Monday, February 2, 2009

ХҮННҮГИЙН ХААН АТТИЛАГИЙН УДИРДЛАГЫН УХААНЫ НУУЦ - 2

Уэсс Робертс

“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”
Уэйн В.ДайерPh.D.,

“Гайхамшигтай !”
Уильям К. Курс, “Адольф Курс Корпорацийн дарга

“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”
Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч

“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч

Үргэлжлэл нь

Удирдах тэмүүлэл:

Эцэг Мунзук хааныг нас барсны дараа Аттила авга ах Ругилагийн халамж, удирдамжид оров. Ругила удалгүй хаан суусан бөгөөд шинэ хаан Хүннүгийн түрэлтээс болгоомжилж байсан Ромын гадаад бодлогын нөлөөнд хурдан автаж, өөрийн улсыг Ромын холбоотон буюу Ромд үйлчлэгч улс болгох замд оржээ.
Аттила хар багаасаа өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяаны түүх, домгийг сонсч өссөн учир хүчирхэг, баатарлаг өвөг дээдсээ шүтэж, Хүннү гүрний ялагдашгүйд итгэдэг байсан юм. Тиймээс Ромд боол мэт захирагдах юм уу холбоотон нэрийн дор үйлчлэх бодлогыг эсэргүүцэж байлаа. Түүний өвөг дээдэс Европ, Азийн үлэмж их газар, бүр Африкийн хэсэг газрыг эзэлсэн боловч өөрийн гэсэн эх нутаг байсангүй учир үржил шимтэй баялаг бэлчээртэй, нам тайван газар олох зорилгоор аян дайн хийдэг байв. Харин Аттила балчир бага наснаасаа л Хүннү гүрэн дэлхийг эзлэх ёстой гэж боддог байв. Ругила хааны бодлогыг ил тод шүүмжлэх болноор авга ахтайгаа харилцаа хүйтэрсэн тул түүнийг арванхоёртойд нь Ромын дээд шүүхэд барьцаагаар илгээсэн юм.
Ромд байхдаа Аттила Хүннүгийн зарим овог аймгийн удирдагчдыг Ромын хорт явууллагын эсрэг нэгтгэх гэсэн боловч бүтсэнгүй. Энэ нь түүний Хүннүг нэгтгэж, Ромыг байлдан дагуулах хүслийг мохоосонгүй, харин ч улам дэвэргэсэн тул эзэнт гүрний удирдлагын арга, гадаад, дотоод бодлогыг, машид хичээнгүйлэн судалжээ. Тэрбээр Хүннүд эргэж очоод хийх ажлаа нэгбүрчлэн, алхам алхамаар төлөвлөсөн байна. Тэр удирдлагын ухаан, бусдад нөлөөлөх ухааныг эзэмшсэн учир Хүннүгийн овог аймгуудыг амархан нэгтгэж чадна гэдгээ мэдэж байлаа.
Цаг нь ирэхэд Аттила хаан болоход аль хэдийн бэлэн болсон байв. Тэгээд хаан боллоо.

Аттила: “Чи удирдагч болохыг хүсвэл…”

Хүннүчүүд Европын газар нутгийг нэгтгэсээр, нэг ч удаа ялагдаж үзэлгүй урагшилж байв. Хүчирхэг зэрлэгүүдийн тухай сураг Ромын эрхшээлд байсан улсуудад урьд өмнө байгаагүй дуулиан дэгдээж байсан учир зарим хот суурин ямар ч эсэргүүцэлгүй бууж өгөх юм уу оршин суугчид нь хүннүчүүдийн сургаар газар нутгаа орхин дүрвэж байлаа. Гэвч Аттилагийн насан туршийнх нь ухаант дайсан Ромын жанжин Аетиус /багадаа Аттилагаар барьцаалан солигдож асан/ Хүннүгийн армийг ялж, зэрлэг дорнын түрэлтийг зогсоожээ. Энэ бол ромчууд хүннүчүүдийг ялсан ганцхан тохиолдол байв.
М.Э. 451 онд, одоо Ромын цэргийн хуарангийн балгас байгаа Каталанийн тэгш өндөрлөгт Хүннүгийн арми Ромыг эзлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байлдаан хийхээр иржээ. Аттила арми өөрийн биеэр удирдаж байв. Тэр үед ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарсан байлаа. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон иштэй жаднаас хамаагүй давуу байлаа. Тэр байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан байсан бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарчээ. Орой болоход 162 000 – 300 000 орчим хүннү дайчид Каталанийн өндөрлөгт үүрд үлджээ.
Байлдааныг үргэлжлүүлэх утгагүй болохыг ойлгоод Аттила ухрах тушаал өгч, ромчууд анх удаа хүннүчүүд болон Аттилагийн нурууг харсан байна. Энэ бол Аттилагийн цорын ганц ялагдал байв. Түүний байлдааны төлөвлөгөөнд алдаа илэрч, шавхагдашгүй эрч хүч, няцашгүй хүсэл эрмэлзэл нь аорхин одох шиг болжээ. Дэлхийг байлдан дагуулах агуу төлөвлөгөө нь бараг билэхийн даваан дээр ийнхүү бүтэлгүйтжээ.

Гэвч тэр Дунай мөрний танил хөндийдөө эргэж ирэнгүүт эрч хүчээ дахин хуримтлуулж, байлдааны урлагийг шинээр судалж, дэлхийг байлдан дагуулах төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтүүдийг нэн даруй хийж эхэлжээ. Аетиусын хүннүчүүдийн дунд байхдаа олж авсан хүннүгийн үеэс үед өвлөн залгамжилж байсан зан заншлыг өөрчлөх нь Аетиусын тактикийг даван гарах гол зам байсан бөгөөд үүнд армиа өөрчлөн байгуулах нь чухал байлаа.
Гадуураа металл ялтастай ширэн хуягаар дайчдын уламжлалт арьс, нэхий дээлийг солив. Хүннүгийн тэр үеийн нийслэл хот Этцелбургийг удаан хугацааны бүслэлттийг тэсч гарахуйцаар бэхлэн хамгаалав. Нүүдэлчийн маягийн аж төрөх ёсыг халж, энд тэндгүй нүүдэллэн явахаа болиод өөрийн эзэлсэн газар нутагт тогтвортой суурьшин, өөрийн гэсэн эх оронтой болов. Ийнхүү суурьшмал, соёлжсон амьдралтай болжээ. Цайз, бэхлэлтийг харвах механизмууд олноор хийжээ. Дайчдаа явган цэргийн тактикт сургаж, явганаар маневр хийлгэдэг болов. Мөн урт бамбайтай болгожээ.

Ромчууд персүүдтэй найрамдан Хүннүгийн эсрэг холбоо байгуулсан нь армиа бүрэн өөрчлөн байгуулах төлөвлөгөөг тасалдууллаа. Аттила жанжингуудаа цуглуулж, аян дайны маршрутыг хэдхэн үгээр зааж өгөв. Хүннүчүүд дөнгөж саяхан хиар цохиулчихаад одоо эргээд ирнэ гэж огтхон ч бодоогүй байсан ромчууд мэгдэн сандарчээ. Аттилагийн арми гэнэтхэн огт өөр зэвсэг, хуяг дуулгатай, бүр бамбайтай, байлдааны өөр тактиктай болоод ирснийг үзээд ромчууд бүр ч алмайрав.
Хүннүгийн арми бараг сааталгүй хурдан урагшилж, Италийн нутгийн гүнд ороод стратегийн чухал ач холбогдолтой Акулияа хотыг бүслэв. Хүннүчүүд морины хурдаар дайрдаг гар хоосон шахам зэрлэгүүд биш, сайтар зохион байгуулагдсан, чанд сахилгатай, сайн зэвсэглэсэн, байлдааны техниктэй болсныг акулиячууд үзээд ихэд балмагджээ. Хотыг удалгүй эзлэн авч, амьд үлдсэн ромчууд их гүрний эзэн хаандаа “шинэ” хүннүчүүд”-ийн тухай мэдээ хүргэв. Хүннүгийн арми Ром руу нарийн тооцоотой ойртож байв.

Ромын эзэн хаан Валентиниан болон жанжингууд нь яахаа ч мэдэхээ байн сандралдаж, яагаад ч зогсоох аргагүй аймшигт арми ирж явааг л мэдэж байлаа. Эхлээд тэд хүннүчүүдэд асар их алт амлахаар шийдэв. Гэвч хүннүчүүд үүнд сэтгэл ханахгүй гэдгийг мэдээд бүр ч алийгаа мэдэхээ байв. Учир нь хүннүчүүд Италийн бүх алт эрдэнэсийн санг хуу хоослоод аль хэдийн тэрэг тэрэгээр зөөсөн байлаа.
Эзэн хаан Валентиниан өөр нэг “уран” арга сэджээ. Тэрбээр төрсөн дүү Хонориагаа Аттилад эхнэр болгон өгөхөөр шийдэв. Аль эрт л ингэдэг байж. Гэвч энэ төлөвлөгөө бас нурав. Учир нь Аттила урьд нь Хонориаг гуйж байгаагүй, тэгээд ч 300 гаруй эхнэртэй Аттила энэ саналаас татгалзана.

Хэрэв агуу их жанжин Аетиус байгаагүй бол Ром гүрэн Хүннүгийн өмнө хүч мөхөсдөн сөхрөх байлаа. Аетиус энэ удаа хүннүчүүдийг цэргийн хүчээр хэрхэвч дийлэхгүй гээд жанжны тушаалаас татгалзжээ. Гэвч тэр Ром гүрнийг дахин нэг аварсан юм. Тэрбээр эзэн хаанд I пап Lеог Аттила руу илгээхийг зөвлөжээ. Эзэн хаан шашны тэргүүндээ хүндэтгэлтэй ханддаг, Бурхны зараал нэг жилийн өмнө Трой хотыг аварсан шигээ Ромыг аврах байх гэж эзэн хаан найдаад Леог илгээжээ.
“Бурхны зараал” Ромын пап, “Тэнгэрийн ташуур” Хүннүгийн хаан хоёрын хооронд юу зуучилсан нь одоо хүртэл учир битүүлэг хэвээр байгаа бөгөөд ямар ч л гэсэн тэр хоёр уулзсаны дараа Аттила Ромыг орхиод цэргээ авч нутаг буцсан ажээ.

Аттила : Төрийн алба хаших тухай

Удирдагчийн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх бодолгүйгээ харуулсан хаан болоод ноёдын захиргаанд байснаас үүдэн хүнн нарт их хохирол учирч байна.

Олон улс гүрний төрийн жолоо эрхэм зорилт, эр зориг, удирдан жолоодох чадваргүй ноёдын гарт орсноос болоод улс үндэстэн нь мөхсөн түүх бий. Үндэстний эрх ашгийг эрхэмлэдэггүй, хулчгар, эрдэм чадваргүй байдал нэг бус удаагийн үйл явдалд давтагдвал захирагдагсад нь аимиа бодсон, аймхай болдог, энэ нь дайсныг хүчтэй болгодог.
Хүннүчүүд бүгдээрээ удирдан жолоодох чин хүсэлтэй, үнэнч зүтгэлтэйгээ харуулсан удирдагчдыг сонгон, тэдэнд захирагдах ёстой. Тийм удирдагч бусадтай адилхан байх ёсгүй. Хүнн бүр өөр хоорондоо адилхан байдаггүйн адил удирдагчид бие биенээсээ ялгаатай байх ёстой. Тэд хүмүүний дуртай бүхэнд дурлах ёсгүй, тэд гуйвамтгай байх ёсгүй.

Удирдагч болохын төлөө үнэн сэтгэлээсээ тэмүүлдэг, улс үндэстэнд үйлчлэх гэсэн чин хүсэлтэй, өөрийн бодолтой удирдагч үзэл бодол, мэдрэмж, өгөөмөр зан, нэр хүндэ, эр зоригоороо ялгарч байх ёстой.тэд хүний мөстэй, өөрийн үзэл бодлоо хатуу хамгаалдаг, өөрийнхөө үйлчилж байгаа этгээдийн үзэл бодлыг ч хамгаалдаг байвал зохино.
Удирдагч болохыг улайран тэмүүлж байгаа ихэнх хүнн тохилог мухлаг тэргэнд суух гэх мэтийн арчаагүй хүсэлтэй байгаа учраас миний дурдсан дээрх чанарууд тэдэнд байдаггүй.

Одоо надаас “Аттила, би удирдагч болохын тулд ямар хүсэл эрмэлзэлтэй байвал хангалттай вэ гэдгийг мэдэж болох уу?” гэж хүннүчүүд та нар асуу. Миний зөвлөгөөг авахыг хүссэн хүнн-д би дараах санаагаа хэлье:

• Удирдагч болохыг хүсч байгаа хүнн бусад чухал чанараас гадна юуны өмнө өөрийгөө бусдад үнэнээр таниулахыг тууштай хүсэмжилж, үүнийг хамгийн шударга замаар биелүүлбэл зохино.

• Чи хувийн амьдралд чинь бүтэлгүй явдал тохиолдох, зориг мохох, бусдын зүгээс эсэргүүцэж, үл тоомсорлох, урам хугарах цагт бэрхшээл бүхнийг даван туулах сэтгэлийнхаттай байх ёстой.

• Чи өөрийн үүрэг хариуцлагаа захирагдагч хүмүүсийнхээ дэмжлэг чармайлтаар биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эр зориг, бүтээлч санаачилга, сэтгэлийн тогтвортой байх ёстой.

• Чи хэрэв агуу удирдагч болохыг хүсч байгаа бол бусдаас онцгой, бүхнээс гарамгай чанартай байх ёстой.дэндүү гарамгай байх нь заримдаа бүгдийн элэг доог болдог, заримдаа домог болдогийг санах хэрэгтэй.

• Чи удирдагч болох хүслээ хэр хэмжээнээсээ хэтрүүлж болохгүй. Олон хүн үүнээс болоод баларсан юм. Чи хүсэл тэмүүллээ тууштай бэлтгэл, туршлага, боломжоороо бататгах хэрэгтэй.

• Гагцхүү уйгагүй шургуу хөдөлмөрөөр л зорилгодоо хүрнэ гэдгийг санаж явах хэрэгтэй. Өөрийн зорилгыг цаг мөч бүрт санаж байх нь хүсэл тэмүүллээс хүчтэй.

• Чамайг дийлэхийн аргагүй хүчтэн эсэргүүцэж, өрсөлдөж байсан ч зорилгоосоо бүү няц.

• Асуудлыг цогцоор шийдвэрлэхэд хүмүүсийн нийтлэг санаа бодол, мэдрэмжийг тодорхойлох нь чухал.

• Чадалтай захирагдагч болон үеийнхнээсээ бүү ай. Харин ч, чадалтай захирагдагчийн хүчээр биелүүлж болох зорилтоо биелүүлэхийн тулд чадалтай туслагч, захирагдагчийг мэргэн сонгох хэрэгтэй.

• Та өөрийн үйлчилж байгаа хүн болон удирдлагад чинь байгаа хүмүүст харамж шан горьдолгүй, хариу нэхэлгүй харамгүй сэтгэлээр ач тус хүргэхийг хичээж байх ёстой. Ийм ач тус нь овгийн анд явахгүй байх, захирагдагч хүмүүсээ сургаж хөгжүүлэхэд их цаг, хүч зарцуулах, өөрийн чинь хэрэгцээ хангагдаагүй байсан ч тэдний хэрэгцээг хангах гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно. Хэрэв өөр нэг хуаранд чиний хэрэг байгаа бол өөрийнхөө хуаранд болох найр наадмыг орхиод тийшээ явах хэрэгтэй.

• Чи амжилтад хүрэх төгс төгөлдөр тэмүүлэлтэй байх ёстой. Энэ тэмүүлэл чинь чамайг болоод чиний хүнн нарыг төгөлдөр гарамгай болгох бэлтгэлийг удирдана.

• Чи үргэлж сурах, сонсохыг эрмэлзэж, өөрийн хариуцсан нэгжийн үүргийг биелүүлэхмэдлэг, чадварыг баяжуулахыг чармайх ёстой. Үүний тулд хэрээс хэтэрсэн зүтгэл, харамгүй сэтгэл шаардагддаг.

• Чи цаг ямагт өөрийнхөөрөө байх ёстой, хуурамч дүр эсгэж огт болохгүй.

• Чи өөрийгөө сулхан удирдагч гэсэн ганцхан бодит баримтыг хүлэн зөвшөөрч, өчигдрийнхөөсөө илүү чадварлаг удирдагч болохын төлөө өдөр бүр цуцалтгүй ажиллах ёстой.

Үргэлжлэл бий
Orchuulsan D.Nyamsuren

Wednesday, January 28, 2009

ХҮННҮГИЙН ХААН АТТИЛАГИЙН УДИРДЛАГЫН УХААНЫ НУУЦ - 1

Уэсс Робертс

“Агуу ном…Цагийг элээх зарчмууд”
Х. Росс Перот /тэрбумтан, АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч/

“Аттила өнөөгийн ямар ч корпорацийг гялалзтал удирдана”
Эндрю Р. Квебейн, “Бүтээлч үйлчилгээ” корпорацийн дарга

“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”
Уэйн В.ДайерPh.D.,

“Гайхамшигтай !”
Уильям К. Курс, “Адольф Курс Корпорацийн дарга

“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”
Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч

“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч

“Нэрийг нь хараад буруу ойлгож болохгүй. Удирдлагын ухааны гайхамшигтай уран энэ бүтээл ухааны урам сэргээсэн, нэн уран нарийн гаргалгаатай, Аттилагийн ялалтаас ялалтад гэсэн үзэл санаагаар дүүрэн байна. Уншихад амар… мартах боломжгүй!”
Денис Уэйтли, Ph.D., “Ялалтын сэтгэл зүй ба Агуу ихийн үр” бестселлерийн зохиогч


Удиртгал

Хүннү гүрний хаан Аттилаг удирдлагын ухааны гайхамшигт жишээ болгон бичих нь наанадаж л эргэлзээтэй. Хүмүүн төрөлхтний түүхийн туршид түүнийг зэрлэг бүдүүлэг, хачин муухай царайтай, жижиг дарангуйлагч маягаар дүрсэлж ирсэн, түүний морьтон баатруудыг бүтээж босгох, хайрлаж хамгаалахыг үнэн голоосоо үзэн яддаг, үзэсгэлэн төгөлдөр, нам тайван хөдөө нутгийг хайр найргүй сүйтгэн түймэрдэж, Европ үндэстнүүдийн соёлжсон иргэд оршин суудаг үй олон хот тосгоныг тонон дээрэмдсэн болгож харуулдаг билээ.
Эрдэнэ мэт ховорхон удирдагч, хосгүй соёлжуулагч энэрэнгүй үзэлт, эрдэмт эзэн хаан гэдгийг нь тойрч өнгөрөөд хөнөөл таригч Аттилаг газар сайгүй зугаатай шог зургийн дүр, аливаа эрин цагийн аймшигт харгис удирдагчдын муу муухай зан чанар бүхнийг түүн дээр овоолж ирсэн юм.

Ерөнхийдөө, удирдлагын сэдэвт ном зохиолууд бизнес, спорт, анагаах ухаан, урлаг, боловсрол, шашин, дайн байлдаанд онц гарамгай амжилтад хүрсэн, нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдрал, ажил хэрэгт тулгуурлаж байв. Тэдгээр зохиол бүтээлийн дотроос олон нь судалгааны үнэ цэнэтэй бөгөөд бидний удирдлагын хөгжилд үнэтэй сургамж болох юм.
Гэвч зарим үед тэдгээр зохиолд агуулагдсан удирдлагын зарчмуудын утга санааг ялгаж салгаж ойлгоход хэцшш байдаг юм. Тэр ч байтугай тэдгээр номуудын уг агуулга бидний амьдралтай огт нийцэхгүй тохиолдол зөндөө бий.

Удирдана гэдэг бол бусдын үйл ажиллагааг эрх мэдлийн янз бүрийн төвшинд, бүтэх ч бай бүтэхгүй ч бай аль аль үр дүнг урьдчилан тооцоолж, тухайн байгууллагын хүрээнд удирдан чиглүүлэх хариуцлага юм. Энэ бол загвар юм уу систем биш. Удирдагч хүн бусдын үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа нөхцөлд тохирох удирдлагын загвар юм уу систем гэж байдаггүй. Удирдлагын зарчмуудыг үнэлэх нь төрөлжсөн салбаруудад амжилт гаргахад чухал ач холбогдолтой байж болох бусад ур чадваруудын үндэс болох ёстой.

Ийм учраас би энэ номынхоо баатраар Аттилаг сонгож авсан юм. Хүннү гүрэн мөхөж сөнөөд олон эрин улирсан, нүүдэлчин хүннүчүүд одоо дэлхийг донсолгохоо нэгэнт өнгөрсөн, тэдний удирдагч нь бахархан дууриах үлгэр жишээ яавч биш юм шиг санагдаж болох юм.

Энэ зэрлэг омгуудыг агуу их Хүннү гүрэн болгох их заяанд төрсөн болохоор агуу удирдагч болох улайрсан их хүсэл тэмүүлэл орь залуу Аттилагаас өөр хэнд ч байгаагүй биз ээ. Зэрлэг дайчин омгуудын их санаат толгойлогчид байтугай ах дүү нар нь хүртэл түүнийг үзэн ядаж, замаасаа зайлуулах хорон санаат явууллага хийж байсан нь түүний тоглож нааддаг хүүхэд насыг алгасуулж том хүн болгосон юм.
Аттилагийн аян дайны эхэн үед түүний арми хамаагүй илүү сахилга баттай, байлдааны асар их бэлтгэлтэй, хангамж сайтай Ромын армитай тулгарсан нь бас түүний удирдагчийн авьяас чадварыг хөгжүүлж өгчээ.

Хүннүгийн цөөхөн хэдэн омгийн толгойлогчид агуу Хүннү гүрэн байгуулах Аттилагийн төлөвлөгөөг дэмжиж, газар дэлхий дээр ганцхан Хүннү гүрэн ноёрхохын төлөө байсан нь түүнд дайснуудаа ялах чадалтай дайчин удирдагч болоход нь мэдээж их тус болсон байж таарна. Аттилагийн төмөр мэт хатуу логик, өөрийнхөө хүчинд итгэх агуу итгэл тэднийг нэгэн тугийн дор нэгтгэжээ.

Аттила өөрийгөө нээсэн нь

Хаанаас ч юм, яагаад ч юм гараад ирсэн, хүн төрөлхтний түүхэнд хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч, дэлхийг чичрүүлж байсан агуу Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж агсан, тэднээс Тэнгэрийн ташуур хоч хүртсэн Аттила ер нь хаанаас гараад ирсэн юм бол?

Хүннүчүүд бол нэгдүгээрт монгол гаралт нүүдэлчид, хоёрдугаарт өөр өөр хэлтэй, өөр өөр соёлтой омгуудын хэврэгхэн нэгдэл байжээ. Тэд Төв Азийн элсэн цөлөөс Түрэгийн эзэмшил нутаг, Европын Урал хүртэл өргөн уудам нутагт тархан нүүдэллэж байсан. Тэдэнд үндэстний нэгдсэн зорилго гэж байгаагүй, тиймээс тэдний хооронд бат цул холбоо байгаагүй, цагийн аясаар нүүдэллэн, цаг зуурын холбоотой байв. Тэд урт нүүдлийн замдаа төгсгөлгүй урт аятай дуугаа аялж, тэр дуунд нь морьдын тургилаан, тэмээдийн буйлиан хөг нэмдэг байсан ажгуу. Ан амьтны арьсан хувцастай, шар арьстай, урт гартай, өргөн цээж, онигор нүдтэй хүннүчүүд төрх байдлаараа ч, амьдралын хэвшлээрээ ч соёлжсон суурин газрын хүмүүст зэрлэг араатнаас нэг их ялгаагүй харагддаг байсан биз.
Дэлхийн хамгийн цуут удирдагчдын нэг Хүннүгийн хаан Аттила манай эриний 395 оны орчимд Дунай мөрний хөндийд Мунзук хааны хүү болон төржээ. Тэрбээр нүүдэлчин овгийн хааны гучингурав дахь үе байсан гэдэг. Цусан холбоогоороо тэр яах аргагүй монгол угсаатан юм.

Анх хонь унаж сурснаасаа хойш нэг их удалгүй моринд гарамгай нэгэн болж, морьтон дайчны эрдмийг нэн хурдан сурч, нум сум, илд жадны эрдэмд эгэлгүй болсон байна. Ан авд байнга явдаг нь хүннүчүүдийн аян дайны бэлтгэл болдог байсан нь мэдээж бөгөөд идэр залуу Аттила чоно, байвгайг ичээнээс нь хөтлөн гаргаж ирдэг байсан гэдэг.
Хаан эцэг нь түүнд онцгой дотно ханддаг, ирээдүйн их хаан болох суурийг нь эртнээс тавьж байсан боловч түүнийг насанд хүрээгүй байхад нь нас барж, эрх дураараа байсан цаг өнгөрчээ. Түүний авга ах нар, ялангуяа Мунзукийн оронд хаан суусан Ругила идэр хөвгүүнийг хялайн харах болжээ. Ингээд арванхоёртой байхад нь Ромын дээд шүүхэд барьцаалан явуулсан байна. Ругила хаан Аттилагийн оронд Ромын эзэн хаанаас Аетиус нэрт хөвгүүнийг хүлээж авчээ. Ромын хаад хүчирхэг гадаад улсуудад хааны гэр бүлийн хөвгүүдийг явуулж, тэр орны зан заншил, соёл, шашин эдийн засаг, цэргийн хүч гэхчлэн бүх зүйлүүдийг судлуулдаг байсан ба барьцаанд нь тэр орнуудын хааны гэр бүлээс хөвгүүдийг авчирдаг байв. Тэр хөвгүүд нь бас Ромыг судлах ба эх орондоо эргэж очоод Ромын нөлөөг дэлгэрүүлэх ёстой байв. Энэ нь нөгөө талаас Ромын эзэнт гүрний тагнуулын ажиллагааг хангадаг байжээ. Ийнхүү Хүннү гүрний ирээдүйн хаан Аттила, Ромын ирээдүйн агуу их жанжин Аетиус нар бага насандаа барьцаагаар солигдож байсан түүхтэй.

Аттила Ромд очуутаа ромчуудын суртал нэвтрүүлгийг байдгаараа эсэргүүцдэг байв. Барьцаанд байгаа хөвгүүдээс тэр л ганцаараа Ромын юм бүхнийг зад эсэргүүцэн тэмцдэг байлаа. Хоёр ч удаа оргоод баригдаж. Тэгээд торонд орсон араатан мэт өөртөө нэг булан олж аваад Ромыг шамдан судалж эхлэв. Тэрбээр Ромын бодлого болон практик үйл хэргийг судалж мэдэх тусмаа улам үзэн ядах болжээ. Ромын гадаад, дотоод бодлогыг хичээнгүйлэн судалж, гадаад орнуудын элч нартай хийдэг дипломат хурлыг нууцаар чагнадаг байжээ. Мөн эзэнт гүрний цэргийн хүчийг судалж, хүчтэй ба сул талуудыг мэдэж авсан байна. Удирдлагын ухаан, ирээдүйн хаанд хэрэг болох чухал бүхнийг судалж, Ромын мэдлэг чадвартай дипломатчидаас их зүйл сурчээ.
Аттила дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө Ромын дээд шүүхэд нарийвчлан боловсруулсан байна. Түүнийг Дунай мөрний хөвөөнд эргэж ирэхэд овог аймгууд улс төрийн болон цэргийн салбарт эзэн хаанаас хараат бус хэвээр байв. Аттила ирэнгүүтэй овог аймгуудын толгойлогч нартай нягт холбоо тогтоож, Хүннү гүрний уудам нутгаар ан ав хийж байхдаа тэднийг өөртөө татаж чадсан байна. Нэгэн удаагийн авын үеэр түүний ах Бледа нас барсан нь түүнийг Дунай мөрний овог аймгуудын хаан болоход хүргэсэн гэж зарим түүхчид хэлдэг.

Өөр нэг домог байдаг нь Бледаг бунхлахаар овог аймгуудын удирдагчид цугларч хэн хаан болох тухай хэлэлцэж байтал нэг хөвгүүн ирээд ойролцоох нугын дунд нэгэн гэрэл цацарсан илд байна гэж хэлжээ. Удирдагчид тэр хүүг даган нугад очтол шатаж буй мэт хурц гэрэл цацруулсан илд нисч явсан ба Аттила гараа сунгатал гэрэлт илдний бариул түүний гарт атгагджээ. Ингээд Аттила хаан болж, дур зоргоороо нүүж явдаг омгуудыг нэгтгэн агуу Хүннү гүрнийг байгуулжээ.
Тэрбээр овог аймгуудын удирдагч нарыг гэрийнхээ үүдэнд цуглуулж гурав хоног хуралдан нэгдмэл их гүрэн байгуулах төлөвлөгөөгөө тайлбарлаж, тэднээр дэмжүүлэх ам өчгийг нь авсан гэдэг. Эсэргүүцэгчдийг шууд цаазалж байжээ. Нэгэн өвгөн удирдагч Аттила хаанд мөргөөд “Миний хараа муудсан болохоор хурц нар руу харж чадахгүй болж, байлдан дагуулагч их эзэн хааны гэрэлд гялбаад өөдөөс нь харж чадахгүй нь” гэж хэлээд өөрийгөө егүүтгэхэд Аттила түүний энэ хүндэтгэлийг үг дуугүй хүлээн авсан гэдэг.

Их хаан болсон хойноо Аттила бусад дайчдаас ялгарахгүй энгийн амьдардаг байжээ. Тэр модон өргөөнд, модон ширээнд сууж, модон сав суулганаас идэж уудаг байсан, тэр Ромын эрх баригчид шиг чамин хувцасладаггүй, элдэв чимэг зүүлт хэрэглэдэггүй, хар булган дах хөдөрч, хар булган малгай өмсдөг. Албат иргэдээ үргэлж эргэж тойрч явдаг, тэгэхэд хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд, дайчид тойрон хүрээлж, зам гаргаж өгдөг байсан, эмэгтэйчүүд өөрсдийн хоол унднаасаа өгөхөд морин дээрээ, эрээлхэж цээрлэлгүй идэж уудаг байжээ.
Аттила хууль ёсыг чандлан мөрдүүлж, Хүннү гүрний зорилгыг хүн бүрт ойлгуулсан бөгөөд тэр нь герман, слав үндэстнүүдийг хяналтдаа байлгах, Ромыг байлдан дагуулах, Азийн бусад нутгийг эзэлж, дараа нь Африкийг эзлэх байв.

Аттила “удирдагчийн чанар”-ын тухай

Бид энэ зөвлөлд хуралдсан завшаанд Аттила би удирдагчийн чанарын тухай өөрийнхөө дотор бодлыг нээн өгүүлье гэлээ. Та нар болон та нарын захиргаанд байгаа хүмүүс хүннүчүүдийг зөв сайнаар удирдахад сайтар бэлтгэсэн байхын тул би эдгээр бодлоо та нарт нээж байна.

Хүннүчүүд бид үүрэг хариуцлагаа чандлан биелүүлж чадах эрдэм чадал, хүч боломжтой, чин зүтгэлтэй удирдагчдыг удирдлагын төвшин бүрт тохоон томилох нь бидний Хүннү гүрэнд амин чухал болой.
Удирдагчдыг төрүүлэх амар хялбар бөгөөд хурдан зам үгүй. Хүннү нар амьдралынхаа туршид сурах ёстой, сурахыг хойш тавьж хэзээ ч үл болох, сурахыг тасалж хэрхэвч үл болох, ямар ч эх сурвалжаас байлаа гэсэн сурах үйл болоод аргыг ямагт шинээр сэдэн эрж олох эрхэм буй.

Манай удирдагчид удирдах үйлээ эхлэнгүүд сурахыг эрхэм болгож, чухал эрдэм чадлыг олонгуут үр шимийг нь үзэх ёстой.
Бид өөрсдийн сурч мэдсэнээ идэр залуу дайчдад зааж өгч, тэд удирдагч болоход бэлдэх ёстой. Морь унах эрдэм, нум сум, сэлэм жад хэрэглэх эрдэм манай дайчдад хангалттай мэт боловч тэднийг удирдах хүмүүнд энэ бүгд хангалтгүй.

Бид улс үндсээ ур чадвартай удирдахын тулд туршлагаар дамжиж эрдэм болдог дараах амин чухал чанаруудыг төгс эзэмшсэн удирдагчид болох ёстой:

• Эвийг эрхэмлэх: хүннү нар юуны өмнө эвийг эрхэмлэх ёстой. Санал зөрнө гэдэг бол эв эвдэрнэ гэсэн үг биш. Овог аймгийнхаа эрхэм эрх ашгийн төлөө санал зөрж байгаа хүннү бусдыгаа сонсох ёстой. Нөгөө талаар, овог аймгийнхаа сайн сайхны эсрэг үйлдэлд идэвхтэй оролцож байгаа буюу өөгшүүлэн дэмжиж байгаа хүннү бол эвийг эвдэж байна. Тийм хүннүү хүнийг жирийн дайчин байсан ч, удирдагч байсан ч зайлуулах хэрэгтэй. Тийм хүннүү хүн эв эетэй хүннүү нарт нөлөөлөх боломжтой бол халдварт өвчин тараана. Эвийг эвдсэн үйлдэл болон хандлагыг өөрчилж болохгүй байвал хатуу үйлдлээр таслах хэрэгтэй.

• Эр зориг: хүннү нарыг удирдаж байгаа хүн эр зоригтой байх ёстой. Удирдагч хүннү өөрт нь даалгасан үүргэ хариуцлагаа биелүүлэхдээ айхыг үл мэдэх ёстой, удирдагчийн эрх мэдлээ алдахаас ч үл эмээх ёстой. Бэрхшээл тулгарахад шантардаггүй байх ёстой, сонголт хийж, шийдвэр гаргахдаа эргэлздэггүй байх ёстой. Удирдагч хүннү үүргээ биелүүлэхийн тулд өөрөө хохирохоос айдаггүй байх ёстой. Ямагт өөртөө игэлтэй, аюул тулгарсан үед ч, амар тайван цагт ч эр зоригоо алдахгүй байх ёстой.

• Чин хүсэл: зарим хүннү удирдагч хувийн чин хүсэл эрмэлзэлгүй: хүмүүст, үйл явцад, үр дүнд нөлөөлөх чин хүсэлгүй мөртөө өөрийгөө удирдагч гэж боддог. Чин хүсэл тэмүүлэлгүй, сул дорой удирдагч байж болохгүй. Бид авьяас чадалтай мөртөө чин хүсэлгүй дайчинг удирдагч болгохоос сэрэмжлэх хэрэгтэй.

• Сэтгэлийн тогтвор: удирдах төвшинд гарсан хүннү бүр сэтгэлийн бат тогтвортой байх ёстой. Манай бүх төвшний удирдагчид урам хугарах цагт сэтгэл хурдан сэргэдэг, зориг мохох цагт хурдан урам зориг ордог, үүргээ саруул ухаанаар биелүүлдэг байхын зэрэгцээ онцгой хүнд нөхцөл тулгарвал сэтгэл хөдлөлийн хүчээр даван гарах чадвартай байх ёстой.

• Биеийн хат: хүннү нарын удирдагчид удирдах үүргээ биелүүлэх бие бялдрын шаардлагыг хангасан байх ёстой. Удирдагчид бие бялдраа үндсэн, эрүүл аргаар чийрэгжүүлсэн байх ёстой. Хүннү нарыг орон дээрээс удирдахгүй. Хэтэрхий их идэж уун эрч хүчээ алдаж болохгүй. Ромчууд хэтэрхий их иддэг учраас оюун ухаан нь булингартдаг юм. Биеийг зөв хэрэглэхгүй бол хордоно. Эрүүл бие саруул ухааныг тэтгэнэ. Манай удирдагчид үүргээ биелүүлэхэд хүчирхэг бие хэрэгтэй.

• Өрөвч сэтгэл: удирдагч хүн өрөвч зөөлөн сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол бусдыгэнэрч, бусдын үнэ цэнэт зүйлсийг ойлгож, хүндэтгэдэг, өөр соёл, итгэл үнэмшил, уламжлалд мэдрэмтгий бйх ёстой. Гэхдээ өрөвч зөөлөн сэтгэл нь бусдад татагдах буруу сэтгэлд автаж болохгүй: овог аймаг, үндэстнийхээ үнэт зүйлсийн төлөө дипломат уран арга, байлдаан тулааны урлагаар тэмцэх ёстой үед бусдад уруу татагдах сэтгэл хортой.

• Эрс шийдэмгий байх: залуу удирдагчид шийдвэр төгс байж сурах, хэзээ хөдлөх вэ, хэзээ хөдөлж болохгүй вэ гэдгийг мэддэг байх ёстой, тухайн нөхцөлд бүх зүйлийг нягт нарийн тооцоолоод дараа нь шийдвэрээ гаргадаг байх ёстой. Шийдэмгий бус, эргэж буцсан, бусдын амыг харсан байдал захирагдагч хүмүүс, үр хүүхэд, дээд удирдлагын урмыг хугалж дайсан этгээдэд давуу тал олгодог.

• Урьдчилан харах: Ажиглалт болон туршлагаар хурцалсан зөн билгээрээ манай удирдагчид болох гэж буй үйл явдал, санаа бодол, үйлдэл, үр дагаврыг урьдчилан харж чаддаг байх ёстой. Аливааг урьдаас мэдэх чадвар бол өөрийн болоод өөрийнхөө захиргаанд байгаа хүмүүсийн аюулгүй байдлын баталгаа.

• Цаг хугацааг зөв тооцоолох: аливаа үйлдэл хийх, үг хэлэхдээ цагийг нь олж хийх, хэлэх нь удирдагч хүний маш чухал чанар юм. Цагийг зөв тооцоолох талаар шидэт томъёо байхгүй. Удирдагчийн энэ чанарыг заримдаа алдаанаасаа сурч олж авдаг.хэнд юу хэлэх гэж байна вэ, хэнтэй ажиллах гэж байна вэ, тэдний зан чанар, санаа зорилго, амбиц зэргийг мэдэж байх нь цагаа олсон шийдвэрт чухал байдаг.

• Өрсөлдөх чадвар: удирдагчийн амин чухал нэг чанар бол ялахын төлөө чин хүсэл юм. Дандаа ялаад байх нь чухал биш, харин чухал өрсөлдөөнд ялах зайлшгүй шаардлагатай байдаг. Манай үндэстний дотор болон гадна болж болж байгаа өрсөлдөөн маш ширүүн, амархан ялан дийлэх боломжгүй гэдгийг манай удирдагчид сайтар ойлговол зохино. Өрсөлдөх уур хилэнгийн мэдрэмж тулалдааны талбарт ч, яриа хэлэлцээрт ч, дотоодын зөрчилд ч ялагчдыг хөтөлдөг юм. Өрсөлдөөний мэдрэмжгүй удирдагч сул дорой бөгөөд жижигхэн сөргөлдөөнд ч амархан дийлддэг.

• Өөртөө итгэх: зөв дасгал сургууль, туршлага нь удирдагч хүнд өөртөө итгэх баттай итгэлийн мэдрэмжийг төлөвшүүлдэг. Удирдагчийн үүргийг биелүүлэх өөрийн мэдлэг чадвар, хүч бололцоондоо итгэл сул байх нь энэ хүн үүргээ биелүүлэх чадваргүй юм байна гэсэн бодлыг захирагдагч хүмүүс, шавь нар, удирдлагад төрүүлдэг. Тиймээс өөрийнхөө чадалд итгэхгүй бол сул удирдагч, хэрэггүй захирагч болдог.

• Тооцоолох чадвар: Өөрийн болон захирагдагч хүмүүсийнхээ үйл ажиллагааг тооцоолж үнэлдэг байх нь удирдагчийн нэг чухал чанар. Удирдагч хүн захиргаандаа байгаа хүний хийсэн ажил, хүрсэн амжилтыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй, үүнтэй адилаар алдсан алдаа, гаргасан дутагдлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй. Харин үр дагаврыг нь өөрөө хариуцах ёстой. Өөртөө ч мөн ийм шаардлага тавьж байх ёстой.

• Хариуцлага: удирдагчийн хийсэн ажил, өгсөн үүргийг зөв зүйтэй гэж захиргаанд нь байгаа хүмүүс мэдэхгүй бол удирдагч хэрэггүй. Хаан, жанжин хэн ч байлаа гэсэн доод төвшний удирдагчдын ажлыг өмнөөс нь хийхгүй. Тиймээс аль ч төвшний удирдагч өөрийнхөө ажлыг үндэстний өмнөөс өөрөө хариуцах ёстой.

• Итгэл даах: удирдагч итгэл даах чадвартай байх ёстой. Түүний хийсэн үйл, хэлсэн үг анд нөхөртөө ч, дайсандаа ч итгэл төрүүлж байх ёстой. Удирдагч үнэн мэдээлэл авч, зөв шийдвэр гаргаж байгаад хүн бүр итгэлтэй байх ёстой. Удирдагч итгэл даахгүй бол хүмүүст муугаар нөлөөлж, буруу санаатнуудын идэш болох тул итгэл даахгүй удирдагчийг даруй зайлуул.

• Бусдаас хамааралгүй байх: удирдагч өөрийнхөө үүрэг хариуцлагыг өөрөө мэдэж биелүүлэх чадваргүй бол түүнийг зайлуул. Хаан бүх төвшний удирдагчид юуг яаж хийхийг нь хэлж өгөч чадахгүй. Хэрэв чи удирдагч бол удирд, чадахгүй бол зайл. Хүннү удирдагч өөрийнхөө хийх юмыг өөрөө хийж чадаж байгаагаа дээд удирдагч болон доод хүмүүстээ харуулж чадах ёстой.

Орчуулсан Д.Нямсүрэн
Үргэлжлэл бий.

Sunday, January 11, 2009

Агуу их сүр хүчит хаан Аттила – 1


Нэг. Даллан дуудах алдар суу
Аттила... Энэ нэрийг анх “Небулингуудын дуулал” хэмээх эр баатарлагын яруу сайхан туулиас үзэж билээ. Бага ангийн жаал байж дээ. Тэр номонд гарах бүх баатар эрсээс хол тасархай хүчирхэг Зигфрид баатраас илүүгээр сүр хүчин төгөлдөр атлаа өгөөмөр зөөлөн, ухаалаг, үнэнч Аттила хэмээх хаан сэтгэлийг минь ихэд татсан юм. Тэнд Аттилаг “Хаадын хаан” гэсэн нь хамгаас сонин байж билээ.

Энэ “Хаадын хаан” гэсэн хүндлэлийг Чингис хаанаас өөр хүнд байхыг олж сонссонгүй өдий хүрэв. Төд удалгүй дунд ангид орж, дэлхийн түүхийн хичээл үздэг болоход үлгэр домгийн хэмээн итгэж байсан өнөөх Аттила нэрээ үзээд учиргүй хөөрөв. Тэрхүү түүхийн сурах бичигт Аттилаг арай өөрөөр, зэрлэг бүдүүлэг хүчирхэг байлдан дагуулагч гэсэн байсан санагдана. Харин энд миний сонирхолыг татсан нь “Хаадын хаан” Аттилаг маань “Тэнгэрийн ташуур” гэжээ. Ийнхүү Аттила гэдэг нэр надад өөртөө татагч шидэт, нууцат тарни бүхий нэр шиг санагдах болж, холбоотой бүхнийг шимтэн сонирхох болсон юм.

Дараа нь ганц Германууд төдийгүй Унгар болон Скандинавын орнуудын ард түмнүүдийн дунд Аттилагийн домог үлгэр бишгүй байдгийг мэдэж, үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан нь сонирхлыг маань улам хөгжөөсөн. Энэ бол мэдээж судалгаа, шинжилгээний бус, зөвхөн саваагүй сонирхогчийн түвшинд гэдэг нь ойлгомжтой.

Гэхдээ л, бараг хорь гаруй жилийн дараа Вэсс Робертсийн бичсэн “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн нууц” хэмээх номыг олж үзэн үзтэлээ аль 16 зууны өмнөх, ялангуяа барууны ертөнцөд зэрлэг бүдүүлэг, аймшигт цуст байлдан дагуулагч гэсэн хэвшмэл ойлголттой Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг тэрхүү барууны ертөнцийн өнөө үеийнхэн нь бахдан шагшрах, үлгэрлэн дагах юм чинээ санасангүй явжээ.

Энэ ном Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дурдахад илүүдэхгүй. Ингээд Аттилагийн түүхийг өөрийн хэмжээнд олж цуглуулснаа багцлан, найруулсан маань энэ.


Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу


Монгол угсаатны өвөг дээдэс Хүн нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ.

Манай тооллын 376 оны зун... Ромын эзэнт гүрний зүүн хил Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүнээр Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд оршин бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилвал Дон/Tanais/, Ижил /Rha/ мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ.

Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосонгүй ч үгүй.
Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валенаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгож, тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна.

Тэд бол Хүн нар байлаа. Энэ үйл явдлаас бүр зуугаад жилийн өмнө /манай тооллын 270-аад онд/ Хүн нар Ра /Ижил мөрний эртний нэр/ мөрнийг гатлан Алануудын нутаг дэвсгэрт орж иржээ. Аланууд бол Хүн нарын адил морьтон ард түмэн. Тэд бусад ард түмнээс илүү зоригтой гэгдэж, бас л Хүн нарын адил моринд гарамгай, суманд мэргэнээрээ алдаршиж байсан цаг байж. Гэвч тэд Хүн нарыг зогсоож чадсангүй, бут цохиулан, сарнин тархаж, олонхи нь Сарматуудын нутагт цөмрөн тэднийг шахаж эхэлжээ. Цөөнгүй хэсэг нь Хүн нарын хараат болж, тэдний морьт цэргийн нэгэн хүчирхэг бүлэглэлийг бүрдүүлсэн байна.
Алануудад шахагдсан Сарматууд бас Вандал, Аланы зарим овгуудтай барууншилж, Остроготын нутаг руу, зарим нь нэлээд хойгуур Висла, Эльба мөрний адгаарх овог аймгуудыг шахаж эхэлжээ.

374 оны орчимд харин Хүн нар өөрсдөө Дон мөрнийг гатлан Днестр, Дон хоёрын завсар өөрийн хүчирхэг улсаа төвхнүүлээд байсан Зүүн буюу Остроготуудын нутагт хөл тавив. Остроготуудыг хэн ч хулчгар дорой гэдэггүй байж. Уулынхны адил хурц омголон, нүүдэлчдийн адил моринд гарамгай тэд агуу Их Ван Эрманарихийнхаа туган дор зүүн өмнөд Европод өөрийн гэсэн хүчирхэг эзэнт улсаа төвхнүүлж эхлүүлээд байсан цаг байж. Дайн байлдааны асар баялаг туршлагатай өвгөн Ван Эрманарих дайнд хатуужсан 200 000 дайчдынхаа хамт тэрхүү Хүн нарыг тоссон ч салмайтлаа цохиулжээ. Хүн нарын хүчин чадлын ихийг, илднийх нь хэр хурцыг, сумных нь ончтойг мэдэрч, зогсоох ямар ч боломжгүйг ухаараад Эрманарих цөхөрсөндөө амиа хорлосон гэдэг. Зарим сурвалжид түүнийг тулалдаанд олзлогдоод, гутарсандаа амиа хорлосон ч гэдэг. Юутай ч түүний шарил олдоогүй байна. Их ванг залгамжлагч Витимир Хүн нарын армид байсан зарим овог аймгуудын дайчдыг их хөлсөөр урвуулан, хүчээ зузаатгаад эсэргүүцэх гэж оролдсон боловч боломж олдсонгүй, 375 оны дундуур нэгэн тулалдаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж, ард түмэн нь Баруун буюу Визиготуудаасаа өмгөөлөл эрэн Днестрийг гатлан баруун тийш зугатсан байна. Хүн нарыг Дунай мөрнийг гаталж байх үед Аттилагийн дээд өвөг Баламбир /360-378 онд/ Хүн нарын хаан байжээ. Баламбир хаан Готуудыг ялсан ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлгээр үхсэн ба түүнээс 75 жилийн хойной түүний алдар цуут үр удам Аттила мөн хурмынхаа шөнө учир битүүлгээр нас барсан билээ. Баламбирийн дараа Балтазар хаан суув.

Визиготуудын Ван Атанарих тэрхүү хурдан морьт дайчдыг зогсоох гэж оролдсон боловч бас л юм болсонгүй, Хүн нар түүнийг хормын дотор арчиж орхисонд Готуудын хувьд цор ганц итгэл найдвар, аврал нь Дунай мөрнийг гатлан урьдын эзлэн түрэмгийлэгч, өстөн дайсан нь байсан Ромын эзэнт гүрэн болж хувирчээ.
Өршөөл хүсэн хилийн дотор орж ирсэн Готуудыг Ромчууд боолчлохыг санаархсанд тэд эсэргүүцэв. Готууд эргээд Хүн нарын зарим хэсгийн дэмжлэгийг авч хамтарсан хүчээр Ромтой тулжээ. Ромын эзэн хаан Вален Адрианофоль хотын дэргэд Хүн болон Готуудын нэгдсэн хүчинд бут цохиулан эзэн хаан өөрөө алуулсан байна. Түүний дараа харин жинхэнэ Хүн нар Мүнзүк хааныхаа туган дор Зүүн Ромын эзэнт гүрэнд довтлон оржээ. 395 оны орчимд газар дэлхий дээрх хамгийн хүчирхэг том гүрэн болох Ром нь түүхэндээ анх удаа зэрлэгүүд хэмээн үл тоож байсан харийнханд бууж өгөн, их хэмжээний татвар өгөхөөр болов.

Ийнхүү дорно зүгийн олон овог аймгуудыг хуйлартал нь туусаар Хүн нар Ромын эзэнт гүрний хилд цөмрөв. Энэ үеэс л зүүн зүгийн ард түмнүүдийг үл тоомсорлодог байсан Ромчууд Хүн нарыг ихэд сонирхон, Марцелинниус, Жорданес, Прискус нарын зэрэг түүх сударчдийн бүтээлд тэмдэглэгдэж эхэлжээ. Эдгээрээс Прискус нь Аттилатай биечлэн уулзаж байсан ба түүний тэмдэглэл нэн чухал бодит сурвалж болдог байна. Ромчууд Хүн нарын гарал үүслийг Мөст Танайс/Дон/ мөрний чинадаас ирсэн, Уралын цаана орших мөнхийн харанхуй ертөнц бол Хүн нарын эх орон, эсвэл Скифүүдтэй хольж хутган тэмдэглэсэн байдаг.
Ромын эзэнт гүрний зүүн хил даяараа бужигнаад зогсохгүй эзэнт гүрний хил хязгаарын дотор ч бөөн бужигнаан болоод эхлэв. Энэ үеийг түүхчид Ард түмнүүдийн Их нүүдэл гэдэг.

Хүн нарт туугдсан Вандал/Гандерих Ван/, Алан нарын нэгдэл Баруун Ромын эзэнт гүрний хойт хэсэг, Франк, Бургунд, Галлын нутгаар нэвт шувт гарч Принейн хойгийн баруун талд, зарим нь бүр Гибралтарийг гэтлэн Умард Африк дахь Баруун Ромын баян муж Каесар, Картейжд очиж тогтов.
Хүн нарт бут цохиулсан Баруун Готууд Зүүн Ромын эзэнт гүрний хилийн дотор амь хоргодохоор ороод зогсохгүй Константинофолийг бараг хүрэн алдаад баруун эргэж, Балканы хойгийн баруун үзүүрт байх эртний Спарт хот хүртэл явжээ. Гэвч тэндээ тогтсонгүй. Атриадын тэнгэсийн зүүгээр тойрч явсаар, Баруун Ромд нэвтрэн, хөлсний Хүн нараар хүчээ сэлбүүлсэн Ромын легионуудтай хэд хэдэн тулаанд ялагдсан ч 410 онд Ром хотыг эзлэн авсан байна. Хэдэн зууны турш хүн төрөлхтний соёл, урлагийн голомт болж явсан Ром хот анх удаа харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн гурав хоногийн турш шатжээ. Энэ нь Ромын газар нутагт Хүн нараас зугтан толгой хоргодсон Готууд Ромыг өөрийг нь ч бут цохих чадвартай байсныг харуулна. Зарим сурвалжид Ромыг эзэлсэн Аларихийн Визиготуудын дунд Хүн нарын хөлсний цэргүүд явсанаас тэд ромын легионуудыг амархан буулгаж авсан, тэдгээр 10 000 Хүн нар нь өмнө Баруун Ромын хаан Хонорийд хөлслөгдөн Готуудыг цохиж байсан тэр цэргүүд мөн гэжээ.

Аларих ван Ромын олзлогдсон гүнж, хожмын Ромын эзэн болсон Галла Пласидийг хатнаа болгож байжээ.
Энэ үед Ван Аларих нийслэлийг нь эзэлж, хавьгүй илүү давуу байдалтай байсан ч Баруун Ромын эзэнт гүрнийг бүрмөсөн унагахыг бодсонгүй, Хүн нараас холхон Альпиас баруун тийш Галлийн хэсэгт амьдрах суух газар нутгийг Ромын Сенатаас хүссэнээр энэ ялалтаа хязгаарлажээ. Магадгүй, Визиготуудын Ван Аларихийн улс төрийн энэхүү шийдвэр нь Баруун Ромын цэрэг дайны хүчийг бүрэн шавхахгүйгээр дийлдэшгүй хүчирхэг Хүн нарын эсрэг сөргүүлэн бамбай болгон тавьж, өөрсдийгөө хамгаалах маш ухаалаг алхам ч байж болох юм.

Зүүн буюу Остроготууд Ромын эзэн хааны ивээлийг хүртэн Дунай мөрнийг гатлан Эзэнт гүрний хилийн дотор одоогийн Унгарын баруун хилийн орчимд толгой хоргоджээ.
Шахагдсан Франк, Бургундууд, Германы зарим овог аймгууд нэлээд хойхнуур Рейн мөрний адгаар барууншилж, Скандинаваас Саксонууд баруунш нүүдэллэж, Британи дахь Ромын мужуудыг түйвээж эхэлсэн байна.

Ийнхүү зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгууд баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрах болсон нь өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Мөн эдгээр ард түмнүүдийн нүүдэл, түрэмгийлэл нэг талаас нь шахаж, нөгөө талаас нь Хүн нарын хүчирхэг довтолгоон, нөлөөлөл нь олон зууны туршид Европ даяар түгэн дэлгэрсэн “Pax Romanica” –г бүрмөсөн нураасан гэдэг.


Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас

Европ дахин ийн хөл толгойгүй бужигнаж байсан үед, 406 оны /түүхчид түүний төрсөн оныг 398, 406, 408 гэх мэтээр янз бүр дурдсан байна/ зуны нэгэн шөнө Европын тэнгэрт ер бусын хурц улаан сүүлт од харагджээ. Тэр сүүлт од савартаа илд шүүрсэн аварга улаан бүргэдтэй адил харагдан, бүхний зүрхэнд айдас хүйдэс хуруулсан гэдэг. Чухам энэ шөнө тэрхүү илд атгасан Улаан бүргэд болж Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүн нарын ордод мэндэлжээ. Ромын зарим түүхчид Дунай мөрний хөвөөнд төрсөн ч гэдэг. Мажаруудын хуучин домогт Аттилаг дээд хүчит тэнгэр Хадурын Улаанбүргэд гэжээ.
Тэр домогт өгүүлснээр Аттилаг илд атгасан Тэнгэрийн Улаан бүргэд болон ирэхийг түүний өндөр өвөг Нимрод нь алс Алтайн уулнаас Хүн нар баруун тийш хөдлөхийн өмнөхөн зөгнөжээ. Тэр Хүн нар алс баруун зүгт очсон хойно, миний үр удамд ертөнцийн бүх дайчдийн хамгийн агуу нь болох нэгэн төрөх бөгөөд түүнийг Хүчит тэнгэр Хадурын ташуур хэмээн нэрлэх болно гэжээ. Үнэхээр тэр зөгнөлөөр болж, Ромчууд, ер нь европ дахин Аттилаг Тэнгэрийн бэрээ /Scourge of God/ хэмээн хүлээн авчээ. Домогт өгүүлэхээр бол Аттилагийн эцэг Цагаанбүргэд буюу Бендегуз /Мүнзүк/ нь овог аймгаа тэргүүлэн Дон мөрнийг гаталсан Хаан Балтазарийн ууган хүү аж. Балтазар хаан Мүнзүк, Чарат, Октар, Ругила гэсэн дөрвөн хүүтэй байсан ба тэд 390 оноос 437 оны хооронд дараалан төр барьжээ.

Аттилагийн эцгийг олонхи тохиолдолд хаан Мүнзүк хэмээн тэмдэглэсэн байдаг ба хаан суусан оныг нь 390-410 гэжээ. Тэгэхээр 395 онд Зүүн Ромын хаан агуу их I Феодосийг буулган авч гэрээ хийж, татвар татаж байсан Үлдиз хаан болон Мүнзүк хоёр нь нэг хүн болов уу гэж таамаглахад хүргэж байна.

Аттилагийн төрсөн болох түүний сүр хүчтэй холбоотой домог олон байдаг.

Аттилад үнэхээр дайны тэнгэр Марс бурханы илд гэгддэг нэгэн илд байсныг нүдээр үзсэнээ Ромын түүхч Прискус бичээд, ийм нэгэн домгоор түүнээ хачирласан байна. Нэгэн Хүн хүний тугал бэлчээрээс доголсон ирэхэд, түүний цустай мөрийг эргэн мөшгөсөөр газраас хагас цухуйсан алтан илд олжээ. Түүнээ Аттилад өргөсөнд Аттила хүннүгийн эртний хаадын тахиж байсан дээд тэнгэрийн илд мөн болохыг таньж, тэгээд энэ илд дахин эргэж Аттилагийн гарт ирсэн нь түүнийг хэний ч өмнө ялагдашгүй болголоо гэжээ.
Энэ домгийн арай өөр хувилбарт өгүүлэх нь Аттилатай хамт Хүн гүрнийг удирдаж байсан ах Бледаг үхсэний дараа Хүн нарын удирдагчид цуглаад хуралдай хийж байтал үхэр хариулагч нэгэн хүү ирж ойролцоох нугад ер бусын гэрэлт илд байгааг дуулгажээ. Ихэс ноёд хүүгийн заасан нугад очтол үнэхээр гал бадарсан илд нисч явсан агаад Аттилаг гараа сунгатал ирж атгагджээ.

Энэ үед Хүн нар гол хүч Ромын баруун хил, үржил шимт өгөөмөр сайхан Паннониад баттай суурьшаад байсан байна.
Аттилагийн бага насандаа туулсан амьдрал нь Чингис хаан, Модун шаньюй нарынхтай зарим талаар төстэй санагддаг. Аттилаг маш бага байх 410 онд эцэг нь нас баржээ.

Түмэн шаньюй нь хайртай бага хатнаасаа төрсөн хүүгээ хаан ор суулгахын тулд их хатнаасаа гарсан Модуныг бага насанд нь дайсагнагч Юэчжи улсад найрамдлын барьцаа болгон илгээгээд дараа нь Модуныг Юэчжи нараар алуулахын тулд итгэл эвдэн тус улсын эсрэг гэнэт довтолжээ. Гэвч Модун эр зориг авжаалж самбаагаараа амь гарч, нутагтаа ирэн, улмаар эцгээ алж, хаан ширээ залгамжилдаг.
Чингис хааны хувьд эцэг Есүхэй нь түүнийг 9 настайд нь харь хол Хонгирад аймагт аваачиж орхидог ба арав гаруй насандаа Тайчуудад олзлогдож мөн ч өөрийн чадвар, арга самбааны хүчээр амь гарсан түүхийг бид сайн мэднэ.

Тэгвэл Аттилагийн авга ах нар болох Хүн нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Ийнхүү Монгол овогтны энэхүү агуу их гурван хүмүүн бага насандаа харь холд одож, балчир ухааныхаа хэрээр хатуужин чангарч, хатуу ширүүн шалгуур, бэрхшээлийн туулан, шинэ газар орон, шинэ ертөнцийг танин мэдсэн нь тэдний хожмын агуу их үйл хэрэгт маш чухал суурь дэвсгэр, бэлтгэл болсон нь ойлгомжтой юм.
Гэхдээ боолчлогдон, дарлагдаж байсан нөгөө хоёроосоо Аттилагийн ялгарах онцлог нь хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж авсанд юм. Тэрээр Ромд өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэгцэн ихийг сурчээ. Ромын урлаг, соёлд, түүх зэрэгт суралцаад зогсохгүй цэрэг дайн, улс төр, дипломатийн урлагийг ч сайтар эзэмшсэн байна.

Чингис хаан Тайчуудын дөнгөнөөс хүчин чадал сул дорой, холбоотон хамтрагчгүй байж болохгүйг ясандаа ортлоо ойлгож ирсэн бол, Модун шаньюй Юэжчи улсын барьцаанаас итгэл эвдэн, далдуур хор хутгахын гайг мэдэрч, эцгээ замаасаа зайлуулах чин эрмэлзэлтэй ирсэн бол, Аттила Ромын барьцаанаас Хүн нарын дунд урьд хожид байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй төдийгүй дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй дорно зүгт өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагт Умард хятадыг эртний Хүн гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгт Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүн гүрний бүрэлдхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүн гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ.
Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, Хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүн нарын нэгэн овог аймагт очиж байжээ.

Ромын өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн биз. Магадгүй тухайн цаг үед Аттила шиг тийм өргөн дэлгэр мэдлэгтэй атал, тийм өргөн уудам газар нутгаар аялан нүд тайлсан нь байхгүй л байсан болов уу. Соёлт Ромын элч нар их сайндаа л Персийн хааны ордонд хүрч байснаас биш Азийн гүнд нэвтэрч байсангүй. Бараг 400 гаруй жилийн өмнө Парфи нарт олзлогдсон Ромын нэгэн когорт цэрэг Талас голын хөндий хүрч, Парфийн холбоотон Умард Хүн улсын шаньюй Чижийн ордныг хамгаалан Хятадуудад Ромын легионы нягт жагсаал, чанд сахилга, богино илдний ирчийг мэдрүүлж байсан нь магадгүй Ромчуудын очсон хамгийн зүүн цэг болов уу.
Үргэлжлэл бий.
Б.Номинчимэд

Monday, December 1, 2008

Лигдэн хаан хөөрхий...

Лигдэн Хутагт хаан 1206 оноос 1634 оныг хүртэл 428 жил Монгол Улсыг Чингис хааны угсааны 35 хаан захирч байв. Эдгээр хаадаас хамгийн эмгэнэлт хувь тавилантай нь Лигдэн Хутагт хаан юм. Ийн хэлэхийн учир нь чухам түүний үхлээр Чингис хааны мандуулсан Монголын нэгдсэн төр задран, Манжийн эрхшээлд орон, уруудал доройтлын эриний үүд нээгдсэн төдийгүй Чингис хааны барьж байсан Төрийн Их хасбуу Тамга ор сураггүй алдагджээ.
Монгол улсын хаан Буян сэцэнийг 1603 онд өнгөрснөөс нэг жилийн дараа ахмад хүү Манхус тайжийн ууган хуү 12 настай Лигдэнг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилж, оны цолыг нь Хутагт хэмээжээ.
Лигдэн хутагт хаан 30 жил хаан ор сууж, шинэ тутам хүчирхэгжсэн Манж болон өөрөөс нь урвасан Монголын зарим овог, аймгуудын ноёдын хамтарсан цэрэгт цохигдон, Хөх нуурын зүг дутааж яваад 1634 оны хавар цэргийн хуарандаа өвчнөөр бие барсан байна.
Чухам ингэхдээ Чингис хааны Хас эрдэнийн тамгыг харь дайснаасаа нууж чадсан уу, үгүй юу гэдэг нь одоог болтол таамаг хэвээр байсаар байгаа юм.
Манж нар Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулахад чухам Чингис хааны тамга тун чухал байсан тул Лигдэн хааны дараа Чингисийн Хас тамгийг уйгагүй эрж хайжээ. Гэвч олсонгүй. 1635 онд Лигдэн хааны хүү Эжээ хонгор Манж нарт бууж өгөхдөө авч очсон тамга нь Чингисийн төр залгамжлах тамга биш байжээ. Гэвч Манжийн хаад тэр худал тамгийг ашиглан Монголын төрийн хууль ёсны залгамжлагч гэдгээ баталгаажуулж авсан билээ.
Энэ дашрамд нэгэн зүйлийг зориуд хэлэхэд, ялангуяа өрнийн түүх бичлэгт Монгол орныг 17 зууны сүүл үеэс 20 зууны эхэн үеийг хүртэл Хятадын эрхшээл дор байсан гэж бичиж, тэмдэглэж ирсэн нь буруу юм. Монгол болон хятад хоёр улс аль аль нь Манж хэмээх гэнэт хүчирхэгжин гарч ирсэн хагас монгол угсааны хагас нүүдэлчин аймагт эзлэгдэж, тэдний эрхшээл дор аль аль нь 200 гаруй жил, гэхдээ нэг нь шууд эзэмшлийн, нэг нь вассал орны байдалтай оршиж ирсэн билээ. Манж нар нь Хятадын Бээжин хотод төвлөн сууж, төрийн хэргээ хятадын уламжлалт бодлогод тулгуурлаж, аажмаар хятаджин үндэстнийхээ хувьд бүрмөсөн хятадад ууссан нь Манж нарыг Хятад гэх, Манжийн төрийг Хятадын төр гэх ойлголтыг төрүүлж, энэ нь улмаар Монгол улсыг Хятадын хараат байсан гэсэн ташаа ойлголтыг төрүүлдэг.
Ийнхүү хэдэн зууны түүхтэй Их хаант төрөө мөхөл болж буйг нь, улс үндэстнээ бусдын өвдөг дор бөхийж буйг нь, үр удам, үндэс угсаа нь устгагдан доромжлогдож буйг мэдэж байсан нь, яахын аргагүй түүхэн хувь заяаг сөрж буйгаа ойлгож байсан нь Лигдэн хааны хувь заяаг бусдаас нь онцгой эмгэнэлт болгожээ.
Хэдийгээр сүүлчийн хаан боловч Лигдэн Хутагт хаан сул дорой хаан байгаагүй билээ. Хятад руу удаа дараа уулгалан довтолж, Бээжинг чичрүүлэн, их хэмжээний татварыг жил бүр авч байсан нь түүнийг сүр хүч их байсных. Тэрээр 30 гаруй жил хаан ширээнд суухдаа нэгэнт эрч хүчээ авчихсан байсан монголын дотоодын бутралыг намжаах, монголчуудыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байв. Гэвч түүний тэмцэл амжилт олоогүй билээ. Үүний учрыг Лигдэн хааны алдаатай үйл ажиллагаатай холбохоос илүүгээр олон он жилээр суурь нь тавигдсаар ирсэн монгол гүрний задралын зайлшгүй шалтгаант нөхцөлтэй холбон үзэх нь илүү бодитой байж магад юм. Түүхэн үйл явцыг сөрөх аргагүй байдаг шүү дээ.
Лигдэнг Монголын түүхнээ "Цахар хаан" "Дөчин хаан" хэмээн нэрлэдэг нь түүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэрээр төрийн зарим нэгэн шинэчлэл хийж, найман отог цахар түмнийг гурван түмэн болгон хувааж, Хар Авга ууланд шинээр "Цагаан хот"-ыг байгуулан, түүнээ монголын нийслэл болгож байв.
Мөн Лигдэн хаан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм.
Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна. Энэ мэт бурханы шашныг монголд дэлгэрүүлэхэд анхаарч байсан нь улам бүр тархай бутархай болж буй баруун, зүүн, төв монголчуудыг буддын шашны далбаан нэгтгэх, ард түмнээ шажны ариун сургаалаар гэгээрүүлэх, шашны үзэл санааг дагасан соёл, урлагыг хөгжүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургасан төрийн бодлогыг тухайн цаг үед түгэн дэлгэрч байсан шашны үзэл санаагаар дамжуулан хэрэгжүүлэх гэсэн оролдлого юм.
Гэвч Лигдэн хааны эдгээр бүх зорилгод Манж нар саад болсон билээ.
Тэр үеийг хүртэл манж нар нь Сунгари мөрний сав газар, Япон тэнгэсийн эргээр нутаглаж байсан багашиг хагас нүүдэлчин, загасчин аймаг байсан тул Лигдэн хаан тэдний гэнэтийн хүчирхэгжиж буйг нь анхааран, тэднээс сэрэмжилж чадаагүй байна. Түүний илрэл нь Манжийн төрийг үндэслэсэн анхны хаан Нурхач баатарт илгээсэн захидалд тод байдаг. Тэрээр захидалдаа өөрийгөө Дөчин Дөрвөн Монголын Их хаан Чингис хэмээгээд, Нурхачыг захын овгийн жижигхээн ноёны хэмжээнд адилтган үзсэн байдаг.
Нурхач болон Абахай нар “Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэсэн бодлого барьж, манжтай хил залгаа ойрхон байсан Хорчин, Горлос зэрэг монгол аймгуудын ноёдыг өөртөө татахын тулд их хэмжээний бэлэг сэлт тараах, ураг садан бололцох зэргээр Лигдэнгээс хөндийрүүлж эхэлсэнд Лигдэн хаан Манжийн хаанд илтэд дургүйцэх болов. Улмаар энэ явдал даамжирсаар эцэстээ тулж, 1631 онд Лигдэн хаан цэрэглэн Манжийн нутагт гүн цөмрөн давшжээ. Гэвч Манж нар өөрийн талдаа найдвартай татсан Монгол ноёдын хүчтэй хавсран Лигдэнд цохилт өгсөн төдийгүй Чингис хааны төрийн залгамж чанарыг хүчээр авахаар улайран зүтгэсээр, түүнийг бүрмөсөн мөхөөсөн билээ. Чухам Манж нар түүний хараат ноёдыг эвт бодлогоор татаж буйн эсрэг хүчээр эргүүлэн татах оролдлого хийсэн нь Лигдэн хааны алдаа байсан ч байж магад юм. Ерөөс тухайн үед Лигдэн хааны шууд эзэмшлийн дор зөвхөн Цахар түмэн байсан ба олонхи монгол аймгууд тус тусын ноёдын дор бие даасан бодлого явуулж байсан нь Лигдэнг нэгдсэн хүчээр Манж нартай дайтах боломж олгосонгүй.
Харин хятадууд улам бүр хүчирхэг болж буй Манж нараас болгоомжлон, тэднийг Монголын эсрэг хандуулж, хоёр хүчтэний хүчийг баран тамирдуулах бодлого барьж байсан нь энэ явдалд ташуур болсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хятадуудын энэ бодлого бас үр дүнгээ өгсөнгүй. Манж нар хөрш улсуудаа хэрэглэж байсан Хятадын бодлогыг өөрийнх нь эсрэг үр дүнтэй ашиглав. 1635 онд өмнөд Монгол бүхлээрээ Манжийн эрхшээлд орж, 1636 онд өвөр Монголын 16 аймгийн 49 томоохон ноёд чуулж, Манжийн хааныг Манж болон Монголын Богд эзнээр өргөмжлөхөд хятад улсын хувь заяа бараг тодорхой болжээ. Тэр жил Манж, Монголын нэгдсэн хүчин Цагаан хэрмийг даван довтолж, улмаар 1644 онд Бээжинг унаган, Хятадын Мин гүрнийг мөхөөхөд монголын морьт цэрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин хожим 1691 онд Халх монголыг, 18 дугаар зууны дундуур Баруун монголыг буулган авахдаа хятадын цэрэг, эдийн засгийн баазийг манж нар чадварлаг ашиглажээ.
Лигдэн хутагт хаан нас барснаар Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний захиргаанд орох эхлэл тавигдав. Гэвч Монголчууд Лигдэн хааныг цогтой эх оронч, соён гэгээрүүлэгч хэмээн тууштай үнэлэн, гүнээ хүндэтгэдэг юм. Түүхэн цагийн их хүрдэнд тээрэмдүүлсэн түүний үйл ажиллагаа үнэхээр ч тийм хүндлэлийг хойч үедээ үлдээхүйц байсан билээ.

Monday, October 13, 2008

Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл – 2

Өдөр дунд ид ажлын цагаар охин маань утас цохиж байна.
- Ааваа би хичээлээсээ хоцорчихлоо гээд утасны цаана мэгшиж байх юм.
- Миний охинд ямар нэгэн юм тохиолдоо юу?
- Би цагаа буруу харчихаж ээ.
- Энүүхний төлөө уйлдаг чинь их муу байна. Одоохон хичээлдээ гүйгээд л оччихооч.
- Би айгаад байна аа.
- Юунаас тэр вэ?
Охин маань хариу хэлсэнгүй, дахиад л нэрж гарав. Аргагүйн эрхэнд ажлаа хойш нь тавиад гарлаа. Хүүхэд хичээлээсээ хоцорсоныхоо төлөө айж, уйлж байна гэхээр ямар нэгэн ноцтой зүйл сургууль дээр нь болдог байх нь.


Өмнө нь бас нэгэнтээ хоцорсонд сургууль хаалгаа барьчихаад оруулахгүй, гадаа цаг гаруй зогссон гэсэн. Цаг урин дулаан тулдаа л болж байгаа хэрэг. Өвлийн хүйтэнд 9 настай охин гадаа нэг цаг зогсоно гэдэг ямар байх бол. Замд надад янз бүрийн зүйл бодогдох...

Охиноо өмөөрч, очиж багштай нь зад хэрэлдэх тухай биш юм, харин Монголын маань боловсролын шинэчлэл ямар утга агуулгатай өдий хүрсэнийг гайхаж, үе үеийн шинэчлэгчид юу хийж, хэрэгжүүлж ирсэнд нь халаглаж явав.

Монголынхоо боловсролын шинэчлэлийн талаарх өмнөх бичлэгийн минь дараа маш олон хүн холбогдож санал бодлоо хуваалцсан. Тэдний дотор мэргэжлийн хүмүүс ч байсан юм. Ер нь санал солилцсон хүмүүс бүгдээр манай боловсролын систем нэг л гаж байдалтай байгаа гэдэгт санал нийлж байв. Боловсролын маань системд шинэчлэл хийгдэж буй ч тэр нь зөвхөн урсгал засварын шинжтэй бөгөөд агуулгын шинэчлэл огтхон ч хийгдэж чадаагүй гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрч байсан юм.



***
80-аад оны эхээр, намайг бага ангид байхад юмдаг, хичээлийн ид дундуур хаалга үүд тар няр хийн сүртэй онгойж, бид ч овгосхийн цочив. “Чөтгөр” хочтой сургуулийн захирал, хүүхэд бид нэрийнх нь урд заавал “Харгис” тодотгол хэлдэг хичээлийн эрхлэгч, бас нэг ширүүн дориун багш тэргүүлчихсэн сүрэг адуу шиг амьтад ангид пижигнээд ороод ирдэг юм. Тэд дундаа нус нулимсандаа хутгалдсан нэгэн бяцхан охиныг чирчихжээ. Охины хүзүүнээс томоос том пайз дүүжилж, дээр нь “Муу” гэсэн бичгийг хайш яайш бичжээ. Тэгээд бүгдээр ам уралдан өнөөх охины муу муухайг дуудаж дуудаж, нус нулимсыг нь шавхаж шавхаж аваад дараагийн анги руу чирээд гарцгаалаа. Бид ч “За даа, муу дүн авах юм бол ингэж л амьдаараа алуулах юм байна” гэдгийг яс махандаа ортлоо, айдас хүйдэс, ичгүүр доромжлолтойгоо хамт мэдрэв.

Одоо эргээд санахад тийм муухай доромжлолыг давж гарч чадсан бяцхан охины тэвчээрийг нь гайхдаг. Гэсэн ч насан туршийн сэтгэлийн шарх бяцхан зүрхэнд нь толбо болон унаа даа. Хүүхдүүд бид ч түүнийг харсан дариудаа хэл амаа гозолзуулаад, элэглэж шоолоод амар заяа үзүүлэхгүй, дотуур байрныхан нь ч хоолонд орохдоо нэг ширээнд суухаас зугтаадаг, тэрбээр ганцаар төөр дор ширээний буланд нусаа татсаар сууж байдагсан. Охин тун удалгүй хөдөө гэрлүүгээ яваад эргэж ирээгүй юмдаг.

Сумын төвд тун ховорхон үзэгдэнэ. Үзэгдэх юм бол өнөөх ичгүүр доромжлолыг нь хүүхдүүд бид ханатал нь сэргээж өгдөг хойно арга ч үгүй биз. Хожим сонсож байхад арван хэдтэй балчир насандаа 40 гаруй насны хүнд очиж, хоёр хүүхдийн ээж болж, дажгүй амьдарч байгаад 30-аад насандаа зүрхний өвчнөөр нас барчихсан байж билээ.

Охины мууг үзэж, сургууль даяар шившиглэж явахдаа манай сургуулийн тэдгээр багш нар ганц сайн арга хэмжээ авлаа даа л гэж бодож байсан байхдаа. Гэтэл түүний цаана бүхэл бүтэн хүний хувь заяаг орвонгоор нь эргүүлж байгаагаа ер нэг ч удаа эргэцүүлж байсан болов уу. Бас түүнийг нүдээр харсан бидний оюун сэтгэхүйд хүний энэ ертөнцөд ямар аймшигтай дарамт, доромжлол гэж байдгыг гүн бат шингээж, суулгаж өгсөнөө мэдэрсэн болов уу. Хариугүй үйлдэл гэж ер байдаггүй гэдэг. Шашин номынхон “Үйлийн үр” ч гэдэг.

Миний үе тэнгийнхний олонхи нь сургуульд явахдаа тийм ч дуртай байгаагүй санагддаг. Хичээл цонхдоход/багш ирээгүй үе/ бид бөөн баяр болдог байж билээ. Албан хүчээр л биднийг
“Ардын сургуулийн
Алтан босгыг
Алхаж орсон
Анхны өдөр өө” гэж дуулуулж байснаас биш, бид яг нидэр дээрээ
“Майн нэгэн мандтугай
Манай сургууль сөнөтүгэй” л гэж дуулалддаг байсан юмдаг. Миний үеийнхэн буюу 80-аад оны эхэн үеийнхний олонхи нь миний энэ үгийг батлан хэлнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Олон ч хүүхэд ардын сургуулийн алтан босгыг алхаж ороод, тэнэг мангар, нойлын ногооноороо дуудуулсаар мөлхөж гарч байсан даа.

Гэхдээ тэр цаг үе бол өөр цаг үе, аргагүй бурангуй дарангуйллын үе. Тийм ч байхаас аргагүй гэж цагаатгаж болно. Гэтэл өнөөдөр, монгол орон хүний эрхийг бүхнээс дээдэлсэн ардчилсан тогтолцоонд шилжээд, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна хэмээн зарлан тунхаглаад 18 жил болсоны хойно, бүхэл бүтэн үе өнгөрсөн хойно Монголын сургуулиудад яг иймэрхүү хандлага, дарамт байна гэвэл та итгэж үнэмших үү. Хүүхдүүд сургуульд явахаас халширдаг, залхсан шинжтэй байна гэвэл та үнэмших үү.

***
Бараг сарын өмнө, Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн биеийн тамирийн талбайн хажуугаар гарч явлаа. Талбайд 7-8 орчим насны 30-аад хүүхэд жагсаж, багш нь тэдэнд биеийн тамирын дасгал хөдөлгөөн зааж байгаа бололтой. Гэтэл багшийн зандчин хашгичиж байгаа дуун төө хол явж байсан намайг сэртхийлгэв.

- Эргүү малуудаа, баруун тийш эргэ гээд байхад.. Хөөш новшоо, балай юм уу, хаашаа юм бэ чи. Эргээч ээ. Наад гар чинь хугарчихаагүй юм бол олигтойхон хөдөлгөөд өгөөч ээ, тэнэг ээ. Хүүш П... минь

Агдчин зандчих дуун сонсогдсоор. Ёо ёо, зүрхээр хатгуулах шиг болов. Энэ чинь сургууль мөн үү, залхаалт, цэргийн хуаран уу, аль эсвэл шорон уу.
Ийм харьцаанд буй хүүхдүүд сургуульдаа дуртай, идэвхтэй байна гэж үү. Ийм доромжлол, дарамтан дотор байгаа бяцхан хүүхдүүдийг хүмүүжилтэй, өөрийгөө төдийгүй өрөөлийг хүндэтгэдэг, соёлтой, эрх чөлөөгөө мэдэрч ухамсарласан, бие даасан иргэн болно гэж горьдохын ч хэрэггүй. Ёстой нөгөө
“Заамал нарсан дүнзэнд суугаад
Засрана гэвэл гонжийн жоо” биз ээ.

Хүүхдийг хувь хүнийх хувьд хүндлэн дээдэлж байж эрүүл зөв иргэнийг төлөвшүүлнэ, эрүүл зөв иргэнтэй байж л нийгэм төлөвшинө. Энэ бол хаашаа ч гажихгүй, ямар ч засваргүйгээр хэрэгждэг хууль.

Гэтэл бид хүүхдийг хар багаас нь цэргийн казарм шиг харьцаанд давтаж дарчихаад, хүмүүжилгүй болж байгааг нь гайхацгаах юм. Төмс тарьчихаад алим хураана гэж горьдож буйтай адилхан инээдтэй гэнэхэн хэрэг. Энэ олон жилүүдэд бид ямаршуухан “төмс” тарьсанаа өнөөдөр гадаа гудамжинд, зам дээр, зоогийн газарт, дэлгүүрт, тэр ч бүү хэл улс төрд хүртэл харж залхаж байна. Дэлгүүрт орлоо, юмны үнэ асуусныхаа төлөө тэнэг мангараараа, сохор доголонгоороо толгойгоо эргэтэл тачигнуулж аваад гарна. Зам дээр яг зам голлоод сажилчихна, эсвэл яг замын голд гэнэт зогсчихно. Хаагуур нь ч гарах аргагүй. Энэ хорвоод ганцаараа биш, хүний нийгэмд, өөртэй нь яг адилхан хүмүүстэй эн зэрэгцэн, адил тэгш эрхтэйгээр амьдарч байгаагаа мэдэж баймаар гэж халагламаар. Уг нь мэдэж байгаа л даа. Харин ердөө л өөр бусдыг хүндэтгэдэггүй, эрхийг нь хүлээн зөвшөөрдөггүйд нь л асуудлын гол нь байгаа юм. Түүнээс биш манай зарим нийтлэлчдийн бичээд буй шиг баахан хөдөөний зэрлэг хэнэггүй гарууд хотоор дүүрчихээд ийм хачин хөл толгойгүй юм болоод байгаа юм ч бас биш байх. Аль нэг газарт ороод үүдний жижүүрээс нь “Сайн байна уу” гээд мэндлээд орхихоор “Аан” гээд “Чи чинь хэн нь билээ“ гэсхийн ангайгаад байна. Мэндлүүлж, хүндлүүлж ч чадахгүй. Эцсийн эцэст энэ бүхэн явж явж боловсролын систем, түүнийг агуулга дээр очиж унана.

Өнөөдөр анги танхимдаа гутаагдан доромжлуулж буй хүүхэд маргааш хэн нэгнийг гутаан доромжлоход ер гайхах явдалгүй. Хүүхэд насандаа хүндлэл, хүн ёсны харьцааг огтхон ч амсч байгаагүй хүүхэд хэнийг ч хүндэлдэггүй, хэнийг ч гутаан доромжлохоос сийхгүй хүн болчихсонд халаглах явдалгүй.

Өчигдөр багш нартаа элдвээр хэлүүлж, дээрэлхүүлж, эрхээ зүйл бүрээр зөрчүүлж байсан хүүхэд өнөөдөр нийт олныхоо эрхийг өчүүхэн чинээ тоодоггүй “сайхан улаан луйварчин бөгөөд улс төрч” болж хүмүүжсэний нь төлөө сонин хэвлэлээр харааж, элдэв жагсаал цуглаан хийгээд байх инээдтэй хэрэг юм.
7 сарын нэгэнд ямар аймшигтай балмад хэрэг явдал болов оо гэцгээж байна. Өнөөдөр тэр хэрэгт оролцсон, шатаасан, хулгай хийсэн хүүхдүүдийг шүүж байна. Ял чангадлаа, улс төрийн золиос боллоо гэлцэн бас л талцаад маргаад эхлэв. Гэтэл эцсийн эцэст нийгэм маань өөрөө гэмт хэргийн шинжтэй болчихсон байгааг хэн ч анзаарч, халаглахгүй юм.

Гадна оронд явж байхад Орос, Монгол гэх мэтчилэн хуучин соц системтэй байсан орны иргэд ер нь аливаа харьцаан дээр, ялангуяа хүнийг хар шар, сохор доголон хэн байлаа ч гэсэн хүнийх нь хувьд хүндэтгэх, түүний тусгаар эрхийг хүлээн зөвшөөрөх тухай анхан шатны хэвшил дадал байдаггүй нь илэрхий ялгарч анзаарагдаг л юм билээ.

Миний таниж мэдэх хэдэн япон, солонгос иргэдийн хүрээнд... ер нь өөрөөсөө доош хүнийг жаахан дээрэлхчих гээд байх хандлага хааяа анзаарагддаг юм. Гэтэл Япон, Солонгос орон маань эрх чөлөөтэй мэт атлаа нийгмийн гүнд нь хууль бус далд дарангуйлал маш тархмал байдаг гэдгийг олон жил тэнд амьдарсан хүмүүс хэлж байх юм. Тэрхүү өөрөөсөө доош хүнийг дээрэлхчих гээд байдаг чанар нь дарангуйллын систем доторх хүний сэтгэхүйд үлдээсэн урхаг, сүүдэр л шүү дээ.

Хоёр охин маань монголдоо сургуульд яваад сар гаруйхан л болж байна. Гэхдээ сургуульдаа нэг л дурамжхан явах болсон нь анзаарагдсан юм. Америкт баяр ёслол, эсвэл үер, шуурга болоод хааяа сургууль нь хичээллээгүй тохиолдолд хүүхдүүд харин ч эсрэгээр дурамжхан байдаг байж. Өглөө 8.30-аас үдээс хойш 3.30 хүртэл хичээллэнэ. Тэндээ хооллож, ундаж, тоглож наадаж, бас унтаж амарч ч болно. Сургууль хүүхдийн хоёр дахь гэр орон нь. Бүх багш нар хүүхэд бүрийн дотно найз нөхөд, зөвлөгч нь байна. Хоцроход гайхах явдалгүй, хүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Хичээлээс хоцорсоных нь төлөө хүүхдийг зэмлэж, залхааж, олны өмнө донгодно гэж байхгүй. Харин хүүхдүүд өөрсдөө хоцорч болохгүй гэдгээ маш сайн ухамсарладаг, би хичээлээсээ хоцорсоноор тэр олон хүүхдэд төвөгтэй байдал бий болгож байгаа гэдгээ, бас хамгийн ойр дотнын хүмүүс болох багш нарынхаа сэтгэл итгэлийг сэвтээнэ гэдгээ ойлгож мэдэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдэд үүнийг ойлгуулсан байдаг. Тэгэхээр хүүхдүүд онцгой юм л болоогүй бол хоцроно гэж байдаггүй.

***
Америкт очсон дариудаа хүүхдэд гар хүрч болохгүй, зандчиж болохгүй, 13 нас хүрээгүй хүүхдийг гадуур асран хамгаалагчгүй явуулж болохгүй, мөн гэрт нь ганцаар үлдээж болохгүй гэх мэт бөөн олон болохгүйтэй тулаад “За юун сүртэй юм, будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр хүний эрх гэхээр арай дэндүү сүржигнэх юм” гэж бодогдож билээ.

5, 8 настай хоёр хүүхдээ машиндаа үлдээж буугаад дэлгүүрт хурдан ороод гараад иртэл бөөн цагдаа болчихсон байсан тухай нэгэн танил маань надад зориуд анхааруулж байсан юм. Тэгээд мань хоёрын эцэг эх байх эрхийг нь хасахдаа хүрч, шүүхээр орж байж арай гэж нэг юм салсан ч 6 сарын турш нэг хянагч байн байн ирж хүүхэддээ хэрхэн хандаж байгааг нь шалгадаг байсан гэсэн. Мэдээж хэрэг шүүхээр орсон тохиолдолд бөөн мөнгө хөрөнгө асгарна л даа.

Бас нэгэн танил маань шөнө дунд гэртээ орж ирсэн охиноо алгадаж орхитол охин нь цагдаа дуудчихаж, цагдаа ирээд аавыг нь гавлаж аваад явчихалгүй хаачихав. Бас л бонд, өмгөөлөгч, шүүх гээд бүтэн 3 сарын турш бөөн юм болсоны эцэст арай гэж нэг юм аярчээ. Тэр танил маань би эцэг нь юм байгаа биз дээ, охиноо нэг алгадчихаж ер яадаг юм, энэ тэнэг америкууд үүнийг ойлгохгүй л дээ гэж гомдоллон ярьж байсансан. Тиймдээ, монгол хүний сэтгэлгээ өөр шүү гэхчилэн бид ам нийлж, америкуудаа баахан муулснаар тайвширцгаасан.

Би өөрөө 3 настай хүүгээ машины урьд суудалд суулгаж яваад цагдаад ёстой нэг навсайтлаа торгуулж билээ. 3 настай хүүхэд зөвхөн машины арын суудлын голд тусгай хамгаалалт бүхий суудалд заларч явах хуультай. Ямар нэгэн осол аваар болоход хүүхэд үнэхээр найдвартай байдаг. Харин манайд бол хүүхдүүдээ хэд гурваар нь урд суудал дээр овоолчихсон давхиж явах. Жижигхээн осол гарахад л хүүхэд цонхоор төө хол шидэгдэнэ шүү дээ.

Энэ мэтчилэн америкт хүүхдийн эрхтэй холбоотой маш олон хууль, журам бий. Хүүхдийн эрхийг бүхнээс дээгүүр зална. Заримдаа дэндүү ч гэмээр.

Гэвч маш ялимгүй жижигхэн мэт зүйл ч хүүхдийн сэтгэхүйд гүн гүзгий ул мөр үлдээдгийг, тэр нь насан туршид сүүдэр, эсвэл гэрэл гэгээ болон дагалдадгыг хожим анзаарч, за юун сүртэй юм хэмээн бодож байсан маань харин ч ихээхэн төөрөгдөл болохыг ойлгосон билээ.

***
Хэдхэн хоногийн өмнө охин маань асууж байна.
- Ааваа, цагдаа яаж дууддаг юм?
- Мэдэхгүй ээ, эмчийг л 103-аар дууддаг санагдаж байна.

Үнэндээ би цагдааг хэрхэн дуудахаа ч мэдэхгүй яваа хүн. Өдий хүртлээ нэг ч удаа цагдаагаас тусламж хүсэж байсангүй. Халдлага, түрэмгийлэл, дээрэмдлэг, зодоон цохион зэрэгт зөвхөн хоёр гарынхаа чадлаар л өөрийгөө хамгаалахыг оролдож, чадвал хамгаалаад, чадахгүй бол нэвширтлээ нүдүүлчихээд л явж байлаа. Үр дүн муутай хамгаалалтуудын маань гор болсон тархины гэмтэл, өвчин олон жил намайг шаналгаж явна. Бид чинь ийм л бурангуй, ширэнгийн мэт хуулинд дор явж ирж шүү дээ. Гэхдээ одоо бол би үр хүүхдүүдээ ийм балар хуулийн дор бөхийлгөмөөргүй байна. Эцэг эх та ч гэсэн надтай нэгдэх байх гэж найдаж, бас хүсэж байна. Хууль ёс нь хэрэгждэг, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан оронд аж төрж буйгаа мэдэрмээр байна. Төр нь, цагдаа нь иргэнээ хамгаалдаг гэдгийг мэдэрмээр байна.

Охиноо ингэж асуунгуут санаа аваад 109-рүү залгаж цагдаа хэрхэн дууддагийг лавлав. Гэтэл өмнөөс Зэвсэгт хүчний жанжин Штабын дэргэдэх үү? хэмээн тэмээ гэхээр ямаа гэдэг шиг юм асууж байх юм.
- Үгүй ээ, цагдаагаас ямар нэгэн тусламж хэрэгтэй болоход дуудах утасны дугаар асууж байна.
- Том хүн юм бол 103-аар дуудлага өгч болно. Дүүрэг, дүүргийн цагдаа өөр өөр дугаартай байдаг юм ш тээ, та аль дүүрэг юм. Хэрвээ гэмтсэн бол та гэмтлийн эмнэлэг рүү залгаж болно шүү дээ
- За за болье.
Нээрээ цагдаа дуудах гэсээр байтал алуулах юм байна л даа. Тэгээд охиндоо цагдааг дуудахад их төвөгтэй юм шиг байна гэж учирлаад яагаад цагдаагийн дуудлагын утас хэрэг болсоныг нь лавлав.
- Зүгээр л... гэхдээ америкт манай багш нар бидэнд бүх хэрэгтэй утасны дугааруудыг цээжлүүлдэг ш тээ. Харин монголд яагаад ингэхгүй байгаа юм бэ?
- Ямар нэгэн юм болоо юу, миний охин.
- Манай сургууль дээр нэг хүүхэд нөгөөгөө зодчихсон чинь ухаан алдаад уначихсан.
- Тэгээд яасан.
- Яагаа ч үгүй....
Би охиныхоо санааг ойлгов. Энэ мэт ямар нэгэн халдлага болвол цагдаагаас тусламж хүсэх тухайгаа л бодож ааваасаа асуусан нь тэр байж.
- Миний охин ямар нэгэн юм болбол аавыгаа л дуудчихаж байхгүй юу?
- Та америк цагдаа шиг тийм хурдан ирж чадах юм уу?
- Монголдоо бол аав нь цагдаагаас хамаагүй хурдан очиж чадна аа, амлая.
Энэ ч хэтрүүллэггүй үнэн л дээ.

***
Ингэхэд ер нь боловсрол гэж юуг хэлээд байгаа юм бэ? Ямар нэгэн тодорхойлолт байдаг л байх.

Бага, дунд, ахлах бүх ангидаа улаан онц сурсан миний үеийн нэг охин байсан юм. Онц л авна. Нэг удаа 4 авчихсан чинь бараг амиа хорлохоос наахнуур юм болж, сургууль даяарын юм болсоны эцэст өнөөх 4 тавьсан багш буруугаа хүлээж дүнг нь засаж, санааг нь амрааж билээ. Түүнд бол онц дүн авах нь амьдралынх нь цор ганц зорилго байсан болов уу гэмээр. Уншаад л, цээжлээд л, түүнээ эргүүлж самбарын өмнө гөвөөд байдаг. Гэтэл хөөрхий, яг улаан амьдрал дээр гарахаараа өнөөх олон цээжилж багшийн өмнө дуржигнатал нь урсгадаг байсан зүйлсээс нь ер хэрэг болсон нь өдрийн од шиг. Хааяа нэг шийдвэр гаргахаараа яг тэр тэнгэрийн од шиг аймаар амьдралгүй юм хийнэ. Хамт олондоо адлагдана. Аргагүй барьц алдан сандарч байгаам чинь. Дунд сургуульд байхдаа муухан сурлагатантай тоож дуугардаггүй байсан өнөөх маань одоо хулхи нь нам буучихсан, нүднийх нь гал үхчихсэн дэлгүүрийн лангуун дээр сууж байхтай таарав. Бид чинь ийм л догма сургалтанд шүтэж ирсэн байх юм. Хайран залуу нас, цаг хугацаа. Хайран амьдрал, хувь заяа. Үүнийг боловсрол л гэж лав хэлэхгүй байх.

Гурван ч дээд сургуулийг улаан дипломтой төгссөн нэг нөхрийг таних юм. Ажлын ямар ч чадвар байхгүй, дэмий л өнөөх олон ромбо, улаан дипломоороо гайхуулж явах, өөр гайхуулах юмгүй хүн чинь... Ардчилсан хувьсгалын дараа түүн шиг олон улаан дипломтны чадварыг гүйцэд үнэлж дэвшүүлээгүй, дарж хэлмэгдүүлж байсан МАХН-ын батлахаа урж шидээд ардчилагч болж баахан манаргасан. Гэвч угаасаа ажил үүрэг гүйцэтгэх, нөхцөл байдлыг зөв үнэлэх, улмаар зөв шийдвэр гаргах чадвар эзэмшээгүй хүн чинь ардчиллынхаа нэр хүндийг ч бас давхар баахан баастаж аваад гарсан. Одоо ертөнц хорвоод гомдоллосон, агсарсан хүн архи уугаад л явж байна. Түүн шиг улаан онц хүнийг энэ ертөнц ойлгохгүй, чадварыг нь ашиглаж чадахгүй байна гэнэ ээ. Буруу цаг үед төрсөн юм байх. Бид чинь өмнө нэг иймэрхүү тогтолцоонд явсан шиг билээ. Мэдээж хэрэг өмнөх сургалтанд сайн тал зөндөө бий ч уг системийн гаж байдлыг тэр сайн талууд нь халхалж чадахгүй юм. Боловсрол гэхээр л нэг баахан хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй мэдлэг гэж ойлгодог, боловсролын тогтолцоо гэхээр яг тийм сохор хандлагад хүнийг шахдаг байж таарахгүй байх аа.

Боловсролыг цогцоор нь ойлгох хэрэгтэй санагдана. Өөрөөр хэлбэл зөвхөн ерөнхий болон тусгай эрдмийн мэдлэг чадвараар нь боловсролыг хязгаарлах биш, тухайн хүний нийгмийн өргөн харилцаанд орж буй бүх талын хандлага, чадвартай нь хамтад нь ойлгох учиртай байх.

Өмнөх бичлэгтээ америк болон монголын боловсролын тогтолцоо яг эсрэг хандлагатай байгаа талаар цухас дурдсан.

АНУ-д бага ангиудад хичээлийн ачаалал хүүхдийг залхаахааргүй маш бага байхын зэрэгцээ хүн ёсны хүмүүжлийн арга дадлуудыг суулгаж өгч байдаг. Хамгийн наад зах нь хүнтэй зөв мэндлэх, харьцах гээд. Анги дэвших хирээр хичээлийн ачаалал хүндэрсээр коллеж, их дээд сургуульд оюутан жинхэнэ хэн болсоноо эцсийн боломжоороо шавхан илэрхийлэх тийм чанга хатуу шалгуурын өмнө тулж очсон байдаг. Их дээд сургуулиудын оюутнуудын бие даах, шийдвэр гаргах, дүгнэлт хийх, аливаа эх бичвэр, судалгаа шинжилгээтэй ажиллаж буй чадвар манайхтай харьцуулахын аргагүй.
Харин манай монголд яг эсрэг байх юм. Бага балчирт нь баахан хичээлээр бөмбөгдөж, бөмбөгдөж, залхааж авна. Эрдэм ном гэхээр толгойтой үс нь арзайтал босч ирдэг болтол нь бөмбөгдөнө. Түүнээ яг мал адгуус шиг харьцаагаар хэрэгжүүлэх гэж үзэж тарна. Хүүхдүүд ч бараг зэрлэг юм шиг байна. Анги дэвшихийн хэрээр багш нарын хяналтаас өнөөх зэрлэгшсэн хүүхдүүд гарч, буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэгч болно. Тэгээд их дээд сургуульд бол бараг зөнгөөрөө болчихно доо.

Америкийн бага сургуулийн сургалтын агуулга нь хүүхдийг төлөвшүүлэхэд 100 хувь чиглэсэн байдаг. АНУ-д нэгнээ хүндэтгэж чаддаг, эрхээ мэддэг, тэр хэмжээгээрээ үүргээ ухамсарладаг, бие даасан иргэн хүнийг бэлтгэх гол “гал тогоо” бол бага сургууль байдаг. Хүүхэд бүрд энэ нийгмийн нэг салшгүй эд эс гэдэг ойлголтыг яг тэр бага насанд нь яс маханд нь ортол шингээж өгнө. Тэдгээр нь маш энгийн хэлбэрээр илэрч байна. Ганцхан жишээ л гэхэд олон хүнтэй газарт гэнэт голынхоо хийгээр хашгирч болохгүй, тэднийг чочоож болохгүй, хүндэтгэх хэрэгтэй гэдгийг америкт бага сургуульд сурсан хүүхэд маш сайн мэдэрсэн байдаг. Харин манай монголд маань шал эсрэг. Миний үгэнд итгэхгүй бол захын бага сургуулийн хаалгаар шагайгаад үзээрэйдээ. Хонх дуугарангууд л пижигнээд, дажигнаад, хашгичаад явчихна. Газар хөдлөөд эхлэв үү дээ гэмээр. Баахан зэрлэгүүд хөөж ирээд хашчихсан юм шиг. Тэгээд нөгөө зэрлэгүүдтэйгээ яг л зэрлэг адгуустай харьцаж буй мэт харьцана, зандчаад л, шугамаар ороолгоод л, харааж зүхээд л эхэлнэ дээ. Хүүхэдтэй мал адгуустай харьцаж буй мэт аашлаад байвал мөн л адгуусны мэт хариу үйлдлийг хүлээх нь 2+2 гэдэг шиг тодорхой.

Эрдэмтэд нэг сонин ажиглалт хийсэн байна. Бага насандаа чоно, ирвэс, сармагчин мэтийн хээрийн зэрлэг амьтдад “үрчлэгдэн” агуйд нь амьдарч байгаад эргэж хүмүүст олдсон 27 Маугли хүүхдүүдэд нэг нийтлэг зүйл байжээ. Тэд бүгдээрээ хүмүүсийн дунд нийгэмших анхан шатны босгыг давж чадсангүй, сар гарахаар чоно шиг ульдаг, хувьцас өмсөж чаддаггүй, гал үзэж чаддаггүй, махыг түүхийгээр нь зулгааж иддэг, орон дээр унтадгүй, аяганаас хоол идэж чаддаггүй, газарт асгаж байж долоож иддэг гэх мэтчилэн өнөөх агуйд адгууснуудтай хамт 2-11 насандаа олж авсан дадал хэвшлээ огтхон ч гээсэнгүй. Нэг нь бүтэн өгүүлбэр хэлж сурсангүй. Тэдгээр хүн-адгууснуудаас ердөө ганцхан нь л халбага барьж хоол идэж сурсан нь хамгийн агуу амжилт байж. Ганцхан Камала гэх Энэтхэгт олдсон охин л хүмүүсийн дунд 10 гаруй жил амьдарсан, бусад нь бүгдээр хэдэн сараас хэдхэн жил л амьдарчээ.
Энэ ч нэг юм, бүр аймаар юм хэлээд байгаа юм шүү, Багш нараа, эрхэм Боловсролын сайд аа, Ерөнхийлөгчөө... Цаг алдсан алдсан гэхэд арай хэтэрч буй мэт... 7 сарын нэгний хэрэг бол манай нийгэм хэрхэн зэрлэгшиж, гэмт хэргийн шинжтэй болсоны зөвхөн дохио биш үү.

Xүнийг зөв ойлгож, бас хүнд өөрийгөө зөв ойлгуулах, хүнийг хүндэтгэх, бас өөрийгөө хүндэтгэх чанар нь хүнийг насан туршид дагаж явдаг маш чухал чадвар юм. Ийм чадвар бүхий иргэд нь нийгмийнхээ эрүүл саруул эд эс нь болж, хууль хэрэгжих, шударга ёс ялах ганц тулгуур нь болж байдаг байна.
Хүүхдэд бага насанд нь ийм чадвар суулгахын тулд юуны түрүүнд тэдний эрхийг нь хүндэтгэн дээдэлдэг сургуулийн хүнлэг, халуун дулаан орчныг бий болгох хэрэгтэй байна. Хичээлээсээ хоцорсоныхоо төлөө бүтэн цаг гадаа дагжин, айж түгшин зогсдоггүй болгох хэрэгтэй байна.

Боловсролын болон бусад холбогдох хууль, тогтоомжууддаа хүүхдийн эрхийг маш тодорхой зүйл заалтуудаар тусгаж өгөх хэрэгтэй санагдана. Тэгээд түүнээ хэрэгжүүлдэг, хянадаг хатуу чанга тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Багш нараа ч дахин сургаж, дадлагжуулах, бага дунд ангид хичээл заах тодорхой шалгууртай болгох, цалин урамшлийг нь нэмэгдүүлэх, сургалтын шинэ орчныг нь бүрдүүлж өгөх зэргээр хийвэл ажил их байгаа санагдах юм. Юу юуны түрүүнд нийслэлдээ хичээлийн байруудыг шинээр бий болгож, ангид буй хүүхдийн тоог тодорхой хатуу тогтоосон хязгаараас давдаггүй болгох хэрэгтэй гэх мэтчилэн.

***
“Хүнээр хүн хийхээс илүү их ухаан байдаггүй юм” гэж ардын багш Б.Дүгэрээ гуай нэгэнтээ хэлж билээ. Монголын төр балчир иргэдээ хожмын соёлтой, хүмүүжилтэй, хариуцлагаа ухамсарладаг, эрх эрх чөлөөгөө дээдэлж, эрхэмлэж чаддаг хүн болгон төлөвшүүлэхэд аргагүй ухаан дутаж байна уу даа.

Saturday, October 11, 2008

Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл - 1

Охин маань сургуульд оров. Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн 4 дүгээр ангид л даа. Америкт сурч байгаад ирсэн охины маань хувьд Монголынхоо сургуульд орж байгаа нь энэ. Орой авахаар очиход өмнөөс гүйж ирэнгүүт л:
- Аав аа, би нэг хачин юм хэлэх үү?
- За, тэг...
- Манай багшид ийм урт/гараа алдлав/ төмөр шугам байдаг.
- Юу нь хачин гэж, аавд нь ч тийм шугам байдаг шүү дээ.
- Тэр шугам нь дандаа муруйчихдаг юм.
- Яагаад тэр билээ?
- Хүүхдүүдийг цохихоор л муруйчихдаг, тэгээд тэгшилж байгаад дахиад л цохидог. Аймаар байгаа биз. Би айгаад юу ч хэлж чадаагүй ээ. - Миний охиныг цохисон юм уу?

- Үгүй л дээ.., манай ангийн зөндөөн хүүхдийг тэгэж цохисон.

Энэ шугам мурайх дайны зодуур бол монголынхоо бүх шатны сургуулиар дамжихдаа бишгүйдээ л нэг шугамдуулж, указкадуулж, үсдүүлж, чихдүүлж, элэгдүүлж, шанаадуулж, буланд сандал өргөн зогсож үзсэн надад ер сонин хачин, гаж зүйл биш л дээ.

Харин бэлтгэл ангиас /киндергарден/ 4 дүгээр анги төгстлөө 5 жил америкийн сургуульд суралцсан охины маань хувьд ер бусын хачин, байж болшгүй, санаанд нь багтамгүй гаж зүйл... Ганцхан удаа, санамсаргүй цохичихсонгүй, шугамаа муруйчихаар нь тэгшилж байгаад дахин дахин цохиод байдаг нь зориудын санаатай үйлдэл болно. Тэгээд л тэрхүү төмөр шугам охинд маань зодуурын, эрүү шүүлтийн аймшигт багаж хэрэгсэл болон харагдсан байна. Тиймээс л хамгийн түрүүнд багшдаа байдаг тэр том аймшигт төмөр шугамын тухай аавдаа сонин болгон ярьж буй хэрэг. Хэрвээ америкийн аль нэгэн сургуульд ийм явдал болсон бол ямар том шуугиан дэгдэх бол. Төмөр шугамны эзэн багш дахин хэзээ ч хүүхэдтэй харьцах эрхгүйгээр таслагдаж, сургуулийн захирал төдийгүй тухайн мужийн боловсролын сайд нь хүртэл огцрох байсан болов уу.

Гэтэл ийм үзэгдэл монголын бараг бүх сургуульд байдаг хэвийн зүйл гэнэ. Бүр хүүхдээ гэмтээчихээд эмнэлэг, шүүхээр орсон тохиолдлын тухай танил багш маань хуучлав. Тэр хүүхэд гэмтээсэн багш нь одоо ажлаа зүв зүгээр хийгээд л явж байгаа гэнэ. Сүүлийн 10 гаруй жил Монголын боловсролын системд эрс шинэчлэл хийж байгаа тухай байнга сонсож, дуулж байв. Үр дүн нь ямар байгаа юм бол? Боловсрол нь миний мэддэг салбар биш тул би нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй. Гэвч одоо миний өгүүлэх хэд гурван жижигхээн жишээ америкийн болон монголын боловсролын салбарын хооронд тогтолцоо хийгээд агуулгын ямар их ялгаа буйг хэлэх байх гэж бодож байна. Бас боловсролын салбарт шинэчлэл хийх гэж зүтгэж буй хүмүүст зарим нэгэн санаа өгч магад гэж найдаж байна.



***

Америкт байх хугацаанд хүүхдүүддээ крилл бичиг тууштай зааж сургаагүйгээс гадна хэдийгээр гэртээ монголоор ярьдаг ч хангалттай хэмжээний монгол хэлтэй байх боломж хомс байсан юм. Энэ зовлонг гадаадад буй монгол эцэг эх бүхэн ойлгож хуваалцах байх. Тэгээд сургууль эхлэх анхны өдөр охиныхоо ангийн багштай уулзаж, манай хүүхэд монгол хэлэнд сайнгүйгээс гадна криллээр дөнгөж л уншдаг бичдэг нь 5 дугаар ангийн түвшинтэй харьцуулахад тун доогуур үзүүлэлт гэдгийг учирлахад багш:

- Пөөх, зовоочих юм байна л даа, яана аа, гэрээр багш авч гүйцэхгүй бол явахгүй ш тээ, эсвэл бага ангид өгөх юм уу гэж бүүр төвөгшөөсөн байдалтай байх юм.

“Сургах нь багш таны үүрэг” гээд үг сөрмөөр байвч ямар орчин, сэтгэлгээн дотор байгаагаа санаад амаа жимийлээ. Мөн англиар ганц ч үг хэлдэггүй байсан охиныг маань сургах гэж бүтэн жил гаран сэтгэл гарган хичээн мэрийсэн америк багш нарийн дүр төрх эрхгүй санаанд бууж билээ.

Охин маань монголоос очингуут л сургуульд орсон юм. Бид өглөө School bus-д нь суулгаж өгдөг, орой тосож авдагаас өөр үнэндээ англи хэл сургах талаар нэг ч идэвх санаачилга гаргаж байсангүй, багш нар нь ч охин чинь англи хэл мэдэхгүй байна, одоо яана аа, энээ тэрээ гэж нэг ч удаа асуудал үүсгэж байсангүй. Тэр ч бүү хэл сургуулиас зөвхөн ганц охинд маань зориулаад англи хэлэнд нь тусалдаг нэг багш тусгайлан гаргасан байсан. Тэр багш байнга охины маань дэргэд байж, дохиж зангаж, бүүр мөлхөж, майлж байж ойлгуулдаг байсан байгаа юм. Энэ хооронд тэдгээр багш нараас нэг ч удаа залхсан, хэцүүрхсэн өнгө аяс илэрч байгаагүйг монгол багшийн төвөгшөөн ярьж байх үед маш тод санаж билээ. Нэг л мэдэхэд охин маань англиар чөлөөтэй шулганадаг болчихсон байсансан.



***

Найз маань хүүгээ хэдэн жилийн өмнө 6 настай байхад нь I хорооллын нэгэн сургуульд оруулжээ. Балчир хүү өглөө очингуут л ширээгээ дэрлээд унтаад өгдөг байсан гэнэ. 30 гаруй минут унтаж аваад хичээлээ эхэлдэг байжээ. Багш нь эцэг эхийн хурал бүр дээр “Танай хүүхэд өглөө болгон нус, шүлсээ гоожуулаад хичээл дээр унтдаг, хичээлээ хийдэггүй, гүйцдэггүй” гээд л ичиж улайтал нь илчилж, тачигнатал загнадаг байжээ. Эхлээд найз маань үг хэлдэггүй байснаа сүүлдээ тэсвэр нь барагдаж хэрэлддэг болоод, бүүр сүүлдээ эцэг эхийн хуралд нь ч очихоо байжээ. Гэтэл хариуд нь нөгөө багш хүүхдийг нь байнга дарамтлах болсон байна. Орой болгон хүүхдийг нь ганцааранг нь торойтол авч үлддэг, элдэв зүйл нэхдэг болжээ. Тэсэхээ байсан найз маань хүүхдийнхээ сургуулийг сольсон гэнэ.

Танил багш маань ийм тохиолдлуудын талаар олон жишээ хэлж өгөв. Хичээлдээ муу хүүхдүүдийг хичээлийн дараа ангид нь авч үлдэж байгаад залхтал нь суулгадаг. Нойлын ногоон тэг, мулгуу тэнэг мангараар нь дуудах бол хамгийн энгийн зүйл гэнэ.

Харин америкт ийм тохиолдолд хэрхэн ханддаг вэ? Нэг өдөр охины маань сургуулиас утасдаж байна. Хэлний бэрхшээлээс болоод охин маань тийм ч сайн сурдаггүй байсан юм. Сургуулийн нийгмийн асуудал хариуцсан ажилтан / social worker/ ярьж байна.

- Бид таньтай уулзах хүсэлтэй байна. Танд сургууль дээр ирэх цаг зав байна уу? Гэж байна.

- Байхгүй, өдрийн цагаар би байнга ажилтай гэвэл

- Тэгвэл бид оройн цагаар танай гэрт очиж уулзаж болох уу? Гэж гуйлаа.

Гэртээ тэдэнтэй уулзахаар цаг товлолоо. Гэтэл манайд бүхэл бүтэн десант буудаг юм байна. Сургуулийн дэд захирал нь нийгмийн ажилтнаа, охины маань ангийн багшийг, англи хэлэнд нь тусалдаг багш, мөн бас нэг ахмад багшийг дагуулчихсан 5-уулаа “зочиллоо”.

Би эрхгүй сүрдэж, ноцтой зүйл болох нь дээ гэж түгшиж, жижигрэв. Учир нь би багадаа нэг бус удаа аавыгаа сургуулийн захирал дээр дуудуулж, донгодуулж, дараа нь аавынхаа суран бүсний амт үзэж явсан тул охины маань талаар тун таагүй зүйл л ярилцах нь дээ гэж таамаглаж байв.

Гэтэл харин тэд охиныг маань магтаж гардаг байгаа. Маш найрсаг, найзархаг, хөгжилтэй л гэнэ. Их хөөрхөн цаасан хайчилбар хийдэг гээд охины минь уран бүтээлийг нэгэн хавтаснаас гарган ирж үзүүлж байна. Бас амьтанд их хайртай, сургуулийн хашаан доторх усан сангийн загасыг их анхаарч хардаг, мэлхийнд хоол өгдөг л гэнэ. Ангийнхаа хүүхдүүдэд их анхаарал халамж тавьдаг, хүүхдүүд бүгдээрээ түүнд хайртай л гэнэ. Багш бүр л өөр өөрийнхөөрөө нэг сайн сайхан зүйл хэллээ. Нөгөөх айдас, түгшүүр маань бага багаар арилж, би ч бүр пээдийгээд эхлэв. Тэгээд:

- Ингэхэд та бүхэн чухам ямар хэргээр яваа билээ? Гэж эрдүүхэн асуулаа.

- Танай охин их сайн охин, харин бид охиныг чинь сайн уншуулж сургаж чадахгүй байна. Гэж байна. Тэгээд үүндээ надаас уучлал эрж яваа юм гэнэ ээ. Би сандарч,

- Өө, харин ч охин маань та бүхэнд тийм их ажил удаж байгаад би та бүхнээс хүлцэл хүсэх учиртай гэлээ. Тэгээд тэд охиныг чинь өдөрт 30-хан минутын л нэмэлт хөтөлбөрт хамруулах талаар таньтай зөвлөлдөх гэсэн юм. Охин чинь их эрч хүчтэй, тэвчээртэй тул ачаалал болохгүй байх гэж бодож байна. Та зөвшөөрөх үү, хэрвээ зөвшөөрвөл та гарын үсгээ өгнө үү гэж байна. Өгөлгүй яахав дээ, баярлаад л гарын үсгээ зураад өгтөл харин тэдгээр багш нар надаас илүү баярлаж билээ.

Чухам энд л хүүхдийг сургах ёстойгоо ухамсарласан багшийн үүрэг, хариуцлага, чинхүү хүсэл харагдсан юм. Нөгөө талаар тогтоосон цагаас илүү нэг ч минутаар хүүхдэд хүчээр хичээл зааж, хүүхдийг ядрааж, залхааж болохгүй хатуу дүрэм журамтай учир тэд аавынх нь гарын үсгээр баталгаажуулж авч буй нь тэр ажээ.

Энд бас нэгэн зүйл маш тод анзаарагдсан нь хүүхдийг хүндлэн дээдлэх үзэл санаа юм. Хүүхэд бүрд сайн тал, сайн чанар байдаг. Чухам түүнийг нь олж харж чаддаг, түүгээр нь урамшуулж, идэвхжүүлдэг, цаашид амжилттай сурах нэгэн хөшүүрэг болгодог нь америк багш нарын нэг онцлог мэт санагдсан билээ. Хүүхдийн муу сул талыг хэзээ ч хамт олны нь өмнө уудлан илчилж, улайлгадаггүй, хувьчлан уулзаж, нээлттэй ярилцдаг нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, бие даасан чадварт нь асар чухал үүрэгтэй зүйл болох нь харагдсан юм.



***

Зун америкээс ирсэний дараа 7, 8 сард охиддоо хамаатнынхаа багшаар крилл бичиг заалгав. Хэд хоногийн дараа багштайгаа санал солилцоход 30 гаран жил багшилсан туршлагад нь тохиолдож байгаагүй зүйл анзаарсанаа ярьж байна.

Юуны түрүүнд охид үзгээ тааллаараа барьж бичиж байгаа нь сонин байжээ. Олон жилийн турш зөвхөн гурван хурууны өндгөөр үзгээ барьж бичихийг заасан багшид охид маань үзгийг гарынхаа аль ч салаагаараа барьж болдог юм, бүр атгаж байгаад бичсэн ч болдог гэж “заавардсан” байгаа юм. Бас үсгийг хаанаас нь ч эхэлж бичиж болдог гэжээ. Гол нь үүний цаана хүүхдүүд маш чөлөөтэй сэтгэж байгааг туршлагатай багш анзаарсан байна. Цаасны өөдсөөр, чулуугаар, модны мөчир, навчаар, молоконы лаазаар хөөрхөн дүрс, тоглоом хийж чадаж байгааг их олзуурхаж байв. Монголын сургалтанд буй хүүхдүүд хэзээ ч ингэж чөлөөтэй байж, санаа бодлоо, буруу зөвөө чөлөөтэй илэрхийлж, бүүр томчуул мэт санал солилцож байгаагүй гэлээ.

Хэдийгээр охид маань монгол хэл бичиг, тоо бодлого зэрэг үндсэн гол хичээлүүдээрээ бараг хоёр гурван анги доод түвшинд байгаа ч хүний нийгмийн болоод ертөнцийн зүй тогтолцооны талаар маш нарийн мэдлэгтэй байгааг нь багш гайхаж байсан юм. Тухайлбал нар сар яагаад хиртдэгийг, бороо яагаад ордогийг, салхи яагаад гардагийг, тэр ч бүү хэл загасны төрөл зүйлийг маш нарийн мэдэж, таньж байсан гэнэ. Аргагүй шүү дээ. Нэгийг нь нар болгож гэрэл бариулаад нөгөө хоёрыг нь сар, дэлхий болгож бөөрөнхий баг өмсгөөд, нар сар яагаад хиртдэдгийг харанхуй танхимд биетээр нь үзүүлэхээр чинь ямар ч хүүхэд ойлгоно. Хүүхдэдээ ч ачаалал багатай, бас сонирхолтой.



***

Охин маань ирсэн дариудаа ойр хавийн хэдэн жаалуудтай гадаа харайж наадаж, эрх тааваараа тоглож байв. Гэтэл аавыгаа сандран сандран дуудлаа. Очтол аавынхаа араар нуугдаж, зугтааж ч гүйгээд байх шиг. Яасныг асуувал хүүхдүүдийн нэг охиныг маань “Ална шүү, П...” гэжээ. Охин маань түүнд нь үнэмшчихэж:

- Та цагдаа дуудаач гэж шивнэж байна.

- Өө, тэгэж л байг, энэ чинь үнэнээсээ тэгээгүй юм, тоглож байгаа байхгүй юу? Гэлээ.

- Ингэж тоглодог гэж үү?

- Аав нь ч гэсэн тэгэж л тоглодог байсан юм. Зүгээр ээ, миний охин гэж байж арай гэж тайвшруулж билээ. Харин охин маань сэтгэлээр их унасан. Хүн яагаад тэгэж тоглодог юм бэ гэж дараа нь асуухад би хариулж чадаагүй.



***

- Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

- 46

- Өө, яасан олон юм.

- Илүү олон хүүхэдтэй анги байгаа ш тээ. Ааваа.. 56 хүүхэдтэй.

50 гарсан хүүхэдтэй анги доторхийг би ер төсөөлж чадахгүй байна. Багш нь яаж тэсч байдаг юм бол. Хүүхэд бүрдээ хүрч чадна гэж үү. “Хэдхээн сортоотой нь үлдээд л олонхи нь гээгдээд явдаг юм” гэж танил багш маань тайлбарлав. Хичээлдээ ирсэн, ширээний ард суусан л бол боллоо, гүйцээ гэнэ. Тийм юм бол нэг талаас сургуульд ирэхийн, нөгөө талаас сургах гэхийн утга учир юу байна. Зарим багш нар хэсэгтээ л хүүхдүүдээ нэр нэрээр нь мэддэгүй сандардаг гэнэ.

Анги дүүргэлт яагаад ийм өндөр байгааг лавлав. Улаанбаатарын хүн ам маш хурдацтай өсч байгаагаас гэнэ. Тийм юм бол яагаад сургуулийн байр шинээр барьж болдоггүй юм бэ. Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар боссон хэдэн өргөтгөлөөс өөр Улаанбаатарт маань нэг ч сургууль сүүлийн 20 жилд шинээр бий болсонгүй. Энэ чинь юу вэ таминь ээ. Энэ хугацаанд чинь Улаанбаатарын хүн амь 2-3 дахин өсчихөөгүй биш билүү. Олон олон баян компаниуд тийм ч бөх, тийм ч үйл явдал, ойд зориулж сая саяар нь мөнгө гаргалаа л гэлцэх юм. Нэг ч бага сургууль шинээр барьсан компани гэж сонсогдсонгүй дээ.

- Манай сургуулийн нэг анги дунджаар 40 хүүхэдтэй,

- Өө гайгүй байна, зарим сургууль 50 гарсан шүү дээ гэж багш нар ярилцаж байна. Ийм ачаалалтай багшаас хүүхэд бүрд хүрч ажиллахыг шаардах нь утгагүй хэрэг, бас боловсролын шинэчлэл амжилттай хэрэгжинэ гэсэн ямар ч үндэслэл байхгүй санагдана. Үгүй энэ Боловсролын Яам, үе үеийн эрхэм сайдууд юу бодож явсан юм бол. Засгийн газар ямар бодлого барьдаг юм бол...

Охин маань ярьж байна. Америкт манай анги 21, сургууль 260 хүүхэдтэй. Манай захирал, багш нар сургуулийнхаа бүх хүүхдүүдээ таньдаг ш тээ. Харин энд намайг манай ангийн багшаас өөр ямар ч багш таньдаггүй гэлээ. Энэ таньдаггүйн цаана сургуулийн, сургалтын ямар “таньдаггүй” хөндий, хүйтэн орчин байна вэ?...



***

Нэг дүү маань хүүгээ математикаар дагнасан нэгэн хувийн сургуульд оруулжээ. Маш сайн сургалттай сургууль аж. Нэг л хэцүү нь давсаг султай хүү нь завсарлагаанаар бие засч амждаггүйгээс ихээхэн бэрхшээл гардаг гэнэ. Нэг удаа ангидаа бие засч бөөн юм болжээ. Түүнээс болоод хүү нэг хэсэгтээ хямарч, хичээлдээ явж чадахгүйд хүрсэн байна. Бие засуулдаггүй юмуу, хаашаа юм гэсэнд, цаг байдаггүй, хэдхээн минут завсарладаг, хүүхдүүд дараалал үүсгэчихээд амждаггүй, хичээл нь маш шахуу учир хичээлээсээ нэг ч минут хоцорч болдоггүй гэнэ дээ. 10 настай балчир хүү миний ч бодож чадахгүй тригнометр, огторгуйн геометрийн тоог бодож байна. Сайн хэрэг.

Танил багш маань бас ийм жишээ олныг хэлж өгөв. Тэдний сургуулийн математикийн гүнзгийгийн багш 7 настангуудаар язгуур гаргаж сургасан гэнэ. Тэр нь их сайнаар яригдаж, заах чадварыг нь үлгэр жишээ болгожээ. Харин надад бол нөгөөх хоцрогдсон социалист сурган хүмүүжүүлэгч гэгддэг М. Сухомлинскийн нэг үг эрхгүй санаад орж байх юм. “Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин хүүхэд бүр эцэг эх болох учиртайг мартаж болохгүй”.

Бүр гайхмаар нь америкийн сургалтын систем Сухомлинскийн энэ зарчмыг яг таг хэрэгжүүлээд байх шиг надад ажиглагдсан. Америкийн бага сургуулиудын хичээлийн явцыг харвал маш хөнгөн. Бараг л энэ чинь хичээл заадаг юм уу даа гэмээр. Тоглуулаад л, наадуулаад л байх шиг. “Ийм ч сургууль, сургалт байх гэж ...” хэмээн эхнэр маань илэрхий дургүйлхэж байсансан.

Юутай ч бага сургуулийн түвшин манайхаас хавьгүй доогуур мэт санагдсан. Чухам үнэнийг мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Гэвч түвшин доогуур нь асуудлын гол нь биш юм. Миний ажигласнаар америкийн сургалтын системийн онцлог давуу тал юундаа байна вэ гэвэл? бага/элементари/, дунд/мидл/ сургуулийн сургалтын зорилго нь хүүхдийг юуны түрүүнд хүн болгон төлөвшүүлэхэд зориулагдсан мэт.

Хүүхэд бүхэн хүний нийгмийн дунд амьдрах нь ойлгомжтой. Хамгийн түрүүнд хүнтэй зөв мэндлэх, хүн хүнээ хүндлэх, автобус, элдэв үйлчилгээнд дэс дарааллаараа үйлчлүүлэхээс эхлээд л хүний нийгмийн доторх бичигдээгүй болон бичигдсэн бүхий л дүрэм журмыг хүндэтгэдэг болгон сургадаг байна. Чөлөөтэй сэтгэж, өөрийгөө илэрхийлж, бас бусдын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж сурдаг болдог байна. Тэнгэрийн дор хууль гээч нэг юмыг зөрчиж болдоггүй юм шүү гэсэн язгуур ойлголтыг чухам бага сургуульд нь л хүүхдүүдэд гүн бат суулгаж өгдөг байна. Энэ нь эргээд нийгэмдээ маш эерэг нөлөө үзүүлдэг, хууль нь хэрэгждэг, нийгэм нь хөгждөг. Мөн сөрөг хүчин зүйл ч байдаг нь одоо энэ сэдэвтэй холбож ярих зүйл биш юм.

10 настай охин маань нэг бус удаа миний журамгүй үйлдлийг засч залруулж өгч билээ. Нэгэн удаа дэлгүүрээс гартал бороо асгарч байв. Шүхэргүй гараад ирсэн охин бид хоёр гэр хүртлээ шалба норох нь тодорхой болов. Гэтэл манай зэргэлдээ байшинд амьдардаг залуу бидний дэргэдүүр мэндлэн гарч машинаа яаран зүглэхэд нь би араас нь гүйлээ. Харин охин маань та эхлээд хаашаа явахыг нь асуугаач, Майкл/хөршийн нэр/ өөр ажилтай ч байж болно шүү дээ гэж билээ. Үнэхээр ч Майкл өөр тийш яарч явсан, ямар ч боломжгүй байсан бөгөөд, биднээс уучлал гуйж, дараа таарах бүрдээ бид хоёрыг бороон дунд орхисон доо хүлцэл өчих болсон юм. Би бол өнөөх л монгол зангаараа гэрлүүгээ хүргүүлчих гээд байсан нь чухам тэр хүний эрх ашгийг нь хүндэтгээгүй бүдүүлэг хэрэг байж...

Нөгөө талаар бага балчир хүүхдийг их хичээл, ачааллаар залхаахгүйгээр үндсэн суурь ойлголтыг энгийн тоглоом, чөлөөт хэлбэрээр эзэмшүүлдэг нь маш ухаалаг шийдэл юм. Манайд бол шал эсрэгээр, байх. Балчир хүүхдүүдийг залхтал нь хичээлээр бөмбөгдөж байна. Залхсан, халширсан оюун ухаан цаашид үр дүнтэй хөгжих үү? 9 настай хүүхдэд тригномерт заагаад, балчир оюуныг нь бөмбөгдөөд байхаар чинь чухам хэд нь тэсч үлдэх бол, хэд нь нэгмөсөн залхаад, балчир оюун нь хатаж, мөхөх бол... Ийм дарамтанд байгаа хүүхдийн чухам хэдэд нь чөлөөт сэтгэлгээ төлөвших бол...??

Америкийн дунд сургуулийн төгсгөлөөс, ахлах сургуулиас хичээлийн ачаалал хар аяндаа хүндэрч, гүнзгийрээд ирдэг шиг анзаарагдсан. Бага насандаа төлөвшиж, зөв чиглэл авсан хүүхдүүд ч сонголтоо бие дааж ухаалаг хийнэ. Бас хичээл номондоо хандах хандлага нь ч эрс өөрчлөгдөнө. Ялангуяа коллежээс дээшилж, их дээд сургуулийн босго алхасны дараах оюутнуудын бие даах чадвар манай оюутнуудтай харьцуулашгүй. Индианагийн Их сургуулийн босгоор орж, хэдэн сар оюутнуудын дунд хутгалдаж үзээд өөрийнхөө оюутан байсан цаг үедээ үнэхээр их харамсаж билээ. Бид чинь оюутан байхдаа ер юу сурч байсан юм бол, яаж хичээж, чармайж байсан юм бол, мэдэхгүй ээ, эргээд санахаар зүрх шимширмээр. Индианагийн Их сургууль 38-40 мянган оюутантай. Жилд нийт элсэгчдийн дөнгөж 53 хувь нь л төгсдөг гэсэн. Америкт мастер хамгаална гэдэг бол үнэхээр нэр төрийн, амьдралын баталгаа болдог.

Өдгөө Вашингтонд буй М.Саруул-Эрдэнэ андын бичсэн “Дотно андын захиа буюу Америкт хэрхэн эмч болдог вэ?” нэртэй нийтлэлд америк оюутнууд хэрхэн сурч ажилладгийг маш тодорхой нүдэнд харагдтал өгүүлсэн нь бий. Ер нь энэ хоёр боловсролын системийг харьцуулбал яг эсрэгээрээ, америкийн боловсролын систем манайд яг уруугаа харсан байрлалтай мэт. Харин одоо мэргэжлийн хүний дүгнэлтийг сонсоё.

Америкт доктор хамгаалсан Ж.Алимаа “Америкийн дээд боловсролын системийн тухай” өгүүлэлдээ ийн бичжээ. “Америкийн боловсролын системийн нэгэн онцлог давуу тал бол оюутнуудыг бүрэн өөрөө бие дааж сэтгэдэг чадвартай хүн болгож сургадагт оршино. Иймээс Америкийн коллеж төгссөн хүн аливаа нэгэн ээдрээтэй асуудал, бодлого, проблемтэй учирвал түүнийг шийдвэрлэх, хариултыг олж чөлөөтэй шинийг санаачлан сэтгэх тал дээр илүү чадалтай байдаг (problem solүing skill). Мөн коллежид суралцах явцад хүнтэй зөв харьцаж сурах (communication skill) чадварыг хөгжүүлнэ. Хүнд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө зөв ойлгуулах болон бусдын хэлсэнийг зөв ойлгож сурах нь хүний амьдралын туршид ямагт хэрэглэгдэх чухал чанар юм. Цаашилбал, ямар мэргэжил сонгосноос хамаарах ч гэсэн, америкийн коллеж төгссөн хүн бүр маш сайн зохион бичлэгийн (writing skill), юмыг шинжлэн задлах (analytical skill), зарим нөхцөлд тооцоолон сэтгэх (quantitatiүe skil) гэх мэтчилсэн чадваруудыг сайн эзэмшсэн байдаг.”



***

Хэд хоног хичээлд явсны дараа охин маань ийн ярив.

- Ааваа, манай багш бас хүүхдүүдийг тэгэж зодох нь зөв юм байна.

- Хүүе, яагаад тэр билээ?

- Ширээн дээрээ гараад дэвхэцээд байгаа юм чинь, бас цүнх булааж аваад шууд зугтаачихаж байгаа юм чинь. Хүний цагаан цамцан дээр балаараа сарааччихаж байгаам чинь

- Аанхан...

- Тэгээд тэгэж болдоггүй юм гэхээр улам тэгдэг юм.

- Аанхан...

- Завсарлаад багшийг гараад явангуут тэр олон хүүхдүүд бүгдээрээ аймаар галзуу болцгоочихдог юм чинь... Дуурайгаад галзуурчихмаар...

Нээрээ ч галзуурчихмаар болдог байх даа. Хатуу дарангуйлал, дарамтан дор байгаа хүүхдийн балчир оюун ухаан, сэтгэл зүрх эрх чөлөөгөө тэгэж гаж галзуу байдлаар илэрхийлж, мэдрэх нь аргагүй юм. Монголын маань боловсрол нэг иймэрхүү дүр төрхтэй.

Нийгмийн хөгжлийн нэг тулгуур нь яах аргагүй боловсрол. Боловсрол ийм байхад хөгжлийн, бүр үсрэнгүй хөгжлийн тухай ярих нь утгагүй мэт санагдаад болж өгөхгүй байна даа.

Tuesday, September 9, 2008

“Цаг төр” сэтгүүлийн 25 асуулт

За нэг өөрийгөө рекламдчихая. Ер хийсэн юмгүй л хүний ажил л даа, энэ бол. Ялангуяа сүүлийн үед ер албаны ажилд түүртээд блогтоо юм ч оруулж чадахгүй, шинээр нэг ч юм бичиж, нэмж чадахгүй явна. Тэгээд энд тэнд дэмий ярьсан яриагаараа л ээлж өнгөрөөх нь дээ. "Цаг төр" сэтгүүлд 25 асуулт хариулт гэдэг булан байдаг юм байна. Дашрамд уг сэтгүүл тун дажгүй сэтгүүл санагдсан шүү. Хэдэн дугаарыг нь уншсаны дараа ийм бодолтой болсон.
Харин энэ асуулт хариулт бол ямар нэгэн хэмжээгээр миний дотоод ертөнцийн хэлтэрхий учраас хувийн блогтоо орууллаа. Зөвөөр ойлгоно биз ээ.


“Цаг төр” сэтгүүлийн 25 асуулт

Ургийн овог:
Жалайр.

Овог нэр:
Баасангийн Номинчимэд

Төрсөн газар:
Говь-Алтай аймгийн Халиун сум, Халиун голын хөвөөнд

Багын мөрөөдөл:
Оддын дунд аялах

Ажил, бүтээл:
Сэтгүүлч, МОНЦАМЭ агентлагийн дэд захирал. Бүтээлийн хувьд ганцхан ном хэвлүүлсэн “Хувьгүй хаан Аригбөх”, түүхийн сэдэвтэй.

Бахархал:
Монгол түмнийхээ ер бусын эрч хүчтэй, баатарлаг түүхээрээ. Бидний өвөг дээдэс чинь бүтэн гурван зууны турш дэлхийн бодлогыг тодорхойлж байсан юм шүү дээ. Өөр ямар ч үндэстэн ингэж чадаагүй. Цагтаа бид чинь өнөөдрийн Америкаас хэд дахин илүү хүчтэй явжээ. Энэ бол бидний бахархал, бөс хөгжлийн ой санамж, уриа дуудлага ч болох учиртай.

Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсч байна вэ, яагаад?
Монгол орны хөгжлийн нэг гол тулгуур болсон уул уурхайн талаар, ялангуяа гацаанд орчихоод байгаа стратегийн томоохон ордуудын талаарх төр засгийн бодлого, үйл ажиллагааны үр дүнг л харахыг хүсч байна. Нөгөөтэйгүүр үүнийг ч, мөн Монгол үндэстний сэргэн мандах үзэл санааг багтаасан маш тодорхой хөгжлийн үзэл баримтлал бидэнд их үгүйлэгдээд байна уу даа.

Биширдэг түүхэн хувь хүн?
Чингис хаан. Монгол хүн бүрд өөр өөрийн гэсэн Чингис хаан байдаг байх. Миний Чингис хаан бол миний оюуны эрлийн, итгэл үнэмшлийн, эрмэлзэл, хүслийн цогц дүр. Би түүнийг амьдаас амьд гэдгийг нь ямагт мэдэрч байдаг. Тэр хаа сайгүй оршин байдаг.

Уншсан номнуудаасаа гурвыг магтвал...?
Гуравханыг уу? Алийг нь тэр гэх юм бэ? Харин хамгийн сүүлд уншсанаас нь гэвэл болж байна. “The World is flat”, “Мамлюк”, “Дөлгөөн Дон”. Энд ялимгүй тайлбар хийчихье. Яг одоо манай нэг ТВ-ээр “Дөлгөөн Дон” кино гарч байна лээ. Түүний ганцхан ангийг үзсэн чинь хуучин их дотно танилуудтайгаа уулзаж буй мэт санагдаад, тэгээд нөгөө киноныхоо бүх ангийг нь үзэж амжихгүй болохоороо номыг нь шүүрч аваад уншчихсан гэж байгаа. Ер нь бол “Дөлгөөн Дон”-ыг гуравдахиа уншиж байна. Аль ч хуудсыг нь нээсэн тэгээд л живээд орчих юм даа.

Та багадаа хэн болохыг хүсдэг байсан бэ?
Энэ ч насны онцлогоос болоод тэр юм уу, янз бүр байсан даа. 7 хүртлээ ер нь үзүүртэй модноос дээхнүүр, үүлтэй тэнгэрээс доохнуур нисдэг морьтой Эрийн сайн Хан харангуй л болно гэдэг байж, хэ хэ. Дараа нь 10-аад насанд шууд л Атос /”Шадар гурван цэрэг” романы/ шиг эр болно гэдэг байсан. 15 орчим насанд бол Павель Корчагин шиг болно гээд л... Харин одоо бол яг өөр шиг ээ л байхыг хүсч байна. Ингэхээр ер нь ханш нь ямагт уруудаж иржээ дээ.

Өөрийнхөө юунд нь дургүй вэ?
Үүнийг надад дургүй хүмүүс л хамгийн үнэнээр нь хэлж өгөх байх даа. Харин яг одоо бол би өөрийнхөө аливааг хүлээн зөвшөөрөмтгий, найр тавимтгай, буулт хийдэг, хүлцэнгүй зандаа л их дургүй хүрчихээд сууж байна.

Та юугаараа бусдаас онцгой санагддаг вэ?
Өө, мэдэхгүй. Бас энэ хүлцэнгүй маань ч онцгой нь байж магад...

Өөрийнхөө ямар амжилтаар бахархдаг вэ?
Бахархаад байхаар юм ч алга дөө. Эргээд бодохоор ямар их боломжийг дэмий ганхаж өнгөрөөгөө вэ л гэж халагламаар. Үүнийг л амжилт гэхгүй юм бол... Аа, тийм, нэг амжилт бий. Хувь заяаны эрхээр би их олон ажил хийж үзсэн. Хоньчин, ногоочин, ачаа ачигч, төмөрчин, мужаан, дархан, аяга угаагч, цэвэрлэгч, барилгачин, шалчин, тогооч, асрагч, жолооч, хэвлэлийн төлөөлөгч, сурвалжлагч, редактор, одоо болсон болоогүй даргыг нь хийгээд явж байна. Нөгөө Толь Гэндэн толгой Шийрав гэдэг шиг л... Энэ олон ажил хийсэн маань бас нэг төрлийн амжилт байж магадгүй юм.

Алжаалаа яаж хамгийн сайн тайлдаг вэ?
Унтах л хамгийн сайн арга, надад бол. Мөн хүүхдүүдтэйгээ наадаж тоглох, бас заримдаа ууланд гарч, тэнгэрийн хаяа харж, өвсний үзүүрт салхины исгэрэхийг сонсон, үс минь хийсэхийг мэдрэхэд алжаал тайлагдаад ч байх шиг байдаг юм.

Ямар дуу дуулах дуртай вэ?
Санаанд орсоноо л байнга гоншигнож байдаг юм ш тээ. Солгой хоолойтой хүн дуулах дуртай гэдэг үнэн байх. Ер нь “Дүүриймаа”-г дуулахаар нэг л өөр байдаг юм, жингүйтээд л, нулимс мэлтрээд л.... Харамсалтай нь энэ дууныхаа ганцхан л бадгийг мэднэ.

Амьдралд сургамжтай үг хэлээч?
“Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” Яг одоо энэ дууг аялаад сууж байна.

Чармайлт гэж юу вэ?
Харин юу юм бол. Эрмэлзэл, зүтгэл, тэмүүлэл, мэтгүүлэл, хичээл, амбийц гээд л, энэ бүгд өөр хоорондоо ялгаатай л байдаг байх.

Хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл...?
Америк. Энэ оронд би бараг 6 жил амьдарчихсан болохоор байгал, цаг агаар, найрсаг түмэнд нь дасчихжээ. Би ер нь их дасамхай хүн байна шүү. Гэхдээ надад бол ганцхан Монгол л хаваасаг дөө.

Өөрийгөө хэн нэгэнтэй нэг сар соль гэвэл...?
20 жилийн өмнө бол хайрлаж дурлаж байсан охидынхоо нэгийг хэлэх байсан. Одоо бол хэнтэй ч солихгүй ээ. Яагаад гэвэл өдий хүртлээ би хэнээр ч орлуулашгүй тусгаар ангид бодьгал болоод цутгагдаж, бүтээгдэж ирж, одоо гүйцэд урлагдсан байна. Харин зүгээр сахилгагүйтэх гэвэл эхнэрээ ч юм уу, эсвэл Ерөнхийлөгчөөр....

Таны хамгийн сайн хийж чадах хоол?
Жинхэнэ таана амтагдсан, хар хөлс асгуулсан гурилтай шөл хийж чадна. Яг лам нарын манз цавын жороор шүү.

Хэзээ хийсэн ямар наймаанд сэтгэл тань хангалуун байдаг вэ?
Хэ хэ, би хэзээ ч бүтэлтэй наймаа хийж үзээгүй.

Алгасалгүй үзмээр нэвтрүүлэг...
ТВ нэг их үзээд байдаггүй болохоор ямрыг нь сайн гэж хэлж мэдэхгүй байна. Харин саяхан оросын “Зөн билгийн тулаан”-ыг нэг суугаад үзчихсэн, дахиж гарвал үзчихмээр санагдсан шүү. Аль ТВ-ээр нь гарч байлаа даа.

Зохиолч, яруу найрагчдын ухаарал харласан шүлэг бүтээлээс алийг нь санаж явдаг вэ?
Автобусанд, үйлчилгээний газар, авто зам дээр гээд бараг алхам тутамдаа монголчууд бид чинь бие биенээ хайрлах нь бүү хэл өчүүхэн ч хүндлэхгүй, ер золбин нохойноос ч дор үзэж, харьцаж байгааг харж, сэтгэл их эмзэглэж явна. Бид чинь ямар их сөрөг хар энерги хуримтлуулаа вэ.
Тиймдээ ч тэр юм уу О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ” гэдэг шүлэг сүүлийн үед санаанд их орж ирээд байх болжээ. Бас энэ их найрагчийн “Тэнгэр шиг бай” гэсэн мөр хүнд хэцүү үед ямагт санаанд орж ирж байдаг юм.

Та ямар нэг юмнаас залхаж байна уу, тийм бол юунаас...?
Назгай залхуугаасаа л залхаж байна даа.

Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг бол?
Мэдэхгүй, лав л хөөрхөн гэж ярьдаггүй байх. Заримдаа нээрээ тэд юу ярьцгаадаг бол гэсэн сонирхол төрж байдаг ч мэдэх боломж хомс юм. Тэгээд ч миний хувьд бусдын юу гэхийг сонсохоос илүүгээр би чинь юу хийчихвээ, энэ сайн болов уу, эсвэл муу юу гэх мэтээр өөрийнхөө хэмжүүр, цэгнүүрээр өөрийгөө цэгнэж, хянах нь илүү давамгайлж байх шиг байдаг юм. .
Хов жив гэдэг бол хэзээд сэтгэлийн өргөс болсон хорон бөгөөд туйлширсан байдаг шүү дээ. Хүмүүс хэн нэгний талаар ямагт л гажсан, нэг бол хэтрүүлж үнэлсэн, эсвэл дутуудуулсан өрөөсгөл дүгнэлттэй байх нь элбэг. Тэгээд ч хүн гэдэг чинь их сонин, олон талтай маш нууцлаг ертөнц.

Таалдаг жүжигчин...?
Олондөө. Гаднаас бол мэдээж Чарли Чаплин хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Тэр чинь зүгээр нэг алиа марзан хүн биш, агуу их ертөнц байсан. Бас Мил Гибсон, Ричард Гир энэ тэр гээд л... Манайхнаас бол Цагааны Цэгмид, Цэвээнжав, Гэндэн, нөгөө Улаанмалгайт, Гүен баатарт тоглодог чинь хэн хэн билээ. Бас өвөр Монголын Чингис хааныг бүтээсэн Баасан гуай.
Харин сүүлийн үед Хятадын нэг жүжигчин их таалагдаад байгаа. Нэр нь алга аа. Нөгөө “Муза” кинонд монголын Хөхтөмөр жанжины дүрийг бүтээсэн.

Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үзэх вэ?
Таалагдвал рок поп, жааз, сонгодог, ардын гээд ямрыг нь ч үзнэ шүү дээ. Бритни, Силен Дионы концерт таарвал үнэ хайрлахгүй үзэж л орхидог. Нэг жижигхээн нууц хэлчихэд “Бөгжний эзэн эргэж ирсэн нь” киног бараг 50 удаа үзсэн. Тэр кинонд нэг л нууц байгаад байгаа юм.

Мөрөөдлийн тань машин?
Цаг хугацааны машин... Аан, унадаг машины хувьд гэвэл бензин бага идчихдэг, хүч, хурд сайтай, аюулгүй л бол ямар нь ч яах вэ. Гэхдээ Тоёотогоос Хонда нь илүү ч юм шиг санагддаг.

Хэн нэгнийг шагнах бол ямар үндэслэлээр хэнийг шагнах вэ?
Надад хэдэн хүний лимит өгөх юм. Түүнийг нь харж байгаад л болно доо. Хэрвээ ганцханыг өгнө гэвэл өнөөдөр Монголын нийгэмд эвлэрлийн, ойлголцлын, хүлцэлийн урь салхийг авчирч байгаа Ерөнхий сайд С.Баярыг хэлмээр байна.

Гадаадын хүнд эх орныхоо сайхны тухай хамгийн товчоор яаж ойлгуулах вэ?
Энэ миний эх орон.