Tuesday, November 3, 2015

50-иад оны Далан худалч, Бэлэн Сэнгийн ярианаас...


.
Намтар баяжаад
Наадам ч сайхаан,
Яармагын дэнжид
Ярайсан олон асар майхан дунд
Халтар Хорин тавтаар хонжигоо арчаад,
Халзан Тавьтаар тамхиа ороогоод
Ханагар Зуутаар гуанздаад явж байлаа.
Тэгтэл дал мөрөн дээр нэг нөхөр алгаддаг юм байна. Эргээд хартал мань сахал Шаталин байна. /Сталиныг хэлэв/
- За Намхай найз манай майхнаар ороод гарахгүй бол намар болтол гол горойно шүү гэж байна.
Сахал Шаталины майханд очлоо. Адууны шээс шиг шар юм өгч байх юм. Хоёр гурван хулыг уусан болоод сууж байтал арааживаар
-Намхай зодоглоорой гээд л дуудаж байна.
Зодоглоод гарлаа. Тэгтэл
Яармагын дэнж найгаж ганхаад,
Яггүй учраа маань хоёр харагдаад болдоггүй.
Өндөр тэнгэр доошоо харчихаад
Өмнөх учраа маань гурав болчихоод горьгүй ээ...
Уур хүрээд
Ухасхийж дайраад
Урамтай сайхан дунгуйдаж орхисон чинь
Улаан тоос хадаад
Улс амьтан пирхийгээд л явчихлаа.
Учир юу болов гэтэл
Учраагаа биш засуулаа дунгуйдаж орхижээ.
Тэгтэл нэг бүдүүн дуутай хүн
-Намхай согтуу байна
Наадам хойшлуул гээд л хаширдаг юм.
Нэг нүдээ аньж байгаад
Нэлээн сайн өлийгээд харсан чинь
Төв асрын үүднээс
Төмөр хошуу гозолзуулчихсан
Мань Шаталин хашгирч байна аа.
Тэгээд наадам хойшилж маргааш нь Намхай хүү би барилдаж начин цол хүртвээ. Бас болоогүй уран сайхан барилдсан гээд Улам нэмэх чимэг нэмж, Алтан гадас одон өгдөг юм байна.
- Намхай гуай, одоо тэр Алтан гадас тань бий юу гэж асууваас...
- Бий бий. Манай том хүү Сүхээ, одоо энэ золиг хөхөө өвлийн хүйтнээр морь аргамжиж байгаад дээд сэнжийг нь хуга цохиж орхисон байна билээ. Нэг сэнжгүй юм авдрын ёроолд хэвтэж л байгаа даг...

No comments: