Friday, May 24, 2013

“Эгнэшгүй нөхрийг олов” номоос...

Үргэлжлэл..

УРВАГЧДИЙН ТӨГСГӨЛ

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр цавчиж орхив. Мөн монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ.
Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд байжээ. Күтүз ялалтын цуваагаар Дамаскт орж ирээд тэнд монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан хядаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар Загалмайтнуудыг хомроглох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр дариудаа Сирийн загалмайтнууд өршөөлгүй асгарсан цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.
Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт урван, Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ. Урвагчид бол олдохуйяа том шан шүү.
Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллаганд Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш нь тавьж нэгдсэн байжээ.
Бибарс алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны өш хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз.
Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бибарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ.
Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс Күтүзийн гарыг тас цавчин, улмаар тэнд нь хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бибарс хүртэж, Кайрын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.
Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн командлагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт алуулж, урвагчийн үхлээр буюу нохойн үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1270 онд хаан суудалд заларч байсан ажээ.
Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдийн хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.


Эпилог

Нэгэн жарны туршид асар эрчтэй урагшилсан Монголын эрч хүчний оргилолт Синайн цөлийн элсэнд үерийн борооны ус мэт Айн-Жалудын толгодод саарч, монголчууд ялагдашгүй, тэд бол бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлэгчид гэсэн өрнө, дорнодод нэгэнт түгэж, хууль болон тогтнож байсан ойлголт замхарч, зөвхөн домог болон үлдэх хувь заяатай болов. Монголчуудыг ялж бас болдог юм байна гэдгийг Араб, Лалын ертөнц даяар мэдэрч, монголчууд бол бидний л нэгэн адил мах цусанд төрсөн, ялагдал, ялалт хоёрын торгон ирэн дээр бусдын л адил дэнжигнэж байдаг юм байна гэдгийг ертөнц дахин ойлгож эхлэв.
Хэдийгээр Айн-Жалудад тулалдсан монголчууд нь Монголын Их эзэнт гүрний нэг өчүүхэн хэсэг, дөнгөж ганцхан түмт байсан ч, Айн-Жалудын тулалдаан нь Монголчуудын хийж байсан хэдэн зуун тулалдаануудын нэг бяцхан хэсэг нь төдийхөн ч, Айн-Жалудад монголчууд ялагдсанаар Ил хаант улсын ул суурь өчүүхэн төдий ганхаагүй ч агуулгаараа монголын эзэнт гүрний ертөнцийг ноёрхох үзэл санааны ялагдал болсон байна.

Чингис хаан хүмүүсийг хоёр ангилж үздэг байсан бөгөөд энэ нь ихэс дээдэс - харц боол хоёр бус, баян - ядуу хоёр ч бус, харин үзэл санаа, үнэнч тууштай чин шударгуу чанараар нь ангилан үздэг байжээ. Зарим хүмүүс эхнэр хүүхэн, элбэг тансаг байдал, нэгэн олдох бие, нэхэн олдохгүй амь насыг эрхэмлэн дээдэлж, өөрөөр хэлбэл alter ago- хэт шүтэж, хувиа бодож, нэр төр, алдар гавьяа, нийтлэг эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг байна. Тийм хүмүүс ямагт нэгэн хүчирхэг эзэн, даргыг дагаж, түүний эрх, сүрэнд захирагдаж, тэднээс айн чичирч байдаг агаад тэд эгзэг таарвал ивээн тэтгэсэн эздээсээ хэзээ ч урван, араас нь адгийн муухайгаар хутга шаахад, хаашаа ч холбироход бэлэн байдаг байна. Тийм хүмүүс ашиг харж, нийгмийн нийтлэг хэв ёсыг уландаа гишгэхдээ ер сэтгэл төвддөггүй төдийгүй зарим тохиолдолд түүнээ бах тав болгон цэнгэх нь ч бий.
Тийм хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед гай гамшиг, зовлон, ичгүүр сонжуургүй бүхнийг таригчид байсан бөгөөд Чингис хаан тийм хүмүүсийг адгын боол хэмээн үзэж, хаа таарсан газар бүхэндээ өт хорхой мэт няц даран цээрлүүлж байлаа. Жамухыг барьж ирсэн түүний нөхдөд Чингис хаан нохойн үхэл оноосон бөгөөд харин Тайчуудын Таргудай эзнээ алалгүй тавьж явуулаад ирж нийлсэн Наяад итгэл үзүүлэн их хэрэг даалгаж байсан бөгөөд тэр хэзээ ч Чингис хааныхаа итгэлийг хөсөрдүүлж яваагүй билээ. Тайчуудын Зургаадай хэдийгээр өштөн дайсан нь ч түүний эрэлхэг эрэмгий, үнэнч шударгыг нь Чингис хаан үнэлж, чухам энэ үнэнч шударга, итгэлтэй, нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө өчүүхэн ч эргэлзээгүй золиосолж чаддаг чанар л тэдний төдийгүй Чингис хааны бусад олон өрлөгүүд, нөхөд сэлтийн өөр хоорондын нөхөрлөлийг үүрд салшгүйгээр гагнасан байна.
Зэв мэт, Наяа мэт, Мухулай мэт, бас Хит Буха ноён мэт эрхэм нэрээ амь наснаасаа дээгүүрт тавьдаг, сэтгэл зүрхэндээ дээд хөх тэнгэрийн дуудлагыг мэдрэх мэдрэмжтэй, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, эд хөрөнгө, элдэв цэнгэл, нэгэн биеийн өчүүхэн шуналыг огоорч чаддаг тийм хүмүүсийг Чингис хаан хөх тэнгэрийн харьяат иргэн хэмээн өндрөөр үнэлэн тэтгэж, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, чухам тийм хүмүүсээр улс гүрнээ бүрдүүлж байлаа.
Чингис хааны аугаа ялалтын, Монголын эзэнт их гүрний ялагдашгүйн нууц нь чухам энд байсан бөгөөд Л.Гумилев тийм хүмүүсийг “урт дурынхан” хэмээн томьёолсон. Тийм хүмүүс бол чин үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг бардам, омог төгс чанараараа онцгой содон ялгардаг бөгөөд энэ нь XIII зууны монголчуудын нийтлэг хэв шинж байв. Айн-Жалудад эрсэдсэн Хит Буха жанжин хийгээд бусад монгол баатрууд ч тийм л хэв шинжийн сонгодог сүүлчийн төлөөлөл нь байлаа. Учир нь чухам тэр цагаас хойш монголчуудын тэрхүү гайхамшигтай онцлог шинж бүдэгрэн, аажим аажмаар замхарч, газар сайгүй урвалт, хувиа бодох, явцуу эрх ашгаа дээдлэх үзэл хогийн ургамал мэт үржиж, эзэнт гүрний эрч хүчийг сульдуулан, сүр сүлдийг гутаасан юм. Ялангуяа Монголын бага хаадын үед энэ бүр хэмжээ хязгааргүй болж билээ.

Чингис хааны яруу алдарт Их Монгол гүрэн нь Чингис хааны өөрийнх нь үзэл санааг дагасан “урт дурын” хүмүүсийн гүрэн байсан бол бага хаадын үеийн Монгол нь явцуу эрх ашгийн төлөө үхэлдэн тэмцэлдсэн өчүүхэн урваач шарваачдын орон болсон байв. Тэд Чингис хааны Их засаг хуулийг аль хэдийнэ умартаж, Хөх тэнгэрийн эрх хүчийг мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээж, хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа.
Өнөө цаг үе ч мөн түүнээс ялгаа алга. Өнөө цагийн монгол хүмүүнд Чингис хааны монголчуудын үр хойч гэн нүүр бардам хэлэх ёс суртахууны эрх бий эсэхэд эргэлзэн эмзэглэх мөч мөн ч их болж, Чингис хааны үедсэн бол хэзээ ч өөд нар харахгүй байсан тийм урвагчид, амин хувиа хичээгчид өнөө өт хорхой, жоом бямсаа мэт асар их үржсэн төдийгүй, эрх мэдэлтэй болцгоож, улс орны, ард түмний хувь заяаг шийдэцгээж байх юм даа. Чухам тийм дээ л бид өнөө хүчгүй сул дорой байж, хүчтний өмнө бөхөлзөн шарвалзаж, гуйн царайчилж байна.  

Ард түмэн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй” хэмээн зүгээр нэг цэцлээгүй аж. Чингис хааны үл тэвчдэг байсан тийм хүмүүсээр удирдуулсан улс орон, хулгай, авилгал, худал хуурмаг, үл итгэлцэл, гуйранчлал цэцэглэсэн орон болох нь ч аргагүй юм.

“Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” хэмээн хойч үеийнхээ өмнөөс ичиж, тэднийхээ өмнө хэдэн зууны турш, магадгүй өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр байсан Хит Буха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна.

Хит Бухагийн омог төгөлдөр төгсгөл нь XIII зууны монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах болтугай.*
2010 оны 9 сарын 3. Хүн чулууны хонхор

“Эгнэшгүй нөхрийг олов” номоос...

2 comments:

green sea said...

Өчүүхэн би бээр net-д үлэмж цаг зарцуулдаг хэдий ч ийм урамтай сайхан бичвэр олж таашааж байсан минь өдрийн од мэт буйза.Өвөг дээдсийн минь аливаад тууштай үнэнч шудрага зан,сэтгэл зүрхний оломгүй тэр их цог залийг өнөө бидний сэтгэлд бадамлуулан бадраахад энэхүү бүтээлүүд цаглашгүй их хувь нэмэр оруулна гэдэгт үл эргэлзнэм.Өвөг дээдсийн минь их түүхийг Харааж хатгавч Хэл цуцах..Хайрлаж харамлавч Хайр дутах..Булж баллуурдяаа ч Бурхан үл
хүчрэх..Шоолж элгэллээ ч Шулам ч шантрах ..Ширэнгэ мэт үй судар шастир дундаас Шилэгдэж цойлсон ҮНЭН.Угтан ирэх он жилүүддээ арвин бүтээл тууривхийг хүсье!

Б.Номинчимэд said...

Баярлалаа. Их сайхан үгс байна. Хичээнэ ээ.