Sunday, August 30, 2015

БӨН БӨН ГҮЙЕ

Бөн бөн гүйе
Дэн дэн шогшоё
Хаана л очиж 
Туулай болоё
..
Монголын түүхэн дэх нэн эмгэнэлт цаг үе бол Зүүн гарын хаант улс мөхсөн явдал юм. Тэр үед 700 000 орчим хүн амтай, хүчирхэг цэрэг армитай байсан Зүүн гарын хаант улсын зөвхөн төр нь мөхөөд зогсоогүй үндэстнээрээ цусан далайд живсэн байна. Багцаагаар 10 хүн тутмын нэг нь үлдсэн гэдэг. Жинхэнэ геноцит тэгэхэд болжээ. 630 000 орчим хүн хядуулж, цөөн мөр нь хасагт дүрвэж, мөн тэндээ хядуулах нь хядуулж, мөргүй алга болох нь алга болжээ. Бас цөөн мөр болох дөрвөд, баяд хоёр отгын ноёд ардынхаа хамт нутаг заагдан Заг, Байдраг орчимд мэнд үлджээ. Галдан Бошигтыг дагаж яваад Халхад хоцорч үлдсэн Өөлдүүд мэнд үлджээ. Мөн Урианхай харуулынхан мэнд үлджээ. Бусад нь хуугаараа хядуулжээ.
.
Очих ч, оргох ч, орох ч газар үгүй, харцагад хөөгдсөн болжмороос хэцүү, мөн ч хэцүү байсныг тэр үеийн Ойрд ардын дуу илтгэнэ. Түүнд ийн дуулах аж.
"... Хаданд авиръа
Хальтрах нь хэцүү
Ууланд авиръя
Урагдах нь хэцүү
Бөн бөн гүйе
Дэн дэн шогшоё
Хаана л очиж
Туулай болоё
Талд нь гаръя
Тайг нь хэцүү
Бутанд нь хэвтэе
Бугуйл нь хэцүү
Бөн бөн шогшоё
Бөөр зүрх өвдөнө
Хаана очиж
Туулай болоё..."
.
Манжийн буюу "Чин улсын Гао Зунь хааны магад хууль"-д тэр үеийн байдлыг энэ мэтээр тэмдэглэн үлдээжээ.
- "Тэнгэр тэтгэгчийн хорьдугаар он /1755/Илийг түвшитгэснээс хойш өөлдийг бараг бүрэн хядан дуусч мянган газар хий хоосон болбой..."
- "...үүнээс хойш бууж өгсөн хулгайч буюу цэргийн хорооноос хүргэж ирсэн өөлд буй аваас... боомтын дотор хүргэж ирээд ...албаас зохимуй..."
- "...ингэвээс тэднүүсийн ургийг тасалж болмуй.."
- "Хойтын хүмүүс угаас сайн юм биш. Эртхэн шийдвэрлэх хэрэгтэй. .. Тэднүүсийг Хөлөнбуйр Чичхарын газар нүүлгэх нь эртхэн алж угийг нь таслахаас дор..."
- "Бүхнүүд, Хөтөч нар авгас зэрэг отгын хүмүүсийг өрх үлдээлгүй алж, адуун сүргийг нь цэргийн хүмүүст шагнан өгч, цэргийн сүрийг бадруултугай..."
- "..Буучин отгын хүмүүсийг ... эрэгтэйчүүдийг бүрмөсөн алж, эмэгтэйчүүд болон мал сүргийг нь халхад авчирч хүчээ өргөсөн хүмүүст шагнасугай..." /Ж.Ялалтын “Тэнгэрийн сум” номоос/
ГМ. Манж нарт хэрхэн, яахан талархах билээ...
.
Өнөө манай дуучид сэргээн дуулж буй Урианхай ардын нэгэн дуунд мөн ийн дуулдаг...
“... Жаран цагаан адууны минь
Ардаг нь хаа байна эгч нар минь
Зургаан хошуу нутгийн минь
Цэрэг нь хаа байна, эгч нар минь...
Арван цагаан адууны минь
Ардаг нь хаа байна эгч нар минь
Арван хошуу нутгийн минь
Цэрэг нь хаа байна эгч нар минь...”
Зүүн гар нутгийн жалга бүр нь цусаар урсаж байсан юм гэнэ билээ. Тэр эзгүйрсэн орон зайд нэг хэсэгтээ цагаач хятад хүртэл очихоос зүрхшээдэг байсан гэдэг...
Б.Номинчимэд...

No comments: