Sunday, May 15, 2016

БАГШ, МАТЕМАТИК, БИД ГУРАВ


Энэ нарийн сайхан сийлбэр шатрыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргаар ажиллаж байгаа Л.Цэдэнбал багш маань бэлэглэсэн юм. Дүрс бүхэн нь өөр өөр дүр төрхтэй, тэмээ нь ботготой, тэрэг нь жуузтай, их ч хөдөлмөр, ур орсон шатар. 
Л.Цэдэнбал багш бол 4 дүгээр ангиас 8 төгстөл ангийн маань багш байж, гараас минь хөтөлж Халиун сумын дунд сургуулийг төгсгөсөн хүн билээ. 
Хатуу, зарчимч хүн дээ. Намайг нэг ч удаа загнаж, шийтгэж байсангүй, гэвч би ихэд эмээж, айна. Би бүлгийн дарга гэдэг хөөрхөн сэтэртэй. Ангид хийх хүмүүжил, соёлын ажлын чигийг багш надад өгнө, тэр бүхнийг нь гүйцээж, чадвал давуулж хийхсэн гэж хэр чинээгээрээ зүтгэдэг байж билээ. Тийм л хүндэтгэл хүлээсэн хүн. Өөрөө ангидаа математикийн хичээл ордог. 
4-р ангид анхны математикийн хичээлүүдийн нэгэн дээр биднээр нэгэн бодлого бодуулсан юм. 
1-100 хүртлэх тоонуудын нийлбэрийг ол, аль болох хурдан гэж билээ. Би хагас минут орчим хугацаанд бодож хариуг нь 5050 гэж гаргалаа. Багш "Ямар аргаар бодов?" гэхэд би "1 дээр 99-ийг нэмээд 100, 2 дээр 98-ийг нэмээд 100, энэ мэтээр 50 ширхэг зуу гарч байна. Цаана нь 50 ганцаараа үлдэнэ. Үүнийг нэмбэл 50 х 100 = 5000. 5000 + 50 = 5050" гэсэн аргаар бодсоноо хэлэв.
Тэгэхэд багш маань "Энэ бодлогыг аугаа математикч Ф.Гаус чиний орчим настай байхдаа чинийхээс арай өөр аргаар бодсон юм. Тэр 1 + 100 = 101. 2 + 99 = 101. Ингээд 50 ширхэг 101 байгаа. Илүү хялбар арга байгаа биз. Хоёрхон үйлдлээр. Чиний бодсон арга нь Гаусынхаас нэг үйлдэл илүү байна. Гэхдээ маш сайн. Чи математикч болно" гэж билээ. Багш дасгалжуулж, би бэлтгэгдэж, бид хоёр нэг бус хэд хэдэн математикийн олимпиадад хүч үзэж байсан. Харамсалтай нь би хол яваагүй. Шалтгаан нь ихэнхдээ сонирхол маань өөр зүгт байсных, нөгөө талаар миний бодлогын бичлэгийг гүйцэтгэхдээ нямбай ханддаггүйнх. Арифматикийн бодлогыг бодохдоо би дунд нь хийх үйлдлүүдийг алгасаад шууд хариуг нь биччихдэг. Заримдаа нэмэх, хасах тэмдэгийг нь орхиод биччихнэ. Хариу нь зөв ч оноо авахгүй. Тэгээд л олимпиадад унаж орхих. 
Тэр үед Цэдэнбал багшийнхаа нөлөөгөөр математикт учиргүй дурлаж билээ. Багш ч надад хичээлийн хөтөлбөрөөс гадуур элдэв бодлого бодуулна. "Математик" гэдэг оросын сургалтын сэтгүүлээс голдуу. Намайг 4-5-р ангид байх үед Оросын Перельман гэдэг алдартай математикчийн "Сонирхолтой Математик", "Хошин Математик" гэдэг хоёр номыг уншуулж, бүх бодлогыг нь бодуулсан. Түүнээс би их ч зүйл сурч, их ч зүйлийг ойлгож, хөгжсөн дөө. Өнөөдөр бичсэн зүйлсээс маань логик сэтгэлгээ гайгүй харагдаж буй бол лавтай тэр үед авсан чадвар. 
Гэвч би багшийнхаа хүсэн хүлээсэн шиг математикч болсонгүй. Шал өөр мэргэжлийн хүн болсон. Сонирхол маань өөр зүгт хөтөлчихсөн юм. Утга зохиол гэдэг зүйл тэр цагт намайг хааш нь ч гаргахааргүй баттай уургалаад авчихсан.
Хоёр жилийн өмнө Тонхил суманд очиж, багштайгаа уулзахад энэхүү ховор нандин шатрыг надад бэлэглэсэн билээ. 
Хааяа зөв чөлөө олдвол энэ шатраар нүүх дуртай, би. Сайн нүүж буй бол тэр лавтай Математик гэдэг энэ гайхамшигтай шинжлэх ухааны гоо сайхныг надад нээж өгсөн багшийн маань ач юм. Багш маань ч тэр тоонд учиргүй дурлаж байсан үеийг минь санаад, бас сануулаад надад энэхүү шатрыг бэлэглээ буй за. 
Б.Наминчимэд

Tuesday, May 10, 2016

Тэнэг шавийн тэрсүүт багштайгаа хэлэлцсэн үгсээс... 4

- Багш багш, Энэ орчлонд сэрэмжгүй нь олон уу, Мунхагууд нь олон уу?
- Үүрээр сэрээвч мэнэрдгээрээ чи нэг сэрэмжгүй,
Үглэвч үл сонсдогоороо эхнэр нэг сэрэмжгүй,
Үнэнийг эрдэггүй сэрэмжгүй нь олон уу? 
Үл ухагч мунхаг нь олон уу?
Үүний зөрөөг олж чадваас чи
Үнэхээрийн учгыг таних буюу.
"Тэнэг шавийн тэрсүүд багштайгаа хэлэлцсэн үгс"-ээс...

ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ ХАДНЫ БИЧЭЭС...

.
Дээр залрагч эрхэт түшмэл, дарга нар хийгээд
Доор үймэгч үй олон борчуудын 
Дээр дорын ялгал түмэн хэдий боловч
Үхэх төрөхийн өмнө өчүүхэн нь агаар нэгэн буй.
.
Гандангийн орноо хоосон бясалгагч ламтан хийгээд
Галзуугийн орноо бархирах хөөрхий нүгэлтний
Дээр дорын ялгал хэдий их боловчиг
Дэмий насны төгсгөлд агаар нэгэн буй
.
Алтан суудалд суугаад ярвайгч олигархи хийгээд
Амандаа өл хоол хайн гудамж бидрэгч олны
Ёс өнгө нь хэдий хязгааргүй хол мэт боловчиг
Ёроолгүй эрлэгийн өмнө чичрэх нь агаар нэгэн буй
.
Улс олноо мөлжин хөлжин ядах нэгэн хийгээд
Уул модоор тэнэн улай эрэгч араатан хоёрын
Ахуй бие нь ангид хэдий боловчиг
Алан идэхийн агаар нэгэн буй
.
Нэр, нүүрээ нуугаад элдвээр хараагч хүмүүн хийгээд
Нэлэнхүй олноос хулгайлснаа харьд нуусан хоёрын
Нүцгэн бие дүр төрх нь хэдүй ижил боловч
Нүгэлт муугаа нуух хүслийн агаар нэгэн бөлгөө
.
Хан тайшираа түших эгч ману хийгээд
Хатан Туулд ахуй хөөрхий өвчит ману хоёр
Хаа холын газраа шигдэн суух нь адил боловч
Хайрлалцан саналцахын агаар нэгэн буй за.
.
Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Баарай хошуучийн хүү Халхын ЦОГТ ХУНТАЙЖийн шүлгээс үлгэр авч, басхүү Бөх Баатар дүүгээс сэжүүр авч бичиглэв.

Thursday, May 5, 2016

"НЭРЭЭ СОЛИВ"

Андууд анзаарсан байх, нүүр хуудасны хаяг дээрх Nominchimed нэрээ Naminchimed болгоод сольчихсоныг... Бүү гайхаарай.
Эцэг эхээс хайрласан нэр маань НАМИНЧИМЭД юм. Төрсөн ах, дүүс маань намайг бүгд Намин гэж дуудна. 
Харин Дунд сургуульд орох үеэс эхлээд Номинчимэд гээд журнал дээр бичигдчихсэн. Намин гэдэг нэр дасал танил болоогүйгээс Номин гээд биччихсэн байх. Номин-Эрдэнэ, Номин, Номинчимэг, Номинбаяр гэх мэт Номин орсон нэр нэлээд бий. Харин Намин гэх нэр бараг үгүй л болов уу? Тэгээд сонсож мэддэгээрээ Номин гээд биччихсэн нь тэр байх гэж таамагладаг юм.
Ийнхүү багш нар ч, хүүхдүүд ч Номин хэмээн нэрлэж дуудаад эхэлсэн. Би ч мөн нэрэндээ дасаад, нэг л мэдэхэд өөрөө Номинчимэд гэж бичдэг болчихсон.
Гэртээ Намин, гэрээс гарахаараа Номин гэж дуудуулна. Хоёр өөр дуудлагатай нэг нэр гэх юм уу даа.
Номинчимэд гэдэг нэр маань одоо бараг утгазохиолын нэр шиг болчихож... Өнөөх nickname, псевдоним шиг.
НАМИН нь "хэзээ ч", "never", чимэд нь "Үхэл үгүй", "Мөнх наст" гэсэн утгатай. Тэгээд нийлэхээрээ "Яагаад ч үхэхгүй нөхөр" гэсэн үг болно. Нөгөө үхэшгүй Кашей гэдэг шиг. Яг төвд дуудлагаар нь бичих бол Намъяанчимэд юм.
Учир мэдэх хүмүүс Наминчимэд-ээрээ бай гэдэг. Би өөрөө бол Номинчимэдээрээ байх дуртай. Гэхдээ яах ч аргагүй паспортон дээр минь НАМИНЧИМЭД гээд бичигдсэн байдаг даа.
Уг нь үгийнхээ утга учираар бол НАМИНЧИМЭД тун дажгүй утгатай сайхан нэр юм.
НОМИНЧИМЭД гэхээр хүмүүс шууд ихэнхдээ Номинчимэг гэж сонсож, ойлгодог. Тэгээд "Өө, эмэгтэй нэртэй хүн байна" гэх нь олонтаа. "Чимэг биш ээ, Чимэд" гэхээр "Өө, сонин нэр байна" гэх.
Тэр бүү хэл нэг удаа намайг эмэгтэй гэж андуураад Час улаан сарнай шуудангаар ирүүлж байсан тохиолдол бий.
Зарим нөхдүүд ирж уулзачихаад, "Өө, та чинь ийм парлийсан хар нөхөр байсан юм уу" гэж урам хугарснаа ил шууд илэрхийлэх нь ч байна. Манай М. Саруул-Эрдэнэ Мягмар Саруул-Эрдэнэ л лав анх нарийхан цагаан өндөр хүүхэн байгаа гэж таамаглаж байсан шиг байгаа юм. Дараа нь сэтгэлээр их унасан гэсэээн...
НАМИНЧИМЭД -ээрээ бол хэн тэгэж төөрч мунгинах билээ дээ.

"НОМЫГ ХҮНД ДЭЛГЭН БАРЬЖ БАЙ"

Монголын нийгмийн нэрт зүтгэлтэн Р. Самдандовж гуайгаас "Сэтгэлийн өргөл" хэмээх их өвөрмөц сайхан номыг нь гардан авав. Энэ ном Р. Самдандовж гуайн 40 дэх ном нь юм байна. 
Мөн үнэтэй сургааль зөвлөгөөг нь сонсов. 
Би хүнд номоо өгөхдөө хайш яайш гарын үсэг зурсан болоод өгдөг. Гэтэл тэр нь их хайхрамжгүй, хүндэтгэлгүй, бас соёлгүй хандлага юм байна. Хүнд номоо хэрвээ дурсгал болгон өргөн барьж буй бол сэтгэлийн үгээ харамгүй бичиж, итгэлийн галыг нь хөгжөөж өгч байх хэрэгтэй аж. Ном бол ердийн нэгэн бэлэг биш, түүнд эрхэм хүндэтгэлтэй хандаж байх ёстой юм байна гэдгийг Самдандовж ахын үлгэр жишээ, үг сануулгаас сайтар ойлгож авлаа. Хүнд ном өгч буй бол дэлгэн барьж байх хэрэгтэй аж. Үүгээр нэгд: номоо эрхэмлэсэн, утга санаа нь дэлгэрэн дэгжихийг билэгдсэн, хоёрт: өгч буй хүнээ эрхэмлэн хүндэлсэн сэтгэлгээ, хандлага илэрнэ.
Номын соёл гэж бүхэл бүтэн цогц соёл байна. Бидний өвөг дээдэс өөрсдөө эсгий гэрт сууж, хөдсөн дээл өмсдөг ч номоо алт эрдэнэсээр урлаж, торгоор баринтагладаг байсан. Номыг эрхэмлэх үзэл санаа их эртнийх. Энэ нь тэдний соён гэгээрсэн ухааны үр, илрэл.
Өвөг дээдэс маань "Номон дээр гишгэх нь алдас", "Номын цагаан буян", "Бэлэг бэлгийн дээд ном" гэх мэтээр үе үедээ сургаж ирсэн. Энэ нь номоо хүндлэн дээдэлж ирсэн манай үндэстний их ухааны илрэл аж. Ер аливаа улс үндэстний соёлын чадавхийг номонд хандаж буй хандлагаар нь тодорхойлдог ч тохиолдол бий. Бидний дээдэс энэ талаар хэнээс дутахгүй байжээ.
Ном - эхлүүлэх, - бүтээх, - дуусгах, - унших, - хэрэглэх, - хадгалах, - дамжуулах, - бэлэглэх, - өвлөх гэх мэтэд бүгдэд нь нарийн утга учир бүхий өв соёлын уламжлал бий. Бид тэр бүрийг нарийн мэддэггүй. Энэ мэтийг хэлээд сургаад өгөх эрдэмт ах нар байгаад талархаад баршгүй.
Их баярлалаа. Мөн ухаарч ойлгох учиртай олон зүйлсийг ярилцсан танин мэдэхүйн нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.
Ах номдоо доорх үгийг дайжээ.
"Эрхэм хүндэт дүү Б.Наминчимэд Танаа
Авъяаслаг, гэгээн оюунт хүмүүсийн үг
Амьд хийгээд бурханлаг ажгуу.
Амьд үгсийн ид шид, эрчим долгис шингэсэн
Адис жанлав, авшиг шиншиг оршсон
Алтайнхаа хөх салхины өнгөтэй
Алтайн Чандмань хайрхандаа баринтагласан
Адууныхаа "Хийморь" галын сүлдэн тамгатай
Азын номин цэнхэр номоо хадаг лугаа өргөн барьж
Амьдрал ахуй, ажил үйлс, аливаа бүхэн тань
Алтайн сүрлэг их уулс шигээ өндөр
Алтан нарны сацраг лугаа мандан бадарч,
Ашид мөнх дэвжин дээшилж дэлгэрч явахын
Сайн ерөөл өргөеэ.
Р. Самдандовж
2016.05.03
гэжээ.
.

НАМИНЧИМЭД

Naminchimed Baasan -д зориулав.
НАМИНЧИМЭД
Анхны нэрээ сэргээсэн МАН
Ахиж сэхэхээргүй нам болсон
Номтой зууралддаг Номинчимэд
Намтай "барьцаж" Наминчимэд болов
Зүгээр сайхан, номоо бичээд сууя гэтэл
Зүүгээр хатгаад болохгүй нь ээ, энэ хэд
Яаж ч тэвчээр заах гээд арга барагдлаа
Яадаг юм, би нэр дэвшинэ, шийдлээ!
Дуугүй явсаар байтал энэ хулгайчууд
Дураараа дургиж, дарлаж гүйцлээ!
Үгээр хэлээд, үзгээр чичээд сонсдоггүй юм бол
Үнэн үгсээ та нарын үүр ичээнд хашхиръя би!
Түүхээ гутааж, улсаа зарсан луйварчидтай
Түмнээ төлөөлж, төрийн ордонд үзэлцэнэ би!
Зөв шударга явахыг өөрийн биеэр үлгэрлэж
Төв шулуун, төрийн хар хүн байна би!
Элдэв тендэрт оролцохгүй
Эхнэрийнхээ номыг шахахгүй
Жалга дов ярьж жижгэрэхгүй
Жаргал амлаж, хошгируулахгүй
Өнхөрч унасан монгол толгойг
Өндөр төрийн мөрөн дээр зална
Өвгөдийн сургаалаар төрөө засах
Өөрийн ухаанаар улсаа залах
Өөриймсөг сэтгэлээр нэр дэвшиж байна!
Өөдрөг бодлоор сонгуульд орж байна!
Номоо борлуулж зардлаа босгоно оо хө!
Намиа ахыгаа дэмжээд өгөөрэй, та нар!
Унаган нэрээ тодруулсан зохиолч гуай
Унасан төрөө төвхнүүлэх болтугай!
Алтайн хөх харчуулын шийр зааж
Алдарсан Монголоо өөд нь татаарай!
Номинчимэд Наминчимэд болов оо!
Номынчимэд төрийн чимэг болог оо!
Л.Мөнхтөр
Лос Анжелес
2016 оны 5 сарын 2

4 САРЫН НЭГЭНД ЮУ Ч БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ...

Би нэлээдгүй шооч хүн. Наргиа наадамд дуртай, хүнийг шоглож, хошигнохдоо дутахгүй. Заримдаа тоглоом маань хэтрэх талдаа, мэдсээр байж өөрийн мэдэлгүй хүнээр тоглоод, явуулчихгээд байх. Хэтрээд буруудна. Одоо ч заримдаа нүүрхуудсан дээр явуулж, тоглочих гээд байх, зарим нь үнэмшээд буруугаар ойлгочих вий... Сэрэмжтэй байгаарай.
.
Нэг удаа 4 сарын нэгний өглөө ажил руугаа орж явтал манай нэг сурвалжлагч ах зөрж таардаг юм. Гэнэтхэн тоглоом хиймээр санагдаад,
- Хүүе та хаачих нь вэ? Ордны зүүн талд Пума зоогийн газарт ХМ байгууллагуудын удирдлагуудын хүлээн авалт болж байгаа. Би очиж амжихгүй нь. Та миний өмнөөс оччих. Нэр хэлээд орчихоорой. Нэг мэдээ биччихээрэй. Бэлэг өгвөл та аваарай гэв.
Ах хүү ч зангиагаа засчихаад, баяртай нь аргагүй мишилзэн гарч одлоо.
Ажилдаа ороод өнөөхөө мартчихаж, хоёр цаг гаруйн дараа утас дугарч байна. Автал нөгөө ах хүү,
-Дарга аа, та Пума зоогийн газарт гэсэн үү? гэж байна. Юу ч ойлгоогүй би,
-Юун Пума вэ?
-Та яагаав, хүлээн авалт энэ тэр гээд? Би хоёр цаг орчим хүлээлээ. Ямар ч арга хэмжээ болохгүй гэж байна.
-Ааан, тэр чинь Пумад биш Сумод...
-Сумо ресторан гэж хаана байдаг юм
-Аан, нөгөө юу л даа. Офицеруудын ордонд.
-Өө, та чинь Пумод л гэх шиг болсон доо.
-Сумо л гэсэн дээ.
-Ингэхэд Сумо гэдэг ресторан ер нь байдаг юм уу?
-4 сарын нэгэнд бол байж болно шүү дээ...
-Диид, дийд... утас тас..
Орой нь ахад шилэн хүзүүгээ мушгиулаад алуулах шахаж билээ.
Б.Наминчимэд /Сэргээсэн нэрээ бичиж дасах дадлага хийж байгаа нь/

ЭРХЭМ ГИШҮҮН ТА НАДАД ЮУ ӨГӨХ ВЭ?

Дахиад та нэр дэвшигчдээс ийн нэхвэл бид бүгдээрээ сүйрэх хэмжээнд хүрчихсэн шүү, эрхэм сонгогчид оо...
.
Хороо хорин, хөдөө орон нутаг, ер хаа ч ялгаагүй сонгогчид, иргэд олон УИХ-ын гишүүдээс нэгэн нийтлэг хүсэлт, шаардлага тавьдаг. Тэр нь, "Эрхэм гишүүн Та", эсвэл
"Эрхэм нэр дэвшигч Та"
- манай дүүрэгт юу өгөх вэ? Автобусны буудлыг ойртуулах уу? Ахмадын асрамжийн газар барьж өгөх үү? Үйлчилгээний төв яах вэ?
- манай аймагт юу өгөх вэ? Чуулгын барилга барьж өгөх үү? Үр тарианы зээллэг өгөх үү?
- манай суманд юу өгөх вэ? Уяачдад хурдан азарга Зүүн талаас хүргэж ирэх үү? Дотуур байрны дээврийг засаж өгөх үү?
- манай баг, хэсэгт юу өгөх вэ? Багийн эмч нарыг Эрээнд аялуулах уу? Зээл өгөх үү? Худаг гаргах уу?
- Манай гэрт, надад юу өгөх вэ? Ямар гарын бэлэг өгөх вэ? Миний хүүхдийг их дээд сургуульд тэтгэлэгтэй сургаж өгөх үү?
.
ИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХ УУ?
ҮГҮЙ ОГТ БОЛОХГҮЙ...
Ерөнхий, дам утгаараа бол байж болно, тухайлбал, улс орон хөгжвөл сонгогч иргэн Таны тойрогт ч, гэрт ч, өөрт ч нь үр ашгаа өгнө. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүн, нам улс орноо хөгжүүлэх зөв бодлого, хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлбэл өрх гэрт ямар нэгэн хэлбэрээр очино.
Харин шууд утгаараа буюу материаллаг амлалт бол огт байж боломгүй асуулт, хүсэлт юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ ихэнхдээ ийм л асуулт, хүсэлт тавьдаг.
.
ЯАГААД ИЙМ ХҮСЭЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?
1. УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд тухайн тойрогтоо ямар нэгэн бодит юм өгөх нь боломжгүй юм. УИХ-ын үүрэгт ч, эрхэм гишүүний үүрэгт ч тийм юм огт байхгүй. Хууль эрхзүйн талаасаа боломжгүй. УИХ-ын гишүүн нь тойрог дүүргийн, сум хорооны, өрх гэрийн тулгамдсан асуудлыг шийдэх үүрэгтэй биш, улс орны хэмжээний бодлогыг тодорхойлох, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах, хуулийн бодлогыг барих, хуульчлан тогтоож өгөх, хууль батлах үүрэгтэй хүмүүс. Харин орон нутгийн асуудлуудыг зохицуулах үүргийг хүлээлсэн шат шатны засаг захиргааны байгууллагууд гэж бий. Суман засаг дарга, аймаг, дүүргийн засаг дарга нарын хийх ажлыг УИХ-ын гишүүн хийх ёсгүй.
2. Угаасаа ийнхүү тойрогтоо, дүүрэгтээ, аймагтаа, сум, хороо, багт тохирсон ямар нэгэн юм амлах нь утга учиргүйгээр барахгүй маш их хортой үр дагавартай зүйл. Яагаад гэвэл, улс орны хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, стратеги зорилт гэдэг зүйлийг байхгүй болгож, жижиглэн тасчиж, аймаг орон нутаг дүүрэг рүүгээ онцгой ач холбогдол багатай зүйлд зөөдөг, тараан цацдаг бараг солиотой гэмээр үзэгдлийг бий болгож байгаа юм. Монгол Улс хөгжвөл танай сум дүүрэг, аймаг тойрог ч мөн адил хөгжиж таарна. Аймаг, дүүрэг, сонгуулийн тойрог гэдэг нь тусгаар улс биш, тусгаар тойрог биш. Монгол Улс бол Холбооны улс биш. Зөвхөн Сонгогч иргэн Таны сум, хороо, дүүрэг, аймаг л хөгжсөнөөр улс хөгждөг юм биш. Эсрэгээрээ улсын хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт үр дүнтэй хэрэгжиж байж Таны аймаг, сум, дүүрэг хөгждөг гарцаагүй хуультай.
Өнгөрсөн он жилүүдэд бид дотоодынхоо бензиний 60 хувийг хангах хүчин чадал бүхий дунд оврын Нефт боловсруулах 2 үйлдвэр, Аж Үйлдвэрийн Парк босгох хөрөнгө, хөндлөн тэнхлэгийн төмөр зам тавьчих хөрөнгийг жижиглээд тараагаад цацчихсан. Үр дүн маш бага, том утгаар нь харвал маш их хохиролтой. Хэрвээ бид дотоодынхоо Нефтийн хэрэгцээний 60 хувийг дотоодоосоо хангадаг болчихвол гурван том ашиг гарна.
- суурь үнэ бууна,
- долларын гадагшаа урсгал багасна, бид жилд 1.2-1.4 тэрбум долларыг бензин, шатахуун худалдан авахад зардаг.
- ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
Ийнхүү суурь үнэ болон долларын ханш буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ бууна, энэ нь тухайн сумын сургуулийн дээвэр зассанаас 1000 дахин ашигтай, үр дүнд нь тодорхой хугацааны дараа сургууль зөвхөн дээврээ янзлуулах төдий биш цоо шинэ сургууль ч барих боломжтой болно. Гэх мэт...
Аж үйлдвэрийн парк, хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэх мэтийн ЭЗ-ийн үр ашгийн тухайд бол бүр ч ярилтгүй. Гэтэл бид энэ том том АШИГ, том том зорилтоо аймаг сум, дүүрэгтээ тарааж цацчихаад, тэгээд дараа нь улс хөгжихгүй байна, яагаад тэр вэ хэмээн гайхаж сууцгаах...
Чухам тиймээс л тойргуудад үр ашиг багатай, өнөө маргаашийг аргацаасан зүйлийг амлах, нөгөө талаас нэхэх нь МАШ ИХ ХОР ХОХИРОЛТОЙ, бараг гамшиг гэж хэлэхэд болно. Бид эрх ашгаа, зайлшгүй эн тэргүүнд хийх ажлаа эрэмблэх шаардлагатай.
Монгол Улсын сум бүхэнд ахмадын байр, хороо бүхэнд сагсны талбай юуны өмнө хэрэгтэй юу, Нефтийн үйлдвэр, мах боловсруулах комбинат юуны өмнө хэрэгтэй юу гэдгээ мэддэг байх хэрэгтэй.
Эхлээд Нефтийнхээ үйлдвэрийг, махныхаа комбинатыг барьчихаад, түүнийхээ үр ашгаас тэр сүм бүрд ахмадынхаа байрыг, сагсныхаа талбайг барих нь гарцаагүй зөв алхам. Харин байгаа жаахан мөнгөөрөө ахмадын байр, сагсны талбай барьчихаад, дараа нь яахаа мэдэхгүй тэнгэрээс алгаа тосоод суудаг нь гэнэн бөгөөд тэнэг явдал.
3. Тойрогтоо юм амладаг, амлуулдаг, нэхдэг явдлын гай гамшгийг дурдаад барахгүй. Өнгөрсөн 2015 оны сүүлээр зарим гишүүд тойрогтоо баахан юм тараав. Өөрийн зурагтай бидон, усны сав, аяга, мөнгө, нүүрс, бурхан, ном, СиДи, зураг, календар, хоол иддэг савх, суварга гээд тарааж болох бүхнийг л тараалаа. Иргэд, сонгогчид маань нэг удаа ийм жижиг сажиг зүйл аваад сайхан байж болно, гэтэл бэлгэнд авсан ганц савхныхаа төлөөсөнд та бүхэн бүтэн 4 жилийн идэх хоолныхоо хэмжээний төлбөрийг төлж байгаагаа ухаарч ойлгох хэрэгтэй юм. Энэ тарааж буй зүйлсийн үнэ өртөг нь хэд гэж бодно. Хэдэн зуун саяас, хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Сонгогч Та бүхэнд учиргүй хайртайдаа, сэтгэл дотно байгаадаа ийнхүү сая сая төгрөгөө тарааж байна гэж бодож байна уу? Үгүй юм. Ердөө л та бүхэнд таалагдаж, саналыг чинь худалдан авах гэж оролдож буй хамгийн зальжин, овтой, хууль бус, эрээгүй оролдлого.
Зуу зуун саяар нь бэлгээ тараасан тэдгээр хүмүүс түүнээ нөхөж авна, бүр хэд нугалж авна. Гэхдээ хаанаас гээч, төрийн халааснаас, тодруулж хэлбэл та бүхний халааснаас, тогоотой хоолноос буцааж авна. Тэгээд тэд баяждаг, харин та бүхний амьдрал хүнд хэвээр л үлддэг. Нэг савх, нэг бидон авснаар Таны амьдрал сайжирчихгүй. Харин төр улсын бодлого зөв, түвшин явж байж Таны амьдрал сайжирна. Эрхэм сонгогч Та - нэр дэвшигчээс, эрхэм гишүүнээс "Манай тойрогт, сумд, аймагт, надад юу өгөх вэ?" гэж нэхснээрээ өөрийгөө ч, улсаа ч хорлож буй хэрэг.
.
ЯАГААД ИЙМ БОЛЧИХОВ?
Ихэнх хүмүүс үүнийг сонгуулийн мажоратор тогтолцоотой холбож тайлбарладаг. Гэхдээ 100 хувь биш юм. Ямар ч тогтолцоонд муу болон сайн тал бий. Гол нь ард олны аж амьдралын хүнд байдлыг овжноор ашиглаж буй нэр дэвшигчид, эрхэм гишүүдийн увиагүй шуналтай явдал, эрх ашгаа эрэмбэлэх чадваргүй, ухамсаргүй байдалтай шууд холбоотой. Олон түмнийг тэгэж сургаж, үүнээс өөрөөр байх ёсгүй мэт болтол нь завхруулж, дампууруулсан байна. Муу зан сургачихаж...
Тэгээд ард нь "Ямар ард түмэн байна, тийм л удирдлага байдаг" хэмээн ард олныгоо дооглон тохуурхаж инээлдэх.
Энэ бол бараг 100 хувь манай улс төрчдийн алдаа. Хувь хүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад сонгуулийн тогтолцоо чухал нөлөөтэй, гэвч хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч олон сул тал байгаа. Харамсалтай нь ямар ч сайхан тогтолцоог ямар ч муухайгаар харагдуулж чадах чадвар манай өнөөдрийн дампуурсан улс төр, улс төрийн нам, улс төрчдөд хангалттай байна.
Одоо нэгэнт жижиглэсэн мажоратор тогтолцоогоор сонгуулиа явуулахаар боллоо. УИХ тэгэж шийдэв. Цаана нь намуудын далд давхар тооцоонууд бий. Тэдгээрийн тухай олныг өгүүлэх нь илүүц биз. Уг нь хүнээ зөв олоод сонгочихвол өнөөдрийн нөхцөлд шууд сонгох нь илүү ч үр ашигтай байж магад.
Гол нь Эрхэм сонгогч та бүхэн маань нэр дэвшигчээс манай аймаг, сум, дүүрэг, хороо, гэрт юу өгөх вэ гэж бүү асуугаарай. Дахиад асуувал, дахиад нэхвэл, дахиад амлавал бид сүйрэх хэмжээнд тулчихсан шүү. Харин Сонгогч Та "Төрийн гулзайсан нурууг хэрхэн түвшнээр түших вэ? Энэ талцсан намчирхсан байдлыг хэрхэн эцэслэх вэ? Энэ улс орны нуруун дээр буусан их өрийг хэрхэн барагдуулах вэ? Улмаар улс орноо тогтвортой хөгжүүлэх ямар бодитой бодлого хөтөлбөр байна вэ? Төр түмнийхээ төлөө зүтгэх Таны чин эрмэлзэл хэр байна вэ?" гэж асуугаарай, бас нэхээрэй.
Б.Наминчимэд...

Sunday, May 1, 2016

"ЭНЭ ОРЧЛОН ГАЛЗУУ ШҮҮ"

Олон жилийн өмнөөс сайн мэдэх, дотроо ихэд хүндэлж явдаг бичиг номын ахтай айлаас гарч яваад орцны үүдэнд нь таарав. 
Орцны шатны цементэн хашлаган дээр хэдэн ном дэлгээд тавьчихсан, дэргэд нь сууна. Гэнэтхэн таарсандаа баярласан би
- Хүүе, ах сайн байна уу? гэж хөөрөн дуу алдав. Өмнө нь бид энэ мэтээр санамсаргүй уулзах үед нүүр дүүрэн инээсээр, халуун дотноор гар барьдагсан. Гэтэл энэ удаад тэгсэнгүй, нэг муухан инээмсэглэмэр болоод, гараа сунгаж байна. 
Царай нь харлаж, хөхийгөөд нэг л биш. Харц нь доогуур гүйлэгнэнэ. Гарын алга нь хөрзийгээд, хувцас хунараас нь хир ханхийнэ. Бас архины эхүүн үнэр ч ханхлах шиг болов. Эхний хөөрөл маань оргүй болоод, гайхсандаа тэссэнгүй,
- Та минь юу хийж сууна вэ? гэж асуулаа.
- Зүгээр зүгээр гэж төвөгшөөсөн шинжтэй гараа савчиж байна. 
- Таны бие сайн уу? 
- Зүгээр зүгээр... хмм, тамхи байна уу?
- Би ямар тамхи татах биш... 
- Хэдэн ном зарах гээд л...
- Юун ном бэ?
- Зүгээр л... Байдаг л номууд... 
Номуудыг нь гүйлгэн харав. Ховор сонин сайхан номууд ч байна. 20 орчим ном байх. 
- Та номуудаа зарж байгаа юм уу? Яах нь вэ?
- Зүгээр зүгээр... Энэ хэдээр би одоо яах вэ дээ. 
- Танайхан сайн уу?
- Сайн сайн.
Надтай ер ярих сонирхолгүй байгаа нь илэрхий, тэр ч бүү хэл намайг бушуухан яваасай гэж буй мэт байдал ч анзаарагдав. Энэ үед нэг хижээл насны хээнцэрдүү эр бид хоёрын дэргэд ирлээ. Номууд руу өнгийж харснаа хуучин цагийн шар алаг хавтастай "Шадар гурван цэрэг", хөх саарал хавтастай "Миний Дагестан", "Өлзийнарангийн өчил" гэх мэт номуудын үнийг асууж байна. Ах надаас санаа зовнисон шинжтэй хулмагнаснаа
- Нэг бүр нь 5 000 мянга гэх. Өнөөх эр хоолойгоо засаад
- 10 номыг тус бүр 3-д авая.
- Тэг тэг...
Би өөрийн мэдэлгүй, 
- Хүүе, юу гэсэн үг вэ? Наад номууд чинь тус бүрдээ 20 мянгаар зарагддаг номууд. Та арай хямд өгөөд байгаа юм биш үү?
- Зүгээр зүгээр...
Өнөөх эр надруу зэвүүцэнгүй харснаа
- Чи өөрөө авах гээгүй л юм бол дуугүй бай гэж загнаж байна.
Тэгээд 10-аад ном бушуухан хамж тэврээд, ахын гарт хэдэн төгрөг атгуулчихаад орц руу орчихов. 
- Та минь яачихав аа?
- Яах вэ дээ. Номоо л зарж амьдарч байна. 
- Ном чинь дуусахаар яах гэж...
- Хмм. Яах вэ дээ. Тэр цагт тэгээд болно биз. 
Би ямар нэгэн үг хэлмээр байсан боловч чухам юу хэлэхээ мэдэхээ байчихав. Тэгээд байрны мөнгө болон охин, хүү хоёрын утасны төлбөрт авч гарсан 100 гаруй мянган төгрөгөө гаргаж ирээд ахын гарт атгуулав. Надруу харж байна. 
- Зүгээр та энийг авч бай. Би таны энэ номуудыг чинь аваад явлаа. Та дараа хэрэг болохоороо буцаагаад аваарай. Миний утсыг та мэднэ шүү дээ.
Ахын царай хувьсхийн барайж, илэрхий уурласан шинжтэй өнөөх мөнгийг маань надруу буцаан сарвайв. 
- Энэ чиний хэрэг биш...
- Юу гэсэн үг вэ? 
- Ах нь чамайг ойлгож байна. Гэхдээ энэ чиний хэрэг биш.
- Яагаад миний хэрэг биш гэж. Би таны номуудыг худалдан авч байна.
Ах хүү миний хамаж авсан номуудыг буцааж авах гэж оролдов. Би гарыг нь дараад, 
- За ах минь, би бас юу хийхээ мэдэе. Танайд хамт очие.
- Үгүй үгүй, тийм юм байхгүй. 
- Юу гэж байгаа юм. 
- За за, чи наад хэдээ ав, ах нь нэг дээр нь гарын үг бичээд өгөе. 
Би 10-аад номоос нь нэгийг сугалан өгөв. 
Энэ үед өнөөх түрүүчийн ном хямдхан авдаг эр буцаж ирээд дэргэд минь зогсон бид хоёрыг, ялангуяа надруу сэжигтэйгээр харна.
- Чи номын наймаа эрхэлдэг үү?
- Тийм. 
- Тэгж л таарна гээд бах нь ханасан янзтай зэвүүнээр мушийв. 
Гэнэтхэн миний уур хорсол гозолзоод ирэх нь тэр. 
- Номын наймаачин байхаар яадаг юм?
- Муу хөгийн амьтан, тэгж л таарна. Тэгээд өөрөө хямдхан авах гээд л...
Түүний тэр хорон үгэнд хариу өгөхсөн гэсэн хүсэл хичнээн их байсан ч би юу ч хэлж чадсангүй. Дэмий л амаа ангалзуулав. Өнөөх эр "Хнн" гэж хамраа дугарган, ярвайснаа буцаад орц руугаа орчихов. Зүрхээр ёг хийж байна.
Ах тохойноос татаж хөшөөнөөс минь гаргаад, үгээ биччихсэн номоо надад өгөв. Тэгээд, 
- За ах нь явлаа гэж хэлчихээд эргэн алхав. Би түүнийг байшингийн булан тойртол харж зогслоо. Хэзээ ямагт цэх сайхан алхдагсан. Харин одоо бөгтийгөөд, өцийгөөд хэрэг алга. Нэг пөөдийсөн саарал куртка өмсчихөж... Нэг их бархирмаар, орилмоор болж байна.
Орой гэртээ сэтгэл их хөндүүр ирлээ. Тэгээд өнөөх номуудаа нэг бүрчлэн үзэв. Ном бүрийнх нь хуудсанд ахын гараараа нямбайлан тэмдэглэсэн тэмдэглэлүүд байх аж. Нэг номын зах дээрх үг их содон. "Сайн сайханд итгэж яваа цагт хүн мөхөхгүй"... Ахын төвөгшөөсөн, надаас зовсон ч юм шиг хулмагнасан дүр төрх нь харагдана. Дөлгөөн сайхан харцтай хүнсэн, уг нь. Их өрөвч, зөөлөн хүнсэн. Ганц охинтойсон. Тэр нь хүнтэй суугаад гадагшаа гарсан байсан. Буурал үс нь хийссээр булан тойрсон нь харагдав.
Надад үг бичиж өгсөн номыг нь дэлгэв.
Тэнд ингэж бичсэн байх. 
"Миний дүү тэсч үзээрэй. Энэ орчлон галзуу шүү"...
Б.Номинчимэд