо тэгээд яалтай ч билээ, өтчихсөн юм гээд толгойгоо тайраад хаячихалтай нь биш... Тэгэж тайрч хаяад гамшигт үр дагаварт хүрсэн түүхэн сургамжийг бид бүгдээр мэднэ. Түүхийг донсолгосон, цус урсгасан их хувьсгалууд бол мөн чанартаа ердөө л илжирчихсэн толгойгоо тайрч хаясан үйл явцууд юм. Өнөөдөр харин энэ мэт илжирсэн толгойг эргэлзээгүйгээр хяргаж хаях тухай илээхэн экстремист, хувьсгалчирхаг үг яриа их дуулдах болсон. Би л хувьдаа түүнийг зөвшөөрөмгүй. Толгойгүй болчихвол тонгорцоглож унаад хэцүүднэ биз дээ. Тэгснээс засаж эмчлэн, бохир цэврийг ялгах нь чухал байна. Хэрхэн яаж вэ гэдгийг чухам ард олны оюун билэг, зовлонг туулж буй хаширсан ухааны цараа л мэдэх хэрэг. Боломж бол бий... Шударга сонгуулиар, шударга хүмүүсийг олж сонгоно гэдэг галзуу бухын чив шүүрч барихтай адил нэн хэцүү, тийм цаг үе. Гэхдээ л өөр сонголт байхгүй, хэцүү ч гэсэн хичээж үзэх, бага ч болов өөрчлөлт, засвар, сиймхий, цэвэр агаар оруулах л хэрэгтэй байна. Хүмүүн төрөлхтний нийгэмшиж ирсэн үйл явцыг эргэж сонжвол ямар ч нийгэм толгойгоо дориун сайн эмчилсэн туршлага их бага байх юм. Хаант засаглал, ардчилсан, эс бол харгис дарангуйлагчтай, коммунист, социал-демократ нь, ер ямар ч шинж төрхийн толгойтойгоос үл хамааран энэ толгой байнга л өвчилж, өтөж, илжирч байдаг, тиймээс байнгад л их бага ямар нэгэн хэмжээгээр засвар хийгдэж, заримдаа ч хайр найргүй тасдан хаяж ирсэн байх. Гэхдээ энэ нь огт засвар эмчилгээ хийх хэрэггүй гэсэн үг биш, байнгад эмчилж, тордож байх боломж нь ард олны чөлөөт сонголтод байдаг шиг ээ. Хүн төрөлхтний түүхэнд энэ толгойг нэгэн удаад тун дориун сайн эмчилсэн туршлага бол харин монголчууд бидэнд бий шүү. XII зууны төгсгөлд Монголын өндөрлөгт агч овог аймгуудын үймээн, булаалдаан, ард олны бужигнаан өнөөгийнхтэй их төстэй. Хаа сайгүй урвалт, улайлт, шударга бус явдал, атаа жөтөө, жалгын явцуу өчүүхэн эрх ашиг, булаалт, бусармаглал бүхэн биеллээ олж байж. Тэр цагт тэр бүхнийг тэсвэрлэж дийлэхээ байсан нэгэн эр зоригтон эрслэн өндийж, өөр шигээ итгэл үнэмшилтэй, хөг аялгуу нийлдэг хүмүүсээр өөрийгөө тойруулан бат нягтарч, юунд дийлдэмгүй хүчирхэг цул болон чангарч, улмаар тэр бусармаг бүхнийг ид хав, шударга үнэнд итгэх итгэл үнэмшлээр ханартал дагуулж, итгэж үнэмшиж чадаагүйд нь аянга цахилгааных мэт хүчит илдээр үнэнийг тулган хүлээлгэж, өвдөг сөхрүүлж чадсан юм. Одоо бол бид энэ түүхээ зөвхөн санаа алдан дурсах төдий л байх шив. Заримдаа ч дурсах нь буруу ч болох шахна. . Мэдээж хэрэг төрөлхийн шударга ёсны мэдрэмжтэй буюу ёс зүйн хүчирхэг дархлаатай, мөн цаг зуурын үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэний тул энэ мэт булингарт урсгалд автан урсдаггүй тэсэж тогтоод үлдэх цэгээ олж чаддаг хүмүүс бас байна аа байна. Гэвч тэд цөөн юм, харамсалтай нь цөөн юм. Цөөний дээр нийгмийг нийтэд нь хамарсан энэ их ёс суртхуунгүй бужигнааны лай ланчигийг зөвхөн тэд л нуруун дээрээ тээж үүрэх ёстой болдог учир тэсвэрлэхүйеэ бэрх байх аж... Нэг ийм зүйл үзэгдэж харагдаад нойр хулжаагаад байх ... Б.Номинчимэд

Tuesday, November 10, 2015

БОЛЗОХЫН БЭЛЧИРТ БОЛЗСОН НЬ...

Бие тэнхэрч, өвчин нь намдсан Мэс заслын дараах тасгийн таван эр тарилгаас тарилга, эргэлтээс эргэлтийн завсарт уйдахдаа элдэв дэмийг хүүрнэх билээ. Нэгэн удаагийн бидний яриа Чөтгөр гуай руу эргэв. Ер энэ сэдэв хүүхэд насны маань хамгийн сонирхолтой сэдэв байсансан. Бараг хүн бүрд л сонирхолтой байдаг биз... Биднээс сүүлд хагалгаанд орсон, өдрийн ихэнхийг хэвтэж өнгөрөөдөг баруун аймгийн хүрэн улаан хижээл эрээс бусад нь бүгд л дор бүрнээ элдэв түүх өгүүлэв. Дам сонссон, хаа нэгтээгээс, магадгүй өчигдөрхөн эргэлтийн халуун сав боож ирсэн шар сонины хуудаснаас уншсан итгэл үнэмшил муутай, ул дол болсон зүйлсийг өөр хоорондоо сонирхуулсан учир тэгсгээд бидний ярианы эрч сулраад ирлээ. Өнөөх баруун аймгийн ах хүү л бидний яриаг сонирхож буй эсэх нь мэдэгдэхгүй нүдээ анин хэвтэнэ. Түүнийг Цэрэнхүү гэнэ. Бидэн дотроо ахмад нь. Тэгсээр эцэстээ Цэрэнхүү ахаас ямар нэгэн түүх ярьж өгөхийг бид зэрэг зэрэг шалцгаалаа. “Та хөдөөгийн хүн байна, ямар ч байсан чөтгөр үзсэн, эс бол түүний тухай сонссон л байж таараа” гэцгээнэ. Цэрэнхүү ах тохойлдон өндийж өмнөх түмбүүчгэн дээрээсээ аягатай цайгаа авч нэг том балгаад ийн хүүрнэсэн юм. - Ах нь 40-аад жил мал ахуйтай хөөцөлдөж, хээр хөдөөгүүр их тэнэсээн. Амьтан хүмүүс ярьдаг л юм, тэнд ч болдоггүй, энд ч тэгэж дуудаад, тийм ч юм үзэгдээд, энэ тэр гээд... Тэр газруудаар нь ч өдрөөр ч, шөнөөр ч явж л байсан. Надтай ер тийм гайхаж, цочоод байх зүйл тааралдаж байсангүй. Яахав хааяа нэг үнэг хярс, ууль, могой зэрэг амьтны дуу газар орон, цаг агаарын байдлаас шалтгаалаад хачин сонин сонсогдох нь байдаг л юм. Зарим хүмүүс түүнийг нь сонсчихоод янз бүрээр нэмж хачирлан ярих нь ч байна. Бас гал үзэгдэх гэх мэт нь мэр сэр бий, гэхдээ эрдэм номтой та нар шиг улс тэдгээрийн учрыг надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй. Харин нэг л явдлын учрыг би өнөө ч огт олдоггүй юм. Тэр юу вэ гэвэл, нэлээн дээр 80-аад оны сүүл хэрд юм даа, би цэргээс ирээд нэгдлийн адуучин болсны хойтон жил юмдаг. Тэр жилийн зун гандуу, намар эрт цас ороод бэлчээр муудсан тул зэргэлдээ сумын нутаг руу өвлийн отор хийсэн юм. Бид хоёр гэрээр 400 гаруй адуугаа туугаад нүүлээ. Отрынхоо нутагт очоод удаагүй байтал 10 гаруй дан залуу морьд нутгийн адуу дагаад айл амьтан нутагладаггүй уулын зэлүүд тагт өөд гүйчихэв. Манай нөгөө адуучныг Дах гэдэг юм. Дах бид хоёр адуугаа бөөгнүүлж орхиод тэдний араас мордоцгоодог юм байна. Урьд өмнө явж байгаагүй газар нутаг учир хамтдаа явсан нь тэр. Тэр уулын тагтад нэлээд цастай, тэнд хүрэхийн тулд наана нь нэгэн хавцал хөндийг гатална. Хөндийн эх өөд өгссөөр яваад нэгэн их үхэр чулуутай, харгана эмгэлжтэй бэлчирт хүрэв. Бид хоёр самнаж үзэх газраа хувааж аваад, орой юутай ч тэр бэлчирт эргэж хоноглохоор болзов. Бэлчирийн зүүн салааг нь Дах, нөгөөг нь би өгсөв. Алинаар нь өгссөн ч өнөөх адуу гарсан уулын тагтад очино. Бид хоёр бие биенийхээ барааг алсаас хааяа харалцаад л яваа. Би хэсэг адууны мөртэй таарлаа. Багцаагаар тоо нь манай хэд мөн, нэг хоёр өдрийн өмнө бололтой чононууд тэднийг цасан хунх руу шахан оруулж байгаад нэгийг нь зооглож орхиж. Жаахан ярдаг зантай хүрэн үрээ байсан юм. Тэр умаахан. Өвлийн богино өдөр тэгсгээд дууслаа. Морьдийнхоо мөрөөр хааш дайжсаныг нь тогтоогоод, өглөө эрт олчихно гэсэн итгэлтэйгээр өнөөх болзсон бэлчир лүүгээ буцлаа. Дахдаа алсаас гараараа дохиж зангаж, даллаж мэдэгдэв. Ингээд хоёул өгсөж гарч ирсэн салаагаа уруудан өнөөх болзсон бэлчир лүүгээ бууцгаалаа. Бүрий тасарч байхад би түрүүлж бэлчирт хүрэв. Бэлчир лүү шааж орсон хадан үзүүр дээр нэг том хагархай цуурдастай үхэр чулуу байх. Тэрний оёор мориндоо ганзагалаж явсан жаахан тэжээлээ цасан дээр асгаж өгөөд, уячихлаа. Хаа сайгүй хөглөрөх харгана, эмгэлжээс ахиухан түүлээ. Харанхуй ч боллоо. Галаа асааж, цайгаа чаналаа. Дах маань байдаггүй шүү. Нэлээд хүлээгээд тэсэлгүй мордож, түүний өгссөн салааны ам өгсөж үзэв. Дуудлаа, буу тавьлаа. Хариу байдаггүй ээ. Өгссөөр орой надад харагдсан байж магад гэсэн тэр ирмэг орчимд хүрэв. Дахаа дуудаж, хашгичсаар л яваа. Тэнгэр цэлмэг, сартай, цастай байсан учир ойрын бараа сайн харагдана. Тэр ирмэг дээр тамхиа нэрж баахан суулаа. Доод бэлчир лүү чоно ульж байна. Би буцаад бэлчиртээ ирлээ. Дах маань байдаггүй. Сэтгэл зовниж, байж сууж чадсангүй. Чоно улих нь сонсогдсоор л байна. Дэмий л баахан гал өрдөв. Дахиад нөгөө бэлчир өөд жаахан өгсөж, буу тавьж, дуу чимээ гаргав. Тэгсээр өвлийн урт шөнийг арай гэж гэтэлж, үүрийн өтгөн харанхуй үед өнөөх хагархай хадныхаа дэргэд морио бариад жаахан суулаа. Сууж байхдаа дугхийчихэж. Морь маань үүрсэж, цулбуураа дугтарахад сэрээд хартал гэгээ орчихсон, харин Дах маань миний түлсэн галын ормон дээр зогсож байна. “Хүүеэ, хааяа, чи чинь яачихав, яагаад алга болчихов” гэтэл өмнөөс мөн “Харин чи чинь хааччихав. Яачихав. Үүр цайтал хаагуур тэнэв” гэж байна. Би юу болсноо, шөнөжин түүнийг хайж, дуудаж, буудаж, бас явсан салааг нь өгсөн, эрж хайснаа хэллээ. Гэтэл тэр бас яг миний адил зүйл ярьж байх юм. Би орой бүрэнхий болж байхад ирээд түлээ цуглуулж, гал түлээд өөрийг нь хүлээснээ хэлвэл, тэр мөн бас яг тэгэж хэлэх юм. Миний түлсэн галын ором энэ байна гэхээр, тэр мөн л миний түлсэн галын ором энэ гэх... Бид хоёр бие биенээ худлаа ярьж байна гэж уурлаж ч хүртэл үзлээ. Маргаж мэтгээд болохгүй болохоор мөрөө үзлээ. Гэтэл үнэхээр бид хоёрын мөр яг дүрээрээ байж байх, хачирхалтай нь нэг нэгнийхээ мөр дээр дарж гишгээд л түлээ түүгээд явсан байгаа юм. Бас яг нэг газарт гал түлээд галынхаа дэргэд хоёул бараг зэрэгцээд сууж байсан мөр байна. Миний буудсан бууны хонгио ч байна, түүнийх ч бас байна. Би калибртай, тэр оготор карбинтай явсан юм. Харин би морио өнөөх цуурхай үхэр чулууны урд ёзоорт нөмөрдүүлж уясан бол мань эр хойхно байх том эмгэлжийн оёорт уясан байлаа. Дах түлсэн галынхаа дэргэд сууж байгаад дугхийж, тэгээд гэгээ орж байх үед сэрсэн байгаа юм. Сэрээд хартал яг өмнө нь би морио цулбуурдчихсан унтаж байна гэнэ. Миний морь ч сортосгээд үүрсэж, Дах ч ухас гээд боссон байгаа юм. Бид хоёр ёстой мэл гайхаж цэл хөхөрсөн дөө. Гээд яахав дээ, гайхаад суугаад байлтай нь биш, мордож, урьд өдөр нь чиг гаргасан морьдынхоо мөрөөр амархан олж аваад буцаж билээ. Тэр явдлын учрыг би одоо ч бодоод бодоод олдоггүй юм даа. Бусдаар бол надтай ер тийм элдэв хачин зүйл огт таарч байсангүй ээ гэж Цэрэнхүү ах ярив. Бид ч ангайтлаа сонсоцгоов. Компанийн ахлах нягтлан хийдэг нэг маань: - Та тэгээд дахиж тэр газар луугаа эргэж очсон уу? Өөрөөр хэлбэл дахиж шалгасан уу? гэж асууж байна. Цэрэнхүү ах: - Очсоон. Хойтон хавар нь би бодсоор яваад тэр газраа дахин очиж хоносон юм. Мэдээж хэрэг ганцаар очсон тул би хэнтэйгээ ч төөрөлдөхөв. Тэгэхэд надад юу ч мэдрэгдээгүй, бүр чоно ч байсангүй. Харин буцаж яваад нутгийн нэг хөгшнийд бууж цайлсан юм. Хөгшнөөс тэр хавийн газар нутгийн тухай асуувал, тэр хөндийг Дахын хөндий, шөнө Дахыгаа хайж яваад тамхи нэрж суусан ирмэгийг Цэрэнгийн хяр гэдэг нэртэй. Бас бид хоёр зэрэгцээд гал түлэн сууж байсан атлаа бие биенээ үзэж харалгүй шөнийг өнгөрөөсөн тэр бэлчирийн нэрийг Болзохын бэлчир гэдэг байж билээ. Бас бэлчир рүү буудаг хөтөл дээр нэг төвд үсэгтэй хавтгай хар чулуу байсан юм. Урд өдөр нь бид хоёр тэр лүү бууж явахдаа тэнд дөрөө мулталж, тамхилсан. Тэгэхэд Дах тэр бичигтэй чулуун дээр сандайлж харагдсан. - Дах нь одоо хаана байгаа вэ? - Хөөрхий, тэр өвлөө моринд чирэгдээд өнгөрчихсөн юм. Уг нь барагтай мориноос хазайхааргүй л эр, тэр морь нь ч үргэж туйлаад байдаггүй таатай номхон адгуус байсансан. Нэг л учир нь олдохгүй хачин юм тэгэхэд болсон доо гээд Цэрэнхүү ах “Тамхилмаар болж байх чинь, даанчиг...” гэж билээ. 2015.11.10

Friday, November 6, 2015

ҮҮЛИЙН ҮНЭР...

ҮҮЛИЙН ҮНЭР...
Сүүлийн хэд хоног Э.Бат-Үүл даргын Хотын цэвэрлэх байгууламж дээр масктай, аягүй үнэрт нь ихэд эвгүүцсэн төрх бүхий зураг сошиал ертөнцийн нэгэн "чимэг" болов. Муухай байна л гэнэ, масктай очихдоо яадаг юм л гэнэ, муухай ярвайж байна л гэнэ. Элдвээр л өөчлөх.
5 шараас бараг 22-ын товчоо ортол тэсэх аргагүй үнэр аль зунаас хойш л ханхалсан. Тэр хавьд амьдардаг хүн амьтны тэсвэр тэвчээрийг гайхаад баршгүй. Тийм үнэрт чинь Баатар байтугай баргийн амьтан тэсэхгүй, ярвайхгүй яадаг юм. Шоолох, гоочлох юун.
Ингэхэд харах, хүртэх, үнэрлэх, сонсох, амтлах гэсэн энэ 5 мэдрэхүйн чинь хүний оюун сэтгэхүйд, сэтгэл санаанд, бие эрхтэнд, тэр бүү хэл үзэл хандлагад хүртэл хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нь ҮНЭР юм шүү дээ. Шинжлэх ухаан аль хэдийнэ нотолчихсон, хүн төрөлхтөн үнэрийн энэхүү давуу талыг олон салбарт ашиглаад эхэлчихсэн. Наад зах нь томоохон молл дэлгүүрүүдэд ороход өөрийн эрхгүй юу ч юм худалдаад авчихмаар сэтгэгдэл төрүүлдэг үнэр анхилуулдаг гэнэ. Элдэв сургалт, эрүүл мэндийн хөтөлбөр, бүр тагнуулд хүртэл ашиглаж буй.
Охид хүүхнүүд маань юуны тулд анхилам үнэртэн хэрэглэхийг, сүм хийдэд юуны тулд ариун үнэртэн уугиулахыг эрхэмлэдэг гэж бодном бэ?
Хүнээс янз бүрийн л үнэр гарна. Аав, ээжийн үнэр, амны, хөлийн, хөлсний, элдэв сүрчигний, тосны, нялхын үнэр гэх мэт.
Түүнээс гадна оюун сэтгэлгээнээс ч эвгүй болоод элдэв сайхан "үнэр" бас ханхалдаг юм шүү дээ. Ердийн үнэр хувь хүнд хүчтэй нөлөөлдөг бол оюун сэтгэлгээний "үнэр" олон нийтийн үзэл хандлага, итгэл үнэмшилд сайнаар ч, муугаар ч асар хүчтэй нөлөөлдөг.
.
Эрхэм мэр Э.Бат-Үүл УИХ-ын чуулган дээр хэлж байна. "НИТХ-ын нэр бүхий 12 гишүүн намайг их хэмжээний хөрөнгө мөнгө үргүй зарцуулсан гэж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн учир Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн" гэлээ. Шүүх нь үнэхээр шударга байх аваас гүтгэсэн хийгээд идсэн эсэхийг нь ялгаж салгана биз. Гэхдээ сүүл үед зарим нэгэн улс төрийн агуулгатай томоохон хэргүүдийг ихэнхдээ нохойн замаар шийдэж байгааг нь харахад Шүүх үнэхээр зөв шийднэ гэсэн итгэл тунчиг хомс байна.
Харин энэхүү хэрэг явдлыг дагалдаж хоёр асуудал үүссэн нь Үүл баатарын үнэрийн тухай эрхгүй сөхөхөд хүргэв.
.
ЭХНИЙХ НЬ Үүл баатарын хүү Чулуудайн бизнестэй холбоотой асуудал.
Тэрхүү нэр бүхий 12 нөхрөөс Үүл баатарыг ширээнээс ширдэг рүү холбируулахаар өргөсөн өргөдөлд дурдсан бусад асуудлууд бол харин эргэлзээтэй, маргаж мэтгэх, бүр үгүйсгэх ч үндэслэл бий.
Харин үгүйсгэх боломжгүй нь энэ. Хэрвээ аав нь Хотын захирагч болоод дарга байх аваас хүүгийнх нь компани хотоос зарлаж буй ямарваа нэгэн тендер, төсөлд бүр өчүүхэн төдий ч орооцолдох ёсгүй. Тэгэх аваас ашиг сонирхолын зөрчлийг автоматаар бий болгочихдог нь хууль эрхзүйн анхан шатны мэдлэгтэй хэнд ч мэдээжийн ойлгомжтой асуудал. Ямар ч маргаан, ямар ч сайхан гэгээлэг, эх оронч тайлбарын хэрэггүй, тэр мэтээр халхлах, цагаатгах боломжгүй. Хэрвээ эх оронч сэтгэл, эрмэг зүтгэл нь хатгаад байгаа бол арай өөр нөхцөлд, арай өөр салбарт түүнээ сорих хэрэгтэй.
Гэтэл бүр хэдэн тэрбум /5.1/-ын асуудал яригдаж байгаа. 25 жилийн турш улс төрийн халуун тогоонд даргитлаа буцалж, үхэхээс бусдыг үзсэн Бат-Үүл баатар үүнийг мэдэхгүй биш сайтар мэднэ. Мэдсээр байж хүүгээ, түүний удирдсан компанийг энэ тендерт оролцохыг зөвшөөрсөн нь, оролцож байхад нь нүдэн балай, чихэн дүлий сууж байсан нь хачирхалтай. Огт мэдээгүй гэхэд эргэлзээтэй. Хэрвээ сөрөг хүчнийх нь хэн нэгэн яг ийм нөхцөл байдал үүсгэсэн бол Үүл баатар маань хэрхэн яаж баатарлан тэмцэж байх байсан нь бүр нүдэнд харагдахаар төсөөлөгдөж байгаа. Гэтэл өөрөө бол болоод байдаг. Бахархан дуурайх дуртай барууны орнуудад төрсөн хүү нь бүү хэл жолоочийнх нь эхнэртэй холбоотой асуудлаар ч сайд нь огцорч харагддаг юм билээ.
.
УДААХ НЬ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг ажлаас нь гэнэтхэн халсан явдал. Шалтгаан нь НИТХ-ын гишүүн Б.Саранчимэг Үүл баатарыг огцруулахаар гарын үсэг зурсан өнөөх эсэргүү 12-ын нэг гэнэ. Хэвлэлүүд одоогоор ийм тайлбар хийж байна, гэхдээ бараг л үнэний хувьтай. Учир нь овоолготой шороонууд дунхайж, шарилж хөглөрч, гялгар уут хийссэн, бас урдхан талд нь байх Туулын бургасаар нийслэлийн орон гэргүйчүүд бөөгнөдөг газрыг энэ шавилхан бүсгүй өнөөдөр ямаршуухан бүтээн байгуулалт болгосныг олон баримт, түүх нуршихгүйгээр хэн бүхэн харсан, мэднэ. Манай нийслэлийнхний амралт чөлөөт цагаа ая тухтай, үр дүнтэй өнгөрүүлэх нэн таатай сайхан газрын нэг болсон. Цаашид ч улам өргөжинө. Өнөөгийн бүтээн байгуулалт бол хийхээр төлөвлөж буй ажлынх нь зөвхөн 30 орчим хувь нь. Бүрэн хэрэгжиж дуусахаараа Ази тивдээ байхгүй аварга том цэцэрлэгт хүрээлэн болох нигууртай. Тэгэхээр ажил муу хийсэн гэсэн шалтгаан лавтай байхгүй гэдэгт итгэлтэй байна. Саяхан Аудитийн шалгалт оруулж байна гэсэн. Элдэв юм идлээ, уулаа гэсэн юм ч гарсангүй. Ердөө л өөрийг нь огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан.
.
Ингэхэд нэг л эвгүй үнэр ханхлаад явчих юм. Хаанаас гэхээр Үүл баатраас, түүний сэтгэлгээ, зарчимаас нь... Энэ лав ардчиллын цэвэр цэнгэг үнэр биш ээ... Тэгвэл юуны үнэр байж таарах вэ?
Б.Номинчимэд

Tuesday, November 3, 2015

50-иад оны Далан худалч, Бэлэн Сэнгийн ярианаас...


.
Намтар баяжаад
Наадам ч сайхаан,
Яармагын дэнжид
Ярайсан олон асар майхан дунд
Халтар Хорин тавтаар хонжигоо арчаад,
Халзан Тавьтаар тамхиа ороогоод
Ханагар Зуутаар гуанздаад явж байлаа.
Тэгтэл дал мөрөн дээр нэг нөхөр алгаддаг юм байна. Эргээд хартал мань сахал Шаталин байна. /Сталиныг хэлэв/
- За Намхай найз манай майхнаар ороод гарахгүй бол намар болтол гол горойно шүү гэж байна.
Сахал Шаталины майханд очлоо. Адууны шээс шиг шар юм өгч байх юм. Хоёр гурван хулыг уусан болоод сууж байтал арааживаар
-Намхай зодоглоорой гээд л дуудаж байна.
Зодоглоод гарлаа. Тэгтэл
Яармагын дэнж найгаж ганхаад,
Яггүй учраа маань хоёр харагдаад болдоггүй.
Өндөр тэнгэр доошоо харчихаад
Өмнөх учраа маань гурав болчихоод горьгүй ээ...
Уур хүрээд
Ухасхийж дайраад
Урамтай сайхан дунгуйдаж орхисон чинь
Улаан тоос хадаад
Улс амьтан пирхийгээд л явчихлаа.
Учир юу болов гэтэл
Учраагаа биш засуулаа дунгуйдаж орхижээ.
Тэгтэл нэг бүдүүн дуутай хүн
-Намхай согтуу байна
Наадам хойшлуул гээд л хаширдаг юм.
Нэг нүдээ аньж байгаад
Нэлээн сайн өлийгээд харсан чинь
Төв асрын үүднээс
Төмөр хошуу гозолзуулчихсан
Мань Шаталин хашгирч байна аа.
Тэгээд наадам хойшилж маргааш нь Намхай хүү би барилдаж начин цол хүртвээ. Бас болоогүй уран сайхан барилдсан гээд Улам нэмэх чимэг нэмж, Алтан гадас одон өгдөг юм байна.
- Намхай гуай, одоо тэр Алтан гадас тань бий юу гэж асууваас...
- Бий бий. Манай том хүү Сүхээ, одоо энэ золиг хөхөө өвлийн хүйтнээр морь аргамжиж байгаад дээд сэнжийг нь хуга цохиж орхисон байна билээ. Нэг сэнжгүй юм авдрын ёроолд хэвтэж л байгаа даг...