Saturday, March 5, 2011
Ертөнцийг хэн маань эрхшээх вэ буюу “чулууны” домог
Үнэн юм шиг худал
Олон сэтгэгдэлчид чи адал явдлын зохиол бичээч гэж “нөхөрсгөөр шүүмжилснийг” хүлээн авч, наадмын бэлэг болгон нэгэн зохиолыг цувралаар гаргахаар шийдлээ. Та бүхэн шүүмжийг бүү урьтал болгоорой, эрдэмтэн судлаач нар энэ тухай баримт материал байвал саналаа нэмэрлэнэ үү. Яахав энэ зохиолыг их сайн явуулбал “Муми хятадад эргэж ирдэг шиг” Монголд ч бас адал явдал хайгчид олноор цуглана гэж бодож байна. Тэр нь бидэнд ашигтай….
XX зууны дэлхийг хамарсан улс төр-тагнуулын нууц ажиллагаануудыг зангидаж байсан нэгэн чулууны тухай энэ домог үнэхээр бодат түүх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хорьдугаар зууны эхээр зарим нь “шинжлэх ухаан мухардалд орлоо” гэж халаглаж, зарим нь “шинжлэх ухаан оргилдоо хүрлээ” гэж тунхаглаж байхад зарим нь тайлагдашгүй нууыг нээж шинэ шатанд гарна гэж үзэж байв. Энэ үед Европ дахинаар ялангуяа хаадын ордонд ид шид, нууцлаг ухааныг сонирхдог бүлгэмүүд нэвшиж, ид шидтэн, ирээдүйг зөгнөгчид ордонд амархан орж байлаа. Дэлхий нийтээр нэг ертөнцөөс нөгөө ертөнцөд шилжих гэж яарч, оюун санаа хямарч, үй олныг хөнөөх аймшигт дайны утаа уугиж, түүнийг зөнч, виваангирдич нар зөгнөж байлаа. Энд өгүүлэх гэж буй чулууны домог XX зууны нууц түүх юм биш, олон мянган жилийн түүхтэй.
Эртний Мисир, Ассир, Грек, Вавилон, Македон, Майя, Инк, Хан, Тан гүрэн, хожмын лалын эзэнт гүрнүүд халифт, эмтр, султант, шахт улсууд, Византийн түүхэнд чулууны домог бий. Энэ түүхийг /үнэндээ түүх бус домог юм/ үнэн гэж бус зүгээр л бичлэгийн ур чадвар, логик сэтгэлгээний дасгал маягаар тэрлэж байснаа уншигчиддаа хүргэж байна. Ийм чиглэлийн зохиол, уран сайхны нийтлэлийг орчин үед ихээхэн сонирхдог болжээ. Зүгээр сэтгэлгээгээ дасгалжуулж, тайвшрахын тулд уншаарай. Түүхэн бодат үйл явц дээр домог нэмчихээр л ийм сонирхолтой зохиол /зохиол шүү/ гардаг байна. Гэхдээ үнэн болжгэм энэ ямар гайхамшигтай билээ? Хэрэв үүнд итгэвэл оккультизм, парапсихологи сонирхогч жуулчин-судлаачид, адал явдал хайгчид, өнөөгний дэлхий ертөнцийн гажиг сэтгэхүйтнүүд Монголд цутгана даа. Гагцхүү болгоомжлох нь элдэв мэргэч төлгөч, нийгмийн ёс суртахууны хямралын идээ бээр болсон хийрхэгч, хууран мэхлэгчид үүнээс санаа аваад элдэв юм болох вий л…
Худал юм шиг үнэн
Нөгөө талаас энэ бол түүхийн “инвариант” юм гэж энэ зохиол анх “Улстөрийн сонин”-д гарсны дараа Ч.Эрдэнэ гуай бичиж байсан. Өнөөдөр шинжлэх ухаан өндөр түвшинд хүрч хөгжсөн гэж байгаа ч байгалийн хуулийн 4 хувийг л нээн ашигласан гэж байгаа. Харин ертөнцийн түүх ямар хуулиар, ямар жамаар явдаг бол? Их гүрнүүдийн түүхийг уншаад байхад ард нь ямар нэг нууц, өөр вариант яваад л байдаг. Хэрэв түүх энэ замаар яваагүй боль хэрэв ийм юм болоогүй бол дэлхий ямар байх бол? гэж асууж үзэх хэрэгтэй л дээ. Яг ийм түүхийн эргэлтийн үл явцыг Л.Н.Гумилёв “Гайт агшин” гээд хэрэв гайт агшин тохиогоогүй бол түүх мар замаар явах гэж асуусан байдаг юм. Үүнд бас философийн зайлшгүй хийгээд санамсаргүйн тухай асуулт бий. Бас түүхийн философи гэдэг ойлголтыг Ч.Эрдэнэ гуай “Хэн хүчирхэг байсан тэр буцаад хүчирхэг болно” гэж томъёолсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн түүхийн шийдвэрлэх үйл явдлууд болдог тулгуур районууд байна. Гайхамшигт байгууламжууд байна.
Европын буюу газар дундын тэнгисийг тойрсон иргэншлийн орон зай /энэ ойлголтыг Б.Муссолини фашизмыг томъёолохдоо анх гаргаж ирсэн/, Тигр, Ефрат хоёр мөрний савд төвлөсөн иргэншлийн орон зай /Хүлэгүгийн Багдадыг эзэлсэн, АНУ-ын Багдадыг эзэлсэн түүх яг давтагддаг/, Инд Ганга мөрний сав Энэтхэгийн соёлын орон зай, Шар, Хөх мөрний сав Хятадын иргэншлийн орон зай, Гумилёвын хэлсэн “Их талын” /өрнө дорнын соёлын шилжилтийг хангаж байсан нүүдэлчдийн орон зай, анх үүнийг Геродот “Иран ба туран” гэж ангилсны туран нь юм/ түүхэн орон зай юм.
Үүнтэй зэрэгцээд өнөө цагийн супер эзэнт гүрэн АНУ-ын орон зай байна. Евразийнхан олон мянган жил мэдээгү болхоос Америк тивд түүхэн туршид эртний соёлт гүрнүүд зэрэгцэн оршин тогтнож байсан. Инк, Майя соёлын дурсгалууд, нарны сүмийг өнөөдөр нээсэн байна. /Ертөнцийг эрхшээгч чандмань чулуу алга болдог үед ийшээ шилжчихдэг байсан юм биш байгаа?/ Пифагорын бичиж үлдээсэн, өнөөдөр ч нууц нь тайлагдаагүй Атлантида хаана байсан бэ? Дорнын шамбал, өрнийн Атлантид хоёр нэг ойлголт уу? /Эртний Мисирийн домогт үндэслэн газар зүйн байршлыг нь тодорхойлсноор бол энэ иргэншил Америк тив байсан/.
Английн эзотерик судлаач нөхөр ирж, энэ сэдвээр ярилаа, “Би юугаа мэдэхэв дээ л гэлээ”. “Дорнын зан гаргалгүй яръя л гэж байна. Хариуд нь мэддэг бүхнээ биччихсээн л гэлээ. Тэр нөхөр монголгүй, би англигүй таарсан юм болов доо. Наад зах нь дорнын зарим ойлголтын томъёоллыг тэр мэдэхгүй, өрнийхийг би мэдэхгүй учраас энэ “шинжлэх ухааныг” нэг хэлээр ярьж чаддаггүй ээ, дээрээс нь орчуулагч маань энэ талаар “А” ч үгүй учраас ярилцлага маань хун хавчаахай цурхайн үлгэр болсон. Буддизм судлаж байсныхувьд хуучин халимаг аялгаар там тум ярих юм. Мний ойрд аялга ч бас базаахгүй. Тэгээд баахан кофегоор гэдсээ зайлаад, үр дүнд нь эгээтэй л хүрнээр шээчихсэнгүй.
Дөнгөж саяхан төгссөн “Хүйтэн дайн” Их Монголын Эзэнт гүрний нутагтай яг давхцан тогтсон коммунист ертөнц ба эртний Атлантидын /Америк тивийн/ “иргэншил хоорондын мөргөлдөөн” байж, эзэнт гүрэн ялагдлаа. Гэвч Москва төвтэй эзэнт гүрэн унасны дараа Бээжин төвтэй эзэнт гүрэн Америк иргэншлийг сөрөн босч байна. Эх газрын эзэнт гүрний гурван гүрэн нь Монгол, Монголчуудын нэгтгэсэн Орос, Хятад. Өнөөгийн Оросын төрийн уламжлал Монголын эзэнт гүрнийхтэй төстэй. Гэх мэт түүхэн газар зүй, иргэншил хоорондын асуудал тун гайхалтай гэсхийгээд бидний ойлголцол дуусав. Англи харин хаашаа явах вэ? Эх газрынх болох уу, эсвэл арлынх хэвээрээ байх болов уу? Бүү мэд, англи байтугай Монгол яах нь тодорхойгүй л байна.
Харин энэ асуултын хариуг масончууд л өгөх ю гэнэ. Тэр ч байтугай хүйтэн дайны үеийн сартваахиуд Бзежинский, Хантингтон нар Масоны нийгэмлэгийнхэн гэнэ. Жаахан урагш хөөвөл Тойнби бас масон байжээ. Тэд л дэлхийн хувь заяаг тодорхойлж суудаг гэнэ шүү.
Масон буюу чөлөөт чулуучдын нийгэмлэг
Масоны нийгэмлэгийг “жинхэнээр” нь чөлөөт чулуучдын нийгэмлэг гэдэг. Өрнөдийн орчин үеийнхэн чулуучид гэдэг үгийг “Эртний Мисирийн пирамидын чулууг огтлогчид” маягаар тайлбарладаг юм билээ. Тэгээд л түүх нь гацчихдаг. Гэвч нууц судруудад тэмдэглэсэнээр бол “чулуу” гэдэг ойлголт нь тоосго, хавтангаас огт өөр зүйл аж. Дорнын ойлголтоор бол “Чандмань чулуу” юм. Европынхны саяхны төөрөгдөл ч буй. Эртний Мисирийн чулуу огтлох, зөөх технологийг судлах явцдаа Монголчуудын бөгж болгон зүүх дуртай “очир”-ыг олжээ. Очир бол чулуу огтлогч машин ажээ. Энэ машинаар бүхэл бүтэн далайн түвшнээс 6666 метр өндөр уул уул-Кайласыг “зорж” пирамид болгосон байна. Очир нь гэдэг нь төвдөөр дорж гэсэн үг. Доржийн ёгт нэр нь “чулууны ноён”. Энгийнээр бол чулуунаас бэх, харин өрнийхний үзсэнээр бол чулуу огтлогч. Иймэрхүү дүгнэлт гаргагчид масоны нийгэмлэгийн мөн чанарыг ойлголгүй, нийтэд түгсэн ердийн технологийн эрлийг дагагчид гэнэ.
Чулууны эрэлчид ертөнцийн түүхэн туршид байсан. Тэд өршөөлгүй алуурчин, өрөвдөх сэтгэлгүй улайрагч, хэтийдсэн эрдэмтэд, хийрхэгчид, номлогчид, хэт шүтлэгтэн байсан. Тэд дэлхийн түүхийн туршид хамгийн аюултай бүлэглэл, нийгэмлэг, клубуудыг байгуулж байсан. Үе үеийн хүчирхэг хаад, эрдэмтэд, соён гэгээрүүлэгч, аймшиггүй зоригт жанжид тэднээс айн дагжиж байсан.
Масон бол орчин үеийн ийм нийгэмлэг билээ. Хүлэгүгийн баруун зүгийн аян дайны үеэр чулуучдын аюумшигт бүлэглэл “Ассасиныг” газрын хөрснөөс арчсан юм. Толгойлогч хуршаг, уулын өвгөнийг ертөнцийн нууцыг мэддэг хэмээн Монголчууд Мөнх хаан руу авч явжээ. Гэвч элдэв ид шидэд нэвтэрсэн тул хааныг хорлож болзошгүй гэж хэн нэг нь ховлосноор замд нь хаанаас зарлиг ирж, хөөрхий сүүлийн хуршагийн толгойг тас цавчаад, худагт хийгээд булчихсан юм билээ. Хоёр гаргалгаа бий, нэг дэхь нь өрнийхөн нууцаа хадгалах гэж алуулсан, хоёр дахь нь өрнийн нууц гээд байгаа юм нь ерөөсөө хааны гарт байсан тул хуршаг хэрэггүй.
Хитбухын арми Айн Жалутэд ялагдахын өмнөхөн Сирид бэхжээд байсан загалмайтны баронууд мамлюкуудтай хуйвалдаж, сүүлийн бэхлэлтээ найр тавин өгснөөр Монголчуудад сүйтгүүлжээ. Тамплиер баронууд ялагдлаа нуух, найман удаагийн аян дайны эцэст заналт лалуудтай хуйвалдаж, загалмайтны шар аян дайныг /Хүлэгийн аян дайныг ингэж нэрлэж байсан/ эсэргүүцсэн ялаас мултрахын тулд Монголчуудыг муулсан хар домог Европоор нэг тараажээ. Гэхдээ тэд үндэсгүй домог тараагаагүй, Монголчуудын сүр хүч хожим Оросод ирэхийг хэлж байсан. Гэхдээ энэ домог үнэнээр биелэхээс өмнө Варфоломейн шөнөөр тэднийг толгой дараалан хядаад шашингүйн үзэлт сект хэмээн зарласан юм. Европод нууц нийгэмлэг маягаар удсан тэд шинэ ертөнцөд бэхэжжээ. Энэ нь Америк дахь масонууд юм. Америкийн хүчирхэгжилтэй зэрэгцэн хагас мянганы дараа масончууд хүчирхэгжээд байна.
Масон гэж юу вэ? “Чандмань чулууг”, европ ойлголтоор “философийн чулууг” эрхшээхийг хүсдэг бүлэглэл. Гэхдээ чандмань чулуу хэзээ ч хэний ч эрхшээлд байдаггүй. Дорнын сектүүд чулууг эрж, чулуу дуудах элдэв тарни ном зохиож, оролдсоор эцэст нь чулууны орон шамбалын олж үүдийг нээхийг хичээж эхэлжээ. Шамбал дорно дахины хот уу?
Харин өрнийнхөн шинжлэх ухаан судалгааны үндсэн дээр “Философийн чулууг” бүтээхийг хүсдэг болжээ. Чухам энэ эрэл хайгуул нь алхимичдыг төрүүлсэн байна. XVII зууны үед өрнийн аугаа суутнууд “чөлөөт чулуучин” болсон байлаа. Готтфрид Лейбниц /математик/, Леонардо Да Винчи /аугаа олон талт авъяаст суут хүн/ Данте /яруу найраг/, Исаак Ньютон /физик/, Рене Декарт /математик/, Блэз Паскаль /физик/, Майкл Фарадей нарын тэр үеийн сод авъяастан, байгалийн болон нийгмийн хуулиудыг нээсэн 36 эрдэмтнийг нэгтгэсэн Росикрусын бүлэглэл бий болсон юм. Тэд чулууг бий болгоогүй ч өнөөгийн шинжлэх ухаан, урлаг ёс суртахууныг үндэслэгчид болсон юм. 1604 онд Чехийн /Моравийн/ алхимич Сендивогусын гар бичмэл “Философийн чулууны тухай 12 баримтлал” хэмээх ном хэвлэгдсэнээр тэд нэгдэж эхэлжээ. Тэднээс өмнө Арабын алхимичдын нууцад нэвтэрч, түүнийгээ “Философийн чулуу” бүтээхэд ашиглахыг хүсдэг байсан ба өөр хоорондоо харилцах нууц хэл болон алхимийн номлол боловсроод байсан юм. Тэдний олж цуглуулсан мэдлэг бүр Фараон Тутмосын /МЭӨ XY зуун/, Грекийн философич Пифагорын үеэс эхтэй гэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл Атлантидын үед хүрнэ.
Тэд тухайн үед чулууг гарган авахын тулд ертөнцийн бүх мэдлэгийг нэгтгэхийн тулд дэлхийн оккультизмын бүх урсгалыг нэгэн гарт зангидахыг хүсч байжээ. Үр дүнд нь шинжлэх ухааныг хөгжүүлсэн өмнө өгүүлсэн дэлхийн суутнууд “төржээ”. Гэвч философийн чулуу бий болоогүй юм. Олон талд билэгдлүүд бий болсоор.
Масоны билгэ тэмдэг нь еврейн зургаан талт талт тэмдэг гал усыг билгэдсэн дүрс /Давидын од/ болжээ. Европ дахинд Масоныг шашингүйн үзэлт нийгэмлэг буюу еврейн буруу номтон гэх болсон нь үүнээс эхтэй. Өнөөдөр ч чандмань чулуу, философийн чулууг бүтээж чадаагүй байна. Шинжлэх ухааны өндөр түвшинд хүрсэн гэж байгаа ч бүтээх боломж байхгүй. Тиймээс XX дугаар зууны эхээр өрнийхөн бууж өгч, философийн чулууг эрж хайх болжээ. Атлантида сураггүй алга болжээ. Чулууны судалгаа дорно зүг эргэлээ. Энэ удаад Атлантидыг бус Шамбалыг хайж эхэлжээ. Бүр еврейг үзэн ядагч Гитлер, шашингүйн үзэлт Зөвлөлтийнхөн хүртэл энэ хайгуулд маш их анхаарч байсан юм. Дорноос Бэрлинд ирсэн үл мэдэгдэх ламын тусламж авдаг байсан “Туле” нийгэмлэгт 1919 онд элсэж байсан А.Хитлер түүнийгээ орхилгүй өргөтгөж, “Аннербэ” хэмээх олон талт судалгаа эрхэлдэг нууц байгууллага бий болгожээ. “Эдэльвайс” хэмээх томъёолсон нэртэй алдарт уулын дивиз, хайгуулын олон тусгай ангиуд энэ байгууллагын мэдэлд байсан юм. Дорнын нууц судрууд, граалийн илд, чандмань чулуу гэх мэт байхгүй юмны эрлийг эрхэлдэг энэ байгууллага нисдэг таваг хийж чадсан нь хамгийн том амжилт гэдэг юм билээ. Тус байгууллагын экспедицүүд, түүнтэй өрсөлдөгч Зөвлөлтийн НКВД-ын нууц хэлтэс, Яков Блюмкины нэрээр үе үе тодордог Гималайд явуулсан Зөвлөлтийн хоёр экспедиц ямар учиртай байв... Хувьсгалын үеэр Германы элчин сайдыг алж зард гарсан алуурчин Яков Блюмкины хамгийн сүүлд үйлдсэн зохион байгуулалттай аллагаараа Монголын дотоодыг хамгаалах газрын дарга, эсперанточ, Зөвлөлтийн НКВД дэх дорнын судалгааны бүлгэмийн “нууц ноён, тархи” Хаянхярвааг эмнэлэгт хэвтэж байхад нь винтоны жадаар давсган тус газар нь нэвт сүлбэж, ортой нь хадаж алсан юм. Дараа нь Блюмкиныг Оросууд өөрсдөө устгажээ. Өрнийн масоны түүх арвин хэдэн арван боть болох учраас товчилж, хорьдугаар зууны Монгол руу орцгооё.
Чин гүрний түшмэг улсуудаас гагц Монгол тусгаар тогтносны нууц
Нэр хүнд нь Өмнөд хятадаас Якут хүртэл, Японаас Перс хүртэл түгсэн, Европ дахин амьд Будда гэдэг Чингис хааны их гүрний голомт шинэ тулгар нууцлаг Монгол Улсын хаан, Төвд үндэстэн, Жавзандамба хутагтын наймдугаар хувилгаан, товчдоо Богд хаанд нэгэн чулуу байжээ. Тэр чулуун дээр ертөнцийн ирээдүйн тухай бичиг тодрон гардаг бөгөөд түүнийг нь гагцхүү Богд хаан л унших бөлгөө. Чулуу ертөнцийн ирээдүйг хэлэх цаг нь болохоор Богд хааныг дуудна. Хаантан хэнтэй ч ярьж байсан орхин одоод тусгайлан бэлтгэсэн өрөөндөө орж цагаан хувцас өмсөөд хоёр гурван цагаар ертөнцийн ирээдүйн талаар мэдээд гарч ирэхдээ ихэд ядарчихсан байдаг байлаа. Улаан орхимж, шар дээл өмсдөг хаан бясалгал хийхээр орохдоо цав цагаан хувцас өмсөнө. Гарч ирээд гарын бичээч хоёр ламыг дуудуулан юу мэдсэнээ бичүүлнэ. Тэр нь далд ёгт утгатай, үлгэрлэвээс Нострадамусын лүндэн лугаа адил бөлгөө. Тэгээд амрахаас өөр аргагүй болтлоо сульдсанаа хэлнэ. Лам нар түүнийг дамжлан исэрт нь зална. Хаан заримдаа шөнө дөлөөр ч босч, чулууны бичиг унших нь бий. Үүнийхээ заримыг “Богдын лүндэн” хэмээх шаштир болгон гаргасан гэх агаад түүнийг нь олоход бэрх, олдвол тайлж уншихад бэрх ажээ. Бэрх бэрхдээ Нострадамусын түлхүүрээс ч бэрх ажээ.
Тусгаар тогтнолыг нь булаахаар хуйвалдаан зохион байгуулж байгаа Хятадын консул, дорнын шашны нууц сектэд уруу татагдаад, өрнийн маягийн ойлгомжгүй мэдлэг олж авсан ч басхүү гайхалтай мэдрэмжийн ид шидийг олсон барон Унгерн, эсбөгөөс харилцааны чухал асуудал ярилцахаар ирсэн Оросын элчин сайд хэн ч бай Богд хааныг ийнхүү одоход буцахаас аргагүй болдог ажээ. Харин энэ чулууг олж авахыг мянга мянган жил ертөнцийн бүх хаад, ерөнхийлөгчид, адал явдал хайгчид, тагнуулын байгууллагынхан хүсдэг байв. Гэвч энэ чулуу бол өөрөө очих гэсэн хүндээ очиж, явах гэсэн цагтаа явж одох ба түүнийг хэн ч эрхшээж үл чадмой.
Богд хааны нэр сүр өрнө зүг Иран, Афган, дорно зүг Хятад, Солонгос, Япон, хойд зүг нохой хөлөгтний орон хүрч алдаршсан агаад ертөнцийг эзэгнэгч чулууны эзэн учраас бүгд бишрэн шүтмүй. Манжийн төр унахад энэ чулуу Богд хутагтад ирж, тэрээр хаан болсон гэлцэнэ. Сонирхолтой нь чулуу Манжаас бус Ойрадаас иржээ. Энэ чулуу хүслийг биелүүлэгч. Монголчуудын хүсэл биелсэн агаад Чин гүрний харъяат ба түшмэг улсуудаас гагц цөөн Монгол, Богдын шавь халх, чулууг дамжуулагч ойрадын хагас л тусгаар тогтносон улс болсон гэнэм.
Хүчирхэг амьд бурхан Жавзандамба хутагт
Хэдийгээр Чин гүрний мэдэлд байсан таван үндэстнээс хамгийн хүн ам цөөтэй, ядуу нь Монгол байсан авч чухамдаа Монгол л тусгаар тогтносон юм. Тэр ч байтугай газарзүйн хувьд Монгол Хятадын төв, Бээжинд илүү ойр байлаа. Гималайн уулсаар тусгаарлагдсан Төвд, Кунлуний уулс, Зүүнгарын элсэн цөлөөр зааглагдсан Шинжаан, цөлийн дундах Хами, Турфан, Хотонд шургасан уйгурууд тусгаарлаж чадсангүй.
Жавзандамба хутагт Бадаргуултын 14 оноос зүүд үзсэн ба олон зүүдэнд тэрээр Манжаас тусгаарлаж, улсаа мандуулах учрыг бурхадын элч нэрээс сонсчээ. Тэр заримдаа далд нууц үйл хийж олныг гайхшируулж байв. Бадаргуултын 15 онд Манж хувцас өмсөж зах торго, идээ жимс тэргүүтэн шатааж, насны мөчлөгийн гэмийг арилгах нэрээр манжийн хараат бус болж байгаагаа илэрхийлжээ. Тусгаар тогтнох цаг хэдий бол гэж Монголын ноёд асуух бүр цагийг тэнгэрээс хэлмүй гэж хариулна. Ямарваа зүйл бүгд цагтай тул тусгаарлах цагаа мөн “зүүдээр” мэджээ.
Таван үндэстнийг нэгтгэсэн Чин гүрэн мөхөхөд бусдын адил эрх чөлөөгөө олсон Хятадууд, адилхан тусгаарласан Монголыг өөрийн харъяат хэмээн ихэмсэглэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд Чин гүрэн дотроо давхрагын хувьд хятадуудаас дээд зиндаанд байсан юм. Монголчуудын үүрэг хятадуудаас Манж нарыг хамгаалахад л оршино. Гэтэл дундад Иргэн Улсын шинэ Ерөнхийлөгч Юань Шикай хүчний олон, хүчиндээ эрэлхэн, цөөн буурай Монголыг цэргийн хүчээр эзэлнэ гэж сүрдүүлэв. Богд хаан айсангүй. Тэр ялна гэдгээ мэдэж байлаа. Чулуу хэлсэн. Ерөнхийлөгч Юань Шикай сүрдүүлсэн захиандаа, “…бидний цэрэг толгойн үснээс олон, танай нэг хүнд мянган цэрэг дүйцүүлэн илгээнэ, цэргээ гарга байлдъя…” гэжээ. Харин Богд хаан “Хүний үс олон ч нэг л тонгорогоор хусдаг биш билүү?” гэж тавлажээ.
Омголон монголчуудыг хашраахаар хятадууд 40 мянган цэргийг орчин үеийн маягаар зохион байгуулж, орчин үеийн их буу, пулемёт, винтовоор зэвсэглэн, хуягт машинтай илгээжээ. Харин Богд хаан 20 дугаар зууны эхээр хоцрогдож, Оросын зэвсэглэлээс гарсан берданк бууг зээлээр авч зэвсэглээд, хоёрхон хээрийн хөнгөн буунаас өөр орчин үеийн гэх юмгүй морьт мянгатыг, Өвөр Монголоос зугатан ирсэн 32 баатраар дэмжүүлэн илгээжээ. Түүний цэрэг мордуулах зарлигт дурдсан нь: “Гагцхүү улсын мандах, мөхөх нь биднээс бус, тэнгэрийн цагийг дагамуй. Ер зөрчвөл болохгүй нь огтгүй бус болой” гээд зарлигаар цэрэг илгээжээ. Зарлигт “Дамдинсүрэн, Чимэдцэрэн, Найданжав нар үзэмчин хуучдаас эхлэн Шар мөрний зүүн этгээдээр, Сумъяа, Бавуужав нар бага авга нар хишигтнээс эхлээд Шар мөрний баруун этгээдээр тус тус явж, зүүн өмнөд гурван чуулганы Монголчуудыг хамгаалан тохинуулсугай. Насан-Арвижих, Мөрөнхан нар Сөнөдөөс эхлэн сүргийн цахар хошуудыг хамгаалан тохинуулж, Жанчхүүгийн сав газрыг батлан тогтоосугай, Чагдаржав Галсанцанбандүйням нар Улаанцав, Их зуу, Алшаа, торгууд, Хөх хотын түмэн олон Монголчуудыг хамгаалан тохинуулж тогтоосугай. Номхон шударга иргэнийг үл хөндөж, хятад бус манж овгийн түшмэл цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарыг хүрсний хойно /цагаан хэрэмийг хэлж байна/ бусад нутгийг тэмцэхгүй захыг батлан сахиж, харъяат олон Монголчуудаа бүрэн бүтэн болготугай” хэмээжээ.
Монголын цэрэг хятадыг хядаж, олзолсон сум, зэвсгээр нь өөрийгөө ханган байлдсаар цагаан хэрэм тулжээ. /“10 000 гаминг 400 Монгол ялж чадна” өгүүллийг үзнэ үү. Уг өгүүлэл баримтат үнэн тул тусад нь хэсэгчлэн бичсэн болно/ “Болохгүй нь огтгүй бус” гэж үнэн аж. Цагаан хэрэм бол Монгол Хятадын үүрдийн хил билээ. Хятадууд сандарч, Оросод хандав. Оросын Засгийн газар дөнгөж байгуулагдсан ядуу улсад зээллэг, зэвсэг өгөхгүй гэж шахаар Монгол цэргийг Хүрээ рүү буцаан татжээ. Уг нь Манж нар зөв үндэстнээр өөрийгөө хамгаалуулж. Хэрэв Манжийн хаан ордны хятад түшмэл генерал Юань Шикайн гарт ороогүй бол Монголчууд Чин гүрнийг аварчих байсан ч юм бил үү?
Хэрэв Манж нар шинэ засгийн бодлого гэгчийг явуулж, Өвөр Монголд олон хятад суулгаагүй бол тэртээ VII зуунд Тан гүрэн өмнөдийн босогчдын хөлд сүйдэх шахаж байхад 10 мянган хүнтэй Түрэгийн жижигхэн аймгийн эзэн аварсан шиг Чин гүрнийг аврах байсан уу? Тэр ч байтугай Манж гүрэн Учаны босогчдын өмнө унахад Богд хаан “Гэрээ ёсоор Манжийг хамгаалсугай” гэсэн хүсэлтийг Хүрээний амбанаар дамжуулан Чин гүрний эзэн хаанд хүргүүлсэн авч түүнийг зөвшөөрсөнгүй нь Чин гүрний хааны буруу бус ордны генерал Юань Шикайн явуулга байжээ. Хэрэв Монгол хамгаалах цэрэг цуглуулбал Бээжинд ирээд их мохлоо гэхэд Өвөр Монголыг салгаад тогтоно гэж эмээжээ. Ингээд зальжин хутагт “Нэгэнт хамгаалах Манж нар унасан бол одоо бид тусгаарлахад буруугүй, Манжаас болж хоёр үндэстэн дайсагналцах шалтгаан үгүй болсон тул эртний ёсоор Хятад лугаа эвтэй зэрэгцэн оршиж, төр улсаа мандуулсугай” хэмээжээ. Ингээд Хятадаас яг нэг хоногийн өмнө Монгол тусгаар улс болжээ. Харин Хятадууд Чин гүрнийг залгамжлагч хэмээн өрнийнхөнд итгүүлжээ. Гэтэл яг үнэндээ хятад үндэстэн гүрний дотроо Монголоос дор дэстэй байныг өрнийхөн яаж ч ойлгох билээ.
Богд хаан хүчирхэг хэмээн дорно дахин итгэв. Түүний хүчин чадал юунд байна? Дэлхийн тэн хагасыг эзэлж байсан их Чингис хааны улсын хаан сууринд суух хувь заяаг харц гаралт, Төвд угсаат тэр хэнээс олов? Яагаад Чингис хааны угсааны хангууд түүнийг хаан суухыг хүлээн зөвшөөрөв? Хэн хүчрхэг байсан тэр хүчрхэг болмой. Яагаад? Түүнд хүслийг биелүүлэгч чандмань чулуу байсан юм. Энэ чулууны нэрийг бүгд мэднэ.
Чингис хааны хасбуу тамга
Монголчуудыг тусгаар тогтнохоос 300 жилийн өмнө манж нар монголчуудыг хуурч Чингис хааны хасбуу тамгыг эзэмшдэг хэмээн цуурхал тараажээ. Хасбуу тамыг даган өвөр Монголын найман аймаг “Үүл нэгвэл бороо, Монгол нэгдвэл цэрэг” хэмээсэн өнөөх Нурхач баатрын залгамжлагч Амбахай хааныг дагажээ. Чингис хаан хүслийг биелүүлэгч “Чандмань чулуу”-г эзэмшдэг байсан уу? Яагаад төрийн тамгаа чулуугаар сийлэв? Ертөнцийн хамаг баялгийг эзэмдэгч их хаан хас чулуугаар бус алт үнэт эрдэнэс чухам юугаар бол юугаар тамгаа сийлж болох бус уу?
Монголчууд чулууг олон зуун жил эзэмшжээ. Энэ чулуу эртний Вавилон, Мисир, Герег, Жагар, Европын хаад, Перс, Моголын хаадад очиж байсан юм. Гэвч Манж нарт хууртсан монголчуудын аз харьжээ. Лигдэн хаан Мин улсаас их мөнгө авсныхаа хариуд Манж нарыг дарах байсан авч тэднийг байлгаж гэмээ нь ашигтай хэмээн хядчихалгүй үлдээсээр байв. Мин гүрний гуравдах хаан Юнлө /оны цол/ Тогоонтөмөрийн нууц хүү байсанд учир байна уу? Тэр ч байтугай шийдвэрлэх тулаан болоход Манж нарыг басамжлан цэргээ хоёр хувааж илгээснээр бутцохиулаад Хөх нуурт очиж үхжээ. Тэр цагаас Чандмань чулууны төлөө монголчуудын цус урсав. Нүгэл ихсэв. Чулууны төлөө хүний цус урсаж, махан овоо цусан далай болсон тул чулуу буцжээ.
Чандмань чулуу Гималайн өндөрлөгт байдаг нууцлаг ертөнцдөө буцав гэлцэх болжээ. Лигдэн чулууны хойноос баруун зүгт нүүсэн гэлцдэг байж. Тэр ертөнцийг буддистууд Шамбал гэх ажээ. Монголчууд чулууг буддистууд эзэмшиж байна гэж итгэж, тэднийг ихэд дэмжин хөхүүлдэг байжээ. Монголчууд л буддизмын шарын урсгалыг Ази даяар, эзэмшил нутагтаа түгээж, буддизмын урсгалууд тэмцэлдэхэд шарын урсгалыг дэмжин, сектийн тэргүүнд “Далай” хэмээх цол өргөсөн. Чулууг тэдний эзэмшилд үлдээж, хэрэгтэй цагтаа авна гэж бодож байлаа. Манж нар монголчуудаас дутаагүй юм. Манж, Монголын өрсөлдөөнд Төвд сүйдэж байсан авч Төвдүүд монголчуудад талтай байжээ.
Занабазар гэгээний өөрөө тодорсон үсэг
Галдан Халхад цэрэглэсэн нь бас өөр шалтгаан буй хэмээн ярилцах бөлгөө. Занабазар “Соёмбо үсэг” зохиосноор Галдангийн анхаарлыг татжээ. Соёмбо үсгийн дэлгэрэнгүй нэр нь “өөрөө тодорсон үсэг”. Домоглон ярилцах нь үсэг тэнгэрт тодорсон гэх авч үнэндээ тэр үсэг чулууны бичиг ажээ. Амьтны ярих нь Занабазар гэртээ өрхөө бүтээгээд чулуу үзэж суухад бичиг тэнгэрийн үүлэнд тусчээ. Үсэг чулуун дээр өөрөө тодордог тул шинэ үсгийг ийнхүү нэрийджээ. Хожим Монгол тусгаарлахад чулуунд өөрөө тодорсон үсгийг Монголын сүлд болгон авсан ажээ. Харин Монголын төрийн далбаан дээр өөрөө тодорсон энэ үсгийг коммунистууд ч арилгаж чадаагүй юм. Монгол боржигин овгийн эхтэй Энх-Амгалан хаан гэгээнийг ихэд дотночлон хүндэтгэнэ. Нас өндөр болсон хойноо өөрөө ард нь орохгүй гэсэндээ гэгээний биед мэс хүргэж болохгүй тул хулсан хутгаар хөнөөжээ.
Монголын төрийн далбаанд буй соёмбо үсэг ертөнцийн нууцыг, ирээдүйг хураасан үсэг агаад үүнийг тайлж уншваас ертөнцийн ирээдүй тодорно. Соёмбо үсэгт буй тэгш өнцөгт, гурвалжингаар хашсан зөв эргүүлэгтэй дугуй дүрснүүд бүхий л бичиг үсгийн үндэс, энэ дүрсийг эртний мисир, шүмерийн бичгээс ч харж болно. Тэр ч байтугай эдгээр дүрсүүд мөхсөн зароастрийн шашнаас эхлээд бомбын шастирт хүртэл дэлхийн бүхий л шашны номонд буй. Загасан эргүүлэгтэй дугуй өдгөө ч дорнын орнуудын сүлд тэмдэгт хадгалагджээ. Гал, усыг билэгдсэн хоёр гурвалжин өдгөө жүүдийн улсын сүлд тэмдэг болжээ. Эдгээр тэмдгийг хэрхэн байрлуулснаас ард түмний хувь заяа шалтгаална хэмээнэ. Нар сар гурван дэлбээт гал эртнээс талын нүүдэлчдийн бэлгэ тэмдэг болсоор иржүхүй. Босоо тэгш өнцөгтүүдийг эвлүүлбэл хас тэмдэг ч гарна. Гагцхүү хасын эргүүлэг ямар болохоос ч ард түмний хувь тавилан шалтгаална гэлцэнэ. Мунхаг би үүнээс цаашхийг мэдэхгүй. Гагцхүү эртний учир утгат бичгийн хамгийн зөв байршсан дүрс чулуун дээр өөрөө тодорсон гэдгийг л сонссон.
Чулууг уншихад заавал далд нууц мэдлэг хэрэгтэй юу? гэж асуугч олон. Үнэхээр чулууны ёгт бичээсийг хэн ч уншиж чадна. Бичиг үсэг гэгчийн хөгжилд төөрөлдөж будилсан олон өнөөгийн бичгээ л аугаа гэж бодно. Гэтэл Шампильон Шүмэр үсгийг уншихдаа хүн төрөлхтний анхны сэтгэгдлийг л мэдэрсэн гэнэм. Өөрөөр хэлбэл өнөөгийн бичгийн хоосон хийсвэр дүрэм, олон янзын хэлний хольцолдоонд төөрөлгүй, хүний анхны сэтгэгдлээр л сэтгэх хэрэгтэй аж. Өнөөгийн үсгийг бүгд уншиж чадна.
Тухайн цагт энэ тухай сонссон Оссендовкий “Чулуу гэгч нь хий дэмий зүйл. Энэ бол нефтийн судал бүхий хар чулуу л юм. Чулууг гэрэлд үзвэл хээ угалзтай төстэй янз бүрийн дүрс гарах ба энэ дүрс нь төвд, санскрит /соёмбо/ үсгийн адил харагдахад шашныхан төөрөлдөж, олныг мунхруулна” гэжээ. Амархан тайлбар. Өнөөгийн бид ч ингэж бодоод л чулууны домгийг хөсөр хаяж хагас зуун жил болсон атал хүн төрөлхтөн төрт ёс үүссэн цагаас хэдэн мянган жилийн турш “хүслийг хангагч чандмань эрдэнэ” хэмээн ярилцсаар бөлгөө. Эрдэм гэгч хүн төрөлхтний бий болгосон туршлагыг бус харин угаас байсаар байгааг тайлахад л оршино.
Чулууг хүчээр эрхшээхийг хүсвэл гэсгээл хүртмой
Одоо халимаг, халх, торгуудын /Ховдын Булганы торгуудын дотор хошуудын жижиг овог бас байдаг/ аман домгуудын хэлхээсийг өгүүлье. Домгийн нарийн гарвалыг дурдсангүй нуршихаас эмээж байна.
… Галдан бошигтод чулуу хэрэгтэй байлаа. Тэр Занабазарт “Чулууг ац /өг/” гэсэн авч өгсөнгүй. Далай лам Галдан бошигтод чулуу Занабазарт буй гэж. Тэр цагаас Далай лам, Халхын богд нарын харилцаанд цав суусан хэмээмүй. Далай лам чулууг Галдан авбал Төвд түүний сүүдэрт амар амгалан мөнх оршино гэж бодно.
Занабазар чулууг уншиж ард түмнээ мөхөл сүйрлээс аварчээ. Харин ойрадууд чулууны жамыг дагах бус чулууны ноён болох гэж хүсчээ. Жам ёс лугаа тэрсэлдэн “хүнээс илүүг хүсэн догширсон” энэ ард түмнийг гэсгээв. Чингис хаан түмэн хүнийг алж, буман хүний амийг аварч байсан аж. Гэтэл ойрадууд Каспийгаас Хянган хүртэл хүний цусыг ус мэт урсгаж байлаа. Чулуу өөлдөд алга, торгуудад байна уу, хошуудад байна уу гэлцэнэ. Чулуу эрж алалдана. Ариун дагшин Эрдэнэзууд цусан тахил өргөж, гол усанд хүний цус юүлэв. Хасгийг айлгах гэж голын эхэнд хүний толгой цавчихад 10 хоног гол улаанаар урссан гэлцэнэ.
Торгуудад /Халимагт/ чулуу байхгүйг мэдэв. Харин анхдугаар Богдын чулууны бичээсийг буулгасан Богдын лүндэнгийн анхных Зүүнгарын хааны өргөөгөөр дамжин Халимгийн ханы өргөөнд очжээ. Анхдугаар лүндэнд Богдын наймдугаар дүрийг хүртэлх үйл явдлыг урьдчилан бичсэн ба Халимгууд дэлхийн хоёрдугаар дайнд хэрхэн сүйдэхийг өгүүлээд дууссан байжээ. Энэ лүндэн Халимгуудыг 1761 онд буцаж нүүхэд их нөлөөлжээ. Галдангаас хойно Галданцэрэн чулуу эрж Хархоринг дахин довтолсон авч тэнгэрийн таалал эргэж Орхон голд олон цэрэг үйж үхжээ. Дараа нь Төвдийг довтолж, хошуудын таван барсын нэг Гүүш хааны ач Лхазанг барьж алав. Хошууд уг нь чулууны оронг сахих гэж Төвдийг эзэлсэн гэгддэг, Хасарын угсааны аймаг бөлгөө. Ойрадууд хошуудыг Хөх нуурт явуулсны дараа Зүүнгарыг байгуулахын тулд хошуудууд дүүгээ гомдоосон хараалтай гэнэ. Хошуудын таван барсын дөрөв нь дүү Хөндлөн тайшийг алж, хатан Юм Агасыг Эрдэнэбаатар хунтайжид өгч их нүгэл хийжээ. Таван барсын дөрвийг залгамжлагч Очирт сэцэн Хөх нуурыг эзэгнэн суухад хохирсон Хөндлөн Увшийн 3000 өрх хошууд торгуудтай хамт Ижил мөрөнд оджээ. Баатархунтайжийн их хатны хүү Сэнгэ Зүүнгарын хаан ор суухыг хүссэн ч ойрадууд Юм Агасааас төрсөн Галданг хаан болгосны учир ийм.
Лигдэн хасбуу тамгаа авч Хөх нуурт очсонд боловсролтой Халхын Цөхүр Цогт түүнд чулуу буй хэмээн итгэж Халхаас Хөх нуурт очжээ. Гэвч чулуу байсангүй. Харин Манж нар хасбуу тамгыг олов хэмээн цуурхуулж, олон Монголыг өөртөө татжээ. Ингээд 600 жилийн өмнө дэлхийг эзэлж байсан монголчууд 220 жил Манж Чин улсын мэдэлд байжээ. Манж нар монголчуудыг аргалан Хятадыг эзлүүлчихээд дараа өөрсдөө хаан суужээ. Гэвч тэд монголчууд биш учраас Хятадын эд баялаг, ямба ёсонд автан ууссан юм. Ийм түүхийг монголчууд сайн мэддэг байлаа. Хүннү нарын хагас, дараа нь табгачууд ингэж ууссан. Вей улсыг байгуулсан Тоба нарын эрх чөлөөгөө эрхэмлэгчид нь Тува нэртэй болоод Соёны нурууны нугачаанд мянган жил нуугдаад 1944 онд Орост оржээ. Киданчууд Ляо улстайгаа уусчээ.
Цогт чулууны оронг эзэгнэх гэж Гүүш хантай дайтаж ялагдсанд Хөх нуур Төвдийг Хасарын угсааны Хошууд аймаг эрхшээжээ. Тэд чулуу буцах цагийг хүлээн амджээ. Үүнээс гурван үеийн дараа ойрадын Галданцэрэний их бага Цэрэндондов Төвдийг дайлахад хошуудад чулуу байсангүй. Чулуу буцсан хэмээжээ. Ертөнцөд хүслийг хангагч есөн чулуу бууж ирсэн агаад нэг нь л дэлхий дахинд ач тусаа өгөн явж, үлдсэн найм нь Шамбалын үүдэнд хадгалагддаг ажээ. Хэрэв хоёр чулуу гарвал хүний хүсэл зөрөлдөөнтэй тул хүн төрөлхтөн сүйрнэ. Чулууг барьсан хоёр хаан ертөнцийг эзэгнэх хүслээр дайтвал хэн нь ч үл ялж, бүх хүн үхнэ. Галданцэрэн их, бага Цэрэндондов жанжиндаа нөгөө чулуунуудыг ол хэмээн зарлигджээ. 6000 цэрэгтэй явсан тэд хоёр хуваагдан хайжээ.
Нэгэн гурван мянган цэрэг чулууг эрсээр Шамбалын үүдээр орсон байна. Хожим Богдын шадар лам Ф.Оссендовскийд ярихдаа “Ойрадын гурван мянган хүн Шамбалын үүдээр орсон тул тэнд /дээд монголд/ ухаант хүн олон төрдөг болсон” гэж хуучилсныг Оссендовкий зүгээр л домог гэж боджээ. Хожим VIII Богд Чин гүрнээс тусгаарлах санаагаа илэрхийлж, сар шинийг өөр өдөр тэмдэглэдэг ёс тогтоохдоо дээд Монголын сүмбэ хамба Ишбалжирын литийг авч хэрэглэжээ.
Догшин хэрцгий ойрадууд Зүүнгарыг байгуулсан цагаас 150 жил цуст дайн тасралтгүй хийжээ. Их үндэсний гал голомтод халдаж, өвөг дээдсийн ач үрийг хядаж, ариун газруудыг цусаар будсан тул Ойрадуудад тэнгэрийн гэсгээл буужээ. Халимгууд буцахад үрэгдсэн торгуудтай нийлээд 700 000 ойрад дайнд үхэж арай 30 мянга үлдэв. Торгууд нар Ижил мөрнөөс буцсан авч ирэх замдаа гэсгээлд орж их олонхоо алджээ. Ойрадын хаад энэ цаг ирэхийг мэдэх тул чулууг олж ард түмнээ аврахын тулд яахаас үл буцан догширсоор ийм болжээ. Хараал үл тасарч дэлхийн дайны үед үлдэгсэдтэй тэнцэх тооны халимаг үрэгджээ. Чухам үүнээс анхдугаар Богдын лүндэнг “Богдын хараал” гэх ёс Халимагт байжээ. Энэ анхдугаар Богдын лүндэнг хамгийн сүүлд 1915 онд эрдэмтэн Очир Элстэйд чулуун бараар хэвлүүлсэн ба тараасан нь Орос дахь их хэлмэгдүүлэлтийн үед бүрэн устжээ.
Шамбалын үүдээр орсон 3000 цэрэгт эрдэм хайрлаж, орчлонгийн есөн чандманийн нэг нь л ертөнцөд явна. Наймыг хөдөлгөж үл болно. Чулуу хаа байхыг хүн мэдэхгүй, чулуу хэнд очих, хэнээс явахаа өөрөө мэдэх учир хайгаад ч нэмэргүй гэжээ. Харин чулууны төлөө их нүгэл хийсэн гэсгээлийг сануулжээ. Ийнхүү ойрад арай үнсээр хийсэн алдав.
Хятадын их гүрнүүдийг үндэслэгчд хэзээ ямагт нүүдэлчин цустай байсан
Нэгэн чулууны нүгэл ихэссэн тул Ойрад аймаг алсан хүний тоогоор өөрсдөө үрэгдэж золио төлжээ. Харин Ойрад номхорсон эсэхийг үл мэднэ. Цусанд бузартсан чулуу ариун газарт очиж, өөр чулуу дэлхийд гарчээ. Богд хаант Монгол Улс байгуулагдан бүхүйд Ховдыг чөлөөлөхөд их анхаарав, учир нь энд чулуу дахин буух учиртай ажгуу. Жалханз хутагт Дамдинбазар цэрэг даасан ламаар, баргын Ж.Дамдинсүрэн, халхын Магсаржав нарыг Ховдод илгээжээ.
Ховдыг чөлөөлсний дараа Дамбийжанцан олзлогдогсдоор туг тахиж голын ус бузарласан тул самуун гарч хоорондоо буудалцан өвөрмонголын Гэндэн баатар тэргүүтэн хэдэн хүн үхэв. Дамбийжаа чулуу Төвдөөс ирнэ гэж боджээ. Шар сүмээс туслах цэрэг илгээсэнд тэдний дунд чулууг авчрах хүн бий гэж эндүүрч, цуст жүжиг тавьсан гэлцдэг.
Бас чулууг баатар хүн авч явах учиртай гэж хардаж, Манжтай алалдахад гарамгай сайн байлдсан Гэндэн баатарыг буудаж алжээ. Хожим тэр нүглийн золиог өөрийнхөө амиар төлөв. Тэр Оросын даалгавраар чулуу эрж яваад авах хувьгүй тул гар хоосон үлдэж, оросууд буруу ажилласан хэмээн түүнийг шийтгэн Ховдыг чөлөөлсний дараа хасаг зуут илгээж баривчилжээ. Дамбийжааг баривчлахад Монголын 1500 цэрэг огт эсэргүүцээгүй юм гэдэг. Харин үлдээсэн олзны эдийг Монголын цэргийн удирдагчид хувааж авчээ. Дамбийжаа шашны номд нэвтэрхий агаад чандманийг эрэх тусгай даалгавартай, басхүү элдэв шидэд нэвтэрсэн хүн байжээ. Тэр домгийг дагаж Төвдөд олон жил нууц амьдарч, Ховдыг хөндлөн гулд тэнэхдээ чулуу эрж явсан байна. Тэр мөн цэрэг цуглуулж, Чандмань буувал булаан авахад бэлтгэж байсан ба Оросын хасаг цэрэг бас Ховд орчим эртнээс байрлаж, хэрэгтэй цагт туслахад бэлэн байжээ. Хожим түүнийг Астраханьд байхад нь Зөвлөлтийнхөн олж, НКВД-д элсүүлээд дахин Монгол руу илгээсэн байдаг.
Харин Цахарын Баяр тайж Ховдыг чөлөөлсний дараахан шалтаг олж хэрүүл маргаан өдөөгөөд цор ганцаараа Хүрээний зүг оджээ. Тэр даргатайгаа муудалцсан гэх авч тэр нь шалтаг төдий. Тэр чулуу авахаар одсон гэлцэнэ. Түүнд Тогтох тайж захиа даалгавар өгч, өөрөө хаант улсын цэргийн яамнаа түшмэл хэмээгдэн үлджээ. Үүний дараа Дамбийжаа баривчлагдав. Дамбийжанцан чулууг буруу газар эрсэн байх нь, эсбөгөөс түүнд чандмань олдох заяагүй байсан ажээ.
Үүний дараа цуу үг дэгджээ. Монгол цэргийн жанжид Манжийн амбаныг буулгаад чулуу өгөхийг шаардсан гэнэ. Амбан айж ордны дорх танхимд ортол хар даавуугаар бүтээсэн эд байжээ. Хар даавууг автал гэрэл цацарч танхимыг бүрэн гэрэлтүүлсэн агаад “Морин толгойн чинээ молор эрдэнэ” гэгч байжээ гэлцэх болжээ. Тэр эрдэнийг хүрээнд авч одсон гэлцэнэ. Энэ бас л домог.
Чулуу одоогийн Ховдын Чандмань суманд буусан /гарч ирсэн/ гэлцэх. Баяр тайж Ховдоос гэдрэг эргэхдээ замд байх уг газарт ганцаар очиж чулууг авчээ. Домог ёсоор бол Чингис хаан ч хар сүлд тахих үед Чандмань буусан гэлцдэг амой. Хожим Ардын засгийн анхны жилүүдэд Ховд аймгийг үүний учир бэлгэшээж Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж байжээ. Феодал ёсыг эсэргүүцэж, аймгийн нэрийг Ховд болгоход учир мэдэх хүмүүс чандмань олдсон нутгийг Чандмань нэртэй сум болгосон агаад Ойрдын олон ястны дундах халх отог уг газрыг сахин суудаг аж. Чандмань сум нэн эртний бичээс дурсгал, хамгийн эртний хасын дүрс бүхий агуйтай. Гурван цэнхэрийн агуй. Бас нууцлаг Жаргалант хайрхан хэмээх уул бий. Заншил ёсоор бол Чандмань чулуу гарч ирсэн газрыг Жаргалант хэмээн нэрлэх учиртай ажээ. Яг ийм нэртэй уул Төвдөд анх Кайлас уулын бэлд Чандмань буусан газарт бий. Саяхан оросууд Төвд, Монголын Жаргалант хайрхадыг шиншжээ. Харин уг ууланд шамбалын оронтой холбоотой байж болзошгүй элдэв зан, тийрэн нууцлаг, биегүй энэрги хамгаалсан ёроолгүй нүх байсныг илрүүлээд буцжээ.
Бас Торгуудын Төмөржин гүн анх амбаныг зайлахыг шаардсан бичиг авч очоод долоо хоног тамлуулж үхжээ. Түүнийг зовсон дуу сангийн хэрэм давж сонсогддог байсан гэнэ. Түүний гавъяагаар торгуудын нэг чуулган Монгол Улсынх болжээ. Хожим 1945 онд Торгуудын Вангийн хүрээнд байсан метр хэр өндөр алтан Зонхов бурханыг Улаанбаатарт залж ирж, Гандан хийдийн гол дуганд залжээ. Энэ бурхан чандманийн тэмдэг байсан ажээ. Яг бурхан ирэхийн урдхантай одоо Гандангийн номын сан байгаа дуганд байсан Богд хааны шарилыг Оросууд гарган хаясныг нууцаар оршуулсан байв. Тэр бурхан хааны тэмдэгийг сахиж үлдсэн ба өнөөдөр энэ бурханд тэмдэг бий гэж сурвалжлагчид их олон, гэвч өгч болохгүй учиртай гэнэ.
Чулуу Богдод очих ёстой тул ийнхүү очжээ. Тайж Баяр гүн цол хүртэж, цахар цэргийн хороог захирах болов. Харин Харчин Бавуужав “Богд лам чи чулууны эзэн болсон тул Манжийн төрийг буцаан тогтоо, бид энэ төрийг хамгаалах тангарагтай улс” гэжээ. Харин Богд хаан чулууны лүндэн ёсоор Ар Халх, Ховд тусгаарламуй, өвөрлөгчийг авах гэвч оросууд үл зөвшөөрөх тул дийлэхгүй болж гэжээ. “Болохгүй нь огтгүй бус болохгүй ажээ”. Олон мянган жил ийм л байсан, хожим өвөрлөгчид хятад лугаа хольцолдовч хятадыг задлах шинэ үеийг төрүүлнэ гэжээ. Тэр цагт монгол цустай хүн Хятадын хаан суувч өөрийгөө монгол хэмээхгүй, гэвч Монгол хэмээн санана гэнэ. Хятадын их гүрнүүдийг үндэслэгчид хэзээ ямагт нүүдэлч цустай байсан агаад түүнийг хятадууд ямагт нууна гэжээ.
Юань гүрний сүүлийн хаан Тогоонтөмөрийг хөөсөн хааны орыг хүү нь бус өргөмөл хүү нь, өөрөөр хэлбэл Тогоонтөмөрийн хүү залгамжилжээ. Энэ хааныг Хятадын түүхнээ Юнлө гэдэг, 70 жил төр барихдаа тэр Монгол нутагт гурав, хамгийн сүүлд нас барахын өмнө ирээд буцжээ. Тэр сая цэрэгтэй явсан ч дайн хийгээгүй гэдэг. Хятадын нууц түүхэнд энэ тухай бичихдээ “Юнлө эцэг өвгийн нутгийг эргэсэн” гэжээ. Гэвч түүнийг Монголчууд орхижээ. Мин династийг үндэслэгч нь Хонву /1368-1398/, түүний орыг авъяас чадваргүй хүү Жианвэнь /1399-1402/ залгамжилсан. Гурав дахь хаан нь Юн Лө /1403-1424/ байсан нь Мингийн түүхэнд тодорсон аугаа хоёр хааны нэг юм. Нөгөө нь Хонву. Тогоонтөмөрийг Бээжингээс одоход түүний нэг хатан бие давхар үлдсэн байсныг нуужээ. Түүнийг хүүхдээ 13 сар тээсэн гэдэг. Үнэндээ Тогоонтөмөрийн хүү үлдсэнийг нуусан ба тэр Хонвугийн хүү гэгдэн Мин гүрний гуравдахь хаан болсон гэдэг юм. Хятадын нууц түүхэнд энэ тухай дурдсанаас албан ёсны түүхэнд үгүй.
Богд хаан хийгээд Далай лам
Төвд тусгаарлахыг оролдож, Англи, Оросоос туслахыг гуйвч болсонгүй. Англичууд чулуу эрж Төвдөд цэрэг оруулахад Далай лам Монгол руу зугтжээ. Харин хятадууд Далай лам чулуу авч явна гэж Орос руу гарахыг хоригложээ. Гэтэл оросууд бас Далай лам, чулуутай хэмээн ир гэж буриад бандидыг угтуулан авчир хэмээн явуулжээ. Энэ бол 1904 оны явдал.
Далай лам Монголд ирэхдээ шашны хаан морилж буй тул алс угт гэж Богд хаанд элч явуулжээ. Харин Богд хаан төлөөний гурван хүнээр угтуулаад “Би залагдаж ирсэн хутагт, харин Далай лам амар амгалан эрж надад ирж толгой хоргодож байгаа хүн тул би угтах ёсгүй” гэж Хүрээний дэргэд шажин хурахын аманд угтжээ. Үүнээс болж Богд хаан, Далай лам муудалцсан гэдэг байна. Хүрээнд далай ламыг шоглосон яриа гарав. Нэгэн банди сэм гэтэж далай ламын сууж байсан байшингийн цонхыг маажсанд “Хэн бэ?” гэжээ. Банди, “Далдыг хардаг далай лам байтлаа дан цаасны цаадах даржин бандиа танихгүй юу?” гэж мохоосон л гэнэ.
Богд хаан согтуудаа агсарч “Муу тэнэмэл төвд” гэж хараасан л гэнэ. Сайн ламыг тасганы овоон дээр барьсан гэрт залж, /тэр гэрт хутагт далай лам хоёр нууцаар уулзсан гэлцдэг/ лүйжин тавиулаад 100 лан өгсөн гэнэ. Ламыг лүйжин тавихад Дондогдулам хатан их сайхан хоолойгоор дагаж уншиж байсан л гэнэ. Тэр ч байтугай цагаан сараар Гандан ороод өөрийн нь сэнтийн урд зассан далай ламын сэнтийг өшиглөж “Ямар гээч хог энд байна” хэмээн уурлажээ. Тахилч лам нь “Далай багшийн сэнтий” гэвэл, “Би мэдэж байна, одоо үүнийг зайлуул, энэ тахилчийн ажлыг болиул” гэж уурлажээ
Харин Далай лам Жавзандамба хутагтаас чулуу хүссэнд байхгүй гээд өгсөнгүй ажээ. Далай лам, Жавзандамба ламтай одоогийн Удирдлагын институтын орчмын газарт /яг тэр газарт өнөөдөр нурж унах дөхөж буй хайстай ордон нь буй/ нэг, тасганы овоонд нэг, хоёр удаа нууцаар уулзжээ. Хожмын Богд хаантай уулзсан Далай лам “Жавзандамбын пэрэнлэй их ажээ, би сонсоод сүрдлээ” гэж ярьжээ. Пэрэнлэй гэдэг нь “их үйлс” гэсэн үг гэнэ. Богд чулууг Далай ламд өгсөнгүй, өгье ч гэсэн байхгүй, гагц их үйлсийг эхлэх цагт Монголд “Чандмань өөрөө буух” учиртай тул уулзсан бололтой. Богд ч Монголын заяагаар ирж байгаа юмыг Монголд хэрэглэх ёстой гэж зөрсөн байх гэлцдэг.
Далай ламыг Бээжин рүү дуудагдан явснаас 10 жилийн дараа, 1915 оны үес төр хямарч эхэлжээ. Богд хаанд чулуу байхгүй ажээ гэлцэх болж. Байсан бол далай багшид өгөх ёстой бус уу? Богд хаан чулуу бий хэмээн итгүүлсээр байсан авч болсонгүй. Халхын хангууд “Чамайг чандмань эрдэнийн чулуутай хэмээн өргөмжилж хаан болгов. “Оройн дээд очирдарь чандмань эрдэнэ Богд гэгээн” гэгч чулууны тулд өгсөн цол. Хэрэв одоо чулуугүй бол Монголын төрийг монгол хүнд өг” гэжээ. Богд хаан хариуд нь Халхын толгой ноёдыг алав. Хатан Дондогдулам баруун солгойгүй хор хүртээх ба Богдын дэргэдийн оточ нар хүнийг үхүүлэх хорыг гайхамшигтай үйлдэнэ. Энэ оточ нар өндөр настай, хэлгүй хүмүүс агаад тэд хаа нэгтэй үзэгдвэл заавал нэг муу юм болмуй. Чимээгүй үхэл мэт дорнын эмийн нууцад гүн нэвтэрсэн хэлгүй оточ нар зөвхөн Монголд ч биш дорно этгээдэд олны айдас төрүүлдэг байжээ. Хор түрхсэн сандалд суусан төдийд, хортой хадаг авсан төдийд үхмүй гэлцэнэ. Үүнийг Өргөө дэхь Оросын боловсролтой цагаачид сүрхий анзаарч байж. Тухайн үеийн хүрээнд ч ийм яриа их гарч.
Үүнээс Монгол хямарч, цэрэг хэрэглэх чадалгүй болсон цагт 1918 онд Хятадын цэрэг хүрээг эзлэв. Гэвч Барон Унгерн гараад ирэв. Муу зэвсэгтэй 800 орчим хасаг, төвд, буриад, монгол цэрэгтэй тэр давшиж, сайтар зэвсэглэсэн 15 000 гаминг хүрээнээс ховх цохижээ. Хятадууд Богдоос чулууг нэхэвч өгөөгүй гэнэ. Барон хүрээг эзлээд Хятадыг дуудсан 10 ноёныг алъя хэмээсэнд “тийм учиртай юм” гээд алуулаагүй ажээ. Гаминг гаргахын өмнө гамингийн үс наасан, бас Бадамдоржийн дүртэй тохой хэр лүд хийж, айлын голомтонд нь нүх ухаж, Дагва жинсрэг цутгуулж их харал хийжээ. Гамингийн үсийг хожим Чойбалсангийн амраг олсон Бортолгойн авааль нөхөр Богдын донир Жамбал үсчний газраас олж ирсэн гэдэг. Богд хаан Бадамдоржоор монгол бичиг даалгасан шавь тул багшийгаа харааж болохгүй гээд оролцоогүй ажээ. Монголд ирсэн гамингаас нэг ч хүн буцаж хариагүй гэдэг. Гамин явсны дараа Бадамдорж бие муудав гэж хөдөөлж, Цэнд зайсан гэгчийнд гараад үхжээ.
Барон “Чандмань чулууны” талаар гадарладаг байжээ. Түүнийг Дагуурт байхад харчин гүн Бавуужавын цэргийн үлдэл очиж нийлсэн ба тэд Бароныг ятгаж Хүрээнд ирүүлсэн гэлцдэг.
Бароны тагнуулынхан ч түүнийг маш сүрхий эрсэн авч олсонгүй. Харин Барон Унгерн ялагдахаа мэдсээр байж Оросод довтлоод хиарцохиулж, Монголчуудад ирж, дараа нь баригдаад цаазлагджээ. Сүүлд түүхийг өөрчилснөөс Сундуй хүн Бароныг хүчээр баривчлаагүй юм билээ. Монголчууд Баронд муу байгаагүй. Хасаг отрядад нь бослого гарч, Резухин алуулсныг сонсоод гол хүчин дээрээ эмх журам тогтоохоор ганцаараа очсон түүнийг пулемётаар буудаж угтжээ. Барон зугтаж Сундуй гүний дивизионд очсонд цаадуул нь битүү эсгий тэрэгт нуугаад авч явж. Гэтэл Щетинкиний тусгай отрядынхан таарч, тэргийг нээж үзтэл нэг орос сууж явж. “Та хэн бэ?” гэж нэг цэрэг асуусанд “Би дэслэгч генерал барон Унгерн фон Штэрнбэрг байна” гэж хэлээд баричвлагджээ. Сундуй гүн Монгол зангаар заль зохиож “Баривчлаад та бүхэнд хүргэж өгөхөөр явж байсан” гэж хэлж цэргүүдээ аварчээ. Бароны штабын дарга Торновскийн бичсэнээр 300 гаруй хүнтэй Сундуй гүний Монгол дивизион Улаан Үдийн орчим цагаантнууд бүслэгдээд яах аргагүй болоход үед улаан оросын нэгдүгээр хороог халз дайрч сүйтгээд, бүслэлтийг сэтлэн Монголынхоо нутагт буцаж орсон байжээ. Бароныг авч явахдаа 90 гаруй хүн үлдэж, бусад нь тараад явчихсан байжээ.
Унгерн бүр 1911 онд Ховдыг чөлөөлөх үеэр чулуу эрж тэнд очиж байсан хүн юм. Гэвч хүрээг эзэлснийхээ дараа гүн утга учрыг мэдсэн тул чулуунд шунахаа байжээ. Тэрээр хэзээ яаж үхэх, төгсөхөө ч сайн мэдэж байсан гэлцэнэ. Харин тэр Чандманийг тосч авсан Баяр гүнийг ихэд чухалчилж дэргэдээ авчээ. Барон Хүрээг орхиж, амжилт олохгүйгээ мэдсэн хир нь улаан оростой дайтаад үхэв. Богд түүнийг тийш нь түлхсэн ба цэргийн тактик эрдмээр бус гагцхүү лам нарын зааж зурснаар байлдаж явсан нь сонин. Торновский бичихдээ: “Барон Тройцкосавскийг зургаанд эзэлчих боломж байсаар атал цэргээ хойш татлаа. Маргааш нь улаантнууд хотод бэхэлж, найманд бид дайраад авч чадсангүй. Учрыг асуухад хотыг зургаанд авч болохгүй, найманд ав гэж лам нар хэлсэн гэлцэж байсан” гэжээ.
Харин түүнийг дарах нэрээр улаан Орос Монголд цэрэг оруулжээ. Бароны ар хударгаар Богд хаан улаан Орос өөрийг нь яахыг мэдсээр байж Ардын намынхны тусламж гуйсан бичигт тамгаа дарсан байна. Ийнхүү Монгол тусгаар улс болох замдаа шуударчээ.
Хятад Төвдийг барьж Чандманийг эзэмшин өндийнө гэж сэтгэж…
Богд хаан 1924 онд нөгчив. Билгийн мэлмий хурцадсан тул хараа нь мууджээ. Хэдийгээр нүд нь хараа орохгүйг мэдэж байвч тэр 80 тохой Мэгжид Жанрайсэгийг бүтээж шамбалд талархжээ. Тэр үхэхээ өмнө нь мэдэж, өргөж авсан ба асарч байсан хүмүүсээ өмч таслан өөрөөсөө холдуулжээ.
Богдыг үхсний дараа англи, америк, герман, япон, хятад, орос гүрнүүд чулууны төлөө Монголд алалдав. Ард түмэн улаан Оросыг таалахгүй байлаа. Тухайн цагт чандманийн хүчийг мэддэг хүн олон байжээ. Ардын засаг баттай тогтнуулахын тулд чандмань чулууг Ленин багш эзэмшдэг гэсэн гэнэ цуурхал хүртэл дэгдээжээ. Тэр цагаас Ленин Монголын ард түмний “багш” болов. Бүр хожим Ц.Дамдинсүрэн гуай нэгэн ёгт өгүүлэлдээ “Хүслийг хангагч чандмань эрдэнийг Ленин багш олсон тухай хүүдээ ярьж өгдөг эхийн тухай” өгүүллэг бичсэн байдаг. Тэрээр удаан хугацаанд хүрээнд болж байсан үйл явдлыг сурвалжлан тэмдэглэхдээ чулууны нууц домгийг мэдэж авсан байв. Дамдинсүрэн гуай насны сүүлээр Шамбалын талаар маш анхааран судлаж, их ч материал цуглуулсан гэдэг.
Америкчууд Рерихийг чулуу хайлгахаар явуулжээ. Хүрээний Төвдийг оросууд Англитай холбоотой хэмээн хядаж барав. Бас бусад үндэстнийг хөөн гаргажээ. Рерих анх Оросоос Шинжаанаар дамжин төвдөд хүрч Чандманийн ууланд /Кайласт/ гарах гэсэн авч Төвдийн эрх баригчид албаар төөрөлдүүлж зүүгээр тойруулан Энэтхэгт гаргажээ. Дараа нь Энэтхэгээс буцаж ариун газарт хүрэх гэсэн авч мөн л баруугаар төөрүүлж Харгомын элсэн цөл рүү шидчихжээ. 1924 оны үед Рерих дахин экспедиц бэлтгэж Улаан-Үдээс Монголоор дамжин ариун газарт хүрэх аянд гараад бүтэлгүйтжээ. Хүрээнд багаа том лам нараас Төвдийн эрх баригчдад хандсан даалт бичиг авахыг Рерих их хүсэж байв. Америкчууд түүнийг санхүүжүүлэхийн зэрэгцээ өөрийн төлөөний хоёр ч хүнийг хамт илгээхийг оролдсон авч оросууд тэднийг нь хөөчихжээ. Рерих ариун газарт хүрч чадалгүй Энэтхэгт гараад чулууг 1944 оныг хүртэл сахиж тэндээ нөгчжээ. Тэр чандмань чулууны талаар хамгийн сайн мэддэг, түүнийг удаан бөгөөд шаргуу эрсэн, гэгээн хүн байсан гэлцдэг билээ.
Ийнхүү Чандманийн домог коммунистуудын суртал нэвтрүүлгээр замхарч дуусчээ. Гэвч хожим Адольф Гитлер мөн л оккультизмийн нууц бүлгэмийн нөлөөгөөр Чандманийг Төвдөд эрж хайхыг даалгаж байжээ. Тэр ч байтугай Чандмань Халимагт байж болзошгүй хэмээн эрүүлж байсан гэдэг. Зарим сурвалж нотлох нь Гитлер Оростой дайтах шалтгаан нь чандманийн төлөө ажээ. Түүнийг Оростой дайт хэмээн ховсдсон тэр хүч Гималайд байсан гэлцдэг. Одоо ч Чандманийн төлөөх нууц далд ажиллагаанууд үргэлжилсээр байгаа ажээ. Сүүлийн үеийн далд нууц ухаан судлалын экспедицүүд Монголыг анхаарч, Шамбалын үүдийг Гималайгаас бус Монголын цөлөөс эрж хайж эхэлжээ. Ф.Оссендовский Монголоос гарахаар явж ахуйдаа шамбалын үүд нээгдэх үеийн гайхамшгийг дүрслэн бичсэн байдаг. Огт өөр орон зай, шувууд хүртэл дуугаа хураасан чив чимээгүй, гайхалтай гэгээн мэдрэмжээр Монголын өмнийн говь түүнийг үджээ. Тэр юу болсныг мэдсэнгүй гайхан сэхээрэхэд нь хөтөч өвгөн залбирч, “Шамбалын үүд нээгдээд хаагдлаа” гэж хэлсэн гэдэг.
Хятад Төвдийг барьж Чандманийг эзэмшин өндийнэ гэж сэтгэж байна. Харин Америк Төвдийг дэмжиж эртний энэ нууцын учир утгыг олох гэж Хятадтай тэрсэлдэж байна. Энэтхэг ч бас ийм учир Хятадтай сөргөлдөж, Төвдийг ивээнэ. Харин Чандмань дэлхийд анх буусан газар Энэтхэгийн хилээс асар холгүй байдаг ажгуу. Гэвч хэн чулууг эзэмших учиртайг хэн ч үл мэднэ. Чулууны домог үргэлжилсээр…
Sunday, December 26, 2010
Гадаадад гарсан монгол бүр урвагч биш
Нэртэй яруу найрагч, эрдэмтэн доктор, төр нийгмийн зүтгэлтэн зэрэг нийгмийн боломжийн давхаргын хэд хэдэн хүн оролцсон эдгээр нэвтрүүлгийг сонсож суухад гадаадад аж төрж буй монголчуудынхаа талаар манай зарим иргэд, ялангуяа төр засгийн эрх бүхий болон нэр нөлөөтэй зарим хүмүүс маш өрөөсгөл ойлголттой байдаг нь тун тодорхой харагдаж байв. Тухайлбал:
1. Сайн дураараа гадаадад гарч боолын хөдөлмөр эрхэлж яваа хүмүүсийг монголын төр онцолж харж халамжлах шаардлагагүй. Сайн дураараа явчихаад бид ядарлаа, зүдэрлээ гэх нь утгагүй, хохь нь. Хэн тэднийг очоод боол бол гэж шахаж шаардсан юм.
2. Улс орон ядарсан хэцүү цагт живж буй онгоцноос зугтдаг харх шиг эх орноосоо дайжиж яваа тэднийг бараг урвагчид гэж хэлэхэд ч болно.
3. Монгол соёл уламжлал ихэд бөхөж буй энэ цаг үед гадаад руу цагаачлан дүрвээд зогсохгүй эх орноо муулж, гадаадын соёлд автаж яваа хүмүүсийг монгол хүн гэж хэлэхгүй байх.
Ийм өнгө аястай ярьж буйг нь сонсоод эмзэглэхгүй байх аргагүй юм. Дэмий л шууд утсаар нь ярьж, санаа бодлоо илэрхийллээ.
Гадаадад аж төрж буй 200 мянга гаруй монголчуудынхаа асуудалд монголын нийгэм ямар хандаж байна вэ гэдэг нь монголын төрийн хандлагыг давхар илэрхийлж буй хэрэг юм.
Сайн сайхан амьдрал хайхын зэрэгцээ, сурч боловсрох, танин мэдэхүйн их хүсэлд хөтлөгдөн ертөнцөөр нэг хэрэн тэнүүчилж буй мянга мянган монгол залуусын цээжинд эх орон нь ирээдүйтэйгээ хамт лугшиж буй гэдэгт тэдгээр залуусын дунд хэдэн жилийг бужигнаж өнгөрүүлснийхээ хувьд би бүрнээ итгэлтэй байдаг нэгэн.
Мэдээж хэрэг монголд төрсөндөө гутарч, англи, америкт ирсэндээ баярлаж, монголоо хараан зүхэж суугаа хүн мэр сэр бий. “Би жинхэнэ төөрч төрсөн эх орондоо ирлээ. Монгол гэхээр ой гутдаг” хэмээн ярьж байсан бүсгүйтэй би Иллиной мужид таарч байсан. Гэвч тэд бол гадаадад аж төрж буй нийт монголчуудаа төлөөлж чадах хэмжээнд хүрэхгүй, дэндүү цөөхөн.
Гадаадад аж төрж буй монголчууд маань харин ч эх орныхоо үнэ цэнийг улам бүр мэдэрч, монгол хүн гэсэн бахархалаа улам бүр сэргээж, өөрөөр хэлбэл монголдоо байгаа хүмүүсээс ч илүү эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй болцгоочихдог юм билээ.
Энгийн жишээ л гэхэд Америкийн бага сургуульд 4 жил суралцаж, монгол хэлээ бараг мартах шахсан манай хүүхдүүд л гэхэд одоо монголд сургуулийн үе тэнгийнхнээсээ илүү эх орноо гэсэн эрмэлзэлтэй, “Би Монгол хүн” гэсэн бахархалтай байгаа нь анзаарагддаг. Харь газар, харь хүмүүс, харь соёлын дунд удаан хугацаагаар байхаар би бол бусдаас ялгаатай өвөрмөц соёл уламжлал, түүхтэй ард түмний хэлтэрхий юм байна гэдгээ хүн бүр илүү хурц тодоор мэдэрдэгээс тэр юм.
Амьдралын эрхээр, суралцах хийгээд ажил хөдөлмөрийн эрхээр, хайр дурлалын эрхээр, гадаадын иргэн болсон монгол хүнээ бүү ад үзээсэй. Дэлхий нийт улам бүр даяаршиж буй өнөө цагт чухам аль орны иргэн байх нь тийм ч чухал биш, харин тэр хүн Монгол хүн байж, монгол гэсэн нэрийг гаргаж, монголдоо хөрөнгө татаж байх нь илүү чухал. Маш олон чадварлаг, авьяаслаг залуус ажил амьдралын эрхээр гадаад орны иргэншил авч байгаа нь тэдний буруу биш. Тэднийг эх орноосоо урвалаа хэмээн донгодох нь ёстой солиорол болно. Харин ч тэд маань харь оронд монголоо сурталчилж, монгол хүний авьяас чадварыг гайхуулж яваа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө дэлхийн аль ч өнцөгт байсан сэтгэл тавин, хүч нөөцөө ашиглах боломжийг хэзээ ямагт эрэлхийлж явдаг. Түүний нэг илрэл нь өнгөрсөн 7 сарын 19-нд болсон "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа монголчуудын анхдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотод болж, олон сайхан чадварлаг залуус дэлхийн өнцөг булан бүрээс ирж, эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцаж байсан билээ.
Яг үнэн хэрэг дээрээ Арлингтонд, эсвэл Чикагогийн Оак Паркт нэгэн солонгостой суучихсан хэдий ч сар бүр монголд буй үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хариуцаж, ахан дүүстээ хэдэн доллар, хувцас хунар илүүчилж суугаа эгэл нэгэн эмэгтэй бол өнөөдөр монголын төрийн аль нэгэн албан тушаал дээр суучихаад хувалз шиг эх орны маань хөгжлийн шимээс сорон мөлжиж суугаа авилгагч этгээдээс хувь илүү эх оронч иргэн хүн юм। Тэр бүсгүй амьдралын эрхээр биеэ зольж буйг энэ “урвагч, харь солонгосын боол болж буй нь хохь нь” хэмээн санаа амар буудаж суугаа хүмүүс яагаад ойлгохгүй байна вэ? Хэдий тэр бүсгүй биеэ зольж буй ч сэтгэл зүрх нь монголоо гэж, гүн шөнөөр дэрэн дээрээ монголынхоо эгэл боргил эрийг дурсан, эх тал нутгаа санан нулимс дусааж буйг нь мэдэхгүй шүү дээ. “Монгол эрийн үнэр нь хүртэл өөр шүү” хэмээн нулимс дуслуулж буй бүсгүйн зүрхэнд буй тэр эмзэглэлийг бид мэдрэхгүйгээр “Хохь нь, энэ чиний л сонголт шүү дээ” гэж хэлэх эрх байхгүй юм.
Ингээд жил гаруй өмнө гадаадад буй төрж буй монголчуудын нийгмийн асуудлыг хөндсөн нийтлэлээ дахин хүргэе.Гэхдээ энд зарим тоо баримт, мэдээллүүд хуучирсан гэдгийг харгалзаж үзнэ биз ээ.
Гадаадад буй Монголчуудын тулгамдсан асуудалд
2009/03/25
Өнөөдөр гадаад орнуудад 100 мянга гаруй монголчууд сурч, амьдарч буй гэсэн албан ёсны мэдээ бий. Харин бодит байдал дээр энэ тоог хоёр дахин их гэдэг. Юутай ч гадаадад буй Монголчуудын гуйвуулж буй мөнгөний урсгал манай эдийн засагт дорвитой нэмэр болсоор байгааг эдийн засагчид байнга хэлдэг. Маш олон оюутнуудын сургалтын зардлыг гадаадад буй аав ээж, ахан дүүс нь илгээж байна.
Гадаадад хөдөлмөр эрхэлж буй хоёр хүний нэг нь ард үлдсэн ар гэрээ их, бага ямар нэгэн хэмжээгээр тэжээж, тэтгэж байгаа. Миний мэдэхийн хоёр жилийн өмнө АНУ-ын Вашингтон хот орчмын монголчууд зургаан цэгээс өдөрт дунджаар 60 мянга орчим доллар гуйвуулж байсан.
Гэтэл АНУ-д Вашингтон орчмынхтой ойролцоо тооны монгол иргэд суурьшсан буюу 2000 –аас дээш монголчуудтай хотод Чикаго, Денвер, СанФранциско, ЛосАнжелос ордог. /нийт 5/
- 300-500 орчим монгол иргэд суурьшсан хот гурав,
- 100-300 орчим иргэд суурьшсан хот тав,
- 50-100 орчим монгол иргэд суурьшсан хот 10 гаруй байгаагаас гадна 50 мужийн 170 орчим хот, тосгодод монголчууд аж төрж буй.
Эндээс багцаалан тооцоолбол зөвхөн АНУ-д аж төрж буй монгол иргэдээс бэлнээр
- өдөрт 360 мянга орчим доллар
- жилд 129 600 000 орчим доллар буюу 215 136 000 000 /хоёр зуун арван таван тэрбум/ төгрөг монголд орж ирж байна.
Мэдэгдэж байгаа нь энэ бөгөөд үүний цаана МонеГрамм болон банк бус бусад гуйвуулга, сард хэд хэдэн удаа каргогоор илгээгдэж буй төрөл бүрийн барааны дүнг оролцуулбал өмнөхөөс хавьгүй их хөрөнгө болно. Энэ бол манай эдийн засгийн хэмжээнд бага тоо биш юм.
Америкт 20 000 гаруй, Англид 4000 орчим, Чехид 10 000 орчим, Солонгост 40 000 орчим, Японд 1000, Изриальд 500 орчим монголчууд байгаа гэсэн тоо байгаа ба дэлхийн 80 гаруй оронд бидний ахан дүүс, садан төрлүүд хөдөлмөрлөж, сурч байна. Солонгосоос, Чехээс, Европоос гээд дэлхийн өнцөг булан бүрээс монгол иргэдийн эх орон луугаа илгээж буй хөрөнгө, мөнгөний урсгалыг нийлүүлбэл чамлахааргүй тоо гарна даа.
Бэлэн мөнгөнөөс гадна мөнгө төгрөгөөр үнэлж тооцооломгүй асар их баялгийг гадаадad буй монголчууд бүтээж байгаа. Тухайлбал, төрийн сангийн тэтгэлгээр бус, өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө маш олон залуус их, дээд сургууль, коллеж, ахлах сургууль төгсцгөөж байна. Олон иргэд маань англи болон бусад түгээмэл хэлийг эх орныхоо эдийн засагт өчүүхэн ч дарамт болохгүйгээр сурцгааж байна. Энэ бүхэн нэг төрлийн хөрөнгө оруулалт юм.
Боловсон харилцааны үнэ цэнийг ухаарч, өндөр соёлд боловсорч, шаргуу хөдөлмөрт дасч, цаг барьж, тооцоолж, төлөвлөж сурцгааж байна. Шинэ санаа, шинэ технологийг эх оронлуугаа зөөж байна. Солонгост найман жил оймсны үйлдвэрт ажилласан залуу Монголдоо ирээд оймсны үйлдвэр байгуулж, АНУ-д зургаан жил ажилласан залуу ирээд сайн чанарын гоймонгийн цех ажиллуулж, бас нэг нь өндөр зэрэглэлийн ресторан нээж байна.
Гадаадад буй эдгээр монголчуудын шаргуу хөдөлмөр, овсгоо самбаа, авьяас чадварын ачаар гадны сая сая хүн ард монгол орны тухай, монгол хүн, монгол ертөнцийн тухай мэдээлэл, мэдлэгтэй болж байна. Энэ бол үнэгүй гадаад сурталчилгааны асар их боломж. Монголыг зорьж буй жуулчид болон хөрөнгө оруулалтын тодорхой хувь нь гадаадад буй монгол иргэдийнх, монгол нийгэмлэг холбоод, монголоо гэсэн “хэнхэгүүд”-ийнх.
Өөрөөр хэлбэл гадаадад аж төрж буй монголчууд нь Монгол Улсын эдийн засаг төдийгүй соёл- боловсрол, гадаад харилцааны бодит хүчин нэгэнт болжээ. Монголын төр засаг ч үүнийг анхааран, гадаадад буй монгол иргэддээ хандсан маш тодорхой бодлого хэрэгжүүлж эхлэх цаг нэгэнт болсон санагдана. Өнгөрсөн жил Монголын төр гадаадад буй иргэдийнхээ нийгмийн асуудлыг зохицуулахад зориулж 15 сая төгрөг бүхий сан байгуулсан тухай мэдээлэл сонсогдож байсан. Энэ нь тодорхой хэмжээгээр уг асуудалд анхаарч эхэлсний илрэл ч гэсэн 15 сая төгрөг бол дорвитойхон нэг рестораны ганцхан сарын орлого төдий л зүйл шүү дээ. Өнгөрсөн хугацаанд тэрхүү 15 сая төгрөг хэрхэн ямар арга замаар гадаадад буй монголчуудын эрх ашигт үйлчилсэн тухай ямар ч мэдээлэл сонсогдсонгүй. Амьхандаа чих тавьсаар л байсан билээ.
АНУ, Англи, Солонгос, Чехийн элчингүүдийн үүдэн дээрх дарааллыг харвал, бас уулзаж учирсан залуустай ярилцаж явахад гадагшаа чиглэсэн монголчуудын урсгал татрах болоогүй юм байна гэсэн ойлголт төрдөг. Мөддөө ч татрахгүй байх. Дээр нь одоо эхний очсон хүмүүсийн үр хүүхдүүд улам өнөржин олширч байна. Зөвхөн АНУ- д гэхэд жилд 500 гаруй монгол хүүхэд төрдөг гэсэн мэдээлэл бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгэхээр гадаадад буй манайхны тоо хорогдох бус харин ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай гэсэн үг.
Ийм тодорхой бодит нөхцөл байдал нэгэнт бий болоод байгаа учир гадаадад буй монголчуудынхаа тулгамдсан асуудлыг цогцоор нь хөндөн авч үзэх нь манай төрийн бодлогын нэг салшгүй хэсэг болох учиртай болов уу. Үүнийг хэд хэдэн чиглэлд авч үзэх хэрэгтэй санагдана. Тухайлбал:
Нэг: Эрүүл мэнд, нийгмийн даатгал
Гадаадад буй Монголчуудын хамгийн тулгамдсан хурц асуудал бол эрүүл мэнд. Хоёр жил гаруйн өмнө СанФранциско, Лос, Чикаго, Вашингтон хотын монголчуудын дунд үзлэг хийсэн монгол эмч нарын багийнхан үзлэгт хамрагдсан нийт монголчуудын 80 хувь нь суурь өвчтэй байсан тухай мэдээлж байсан. Сэтгэл сэрдхиймээр шүү.
Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эрүүл мэндэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Юуны өмнө цаг наргүй хүнд хөдөлмөр. Өдрийн 10-аас дээш цагаар зогсоогоороо ажиллах нь олонтаа. Халуун уур, химийн элдэв бодис(хими цэвэрлэгээ болон цэвэрлэгээнийхэн), тоостой (чулууныхан), шөнийн цагаар(шалныхан) зэрэг ажлын хүнд нөхцөлтэй шууд учирдаг. Харин ч агаар ус, цаг нар, хоол хүнс солигдох нь эрүүл мэндэд тийм ч хурц нөлөөтэй биш санагддаг.
Мөн сэтгэл санааны хүнд дарамтан дор байх нь элбэг. Монголд байраа барьцаанд тавьсан гэх мэтээр араас нь байнгын мөнгөний нэхэл дагуултай хүмүүс олон. Хэл ус, ёс заншил, хууль дүрэм мэдэхгүйн дарамт буюу “Соёлын шок”. Хараар байхын зовлон ч нэмэрлэнэ. Дээр нь гэр бүл, ойр дотныхноосоо хол байхын элдэв бэрхшээл нэмэгдээд гадаадад буй монголчуудын маань сэтгэл санаанд багагүй ачаалал ирдэг. Чухам биеийн болон сэтгэл санааны энэ дарамт нь элдвийн суурь өвчний үндэс болж буй талаар үзлэгийн эмч нар санал нэгтэй байсан билээ. Зөвхөн 2006 онд Америкт долоон монгол амиа хорлосон тухай сонсогдож байсан. 30-аадхан насны идэр залуу эр гэнэтийн цус харвалтаар өнгөрч ч байсан. Ийм тохиолдол цөөнгүйг дурдаж болно.
Гадаадад буй элэг нэгтнүүдийн маань ихэнх нь хараар аж төрж буй хүмүүс. Тэдний хувьд тухайн орныхоо эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн бусад даатгалд хамрагдах боломж маш хомс байдаг. Зөвхөн ганц шүд ломбодуулахад хэдэн зуун доллар төлөх хэрэг гарна. Эмнэлгийн үйлчилгээний энэ өндөр үнээс шалтгаалаад манайхан тэр бүр эмчид үзүүлж, шаардлагатай туслалцаа авч чадахгүй байсаар өвчнөө хүндрүүлэх, бүр эмчилгээгүй болгох тохиолдол ч цөөнгүй.
Ийм нөхцөлд гадаадад буй монголчууддынхаа эрүүл мэндийг монголын төр анхааралдаа авах учиртай санагдана. Хэдхэн хүн биш, хэдэн зуун мянгаар тоологдох ахан дүүс маань байна шүү дээ. Тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн даатгалын газруудтай ярилцаж, гэрээ хэлцэл хийх зэргээр, хэрвээ эрж хайвал ямар нэгэн арга зам байгаа. Нэг бус нэлээд хэд ч байж магад.
Харин нийгмийн даатгалын хувьд хаана, ямар ажил хийж байгаагаас шалтгаалахгүйгээр сайн дурын даатгал эхлүүлсэн нь үр өгөөжтэй. Гэвч энийгээ гадаадад буй монголчуудын дунд сурталчлах хүргэх асуудал нь харин баахан хоцрогдоод ч байх шиг
Хоёр: Хууль, эрхзүйн туслалцаа
Гадаадад буй монголчуудын удаах тулгамдсан асуудал нь байгаа орныхоо хууль эрхзүйн орчныг сайтар таниж мэдэхгүйгээс элдвийн хэрэгт орооцолдох явдал түгээмэл байдаг явдал юм. Нэн ялангуяа цагаачлалын хуульч, мэргэжилтнүүдийн туслалцаа чухал хэрэгтэй. Хуурамч болон чадваргүй, сэтгэлгүй харийн өмгөөлөгч, хуульч нарт хульхидуулж, хэдэн мянгаар тогтохгүй доллараар хохирсон монголчууд олон бий. Жишээ баримт дурдвал ихийг бичиж болно.
Монголчууд олноороо аж төрж буй орнуудын хууль эрхзүйн орчныг сайтар судалж мэргэшсэн хуульчдийг бэлтгэн, тухайн оронд суугаа консулийн ажилтнуудаар дамжуулан ийм төрлийн үйлчилгээг үзүүлэх, ялангуяа цагаачлалын асуудлаар... Мэдээлэл харилцаа өндөр хөгжсөн өнөөгийн нөхцөлд ийм үйлчилгээг хаанаас ч үзүүлэх боломжтой.
Гурав: Хөрөнгө, санхүүгийн туслалцаа
Өмнөд хөрш хятадаасаа санаа авах зүйл бидэнд их бий. Хятадын төр гадаадад аж төрж буй иргэдийнхээ бизнесийг дэмжсэн тусгай Банк байгуулсан байдаг. Вашингтонд буй нэг хятад иргэн Аннанделид хятад хоолны газар нээхэд шаардлагатай зээлийг хөнгөлөлттай нөхцлөөр тэрхүү банкнаас зээлнэ. Үр дүн нь өнөөдөр АНУ-ын бүх хот, дүүрэг, тосгонд хятад хоолны газар ажиллаж байна. Хамгийн бөглүүд тосгонд очиход л ЧайнаБаффе байж л байна. Америкийн зах зээлийн агуу том тогооноос хангалттай том шанагаар хутган авч чадаж байгаа хэрэг шүү. Жижиг чулуугаар том хадыг доргиож чадаж байна. Хятадын өнөөдрийн үсрэнгүй хөгжлийн нэг тулгуур нь гадаадад буй сая сая цагаач хятадууд билээ.
Өнөөдөр Вашингтонд буй нэгэн монгол залуу монгол хоолны газар, эсвэл авто засварын газар нээхэд шаардагдах 100 мянган долларыг зөвхөн сайн ахан дүүс, найз нөхөд, эсвэл шууд өөрийн хэдэн жилээр нойр хоолгүй зүтгэж байж цуглуулснаараа л эхлэх болно. Гэтэл бидэнд тэр бүр тийм боломж байдаг билүү? Хэдэн арван жилийн цагаачлалын түүхтэй хятад, солонгосууд бол өөр хэрэг. Бидэнд дунджаар 5-6 жилийн л туршлага бий шүү дээ. 100 мянгыг цуглуулсан нь тун ч ховор.
Гурван жилийн өмнө Чикагод хэсэг монгол иргэдийн санаачилгаар Америк дахь Монгол иргэдийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим байгуулагдсан. Өнөөдөр эхлэл, санаачилга төдий байдалтай байгаа ч их ирээдүй бий гэдэгт итгэнэ.
Саяхан мөн Чикогогийн хэсэг монгол иргэд Дундын сан байгуулах тухай санаачилга гаргасан. Зорилго нь боломжтойд нь тэрхүү Дундын сангаасаа зээл олгож, бизнес эрхлэхийг нь дэмжих, зарим чадварлаг монгол залуусыг сургуульд суралцуулах, ядарсан зутарсан нэгнээ дэмжих.
Иргэд нь ийм санаачилга гаргаад байхад төр нь түүнийг өлгөж аваад дэмждэг байгаасай. Ялангуяа хямралын энэ хэцүү үед гадаадад буй монголчууд маань тун ч бат тулгуур болно. Вашингтон нээгдсэн Монгол эзэнтэй авто засварын газрын сарын 10 мянган долларын орлогын тодорхой хувь нь монгол руугаа урсах л болно. Энэ нь хөлсний ажил хийгээд сард 2000 доллар авч байгаатай огт адилгүй шүү дээ. Хятадууд банк бүү хэл гадаадад буй цагаач иргэдийнхээ нийгмийн халамжийн асуудлаар бүхэл бүтэн цогц арга хэмжээ авдаг гэсэн. Цагаач иргэддээ зориулсан Их сургууль хүртэл байгуулсан байгаа юм даа.
Дөрөв: Давхар иргэншлийн асуудал
АНУ-д жилд дунджаар 500 орчим монгол хүүхэд шинээр төрж байгаа тухай дээр дурдсан. Энэ бага тоо биш шүү. Мөн төдий тооны монгол иргэд /ихэвчлэн эмэгтэйчүүд/ америкийн иргэдтэй гэр бүлж болж байна. Мөн цөөнгүй тооны иргэд ажлын болон бусад шалтгаанаар иргэншил авч байна. Энэ тоо жилээс жилд өснө, асуудал жилээс жилд хуримтлагдана. Монголдоо л гэхэд өнгөрсөн онд 700 гаруй иргэд гадаад иргэдтэй гэрлэж, бүртгүүлсэн мэдээлэл байсан. Солонгос, Европ, Япон болон бусад оронд ч байдал иймэрхүү л байгаа.
Бодит байдал дээр бол маш олон хүн монголынхоо харьяатаас гараагүй атлаа өөр улсын иргэншил авчихсан яваа.
Давхар иргэншлийн хэрэг юу билээ гэж олон хүн асуудаг. Ганцхан Америкийн ч юм уу, Солонгосын иргэн монгол хүн нэг өөр, харин Монголынхоо иргэн нь хэвээр байх нь бас өөр асуудал. Үүний цаана хөрөнгө оруулалт төдийгүй монголоо гэсэн сэтгэл, зүтгэл хөгжих таатай хөрс суурь бий.
Нөгөө талаар өнөөдөр дэлхий ертөнц улам бүр ойртон нягтарч байгаа энэ гарцаагүй хүчин зүйлийг ч бид бас тооцож үзэх ёстой. Зарим хүмүүс давхар иргэшлийг Монгол Улс зөвшөөрчих юм бол баахан хятадуудаар эх орон маань дүүрчихнэ гэсэн шалтгаанаар эрс эсэргүүцдэг. Давхар иргэншлийн асуудал нь хоёр чиглэлтэй. Эхнийх нь аль ч орны иргэн манай улсны иргэнээр давхар байж болох нөхцөл. Хэрвээ энэ хувилбараар явбал дээрх хятадуудаар монгол дүүрчихнэ гэсэн болгоомжлол бодитой зүйл. Удаах нь зөвхөн Монгол Улсын иргэн өөр аль нэг орны иргэн давхар байж болно гэсэн чиглэл юм. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн монгол хүнд л хамаатай асуудал, ялангуяа гадаадад аж төрж, тухайн орныхоо иргэншлийг нэгэнт авчихсан болон авах гэж буй монголчуудад.
Тав: Сонгуулийн эрхийн асуудал
Гадаадад буй монголчуудын саналын эрхийн талаар ЦахимӨртөө ТББ, Вашингтон хот болон Бэа Ариа орчмын Монголчуудын холбоо, Даяар Монгол сонин зэрэг гадаад дахь монголчуудын холбоо, байгууллагууд хэдэн жилийн өмнөөс удаа дараа асуудал тавьж, янз бүрийн түвшинд хэлэлцүүлж байсан билээ. УИХ болон СЕХ-нд энэ асуудлаар хэд хэдэн зүйл бүхий саналыг албан ёсоор хүргүүлсэн. СЕХ ч тусгай комисс гарган энэ асуудлыг судлуулсан боловч харамсалтай нь гадаадад буй монголчуудын саналыг авах боломжгүй гэсэн 10 гаруй зүйлийн учирлал бүхий тайлбар өгсөн. Одоо ч тэр тайлбар бичиг нь миний ширээн дотор явж л байна. Энэ комиссын ажлын тайлан, тайлбартай танилцахад анхнаасаа гадаадад буй монголчуудын саналын эсрэг зорилготой байсан юм биш байгаа гэсэн хардлага төрүүлдэг юм.
Гадаадад буй иргэдийнхээ саналыг авах боломж Монгол Улсад бүрэн бий. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлээхэн жишээ байж байна. Гадаад оронд яваа америкийн иргэн ID дугаараараа саналаа өгчихөж байх шиг харагдсан. Оросууд Ерөнхийлөгчийнхөө сонгуулиар гадаадад буй иргэдийнхээ саналыг авч л байсан.
С.Баяр Ерөнхий сайдын дэвшүүлсэн Таван төгөлдөршлийн нэг Иргэнээ нэг бүрчлэн бүртгэлжүүлэх, сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэн пропорциональ системтэй болгох нь гадаадад буй иргэдийнхээ саналыг авах болгомжийг улам ойртуулж өгч буй хэрэг юм. Иргэн бүрд нэг л иргэний үнэмлэх, нэг л регистрийн дугаар байх учиртай. Энэ асуудлыг эхлээд цэгцлэх шаардлагатай. Байгаа газраасаа интернетээр ороод Реги дугаараараа, эсвэл түүгээр нь баталгаажсан сонгогчийн тусгай нууц дугаараараа саналаа өгчих шиг хялбар юм үгүй. Тухайн дугаар дээр дахиад хаанаас ч, хэн ч санал оруулах боломжгүй тийм программ хийчих чадвартай монгол инженерүүд олон бий, гагцхүү асуудлыг хариуцаж буй хүмүүсийн санаачилга, сэтгэл л дутаж буй хэрэг.
Гадаадад буй монголчууд нь монголын нийгмийн дунджаас дээш давхаргынхан голдуу байдаг. Өөрөөр хэлбэл ходоодоороо биш, итгэл үнэмшлээрээ саналаа өгөх чадвар бүхий хэсэг. Энэ бол ард түмний санал сонгуулиар бодитой илрэх маш чухал хүчин зүйл юм. Нөгөө талаар гадаадад буй монголчуудыг сонгуулийн санал өгөх эрхээр нь дамжуулж, монгол орны үйл амьдралд анхаарлыг нь улам дотно хандуулах, эх оронд нь ойртуулах нэгээхэн сэжим юм.
Эцэст нь бас нэг зүйлд эмзэглэж явдаг нь гадаадад хөлс хүч, эрүүл мэнд, залуу насаа золин байж олсон тэрхүү хөрөнгө мөнгөний дийлэнх хувь нь монголдоо, ахан дүүс, амраг садандаа буян болж тогтохгүй, гадагшаа эргэн урсч, Эрээний голдуу эрээн мяраан, эдэлгээгүй, чанаргүй элдэв бараа болон хувирч буй явдал юм. Чухам нэгэнт монголын хилээр ороод ирж буй энэ их хөрөнгө, буяныг гадагш нь буцаагаад савируулчихалгүй, үр дүнтэй хөрөнгө оруулалт болгож хувиргах/өнөөх цагаач иргэдийн банк, жижиг дунд үйлдвэрлэл, сургалт гэх мэт/ талаар юм бодож сэтгэх, үйлдэх боломж бас ч байгаа санагданa.
Б.Номинчимэд
Sunday, November 28, 2010
БАТ НАЙЗ Б. БАТНАРАН МИНЬ
Ийн өгүүлэхийн учир нь Батмөнхийн Батнарантай танилцан нөхөрлөсөн богино түүх юм.
Нэгэн өглөө шөнийн ээлжийн ажлаас бие тааруухан бууж ирэв. Тэгээд цайгаа ч ууж амжаагүй байтал найзууд маань араас шуугилдсаар ороод ирэх нь тэр. Тэдэн дунд урьд нь нэг их зүс үзсэн туранхайвтар, дүрэлзсэн нүдтэй хөрслөг бор залуу явж байх юм. Батна хэмээн даруухан өөрийгөө танилцуулж гар барив.
Тэр өдөр юуны ч билээ нэг баярын өдөр байсан юм. Хамт салхинд гарч баяр тэмдэглэцгээх юм боллоо. Миний хувьд шөнө нойргүй ажилласнаас ч тэр үү, бие тавгүй, нүд бүрэлзээд, дотор муухай оргиж байсан тул явж чадахгүй, хэвтэж амрах минь гэлээ.
Хөөрч халсан нөхдүүд миний энэ үгийг юу гэж тоох билээ. Зүгээр зүгээр, нэг 100 татаад л сэргэчихнэ гэлцэн шуугилдаж, юу юугүй намайг дамжлаад машиндаа хийчих нь ээ. Манай зэргэлдээх хаалганд байх эмээгийн даралтны аппарат авчруулаад үзүүлтэл даралт хөдөлчихөж. Даралтын заалтыг нөгөөдүүлдээ үзүүлээд, ийм байхад би яаж явах юм гэтэл шинэхэн танилцсан Батна маань “Энэ асуудал биш ээ” гээд намайг хэвтүүлж байгаад таван минут орчим барив. Тэгээд босгож, өнөөх даралтын аппаратаар дахин хэмжиж үзэхэд миний даралт 18 поунтоор бууж, хэвийн болчихсон, үнэхээр ч нүд онгойчиж, шилэн хүзүүнд шахчихсан усыг соруулаад авчихсан мэт болсон байж билээ. Ингэж Батмөнхий Батнаран бид анхлан танилцаж билээ. Тэгээд бид тэр өдөржин Потомок голын хүрхрээн дээр очин хөгжилдсөнсөн.
Түүнээс хойш найр наадам, наргиа хөөрөө, тус дэм бүхэнд бие биедээ хань бараа болон явдаг болсонсон. Хүнд их тусархуу, хүнийг голно шилнэ гэж огтоос байхгүй, хэнтэй л бол хэнтэй хэл амаа ололцож, ойлголцож чаддаг, эгэл даруухан, энгийн нөхөрсөг ховорхон сайхан чанар түүнд минь байсан юм. Тийм дээ ч танил нөхдийн хүрээ өргөн. Хүний газар, хүний нутагт бие биенээ гэсэн элэгсэг сэтгэлээр монголчууд бид ямагт дутаж, гачигдаж явдаг. Ийм дотно сэтгэлээр дутагдаж буй хүмүүс балт цэцгэнд татагдах зөгий мэт Батна руу тэмүүлдэг байгаа юу даа. Мань хүн ч ирсэн бүхэнд хэрэгтэй тэр дотно сэтгэлийг нь харамгүй хүртээдэг байж дээ.
Танилцсанаасаа нэлээд хойно Батнаг нэгэн үе Монгол Улсын нэгдүгээр хүн байсан, Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жамбын Батмөнх асны хүү болохыг мэдээд бага зэрэг гайхаж билээ.
Хөдөөгийн аглаг суманд төрж өссөн мань мэтийн хүүхдүүдийн хувьд хотын 40-н мянгатынхан, ялангуяа сайд дарга нарын хүрээллийн хүүхдүүдтэй найзалж нөхөрлөнө гэдэг их л хол хөндий санагддаг байсансан. Тэд бидний хувьд үзсэн, сонссон, өмссөн зүүсэн гээд бүх талаар илүү, ялангуяа тэдний сонирхол, мөрөөдлийн хүрээ нь тэс өөр. Тэр ч бүү хэл явдаг газар, ордог орц нь хүртэл өөр байхад бас тийм төсөөлөл бидэнд суух нь арга ч үгүй юм. Тиймээс ч тэр үү, тэдэнтэй ойртож нөхөрлөх нь бүү хэл ойлголцож, ярилцахад ч хэцүү, хэл ам таарахгүй байх нь олонтаа байдаг байв. Гэтэл харин миний урьд өмнө төсөөлж байснаас, тааралдаж уулзаж байсан тэр хүрээллийнхнээс тэс ондоо хүн байж билээ, Батна маань.
Нэг л мэдэхэд надад хэн нэгэн хүний туслалцаа хэрэгтэй бол би хамгийн түрүүнд Батнад ханддаг болчихсон байсансан. Учир нь тэрбээр ямар ч эргэлзээгүйгээр тусалж чаддаг, түүндээ ямар ч хариу тус, харам хардаггүй, жинхэнэ хүн ёсоор тусалж чаддагт байсан юм. Хаа хол замд машин эвдэрчихээд, Батна руу ярихад мань хүн ямар ч ажилтай байсан түүнээ зохицуулчихаад л хэдэн зуун км-ын алсаас давхиад л ирнэ. Ажил нь болохгүй бол бүр хаячихаад ч давхичихна.
Мөнгө хэрэгтэй болчихоод мань хүнд дуулгачихвал хэрвээ өөрт нь байхгүй бол өрөөлөөс зээлээд ч болсон аваад л ирнэ. Найз нөхдийнхөө төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэдэг тийм хүнтэй би их л ховор таарсан даа. Ёстой манай хууч үгэнд гардаг “Нөхрийн төлөө өдрийн боол” гэдэг шиг л сэтгэл гарган явдаг хүн байж дээ. Өнөөдөр энэ үгийг хүмүүс хэр ойлгож, мэдэрч байгааг би сайн мэдэхгүй юм. Ялангуяа залуусын хувьд бол энэ нь өөрийгөө хоёрдугаарт тавьж буй, өөрөөр хэлбэл өөрийгөө доош нь хийж буй хэрэг мэт бодогддог ч байж магад юм. Гэтэл яг үнэн чанартаа бол энэ нь хувь хүнээс гарч буй хүнийг эрхэмлэх нандин дээд чанар юм. Энэ нь эргээд тэр хүнээ доош нь хийх биш, харин ч эрхэм дээд болгон өргөж өгдөг байна. Тиймээс ч өдгөө Батнаран маань найз нөхөд бидний сэтгэл зүрхэнд тийм тод томруун дурсагдсаар байгаа юм. Яруу найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ “Амьд атлаа үхсэн мэт хүн байна, үхсэн атлаа амьд мэт хүн байна” хэмээн хэлж байв. Батна маань өнөө хэдий байхгүй ч бидний дотно сэтгэлд амьдаас амьд байсаар.
Батна маань АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд суурьсан монголчууддаа их ч тус дэм болсон доо. Хүүхдийн гэдэс өвдөхөд Батна дээр аваад очиход хоёрхон базлаад л зүгээр болгочихно. Ялангуяа тархины доргилтыг гаргахдаа гаргуун. Үүнийгээ бүүр нэг чин сэтгэлээсээ хийнэ. Баярласан зарим эцэг эхчүүд хэд гурван доллар сарвайхад буцаагаад хүүхдэд нь өгчихнө. Өөрийнх нь халаасанд нэг ч долларгүй байсан ч тэр. Энэ бол нэг өнцгөөс харахад их гэнэн тэнэг ч мэт харагдаж болох ч үнэн чанартаа бол их ухаан, их сэтгэл юм даа.
Нэгэн удаа Александрагийн нэгэн задгай парк дээр хэдэн нөхөд хөл бөмбөг тоглож байгаад нэг маань унаж, гараа гэмтээчихэв. Гараа ч даашгүй, их өвдөж буй бололтой, хөлс нь чийхарч байв. Лав мултраагүй, тэгэхээр хугарсан байж болох. Ингээд Батна руу яарав. Очтол, ердийнхөөрөө тэднийхээр баахан зочид ирчихсэн, бужигналдаж сууна. Өнөөх гараа гэмтээсэн нөхрийг маань аваад шууд л гал тогоондоо оруулж байгаад барилаа. Яс нь цуурсан байна гэнэ. Боогоод, сойлт хийгээд өгчихөв.
“Яадаг бол, эмчид очих хэрэг байна уу?” Гэвэл “Яах ч үгүй, найдвартай” гэж билээ. Үнэхээр ч тун удалгүй ямар ч ул мөргүй эдгэрсэн байсансан. Хэрвээ иймэрхүү нөхцөлд АНУ-д эмнэлэгт хандвал хэдэн зуу, мянган долларын төлбөр гарахыг хэн бүхэн мэднэ. Энэ мэтээр олон хүнд тус болсон. Чи энэ барьдаг илдэгээ хаана сурав гэхээр спорт надад хайрласан юм аа гэх. Өөрөө бага идэр насандаа хөнгөн атлетикаар хичээллэж, бас ч багагүй амжилт гаргаж явсан нэгэн. Тийн явахдаа ойр зуур бэртлээ барьж, багийнхнаа эмчилж байсан гэдэг. Хожмоо харин үнэхээр алтан гартай бариач болсон. Гэхдээ мань хүн хэзээ ч өөрийгөө бариач гэж зарладаггүй. Хүнд ч хэлдэггүй. Харин хэрэг болсон үедээ хүмүүст тус болох үүднээс энэ авьяасаа илрүүлнэ.
Батна маань заримдаа яг л хүүхэд шиг аашилна. Их ч гэнэхэн. Түүнийг хуурахад тун амархан. Гурван настай хүүхэд шиг л хууртаж орхино. Бид тэгээд тоглоом хийн ихэд инээлдэхэд нэг дүрсхийснээ биднийг дагаад инээдэгсэн. Ямар хүнд сайн муу аль ч чанар байдаг. Бид ихэвчлэн сайн хүнийхээ сайн чанартай нь, муу хүнийхээ муу чанартай нь харьцсанаас үүдэн хүмүүсийг сайн муу хэмээн дүгнэдэг байхаа магадгүй юм. Хүн болгонд таалагддаг бурхан ч гэж үгүй, бас хүн болгонд хараалгадаг чөтгөр ч гэж үгүй. Түүн лүгээ адил Батнад маань бас алдаж эндэх явдал байсан. Гэвч тэр бүх алдаа эндэгдлийн цаана өнөөх л хар хоргүй гэнэн цагаахан сэтгэл нь илээс илхэн харагдаж байдагсан.
Нэг өдөр ажил гараад Иллинойс муж явах боллоо. Бас бага биш зай туулах учир, (Вашингтоноос Иллинойс мужийн Спрингфийлд хот ороход 1400 орчим км. Улаанбаатараас бараг Ховд орно гэсэн үг.) машиндаа ойр зуурын үзлэг хийж, тос маслыг нь солиулж байтал Батна маань ердийнхөөрөө утас цохиж байна. Замд гарах гэж байгаагаа хэлтэл манайхаар дайраад ирээ, хөгшин нь гаргаж өгнө гэв. Тэгэхэд тэднийх LeeHwy, Gleb rd хоёрын уулзвар дээр хоёр давхар улаан тоосгон байранд байсан юм. Зам нэг их гажихгүй тул ороод гарахаар болов. Очтол мань хүн баахан бууз хийчихэж. Хоол ундыг бол ямар ч гэрийн эзэгтэйгээс дутахгүй сайхан хийнэ дээ. Хонины махаар, ногоон сонгиноор хачирласан сайхан бууз хийжээ. Тэнд Ваня, Мөнхбаатар, Ганхуяг гээд бас л бидний нийлдэг хэсэг нөхдүүд маань байлаа. Гарах болоход надад жижиг хоолны саванд дүүрэн бууз хийгээд замдаа идээд яв. Пицца, саб мабхан идээд яаж хол зам туулдаг юм гэж байна.
Тэгээд хоёр давхараас бууж, машинд маань суулгаж өгөөд, машиныг минь нэг тойрч, дөрвөн дугуйг нь нэг нэг өшиглөж үзсэнээ, “Сайн яваарай” гээд тэвэрч билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байж дээ. Тэгээд эргээд иртэл нөхөр маань энэ хорвоог орхиод хийж бүтээх идэр 40 гаруйхан насандаа явчихсан байж билээ.
Батнатайгаа найзалж, нөхөрлөж, наадаж наргиж явсан зурвасхан үе маань миний нас үд дунд рүү шүргэж явсан амьдралын нэгэн гэрэлт гэгээн мөч юм. Энэ үеэ дурсахаар гэнэхэн багын найзуудтайгаа бодож санах юмгүйгээр шуугилдаж явсан хүүхэд насны минь гэгээн дурсамж хожуу насанд дахиад амилсан мэт санагддаг билээ.
/Жич. Ж.Батмөнх агсны гэргий Дариймаа эгч хөгшнийхөө тухай хэд хэдэн ном хийж, хөшөөг нь босгож, бас Санхүүгийн сургуулийг нэрэмжит нь болгосон, одоо баримтат киног нь хийлгэж байгаа юм билээ. Мөн тэрбээр хүүгийнхээ тухай дурсамжийн ном бичиж байгаа ба эгчийн хүсэлтээр Батнагийнхаа тухай энэхүү дурсамжаа тэрхүү номонд нь зориулж бичсэн болно. Удахгүй тэр ном уншигчдын гар дээр очих байх./
Saturday, November 27, 2010
Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ?
Б.Номинчимэд
Бидний 900 мянга орчим нь ядуу
Өнөөдөр хүн амын маань 35.2 хувь нь ядуу гэсэн манай статистик судалгаа байна. Дэлхийн банкныхаар бол бүр 38.6 хувь. Ядуурлын түвшинд байгаа иргэд гэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хүнснийхээ зүйлсийг худалдан авах чадваргүй хүмүүсийг хэлдэг аж. Тэгэхээр та бидний гурван хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга гаруй монгол иргэн өдөр тутам өлөн зэлмэг аж төрдөг байх нь. 900 мянга гэдэг бага тоо биш шүү.
Өдөрт нэг ширхэг "Атар" талхаар гол зогоож байгаа 2-3 ам бүлтэй өрхийг Улаанбаатарын аль ч дүүргийн, аль ч хорооны хэсгээс хялбархаан олох боломжтой. Бүх аймаг, сумдад ч бий. Өвлийн хүйтэнд осгоод үхчихгүйн тулд дугуйны резин, гялгар уут, хониний толгойн яс бүү хэл үхсэн нохой муурын зулзага хүртэл галдаа хийж, өдөр өнгөрөөж байгаа айл өрхүүд бий. Сэтгэл сэрхийлгэсэн баримт.
1990 онд дэлхийн нийт хүн амын 41,69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25.19 болтлоо буужээ. Гэтэл манай оронд ядуурлын хувь огтхон ч буурсангүй. Харин ч сүүлийн хорин жилд ядуурал эрс, огцом өссөн.
Ядуурлынхаа үзүүлэлтээрээ бид бараг Сахарын цөлөөс өмнөх Африкийн зарим орон зэрэг иргэний дайн, байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудтай ойролцоо очих нь. Монгол оронд ямар ч дайн байлдаан болоогүй, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт болоогүй шүү дээ. Гэтэл ядуурлын түвшин ийм өндөр байгаа нь чухам юуных вэ?
Ямар ч улс орны хөгжлийг энэ тэргүүнд ядуурлынх нь түвшин, хүн амын амжиргааны индексээр тооцож үздэг. Хөгжингүй орнуудад ядуурал 21 хувиас хэтэрдэггүй аж. Зарим оронд ядуурлыг 16 хувиас хэтрүүлэхгүй барьж чадаж байна. Гэтэл манайд 40 хувь дөхөөд байдаг. Монголчууд бид нэг хүнд ногдох байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг гэх мэт талаас нь харвал баян байх нөхцөл, боломжоор бүрэн улс түмэн. Дээр нь харьцангуй боловсорсон, хүн амын үнэмлэхгүй олонхи нь бичиг үсэгт тайлагдсан, дэлхийн хоёр хүчирхэг гүрний дунд геополитикийн ашигтай байршилд буй, мөн асар том зах зээлийн дэргэд гэх мэт олон давуу тал байгаа.
Ядуурлын ирмэг дээрх дундчууд
Энэ ядуурал гэдэг нь гагц зөвхөн ядуу гэгдэх тэр гучин хэдэн хувьд ч хамаатай асуудал биш юм. Манай хүн амын олонхи нь болох дундаж давхаргынхны аж амьдрал ч бас тийм хангалттай сайн биш байна. Аль ч оронд улс орныхоо гол ачааг үүрч явдаг нь энэ дундчууд байдаг.
Хөгжингүй орны дундаж давхаргынхан, манай дундаж давхаргынхны хооронд чанарын асар их ялгаа бий. Маш энгийнээр хэлэхэд л хөгжингүй орны дундаж иргэд нь долоо хоногтоо дор хаяж хоёр удаа ресторанд гэр бүлээрээ орчихдог, сардаа ч болов нэг удаа ойр зуураа салхинд гарч сайхан амарчихдаг, /хөгжингүй орнуудад хагас бүтэн сайн өдөр бүр маш идэвхтэй амралт нийтийг хамардаг/ жилдээ дотооддоо бүү хэл дэлхийн аль нэг улс орноор аялчихдаг амьдралын боломжтой хүмүүс байдаг байна. Тэдний хувьд машин тэрэг гэдэг нь амьжиргааны үзүүлэлт биш, ердийн хэрэгцээ болсон, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх, өөртөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой хүмүүс.
Гэтэл манай дундаж давхаргынхны олонхи нь цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд, ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй гүрдийтлээ зүтгэж явна. Олонхи багш, эмч зэрэг төрийн албан хаагчид, бас малчдын үнэмлэхүй олонхи нь энэ зэрэглэлд орж байгаа. Өвлийн гутал авчихвал байрныхаа мөнгийг төлөхөд хүндрэлтэй болчихдог, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихвөл хэсэгтээ л зээллэг гуйхаас аргагүй болдог тийм хүмүүс.
Дундаж давхаргынхны маань олонхийн хувьд юун ресторанд долоо хоног бүр хооллох, юун хагас бүтэн сайнаар гэр бүлээрээ Тэрэлж ч юм уу, Хустайн нуруунд очоод нэг сайхан алжаал тайлах, юун тэр жилдээ нэг гадаад орноор аялах, үгүй ядаж хамгийн ойрхон орших Хятадын Цагаан хэрэм, Утай гүмбэн хүртэл аялах тухай бодох вэ. Зарим албан хаагчид Даваа гаригаас ажилдаа явах автобусныхаа мөнгийг хэмнэхийн тулд хагас бүтэн сайнд нь гэрээсээ ч гарч чадахгүй суугаа нь үнэн юм.
Тэдний хувьд өнөөх 35-38 хувийн ядуучуудын эгнээ рүү гулсахад нэн ойрхон, дөнгөн данган дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Зүтгээд, хийгээд л байдаг. Гэтэл дээш гарч, амьжиргаагаа баталгаатай болгож буй нь тун цөөхөн.
Бид залхуудаа ядуу гэж үү?
Сүүлийн үед манай улс төр, бизнесийнхнээс "Арчаагүй залхуу, боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүс л ядуу байдаг" гэсэн нэг постулатыг дахин дахин ярих дуртай болчихож. Энэ үнэн л дээ. Үнэхээр монгол шиг амьдрах боломж бүрэн бүрдсэн асар баялагтай оронд төрчихөөд ядуу явна гэдэг нь дэндүү арчаагүйнх. Ямар Энэтхэгийн доод кастынхны гэр бүлд, гудамжны цементэн дээр төрчихсөн биш. Тэдэнд бол хичнээн хичээж зүтгээд ч нэмэргүй, ядуугаараа л, гуйлгачингаараа л энэ насыг барна. Тэд гуйлгачин заяатайгаа хамт энэ ертөнцөд ирдэг, гуйлга гуйхаа амьдралынхаа гажиж болшгүй зарчим гэсэн ойлголттойгоо хамт төрдөг хүмүүс. Харин монголчуудын хувьд шаргуу хөдөлмөрлөж, хичээн зүтгэж чадвал яаж ийгээд л под хийтэл аж төрөөд байх боломжтой.
Тэгвэл Монголын гурван хүний нэг нь тийм аймшиггүй арчаагүй, дэндүү залхуу, ямар ч чадваргүй, гуйлгачин хувь заяатай төрдөг хүмүүс юм уу гэсэн асуулт зайлшгүй. Хөл дээрээ баттай зогсож чадахгүй байгаа дундаж давхаргын үй түмэн хүмүүсийг тооцохгүйгээр шүү дээ.
Ямар ч ард түмэнд, дунджаар 10 орчим хувь нь "төрөлхийн ядуу" буюу арчаагүй залхуу, бас чадваргүй гэсэн стандарт байдаг байна. Вашингтоны К, М гудамны аль ч буланд яадгаа алдсан гуйлгачинтай тааралдаж болно. Токио, Парижид ч адилхан.
Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу?
ҮГҮЙ ЮМ.
Гарааны дампуурал
Гурван Монголын нэг нь нэн ядуу, нөгөө хоёр нь чүү ай амьжиргаагаа чирч яваа нь тэдний өөрсдийнх нь гэм буруугаас илүү хөндлөнгийн хүчин зүйл их байна.
Юуны өмнө гарааны хүчин зүйл их нөлөөлсөн. 20 жилийн өмнө социализмын үед монголчууд бид бараг нэгнээсээ ялгагдах юмгүй нэгэн жигд дунджаас доохнуур түвшинд аж төрж байв. Харин бид зах зээлийн шилжилт хийхдээ хэт өрөөсгөлөөр, хэт үгүйсгэлээр хандсан. Социализмыг үзэл суртал, эдийн засгийн бүх фронтод юу ч үгүй болтол нураачихвал бүх юм сайхан болчихдог мэт дэндүү гэнэн хөөрөгдөл, дэндүү ойворгон бодлогоор ардчиллыг эхлүүлсэн. Түүний нэг илрэл нь өмч хувьчлал. Тэгэхэд иргэн бүрд 10 000 төгрөгний хувьцаа тараасан. Урьд өмнө хувийн өмчтэй байж үзээгүй, туршлага ойлголт ч байхгүй, ялангуяа хувьцаа гэдгийг барьж үзэх нь бүү хэл сонсоо ч үгүй ард түмэнд үл хөдлөх хөрөнгийн арилжаа, биржийн анхан шатны эхлэл ч байхгүй үед хувьцааг тараасан нь бүрэн дампуурсан аян болсон билээ. Тэдгээр хувьцааныхаа үр ашгийг монголчуудын 99 хувь нь хүртэж чадаагүй бөгөөд мэдээлэлд ойр байсан, овсгоо самбаатай, олонхидоо зальжин цөөнх тэр эх толгойгүй үйл явц дундаас ёстой нөгөө чоно борооноор гэгчээр завшиж, ард түмний сайн муу ч 70 жил хурааж хуримтлуулсан асар их хөрөнгө нохойн замаар орсон билээ. Жижигхээн жишээ хэлэхэд С100 гэдэг хүчирхэг гинжит тракторыг задлаад төмрийн хог болгож хятад руу ачуулж байсныг нүдээр харж зогсов. Тэр ч бүү хэл армийн зэвсэглэлд байсан танк, байлдааны сөнөөгч онгоцны эд ангиудыг ч гаргаж байсан гэх.
Үр дүнд нь өмчтэй цөөнх, өмчгүй үнэмлэхүй олонх гэсэн нийгмийн хэт ялгаатай харьцаа бий болсон. Өмчгүй үнэмлэхүй олонхийн олонх нь хүссэн ч, эс хүссэн ч ядуурлын ангал руу хийсэцгээсэн ба өнөө тэд өөрсдөө гэрч болон амьд мэнд мэлтийцгээж буй.
Өнөөдөр Монголын арилжааны банкууд дахь хадгаламжийн нийт дүн 2 их наяд орчим төгрөг байгаа гэсэн мэдээлэл байна. Дунджилбал нэг монгол иргэнд 750 000 орчим төгрөгийн хадгаламж ногдоно. Монголчуудыг хэн ядуу гэх юм бэ?
Гэтэл энэ мөнгөний 98 хувийг нийт хүн амын хоёрхон хувь эзэмшдэг аж. Асар их ялгаа байгаа биз. Барууны орнуудад иргэдийн хадгаламжийн харьцаа мөн ийм их зөрүүтэй байдаг ба энэ бол хэвийн үзэгдэл хэмээн манай эдийн засагчид тайлбарладаг. Гэвч зуу зуун жилийн туршид капиталын хуримтлал хийгдэж ирсэн нийгэм, хорьхон жилийн манай зах зээлийн түүх хоёрт чанарын их ялгаа бий. Өөрөөр хэлбэл монголчуудын капиталын хуримтлал нь ихэнхдээ шударга бусаар, хуудуутай өмч хувьчлал, газар хувьчлал, ашигт малтмалын луйвар, банкны дээрэм, спирт зэрэг хууль бус бизнес, авилга-хээл хахууль, улс төрийн арилжаа гэх мэт жинхэнэ нохойн замаар хуримтлуулсан хөрөнгө.
Манай шинэ хөрөнгөлөг хэсгийнхний хөрөнгийн үлэмжхэн хэсэг нь бас гадаадад байршиж буй. Бэа Аэриагийн, эсвэл Виржиниагийн хамгийн тансаг орчинд сая долларын өртөгтэй хауз бүхий манай улс төр, бизнесийнхэн нэг бус, тэр ч бүү хэл Макао, Солонгост ч, эсвэл Атлантик Сити, Лас Вегасын казинод долларыг хэдэн зуун мянгаар нь хаяж тоглодог баячууд ч бий. Батлан хамгаалах яам нь хуучин муу нисдэг тэргээ шинэчилж чадахгүй байхад хувьдаа нисдэг тэргээр чамирхдаг элит ч бий. Саяхан Мерседес Бенз-ийн үйлдвэр дэлхийн толгой баячуудын захиалгаар хийдэг тусгай зэрэглэлийн асар өндөр үнэтэй дөрөвхөн ширхэг машиныг монголчуудын захиалгаар үйлдвэрлэсэн тухай мэдээлэл оросын сайтуудад гарсан. Энэ мэдээллийг дагаад монголын баячуул дэлхийн энд хүрчээ гэсэн байсан. Сонсоход сайхан л юм.
Үнэхээр шударга хөдөлмөрөөрөө босч ирсэн шинэ хөрөнгөлөг хэсэг бий ч тэд бол монголын нийт ард түмний үнэмлэхүй цөөнх болдог хөрөнгөлөг хэсгийнхнийхээ дотор ч бас үнэмлэхүй цөөнх нь.
Ийнхүү гарааны жигд бус, шударга бус нөхцөл нь ядуурал үүсэх нэг үндсэн нөхцөл болсон бол сүүлийн 20 жилийн туршид үргэлжилсэн оюун санааны эзэнгүйдэл, хоосрол түүнийг улам хөөрөгдөж өгсөн байна.
Ядуурлыг гол тэтгэгч нь оюун санааны хоосрол
Өмнө социализм хэмээх онолд бүрэн автсан ард түмнийг гэнэтхэн нэг л өдөр тэр итгэл үнэмшил бүхнийг нь улан доороо гишгичиж гутаасан атлаа оронд нь ямар ч үзэл санаа, итгэл үнэмшил гаргаж тавьсангүй. Ардчилчихаар л сайхан болчих мэт уухайлан дайрсан. Гэтэл ардчилал маань хүний нийгмийн оршихуйн харилцааг зохицуулагч л хүчин зүйл болохоос өөрөө үзэл санаа биш. Хүн гээч амьтан сэтгэлийн мөн чанартайгаараа адгуусны сүргээс ялгардаг. Тэр сэтгэлийн мөн чанарыг нь тэжээн тэтгэгч ганц зүйл нь ямар нэгэн үзэл санаа, итгэл үнэмшил байдаг билээ.
Гэтэл үзэл санаа гэхэд нэн бэрх, барууны ертөнцөд аль 1930-40-өөд онд их хямрал, дайн дажны үед л хүчээ авч байсан хэт барууны, өнөө бол аль хэдийнэ хоцрогдсон, нийгмийн оюунлаг хэсгийхний хувьд харамсаж халаглан хардаг тэр хэт хувиа бодох үзлийг сурталчилж, түүнд тулгуурласан эдийн засгийн бодлогыг муйхарлан явуулсан нь социализмын арьснаасаа дөнгөж салаад байсан нүцгэн шалдан ард түмэнд хайр найргүй цохилт, хүнлэг бус хэрцгий тулгалт болсон билээ. Барууны орнуудын далд бодлогоор Африкт туршсан колонийн бодлогыг монголд 1990-ээд оноос хэрэгжүүлсэн хэмээдэг нь бас ч огт оргүй үг биш юм.
Үр дүнд нь итгэл үнэмшилгүй болсон ард түмний оюун санаа булингартан доройтож, сэтгэлгээний хоосрол гэсэн ангал руу ядууралтайгаа хамт унасан. Юуг сайн, юуг муу гэх баримжаагаа алдсан нийгэмд залилан мэхлэх, хулгайлах, хууль гувчуулах, янхандалт, хүн чанаргүйдэх, гэмт хэрэг гээд хүний нийгмийн хамаг муу муухай бүхэн борооны дараах мөөг шиг дэлгэрсэн. Энэ байдал нь гадаадын үндэстэн дамнасан санхүүгийнхэнд, тэднийг дагаж, дуурайж босож ирсэн монголын хэт цөөн олигополуудад л хамгийн ашигтай нөхцөл байдал болж байна. Одоо Монголд жилд гэмт хэргийн улмаас хэдэн зуугаараа амь насаа алдаж байна шүү дээ. Хэвийн хөгжилтэй нийгэмд байж болдог хувь хэмжээнээс хэдэн арав дахин өндөр хувьтай.
Энэ бүх дампуу бодлогын үр дүн нь ЯДУУРАЛ. Өөр юу ч биш.
Ийнхүү гарааны нөхцөл дээрээ бид алдсан юм байж. Тэгвэл одоо яах вэ?
Шударга бус байдал буруутай
Яг одоо гурван Монгол хүний нэг нь ядуу, бас дахиад нэг нь тэр ядуугийнхаа ирмэг дээр дөнгөн данган тогтож байгаа нь тэдгээр иргэдээс өөрсдөөс нь хамаарахгүй гаднаас нөлөөлж буй хүчин зүйлс олон байна.
Тухайлбал, Монгол орон дахь хуулийн шударга бус үйлчлэл. Манай хууль нийгмийн цөөнх болсон дээд давхаргынханд хүрч шийтгэж чаддаггүй, харин биеэ хамгаалах чадваргүй болчихсон ядуус, доодчуудад хатуу харгис хууль үйлчлээд байгаа нь яагаад ядуурлыг өдгөөж өгдөг юм бэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.
Энэ нь нийгмийн үнэмлэхүй олонхи болсон ядуус болон дундаж давхаргынхныг шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх, шударгаар амьдарч, хөдөлмөрлөж түүнийхээ үрээр аж төрөх итгэл үнэмшилгүй болгодог байна. Чухам тийм учраас л монгол хүн ажил хийх сонирхолгүй. Манай барилгын голдуу компанийн эзэд "Монгол хүнийг ажиллуулахаар цаг барихгүй, ажил хийхгүй, тэгсэн мөртлөө тоосгоны булан ч хамаагүй хусчихаад тун хэцүү. Цалин буухаар архидаад алга болчихдог" гэх мэтээр үглэж, хятад ажилчдыг эрхэмлэдэг нь бас арга ч үгүй байх. Шударга ёсонд итгэж чадахгүй байгаа хүн амьдралд итгэлтэй байж, амьдралынхаа төлөө шударгаар зүтгэж хөдөлмөрлөж чадахгүй. Нэг бол хулгай хийнэ, нэг бол архидна.
Хөгжингүй орнуудад бол яаж ажил олох вэ, яаж хийх вэ хэмээн боддог бол Монголд харин яаж мөнгө олох вэ л гэж боддог. Чанарын тэнгэр газар шиг ялгаа байгаа. Ажил хөдөлмөр хийхгүйгээр иргэн сайхан амьдрахгүй, баялаг бүтээхгүйгээр улс орон хөгжихгүй.
Ийнхүү хуулийн шударга бус үйлчлэл нь нийгэмд шударга хөдөлмөр, шударга аж төрөх ёсыг үгүйсгэснээрээ ядуурлыг тэтгэгч, өдгөөгч нэг үндсэн хүчин зүйл болж байдаг аж.
Тэгэхээр ядуурлын эсрэг тэмцэхийн хамгийн эхний зорилт бол хуулийг дээр доор, баян ядууг ялгалгүй шударга үйлчилдэг болгох явдал юм. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсыг тогтоох билээ.
Муу засаглал буруутай
Ядуурлыг тэтгэж буй бас нэг голлох хүчин зүйл нь Засаглалын үр дүнгүй, оновчгүй бодлого, арга хэмжээ юм. Муу засаглал гэх юм уу даа.
Энэ нь зөвхөн нийгмийн халамж дээр ямар байгааг авч үзье.
Өмнө 1990-ээд оны эхээр хэт хатуу, эрсдэлтэй барууны барууны бодлого явуулсан талаар дурдсан. Харин төр маань сүүлийн жилүүдэд нийгмийн халамж гэж их ч ярих болж, бүр Яам хүртэл байгууллаа. Нийгмийн халамжид зориулж буй хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байна. 2004 онд нийгмийн халамжид зориулж байсан мөнгө 20 тэрбум байсан бол 2008 онд 217 тэрбум, энэ онд 300 тэрбум болтлоо өсөв. Сүүлийн зургаан жилийн дотор нийгмийн халамжид зориулж буй хөрөнгө 15 дахин өссөн. Ядуурал энэ хэмжээгээр /15 дахин/ биш юм аа гэхэд ядахдаа 1.5 дахин бууж болно оо доо. Гэтэл сүүлийн 15 жилийн хугацаанд ядуурал 1.5 хувиар л буусан үзүүлэлтийг манай статистик гаргасан байна билээ. Дэлхийн банкныхаар бол ядуурал буух биш харин өссөн байгаа.
Энэ 2011 оны баталсан төсвөөр бол бүр агуу их тоо байна. Нийгмийн халамжид гаргаж буй тэр их мөнгөнөөс гадна "Хүний хөгжлийн сан"-гийн мөнгө буюу өнөөх намуудын сайхан амлалтын мөнгө болох 805 тэрбум төгрөг нэмэгдсэн. Манайх шиг зах зээлд энэ бага мөнгө биш, тэгээд ч улсын төсвийн үлэмжхэн хэсэг болж байгаа. Энэ их хөрөнгө зарцуулж буй юм чинь бид ирэх жил ядуурлыг эрс бууруулах юм байна даа гэсэн итгэл үнэмшил уг нь төрөх учиртай. Гэтэл харин ч эсрэг бодол төрж байна. Учир нь, өнөөдөр сар тутам 21 мянгыг бэлнээр авч байгаа хүн сарын дараа авч л байна, 2011 оны турш авна, 2012 онд ч авна, 2015 он гэхэд ч авсаар л байхыг бодно. Тэглээ гээд тэр хүн ядуурлаас гарахгүй, яагаад гэвэл тэр хүн ажил хийхгүй, баялаг бүтээхгүй. Улмаар ажил хийх сонирхол, баялаг бүтээж, аж амьжиргаагаа дээш нь татах хүсэл, тэмцэл ч байхгүй болно.
Энэ амлалтын 21 000 төгрөг нь нийлбэр дүнгээрээ бол бүхэл бүтэн 7 орон сууцны хороолол барьчих мөнгө ч үнэндээ ХААН банкны үүдэн өглөө оройгүй оочир, дугаарт зогсож буй ядуу иргэнд өнөө маргаашийг торгоох төдий амь тарилгаас хэтрэхгүй. Олонх иргэд энэ халамжийн 21 000-ийг амь тарилга хэмээн ойлгож, бас баярлаж байгаа нь өрөвдмөөр гэнэхэн явдал. Гэтэл манай шинэхэн ихэс дээдэс маань нохойд яс чулуудаж өгчихөөд араас нь өрөвдөнгүй харж суугаа эзнээс нэг их дээрдэхгүй, 21 000-ыг тараачихаад араас нь тэднийхээ арчаагүй архичин, чадваргүй ядууг нь гайхаж, халаглаж суух. Цөөнгүй нь хүнд хэцүү амьдралдаа гутарсандаа аваад навс уучихдаг энэ 21 000 төгрөг бол баячуудын хувьд юу юм бэ, тэдний хэрэглэдэг ОО-ийнх нь нэг боодол цаас хүртэл үүнээс хол илүү үнэтэй.
Тэр их мөнгийг тарааж зүгээр ёроол нь цоорхой сав руу юүлж буй хэрэг юм. Энэ үрэлгэн байдал нь баялаг бүтээж, татвараа төлж буй цөөнхийнхөө нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэхээс өөр үр дүн гарахгүй. Улмаар ядуурал багасах биш улам өсөх магадлалтай. Инфляци өсөх тухай мэргэжилтнүүд сануулсаар байна. Энэ их мөнгөний үлэмжхэн хувь нь Эрээн рүү урсаж, дотоодынхоо нөөцийг шавхах болно. Энэ хэмжээгээр үндэсний үйлдвэрлэлд ч том цохилт болж мэднэ.
Үнэхээр нийгмийн халамж тэтгэлэг шаардлагатай хэсэг бүлэг хүмүүс бий. Нийгэм хүссэн ч, эс хүссэн ч тэднийгээ чирч явах учиртай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод аж төрөх гэж угаагч, галч хийн, сарын 120 мянган төгрөгөө хүргэж ядан зүтгэж яваа, хоёр нялх хүүхэдтэй өрх толгойлсон залуу эхийн хувьд тэр халамжийн мөнгө амин чухал хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гээд. Харин ажил хийгээд амьжиргаагаа болгоод явчих чадвартай олонх дундчуудын хувьд бол тэр халамж нь чухал биш, харин шударгаар ажиллаж, ажлынхаа үр шимийг хүртэж амьдрах боломжтой тийм орчин нь илүү чухал юм.
Хятадаас орж ирдэг зөөлөн болон бусад хуванцар тоглоомыг бүгдийг нь монголдоо хийх боломжтой хэмээн тун аятайхан төсөл, төлөвлөгөө боловсруулчихаад гарааны хөрөнгөгүйн улмаас гурван жилийн туршид тэр ажлаа эхлүүлж чадахгүй бухимдан яваа залууд бол сар бүр хэдэн төгрөг авах нь чухал биш, харин гарааны хөрөнгө, барьцаагүй итгэлийн хөнгөлттэй зээллэг чухал юм. Тэр залуу тоглоом үйлдвэрлэдэг цехийн ажлаа эхлүүлчихвэл дор хаяж 5 хүн ажилтай болно, татвар төлөгч нэгээр нэмэгдэнэ, урагшаа хил даван урсдаг тэр их мөнгөнөөс тодорхой хувь нь дотогшоо урсах болно. Үр дүн их.
Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 120 тэрбумыг зарлагадсан байв. Энэ жил энэ тоон дээрээ ядахдаа 400 тэрбумыг нэмчихээд, зээллэгийг элдэв өндөр босго тавилгүйгээр зоримог олгох хэрэгтэй байсан юмсан. За бүр дүүрч, 200 тэрбумын зээллэг нь дампуурсан, эсвэл хулхидуулаад, нөхдүүд мөнгө аваад орголоо гэхэд үлдсэн 200 тэрбумд нь хэдэн сайхан жижиг дунд үйлдвэр босоод л ирнэ. 800 тэрбумыг ёроолгүй саванд юүлснээс л хамаагүй үр дүнтэй. Тэгээд ч иргэд маань бүртгэлжээд, хяналтаа чангаруулаад ирсэн цагт 1990-ээд он шиг нэг банкыг дампууртал зээл авчихаад, нөгөө банкнаас нь бас очоод авч байдаг, эсвэл оргочихдог увайгүй байдал эрхбиш хазаарлагдан багасах болно.
Энэ оны төсөвт Алтанбулагийн "Эдийн засгийн чөлөөт бүс"-д 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна билээ. Уг нь тэнд нэг үр дүнтэй ажилладаг чөлөөт бүс байх нь юуны буруу билээ. Гэвч үүний цаана том "НО" бий. Энэ бүс байгуулагдах тухай асуудал яригдаад 15 жил болж, жил бүр хэдэн тэрбум хөрөнгө зарлагддаг ч одоогоор бүтэлтэй зүйл нэг ч үгүй, улсын төсөвт нэг ч улаан мөнгөний орлого байхгүй. Энэхүү төсөвт суусан 4.5 тэрбумын 1 тэрбум гаруй хөрөнгө нь зөвхөн үерийн усны далан байгуулахад зориулагдсан байгаа юм.
Өнөөх л хариуцлагын асуудал наанаа байгаа мэт боловч цаана нь эрх мэдэлтнүүдийн төсвөөс мөнгө саадаг аргын нэг ч болно.
Бодлогогүй нь буруутай
Энэ мэт төсвийн оновчгүй зарцуулалт нь төрийн үр дүнгүй бодлогын л илэрхийлэл бөгөөд ядуурлыг бууруулах биш улам өдгөөж, дэвэргэж өгч байна. Ерөөс манай төрд хөгжлийн нэн тодорхой үзэл баримтлал бий эсэх нь эргэлзээтэй бөгөөд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа нэг баримт бичиг гаргасан ч түүнийг нь мэддэг, үйл ажиллагаагаа түүнтэй уяалдуулах гэж хичээдэг нэг ч Засгийн газар лав алга.
Үйлдвэрчний С.Ганбаатар нэгэн тун ноцтой баримт дурдсан. Тэрбээр "Сүүлийн 20 жилд монголын төр 23 шорон барьсан атлаа нэг ч төрөх бариагүй" гэсэн. Үнэхээр нэг ч төрөх бариагүй, Японы тусламжийг эс тооцвол нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг бариагүй. Шорон л барьсан байна. Энэ нь Монголын төрөөс ард түмэндээ ямар харгис хэрцгий, хүйтэн хөндий, хайхрамжгүй, бодлогогүй хандаж ирсний илрэл юм. Саяхан шинэ шорон ашиглалтанд орлоо хэмээн ёслол төгөлдөр мэдэгдэж буй нь зарим талаар ард түмнээ дарамталж, дэмий шүү хэмээн сануулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Монголын төрөөс “Эрүүл монгол хүн” гээд баахан хөтөлбөр гаргаж, сүр дуулиан болсон. Ямар үр дүн гарсан талаар тэгэсгээд чимээгүй өнгөрдөг. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгааг хоёрхон баримт гэрчилнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сануулснаар Улаанбаатарчуудын цусанд байр ёстой хар тугалганы хэмжээ 12 дахин их болж, 5 хүн тутмын 3 нь ойрын 5-10 жилд уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр болсон байна. Мөн шинээр төрж буй хүүхдүүд түнхний төрөлхийн дутуу хөгжилтэй мэндэлж буй нь хүчилтөрөгчийн дутагдлаас болж буй гэнэ.
Ийнхүү хүн амынх нь бараг тал хувь нь уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлд орчихоод байгааг мэдсээр байж Монголын төр сүүлийн 10 гаруй жилд яг ямар шийдвэртэй арга хэмжээ авсан юм бэ? Улаанбаатарын утааг бууруулах талаар их ярьдаг, жил бүр утааг бууруулахаар хэдэн тэрбумаар төгрөг мөнгө төсөвлөдөг ч энэ бүхэн хэдхэн хүний тоглоом болоод дуусдаг. Ийм дампуу бодлогыг, дампуу зохион байгуулалтыг, дампуу удирдлагыг яагаад таг дуугүй өөгшүүлээд нүдэн балай явсан УИХ, Засгийн газар вэ? Бодлого байна гэх үү, үгүй гэх үү? 5 жилийн дараа таны хүүхэд уушигны хорт хавдраар өвчилбөл та тэр үеийнхээ монголын төрд нэхэмжлэл гаргах уу, эсвэл утааг мэдсээр байж хүчин чармайлт гаргаагүй даамжруулсан М.Энхболд мэтэд нь нэхэмжлэл гаргах уу?
Сүүлийн жилүүдэд монголчууд бидний дундах элэгний өвчлөл жилд дунджаар 15 хувиар өсч байгаа тухай мэдээлэл байна. Төр нь бодлоготой оронд бол элэгний өвчлөл 2-хон хувиар өсөхөд л аюулын харанга дэлдэж, Эрүүл мэндийн сайд нь дуун дээр огцорч харагддаг юм билээ. Гэтэл монголд яаж байна. Хүн амын хүнсний аюулгүй байдлын тухай ярьж буй ч яг тодорхой шийдвэртэй алхам хийсэн нь алга. Өнөөх чадалтай баячууд нь тусгайлан захиалсан хоол хүнс хэрэглэж байхад нийгмийн үнэмлэхүй олонхи болсон доодчуул, дундчуул ямар ч шинжилгээгүй, баталгаагүй хүнсний бүтээгдхүүнийг ямар ч сонголтгүйгээр хэрэглэхээс өөр аргагүй нөхцөлд аж төрж байна. Ядуу болохоор хохь нь гэж үү?
Хий хоосон улс төржиж, хий хоосон амласаар байгаад Улс төрийн намууд нь эрх мэдэл булаалдсан хэсэг бүлэг хүмүүсийн мафи маягтай болсон нь ч үнэн юм. Юун тэр үзэл онол, намынхаа үзэл онолыг мэддэг, түүнээ хэрэгжүүлэхээр бодлого гаргадаг намын жирийн гишүүн бүү хэл намын удирдлага ч ховор байх шиг. Өнөөдөр улс төрийн намуудын рейтинг 21 хувиас нэг их хэтрэхгүй байсаар байгаа нь монголын улс төрийн намууд дампуурлын байдалтай байгааг илтгээд байгаа хэрэг. Улс төрийн намууд нь дампуурахаар манайх шиг хэт намжсан төрийн тогтолцоо дагаад дампуурах нь хууль. Боловсон хүчний томилгооноос эхлээд л хөл толгойгүй юм болж байна.
Чанаргүй боловсрол ч бас буруутай
Мөн ядуурлыг өдөөж өгч буй өөр ч олон хүчин зүйлс байна. Боловсрол нь зайлшгүй анхаарах нэг салбар.
Сүүлийн жилд манай Боловсролын салбарынхан Кембрижийн стандарт гэж ярих болж. Гэвч энэ нь гарын таван хуруунд багтах хэмжээний хэдхээн шилдэг оюутны хүрээний асуудал л болж буйгаас биш манай боловсролын системийг бүхэлд нь хамарсан цогц шинэчлэл болон өргөжиж чадахгүй байна.
Манай улсын Боловсролын системийн шинэчлэлийн талаар энэ 20 жилийн туршид л ярилаа. Агуулга нь өнөөх л хуучин социализмын үеийнхээ хоцрогдсон арга барилаар яваа хамгийн хоцрогдсон салбар бол манай боловсрол. 3 дугаар ангийн хүүхдээр дээд тоо бодуулж сургаснаараа бахархаж байгаа бол тэр эрүүл бус, стандарт бус боловсролын илрэл.
Боловсрол нь ганц мэдлэгийн асуудал биш хүн оюуны хийгээд зан төлөв, соёл, харилцааны цогц төлөвшлийг хослуулж байж сая боловсордог. Боловсролын зорилго нь зүгээр нэг дипломтой хүн биш бүх талаар боловсорсон иргэн хүнийг төлөвшүүлэх асуудал билээ. Стандарт бус боловсрол нь яагаад нийгмийн ядууралд нөлөөлдөг вэ гэхээр хүний нийгэм нь нэгэн бүхэллэг амьд систем байдагтаа юм. Өөрөөр хэлбэл амьд организм ямар нэгэн эрдэс бодисоор тэжээгддэгийн адил хүний нийгмийн хөгжлийн гол тэжээл нь Боловсрол юм. Витаминлаг, эрдэслэг тэжээллэг хоол хүнс хэрэглэсэн бие организм хүчтэй эрүүл саруул байдгийн адилаар өндөр боловсролоор тэжээгдсэн хүний нийгэм эрчимтэй хөгжиж, ядуурал эрс багасдаг.
Өөр олон шалтгаан бий
Авилга, хээл хахуул, дэд бүтэц гэх мэт дагавар олон шалтгаанууд ч ядуурлыг тэтгэж байдаг юм байна. Эрүүл мэнд л гэхэд мэдээж хэрэг ядуу хүн эрүүл мэнддээ хангалттай хэмжээний хөрөнгө зарцуулж чадахгүй. Хангалттай хэмжээний хөрөнгө гаргаж чадаагүй болохоор эрүүл мэнд нь муудна. Ийнхүү эрүүл мэнд нь муудах хэрээр эрүүл мэнддээ хөрөнгө гаргах боломж нь улам хомсдож, ядууралд улам бүр хүлэгдэнэ.
Гэхдээ дээр дурдсан гарааны тэгш бус нөхцөл, хуулийн шударга бус байдал, төрийн оновчгүй, үр дүнгүй засаглал нь манай орны гурван хүний нэгийг ядууруулсан, бас дахиад нэгийг нь ядуугийн ирмэг дээр байлгаж байгаа гол хүчин зүйлс юм.
Яагаад авилга, хээл хахуул их байна гээд гайхаад байх ч юм байхгүй. Олонхи иргэд нь баялгаар ядуу, цөөнх баячууд нь сэтгэлээр ядуу учраас авилга их байх нь аргагүй.
Манай улс төрчид бас нэгэн зүйлийг дахин дахин ярих дуртай болсон. Энэ нь монголчууд ядуу биш, их тансаг хэрэглээтэй улс. Улаанбаатарын гудамжинд багтаж ядаж байгаа энэ олон машиныг хар, хүн бүр гар утсаар ярьж байна, энэ их олон сайхан барилгуудыг хар. Өрх бүр шахуу компьютер хэрэглэж байна. Монголчуудыг ядуу гэж хэн хэлэх юм бэ? Гэх мэт. Ядуурал хаана байгаа юм, хэдхээн орон гэргүй гуйлгачинг хэт их дэвэргэлээ, муу амлалаа хэмээн сэтгүүлчид биднийгээ шүүмжилнэ ээ, бас. "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад..." л байгаа нь тэр.
Өнөөдөр чинь 1990 он биш, 2010 он шүү дээ. Дэлхий нийтэд гар утас, машин, компьютер нь амжиргааны гол үнэлэмж байхаа аль хэдийнэ больж, эдгээр нь ердийн өдөр тутмын хэрэглээ болж байна. Өнөөдөр амьдралын чанарыг огт өөр зүйлсээр хэмждэг болж байна.
"Hyundai sonata" машинтай, Nokia фирмийн гар утас барьдаг залууг мэдээж хэрэг ядуу хүн гэхгүй л дээ. Бас 10 дугаар хороололд 2 өрөө байртай, тэндээ сувилагч, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бол манай дундаж давхаргынхны нэг л байж таарна. Гэрт нь 300 мянгын нэг PC байж ч болно. Сувилагч эхнэрийнхээ цалингаар байрныхаа мөнгө болон утасныхаа төлбөрийг арай гэж хаагаад таксинд өдөр шөнөгүй давхиж байж олж ирдэг хэдээрээ гол орлогоо болгон амьдралаа залгуулж яваа энэ залуу 7 хоног өвдөж, эсвэл нэг машинтай мөргөлдөөд машин нь будаа боллоо гэхэд л тэр айл үндсэндээ санхүүгийн хувьд барьц алдан сандарч байна. Өөрөөр хэлбэл тэр машин нь, гар утас, компьютер нь ар гэрийн амьдралын баталгаа болж чадахгүй гэсэн үг.
Тэр залуу хичнээн өдөр шөнөгүй уйгагүй давхилаа ч 2 өрөөгөө 3 өрөө болгож томруулах, эсвэл Гуанжоуд очоод Азийн наадам үзчих боломж гарахгүй. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ гэж үүнийг л хэлнэ дээ. Тэдэнд амжиргаанд нь хангалттай хүрдэг цалин, баталгаатай ажил алга. Тиймээс ядуурлын ангал дээр байгаагаа тэд хэзээ ямагт мэдэрч, түгшиж явдаг.
Ядуу ангилалд буй, олон улсын стандартаар бол өдөрт нэг доллароос доош орлоготой 900 мянга орчим монголчуудаа үл тооё гэхэд дундаж давхаргынхан гэгдэх сая 700 мянга орчим иргэдийн маань олонхи иймэрхүү л аж төрж байна даа.
Эцсийн эцэст бид өөрсдөө л бууруутай
Өгүүллийнхээ эхэнд тавьсан бидний ядууралд хэн буруутай вэ гэсэн асуултдаа эргэж орьё. Юутай ч Монголын гурван хүний нэг нь арчаагүй залхуудаа ядуу байгаа юм биш. Биднийг ядууруулж буй гадны хүчин зүйл байна. Тэр нь юуны түрүүнд үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа Монгол төр байна. Мэдээж хэрэг муу төр муу засаглалыг явуулна, муу засаглал байгаа газар хууль алагчилж үйлчилнэ, шударга бус явдал газар авна. Муу төрийн шалтгаан нь тэнд муу хүмүүс очсоных.
Гэвч эцсийн эцэст тийм муу хүмүүсийг танилгүй хульхидуулж сонгоод, төрийнхөө алтан жолоог май гээд өгчихсөн сонгогч ард түмэн бид өөрсдөө л буруутай болох нь. Тийм болохоороо л "Хохь чинь ээ, хохь чинь" гэж Баабарт ам руугаа алгадуулж байгаа юм даа.