Өнөөгийн эдийн засгийн хямрал ойрын хоёр гурван жилдээ үргэлжлэх магадлалтай талаар гадна, дотнын эдийн засагчид хэлж буй. Үнэхээр ч тийм. Бүр ноцтой ч хямарч мэдэхээр байгаа. Наад зах нь л гэхэд ирэх 2016 онд бид төсвийнхөө 20 гаруй хувийг өрийн хүүнд өгнө, 2017 онд бол бүр 50 хувийг өрд өгнө.
Ямар ч 20 мянган хувьсагчийн хэрэггүйгээр, маш энгийн дөрвөн аргын тоо бодоод л нөхцөл байдал хэр ноцтой болсныг мэдэж болно. Энэ зөвхөн нэг үзүүлэлт.
Эдийн засгийн энэ мэт ноцтой хямралаас үүдэн араас нь дагалдан гарч болох хамгийн ноцтой үр дагавар бол:
- НЭГД: нийтийг хамарсан хувьсгалт үймээн гарч, хөл толгойгүй бужигнаан үүссэнээр бүхнийг дахин, бүр анхнаас нь эхлэх шаардлагатай болно. Учир нь ийм үймээн болоход усны ёроолд байсан шавар, хог шаарууд мандал дээр хөвөн гарч ирдгийн адилаар ямагт олз ашигт шунасан, ов зальтнууд, зүсээ хувиргагчид, орлон тоглогчид тэргүүтэй нийгмийн хог шаарууд толгой дээр гарч ирж, нийгэм дэх зүй ёсны эрэмбэ алдагддаг түүхэн зүй тогтол байна. Тэгээд тэдгээр хог шааруудынхаа багийг нь хуулж, үнэн мөн чанарыг таних гэсээр ард түмэн бүхэл бүтэн нэг үеэ үдэж, маш их цаг, боломжоо алддаг байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 25 жилийнхээ түүхээ бид дахиад шинээр давтана. Өнгөрсөн жилүүдэд дэлхий биднийг хүлээзнэсэн. Харин хоёр дахь удаад бол хүлээхгүй биз ээ.
ХОЁРТ: эсвэл өөрсөддөө итгэлгүй болсон ард нийт хүчтэй дарангуйлагч төрийг хүсэх сэтгэлзүйн хандлага, тэмүүлэл юм. Энэ нөхцөл байдал, хандлагыг нь ашиглан үл бүтэх дарангуйлагч гарч ирэх...
1933 онд Гитлер ямар нөхцөл байдалд гарч ирснийг бид мэднэ. Дайнд ялагдсаны сэтгэл зүй дээр дайны нугарсан өндөр төлбөр, гипер инфляци, ажилгүйдэл, үймээн самуун, нийгмийг нөмөрсөн гутрал... Үр дүнд нь өндөр боловсролтой, няхуур, чадвартай, хөдөлмөрч, бүтээн босгогч герман үндэстэн Гитлерт хамаг итгэлээ өгч, дарангуйллын дор сэхэн сэргэхийг оролдсон. Харин юу болсныг дэлхий мэднэ.
Нэг бол хувсьгал, эсвэл хүчирхэг дарангуйлагчийг хүсэх дуу хоолой өнөөдөр маш их сонсогдох боллоо. Тийм ч сайхан сонсогдохгүй байгаа шүү.
No comments:
Post a Comment