Хүмүүс түүнийг маш их хөдөлмөрч гэж үнэлдэг. Харин тэр энэ үнэлгээнд нь ихэд гайхаж эргэлзэх бөлгөө. Учир нь тэр өөрийгөө маш их залхуу гэдгээ мэднэ. Тиймээс залхуу өөрийг нь маш их хөдөлмөрч гэж үнэлээд буй хүмүүс өөрөөс нь хэдэн хувь их залхуу болох нь ээ гэж бодохоор заримдаа гуниг төрнө.
Аав нь бага байхад нь түүнийг "Миний хүү ч хэрэгт орж мэдэх залхуу хүү шүү" гэдэг байж. Одоо эргээд бодохоор маш их залхууг "Хэрэгт орж мэдэх залхуу" гэхээс илүүгээр илэрхийлэх боломжгүй мэт, аавынхаа чухам онож хэлсэнд өөрийн эрхгүй инээд нь хүрнэ. Бага зэрэг гунигтай цагаан инээд, бас ааваараа бахархсан өнгө аяс ч бий.
.
- Гадаа хүйтэрснээс хойш хаалгаар жавар сийгээд байх юм аа, чи нэг дулаалчихаач...
- Дулаана аа хө, тэгэж байгаад...
- Аль 10 сарын эхээр л чи дулаална л гэж байсан, одоо 11 сар дуусах гэж байна.
- Яахав дээ, түрдээ тенн тавьчихсан, болж л байна шүү дээ.
- Тенн тавьчихаар чинь энэ цахилгааны мөнгө дийлдэхээ больдог юм байгаа биз дээ. Дулаалчихад теннийн хэрэггүй болчихно доо.
- За би нэг босохоороо дулаалчихна даа.
- Чамайг босохыг хүлээсээр байгаад өвлийг дуусгах нь, ярьшиг. Ахыг авчирч л дулаалуулахаас...
- Яахнав, настай хүнийг. Зайлуул, ах наад хаалгыг чинь дулаалах гэж бүтэн хоёр цаг уухирдана. Хөгшин нь нэг босвол хорин минутад л гялалзуулчихна.
- Тэгээд босооч...
- Тэгэж байгаад босно оо...
.
- Үгүй чи болиоч ээ, өдөржин хүүхэд шиг компьютер тоглоод өнжчих юм аа.
- Яах вэ дээ, ямар казино тоглоод хамаг мөнгөө сүйтгээд байгаа биш, ямар баар хэсээд согтуурхаад, элдэв янз болоод байгаа биш.
- Хайран цаг байгаа даа... Ядаж наад хүзүү сээр чинь хөшиж, даралт чинь болохоо болилоо.
- Зүгээр хө, орой бумба тавиулчихна.
- Ингэн ингэн тоглож байх ямар хэрэг байна аа.
- Зүгээр шүү дээ, түүн дээрээ тулах юм бол эрдэмтдийн судалгаагаар компьютер тоглоом тоглосон хүн зөнөх магадлал багатай, бас сэтгэн бодох, дасан зохицох чадвартай болдог гэсэн байна лээ шүү хө...
- За ингээд өөрийгөө, залхуурлаа өмгөөлөх юм олохдоо гаргуун хүн шүү дээ...
- Өө, чи хажууд ирж үглэж байгаад хүн хожигдуулчих юм даа.
- За яачихсан бэ?
- Би энэ швед нөхрийг яг хожих гэж байсан юм. Тэгтэл чи гэдэг нэг юм...
- Юу хожих гэж байсан гэж... Тэгээд бүр тоглоомондоо улиарчихсан байх юм аа, ёстой засал авахгүй ээ чи...
- Тэгэхгүй яах юм бэ, би энэ нөхөртэй өмнө нь 17 тоглож, 15 хожигдож, 2 тэнцээд байсан юм, сая яг хожих гэж байлаа. Анхаарал сарниад ганцхан нүүдэл алдчихсан чинь бодоо сул алдчихдаг юм байна.
- Шатар тоглоод байгаа юм уу? Өмнө нь нөгөө байлддаг, уралддаг тоглоомоор тоглодог байсныгаа бодвол бас дэвшил гарч ээ дээ...
- Тийм, дэлхийн онлайн шатрын тэмцээн болж байна. Энэ шведэд байдаг Дамни гэдэг нөхөр. Би энэ нөхрийг хожсон бол II зэргийн болзол хангах оноотой болох байсан юм. Өмнө нь нэг энэтхэгийг хожсон...
- Хайран цаг хугацаа, ингэж дэмий тоглож суухаар тэр нийтлэлүүдээ бичээч. Аль зун л 17 нийтлэл бичнэ гээд баахан гарчиг жагсаагаад биччихсэн байсан.
- Би бичээд л байгаа шүү дээ, тэр 17-ын чинь 2-ыг нь ямар ч байсан биччихсэн.
- Бүтэн 5 сар өнгөрчихөөд байхад хоёрхон нийтлэл гэж үү...
- Үгүй яахав дээ, огт бичээгүйг бодвол урагшаа явж л байна шүү дээ... Тэр нийтлэлүүдийг чинь зүгээр тааз ширтэж байгаад биччихэж болохгүй шүү дээ, зөндөө тоо баримт, юм хум ухах хэрэг гарна. Бөөн ажил...
- Тэгээд ажиллаач...
- Тэгэж байгаад нэг л өдөр биччихнэ ээ хө, битгий агдуулаад бай...
.
- Үгүй чи босооч ээ, өдөржин л диван дээр хүүхдүүдтэй ТВ-ийн суваг булаалдаад хэвтчих юм.
- Нээрээ удаан хэвтэх чинь бас хэцүү юм байна шүү... Хөгшчүүл хэвтсээр байгаад ташаан толгой нь цоордог тухай ярьдаг юм билээ, үнэний хувь байна шүү.
- Яаж байна?
- Энэ хоёр ташаан толгой өвчин орчихсон байна.
- Тэгэхгүй яадаг юм бэ? Ингэж хэвтээд байхаар чинь. Ямар өвчин хуучид баригдчихсан биш.
- Ахай, нүгэл байгаа даа. Хүн зүгээр амраад, бас юм бодоод хэвтэж болно шүү дээ. Ингэхэд юм бодно гэдэг чинь бас их хүнд хөдөлмөр юм байна шүү...
- Ийм хүнтэй чинь одоо юу ч ярих вэ дээ... Залхуурлаа өмгөөлөх шалтаг бол чамд мянга түмээрээ олдох юм даа, хөгшин минь... Ингэхэд чамд нэг ноцтой өвчин тусчихсан гэдгээ мэдэх үү?
- Залхуу л гэх гэж байгаа биз...
- Үгүй ээ, "Обломов маягийн алхайрал" гэдэг өвчин.
- Тэр нь ч юу юм бэ?
- Тэгэхгүй яадаг юм. Аль дээр л чи хоёр ч роман бичиж байгаа л гэсэн. Хаана байна. Гараас нь гарсан юм байхгүй.
- Бичиж л байгаа шүү дээ. Ингэхэд тэр Гончаров гэдэг нөхөр чинь нэг романаа 30 жил бичиж байж энэ "Обломов маягийн алхайрал" гэдэг өвчний оноштой болсон юм. Би бол долоохон жил л бичиж байна шүү дээ...
- Энэ янзаар бол чи дахиад 23 жил бичнэ ээ...
- Зүгээр ээ, тэгэж байгаад нэг босоод суухаараа машиндаад хаячихна. Ганц нэг юмных нь учир олдохгүйгээс л хойш нь тавьчихаад байгаа юм.
- Тэгвэл тэр юмныхаа учрыг олохыг хичээгээч.. юм хум үзэж, харж, эрж хайгаач...
- Би хайгаад л байгаа шүү дээ?
- Хаанаас...
- Орон дээрээ хэвтэж байгаад таазнаас...
- За за, ийм хүнтэй юу ч ярих вэ дээ...
.
- Үгүй чи уншихгүй байж, энэ их олон ном авчирч ор дэр, ойр хавьдаа овоолдгоо болиоч...
- Ганц нэгийг нь хааяа сөхөж хараад л байгаа шүү дээ, огт уншаагүй ч биш ээ.
- Нэг сөхөж харчихаад хамхичихаж байгаа хүнийг ном уншиж байна гэх үү?
- Ганц сөхөхдөө л гол хэсэг, гол өгүүлбэрийг нь олоод харчихаж байгаа юм чинь.. Бусдыг нь уншиж яах юм, ёстой хайран цаг...
- Залхуурлаа ингэж сайхан цайруулдаг хүн бас байх аа... Чи аль өнгөрсөн жил л номнуудаа хэвлүүлэх болчихлоо гэсэн, яасан бэ?
- Яг хэвлүүлэх гэтэл бас яг гол нь болох хоёр өгүүлбэр дутчихаад, хойш нь тавьчихсан.
- Тэгээд тэр гол өгүүлбэрээ яаж бичих юм бэ, ингээд залхуураад байхаар чинь тэр өгүүлбэрүүд чинь чамаас улам зугтана даа.
- Зугтаж л байж, зугтаад зугтаад надаас холдохгүй, намайг тойрон эргэлдэнэ. Тэгэж байгаад би ганцхан ухасгээд бариад авах юм чинь...
- Ядахдаа тэгвэл тэр гол өгүүлбэрүүдээ харсан номуудаа хойш нь хураачихаж байгаач... Хөглөрөөд, ор дэр хураахад хүртэл тээртэй юм.
- Тэгэж байгаад хураачихна аа хө.
- Тэгэж үзээрэй дээ, XX зууны Обломов минь...
.
- Үгүй чи болиоч дээ. Наад хүүхэлдэйгээ хичнээн удаа үзэх юм бэ? Уйддаггүй юм уу? Миний мэдэхийн бараг зуун удаа үзэж байна.
- Хүүхэлдэйн кино шиг төгс цэвэр сэтгэлгээг илэрхийлсэн кино байдаг юм уу?
- Ингэхэд чи яг наад үзэж байгаа бүдүүн, аавын хэлдгээр хэрэгт орж мэдэх залхуу пандатайгаа яг адилхан гэдгээ мэддэг үү.
- Арай ч дээ, Луугийн аугаа их дайчинг бүдүүн, бас залхуу гэнэ үү... Гэхдээ бүр хэрэгт орж мэдэх залхуу байхдаа яахав дээ...
Ингэж хэлээд тэр "Луугийн дайчин эр" хүч чадал нь амтагдсан байртай диван дээрээ сүрхий өндийв...
No comments:
Post a Comment