Friday, July 3, 2009

Тархи угаалт буюу 7 сарын нэгэн

Нутагтаа ирснээс хойш өөрийн эрхгүй улс төржөөд болдоггүй дээ. Дуугүй хараад суухад ходоод өвдөөд байх юм. Тэсэлгүй л бичиж байна. Тэгэж байгаад удалгүй ДОГОЛОН ТӨМӨР ХААНЫ ХҮЧ ЧАДАЛ-ын тухай бичлэг оруулна аа.

Б.Номинчимэд
20 дугаар зуун бол агуу их тархи угаалтын зуун байжээ.
Ард түмэн бичиг үсэгт тайлагдахийн хирээр тархиа угаалгах эрсдэл нь бас төдийчинээн нэмэгдэж, мөн тэр хирээр тархи угаагчдад асар их боломжийг нээж байлаа. Чухам Платон эрдэм мэдлэгийг нийтэд түгээмэл болгоход болгоомжтой хандах хэрэгтэй тухай санаа цухуйлгасан нь бас ор ч үгүй байсан бололтой.

20 дугаар зууныг барламал номноос хэтрээгүй байсан Гутенбергийн үетэй харьцуулашгүй. Сонин хэвлэлийн их дэлбэрэлт бий болж, араас нь радио долгион, кино урлагийн үер бууж, төд удалгүй цэнхэр дэлгэцийн хур асгарч, за тэгээд мөнөөх зууны төгсгөл, энэ шинэ зууны босгон дээр интернетэд суурилсан мэдээлэл харилцааны цунами хүн төрөлхтнийг нөмрөн авч байна. Гурван зууны өмнө соёлт европынхны авч байсан бүтэн жилийн мэдээллийг өнөөдрийн “Нью Йорк таймс” сонины ганцхан долоо хоногийн дугаар бүрэн өгч байгаа тухай мэдээлэл саяхан нэг сонины буланд харагдана билээ. Энэ нь өнөө цагийн хүн мэдээллийн ямаршуухан хүчирхэг цунамид өртөж буйн илрэл.

Мэдээлэл түгээмэл болсон 20 дугаар зуун ард түмнүүдийн тархийг яаж, хэрхэн гайхамшигтай сайхан угааж, түүнээ ямар чадварлагаар зорилгодоо ашиглаж болдгыг яруу тодоор нотлон харуулжээ. Яг л компьютер форматалж байгаа юм шиг ард түмний оюун санааг юу ч үгүй угааж цэвэрлэчихээд, цоо шинэ программ суулгачихна.

Ард түмний ой санамж, дурсамжуудыг юуны өмнө арчих хэрэгтэй. Иймийн тулд өмнөх түүхийг нь үгүйсгэн, гутааж, хараан нулимж, түүхэн үйл явдлуудыг зөвхөн зорилгодоо нийцсэн талаас нь харуулж, бүх талаар, өргөн фронтоор ажиллана. Итгүүлж үнэмшүүлнэ. Кино, ший жүжиг зохионо. Гүн ухаан, урлаг гээд оюун санааны бүхий л талбарт нутлан үзүүлнэ. Өмнөх үеийнхнийхээ туулайн чинээ харыг уулын чинээ болгон дөвийлгөнө. Уулын чинээ цагааныг нь туулайн чинээ болгон дарна, мушгин гуйвуулна. Тэгээд айдсаар дарамтална. Бүр үнэмшиж өгөхгүй байгааг нь ард түмний дайсан, нийгмийн хоцрогдсон хэсэг гэх мэт пайз зүүлгэж байгаад газрын хөрснөөс шууд л арчиж орхино. Манай улсад л гэхэд 1937 онд жинхэнэ тархиа угаалгасан үеийнхэн коминтернийг хуруугаа ганцхан инчдэх төдийд л 37 мянгыг буудчихсан шүү дээ. Хожим манай төр нийгмийн нэртэй зүтгэлтэн болсон нэгэн тэр цагт 17 настай байж, “Аль, энэ муу эсэргүүг би буудна” гээд ялын тогтоол гүйцэтгэж байсан цэргүүдийн бууг нь булааж байсан гэдэг.

Энэ мэт, яг ариун жихадууд шиг үхлийг унтах чинээнд ч боддоггүй дайчдыг үзэл суртлаар зэвсэглэн шинээр төрүүлэх нь тархи угаагчдын эн тэргүүний стратеги зорилт болдог байна. Нэгэнт ийм дайчдыг бий болгосон юм чинь, тэдэндээ ямар нэгэн дайсан олж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Дон Кихотын үе аль хэдэн зууны өмнө өнгөрсөн. Газар дэлхийн аль нэгэн мухарт, тэнгэрийн хаяанд элгэндээ эрдэнэ дарсан луу байдаг тухай үлгэрт соёлжсон ертөнцийнхөн бүр ч итгэхгүй. Гэхдээ дайсныг ингэж дэмийрч хайх шаардлага угаасаа тархи угаагчдад байхгүй, дайсан нь бэлхэн, тэдний үзэл санааных нь замд тээглэсэн бүхэн дайсан нь болно. Тэр дайсан нь олонхи тохиолдолд ард түмнийх нь нэг хэсэг, өөрсдийнх нь эцэг эх, ахан дүүс, урд өмнөх үүх түүх байсан нь л хамгийн аймшигтай.

Октябрын хувьсгал агуу их тархи угаалтаар эхэлсэн. 1917 оноос өмнө Орос оронд ер олигтой юм юу ч байсангүй, хаан болон түүний гар хөл бологчдыг ард түмний дайсан гэдэгт ард түмнийг итгүүлэхэд ядаж цөхөх юм байсангүй. Лениний большевикуудад зорилгоо хэрэгжүүлэхэд нь оросын үгээгүй олон тариачид, ажилчин ангийн харанхуй мунхаг байдал нь тэдний үгээгүй ядуугаас нь илүүгээр хэрэг болж байлаа.

1920-1930 -аад онд болсон үйл явдал нь оросын сэтгэн боддог хэсгийнхний хувьд тэсч тэвчихүйеэ бэрх байсан бөгөөд олонхи сэхээтнүүд нь, оюунлаг хэсэг нь эх орноосоо дүрвэхэд хүрсэн билээ. Яг энэ цаг үеийн тархиа угаалгасан хөөрхий манкурт улаан хувьсгалчдын дүрийг М.Булгаков нүдэнд харагдтал дүрслэн бичиж үлдээсэндээ.

Бас нэг агуу тархи угаалтыг Гитлер богино хугацаанд гялалзтал хэрэгжүүлсэн юм. Гитлерийн уран яруу илтгэл, үзэл санааны гуйвашгүй чанд байдлыг үйл ажиллагааны овжин зальтай хослуулсан нь гайхамшигтай үр дүн өгч, Гёте, Шиллерийг, Бах, Бетховенийг төрүүлсэн асар авьяаслаг, чанд нямбай германы ард түмний тархи богино хугацаанд угаагдлаа. Тэгээд тархиндаа ариун үндэстний сэргэн мандалт гэсэн цоо шинэ программ суулгуулчихсан хөөрхий германууд өчүүхэн ч эргэлзэх юмгүйгээр Бухенвальд, Освенцимийг босгож чадсан билээ.

13-хан настай немц жаалууд “Хай Гитлер” гэж ганц хашгирчихаад л Берлиний хамгаалалтанд оросын галзуу давшилтийн өөдөөс босч байлаа шүү дээ.

Өмнөд хөрш маань энэ тархи угаалтаас яаж чиг хоцрох билээ. Мао дарга “Ард түмэн бол цагаан цаастай адил юм” гэсэн номлолоо үнэхээр төгс баталж чадсан хүн юм. Соёлын хувьсгалын үеэр болсон адал балмад явдлыг бүрэн бүтнээр нь дэлгэвэл соёлт хүн төрөлхтөн итгэхүйяа бэрхтэй.

Бас л бидний хажууханд Умард Солонгосын Ким гэж нэг сайхан форматлагч удмынхан байна. Энэ ард түмний тархиа угаалгасан байдал төрх нь өнөөдрийн ертөнцийн шившиг, онигоо болж байна. За бүр гажуудсан тархи угаалтын аймшигт нэг жишээ бол Улаан Кихмерүүд. Орчин үеийн тархи угаалтын өнгө, арга барил нэлээд өөрчлөгдсөний жишээ бол Дундад Азийн орнуудын өнгөт хувьсгалууд байна.

Энэ мэт тархи угаалтын гаргуун сайхан жишээнүүд олон байна даа.

Олон улсын хэмжээнд болсон хамгийн сүүлчийн тархи угаалтын нэг жишээ бол Иракийн дайны өмнөх Бушийн засгийн газрын тархи угаалт байв.

Яг тэр үед буюу 2003 оны 3 дугаар сард би Виржиниа мужийн Виржиниа бийчд ойрхон далайн эргийн жижигхэн хотхонд байв. Бушийн засгийн газар Саддам гэдэг нэг аймаар мангас байдаг гэдэгт ард түмнээ итгүүлэхээр үнэхээр ихийг хийсэн. Саддам ч олон бүтэхгүй зүйл хийсэн, угаасаа олигтой гар биш гэдэг нь үнэн, гэхдээ түүний бодит байдлыг 100 дахин өсгөн харуулж, үй олноор хөнөөх зэвсгээр юу юугүй дэлхийг хавтгайлах гээд байгаа гэдэгт дэлхий нийтийг итгүүлж дөнгөсөн бөгөөд найрсаг америкийн ард түмэн энд бас л тархиа угаалгуулж, харин богино хугацаанд эргэн сэхээрч чадсан. Харин Буш тэр үй олноор хөнөөх зэвсгээ олж чадсангүй, угаасаа ч байхгүйг нь мэдэж байсан. Үр дүн нь сая сая энгийн номхон иргэд дайны золиос болж, таван сая ирак иргэд эх орноосоо дайжихад хүрч, хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгө сум болон нисч, цус болон урслаа.

Тархиа угаалгасан хүмүүсийн хамгийн сонгомол хэв шинж нь хятадын улаан хамгаалагчид.

Тархи угаагчдынх нь зорилго, арга барил нь хаана ч тэр адилхан. Тэр нь эхлээд ой санамжийг нь устгах. Тэгээд л эхэлнэ дээ.

Монголчууд бид ч энэхүү тархи угаалтаас ангид байх хувь байсангүй ээ. Тархи угаалтын энэ 20 дугаар зуун эхлэхээс бүүр өмнө, гаднаас, өөр үндэстний зүгээс хэдэн зууны турш бидний тархийг угаах явц эрчимтэй үргэлжилжээ. Эхлээд хятадууд, дараа нь манж нар бидний тархийг угаах гэж тун ч их хүчин чармайлт гаргасныг түүхийн буурал хуудас гунигтайяа гэрчилнэ. Дундад зуунд монголчууд бараг толгой дараалан өрхийн ургийн бичиг, түүхтэй байж. Аргагүй шүү дээ. Чингис хааныхаа үед бараг эр бүр нь идэрхэг баатад, эм бүхэн нь эрхэмсэг хатад байсан түмэн чинь тэр баатарлаг түүхээрээ бахархан, ураг удамдаа өвлүүлдэг байж. Хятад, манж нар нугардаггүй монголчуудыг нуглахын тулд юуны өмнө тэр баатарлаг уламжлалынх нь санамжийг ард түмний тархи оюунаас арчиж хаях хэрэгтэй байв. Тэгээд монголчуудын өвөг дээдсийн тэрхүү ургийн бичгийг устгах кампаанчилсан өргөн хүрээтэй арга хэмжээг монгол орон даяар гурвантаа зохион байгуулж, бүх айл өрхөд байсан асар их хэмжээний судар ном, өвөг, ургийн бичгүүдийг устгаж, оронд нь бурхны шашны судар, Очирваань бурханы хөрөг тараажээ. Үр дүн нь дэлхийн бодлогыг гурван зууны турш тодорхойлж байсан хүчирхэг үндэстэн 20 дугаар зуунтай бөөс тэмбүүндээ баригдсан, нийгмийн бүхий л хөгжлөөс асар гээгдсэн, хөмөрсөн тогоон доторх мэт болчихсон мэндэлж зогсохов доо. “Нууц товчоо”-ны эх нь хятад үсгээр ганц хувь олдсон нь тэр тархи угаалт ямар үр дүнтэй хэрэгжсэний нотолгоо юм. Өөрөөр хэлбэл бараг монгол айл бүрд байсан монгол бичгээр бичигдсэн “Нууц товчоо”-д устгалд бүрэн өртөж, Кафаровын олсон тэр хувь нь азаар хятад үсгээр тэмдэглэсэн байсандаа л устгагчдын гярхай харцанд өртөөгүй хэрэг. Гэхдээ энэ бол гаднаас хүчээр тулгасан тархи угаалт байв. Хятад, манжууд гурван зууны турш тархи угаасан ч үндэсний маань сэргэн мандах ухамсарыг гүйцэд угааж чадсангүй. Манай үндэстэн 20 дугаар зууны эхээр дахин сэргэлээ. Гэхдээ мөн л гайхамшигтай тархи угаалтын хүчээр богино хугацаанд сэргэсэн юм. Коминтерний туршлагатай удирдлага, заавраар манай шинэхэн большевикууд манж хятад нарын гурван зуунд хийж чадаагүй тархи угаалтыг хэдхэн жилийн дотор гялалзтал хэрэгжүүллээ. Энд нөгөөх мэдээллийн хурд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Ард түмний тархинд социализм, коммунизм гэсэн цоо шинэ программ суулгахын тулд бас багагүй ажил хийжээ. Юуны өмнө Монгол түмний өмнөх бүхий л түүхийг үгүйсгэв. Чингис хаан бол харгис дарангуйлагч, Богд хаан бол шар хувалз байсан. Дундад зууны тэр агуу түүхээр бахархвал шууд улс төрийн хэрэгтэн. Найдваргүй этгээд, шивонист. Тархи угаагчдын хамгийн түрүүчийн бай нь ямар ч тохиолдолд өмнөх үүх түүх байж ирсэн нь бас их учиртай. 1921 оноос цоо шинэ эрин үе эхлэв. Тэр эрин үеэ мандуулахын тулд, өөрсдийнхөө үйл хэргийг улам бүр үнэ цэнэтэй болгохын тулд өмнөх бүх үйл явдлын сүр хүчийг, ач холбогдлыг улан доороо гишгэлж, харин алдаа, будлианыг нь бол бахтайяа ухаж төнхөн, тэндээсээ жинхэнэ айдсыг шинээр ар араас нь зохиож, босгож байлаа.

Чухам хуучин цагийн бошгийг халах үйлсийн гол дүрд нь тархиа угаалгасан юуны ч учрыг олоогүй манкуртууд тоглож, харин дараа нь тэднийгээ механизм нь дахин сэгсэрч, цэвэрлэв. 1937 оны хэлмэгдүүлэлт нь гадна дотнын олон бодит шалтгаантай ч гол гүйцэтгэгчид нь тэрхүү тархиа угаалгачихсан хөөрхийс байсан.

Хамгийн харамсалтай нь өнөөдөр монголд энэхүү тархи угаалтын үйд явц яг өмнөх түүхийнхээ жимээр үргэлжилж байна. Түүхийн тохуурхал уу, юу вэ.

1990 оны ардчилсан хувьсгал гармагц манайд хамгийн хүчтэй илэрсэн гажуудал нь өнгөрсөн 70 жилийнхээ түүхийг бүрэн үгүйсгэх, харлуулах явдал байв. Алдаа ч байсан, оноо ч байсан энэ 70 жилийн түүхийг нил хар өнгөөр будах нь чухам ардчилалд ямар ч хэрэгтэй юм бол? Энэ 70 жилд ер олигтой юм байгаагүй, хөгжил дэвшил болоо ч үгүй, МАХН гэж нэг махчин мангас, ард түмнээ хэдэн арван мянгаар нь буудаж, цөлж, мөлжиж байсан, өөр юмгүй, хоосон цөл л байсан, чухам ардчилал гарч ирж л тэр хоосон цөлийг баян бүрд болгон хувиргаж буй юм гэнэ. Энэ намыг тараа, сөнөө, устга, түүхийн тавцангаас арчиж хая.

Ийм үзэл суртлыг сүүлийн 20 жил тасралтгүй, шаргуу явууллаа. Социализмын 70 жилийн түүхийг аль гарамгай харааснаар, үгүйсгэснээр нь ардчилагчийн үнэ цэнийг тодорхойлж ч байх шиг. Түүхэн үнэнийг хичнээн үгүйсгээд яах юм. 70 жилийн өмнө хувьсгалчдын үгүйсгэж байсан үнэн харин өнөөдөр улам тод томруун болон тодорч байна. Түүн лүгээ адил энэ 70 жилийн түүх ч тодорхой хугацааны дараа, энэ тархи угаалтын уршиг замхарсны дараа үнэн мөнөөрөө тодрох биз.

Баабар бол яах аргагүй цаг үедээ шилэгдсэн агуу нийтлэлч, түүний нийтлэлчийн ер бусын чадвар нь тэр хэмжээгээрээ нийгмийн өргөн олныг дагуулах увидастай. Тэр хэмжээгээрээ Баабар маань энэ 70 жилийн түүхийг хараар будалцахад тун чиг сайн үүрэг гүйцэтгэж байх юм. Тэрээр “МАХН-ыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй” хэмээн бичиж байх юм.
Үр дүн нь МАХН гэхээр шүдээ хавираад дайрчихдаг, Монгол Улсын хартай, цагаантай бүхэл бүтэн 70-ны түүхийг түүхийн хуудаснаас авч хаяхыг ариун зорилго гэж итгэсэн, яг л тэр 1930-аад оны бошгыг халж, айлын бурхан шүтээнийг өшиглөж, нударгыг нь хүү татаж, хадгаар хөлөө ороогоод гүйж явсан люмпен фанатикууд шиг нөхдүүд өнөөдөр үй олноороо төржээ. Коммунизмын ариун дээд үзэл санаа гэдэгт итгэчихээд, түүнийхээ төлөө хүн алж, хүрээ талахыг юман чинээ тоодоггүй байсан улайрсан фанатикуудаас ч долоон дор шүү.

Энэ тархи угаалтын хамгийн тод илрэл нь 7 сарын нэгэн.

Шалтаг нь бол маш тодорхой байлаа.

Юуны өмнө сонгууль будлиантай болсон. Үүнд бухимдсан. Бүгдээрээ бухимдсан. Хоёр нам хоёулаа луйвар хийсэн. Гэхдээ намын бодлогоор гэхээс илүүгээр намын фанатик гишүүдийн, эсвэл асар их мөнгө зольж байж улс төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн улайрсан луйварчдын санаачилгаар голдуу луйвар хийгдсэн.

Гэвч энд үгүйсгэж боломгүй илэрхий нэгэн хүчин зүйлийг дурдах хэрэгтэй. 7 сарын нэгний үйл явдлын талаар иргэдийн дунд хийсэн санал асуулгаар иргэдийн зөвхөн 23 хувь нь сонгуулийн үр дүнд дургүйцэж буйгаа илэрхийлсэн байдаг юм. Энэ МАХН-ын судалгааны “Прогноз” төвийнх биш шүү. Энэ 23 хувь гэдэг юуг хэлээд байна вэ гэхээр сонгогчид сонгуулийн луйврыг ганцхан МАХН-д тохоогүйнх. Сонгууль луйвардах гэж байна, та нар харж байгаарай, одоо л луйвардах гэж байна, тэгэж, ингэж, тийм аргаар луйвардах гэж байна, за тэр, хараа биз дээ, луйвардчихлаа гэсэн сурталчилгаа сонгуулийн үеэр маш их явсан. Яг нөгөө хулгайч “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг шиг. Бас л нэг төрлийн тархи угаалт. Өнөөдөр тэр сонгууль будлиантуулсан нөхдүүдийг манай нам, танай нам гэж ялгалгүйгээр ил тод зарлаж, шүүхэд дуудаж, яллах хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгчид одоо тийм боломж бий болсон.

Удаад нь нийгэмд шударга ёсны үйлчлэл бараг мөхөл гэж болохоор доод түвшинд унасан. Үүнд ард түмний дургүйцэл тэсэхүйеэ бэрх байлаа.

Луйварчин, идээчин, уугаачин... Нээрээ л сүүлийн жилүүдэд төр гэдэг жинхэнэ ялзралын үүр уурхай болсон. Тэр ялзралыг Н.Энхбаяр тэргүүлсэн МАХН-ын удирдлага улам гааруулж өгсөн билээ. Гэхдээ төрийн албыг луйврын алба болгох эхлэлийг АН өөрөө 1996-2000 онд тавьж өгсөн юм шүү дээ. Тэр үед ямар олон гажуудал, луйвар гарсныг өнөөдөр архив ухахад гараад л ирнэ. Талийгаач О.Дашбалбар “МАХН-ынхан ичиж иддэг бол, АН-ынхан ичихгүй иддэг” хэмээн 1998 онд УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байсан нь яах ч аргагүй үнэн байлаа. Тиймдээ ч 2000 оны сонгуулиар навсайтлаа тавиулж, сөрөг хүчиндээ 72 суудал бэлэглэж байв. Одоо бол МАХН, АН ялгаагүй аль аль нь ичихгүй хусдаг болсон. Муу өвчний халдвар түргэн байдгын адил муу юмны халдвар нийгэмд тун түргэн тархах юм даа.

Энэ мэт нийгэмд бугшсан бухимдал их байсан нь чухам шалтаг болсноос биш уг үндэс, шалтгаан нь МАХН-ыг газрын хөрснөөс арчих тухай 20 жилийн турш тасралтгүй хийсэн тархи угаалтын үр дүн байлаа.

Өрсөлдөгчөө махчин болгон харуулж байж, улс төрийнхөө карьерийг өсгөж авах гэсэн оролдлого нь хамгийн ядарсан луйварчны арга тактик бөгөөд энэ луйварчны арга нь эцсийн дүндээ монголын ард түмнийг утга учиргүйгээр талцуулсан хагаралд татан оруулж байна. Мэдээж хэрэг өт хүртэл биед нь хүрэхээр атирдгийн адилаар АН-ын сөрөг хүчнээ нухчин дарах гэсэн энэ хандлага нь сөрөг рейкцийг ч бас бий болгон, МАХН-ын дотор төдийгүй нийгмийн маш тодорхой хэсэгт АН-ыг үзэн ядсан хэсэг бүлгийг, мөн тийм улайрсан сэтгэлгээг бий болгож байна. Чухам хамгийн ядарсан юмнууд л хүчтэй өрсөлдөгчтэй байхаас ямагт хулчийдаг.

1990-ээд онуудад зудны ямааны ишиг шиг ар араасаа дуу дуугаа аван мэндэлсэн олон намууд жам ёсоор шахагдах нь шахагдаж, унтрах нь унтарч эхэллээ. Ганц нэг компани, лидер дагасан намууд амьтай төдий байна. Өнөөдөр монголын улс төрийн тавцан дээр МАХН, АН гэсэн хоёр гол нам л үндсэн тоглолтыг хийх боллоо. Хүссэн хүсээгүй энэ хоёр нам Монгол орны, монгол үндэстний хувь заяаг хэсэг хугацаанд үүрч явах тодорхой байна. Гурав дахь хүчний орон зай илтэд үгүйлэгддэг ч ойрын хэдэн жилдээ энэ хоёр намтай өрсөлдөх хэмжээнд өсөж өндийхгүй л болов уу. Тэгэхээр энэ хоёр намын аль нэгийг нь устгах тараах тухай яриа байж таарахгүй. Гагцхүү намууд өөрсдөө цэвэршиж, зам зуурын ашиг хайсан нөхдөөсөө салахгүй бол хүссэн хүсээгүй сонгогч олон ард түмэн дэмжихгүй болж, яваандаа намууд өөрсдөө хар аяндаа дампуурна. Жаахан алсыг хардаг бол эдгээр намуудын удирдлага эрх биш энэ хүчин зүйлийг тооцож, нам доторх луйврын, цаг зуурын бүлгүүдээсээ ангижрах биз. Эс чадвал ёстой жам ёсоороо талийгаач болно гэсэн үг. Түүнээс биш өрсөлдөгч намынх нь санаачилгаар устгаад, сөнөөгөөд газрын хөрснөөс арчаад байдаг ч юм биш.

Үнэхээр МАХН-д луйвардсан юм их бий. Тэглээ гээд луйврын эздийг нь олж, хуулийн дагуу асуудлыг хөндөх ёстойгоос биш зүгээр л энэ намыг устгачихая гээд чулуу бариад дайрах нь ямар ч боломжгүй. Энэ намын цаана ард түмний нэгээхэн хэсэг нь бий. Зөвхөн сүүлчийн сонгуульд ард түмний 47 хувь нь энэ намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн гэдгийг мартаж болохгүй бөгөөд энэ намыг устгана хэмээн улайрч байгаа нь чухамдаа ард түмнийхээ энэ үлэмжхэн хэсгийг устгана гэж буйтай яг адилхан. 37 онд ч ийм хандлага гарч байгаагүй юм шүү. Тэр үед бол өөр намыг устгаад, буудаад, алаад, шатаагаад, гарын хөрснөөс арчаад хаячих боломжтой байсан, тэгэж ч байсан, одоо бол боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улс чинь одоо ардчилсан замаар замнаж яваа орон биш билүү, аль эсвэл би андуураад байна уу?

Залуус МАХН-ын байр луу чулуу шидэлж эхлээд байх үед С1 телевизээр АН-ын хуулийн зөвлөн н.Пүрэвбаатар “МАХН-ыг газрын хөрснөө арчих хэрэгтэй, гэхдээ хуулийн хүрээнд” хэмээн зөвлөж суув даа. Хуулийн хүрээнд газрын хөрснөөс арчина гэж юу байхав дээ. Дараа нь нийтлэлч Б.Цэнддоо МАХН-ын гишүүдийг хулчгар, арчаагүйгээр нь дуудаж, хэрвээ ардчиллын анхны партизанууд АН-ынх нь байрыг МАХН-ынхан шатааж буй бол ариун үзэл санааныхаа төлөө эцсээ хүртэл үзэж, байрныхаа довжоон дээр ясаа тавих байсан юм гэсэн утгатай нийтлэл бичиж байхав дээ. Энэ чинь шууд л нийгмийг зөрчилд дуудаж буй хэрэг. Одоо цаг чинь 1798 он биш. 1930 он ч биш. 1990 он бол бүр ч биш билээ.

Олон сайхан залуус энэхүү тархи угаалтанд өртөж, бодит байдлыг эрүүл ухаанаар эргэцүүлэн дүгнэх, харах чадваргүй манкуртууд болж буй нь үнэхээр хэдэн үедээ халаглан харамсмаар, зүрх шимширмээр явдал болж байна. Хамгийн халаглам зүйл нь нийгмийн доторхи эвлэршгүй зөрчил. Үр дүн нь таван сайхан залуу амь үрэгдэж, 5 гэр бүл өнчирөв. Хэдэн зуун залуус шоронгийн хаалга татаж, амьдралдаа хар толбо суулгалаа. Соёлын ихээхэн өв хөрөнгө үрэгдэв. Хамгийн их хохирол нь нийгэм дотор зөрчил туйлдаа хүрч буй явдал. Арай л иргэний дайн болсонгүй.

Хонзон авах мэт хандаж болохгүй, хонзон хонзонгоо төрүүлдэг, цусан өшөө цусан өшөөгөөр тайлагддаг.

Тэгээд ч өнөө цаг үе бол нийгмийн дэвшлийн, аугаа их зөвшилцлийн цаг үе ирж буйг бид олж харах, түүнд хөтлөгдөж амьдрах учиртай. Зөвшилцлийг хуйвалдааны хэмжээнд ойлгодог наймаачны сэтгэлгээтэй улс төрчид манайд олон бий. Гэвч тэдний цаг дуусч байгаа, үгүй ядахдаа л дуусах болно. Хүн төрөлхтний хөгжлийн ирээдүйн гол суурь нь, тулгуур багана нь тархи угаалт бус нийгмийн зөвшилцөл болж байна.

Уг нь 1990 онд Ж.Батмөнх тэргүүтэй МАХН-ын Улс төрийн товчоо сайн дураараа огцорч, нийгмийн зөвшилцлийн маш аятай таатай эхлэл, үнэлэмж, үлгэрлэлийг тавьсан юмсан. Даанчиг дараа үеийнхэн нь зөвшилцөж, чадсангүй, зөвшилцөх тухай санаа ч байсангүй, шууд л устгах, тараах, нураах, элгээр нь хэвтүүлэх тухай туйлширсан алхам, үгс эхэлсэн ба одоо бид энэ туйлшралынхаа горыг ханатлаа амсаж байна даа.

Нийгмийг талцуулан, дундаас нь ашиг цохих нь лав л монгол орон, монгол үндэстэнд нэмэртэй бус, бүр гайтай ч, лайтай ч. Монголын ноёдыг талцуулан тулалдуулж, дундаас нь ашиг унагаж ирсэн хятад, манжийн бодлого ч ийм хорон байгаагүй юм.

Монголын бага хаадын бие биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй, зөвшилцөлд хүрч чадахгүй арсалдан тэмцэлдсэний гор нь манж, хятадын дор хоёр зууны турш бөхийхөд хүргэснийг ч мартаж боломгүй.

Одоо тархи угаахаа ч, угаалгахаа ч больё, талцаж дайтахаа больё. Өмнөх 70 жилийнхээ түүхийг дан хараар нялахаа больёо. Уг нь түүхийг яллаж, шүүж болдоггүй, түүнээс зөвхөн сургамж авдаг гэдэггүй биш билүү. Үгүйсгэл үгүйсгэлийг төрүүлэхээс өөр юу ч төрүүлэхгүй.

Сая 7 сарын нэгнийг улс орон даяар эмгэнэн дурслаа. Ингэх нь зөв. Гэхдээ утга агуулга нь өнөөх л гажуудал. Дахиад л 7 сарын нэгнээр, амиа алдсан таван залуугаар улс төрийн хожоо хайсан нүүдэл хийж байгаа нь бид дэвшил өөд явж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзмээр болгож байна.

Үнэхээр ардчилал хөгжсөн юм бол, хөгжүүлэх гэж оролдож буй юм бол тэр ардчиллын цэвэр үзэл санаандаа үнэнч байж, ард түмнийхээ тодорхой хэсгийн үзэл бодлыг үнэлэн хүлээн зөвшөөрч хүндэтгэж сурах хэрэгтэй байна. Эс тэгвээс өөрсдөө өнөөх ад үзээд буй большевикуудаасаа, хятадын улаан хамгаалагчдаасаа ер дээрдэхгүй амьтад болж хувирна, ер нь тийм л харагдаад байна даа.

1990 оны хавар, хүйтэн хавсаргатай нэгэн шөнө хөдөө суманд хоёр гурван багш, сумын холбооны эрхлэгч, клубын эрхлэгч, нягтлан, зоотехникч гэх мэтчилэн арван хэдэн сэхээтэн залуус ардчиллыг дэмжиж буйгаа илэрхийлж, холбоо байгуулж, төв рүү бичиг илгээж байв. Тэдэн дотор өнөөх МАХН-ын залуу халаа болдог эвлэлийн дарга нь хүртэл байсан гээч. Өнөөдөр нөгөө сумын ардчилсан холбоог байгуулалцаж байсан 14-ийн хоёроос бусад нь МАХН-ын гишүүн болчихсон тууж явна. Хамтдаа итгэн үнэмшиж, мөрөөдөж, мөр зэрэгцэн зүтгэж явсан эдгээр нөхдөөсөө хааяа “Сумандаа бол ардчиллын анхны 13 нь болж байсан та нар маань яагаад шал эсрэг намд элсчихэв ээ” гэж асуудаг юм. Хариулт нь нэг бөгөөд манай ардчиллынхны эрүүл бус, туйлширсан хандлага нь тэднийг ийм сонголт хийхэд хүргэжээ. Тэглээ гээд тэд ардчиллаас ухраагүй, ардчиллын төлөө, түүнийг улам төгс төгөлдөр болгохын төлөө яваа.

Үүн лүгээ адил монголын ард түмэн ардчиллаас ухраагүй, ухрах ч үгүй, харин түүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийг л хүсч байна.


***
19 дүгээр зуунд Европт анхны машинууд нийтийн хэрэглээнд орж ирэхэд бөөн юм болж байжээ. Өмнө нь цагт үсрээд л 13-хан майл хурдалдаг байсан сүйх тэрэгний оронд бараг хоёр дахин хурдан буюу цагт 25 майл хурдалж чаддаг /Өнөөдөр захын Пад Пад трактор ч бараг ийм хурдаар явна даа/ автомашинууд нь нэг талаар ер бусын хурд, хүч, дэвшлийг илтгэх боловч нөгөө талаар осол аваар, айдас, болгоомжлолыг хэд дахин ихэсгэж өгчээ. Энд ч мөргөлдсөн, тэнд ч дайруулсан, тасчуулсан хүний гар, хөл, толгой. Аймшиг.. Энэ үед нэг хошин ч гэмээр явдал болсон нь францын алдарт романч, утга зохиолд натуралимзыг үндэслэгч Эмиль Золья тэр галзуу хурдтай /хөөрхий, ямар юмных нь галзуу хурд байхав. Өнөөгийн дундаж суудлын тэрэгний хурд цагт үүнээс багцаагаар 5 дахин буюу 120 майл - 192 км болсон/ машинд дайруулсан хүнд ямар мэдрэмж үүсдгийг өөрийн биеэр үзэхээр машины урдуур ухасхийж байсан байгаа юм. Азаар амьд үлдвэл уншигчдынхаа хамгийн их сонирхоод буй тэр гайхамшигт хурдны хөнөөлт мэдрэмжийг натураар нь бичиж үлдээх гэж тэр шүү дээ. Тийм л сонин содон байж.

Зарим энэрэнгүй үзэлтнүүд, улс төрийн намууд нь хүртэл авто машиныг хориглох тухай шуугилдаж, хууль хүртэл санаачилж байжээ. Нийгэм тийм хурдад дасаагүйн дээр мэдээж хэрэг өнөөгийнх шиг замын хөдөлгөөний дүрэм журам гэхээр олигтой юм байсангүй, дээр нь автозам ч гэж юу байсан нь ойлгомжтой. Гол шалтгаан нь тэр хурдыг хүлээн авах сэтгэлзүй нийгэмд бүрэлдээгүй байсных. Гэвч хүн төрөлхтөн хурднаас татгалзсангүй, аажим аажмаар хурдандаа дасч, улам бүр хурдлуулсаар байна. Өнөө цагийн хурдыг хоёр зууны өмнө гэнэтхэн аваад очвол лав нийгэм даяараа галзуурах биз. Цагийн юм цагтаа гэж. Одоо бол хүн төрөлхтөн хурднаас айхгүй болжээ.

Яг үүнтэй адилаар мэдээллийн хурд нь нийгэмд сөрөг үйлчлэлийг бий болгосны хамгийн том илрэл нь тархи угаалт. Мэдээлэл хэдий чинээ түгээмэл болоод хурдтай байна тархи угаалт төдийчинээ хурдан бөгөөд үр дүнтэй байна.

Тэглээ гээд хүн төрөлхтөн хурднаас татгалзаагүйн адилаар мэдээллээс татгалзсангүй. Хүн төрөлхтөн мэдээллийн энэ их давалгааны сөрөг хор хөнөөлд автахааргүй, оюунлаг болох цаг удахгүй ирэх буй за.

20 comments:

ganga said...

Боловсролын талаар охинтойгоо хөөрсөн яриа Баяр сайдад өргөсөн ховоо блогтоо оруулаач, дараа энд ороод дахин дахин уншиж байхад тухтай. Зарим хүүхдүүд том сайт ордоггүй блогоор л эргэлддэг байх. Бичээд байгаарай. Хар бараан нэг тал барьсан нийтлэлүүдээс бичлэг тань ялгардаг шүү. Амжилт.

Ochko said...

Хэвлэл мэдээллийг тархи угаах сонирхолтой нөхдүүд эзэмшчихээд байхаар л тэр байх. Интернэтийн хөгжлийн сүүлийн хэдэн жил хувь хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосноор(жишээ нь чи бид ингээд бичиж байна) харин ч тархи угаалтын эсрэг зэвсэг болж чадаж байгаа гэж боддог.

Сүүлийн хэдэн өгүүлбэр чинь яг Энхбаяр гуайн яриа шиг сонсогдож байна.

Түүхийн талаарх бичлэгүүдийг чинь тэсэж ядан хүлээдэг шүү. Амжилт!

Anonymous said...

MAXH gej uneheer huuchirsan, hotsrogdson nam shuu. Ene nam shuud tatan buugdah esvel udirdlagaa 100% uurchluh heregtei

Anonymous said...

Тархи угаалт аа гэж... Чандманий блог дээр оруулж байсан сэтгэдлээ хуулаад оруулчий:

"Ноён ерөнхийлөгч Тарчигдоржийн ард Баабар энэ тэр гэсэн тархи угаагчид байгаа л даа. Энхбаяр гэдэг хүнийг 10-аад жил муулсны хүчинд ард түмний сэтгэхүйд сөрөг имиж бүрдүүлж чадсан л даа. Үнэн хэнд ч хамаагүй болсон цаг. Одоо Тарчигдоржид яг адилхан хариуг нь барьж 4 жил тасралтгүй муулдаг юм уу хэ хэ хэ. Баахан сонин тв-ээр зохион байгуулалттай сөрөг мэдээллүүд цацаад л... "Тарчигаа кимчи идсэн нь", "Элбэг дээл" энэ тэр гэсэн захиалгын кино хийгээд л... "Хар мөр", "Харанхуйн хаан", "Хүр хорхойн үүр", "Хангүг Элбээгдорж", "Формула 1-ийн алдарт нисэгч Элбэг" энээ тэрээ гэсэн нийтлэлүүдийг "Улс төрийн мэдээ" (уг нь ийм сонин байхгүй л дээ, гэхдээ "Улс төрийн сонин" гэж байгаа юм чинь "Улс төрийн мэдээ" гэж байж болношт :D) энэ тэр гэсэн сонингуудаар цуврал байдлаар нийтлээд л. Хийж байсан машины аваар, түүгээр нь амь үрэгдсэн хүмүүсийн талаар, Америкт яаж сурч ажиллаж байсан талаар, Голомт банк яаж бий болсныг, нууц амраг нь хэдэн настай болохыг, 2008-7-1-нд хаана юу хийж явсныг, Солонгост хэрхэн "байгаль хамгаалж" явсныг гэх мэтчилэн олон олон юмыг мэдмээр л байна. Бас анти-олигарх кампаанит ажил яаж өрнөхийг мэдмээр байна. Ху-олигархиуд аавынх руу явах уу, Ан-олигархиуд бас явах уу, эсвэл зөвхөн нэг талын олигархиуд нь явах уу энэ тэр гээд л."

Artag said...

Тархи угаалт чинь нийтлэлүүдтэйгээ зэрэгцээд сэтгэгдэл гээч юмаар хүчтэй явагдаж байгаа шд. Нийтлэлээсээ ч хүчтэй байгаа байх. Таны энэ нийтлэлийн доор яг эсэргүүцээд, таныг ч хараагаад нэлээн хэдэн сэтгэгдэл орчуул дараа дараагийн уншигчдад та буруутаа л явчна аягүй бол хэхэ. Шигшмэл хараал, доош нь хийлтийн шилдэг өгүүлбэрүүд бичигднэ. Ийм үзэгдэл дэндүү хавтгайрсан байхаа. Ингэж таашаал авагчид олшроод, өвчин маягтай тархаж байх шиг.
Залуус хэтэрхий эрт намчирхаад байх юм. Сонгуулийн насанд хүрсэн хүн үзэл бодлоо уралдуулж тэрэндээ нийцтэй улстөрийн хүчнийг дэмжилгүй л яахав. Гээд 20 настай залуус улстөрийн хувьд сонголтоо хийцэн "төлөвшцөн" байх нь ямар ч үзэгдэл юм бүү мэд. Өөр л хөшүүрэг тэднийг хөдөлгөөд байх шиг. Саяны сонгуулиар харагдсан нэг үнэн бол МАХН-г дэмжигч залуусын мэддэг хараал нь тун баялагаас гадна, нэлээд радикал, бүр заналхийлэл их хийдэг, харин АН-н дэмжигчид нь арай соёлтой байх шиг санагдсан. Мэдээж аль алинд нь янз бүрийн улсууд байсан байлгүй яав гэж. Гэхдээ залуус ингэж хүчтэй хуваагдаж, улаан хамгаалагчид шиг зан гаргах нь үнэхээр эмгэнэлтэй байсан шүү. Өөрийн ухаан байна уу гэмээр л.
Та сайхан зүйл бичжээ сайхан уншив, баярлалаа.

Anonymous said...

Artag-t:

"...Саяны сонгуулиар харагдсан нэг үнэн бол МАХН-г дэмжигч залуусын мэддэг хараал нь тун баялагаас гадна, нэлээд радикал, бүр заналхийлэл их хийдэг, харин АН-н дэмжигчид нь арай соёлтой байх шиг санагдсан..."

Та яаг эсрэгээр нь хэлчихсэн юм биш биз??? АН-ыг дэмжигчид илүү соёлтой??? Эсвэл би буруу харчихав уу?

Би монголын залуучуудын ордог хамгийн том форум гэгддэг Асуулт форумд байнга холбогдож санаа бодлоо илэрхийлдэг хүн. Эндээс миний 100 хувь баталгаатай хэлэх зүйл бол таны наад дүгнэлтийн чинь 180 хэм эсрэг!!! Жинхэнэ Элбэгдоржийн улаан хамгаалагчид ямар байдгийг тэндээс олж үзэж болно шүү. Өөрийн үзэл бодлыг илэрхийлсний төлөө тэр улаан хамгаалагчид яаж дайрч давшилж харааж зүхэж тэр байтугай хамаатан садан хэдэн үеэр чинь "хар үгээр булахыг" яруу тодоор үзүүлнэ дээ. Хэ хэ хэ.

MW said...

Bi end ali neg namiig demjih gesengui. Gehdee ungursun songuuliin uyer ardchilsan namiig demjij baisan demjigchid iluu buduuleg, soyolgui ug helleg hereglej baisniig ni anzaarsan. Zahiin jishee bol TV-deer yavagdsan message sanal asuulguud yum.

artag said...

Аа хөөрхий тийм байсан юм байж. Миний л санаж байгаагаар гэж бичсэн ухаантай юм. Зориудаар ажиглаагүй л дээ. Гэхдээ шар гэж харсныгаа шараар нь л хэлж байгаа юм шүү. Та бид өөр өөр газар, өөр өөр өнцгөөс юмыг харж байгаа юм чинь дээ, юу гэж л яг адилхан харагдав гэж. Гол нь залуус маань хар багаасаа тэгж талцаж, нүүр нүүрээрээ тулан уулзаж гэмээнэ алалцxаас буцахгүй болтлоо улайран байсан нь л дэндүү том эмгэнэл юм даа. За нүүрээрээ тулвал ч ондоо байх л даа бас. Энэ сэтгэгдэл гээч юмны араас өөрий нь хэн ч мэдэхгүй гээд хараалыг пулемёт шиг шүршдэг муухай зан л дэндүү газар авсных биз. Ядаж өөрийгөө хүндэлдэг бол тэгэхгүй л дээ. Харилцан ярилцсанд баярлалаа Какаду. MW ч бас миний өдөөсөн "дэдийн дэд сэдвийн" хүрээнд ярьцан байх шиг байна.

Anonymous said...

deerh hoyoriin margaanii ali ni zuv be gedgiig yalgahad amarhan baina aa.
www.sonin.mn, www.dayarmongol.com deer tavisan ene niitleliin ard bichij baigaa commet-uudiig harahad l todorhoi.
Autor-iig hen iluu sain haraaj baina, ter hun HU namiig uzen yadsan humuus baina. Ardchilal gedegiig chuluutei arhirah gej l oilgoson bololtoi dog oo,

угаагдсан тархи said...

БНМАУ -н түүх үзэж МАХН -д тархиа угаалгаад, дараа нь бүгд МАХН -ны буруу гэж АН-д тархиа угаалгаад, дараа нь АН -хан луйварчин гэж МАХН -д тархиа угаалгаад, МАХН тархийг чинь угаасан гэж БААБАРТ -т тархиа угаалгаад, дараа нь БААБАР тархи угаасан гэж танд тархиа угаалгаж байна даа..

Артаг-т said...

artag"т ажиглаж байхад АН-ыг дэмжиж байГАА ХҮМҮҮС НЬ ХУ нам мөхөөсэй, сөнөөсэй, буудна, ална хядна гэсэн хүмүүс байх шиг байсан, АН-ыг дандаа ийм анархистууд дэмждэг юм болуу гэж бодсон шүү.
Харин ХУ намыг дэмжигчид нь, АН-ыг дэмжээгүй учраас, өөр дэмжих нам байхгүй учраас ХУ намыг дэмжиж байгаа, монголын арай осоёлтой, боловсрол өндөртэй, оюунлаг хүмүүс нь байсан.
Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг, яахаас ч буцахгүй Элбэгдорж, Баабар нарыг дэмжигчид бол үнэхээр анархист, арчаагүй, эргэцүүлэн бодох чадваргүйгээсээ болж тархиа угаалгагчид байж таарна.

oldoshaksli said...

mahn-iig huuliar horigloh yostoi.
Ted huuliig horiglood bna.

Anonymous said...

Ямарч байсан МАХН нам шиг алдаж онож алдаанаасаа суралцаж ,ялж ялагдаж үзсэн ийм улс төрийн хүчин Монголд хэрэгтэй. Хал үзэж, халуун чулуу долоосон нам л энэ улс орныг өөд нь татна, АН-д энэ намын дадлага туршлага, түшиг тулгуур их хэрэгтэй, МАХН шиг АН -ыг хурцалж, өөд нь татаж дагуулж яваа нам байхгүй. Ер нь энэ 2 намын аль нэгийг газрын хөрснөөс арчиж хаявал болчих юм шиг юм яриад байгаа хүмүүс ямар хөлдүү юм бэ. Хоёулаа байж байж л хөгжин дэвшинэ. Харин АН нам хурдан эрийн цээнд хүрсэн хүрч МАХН-д дэм болох хэрэгтэй, Нам гээд явцуураад байж болохгүй,улс орны эрх ашиг л чухал шүү дээ.

Anonymous said...

Муур улаан байна уу, хөх байна уу ялгаа алга. Хулгана л барьдаг баймаар гэсэн үг бий. Үнэн үг ч гэсэн монголынх биш нь харамсалтай

Anonymous said...

Түүхийн талаараа бич л дээ

Юун боловсрол вэ

ebugen said...

Нийгэм прагматмк, Фанатик аль алинаас нь бүрддэг, хоёулаа байж урагшладаг. Туйлын эрх чөлөө бол туйлын ганцаардал.

Anonymous said...

здорово!
авторегер почты :-( 4791

Anonymous said...

Вот новые киноленты что я нашла в нете из рабочих

Anonymous said...

Варез - качай всё бесплатно.

Anonymous said...

I seldom leave comments on blog, but I have been to this post which was recommend by my friend, lots of valuable details, thanks again.