Sunday, August 30, 2015

БӨН БӨН ГҮЙЕ

Бөн бөн гүйе
Дэн дэн шогшоё
Хаана л очиж 
Туулай болоё
..
Монголын түүхэн дэх нэн эмгэнэлт цаг үе бол Зүүн гарын хаант улс мөхсөн явдал юм. Тэр үед 700 000 орчим хүн амтай, хүчирхэг цэрэг армитай байсан Зүүн гарын хаант улсын зөвхөн төр нь мөхөөд зогсоогүй үндэстнээрээ цусан далайд живсэн байна. Багцаагаар 10 хүн тутмын нэг нь үлдсэн гэдэг. Жинхэнэ геноцит тэгэхэд болжээ. 630 000 орчим хүн хядуулж, цөөн мөр нь хасагт дүрвэж, мөн тэндээ хядуулах нь хядуулж, мөргүй алга болох нь алга болжээ. Бас цөөн мөр болох дөрвөд, баяд хоёр отгын ноёд ардынхаа хамт нутаг заагдан Заг, Байдраг орчимд мэнд үлджээ. Галдан Бошигтыг дагаж яваад Халхад хоцорч үлдсэн Өөлдүүд мэнд үлджээ. Мөн Урианхай харуулынхан мэнд үлджээ. Бусад нь хуугаараа хядуулжээ.
.
Очих ч, оргох ч, орох ч газар үгүй, харцагад хөөгдсөн болжмороос хэцүү, мөн ч хэцүү байсныг тэр үеийн Ойрд ардын дуу илтгэнэ. Түүнд ийн дуулах аж.
"... Хаданд авиръа
Хальтрах нь хэцүү
Ууланд авиръя
Урагдах нь хэцүү
Бөн бөн гүйе
Дэн дэн шогшоё
Хаана л очиж
Туулай болоё
Талд нь гаръя
Тайг нь хэцүү
Бутанд нь хэвтэе
Бугуйл нь хэцүү
Бөн бөн шогшоё
Бөөр зүрх өвдөнө
Хаана очиж
Туулай болоё..."
.
Манжийн буюу "Чин улсын Гао Зунь хааны магад хууль"-д тэр үеийн байдлыг энэ мэтээр тэмдэглэн үлдээжээ.
- "Тэнгэр тэтгэгчийн хорьдугаар он /1755/Илийг түвшитгэснээс хойш өөлдийг бараг бүрэн хядан дуусч мянган газар хий хоосон болбой..."
- "...үүнээс хойш бууж өгсөн хулгайч буюу цэргийн хорооноос хүргэж ирсэн өөлд буй аваас... боомтын дотор хүргэж ирээд ...албаас зохимуй..."
- "...ингэвээс тэднүүсийн ургийг тасалж болмуй.."
- "Хойтын хүмүүс угаас сайн юм биш. Эртхэн шийдвэрлэх хэрэгтэй. .. Тэднүүсийг Хөлөнбуйр Чичхарын газар нүүлгэх нь эртхэн алж угийг нь таслахаас дор..."
- "Бүхнүүд, Хөтөч нар авгас зэрэг отгын хүмүүсийг өрх үлдээлгүй алж, адуун сүргийг нь цэргийн хүмүүст шагнан өгч, цэргийн сүрийг бадруултугай..."
- "..Буучин отгын хүмүүсийг ... эрэгтэйчүүдийг бүрмөсөн алж, эмэгтэйчүүд болон мал сүргийг нь халхад авчирч хүчээ өргөсөн хүмүүст шагнасугай..." /Ж.Ялалтын “Тэнгэрийн сум” номоос/
ГМ. Манж нарт хэрхэн, яахан талархах билээ...
.
Өнөө манай дуучид сэргээн дуулж буй Урианхай ардын нэгэн дуунд мөн ийн дуулдаг...
“... Жаран цагаан адууны минь
Ардаг нь хаа байна эгч нар минь
Зургаан хошуу нутгийн минь
Цэрэг нь хаа байна, эгч нар минь...
Арван цагаан адууны минь
Ардаг нь хаа байна эгч нар минь
Арван хошуу нутгийн минь
Цэрэг нь хаа байна эгч нар минь...”
Зүүн гар нутгийн жалга бүр нь цусаар урсаж байсан юм гэнэ билээ. Тэр эзгүйрсэн орон зайд нэг хэсэгтээ цагаач хятад хүртэл очихоос зүрхшээдэг байсан гэдэг...
Б.Номинчимэд...

ӨӨЛДИЙН ИХ ШАР БААТАРЫГ ДАРСАН ДОМОГ


Өөлдийн Их Шар баатар гэгч байжээ. Тэр баатар бага насандаа төв Халхын Хархоринд шавилан ном үзэж суусан байна. Түүнийг үргэлжийн гадуурхаж зовоодог байсан тул нутгийнхантай таарамж муутай байжээ. Нэг удаа хүрээний тэгийг гороолон эргэж явтал чого нь уначихаж, авах гээд тонгойх зуур ард нь явсан банди чогыг нь өшиглөж орхижээ. Ламхай нарт чого бол хамгийн эрхэм зүйл нь юм гэнэ. “За яахав, нэг муу банди намайг ингэж дээрэлхдэг юм байж” гээд өнгөрч. Нэгэнтээ гол сүмд нь ороод бурханд залбирах гэтэл бурхан нь гэдэсхийжээ. Тэгээд “За яахав. Надаас та бүхэн нүүр буруулсан бол би ч бас нүүр буруулж чадна. Би эргэж ирнэ ээ. Халхын нутгийг эрхэндээ оруулсны дараа миний хэн болохыг та нар мэднэ ээ” гэчихээд буцжээ. Буцахад нь түүнтэй нэлээд дотно харьцаатай байсан нэгэн банди /хожим Бигэр номун хан болсон/ “Чи манай нутгийнхнийг өршөөгээрэй дээ” гэж гуйсанд “Танай нутаг замбайн гурил ихтэй юм чинь нутгийнхаа дээсийг тойруулан замбай асгачихаарай. Би түүгээр чинь таниад танай нутгийг түйвээхгүй өнгөрнө” гэжээ.
Шар баатар нутагтаа ирээд, нас биед хүрсэн хойноо тангараг тавиад бясалгаад суусан байна. Бясалгаад эхлэхээрээ чоно болоод, дараа нь бар болох үеэр сэлэм нь хар аяндаа хуйнаасаа суга суга үсрээд ирдэг, ингээд л шарга морио мордоод явахаар хэнд ч дийлддэггүй, ямар ч суманд нэвтэрдэггүй болчихдог чадалтай баатар юм гэнэ... Шар баатар бясалгаж суусаар чоно болоод иржээ.
Шар баатрын их хатан нь гэдсэндээ олзлогдон ирсэн халх бүсгүй байжээ. Тэр баатрын юуны тулд бясалгаж суугааг мэдсэн учир бясалгалд буй Шар баатарыг бар болтол нь суулгахгүй байх арга сүвэгчилжээ. Тэгээд Шар баатарт үйлчилдэг шивэгчиндээ “За чи байн байн Шар баатарын бясалгаж буй өрөөнд шагайгаад л, та чинь ямар аймаар амьтан болчихоо вэ?” гэж орилоод буцаж гүйгээд байгаарай гэж зааж өгчээ. Шивэгчин нь ч хатны хэлснээр өргөөнд нь шагайчихаад л айж, сандарсан болоод буцаж гүйгээд байсанд Шар баатар “Би барс болчихсон л юм байх даа. Энэ хүүхэн чононоос ингэтлээ айх учиргүй. Номын маань чадал сайжраад арай богино хугацаанд барс болдог болж байгаа юм байна” гээд сэлмээ агсаад, Шарга морио унаад, сая цэргээ дагуулаад гарч өгчээ. Алтай нурууг арлан давж, Шаргын говийг хэжлэн туулаад, Бурхан Буудай уулын бэлээр Бигэр номун хаан луу тонгойсноо нэг зогтусаад эргэж Намалзахын голын эхний ширгэн дээр ирээд буудаллажээ. Өнөөх багын найз бандийнх нь “Бүү түйвээгээрэй” гэж захисан газар нутаг болох Бигэр номун хааныхан Их Тасархайн урд оройгоор замбайн гурилаараа зээг татчихсан байсан юм санж. Өөлдийн Шар баатарийг ирж буй сургаар Намалзахын голынхон бүгд мэгдэн дүрвэж, Бурхан уулын цээжинд байх шугуйд орж нуугдацгаасан байна. Гөмөг лам гэдэг ламтан тэнд нуугдвал үзэгдэхгүй хэмээн тэр шугуйг зааж өгсөн тул тэр цагаас хойш Гөмөг ламыг шугуй гэж нэрлэжээ. Намалзахынхан тэнд нуугдаад, Бурхан Буудай уулын нэгэн өндөр орой дээрээс Өөлдийн Их Шар баатар болон түүний цэргүүдийг харуулдаж байсан газрыг Хараат гэх болсон байна. 
Шар баатар буудаллаад хоёр өглөө дараалан Улаанбогочийн хөтлөөр өгсөн гарч ирж, ургах наран харчихаад буцчихжээ. Гөмөг лам Хараат дээрээс Шар баатарыг харж байгаад хэлж гэнэ. “За энэ Их Шар баатар бол дарагдахгүй их баатар хүн юм. Хамгийн хурц сум ч, хамгийн гантай сэлэм ч, хамгийн хатуу тарни ч энэ хүнийг даахгүй, барсын шидийг олсон баатар юм. Гэхдээ хараахан гүйцсэнгүй. Түүнд хоёрхон л хий байна. Зүүн суга, баруун нүд хоёртоо хийтэй юм” гээд Тулгач, Рэндоо гэдэг хамгийн сайн хоёр харваачийг бэлдүүлжээ. 
Гуравдахь өдрийн өглөө ургах нарнаас өмнө хоёр харваач Улаанбогочийн хөтөл дээр ирээд хоёр талд нь отоод сууж байсанд яг наран уулын толгойд цохих үед Шарга морио унасан Их баатар гараад ирж гэнэ. Тулгач нь эхлээд баруун нүдийг нь харвасанд баатар зүүн гараараа баруун нүдээ дараад авчээ. Энэ зуур зүүн суга нь ил гарсанд Рэндоо тэр сугаар нь нэвт харваж орхисон байна. Сандарсан хүн нүдээ эсрэг гараараа дардаг юм гэнэ.
Ингээд Их баатар хальж, түүний биеийг чирсэн морь нь Улаанбогоч уруудан давхисаар Намалзахын эхэнд байгаа цэргүүд дээр нь аваад очжээ. Цэргүүд нь ихэд үймэлдэж буй бололтой тоос манартал бужигналдацгааж байснаа, ачаа майхнаа буулгаад Их баатарынхаа шарилыг ачаад буцацгаасан байна.
Шарга морь нь Улаанбогоч руу уруудахдаа газарт чирэгдсэн Шар баатрын гөрмөл гэзгэн дээр гишгэснээс гэзэг нь тасарч үлджээ. Тэр тасарч үлдсэн газрыг Гэзэгт буудал гэдэг байна. Үнэхээр алд дэлэм урт, ханцуйтай гар шиг бүдүүн ширмэл гэзэг тэр буудлын эхэнд саяхан болтол байдаг байсан гэнэ. 
Бурхан Буудай ууланд ИЙМ НЭГЭН ДОМОГ БАЙХ. Халх, Ойрдын дайны үеийн тухай бололтой юм. Өөлдийн Шар баатарын тухай нэлээд түгсэн өөр домог түүх ч бас бий билээ. 
Эртний эмгэнэлт гашуун түүхтэй холбогдсон энэ домгийг ард түмэн өдий хүртэл марталгүй хэлцэн ярилцаж ирсэн нь өш хонзон зангидсаных бус, харин хагарал тэмцэл гэдэг ямар харуусалтай, хайран болохыг сургамжлан өгүүлэх аж. 
Б.Номинчимэд

СҮҮЛЧИЙН ДОЛООН ХҮН ҮЛДСЭН ТУХАЙ ДОМОГ


Алтан улсын цэрэг гурван жилд нэг удаа монголын нутагт цөмрөн орж, эрчүүдийг нь хүйс тэмтрэн устгаад, эхнэр хүүхдийг нь олзлон авч, боол болгон худалддаг байжээ. Үүнийгээ "Хүн ам цөөлөх" гэж нэрлэдэг байсан юм байна... 
Нэгэн удаагийн байлдаанд монголын бүх цэрэг сөнөж, долоохон хүн зугтаж гарчээ. Олон жилийн дараа монголчууд /Чингис хааны үед/ Алтан улсыг дайлаар мордох үед зарим хүмүүс ятган хориглож, "Алтан улс далай мэт их, цэрэг нь элс шиг олон, та нар өөрсдөө сөнөнө" гэв. Тэгэхэд тэдгээр монгол дайчид "Тиймээ, гэтэл бид хамгийн сүүлчийн долоон хүн хүртлээ хядуулж байсан шүү дээ. Бидний зориг мохохгүй, эцэстээ дийлж л таарна" гэлцээд мордоцгоосон гэдэг. Тэгээд л дийлцгээсэн дээ. 
Ийм нэгэн домог өвөр нутагт яригддаг юм байна. Ж.Ялалтын "Тэнгэрийн сум" сайхан ном юм.

7 нүгэл

Энэ долоон НҮГЭЛ долуулаа бидэнд хэмжээнээсээ хэтэрчихээд байгаа шүү... SOS!!!
1. ХӨДӨЛМӨРӨӨР ОЛООГҮЙ БАЯЛАГ. /Авилгал, луйвар, соёлтой дээрэм хэрээс хэтэрсэн. Авилгалын орчинг ойлгохын тулд бүхэл бүтэн толь барьж ярих хэмжээнд очтолоо нууц хэллэгүүдтэй болсон/
2. УХАМСАРГҮЙ ЦЭНГЭЛ /мал адгуус мэт биеийн цэнгэлийг амьдралын цор ганцхан бах цэнгэл мэт үзэх хандлага их болсон. Үүнд хятад мэт хэт хоолонцор хандлага, гоё сайхан хувцас, тансаг хэрэглээ, амар хялбар амьдрал, утга учиргүй бэлгийн дон, хэтэрсэн их найр, зугаа/
3. ХӨНДИЙ ХООСОН МЭДЭМХИЙРЭЛ /Үнэхээрийн мэддэг хүн ховордож, дүрэмдэж, мэдэмхийрсэн нь олширсон. Тэгээд дээр нь мэддэгийнхээ үгийг ер огт тоож сонсохгүй/
4. ЭРХЭМЛЭХ СУРТАХУУНГҮЙ АРИЛЖАА /арилжаа наймааг зөвхөн цор ганц ашиг гэдэг утгаар нь хардаг. Ашиг л олж байвал тэр цаана нь хэн хохирч, хэн гутарч, нийгэм бултаараа алдаж байгаа эсэх нь огтхон ч хамаагүй гэсэн хэт явцуу сэтгэлгээ их бий болсон/
5. ЭНЭРЭХҮЙГ ГЭЭСЭН ШИНЖЛЭХ УХААН /Шинжлэх ухааны эцсийн зорилго нь хүн төрөлхтний тусын тулд юм. Харин өнөө ШУ-ы их хүчийг ашиглан цөөнхийн эрх ашгийг илт давамгай ялган гаргах хандлага маш хүчтэй өрнөж байгаа, ялангуяа нийгмийн салбарт харгис үзэл онолууд газар авсан./
6. БИЕ СЭТГЭЛЭЭ ӨГӨӨГҮЙ ШАШИН /Аль ч шашинтнууд, түүн дотроо манай буддын шашинтнуудын дотор бүр ч илүү түлхүү анзаарагддаг зүйл нь шашины энэрэнгүй ариун мөн чанар, буяны, бусдын тусын тулд бус зөвхөн хувь өөрийнхөө аж төрлийн тусын тулд үйлдэх ёс бус явдал хавтгай./
7. БАРИМТЛАХ Ч ЗАРЧИМГҮЙ УЛС ТӨР /Энэ ч бүр их даамгай болсон. Манай улс төрд ямар нэгэн изм байтугай ямар нэгэн зарчим, дүрэм ч байхгүй. Зөвхөн хуйвалдаан л гэж бий. Тэр хуйвалдааны тоглоомын дүрэм нь тухайн нөхцөл байдал бүрд хувьсан өөрчлөгдөж байдаг. Хамгийн сүүлийн жишээ нь 6 сайдын явдал, Эдийн засгийн ил тод байдал, Өршөөлийн хууль гэх мэт, арвин баялаг жишээ баримт бий дээ./
Өнөөдөр улс төрийг өөрчлөх, төр улсыг шинэчлэн засах тухай их ярьж буй. Бараг л юуг өөрчлөх вэ гэдэг суурь нь энд байж байх шиг байна даа...

ТЭНЭГ ШАВИЙН ТЭРСҮҮД БАГШТАЙГАА ХЭЛЦСЭН ҮГС-ээс


- Багш багш. Тэнэг асуултад ухаантай, тэг дундуур эсвэл тэнэгийн алинаар хариулах нь зөв буй?
- Шавиа. Тэнэг асуултын цаана хэн буйг үзэж байж хэрхэн хариулахаа мэд...
- Багштан минь, Тэнэг асуултын цаана тэнэг л сууна биш үү?
- Гэнэхэн шавь минь ээ. Учирлаж хэлбээс ухаарах нэгэн ч тэр мунхаг асуултын цаана буй. Тийм тэнэгийг мэлмий суулттай нэгэн гэнэ. Учир мэдэхгүй гэнэн, явдал мэдэхгүй доройгоос ухаангүй тэнэг үгийг асуух ньбий. Түүнд учирлан ухааруулж хэлмой. Уцаарлан уурлан хэлбээс зохих нь бас буй. Тэд учрыг бүрэн ухахгүй ч урвуу гажигийг үл хийнэ. Учрыг бүрэн ухахгүйгээс дахин дахин лавлах буй. Тэг дундуур нь уурлан уцаарлан хариулбаас эвэртээ дэлдүүлсэн үхэр мэт зөв зөргөөр сажилах нь илүү. Харин үнэхээрийн мунхаг үгтэйгээ эн тэнцүү хүмүүс бас байна. Тийм тэнэгийн тэнэг асуултад увиагүй тэнэгээр хариулбаас зохимой.
- Багш багш, тэнэг ч гэсэн тэр эрдэнэт хүмүүн бус уу. Тэр өөрийн хүслээр тэнэг төрсөнгүй бус уу.
- Чи өөрийн хүслээр эс төрсөн бол миний хүслээр төрсөн болох уу? Ац тэр саваа дөхүүлээд өгтий...

БЭЛГЭВЧ ШИГ ХЭРЭГЛЭЭ БОЛГОСОН ИХ ХААНЫ МИНЬ НЭР


Монголд зочилсон өвөрмонгол малчид Чингис хааны хөшөөний өмнө хуугаараа сунаж мөргөцгөөнө. Дахин дахин мөргөх нь Бурханд аврал одуулан мөргөх лугаа адил. Үнэхээр ч ар, өвөр, баруун зүүн, халимаг, буриад хийгээд ер дэлхийгээр буй бүхий л монголчууд бидний хувьд Чингис хаан маань бурханаас ялгаа үгүй. Монгол гэдэг үндэстний эцэг. Үндэстний эцэг байна гэдэг ямар их яруу алдар, суу билэг болохыг тайлбарлах шаардлагагүй. Зөвхөн Монгол үндэстний эцэг байгаад зогсохгүй нийт хүн төрөлхтний бахархал болсон хүн билээ, бидний эцэг..
Гэтэл өдөр бүр шахам Ордны өмнүүр ажилдаа 5 жилийн турш алхахдаа тийн мөргөн сүсэлж буй Монгол Улсын иргэнтэй би л хувьд таарсангүй. Хэрвээ бидний хэн нэгэн тэдгээр өвөрлөгчид шиг сунан сунан мөргөж байх аваас бид лав түүгээр бахархахаас илүүгээр тасгаасаа зугтаачихсан Шар хадны нэгэн явна гэж бодох магадлал өндөр. Бодит байдал тийм л байна. 
Шүтэж, хайрлаж, дээдэлнэ гэдэг хэлбэрдэхийн нэр биш билээ. Бид Чингис хаанаа сэтгэл зүрхээрээ мэдэрнэ гэж ер үгүй, хий хоосон л цээжээ дэлдэж хийрхэх юм. Бараг хүн тоотой болгон нь Чингисийн алтан ураг болно, бараг шовгор болгоноо Чингис уул гэж нэрлэх шахаж байх шив дээ. Чингис нэргүй юм бараг алга болох нь. Хот, дүүрэг, талбай, зочид буудал, нисэх буудал, архины шил, 00, дов, сондуул хүртэл... Монгол хүн эрхэмийн эрхэм дээдийгээ ингэж хаа сайгүй, үнэ цэнэгүйгээр БЭЛГЭВЧ шиг хэрэглээд байдаггүй л юмсан, уг нь. Тэртэй тэргүй бид улс үндэстэн маань бүгдээрээ, Монгол орны маань алга дарам газар хүртэл Чингис хаанаараа овоглодог байхад, хэн нэгэн үгүй, тийм биш гээд байгаа юм шиг таарсан болгондоо Чингис нэр өгч далжигнаж байх хэрэг юусан билээ. Арай ч гэмээр... 
Архи л гэхэд Алтан Чингис, Хар Чингис, Морьтой Чингис, Том Чингис, Жижиг Чингис гэх мэт... Тэгээд тэр архиа уугаад согтоцгооно, халсан үедээ Би Чингисийн монгол гэж орилно, тэр муу, энэ муу гэж бусад руу томорно, нэлээд халаад ирхээрээ заамдалцана, зодолдоно. Тэгээд дараа нь гахай нохой шиг шалбааг шалчиг дотор хөрвөөж хэвтэх. Өнөөх Их хааныхаа нэртэй, хөрөгтэй архиныхаа шилэнд хог цэр нусаа хийнэ, хог новштойгоо хамт хог дээр хаяна. 
Хуучин цагт Чингис хааны нэрийг ч хэлэхээс цээрлэдэг, тэгээд газар нутгийг нь хүртэл ӨНДӨР ХААН гэдэг өргөмж сайхан нэрээр нэрлэдэг ухаант дээдсийн тэр их ухаан, сэтгэлийн үртэс нь ч өнөөгийн үр хойчид үлдсэнгүй юу даа гэж халагламаар. 
Солонгос, япон, казах, хятадууд их хааны нэрийг их хэрэглээд байна, бид хэрэглэхгүй бол болохоо байлаа гэх шалтаг гаргах нь бас байна. Тэд ИХ ХААНЫ маань нэрийг ихээр хэрэглэж, ашиглаж байгаа нь ч үнэн. Гэхдээ харийнхан хэрхэх нь тэдний хэрэг. Тэд хичнээн хэрэглээд, хичээгээд Чингисийн Монгол болчихгүй. Тэдэнд Чингис хааны нэр зүгээр л бизнес, реклам төдий. Бидэн адил дээдлэн эрхэмлэж, хүндэтгэн шүтэх нь хаа билээ. Шүтэх аваас сайн л биз. Тэглээ гээд бид муу болчихгүй, харин ч бидний үнэ цэнэ нэмэгдэнэ. Тийм атал бид Чингис хаанд хандаж буй харийнхны түвшинд арчаагаа алдан унаж яанам. Нөгөө талаар тэдэнтэй хааны нэрийг реклам, бизнесийн түвшинд булаалдан өрсөлдөнө гэдэг угаасаа боломж ч, утга учир ч бага зүйл. Африкууд хүртэл нэг л өдөр Чингисээр өвчлөөд эхлэвэл хэн ч боль гэх боломж үгүй. 
Тэр ч бүү хэл зарим үндэстэний зарим эрдэмтэн, зүтгэлтний зүгээс Чингис хааныг өөрийн үндэс угсаа нэгтэн болгох гэсэн санаархал, оролдлого ч их гарах болсон. "Чингис манайх" гэж хэн чанга хашгирсанаар, хамаг юмандаа Чингис нэр аваачаад наачихсанаар Чингис хааныг өмчилчихдөг ч юм биш. 
Хамгийн гол нь бид Чингис хааны ёс зүй, зарчимаас нь танин мэдэж, ядахдаа нэг хоёрыг нь ч атугай ахуй явдалдаа чанд мөрдөж, төр улсынхаа нуруу бодлогод хэрэглээ болгох нь чухал юм... С.Молор-Эрдэнэ доктор "Чингисийн этик хэрэгтэй" гээд нэг ном бичсэн дээ. Үнэхээр бидэнд дээшилж дэвжихэд Чингис гэдэг нэр зүүгээд, Чингис гэдэг ундаа залгилаад, Чингис гэдэг талбайгаар таваргаж явах нь төдий л нэмэргүй, нэмэргүй бүү хэл бүр онигоо ч болох тал руугаа. Харин Чингис хааны ёсзүйгээс суралцаж, тэсвэр тэвчээрийг мэдэрч, ялан дийлж чадаж байсан тэр ухаан, билгээс нь урам, санаа авч чадвал биднийг хэн ч хүлээн зөвшөөрч хүндэтгэх болно. "Чингис хааны нэрийг хятадууд ашиглаад байна" хэмээн сандарч гүйлдэх нь үр дүн багатай, түүнээс бид төдийлөн цочиж сандрах хэрэггүй юм. Харин ЧИНГИС ХААНЫ ЁС ЗҮЙ, ЗАРЧИМААР хятадууд амжилт гаргаж байна гэвэл тэр бидний хувьд жинхэнэ эмгэнэл болно. Тэгэхээр нэрийг нь хаа хамаагүй газар наахаасаа өмнө Их хааныхаа замнал мөрийг нь эргэцүүлэн тунгааж, түүн лугаа адил хүсэн тэмүүлж чаддаг байх хэрэгтэй санагдана.
Их хааныхаа нэрээр архи гаргаж хэдэн бор төгрөг олно гэдэг, түүнээ энд тэнд улс оронд үзүүлж, харуулж гайхуулж явна бол арай ч дэндүү ядарч туйлдаж дорд орсны шинж биш гэж үү. Хүн аргаа барахаараа л сайн эцгийнхээ нэрийг худалдаж иддэг. 
Америкт хэдэн жил болохдоо Вашингтон гэдэг нэртэй архи, барбикю байхтай би л лав таарсангүй. Вашингтон нэртэй хот суурин нийслэлээс нь гадна нэлээн хэд бий. Рейгений нэртэй онгоцны буудал ч бий. Жефферсон, эсвэл Грантын нэртэй гудамж бараг хот бүхэнд бий. Манайх шиг хот нь ч, онгоцны буудал нь ч, талбай нь ч, архи нь ч зөвхөн ганцхан үндэснийхээ эцгийн нэртэй бус. Тэр бүрд Америкийн түүхийн маш олон зүгэлтнүүдийн нэр, дурсгалтай байдаг. Тэр хэмжээгээрээ Америкийн түүхийг том, баялаг, америкчуудын сэтгэлгээг цараатай болгон харагдуулдаг. 
Туркууд Ата Туркийгээ үндэсний эцэг хэмээн өргөмжилдөг. Хүндлэл бишрэл өндөр. Гэвч манайх шиг юм бүхнээ Ата Туркийнхээ нэрийг наагаад байдаггүй. 
Харин Орост Кутузов, Распутин гэх мэт нэртэй хатуу архи бий. Кутузов нартай бид Их хаанаа хэрхэн харьцуулах. Нөгөөтэйгүүр тэд бол өөр үндэстнүүд, соёл, уламжлал, сэтгэлгээ ялгаатай. Харин бид бэлгэ, бэлгэдлийг эрхэмлэдэг дорнын ард түмэн. Хятадад "Күнзийн нутгийн архи" гэсэн архи л буйгаас бус "Күнз" нэртэй архи байхыг би мэдэхгүй юм. Бас Күнз нэртэй хот, буудал, алчуур байхыг ч мэдэхгүй юм. 
Еврей нар угийн айхтар улс. Давид, эсвэл Соломон нэртэй барбикю, архи еврей нарт байхгүй. Тэр ч бүү хэл хот ч үгүй, харин мөргөлийн сүм бол бий. Манай хийрхэгчидээс ялгаатай нь энэ. Хэрвээ надад хэн нэгэн еврей Соломон нэртэй архи авчирч бэлэглэвэл би түүнийг лавтай жинхэнэ еврей мөн гэдэгт их эргэлзэнэ ээ... Яагаад гэвэл түүнд жинхэнэ еврей хүнд байх дотоод итгэл үнэмшил, бахархал, үнэт зүйл алга байгаа учраас тэр. Эрхэмлэн зулай дээрээ байлгах учиртай зүйлээ энгийн хэрэглээтэйгээ хольж хутгадаг бол тэр хэн ч бус зүгээр л нэг өчүүхэн амьтан. Харин архийг нь бол ууна, гэхдээ дотроо Еврей нарыг шоолж бас өрөвдөж суугаад ууна. Яг л тийм адил Чингис хааныхаа хөрөг, зурагтай архийг маань хараад гадныхан биднийг ихэд өрөвдөж, гайхдаг байх даа. Гэхдээ мэдээж хэрэг жаахан сэхээтэйнүүд нь шүү дээ, люмпэнгүүд нь бол сайхан архи байна л гээд гударч орхих биз.
... "Хөөе тэр ХАР ЧИНГИС авьяа. 05-ынхаас нь. 10 000 төгрөг билүү, май" гэх мэт үгсийг Монголын хаана ч очсон сонсоно. Хичнээн ч хямдхан байдаг юм. Амны алдас, явдлын алдас, сэтгэлийн алдас, бодлын алдас, хувь төөргийн алдас гээч юм нь бүгдээрээ нэг дор зэрэгцэнэ гэдэг энэ л байдаг байх даа. 
Юу эрхэм, юу үнэ цэнэтэй, юуг хоймроо залдаг, юуг хатавчиндаа тавьдаг гэдгээ хэзээ ялгаж салгах сөгөөтэй болох улс вэ, бид чинь.
Чингис хааныг харьцуулахын аргагүй Сүхбаатартай өрсөлдүүлж мунхаглана. Буянт Ухаа гэж их сайхан нэр байлаа, уг нь. Байчихаад Чингис болгочих. ӨНДӨР ХААН гэж сайхан нэртэй хот байлаа. Байчихаад Чингис хот болгочихож, хаан ч үгүй шүү. Сүхбаатарын талбай гэж сайхан талбай байлаа. Байчихаад Чингисийн талбай болгочихож. Нэр усыг хуугаар нь сольчихоор Ардчилсан хувьсгалыг гүйцээгээд төгс хийчихэж байгаа нь тэр юм байлгүй дээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг л... Ингэхэд Чингис хаанаас өөр юу ч үгүй Монгол уу даа гэмээр. 
Ичмээр юм, Чингис нисэх буудалд буугаад, Чингис таксигаар яваад, Чингис зочид буудалд тухлаад, Чингисийн өргөн чөлөөгөөр алхаж, Чингисийн талбайд очиж, Чингисийн хөшөөг үзээд, Чингис архи тулгаад, Чингис хотод зочлоод, Чингис шорлог идээд, Чингис 00-оор хошногоо арчаад буцаж байгаа гадаадынхны өмнөөс нүүр байтугай юм улайна даа. Чингис хааны нэрийг хэрэглэх тухай хууль журам гэж уг нь баймаар санагдах, ухаарч ойлгохгүй бол журамлаж ойлгуулах хэрэгтэй мэт.
Ам дүүрэхгүй шахам архинд, Алгын чинээхэн талбайд, Атгын дайтай толгойд бүү хэл Алтан дэлхийн хэмжээний нэр юмсан уг нь. ЧИНГИС ХААН...
Б.Номинчимэд
2015.8.25
Д.Сүхбаатараас Хиагт дахь гамин цэргийн захиралд явуулсан тулган шаардах бичиг.
1921 оны 3 сарын 15-ны өдөр...
Монгол Ардын журамт цэргийн бүгд ерөнхийлөн захирах жанжин Сүхбаатарын бичиг.
Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захиралд МЭДТҮГЭЙ хэмээн цаг болзоолон явуулах учир, манай Монгол ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир, зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан дариуд танай харьяат цэргийн зэвсгийг цөм хурааж, Монголын Хиагт хотын хамт бидэнд тушаавал зохино.
Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвэл танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж уул орон нутагт буцааж болно. Хариуг бичиг уламжлан хүргэсэн хүнээр дариу ирүүлнэ үү?
Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх бол манай монгол цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвэл зохино.
Үүний тул мэдтүгэй хэмээн Монгол Ардын журамт цэргийн бүгд ерөнхийлөн захирах жанжин Сүхбаатар ёслов.

ЗАРИМДАА ГОЛ ХАРЛАЖ, ЗҮРХ ШИРДХИЙНЭ...


Распутинаа уншиж сууна. Бидний эргэн тойрны ахуй байдлын тухай, өнөө бидний туулж гэтэлж байгаа цөвүүн янзын тухай бичиж дээ... Яг л бидний амьдрал, яг л бидний мэддэг тийм дүр төрхүүдийн тухай...
"... Хулчийчихаад, хулчийснаа ойлгоогүй... Энэ муу сайн элээнүүд нисэлдээд ирэхэд... элээнүүд нь нэг давжаа, бөөс хуурсандаа баригдсан, нусаа нийхэд нуга дарагдахаар юмнууд... тэгээд л навсайлдаж ирээд манай бүх юмыг муучилж, манай бүх юм тэнэгийн аргаар хийгдсэн, энэнийг чинь өөрөөр хийх ёстой байсан юм гэж хашгиралдаж сүйд болов шүү дээ. Тэгэхэд бид тэднийг хогийн шүүрээр шүүрдээд хаяхын оронд биднийг ҮХТЭЛ ШУЛЖ, ӨМЧ ХӨРӨНГИЙГ МААНЬ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРААЖ байхад нь амаа ангайж, чихээ дэлдийлгээд байж байлаа шүү дээ. Тэгээд биднийг балгас нуранги руу хамраар маань шааж, май чи, май чи, өчүүхэн зэрлэг бүдүүлэг амьтан чи өөрийнхөө байх газраа мэд гэж байлаа шүү дээ. Тэгэхэд бид /ард түмэн/ яасан гээч. Ёстой нэг боолын боол босгоны шороо шиг тэсээд л өнгөрсөн. Зарим нь дуу гарсан ч тэр дуу нь хамраас нь цааш яваагүй. Нэг их сонин, нийтээрээ хулчийж, тэгээд бас болоогүй, бид чинь тэвчээртэй ард түмэн, бидэнд энэ бол юу ч биш, бид дахиад л хүчтэй хөрөнгөтэй болцгоочихно гээд байх шиг байгаа юм аа, бас болоогүй..." \
Распутин 1990-ээд оны эхэн дунд үеийн оросын амьдралын тухай ийн бичжээ. Бидний туулсан ч мөн адил байлаа. Арга ч үгүй юм. Нэг зам мөр дээр байсан хойно.
Бас "...Бүгдээрээ урьд нь ямар ч хууль журам, ёс заншил, ариун шүтээн байгаагүй эзгүй нутагт авчирч буулгуулсан, нэг том унаанаас дөнгөж буугаад л бие биеэ түлхэж, байр сууриа эзэлж байгаа юм шиг авирлаж байна. Яарч тэвдэж, ярдаглаж, уралцаж, аль өөдтэй юмаа булаалдаж, өөр өөрийн болгож авчээ. Гэтэл тэр нь бүх хүнд хүрсэнгүй. .. Тэгээд л НЭГЭНТ АВСНЫГ НЬ АВСНААР НЬ ҮҮРД ХАМГААЛЖ ҮЛДЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗОХИОЖ ГАРАХ ШИВ ДЭЭ..."
.
Үнэхээр л Распутиний зохиолдоо дүрсэлсэн 1990-ээд онд Монголд ч бас ийм л юм болж өнгөрсөн дөө, одоо ч үргэлжилж л байна даа. Элээ шиг юмнууд навсайлдаж орж ирээд л, ардчилал гэдэг чинь ийм юм байдаг юм, чи дуугүй бай, битгий хуцаж уль, чөлөөт зах зээл чинь ийм байдаг юм, чи мэдэхгүй байна, та нар хоцрогдсон, юун сайхан сэтгэл, өрсөлдөөн гэдэг чинь өрсөхийг хэлдэг юм, хэн амжсан нь хожоод амжаагүй нь хохь нь болдог юм. Тэр ядарсаныгаа харж үзнэ гэв үү, битгий солиор, та нар хуучин муусайн коммунистууд, дуртайгаараа чи тэр ядуусаа харж үз, чамаас коммунизм ханхалж байна, үхэж далд орморууд, та нар ардчиллыг гутааж байна. Шударга ёс гэдэг чинь өрсөлдөөнд дунд байдаг юм, ардчилал гэдэг чинь хэн чанга хашгирсан нь үгээ бусдад сонсгохыг хэлдэг юм гэж ирээд л... Тэгсээр байгаад нийгмийн доторхи иргэдийн бие биедээ итгэх итгэлийг ховх сорж орхисон. Нийгэм атомжиж, нийгмийн сэтгэлзүй тийм гэх тэмдэггүй болтлоо задарсан. Бүгдээрээ нэг зүйлийг сайн гэвэл түүн шиг тэнэг юм байхгүй, ганцхүү хуарангийн социализмд л тийм байсан гэж хашгичсаар байгаад үндэстний нийтлэг үнэт зүйл, эрхэмлэлийг байхгүй болгож орхисон. Тэгээд хэн ч бай хамаагүй, бурхан ч бай ялгаагүй нулимж байдаг болсон. Зөвхөн манай намынх, танай намынх гэдгээрээ л ялгагдана. Өнөөдөр монголчуудад Чингис хаанаас өөр өөдтэй хүн байхгүй болсон. Бүгд нэг нэгэндээ хог новш. Арай л Чингис хааныгаа харааж зүрхлэхгүй байна. 
Тэгээд зогсохгүй, хүчтэй төр гэдэг чинь утгагүй юм, төр хүчтэй байх хэрээрээ чөлөөт зах зээлийг боомилдог юм гэж гуагчиж байгаад төрийг хамаг олхиогүй юмнуудаар дүүргэчихээд, тэр далимд нь дураараа дургиж гарсан. Ядарсаныг нь үхтэл шулж, сарын 150 000 төгрөгөөр гэдсээ, ар гэрээ тэжээ гээд хог дээр шидэж байна, ажил хайж яваа залуу охидыг 12 цаг оёдлын машины ард бөгтийтөл суулгачихаад өдрийн 3000 төгрөг өгч байсан түүх өчигдөрхөнийх. Түүнийхээ араас арчаагүйдээ ядуу байгаа юм гэсэн онол гаргаж, луйвардсан, дээрэмдсэн, түрэмгийлсэн арчаагүй явдлууддаа ёс суртхууны цагаатгал, гүн ухааны утга оруулах гэж оролдож байлаа. Хүний нийгэм бол чонын нийгэм, тиймээс хүүхдээ чоно шиг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээн өөр хоорондоо ил цагаан цэцэрхэлцэцгээж байлаа. 
Монголын баялагийг, олон түмнийг хуурч, шулж, авилгалдаж олсон хөрөнгөө тэрбум тэрбумаар нь гадагш нь цацаж байлаа. Давраад улс эх орны үндсэн нөөцийг хүртэл, газар шороогоо хүртэл зарж байна. Түүнээ ганц олдох амьдралаа л сайхан байлгах нь ХҮНИЙ ЗАЯАМАЛ ЭРХ гэдгээр хаацайлж байх юм даа. Одоо сүүлдээ байчихаад хулгайлсан, луйвардсан өөрсдийгөө хууль гаргаж өршөөдөг, хулгайлсан, луйвардсан зүйлсээ хууль гаргаж хуульчилдаг болж байх юм... 
Бичвэл мөн ч их юм байна даа... Заримдаа гол харлаж, зүрх ширдхийнэ.
Распутин гэж...

МУНХАГЛАЛ ХЭР ИХ БАЙНА, ӨР ТӨЛӨӨС ТИЙМ Л ХЭМЖЭЭТЭЙ БАЙНА ГЭДЭГ...


Зургаа даруулбал үхнэ гээд тугдайн нуугдаж буй Төвдүүд гэнэ. Энэ цаг үеийн зураг. Төвд нутгийн гүнд, бодит амьдрал дунд явж үзсэн хүмүүс нөхцөл байдал ямар байдгийг нь сайн мэднэ. Харьд гарсан төвдүүд бол харин өөр. Ертөнцийн явдлыг харж, таниж, нүд нь нээгдсэн нь их бий, тэдэн дотор....
Бөөсөө албал нүгэл болно. Хирээ угаавал буян арилна. Дэлхий гэдэг хавтгай, нэг том яст мэлхийн нуруун дээр зогсоо гурван зааны нуруун дээр байдаг. Тэнгэрийн хаяанд хүрвэл цоо хатгаж болдог гэх мэт харанхуй мунхаг байдал Төвдийн хөдөө нутгаар яг л газар доороос гаргаад ирсэн эрт цагийн үлэг гүрвэлийн яс мэт хачин сониноор илэрнэ. Тэр харанхуй мунхаг дээрээс, ёстой муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг хар хятадын боол болж, босгоны шороо болж, далайсан газар нь дальдчиж, дальдчиж тэвчээгүй нь тасчуулан хядуулж байна, хөөрхий Төвдүүд... Дээрхийн гэгээн Далай лам Төвд гэдэг үндэстэнд тусгаар тогтнол гэдэг асуудал өнөөдөр ярих ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, зүрхнийхээ нулимсаар уйлж байна. Далай лам Хятадын удирдлагаас зөвхөн өнөөгийнхөөс арай давуу нөхцөлтэй автономит эрхийг Төвдүүдэд олгож өгөөч хэмээн алга хавсран залбирч байх юм даа... Төвд гэдэг нэгэн соёл, ертөнц, өвөрмөц ахуй амьдрал ганц Далай ламын биш хүн төрөлхтний нүдний өмнө хайлан уусаж, маш хурдтайгаар мөхөж байна.
100 хүрэхгүй жилийн өмнө бид ч мөн үүнээс, энэ зураг дээрх хөөрхий харанхуй Төвдүүдээс дээрдэх юмгүй байлаа. Нас биед хүрсэн гурван монгол эр тутмын нэг нь лам нэртэй байсан нь үнэн юм. Хагас сая хүн амьтай ч 60-80 мянган ламтай байсан үе. Тэд туйлдан ядарч, модоо барьсан улс орондоо баялаг бүтээхэд хумсын чинээ нэмэргүйн дээр харин ч ардаас өглөг барьцаар буюу нийгмээ шулж амьдардаг, эргэн тойронд хомхолзсон олон дайсан байхад батлан хамгаалахад бөөсний ч тусгүй, орчин цагийн соёл боловсролд тас харахгүй мунхарсан цаг үе байсан нь үнэн юм даа. Соц үеийн үзэл сурталтай, сурталгүй энэ бодит баримт юм. Мэдээж хэрэг тэр лам нарын арми дотор Бурхны номын чинадад хүрч гэгээрсэн нь бий ч үнэмлэхгүй олонхи нь буюу 99 хувь нь зүгээр л ламын амьдралыг аж төрөх арга хэрэгсэлээ болгосон, дэндүү гэмээр хавтгайрсан мухар сүсэг дээр оршин тогтнож байсан шимэгч томоохон давхарга байж... Их Нацагдоржийн "Хуучин хүү"-д бичсэнээр хөмөрсөн тогоон дотор байв.
Нэгэн цагт дэлхийн түүхийг тодорхойлж, улс гүрнүүдийг эзэгнэн захирч, хөгжлийг хөтөлж байсан ард түмэн нэг л мэдэхэд "тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэх" хэмжээндээ хүртэл доройтчихсон байж... ямар ч юм хэтрэхээрээ утгаа алддаг. Шашны мухар сүсэг биднийг ийм уруудал, мөхлийн зам руу чирч байсан даа. Төвд шиг эмгэнэлт түүхийг... бид золоор тойрон гарсан юм.
...
1930-аад онд хэмжээлшгүй их ч цус, нулимс, үхэл хагацлаар өртөг золио өргөж байж бид энэ мунхралаасаа арай гэж нэг юм салсан юмсан.
Харин сүүлийн жилүүдэд эргээд мунхарсан мухар сүсэг бишрэл хавтгайрч, түүнийг ашиглан аж төрлөө залгуулах "буянт" дүртэн шар улааныг тунаруулсан ламтангууд, үнэн худал онгод тэнгэр гэж дөвчигнөсөн бөөнүүд, хаа холыг санаархсан харь шашинтнууд их олон болоод байгаа харагддаг.Одоо ламгүй, бөөгүй явдал гэж бараг үгүй болох нь... Шашин оюун, сэтгэлийн зам мөр бус ахуй амьдралын хэрэглээ болох тал нь дэндүү давамгайлж байна. Өвдөж зовох цагт ч яая гэхэв, гэтэл зам зассан ч, барилгын суурь тавьсан ч, наадаж наргисан ч, бөх барилдсан ч, бүр хулгай луйвар хийсэн ч лам, эсвэл бөө... Хулгай, луйвар хийж хийчихээд хийморийн сан тавиулахаар лам руу явдаг, өстөн хүнээ айл голомтоор нь самарч өгөөч хэмээн бөө рүү очдог хачин хаос байдал их байх юм... Тэр бүхэн хэмжээнээсээ хэтэрч даамжирвал бас л бид үндэстнээрээ тэр нэгэн цагт их өртөг төлсөн шигээ бас л их өртөг золиос төлөх болох байх даа. Бурхны номд "Өртлөөсгүй амьдрал гэж үгүй" гэдэг. Ерөөс өр төлөөсгүй мунхаглал гэж бүр ч үгүй дээ... Мунхаглал хэр их байна, өр төлөөс тэр хэмжээгээр байнэ гэдэг хууль юм.
Эрүүл саруул ухаантай, эрдэм мэдлэгтэй байхсан даа.
Харин Шарын шашны /бидний хэлж сурснаар/ аугаа дотоод мөн чанар, төгс гэгээрэл гэдэг нь энэхүү эргүүтсэн мунхаг харанхуй, мухар сүсэг гэдгээс угтаа шал өөр зүйл юм. Нөгөө "Онгоц гэдэг чинь энэ ширээн дээр байгаа алимнаас таг өөр юм" гэдэг шиг л...

Хөгшчүүл ярьдаг байв. ЮУ ЯРЬДАГ БАЙВ гэхээр...

Хөгшчүүл ярьдаг байв. ЮУ ЯРЬДАГ БАЙВ гэхээр... 
- "Одоо хүний нас их богино болж байгаа" гэж... 
Тэгэхэд би бага залуу хүүхэд байжээ. Тэгээд хөгшдийнхөө тэр үгийг сөрдөг байлаа. 
- "Яалаа гэж. Та худлаа ярьж байна. Хувьсгалын үед монгол хүний дундаж наслалт 37 байсан, одоо /1987 онд/ 63 болсон. Хоёр дахин урт болсон" гэнэ. Хариуд нь хөгшчүүл 
- "Үгүй ээ хүү минь.. Тэр үед бидний нэг жил гэдэг чинь дуусаж өгдөггүй байж, Одоо та нарын нэг жил бидний нэг сар шиг л болсон." гэж...
Би бас сөргөнө.
- "Та төөрөлдөж байна. Тэр та нарын залуу үед чинь хийх юмгүй, үзэж сонирхох юмгүй гиюүрч суудаг байсан болохоор өдөр өнгөрдөггүй их уддаг байсан байх. Одоо радио, ТВ гээд үзэх сонсох юм их, мэдэх дуулах юм ч их байна. Тэгэхээр цаг хугацаа их хурдан өнгөрнө шүү дээ" гэнэ.
Хөгшчүүл жаахан эргэлзэж байснаа бас хэлнэ
- "Тиймдээ биш ээ. Жил агшчихсан юм.. Та нар түүнийгээ мэдэрдэггүй юм" гэж...
Одоо эргээд санахаар энэ "ЖИЛ АГШЧИХСАН" гэдэг үг их СЭЖИГТЭЙ байгаа.

"... Хятадын гүн ухаан бол ёс суртхууны гүн ухаан.

"... Хятадын гүн ухаан бол ёс суртхууны гүн ухаан.
Өрнөдийнхний гүн ухаан бол эд материалын гүн ухаан.
Харин Монголын гүн ухаан бол оршин тогтнохын "холыг харах" гүн ухаан болно. .."
Өвөрлөгч залуу Ж.Ялалтын ТЭНГЭРИЙН СУМ эссэ тэмдэглэл, шүлгийн номыг уншиж сууна. Сайхан хурц тодорхой, эрмэлзэл дүүрэн сэтгэдэг залуу юм аа. Уншихад урамтай байна.
.
Ард түмнүүдийн гүн ухааны сэтгэлгээ, хандлага яагаад ийм ялгаатай байна вэ???
Ялалтын энэхүү сэтгэмжийг эргэцүүлж үзвэл иймэрхүү юм бодогдож байх....
Ер аливаа ард түмэн өөрт хамгийн дутагдалтай буй зүйлсээ илүүд эрхэмлэх хандлага бий. Тэр нь ахуй соёл, сэтгэлгээний хэв маягт шингэж, улмаар гүн ухааных нь суурь болсон ч байж болох юм. Тодруулбал, харх шиг үржиж, жоом шиг амьдардаг хятад үндэстэнд хамгийн их дутагдалтай зүйл нь үеийн үед ёс суртхуун байсан. Өнөө ч тийм хэвээр... Тиймээс ёс суртхууны гүн ухаан тэдний ахуй байдлыг тэнцвэржүүлэн барьж байдаг,
Өрнөдийнхний хувьд тэд түүхэндээ дорнотой харьцуулбал ахуйдаа ямагт баригдмал, тэр хэрээрээ байнга дутагдаж ирсэн байдаг. Тэгэхээр тэдний гүн ухааны суурь хэрхэн, ямар хэлбэрээр илрэх нь тодорхой.
Харин түүхэндээ хэзээ ч хэдэн саяар тоологдож байгаагүй, үргэлжийн цөөхүүл байж ирсэн Монголчуудын хувьд хатуу ширүүн цаг агаарт, хатуу ширүүн байгалийн эрхшээл дор, бас үргэлжийн ховх сорохын ханаж цадашгүй өлөн нүдээр ширтэх хөршүүдийн дунд оршин тогтнохын чинад мөн чанарыг ухаарч мэдэрсэн мэдрэмж хүчтэй нөлөөлсөн байж болох талтай юм. Байгалийн ёс суртхуунч үнэн хуультай ямагт ойрхон Монголчуудын хувьд ёс суртхууны гүн ухаан байх шаардлага байсангүй дээ. Тэнгэрийн дор нүүдэллэх аж төрөл нь ахуйн дарамтад тэр бүр автах боломжгүй байсан нь Монголчуудыг эд материалын гүн ухаантай ч болгосонгүй.
Энэ талаар таны бодол ямар байна...???

Бурхан Буудай уулын домог

Молон тойн гэгч байжээ. Тэрбээр ээжийнхээ нүглийг нимгэлэх гэж ном уншаад суудаг байж, эрлэгийн элчийг ирэхээр хөмөрсөн бадар аяган доороо нуучихаад, дээр нь суугаад номоо уншаад бясалгадаг байжээ. Тийн уншиж байгаад нэг үзэхнээ нь ээж нь алга болчихож. Тэгээд би ингэж их ном бясалгаж, буян үйлдсэн юм хойно, ээж маань лавтай тэнгэрийн орноо төрсөн буй за хэмээн сэтгээд ээжийгээ тэнгэрийн орноор хайсанд олдсонгүй. Аргаа ядаад тамын орноор хайсанд ээж нь эрлэг тамын хамгийн ёроол тамд нь оччихсон байж гэнэ. Тэндээс ээжийгээ сугалж үүрээд явах гэтэл ээж нь “Миний суудлыг хадгалж байгаарай” гэж тамынханд захиж байжээ. Ээж нь ер их болдоггүй хүн байсан юм гэдэг. Түүнээс суудлаа захих нь нүгэл болдог ёс тогтсон гэнэ билээ. Угтаа бол ээж нь тэнгэрийн орны бодисатва нарын нэгэн бөгөөд Молон тойны номын чадлыг гүйцээх гэж зориуд тэгдэг байсан гэнэ билээ.
Тэгээд ээжийгээ үүрээд тэнгэрийн орноо хүргэхээр явж байтал ээж нь нүцгэн хөлийнхөө хуруун завсараар арвай буудайн түрүүг шувтарч унагаад явж байна гэнэ. Тэр цагт буудай түрүү өнөө цагийнх шиг үзүүр дээрээ хэдхэнтэй байсангүй, газраасаа үргэлжилсэн түрүүтэй байжээ. Молон тойн сандраад ээждээ “Ээжээ нохойн хувь үлдээгээрэй” гэсэнд ээж нь за гэж... Тэр цагаас хойш буудайн түрүү үзүүр дээрээ хэдхэн юмтай болж үүрд үлдсэн хийгээд түүнийг “Нохойн хувь” гэдэг болсон гэнэ.
Тийнхүү Молон тойн ээжийгээ үүрээд Тэнгэрийн орон зүг явж байх зуурт ээжийнх нь хөлийн хуруун завсар хавчуулагдаж үлдсэн нэг буудайн үр Алтайн нэгэн шовх уулын оргил дээр унаж үлдсэн учир тэр уулыг Бурхан Буудай уул гэх болсон гэнэ. Үнэхээр Бурхан Буудай уулын оргил дээр буудайн үр шиг хэлбэртэй онцгой нэгэн чулуу байдаг ажээ. Энэ түүхийг бидний өвөг дээдэс олон үе дамжуулан ярьж ирсэн болно хэмээн Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн харьяат, Бурхан Буудай уулын унаган хүү Ядамцоогийн Сэсээр Улиастайн голын савд, Баатархайрханы баруун сугад тухлангаа хуучилсныг тэмдэглэн авлаа.
2015 оны 8 сарын 25-ны өдөр
Б.Номинчимэд.