Tuesday, November 10, 2015

БОЛЗОХЫН БЭЛЧИРТ БОЛЗСОН НЬ...

Бие тэнхэрч, өвчин нь намдсан Мэс заслын дараах тасгийн таван эр тарилгаас тарилга, эргэлтээс эргэлтийн завсарт уйдахдаа элдэв дэмийг хүүрнэх билээ. Нэгэн удаагийн бидний яриа Чөтгөр гуай руу эргэв. Ер энэ сэдэв хүүхэд насны маань хамгийн сонирхолтой сэдэв байсансан. Бараг хүн бүрд л сонирхолтой байдаг биз... Биднээс сүүлд хагалгаанд орсон, өдрийн ихэнхийг хэвтэж өнгөрөөдөг баруун аймгийн хүрэн улаан хижээл эрээс бусад нь бүгд л дор бүрнээ элдэв түүх өгүүлэв. Дам сонссон, хаа нэгтээгээс, магадгүй өчигдөрхөн эргэлтийн халуун сав боож ирсэн шар сонины хуудаснаас уншсан итгэл үнэмшил муутай, ул дол болсон зүйлсийг өөр хоорондоо сонирхуулсан учир тэгсгээд бидний ярианы эрч сулраад ирлээ. Өнөөх баруун аймгийн ах хүү л бидний яриаг сонирхож буй эсэх нь мэдэгдэхгүй нүдээ анин хэвтэнэ. Түүнийг Цэрэнхүү гэнэ. Бидэн дотроо ахмад нь. Тэгсээр эцэстээ Цэрэнхүү ахаас ямар нэгэн түүх ярьж өгөхийг бид зэрэг зэрэг шалцгаалаа. “Та хөдөөгийн хүн байна, ямар ч байсан чөтгөр үзсэн, эс бол түүний тухай сонссон л байж таараа” гэцгээнэ. Цэрэнхүү ах тохойлдон өндийж өмнөх түмбүүчгэн дээрээсээ аягатай цайгаа авч нэг том балгаад ийн хүүрнэсэн юм. - Ах нь 40-аад жил мал ахуйтай хөөцөлдөж, хээр хөдөөгүүр их тэнэсээн. Амьтан хүмүүс ярьдаг л юм, тэнд ч болдоггүй, энд ч тэгэж дуудаад, тийм ч юм үзэгдээд, энэ тэр гээд... Тэр газруудаар нь ч өдрөөр ч, шөнөөр ч явж л байсан. Надтай ер тийм гайхаж, цочоод байх зүйл тааралдаж байсангүй. Яахав хааяа нэг үнэг хярс, ууль, могой зэрэг амьтны дуу газар орон, цаг агаарын байдлаас шалтгаалаад хачин сонин сонсогдох нь байдаг л юм. Зарим хүмүүс түүнийг нь сонсчихоод янз бүрээр нэмж хачирлан ярих нь ч байна. Бас гал үзэгдэх гэх мэт нь мэр сэр бий, гэхдээ эрдэм номтой та нар шиг улс тэдгээрийн учрыг надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй. Харин нэг л явдлын учрыг би өнөө ч огт олдоггүй юм. Тэр юу вэ гэвэл, нэлээн дээр 80-аад оны сүүл хэрд юм даа, би цэргээс ирээд нэгдлийн адуучин болсны хойтон жил юмдаг. Тэр жилийн зун гандуу, намар эрт цас ороод бэлчээр муудсан тул зэргэлдээ сумын нутаг руу өвлийн отор хийсэн юм. Бид хоёр гэрээр 400 гаруй адуугаа туугаад нүүлээ. Отрынхоо нутагт очоод удаагүй байтал 10 гаруй дан залуу морьд нутгийн адуу дагаад айл амьтан нутагладаггүй уулын зэлүүд тагт өөд гүйчихэв. Манай нөгөө адуучныг Дах гэдэг юм. Дах бид хоёр адуугаа бөөгнүүлж орхиод тэдний араас мордоцгоодог юм байна. Урьд өмнө явж байгаагүй газар нутаг учир хамтдаа явсан нь тэр. Тэр уулын тагтад нэлээд цастай, тэнд хүрэхийн тулд наана нь нэгэн хавцал хөндийг гатална. Хөндийн эх өөд өгссөөр яваад нэгэн их үхэр чулуутай, харгана эмгэлжтэй бэлчирт хүрэв. Бид хоёр самнаж үзэх газраа хувааж аваад, орой юутай ч тэр бэлчирт эргэж хоноглохоор болзов. Бэлчирийн зүүн салааг нь Дах, нөгөөг нь би өгсөв. Алинаар нь өгссөн ч өнөөх адуу гарсан уулын тагтад очино. Бид хоёр бие биенийхээ барааг алсаас хааяа харалцаад л яваа. Би хэсэг адууны мөртэй таарлаа. Багцаагаар тоо нь манай хэд мөн, нэг хоёр өдрийн өмнө бололтой чононууд тэднийг цасан хунх руу шахан оруулж байгаад нэгийг нь зооглож орхиж. Жаахан ярдаг зантай хүрэн үрээ байсан юм. Тэр умаахан. Өвлийн богино өдөр тэгсгээд дууслаа. Морьдийнхоо мөрөөр хааш дайжсаныг нь тогтоогоод, өглөө эрт олчихно гэсэн итгэлтэйгээр өнөөх болзсон бэлчир лүүгээ буцлаа. Дахдаа алсаас гараараа дохиж зангаж, даллаж мэдэгдэв. Ингээд хоёул өгсөж гарч ирсэн салаагаа уруудан өнөөх болзсон бэлчир лүүгээ бууцгаалаа. Бүрий тасарч байхад би түрүүлж бэлчирт хүрэв. Бэлчир лүү шааж орсон хадан үзүүр дээр нэг том хагархай цуурдастай үхэр чулуу байх. Тэрний оёор мориндоо ганзагалаж явсан жаахан тэжээлээ цасан дээр асгаж өгөөд, уячихлаа. Хаа сайгүй хөглөрөх харгана, эмгэлжээс ахиухан түүлээ. Харанхуй ч боллоо. Галаа асааж, цайгаа чаналаа. Дах маань байдаггүй шүү. Нэлээд хүлээгээд тэсэлгүй мордож, түүний өгссөн салааны ам өгсөж үзэв. Дуудлаа, буу тавьлаа. Хариу байдаггүй ээ. Өгссөөр орой надад харагдсан байж магад гэсэн тэр ирмэг орчимд хүрэв. Дахаа дуудаж, хашгичсаар л яваа. Тэнгэр цэлмэг, сартай, цастай байсан учир ойрын бараа сайн харагдана. Тэр ирмэг дээр тамхиа нэрж баахан суулаа. Доод бэлчир лүү чоно ульж байна. Би буцаад бэлчиртээ ирлээ. Дах маань байдаггүй. Сэтгэл зовниж, байж сууж чадсангүй. Чоно улих нь сонсогдсоор л байна. Дэмий л баахан гал өрдөв. Дахиад нөгөө бэлчир өөд жаахан өгсөж, буу тавьж, дуу чимээ гаргав. Тэгсээр өвлийн урт шөнийг арай гэж гэтэлж, үүрийн өтгөн харанхуй үед өнөөх хагархай хадныхаа дэргэд морио бариад жаахан суулаа. Сууж байхдаа дугхийчихэж. Морь маань үүрсэж, цулбуураа дугтарахад сэрээд хартал гэгээ орчихсон, харин Дах маань миний түлсэн галын ормон дээр зогсож байна. “Хүүеэ, хааяа, чи чинь яачихав, яагаад алга болчихов” гэтэл өмнөөс мөн “Харин чи чинь хааччихав. Яачихав. Үүр цайтал хаагуур тэнэв” гэж байна. Би юу болсноо, шөнөжин түүнийг хайж, дуудаж, буудаж, бас явсан салааг нь өгсөн, эрж хайснаа хэллээ. Гэтэл тэр бас яг миний адил зүйл ярьж байх юм. Би орой бүрэнхий болж байхад ирээд түлээ цуглуулж, гал түлээд өөрийг нь хүлээснээ хэлвэл, тэр мөн бас яг тэгэж хэлэх юм. Миний түлсэн галын ором энэ байна гэхээр, тэр мөн л миний түлсэн галын ором энэ гэх... Бид хоёр бие биенээ худлаа ярьж байна гэж уурлаж ч хүртэл үзлээ. Маргаж мэтгээд болохгүй болохоор мөрөө үзлээ. Гэтэл үнэхээр бид хоёрын мөр яг дүрээрээ байж байх, хачирхалтай нь нэг нэгнийхээ мөр дээр дарж гишгээд л түлээ түүгээд явсан байгаа юм. Бас яг нэг газарт гал түлээд галынхаа дэргэд хоёул бараг зэрэгцээд сууж байсан мөр байна. Миний буудсан бууны хонгио ч байна, түүнийх ч бас байна. Би калибртай, тэр оготор карбинтай явсан юм. Харин би морио өнөөх цуурхай үхэр чулууны урд ёзоорт нөмөрдүүлж уясан бол мань эр хойхно байх том эмгэлжийн оёорт уясан байлаа. Дах түлсэн галынхаа дэргэд сууж байгаад дугхийж, тэгээд гэгээ орж байх үед сэрсэн байгаа юм. Сэрээд хартал яг өмнө нь би морио цулбуурдчихсан унтаж байна гэнэ. Миний морь ч сортосгээд үүрсэж, Дах ч ухас гээд боссон байгаа юм. Бид хоёр ёстой мэл гайхаж цэл хөхөрсөн дөө. Гээд яахав дээ, гайхаад суугаад байлтай нь биш, мордож, урьд өдөр нь чиг гаргасан морьдынхоо мөрөөр амархан олж аваад буцаж билээ. Тэр явдлын учрыг би одоо ч бодоод бодоод олдоггүй юм даа. Бусдаар бол надтай ер тийм элдэв хачин зүйл огт таарч байсангүй ээ гэж Цэрэнхүү ах ярив. Бид ч ангайтлаа сонсоцгоов. Компанийн ахлах нягтлан хийдэг нэг маань: - Та тэгээд дахиж тэр газар луугаа эргэж очсон уу? Өөрөөр хэлбэл дахиж шалгасан уу? гэж асууж байна. Цэрэнхүү ах: - Очсоон. Хойтон хавар нь би бодсоор яваад тэр газраа дахин очиж хоносон юм. Мэдээж хэрэг ганцаар очсон тул би хэнтэйгээ ч төөрөлдөхөв. Тэгэхэд надад юу ч мэдрэгдээгүй, бүр чоно ч байсангүй. Харин буцаж яваад нутгийн нэг хөгшнийд бууж цайлсан юм. Хөгшнөөс тэр хавийн газар нутгийн тухай асуувал, тэр хөндийг Дахын хөндий, шөнө Дахыгаа хайж яваад тамхи нэрж суусан ирмэгийг Цэрэнгийн хяр гэдэг нэртэй. Бас бид хоёр зэрэгцээд гал түлэн сууж байсан атлаа бие биенээ үзэж харалгүй шөнийг өнгөрөөсөн тэр бэлчирийн нэрийг Болзохын бэлчир гэдэг байж билээ. Бас бэлчир рүү буудаг хөтөл дээр нэг төвд үсэгтэй хавтгай хар чулуу байсан юм. Урд өдөр нь бид хоёр тэр лүү бууж явахдаа тэнд дөрөө мулталж, тамхилсан. Тэгэхэд Дах тэр бичигтэй чулуун дээр сандайлж харагдсан. - Дах нь одоо хаана байгаа вэ? - Хөөрхий, тэр өвлөө моринд чирэгдээд өнгөрчихсөн юм. Уг нь барагтай мориноос хазайхааргүй л эр, тэр морь нь ч үргэж туйлаад байдаггүй таатай номхон адгуус байсансан. Нэг л учир нь олдохгүй хачин юм тэгэхэд болсон доо гээд Цэрэнхүү ах “Тамхилмаар болж байх чинь, даанчиг...” гэж билээ. 2015.11.10

2 comments:

ZAYA said...

Сонин юм их байх юмаа.

Б.Номинчимэд said...

Харин тиймээ, сонин юм бас байна шүү...