Өөлдийн Их Шар баатар гэгч байжээ. Тэр баатар бага насандаа төв Халхын Хархоринд шавилан ном үзэж суусан байна. Түүнийг үргэлжийн гадуурхаж зовоодог байсан тул нутгийнхантай таарамж муутай байжээ. Нэг удаа хүрээний тэгийг гороолон эргэж явтал чого нь уначихаж, авах гээд тонгойх зуур ард нь явсан банди чогыг нь өшиглөж орхижээ. Ламхай нарт чого бол хамгийн эрхэм зүйл нь юм гэнэ. “За яахав, нэг муу банди намайг ингэж дээрэлхдэг юм байж” гээд өнгөрч. Нэгэнтээ гол сүмд нь ороод бурханд залбирах гэтэл бурхан нь гэдэсхийжээ. Тэгээд “За яахав. Надаас та бүхэн нүүр буруулсан бол би ч бас нүүр буруулж чадна. Би эргэж ирнэ ээ. Халхын нутгийг эрхэндээ оруулсны дараа миний хэн болохыг та нар мэднэ ээ” гэчихээд буцжээ. Буцахад нь түүнтэй нэлээд дотно харьцаатай байсан нэгэн банди /хожим Бигэр номун хан болсон/ “Чи манай нутгийнхнийг өршөөгээрэй дээ” гэж гуйсанд “Танай нутаг замбайн гурил ихтэй юм чинь нутгийнхаа дээсийг тойруулан замбай асгачихаарай. Би түүгээр чинь таниад танай нутгийг түйвээхгүй өнгөрнө” гэжээ.
Шар баатар нутагтаа ирээд, нас биед хүрсэн хойноо тангараг тавиад бясалгаад суусан байна. Бясалгаад эхлэхээрээ чоно болоод, дараа нь бар болох үеэр сэлэм нь хар аяндаа хуйнаасаа суга суга үсрээд ирдэг, ингээд л шарга морио мордоод явахаар хэнд ч дийлддэггүй, ямар ч суманд нэвтэрдэггүй болчихдог чадалтай баатар юм гэнэ... Шар баатар бясалгаж суусаар чоно болоод иржээ.
Шар баатрын их хатан нь гэдсэндээ олзлогдон ирсэн халх бүсгүй байжээ. Тэр баатрын юуны тулд бясалгаж суугааг мэдсэн учир бясалгалд буй Шар баатарыг бар болтол нь суулгахгүй байх арга сүвэгчилжээ. Тэгээд Шар баатарт үйлчилдэг шивэгчиндээ “За чи байн байн Шар баатарын бясалгаж буй өрөөнд шагайгаад л, та чинь ямар аймаар амьтан болчихоо вэ?” гэж орилоод буцаж гүйгээд байгаарай гэж зааж өгчээ. Шивэгчин нь ч хатны хэлснээр өргөөнд нь шагайчихаад л айж, сандарсан болоод буцаж гүйгээд байсанд Шар баатар “Би барс болчихсон л юм байх даа. Энэ хүүхэн чононоос ингэтлээ айх учиргүй. Номын маань чадал сайжраад арай богино хугацаанд барс болдог болж байгаа юм байна” гээд сэлмээ агсаад, Шарга морио унаад, сая цэргээ дагуулаад гарч өгчээ. Алтай нурууг арлан давж, Шаргын говийг хэжлэн туулаад, Бурхан Буудай уулын бэлээр Бигэр номун хаан луу тонгойсноо нэг зогтусаад эргэж Намалзахын голын эхний ширгэн дээр ирээд буудаллажээ. Өнөөх багын найз бандийнх нь “Бүү түйвээгээрэй” гэж захисан газар нутаг болох Бигэр номун хааныхан Их Тасархайн урд оройгоор замбайн гурилаараа зээг татчихсан байсан юм санж. Өөлдийн Шар баатарийг ирж буй сургаар Намалзахын голынхон бүгд мэгдэн дүрвэж, Бурхан уулын цээжинд байх шугуйд орж нуугдацгаасан байна. Гөмөг лам гэдэг ламтан тэнд нуугдвал үзэгдэхгүй хэмээн тэр шугуйг зааж өгсөн тул тэр цагаас хойш Гөмөг ламыг шугуй гэж нэрлэжээ. Намалзахынхан тэнд нуугдаад, Бурхан Буудай уулын нэгэн өндөр орой дээрээс Өөлдийн Их Шар баатар болон түүний цэргүүдийг харуулдаж байсан газрыг Хараат гэх болсон байна.
Шар баатар буудаллаад хоёр өглөө дараалан Улаанбогочийн хөтлөөр өгсөн гарч ирж, ургах наран харчихаад буцчихжээ. Гөмөг лам Хараат дээрээс Шар баатарыг харж байгаад хэлж гэнэ. “За энэ Их Шар баатар бол дарагдахгүй их баатар хүн юм. Хамгийн хурц сум ч, хамгийн гантай сэлэм ч, хамгийн хатуу тарни ч энэ хүнийг даахгүй, барсын шидийг олсон баатар юм. Гэхдээ хараахан гүйцсэнгүй. Түүнд хоёрхон л хий байна. Зүүн суга, баруун нүд хоёртоо хийтэй юм” гээд Тулгач, Рэндоо гэдэг хамгийн сайн хоёр харваачийг бэлдүүлжээ.
Гуравдахь өдрийн өглөө ургах нарнаас өмнө хоёр харваач Улаанбогочийн хөтөл дээр ирээд хоёр талд нь отоод сууж байсанд яг наран уулын толгойд цохих үед Шарга морио унасан Их баатар гараад ирж гэнэ. Тулгач нь эхлээд баруун нүдийг нь харвасанд баатар зүүн гараараа баруун нүдээ дараад авчээ. Энэ зуур зүүн суга нь ил гарсанд Рэндоо тэр сугаар нь нэвт харваж орхисон байна. Сандарсан хүн нүдээ эсрэг гараараа дардаг юм гэнэ.
Ингээд Их баатар хальж, түүний биеийг чирсэн морь нь Улаанбогоч уруудан давхисаар Намалзахын эхэнд байгаа цэргүүд дээр нь аваад очжээ. Цэргүүд нь ихэд үймэлдэж буй бололтой тоос манартал бужигналдацгааж байснаа, ачаа майхнаа буулгаад Их баатарынхаа шарилыг ачаад буцацгаасан байна.
Шарга морь нь Улаанбогоч руу уруудахдаа газарт чирэгдсэн Шар баатрын гөрмөл гэзгэн дээр гишгэснээс гэзэг нь тасарч үлджээ. Тэр тасарч үлдсэн газрыг Гэзэгт буудал гэдэг байна. Үнэхээр алд дэлэм урт, ханцуйтай гар шиг бүдүүн ширмэл гэзэг тэр буудлын эхэнд саяхан болтол байдаг байсан гэнэ.
Бурхан Буудай ууланд ИЙМ НЭГЭН ДОМОГ БАЙХ. Халх, Ойрдын дайны үеийн тухай бололтой юм. Өөлдийн Шар баатарын тухай нэлээд түгсэн өөр домог түүх ч бас бий билээ.
Эртний эмгэнэлт гашуун түүхтэй холбогдсон энэ домгийг ард түмэн өдий хүртэл марталгүй хэлцэн ярилцаж ирсэн нь өш хонзон зангидсаных бус, харин хагарал тэмцэл гэдэг ямар харуусалтай, хайран болохыг сургамжлан өгүүлэх аж.
Б.Номинчимэд
No comments:
Post a Comment